Categories
мэдээ нийгэм

Соёмбот ууланд ухсан газрыг нөхөн сэргээж дуусчээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол тушаал гарган Соёмбот ууланд газар ашиглаж байсан “Аялжуул” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан. Улмаар нөхөн сэргээх ажлыг тус компаниар хийлгэхээр болсон юм. Тэгвэл “Аялжуул” ХХК Соёмбот ууланд ухсан газарт нөхөн сэргээлт хийж дуусгажээ. Нөхөн сэргээх ажлын хүрээнд 1500м2 газрыг шороогоор дүүргэн тэгшилж дагтаршуулан, хуучин байдалд нь оруулж, дээр нь таван см-ын хар шороогоор бүрж, сайн чанарын зүлгэний үр суулган услаж бэлэн болгожээ. Түүнчлэн 40 ширхэг 1м-ийн өндөртэй буйлсан зулзаган мод тариалж, стандартын дагуу суулгасан байна.

Categories
мэдээ нийгэм

Сөүлийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хаана

Шөнийн гэрэлт гудамж төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тохижилт, худалдаа үйлчилгээний ажил хийгдэж байна.

Энэ ажлын хүрээнд 2017.06.07-ны өдрийн 20.00 цагаас 2017.06.08-ны өдрийн 06.00 цаг хүртэл агаарын гэрэлтүүлэгийн тоноглолын ажил хийх, 2017.06.08-ны өдрийн 16.00 цагаас худалдаа, үйлчилгээний асар байрлуулах, цахилгаан, хийн түлшний холболт хийх, төслийн нээлтийн үйл ажиллагааны бэлтгэлийг хангахын тулд Сөүлийн гудамжны замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаах гэж байна.

Иймд жолоочид дээрхи чиглэлээс бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Өнөөдөр Хойд Солонгос дахин пуужин харвав

Өнөөдөр өглөө Хойд Солонгос орон нутгийн цагаар 8.00 цагийн орчимд зүүн эргийн Вонсон орчмоос далавчит пуужин харвасан талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв. Уг мэдээллийг Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны мэргэжилтнүүд баталсан байна.

Хойд Солонгос хэд хэдэн ширхэг далавчит пуужин харваж, пуужингууд ойролцоогоор 200 км замыг туулсныхаа дараа Японы тэнгист унажээ. Пентагон “Хэдий эдгээр пуужингууд аюул занахийлэл учруулаагүй ч Хойд Солонгос олон улсыг дахин заналхийллээ” гэж мэдэгджээ.

Хойд Солонгос хамгийн сүүлд тавдугаар сарын 29-нд ойрын тусгалын баллистик пуужин туршсан юм. Уг пуужин зүүн зүгт 450 орчим километр зайг туулж, Японы тэнгисийн усанд хүрсэн байна. Үүний маргааш буюу 30-ны өдөр АНУ баллистик пуужинг амдаж устгах туршилтыг зохион байгуулсан юм. Туршилтын дараа Вашингтон өөрийгөө Хойд Солонгосын пуужингийн довтолгооноос хамгаалах чадвартай гэж мэдэгдэж байв. АНУ Солонгосын хойг орчимд их хэмжээний зэвсэг төвлөрүүлж, эдийн засгийн нэмэлт хориг арга хэмжээ аваад байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн байнгын хороо таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв

5 САЯ ЕВРОГИЙН НЭМЭЛТ ЗЭЭЛИЙН БОЛОН ТӨСЛИЙН ГЭРЭЭНИЙ ТӨСЛИЙГ ЗӨВШИЛЦӨХИЙГ ДЭМЖИВ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.06.07) хуралдаан 09 цаг 55 минутад 63.2 хувийн ирцтэйгээр эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Эхлээд 2017 оны тавдугаар сарын 29-ний өдөр Засгийн газраас ирүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн гэрээний төслийг хэлэлцлээ. Төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав.

Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Эрчим хүчний үр ашиг 1” хөтөлбөрийн хүрээнд Дарханы ДЦС-ын турбиныг шинэчлэх ажлыг 2012 оноос эхлэн хөнгөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа аж. Төслийн анхны хөрөнгө оруулалт 13.35 сая евро бөгөөд барилгын гүйцэтгэлийн 12 сая еврогийн өртөг бүхий гэрээг ОХУ-ын компанитай, 1.35 сая еврогийн зөвлөх үйлчилгээний гэрээг ХБНГУ-ын компанитай тус тус байгуулжээ. Төслийн анхны ТЭЗҮ-д нийт төсөвт өртгийг багаар тооцож гэрээ байгуулснаас төслийн гүйцэтгэлд хүндрэл учирсан байна. Нэмэлт санхүүжилтийн асуудлыг Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын 2014 оны хэлэлцээ, 2015 оны зөвлөлдөх уулзалтаар хэлэлцэн уг төсөлд шаардлагатай 11 сая еврогийн 4.5 сая еврог ХБНГУ-ын Засгийн газрын нэмэлт санхүүжилтээр шийдвэрлэж, холбогдох гэрээг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж 2016 онд байгуулжээ. Энэхүү төслийг бүрэн хэрэгжүүлэхэд шаардлагатай 11 сая еврогийн нэмэлт санхүүжилтийн Монголын талын хөрөнгө оруулалт 6.5 сая евро байснаас 1.5 сая евро буюу 3.45 тэрбум төгрөгийг 2017 оны төсөвт Эрчим хүчний сайдын багцад тусгасан байна. Монгол Улсын төсөв, санхүүгийн хүндрэлтэй байдал, Монголын талын хүсэлтийг харгалзан үлдэх 5 сая еврогийн санхүүжилтийг ХБНГУ-ын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр 2016 оны Засгийн газар хоорондын хэлэлцээний үеэр тохиролцсон байна. Энэхүү нэмэлт зээлийн санхүүжилтийн зээлийн хүү жилийн 2.0 хувь, хугацаа 30 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, хөнгөлөлтийн түвшин 36.7 хувь байх аж.

Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн гэрээний төслийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Хуралдаанаар үргэлжлүүлэн Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны үйл ажиллагааны тайланг сонслоо. Санхүүгийн зохицуулах хороо 2016 оны үйл ажиллагааныхаа 2017 нэгдүгээр улиралд багтаан гаргаж, УИХ-ын харъяалах Байнгын хороонд хүргүүлж, мөн олон нийтэд нээлттэйгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д тайлангаа танилцуулан, хэлэлцүүлсэн болохыг Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн танилцуулгынхаа эхэнд дуулгав. Монгол Улсын макро эдийн засаг 2016 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан, валютын ханш өссөн, эдийн засгийн өсөлт саарсан, ашигт малтмал, түүхий эдийн үнэ буурсан хүндхэн жилийг даван тууллаа. Банкнаас бусад санхүүгийн зах зээл 2016 онд 2.6 их наяд төгрөгт хүрч, дунджаар 20 хувиар өссөн ба уг өсөлтөд төрийн дэмжлэг, бодлого зохицуулалтын орчинд гарсан өөрчлөлт голчлон нөлөөлсөн. ДНБ-д эзлэх банкнаас бусад санхүүгийн зах зээлийн хэмжээ 10.9 хувь ба 2015 оны түвшнээс 1.7 хувиар нэмэгджээ. Зарим салбарын хувьд тоон үзүүлэлтүүд өссөн ч чанарын өөрчлөлт гарахгүй байгаа нь харагдаж байна. Энэ нь нийгэм эдийн засгийн өөрчлөлт, техник технологийн хурдцаас хамааран салбаруудын хууль, эрх зүйн орчныг тэдгээрт нийцүүлэх зайлшгүй шаардлагыг бий болгож байна. Үнэт цаасны зах зээлийн хөгжлийн үндсэн үзүүлэлтүүд болох зах зээлийн үнэлгээ, хөрвөх чадвар, хувьцааны арилжааны хэмжээ 2016 онд өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн байгаа нь манай улсын хөрөнгийн зах зээл дээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх сэргэн, зах зээлийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх боломж байгааг харууллаа. Салбарын бодит эдийн засагт үзүүлэх нөлөөллийг авч үзвэл, 2016 оны байдлаар даатгалын салбарын нийт актив ДНБ-ний 0.87 хувийг эзэлж байгаа нь өмнөх онтой харьцуулахад 27.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 2016 оны жилийн эцсийн байдлаар нэг хүнд ногдох даатгалын хураамжийн хэмжээ 36,700.0 төгрөг байгаа нь өмнөх оноос 1.4 хувиар буурсан байна. 2016 оны жилийн эцсийн байдлаар даатгалын салбарт Хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэй 17 даатгалын компани, 40 даатгалын зуучлагч компани, 31 даатгалын хохирол үнэлэгч компани болон даатгалын компанийн 242 салбар, 10 төлөөлөгчийн газар, даатгалын зуучлагч компанийн 208 салбар, даатгалын хохирол үнэлэгч компанийн 50 салбар, 2 төлөөлөгчийн газар тус тус үйл ажиллагаа явуулж байна. Даатгалын компаниудын нийт хөрөнгийн хэмжээ 2016 оны жилийн эцсийн байдлаар 208.4 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 35.2 тэрбум төгрөгөөр буюу 20.3 хувиар өссөн байна. Даатгалын салбарын үндсэн үзүүлэлтүүд сүүлийн жилүүдэд тогтмол өсөлттэй байгаа хэдий ч салбарын хөгжлийн гол хэмжүүрүүд болох даатгалын нэвтрэлт, нягтрал нь олон улсын дундаж түвшинтэй харьцуулбал доогуур, сүүлийн жилүүдэд өсөлт ажиглагдахгүй байна. Энэ нь иргэдийн санхүүгийн суурь боловсролыг нэмэгдүүлэх, даатгалын хүртээмжийг сайжруулах, даатгалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох орон зай байгааг илэрхийлж байна.

Банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг шинэчлэн тогтоож, тэдгээрийн хувь нийлүүлсэн хөрөнгийг үе шаттай нэмэгдүүлэх шийдвэртэй холбогдуулан ББСБ-уудын нийт актив 2016 оны эцэст 787.2 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд 2017 оны эцэст 26 хувиар өсөж 992.5 тэрбум төгрөгт хүрэх төсөөлөлтэй байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор банкнаас бусад санхүүгийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, салбарт эерэг үр дүн үзүүлнэ гэж үзэж байгаа аж.

2016 онд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх 34 тусгай зөвшөөрөл шинээр олгож, 7 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноор нийт 280 ХЗХ үйл ажиллагаа явуулж байна. Нийт хадгаламж, зээлийн хоршоодын 65.7 хувь буюу 184 нь Улаанбаатар хотод, 34.3 хувь буюу 96 нь орон нутагт үйл ажиллагаа эрхэлж байна. Тайлант жилд ХЗХ-ны тоо өмнөх оноос 10.7 хувиар, гишүүдийн тоо 18.0 хувиар, нийт активын хэмжээ 15.8 хувиар тус тус өссөн бөгөөд активын 74.9 хувийг зээлийн багц эзэлж байна. Нийт актив болон зээлийн банкны салбарт эзлэх хувь өсөж байгаа нь “Бичил бизнесийг дэмжих ядуурлыг бууруулах Нийслэлийн хөтөлбөр”-т 123 ХЗХ хамрагдсантай холбоотой бөгөөд банк, ББСБ, төсөл хөтөлбөрөөс авсан зээлийн хэмжээ 15.5 тэрбум төгрөгт хүрсэн байна. 2016 онд ХЗХ-дын тоо өмнөх оноос 10.7 хувиар, гишүүдийн тоо 18.0 хувиар, нийт активын хэмжээ 15.8 хувиар тус тус өссөн байна. Нийт активын болон зээлийн хэмжээ өсөж банкны салбарт эзлэх хувь нь тус бүр 0.1 хувиар өссөн нь “Бичил бизнесийг дэмжих ядуурлыг бууруулах Нийслэлийн хөтөлбөр”-т 123 ХЗХ хамрагдсантай холбоотой бөгөөд төсөл хөтөлбөрөөс авсан зээлийн хэмжээ 15.5 тэрбум төгрөгт хүрсэн байна. Мөн ХЗХ-ны салбарын нийт активын хэмжээ 2016 оны II улирлаас эхлэн 100 тэрбум төгрөгийг даваад байгаа нь салбарын хувьд анхны тохиолдол юм.

