Categories
мэдээ нийгэм

Зусланд ашиглах бичил цэвэрлэх байгууламж, төхөөрөмжүүдийг Сүхбаатарын талбайд танилцууллаа

Өнөөдөр “Дэлхийн байгаль хамгаалах өдөр”. НҮБ-аас хүн төрөлхтөний өмнө тулгамдаад байгаа байгаль орчны асуудалд анхаарал хандуулах, байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалахад улс орон бүр анхаарч ажиллах шаардлагатай гэж үзэн 1972 оноос эхлэн жил бүрийн зургаадугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн байгаль хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг болсон. Тус өдрийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, түүний харьяа байгууллагууд, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар үйл ажиллагаагаа сурталчлах өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд хийв. Өдөрлөгийн үеэр нийслэлийн Байгаль орчны газраас худгийн зөвшөөрөл хүссэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлт гаргасан талбай нь зөвшөөрөгдсөн байршилд байгаа тохиолдолд худгийн зөвшөөрлийг шууд олгох, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбоотой зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээг үзүүлж байна. Мөн нийслэлд хэрэгжиж байгаа минж нутагшуулах төслийн үйл ажиллагаа болон гэр хороолол, зусланд ашиглах бичил цэвэрлэх байгууламж, төхөөрөмжүүдийг танилцуулж байгаа ба гэмтэж бэртсэн шувуу, амьтдад анхны тусламж үзүүлэх сургалт, “Хавхгүй нийслэл” аяны хүрээнд цугларсан хавхыг танилцуулах зэрэг арга хэмжээ явуулж байна. Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас агаарын бохирдлыг бууруулах нөлөөтэй техник, технологиуд, нийслэл хотоос хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг, нийслэлийн Аялал жуулчлалын газраас дотоодын аялагч жуулчдад зориулсан мэдээллүүдийг түгээж байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Нэр дэвшигч Х.Баттулгыг өрсөлдөгчид нь халз мэтгэлцээнд дуудав

Өнөөдөр МАН, МАХН-ын зүгээс хамтран хэвлэлийн хурал хийлээ. Хуралд Оюун-Эрдэнэ, Э.Батшугар нар оролцлоо. Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан нэр дэвшигчдийн дунд мэтгэлцээн зохион байгуулах ажилд АН-аас Ерөнхий нарийн бичгийн дарга О.Магнай, МАН-аас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, МАХН-аас Э.Батшугар нар томилогджээ.

Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдрөөс эхлээд гурван бямба гаригт 21:30-аас мэтгэлцээнийг хийх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Хууль ёс, шударга ёстой холбоотой асуудлыг нэг багц мөн эдийн засагтай холбоотой асуудлыг нэг багц, гадаад бодлоготой холбоотой асуудлыг мөн нэг багц болгон ярих нь зүйтэй юм байна гэсэн зөвшилцлийг өнөөдөр хүртэл амжилттай хийсэн.

Харамсалтай нь өнөөдөр АН-аас хуралдаад гурван шатны мэтгэлцээнийг хийх боломжгүй, нэг шатны мэтгэлцээнийг хийсэн тохиолдолд зөвхөн бидний сонгосон телевиз дээр хийх ёстой гэсэн шаардлагыг тавьсан. Энэ нь иргэдийн мэдэх болон асуух эрхэнд мөн холыг харсан шударга өрсөлдөөнд халдсан хэрэг болж байна гэж бид үзэж байгаа. Нийгэм бодлого ярьж өрсөлдөөч ээ гэж шаардаж байгаа. Сошиал ертөнцөөр бие биенээ гүжирдсэн зүйл хэрэггүй гэж байгаа. Тиймээс иргэдэд хүлээлт үүсгэсэн энэ зүйл дээр нэг нам нь заасан телевиз дээр хийнэ гэж байгаа тохиолдол анхных нь болж байна.

