Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-ын бүртгэлийн хуудсаа баталгаажуулахыг анхааруулав

Зураг2017 оноос өмнөх онд ЕБС төгссөн шалгуулагчид энэ сарын 10-ны дотор Боловсролын Үнэлгээний төв болон шалгалт өгөх аймгийн ЭЕШ хариуцсан мэргэжилтнээр бүртгэлийн хуудсаа баталгаажуулахыг анхаарууллаа.

Мөн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч, хувийн мэдээлэл гэсэн хэсгээс суудлын хуваариа хэвлэж авах боломжтой.

Шалгалтад орохдоо шалгуулагчид бүртгэлийн хуудас /баталгаажуулсан байх/, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг, иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг зэргийг бүрдүүлсэн байх шаардлагатай гэж Бүртгэлийн үнэлгээний төвөөс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр тээврийн хэрэгслийн татвараа торгуульгүй төлөөрэй

Сангийн яамны нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр болон маргааш Сүхбаатарын талбайд болно.

Тус өдөрлөгийн үеэр тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг харьяалал харгалзахгүй торгуульгүй төлөх боломжтой юм.

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөх хуулийн хугацаа 2017 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болсон. Тиймээс тээврийн хэрэгслийнхээ албан татварыг хугацаандаа төлөөгүй жолооч нар өнөөдөр, маргааш төв талбайд болох өдөрлөгийн үеэр төлбөрөө ямар нэгэн торгуульгүйгээр төлөх бүрэн боломжтой тул жолооч нар Сүхбаатарын талбайд ирж тээврийн хэрэгслийн татвараа төлүүлээрэй.

Categories
мэдээ нийгэм

Гаалийн байцаагч нарт 1-6 жилийн ял оноолоо

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон гаалийн байцаагч нарт 1-6 жилийн ял оноожээ.

Гааль татварын ерөнхий газрын Замын Үүд суман дахь Гаалийн байцаагч нарт холбогдох авлига, хээл хахуулийн гэмт хэрэгт холбогдсон 36 хүнд холбогдох шүүх хуралдаан өнгөрсөн сарын 31-ний өдөр эхэлж энэ сарын 2, 5, 6-ны өдрүүдэд хуралдаж эцэслэн шийдвэрлэсэн юм. Хэргийг сануулахад, АТГ-ын албан хаагчид 2016 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Гааль, татварын ерөнхий газрын нэр бүхий гаалийн улсын болон ахлах байцаагч нарыг албан үүрэг гүйцэтгэх явцдаа бусдаас хээл хахууль авч байхад нь баривчлан саатуулсан юм.

Тэднийг гаалийн бүрдүүлэлт хийсэн автомашинуудад хяналт шалгалтыг зохих ёсоор хийлгүй хурдан хугацаанд саадгүй гаргах, мөн татварын хувь хэмжээг бууруулахаар амлан БНХАУ-аас Замын-Үүд дэх гаалийн газрын хяналтын талбайд орж ирсэн автомашинуудад ачигдсан бараанд төлөгдвөл зохих татварын мөнгийг бүрэн төлүүлэлгүйгээр гаргаж, бусдаас удаа дараа хээл хахууль авсан хэргээр шүүсэн юм.

Хэрэгт холбогдсон 36 хүний найм нь гаалийн байцаагч бөгөөд шүүхээс тэдэнд 1-6 жилийн хорих ял оноожээ.

Categories
мэдээ спорт

Өсвөрийн сумочид шилдгүүдээ тодруулна

“Wanpaku Sumo-2017” тэмцээнийг Кёкүшюзан Д.Батбаярын нэрэмжит болгон зургадугаар сарын 10-ны өдөр зохион байгуулна.

Японд 33 дахь жилдээ, Монголд дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй “Wanpaku sumo” Өсвөрийн хүүхдийн сумо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг JCI Централ салбар байгууллага, Монголын сүмо бөхийн холбоотой хамтран Япон Улсын Элчин сайдын яамны дэмжлэгтэй явуулдаг уламжлалтай.

Энэ жил Жэй Си Ай 2017 АСПАК буюу Ази Номхон далайн чуулган болон Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд зохиож байгаа гэдгээрээ онцлогтой. Энэхүү тэмцээн нь хүүхэд залуучуудыг спортод дур сонирхолтой болгох, тэсвэр хатуужил, хүмүүжлийн зөв нөлөө үзүүлж, зорилгодоо хүрэхэд бяр чадал бүхнийг шийдэхгүй гэдгийг ойлгуулах, бие биенээ хүндлэн хайрлах зан чанарыг эзэмшүүлэхад зорилготой юм.

Тэмцээн 7-8 нас, 9-10 , 10-11 нас, 11-12 нас гэсэн дөрвөн насны ангиллаар шилдгүүдээ тодруулна. Гурван насны ангиллын ялагч хүүхдүүд /7-8 нас хамаарахгүй/ Япон Улсад зохион байгуулах сүүлчийн шатны тэмцээнд оролцох эрхтэй болж, зардлыг JCI Централ байгууллагаас 100 хувь даах юм.

JCI Централ байгууллагаас 2014 оны тавдугаар сарын 23-24-нд нь JCI Токио, Монголын сүмо бөхийн холбоо, Зориг сантай хамтран Улаанбаатар хотод 198 хүүхэд, багачуудын дунд анхны тэмцээнээ амжилттай зохион байгуулсан.
Улмаар 2014 оны наймдугаар сарын 03-нд Токио хотод зохион байгуулсан “Wanpaku Sumo” Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах 30 дахь удаагийн тэмцээнд анх удаа монгол хүүхдүүд оролцсон. Япон улсын 40 мянга гаруй хүүхдээс шалгарч, Токио хотноо болсон эцсийн шатны тэмцээнд 396 хүүхэдтэй эр зориг, ур чадвараа дайчлан барилдаж Б.Баярболд гуравдугаар байр эзэлж “Сэкивакэ” цолоор шагнуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Армийн Зүүн хойд Азийн жүдо бөхийн АШТ Улаанбаатарт болно

Армийн зүүн хойд азийн жүдо бөхийн ашт улаанбаатарт болно

Монголын жүдо бөхийн холбоо, Батлан хамгаалах яамтай хамтран эх орондоо олон улсын зэрэглэл өндөр Армийн Зүүн хойд Азийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Ирэх есдүгээр сарын 9-10-нд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа спорт цогцолборт Дэлхийн цэргийн спортын холбооны календарьчлагдсан төлөвлөгөөний дагуу Зүүн хойд Азийн АШТ-ийг зохион байгуулахаар болжээ.

