Categories
мэдээ нийгэм

Далангаас Бага наран хүртэл 1,7 км авто замын хөдөлгөөнийг хязгаарлана

Хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжиж буй Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 00:00 цагаас эхлэн 21-ний өдөр хүртэл Далангаас Бага наран хүртэлх 1,7 км авто замын зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, хучилтын ажил хийхээр боллоо. Үүнтэй холбогдуулан Нийтийн тээврийн доорх 6 чиглэлд өөрчлөлт орж байна.

  • Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник” 18, 13 Үйлдвэрчний эвлэлийн гудамжаар ордог байсныг урдуураа Москвагийн гудамжаар оруулан Толгойтын эцэс дээр буцаж эргүүлэх,
  • Ч:16 “Баруун салаа-Далангийн зам- 10-р хороолол” 8,5 Далангийн замаар ордог байсныг чигээрээ Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Баянхошууны замаар оруулан Баруун салаа орохоор
  • Ч:22 “Шадивлан- Бөмбөгөр- Чингис Соосэ-Далангийн зам” 17,11 Далангийн замаар ордог байсныг Ханын материал дээр буцаж эргүүлэх
  • Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ-3- Дүнжингарав худалдааны төв” 12,9 Толгойтын гудамжаар Нарангийн гол ордог байсныг урдуураа Москвагийн гудамж, Нарангийн гудамж, Хүнсчдийн гудамжаар оруулан Нарангийн гол орох,
  • Ч:46 “Улаанчулуут- Их наран- Вокзал” 9,7 Толгойтын замаар Улаанчулуут ордог байсныг Чингис Соосэ дээр буцаж эргүүлэх,
  • Ч:57 “Улаанчулуут- Их наран- МУИС” 14,10 чиглэлийн замналд өөрчлөлт орох болно. Толгойтын замаар Улаанчулуут ордог байсныг Чингис Соосэ дээр буцаж эргүүлэх, Улаанчулуутаас Арвайн үндэс хүртэл богино эргэлтээр 1 тээврийн хэрэгсэл 20 минутын зайтай иргэдэд үйлчлэхээр төлөвлөлт хийгээд байна. Нийтийн тээврийн чиглэлтэй холбоотой санал хүсэлтээ 11-323176, 11-326352 дугаарын утсанд мэдэгдэж болно.

Замын хөдөлгөөнд хязгаарлалт хийсэнтэй холбоотой иргэд, жолооч нарыг хурд хэтрүүлэлгүй замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Замын цагдаагийн албанаас анхаарууллаа гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ШХАБ-ын уулзалтад оролцохоор Астанаг зорилоо

Холбоотой ЗурагШХАБ-ын Дээд хэмжээний уулзалт энэ сарын 8-9-нд Казахстаны нийслэл Астана хотод болно. Энэхүү дээд хэмжээний уулзалтад оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас мордлоо.

Одоогийн байдлаар манай улс тус байгууллагад ажиглагчийн статустай бөгөөд Казахстан, Хятад, Киргизстан, Тажикистан, ОХУ, Узбекистан улсууд 2001 оны зургадугаар сарын 15-нд Шанхай хотноо ШХАБ-ыг байгуулсан. Уг байгууллага нь олон улсын Засгийн газар хоорондын байгууллага юм.

Categories
гадаад мэдээ

“Standard & Poor’s” агентлаг Катарын чансааг бууруулсан байна

Энэ сарын 5-нд Бахрейн, Арабын Нэгдсэн Эмират улс, Саудын Араб, Египет, Йемен, Ливи, Малдив, Маврикии зэрэг улсууд Катараас дипломат харилцаагаа тасалсан. Тэд Катарыг террорист болон хэт даврагсдын бүлэглэлийг дэмждэг хэмээн буруутгаад байгаа билээ.

Тэгвэл үүний дараа “Standard & Poor’s” агентлаг Катарын чансааг “АА-” үзүүлэлтээс “АА” болгон бууруулжээ. Энэ чансаа нь цаашид буурах магадлалтай гэж тус агентлаг үзэж байгаа аж. Катарын чансааг бууруулах болсон шалтгаан нь тус улсаас Арабын арван улс дипломат харилцаагаа тасалсантай холбоотой юм. “Standard & Poor’s” агентлагийн шинжээчид “Катарын хувьд гадаад эрсдэл ихэсч байна. Энэ нь эдийн засгийн өсөлтөд муу нөлөөтэй” гэжээ. Тэд Катарын чансааг ирэх наймдугаар сарын 25-нд эргэн харах боломжтой гэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Яг түүн шиг” шоуны гала тоглолтыг хойшлуулжээ

“Боловсрол” телевиз, “Номадс”-ын сүлжээ ресторануудтай хамтран “Яг түүн шиг” гала тоглолтыг маргааш буюу зургадугаар сарын 09-ний өдөр “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д зохион байгуулахаар төлөвлөсөн байсан ч тоглолтыг хойшлуулжээ.