Банкнаас бусад санхүүгийн салбарын нэгдсэн зохицуулалт, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх чиг үүргийнхээ хүрээнд Хороо нь өнөөгийн байдлаар Монгол Улсын 18 хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган үйл ажиллагаандаа удирдлага болгон ажиллаж байна. Хороо нь холбогдох хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийн хүрээнд зохицуулалтад хамаарагдах нийт 302 хувьцаат компани, 62 үнэт цаасны компани (ҮЦК), 17 даатгалын компани, 40 даатгалын зуучлагч компани, 31 даатгалын хохирол үнэлэгч компани, 3091 даатгалын төлөөлөгч, даатгалын байгууллагад аудит хийх эрх бүхий 42 аудитын компани, 518 ББСБ болон 280 ХЗХ зэрэг нийт 1324 зохицуулалттай хуулийн этгээдийг санхүү, төлбөрийн чадвар, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийн биелэлтэд зайнаас болон газар дээрх хяналт шалгалтыг хийж, илэрсэн зөрчил дутагдалд хууль тогтоомжид заасан арга хэмжээ авч, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр хүлээсэн үүргийг хэрэгжүүлэн, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор зохицуулалтын салбар чиглэл тус бүрээр тодорхой ажлуудыг хийж байна. Санхүүгийн зохицуулах хорооны хариуцах чухал асуудлын нэг болох санхүүгийн хүртээмжийн тухайд тэрбээр мэдээллээ үргэлжлүүлсэн. Дэлхийн банкнаас гаргасан “Глобаль Финдекс”-ээр Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 92 хувь нь банкинд данстай байгаа. Энэ нь өндөр хөгжилтэй орнуудын үзүүлэлттэй ойролцоо байгаа хэдий ч иргэд шаардлагатай үедээ хэрэгцээтэй үйлчилгээгээ хямд өртгөөр, шуурхай авч чадаж байгаа эсэхэд үндэслэн бодит байдал дээр санхүүгийн хүртээмж хангалтгүй байгаа хэмээн дүгнэсэн аж. Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн 2016 оны наймдугаар сард ажиллаж эхлээд төрийн албан цомхон, чадварлаг, ачаалал даах чадвартай, мэргэжлийн байх зорилгын хүрээнд байгууллагадаа шинэчлэл хийсэн гэв.

Шинэчлэл хийхээс урьд тус хорооны үйл ажиллагааны үндсэн чиглэл нь бүртгэл, зөвшөөрөл олгох, түүнээс улбаалан хяналт тавих зорилтыг хэрэгжүүлдэг байсныг өөрчилж, судалгаанд суурилсан бодлого, зохицуулалт болон мэдээллийн нэгдсэн санг хөгжүүлж, бүртгэл зөвшөөрлийн чиглэлээсээ бодлогоор зохицуулдаг байгууллага болохоор дунд болон урт хугацааны стратегийн зорилтдоо тусган хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл өглөө. Хорооны нэгжүүдийн чиг үүргийн давхардлыг арилгах, зардал хэмнэх, ачааллыг нягтруулах зорилгоор бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн. Энэ хүрээнд Гадаад харилцаа хамтын ажиллагааны газар, Судалгаа эрсдлийн шинжилгээний хэлтсийг байгуулжээ. Удирдлагын бүтцийг гурав дахин бууруулж, дотоод зохион байгуулалтыг холбогдох хууль, журамд нийцүүлсэн байна. Үргэлжлүүлэн тэрбээр Санхүүгийн зохицуулах хорооны төсвийн санхүүжилтийн талаар дэлгэрэнгүй танилцуулав. 2013 оноос хойш Санхүүгийн зохицуулах хорооны төсөв тогтмол буурсаар 2017 онд 2.4 тэрбум төгрөгт хүрсэн аж. Мөн 2017 онд Санхүүгийн зохицуулах хороонд ямар нэг олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжихгүй юм байна. Гэтэл санхүүгийн салбарын ачаалал жил бүр нэмэгдэж байгаа аж. Тодруулбал, 2013 онд тусгай зөвшөөрөл бүхий 813 аж ахуйн нэгжид зохицуулалт хийж байсан бол өдгөө 2067 аж ахуйн нэгжид зохицуулалт хийн ажиллаж байгаа юм байна. 2016 оны эцсийн байдлаарх энэхүү тоон дүнг салбараар нь ангилж үзвэл үнэт цаасны 524, даатгалын 131, банк бус санхүүгийн байгууллага 518, хадгаламж зээлийн хоршоо 280, салбар төлөөлөгчийн газар 614 багтаж байгаа гэлээ.

Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, зохицуулалтын болон хяналт шалгалтын үйл ажиллагаагаа олон улсын түвшинд хүргэх, мэдээлэл солилцох зорилгоор 2016 онд хийж гүйцэтгэсэн ажлуудын талаар тайлагнасан. Төсгөлд нь Санхүүгийн зохицуулах хороо нь цаашид хууль, эрх зүйн зохицуулалт, хяналтын орчныг сайжруулах, зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх, мэргэжлийн оролцогчдыг чадавхжуулах, шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлж, санхүүгийн хүртээмжийг сайжруулах, санхүүгийн үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, олон улсын байгууллагуудтай ажиллахаар төлөвлөн үйл ажиллагаагаа явуулж байгаа талаар мэдээлэв.

Дараа нь Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцүүлэгт бэлтгэх, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Ундармаа танилцууллаа. Ажлын хэсэг хоёр удаа хуралдсан бөгөөд тайланг олон нийтэд нээлттэй хэлэлцүүлсний үр дүнд тодорхой болсон зарим асуудлуудыг нягтан судалж, Ажлын хэсгийн гишүүдээс гаргасан саналаар Байнгын хорооны шийдвэрийн төслийг боловсруулсан байна.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Жавхлан, Д.Дамба-Очир, Л.Болд Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авсан. Монгол Улсын санхүүгийн зах зээл ДНБ-ий ердөө 4 хувийг эзэлж байгаагийн 3.2 хувийг нь банкны салбар эзэлдэг. Өөрөөр хэлбэл бизнесийн сонирхолыг татахааргүй зах зээл учир үүнийг тэлж, хамгийн багадаа ДНБ-ийнхээ 8-10 хувьд хүрсэн, бизнесийн сонирхолыг татахуйц ашигтай зах зээл болгон хөгжүүлэхэд Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Сангийн яамны бодлого чиглэж байх ёстой гэдэг саналыг гишүүд илэрхийлж байв. Үүний тулд хууль эрх зүйн орчныг эрс өөрчлөх, хөрөнгийн зах зээлийн бүтцийг зах зээлийн зарчмаар саадгүй ажиллах боломжийг бүрдүүлэх, энэ салбар дахь төрийн захиргааны байгууллагуудын давхардалыг арилгах шаардлагатай гэлээ. Түүнчлэн банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн санг шинэчилж 2.5 тэрбум төгрөг болгосон нь томоохон байгууллагуудын эрх ашгийг хамгаалж, шинээр банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулах боломжийг хумьсан шийдвэр байсныг шүүмжилж байв. Үүний зэрэгцээ санхүүгийн үйлчилгээ үзүүлж буй ломбардын үйл ажиллагаанд цагдаагийн байгууллага бус Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавих шаардлагатай, тэдгээрийн үйл ажиллагаатай холбоотой хуулийн төслийг боловсруулах шаардлага бий гэдэг саналыг хэлсэн.

Мөн Санхүүгийн зохицуулах хороо нь банкны салбарт түгжигдээд байгаа капитал, гадаадаас орж ирж буй капиталын нэмэлт урсгалуудыг хэрхэн хөрөнгийн зах зээл рүү оруулах, банкны зах зээл болон хөрөнгийн зах зээлийн тэнцвэрийг хангах чиглэлээр бодлогын ямар арга хэмжээ авч ажиллах боломжтойг тодорхойлон, үүний тулд эрх зүйн ямар өөрчлөлт хийх талаар тодорхой санаачилга гарган, үйл ажиллагааны цар хүрээгээ том зургаар харж ажиллах шаардлага бий хэмээн хэлж байв. Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д “Байнгын хороо тайланг хэлэлцсэний үндсэн дээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зөрчил дутагдлыг засах, ажлаа эрчимжүүлэх чиглэлээр тайлагнасан байгууллагад чиглэл өгсөн тогтоол гаргаж болно” гэж заасны дагуу боловсруулан тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Дараа нь чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолыг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 85.7 хувийн саналаар дэмжлээ.

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ 2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЭВ

Мөн өдрийн хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв. Тайлант онд Үндэсний статистикийн хороо нь Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгдэж, 2016 оны долдугаар сар хүртэл Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар болж хамтран ажилласан талаар Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа танилцуулгынхаа эхэнд хэллээ.

Статистикийн салбарын хэмжээнд 2016 онд төрийн мэдээллийн нэгдсэн сангуудын уялдааг хангах замаар мэдээллийн зөрүүг багасгаж, хэрэглээг өргөжүүлэх, Монгол Улсын статистикийн салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулах зорилтуудыг дэвшүүлжээ. Энэ хүрээнд 2017-2020 онд статистикийг хөгжүүлэх үндэсний гурав дахь удаагийн хөтөлбөрийг холбогдох баримт бичигт нийцүүлэн боловсруулж батлуулсан байна. Бүртгэлд суурилан явуулсан хүн ам, орон сууцны 2015 завсарын тооллогын үр дүнг нэгтгэн хэрэглэгчдэд түгээжээ. Аж ахуйн нэгж байгууллагын ээлжит тооллогыг уламжлалт болон цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулсан аж. Монгол Улсын хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн дагуу 2016 мөрдөх хүн амын амьжиргааны доод түвшний тооцоог таван бүсээр тооцон гаргажээ. НҮБ-аас баталсан “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын шалгуур үзүүлэлтүүд, түүнийг тооцох арга зүй, мэдээллийн эх үүсвэрт үнэлгээ хийж, тус зорилтыг хэрэгжүүлэхтэй холбоотой ажлуудыг эхлүүлсэн байна. Ногоон хөгжлийн бодлогыг тодорхойлох үзүүлэлтүүдийн системийг бүрдүүлж, байгаль орчны анхдагч суурь данс болон материал урсгалын дансыг анх удаа байгуулжээ. Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа үргэлжлүүлэн статистикийн байгууллагын мэдээ, мэдээллийг олон нийтэд түгээсэн үйл ажиллагааны талаар, тулгарч буй хүндрэл, мөн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, нэгжийн талаар болон төсөв санхүүгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй тайланг танилцууллаа.

Үндэсний статистикийн хорооны 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцүүлэгт бэлтгэх, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хийлээ. Ажлын хэсэг нэг удаа хуралдан Үндэсний статистикийн хороонд өнгөрсөн оны тайлантай холбогдуулан тодорхой чиглэл өгсөн бөгөөд Байнгын хорооны шийдвэрийн төсөл боловсруулах шаардлагагүй, хуралдааны тэмдэглэлээр чиглэл өгөх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Үндэсний статистикийн хорооны 2016 оны үйл ажиллагааны тайлан болон Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Д.Эрдэнэбат, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авлаа. Статистикийн дүн мэдээг бүх нийтээрээ ашиглах хэвшлийг бий болгох, мэдээллийг хүртээмжтэй, үр ашигтай болгох тал дээр Үндэсний статистикийн хороо ажиллах шаардлагатай гэдэг саналыг гишүүд хэлж байв. Түүнчлэн хөгжлийн суурь болох статистикийн дүн мэдээг анхан шатнаас нь үнэн бодитоор гаргахын тулд тус байгууллагын бүтэц, тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр дэмжих шаардлагатай гэдэг байр суурийг Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва илэрхийллээ. Ингээд Үндэсний статистикийн хорооны 2016 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан ДНБ, ажилгүйдэл, инфляци, ядуурлын түвшин зэрэг улс орны эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлыг илэрхийлдэг статистикийн мэдээллийн чанар, үнэн бодитой байдлыг хангах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах, статистикийн мэдээллийн үнэн бодитой байдалд тавих хяналтын тогтолцоог сайжруулах талаар судалж, санал боловсруулан Байнгын хороонд танилцуулах, статистикийн мэдээлэл ашиглах хэрэглэгчдийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх, төрийн албаны залгамж чанарыг алдагдуулахгүй байхад анхаарах хэмээн Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Үндэсний статистикийн хороонд чиглэл өгөхөөр шийдвэрлэлээ.