Энэ тэмцээнийг эх орондоо зохион байгуулах болсноор Монголд жүдо бөхийг хөгжүүлэх жүдо бөхийн спортоор дамжуулан хүүхэд залуучуудад ёс зүйн төлөвшил, бие бялдарын өв тэгш байдал болон армийн залуу халааг бэлтгэх, эх оронч хүмүүжил олгох зорилготой юм.

Categories
мэдээ нийгэм

Монгол эрдэмтдийн гаргасан хүний биед ашиг тустай бэлдмэлүүдийг улсын нөөцөд авна

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/63 тушаалаар “Улсын нөөцийн бараа, материалын нэр төрлийг шинэчлэн тогтоох” ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг өнөөдөр ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнд хуралдлаа.

Уг хуралд ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газар, Гамшиг судлалын хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал хамгаалал, Мал, аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, Шинжлэх ухаан, технологийн сан болон ХСИС-ийн эрдэмтэд оролцов.

Хурлаар улсын нөөцөд авах бараа, материалын жагсаалтад монгол эрдэмтдийн гаргасан эм био бэлдмэл, эрдэс, тэжээлийн нэр, төрлийг оруулах талаар хэлэлцэж, уг бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх талаар санал солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сонгуульд оролцохоос татгалзах уриалга, сурталчилгаа явуулахыг хориглоно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр эхэллээ. 18 хоног үргэлжлэх сурталчилгааны өдрүүдэд ямар үйлдлийг хуулиар зөвшөөрч, хориглосоныг танилцуулж байна.

Сонгуулийн тухай хуульд сурталчилгааны дараах арга хэлбэрийг зөвшөөрсөн байдаг.

  • сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах,
  • сурталчилгааны зурагт самбар байрлуулах,
  • сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх,
  • ухуулах байр ажиллуулах,
  • радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах,
  • цахим хуудас ашиглах.

Сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны явцад хориглох үйлдэл, үйл ажиллагаа

  • энэ хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх,
  • зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийх,
  • сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах,
  • төрийн болон бусад өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын чанартай ажил, үйлчилгээ явуулах,
  • сонгуульд оролцохоос татгалзах, сонгуулийн болон бусад хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах,
  • сонгуулийн сурталчилгаанд улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч аливаа хэлбэрээр оролцох,
  • эх сурвалжийг дурдаагүй сонгуулийн сурталчилгааны материалыг хэвлүүлэх, тараах, нийтлэх, нэвтрүүлэх,
  • сонгуулийн сурталчилгааны зурагт самбар, зурагт хуудас болон бусад сурталчилгааны материалыг санаатайгаар устгах, бохирдуулах зэрэг үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг ХОРИГЛОСОН.

Сонгуулийн жил эхэлснээс хойш хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа

  • мөнгө, эд зүйл тараах,
  • аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх,
  • хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах,
  • ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх зэрэг үйлдэл, үйл ажиллагааг явуулахыг хориглоно.

Сонгуулийн тухай хууль зөрчсөн тохиолдолд:

  • Сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно,
  • Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан этгээд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээсэн бол тухайн зөрчлийг мэдээлсэн иргэнд сонгуулийн төв байгууллага тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр заажээ.
Categories
мэдээ нийгэм

Авлига авсан гэх мэдээлэл дийлэнх хувийг эзэлж байна

Авлигатай тэмцэх газрын 18001969 тусгай дугаарт утсаар 2017 оны 5 дугаар сарын 29-с 06 -р сарын 2-ны өдрүүдэд 13 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсан байна.

Гомдол, мэдээлэл нь агуулгын хувьд төрийн байгууллагын ёс зүй, хүнд суртал, удирдах ажилтны гаргасан шийдвэртэй холбоотой 5, ашиг сонирхлын зөрчилтэй гэх 5 гомдол, мэдээлэл байсан бол гэмт хэргийн шинжтэй 3 гомдол, мэдээлэл шалгуулахаар ирүүлсэн байна. Гомдол мэдээллийг салбар, байгууллагаар нь авч үзвэл боловсрол, гааль, газрын харилцаа, кадастартай холбоотой гомдол, мэдээлэл харьцангуй олон иржээ.

Тухайлбал Нийслэлийн 89-р цэцэрлэг, 154-р цэцэрлэг, 197-р цэцэрлэг зэрэг боловсролын байгууллагатай холбоотой, Өмнөговь аймгийн Гашуунсухайт дахь гаалийн цагдаагийн албан хаагч, Баянгол, Багахангай дүүргийн газрын албаны албан тушаалтан болон Төв аймгийн Аргалант сум, Хөвсгөл аймгийн Улаан-уул, Говь-Алтай аймгийн Хөх морь, Тонхил сум, Өмнөговь аймгийн Баяндалай, Цогтцэций сумдын төрийн албан хаагчидтай холбоотой гэх гомдол мэдээлэл ирүүлсэнийг хүлээн авч, хянан шалгаж байна.