Учир нь энэ сарын 08-наас 11-ний өдрүүдэд олон улсын залуучуудын томоохон байгууллага болох JCI-ийн Ази, Номхон далайн бүсийн чуулга уулзалт (ASPAC) Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна. Тус хурлын үеэр олон арга хэмжээ давхцаж байгаа тул “Яг түүн шиг” гала тоглолтыг хойшлуулж өөр өдөр зохион байгуулах хүсэлтийг арга хэмжээг зохион байгуулагчдын зүгээс гаргажээ. Иймд тус тоглолтыг хойшлуулсан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Дэлхийн банкны баг ажиллаж байна

Дэлхийн банкны баг “Ухаалаг засаг” төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2017 оны 6 сарын 2-ноос 12-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж байна.

Дэлхийн банкны баг “Ухаалаг засаг” төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2017 оны 6 сарын 2-ноос 12-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж байна. Уг томилолтын хүрээнд тус төслийн хэрэгжүүлэгч, ашиг шим хүртэгч байгууллагууд болох Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний статистикийн хороо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлагуудтай уулзаж, төслийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо.

Дэлхийн банкны багийн бүрэлдэхүүнд тус банкны ахлах эдийн засагч, “Ухаалаг засаг” төслийн багийн ахлагч Петер Силарски, мэдээлэл, харилцаа холбоо, технологийн ахлах зөвлөх Себастиан Фоо, худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Т.Гэрэлгуа, мэдээлэл, харилцаа холбоо, технологийн зөвлөх Г.Энхболор нар оржээ.

“Ухаалаг засаг” төслийн хүрээнд мэдээллийн технологийн бодлогын түвшний дараах томоохон дэд төслүүдийг хэрэгжүүлж байна. Үүнд:

  • Иргэдийн санал хүсэлтийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх системийг нэвтрүүлэх;
  • Төрийн энтерпрайз архитектур, төрийн мэдээлэл солилцох стандартыг загварчлах;
  • Үндэсний дата төв дээр байрлаж байгаа төрийн мэдээлэл солилцох төвийн хүчин чадлыг нэмэгдүүлэх;
  • Үндэсний нөөц дата төвийг байгуулах;
  • Эд хөрөнгийн эрх бүртгэлийг бүрэн цахимжуулах;
  • Инновацийг дэмжих;
  • Төрийн нээлттэй өгөгдлийг хөгжүүлэх, нэгдсэн портал нэвтрүүлэх;
  • Статистикийн мэдээлэл боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх.

Дэлхийн банкны баг дээрх дэд төслүүд хэрэгжиж ашиг шим хүртэгч байгууллагын албаны хүмүүстэй биечлэн уулзаж, хэрэгжилтийн явцтай танилцан санал солилцож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, алхмуудыг тодорхойллоо.

Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбат: Ажлын хэсэг Монголбанкны үйл ажиллагаанд халдсан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Уг тогтоолтой холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Монголбанкнаас “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр хэрэгжүүллээ ч орон сууцны үнэ буугаагүй, гурилын үнэ, махны үнэ буугаагүй. Тэгэхэд Эдийн засгийн байнгын хорооны гишүүд өчигдөр “Шалгуулах шаардлагагүй” гэж өмгөөлсөн, хамгаалсан зүйл ярьж байх юм. Төв банкинд 3 их наядын алдагдал үүсчээд байхад яагаад хариуцлага ярьдаггүй юм. Үүнээс болж, өнөөдөр эдийн засаг хүндрээд байгаа. Ард түмэн хариуцлага тооцох ёстой гэж шахаж, шаардаж байгаа.

