Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Нэр дэвшигчид маань эх орны алтан гурав л дөнгөж авлаа

Хуучин цагт их, дээд сургуулиуд суралцагсдаа цифрээр буюу 2-5 тооны хооронд үнэлдэг байхад эх орны алтан гурав авчихлаа гэсэн яриаг бишгүй сонсдог байв. Энэ бол арай муу авчихаагүй, бас сайн ч биш, онц дүнд бүр хамааралгүй үнэлгээ юм. Сурлага муутайхан сурагч шалгалтандаа эгээтэй л уначихаагүйдээ баярлан Эх орны алтан гурав хэмээн дүнгээ бусдадаа зарладаг. Үүнтэй адилхан үйл явдал саяхан боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай улстөрийн гурван нам нэр дэвшигчдээ хэдийнэ зарлаж, сурталчилгааны ажлын бэлтгэлээ базааж байна. Эдгээр нэр дэвшигчид ард түмний өмнө олон шалгалт өгөх нь тодорхой. Тэдний хэлсэн ярьсан үг, үйл хөдлөл, хандлага зэргээс ард түмэн хэн нь хэн бэ гэдгийг тодорхой мэднэ гэсэн үг. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч гурав өнгөрсөн амралтын өдрөөр Сонгуулийн ерөнхий хорооноос үнэмлэхээ гардаж авсан үйл явдал тэдний хувьд бас нэгэн шалгалт сорилт боллоо. Энэ арга хэмжээг харж байхад гурван нэг дэвшигч маш бэлтгэл муутай, сулхан харагдаж байлаа. Тухайн арга хэмжээнд зориулан хэлэх үг болон сэтгэл зүйгээ бэлдээгүй тэднийг ээлжит шалгалтандаа арай гэж алтан гурав авлаа хэмээн улс төрийн ажиглагчид дүгнэж байна. Сонгуульд нэр дэвших үнэмлэхээ авна гэдэг нэр дэвшигчдийн хувьд том үйл явдал, өөрийгөө ард түмэндээ зөвөөр харуулах бас нэгэн боломж юм. Улс төрийн иймэрхүү томхон үйл явдалд нэр дэвшигчид маш сайн бэлтгэж оролцох ёстой. Барууны орнуудын сонгуулийн сурталчилгааг харж байхад нэр дэвшигчид биеэ хэрхэн авч явах, ямар хувцас өмсөх, үг хэлэхдээ юуг онцлох, ард нь ямар албан тушаалтан зогсох, хэн нь туг далбаагаа мандуулах гээд нэг бүрчлэн нарийн тооцож, хөтөлбөр төлөвлөгөөгөө гаргадаг, тэр дагуу үйл явдал өрнөдөг. Түүнээс биш гудамжинд гүйж явсан нэгэн хүрч ирээд “би ард чинь зогсчихъё” гэж дайрдаггүй, нэр дэвшигч санаанд орсон үгээ сэтгэлийн хөөрлөөр хэлдэггүй. Бүх зүйл бодлого төлөвлөгөөний дагуу үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл, урьдчилан найруулсан жүжигчилсэн тоглолторхуу зүйл болдог. Хэлэх үгэндээ тэд маш их ач холбогдол өгдөг. Учир нь нэр дэвшигчид үгээр дамжуулан өөрийнхөө бодлого төлөвлөгөөг танилцуулан, үгийн хүчээр л бусдын сэтгэлийг өөртөө татдаг. Америкийн Ерөнхийлөгч Трамп сонгуулийн сурталчилгаагаа “Ноёд хатагтай нар аа, би албан ёсоор Америкийн нэгдсэн улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боллоо, бид хамтдаа улсаа дахин агуу улс болгоно” гэсэн үгээр эхлэхэд хүмүүс таатай сайхнаар хүлээн авч байсан. Барак Обамагийн Тангарагийн ёслол дээрээ хэлсэн үг америкчуудын төдийгүй дэлхий нийтэд шагшигдаж байлаа. Тэрбээр “Өнөөдөр би та нарт бидний өмнө тулгарч байгаа бэрхшээл, саад тотгорууд бодит гэдгийг хэлье. Энэ саад тотгорууд бэрх хэцүү бөгөөд олон гэдгийг хэлье. Энэ бүгдийг богино хугацаанд амархан давж туулахгүй. Гэхдээ эд бүгдийг Америк улс зоригтой тулж угтана гэдгийг мэдтүгэй. Энэ өдөр, айдас хүйдсийн оронд итгэл найдвар, сөргөлдөж сарнихын оронд зорилго нэгтэй байхыг сонгосон тул бид энд цугларсан. Энэ өдөр, өчүүхэн харамсал, хуурамч амлалт, гүтгэлэг зүхэл, манай улс төрийг хэт удаан боомилж байсан хуучирсан үзэл онолыг эцэслэх гэж бид энд цугларсан” гэж онцолж байв. Дээрх улстөрчдийн хэлсэн үгнүүд сонгогчдод шууд нөлөөлж, тэдэнд эрч хүч урам зориг өгөхөөс гадна итгэл найдвар төрүүлж чадсан юм. Үг үнэн бөгөөд хурц дайчин, товч тодорхой, итгэл үнэмшил төрүүлэхүйц байх ёстой.