Иргэд, олон нийт авлига, ашиг сонирхлын зөрчил, албан тушаалын гэмт хэрэг, төрийн байгууллагын хүнд сурталын талаар санал гомдол, мэдээллийг АТГ-ын 1800-1969 дугаарын утсанд өгч, цаашид энэ төрлийн хууль бус үйлдэл дахин гаргахаас сэрэмжлэхийг хүсч байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Фэн Шүй

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

Фэн гэж “салхи”, шүй гэж “ус” гэсэн Хятад үг. Фэншүй бол өөрөө хятадын маш эртний шашин шүтлэг ажгуу. Фэншүй шашин нь Хятадын үндсэн философи, шүтлэг болох Күнзийн болон даогийн (бумба) шашин үүсэхэд томоохон хувь нэмрээ өгчээ. Христийн (загалмайн) болон мусульманы (лал) шашин үүсэхдээ гол нь жүүд нарын иүдэйн шашин дээр тулгуурласан. Хиндуизм болон буддын шашин буй болохдоо эртний Энэтхэгийн брахманы (бярман) сүсэг дээр үндэслэсэн. Харин Күнз, даогийн цэвэр хятад шашныг фэншүй дээр суурилан буй болсон гэж үздэг. Лалын болон Христийн шашин нь иүдэйн ганц бурхны буюу монотэйзм философийг авч цааш хөгжүүлжээ. Буддын болон хинди шашин нь брахманы нүгэл хилэнц үл үйлдэн нирваан болох сургаалыг улам боловсронгуй болгон цогцлуулсан. Тэгвэл Күнзийн болон даогийн шашин нь хүний байгаль болон нийгэмтэй хамтран зохицох зохицлын үзэл санааг дэлгэрүүлсэн юм.

Хүмүүсийг нийгмийн бүрдүүлэгч эд эс гэж үздэг Күнзийн сургаал, бие хүн өөрөө цогцлон төлөвших индвидуалист даогиин сургаал хоёр яг эсрэг тэсрэг үзэл боловч аль аль нь зохицлын тухай сургаал учраас нэг юмыг хоёр талаас нь тайлбарлаж буй хэрэг юм. Чухам энэ нь хятадуудын өнө эртнээс мэддэг байсан инь, янь буюу арга, билгийн хослол билээ.

Эртний хятадууд байгаль орчинтойгоо зөв зохицвол эрүүл саруул байж урт насална гэж үздэг байжээ. Фэншүй гэдэг нь араасаа салхи хаасан уултай, өврөөрөө тунгалаг устай газар амьдрах нь ээлтэй гэсэн ойлголтоос үүссэн бололтой. Ерөнхийдөө л ээвэр газар ба фэншүйг ч ээвэр гэж орчуулж ойлгож болмоор. Байгальтайгаа зохицох энэ ойлголтыг фүшэ гэж нэрлэж байсан ба энэ тухай Ба гуа хэмээх анхны ном – бүтээл гарчээ. Хятадын түүхэнд гарсан хамгийн сонгодог бүтээлийн нэг аж. Хятадын соёлын хамгийн сонгодог бүтээл И чэн чухам Ба гау дээр тулгуурласан юм. Монголоор үүнийг Зурхайт ном гэдэг, эндээс таван ухаан гэсэн цогцолбор ойлголт буй болжээ.

Шань династийн үед бичигдсэн И чэн нь хожмын Жоу династийн үед хамгийн алдартай бүтээл байсан. Эндээс Күнз, Лао цы нар өөрийн тус тусын зохицлын номлолоо тунхагласан байна. Харин он удаан жилд фэншүй нь зөвхөн мухар сүсэг, эртний ардын ухаан болон хоцрогдсон аж. Учир нь эндээс үүссэн дао болон Күнзийн сургааль нь зүйл бүрээр салбарлан хөгжиж, үе үеийн ухаант эрдэмтэд улам баяжуулж байсан бол фэншүй нь боловсрол нимгэн тариачдын дунд мухар сүсгийн хэлбэрээр өөрийн өвөрмөц баяжил, шинэ шинэ тахилга, сүжгийг олж явжээ.

Инь, ян буюу арга, билгийн зохицлыг Лоа цы, Күнз нар өөр өөрийнхөөрөө тайлбарласан ба хожим Хань династийн үед дао шүтэгчид араараа модот уултай, өврөөрөө тунгалаг голтой газар амьдарч инь, янын жинхэнэ зохицлоор амьдрах гэж олноороо эзгүй ууланд очиж суурьшиж байв. Иймээс фэншүй нь даогийн шашинд илүү хамааралтай гэсэн ойлголт нэлээд түгээмэл байдаг.

Ардын гэж нэрлэгдэж байсан фэншүй алс Америкт нэг удаа амжилт олжээ. XIX зууны дундуур Калифорнид алтны халуурал болж, газар газрын ядуу “нинжа” нар азаа үзэхээр цөлд цугларсан байна. Боолчлолыг устгаж байсан тэр үед Америкийн хойд мужуудад боолчлолыг хуулиар хориглосон байлаа. Иймээс хямд ажиллах хүч болгон Хятадаас хэдэн арван мянган ядуу хужааг Калифорни руу зөөсөн байна. Харин үгүйрсэн тариачин болох тэдгээр ардууд өөрсдийн “ардын” ухаанаа тээж очлоо. Алт хайж байгаа хүмүүст тэд фэншүй хэмээх бүдүүлэг онолоо нэмж хачирлан мухар сүсгийн хэлбэрээр тайлбарлаж өгсөн байна. Ийм юм гэртээ байрлуулбал, тийш харж унтвал олз олно, алттай газар нээгдэнэ гэх мэтийн мэргэ төлөг шиг юм нь мөн л боловсрол соёл нимгэн, азаа үзэж яваа цагаан арьст цагаачдад их өндөр сэтгэгдэл төрүүлжээ. Нэг хэсэг бүр Америк фэншүй гэж хүртэл ярих болсон ба энэ нь таарсан таар шуудай болох өрнө, дорнын азаа үзэгсдийн дундаас төрсөн мэргэ төлөг мухар сүсгийн хольц, шинэ хэлбэр, баяжмал төрх нь байв. Нийгэм хямарсан, ядуурал газар авсан газарт фэншүй нь харь гаригийнхан, үзмэрч, астрологи, зурхай, мэргэ төлгийн нэгэн адил ихэд нэвтрэмтхий байдаг.