БАЙНГЫН ХОРООНЫ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ БАТЛАВ

Үүний дараа Үндэсний хөгжлийн газрын даргын мэдээллийг сонссонтой холбогдуулан Байнгын хорооноос гарах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсов. УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцуулга хийлээ. Ажлын хэсэг шийдвэрийн төслийн талаар нухацтай хэлэлцсэн бөгөөд салбарын яамд, мэргэжилтнүүд, судлаачдын саналыг харгалзан үзсэн байна. Манай улс холбогдох эрх зүйн баримт бичгийг баталж, хөгжлийн эрх зүйн орчноо тодорхойлсон бөгөөд тэдгээрийг хэрэгжүүлэхийн тулд гүйцэтгэлийн механизмийг оновчтой тогтоох, төрийн институциудыг чадавхжуулах, хариуцлага, санаачилгатай ажиллуулах, уялдаа холбоогүй, салан задгай, тооцоо судалгаагүй, урсгал байдлыг халах шаардлагатай хэмээн Ажлын хэсэг дүгнэсэн байна. Иймд Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны есөн заалт бүхий тогтоолын төсөл боловсруулжээ. Улс орны хөгжлийг урт, дунд хугацаанд төлөвлөх замаар үндэсний нэгдмэл стратегийг хангах, салбар хоорондын тэнцвэрт байдлыг хадгалж, зохицуулах үүрэгтэй гүйцэтгэх засаглалын бүтцийг бий болгон бэхжүүлэх эрх зүйн орчныг сайжруулах, хөгжлийн тэрүүлэх салбаруудын эрэмбэлэх тооцоо, эдийн засаг, нийгмийн өндөр ач холбогдол бүхий хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх суурь механизмийг боловсронгуй болгож чадавхжуулах, ниймгийн салбарын үр ашгийг дээшлүүлэх, дундаж давхаргыг бэхжүүлэх, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, төлөвлөлт удирдлагын нэгдмэл тогтолцоог бүрдүүлэх чиглэлд ач холбогдол өгч Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсан талаар Б.Баттөмөр гишүүн танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Жавхлан нар асуулт асууж, Үндэсний хөгжлийн газрын удирдлагуудаас хариулт авсан юм. УИХ-ын гишүүн Б.Жавхлан Монгол Улс эдийн засгийн коридор төсөлд онцгой ач холбогдол өгч, Үндэсний хөгжлийн газар бодлогоор энэ төслийг хариуцан, түлхүү анхаарч ажиллах шаардлагатай гэдэг саналыг хэллээ. Ийнхүү Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжин батлав.

“МОНГОЛБАНКАНД ХИЙСЭН ШАЛГАЛТТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2017 оны тавдугаар сарын 30-ны Мягмар гарагийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2017 оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн “Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа өнөөдөр дууссан тул хуралдаанаар дээрх УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хэлэлцэж буй тогтоолын төсөлтэй холбогдуулан мэдэгдэл гаргах ёстой гэж УИХ дахь АН-ын бүлэг үзсэн. Дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд албан ёсоор хүргүүлнэ. Ажлын хэсэг шалгалт хийхдээ Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 3 дугаар зүйл “…Монгол Улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагыг Монгол Улсын Төв Банк гэнэ..” гэснийг, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т “Улсын Их Хурал Монголбанкны үйл ажиллагаа хууль тогтоомжтой нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, энэ хуулийн 27.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийн 4 дэх заалт, 30 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт заасан тайлан, танилцуулгатай танилцах бөгөөд ингэхдээ төрийн мөнгөний бодлого хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нь оролцохгүй” гэсэн заалтыг тус тус зөрчиж, Төв банкны хуулиар хамгаалагдсан хараат бус байдалд халдаж мөнгөний бодлогыг хэрэгжүүлсэн бодлогын арга хэрэгслийг нь үгүйсгэн, жил бүрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг баталж байсан УИХ-ын шийдвэрийн мөн чанарыг ойлголгүй, тэдгээрийг хэрэгжүүлсэн Монголбанкны дотоод үйл ажиллагааг арилжааны банктай адилтган үзсэн мэргэжлийн бус дүгнэлт гаргасан” хэмээн мэдэгдэж холбогдох тайлбаруудыг хийлээ. Үүний дараа Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд хийсэн Ажлын хэсгийн шалгалтын дүгнэлт, тус дүгнэлтэд дурдагдсан зарим мэдээллийн талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү, З.Нарантуяа, Д.Дамба-Очир нар лавлан асууж, Ажлын хэсгээс хариулт авлаа. Мөн тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.

Дараа нь “Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд УИХ-ын дээрх тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжив хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг дэмжив

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2017.06.07) хуралдаан 14 цаг 47 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, зургаан асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас өнгөрсөн сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг энэ сарын 02-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан асуулт асууж тодруулсан бөгөөд үг хэлэх гишүүн гарсангүй. Түүнчлэн гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжив.

Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал, зарчмын зөрүүтэй саналын томьёолол гарсангүй. Харин Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг гишүүдийн 90 хувь нь дэмжсэн юм.

Иймээс Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хуулийн төслүүдийг хэлэлцүүлж батлуулахаар тогтов.

ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР, ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНИЙ ТӨСЛИЙГ ЗӨВШИЛЦӨВ

Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Засгийн газраас өнгөрсөн сарын 29-ний өдөр ирүүлсэн уг хэлэлцээр, Нэмэлт зээлийн болон төслийн гэрээний төслийн талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан юм.

Сайд танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, “Эрчим хүчний үр ашиг-1 хөтөлбөр”-ийн хүрээнд 2012 оноос ХБНГУ-ын Сэргээн босголт, хөгжлийн банкны 10.5 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээл, Монгол Улсын Засгийн газрын 2.85 сая еврогийн хөрөнгө оруулалт, нийт 13.35 сая еврогийн санхүүжилтээр “Дарханы дулааны цахилгаан станцын турбины шинэчлэл” төслийг хэрэгжүүлж байгаа. Гэвч уг төслийг бүрэн хэрэгжүүлэхэд хүндрэл учирсан тул 11 сая еврогийн нэмэлт санхүүжилт хийх зайлшгүй шаардлагатай байгааг дурдав.

Иймээс уг төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтийн нийт 6.5 сая еврогоос 1,5 сая еврог нь улсын төсвийн санхүүжилтээр шийдвэрлэж, үлдэх 5 сая еврог ХБНГУ-ын зээл хөрөнгөөр санхүүжүүлэхээр 2016 оны 11 дүгээр сард зохион байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрээр тохиролцжээ. Энэхүү 5 сая еврогийн санхүүжилтийг “Эрчим хүчний үр ашиг-1 хөтөлбөр”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн хоёр дахь гэрээний хүрээнд шийдвэрлэхээр төлөвлөж байгаа аж. Зээл нь жилийн 2,0 хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатай, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 10 жилийн нөхцөлтэй байх аж.

Засгийн газар хоорондын энэхүү хэлэлцээр, Нэмэлт зээлийн болон төслийн гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн тухай санал, дүгнэлтээ ирүүлсэн байна.

Сайдын танилцуулга, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Ж.Энхбаяр нар Сангийн сайд болон хуралдаанд оролцсон Эрчим хүчний яам, Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд, “Дарханы дулааны цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанийн удирдлагуудаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм.

“Дарханы дулааны цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Н.Чимиддорж гишүүдийн асуултад “Тус станц нь Дархан, Сэлэнгийн районыг цахилгаанаар, Дархан хотыг дулааны эрчим хүчээр хангаж, улмаар манай улсын төвийн эрчим хүчний системийг бүрдүүлдэг нэг үндсэн эх үүсвэр нь болдог. Дархан хотыг бүхэлд нь хэрэглээний халуун ус, дулаацуулгаар бүрэн хангаж байгаагийн зэрэгцээ үйлдвэрүүдийг шаардлагатай технологийн хэрэгцээний уураар хангадаг. 2012 оноос ХБНГУ-ын хөнгөлттэй урт хугацааны зээлийн хөрөнгөөр суурилагдсан хүчин чадлаа өргөтгөх шинэчлэлийн ажил хийгдэж байгаа. Гэвч төсөл хэрэгжүүлэх тендерт шалгарсан ОХУ-ын компанийн удирдлага удаа дараа солигдож, маргаантай асуудал үүссэн учраас тендер цуцлагдсан. Гэхдээ гэрээний дагуу бүх тоног төхөөрөмжөө ОХУ-аас татаж авсан” гэсэн хариулт өгөв. Мөн Эрчим хүчний яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Б.Сугар анх энэ гэрээг 2013 онд байгуулсан, түлхүүр гардуулах нөхцөлтэй, санхүүжилтийн төсөл нь ТЭЗҮ дээр тулгуурлаж хийгдсэн гэрээ байсан. Үйлдвэрийн бүх тоног төхөөрөмжөө ОХУ-аас захиалж татаж авсан. Одоо зураг төсөл нь тодорхой болсон учраас санхүүжилтийн дүн өөрчлөгдөхгүй. Санхүүжилтийн асуудал шийдэгдсэнээр 2018 оны 6 дугаар сар гэхэд станцын өргөтгөлийн ажлыг бүрэн дуусгах боломжтой гэсэн хариулт өгөв.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжиж, Засгийн газарт гарын үсэг зурахыг зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн тул энэ талаархи Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр болов.

ТӨСЛИЙН НЭМЭЛТ САНХҮҮЖИЛТ, ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ДЭМЖЛЭЭ

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Засгийн газар хоорондын төслийн санхүүжилт болон зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ.

Эхлээд Засгийн газраас энэ сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулсан “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан юм.

Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн санхүүжилтээр “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийг 2011-2017 оны хооронд хэрэгжүүлжээ. Уг төслийн хүрээнд Архангай, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий аймгаас сонгож авсан 89 сум хамрагдаж, нийтдээ 120 бэлчээрийн малчны бүлэг, 455 эмэгтэйчүүд давамгайлсан бүлэгт дэмжлэг үзүүлсэн байна.

Төслийн эхний үр дүнд үнэлэлт дүгнэлт өгсний үндсэн дээр төслийг цаашид үргэлжлүүлж бусад аймаг, сумдыг хамруулах, үр өгөөжийг нь дээшлүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах үүднээс төслийн нэмэлт санхүүжилт болох 9,06 сая ам.долларын санхүүжилтийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

Төслийн нэмэлт санхүүжилт нь нийт 9.06 сая ам.долларын хэмжээтэй, жилийн 1.25 хувийн хүүтэй, үйлчилгээний шимтгэлийн хэмжээ нь 0,7 хувь бөгөөд эргэн төлөх хугацаа нь 25 жил, үүнээс эхний 5 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм байна.

Энэхүү төсөл нь төсөлд хамрагдсан аймаг, сумдад нэмүү өртгийн сүлжээг бий болгох замаар ядуу иргэд болон малчдын амьжиргааг сайжруулж, ядуурлыг бууруулах үндсэн зорилготойг Сангийн сайд танилцуулгадаа онцоллоо.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд төслийн зориулалт, зарцуулалт, үр өгөөжийг хэрхэн тоооцож төлөвлөж байгаа талаар асуулт асууж тодруулсан юм. Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн гишүүний асуултад өгсөн хариултдаа, одоо хэрэгжээд дуусч байгаа төслийн нэгж дээр үр дүнг нь үнэлж дүгнэн төслийн менежментийг өөрчлөх саналаа Сангийн яаманд хүргүүлсэн. Энэ нь манай салбарын тухайд хамгийн үр дүнтэй, үлдэцтэй сайн төсөл байсан тул цаашид үргэлжлүүлж хэрэгжүүлэх санал тавьж тодорхой хэмжээний санхүүжилт авахаар тохиролцоод байгаа.

