Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Ганбаатарын ярилцлага “Өдрийн сонин”-д хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа. Энэ өдрийн дугаарын онцлох нийтлэл, сонирхолтрй ярилцлага, сурвалжлагаас тоймлон хүргэе.

МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Ганбаатар манай “Өдрийн сонин”-д ярилцлага өглөө. Тэрбээр ярилцлагадаа “Юуны өмнө Монголын ард түмэндээ талархаж
байгаа илэрхийлье. Энэ сонгуульд Ганбаатар гэхээсээ илүү шударга үнэний төлөө явсан түмэн олон яллаа. Тэдний 60 тэрбум, 780 сая ам.долларын төмөр зам, хүчний байгууллагуудыг ашиглаж буй энэ явдлуудыг эс тооцвол иргэд маань шударга үнэний төлөө, өөрсдийнхөө ирээдүйн төлөө бат зогсч
чадлаа. Монголын сэтгүүлзүйн
салбарынхан бат зогсч чадлаа. Энэ гайхамшигтай зүйл.” хэмээн хэлсэн байна лээ. Манай сонины нэг, хоёрдугаар нүүрээс уншаарай.

Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын дүнг нэгтгэх үеэр Говь-Алтай аймгийн Цогт сум дахь санал авах хэсгийн шилэн кабелийг санаатайгаар тасалжээ. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл мөн өнөөдрийн дугаарт гарлаа. Цогт сум дахь кабелийн утас тасарсан нь сонгуулийн дүн мэдээг явуулахгүй гэсэн хэн нэгний
хийсэн үйлдэл бололтой. Учир нь хэд хэдэн эх сурвалжийн өгсөн мэдээллээр бол дээрх кабелийн утсыг зориуд сэт цохиж тасалсан байжээ. Нэг, долдугаар нүүрийг сөхөн энэ тухай уншаарай.

Эхнэрээ алгадсан, фэйсбүүк хаяг руу
нь орсон, нууцаар бичлэг хийсэн
шалтгаанаар баривчлах ялаар
шийтгүүлж байгаа аж. Учир нь Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль шинэчлэгдэн батлагдаж, энэ хавраас хэрэгжиж эхэлсэн юм. Манай сурвалжлах хэсэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 441 дүгээр ангид очин энэ хуулиар шийтгүүлсэн иргэдийн талаар сурвалжлага хийлээ.

Мөн өнөөдрийн дугаарын нэгэн сонирхолтой ярилцлага болох “Х.Баасансүрэн: Барууны элитүүд буддын шашин, бясалгалыг судалж, сонирхох болсон” гэх гарчигтай ярилцлага 13 дугаар нүүрт хэвлэгдлээ.

Харин 12 дугаар нүүрт дуучин Ж.Алтанцэцэгтэй хийсэн ярилцлага гарлаа. Тэрээр удахгүй нээлтээ хийх “Чингисийн хүүхдүүд ” киноны продюссерээр ажилласан юм. Уг кино нь АНУ-ын Кино ассоциациас Америкт гаргах лиценз болох G ангилал буюу “Бүх насныхан” ангилалд албан ёсоор багтсан Монголын анхны уран сайхны кино болоод байгаа юм байна.

Эдгээр болон бусад хуваарьт булангууд, цаг үеийн мэдээллүүд энэ өдрийн дугаарт гарлаа. Та бүхэн манай сонинг 99112954, 88111375 дугаарт холбогдон захиалаарай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Суманд өрнөсөн сонгуулийн сурталчилгаа

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй зэрэгцээд сумандаа очлоо. Гурван намын сонгуулийн штаб хоорондоо 200 метр ч хүрэхгүй зайтай байрлаж байна.

Өглөөнөөс орой болтол өсгөгчөөр дуу хангинаад л байх аж. Сурталчилгааны багийнхан хоорондоо мөргөлдөж, осол аваар гаргах нь холгүй л хэдэн тийшээ тоос татуулан давхиад байх. Тэгсэн мөртлөө энд тэнд тааралдахаар мэнд мэдэлцэх нь байтугай машиныхаа цонхоор бие бие рүүгээ муухай харчихаад л давхилдаад байх юм. Сумандаа очсоных багын хэдэн найзтайгаа уулзахаар гар утас руу нь залгав. Сумын сургуулийн багш найз минь МАН-ын штаб дээр байна гэж хэлэхээр нь явж очлоо.Тэгсэн нөгөө найз маань Ардчилсан намын сонгуулийн штаб дээр байгаа сураг гарав. Очоод уулзъя гэтэл МАН-ын гишүүн найз “Тийшээ очиж болохгүй.

