Categories
мэдээ улс-төр

Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд “эх орноосоо урвах талаар заалтыг тодорхой болгохыг хууль санаачлагчдаас тодруулж байсан юм.

-Гэмт хэргийг хоёр бүрэлдэхүүн болгоё гэж томъёолсон. Эх орноосоо урвах гэдэг дээр эхнийх нь 12-20 жилийн хугацаатай гэж явснаа, хоёр дахь бүрэлдэхүүнд хөнгөрсөн байгаа. Энэ нь учир дутагдалтай болов уу гэж бодож байна. Гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн хэсгийг тайлбар дотор оруулж, асуудал дагуулахаар байгаа юм гэж прокурор хариулсан.

Ингээд уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад гишүүдийн олонхи дэмжсэн юм. Тиймээс Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

Дараагаар нь Онцгой албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Categories
энтертаймент-ертөнц

Английн алдарт “EAST 17” хамтлаг маргааш Монголд тоглоно

Английн алдарт boyband “EAST 17” хамтлаг Крокус эвэнт холлын тайзнаа маргааш бүрэн хэмжээний тоглолтоо хийнэ.

Энэхүү тоглолтод тус хамтлаг хамгийн олон сая борлогдсон цомгуудынхаа хит уран бүтээлүүдээ толилуулах юм. Мөн тоглолтод 90-ээд оны залуусын хамгийн дуртай “Let it go”, “it`s Allright”, “Stay another day” зэрэг уран бүтээлээрээ фэнүүддээ бэлэг барих агаад “LUMINO” хамтлаг урилгаар оролцоно.

Анх 2004 онд “LUMINO” хамтлаг тус хамтлагтай хамтран тоглолт хийж дуулиан тарьж байсан юм. Тэгвэл 13 жилийн дараа “EAST 17” хамтлагийн урилгаар “LUMINO”-гийн залуус “Each time” хэмээх алдарт сингл уран бүтээлийг хамтран дуулж монгол үзэгчдэд бэлэг барихаар болжээ.

Тус тоглолтыг Крокус эвэнт холлын улирал тутам хийдэг “Back to the 80`90 Disco Crocus” үдэшлэгийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд өмнө нь Английн London Beat, Германы La Bouche, Австрийн Joy зэрэг хамтлагийг монгол фэнүүдтэй нь уулзуулсан билээ.

Энэ зуны хамгийн анхны тэсрэлт хийх шоуны тасалбарыг 60000, 100000 төгрөгөөр Ticket.mn болон 1900-1800-аар захиалах боломжтой гэнэ.

Categories
гадаад мэдээ

NASA шинээр 12 сансрын нисэгчтэй боллоо

Өчигдөр Америкийн Үндэсний Сансар судлалын Агентлаг (NASA) сансарт ажиллах нөөц нисэгчдийнхээ бүрэлдэхүүнд шинээр 12 хүн нэмж, нийт 56 нисэгчтэй болсон байна.

Тэдний долоо нь эрэгтэй, тав нь эмэгтэй юм. Сансрын нисэгч болох хүсэлтээ илэрхийлсэн 18,300 хүнээс тэднийг сонгожээ. Шалгарсан хүмүүсийн дотор янз бүрийн мэргэжлийн хүмүүс байгаа гэнэ. Агаарын цэргийн командлагчаас эхлээд далай тэнгисийн судлаач, SpaceX компанид инженерээр ажиллаж байсан хүн хүртэл тэдний дотор байна. Шинэ нисэгчдийн нас 29-42 байгаа юм. Тэд бие бялдрын хөгжил, мэдлэг, мэргэжлийн түвшин зэрэг олон шалгуурыг давсан байна.

АНУ 2011 оноос хойш өөрийн нутаг дэвсгэрээс сансарт хүн хөөргөөгүй байгаа. ОХУ-ын пуужинг ашиглан Байконураас сансарт нисдэг болсон юм. Тэгвэл Дональд Трамп 1960-1970-аад оны үед оргил үедээ байсан Америкийн сансар судлалыг дахин сэргээхээ амлаад байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

ХХААХҮЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөг болно

ХХААХҮЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөг болноХүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг 2017 оны 06 дугаар сарын 9.10-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно. Энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгөөс мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэлийн бодлого, шинэ техник технологи, худалдаа үйлчилгээ, хуульзүйн зөвлөгөөг нэг дороос авах боломжтой юм. Тодруулбал, Хүнс, хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариалангийн салбарт төрөөс үзүүлж байгаа бодлого, инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэн, тариаланчдад үзүүлэх дэмжлэг, жижиг дунд үйлдвэрлэлийн зээлд хамрагдах боломж, тусгай зөвшөөрөл, хөдөө аж ахуй их сургуулийн, эрдэм шинжилгээний байгууллагын сургалт зөвлөгөө мэдээллийг өгнө.

