Categories
мэдээ спорт

Б.Энх-Амгалан Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ

Вьетнамын Хо Ши Мин хотод таеквондогийн өсвөр үеийнхний Азийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тэмцээнд оролцсон Монголын баг тамирчдаас хөвгүүдийн 37 кг-ын жинд “Элит” клубын тамирчин Б.Энх-Амгалан хүрэл медаль хүртлээ. Хоёр дахь удаагийн тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Хо Иньёон нарын удирдлага дор дөрвөн тамирчин хүч үзсэн юм.

Б.Энх-Амгалан Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ

Categories
гадаад мэдээ

Японоос 72 сая жилийн настай үлэг гүрвэлийн яс олджээ

Палеонтологичид Японоос тус орны түүхэнд байгаагүй үлэг гүрвэлийн том хэмжээний бүхэл бүтэн араг ясыг олж илрүүлжээ. Тэр ясны нас нь ойролцоогоор 72 сая жилээр тооцогдож байна хэмээн EurekAlert портал өгүүлэв.

Үлэг гүрвэлийн чулуужсан ясны үлдэгдлийг Хоккайдо дахь ууланд олж илрүүлснээс хойш 20136 онд эрдэмтэд малтлагаа эхэлжээ. Энэ хугацаанд тэд бараг бүтэн араг ясыг цуглуулж чаджээ.
Олдворын урт нь бараг найман метр. Урьдчилсан дүгнэлтээр тэр нь нугасан хушуут гэх үлэг гүрвэлийн төрөлд хамрагдана. Энэ өвсөн тэжээлт амьтан 66-100 сая жилийн өмнө амьдарч байсан ба япончууд олдвороо Мүкаварүю гэж нэрлэжээ. Мүкава гэдэг үг нь японоор луу гэсэн утгатай гэжээ.

Хоккайдогийн их сургуулийн Иошитсүги Кобаяши бид үлэг гүрвэлийн ясны талаас илүү хувийг олсон тэр нь бараг бүтэн яс гэсэн үг хэмээн олзуурхаж байна.

Фото: Hobetsu Museum in Mukawa/The Hokkaido University Museum

Categories
мэдээ нийгэм

Саран дээр буусан Базз Олдрин монголчуудтай уулзлаа

Аполлон 11 хөлгөөр саран дээр буусан Базз Олдрин өнөөдөр IMAX “Өргөө” кино театрт монголчуудтай уулзаж ярилцлаа. Уулзалтанд “Шинэ Монголын төлөө санаачилга”-ын тэргүүн Л.Болд, сансрын нисэгч Ж.Гүррагчаа нар оролцсон юм. “Шинэ Монголын төлөө санаачилгын” урилгаар домогт сансрын нисгэгч Базз Олдрин Монголд иржээ.

Базз Олдрин бол олон жил НАСА-д сансрын нисэгч, инженерээр ажилласан агаад Флоридагийн Технологийн их сургуулийн дэргэд Сансрын институци байгуулан сансар судлал, Ангараг гарагийн судалгааны чиглэлээр ажиллаж байгаа ажээ. Түүний бодит амьдралаас сэдэвлэн Холливудын хамгийн алдартай анимейшн кинонуудын нэг болох “Тоглоомын түүх (Toy story)” киноны гол дүр, сансрын зоригт баатар Баззын дүрийг бүтээсэн гэдэг.

“Шинэ Монголын төлөө санаачилга”-ын тэргүүн Л.Болд ярихдаа “36 жилийн өмнө Монголын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаа “Союз 39” хөлгөөр сансарт ниссэн үйл явдал нь Монгол Улсын хөгжилд томоохон түлхэц болж, олон арван жил залуу үеийн үлгэр дуурайл болж ирсэн. Өнөөгийн шинэ зуунд монгол хүн, манай залуус дахин сансарт нисч, Монгол Улс сансар судлалын хамгийн орчин үеийн ололт дэвшлийг эзэмшихийн төлөө манай байгууллага тодорхой ажил санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэв.

Доктор Базз Олдрин түүнд хариу болгож “Монгол Улс сансрын дараагийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх санал, санаачилга гаргаж буйг талархан хүлээн авч ноён Л.Болдтой санал солилцлоо. Манай Сансрын институци энэ чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна“ гэлээ.

buzz

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатарын талбайн урд 200 автомашины зогсоол нээгдэнэ

Нийслэлийн Засаг дарга С.Батболдын захирамжийн дагуу Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га талбайд орчин үеийн технологи бүхий 200 машины зогсоол байгуулж байна.

