Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн шилдэг татвар төлөгчид тодорлоо

Сангийн яам, Гаалийн Ерөнхий газар, Татварын Ерөнхий газар, Төрийн банкнаас хамтарсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг өнөөдөр, маргааш /06.07-06.08/ Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. “Татвар –Аз жаргалтай амьдралын үндэс” өдөрлөгийг нээж нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Нийт татвар төлөгч нийслэлчүүд та бүхэндээ НИТХ, нийслэлийн ЗДТГ-ын нэрийн өмнөөс татвар төлөгчдийн өдрийн мэндийг хүргэж байна. Аливаа улс орон оршин тогтнох үндэс суурь бол татвар юм. Монголчууд олон мянган жилийн өмнөөс татварын үндэс сууринд тулгуурлан бүтээн байгуулалтаа хийж, хөгжиж ирсэн.

Төр оршихуй дор татвар, Татвар буй дор төр оршимой хэмээх үг бий. Тэгэхээр Улаанбаатар хотод 106 мянган аж ахуйн нэгж 16600 төрийн болон төрийн бус байгууллага, 796 мянган иргэн үйл ажиллагаа явуулж, нийслэлийн нийт төсвийн орлогын 85 хувийг бүрдүүлж байна. Нийслэлийн төр захиргааны байгууллага болон нийт төрийн албан хаагчдынхаа нэрийн өмнөөс татвар төлөгчиддөө баярлаж талархсанаа илэрхийлье. Улс орныхоо өмнө хүлээсэн хүндтэй, хариуцлагатай энэ үүргээ нэр төртэйгөөр биелүүлж буй нийт татвар төлөгчиддөө амжилт хүсье” хэмээлээ. Мөн энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, Татварын ерөнхий газрын дэд дарга Б.Заяабал болон бусад албаныхан нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд шагнал гардууллаа.

Нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэн:

Баянгол

Ж.Алтанзул

Баянзүрх

М.Сайннямбуу

Сонгинохайрхан

Ж.Энхбаяр

Сүхбаатар

Д.Эрдэнэцэцэг

Хан-Уул

Ц.Отгонзаяа

Хан-Уул

Д.Одзаяа

Чингэлтэй

Г.Батбаяр

Чингэлтэй

Т.МөнхЭрдэнэ

Нийслэлийн шилдэг албан татвар төлөгч компани:

Баянгол

“Одод” ХХК

Д.Оюунсүрэн

Баянзүрх

“Хаан палас” ХХК

Ц.Баатарсайхан

Сонгинохайрхан

“Золхайрхан” ХХК

Д.Баярсайхан

Сүхбаатар

“Номадс хоспиталити” ХХК

Б.Эрдэнэ

Хан-Уул

“Ноён уул эрдэнэ” ХХК

Ц.Түвшинбаяр

Чингэлтэй

“Блюскай эйжиа” ХХК

С.Мөнхбат

Үндэсний шилдэг брэнд үйлдвэрлэгч:

Баянгол

Еден ХХК

Ц.Хүрэлбаатар

Баянгол

Янмал ХХК

Д.Лхагважав

Баянзүрх

Баясах фүүдс ХХК

Д.Энхболд

Баянзүрх

Томбат ХХК

Д.Тэгшжаргал

Сонгинохайрхан

Агь ХХК

Т.Түвшинжаргал

Сонгинохайрхан

Талст эрчим ХХК

Д.Батсайхан

Сүхбаатар

Монгол костюмс ХХК

Б.Сувд

Сүхбаатар

Мон салат ХХК

Ж.Гэрэлцэцэг

Хан-Уул

Витафит ХХК

В.Майдар

Хан-Уул

Монтулга ХХК

Ё.Ганбат

Чингэлтэй

Цэц зам пласт ХХК

С.Ганхуяг

Чингэлтэй

Аминаа райсен ХХК

Х.Баяраа

Categories
мэдээ нийгэм

Кофеноос их хэмжээний хөгц, мөөгөнцөрийн бодис илэрчээ

Кофеноос их хэмжээний афлатоксин илэрчээ

Монголын гаалийн хяналтын бүсээр “Юбийн кофе хаус” ХХК-ийн Хонконг улсын “Golden future trading” компаниас импортолсон “Brazil green arabica”, “Indonesia green arabica” гэсэн хоёр нэр төрлийн, 475 кг кофений буурцагны чанар, аюулгүй байдалд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн долоо хоногт шалгалт хийжээ.