Мөн төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалахад зориулсан техник тоног төхөөрөмж, үрслэгээ суулгац, малын зохиомол хээлтүүлгийн талаар энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр сонирхох боломжтой .

Categories
мэдээ нийгэм

Ахуйн хэрэглээний газ үнэрлэн нэг хүүхэд нас баржээ

Улсын хэмжээнд 2016 онд насанд хүрээгүй хүмүүсээс ахуйн хэрэглээний газ болон мансууруулах төрлийн бодис /гутлын тос, шар цавуу, бензин, эм бэлдмэл/ хэрэглэсэн гэх дуудлага мэдээлэл 30 бүртгэгдэж, 53 хүүхэд хохирсноос 5 хүүхэд нас барсан статистик мэдээ байна.

Харин 2017 оны эхний дөрвөн сарын байдлаар энэ төрлийн дуудлага мэдээлэл 16 бүртгэгдэж, 25 хүүхэд хохирсноос хоёр хүүхэд нас баржээ.

Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр, орон сууцны арын далан дээр нас барсан хүн байна гэх дуудлага өчигдөр /2017.06.07/ цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очих үед, тус хороонд оршин суух 14 настай эрэгтэй Т гэгч нас барсан байжээ. Хэргийн шалгалтын явцад хүү ахуйн хэрэглээний газ үнэрлэж мансуурсан байсан нь тогтоогдсон бөгөөд хэргийн газраас түүний үнэрлэж явсан газны сав олдсон аж.

Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Г.Шийлэгдамбын хэргийг даваа гаригт шүүнэ

Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбын авлигын хэргийн шүүх хурлын тов гарчээ. Тэрээр их хэмжээний авлига авсан байж болзошгүй хэргээр шалгагдсан юм. Түүний ажлын өрөөний сэйфнээс 500 сая төгрөг гарч ирсэн тул Авлигатай тэмцэх газар баривчилсан билээ. Уг хэрэг шийдэгдэхгүй явсаар хоёр жилийн нүүр үзсэн байна. Тэгвэл ирэх даваа гаригт шүүх хурал болохоор товлогджээ. Шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 13.30 цагт зарлагдсан байна.

Categories
мэдээ нийгэм

Цахим төлбөрийн баримтыг автоматаар бүртгэдэг болно

Татварын ерөнхий газар, Гааль татвар санхүүгийн мэдээлэл технологийн төв УҮГ болон Хэрэглэгчийн систем нийлүүлэгчидийн холбоо ТББ-ууд өнөөдөр Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгч хувь хүн, хуулийн этгээдэд “Татварын ерөнхий хууль”, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хууль, “Нийслэл хотын албан татварын тухай” хуулийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлж цахим төлбөрийн баримтын системийг боловсронгуй болгох замаар Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн төлбөрийн баримтын бүртгэлийг автоматжуулах, хэрэглэгчид хялбар системийн шийдлийг боловсруулан нэвтрүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичгийг үйлдэв.

Санамж бичигт ТЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Заяабал, ГТСМТТ-ийн УТҮГ-ын захирал Ц.Орхонтамир, ХСНХ ТББ-ын гүйцэтгэх захирал Ж.Баянмөнх нар гарын үсэг зурлаа.
Уг санамж бичгийн хүрээнд иргэдийн худалдан авалтын НӨАТ-ын цахим төлбөрийн баримтын бүртгэлийг автоматжуулж, цаасгүй цахим баримт олгох технологын шийдлийг боловсруулан нэвтрүүлэх юм. Энэхүү шийдэл нь бүх банкны картаар бэлэн бус гүйлгээ хийхэд худалдан авалтын НӨАТ-ын баримт автоматаар ebarimt.mn системд бүртгэгдэхээс гадна бүртгэлтэй имэйл хаягт цахимаар илгээгдэх юм.