Сүхбаатарын талбайн урд 200 автомашины зогсоол нээгдэнэ

Зам барилгын ажлыг “Ю Би констракшн” ХХК-ийн гүйцэтгэж байгаа бөгөөд зам талбайн ажил буюу 6650 м2 хөрс хуулалт, асфальт бетоны хучилтын ажлууд хийж байна.

Замын ажил энэ сарын 4-ний өдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 20-ны өдөр ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Приус маркийн машинд оногдуулсан татварыг буцаан олгоно

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт хийх тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.

Хос хөдөлгүүртэй буюу Приус маркийн автомашинд ногдуулсан онцгой албан татварыг иргэд, импортлогчдод буцаан олгох талаар хуулийн төсөлд тусгажээ. Тодруулбал хуулийн төсөлд Хос хөдөлгүүртэй буюу Приус маркийн автомашинд ногдуулсан онцгой албан татварын буцаан олголтод тэрбум гаруй төгрөг хийгдэх аж. Сангийн яамнаас өгсөн мэдээллээр 5 сарын нэгнээс хойш импортоор орж ирээд татвараа төлсөн 375, гаалийн бүрдүүлэлт хийсэн 2600 орчим машин байгаа аж.

Улмаар хуулийн дагуу хөнгөлөлт үзүүлбэл 4 тэрбум орчим төгрөг болох аж. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хуулийн үйлчлэх хугацааг наймдугаар сарын нэгэн хүртэл хойшлуулах нь зүйтэй гэсэн бол хууль санаачлагчдын зүгээс 7 дугаар сарын нэг хүртэлх хугацааг хангалттай хэмээн үзэж байгаа аж. Уг хуулийн төслийг зургадугаар сарын 9 буюу маргаашнаас эхлэн мөрдөхийг гишүүд дэмжсэн юм. Ийнхүү уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

УИХ-аас 2017 оны төсвийн тодотголыг батлахдаа автомашины ОАТ-ыг 50 хувиар нэмэгдүүлэхээр заасан. Хууль 2017 оны тавдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхэлсэн үеэс авто машин импортлогчдын зүгээс татвар ногдуулсан хугацааг хойшлуулж өгөх хүсэлт тавьсан. Иймээс хуулийн төслийг санаачилж, Засгийн газар ч дэмжсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Г.Дэнзэнгийн өмгөөлөгчийг шүүх хуралд оролцуулсангүй

Г.Дэнзэн зурган илэрцүүдНийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн шүүх хурал болж байна. Тус хуралдаанд илтгэгч шүүгчээр М.Пүрэвсүрэн, прокурор Н.Бадамцэцэг болон шүүгдэгчийн өмгөөлөгчид оролцож буй юм. Гэвч тус шүүх хуралд Г.Дэнзэнгийн өмгөөлөгчийг оролцуулаагүй байна.

Хоёр сарын өмнө Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх Г.Дэнзэнд 3.6 жилийн хорих ял, Я.Батсуурьт 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин шүүгдэгч, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр нарт хоёр жилийн тэнсэн харгалзах ял, шүүгдэгч Д.Баярмаад мөнгөн торгууль ноогдуулах шийдвэр гаргасан юм. Мөн шүүгдэгч нараас 5.5 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан.

Categories
мэдээ нийгэм

Ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ хүндээр өвджээ

Олны танил ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ ходоодны хорт хавдар тусчээ. Маш яаралтай БНСУ-д явж мэс засал хийлгэхгүй бол амь насанд нь аюул учраад байгаа гэнэ.

Түүний гэр бүл, найз нөхөд нь “Хатан ятгын эгшиглэн тасрашгүй” сайн үйлсийн аяныг эхлүүлэхээр болжээ.

Ч.Мөнх-Эрдэний хань хөгжмийн зохиолч, соёл судлаач Д. Ганпүрэв өөрийн нүүр хуудастаа “Манай гэр бүлд маш хүнд асуудал тохиолдоод байна” хэмээн тусламж гуйжээ.

Categories
мэдээ улс-төр

БСШУС-ын сайдад Г.Чулуунбаатарыг томилуулах саналыг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад академич Г.Чулуунбаатарыг томилуулах саналаа өнөөдөр (2017.06.08) Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн мэдүүллээ.