Манай намынхан хардаад сүйд болно. Танай найз чамтай уулзчихаад тэр намын тэрэнтэй уулзаж явна гээд сумаар нэг яриа болно. Дараа уулз” гээд хавьтуулсангүй. Ардчилсан намын найзыг дуудтал бас л ирсэнгүй. Тэр хоёр сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш өдрөөр огт уулзаагүй гэнэ. Бүр тааралдахаараа хоорондоо мэнд мэдэлгүй өнгөрдөг байна. Харин харанхуй шөнө таарвал сонин сайхан ярилцаад, инээж хөхрөөд багын найзууд шиг байж байгаад салдаг гэж ярилаа.

Манай суманд Ерөнхийлөгчийн сонгууль иймэрхүү байдалтай өрнөж байв. Наадам болохоор сумынхан минь эвлэрэх байгаа.


Categories
мэдээ нийгэм

“Хичээлийн дараахь хөгжмийн боловсрол” сэдэвт сургалт эхэллээ

БСШУСЯ , Соёл урлагийн газартай хамтран “Хичээлийн дараахь хөгжмийн боловсрол” сэдэвтэй сургалтыг зохион байгуулахаар боллоо. Уг сургалтын нээлт өнөөдөр болж, Хөгжим бүжгийн коллежид хоёр өдрийн турш үргэлжлэхээр болов. Сургалтыг АНУ-ын Хөгжмийн боловсролын мэргэжилтэн, доктор Жон Вайтнер удирдан явуулах юм.

Хүүхэд, өсвөр үеийнхний оюуны хэрэгцээ, хөгжлийг дэмжсэн хөтөлбөр, дугуйлан секц удирдан явуулах багшийг дэмжих, чадавхийг нь нэмэгдүүлэх, хөгжмийн боловсролын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилготой ажээ. Сургалт нь лекц, дадлага ажил, танилцах аялал гэсэн хөтөлбөртэй юм байна. Төв, орон нутгийн ЕБС-ийн дуу хөгжмийн багш, соёлын төвийн дуу, хөгжмийн багш зэрэг 70 хүн хамрагдаж байгаа энэ сургалт үнэ төлбөргүй болж байгаа аж.

Ц.АНАР

Categories
мэдээ соёл-урлаг

Алдарт “Үнсгэлжин” дуурийг Монголд амилуулна

“Үнсгэлжин” буюу Cindrella дуурийг Монголд анх удаа тавих гэж байна. Анх монгол гаралтай дуучин, соёлын менежер С.Аяана энэ санаачилгыг гарган, Итали, Монголын хамтарсан төслийг хоёр жилийн өмнөөс эхлүүлжээ.

Монголыг гадаадад сурталчлах, соёлын салбарт бусад орнуудтай харилцаагаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой уг төсөлд Европын шилдэг агентлагуудад тооцогддог Италийн шилдэг дуучид, удирдаач, Монголын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид, мөн Испани, Оросын уран бүтээлчид нэгдэн оролцох гэж байна.

Дэлхийд алдартай хөгжмийн удирдаач Якобо Сипари Ди Пескассэроли удирдлага дор “Үнсгэлжин” дуурийг долдугаар сарын 2-ны өдөр ганцхан удаа тоглох ажээ.

Нэрт удирдаач Якобо Сипари Пескассэроли тоглолтын талаар хэлэхдээ “Би Монгол Улсад ирсэндээ маш их баяртай байна. Яагаад гэвэл Монгол Улс бол баатруудын эх орон. Монголын уран бүтээлчид үнэхээр чадварлаг хүмүүс байдаг. Миний гол үүрэг бол тоглолт удирдан явуулах. Гэхдээ би цаашид Монголын энэ их өв соёлыг өөрийн эх орондоо сурталчлахад үргэлж анхаарах болно. Цаг давчуу, бэлтгэл маш богино хугацаанд хийгдэж байгаа ч та бүхэндээ чанартай, сайхан тоглолтыг хүргэх болно” гэж ярилаа.