Э.Батшугар: Манай намын зүгээс таван удаа мэтгэлцээн хийе гэдгийг санаачилсан. Ингээд гурван удаа мэтгэлцэхийг хүлээн зөвшөөрсөн. 21 аймгийг тойрох учраас ийм богино хугацаанд боломжгүй гэж зарим нэр дэвшигчид хэлж байгаа. Манай нам сонгуулийн сурталчилгааны 18 өдрийн хугацаанд өөрсдийнхөө нэр дэвшигчдийг танилцуулж мэтгэлцээн хийхийг уриалж байна. Энэ мэтгэлцээнээс хэн нь Монгол Улсыг удирдах вэ гэдгийг ард түмэн маань харвал зүгээр юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг үүн дээр дэмжиж ажлаасай гэж хүсч байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч нар мэдээлэл хийлээ

Улсын Их Хурлаас “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай” Улсын Их Хурлын тогтоол баталсантай холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр (2017.06.05) хэвлэлийн бага хурал хийв.

Хэвлэлийн бага хуралд Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх ажлыг улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга, Ажлын дэд хэсгийн ахлагч Д.Эрдэнэбат, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын дэд хэсгийн ахлагч Г.Занданшатар, Ж.Батзандан нар оролцлоо.

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан хэвлэлийн бага хурлын эхэнд хийсэн мэдээлэлдээ:

– “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.

Одоогоос 26 жилийн өмнө 1991 онд Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг улс орон даяар зохион байгуулж явуулах үед Улсын Бага Хурлаас ийм тогтоол гаргаж байсан байдаг. Түүнээс хойших хугацаанд улс орны нийгмийн амьдрал ч, бас дэлхий дахин ч ихээхэн өөрчлөгдлөө. Иймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал олонтаа яригдаж, Улсын Их Хурлын хүрээнд Ажлын хэсэг байгуулагдаж, гишүүд ч тодорхой төслүүд санаачилж, улс төрийн намуудын түвшинд зөвшилцөл явагдаж, нийгэмд хүлээлт үүсээд байгаа билээ.

Энэ үндсэн дээр Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулиуд баталж, улмаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар иргэдийнхээ оролцоотойгоор энэ оны хавар анхдугаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулсан. Иймээс Үндсэн хуулийн шинэчилсэн найруулга биш, Үндсэн хуулийнхаа суурь зарчмыг хөндөхгүйгээр тодорхой хүрээ хязгаарт зөвхөн нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг л ярьж байгаа юм.

Үндсэн хууль бол нийгмийн талуудын зөвшилцлийн гэрээ, ард түмний бүтээл юм. Иймээс ард иргэдийнхээ дуу хоолой, санал бодлыг сонсохын тулд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтээр хэлэлцүүлж иргэдийнхээ оролцоог хангах үүднээс Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай” тогтоол батлаад байна.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн боловсруулсан уг тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжийг үндэслэн Улсын Их Хурлын даргын 2017 оны 78 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгээс боловсруулсан төслийг 2017 оны 06 дугаар сарын 05-аас 09 дүгээр сарын 10-ны хооронд олон нийтээр хэлэлцүүлэхээр тогтоолоо. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэлж, ард нийтэд толилуулахаар заасан.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх ажлыг улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулах Ажлын хэсэг болон Ажлын дэд хэсгүүдийг байгуулж, төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлын төлөвлөгөөг тогтоолын хавсралтаар баталж өгсөн. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтээр хэлэлцүүлэх ажилд санхүү, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газарт үүрэг болгосон байгаа.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлсэн дүнг үндэслэн эцэслэн боловсруулж Улсын Их Хуралд 2017 оны 10 дугаар сарын 01-ний дотор өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсэгт даалгасан.

Тогтоолд заасны дагуу Ажлын хэсгүүд тодорхой үүрэг хүлээж байгаа. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар ард нийтийн дунд өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлж, нийгмийн бүх талын зөвшилцлийг хангах ажил өнөөдрөөс эхэлж байна гээд нийгмийн зөвшилцлийн чухал баримт бичиг болох энэхүү хэлэлцүүлэгт идэвхтэй оролцон ул суурьтай, няхуур хандаж санал бодлоо ирүүлэхийг нийт иргэддээ уриалав.