Өмнөх төслийг авах үед Байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу өгөөж, үр ашгийг нь дээшлүүлэхэд анхаарч, тодорхой ахиц гаргасан. Нэмүү өртгийн сүлжээ бий болгох, бэлчээрийн менежментийг сайжруулах, эрсдэл даах чадварыг дээшлүүлэхэд анхаарахын зэрэгцээ Засгийн газрын мөрийн хөтөлбөр, яамны бодлогыг хэрэгжүүүлэхтэй төслийг нягт уялдуулна, түүнчлэн түүхий эд бэлтгэлийн уламжлалт тогтолцоог сэргээж бүрдүүлэхэд анхаарахаар төлөвлөж байгаа гэдгийг хэллээ.

Харин Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж, салбарын бодлого нь төсөв санхүүтэйгээ уялдаж нийцдэггүй салангид байдлыг засах, зээлийн хөрөнгийг үр ашигтай, хэрэгжих боломжтой, үлдэцтэй, нэн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах талаар Засгийн газар, Сангийн яам, салбарын яамд анхаарч ажиллах, ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, аюулгүй хүнсээр иргэдээ хангах, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх чиглэлд салбарын яам онцгой анхаарч бүтэц, тогтолцоогоо эргэж харах, энэ үүднээс салбараас хийж хэрэгжүүлэх бодлогын асуудлаа цогцоор нь харж Байнгын хороонд оруулах чиглэлийг салбарын сайдад өгөв.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулсан “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ.

Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын хөнгөлөлттэй зээлийн Ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Засгийн газраас энэ сарын 02-ны өдөр ирүүлсэн уг хуулийн төслийн талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импортын банк хоорондын 1.0 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулж, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улсын Их Хурлаар соёрхон баталсан. Энэхүү зээлийн хэлэлцээр нь 20 жилийн хугацаатай, жилийн 2 хувийн хүүтэй, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 7 жил байх үндсэн нөхцөлтэй юм.

Өмнө нь Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл тус бүрийн 85 хувийг БНХАУ-ын Засгийн газар, 15 хувийг Монгол Улсын Засгийн газар санхүүжүүлэх нөхцөлтэй байсныг өөрчлөх талаар яриа хэлэлцээ хийсний үр дүнд БНХАУ-ын Засгийн газраас санхүүжүүлэх хэмжээг 95 хувь болгож нэмэгдүүлэхээр талууд тохиролцжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдааны санал, дүгнэлт, Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 81 дүгээр захирамжийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй Зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Б.Чойжилсүрэн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр гарын үсэг зурж байгуулсан байна.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, О.Содбилэг, Л.Болд, Т.Аюурсайхан, Ж.Энхбаяр нар Ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан юм. Сангийн сайд Б.Чойжилсүрэн гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, энэхүү зээлийн дүнг дунд хугацааны төсвийн төсөөлөл болон төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан, мөн өрийн шалгуур үзүүлэлтэд багтаж байгаа. Зээлийн хөрөнгийг улс орны эдийн засагт чухал ач холбогдолтой зарим томоохон төслүүдийг санхүүжүүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байгааг дурдлаа. Мөн өмнөх Засгийн газрын үед байгуулсан хэлэлцээрээр зээлийн нийт санхүүжилтийн 85 хувийг БНХАУ гаргахаар тохирсон байсныг манай талын хүсэлтээр өөрчилж 95 хувь болгосон нь манайхаас гаргах хөрөнгө зардлыг хэмнэж, орж ирэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ач холбогдолтой болсныг хэллээ.

Харин хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Болд, Б.Энх-Амгалан нар зээлийн хэрэгжилт удаашралтай, цаг их алдаж байгаад Засгийн газар анхаарах, түүнчлэн зээлийг үр ашигтай, өгөөжтэй, үлдэцтэй, аль болох нэмүү өртөг шингэсэн, ажлын байр бий болгох төсөл, хөтөлбөрт зарцуулах шаардлагатайг хэлж байв.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын хөнгөлөлттэй зээлийн Ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо.

Эцэст нь Засгийн газраас энэ сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Ард Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Польш Улсад 2013 онд хийсэн айлчлал болон хоёр улсын Засгийн газар хоорондын уулзалт, яриа хэлэлцээг үндэслэн Польш Улсын Засгийн газраас 50 (тавин) сая еврогийн экспортын зээлийг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын “нөхцөлт тусламж” /tied aid/ буюу “экспортын зээл”-ийн журмын дагуу манай улсад олгохоор шийдвэрлэжээ. Энэхүү экспортын зээл нь 50 сая еврогийн хэмжээтэй, жилийн 0,15 хувийн хүүтэй, 28 жилийн хугацаатай бөгөөд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 5 жил байх аж.

Дээрх зээлийн нөхцөл нь 2014 онд тохиролцсон нөхцөлөөс сайжирсан бөгөөд зээлийн хугацаа 25 жил байсныг 28 жил, төслийн гэрээний үнийн дүнгийн 95 хувийг санхүүжүүлнэ гэснийг 100 хувь зээлээр санхүүжүүлэхээр тохиролцож хэлэлцээрийн төсөлд тусгасан гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдлаа.

Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Ж.Энхбаяр нар асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Сангийн сайд Б.Чойжилсүрэн гишүүдийн асуултад энэ зээлд удирдлагын зардал, зөвлөх үйлчилгээ зэрэг шаардлагууд тавигдаагүй. Харин бараа, үйлчилгээний 60 хувь нь Польшийн гаралтай байх нөхцөлтэй. Зээлийн хөрөнгөөр эхний ээлжинд хөдөө аж ахуй, дэд бүтэц, боловсрол, байгаль орчныг хамгаалах салбарын төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр урьдчилсан байдлаар тохиролцоод байгаа. Энэ чиглэлээр судалгаа тооцоо хийгдэж байгаа, хэлэлцээр соёрхон батлагдсаны дараа Засгийн газар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг нарийвчлан авч үзнэ гэсэн хариулт өгөв.

Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн тус яамны тухайд энэхүү зээлийн хөрөнгөөр хөдөө аж ахуй, газар тариалангийн зориулалттай бага, дунд оврын техник, тоноглол авах, тэдгээрийг засварлах үйлдвэр байгуулах, Орхон, Улаанбаатарт хөдөө аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүн, жимс жимсгэний механикжсан зоорь, бөөний худалдааны төвүүд байгуулах, Ховд аймагт тариалж байгаа чихрийн манжингийн тариалалтыг түшиглэн элсэн чихэр үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлэх саналаа Сангийн яаманд өгөөд байгааг хэллээ.

Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Б.Энх-Амгалан нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Ард Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бургас хядаж, Туулыг сэглэж буй үйлдэл Төрийн гурван өндөрлөгийн зорчдог улаан зам дээр болдог

“Байгаль дэлхийгээ хайрлах ёстой” гэж гүрээнийхээ судсыг”тасартал” орилдог хүмүүс ихэвчлэн улстөрчид. Тэглээ гээд байгалиа хайрлаад байгаа нь амлалт шигээ нүдэнд харагдахгүй нь тиймхэн л дээ. Улаанбаатар хот хүрээгээ тэлж хөгжих ёстой. Гэхдээ голын бургасыг үй түмээр нь хядаж, Туул голоо сэглэж, төнхөж лав биш. Сар гаруйн өмнөөс “Зүүнбаян рэйфанери” компани маршалын гүүрний зүүн талд буюу Их тэнгэрийн амны зүүн хойно томоохон хэмжээний газар хашаалан бургас, зүлэг ногоог хүчит техникээр булга татан барилга барихаар ажлаа эхлүүлээд байна. Ёстой “Орвонгоор нь эргүүлнэ” гээч л маршалын гүүрний зүүн талд Туулын хөвөөнд болж байна. Усны ундарга Туул голын эргээс 10 хүрэхгүй шахам метрийн зайд, Төрийн гурван өндөрлөгийн өглөө, оройдоо ажилдаа зорчдог улаан зам дээр байгаа “хядлага” явагдаж байгаа юм. Тэдний зорчдог замын зүүн талд ердөө тавхан алхамын зайд болж байгаа дүр зураг юм л даа. Туулын эргийг хашаалж хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг үйлдэл гагц ганц энэ биш. Өдөр бүр нүднийх нь өмнө болж байгаа хууль бус эрээ цээргүй иймэрхүү үйлдлийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав харж л байгаа. Төрийн гурван өндөрлөг хуулийг хэлбэрэлтгүй сахидаг, бусдыг сахиулдаг, бурууд нүд хурц хүмүүс байх ёстой. Үүрэг нь тийм юм. Ард түмэн тэднийг хуулиа сахидаг, хуулийг сахиулдаг, бурууд хазаар болж, зөвд дэм болж яваасай гэж хүсдэгийн шалтгаан энэ. Тэгж ч итгэж ирсэн. “Зүүнбаян рэйфанери” компанийн эрээ цээргүй энэ үйлдлийг харсаар байж яагаад ямар ч арга хэмжээ авахгүй байна вэ.

Төрийн гурван өндөрлөг ямар учиртай бургас хядан, голын ай савыг ухаж байгааг салбарын сайд, туслахуудаа дуудаад асуу л даа. Бүр болдоггүй юм бол ажилдаа явах замдаа л түр зосгоод асуулгачих. Монголчуудын амьдрал, жаргал, зовлон тэдэнд ямар ч хамаагүй болчихсон юм уу. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нь дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч, хуулийг уландаа гишгэж байгаа үйлдлийг таслан зогсоохгүй болохоор Богд Хан уулын дархан цаазат газрын “хөөрхий” хамгаалагчдад хэн тусалж, хуулийг хэн хэрэгжүүлэх юм бэ. Төрийн гурван өндөрлөгт заларсан хүмүүс ард түмний итгэлийг хүлээсэн манлайлагчид байх ёстой. Зөв зүйлд төр түмнээ уриал. Энэ хууль зөрчсөн үйлдэл Их тэнгэрт байх гэрийн чинь цонхоор бараг харагдаж байгаа. Улаан нүүрэн дээр чинь, улаан зам дээр чинь, улаан шороо манарган нялх бургасыг газрын хөрснөөс арчиж хаяж байгаа нь хамаагүй юу. Салбарын сайд, Нийслэлийн холбогдох хүмүүсийг нь дуудаад ажил, гэрийнхээ хооронд явж байхдаа тавхан минут саатан үйл ажиллагааг нь зогсоох үүрэг өгчих. Ингэж хуулийг сахиулж сурга. “Будаа” болгосон газарт нь нөхөн сэргээлт хийлгэ. Тусгай зөвшөөрлийг нь цуцалж, газрыг нь хураа. Төрийн гурван өндөрлөг сэтгэл гаргавал бүтчих л ажил шүү дээ.

Ингэж “өндөрөө” харуулж, үлгэрлэх цаг болсон. Наад бургасыг чинь хядаж дуусгаад оронд нь орон сууц сүндэрлүүлэх юм билээ. Техникүүд нь өдөр, шөнөгүй ажиллаж байна. Хэн нэг нь шийдвэр гаргаж зогсоочихвий гэхдээ шар нар бор хоногтой уралдаж буй нь тэр. Туул голын эргээс 10 хүрэхгүй метрийн зайд баригдах орон сууц тансаг зэрэглэлийнх байх юм гэнэ. Тансаг нь яахав, Туул гол үерлэдэг юм гэдгийг хэн хүнгүй мэднэ. 1966 оных шиг үер болдоггүй юм аа гэхэд түүнээс арай наахнуур юм болоход тансаг нь ч байсан урсаад л явна. Ядаж хүн ардынхаа эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангаж буй үйлдэл гэж ойлгоод хууль зөрчин баригдаж буй барилгын ажлыг зогсоомоор байна. Энэ монгол чинь төртэй, төр нь хуультай, хуулийг нь ард түмэн нь дагадаг гэдгийг харуулмаар юм. Төрийн гурван өндөрлөгөөс хэрээс хэтэрсэн зүйл нэхсэнгүй, бурууд нүд хурц байцгаая гэсэн юм шүү.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Ерөнхий сайд үнэхээр хариуцлага тооцоод байна уу, үзүүлэн тоглолт хийж, жүжиг тавиад байна уу

“Өдрийн сонин”-ы 2017.06.02-ны Баасан гаригийн №123(5690) дугаараас авч нийтлэв.