Энэ хүрээнд Итали, Испани, Монгол, ОХУ зэрэг дөрвөн улсын сонгодог урлагийн одод хамтран ажиллаж байна. Уг төслийг санаачлан зохион байгуулагч, C.Аяана, удирдаач Якопо Сипари Ди Пескассероли, гоцлол дуучин Приэто Игнасио болон ГХЯ-ны гадаад сурталчилгааны соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг, Монгол Улсын соёлын элч Ж.Өнөрмаа нар хэвлэлийн хуралд байлцлаа.

Б.Одгэрэл

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зарим аймгийн наадам тэмдэглэх хугацааг өөрчиллөө

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017.06.28-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

ДАХИН САНАЛ ХУРААЛТАД ШААРДАГДАХ 7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЗАСГИЙН ГАЗРААС ГАРГАНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтад шаардагдах 7.2 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад даалгалаа.

ЗАРИМ АЙМГИЙН НААДАМ ТЭМДЭГЛЭХ ХУГАЦААГ ӨӨРЧИЛЛӨӨ

Тухайн аймгийн Засаг дарга нараас ирүүлсэн хүсэлтийг харгалзан нэр бүхий аймгуудын баяр наадмын товыг өөрчиллөө. Тухайлбал :

– Баянхонгор сум байгуулагдсаны 60 жилийн ойг Улсын баяр наадамтай хамтатган долоодугаар сарын 21-22-нд,

– Зарим суманд шүлхий өвчин гарсан, нийт нутгаар нь гантай байгааг харгалзан Дорноговь аймгийн наадмыг долоодугаар сарын 28-9-нд,

– Зүүн бүсийн хурдан морины уралдаантай хамтатган Сүхбаатар аймгийн наадмыг долоодугаар сарын 28-29-нд зохион байгуулахаар боллоо.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалт болох 2017 оны долоодугаар сарын 7-ны өдөр орон нутагтаа аймаг, сумын наадам хийхгүй байхыг аймгуудын Засаг дарга нарт үүрэг болголоо.

“САНХҮҮЖИЛТИЙН ЕРӨНХИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙГ УИХ-ТАЙ ЗӨВШИЛЦӨНӨ

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.

Талууд 2017-2020 онд хамтран ажиллах стратегиа хэлэлцэн, санхүү, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал, нийгмийн салбарт хамтран ажиллахаар тохирчээ. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 2017-2018 онд манай улсад 468 сая ам.долларын санхүүжилт хуваарилсан бөгөөд Энгийн эх үүсвэрээс 404 сая, Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрээс 64 сая ам.долларын зээл авах боломжтой юм.

Хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл нь хоёр хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай, эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгддөг бол Энгийн нь дунджаар 20 жилийн хугацаатай, Лондонгийн банк хоорондын хүү дээр нэмэх нь 0.5 хувийн шимтгэлтэй байдаг.

Манай улсад хуваарилагдсан зээлийг боловсролын чанар, хүртээмжийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрэх үйлчилгээг сайжруулж, оролцоог нэмэгдүүлэх, бүс нутгийн замыг хөгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, төсвийн санхүүгийн удирдлагын ил тод, үр ашигтай байдлыг дээшлүүлэх, хотын агаарын чанарыг сайжруулах зэрэг төсөлд зарцуулахаар төлөвлөжээ.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ 42 САЯ АМ.ДОЛЛАР ЗАРЦУУЛНА

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Эрчим хүчний төсөл 2”-ын санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Б.Чойжилсүрэнд олголоо.

Дэлхийн банкнаас авах 42 сая ам.долларын зээлээр “Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ”, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ”, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанийн түгээх шугам, сүлжээ, дэд станцуудыг өргөтгөн шинэчилж, эрчим хүчний төлөвлөлтийн программ хангамжийг сайжруулах юм. Мөн баруун бүсэд 10 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц барихаар төлөвлөж байна.

