Categories
мэдээ нийгэм

“Үнэн ба зөв нам”-ыг улсын бүртгэлд бүртгэв

Улсын Дээд шүүх 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаараа А.Отгонбаатар даргатай “Үнэн ба зөв” намыг улс төрийн намын улсын бүртгэлд бүртгэлээ.

Тус намын мөрийн хөтөлбөр болон дүрэм, нам байгуулах ажиллагаа, гишүүдийн тоо, бүртгэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хууль зөрчөөгүй гэж Улсын Дээд шүүх үзжээ.

Улсын бүртгэлд бүртгүүлсэн 26 дахь нам нь улсын бүртгэлийн гэрчилгээ авсан өдрөөс эхлэн улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болно. Шинээр бүртгүүлсэн намд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн ажиллахыг Улсын Дээд шүүхээс даалгасан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын шалгалтын хариу задалдаг байдал үргэлжилсээр л байх уу

Жил бүрийн хавар улсын аль нэг шалгалтын хариуг хэн нэгэн задалдаг, бусдад өгдөг, олон нийтийн сүлжээгээр тараадаг болоод цөөнгүй жил болж буй. Энэ жил ч мөн 2016-2017 оны хичээлийн жилд арванхоёрдугаар анги төгсөж байгаа сурагчдаас авсан математикийн улсын шалгалтын хариу шалгалтын өмнөхөн задарлаа.

Өөрөөр хэлбэл, хэн нэгний ашиг хонжоо хайсан, санаатай болон санамсаргүй, хариуцлагагүй үйлдлээс болж олон зуун хүүхдийн хөдөлмөр талаар боллоо. Боловсролын үнэлгээний төвөөс “Улсын шалгалт зохион байгуулах удирдамж, шалгалттай хичээл бүрээр сэдэв, даалгавар боловсруулж, тухайн аймаг, орон нутаг, дүүргийн БСУГ, Боловсролын хэлтсийн дарга нартай нууцлалын гэрээ байгуулж, улмаар сургууль бүрийн ахлах ангийн менежерүүдээр нууцлалын баталгаа гаргуулан ажиллаж байна.

Мөн шалгалтын сэдэв даалгаврыг тухайн шалгалт эхлэхээс хоёр цагийн өмнө БСШУСЯ-ны боловсролын мэдээллийн нэгдсэн систем (www.esis.mn)-д байршуулан, зөвхөн нууцлалын баталгаа гаргасан сургалтын менежерүүд тусгай эрхээр татан авч, тухайн сургууль өөрөө улсын шалгалтыг зохион байгуулж, сурагчдын дүн оноог боловсролын мэдээллийн нэгдсэн системд шивж оруулах байдлаар ажиллаж байна” хэмээн мэдээлж буй.

Энэ нь тэдний хэлж буйгаар улсын шалгалтын материалын хариуг хэн нэг багш, сурагчийн ар гэр, сурагч олж авах, бусдад тараах ямар ч боломжгүй. Харин тухайн сургуулиасаа итгэлтэй хэмээн сонгогдсон сургалтын менежер Боловсролын үнэлгээний газартай нууцлалын гэрээ байгуулсаны үндсэн дээр шалгалт болохоос ердөө хоёр цагийн өмнө хариуг мэдэх боломжтой гэсэн үг. Гэвч сүүлийн жилүүдэд шалгалтын хариу тодорхой үнэ ханшаар зарагддаг болсон мэдээлэл байнга гарч байгаа билээ.

ӨМНӨХЖИЛ МАТЕМАТИКИЙН ШАЛГАЛТЫН ХАРИУ НЭГ САЯ ҮРТЭЛХ ТӨГРӨГӨӨР ЗАРАГДСАН МЭДЭЭЛЭЛ БИЙ

Шалгалтаас өмнө хариуг бусдад зардаг, хүмүүст өгдөг, эцэг, эхчүүд нь уг хариуг авах гээд сургуулийн ажилтнуудтай ярьж, тохирсон байдаг гэх мэт яриа, хардлага нийгэмд бий. Үүний хамгийн сүүлийн жишээ нь өнгөрсөн хавар “Шинэ зуун билиг” сургуулийн математикийн багш Х.Сайнбилиг гэх эмэгтэйн багагүй хугацаанд үүсгэсэн асуудал байсан.