Харин манай гурав нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авахдаа тун оновч муутай, урт нуршуу, сулхан үг хэллээ. Аль өмнө нь тодорхой байсан үйл явдалд тэд бэлтгэсэнгүй. Гэнэт болсон арга хэмжээнд шууд оролцож байгаа мэт эг маг хийсэн, үл ойшоосон шинжтэй харагдаж байсан. Найран дээр хэнэггүй суусан нэгэнд гэнэт аяны дугараа тулгаж, өнөөх нь эв хав муутайхан дуулсан болж ээлжээ өнгөрөөж байгаа аятай л үйл явдал болов.

Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга тэдэн дотроо арай баруунжсан, дэлхийн жишгийг дагасан маягтай товч үг хэлсэн. “Монгол Улсын 30 хүрэхгүй гэр бүлийн төлөө юу, гурван сая иргэний төлөө юу гэсэн шийдвэр гаргахад сар гаруй хугацаа үлдлээ” гэсэн түүний үг сонсоход ойлгомжтой товч тодорхой. Даанч үгээ хүчлэх, сонгогчдын сэтгэлд хүргэх цог жавхаа дутагдаад байлаа. Энэ нь түүнийг тухайн арга хэмжээнд бэлтгэлгүй ирснийг харуулаад байгаа юм. Х.Баттулга нэр дэвшигчийн хувьд гэр бүлийн талаар байнга шүүмжлүүлдэг хүний нэг. Харин нэр дэвшигчийн үнэмлэх гардаж авах арга хэмжээн дээрээ охиноо дагуулж ирсэн нь маш зөв сонголт юм. Олон улсад ч ийм туршлага байдаг. Одоогоор албан тушаалаа өгөөд байгаа Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Гын Хэ халдлагын үеэр амь үрэгдсэн ээжийнхээ оронд цөөнгүй жил тэргүүн хатагтайн үүргийг гүйцэтгэж байсан гэдэг. Тухайн үед аав нь Солонгосын Ерөнхийлөгч байсан бөгөөд ээжийгээ амь үрэгдэхэд Пак ердөө хорь гаруйхан настай байсан ч энэ үүргээ хангалттай сайн биелүүлсэн гэж үнэлэгддэг. Ер нь баруунд гэр бүлийн байдал сонгогчдын сонголтод нэг их чухал биш байдаг. Америкийн Ерөнхийлөгч Д.Трамп нэг өдөр сайхан эхнэрээ дагуулж, нөгөө өдөр царайлаг охиноо сугадчихсан явж байгаа харагддаг. Тун саяхан Францад Э.Макрон өөрөөсөө 25 насаар эгч, нэгэн цагт багш нь байсан гэргийгээ дагуулж явсаар байгаад Ерөнхийлөгчөөр сонгогдчихож байх жишээтэй.

Барууны чиг баримжаатай АН-аас нэр дэвшигч гэхэд Х.Баттулгад шүүмжлэх зүйл их байна. Нэр дэвшигчийн үнэмлэхээ морин цагт авна л гэнэ, нум сум, ташууртай байна л гэнэ. Харанхуй бүдүүлэг цагийн мухар сүсэг энэ намд амь бөхтэй оршсоор байх юм. Шинжлэх ухааны хүчээр ид шидийн мэт гайхамшигт бодит нээлтүүд хийж байгаа энэ цагт төрийн ажилд мухар сүсэг, шашин, бөөгийн зан үйл хольж хутгахаа даруй болих хэрэгтэй. Х.Баттулгын хувцаслалтад ажиглагчид сайн үнэлгээ тавьж байна. Орчин үеийн, ажил хэрэгч, цэмцгэр костюм түүнд сайхан зохиж. Гэхдээ л ард түмэн түүнд эхний удаа алтан гурав л тавилаа.

