Categories
мэдээ нийгэм

Г.Шийлэгдамбыг шүүх хурал маргааш болно

Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба их хэмжээний авлига авсан байж болзошгүй хэмээн шалгагдсан. Түүний ажлын өрөөний сэйфнээс 500 сая төгрөг гарч ирсэн тул Авлигатай тэмцэх газраас баривчилсан билээ.

Цагдан хориход байхдаа түүний бие муудаж, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн юм. Түүнийг батлан даалтад байх хугацаанд хэргийн мөрдөн байцаалтыг явуулж, прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн байна.

Уг хэрэг шийдэгдэхгүй явсаар хоёр жилийн нүүр үзсэн. Тэгвэл ирэх даваа гаригт буюу маргааш сайд асан Г.Шийлэгдамбын авлигатай холбоотой хэргийг шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 13.30 цагт болохоор товлогджээ.

Categories
мэдээ нийгэм

БНЧУ-д хөдөлмөр эрхлэх монгол иргэдийн асуудлаар уулзав

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболд 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг хатагтай Ивана Гроловаг урьж уулзан тус улсын хөдөлмөр эрхлэх визийг мэдүүлэхэд тулгарч буй бэрхшээлийн талаар ярилцав.

БНЧУ-ын ЭСЯ-нд туршилтын журмаар хэрэгжиж байсан визапоинт системийн II үе шатыг дуусгавар болгох шийдвэрийг тус улсын ГХЯ-наас гаргасныг Элчин сайд мэдэгдээд, визапоинт системийн 7 дугаар сарын 8-ны өдөр хүртэлх бүртгэл хэвээр байгааг тэмдэглэв. Визапоинт системд 9 мянга гаруй бүртгэл хийгдсэний олонхи нь хуурамч, сүүлд бүртгүүлсэн иргэд виз мэдүүлэхэд 6 жил орчим хүлээхэд хүрч байгаа зэрэг нь энэхүү системийг цаашид хэрэглэх аргагүй болгож буй талаар болон бусад эрх зүйн асуудлын талаар мэдээлэл өгөв.

Түүнчлэн хөдөлмөр эрхлэх монгол иргэдийг хоёр талын хэлэлцээрийг үндэслэн төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны шугамаар илгээх-хүлээн авах хөтөлбөр хэрэгжүүлэхээр чехийн тал идэвхтэй ажиллаж байгааг Элчин сайд мэдээллээ.

Монгол Улс, БНЧУ-ын ГХЯ хоорондын анхдугаар консулын зөвлөлдөх уулзалтаар хэлэлцсэний дагуу энэхүү хөтөлбөрийг ойрын үед батлуулах чиглэлээр хоёр талаас хүчин чармайлт гаргаж хамтран ажиллахыг Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболдоос хүсэлт болгов. Визапоинт системийн II үед дуусгавар болсон тухай, түүний мөрөөр авах арга хэмжээний талаар БНЧУ-ын ЭСЯ-наас вэб хуудсаараа дамжуулан иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, Консулын болон визний хэлтсийн дарга ярилцлага өгөх шаардлагатайг онцлон тэмдэглэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Шөнийн гэрэлт Улаанбаатар”-ын тайзнаа Австрийн нэрт хөгжимчин Майкл Эрианий жазз квартет тоглоно

Сөүлийн гудамж дахь “Шөнийн гэрэлт Улаанбаатар”-ын тайзнаа өнөөдөр Австрийн нэрт хөгжимчин Майкл Эрианий жазз квартет, Монголын Жазз Трэйн хамтлаг нээлттэй тоглох юм. Уг тоглолт Австри, Монголын хөгжмийн фестивалийн хүрээнд болж буй. Мөн энэ өдөр UB Jazz Club-т чөлөөт тоглолтыг (Жэм сэйшн) хоёр улсын хөгжимчид толилуулах аж.

Бээжин дэх Австрийн Элчин сайдын яамны Соёлын форум энэ жил Гёте Хөгжмийн Танхим, Гёте Институт, Монгол Улсын Филармони, Жазз клуб, Жаззлаб хөгжмийн агентлагтай хамтран Австри-Монголын хөгжмийн фестивалийг олон нийтэд нээлттэй зохион байгуулах болсон юм.