Тэрбээр “ЭЕШ-ын явцад тест тарсан, хариу задарсан зэрэг мэдээлэл өмнөх жилүүдэд ч гардаг байсан. Гэвч үүнийг би худал мэдээлэл, тест задрах ямар ч боломжгүй гэдгийг хүүхдүүддээ байнга хэлдэг байсан юм. Гэтэл энэ жилийн математикийн шалгалтын дараа нэг шавь маань бид олон сар үнэнчээр бэлдээд орж байхад тестийн хариу аль хэдийн задарчихсан байна. Зарим хүүхэд шалгалтаа өгч гарч ирээд ийм амархан байсан юм уу гээд инээлдээд ярьж байна гээд уйлаад залгасан. Тэгээд надад фэйсбүүк мессенжерээр бар код явуулсан юм. Энэ нь ямар учиртай юм бэ гээд Б хувилбарын даалгаврыг нь бодоод үзсэн чинь тухайн бар кодон дээр байгаа хариу нь яг таарч байсан. ЭЕШ-ын С хувилбарын бодолтыг нь хийгээд үзэхээр бар кодон дээрхи тооны нэг нь л зөрсөн. Бусад нь бүгд таарсан. А хувилбар нь хоёр л зөрсөн. Боловсролын үнэлгээний төв орон даяар энэхүү шалгалтыг зохион байгуулах гэж маш их хөдөлмөрлөдөг. Гэтэл дунд нь ажиллаж байгаа нэг хүн хэдхэн төгрөгийн хойноос болоод хариуг нь тарааж тэр их ажил хөдөлмөрийг үгүй хийж байна. Цаана нь бас хүүхдийн итгэл, багш нарын хөдөлмөр ч талаар болж байна шүү дээ” хэмээн цахим хуудастаа бичсэнээр шалгалтын хариу задарсан нь тодорхой болж, олон асуудал үүсч байв. Тухайлбал, өнгөрсөн онд шалгалтын цаг болохоос 2-3 цагийн өмнө шалгалтын хариуг 250 мянгаас нэг сая хүртэлх үнээр худалдаж эхэлсэн гэх мэдээ бий. Мөн тавдугаар сургуулийн дөрвөн бүлгийн төгсөгчид анх шалгалтын хариуг мөнгө нийлүүлж худалдаж авсан гэх бөгөөд тэдний вариантаар тааруулсан хариунуудаас 2-3 бодлогын хариулт алдаатай байсан хэмээн мэдээлж байв. Ингээд зогсохгүй Эрдэнэт хот, Өвөрхангай аймагт шалгалтын хариу задарсан тухай мэдээлэл ч гарч байсан билээ. Тухайн үед Боловсролын үнэлгээний төвийнхөн “Ерөнхий шалгалтын сэдэв, даалгавар нь задрах нууцлал алдагдах боломжгүйгээс гадна тус ажлыг ЦЕГ, ТЕГ-тай хамтран тэдний бүрэн хяналт, хамгаалалт дор зохион байгуулдаг. Хариу задрах боломжгүй” хэмээн мэдээлж байсан билээ. Гэвч энэ хавар дахиад задарлаа.

49 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕР ШАЛГАЛТЫН ХАРИУГ ЦАХИМ СҮЛЖЭЭНД ТАВЬЖЭЭ

Энэ удаад арванхоёрдугаар ангийн математикийн хичээлийн шалгалтын хариуг нийслэлийн Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн сургалтын менежер П.Өлзийхишиг олон нийтийн цахим хэрэгслээр тараасан байна. Түүний энэхүү үйлдлийг хуулийн байгууллагынхан болоод Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүд өнгөрсөн баасан гаригт тогтоосон хэмээн мэдээлж байгаа. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ “Математикийн хичээлийн шалгалтын материалыг нийслэлийн Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн сургалтын менежер П.Өлзийхишиг нууцлалын баталгаа гаргасан үүрэг, хариуцлагаа зөрчиж сэдэв даалгаврыг шалгалт эхлэхээс өмнө задалж олон нийтийн цахим хэрэгслээр тараасан нь баримтаар нотлогдлоо. Бид тухайн хүнд хариуцлага тооцож, Хөдөлмөрийн гэрээг нь цуцлаад, хуулийн байгууллагад шилжүүлсэн” гэсэн юм. Харин П.Өлзийхишиг “Би ганцаараа хариуг задлаагүй. Өөр олон газар ийм зүйл болсон” хэмээсэн тухай эх сурвалж хэлж байлаа.