Уг тогтоолын хавсралтаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлын төлөвлөгөөг баталсан агаад энэхүү өргөн хүрээтэй ажлыг хариуцаж зохион байгуулах үүрэгтэй Ажлын гурван дэд хэсгийг Улсын Их Хурлын гишүүд ахалж ажиллаж юм байна. Тухайлбал, Зохион байгуулалтын арга хэмжээг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарын, Мэдээлэх, тайлбарлан таниулах ажлыг Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, Ж.Батзандан нарын, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, энэ талаар ирүүлсэн саналыг нэгтгэн боловсруулах асуудлыг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Болд нарын ахалсан хэсгүүд хийж гүйцэтгэх юм байна.

Дараа нь хэвлэлийн бага хуралд оролцсон Улсын Их Хурлын гишүүд “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолтой холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга, Ажлын дэд хэсгийн ахлагч Д.Эрдэнэбат:

-Өнгөрсөн цаг хугацааг эргэн харахад Үндсэн хуульд тодорхой хүрээнд өөрчлөлт хийх асуудал зайлшгүй чухал байгаа нь харагдаж байна, эрдэмтэн судлаачид, олон нийт, улс төрийн намууд ч ингэж үздэг. Ардчилсан шинэ Үндсэн хуульд маань олон сайн тал бий ч гэлээ дутагдал доголтой, бүдэг бүрхэг зүйл ч бас байна. Ялангуяа сүүлийн үед ардчиллын үнэлэмж ихээхэн буурсан, үүнээс үүдэлтэйгээр төрийн үйл ажиллагаа, улс төрийн тогтолцоонд асуудал үүсч байна. Иймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэдэг дээр маргах зүйл байхгүй. Харин ямар асуудлын хүрээнд хийх, олон түмний оролцоог хэрхэн хангах вэ гэдэгт анхаарах нь чухал. Энэ үндсэн дээр ард иргэдийнхээ оролцоог хангах нь чухал гэж улс төрийн намууд үзээд төслийг ард нийтээр хэлэлцүүлж саналыг нь авах өргөн хүрээтэй энэ ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.

Төрийн байгууллагууд, аймаг, нийслэлд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх ажил эрхэлсэн ажлын хэсэг байгуулж ажилд нь оруулах ёстой. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг орон нутгийн иргэдээр хэлэлцүүлэх ажлыг орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд, ажил мэргэжлийн чиглэлээр хэлэлцүүлэх ажлыг төрийн байгууллагууд хариуцаж зохион байгуулна. Мөн улс төрийн намууд өөрсдийн шугамаар гишүүдээрээ хэлэлцүүлж санал дүгнэлт гаргаж Ажлын хэсэгт ирүүлэх юм.

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга, Ажлын дэд хэсгийн ахлагч Ж.Батзандан:

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлын төлөвлөгөө батлагдсан. Уг нь энэ ажлыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулахаар яригдаж байсныг хойшлуулж, асуудалд ихээхэн ул суурьтай хандаж иргэд олон нийт, улс төрийн намууд, төрийн бус байгууллагууд, төрийн институциудын санал бодлыг сонсож төсөлд тусгах үүднээс гурван сарын хугацаанд улс орон даяар томоохон хэлэлцүүлгүүд өрнүүлэхээр Улсын Их Хурал шийдвэрлэсэн.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хүрээний асуудлаар улс төрийн намууд ерөнхийдөө ойлголцолд хүрч байгаа, хэлэлцүүлгийн явцад зарчмын зөрүүтэй байр сууриа нэгтгэж нэгдсэн шийдэлд хүрнэ гэдэгт итгэж байгаа.

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын дэд хэсгийн ахлагч Г.Занданшатар:

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгад оролцогчдын дэмжсэн цөөн хэдэн багц асуудлын хүрээнд нийт иргэдийнхээ дунд хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодол, байр суурийг нь сонсох юм.