Кофены буурцаг тус бүрээс дээж авч, ургамлын хорио цээрийн болон хор судлалын лабораторийн шинжилгээнд хамруулахад хор судлалын шинжилгээгээр нийлбэр афлатоксин “Brazil green arabica” кофены буурцаг нь стандартын шаардлагаас 6 дахин их, “Indonesia green arabica” кофе нь 9 дахин их байсан ба загвар дээжийн давтан шинжилгээгээр нийлбэр афлатоксин 43.80 мкг/кг, 76.16 мкг/кг байсан нь стандартын шаардлагаас 10-19 дахин их байсан бөгөөд энэ нь Монгол Улсын стандарт “Хүн, малын тэжээл дэх микотоксиний үлдэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ” MNS 6361:2012 стандартын шаардлагыг хангахгүй байна.

Шинжилгээний дүнгээр дээрх хоёр нэрийн кофены буурцаг нь холбогдох хууль, заалтыг зөрчиж байгаа тул 389.6 кг, 7.361.350 төгрөгийн кофены буурцгийг “Захиргааны журмаар эд зүйл хураах, устгах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж хэрэгжилтийг хангуулах” журмын дагуу нийслэлийн орон тооны бус зөвлөлд албан бичгээр шилжүүлсэн байна.

Афлатоксин гэдэг нь хөгц мөөгөнцөрөөс ялгардаг, бодисын солилцооны хоёрдогч химийн бүтээгдэхүүн. Байгальд өргөн тархсан бөгөөд ургац хураахын өмнө үед талбай дахь ургац бохирдуулахаас гадна ургац хураасны дараа хадгалалтын явцад хүнсний бүтээгдэхүүнийг бохирдуулдаг аж. Энэ нь хүнсний бүтээгдэхүүнийг чийглэг ихтэй халуун нөхцөлд зориулалтын бус саванд хугацаа хэтрүүлэн хадгалах, шавж мэрэгчид өртөх зэрэг олон хүчин зүйлс нь хүнсний бүтээгдэхүүн хөгцөрч муудахад нөлөөлөх бөгөөд хүнсэнд үүссэн эмгэг төрөгч, хөгц мөөгөнцөрөөс хор ялгаруулдаг байна.

Categories
энтертаймент-ертөнц

А.Баярцэцэг “Америкийн эх дэлхийн мисс” тэмцээнд шүүгчээр ажиллана

66 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээнд амжилттай оролцож, шилдэг 11-т багтсан А.Баярцэцэг дахин АНУ-д уригджээ. Тэрбээр ирэх наймдугаар сард Вашингтон хотноо болох “Америкийн эх дэлхийн мисс” тэмцээний шүүгчээр ажиллахаар болсон байна.

Өнгөрсөн онд Вашингтонд болсон “Дэлхийн мисс” тэмцээнд Пуэрто-Рико улсын гоо бүсгүй Стефани дел Валле титмийн эзнээр тодорч байсан. Тэгвэл Монголын оролцогч А.Баярцэцэг авьяас миссийн үзүүлбэрт тэргүүлж, шилдэг 25-т шууд багтсан. Мөн үзэгчдийн саналаар тэр шилдгийн шилдэг 11-т үлдэж, улсынхаа амжилтыг ахиулсан юм.

А.Баярцэцэг энэ жил дахин Вашингтонд очихоор боллоо. Гэхдээ энэ удаа “Америкийн эх дэлхийн мисс” тэмцээнийг шүүхээр болсон байна.

А.Баярцэцэг зурган илэрцүүд

Холбоотой Зураг

Categories
энтертаймент-ертөнц

Чоно хамтлаг “Цагаан захтан” дуугаа улс төрчдөд зориулан бүтээжээ

“Чоно” хамтлаг долоон жилийн дараа эргэн уран бүтээлдээ эрч хүчтэйгээр орж ядуу зүдүү ард түмэн байсаар байгаа талаар нэгэн шинэ дуу зохиожээ. Энэхүү дуугаараа улстөрчдөд нэгийг бодуулахыг хүссэн аж. Тус хамтлагийн ахлагч, дуучин Д.Дэрмээ “Өдрийн сонин”-д энэ дууныхаа талаар ингэж ярьжээ.

