Categories
мэдээ улс-төр

Дорноговь аймагт цементийн үйлдвэр ашиглалтад орлоо

МАК /Монголын алт/ компани Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт “МАК-Евро цемент” үйлдвэрээ ашиглалтад орууллаа. Жилд хоёр сая тонноос илүү цемент хэрэглэж байгаа энэ үед импортыг орлож, дэлхийн стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн гаргах энэ үйлдвэрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцлоо.

Тэрээр Монгол Улсынхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, бүтээн байгуулах аж ахуйн нэгж, иргэдээ Засгийн газар байнга дэмжиж, үргэлж тэдний талд зогсоно гэж хэллээ. Мөн баялгаа Монголдоо үлдээх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийн нээлт олон байхыг хүсэн ерөөв. Барилгын салбарын хөгжилд шинэ стандарт, шинэ чанар нэвтрүүлэх боломжийг бий болгохын төлөө Дани, БНХАУ-ын байгууллага, инженер, техникийн ажилтан, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, монголчууд бүтээж чаддагийг харуулсан үндэсний барилга угсралтын компани, ханган нийлүүлэгч нарт талархал илэрхийлэв.

“МАК-Евро цемент” үйлдвэр нь өргөн хэрэглээний цементээс гадна ус, шүлтлэг орчинд тэсвэртэй цемент ч үйлдвэрлэх юм. Усанд тэсвэртэй цементийг далан, гүүр барихад ашигладаг бол шүлтлэг орчинд тэсвэртэйг гүний уурхай, хонгил барихад хэрэглэдэг байна.

Үйлдвэр ашиглалтад орсноор 900 орчим ажлын байр шинээр бий болохын зэрэгцээ жилд 35 тэрбум төгрөгийн татвар төлж, 70-75 сая ам.доллартай тэнцэх хэмжээний импортыг орлоно гэж тооцоолжээ. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын хүрээнд төмөр замын Олон-Овоот өртөөнөөс 1.9 км төмөр зам татаж, Чойр хотоос цахилгаан дамжуулах 65 км урт агаарын шугам татан, дэд станц байгуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Тариалангийн тоног төхөөрөмж, малын зохиомол хээлтүүлгийн талаар талбай дээрээс очиж сонирхоорой

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 36.1 хувийг бүрдүүлж, нийт ажиллах хүчний 53.8 хувь тус салбарт ажиллаж байна. Энэхүү салбарын нээлттэй хаалганы өдөрлөг өчигдөр Сүхбаатарын талбайд нээлтээ хийж өнөөдөр үргэлжилж байна.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга “Иргэн танд зөвлөе” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг нээж үг хэлэв. “Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын бодлогыг “ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” зорилтын хүрээнд “Мах сүүний анхдугаар аян”, “Атрын гуравдугаар аян”ыг эрчимжүүлэн өрнүүлэх, “Монгол мал” үндэсний хөтөлбөр, “Үйлдвэржилт 21:100” болон “Ноолуур” хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлэх юм. 2017 онд улсын хэмжээнд 450,0 орчим мянган га талбайд тариалалт хийж, 20.6 сая төл хүлээн авч, төл бойжилт 97.9 хувьтай байна.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг 06 дугаар сарын 9, 10-ны өдөр Сүхбаатарын талбайд үргэлжилнэ. Энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгөөс мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэлийн бодлого, шинэ техник технологи, худалдаа үйлчилгээ, хуульзүйн зөвлөгөөг нэг дороос авах боломжтой юм. Тодруулбал Хүнс, хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариалангийн салбарт төрөөс баримталж буй бодлого, инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэн, тариаланчдад үзүүлэх дэмжлэг, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл, тусгай зөвшөөрөл, хөдөө аж ахуй их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын сургалт мэдээ мэдээлэл, зөвлөгөөг өгөх юм.

Мөн төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалахад зориулсан техник тоног төхөөрөмж, үрсэлгээ суулгац, малын зохиомол хээлтүүлгийн талаар энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр сонирхох боломжтой юм. Монгол Улсад “ДЭЛХИЙН СҮҮНИЙ ӨДРҮҮД”–ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хаалт, малын чанарыг сайжруулах аянг улсын хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний нээлт боллоо.

Categories
мэдээ нийгэм

10 дугаар хорооллын туслах замын тохижилтын ажил дууслаа

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны захиалгаар Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн хийсэн зураг төслийн дагуу “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хорооллын туслах замын 812метр зам талбайн тохижилтын ажлыг 04 дүгээр сарын 10-ны өдөр эхлүүлсэн.

Уг ажлыг хоёр сарын турш тус газрын хамт олон 20 гаруй техник, 60 хүний бүрэлдэхүүнтэйгээр цаг наргүй ажилласны үр дүнд өнөөдөр буюу 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр, төлөвлөсөн хугацаандаа бүрэн дуусгалаа.