МАН-аас нэр дэвшигч М.Энхболд хэт хуучинсаг харагдаж байлаа. Орчин үеийн барууны чигийн ямар ч үнэргүй. Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авахдаа хэлэх үгээ тэрбээр мөн л бэлтгээгүй бололтой. Урт, нуршуу, дотроо төөрөлдөн, утга учир нь олоход бэрх үг хэлж байх юм. “Монголын төрийг ард түмэндээ ээлтэй төр болгох гэж би нэр дэвшиж байна” гэж хэлсэн үг сонгогчдод яаж нөлөөлөх бол. Учир нь өөрийнх нь удирдаж байгаа нам одоо Монголын төрийг барьж байгаа шүү дээ. Тэгэхээр МАН ард түмэндээ ээлгүй төр байгуулжээ гэж ойлгож болох нь. Мөн “айл өрх бүр төрийнхөө бодлогын тэргүүнд байж, төрийн анхаарах ёстой асуудлын нэг тэргүүнд байх төрийг төлөвшүүлж…” гэх зэрэг сунжирсан ойлгомжгүй үг хэлэв. Сандарч түгдэрсэн, үгээ ороосон, утга учир муутай түүний хэлсэн үгнээс тухайн арга хэмжээнд төдийлөн ач холбогдол өгч бэлтгээгүй нь харагдаж байлаа. Бүр олны өмнө үг хэлж, нүүр хагараагүй хүн гэлтэй харагдсан. Үүнийхээ оронд товч тодорхой үгийг цаасан дээр бичээд уншчихсан бол хавьгүй дээр байх байсан.

МАН-ыг уяачдын нам гэж шүүмжилдэг. Үүнийгээ батлах мэт М.Энхболдыг үгээ хэлж дууссаны дараа намынхан нь бөөнөөрөө “хоржийлоо” гэж түрж байх юм. Түвд гаралтай энэ үгийг хурдны морь эргэхэд эсвэл овоон дээр гараад ихэвчлэн хэлдэг. “Сайн сайхан бүхнийг хүсье” гэсэн утгатай. Зарим тайлбар тольд “хоржийлоо” гэсэн үгийн утгыг нь “хурай хурай” гэж бичсэн байдаг. Нэр дэвшигч М.Энхболд хэлсэн үгэндээ “Миний ард мөрийн хөтөлбөрийг маань хэрэгжүүлэх бүхэл бүтэн улстөрийн хүчин бий” гэсэн. Үнэндээ МАН бол нэр дэвшигчийн хувийн өмч биш бөгөөд хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдвол Монголын ард түмний эв нэгдэл, эрх ашгийн төлөө ажиллана гэдгээ мартчихсан болов уу гэж ойлгомоор.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа гурав дотроос хамгийн сайн үг хэлж сурсан нь МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар. Уран цэцнээр урсгаж өгдөг түүний хэлсэн үгний өмнөөс заримдаа нүүр улаймаар байдаг. Урьд өмнө хэлдэг байсан тиймэрхүү өнгө аятай үгээ л С.Ганбаатар үнэмлэхээ гардаж авахдаа хэллээ. Шинэ соргог зүйл байсангүй. МАХН болон иргэний хөдөлгөөнийнхөн МАНАН гэж их шүүмжилдэг. Энэ бол байгалийн МАНАН биш МАН болон АН хоёрыг нийлүүлсэн үг. Энэ үгийг хүн бүр мэддэг мэтээр ойлгож байнга л МАНАН гэж шүүмжилдэг. Хөдөөний суманд очоод захын хүнээс МАНАН гэж мэдэх үү гэж асуугаад үзээрэй. Байгалийн манангийн тухай л ихэнх хүмүүс хэлнэ. С.Ганбаатар нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авахдаа “Би МАНАН-г устгана” гэснийг хэр олон хүн ойлгох бол. Тэгээд ч АН, МАН хоёрыг устгуулчихаад ард түмэн С.Ганбаатарыг сонгоно гэж бодож байгаа бол ёстой сэрүүн зүүд юм. Ийм чухал арга хэмжээн дээр тийм алдаатай үг хэлж байх юм. С.Ганбаатарын хэлсэн үгнээс илүү хэдэн сайхан охид, энгийн даруухан гэргий нь эерүү сэтгэл төрүүлэхээр харагдаж байлаа.

Ийнхүү гурван нэр дэвшигч маань эхний удаад ард түмнээсээ алтан гурав авчихлаа. Гэхдээ сонгуулийн сурталчилчааны хугацаа эхлээ ч үгүй байна. Энэ хооронд юу ярих, ямар үйлдэл хийхээ нухацтай бодож тунгаахгүй энэ янзаараа байвал Ерөнхийлөгч байтугай багийн дарга хийхэд ч хэцүү харагдах юм.

Г.ГЭНДЭНДАРАМ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Сонгууль эхэллээ гэдгийг бид сонин ирэхээр л мэддэг ард түмэнтэй шүү дээ” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас Х.Баттулга, МАН-аас М.Энхболд, МАХН-аас С.Ганбаатар нар нэр дэвшиж байгаа юм. Энэ тухай мэдээллийг нэгдүгээр нүүртээ онцоллоо.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ын Санкт-Петербург хотноо олон улсын эдийн засгийн чуулганд оролцоод ирсэн. Түүний айлчлалын хүрээнд яригдсан асуудлын нэг болох Тува руу төмөр замаар холбогдох эсэх асуудлыг энд хөндлөө. “Тува руу яаран сандран төмөр замаар холбогдохын цаад учир юу байна аа” хэмээх нийтлэлийг өнөөдрийн дугаараас тольдон уншаарай.