Энэ талаар Бээжин дэх Австрийн Элчин сайдын яамны Соёлын форумын захирал Арнолд Обермэйэр, Улаанбаатар дахь Гёте хөгжмийн танхим буюу GMUB төслийн удирдагч багш Мартин Зенкер, Жаззлаб хөгжмийн агентлагийн тэргүүн Т.Мандухай нар мэдээлэл хийсэн билээ.

Харин энэ сарын 12-ны даваа гарагт өдөр Австрийн удирдаач ноён Маттиас Флецбергер Монгол Улсын Филармонийг удирдан тоглуулна. Энэ үдэш Баянмонгол чуулга мөн уран бүтээлээ хүргэхийн зэрэгцээ Майкл Эрианий жазз квартет, Жазз Трэйн хамтлагууд ч хүрэлцэн ирж, иргэдэд үнэ төлбөргүй толилуулах юм.

Эдгээр арга хэмжээний дараа Австрийн хөгжимчид Хөгжим бүжгийн коллежийн монгол оюутнуудтай уулзах юм. Австри-Монгол хоёр орон хөгжмийн салбарт нягт хамтын ажиллагаатай байдгийн нэг тод илрэл нь энэхүү хөгжмийн фестиваль юм.

Үүнээс гадна соёлын форумын хүрээнд энэ сарын 11-14-ний өдрүүдэд мөн Австрийн бизнесийн төлөөлөгчид Монголд албан ёсны айлчлал хийж, бизнес эрхлэгчидтэй уулзалт хийхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ улс-төр

Г.Чулуунбаатар: Миний ажил салбарын асуудлыг “оношлохоос” эхэлнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдаар академич Г.Чулуунбаатар томилогдож, тамгаа гардлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БСШУС-ын сайдад нэр дэвшигчийг томилуулах саналаа өнөөдөр /2017.06.09/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Улмаар академич Г.Чулуунбаатарыг БСШУС-ын сайдаар томилох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 94.2 хувь нь дэмжин түүнийг БСШУС-ын сайдаар томиллоо.

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат академич Г.Чулуунбаатарт тамгыг хүлээлгэн өгсөн бөгөөд тэрбээр “Хэдийгээр хариуцлага алдсан хэмээн салбарын сайд нь огцорсон боловч өнгөрсөн хугацаанд өрнөсөн бүх асуудал ганц сайдын буруугаас болоогүй юм шүү. Үүнийг БСШУСЯ-ны бүх ажилтан, албан хаагч, дарга, удирдлагууд дор бүрнээ сайтар тунгааж бодоорой. Салбарын сайд огцорсноор асуудал шийдэгдэхгүй. Тиймээс шат, шатандаа хариуцлага тооцох асуудал байгаа гэдгийг зориуд тэмдэглэн хэлмээр байна. Ажлаа хүлээж авсан сайд та Монгол Улсын зүрх, тархи болсон хамгийн чухал салбарт алдаа, дутагдал гаргалгүйгээр хурдтай, ёсзүйтэй, хариуцлагатай ажиллахыг хүсье” гэв. Харин БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар “Миний ажил асуудлыг оношлохоос эхэлнэ. Өөрөөр хэлбэл, БСШУСЯ-ны дотор болон гадна өрнөж буй үйл явдал, алдаа дутагдал, болохгүй байгаа асуудал юунаас эхтэй вэ гэдгийг оношлохоос эхэлнэ. Гэхдээ зөв оношлох хэрэгтэй. Түүний дараа хариуцлагын асуудал яригдана. Боловсрол, шинжлэх ухааны салбарт олон жил ажилласан хүний хувьд би энэ салбарыг гадарлана. Гэхдээ багш, судлаач байх нь төрийн бодлогыг хэрэгжүүлэхээс ялгаатай ажил юм. Тиймээс баг, хамт олныхоо тусламж, дэмжлэгтэйгээр сайн ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна” гэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Үндсэн хуульгүй юм шиг хуулиараа их оролдох юм