1949 онд коммунистууд Хятад орныг захирч эхлүүтээ фэншүйг фөодалын ёс хэмээн хориглож байв. Хамтралжуулах их хөдөлгөөнд нэрвэгдэн гуйланчлалд орсон хятад тариачид харин улам ихээр фэншүйг шүтэх болжээ. Ер нь маоистууд Соёлын хувьсгалын үеэр Күнзийн болон даогийн шашныг ч хортой суртаал хэмээн хориглож байсан. Харин өнөөгийн хятадуудад фэншүйгээс эхлээд бүх шашин чөлөөтэй боловч “Орны байрлалаа өөрчилж биш орноосоо босож хөдөлмөрлөж байж баялаг олно” гэсэн ойлголт илүү нэвтэрчээ. Өнөөдөр фэншүйгийн хамгийн цэцэглэж байгаа газар нь хуучин ЗХУ-ын суурин дээр буй болсон олон орны олон сая “ардууд” болсон байна. Фэншүй нь өөртөө шинжлэх ухааны халхавч нөмөрч чаддагаас гадна Дорнын ухаан, эртний ухаан гэсэн чимгээр “ухаанаа” гоёж фэншүй гэсэн луйвар маягийн “бизнес” ч ихэд дэлгэрч байна.

Үнэндээ ийм төрлийн цоо шинэ ухаан ч байхгүй, тэр дундаа бизнесийн салбар огтоос үгүй. Өрнө ч гэсэн өөрийн луйварчидтай байдаг учир гар утас ганган лимүзэнгээр гоёсон өндөр хамартай, ногоон нүдтэй нөхдүүд хялбар олз олохоор элдэв шинжлэх ухааны цол хэргэм, гуншин дуудуулан мөн л хөдөлмөрлөлгүйгээр хялбар олз олох эцсийн зорилго бүхий гэнэн тэнэг “ардууд”-ын толгойг эргүүлж ядуу дорой газар хайн шиншилж явна. Өнөөгийн жинхэнэ Дорнын ард түмэн фэншүйд төдийлөн ач холбогдол өгдөггүй. Тухайлбал, солонгосоор үүнийг пүнсү жири гэдэг ба энэ нь “амьдрахад таатай ээвэр газар байна”, “хүн нутаглуулахад аятай газар байна” гэсэн зан заншлын шинжтэй ярианд хэрэглэгдэх төдий хэлц юм. Харин ядуу дорой хойд солонгосчууд пүнсү жирид илүүтэй ач холбогдол өгөх нь мэдээж. Бодит боломж багасахын хэрээр хий горьдлого улам өсдөг, энэ бол фэншүйгийн жинхэнэ тайлбар болов уу.

2011.11.6

Categories
мэдээ цаг-үе

Д.Эрдэнэбат: Монголбанкны шалгалт улстөржсөн хардалт байсан

“Өдрийн сонин”-й 2017.05.31-ний Лхагва гаригийн №122(5689) дугаараас авч нийтлэв.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.


-Сүүлийн үед Монголбанкийг тойрсон асуудал анхаарлын төвд байна. уиХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гарч Төв банкны 2012-2016 оны үйл ажиллагаанд шалгалт явуулахад 14 их наядын алдагдалтай ажилласан нь ил болсон гээд байна л даа. Өнгөрсөн дөрвөн жил засагласан Ан-ынхны л буруу гээд байгаа юм билээ. Үүнтэй санал нэгдэхгүй байгаа гэдгээ та бүлгийн мэдээллээрээ хэлж байсан л даа?

-Төв банк бол хуулиар олгогдсон тусгай статустай, хараат бус, Монгол Улсын мөнгөний бодлогыг барьдаг байгууллага. Үндэстэн ямар үед тусгаар оршдог вэ гэвэл өөрийн газар нутагтай, өөрийн ард түмэнтэй, өөрийн мөнгөн тэмдэгттэй үед. Харамсалтай нь өнөөдөр төгрөгийн бодлого валютын хараат болчихоод байгаа нь асуудлын гол юм. Нэг үгээр хэлбэл гадаадын мөнгөн тэмдэгтийн хараат шахуу болчихсон. 2012 онд Голланд өвчний эхний шинж тэмдэг илэрч байхад АН засгийн эрх барьсан. Энэ нь ганц тулгууртай байсан эдийн засаг 2008-2012 оны үед Оюу толгойн хөрөнгө оруулалтаар огцом тэлэлтийг бий болгосон. Оюу толгойн хөрөнгө оруулалт орж ирснээр манай орны жижиг эдийн засагт тэлэлт үүсгэж, үүнийг дагасан валютын урсгал нэмэгдсэн. Үүний дүнд дагалдах үйлдвэрлэл, үйлчилгээ, хөрөнгө мөнгө нэмэгдсэн юм. 2008-2012 оны хооронд бид ямар нөхцөлд амьдарч байсан бэ гэдгийг хүн бүр мэднэ. 2008 оны сонгуульд МАН-ынхан иргэн бүрт 1.5 сая төгрөг өгнө гэж амласан. Энэ популист амлалтаа хэрэгжүүлэхийн тулд эдийн засгийн өсөлтөөс бий болсон бэлэн мөнгийг ямар ч хуримтлал үүсгэлгүй иргэн бүрт 20 мянган төгрөг болгон тараасан. Тэд мөнхийн мөнгөтэй байх юм шиг аашилсан. Үүнийг л би Голланд өвчний шинж гээд байгаа юм.