Нэр дэвшигч Г.Чулуунбаатар нь:

-1975-1981 онд МУИС-ийн Философийн салбарыг философич, нийгмийн ухаан багш, судлаач мэргэжлээр бакалавр, магистрын зэрэгтэй төгссөн

-2013 оноос одоог хүртэл Монгол Улсын ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал

-2008-2013 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийн захирал

-2007-2011 онд НҮБХХ-ийн Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх Мянганы хөгжлийн ес дэх зорилгыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төслийн Үндэсний захирал

-2000-2008 онд УИХ-ын даргын ахлах зөвлөх

-1997-2009 онд Монгол Улсын ШУА-ийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэнгийн захирал

-2004-2008 онд МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн

-ШУА-ийн Тэргүүлэгч гишүүн (одоог хүртэл)

-Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүн

-2004-2008 онд УИХ-ын дэргэдэх Судалгааны төвийн захирал

Г.Чулуунбаатар нь 1997 оноос ШУА-ийн Нийгмийн ухааны Бага чуулганы гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд тус Бага чуулганы дэргэдэх философи, социологи, улс төр судлал, урлаг судлалын салбараар Шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалуулах Эрдмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Хамгаалуулах зөвлөлийн дарга (2014 оноос), МУИС, СУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, Удирдлагын академийн эрдмийн зөвлөлийн дарга, Удирдахуйн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга (2008 оноос) Нийгмийн ухаанаар доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалуулах зөвлөлийн орлогч дарга, 2014 оноос Философи, шашин судлалаар доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалуулах зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байгаа юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“АСПАК-2017“ Бүс нутгийн хөгжлийн тулгамдсан есөн асуудлыг хэлэлцэж байна

Олон улсын Жэй Си Ай /JCI/ байгууллагын дөрвөн том бүсийн уулзалтын нэг Ази-Номхон далайн чуулган “АСПАК-2017” /ASPAC/ Улаанбаатар хотноо анх удаа зохиогдож байна.

Чуулганы хүрээ нь Ази-Номхон далайн 22 орны төлөөлөгчдийг хамрах ч өнөөдрийн байдлаар 51 орны 3500 орчим залуу манлайлагчид хүрэлцэн ирээд байна. Энэ сарын 8-11 хүртэл нийт дөрвөн өдөр үргэлжлэх чуулганы хүрээнд 84 төрлийн арга хэмжээг зохион байгуулах бөгөөд бүс нутгийн хөгжлийн тулгамдсан есөн төрлийн асуудлаар форум, хэлэлцүүлэг хийх юм. Эхний өдөр буюу өнөөдөр JCI байгууллагын Үндэсний Ерөнхийлөгч нарын уулзалт, нарийн бичгийн дарга нарын уулзалт, Сангийн уулзалт зэрэг арга хэмжээ болж байгаа бөгөөд хамгийн чухал нь өнөө орой “Буянт-Ухаа спорт цогцолбор”-т болох Нээлтийн ёслол юм.

Нээлтийн ёслолын арга хэмжээг өмнө нь болж байгаагүй өргөн хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэж ажлаа хангаж дууссан талаар ажлын албаныхан ярьж байв. “АСПАК” нь хамгийн том бүсийн чуулган учраас “JCI”-ийн дэлхийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, зөвлөхүүд, сенаторууд хүрэлцэн ирээд байгаа юм.

“АСПАК-2017” чуулганы арга хэмжээнүүд “Шангри Ла”, “Туушин”, “Улаанбаатар”, “Блю Скай”, “Корпорайт” зочид буудлуудад нэгэн зэрэг болж буй бөгөөд Ерөнхий ассемблей 3, гишүүддээ зориулсан сургалт 16, албан ёсны 10, форум 5, бизнесийн худалдааны үзэсгэлэн 3, ёслолын арга хэмжээ 3, гала тоглолт 3, Үндэсний онцлогийг харуулсан үдэшлэг 5 удаа зохион байгуулах юм байна. Үүнээс хоёр нь Монгол Улстай холбоотой сэдэв байх бөгөөд тодруулбал Улаанбаатар хотын ногоон хөгжил, Монгол Улсад бизнес эрхлэх ямар бололцоо байгаа талаар хэлэлцэх юм. Үүнтэй зэрэгцэн олон орны залуусын дунд хэд, хэдэн төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулна. Мэтгэлцээн, уран илтгэлийн тэмцээн, бизнесийн үзэсгэлэн, худалдаа болж, улс орон бүр өөр, өөрийнхөө онцлогийг харуулсан үдэшлэгийг зохионо.