БЗД-ийн XVII хорооны иргэн Ц.ЭРДЭНЭБАТ

Төрт улсаа эрдэмтэн, боловсролтой туршлагатай хүнээр сайн бодлого боловсруулж удирдуулах хэрэгтэйг хүн бүр мэднэ. Ард түмнээ ажилтай, орлоготой сайхан амьдруулах нь төрийн гол үүрэг. Эрх мэдэлтнүүд ардчилсан эрх чөлөөт Монгол Улс хэмээн худлаа ярьсаар өнөөгийн төр улс чинь соц нийгмээс долоон дор болжээ. Ихэнх хүмүүс ажилгүй байна. Энэ бол төрийн буруу бодлогоос шууд хамааралтай. Өнөөгийн төр барих дээд байгууллагуудад наймаачин, бөх, дуучин, утга зохиолын чиглэлийн хүмүүс их байна. Эдгээр хүмүүс монгол төрийг самарсаар. Дэлхийд Монголын төр, ард түмэн, Монгол Улсын нэр төр эдгээр хүмүүсээс болоод нүүрээ барж байна. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэсэн мэргэн үг бий. Иймд Үндсэн хуулиа оролдохоос өмнө дээрх үгийг санаж, одоо батлагдаж буй хууль, өмнөх батлагдсан хуулиудаа эргэж нэг харах цаг болсон. Мөн Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөө сонгох сонгууль ойртсоор байна. Ерөнхийлөгч гэдэг бол манай улсыг төлөөлөх билгэ тэмдэг биш. Харин Монгол Улсаа хөгжүүлэх сэтгэлтэй, хатуу гараар удирдах, боловсролтой, хувийн болоод улстөрчийнхөө хувьд нэр төртэй, хариуцлага алдаж байгаагүй, эх оронч, ард түмнийхээ төлөө зүтгэж буй хүнийг Ерөнхийлөгч хэмээн хэлж байгаа юм. Тийм учраас одоо өрсөлдөж буй гурван нэр дэвшигчээс ард түмнээ гэсэн сэтгэлтэй, авлига хээл хахуулийг зогсоох, шударга шүүх, шударга төрийг цогцлоон бий болгож, улс гүрнээ дэлхийд таниулах чадалтай, мэдлэгтэй, боловсролтой хүнийг нь сонгож, түүнд саналаа өгөх хэрэгтэй гэдгийг олон түмэндээ хэлье. Эцэст нь удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулиар бид өөрийн сонгох хүндээ саналаа өгч, ирцээ хүргэх ёстой шүү. Эс бөгөөс дахин сонгууль явагдаж, бидний татварын хэдэн төгрөг юунд ч үгүй хий хоосон зүйлд дахин зарцуулагдана гэдгийг санах хэрэгтэй. Саналаа өгөхгүй гээд эдгээр нэр дэвшигчид солигдоно гэж байхгүй. Бид өөр хүн сонгох эрхгүй.

“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр“-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ улс-төр

Мэтгэлцээнийг ирэх долоо хоногт хийхээр болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн дунд анхны халз мэтгэлцээн 20.00 цагаас Соёлын төв өргөөнд болох байсан ч хойшиллоо.

Мэтгэлцээн “Хууль эрх зүй-Шударга ёс” сэдвийн дор болж, Монголын телевизүүдийн холбооны 14 телевиз өөр өөрсдийн сувгаар цацах байсан. Гэвч АН-аас нэр дэвшигч Х.Баттулга энэхүү мэтгэлцээнд оролцох боломжгүй хэмээн мэдэгдсэн тул уг мэтгэлцээн хойшилсон байна.

Нэр дэвшигч Х.Баттулга мэтгэлцээнд оролцохгүй болсон шалтгааныг АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай, “Монголын телевизүүдийн холбоо бидэнд долоо хоногийн өмнө энэхүү саналаа өгсөн бол мэтгэлцээнд оролцох боломжтой байлаа. Харамсалтай нь урьд өдөр нь энэхүү саналаа ирүүлсэн учраас оролцох боломжгүй” гэж тайлбарлав.