Өнгөрсөн тавдугаар сарын 25-наас эхэлсэн “Элсэлтийн ерөнхий шалгалтын хариулт, түлхүүрийг задалсан” гэх шуугиан Боловсролын сайд Ж.Батсуурийг огцруулснаар шувтарч байна. Хүүхдийн баяртай давхацсан энэ үйл явдал өнгөрч буй долоо хоногийн гол шуугиан байлаа. Улс төр судлаач, ажиглагч эрдэмтэд үйл явцыг янз бүрээр ярьж, тайлбарлаж байгаа. Ардын засгийн албан ёсны PR-чид, сэтгүүлчид энэ тухай дуу алдан бичиж, нэвтрүүлцгээж байна. Шударга үнэний туйл юм, Ардын намын Засгийн газрын тэргүүн анх удаа кабинетийн гишүүндээ хариуцлага тооцлоо, сайн цаг ирлээ, ийм Ерөнхий сайд байхыг урьд хожид үзээгүй, хараагүй гэсэн магтаал хахаж байна. Эрх баригчдыг даган баясагчид нүдэндээ нулимстай шаагиж, бурхан Будда дахиад мэндэлсэн мэт бужигнаж байгааг бид хангалттай харлаа.

Энэ хүмүүсийнхээс арай өөр нүдээр, өөр өнцгөөс харвал Ж.Батсууриас өөр хэнийг ч огцруулах билээ дээ гэх бодол өөрийн эрхгүй төрнө. Юу ч үгүй, хамгийн сулхан улстөрч учраас тэр. Сайд асан Ж.Батсуурь ардаа улс төрийн ямар ч нөмөр, нөөлөг, хамгаалалтгүй хүн. Нутаг орноос нь Ж.Батсуурьт олигтой нэмэр болж түшээд, хамтраад явчих улстөрч ч алга. Г.Мөнхцэцэг, Б.Дэлгэрсайхан хоёр Дорноговиос УИХ-д суусан ч нутгийн ганц сайдтайгаа хамтын ажиллагаа, харилцаа холбоо сул байгаа нь ажиглагддаг. Үүнээс өөрөөр төр засагт татаж, дэмжээд, арыг нь даагаад явчих бизнесмен, улстөрч, жигүүр фракц гээд улс төрд хүчтэй байх бүхий л хөшүүрэг, нөлөөлөл огцорсон сайдад үнэндээ байгаагүй нь ил байна. Энэ Засгийн газраас шүд сугалж, сор залъя гэвэл түүнийг л сонгох нь тов тодорхой байсан. Өөрөө ч говийн бодь эрсийн нэг. Айлын унгас, ноос цуглуулж, модон сэлэм барьж төрийн тайлга, тахилга хийхээс цаашгүй. Аймгийн Засаг дарга байхдаа төрийн албан хаагчдын тайлга, тахилга хийж, жижүүрээсээ эхлээд бүх хүнд түшмэлийн хувцас нөмгөн өмсгөж жагсаасан нь хошин үзүүлбэрийг хол орхихоор үзэгдэл болсныг хүмүүс мартаагүй байх. Айлаас цуглуулсан унгасаа шатааж, төрийн албан хаагчдаа дээгүүр нь харайлгаж байгаад хормойг нь шатааж сүйд болох шахсан түүхтэй хүн. Энэ хүний үүд хаалгыг нь дэлгээд, үүнээс өөр олигтой зүйл олоод харчихъя гэсэн ч гялтайх юм ховор доо.

Процессийн араас ард түмний дунд “Сайд болсон төлбөрөө төлөөгүй учраас” гэдэг яриа гарсан байна. Нээрэн яаж яваад 2016 онд сайд болчихсон юм бол. Ямартаа ч Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд болсныхоо маргаашнаас хүн мундсан, боловсон хүчин дутсан юм шиг УИХ-ын гаднаас түүний нэрийг зүтгүүлсээр байгаад оруулж ирснийг санаж байна. Тухайн үед “Арева төлбөрийг нь төлнө, Арева Ж.Батсуурийг тэдэн тэрбум төгрөгөөр сайд болголоо” гэсэн мэдээлэл шар хэвлэлээр гарч л байлаа. Гадуур ч ийм яриа хангалттай явж байгаа. Шинэ Засгийн газар бүрдсэнээсээ хойш шар нунтагийн талаар ганц үг ч ганхийгээгүй. Хэн ч энэ тухай ярилгүй орхиж байгааг “Арева” хараад амлалтаасаа буцаж, мөнгө өгөхөө больсон байж магадгүй гэж бодож болохоор байна. Тохиролцоо ингэж нурсан бол сор залах хангалттай шалтгаан болох биз. Гэхдээ энэ бүхэн нотлогдоогүй, нотлогдох ч боломжгүй. Бас хүмүүсийн хардлагыг нотлох мэт УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Төлбөрөө төлөөгүй учраас та нар энэ номхон хүнийг ноолж байна уу” гэсэн нь нэгийг бодогдуулахаар үг. Олны яриа ортой гэдэг дээ.

Ер нь энэ намын натурыг харахад юм бүхэн мөнгөөр шийдэгддэг, мөнгө өгөөгүй бол унадаг, унагаадаг нь хэтэрхий ил цагаан болж. Бүхий л үйл хөдлөлөөс нь ийм үнэр ханхалдгийг дахиад нэг баталчих шиг боллоо. Бас муу нь муудаа, муна гадсандаа гэгчээр сулхан удирдагчид ийм л ажил хийдэг. Сулхан удирдагчид өөрийн командад байгаа хүмүүсийн хамгийн сулыг нь дээрэлхдэгийн жишээ олон бий. Түүнийгээ жигтэй ихээр сурталчилж, шударга үнэнийг тогтоож байна гэх ганц өгүүлбэрээр халхавчилсаар ирсэн. Нөгөө талаар хүчтэй хүмүүсээ айлгах оролдлого гэж тайлбарлах нь ч бий. Ийм л процесс явчих шиг боллоо. Ж.Батсуурийг л дээрэлхэхгүй бол өөр хэнийг дээрэлхэх билээ, энэ засгийн тэргүүн. Ерөнхий сайдыг сулхан удирдагч гэдгийг нь хэлэх гээд байна. Улс төрд удаагүй яг адилхан замналтай сулхан, номхон, хүлцэнгүй хоёр эрхэм билээ. Түүнд Ж.Батсуурь сайдаас ялгарч, онцгойрох юм байхгүй. Монголын улс төр дэх Сэлэнгийнхэн фракц, түүний хүч, улс төрийн хэлхээ сүлбээ, нам доторх хөдөлгөөн, дэмжлэг гэж товойж тодрох зүйл үнэндээ байдаггүй. Намын даргатайгаа ойлголцдог учраас Ерөнхий сайд болж, улс төрд цойлсон гэж яригддаг нь ч үнэний ортой биз. Сайдын суудлын үнэ тохироогүйн дээр Ерөнхийлөгчийн сонгууль угтсан жүжиг тавих, хүн айлгах гэх мэтээр олон талын ашигтай учраас муу муудаа дээрэлхүү муна гадсандаа эрэлхүү гэдэг болж байх шиг байна. Ажиглагчид үүнийг шууд, ил цагаан хэлсээр байгаа. Тэр, кабинетаасаа өөр хэнийг оролдох билээ.

Хэрвээ даган баясагчдынх нь хоолой зангируулан хэлээд байгаа шиг хариуцлага тооцох ажил үнэхээр явагдаж байгаа бол шалгалтын тест задруулсан Ж.Батсууриас илүү ноцтой дутагдал гаргасан сайд олон бий. Хэзээ элсэлтийн шалгалтын тест задраагүй вэ. Задардаггүй жил гэж байсан билүү. Тест задарчээ гэдэг болохоос задраагүй гэж сонссон уу, үүнээс болоод сайд нь огцорч байсан уу гэсэн олон асуултад Монгол төрийн сүүлийн 30 шахам жилийн түүх бэлээхэн хариулчихна. Үүнтэй зэрэгцээд “Нийслэлийн Боловсролын газар, хариу түлхүүрийг задалсан хүмүүстэй нь хариуцлага тооцохгүй яагаад хэдэн шат алгасч сайдад нь хариуцлага үүрүүлж байгаа юм бэ” гэж зарим гишүүдийн өмгөөлж асуусан нь шударга сонсогдож байлаа. Монголд ийм шалтгаанаар сайд огцордоггүй юм. Энэ бүхэн сайдыг огцруулах шалтаг болохоос шалтгаан байгаагүй гэдгийг дахин давтан батлаад байх шиг.

Тэгвэл хариуцлага алдагдсанаас хоёрын хоёр цэрэг үхчихсэн батлан хамгаалах салбарын сайд, дэлхийд анх удаа хөхний сүүг хуульчилсан эрүүл мэндийн салбарын сайд яагаад огцрохгүй байгаа юм. Ерөнхий сайд хүчтэй удирдагч байсан бол эндээс эхэлж хариуцлага ярьж, шударга ёс тогтоон Б.Бат-Эрдэнэ сайдыг хамгийн түрүүнд огцруулах ёстой байсан байх. Гэхдээ Б.Бат-Эрдэнэ сайдыг огцруулна гэвэл Ерөнхий сайдад арай ахдах хоол гэдэг нь тун ойлгомжтой. Б.Бат-Эрдэнэ шиг хатуу боорцгоор оролдвол хахна гэдгээ ч мэддэг биз. Дээрээс нь “Би Ерөнхийлөгчийн сонгуульд заалнаас нэр дэвшихгүй. Намайг битгий огцруулаарай” гэж Б.Бат-Эрдэнэ сайд намынхантайгаа тохироо хийсэн гэх шуум тараад намжсан нь бас нэгийг өгүүлнэ. Ийм процессийн ард хатуу боорцогийг зөөлчлөх гэж оролдвол “Та бүхнийг өрөвдөж Ерөнхийлөгчид нэр дэвшээгүй маань буруу болж л дээ” гээд ёстой туйлах биз.

Ерөнхий сайд шударга ёсыг тогтоох гээд байна уу, ард түмнийг хуурч тавилттай жүжиг тоглоод байна уу. Ийм л харагдаж, ингэж асуулт тавигдахаар байна. Сайдаар сор залсанд нь сүйд болж, хөөрцөглөөд байх юм огт алга. Үзье гэсэн ч өөр барах хүн Ерөнхий сайдад байхгүй. Барах байсан бол Б.Бат-Эрдэнэ сайдын алдаа дутагдалд хариуцлага тооцож, огцруулахад хангалттай боломж байсан. Ард түмний хэлээр Ареватай тохирсон үнэ буцсан юм уу иймэрхүү л шалтаг, шалтгаанууд байгаа байх. Мөнгөө өгсөнгүй гээд шууд халаад, хөөгөөд явуулчихаж болохгүй учраас жүжигчилсэн тоглолт тавих шиг боллоо. Ийм л байна.

Categories
мэдээ цаг-үе

Д.Батцогт: АН-ын шинэчлэл ингээд дуусчихгүй, цаашдаа ч шинэчлэгдэнэ

УИХ-ын гишүүн асан Д.Батцогттой ярилцлаа.


-Танаар сонин сайхан юу байна. Та юу хийж байна?

-Би чинь нэг их олон төрийн бус байгууллагын тэргүүн шүү дээ. Тиймээс өрөө түрээслээд чиглэл чиглэлээр нь үйл ажиллагааг нь хэвийн явуулах, өргөжүүлэх гээд бас хэрэндээ л ажилтай.

-Та хувийн бизнес эрхэлдэг үү?

-Надад хувийн бизнес гээд байх юм байхгүй. Намын ажил, ТББ-ын гээд төлөвлөж байгаа ажлууд байна. Ер нь нэг л мэдэхэд ажлаар дарагдчихсан явж байдаг, зүгээр суух “одгүй” хүн байх аа, би.

-Таны төрсөн нутаг, уиХ-ын гишүүний хувьд тойрог чинь байсан Ховд аймгаар сонин сайхан юутай вэ. Та Ховд руу хэр их ирж очиж байна?