Холбоотой Зураг

Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан: Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжсэн ч 1.8 хувиар төгрөгийн ханш суларсан. Үндсэн зорилгодоо хүрээгүй, их хэмжээний мөнгө шамшигдуулсан, аж ахуйн нэгжүүдэд ялгаварлаж зээл олгосон, хадгаламжид мөнгө хийж, мөнгө хүүлэх ажиллагаа явуулсан, санхүүгийн үйлчилгээ авсан, хувь хүний дансанд шилжүүлсэн зэрэг зөрчил илэрсэн. Үндэсний аудитын газар шалгалт хийгээд, үнийг тогтворжуулсан байна уу гэдгийг шинжилгээ хийж үзсэн. “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр үр дүнд хүрээгүй, инфляцийг өсгөсөн, төгрөгийг сулруулсан гэсэн байгаа. Валютын их хэмжээний интервенц хийсэн. Төв банк 2012 онд 4 тэрбумын валютын нөөцтэй байсан бол 2016 онд 1 тэрбум болж, бууруулсан. Хүүгийн алдагдал хүлээсэн, энэ нь 526 тэрбум. Форвард хэлцэл хийхэд 1.7 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн.

Д.Эрдэнэбат зурган илэрцүүдУИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Ажлын хэсгийн дүгнэлт нэр зааж ялын тогтоол шиг орж ирсэн, ажлын хэсэг Монголбанкны үйл ажиллагаанд халдсан. Хэн нэгнийг яллахыг зорьсон, улс төрийн агуулга байсан уу гэвэл байсан. “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр Мөнгөний бодлогын арга хэмжээ байсан. Дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унахад мөнгөний хомсдол 16.4 хувиар үүссэн. Ийм хөтөлбөр хэрэгжүүлээгүй бол эдийн засаг агшаад ажилгүйдэл 20 хувь хүрч, 108 мянган ажлын байраа алдах байсан. 3 их наядыг хуримтлагдсан алдагдал гэж дүгнээд байгаа. Агшсан эдийн засгийг тогтоон барихын тулд хийсэн зардал гэж Ардчилсан намын бүлэг үзэж байгаа. Энэ 3 их наяд хуримтлагдсан алдагдал гэж үзэх юм уу, хохирол гэж үзэх юм уу, зардал гэж үзэх юм уу. Хуримтлагдсан алдагдал ямар үед буурдаг юм бэ. Инфляци өсөөгүй, буурсан. Монцементийг тэр хүнд үед байгуулаад, цементийг дотоодоосоо хангах боломжтой болсон. Дөрвөн жил махны үнэ буурсан. Ийм байхад хэн нэгнийг яллах чинь улс төр. Монголбанкны бүрэн эрхэд битгий халд.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж: Алдагдал уу, зардал уу гээд асуугаад байсан, алдагдал гэж гарлаа шүү. Ардчилсан нам 2012 оны орон нутгийн сонгуулиар “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр, 2013 оны ерөнхийлөгчийн сонгуулиар ипотекийн зээл, 2016 оны УИХ-ын сонгуулиар “Сайн” хөтөлбөр хэрэгжүүлсэн. Ийм юм ярихаар яахаараа улс төр болдог юм, хариуцлага ярина. Ийм асуудал дээр найраа байхгүй шүү, гишүүд ээ. Монголбанкийг улс төрийн зорилгоор ашигладгаа аль ч нам зогсоох ёстой.

Хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Мьянмарын сураггүй болсон цэргийн онгоцны сэг олджээ

122 хүн тээвэрлэж яваад сураггүй болсон Мьянмарын цэргийн нисэх онгоцны сэгийг олсон талаар тус улсын Зэвсэгт хүчнээс мэдэгджээ. Мьянмарын боомт хот Лаунглоны зүүн эргээс 35 км зайд цэргийн хөлөг онгоц хайгуул хийж байгаад хоёр том хүн, нэг хүүхдийн цогцос илрүүлсэн байна. Мөн сүйрсэн онгоцных байж болзошгүй залуурыг тэнгисийн уснаас олжээ.