Олон улсын “JCI” байгууллагын чуулга уулзалтыг ийн Монгол Улсад зохион явуулж байгаа нь тус байгууллагад эзлэх манай улсын нэр хүнд, байр суурийг илтгэж буй бөгөөд чуулганаар дамжуулан Монголын залуучуудын байр суурь олон улсад бэхжүүлэх, бизнес эрхлэх гарц боломжийг нээх, олон улсын манлайлагч залуустай хамтарч хөгжих, хамтарч ажиллах боломж, сүлжээг бий болгох, “JCI”-ийн гишүүн 120 гаруй оронд ронд улсаа сурталчлах, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээнд шууд орлого оруулах гээд олон талын ач холбогдолтой.

Categories
мэдээ нийгэм

Талбай дээр НӨАТ-ын сугалааны талаар мэдээлэл өглөө

Cангийн яам, Гаалийн Ерөнхий газар, Татварын Ерөнхий газар, Төрийн банкнаас хамтарсан “Нээлттэй хаалганы өдөр”-ийг өчигдөр, өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Ингээд Сангийн яамны нээлттэй өдөрлөгөөр иргэдэд ямар төрлийн үйлчилгээ үзүүлж буйг танилцуулъя.

АВТОМАШИНЫ ТАТВАРАА ТОРГУУЛЬГҮЙ ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ

Автомашины албан татвар төлөх хуулийн хугацаа зургаадугаар сарын 1-нд дууссан. Татвараа төлж амжаагүй бол торгууль төлөх ёстой. Гэхдээ өнөөдөр, маргааш хоёр өдөр иргэдэд боломж олгож, Сүхбаатарын талбайг зорьж татвараа төлөхөөр ирвэл торгуульгүй үйлчлэх юм байна.

ГААЛИЙН ХУРААГДСАН БАРААНЫ МУЗЕЙ ҮЗЭЭРЭЙ

Манай улсаас хилээр гарахыг хориглосон барааны жагсаалт бий. Тэгвэл энэ жагсаалтыг зөрчиж, гаалийн ажилтнуудад хураагдсан бараануудыг олон нийтэд дэлгэн үзүүлж байна. Уг музейд ховор амьтны арьс, эртний эдлэлээс эхлээд гар утас, согтууруулах ундаа хүртэл байна. Иргэд энэ асарт ирж үзэхдээ хилээр гаргахыг хориглосон зүйлсийн талаар мэдээлэл авах боломжтой аж.

И-БАРИМТ, НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БАЙНА

Татварын систем шинэчлэгдсэнээр кассын шинэ програм, техник эрэлттэй болоод буй. Өнөөдрийн өдөрлөгт “ Интерактив Би Ай”, “Майсофт”, “Датакейр”, “Кассмолл”, “Прософт” зэрэг ХХК-иудын бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах асрууд байрлажээ. Мөн НӨАТ-ын урамшууллын систем хэрэгжиж эхлээд жил гаруй хугацаа өнгөрчээ. Гэхдээ НӨАТ-ын баримтаа бүртгүүлдэггүй, дансаа нээж амжаагүй иргэд байгаа. Хэрэв танд НӨАТ-ын урамшууллын системийн талаар асуух асуулт байгаа бол Татварын Ерөнхий Газрын мэргэжилтнүүдийг зориорой.

НӨАТ-ын ээлжит сугалаанаас дөрвөн сая төгрөг хожсон 13 азтанд батламж гардуулах ёслолын ажиллагаа өдөрлөгийн үеэр боллоо. Нийт 19 иргэн дөрвөн сая төгрөг хожсоноос ирэх боломжтой 13 иргэнийг урьжээ. Батламжийг Сангийн дэд сайд Х.Булгантуяа гардуулж өгөв. НӨАТ-ын сугалаа явуулж эхэлснээс хойш 100 сая төгрөгийн гурван азтан, 20 сая төгрөгийн азтан 14, дөрвөн сая төгрөгийн азтан 191 тодорчээ.

Урамшууллын системийн үр дүнгээр татварын орлого өнгөрсөн жил 80 гаруй тэрбум төгрөгөөр давж биелжээ. Энэ жилийн хувьд ч татвар төлөвлөгдсөн хэмжээнээс давж байгаа юм байна.

ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ

Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр үндэсний үйлдвэрлэгчдийн хүнс, барааны бүтээгдэхүүнээс худалдан авах боломжтой. Энд мах, махан бүтээгдэхүүн, аяны хувцас хэрэглэл, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа явагдаж байна.

Өдөрлөг 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.