Манай Ажлын дэд хэсгийн тухайд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, хэсэг, заалт нэг бүрээр онолын хялбаршуулсан тайлбар боловсруулж тараах, төслийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулах үүрэг хүлээж байгаа. Иймээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэд олон нийтэд тайлбарлан таниулж сурталчлах, санал бодлыг нь өргөн хүрээтэй өрнүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хамтарч ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг цэц дээр хэлэлцэнэ

Холбоотой ЗурагНэр бүхий иргэд Үндсэн хуулийн Цэцэд хандаж “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай мэдээлэл ирүүлсэн билээ.

Мэдээлэлд, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувь бол Монгол Улсын Засгийн газрын өмч хэзээ ч байгаагүй, тэрхүү хэсгийг /49 хувийг/ өмчилж байсан өөр улсаас худалдаж авах замаар үүссэн хувийн өмчийн эрхэд Улсын Их Хурал, Засгийн газар халдаж, өмчлөгчийн эрхийг зөрчиж байна гэжээ.

Үндсэн хуулийн цэц дээрх мэдээллийг урьдчилан шалгаад Улсын Их Хурлын 23 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь … хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад “хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө;”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд … төрийн байгууллагын бусад шийдвэр … бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг зөрчсөн эсэх асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэв гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Өрсөлдөх чадварын судалгаагаар Монгол Улс сүүлээсээ хоёрт эрэмбэлэгджээ

Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төв (IMD World Competitiveness Center) 2017 оны индексээ гаргажээ. Чансаанд дэлхийн 63 улс хамрагдсанаас Монгол Улс 100-гаас 48.136 оноогоор 62 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Авах ёстой 100 оноог бүрэн хангасан Хонгконг чансааг тэргүүлж, араас нь Швейцарь (99.664) Сингапур (99.488), АНУ (98.656), Голланд (96.548) жагссан байна.

Өрсөлдөх чадварын индексийг гаргахдаа төрийн институциудын үр ашигтай, ил тод байдал, макро эдийн засгийн тогтвортой байдал, боловсролын чанар, бизнесийн төгөлдөршил, инноваци гаргах чадвар зэргийг харгалзаж үздэг бөгөөд дээгүүр эрэмбэлэгдсэн орнуудад дээр дурдсан нөхцлүүд дээд хэмжээнд хангадсан байна гэсэн үг юм.

Жагсаалтын сүүлд манайхтай хамт Грек (57.764), Аргентин, (57.647), Хорват (56.519), Украин (56.126), Бразил (55.820), Венесуэль (32.742) улсууд бичигджээ.

Categories
мэдээ нийгэм

Налайх дүүрэг “Богд хан” төмөр замыг түшиглэн шинэ нисэх буудалтай дэд бүтцээр шууд холбогдох боломжтой

Налайх дүүрэг нь 68,7 мянган га газар нутагтай. 2016 оны жилийн эцсийн дүнгээр 10,349 өрхийн 36,425 хүн амтай гэж бүртгэгдсэн бөгөөд хүн амын дийлэнх хувийг хөдөлмөрийн насныхан болон хүүхэд, залуучууд эзэлж байна.

Өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвийн “Мэдээллиийн цагт” Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Налайх дүүргийн Засаг даргын Эдийн засаг, хот байгуулалт хариуцсан орлогч Ц.Нарандалай, Үйлдвэрлэл, ногоон хөгжил хариуцсан орлогч С.Тунгалаг, Нийгмийн асуудлыг хариуцсан орлогч Х.Анхбаяр, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл нар оролцож сэтгүүлчдэд цаг үеийн мэдээлэл өглөө.

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Налайх дүүрэг нь иргэнээ дээдэлсэн, ажилтай, орлоготой, авлигаас ангид, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжсөн, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий аялал жуулчлалын төв дүүрэг болох” эрхэм зорилгын хүрээнд тэргүүлэх чиглэл, байршил, давуу тал зэргээ түшиглэн, олон бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааг зохион байгуулан ажиллах гараагаа эхлээд байна. УИХ-аас баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт Нийслэлийн Налайх дүүргийг барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, тээвэр логистикт тулгуурлан хөгжүүлэхээр хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон. Эдийн засгийн бие даасан байдлыг бий болгох, дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл, технологийн парк нь 120 га газарт 1,500 гаруй ажлын байр шинээр бий болж, улсын хэмжээний барилгын материал үйлдвэрлэл 2 дахин, Налайх дүүргийн үйлдвэрлэлийн хэмжээ 32 дахин нэмэгдэж, барилгын өртөг буурч, Налайх дүүрэг хот болон хөгжих эдийн засгийн үндэс суурь бий болох юм.