Тэрээр “Цагаан захтан” дуугаараа ядуу нийгэм байсаар байгаа гэдгийг улстөрчдөд сануулахыг хүссэн. Өмнө нь бэлэн болчихсон байсан уран бүтээл л дээ. Ерөнхийдөө “Чоно” хамтлаг эргэн сэргэхдээ энэхүү уран бүтээлээ сонсогчдодоо хүргэхээр төлөвлөчихсөн байсан юм. “Цагаан захтан” дууны үгийг “Элькондор” хамтлагийн дуучин П.Хэрлэн бичсэн бол аялгууг нь би өөрөө зохиосон. Бид энэхүү дуугаараа хүнд хэцүү амьдрал, зовлон зүдгүүрийг туулж яваа өнчин хүүхдүүд, ядуу нийгэм байсаар байгаа гэдгийг УИХ-д сонгогдсон бүх гишүүдэд сануулахыг, зоригтойгоор хэлэхийг хүссэн. Тэр дундаа эрх мэдэлтнүүдэд хүүхдийн дуу хоолойг хүргэх гэж л зорьсон. Ийм л зорилготой энэ дууг хийсэн юм.

Нийт таван зурагчны бүтээлээс дээжлэн энэхүү дуунынхаа клипэнд оруулсан байгаа. Зурагнуудад Улаанчулуутын хогийн цэг дээрх хүүхдийн хүнд, хэцүү амьдралыг харуулсан байгааг үзэгчид харсан байх. Мөн зарим хүнд өгүүлэмжтэй, сэтгэл сэртхийлгэм зургуудыг оруулаагүй. Үүнээс гадна клипний үеэр зарим улстөрчдийн нүдийг нь харлуулсан зургууд гардаг. Учир нь тус уран бүтээлээ хэн нэгэнд онцолж биш бүхий л улс төрчдөд зориулсан. Тиймээс хэн нэгний зургийг онцолж гаргахыг хүсээгүй учраас ийнхүү харлуулаж оруулсан юм.

Клипний төгсгөлд Монгол Улсад 634 мянга гаруй хүн нэн ядуу амьдарч байгаагаас 195 мянга орчим хүүхэд өлсгөлөнд нэрвэгдэж байгаа тухай баримтыг оруулсан юм.

Уран бүтээлчдэд санхүүгийн дэмжлэг, туслалцаа хэрэгтэй нь мэдээж. Гэхдээ миний бодлоор аливаа уран бүтээлч нийгмийн болж бүтэхгүй байгаа сэдвийг хөндөж, ард түмний дуу хоолой болох ёстой л гэж боддог. Тэр дундаа “Хүүхдийн элч дуучин”, “Хүмүүнлэгийн элч дуучин” гээд байж л байх юм. Энэ уран бүтээлчид нийгмийн болж, бүтэхгүй асуудлыг шүүмжилж эрх мэдэлтнүүдэд дамжуулах ёстой шүү дээ.

Гэсэн хэдий ч тэд дуу хоолойгоо хүргэхгүй байсаар л байна. Тиймээс манай хамтлагийн зүгээс “Цагаан захтан” дуугаар зогсохгүй цаашдаа ч нийгмийн болж, бүтэхгүй, эмзэг сэдвийг хөндсөн уран бүтээлүүдийг хийсээр байх болно” хэмээн ярьжээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Бурхан багшийн Их дүйчин өдөр баасан гаригт тохионо

Бурхан багшийн Дүйчэн өдрийг угтан 2017 оны 06 дугаар сарын 09-ны өдөр “Сэтгэл ариусахуй” сүрт жагсаал болох юм байна. Уг жагсаалд Улаанбаатар хотын бүх сүм хийдийн төлөөлөл, Бурханы шашны төрийн бус байгууллага болон сүсэгтэн олон хамрагдах ажээ. Уг жагсаалын хөтөлбөрийг танилцуулж байна.

СОЖИН САХИЛ

05.00-06.00- Гунгаачойлин, Идга чойнзинлин дацан-“Таны буянд даган баясъя” төв

ТАХИЛ ӨРГӨХ

06.00 – 19.00 өдрийн турш Жавзандамба хутагт төв

МАРШРУТ

Гандан-Сүхбаатарын талбай

16.30-18.30- зам чөлөөлөх цаг

  • Жагсаалын бэлтгэл
  • Гандангаас хөдлөх
  • Түр хөтөлбөр-Номин их дэлгүүрийн өмнө
  • Жагсаал Сүхбаатарын талбайд хүрэх
  • Талбайн арга хэмжээ

СЭТГЭЛ АРИУСАХУЙ ТӨВ ТАЛБАЙН АРГА ХЭМЖЭЭ

Сүхбаатарын талбайд зохион байгуулах арга хэмжээ

18:00-18.05 Хөтлөгч Нээлт

18:05-18:10 Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, гавж Д.Чойжамц үг хэлнэ.