128 МЯНГАН ИРГЭНИЙГ ТОГТВОРТОЙ АЖЛЫН БАЙРТАЙ БОЛГОНО

Дэлхийн банкны 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлд зарцуулахаар боллоо. Үр дүнд нь ажил хайгч иргэд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, 15-34 насны залуучууд ажилтай болж, сургалтад хамрагдан, зээлд хамрагдах боломж бүрдэх юм.

Тухайлбал дөрвөн жилийн хугацаанд 128 800 иргэн /үүнээс 60 мянган эмэгтэй/-ийг тогтвортой ажлын байранд зуучлах бөгөөд тус бүр 10 мянган хүнийг сургалт, зээлд хамруулж санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт залуучуудаа сургаж дадлагажуулан ажлын байраар хангаж, гадаадаас авдаг ажилчдын тоог 50-иас дээш хувиар бууруулахаар тусгасан юм.

ӨВЛИЙН БЭЛТГЭЛИЙГ ЕСДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ДОТОР ДУУСГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

“Багануур”, “Шивээ Овоо” компанийн эрчим хүчний зориулалтаар олборлон борлуулж байгаа нүүрсний үнийг бодит өртөгт ойртуулах талаар холбогдох арга хэмжээ авахыг Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейнханд зөвлөв. Мөн Япон Улсаас зээлсэн зээлийн өр төлбөрөөс дээрх хоёр компанийг чөлөөлөх тухай судлаж танилцуулахыг сайд, холбогдох албан тушаалтанд даалгалаа. Төв, суурин газрын өвлийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр арга хэмжээ авч, есдүгээр сарын 1-ний дотор хийж дуусгахыг холбогдох сайд нар, нийслэл, аймгийн Засаг дарга нарт үүрэг болгов.

ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛҮҮДИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2” болон ”Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

“Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2”нь “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, эдийн засаг хүндрэлтэй энэ үед халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, төсвийн алдагдлыг нөхөх зорилготой юм.

Хөтөлбөрийн хүрээнд төсвийн алдагдлыг бууруулах, нийгмийн халамжийн хөтөлбөрийг илүү үр дүнтэй болгох, зорилтот бүлэгт чиглэсэннэгдсэн мэдээллийн баазыг шинэчлэх зэрэг бодлогын 18 арга хэмжээг хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний шатанд 11-ийг нь бүрэн хэрэгжүүлж дуусаад байна.

Азийн хөгжлийн банкнаас авах 150 сая ам.долларын зээл нь 15 жилийн хугацаатай. Үүнээс эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн жилийн хүү дээр 0.5 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх юм.

“Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”нь санхүүгийн тогтвортой байдлыг хангах, дэд бүтцийн өөрчлөлт хийх, банкуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, чанаргүй зээлийг шийдвэрлэх, тавих хяналтыг сайжруулах, засаглалыг бэхжүүлэх зорилготой.

Хөтөлбөрийг Азийн хөгжлийн банкны 100 сая ам.долларын зээлээр хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн жилийн хүү дээр 0.6 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх юм.

9 ДҮГЭЭР САРЫН НЭГЭН ГЭХЭД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛЭЭ ХАНГАЖ ДУУСНА

Зун, намрын отор нүүдэл хийх, царцааны нүүдэлтэй тэмцэх, малчдад нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх болон хадлан бэлтгэж аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх зэрэгт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж аймгуудад олгохоор боллоо.

Өвөл, хаврын цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшиг тохиолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх, отрын бүс нутаг, хилийн зурвас, байгалийн тусгай хамгаалалттай газарт отроор өвөлжих, хаваржих өрх, малын тоог тохирч, холбогдох газруудтай гэрээ байгуулах, малын гоц халдварт өвчин, хортон мэрэгч, шавжтай тэмцэх, отор хийх нутагт шинээр худаг гаргах, малчдад үзүүлэх тусламж, үйлчилгээ, хадлан тэжээл, ургац хураалтын үеийн бэлэн байдлаа хангах зэргийг холбогдох сайд, агентлагийн дарга нарт үүрэг болголоо.

Энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 20 хувьд нь бэлчээрийн ургамал сайн ургасан бол 70 хувьд дунд, 10 хувьд муу байна. Одоогоор улсын хэмжээнд 517 мянган га-д тариалалт, үүнээс 25 мянга гаруй га-д тэжээлийн ургамал тариалжээ.

Товч мэдээ

– Гашуунсухайт боомт дахь төрийн байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газар, албан хаагчдыг эрүүл ахуйн шаардлага хангасан ундны болон ахуйн хэрэглээний усаар хангах зорилгоор 20 тоннын цистерн худалдан авахыг зөвшөөрөв. Мөн боомт дахь Мэргэжлийн хяналтын албан хаагчдын 2016-2017 оны илүү цагийн хөлсийг олгоход шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

– “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийг Дэлхийн банкны 12 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр боллоо. Төсөл нь төсөв, санхүү, нийгмийн хамгааллын салбарын хууль эрх зүйн орчин, төсвийн зарлагын удирдлагын чанар, төсвийн сахилгыг бэхжүүлэх зорилготой юм.

– УИХ-ын гишүүн Я.Санжмятав нарын санаачлан боловсруулсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд хэд хэдэн саналыг уламжлахаар болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ч.Содномцэрэн: Нам, эвсэл холбоодоос шаардсан хугацаанд санал хураалт явуулах боломжгүй

Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн ярихдаа “Ардчилсан нам болон УИХ-ын гишүүн О.Баасанхүү, мөн нам, холбоодын зүгээс тавьсан саналын дагуу долдугаар сарын 4, 6-нд дахин санал хураалтыг зохион байгуулах боломжгүй. Шаардлагад дурдсан хугацаанд багтаж саналын хуудсаа бэлтгээд, техник хэрэгслээ программчлаад, хурууны хээг уншуулдаг төхөөрөмжийг бэлтгээд, техник хэрэгслээ аймаг, баг хороонд хүргэхэд хугацаа шаардана. Манай тээвэр ямар билээ. Зарим сумдад онгоц очихгүй. Ийм хугацаанд бэлэн болгоно гэдэг хэцүү. Манай ажилтнууд сүүлийн хоёр хоног унтаагүй явж байна. Өнөө өглөө таван цагт гадаадад байгаа монголчуудын саналын хуудсыг хэвлэж дууссан. СЕХ-ны мэдээлэл технологийн 10 инженер, 20 ажилтан сүүлийн хоёр хоног унтаагүй. Эдгээр нам эвслийн заасан хугацаанд санал хураалт явуулах боломжгүй. Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан саналын хуудас хэвлэж байгаа компанийнхантай очиж уулзсан. Саналын хуудсыг хэвлэх, ачуулах хугацааг аль болох наашлуулах боломжийн талаар ярилцсан байгаа. Техник хэрэгслийг бэлтгэж орон нутагт хүргэх, тээврийн хэрэгслийн боломжийг ч судалсан. Нисдэг тэргээр хүргүүлэх боломжийн тухай ярилцлаа. Жанжин штабынхан зарим нислэгээ зохицуулж, техник хэрэгсэл, саналын хуудсыг маань хүргэж өгөхийг зөвшөөрсөн. Ийм учраас СЕХ хуралдаад 2017 оны долдугаар сарны 7-ны өдөр дахин санал хураалтыг явуулахаар тогтлоо. Гадаад улсад байгаа Монгол Улсын иргэдээс санал авах Төв комиссоос хүсэлт ирүүлсэн. Төв комиссоос ирсэн хүсэлтийг үндэслээд долдугаар сарын 4-5-ны өдөр дахин санал хураалтыг явуулахаар тогтлоо. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг бүх шатны Засаг даргад үүрэг болгосон. СЕХ бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлэх хуулийн заалттай.

СЕХ, түүний гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд аливаа байгууллага, иргэд хөндлөнгөөс оролцохыг хориглох заалттай. Сүүлийн үед СЕХ-ны ажилд хөндлөнгөөс оролцож, зааж зааварлах нь хэрээс хэтэрлээ. СЕХ бие даасан, хараат бус байгууллага. Хуулийн хүрээнд бид сонгууль зохион байгуулж байна. Анхан шатны сонгуулийн дүнг дэлгэцээр ил тод харуулсан. Намууд, ажиглагчид, хэвлэлийнхэн, иргэд эхнээс нь дуустал ил тод харсан шүү дээ. Дүн засагдлаа гэсэн шүүмжлэл гарсан. Ямар нэг засвар ороогүй, оруулах боломж байхгүй гэдгийг хэлье гэлээ.

СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан ”Сонгуулийн санал хураалт эхэлсэнээс хойш түвэгтэй асуудал гарсан. Хавтас саналын хуудаснаас богино байгаа. Хүчээр хамт чихсэнээс болоод зарим машин гацах тохиолдол гарсан.

Р.Содхүү : Санал өгөх сонгогчдын нэрсийн жагсаалтын бааз өөрчлөгдөх үү гэлээ. Бааз өөрчлөгдөхгүй. 15-ны өдрөөс долооны өдөр хүртэл нас барсан хүмүүсийг бүртгэлээс хасч, сонгуулийн урилга өгөхгүй байгаа. 18 насанд хүрсэн хүмүүсийн бүртгэл өглөө бүхэн гарч байдаг. Улсын хэмжээнд 18 насанд хүрсэн цөөн тооны залуус нэмэгдэнэ. Үндсэн бааз өөрчлөгдөхгүй. Засгийн газар хуралдаад, хоёр дахь санал хураалтад хэрэглэх 7,2 тэрбум төгрөгийг нөөц хөрөнгөнөөс гаргаж өгөхөр болсныг мэдэгдье” гэлээ.

Ц.Болдсайхан :Хоёр дахь удаагийн санал хураалт бас 50 хувийн босготой. Эхлээд ирц хүрсэн эсэхийг харах ёстой. 50 хувийн ирц хүрэхгүй бол долоо хоногийн дотор нэмэлт санал хураалт болно. Үүнд ирээгүй сонгогчид ирж саналаа өгөх ёстой. Тухайн өдөр санал өгсөн сонгогчдын 50-иас дээш хувийн саналыг авсан нэр дэвшигч шууд сонгогдоно.

Ирц нь 50 хувь байх ёстой. Ирж санал өгсөн хүмүүсийн 50 хувь дээр нэмэх нэг санал авч байж сонгогдоно.

Р.Содхүү: Монголчууд сүүлийн хоёр, гурван жилд маш их нүүдэл хийсэн. Хаягийн шилжилтээ ердөө хийхгүй байна. Гэсэн ч сонгуулийн өдөр хуруугаа дарахад санал өгөх иргэн мөн гээд гарч ирнэ. Сөрөг буруу мэдээллээрээ сонгууль өгөх гэж байгаа хүмүүсийг маш их эвдэж байна гэж гадаадын ажиглагчид хэлсэн шүү. Элдэв буруу мэдээлэлд битгий автаарай. Нэр, хаяг давхацсан гэсэн гомдол ирэхэд шалгахад нэг өдөр төрсөн, нэг овогтой, нэг нэртэй. Регистрийн дугаар нь өөр хүмүүс байсан. Санал өгөх газар нь өөр байсан гэв.

Categories
мэдээ нийгэм

“Бүрэн цутгамал” компанийнхан Сүхбаатарын талбайд ирж эсэргүүцлээ илэрхийлэв

Өнөөдөр Сүхбаатарын талбай дээр “Бүрэн цутгамал” компанийн захирал Б.Батдэлгэрхоёр хүний хамт ирж, эсэргүүцлээ илэрхийллээ. Тэрээр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын хууль бус ажиллагааг эсэргүүцэн төв талбайд “Бид цалингаа авмаар байна”, “Бид “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгын ерөнхий гүйцэтгэгчид”, “Ерөнхий гүйцэтгэгч “Бүрэн цутгамал” ХХК-ийг оролцуулан Улсын комисс дахин ажиллахыг шаардаж байна” гэх үгс бичсэн самбаруудыг тавьсан байв.