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь өнгөрсөн онд П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар эмнэлгийн өмнөх 149 авто машины зогсоолтой, 300 метр урт 5830 метр квадрат талбайг иж бүрэн тохижуулж хүлээлгэн өгсөн гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Төв цэнгэлдэхийн бэлтгэл ажил 60 хувьтай байна

Тулгар төрийн 2226 Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр энэ жил тохиож байгаа. Баяр наадмын өмнөх бэлтгэл ажлын явц ямар байгааг Шадар сайд У.Хүрэлсүх, Хотын дарга С.Батболд нар газар дээр нь очиж танилцлаа.

Үндэсний их баяр наадмыг угтан төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажил ид өрнөж байна. Засварт төсөвлөсөн 2 тэрбум төгрөг, өмнөх жилийн наадмын орлогоор төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн суудал, сүүдрэвч, сурын талбайн гадна хашаа, шагайн талбайн зам зэргийг засч сольж байна.

Төв цэнгэлдэх хүрээлэнд баяр наадмын бэлтгэл ажил 60 хувьтай байгааг цэнгэлдэх хүрээлэнгийн дарга Т.Нямдаваа хэллээ. Цэнгэлдэхийн гадна талын авто замын асфальтыг сольж, 1500 автомашины зогсоол барьж байгаагаас гадна дотор гүйлтийн замыг орчин үеийн стандартын замаар солих ажил хийгдэж байна. Мөн үзэгчдийн суудлыг угааж, засварлах, төв асарт 230 ширхэг сандал шинээр суурилуулах ажил хийгдэж байгааг комиссын гишүүдэд танилцууллаа.

Шадар сайд У.Хүрэлсүх “Бид жил бүр тодорхой асуудлыг шийдвэрлэж байна. Тухайлбал, 2015 онд төв талбайгаа орчин үеийн стандартын хөл бөмбөгийн талбай болгосон. Энэ жил гадуурх тойрог замыг стандартад нийцсэн замаар сольж байна. Ирэх жил цэнгэлдэхийн гэрэлтүүлгийг солих төлөвлөгөөтэй байна.” хэмээв.

Мөн нийтийн бие засах газар, сүүдрэвч зэргийг шинээр хийснээс гадна шагайн асарт иж бүрэн засвар хийж байгааг танилцууллаа. НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун хэлэхдээ “Бид газын байгууллагуудтай гэрээ хийсэн. Онцгой байдлын газраас аюулгүй ажиллагаанд хяналт тавина. Хоол үйлдвэрлэлийн стандарт журам батлагдсан. Энэ жил энэхүү журмын дагуу аж ахуйн нэгж байгууллагуудыг шалгаруулна. Үйлдвэрлэлийн технологийн багаж тоног төхөөрөмжийн шаардлага хангасан эсэхийг харгалзан, ихэвчлэн нийтийн хоол үйлдвэрлэлээр аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгохоор тооцоолж байна. Мөн худалдааг хүүхдийн тоглоом гэх зэргээр төрөлжүүлнэ.” хэмээлээ.

Монголчуудын дийлэнх хувь нь гэртээ цэнхэр дэлгэцээрээ наадмын нээлтээ үздэг. Тиймээс баяр наадмын нээлтийг сурвалжлах хэвлэл мэдээллийн байгууллагынхны зохион байгуулалтад анхаарахыг хотын дарга санууллаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Баттулга мэтгэлцээнд оролцох боломжгүй гэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хооронд болох анхны мэтгэлцээн “Хууль эрх зүй-Шударга ёс” сэдэв дор өнөөдөр 20.00 цагаас эхлэх юм.

Энэхүү мэтгэлцээнийг Монголын Телевизүүдийн холбооны гишүүн өргөн нэвтрүүлгийн 16 сувгаар шууд дамжуулах бөгөөд иргэдээс нэр дэвшигчдэд тавих асуултыг хүлээн авна. Асуултыг Фэйсбүүк, Твиттер зэрэг нийгмийн сүлжээ болон 19001950 утсаар 17:00 цагт хүртэл хүлээн авах бөгөөд нэр дэвшигчдэд тавих асуултыг сугалаагаар сонгох юм.

Тэгвэл цагийн өмнө АН мэдээлэл хийж, өнөөдрийн болох мэтгэлцээнд тус намаас нэр дэвшигч Х.Баттулга оролцох боломжгүй гэж мэдэгдлээ.

Баттулга Төв аймагт иргэдтэй уулзах товлосон цаг нь мэтгэлцээний цагтай давхцаж байгаа юм байна.

Харин МАН-аас нэр дэвшигч М.Энхболд болон МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нар мэтгэлцээнд оролцохоо мэдэгдээд байгаа юм.