18:10-18:15 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд үг хэлнэ

18:15-18:25 Мандал өргөх ёслол, Монгол уншлага, Гандан хийдийн лам хуврагууд /Итгэл, Ганданлхавжаа, Мандал, Жинлавчогзол/

18:25-18:30 Чингисийн сан

18:30-18:40 Морин хуурын чуулга

18:40-18:45 Уртын дууч Г.Бямбасүрэн -Уяхан замба тивийн наран,

18:45-19:05 Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав- Далай багшийн мэндчилгээ, Бурхан багшийн намтар

19:05-19:15 Дуучин Т. Дэлгэрмөрөн Янжинлхамын дуулал, “Наян булаг”, УДБЭЧ бүжиг

19:15-19:25 “Увертура” хамтлаг

19:25-19:30 Жонон Ханчэн гэгээн уриалга, сургааль

19:30-19:40 Дуучин К.Номинжин “Бурхан багш”,

19:40-20:00 Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар “Бурхан Багшийн ариун дагшин газар” лекц, илтгэл

20:00-20:20 Д.Нямсамбуу гавж “Сэтгэл ариусахуй” лекц,-Бясалгал Флаш Моб /Зааврын дагуу 20 минут/ Соёмбо хэлбэртэй

20.20-20:25 Дуучин Чингэс

20:25-20:35 “Жонон” хамтлаг

20:35-20:40 Хаалтын үг Гандантэгчэнлин хийдийн ОНХА лам Ж.Одгарьд

Categories
мэдээ улс-төр

“Эх, хүүхдийн эрүүл мэнд” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Эрүүл мэндийн яамтай хамтран өнөөдөр (2017.06.07) “Эх, хүүхдийн эрүүл мэнд” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн М.Билэгт, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон Эрүүл мэндийн яам, тус яамны харъяа байгууллагууд, олон улсын байгууллагуудын төлөөлөл, доктор, профессорууд оролцлоо.

Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн юм. Тэрбээр, “Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” урт хугацааны баримт бичигт 2030 он гэхэд эх, хүүхдийн эндэгдлийн түвшинг бууруулах зорилтыг тавин ажиллаж байна. Энэхүү зорилтод хүрэхийн тулд эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэн, байгууллагын үүрэг хариуцлага, бусад салбарын хамтын ажиллагааг сайжруулах, хариуцлагыг тодорхойлох эрх зүйн орчныг бүрдүүлэх нь нэн чухал. Тэрхүү эрх зүйн орчныг бүрдүүлэх Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг Эрүүл мэндийн яам боловсруулаад байна. Энэ хэлэлцүүлгээр эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хийх өөрчлөлт, шинэчлэлийн талаар ярилцаж, үнэтэй санал, зөвлөмжийг гаргана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Дараа нь Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулийн үзэл баримтлал” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр, хууль боловсруулах хэрэгцээ, шаардлага, хуулийн төслийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээний талаар дэлгэрэнгүй мэдээлсэн. Хуулийн үйлчлэх хүрээ нь нөхөн үржихүйн насны эмэгтэй, эх, ураг болон 18 хүртэлх насны хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хамрах аж.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, эх, хүүхдийн эндэгдлийн түвшинг бууруулж, хүн амаа өсгөх таатай нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх талаар хуульчилж өгөх хэрэгтэй байна гээд мөн үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрсэн үр хөндөлтийн асуудлыг хуулиар зохицуулах зайлшгүй шаардлагатай байгааг онцлон хэллээ.

Хэлэлцүүлэг асуулт, хариултаар үргэлжилсэн юм. “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ш.Энхтөр, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал Г.Батбаатар, “Өргөө” амаржих газрын дарга Д.Энхбаяр, Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал, Эх барих, эмэгтэйчүүдийн нийгэмлэгийн тэргүүн И.Даваадорж нар саналаа хэлж, байр сууриа илэрхийллээ.

НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хэлэлцүүлгийг хааж хэлсэн үгэндээ, эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудал зөвхөн Эрүүл мэндийн яамны биш, монгол төрийн төвд нь байх асуудал юм. Өнөөдөр та бүхэн эх, хүүхдийн эрүүл мэндэд хамаарах чухал асуудлуудыг хөндөж ярилаа. Эндэгдэлд өртөж байгаа эхчүүдийн 60 хувь нь ажилгүй, орлогогүй байна. Боловсрол, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, үр хөндөлтөөс урьдчилан сэргийлж чадах хууль батлах нь чухал байна. Мөн эх, хүүхдийн эмнэлгийн хүртээмж, санхүүжилтийн асуудлыг бид хөндөж ярилцлаа” гэлээ. Тэрбээр хэлэлцүүлэгт ирсэн бүх хүмүүсийг хуулийн төсөлд тусгах саналаа бичгээр НББСШУ-ны байнгын хороо болон Эрүүл мэндийн яаманд хүргүүлэхийг хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Д.Дамба-Очир: Монголбанкнаас зээл аваад өгөөгүй байгаа байгууллагуудыг нэрлэх хэрэгтэй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг завсарлага аваад байсан юм. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ талаар “Уг шалгалт Монголбанкны хараат бус байдалд халдсан, Төв банкны бодлогыг арилжааны банкныхтай адилтгасан, тухайн үед хэрэгжүүлсэн бодлогыг ойлголгүй хариуцлагагүй дүгнэлтийг ажлын хэсгээс гаргасан байна. Мөн Монголбанкны удирдлагад хариуцлага тооцох тухай үндэслэлээ асуудал нотлогдоогүй байхад шүүхийн ялын тогтоол шиг шийдвэр гаргасан. Иймд энэ асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэсэн санал гаргаж байна” гэв. Уг саналтай холбогдуулж санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 78.6 хувийн саналаар дэмжигдсэнгүй.

Тиймээс уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн шатанд гишүүд ажлын хэсгийнхнээс асуулт тодруулга авсныг хүргэе.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Монголбанк хуримтлагдсан алдагдалтай ажилласан гэсэн дүгнэлтийг ажлын хэсгээс гаргасан байна. Энэхүү алдагдлын хэд нь хариуцлагагүйгээс, хэд нь бодлогын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд гаргасан зардал гэж үзэж байна вэ. Монголбанк өөрөө шууд гэрээ байгуулаад зээл олгосон уу?

Монголбанкны удирдлагууд “Монголбанк аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулаагүй. Арилжааны банкуудтай гэрээ байгуулсан. Жил бүр Монголбанк хөндлөнгийн аудит ордог. Тэрхүү аудитын дүгнэлтээр 3 их наяд төгрөгийн алдагдалтай ажилласан гэж гарсан.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Монголбанкны Хяналтын зөвлөл, Мөнгөний бодлогын зөвлөл гэх мэт хяналтын байгууллагууд ажиллаж байгаа боловч Ерөнхийлөгч нь голлон шийдвэрээ гаргадаг юм билээ. Зөвхөн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд гэхэд 369 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан байх жишээтэй. Зээлээ зориулалт бусаар ашигласан аж ахуйн нэгжүүдийн нэрсийг ажлын хэсгээс ил болгоно. Нийт 45 аж ахуйн нэгж зөрчилтэй ажилласан байна.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Зээл аваад өгөөгүй байгаа байгууллагуудыг нэрлэх хэрэгтэй. Нууцлах шаардлагагүй.

Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан: Байгууллагын нууц нэрээр олон мэдээллээ нууцалсан. Байгууллагын нууцыг төрийн нууцтай адилтгаж байна. Хууль бус журам баталсан байсан. Үүний цаана 75 мэдээллийг нууцалсан байсан юм.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: МАН үүнийг улстөржүүлж байна. Өнөөдрийн бүх хэвлэлд МАН-ын төлбөртэй нийтлэл гарсан. Монголбанк бол төрийн бодлого явагддаг газар. Монголбанкны одоогийн Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг өмнөх Ерөнхийлөгч Н.Золжаргалыг их хэмжээний мөнгө шамшигдуулсан гэж шүүхэд өг гэсэн хатгалга явуулаад байна. Нэг хүнийг ялласан тогтоол хэдэн удаа гаргах юм бэ? Энэ банк хамтын удирдлагатай явж байсан. Өнөөдөр Б.Жавхланг дуугүй байгааг би ойлгож байна. Монголбанкаар өөрөөр нь Ерөнхийлөгчийг нь яллуулах гэж байна. Яагаад бид ОУВС-гийн бага хүүтэй долларын төлөө явчихаад дотоодын компаниудаа яллах гээд байна. Энэ тогтоолыг хэн, яах гэж боловсруулсан бэ?

Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан: УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор ажлын хэсэг байгуулсан. 2012-2016 оны Монголбанкны үйл ажиллагаанд шалгалт хийх зорилготой ажлын хэсэг. Н.Баяртсайханаар Н.Золжаргалыг яллуулах гэсэн зүйлгүй. Шалгаад үзэхэд хохирогч нь Монголбанк.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хохирогч нь Монголбанк юм бол өөрсдөө хууль хяналтын байгууллагадаа хандана биз.Хуулийн ямар заалтыг зөрчсөнийг гаргах хэрэгтэй. Үүнийг улстөржихгүйгээр ярих ёстой. Нууц гээд байгаа зүйлээ ил болго. Аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгаруулалтыг яаж хийснийг би асуугаад байгаа юм. Аль нэг намын дэмжлэгтэй аж ахуйн нэгж л тендэр, зээл авдаг.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Өмнө УИХ-ын үед Зөвлөлийн зарчмаар хуралдаад шийдээрэй гэж Ерөнхийлөгчид үүрэг өгсөн байж магадгүй. Гэхдээ тийм байж чадаагүй шүү. Төвбанкны Ерөнхийлөгч өөрийн эрх үүргийн хүрээнд гурван Ерөнхийлөгчийнхөө чиг үүргийг тогтоож өгдөг. Би дотоод асуудал буюу IT хариуцсан чиг үүргийг хүлээж байсан. Шалгалтын материалд миний мэдэхгүй олон тоо байна.3.1 их наяд төгрөгийн алдагдлын 1.7 их наяд нь 2016 онд бий болсон. Үүнийг задлаад харахаар 2016 оны эхний зургадугаар сард болсон гэрээ хэлэлцээрүүдтэй холбоотой юм байна. Үүнийг л бодит уу, бодит бус уу гэдгийг ялгаж харах хэрэгтэй.

Categories
мэдээ утга-зоxиол яруу-найраг

Тэнгэр дуугарч байна

Өнөөдрийн яруу найргийн буландаа саяхан болоод өнгөрсөн Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит тэмцээнд тэргүүн байрын шагнал хүртсэн О.Цэнд-Аюушийн шүлгүүдээс хүргэж байна.

Тэрээр Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, МЗЭ-ийн болон Сэр-Одын шагналт, “Болор цом” яруу найргийн хоёр удаагийн дэд байрын шагналтан юм.