Уг нь тус компанийн зүгээс 30 хүнтэй жагсаал хийнэ гэж байсан боловч гурван хүн иржээ. Юуны учир ийн талбай дээр ирж эсэргүүцлээ илэрхийлэх болсныг нь тодруулахад “Бүрэн цутгамал” компанийн захирал Б.Батдэлгэр: “Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Эрдэнэтуяа тэргүүтэй төрийн албан хаагчид барилга байгууламжийг байнгын ашиглалтанд хүлээн авахдаа “Монгол Улсын барилгын тухай хууль”, Засгийн газрын 105 дугаар тогтоол, Барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах дүрэм зэргийг удаа дараа зөрчсөн. Манай “Бүрэн цутгамал” компани 2012 онд “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгын нийт ажлын 80 гаруй хувийг хийж гүйцэтгэсэн. Гэтэл “Сант” сургууль санхүүжилтийн 500 гаруй сая төгрөгийг олгоогүй. Бүр биднийг ажлын талбайгаас хөөж явуулсан. Манай компанийн зүгээс энэ асуудлаар Иргэний шүүхэд хандсан. Гэвчбуцаагаад Эрүүгийн хэргийн шүүхээс надад гурван зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж тайлбарлаад байгаа юм. Тиймээс үүнийг эсэргүүцэн ажилчдынхаа хамт Сүхбаатарын талбайд ирж эсэргүүцлээ илэрхийлж байна” гэв.

Б.ОДГЭРЭЛ

Categories
мэдээ нийгэм

Сонгуулийн ерөнхий хорооны гадаа АН-ын дэмжигчид, МоАХ-ны гишүүд жагсч байна

Сонгуулийн ерөнхий хорооны гадаа АН-ын дэмжигчид болон МоАХ-ны гишүүд жагсаал хийлээ. Монголын ардчилсан холбооноос дахин санал хураалтыг урагшлуулж, долдугаар сарын 6-нд товлохыг шаардсан бичгийг СЕХ-нд хүргүүлсэн юм. Их аварга Д.Дагвадорж, Төрийн соёрхолт Д.Сосорбарам нар уг шаардлагыг уншиж танилцууллаа. Эрх баригч МАН эрх мэдлээ ашиглан сонгуулийг будлиантуулж байна. Сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга тэргүүлсэн хэдий ч дахин санал хураалт явуулахаар болсон нь СЕХ хуулиа биелүүлэхгүй, шударга бус ажиллаж байгаатай холбоотой гэж жагсагчид үзжээ. МоАХ-ноос шаардах бичгийн хариуг 6 сарын 29-ны өдөр авахыг хүсч байна.

Жагсагчид “Монголын ард түмэнд сонголтоо баталгаажуулах боломж олго”, “Долдугаар сарын 6-нд санал хураалт явуулахыг шаардаж байна”, “СЕХ хуулиа дээдлэхийг шаардаж байна” гэх мэтээр хашгирч байлаа. СЕХ хуралдаж, долдугаар сары 9-нд товлосон санал хураалтын товыг наашлуулж, долдугаар сарын 7-нд болгохоор зарласан билээ.

Б.ОДГЭРЭЛ

Categories
мэдээ нийгэм

Толгойт чиглэлийн нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орлоо

Сонгинохайрхан дүүргийн 3, 4 дүгээр хороонд байрлах Толгойтын гудамжны автозамын шинэчлэлтийн ажлын хүрээнд Толгойтын эцсээс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Үүний дагуу дээрх чиглэлийн автозамын хөдөлгөөнийг 2017 оны зургаадугаар сарын 28-аас долоодугаар сарын 3-ыг хүртэл хязгаарлах тул нийтийн тээврээр зорчигч иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 11326352, 11323176 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авнагэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

​ Дахин санал хураалтыг ирэх сарын 7-нд явуулахаар боллоо

Image result for Сонгуулийн ерөнхий хороо

СЕХ хуралдаж, дахин санал хураалтыг долдугаар сарын 7-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн дахин санал хураалтыг долдугаар сарын 9-нд явуулахаар товлосныг мэдэгдсэн ч АН-ын зүгээс дахин санал хураалт явуулах товыг эргэн харж ажлын өдөр буюу долдугаар сарын 6-нд зохион байгуулах шаардлагыг СЕХ-ны удирдлагуудад хүргүүлээд байсан юм.