Мьянмарын армийн албаны хүмүүсийн мэдэгдсэнээр Хятадад үйлдвэрлэсэн Y-8-200F тээврийн онгоц Мьянмарын өмнөд нутгийн Миейк хотоос Янгоны хооронд нислэг үйлдэж байгаад сураггүй болсон байна. Онгоц Миейкээс хөөрөөд 29 минутын дараа буюу лхагва гаригийн 13.35 цагт Давэй хотоос 30 км орчим зайд гэнэт холбоо тасарчээ. Онгоцонд 122 хүн, тэдний 108 нь зорчигч, 14 нь нисэх багийн гишүүд байсан байна.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-ын бүртгэлийн хуудсаа баталгаажуулаарай

ЭЕШ-ын бүртгэлийн хуудсаа баталгаажуулах сүүлийн өдөр зурган илэрцүүд

ЭЕШ зургадугаар сарын 14-ний өдөр эхэлнэ. Харин өнөөдөр төгсөгчид бүртгэлийн хуудсаа баталгаажуулах сүүлийн өдөр юм байна. 2017 оноос өмнө Ерөнхий боловсролын сургууль төгссөн төгсөгчид зургадугаар сарын 10-наас өмнө Боловсролын үнэлгээний төв болон шалгалт өгөх аймгийн ЭЕШ хариуцсан мэргэжилтнээр бүртгэлийн хуудсаа баталгаажуулахыг анхааруулж байна. Мөн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан төгсөгчийн булангаар нэвтэрч хувийн мэдээлэл гэсэн хэсгээс суудлын хуваариа хэвлэж авах ёстой юм байна.

Төгсөгчид шалгалтанд орохдоо дараахь материалуудыг бүртгүүлсэн байна. Үүнд:

-Бүртгэлийн хуудас /баталгаажуулсан байх/

-Суудлын хуваарь

-Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг

-Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг зэргийг заавал бүрдүүлсэн байх ёстой юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ эдгээр асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ

Зургадугаар сарын 08, 09-ний пүрэв, баасан гаригт УИХ-аар доорх дурдсан асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

  • “Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудын төсөл /Засгийн газар 2017.05.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар 2017.06.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2017.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2017.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа нарын 7 гишүүн 2017.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулсан “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.02-ны өдөр ирүүлсэн, соёрхон батлах/;
  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын хөнгөлөлттэй зээлийн Ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.02-ны өдөр ирүүлсэн, соёрхон батлах/;
  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Ард Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.02-ны өдөр ирүүлсэн, соёрхон батлах/;
  • Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Олон улсын гэрээний тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.05.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудын төсөл /Засгийн газар 2017.05.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Эрчим хүчний салбарт хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явцын талаар”.
Categories
мэдээ улс-төр

Машины татварыг эсэргүүцсэн иргэнийг “Ганц худаг”-т хорьж цагддаг нь утгагүй байна гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдааныг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж даргалж байгаа юм. Монголбанкны шалгалтын дүгнэлттэй холбоотой авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, Эрүүгийн хуулийн тухай, прокурорын тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарим гишүүд үг хэлэв.

УИХ-ын гишүүн Л.Болд “Дэлхийн залуу удирдагчийн чуулга манайд зохион байгуулагдаж байна. Энэ бол маш том арга хэмжээ. Гэтэл яг энэ арга хэмжээний үеэр төв талбайгаа ухаж, сэндийчиж байгаа нь ямар учиртай вэ. Ойрд нийслэлийн газартай холбоотой маш олон асуудал хөндөгдөж байна. Энэ асуудлаар байнгын хороон дээр сонсмоор байна. Энэ асуудлыг зохицуулж өгөөч гэж хүсч байна гэлээ.

Гишүүн О.Баасанхүү “Приус машины татварыг чөлөөлөх асуудал яагаад хэлэлцэгдсэнгүй вэ. Приус машины татварыг эсэргүүцэн машинаа шатаах гэсэн иргэнийг Ганц худагт хорьж цагддаг нь утгагүй. Тэр хүн амьдралын төлөө явж байгаа. Бид өөрсдөө татварыг оруулж ирээд явдаг. Хариуцлага хүлээлгэж болно. Гэхдээ цаазаар авахаар ял хүлээлгэж болохгүй. Хуульзүйн сайд энэ асуудлыг анхааралдаа аваад, холбогдох байгууллагаас хариу аваад миний нэр дээр ирүүлнэ үү.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Л.Болд гишүүний саналыг боломжтой гэж үзвэл байнгын хороон дээр хэлэлцэх хэрэгтэй. Олон улсын арга хэмжээг эсэргүүцэж нийслэл энэ ажлыг хийгээгүй байх. Талбайд зогсоол барихаар сайжруулж байгаа юм билээ. Бөөсийг хүртэл улстөржүүлэхээ болимоор юм. О.Баасанхүү гишүүн асуудлаа прокуророос асуу.” хэмээв.

Ийнхүү гишүүд саналаа хэлж дуусаад, Монголбанкны шалгалтын дүгнэлттэй холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.