Нэг нэр дэвшигч оролцохгүйгээс шалтгаалан мэтгэлцээн цуцлагдах эсэх нь тодорхойгүй байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч “Астана Экспо-2017” үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо

 Ерөнхийлөгч “Астана Экспо-2017” үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо

Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийн арга хэмжээнд өнөөдөр оролцлоо.
Бүгд Найрамдах Казахстан Улс нь Олон улсын үзэсгэлэнгийн товчооноос Дэлхийн Экспо үзэсгэлэн зохион байгуулах эрхийг 2012 онд авсан бөгөөд тус улсын Ерөнхийлөгч Н.Назарбаев 2014 онд Монгол Улсыг тус үзэсгэлэнд оролцохыг урьжээ.
Уг үзэсгэлэн “Ирээдүйн эрчим хүч” сэдвийн хүрээнд албан ёсоор энэ оны 6 дугаар сарын 10-наас есдүгээр сарын 10-ны хооронд болох юм байна. Экспод дэлхийн 100 гаруй улс орон, олон улсын 20 орчим байгууллагын төлөөлөл оролцож байна. Арга хэмжээний хүрээнд 20 гаруй сэдвээр бизнес форум, үндэсний өдөрлөг, урлаг соёлын арга хэмжээнүүд болох ажээ. Ирэх 3 сарын хугацаанд нийт таван сая зочин хүлээн авахаар төлөвлөсөн байна.

Categories
мэдээ улс-төр

Нэр дэвшигчдээс асуух асуултыг иргэдээс хүлээн авна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хооронд болох анхны мэтгэлцээн “Хууль эрх зүй-Шударга ёс” сэдэв дор өнөөдөр 20 цагаас эхлэх юм. Тус мэтгэлцээнд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд. АН-аас нэр дэвшигч Х.Баттулга болон МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нар оролцоно.

Энэхүү мэтгэлцээнийг Монголын Телевизүүдийн холбооны гишүүн өргөн нэвтрүүлгийн 16 сувгаар шууд дамжуулах бөгөөд иргэдээс нэр дэвшигчдэд тавих асуултыг хүлээн авна. Асуултыг Фэйсбүүк, Твиттер зэрэг нийгмийн сүлжээ болон 19001950 утсаар 17:00 цагт хүртэл хүлээн авах бөгөөд нэр дэвшигчдэд тавих асуултыг сугалаагаар сонгох юм.

Categories
мэдээ улс-төр

Ц.Мөнх-Оргил сайд АНУ-д айлчилна

Ц.Мөнх-Оргил зурган илэрцүүдГадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил энэ сарын 12-14-ний өдрүүдэд АНУ-д албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалаар АНУ-тай өндөр түвшний яриа хэлцээг тогтмолжуулах, улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит алхмууд хийх болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, хэлхээ холбоог гүнзгийрүүлэх асуудлаар санал солилцож ярилцана.

Сайд Ц.Мөнх-Оргил АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон, Цагаан Ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, дэслэгч генерал Х.МакМастер, АНУ-ын Ерөнхийлөгчийн Шадар туслах, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Азийн асуудал хариуцсан Тэргүүн захирал М.Поттинжир, АНУ-ын Конгресс дахь Ардчиллын түншлэлийн Хөтөлбөрийн дарга, Конгрессын гишүүн П.Роскам болон Конгресс дахь Монголын бүлгийн дарга нар, Мянганы сорилтын корпораци, Энхтайвны корпусын удирдлагуудтай тус тус уулзана.

Мөн Гадаад харилцааны сайд Монгол дахь Америкийн Худалдааны Танхимаас зохион байгуулах Монгол-Америкийн бизнесийн 4 дүгээр уулзалт, Хөрөнгө оруулагчдын дугуй ширээний уулзалтад оролцож, улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг тогтвортой байлгах, тэдний итгэлийг сэргээх чиглэлээр авч хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлого, арга хэмжээний талаар мэдээлж, ярилцана. Арга хэмжээнд Монголд хөрөнгө оруулалттай, хөрөнгө оруулах сонирхолтой, АНУ-тай бизнесийн хамтын ажиллагаа явуулж буй Монгол, Америкийн 50 гаруй аж ахуйн нэгж компани оролцоно.

Categories
мэдээ нийгэм

Шөнийн тээвэр өнөөдрөөс иргэдэд үйлчилж эхэлнэ

Шөнийн тээвэр зурган илэрцүүд

Зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан зургаадугаар сарын 10-наас шөнийн тээврийн ШҮ:1 ”5 шар-Ботаник”, ШҮ:2 “Нисэх-МУБИС-Ард”, ШҮ:3 “Зунжин-7 буудал-МУБИС” чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилнэ. Тус чиглэлд 22:30 цагаас 01:30 цаг хүртэл явна.

Categories
мэдээ нийгэм

​​Алслагдсан өрхийн эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашин гардуулж өглөө

Алслагдсан өрхийн эрүүл мэндийн төв, тосгодуудад түргэн тусламжийн автомашин гардуулж өгөх үйл ажиллагаа өнөөдөр /2017.06.10/ Д.Сүхбаатарын талбайд болж өнгөрлөө. Энэ удаа 25 фургон маркийн автомашиныг Эрүүл мэндийн яамнаас холбогдох газруудад хүлээлгэн өглөө.

Орон нутаг, хөдөө замд саадгүй зорчих давуу талтай гэсэн эмч нарын санал хүсэлтээр фургон автомашиныг сонгожээ. Улсын хэмжээнд нийт 159 сумад түргэн тусламжийн автомашин өгөхөөр төлөвлөсөн байгаагаас өнөөдрийн байдлаар 100 орчмыг нь гардуулаад байгаа юм байна.