2012 онд АН засаг авсны дараа уул уурхайн бүтээгдэхүүний үнэ огцом унасан. Үүнээс шалтгаалсан үр дагавар нь валютын урсгал огцом багасахад нөлөөлсөн юм. Гадаад худалдааны төлбөрийн тэнцэл сөрөг болж, хямралын шинжтэй болж эхэлсэнээр манай оронд валют дутагдаж эхэлсэн. Уул уурхайн уналтын мөчлөгийг сөрсөн энэ хүндрэл бий болсон. Тиймээс мөнгөний бодлогоороо зохицуулахаас өөр аргагүй болсон нь үнэн. 2008-2012 онд 4.5 тэрбум ам.доллар валютын урсгал болж орж ирэхэд баярласан ч, тэр урсгал тасрахаар эдийн засгийн огцом агшилт дагуулсан. Үүнээс гарах арга зам нь ажлын байрыг хадгалах, валютын ханшийн савалгааны эрсдлээс хамгаалах гэх мэтчилэн олон асуудалтай тулгарсан юм. Тэр цаг үед УИХ-аас Засгийн газар, Монголбанктай хамтарч мөнгөний бодлогоо хадгалж үлдэх арга хэмжээ авах шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу Монголбанк, Засгийн газартай хамтарсан санамж бичгийн хүрээнд хэрхэн зөөлөн газардах вэ гэдэг арга хэмжээ авсан.

-Янз бүрийн хөтөлбөрүүд, тэр дундаа “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр ингэж эхэлсэн биз дээ?

-Тэгсэн. “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрөөс гадна ипотек, “Сайн” хөтөлбөрүүд хэрэгжиж, 2016 он хүртэл үргэлжилсэн. Ёроолдоо хүртэл унах магадлалтай байсан эдийн засгийг байж болох тэр түвшинд нь хадгалсан. Үүнээс өөр гарц, арга зам байгаагүй. Засгийн газар УИХ-д таван тэрбум ам.долларын хэрэгцээ байна гээд 2012 онд асуудлаа оруулсан. Учир нь жил бүр 4.5 тэрбум ам.долларын хэрэгцээ эдийн засагт бий болчихсон байсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль өнөөдрийн үүссэн эдийн засгийн эрсдлийн хэмжээг зохицуулахаар заалттай байсан ч харамсалтай нь сөрөг хүчин өнөөдрийн эрх баригчид унагаасан. Засгийн газар эрхийнхээ хүрээнд 1.5 тэрбум ам.долларыг Чингис бондоор босгосон. Чингис бондын хүрээнд Чингис бондын эсрэг төгрөг гаргаж төгрөгөө үнэ тогтворжуулах хөтөлбөр рүү хийсэн. Энэ нь Монгол Улсын мөнгөний бодлогын хүрээнд хийгдсэн ажил байлаа. Тиймээс л 2013-2015 онд эдийн засаг харьцангуй тогтвортой явж ирсэн. Харин 2015 онд хөтөлбөр хэрэгжээд дуусах үед эдийн засгийн бууралт эхэлсэн.

-Өөр боломж байгаагүй юу. Сүүлд нь ингэж баалуулахгүйгээр шийдэх ч гэдэг юм уу. Ер нь бол бодлогын алдаа гээд байгаа л даа?

-Үүнээс өөрөөр шийдэх боломж тухайн үеийн Засгийн газарт байгаагүй. Хэрэв бид энэ эрсдлийг давах бодлогыг хэрэгжүүлээгүй бол өөрөөр үүнийг давах боломж байгаагүй юм шүү. Энэ бодлогыг хэрэгжүүлээгүй бол ам.долларын ханш хэдэн мянгад хүрэх байсныг хэн ч мэдэхгүй. Валютаас хараат болж, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, мянга мянгаар тоологдох ажлын байр байхгүй болох эрсдэл байсан.

-Монголбанкны ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхтэй ч манайд тийм орчин байхгүй байгаа юм биш үү. Сав л хийвэл улс төр орчихоод байх юм?

-Монголбанк гэдэг бол өөрийн эрхзүйн тусгай орчинтой, ерөнхийлөгч нь өөрийн бүрэн эрхтэй, тиймээс үүнд улс төрийн арга замаар хэрхэвч хандаж болохгүй. Яагаад улс төрийн гэж онцлов гэхээр Байнгын хорооны ажлын хэсэгт хэдэн улстөрчийг оруулан зорилтот шалгалт хийсэн. Бүр улс төржсөн хардалтын шалгалт гэж хэлье. Монголбанкин дээр яагаад ийм их төсөл хөтөлбөр хэрэгжчихэв, хэн идээд уучихав, хэнд хариуцлага тооцох вэ, хаашаа мөнгө орж гарсан байна вэ гэдэг ийм л шалгалт хийсэн шүү дээ. Түүнээс яагаад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон юм бэ гэсэн бодлогын шалгалт хийгдээгүй. Шалтгаан нь юу вэ гэдэг дүгнэлт гаргаагүй. Хөтөлбөрүүдийн үр дүнд тэлсэн эдийн засгийн агшилт юунд хүргэх байсан бэ гэдэг дүгнэлт ч алга. Хөтөлбөр хэрэгжсэнээр ямар эерэг үр дүнд хүрсэн бэ гэдгийг тодорхойлохыг хүсээгүй. Тийм болохоор улс төржсөн шалгалт гээд байна л даа.

-АН-ын бүлгийн гишүүдээс ажлын хэсэгт ороод шалгах боломжгүй байсан юм уу?

-Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэгт орох уу гэдэг саналыг хэн ч тавиагүй. Ажлын хэсэгт байгаа бүрэлдэхүүнд ямар хүмүүс орсныг хараарай. Ажлын хэсгийн дүгнэлт нь буруутныг хайсан, нэг үгээр хэлбэл ичсэн хүн, хүн алах гэж байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөрт олон компани хамрагдсан. Хөтөлбөрийн үр дүнд өнгөрсөн дөрвөн жил үнэ хамгийн тогтвортой байсан. Инфляци эсрэгээрээ буурсан. 2008-2012 оныг бид эргээд санах хэрэгтэй. Эдийн засгийн өсөлттэй байсан энэ жилүүдэд инфляци ч хурдтай өссөн. Бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, шатахууны үнэ 200 төгрөгөөр савж байсныг бид мартаж болохгүй. Эдийн засаг өсч байна гэсэн хэрнээ махны нэг кг-ын үнэ нь 12 мянгад хүрч байсан. Гэтэл үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд шатахууны үнэ өнгөрсөн дөрвөн жил хамгийн тогтвортой явж ирсэн.