НҮҮДЭЛ

Галав эртний бичиг үсэг шиг нүүдэлчид

Галын дөл шиг сүүмэлзсээр

Тэнгэр рүү тэмүүлж ургасан моддыг

Тэмээн дээрээ тэгнэж ирдэг

Уулын модод нүүдэлчдийн

Улаан тэмээдэд бүүвэйлэгдэж ирэхдээ

Агшин хором бүхэнд хөнгөрсөөр

Аяархан хөвөж эхэлдэг

Нүүдэлчид тэмээгээ хэвтүүлж

Нүдэнд итгэмээргүй ачаагаа засдаг

Домог эртийн дуу шиг нүүдэлчид

Дов толгод шиг чимээгүйгээр

Сум шиг ургасан моддыг

Нум шиг хөвчилж

Цагираг хүрдэнд эргэлдүүлэн

Цаг хугацааг туулах хөсөг тэргээ хийдэг

Амгалан шөнөөр нүүдэлчдийн тэрэгнүүд

Алтаар бүрсэн юм шиг гялалзаж байдаг

Гүн шөнөөр шинэ модон тэрэгнүүд

Гүрнийг туулахаар зэхэж хонодог

Хамгийн эртний үлгэр шиг нүүдэлчид

Гуниг шиг чимээгүй

Үүрийн цагаан гэгээнээр гэрээ буулгаж

Үүл шиг хөнгөн нүүж эхэлдэг

Шинэ модон тэрэгнүүд нүүдэлчдийг

Шивээтэй тал дээгүүр зөөж эхэлдэг

Ач хүүгээ араганд суулгасан өвгөн

Ачаа хөсгөө хөтөлсөөр явахад

Гүрнийг зорисон тэрэгнүүд өвгөнийг

Гүйцэж чадахгүй араас нь өнхөрдөг

Шамбалд хүрч чадахгүй шинэ модон тэрэгнүүд

Шаналан энэлэнтэй үлдэж хоцордог

Хамгийн эртний бодол шиг нүүдэлчид

Ганцаардал шиг чимээгүй

Хүлэглэгч үүлсийн доогуур

Хүний зовлонг эдэлж ирдэг

Ач хүү нь өвөөгөө тэнгэрт хүргэхээр

Ачаатай тэргээ хөтөлж явдаг

Дэндүү хүнд ачаатай тэргэний дугуйнд

Дэлхийн чулуу бутарсаар байдаг

Өвгөнийг очих газраа очиход

Өрөвдөлт хүүгийн араас модон тэрэг

Өнчин амьтан шиг дагасаар явдаг

Хамгийн эртний зүүд шиг нүүдэлчид

Хүсэл шиг чимээгүй

Үндэслэгч газар дээр гэрээ барьж

Үйлийн үрээ дахиад эхэлдэг

Хөхөө шиг үрээ тэвэрсэн өрөвдөлт хөвгүүн

Хөлөө газар дээр чанга гишгэхэд

Шинэ модон тэрэгнүүд аль хэдийн хуучраад

Шижир алт шиг байхаа болисон байдаг

Хөсөг тэрэгнүүд нүүсээр нүүсээр

Хөх чоно шиг болсон байдаг

2016-9-21

ТЭНГЭРИЙН
ДУУ

Тэнгэр дуугарч байна

Тэнгэр дүүрэн морьтой хүмүүс давхилдаж байна

Оддыг гартаа бамбар болгон атгасан морьтой хүмүүс

Огтхон ч зөрөлдөхгүйгээр

Харанхуй шөнийн тэнгэр дүүрэн

Халз урдаасаа давхилдаж байна

Тэнгэр дуугарч байна

Гүн хөх үүлс морьдын туурайнд

Гүүр шиг тачигнаж

Газаргүй хоосон тэнгэрт давхилдах морьтнуудын

Гартаа барисан бамбар харанхуйг шатааж байна

Эцсээ хүртэл давхилдах морьдын хөл юун дээр гишгэж байгааг

Эрээд олдохгүй зовлонтой байна

Тэнгэр дуугарч байна

Тэнгэрт морьтой хүмүүс давхилдаж байна

Цахилан эрчлэх тэнгис далайн

Цахлай хашгичсан хоёр эрэг мөргөлдөх гэж байгаа юм шиг

Өөд өөдөөсөө түмэн морьтон

Өндөр тэнгэр дүүрэн давхилдаж байхад

Зангирсан үүлсийн өчүүхэн чөлөөнд

Завь шиг бяцхан сүм

Сар хөвдөг тэнгэр дээр

Салхи түшин оршиж байна

Тэнгэр дуугарч байна

Тэнгэр дүүрэн морьтой хүмүүс давхилдаж байна

Ар нуруунаасаа оногдсон сумнуудаа сугалсан морьтнуудыг

Агаар мандал дээр алгаа хавсарсан хуварга ажиж байна

Оддыг бамбар болгон атгасан морьтнууд

Осолдохоор бие биерүүгээ давхилдах нь

Бүхнийг хуйлах хоёр их түймэр шиг

Бүгдийг хамах хоёр их үер шиг

Тэнгэр дуугарч байна

Тэнгэр цуурч байна

Тэнгэрээс бүх юм унаж байна

Харанхуй хөх үүлсийн цуурхай, аянгын завсар

Хавчуулагдсан эмээл бутарч үндэс рүү унаж байна

Ган дөрөөний хэлтэрхийнүүд энд тэнд нисэлдэж

Газрын ган руу жингэнэн унаж байна

Хурц улаан будаг цацсан юм шиг

Хувилгаан ламын орхимж цэцэг рүү унаж байна

Завь шиг жаахан сүм нурж

Залбирсан хүмүүс рүү унаж байна

Тэнгэрээс бүх унаж байна

Үүрдийн диваажинд үлдэж чадаагүй морьтнууд

Үнэг хайчлуулахаар эх хүн рүү хашгиралдан унаж байна

Хамгийн сүүлчийн мөч хүртэл давхилдаж

Хан тэнгэрийг цуурласан морьд

Азарга гүү хураах

Агшин руу янцгаалдан унаж байна

Тэнгэр дуугарч байна

Тэнгэрээс бүх юм унаж байна

Тэнгэр дуугарч байна

Тэнгэрээс морьтой хүмүүс

Монгол руу унаж байна

2017. О.Цэнд-Аюуш

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн шөнийн гудамж маргааш нээгдэнэ

Нийслэлийн анхны шөнийн гудамж маргааш нээгдэнэАялал жуулчлал өндөр хөгжсөн дэлхийн хотуудад шөнө нь өдөр мэт гэрэлтэх үзвэр, худалдаа үйлчилгээ төвлөрсөн шөнийн гудамжууд бий. Нью Йорк, Токио, Сеүл, Бээжин, Банкок, Куала-Лампур зэрэг хөгжилтэй хотуудын худалдаа үйлчилгээний шөнийн гудамж, захууд нь жуулчид амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, худалдаа үйлчилгээ авах бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлсэн байдаг. Улсын маань нийслэл Улаанбаатар ч дэлхийн томоохон хотуудтай эн зэрэгцэхүйц, аялал жуулчлалын төв болохоор зорьж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн аялал жуулчлал, бизнесийн төв болгох зорилтыг тусгасан. Энэхүү зорилтын хүрээнд Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн гэрэлт гудамж болгон тохижууллаа.