Мөн түүнчлэн “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогын тодорхойлж байдаг, нийгмийн үзэл санааны хамгийн том талбар болдог Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Сонгууль эхэллээ гэдгийг бид сонин ирэхээр л мэддэг ард түмэнтэй шүү дээ” хэмээх нийтлэлийг хэвлэлээ.

Нийслэлийн АН-ын дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулгын ярилцлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас мөн уншиж болно. Тэрбээр “Иргэдэд хүлээлт үүсгэсэн амин чухал олон ажил тодорхойгүй байна” хэмээн ярилцлагадаа онцолсон юм. Нэг, хоёр, тавдугаар нүүрээс энэхүү ярилцлагыг уншина уу.

Эх сурвалжийн мэдээллийн мөрөөр үнэнийг хайсан цуврал сурвалжлагын үргэлжлэлийг өнөөдрийн дугаарт хүргэж байна. “ЭМЯ, эмнэлгийн дарга нарыг гартаа атгасан “Сетунари”, “Бона Вита” компани улсын төсвөөс хэдэн тэрбумаар нь мөнгө “идэж” байна” хэмээх гарчигтай энэхүү сурвалжлагыг долдугаар нүүрт хэвлэлээ. Эдгээрээс гадна “Эмч”, “Шинжлэх ухаан танин мэдэхүй”, “Дэлхийн мэдээ”, “Энэ өдөр” зэрэг хуваарьт булангуудыг өнөөдрийн дугаараас унших боломжтой.

Эрхэм уншигч та, манай сонины
өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35
салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж
авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах
боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын
үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын
үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх
сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн
сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн
сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос
лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно
уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920, 88085029 дугаарт
холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ
БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Алтан хальс” кино наадам тав дахь жилдээ Улаанбаатар хотноо зохион байгуулагдана

Арт кино урлагийг монголчуудад таниулан, кино сонирхогчдын мэлмийг мялаасан олон сайхан бүтээлийг тольдох боломж олгодог “Алтан хальс” кино наадам 5 дахь жилдээ Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Алтан хальс холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг тус наадам энэ жилээс индепендент кино наадам болж буйгаараа онцлог аж. Индепендент кино нь арилжааны бус цэвэр урлагийн бүтээл болох зохиолч болон найруулагчийн онцлогийг илтгэсэн, онцгой шийдэл бүхий, уран бүтээлчийн хувийн дуу хоолой чухалчлан илэрсэн бүтээл байдгаараа ялгардаг байна. Энэ сарын 9-11-ний өдрүүдэд зохиогдох тус наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр Юнител группын Номадиа пикчерс ажиллаж байна.

Алтан хальс индепендент кино наадам (Altan Khalis Independent Film Festival )-ын дээд шагнал Golden Reel Award-ын төлөө 25 бүтээл өрсөлдөж буйн 10 нь Монгол кино ажээ. Энэ удаагийн AKIFF Хүүрнэлт кино, Хүүхэлдэйн кино, Баримтат кино, Эксперименталь кино гэсэн төрлөөр зохиогдон

Шилдэг монгол хүүрнэлт кино

Шилдэг монгол хүүхэлдэйн кино

Шилдэг монгол баримтат кино

Шилдэг монгол эксперименталь кино

Шилдэг гадаад хүүрнэлт кино

Шилдэг гадаад хүүхэлдэйн кино

Шилдэг гадаад баримтат кино

Шилдэг гадаад эксперименталь кино гэсэн төрлүүдээр шагнал хүртэнэ. Тус наадмаас шагнал хүртсэн уран бүтээлчид Америкийн томоохон кино наадмуудын нэг болох Афины кино наадмын ( Аcademy Award Qualifying Festival) сонголтын хороонд бүтээлээ илгээх эрхтэй болох юм.

Энэ жилийн AKIFF-ын хүндэт зочноор Германы кино найруулагч Фатих Акин уригдан оролцохын зэрэгцээ түүний найруулсан, монгол хүү Б.Анандын тоглосон “Чик” (Tschick) киноны Ази тив дэх нээлтийг хийх ажээ.

“Алтан хальс-2017” кино наадамд 10 Монгол кино өрсөлдөнөAKIFF наадмын шүүгчдээр ОХУ-ын Халимаг гаралтай кино найруулагч Элла Манжеева, Нийтлэлч Б.Баабар, МУИС-ын Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн профессор, доктор Ph.D Ч.Болдбаатар, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын Соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн М.Цэцэнбилэг, Юнител группын Номадиа Пикчерсийн продюсер, эвлүүлэгч М.Төгөлдөр нар ажиллана.

АKIFF наадмын үеэр найруулагч Фатих Акин, Элла Манжеева нар кино уран бүтээлчдэд зориулан мастер класс зохион байгуулна.