Валютын ханш 1300-1900 төгрөгт хүрсэн нь үнэн. Эдийн засаг ийм хүнд байсан өнгөрөгч дөрвөн жилд валютын ханшийг 600 төгрөгөөр бид алдсан. Хэрэв бид бодлогын арга хэмжээг аваагүй бол хэд хүрэх байсныг таах аргагүй. Барилгын материалын үнэ, импорт хоёр дахин буурсан. Илүү хэрэглээ багасч, цемент, арматураа бид дотооддоо үйлдвэрлэж үнийг тогтвортой барьж чадсан. Хэрэв бид валютын ханшийг тогтвортой барина гэсэн бол өнөөдрийн эрх баригчид шиг гаднаас зээл авч болох байв. Монгол Улс үргэлж валютын дутагдалд явж ирсэн. Төлбөрийн тэнцэл яагаад хямраад байдаг юм бэ гэхээр бид биет бүтээгдэхүүнээрээ экспортлочихдог. Гаргасан бүтээгдэхүүнээс орж ирж буй мөнгөний хэмжээ зөрүүтэй байдаг. Энэ зөрүү Оюу толгой дээр гарч ирдэг. Оюу толгойгоос жил бүр 1.5 тэрбум ам.долларын борлуулалт хийчихээд байхад борлуулалтын мөнгөний дутагдал нь валютын дутагдал үүсгэж байгаа. Би наад гэрээнийхээ нөхцлийг яриач ээ гэж байнга хэлдэг байсан. Бид мөнхийн валютын дутагдалд орно. Оюу толгойн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдсэн ч тэр мөнгө нь Монголоор орж ирэхгүй бол монгол валютын хомсдолд байсаар байна гэдгийг тооцох хэрэгтэй.

-Уг нь 2017 оны төсвийг тодотгохдоо наад асуудлыг чинь шийдсэн ч УИХ 29 дүгээр тогтоолоо хүчингүй болгочихсон. Валютын хомсдлоос гарах боломж байжээ, уг нь?

-УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр заалтаар гадагшаа гарч буй бүх түүхий эдийн борлуулалтын мөнгийг Монголбанкаараа дамжуулж байя гэдэг заалт хасагдсан. Үүнийг би буруу гэж харж байгаа. Ямар ч сайн Засгийн газрын өмнө тулгардаг толгойны өвчин энэ. Үүнээс бид гарахгүй бол валютын ханшийн тогтвортой байдлыг ярихад хол сонсогдоно. Одоо яах вэ, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдлаа. Энэ гурван жилийн л асуудал. Түүнээс хойш бид яах вэ гэдэг нь бүрхэг хэвээрээ үлдсэн. Тиймээс бид зайлшгүй үүнийг шийдэх ёстой.

-Монголбанкны салхинд хийсгэсэн гээд байгаа 14 их наяд төгрөг яг юу юунаас үүсчихэв. Хүүгийн алдагдал, Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс болсон гэх юм. Өөр тодорхой зүйл бий юу. Энэ хүрээнд тухайн үеийн зарим сайд нарт хариуцлага тооц, зээл авсан нэр бүхий компаниудын зээлийг арилжааны банкны хүүгээр тооцож эргүүлэн төлүүл гээд байна л даа?

-Ажлын хэсгийн гишүүдийн ярьж байгааг сонссон. Нэгдүгээрт, хэтэрхий бага хувийн хүүтэй зээл өгсөн байна гэж шүүмжилж байсан. Хоёрдугаарт, Монголбанк зээл өгөөгүй юм. Арилжааны банкуудаар дамжуулан зээл олгосон. Арилжааны банкууд аливаа компанид зээл өгөхдөө зорилтот зээлийг хөтөлбөрийн хүрээнд олгодог байсан. Ямар ч банк өөрсдийн эрсдлийг тооцоод зээл өгнө биз дээ. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд зээл авсан компаниудын ихэнх нь авсан зээлээ эргүүлэн төлсөн байна. Юугаар хохирчихсон юм. Хүү өөрөө бодит хохирол мөн юм уу. Хүүгийн алдагдлыг бодит хохирол гэж тооцож болох уу. Ялангуяа Төвбанкны мөнгөний бодлогын хүрээнд үүнийг алдагдал гэж тооцож болдог юм уу. Хэрэв тухайн компани гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй, эргэн төлөлтөө хийгээгүй бол үүсэх хариуцлага нь банк, компани хоёрын хоорондын асуудал. Түүнээс биш Төв банкны удирдлагууд нь УИХ, Засгийн газрын шийдвэрээр үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүс.

-Ажлын хэсгийн дүгнэлт дээр хүмүүсийн нэр цохон хариуцлага тооцох талаар дурдсан байна лээ. Сонгуулийн өмнөх шоу ч гэж харах нэгэн байна л даа?