ХАРИУ НЬ ЗАДАРСАН ШАЛГАЛТЫГ МАРГААШ ДАХИН АВНА

Боловсролын үнэлгээний төвөөс арванхоёрдугаар ангийн математикийн шалгалтын хариу задарсантай холбоотойгоор уг шалгалтыг хүчингүй болгон энэ сарын 30-ны 12.00 цагаас дахин авах болсныг орон даяар зарлаад буй. Үүнтэй холбоотойгоор математикийн шалгалтын тестийг дахин боловсруулах, хянах, нэгтгэх гэх мэт олон ажил хөвөрч, үүний хэрээр улсаас зардал ч их гарч байгаа юм. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ “Шалгалтын сэдвийг дахин боловсруулах ажил цагдаагийн хамгаалалттай тусгаарлагдсан орчинд зохион байгуулагдаж байна. Улсын шалгалтыг улсын хэмжээнд бүх сургуульд нэг агуулгаар авдаг. Тэгэхээр энэ агуулга, сэдвийг боловсруулж байна” гэсэн юм. Гэхдээ жил бүрийн хавар шалгалтын хариу задарч, олон зуун төгсөгч дахин шалгалт өгч, цаг заваараа хохирсон ч чимээгүй өнгөрдгөөрөө өнгөрсөөр л байх уу.

Ийм зүйл болдгийг нь хамгийн сайн мэддэг Боловсролын үнэлгээний төвийнхөн ч хариуцлага, хяналтаа сайжруулахгүй, бахь байдгаараа “Өө тэр багш задалчихсан байна лээ. Ажлаас нь халчихсан. Шалгалтын өөр хувилбар бэлдэж байна” гэсээр л байх уу, БСШУС-ын сайд аа.

Э.ХҮРЭЛ

Categories
мэдээ нийгэм

“Захиралдаа зодуулчихлаа” хэмээн цагдаад хандсан 22 настай бүсгүй амиа хорложээ

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарны хороолол” хотхоноос нэгэн эмэгтэй үсэрч амиа хорлосон хэрэг өнгөрсөн даваа гаригт гарчээ.

Тодруулбал, 1995 онд төрсөн, 22 настай Ж нь “Нарны хороолол” хотхоны 16 давхрын салхивчаар үсэрч амиа хорлосон байна. Талийгаач бүсгүй дээрх хороололд амьдардаг бөгөөд хэрэг гардаг өдөр ажлаа хийж яваад орой ажил тарах үеэр өндрөөс үсэрсэн гэсэн мэдээлэл байна. Энэ хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэхдээ “Эмэгтэй хүн өндрөөс үсэрч амиа хорлосон гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу харьяа дүүргийн цагдаагийн хэлтсээс хэргийг шалгаж байна. Одоогоор энэ хэрэгт холбогдуулан хэд хэдэн хүнээс тайлбар мэдүүлэг авсан. Талийгаачийн ямар компанид ямар ажил хийдэг байсныг мөн гэрийн хаягийг нь хэлж өгөх боломжгүй. Талийгаач өмнө нь буюу өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст “Захиралдаа зодуулчихлаа” хэмээн гомдол гаргаж ирсэн юм билээ. Тэр гомдлыг нь одоогоор шалгаж байгаа. Гадуур гарсан мэдээлэлээр бол гомдлыг нь хэрэгсэхгүй болгож буцаасан гээд байгаа. Тийм зүйл байхгүй, шалгаж байгаа. Харин амиа хорлосон гэх асуудлыг нь Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа. Прокурорын байгууллагаас энэ хоёр хэргийг нь нэгтгэж шалгаж магадгүй. Одоогоор хэн нэгэнд дарамтлуулж зодуулж амиа хорлосон уу, эсвэл гадны нөлөөтөй амиа алдсан уу гэдгийг шалгаж байна” гэжээ.

Талийгаач Ж нь энэ жил сургуулиа төгсөөд нэгэн томоохон компанийн ерөнхий захирлын туслахаар ажилд ороод байсан бололтой. Хэрэг гарахаас хэд хоногийн өмнө захирал талийгаач эмэгтэйг ажлын өрөөнд нь хүчирхийлэхийг завдаж, түүнийг эсэргүүцэхэд, нүдийг нь хөхөртөл зодсон талаарх мэдээллийг цахим орчинд түгээсэн байгаа юм. Харин тус компанийн захирал цагдаад мэдүүлэг өгөхдөө “Би огт зодоогүй. Талийгаач 30-ны өдөр ажилдаа ирэхдээ хар нүдний шил зүүчихсэн, урьд шөнө баарны гадаа хүнд зодуулчихлаа гэж хэлж ирсэн байсан” гэжээ. Үүний дагуу дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байгаа гэнэ.