Мөн Налайх дүүрэг нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Богд хан” төмөр замыг түшиглэн шинээр байгуулагдсан Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал, Эмээлт, Аргалант зэрэг дэд төвүүдтэй дэд бүтцээр шууд холбогдон хөгжих боломжтой юм. Дээрх мега төслүүд хэрэгжсэнээр 2030 онд Налайх дүүрэг нь 65,000 хүн амтай хот болж өргөжинө” хэмээн онцоллоо.

Налайх дүүрэгт 2017 онд нийтдээ улсын төсөв болон зээл тусламж, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангаас нэлээдгүй бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр төлөвлөгдсөн байна.

Улсын төсвийн хөрөнгөөр 2 тэрбум 728 сая төгрөгийн 2 ажил:

  • 700 хүний суудалтай спорт цогцолборын барилгын ажил үргэлжлэл хийгдэж байна.
  • Мөн барилгын материалын аж үйлдвэрийн парк байгуулах
  • Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 3 тэрбум 907.5 сая төгрөгийн 10 ажил:

Бүтээн байгуулалтын чиглэлээр:

  • Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 45 хувьтай хийгдэж байна.
  • Дүүргийн зам засвар
  • Гэр хорооллын гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх
  • Эрүүл мэндийн төвийн нэгдсэн эмнэлгийн дээвэр, гадна засварын ажил
  • Хүүхдийн эмнэлгийн барилгын дээвэр гадна талын засварын ажил
  • Зураг төсөв хийх
  • Дулааны станцыг өргөтгөх зураг төсөв хийх
  • Налайхын салбар бохир усны шугамын өргөтгөлийн зураг төсөв
  • Шинэ суурьшлын бүсийн цахилгаан хангамж сайжруулах зураг төсөв
  • Ашиглалтын шаардлага хангахгүй 2 дугаар хорооны 4.5 дугаар байрыг дахин барилгажуулах төслийн инженерийн дэд бүтцийн зураг төсөв
  • Дүүргийн нутгийн захиргааны ордны барилгын зураг төсөв хийх

Олон улсын байгууллагын санхүүжилтээр:

  • 50 ортой Хүүхдийн төрөлжсөн эмнэлгийн барилга барих
  • Швейцарь улсын хөрөнгө оруулалтаар “Монгол ногоо” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх
  • БНТУ-ын Тика олон улсын байгууллагаас дүүргийн Хуульчдын гудамжийг тохижуулах ажил хийгдэнэ.
  • Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 692 сая төгрөгийн ажлууд

Багцалсан байдлаар танилцуулбал:

  • Тохижилт, ногоон байгууламжийн ажлууд
  • 2018 онд хийгдэх ажлуудын зураг төсөв
  • Ус түгээх цэгийн барилга болон гүний худаг гаргах
  • Камержуулалт зэрэг ажлууд хийгдэж эхлээд байгаа аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Баасанхүү: Олон нийтийн анхаарал сонгуульд хандсан үеэр ноцтой заалттай хууль хэрэгжих гэж байна

Өнөөдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү ирэх долдугаар сарын 1-нээс эхэлж хэрэгжих Эрүүгийн хуулин дахь зарим ноцтой заалтын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тэрээр “Долдугаар сарын 1-нээс маш ноцтой Эрүүгийн хууль хэрэгжиж эхлэх гэж байна. Эх орноосоо урвах заалтыг байхгүй болгосон байсан. Тагнуулын ерөнхий газар хүртэл миний эсрэг улс төржсөн мэдэгдэл хийсэн. Эх орноосоо урвах заалтыг хэлж ярьж явсны эцэст нэмэлт өөрчлөлтөөр оруулахаар Я.Содбаатар, Б.Батзориг нарын гишүүд өргөн барилаа. Эх орноосоо урвагчидтай тууштай тэмцэнэ гэдэгт найдаж байна” гэж тодотгосон юм.