-Н.Золжаргал, мөн гурван сайдын нэр дурдагдсан. Энэ зүгээр л улс төржсөн, нийгэмд сенсаци тарих гэж зориудаар нэр цохон дурдаж байна. Эдгээр хүмүүс ямар буруутай юм. УИХ-ын шийдвэрийг биелүүлснийхээ төлөө буруутах ёстой юм уу. Засгийн газар хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Хэрэв гурван сайд дээд байгууллагын шийдвэргүйгээр дураараа авирласан бол асуудал өөр. Тийм зүйл байхгүй. Хэрэв өмнөх дөрвөн жилд гаргасан Их хурлын шийдвэрийг дараагийн Их хурал нь үгүйсгээд байвал энэ төрд залгамж бодлого үлдэх үү. Тухайн жилүүдэд гишүүн болсон хүмүүс үг хэлж, шийдвэр гаргах нь хэнд хэрэгтэй юм. Одоо тийм хэлбэр рүү хүчтэй орж байна. Өмнөх Засгийн газар, Их хурлын шийдвэрийг бүгд үгүйсгэдэг. Өөрийнх нь сэтгэлд нийцээгүй бол “Та нар буруу юм хийсэн байна” гэдэг. Тухайн үедээ Монголбанкны авч хэрэгжүүлсэн бодлого зөв байсан. Тэр үеийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал өнөөдрийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хоёр өдөр, шөнө шиг зөрүүтэй. Өнөөдрийн хэмжүүрийг өчигдрийн хүнд нөхцлийн хэмжүүртэй дүйцүүлж, буруутгаж болохгүй. Үүнийг алдаатай бодлого гээд зарлаад байх юм. Юун дээр нь алдаа байсан юм. Тэр нөхцөлд бид биш тэд байсан бол юу хийх байсан юм бэ. Ялгаагүй л валютын дарамтаас гарахын тулд өр тавих л байсан. Өөр яах байсан юм. Тиймээс асуудалд бодитой хандах ёстой. Тэгэхгүйгээр хэн нэгэнд хариуцлага тооцох гэж, эдийн засгийн хүндрэлээр гарч буй бодлогыг яллах гэж, бодлогын шийдвэр гаргасан хүмүүст ял тохоох гэж байгаа юм бол бид ямар нийгэм рүү алхаад байгаа юм бэ. 2008-2012 оны Засгийн газар Голланд өвчний суурийг тавьсан юм байна, хүн бүрт 1.5 сая төгрөгийг амлаж, 20 мянган төгрөгийг бэлнээр тараасан бодлого нь буруу байсан гээд бид явж болох байсан. Гэхдээ бид тухайн үеийн Засгийн газар, Их хурлын шийдвэрийг хүндэтгээд явсан. Хэн нэгнийг яллах гээд байгаагаараа улс төржөөд байна гээд байгаа юм, би. Ийм явдал сонгууль бүрийн өмнө болдог. Ингэж сөхөж гаргах ирэхдээ хэн нэгний нэртэй заавал наадаг. Үүний дүнд Монгол Улс, иргэд эдийн засгаараа юу хожив. Хожил байхгүй.

-Эрх баригчдын ярьж байгааг сонсоход танай намынхан л улс орныг бүр самраад хаячихжээ. Хөгжлийн банк, Эрдэнэт үйлдвэр, Монголбанк гээд л сонсоход л хэцүү санагдах юм байна шүү дээ?

-Би нэг л зүйл хэлье. 2012-2016 оны эдийн засгийн амаргүй үед Ардчилсан нам сайн ажилласан. Ардын намтай ч, “Шударга ёс” эвсэлтэй нь ч хамтарсан. Олонх болж чадаагүй олон суудал авсан болохоор бидэнд хүндрэл байсан. Асуудлын шийдэл дээр байнга эсэргүүцэлтэй тулгардаг байлаа. Гэхдээ бид ард нь гарсан. Хэрэв Ардчилсан нам бодлого хэрэгжүүлээгүй бол энэ улс орны хувь заяа 2016 онд үүнээс хүнд болох байсан гэдэгт би итгэл үнэмшилтэй байдаг. Бэлэнчлэх сэтгэлгээ өдөөгдчихсөн, эдийн засаг Оюу толгой гэдэг ганц удаагийн хөрөнгө оруулалтад ханачихсан байв шүү дээ. Оюу толгойн эхний шатны хөрөнгө оруулалт зогсонгуут эдийн засаг буцаад хуучин байрандаа очсон. Бид гадаадын хөрөнгө оруулалтын тухай маш их ярьдаг. Гадаадын хөрөнгө оруулалт манайд ямар сонирхлоор орж ирдэг вэ гэхээр уул уурхай, газрын баялгийн үнэ өссөн үед л орж ирдэг. Өөрөөр манай эдийн засгийг сэргээх гадаадын хөрөнгө оруулалт ганц ч байхгүй. Аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт оруулж буй хөрөнгө оруулалт шалихгүй. Эдийн засагт нөлөөлөх хэмжээнд очиж чадахгүй байхгүй юу. Одоо бид хөрөнгө оруулалт оруулж ирэх юм бол суурь аж үйлдвэрийн хөгжилд түлхэц болох хөрөнгө оруулалт оруулж ир. Хүнд үйлдвэрийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг оруулж ир. Суурь аж үйлдвэрээ дэд бүтэцтэйгээ хамт оруулж ирсний дараа Монгол харин жинхэнэ хөрөнгө оруулалтын талбар болж хувирна.

-Ер нь Төв банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүнд хамгийн түрүүнд хариуцлага тооц гээд байгаа. МАН-ын УИХ-ын гишүүн Б.Жавхлан тухайн үед Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан байх аа?