Цаасгүй, цахим төлбөрийн баримтын үйлчилгээг Монголын програм хангамжийн салбарыг тэргүүлэгч тогтвортой үйл ажиллагаа явуулж буй 15 компани “Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоо”-нд нэгдэж өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээндээ ePOS карт уншигч төхөөрөмжийг нэвтрүүлэн хамтран ажиллаж байна.

Худалдаа үйлчилгээний байгууллагууд ePOS банкны карт уншигч ПОС терминалыг ашиглахыг хүсвэл www.epos.mnсайтаар орж захиалгаа өгөөрэй. Лавлах утас: 7011-1717

Categories
мэдээ нийгэм

БСШУС-ын сайдад Г.Чулуунбаатарыг нэр дэвшүүллээ

Боловсролын салбар эзэнгүйдээд хэд хонож байгаа билээ. Тэгвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БСШУС-ын сайдаар ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, академич Г.Чулуунбаатарын нэрийг дэвшүүлжээ. Түүний саналыг МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцэн дэмжиж, УИХ дахь бүлэг дэмжин чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

Г.ЧУЛУУНБААТАР НЬ:

• 1975-1981 онд МУИС-ийн Философийн салбарыг философич, нийгмийн ухаан багш, судлаач мэргэжлээр бакалавр, магистрын зэрэгтэй төгссөн.
• 1990-1993 онд Оросын Удирдлагын Академийн аспирантур төгсөж “Дорно дахины хөгжлийн монгол хувилбарын онол, арга зүйн шинэ эрэл, хайгуул” сэдвээр 1993 оны Тавдугаар сарын 26-нд философийн ухааны дэд докторын зэрэг хамгаалсан.
• 2000 оны 1 дүгээр сард Монгол Улсын Шинжлэх ухааны академийн докторантурт “XX, XXI зууны зааг үе дэх иргэний нийгмийн төлөвшил, хөгжил” сэдвээл философийн шинжлэх ухааны доктор (ScD)-ын зэрэг хамгаалсан.
• 2001 онд Улаанбаатарын их сургуулийн профессор цол
• 2010 Удирдлагын академийн профессор цол
• 2004 онд БНХАУ-ын Нефьтийн их сургууль, Хөх хотын багшийн их сургуулийн хүндэт профессор цол
• 2005 онд Японы Сока их сургуулийн хүндэт профессор
• 2009 оны хоёрдугаар сард МУ-ын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич цол тус тус хүртсэн.
• ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Тэрбишдагва: Монголын хамгийн олон уншигчтай “Өдрийн сонин” дээр мэдэгдэл нь гарчихсан л байна лээ

Өнөөдөр УИХ-ын үдээс өмнөх чуулганаар “Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн билээ. Энэ үеэр Д.Тэрбишдагва гишүүн ийнхүү “зарга” хийсэн юм.

“Монгол банкны ерөнхийлөгчийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамтын удирдлагын зарчим нэвтрүүлэх, Монголбанкны засаглалын бүтэц, зохион байгуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх, хуулийн арга хэмжээ авахгүй бол Монголбанкны ерөнхийлөгч вант улсын эзэн шиг загнадаг юм билээ. Хууль эрх зүйн хувьд тэр хүн эрх мэдлээ ашигласан нэгдүгээрт, тийм эрхийг өөрт нь өгсөн юм билээ. Нөгөө талаасаа бол энэ өндөр албан тушаалд ажиллаж байгаа хүмүүс ёс зүйтэй байх ёстой. Ямар хууль зөрчиж байгаагаа ойлгосон байх учиртай. Гэтэл албан тушаалаа ашиглаад дураараа дургисан байгаа юм. Аж ахуйн нэгжүүдийг төрийн бодлогоор дэмжинэ гэдгийг манай намын гишүүд буруу гэж үзэхгүй байгаа юм. Хамгийн гол нь зээл авсан аж ахуйн нэгжүүд нь төчнөөн ажлын байр бий болгож, татвар төллөө гэсэн бол өөр асуудал. Гэтэл мөнгийг нь аваад, арилжааны банкинд хадгалаад, мөнгө угаах процесс явуулж байгаа нь ёс зүйгүй байтугай том гэмт хэрэг. Ийм мэтийг ялгаж үзэхгүйгээр аж ахуйн нэгж рүү дайраад байгаа мэтээр зарим хүмүүс ойлгоод байгаа юм. Аж ахуйн нэгжүүдийг төрийн бодлогоор дэмжээд, авсан хөнгөлөлттэй зээл олгож, татвар төлөөд, үр ашигтай байхыг бид эсэргүүцсэн юм байхгүй.