Монголын Телевизүүдийн холбоо мэтгэлцээнийг ирэх долоо хоногт явуулахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Н.Наранбаатар: Баяр наадмын нээлтийг өнгөрсөн жилийнхээс илүү сонирхолтой байлгахаар хичээж байна

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ерөнхий найруулагчаар УДЭТ-ын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллана. Харин наадмын ерөнхий менежерээр Ардын жүжигчин П.Цэрэндагва ажиллаж байгаа юм. Ерөнхий найруулагч Н.Наранбаатар хэлэхдээ “Өнгөрсөн жилийн наадмын нээлт ард түмэнд таалагдсанд их талархаж байна. Энэ жил түүнээс сайхан зүйл үзүүлэхийг хичээж байгаа. Зураач, бүжиг дэглээч гээд ноднин жил ажилласан багийнхан ажиллаж байна. Одоогоор 45-50 хувьтай явагдаж байна. Нээлт, хаалтын арга хэмжээг агуулгын хувьд их онцлогтой байхаар найруулж байна. Монголчууд бид ардын сайхан аман зохиол, үлгэр домогтой ард түмэн. Тэгэхээр энэ жилийн наадам домгийн, бэлгэдлийн шинжийг агуулна гэж ойлгож болно.” хэмээлээ.

Өнгөрсөн жилийн баяр наадмын нээлт 9 үзэгдлээс бүрдэж байсан. Энэ жил мөн 9 үзэгдлээс бүрдэх аж. Нийт 1 цаг 20 минут үргэлжлэх юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

ҮХЦ-ийн гишүүнээр томилогдсон Н.Чинбатад хүндэтгэл үзүүлэв

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон Монгол Улсын гавьяат хуульч Намжилын Чинбатыг ХЗДХЯ-ны Ёслол хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Намжилын Чинбатад өнгөрсөн хугацаанд ХЗДХ-ийн сайдын зөвлөхийн хувьд хууль боловсруулах, хэрэгжүүлэх, эрх зүйт төрийг бүрэн төлөвшүүлэх үйл хэрэгт өөрийн мэдлэг боловсрол, хүч оюунаа харамгүй зориулж, үр дүнтэй хамтран ажиллаж ирсэнд нь талархал илэрхийлээд, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсонд баяр хүргэж, эцэг хуулийг хамгаалан сахих үйл хэрэгт нь өндөр амжилт хүслээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат нь 1956 онд Улаанбаатар хотод төрсөн, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 1979 онд МУИС төгссөн хуульч, эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй. 1979-1990 онд МУИС-д хууль зүйн багш, Хууль зүйн тэнхмийн орлогч эрхлэгч, 1990-1993 онд Улсын Дээд шүүхийн орлогч дарга, Иргэний хэрэг эрхэлсэн шүүх коллегийн дарга, 1993-1996 онд УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөх, 1998-2004 онд Үндсэн хуулийн цэцийн орон тооны бус гишүүн, 2016 онд Оюуны өмчийн газрын дарга, 2016 оноос Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан юм гэж ХЗДХЯ-наас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нутгийн төв хэсгээр бороо орж, говь тал хээрийн нутгаар салхи түр зуур ширүүснэ

Өнөөдөр нутгийн төв хэсгээр бага зэргийн бороо орж, Алтайн салбар уулс, говь тал хээрийн нутгаар салхи түр зуур ширүүснэ. 12-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд зүүн аймгуудын нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 12-нд нутгийн баруун хагаст, 13-нд зарим газраар, 14,15-нд говь тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүхэн байх боловч 12-нд нутгийн төв хэсгээр, 13-14 нд нутгийн зүүн хагаст, 15-нд нутгийн баруун хагаст халж, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний гразраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Талын салхи” мото уралдааны нээлтийн үйл ажиллагаа Сүхбаатарын талбайд болов

“Талын салхи” мото уралдааны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Сүхбаатарын талбайд эхлэсэн бөгөөд Нийслэлийн төв гудамжинд мото парад зохион байгууллаа. Мөн уралдааны нээлтийн үйл ажиллагаа Тэрэлж-Болор амралтын газарт үргэлжлэх юм байна. Энэ үеэр рок попын оддын тоглолтыг үнэ төлбөргүй зохион байгуулахаар болжээ.

Тус наадмын гол ач холбогдол нь залуу мотоцикл сонирхогчдод замын хөдөлгөөний дүрмийг танин мэдүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх талаар мэдлэг олгох зорилготой гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа. Мөн “Талын салхи” мото уралдааныг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ЗЦА, НАЖГ дэмжин ажиллаж байгаа аж. Тиймээс тус уралдаан цэрэг, цагдаагийн өндөржүүлсэн хамгаалалтын дор явагдах юм байна. Дашрамд сонирхуулахад, энэ удаагийн уралдааныг сонирхсон хүн бүхэн үзэх боломжтой ажээ.