-Монголбанкны удирдлагуудын гаргаж буй шийдвэр хамтын шийдвэр байдаг. Түүнээс биш түүвэрлэж ялгах асуудал байхгүй. Дахин хэлэхэд Засгийн газрын шийдвэр ч тийм. Хэн нэгнийг татаж аваад яллаад байх асуудал байхгүй. Төрийн бодлого заавал уламжлагдаж байх ёстой. Тухайн дөрвөн жилд төр барьж буй эрх баригчид өөрсдийн шийдвэрийг гаргах бүрэн эрхтэй. Түүгээрээ дөрвөн жилийн дараа хариуцлага хүлээх бүрэн чадвартай байх хэрэгтэй. Түүнээс биш өмнөх дөрвөн жилээ шүүж ялладаг, үүн дээрээ дөрөөлж улс төр хийж өөрсдийн хийж байгаа зүйлээ сайн болгож харагдуулдаг хүмүүс Монголд хүлээгдэж буй улс төр биш. Гурван сая хүнийг талцуулсан, үл ойлголцол руу явуулсан зүйлсийг бид хөхиүлэн дэмжиж болохгүй. Гурван саяулхнаа байж эвтэй сайхан амьдаръя гэж ярьдаг. Эвтэй сайхан амьдаръя гэхээр нэг юм яриад эрх барьж байгаагаа умартан хэн нэгнээс алдаа хайгаад явчихдаг. Ийм алдаа байна гэчихээд өөрсдөө ямар ч ажил хийдэггүй. Хэн нэгэнд хариуцлага тооцуулахаар зүтгэж болно. Гэхдээ өөрсдөө юм хийсэн байх ёстой шүү дээ. Засгийн газар байгуулагдсанаас хойш Монголд юу өөрчлөгдөв. Таны амьдрал сайжирсан уу. Энэ улс оронд ямар зүйлс хийв. Тиймээс хоосон улс төрөөр битгий хоолло гэж байгаа юм. Ажил хийж, үр дүн гаргах хэрэгтэй. Ардчилсан намыг эрх баригчид сөрөг хүчин байхдаа өчнөөн л балбасан. 1.5 тэрбум ам.долларын Чингис бондоор ард түмнийг өртэй болгосон гээд баахан улс төр хийсэн. Гэтэл өнөөдөр ОУВС-д орох нь зөв. Өр тавих нь зөв гээд өмнөх Засгийн газрын буруу бүхэн өнөөдөр зөвдөж эхэлсэн. Энэ чинь өөрөө зөв юм уу. 1.5 тэрбум ам.доллар дээр улс орныг өрөнд бариуллаа гэсэн хүмүүс 5.5 тэрбум ам.долларыг авахаар ярьж байгаа. Өчигдрийн буруу зүйл яахаараа өнөөдөр зөв болдог юм. Өнөөдрийн тэдний зөвтгөөд байгаа зүйл өчигдрийнхөөр яагаад буруутгагддаг юм бэ. Энэ тогтолцоо, улстөржилт нэг л буруу яваад байна. Үүнийг зайлшгүй өөрчлөх ёстой. Үл ойлгогдох байдал руу явж байгаа нь бидэнд ямар ч сайн зүйл авч ирсэнгүй. Нэг сэдэв дээр дөрөөлж гардаг баахан популист улстөрчидтэй болчихсон.

-Гарц нь Үндсэн хуулийн өөрчлөлт байх л даа…

-Гарц нь Үндсэн хуулийн өөрчлөлт гэж таны хэлдэг зөв. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хувь хүнийхээ хувьд дэмжиж байгаа. Олон толгойтой, олон удирдлагатай үл ойлгогдох улс төрийн хүчнүүд талцдаг. Болохгүй байгаа энэ бүхнээ бид нэг удаа цэгцлэх хэрэгтэй. Хөдөө орон нутагт ах дүүсээрээ улс төрждөг. Багийн Засаг дарга тавихаас эхлээд хоорондоо хэрэлддэг. Үүнийг цэгцлэх хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаран батлахгүйгээр улс орон даяар хэлэлцүүлэг зохион байгуулж, эрх баригчид үнэмлэхүй олонх байгаа дээрээ Үндсэн хууль зөв болох ёстой.

-Монголбанкинд улс төр орохгүй байх боломж бий юу. Алдагдлыг эргэн төлүүлнэ гэвэл ипотекийн зээлд хамрагдсан бүх хүн төлөх үү. “Сайн” хөтөлбөрт хамрагдсан бүх хүн мөн төлж таарах уу?

-Монголбанкны дүгнэлтэд бага хүүтэй зээл өгсөн байна, буруу. Бусад нь яагаад өндөр хүүтэй зээл авдаг юм бэ гээд байгаа. Энэ зээлийг ямар хүмүүс авсан юм бэ гэхээр ипотекийн найман хувийн зээл авсан 80 мянган өрхийн асуудал хөндөгдөнө. Найман хувийн зээлийг бага гэж байгаа юм байна. Хэрэв тийм бол үүнийг нэмэх гээд байгаа юм байна. Алдагдлыг гэрээлэгч этгээд төлдөг болохоос хэн нэгэн дарга төлдөггүй. Бид ийм хуультай. “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд 50 мянган малчин зээл авсан. Тэдэнд бага хүүтэй зээл өгсөн гэж байгаа бол тэднээр алдагдлыг буцаан төлүүлнэ гэсэн үг. Шатахууны үнийг нэмэхгүйн тулд төр мөнгөний бодлогоороо эрсдлээ хийгээд явсан. Үүнээс ард түмэн хожсон. Монгол Улсын иргэнээ хамгаалсан мөнгөний бодлогыг өнөөдөр арилжааны банкны тооцоо хийж байгаа юм шиг ингэж хийдэг нь ямар учиртай юм бэ. Хэрэв бензиний үнэ 50 төгрөгөөр нэмэгдсэн бол хичнээн хүн үүнийг төлөх байсан бэ гэдгийг тооцсон юм уу. Малчны зээлийг тэр өндөр хүүтэй өгсөн бол хэдэн малчин хохирох байсан юм. Хэчнээн иргэн ипотекийн зээлээс хохирол амсах байсан юм бэ. Үүнийгээ тооцсон юм уу. Асуудалд ингэж хөнгөн гоомой хандаж болохгүй. Монгол төрийн бодлогод сэтгэлийн хөөрлөөр хандаж болдоггүй юм аа. Энэ монгол төрийн бодлого байсан.

Төрийн шийдвэрийг хэн нэгэн улс төрөөр дамжиж гарч ирчихээд яллаж болдоггүй юм. Үүнийгээ болих хэрэгтэй. 2020 онд өөр улс төрийн хүчин гарч ирээд өмнөх шийдвэрүүд буруу байна гэж алх цохиод бүгдийг нь шоронд хийгээд байх юм бол төр хаана нь орших юм бэ. Хэн ялтан болохын тулд төрийн өмнөөс шийдвэр гаргаж, хэрэгжүүлдэг болох юм бэ. Үүн дээр нь хууль хяналтынхан тоглодог. Улстөрчид нь матдаг. Хэрэв чи төрийн хүн болсон бол төрийн залгамж чанарыг байнга хадгалж явах ёстой. Хардах эрх байж болно. Үндэслэлгүй зүйл дээр улс төрийн аргаар хардаж, улс төрийн аргаар шийтгэл ноогдуулж болохгүй.