Categories
энтертаймент-ертөнц

Хонь ч бас бие нь өвдсөн хүнийхтэй адил царай гаргадаг

ЛОНДОН./TASS/. Их Британийн эрдэмтэд фермерүүдийн ажлыг хөнгөвчлөхийн тулд мал амьтны сэтгэлийн хөдөлгөөнийг мэдэрч чаддаг хосгүй программыг зохиосон тухай “The Daily Telegraph” сонинд мэдээлжээ.

Одоогийн байдлаар Кембрижийн их сургуулийн ажилтнуудын зохиосон хиймэл оюун ухаан нь хонины сэтгэлийн хөдөлгөөний таван хэлбэрийг таньж чаддаг ба ингэснээр мал амьтны бие таагүй байгааг эзэнд нь мэдээлэх боломжтой ажээ. Судалгааг хийхдээ малын эмч нарын өгсөн 500 орчим хонины зургийг ашиглажээ.

Уг программын ашигладаг алгоритм нь юуны түрүүнд мал амьтанд өвдөлтийн мэдрэмжийн шинж тэмдэг байгаа эсэхийг илрүүлэх зорилготой ба мал амьтны чихний байрлал, нүдний байдал, хамрын нүхний хэлбэрийг ажиглан дүгнэлт хийдэг байна. Жишээлбэл, нүдээ онийлгох, хацар нь хонхойх, чих нь урагшаа далбайсан, уруулын амсар доошоо унжсан эсвэл сунасан, агшсан, мөн хамрын нүхний хэлбэр U хэлбэрээс V хэлбэртэй болсон зэргийг түгшүүртэй шинж тэмдгүүд гэж эрдэмтэд тодорхойлжээ. “Сонирхуулахад, хонины царайд гарч буй ийм өөрчлөлтүүд нь бие нь өвдсөн хүний нүүрний хувиралтай маш адилхан байгааг харж болно” гэж судалгааны багийн гишүүн, доктор Марва Махмуд ярьж байна.

Хүний нүүрний хувирлын судалгаа олон жилийн туршид хийгдэж байгаа ажээ. Үүнээс хавьгүй өмнө амьтны нүүрний хувирлыг Чарльз Дарвин судалж байсан бөгөөд тэрбээр “хүмүүс бүгдээрээ, мөн олон төрлийн амьтад сэтгэлийн хөдөлгөөнөө адилхнаар илэрхийлдэг” гэж баталж байв. “Ийм учраас хүн амьтны нүүрний хувирлыг судалсан зүйлүүдээ бид нэгтгэхээр шийдсэн юм” гэж профессор Питер Робинсон ярилаа. Тэрбээр энэ төсөл дээр ажилласнаасаа хойш хотоос гаран зугаалж явахдаа хонин сүрэг тааралдах үед “сэтгэл санааны байдал нь ямар байгааг мэдэх гэж хонинуудтай ярьдаг болсон” гэж хуучилжээ.

Судлаачдын үзэж байгаагаар, хонинууд тавхай өмхийрөх эсвэл дэлэнгийн үрэвсэл зэрэг олон өвчний улмаас шаналж байж магадгүй юм. Хэрвээ эдгээр өвчнүүдийг цаг тухайд нь илрүүлж эмчлэхгүй бол нийт сүрэгт ноцтой аюул учруулж болзошгүй.

Мал амьтны биеийн байдалд хяналт тавихын тулд хонин сүрэг өдөртөө заавал ирдэг худаг дээр нь камер байрлуулахаар төлөвлөж байгаа ба ингэснээр хонины нүүрний хувирлыг нь дэлгэрэнгүй харах боломжтой болох аж. Мөн энэ программд зарим өөрчлөлтийг хийснээр адуу, лабораторийн хулгана, гэрийн тэжээвэр амьтдын биеийн байдлыг тандахад ашиглаж болох гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Сонсголонгийн 290 метр гүүрийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Нийслэлийн удирдлагын шинэ баг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн тусламжтайгаар Улаанбаатар хотод гүүрэн байгууламжуудыг шинэчлэх, засварлах, өргөтгөх төслүүдийг хэрэгжүүлж байна. Үүний нэг “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 у/м болон Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих” төслийн Сонсголонгийн 289.4у/м гүүрийн шав тавих ёслол өнөөдөр боллоо. Ийнхүү энэ хавар Улаанбаатар хотод өрнөх 4 томоохон гүүрний бүтээн байгуулалтын нээлтийг хийж, ажил эхэлж байна.