-Нутагт маань өнтэй сайхан өвөл болсон, одоо сайхан зун болох шинжтэй. Нутаг явалгүй яахав. Сонгуулиас хойш таван ч удаа очлоо. Ер нь зав л гарвал нутаг давхичих гээд байдаг.

-Сая Төрийн ордонд болсон Ан-ын Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны хуралд та оролцож байгаа харагдсан. Ан өнгөрсөн сонгуулиас хойш дотооддоо шинэчлэл явуулж байгаа гэгдэж байгаа?

-Намынхаа ҮБХ-нд Ховд аймгаас сонгогдсон. Их хурлын сонгуулиас хойш манай намынхан өнгөрсөн дөрвөн жилийн алдаа оноогоо шүүн ярилцаж намаа шинэчлэх ажлыг эрчимтэй явуулж байна. Намын шинэчлэлийн асуудал гишүүдийн хүсч байснаар эрчтэй явагдаж байна. Монголын улс төрийн хүчнүүдээс анх удаа намын даргаа бүх гишүүдээсээ сонголоо. Анхан, дунд шатны намын дарга нар ҮБХ-ны гишүүдээ бүх гишүүдээсээ сонголоо. аН одоо жирийн гишүүд дээрээ суурилсан нам болж өөрчлөгдөх процедур явагдаж байна. Та бүхэн ч харж байгаа байх. Гишүүд маань нь ч сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсээр байна. Үндэсний зөвлөлдөх хороог Үндэсний бодлогын хороо болгож өөрчилсөн. Иймээс манай нам фракцлан хэдэн хэсэгт хуваагдах биш цуглаж суугаад олон ургальч санаануудаа нэгтгэн бодлого гаргадаг, төлөвлөдөг нам болж өөрчлөгдөж байна. Намын шинэ удирдлага ч ийнхүү олон ургальч байдлаар илүү бодлогын түвшинд асуудалд хандахын төлөө ажиллаж байгаа. аН-ын шинэчлэл ингээд дуусчихаж байгаа юм биш цаашдаа ч шинэчлэгдсээр байх болно. Аливаа бүхэн цаг үе, нөхцөл байдлаа дагаад үргэлж сайжран өргөжиж байдаг ийм л жишгээр манай намын бодлого өнгөлөгдөж явах болно. Энэ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ ялуулахын төлөө намын гишүүн бүр сэтгэл гарган нэг зүгт харан ажиллана.

-АН-ын дотоод сонгуулийг тэр дундаа намын гишүүдийн сонгуульт ажлыг будлиантай болсон. “Шонхор” фракцийнхан өөрсдийн хүмүүсээ голлон байрлууллаа гэсэн яриа бас гарсан. Та намынхаа шинэ удирдлага, бодлогод ямар байр суурьтай байна вэ?

-АН аливаа зүйлийг шийдэхдээ бүх гишүүдээсээ асуудаг болсон. Энэ бол ардчиллын суурь зарчим. Ардчиллын зарчмаараа нийт жирийн гишүүдийнхээ олонхийн саналаар авсан болохоор тэр энэ фракц тэглээ ингэлээ гэсэн асуудал одоо яриад хэрэггүй л дээ. Нийт гишүүдийн сонголтын араас матрын нулимс унагах нь хэнд хэрэгтэй байгааг би ойлгохгүй байна. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэсэн зарчмаараа болсон. Ерөнхийлөгчийн сонгуульд зургаан хүн өрсөлдөж Х.Баттулга олонхийн санал авсан. Олонхийн дэмжлэг авсан гишүүнээ намаараа тэр энэ гэхгүй дэмжээд л явах учиртай. Энэ бол АН-ын бүх гишүүдийн л шийдсэн асуудал. Одоо галт тэрэг нэгэнт хөдөлсөн, түүний зүтгүүр нь болон урагшаа зүтгэх үүрэг л үлдлээ бидэнд.

-Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг та хувьдаа дэмжиж байгаа юу. АН зөв хүнээ, гол нь МАН-ын М.Энхболдтой хүч үзэх хүнээ явуулж чадсан уу?

-Намын доторхи сонгуульд гишүүд дэмждэг хүнээ тус тусдаа дэмжсэн. АН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх нэр дэвшигч тодорсон. Х.Баттулгаа дэмжилгүй яахав. Манайхан эв нэгдэлтэй атгасан гар шиг ажиллаж чадна гэдэгт эргэлзэх зүйл огт алга. Зарим улс төрийн хүчнээс биднийг хагаралтай байгаа юм шиг харагдуулахыг хичээж байна. Дахин хэлье эргэлзэх зүйлгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд бид өөр өөрийнхөө дааж авсан ажлаа гүйцэтгэл сайтай хийж дэмжинэ. Нам дээрээ ажлуудаа хуваарилж аваад л сонгуулийн сунгаандаа гарна даа.

-Та улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна. Манай улс Олон улсын Валютын сангийн хөтөлбөрт хамрагдахаар болчихлоо?

-Сүүлийн жилүүдэд эдийн засаг хүнд байгаа нь үнэн. Энэ хүндрэл бэрхшээлийг даван туулахын тулд бид ч зүтгэсэн. Бидэнд алдсан нь ч, оносон нь ч байгаа л байх. Гэхдээ алдаанаасаа оноо нь илүү байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Сонгуулиас хойш эрх баригчид маань бүтэн жил Ардчилсан намыг муулахыг л үзлээ. Харин нэг ч хадаас хадахыг нь харсангүй. МАН маш олон зүйлийг амлаж сонгуульд ялсан. Одоо бүгдийг нь эсрэгээр нь хийж байна. Бид тэвчээртэй л харж байгаа. Ард түмэн ялгааг нь олоод харж байгаа биз дээ. Олон улсын Валютын сангийн хөтөлбөрт хамрагдаж байгааг би хувьдаа дэмжиж байгаа. Ингэснээрээ банк санхүүгийн салбараа эрүүлжүүлэх байх гэж найдаж байна.

-Улс орны эдийн засгийн нөхцөл байдал АН-ын засаглаж байсан үетэй, АН-тай холбоотой гэдэг мэдээллийг одоогийн УИХ өгдөг. Тухайлбал, сая УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос томилогдсон ажлын хэсэг Монголбанкны 2012-2016 онд явуулсан үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Дүгнэлтийг сонсч байхад Монголбанкыг АН-ынхан хуу цөлмөчихсөн тухай ил далд яриад эхэллээ. Та УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга байсан хүний хувьд үүнд юу хэлмээр байна?

-Монголбанкны шалгалтын дүнг өнгөрсөн долоо хоногт эрх баригчид ирэх сонгуулийн л хөзөр болгон хараар будаж ориллоо. Үнэндээ нөхцөл байдал ямар байгааг хүн бүхэн гадарлаж л байгаа шүү дээ. Монголбанк Засгийн газрын хамтарсан хөтөлбөрөөс олон эерэг зүйл хийгдсэнийг олон нийт мартаагүй л байгаа шүү дээ. Наад зах нь 80 мянган айл орон сууцтай болсон. Эдийн засгийн энэ хүнд үед гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлаж чадсан. Эрх баригчид өнөөдөр л гэнэтхэн эдийн засагт эерэг дохио ирлээ, өөр юу юу билээ гоё гоё юм ярьцгааж байна. Энэ бүх хөтөлбөрүүд бүхнийг наашаа эргэхэд нөлөөлж байгаа. Юмыг харлуулах амархан. Үнэхээр дундуур нь зувчуулсан юм байвал сайн шалгах хэрэгтэй. Сайн юмны хажуугаар саар зүйл бишгүй л байдаг. Энэ дөрвөн жил нэг сайн шалгуулаад авахаас айхгүй байгаа шүү. Мэдээж улс төрийн нам болохоор МАН Ерөнхийлөгчийн сонгуульд төрийн бүх ажлыг чиглүүлэн хар цагаанаар будаж байна, үүнийг ч сонгууль өгөөд сурчихсан олон нийт нь ялгаж салгаад харж л байна.

-Та бүхэн 2012 онд эдийн засгийн ямар нөхцөл байдалтай хүлээн авч байсан юм бэ?

-2012 онд нэг их сайхан өөдлөн дэвжсэн эдийн засаг хүлээгээд авчихаагүй шүү. Эрх баригчид олон нийтийг санах ойгүй мэт сэтгэдгээ л больчих хэрэгтэй байгаа юм. Тухайн үед нам ялаад эд нар шиг ийм тийм нөхцөл байдал хүлээж авлаа гээд хараар будаад суугаагүй, шууд л ажил хийх гээд зүтгэсэн. Хэн нэгнийг муулж суух зав байгаагүй. Хийх ажил нь тодорхой байсан.

-Та УИХ-ын 2016 оны сонгуульд баз хүргэн С.Бямбацогттой нэг тойрогт өрсөлдөж байсан. Сонгуулийн явц ямархуу болж өнгөрсөн бэ. Сонгууль гэдэг ялахын тулд бүхий л хүч, аргаа дайчлан гаргадаг. Эсвэл хэн нь ч гарсан яахав дээ гэх маягаар тойргоо тавиад өгөх байдал байсан уу?

-Өмнөх дөрвөн жил хоёр баз гишүүн болчихлоо гээд л эвэртэй туулай үзсэн юм шиг байлаа. Тиймээ, бид хоёр өөр намаас өрсөлдсөн, ширүүхэн ч өрсөлдсөн. Сонгуульд ялагдах гэж өрсөлддөггүй юм. Үнэндээ тухайн үедээ таатай байгаагүй. Бид чинь базууд ч гэлээ тус тусдаа амьдралтай, өөр өөрийн гэсэн үзэл бодолтой, өөр хүмүүс. Тэгээд ч өнгөрсөн сонгуулиар сонгогчид нэр дэвшиж байгаа хүнээ сонгоогүй, нам сонгосон.

-Үндсэн хуульд томоохон өөрчлөлтийг оруулахаар хэлэлцэж байна. Та ямар байр суурьтай байна вэ. Ямар өөрчлөлтийг нь дэмжиж байна?

-Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахыг хувьдаа дэмждэг. Гэхдээ бид асуудалд хянамгай болгоомжтой хандах учиртай. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох вий гэж болгоомжилдог. Эцэг хуульдаа гар хүрэх нь улс орны хувь заяанд гар хүрч байгаа л гэсэн шууд утгатай юм шүү дээ. Иймээс нэг нам дангаараа ноёрхож байгаа үед бүр ч болгоомжлох хэрэгтэй. Миний хувь хүний үзэл бодол бол өнөөгийн тогтолцоогоо боловсронгуй болгох шаардлагатай гэж боддог. Ерөнхийлөгчийн засаглал манайд тохирохгүй гэж боддог.


Categories
мэдээ цаг-үе

Энэ жилийн наадамд Д.Ононгийн уяа дийлнэ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ зуны наадам ойртож, морь ярьдаг цаг эхэллээ. Ер нь монголчууд бөх, морио ярихдаа нутгаар нь, удмаар нь дүгнэж ургуулан бодож, тодорхойлдог зантай улс. Морь ярихдаа уяачаа эхэлж ярина. Монгол Улсын гавьяат, хөдөлмөрийн баатар, зууны манлай, тэргүүн уяач, Д.Даваахүү бол эрлийз, монгол ялгаагүй аль ч насны адууг уяхдаа гарамгай. Тэр дундаа азарга уяхдаа илүү сайн гэнэ. Тэрээр хар нялхаасаа наадмын морь унах, уях ёс жаягаар уяачийн ахуйд хүмүүжсэн болохоор монгол соёлоо дээдлэх, хадгалан өвлүүлэхийг биеэрээ үлгэрлэж яваа хүн. Түүний хүү Баянбатын “наран хонгор” азаргыг түрүү айргаас хасахгүй гэцгээж байгаагаар энэ жилийн наадмын тойм эхэлж байгаа юм.