Тэгвэл талийгаач эмэгтэйн талаар түүний танил бололтой Sanjsuren Jagaanaa Tuvshinjargal гэсэн фэйс хаягтай хүн Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн группэд энэ хэргийн талаар нийтэлжээ.

Categories
мэдээ нийгэм

С вирусийн эсрэг эмийг хөнгөлөлттэй бичих эмч нарын тоог нэмэгдүүллээ

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд В, С, Дельта вируст хепатитийн илрүүлэг, тандалт, оношилгоо, эмчилгээ, хяналт хийх зааврыг хэрэгжүүлэх ээлжит сургалт ЭМЯ-д болж, нийслэлийн есөн дүүрэг, дөрвөн тосгоны 15 эрүүл мэндийн байгууллагаас 23 эмчийг хамрууллаа.

Тус сургалтыг нээж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжсэнээр хүн амын дунд хепатитийн вирусийн халдварын тархалтыг хязгаарлан, хепатитийн С вирусийн халдварын шинэ тохиолдлыг 2020 он гэхэд таслан зогсоож, хепатитийн вирусээс үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулж чадах юм.

Хөтөлбөрийн хүрээнд хепатитийн вирусийн халдварыг илрүүлэх, вирусийн ачаалал тоолох шинжилгээнд энэ жил 40-65 настан, ирэх онд 15-39 насны иргэдийг В, С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулж, хепатитийн вирусийн эсрэг эмчилгээ хийлгэх шаардлагатай иргэдийг мэргэжлийн эмчийн хяналтад эмчилнэ. 65-аас дээш насны иргэд өөрөө хүсвэл өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвдөө бүртгэлд хамрагдаад оношилгоо, эмчилгээнд хамрагдаж болно.

Дээрх үйл ажиллагаа үе шаттайгаар 2017-2020 онд хэрэгжинэ” гэдгийг онцлов.

Хавдар судлалын үндэсний төвийн 2016 оны статистик мэдээллээр элэгний хорт хавдраар нас барж буй хүмүүсийн 50 орчим хувь нь 40-65 насныхан байгаа юм.

Дэлхий дахинд 520 сая хүн вируст хепатитийн архаг халдвартай амьдарч байгаа бөгөөд жил бүр 1.45 сая хүн уг өвчнөөс үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдрын улмаас нас барж байна. ДЭМБ-тай хамтран хийсэн тооцооллоор манай улсад хепатитийн В, С вирусийн архаг халдвартай 400 мянган хүн байгаа ба үүний тал хувь нь С вирусийн архаг халдвартай, тал нь В вирусийн архаг халдвартай амьдарч байна.

Дашрамд дуулгахад хепатитийн С вирүсийг эмчлэх таван нэрийн эмийг улсын бүртгэлд бүртгэн, эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнийн жороор олгох асуудлыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн эм тус бүрийг нэг сарын 210.000 төгрөг, гурван сарын нэг курс эмчилгээний нийт 630.000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

О.Цэнд-Аюуш Явуухулангийн наадмын эзэн болж таван сая төгрөгөөр шагнууллаа

Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсний 88 жилийн ой энэ жил тохиож байна. Их найрагчийнхаа ойг төрсөн нутаг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар энэ сарын 01-ээс 4-ний өдрүүдэд өргөн дэлгэр тэмдэглэжээ. Ойн хүрээнд Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Оюуны жимс-2017” яруу найргийн наадмыг зохион байгуулсан байна. Мөн уншигч, зохиолчдын уулзалт, Явуу найрагчийн төрсөн тоонот Тасархайн бууцан дээр өдөрлөг зохион байгуулсан ажээ.

Дорнын их найрагчийн нэрэмжит “Оюуны жимс-2017” наадамд хот, хөдөөгийн 90 гаруй яруу найрагч шүлэг бүтээлээ ирүүлснээс 45 яруу найрагч тунаж үлдэн уралджээ. Ингээд уг яруу найргийн наадамд МЗЭ-ийн шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш түрүүлж Бэгзийн Явуухулангийн нэрэмжит анхны шагналын эзнээр тодорчээ.