Тус гүүртэй холбогдож буй төмөр бетон авто замыг Гудамж төслийн хүрээнд 4 эгнээ болгон өргөтгөсөн тул гүүрийн зорчих хэсгийг тухайн авто замтай уялдуулан өргөтгөж, шинэчлэх зайлшгүй шаардлага гарч байгаа юм. Мөн нисэх, яармаг чиглэлд томоохон орон сууцны хорооллууд шинээр баригдаж, хүн амын нягтрал ихэсч, суурьшлын бүс тэлсэн. Гүүрийг өргөтгөн шинэчилснээр нисэх, яармаг чиглэл, тухайн чиглэлээс баруун аймгууд руу гарах замын ачаалал багасах ач холбогдолтой юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлсэн үгэндээ “Одоо ашиглагдаж байгаа гүүрүүд нь насжилт нь 50 жил хол давсан. Урсгал болон их засвар хангалттай сайн хийгдээгүй байсан. Тиймээс шинээр барих ажлуудыг жинтэй эхлүүлж байна. Тухайлбал, Сонсголонгийн 289 урт метр гүүрийг шинэчлэн бариснаар эдийн засаг болон нийслэл хотын төлөвлөлтөнд онцгой ач холбогдолтой юм. Энэ төслийн хүрээнд сонсголонгийн хуучин гүүрний хажууд параллелиар 10.4 метр өргөн 2 эгнээтэй, 289.4 метр гүүр шинээр барьж, хуучин гүүрийг шинэчлэн, нийт 21 метр өргөнтэй 4 эгнээ гүүр бий болно.” хэмээлээ.

Төслийн нарийвчилсан зураг төслийг зөвлөх үйлчилгээний “ГБЕТ” ХХК боловсруулсан байна. Гүйцэтгэгчээр “Бээжин Юни-Констракшн Групп” компани шалгарч, төслийн барилгын ажлыг 2017-2018 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Шав тавих ёслолд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, УИХ-ын гишүүн Б.Батзориг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хай Мин, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон албаны бусад хүмүүс оролцлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Залаатын аманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

Хуурайшилт ихтэй байгаа үед иргэдийг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, гал гарах нөхцлийг үүсгэхгүй байхыг холбогдох албаныхан анхааруулсаар байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Баянзүрхийн 11 дүгээр хороо Залаатын аманд уулын орой хэсэгт түймэр гасан байна. Дуудлага 14:58 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу НОБГ-ын гал түймэр унтраах аврах 4 ангийн бүрэлдэхүүн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөлд марафон гүйлтийн тэмцээн болно

Эколип сан төрийн бус байгууллага нь Хөвсгөл нуур орчмын байгаль орчинг хамгаалах, ард иргэдийн амьжиргааг дэмжих, соёл заншлыг хадгалах зорилгоор байгуулагдан 1998 оноос хойш “Монголын хоёр нарны хооронд” олон улсын марафон гүйлтийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, 21 орны нийт 60 гаруй тамирчдыг жил бүр Хөвсгөл нуурын баруун эрэг дээр авчран оролцуулдаг.

Тус гүйлтийн тэмцээний орлогоор Хөвгөл нуур орчмын эзэнгүй хог хаягдлыг түүж, цэвэрлэх, Харганы хогийн цэг рүү тээвэрлэх байгаль хамгаалах ажлыг зохион байгуулж, Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын хог хаягдлын менежментээр тасралтгүй 18 жил дэмжиж ажиллаж байна.

Манай төслийн зүгээс бид жил бүр дунджаар 20,000 ширхэг байгальд ээлтэй уутыг үнэ төлбөргүй Хатгалын нэвтрэх цэгээр аялал жуулчлалын улиралд тараадаг бөгөөд хог хаягдал тээвэрлэх тээврийн хэрэгсэл 1, мөн ажиллах хүчнүүдийг жилийн турш санхүүжүүлж байна.
Энэ жилийн марафон гүйлтийн тэмцээн 19 дэх удаагаа 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Хөвсгөл нуурын баруун эрэг дээр болно.

Марафон гүйлтийн тэмцээний орлогоор Хөвсгөл нуур орчмын хогийг цэвэрлэнэ

Categories
мэдээ нийгэм

Бүх хороонд нийтийн автомат угаалгын газар байгуулахыг санал болгов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНСУ-ын “Ilhae” компанийн ерөнхийлөгч Chung Yeong-Su, “Kjl global” компанийн захирал Jo Ilsang нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэд Улаанбаатар хотын бүх хороодод “Нийтийн ахуйн үйлчилгээний төв”-д автомат угаалгын газар байгуулах, Хог шатаах бага оврын зуух нэвтрүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулах, хамтран ажиллах талаар санал солилцов.