Циркийн уулзвараас “Наран плаза”-гийн уулзвар хүртэлх нийслэлийн анхны шөнийн гудамжны нээлт маргааш 21 цагаас болно. Тохижилт болон нээлтийн үйл ажиллагааны талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Соёл урлагийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэл өглөө.

Хуучнаар Сөүлийн гудамжны сул шороон хөрс бүхий талбайг хатуу хучилттай болгож явган замыг нэмэгдүүлэн, олон нийтэд зориулсан үзвэрийн дэлгэц, 400 хүний амралтын суудал бий болгожээ. Мөн ногоон байгууламжийн нөхөн сэргээлт, сэлгэлт, авто зам болон явган замын гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл зэрэг орчны тохижилтын ажлыг хийснийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр хэллээ. Шөнийн гудамж бүхэлдээ гэрэлтсэн байна. Дээгүүрээ гэрлэн таазтай байхаас гадна гудамжны хоёр тал тэр чигтээ гэрлэн чимэглэлтэй байх юм. Гэрэлтүүлгийн эффектүүдийг шинэчилж, орчин үеийн дизайныг бий болгосон байна.

Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн хэлэхдээ “Гудамжны нээлт маргааш буюу энэ сарын 8-ны пүрэв гарагт болно. Циркээс Brauhaus хүртэлх замыг хааж, 21:30 цагт албан ёсны нээлт эхэлнэ. Орчин үеийн хамтлаг, дуучдын болон жазз, сонгодог урлагийн тоглолт, гэрлэн шоу болно. Мөн бүх төрлийн худалдаа үйлчилгээ явагдана” гэлээ.

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх шөнийн гудамжийг аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор байгуулсаныг хэлээд “Бид цаашид шөнийн гудамжийг тэлэхээр төлөвлөж байна. Жуулчдаас гадна нийслэлийн иргэд, хүүхэд залуус энд амарч зугаалах, алжаалаа тайлах, урлаг соёлын тоглолт үзэх, амтат хоол зооглох, худалдаа хийх боломжтой” гэв хэмээн Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Та бүхэнд шөнийн гэрэлт гудамжны нээлтийн хураангуй хөтөлбөрийг хүргэж байна.

06 дугаар сарын 08

“ГУДАМЖНЫ НЭЭЛТИЙН ӨДӨР”

Жазз болон сонгодог урлагийн тоглолт

Гудамжны албан ёсны нээлтийн ёслол

Рок поп урлагийн тоглолт

Электро хөгжмийн шоу

06 дугаар сарын 09

“MUSIC FESTIVAL”-ийн нэрэмжит өдөр

Классик болон жазз хөгжмийн тоглолт

Жазз болон орчин үеийн урлагийн тоглолт

Электро хөгжмийн шоу

06 дугаар сарын 10

“NATIONAL FESTIVAL”-ийн нэрэмжит өдөр

Жазз хөгжмийн тоглолт

Жазз болон сонгодог урлагийн тоглолт

Үндэсний урлаг болон хувцас загварын шоу

06 дугаар сарын 11

“ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГ”-ийн нэрэмжит өдөр

Эцэг эхчүүд, хүүхэд багачуудын дунд уралдаан тэмцээн

Хүүхэд багачууд тоглож наадах тусгайлан бэлтгэсэн талбай

Жазз хөгжмийн тоглолт

Гадаадын хамтлагийн Жазз хөгжмийн тоглолт

Categories
мэдээ улс-төр

Хөдөлмөрийн Үндэсний намын даргаар Б.Найдалааг бүртгэлээ

Б.Найдалаа зурган илэрцүүд

Хөдөлмөрийн Үндэсний намын шинээр сонгогдсон намын даргыг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх өнөөдрын хуралдаанаараа хэлэлцлээ.

Хөдөлмөрийн Үндэсний намын Төв хорооны 2017 оны тавдугаар сарын 24-ний өдрийн хурлын гуравдугаар тогтоолоор намын даргаар Б.Найдалааг сонгосныг бүртгүүлэх хүсэлтээ тус намаас ирүүлсэн байна.

Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.