Цалин цагаан мөнгөөр их найрагчийн дүрийг дэлхийн бөмбөрцгийн наана товойлгон урласан, эрдэнийн очир зүүлт бүхий энэхүү нэр хүндтэй шагналыг Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан яруу найрагч О.Цэнд-Аюушт гардуулан өгсөн байна. Тэрээр энэ үеэрээ Завхан аймаг цаашид Бэгзийн Явуухулангийн нэрэмжит шагналаа уламжлал болгон жил бүрийн “Болор цом” наадмын үеэр шилдэг яруу найрагчдад олгож байхаар болсноо мэдэгджээ. Явуухулангийн нэрэмжит шагналыг таван сая төгрөг дагалдах юм байна.

Categories
мэдээ нийгэм

О.Магнай: Манай намын нэр дэвшигчид мэтгэлцээнээс айж ичих зүйл байхгүй

Өнөөдөр гурван намын нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг аль телевиз дээр явуулах вэ гэдэг тал дээр саналын зөрүүтэй байгаа талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга О.Магнай сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр ярихдаа “Өнөөдөр сонгуулийн сурталчилгааны өдөр байгаа. Монгол Улс 21 аймаг 9 дүүрэгтэй. Сонгуульд нэр дэвшигч маань 45 гаруй удаа эмч, багш зэрэг сонгогчидтой уулзах төлөвлөгөөтэй байгаа. Манай дэвшигч эрх баригчидтай адил онгоц байхгүй, бүх газар машинаар явж байгаа. Дээрээс нь мэтгэлцээнийг хаана хийх вэ гэдэг тал дээр санал зөрөлдсөн.

Манай байр суурь бол “Монгол HD” телевиз дээр мэтгэлцээнийг явуулах санал тавьсан. Монголын үндэсний телевиз бол эрх баригчдын гар хөл болсон телевиз. Тиймээс энэ телевизээр мэтгэлцээн хийхгүй. “Монгол HD” телевиз дээр хийнэ гэсэн байр суурин дээрээ хатуу байгаа. Энэ телевиз иргэдэд илүү бодитой мэдээлэл өгнө гэж бодож байгаа. Бусад хоёр намын мэтгэлцээн зохион байгуулагчидтай уулзсан. Мэтгэлцээнийг зохион байгуулах тухай ярилцсан. Гол нь аль сувгаар гаргах вэ гэдэг дээр зөрүүтэй байгаа. АН-аас нэр дэвшигч Х.Баттулга УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдсон, Засгийн газрын гишүүн байсан улс төрч хүн. Мэтгэлцээнээс айж ичих зүйл байхгүй, ямар ч сэдвээр ярихад бэлэн байгаа гэдгийг хэлэх гэсэн юм” гэв.

Үүний дараа сэтгүүлчийн асуултад хариулав.

-Гурван удаа мэтгэлцээн явуулахыг яагаад танай тал зөвшөөрөхгүй байгаа гэсэн ?

-Телевизээ сонгочихвол хэдэн ч удаа мэтгэлцэхэд бэлэн байна. Хамгийн гол нь аль сувгаар явуулах нь л чухал. Нөгөө талаас МҮОНТ болон ТВ-9 телевизээр явуулъя гэсэн санал тавьсан. Ардчилсан намын байр суурь бол “Монгол HD” телевиз гэдэг дээр хатуу байгаа.

Хөтлөгчийн тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Хөтлөгчийн хувьд бас анхаарах ёстой. Монголд намч бус байр суурьтай сайн хөтлөгчид олон байгаа байхаа гэж найдаж байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Бурхан багшийн Их дүйчин өдөр сүрт жагсаал болно

Холбоотой Зураг

Бурхан Багшийн Их Дүйчин өдөр зургаадугаар сарын 9-ний Баасан гаригт тохиож буй.

Энэ өдөр“Сэтгэл ариусахуй” уриатай ёслолын сүрт жагсаал, шашин ёслолын үйл ажиллагаа болох юм байна.

Сүрт жагсаалд Улаанбаатар хотын бүх сүм хийдийн төлөөлөл, Бурханы шашны ТББ болон сүсэгтэн олныг хамруулах аж.