“Ilhae” компанийн ерөнхийлөгч Chung Yeong-Su “Бид энэ удаад Улаанбаатар хотод нэн шаардлагатай хоёр төслийг танилцуулж, хамтран ажиллах хүсэлтэй ирсэн. Нэгдүгээрт, гэр хорооллын “Нийтийн ахуйн үйлчилгээний төв”-д автомат угаалгын газар байгуулах саналтай байна. Улаанбаатар хотын дийлэнх хэсгийг гэр хороолол эзэлдэг юм билээ.. Манайх БНСУ-д энэ чиглэлээр 330 сүлжээ газартай, үйл ажиллагаагаа Зүүн Өмнөд Ази, Европт гаргаж ажиллаж байгаа. Өвөл гэр хорооллын иргэд хувцасаа угаахад хүндрэлтэй. Усаа зөөж, галаа түлээд, халаана, бас зарим нь гараараа угаах гэж цаг зав нэлээдгүй зардаг. Тиймээс бид судалж үзээд бүх хороонд нийтийн автомат угаалгын газар бий болговол иргэдийн цаг, мөнгийг хэмнэж, тав тухтай амьдрах боломж бүрдэнэ гэж бодож байна. Бидний хоёр дахь төсөл бол хог шатаах бага оврын зуух нэвтрүүлэх явдал юм. Хогоо асгаж булдаг технологийн хажууд шатаах нь илүү дээр гэж бид үзсэн. Бидний санал болгож буй бага оврын зуух 10 цагт гурван тонн хог шатаах хүчин чадалтай бөгөөд ямар ч утаа, химийн хор ялгаруулахгүй” хэмээн онцлон танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг судлаад шийдвэрлэх саналыг тавьж байгаад талархаж байна. Хогны асуудал өнөөдөр бидний хамгийн тулгамдаж буй зүйл болоод байгаа. Та бүхний танилцуулсан төсөл боломжийн санагдлаа. Гэхдээ төслийнхөө мэдээллийг дэлгэрэнгүй болгож, төсөв санхүүгээ тооцоолоод, биднээс яг юу хүсээд байгаагаа тодорхойлоод явуулаарай. Бид судлаад эргэж холбогдох болно” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатарт үйлдвэрлэв” барааны тэмдэг, шошготой бүтээгдэхүүнийг сурталчилна

“Улаанбаатарт үйлдвэрлэв”, “Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл” дэд хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг Туушин зочид буудлын хурлын танхимд боллоо.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа жижиг, дунд үйлдвэр, хоршооны салбарт хөрөнгө оруулалт болон зах зээлийн уян хатан бодлогыг хэрэгжүүлж, үйлдвэрлэл эрхлэгчдийг кластераар хөгжүүлэн үйлдвэрлэлийг дэмжиж, “Улаанбаатарт үйлдвэрлэв” тэмдэг бүхий барааны тэмдэг, шошготой бүтээгдэхүүнийг сурталчлан, борлуулалтыг нэмэгдүүлэх замаар ажлын байрыг бий болгон үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний өрсөлдөх чадварыг хөгжүүлэхэд уг хөтөлбөрийн зорилго оршиж байгаа аж.

Тус хэлэлцүүлгийг нээж нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр “Улаанбаатар хотын үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл болон хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын урт хугацааны бодлогод улсын тогтвортой хөгжих нэг зорилт нь бүтээмжтэй, зохистой ажлын байр бий болгох, аж ахуй эрхлэх, бүтээлч байдлыг хөхүүлэн дэмжиж, бичил, жижиг, дунд бизнесийг дэмжих асуудлыг тодорхой үе шаттай хэрэгжүүлэхээр тусгасан байдаг. Нийслэл Улаанбаатар хотын хувьд баримтлах бодлого ч мөн адил хотын иргэн бүр ажилтай, орлоготой байж өрх гэрийн болоод хот, улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулах нэн тэргүүний зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Бид хүн амын хөдөлмөр эрхлэлтийн түвшинг 60 хувьд хүргэн, айл өрх бүр ажилтай, тогтмол орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэх “Нэг өрх-нэг ажлын байр” хөтөлбөрийг НИТХ-ын Тэргүүлэгчдээр батлуулан хэрэгжүүлж эхэлсэн. Мөн үндэсний үйлдвэр эрхлэгчдээ дэмжсэн “Улаанбаатарт үйлдвэрлэв”, бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулах асуудлыг дэмжсэн “Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл” хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 2016-2020 онд Засгийн газраас хэрэгжүүлэх бодлогод “Үндэсний үйлдвэрлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэн импортыг орлох экспортын чиглэлийн тэргүүлэх болон жижиг, дунд үйлдвэрлэл, хоршоо, худалдаа, үйлчилгээний салбарын татвар, эрх зүй, бизнесийн таатай орчинг бүрдүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэнийг бид нийслэлд ажил хэрэг болгож, эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үйлдвэрлэл эрхлэгчид, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын оролцоог ханган түншилж ажиллах учиртай. Нийслэлийн зүгээс хамгийн түрүүнд хотын оршин суугчдын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэх, орчин үеийн мэдлэг мэдээлэл, дэвшилтэт технологийг ашиглах, аз жаргалтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх нь чухал бөгөөд хотын удирдлагуудын гаргасан болон цаашид гаргах шийдвэрүүд, хийж буй болон хийх ажлууд ч энэ зүгт чиглэгдэнэ.