Наадамд заавал яригдах азарга бол Хөвсгөлийн Болдбаатарын халиун азарга. Улс бүсийн наадамд олон айрагдаж түрүүлсэнийг улс даяараа мэднэ. Худалдаж авсан эзэн нь Болдбаатар. Харин унаган эзэн нь халиун азаргыг өөрөө уяж өгдөг гэнэ. Зөвхөн халиун азргандаа гаршсан. Өөр олон адуу уядаггүй болохоор уяаны алдаа багатай. Олон айраг түрүүнд орсны учир тэр гэдэг. Тиймээс зөвхөн монгол адуугаар уралддаг бол “наран хонгор”, халиун азарга хоёрын аль зөв уяатай нь түрүүлэх бүрэн боломж бий гэдэгт эргэлзэх уяач үгүй л болов уу. Түүнээс гадна монгол хээр, дүү хээр гээд таарсан өдрөө “Та нар арагшаа бай, би түрүүлчихье” гэх нэрт азарганууд олон бий. Огт дуулдаагүй битүү азарга гараад ирэх магадлал тун бага. Ядаж сум, аймаг, бүсийн наадмуудад давхил нь харагдсан, дов үзсэн байж гарч ирнэ. Тийм азарга одоогоор дуулдаагүй байна. Монголжуу дүрстэй эрлийз адуу олон болсон үед энэ талаар тоймлоход хэцүү болжээ.

Монгол наадмын үндэсний морин уралдааны сүр сүлд нь “их насны морь” гэж хүндэлж дээдэлж ирсэн түүхтэй. Богдын “түмэн эх” хээр алаг, Галын хүрэн морь, Данзаннямын хээр, Ононгийн хээр гээд түүхэнд мөнхөрсөн морьд одоо ч яригдсаар хүндлэгдсээр ирсэн. Өнөө цагийн залуу уяачдаас “их насны битүү морь” цоолоод гаргаад ирсэн нь ховор. Харин Бат-Эрдэнийн “даян түмэн эх” хүрэн морийг үрээнд нь “Энэ навсгар” үрээ төрийн наадамд орохгүй… гэж шинжиж байсан манлай уяач Бат-Өлзий их насанд нь улсын наадамд хоёр удаа түрүүлгэж байсан удаатай. Улсын наадмын их насны түрүүг сүүлийн хоёр жилд Хэнтий аймгийн Мөрөн суманд төрсөн унага түрүүллээ. Уржнан түрүүлсэн Буднямын Буяннэмэхийн хээр халзан морь бол олны мэдэх Г.Батхүүгийн толин хулын төрсөн дүү хээр азарганы төл ажээ. Галшарын “мондгой саарал” гэдэг азарганы угшилтай юм байна. Өнгөрсөн жил түрүүлдэг Өвөрхангайн Б.Энхбаатарын хонгор халзан морь болохоор Мөрөн сумын Ганаа хонгорын үр ажээ. Ганаа хонгорын үр Настрагийн хонгор азарга, Өвгөн ноёны наадамд соёолондоо түрүүлдэг Оросоогийн хонгор морь гээд олон хурд төрснийг нутгийнхан ярьцгаан хуучилсаар байна. Ийм угшилтай хурдууд аймаг дамжин тарсан нь өөр олон бий. Их насны морийг уях амаргүй, дөрвөн улирлын уяа хийдэг гэдгийг уяачид андахгүй. Тиймээс хаанаас ч хамаагүй шинэ уяач, битүү морь хоёр цоорч тодорч магадгүй. Азтай уяачийн амны хишиг л мэдэх хэрэг.

Өнгөрөгч зууны 70, 80, 90-ээд оны үед улсын наадмын үндэсний морин уралдааны зургаан насны морьдын тоймыг бүтэн жил ярьдаг байж. Ард түмэн, уяачид, тойруулгын эрлийз адууг тоодоггүй. Монгол ёс зүйгээр хүндэлж дээдэлж байгаагүй юм. Тэднийг хараад бахархаж баярлаж байсан наадамчин харагддаггүй байсан. Албан ажлаараа Улсад батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн удирдлагууд тэр үеийн төр засгийн албаныхан түүн дээр цугладаг байв. Ер нь өмнөх социалист төрийн наадам нь өөрийн үзэл сурталтай байлаа. Эрлийз адууг социалист төрийн адуу гэж улсын баяр наадамд уралдуулж байсан гэдэг юм.Түүнээс өнөөгийнхөн шиг монгол адуугаа сайжруулна, цус сэлбэнэ гэж нийтийг хамарсан буруу ажил хийхгүйгээ мэддэг ёс зүйтэй, шинжлэх ухаанч төр байж л дээ.

Сүүлийн хориод жилийн хугацаанд үндэсний морин уралдааны талаарх төрөөс баримтлах бодлого алдагдаж, хууль байгаад ч хэрэгжүүлэхгүй явж ирлээ. ММСУХ-ны удирдлагаас явуулж байгаа “Үндэсний морин уралдааныг өөрчилж эрлийз адуугаар уралддаг болгох” бодлогыг төрөөс дэмжин хэрэгжүүлж иржээ.

Тухайлбал “Төрийн наадамд зургаан нас уралдуулах” хуулийн заалтыг зөрчин байж эрлийз адуу уралдуулдаг болгон, улмаар төрийн наадамд түрүүлж айрагдсан нэгэн адил тооцож төрөөс цол хэргэм, шагнал олгодог болов. Эрлийз адуу хольж уралдуулах стандарт журам гаргаж хэрэгжүүлж ирлээ. Үүний үр дүнд эрлийз адуутай болж байж төрийн наадамд морь уралдуулах орчинг бий болгожээ.

Монгол төрийн баяр наадмын үндэсний морин уралдаан ийм байдалтай болсон болохоор ялангуяа бага насыг, эрлийз насыг тоймлон тааварлах боломжгүй байдал нүүрлэжээ. Гэхдээ уяачид ярьж байна аа. Энэ жилийн наадамд тод манлай уяач Д.Ононгийн уяа дийлнэ гэж баттай хэлж байна.

Тодруулж лавлавал уяач Д.Ононгийн мэдлэг чадвар, нөхцөл нь дараах байдлаар хангагдсан гэцгээж байна. Хамгийн эхний нөхцөл бол Дорнод аймгийн Ононгийн адуу байгаа нутагт эрт ногоо гарч адуу хамгийн эрт цайрсан гэнэ. Ер нь зуншлага хаана байна тэр газрын адуу тэр жилдээ тэргүүлдэг гэдэг нь хууль л даа.

Уяач Д.Онон хурдны чиглэлийн эрлийз адуу өсгөөд олон жил болж байгаа хүн. Үүлдэрлэг шинжээрээ монгол адуугаа дууриасан эрлийзүүд олон байдаг. Тэднийгээ монгол адуунд уралдуулчихад маргаан гарахгүй. Энэ бол нэг боломж гэнэ. Түүнээс гадна Д.Онон их насны түрүүг авах нэг арга олсон гэцгээж байна. Тэр юу байв гэхээр улс, бүсийн наадамд айрагдаж түрүүлсэн эрлийз азаргануудаа морь болгосон. Тэд түрүүлэх байх гэж байна. Хамгийн гол нь тэнд байгаа Дорнодын уяачид сайн сайн гэхэд уяачийн хувьд Ононгийн хэмжээний уяач тэнд байхгүй юм. Ононгийн хүү Батбилэг, дүү Түмэндэлгэрийн Ихбаяр гэх мэт уяачдын хэмжээний уяач ч Дорнодод үгүй л болов уу. Тэгэхээр адуу нь ижил байж гэхэд уяачаар заавал дутна гэж үзэж байгаа юм. Харин тэд жирийн уяачдад зовлон болдог санхүүгийн болон унаач хүүхдийн хүндрэлгүй болохоор морьдоо тэнд нь уяад наадмын өмнө ачиж авчраад уралдчих юм байна. Тиймээс тод манлай уяач Д.Ононгийн өргөн уяаныхан энэ жилийн төрийн наадмын түрүү, айргийн дийлэнхийг авах нь тодорхой болжээ.

Яг өнөө цагт орон нутагт уяачдыг хямралдуулсан шинэ нөхцөл бий болоод байна. Энэ бол уяачид хаашаа наадах вэ гэсэн сонголт нэг гол ажил болсон. Ер нь уяачдын дунд эрлийз монгол адууны хэрүүл, маргаан яригдахаас монгол соёл, ёс жудаг гэх уламжлалт соёл алдагдсаар байгааг анзаарч ухаарах бодлоготон сураг төдий яригдах болжээ.

Бидний ярьж хэвшсэн “Морин тойруулга”-ын даргаар олон жил ажилласан, морин спортын мастер, манлай уяач Даваадорж саяхан нэг сэтгүүлчийн асуултанд хариулахдаа

-Эрлийз адуунд эрлийзийн хүч гэж 2-3 дугаар үедээ байдаг юм. Морин тойруулгын адууны ид эрлийзийн хүч байх тэр үед тод манлай Даваахүү уяач байсан азтай хүн. Тэр хүч Эрдэнэчулууны шарга азаргаар дууссан. Харин одоо зарим нь тойруулга адууны угшил гээд байгааг гайхдаг юм гэсэн байна. Өнөөгийн англи, араб, будённын эрлийз хүч нь өнгөрөөгүй үе дээрээ байгаа адууг ихэнх малчид уяачид мэддэг болсон болохоор эрлийз адуугүй наадам хийх газар хаана байгааг сурагладаг болж. Өөрөөр хэлбэл ардын монгол наадам хаана байна тэнд тоосоо өргөе гэж сурагладаг болжээ.

ММСУХ-ны удирдлагын-хаа бодлогыг дэмжээд эрлийз адуу өсгөдөг малчин уяач ч бас бий болсон. Энэ жилийн улсын наадамд эрлийз хэрнээ гаднаас нь харахад мэдэгдэхгүй монголдуу адуутай уяачид хотын наадамд ирж уралдах төлөвтэй байна. Өнгөрсөн жил Хэнтий аймгийн Дархан сумын уяач Донойдоогийн эрлийз хул даага улсын наадамд түрүүлсэн. Энэ жил эрлийз нь мэдэгдчихгүй бол шүдлэнд түрүүлэх нь маргаангүй юм. Тэгэхээр монгол адуунд уралдах эрлийз адуу ерөнхийдөө хулгай луйврын хэрэг тул ингэсхийгээд зогсоё.

Төрийн наадамд эрлийз гурван насны уралдаан бий болсоор нэлээд хэдэн жил боллоо. Тэндээс цэнгэлдэхэд орж үзээгүй тод манлай төрлөө гэцгээхийг олон хүнээс сонслоо. Тэгсэн Даш-Өлзий гуай байсан юм билээ. Олон жил эрлийз адууны төлөө зүтгэсэн хүн. Буянтай үйл хийсэн хүн гэж үзээд Ерөнхийлөгч маань тод манлай уяач цолоор шагнасан хэрэг л дээ. Харин монгол адуутай эрлийз уралдуулж будлиан тариад байдаггүй шударга хүн шүү. Уяач нь Түвдэн манлайгийн хүү Батцоож гэх юм билээ. Харин Батцоож гэдэг Онон манлай шиг олон тод манлай уяач төрүүлдэг сайн хүү гарч ирж байгаа бололтой. Энэ зуны наадмын эрлийз насны уралдааныг тоймлоход Даш-Өлзий тод манлайгийн Батцоож уяачийн уясан хурдууд түрүүлж айрагдах нь гарцаагүй. Энэ жилийн төрийн наадмын морин уралдаан, эрлийз адууны тойм товчхондоо иймэрхүү.

Орон нутаг дахь малчид уяачдын наадмын өнгө ямар байдалтай байгааг тоймлохгүй бол болохгүй. Тэнд монгол адуу уралдах газар л наадна гэж байгаа хүмүүс тэр аяараа л байна. Тэд монголд адуугаа дээдэлдэг, түүгээрээ нааддаг монгол соёлоо хөгжүүлж уламжлуулах гэсэн монгол үндэстний сэтгэл, монгол жаягаа алдаагүй байна.