“СЭТГЭЛ АРИУСАХУЙ” СҮРТ ЖАГСААЛЫН ХӨТӨЛБӨР

СОЖИН САХИЛ

05.00-06.00- Гунгаачойлин, Идга чойнзинлин дацан-“Таны буянд даган баясъя” төв

ТАХИЛ ӨРГӨХ
06.00 – 19.00 өдрийн турш Жавзандамба хутагт төв

МАРШРУТ
Гандан-Сүхбаатарын талбай
16.30-18.30- зам чөлөөлөх цаг

Гандангаас хөдлөх
Түр хөтөлбөр-Номин их дэлгүүрийн өмнө
Жагсаал Сүхбаатарын талбайд хүрэх

Categories
мэдээ улс-төр

116 дугаар сургуулийн сурагчдын гомдлыг шалгана

Сургуулийн захирал, удирдлагууд сурагчдыг доромжилсон, үзэл бодлыг нь сонсдоггүй, зарим багшийн ур чадвар муу зэрэг үндэслэлээр 116 дугаар сургуулийн сурагчид хичээл хаялт зарласан. Мөн хэвлэлийн бага хурал хийн сургуульдаа үүсээд байгаа асуудлын талаар ч нийтэд хандсан юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүргийг түр хавсран гүйцэтгэгч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат өнөөдөр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга, удирдах албан тушаалтнууд, Нийслэлийн Боловсролын газрын дарга болон сургуулийн захирал, багш нарын төлөөлөлтэй уулзлаа.

Тэрээр сурагчдын гомдол үндэслэлтэй эсэхийг тогтоох Ажлын хэсэг байгуулж, ажилд нь оруулан, дүгнэлтээ Сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханд даалгалаа. Гомдол үндэстэй бол захирал, холбогдох багш нарт хариуцлага тооцно гээд Ажлын хэсэг аль нэг талыг барьж ажиллахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

Энэ шалгалт хэн нэг хүн, багшийг захиалгаар, зохион байгуулалттайгаар ажилгүй болгож хэлмэгдүүлэх гэж байгаа хэрэг бус гэдгийг ч сайдын үүргийг түр хавсран гүйцэтгэгч Ж.Мөнхбат тодотголоо. Цаашид боловсролын салбарт иймэрхүү алдаа дутагдал гарах ёсгүй, асуудал байвал дотооддоо ярьж, харилцан ойлголцож, ажлаа хэвийн явуулж байх хэрэгтэй гэдгийг сургуулийн захирал, багш нарт зөвлөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гурван хүүхдийн амийг аварсан цагдаа нарыг шагнажээ

Гурван хүүхдийг галын аюулаас аварсан Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Баттулга, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Мөнхбаяр нарыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын тушаалаар өнөөдөр “Цагдаагийн алдар” тэмдгээр шагналаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж эрдэнэт хүний амь насыг галын аюулаас аварсан алба хаагчдад баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Баттулга, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Мөнхбаяр нар /2017.05.29/ өдөр дүүргийнхээ 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүл шалгалт хийж явжээ.

Тэд эргүүл шалгалт хийж явах үед айлын хашаа шатаж байсныг шалгахад иргэн Ц-ийн хашаанд гал гарч, түймэр байшин, хажуу айлын хашаа руу орох эрсдэл тулгараад байжээ.

Алба хаагчид хажуу айлын хүнээс нь “Онцгой байдлын газарт дуудлага өгөхийг хүсээд”, нэн түрүүнд гэртээ харгалзах хүнгүй байсан 4-12 насны гурван хүүхдийг аюулгүй газарт гаргаж, гарын доорх материал ашиглан түймрийг цурамд оруулсан байна. Тухайн үед хашаанд гурван автомашин байсан бөгөөд гал тархсан бол илүү их эрсдэл дагуулах байжээ.

Categories
мэдээ нийгэм

Азийн их сургуулиудын VI чуулган Туушинд болж байна

Холбоотой Зураг

МУИС, Сөүлийн их сургууль хамтран Азийн их сургуулиудын зургадугаар чуулганыг /AUF/ Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж байна. Энэ жилийн чуулганд 11 орны 15 их сургуулийн төлөөлөгчид оролцож “Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал дээд боловсролд нөлөөлөх нь” сэдвээр чуулж байгаа юм.

Чуулган нь дэлхийн шинжлэх ухаан, боловсролын тавцанд тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын талаар санал солилцох, туршлага судлах, гишүүн сургуулиудын хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэх тохиргоог хангах зорилготой юм.

Чуулган Туушин зочид буудал, Соёмбо танхимд 2017 оны 06 дугаар сарын 07 нд 10.00-16.00 цагийн хооронд үргэлжилнэ.