Тэрээр Эрүүгийн хуульд хар тамхины хэрэгт 5-12 жил оногдуулна гэж зааж өгсөн явдлыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж, уг хуулийн заалтаар хар тамхины хэрэгтэй холбоотой 200 гаруй хүн ялаас чөлөөлөгдөхөөр байгааг онцоллоо. “Хуулийн ийм хөнгөн заалтыг өөрчлөх шаардлагатай” гэж онцлов. Улмаар “Эрүүгийн хуулийн 20.7 дугаар заалтад тохиролцож чадвал ялаас чөлөөлнө гээд заачихсан. Өөрөөр хэлбэл хамт хар тамхи хэрэглэсэн хүнээ зааж өгвөл ялаас чөлөөлөгдөнө гэсэн үг. Ийм утгагүй заалт дэлхий дээр хаана ч байхгүй” гэлээ.

Мөн тэрээр “Эрүүгийн хуульд хүчингийн хэрэг үйлдсэн тохиолдолд хоёр жилийн ял онооно гэж заасан нь маш ноцтой зүйл хэмээн хэллээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар 16 жилийн ял онооно гэсэн тайлбар хийсэн. Гэтэл одоо шоронд байгаа хүмүүсийг автоматаар тав болгож интервал хийгээд суллахаар болж байна. Олон нийтийн анхаарал сонгуульд хандаад байгаа энэ үед ийм ноцтой заалттай хууль хэрэгжих гэж байна. Иймээс Эрүүгийн хуулийн хэрэгжилтэд ажлын хэсэг гаргаж, ноцтой заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлнэ” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Монголд угсарсан анхны галт тэргийг энэ сарын 10-нд хүлээлгэн өгнө

Монгол инженерүүдийн угсарсан анхны галт тэргийг энэ сар 10-ны өдөр хүлээн авна. Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар ЗТХЯ, “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “Экологи бус” ХХК-ийн мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж, Зүүнхараа дахь ачааны вагоны засварын баазыг түшиглэн галт тэрэг угсрах ажлаа өнгөрсөн сарын 29-нд эхэлсэн байна.

Одоогоор вагонуудад нэмэлтээр суурилуулах зангилаа эд ангиудыг угсарч дуусаад, будаж байгаа аж. Монгол инженерүүдийн угсарсан ачааны галт тэрэгний даац 72 тонн, тэвшний эзлэхүүн 88 шоо метр, 120 км/цаг-ийн хурдтай юм. Цаашлаад төслийн хүрээнд эх орондоо ачааны вагон угсрах үйлдвэрийн шугам байгуулж, дотоодын хэрэгцээгээ хангахаар төлөвлөж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга шаардлага хүргүүллээ

Өнөөдөр УИХ дахь АН-ын өнгөрсөн сонгуулиар МАН-ын удирдлагууд 60 тэрбумаар төрийн эрхийг хууль бусаар авах талаар ярилцсан бичлэгийн асуудлаар хэлэлцсэн. Ингээд уг 90 минутын бичлэгийн хамт шаардлагыг холбогдох хууль хяналтын байгууллагад ҮАБЗ, УДШ-д өгөхөөр болсноо мэдээлсэн билээ.

Харин АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга дээрх шаардлагыг 90 минутын бичлэгийн хамт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайханд өглөө. Албан бичиг гардуулах үед УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат бүлгийн гишүүдийн хамт байлцсан юм.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг приусны татварыг хойшлуулах талаар хэлэлцсэн байна

Долоо хоног бүрийн даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Энэ долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлэг Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашины татварыг 0-50 хүртэл хувиар тогтоох хуулийн төсөл “Приус”-ын татварыг хойшлуулах талаар хэлэлцсэн байна. Гэхдээ бүлэг хэвлэлийн хурал хийхгүй юм байна.