Хоёрдугаарт Д.Эрдэнэбат гишүүн өчигдрөөс хойш улстөржүүлээд байгаа учраас би бас ганц хоёр юм хэлэхгүй бол болохгүй байна. Нэг ч сонин мэдэгдэл авахгүй байна гэсэн чинь энэ сонин дээр мэдэгдэл гарчихсан л байгаа биз дээ. Энэ чинь нэг сонин мөн юм байгаа биз дээ. Мөнөөр барахгүй Монгол Улсын хамгийн олон уншигчтай сонин дээр мэдэгдлээ гаргачихаад, мэдэгдэл гаргаагүй, нэг ч сонин авахгүй байна, хаалтын гэрээ хийж гээд байх юм. “Өдрийн сонин” гээд хамгийн олон уншигчидтай сонин дээр мэдэгдэл нь гарчихсан л байна шүү дээ. Улстөржүүлсэн байр суурийг бид биш, АН-ын бүлгийн дарга гаргаад байгаа юм. Тийм учраас хэлж байхгүй бол болохгүй байгаа юм. АН-ыг болохгүй байна гэж хэлсэн хүн бараг байхгүй. Н.Золжаргал гэдэг хүн чинь буруу ажил хийж, тэр хүнээ олоод ир л гэсэн юм.
Б.ЭГШИГЛЭН
Categories
мэдээ улс-төр

Монгол банкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг батлав

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Монголбанкинд хийсэн шалгалтын дүнгийн талаар “Монголбанканд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлэв.

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав:

-Өмнө нь хийсэн бүтээсэн зүйлээ сэлэмдэж, нураадгаа болих хэрэгтэй. Биднийг эрх барьж байхад та нарын бодлого таалагдахгүй байна гэдэг байсан. Та нарын бодлого ч бидэнд таалагдахгүй байгаа. Би Монголбанкинд хийсэн шалгалтын гэдэс дотрыг нь уудлахгүй. Яагаад гэвэл ажил хийж байгаа хүн алдаа гаргадаг. Төсвийн алдагдлаа Монголбанкнаас нөхсөн байна гээд байх юм. Монголбанк УИХ-аас гаргасан шийдвэрийн дагуу ажилласан байгаа. Шүүх, хяналтын байгууллагын ажлыг УИХ хийх юм уу гэв.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Мөнгө босгосныг буруу гээгүй. Би өнгөрсөн хугацаанд хэлмэгдүүлэлтэд өртсөн хүний нэг. Хэмжээгүй эрхтэй хоёр хүн байсан гэж О.Баасанхүү үнэн хэлнэ лээ. Буруу зөрүүг засч, алдааг нь залруулъя гэж тогтоолын төсөл гарч байна гэж ойлгож байна. Ажлын хэсэг юм уу, УИХ дээр гарч байгаа тогтоолын төсөл ард түмний толгойг эргүүлж байгаа зүйлгүй.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг буруу гэж хэлээгүй. Монголбанк ноён ам.долларыг биш хаан төгрөгийг хамгаалах үүрэгтэй. Үүнийг өнгөрсөн дөрвөн жил хангалтгүй биелүүлж байсан. Өнөөдөр бид үр дагаврыг нь харж байна. Зээл авсан аж ахуй нэгж, хүнийг буруутгаагүй. Зээлийг хэн ч авч болно. Хамгийн гол нь хугацаанд нь төлсөн үү, зориулалтаар нь ашигласан уу гэдэг асуудал яригдаж байгаа. Бараа таваарын үнэ буугаагүйг бид хэлсэн хэлээгүй ард түмэн мэдэж байгаа. Одоо үүнийг хууль хяналтын байгууллага ярьж хариуцлага тооцох ёстой. Ажлын хэсгийн дүгнэлт дээр ажиллах ёстой. Гэрээ хийсэн, ажил хариуцсан хүмүүс ажлаа хийгээгүй гэж байгаа. Ажлаа хийх хэрэгтэй гэв.

Ийнхүү гишүүд үг хэлсний дараа Монголбанкинд хийсэн шалгалтын талаар арга хэмжээ авах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар уг тогтоолыг батлав.

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.

Үдээс хойшхи хуралдаан 15.00 цагт эхэлнэ.