Бид хотоо хөгжүүлэхэд шинжлэх ухаан, технологийн ололт амжилтыг дэмжих, нутагшуулж нэвтрүүлэх, инноваци шингэсэн бүтээгдэхүүний борлуулалтаар эдийн засгаа өсгөж үндэсний үйлдвэрлэлийг бодитоор хөгжүүлэх асуудлыг ажил хэрэг болгох цаг нь болсон. Өнөөдрийн хэлэлцүүлгийн үр дүнд Улаанбаатар хотын хөгжилд төдийгүй Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах бүтээлч санал, санаачлагууд хөтөлбөрт тусгалаа олж ажил хэрэг болно гэдэгт найдаж байна” хэмээлээ.

Улсын хэмжээнд бизнес регистрийн санд бүртгэлтэй 72182 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас нийслэлд 2017 оны байдлаар 64 хувь буюу 46153 аж ахуйн нэгж, байгууллага ажиллагаа явуулж байна. Үүнээс зөвхөн үйлдвэрлэлийн салбарт 8219 аж ахуйн нэгж, байгууллага буюу 17.8 хувь хамаарагдаж байна.

Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор жижиг, дунд үйлдвэрийн зориулалт бүхий импортын тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлүүлснээр 2009-2016 оны хооронд давхардсан тоогоор 20 гаруй мянган иргэн, хуулийн этгээд нийт 37.5 тэрбум төгрөгийн гаалийн, 78.8 тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртөгийн албан татварын хөнгөлөлт эдэлжээ.

Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2014, 2015 онуудад 5.6 тэрбум төгрөгийг жилийн 5 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатайгаар олгосон. Тус зээлийн санхүүжилтийг жижиг, дунд үйлдвэрлэлийн 34, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 14, гахай, шувуу, загасны аж ахуйн чиглэлийн 7 зэрэг нийт 55 төсөлд олгосон байна. Үүний үр дүнд 331 ажлын байр хадгалагдаж, сүүний гарц жилд нэг сая литрээр нэмэгдэж, жижиг, дунд үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний тоо 44 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарчээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

НҮБ-ын суурин зохицуулагч баяр хүргэлээ

Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр НҮБ-ын суурин зохицуулагч хатагтай Беате Транкманыг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд хатагтай Беате Транкман, Мексикийн Нэгдсэн Улсын Канкун хотноо болсон Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн V дугаар чуулганы үеэр Шадар сайд У.Хүрэлсүхийг Гамшгийн эрсдэлийг бууруулах НҮБ-ын “Манлайлагч төрийн түшээ”-гээр өргөмжлөгдсөн явдалд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа НҮБ-уудын зүгээс баяр хүргэж байгаагаа илэрхийлсэн юм.

НҮБ-ын суурин зохицуулагч хатагтай Беате Транкман “Монгол Улсын хувьд энэхүү хүндэт өргөмжлөлийг анх удаагаа хүртэж байна. Энэхүү хүндтэй шагналыг Шадар сайд У.Хүрэлсүх та хүртсэнээр Бүгд Найрамдах Индонез Улсын Ерөнхийлөгч асан Др.Сусило Бамбанг Юдоёоно зэрэг олон улсын тавцанд нэр хүнд бүхий хүмүүстэй мөр зэрэгцэн ажиллах хүндтэй үүргийг хүлээж байна. Энэ нь таны, Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулахын төлөөх үйл ажиллагаанд ямагт тэргүүн эгнээнд байж, Онцгой байдлын албыг бэхжүүлэхэд онцгой хувь нэмрээ оруулан, тууштай тэмцэгч, үлгэр жишээч байсны үнэлгээ юм” хэмээв.

Уулзалтын үеэр Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын суурин зохицуулагч хатагтай Беате Транкманыг баяр хүргэж буй явдалд талархал илэрхийлээд, “Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг НҮБ-ын зүгээс цаашид ч дэмжин хамтран ажиллана гэдэгт итгэл төгс байна” хэмээн онцоллоо.

Гамшгийн эрсдэлийг бууруулах НҮБ-ын “Манлайлагч төрийн түшээ” хэмээх эрхэм хүндэтгэлийг өмнө нь Дэлхийн тавцанд нэр хүнд бүхий 9 эрхэм хүртэж байжээ. Тодруулбал Индонезийн ерөнхийлөгч асан Сусило Бамбан Юудоёоно, БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Кирен Рижижу, Дэлхийн Банкны гүйцэтгэх захирал асан Кристалина Георгиева, Олон улсын парламентын холбооны Ерөнхийлөгч Сабер Чаудхури, Итали Улсын Ром хотын Иргэний хамгааллын газрын дарга Франко Габриелли, Зүүн Африкийн Парламентын дарга асант Абдирахин Хайтар Хажи Абди нар хүртэж байсан бол 10 дах нь Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх болж байна гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.