Хэнтий аймагт өнгөрсөн жил бүсийн уралдаан хийгээд эрлийз адуу уралдуулсанаас болоод эсэргүүцэн Залуу уяачдын шинэ холбоо байгуулагдлаа. Одоо эрлийз адуу хасч тэмцдэг уяачдын Өвөрхангай аймгийн “Аравгар хээр” холбоо Багануур-Бага Хэнтийн уяачдын холбоо уяачдынхаа итгэлийг дааж яваа ажээ. Одоо цагт малчин түмэн маань хүндэтгэлтэй сайхан наадмыг үгүйлсээр байгаа юм. Тэдний ний нуугүй яриаг сонсоход “Одоо ч цэрэг жагсааж нохой хуцуулсан улсын наадам битгий хэл цагдаа бороохойд чичлүүлж аймгийн наадам ч үзэхэд дараатай болсон доо. Бөөн ядаргаа, нохой аштай хөөгдөөд загнуулаад, гэмт хэрэгтэн мэт явж байх нь дараатай байдаг юм. Одоо хамгийн сайхан наадам сумын наадам , овооны наадам хоёр л болсон” гэж үнэн голоосоо шулуухан үнэнийг ярьцгаана. Тэдгээр ардууд монгол адуугаараа сумандаа, овоондоо л наадах шиг сайхан наадам алга гэсэн эцсийн дүгнэлтэд хүрчээ.

Тэгэхээр монгол төрийн наадмын мөн чанар, үндэс соёлоо хамгаалах, монгол адуугаа дээдлэх соёл төрийн наадамд биш овооны наадамд шилжиж байгаа юм биш биз.

Тэгэхээр төрөл бүрийн адууны уралдаан үзье гэвэл төрийн наадмын гурав хоногт Хүй долоон худагт ирж үзэх. Зургаан насны морио уралдуулж, зургаан настай хүүхдүүд даага унан уралдах монгол наадам үзье гэвэл сумандаа очиж наадах хоёрын аль нэгийг сонгох боломж танд нээлттэй. Ирэх зуны наадмын уралдааны тойм иймэрхүү харагдаж байна. Хаагуур наадах нь наадамч таны сонголт.

Н.САНЖААДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Э.Батзориг: “Яг түүн шиг” шоуны нийт наян дүрийг судлах шаардлагатай болдог

“Aim4R” продакшны “The STAGE Assassins” студийн захирал, “Яг түүн шиг” шоуны бүжгийн багш Э.Батзоригтой ярилцлаа.


-Та “Яг түүн шиг” шоуны бүжгийн багшаар ажиллаж эхэлсэн тухайгаа яриач?

-Энэхүү шоуг гаргах гэж байгаа талаар анх дөрвөн сарын өмнөөс бид мэдсэн л дээ. Учир нь “Боловсрол” телевизийн зүгээс манай “Aim4R” продакшныг “60 гаруй бүжигчинтэйгээр тус шоунд оролцож чадах уу” гэсэн санал тавьсан юм. Ингээд тэр үеэс хойш “Яг түүн шиг” шоуны хамт олонтой хамтран ажиллаж эхэлсэн. Бидний хувьд Монголд болж буй томоохон концертууд дээр бүжгийн дэглэлт, найруулгыг нь хариуцаж ажилладаг. Хэдий тийм ч энэхүү олон улсын стандарт бүхий шоунд ажиллаж эхлэх амар байгаагүй. “Яг түүн шиг” шоуны эхний хоёр дугаар дээр яалт ч үгүй самгардсан. Харин одоо бол туршлагажиж, хүндрэлтэй асуудал бараг алга болсон доо. Мэдээж үүнд “Боловсрол” телевизийн хамт олны аливаад зохион байгуулалт сайтай, цаг сайн барьдаг зэрэг нь их дэм болдог юм.

Ямартай ч миний хувьд энэхүү шоуг Монголдоо хийж байгаа нь зөв зүйтэй зүйл болсон гэж бодож байгаа. Учир нь орчин үеийн тайзны тавилт гэдэг хэрхэн өөрчлөгдсөнийг, уран бүтээлчид ганцаарчилсан гэхээсээ илүү тайзны бүжигтэй харьцдаг болсныг манай уран бүтээлчдэд харуулж өгч байгаагаараа ач холбогдолтой юм л даа. Манайхан ч гэсэн тогтсон хэв маягаа өөрчлөх болов уу.

-Таны хувьд дугаар бүр дээр найман оролцогчдод сонгосон дүрийнх нь бүжиг, онцлог хөдөлгөөн, донж маяг зэргийг нь заах хүндхэн үүрэгтэй. Харин энэ чухал даалгаврыг гүйцэлдүүлэхийн тулд та хэрхэн ажилладаг вэ?

-Энэхүү шоу нь бусдыг дуурайдаг гэдгээрээ онцлог. Харин оролцогчдын хувьд таарсан дүрээ судлах нэг нь судална, харин зарим нь бүр огт судлаагүй, мэдэхгүй байх тохиолдол ч бий. Тэгэхээр миний хувьд үүргээ сайн биелүүлэхийн тулд судалгааг маш сайн хийдэг. Нийтдээ арван дугаарт найман оролцогчийн наян дүрийг судлах шаардлага гарч байгаа юм л даа. Ямартай ч судалгааны ажлаа баззерт таарсан уран бүтээлчийн клипийг үзэхээс эхлүүлдэг. Клипийн хийцийг үзэж зураглаач, найруулагч юу илэрхийлэхийг хүссэн бэ гэдгийг ажиглана. Мөн клипийг үзээд зогсохгүй бусад тайзнаа хэрхэн дуулсан байгаа зэргийг харах хэрэгтэй болно. Дараа нь дууны үгийг уншиж, судалдаг. Энэ мэтчилэн тухайн хүний онцлогийг харуулах бүхий л зүйлийг судалдаг даа.

Ер нь бүжиг заана гэдэг жүжиглэлтийн тодорхой нэг хэсэг болоод явчихаж байгаа юм. Тиймдээ ч оролцогчдодоо энэ хэсэгт амаа ангай, ингэж хар, энэ үед нь уна гэх мэтчилэн хөдөлгөөний жүжиглэлт заах шаардлагатай болдог. Харин үүнтэй бүжгийн найруулга холбогдоод нэг цогц үзүүлбэр болдог.

-Өгсөн үүрэг даалгаврыг хамгийн сайн тусгаж авдаг оролцогч нь хэн байна вэ?

-Өмнөх жилийн оролцогчдоос Б.Маралжингоог нэрлэнэ. Эми Вайнхаус, Пинкийн дүрийг бол үнэхээр сайн гаргасан. Б.Маралжингоог сахилгагүйг мэдэх ч Пинкийн дүрийг бүтээхэд бүр ч галзуу болж чадсан шүү. Эрүүгээ дээш нь өргө, урдуур чинь хүн үсрэхэд ингэж зогс, микрофоноо ингэж барь гэх мэтээр бүгдийг л заасан. Бидний хувьд ч маш сайн ажилласан. Мөн П.Баярцэнгэл бол мундаг байсан шүү дээ. Харин энэ жилийн оролцогчдоос Т.Бархүү ах маш сайн байгаа. Жүжигчин хүн учраас аливаа дүрийн онцлогийг гаргаж илэрхийлэх тал дээр түүртэхгүй байх нь дамжиггүй. Дүрээ ч тэр сайн гаргадаг, бүжгээ ч хурдан сурч, сайн бүжиглэдэг. С.Гантогоо ч мундаг байгаа. Гэхдээ мундаг байх үе бий ч зарим тохиолдолд дүрээ гаргаж ирж чадахгүй байх нь ч бий. Мөн А.Хишигдалай ч иймэрхүү асуудал гаргадаг.

-Оролцогчдод ямар дүр таарвал танд хялбар байдаг вэ?

-Надад орчин үеийн уран бүтээлчид таарвал их амар байдаг. Тухайлбал, Жастин Тимберлэйк, хүн бүхний мэддэг Майкл Жэксон, Тэйлор Свифт зэрэг дүрүүд л дээ. Харин дээр үеийн эсвэл сонгодог урлагийн хүн болоод ирэхээр тун амаргүй. Иймэрхүү баззерууд их сонгогдож байгаа шүү дээ. Түүнчлэн нэг хүн хамтлагийн дөрвөн гишүүнийг дуурайвал их сонирхолтой гэж боддог юм. Жишээ нь “Backstreet boys” ч юм уу. Ингэвэл их хүч хөдөлмөр шавхахын сацуу үзүүштэй байх байсан болов уу.

-Ес дэх дугаарт жүжигчин Г.Ундармаа, П.Баярцэнгэл нар Бойонсе, Бруно Марс нарыг дуурайсан. Энэ үзүүлбэр бүжиглэлтийн хувьд сайн байсан ч багагүй шүүмжлэл дагуулсан шүү дээ. Энэ тухайд?

-Энэ үнэхээр гоё үзүүлбэр байсан. Яахав хүмүүс Г.Ундармаа эгчийг онцгүй харагдсан гэх сэтгэгдэл их байна лээ. Гэхдээ миний хувьд Г.Ундармаа эгчийг тэгж бүжиглэнэ гэж үнэхээр бодоогүй. Үнэхээр мундаг байсан. Хоёр долоо хоногт л бэлдсэн үзүүлбэр л дээ.

-“Aim4R” продакшн одоогоор нийт хичнээн бүжигчидтэй вэ. Шинэ уран бүтээлүүд дээр ажиллаж байна уу?

-Манай продакшн 2011 онд байгуулагдсан. Одоогийн байдлаар дотроо хоёр студитэй. Түүний нэг болох “The STAGE Assassins” студийн захирлаар ажилладаг. Харин Төөгөө маань “116” студийн захирлаар ажилладаг юм. Манай продакшн жилдээ хоёр удаа сонгон шалгаруулалт явуулдаг. Үүнээс 40-өөд бүжигчин шалгаруулж авдаг юм. Гэхдээ яг энэ хүүхдүүдээс бүжгийн төлөө туйлбартай байх арваад хүүхэд үлддэг. Одоогоор манайх 100 гаруй бүжигчинтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ дотор олон хамтлаг бий. Ур чадвараа нэмэгдүүлэхийн тулд бүжигчдийнхээ дунд тайзны бүжгийн тэмцээнээс гадна гудамжны бүжгийн тэмцээн зохион байгуулдаг юм. Харин манай хамтлагийн хувьд хамгийн сүүлд реппер Gee-тэй хамтран ажилласан. Мөн тун удахгүй зөвхөн бүжигтэй клипээ цацахаар бэлэн болоод байгаа. Цаашдаа ч гэсэн зун цаг ирж байгаа учраас уран бүтээлийн олз, омог ихтэй байх нь дамжиггүй.

-Та мөн “Universe best songs” наадмын бүжгийн дэглэлт дээр ажиллаж байгаа гэсэн үү?

-Би “Universe best songs-2017” наадмын тайзны найруулагчаар ажиллаж байна. Бүжиг дэглэлт, найруулга гээд бүх л ажлыг хариуцаж байгаа юм. Өнөөдөр энэхүү наадмын маань тоглолт болно. Энэ наадмаас залуусыг дуулахаас гадна бүжиглэж чаддаг юм шүү гэдгийг харах байх. Сонгодог чиглэлээр дуулдаг, бүжгээс хол хэдий ч оролцогчид маань маш сайн бүжиглэж байгаад тун урамтай байна шүү.

-Та бүжигчин мэргэжлээр суралцаж төгссөн үү?

-Би арван жилээ төгсөөд л бүжиг сонирхож, бүжиглэж эхэлсэн л дээ. Гэхдээ би Монгол Улсын их сургуулийг Олон улсын эдийн засагч мэргэжлээр төгссөн хүн юм шүү дээ. Миний хувьд одоогоор бүжгийн урлагаас буцах эрхгүй болсон гэж болно. Ер нь бүжиг гэдэг бол маш том урлаг л даа. Үгээрээ биш үйлдлээрээ утга, санаагаа илэрхийлдэг. Энэ том урлагт бид жижигхэн ч гэсэн байр суурийг эзэлж эхэлсэндээ тун таатай байгаа. Энэ бүжигчид гудамжинд гал асаагаад тойроод бүжиглэдэг савсаганадаг залуучууд биш, шинэ зүйлийг бүтээх гэж зорьж байна гэдгийг минь ойлгодог болсонд баяртай байгаа. Тиймдээ ч бид үргэлж хичээж байна. Дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн алхахын тулд хөдөлмөрлөх нь зүйн хэрэг.