Categories
мэдээ нийгэм

Элсэлтийн ерөнхий шалгалт лхагва гаригт эхлэнэ

Ерөнхий боловсролын арванхоёрдугаар ангийг төгссөн сурагчид ирэх долоо хоногийн лхагва гариг буюу зургадугаар сарын 14-нөөс эхлэн элсэлтийн шалгалт өгөх гэж байна. Элсэлтийн ерөнхий шалгалт монгол хэл бичгийн шалгалтаар эхэлж, зургадугаар сарын 18-нд нийгмийн тухай мэдлэг, физик, орос хэлний шалгалт өгөөд дуусах юм.

Шалгалтын матералыг засах ажил зургадугаар сарын 19-өөс эхлэх бол долдугаар сарын 1-н гэхэд Боловсролын үнэлгээний төвийн eec.mn вэб сайтад бүх оноог байршуулж, сургуулиа сонгон элсэх боломжоор хангах юм байна.

Өнөө жил 40387 залуус элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлснээс 87 хувь нь энэ жил арванхоёрдугаар анги төгссөн төгсөгчид юм.

Categories
гадаад мэдээ

Газар дундын тэнгист 100 орчим дүрвэгч сураггүй болжээ

Бямба гарагт Газар дундын тэнгист дүрвэгчдийг тээвэрлэж явсан завь живж найман хүн амиа алдлаа гэж Италийн “Rainews24” телевиз мэдээлсэн байна.

Тухайн телевизийн мэдээлснээр тус завь Ливи улсаас явж байсан бөгөөд завь живэх үед найман хүн амиа алдаж, 100 гаруй хүн сураггүй алга болжээ. Тус завинд нийт 800 гаруй дүрвэгч сууж явсан байна.

Орон нутгийн тэнгисийн эргийн хамгаалалтын албаны мэдээлснээр Итали болон Ливи улсын нутаг дэвсгэрт 12 удаагийн аврах үйл ажиллагаа зохион байгуулж 650 дүрвэгчийг аварчээ.

Олон улсын цагаачлалын байгууллагын сүүлийн үеийн мэдээгээр, 2017 оны мөн үе хүртэл Газар дундын тэнгисээр дамжин явсан дүрвэгсдийн тоо 60 521-д хүрсэн бөгөөд, эдгээрийн 80 гаруй хувь нь Италид ирж, харин 1 530 дүрвэгч далайгаар дамжин Европ тивд хүрэх замдаа амиа алдсан байна гэж МОНЦАМЭ мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Өлзийбаяр: Хөрөнгийн зах зээл хямралыг боломж болгодог

“Ард капитал” үнэт цаасны компанийн ерөнхий захирал Б.Өлзийбаяртай ярилцлаа.

-Хөрөнгийн зах зээл Монголд хүчтэй дэлгэрээгүй. Гэхдээ сүүлийн жилүүдэд яригдаж, судлагдаж, хэрэгжиж, хөрөнгө оруулагчид уг салбарыг сонирхож эхэлсэн байна. Салбарын талаар иргэдэд мэдээлэл өгөхгүй юу?

-Нийгэмд хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголт муу байна. 25-26 жилийн өмнө бид төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос чөлөөт зах зээлд суурилсан тогтолцоо руу шилжиж орсон. Ингэснээр хувийн өмч, хувийн хэвшил бий болж бидэнд бүх зүйл шинэ байсан. Хувийн компанийг яаж байгуулах, хэрэгцээт санхүүгээ хаанаас босгодог вэ гээд юм бүхэнд суралцаж эхэлж байгаа. Үүний зэрэгцээ санхүүгийн зах зээлтэй холбоотой мэдлэг, мэдээлэл хомс. Өмнө нь банк гэж байсан өнөөдөр ч түүгээрээ л ойлгож хардаг. Мөнгө хэрэгтэй бол банкинд л ханддаг. Гэтэл санхүүгийн зах зээл гэдэг хоёр том баганатай. Нэг нь банкны салбар буюу мөнгөний зах зээл. Нөгөө нь хөрөнгийн зах зээл. Энэ хоёр зэрэг хөгжиж байж улс орны эдийн засаг тогтвортой байдаг. Өнөөдрийг хүртэл бид үүнийг ойлгоогүй. Мэдээж эхлээд банкны салбараа бэхжүүлнэ, дараа нь хөрөнгийн зах зээлийг анхааръя гэх мэтээр шат дараатай хийх шаардлага байсан байх. Өнөөдөр хямралын энэ үед бид нэг зүйлийг ойлгож авлаа. Санхүүгийн зах зээлийн тогтолцооны эрсдлийг олж харж, зөв тогтоогоод хүндрэлийг дахин бий болгохгүйн тулд яах ёстой юм. Хөрөнгийн зах зээлийг яаж зөв ашиглах ёстой юм гэдгийг хаа хаанаа ойлгоод эхэлчихсэн. Хувийн хэвшил, банкууд, төр засаг ч.

-Яаж?

-Хувийн хэвшил яаж ойлгож, хүлээж авч байгаа вэ гэхээр банк ганц дангаар монопольчлоод өндөр өртөгтэй зээл олгож байна. Хувийн хэвшил хүүгийн дарамтад орж улам хүндэрсэн. Банкууд ч өөрөө эрсдэлд орчихлоо. Иргэд хөрөнгөө банкинд хадгалуулдаг. Тэр мөнгийг банк зээл болгож гаргахдаа хэнд өгөх вэ. Өнөөдөр хувийн хэвшлүүд хүнд байдалд орж, авсан зээлээ найдвартай эргэн төлөх чадавхтай нь хэд байна вэ гэхээр ховор болчихож. Бас банк их хэмжээний үл хөдлөх хөрөнгө барьцаалаад авчихсан. Эргэлтэд оруулах гэхээр эдийн засаг суларсан учраас худалдан авагч байхгүй. Бодлого боловсруулж байгаа хүмүүс үүнийг ойлгож эхэлж байна. Хямралыг далимдуулаад хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэдгийг олж харсан гэдэг нь энэ. Ингэж байж Монголын санхүүгийн зах зээл улам тогтвортой, эрсдэл багатай болох юм. Хувийн хэвшилд боломжийг нь олгож, хэрэгцээт санхүүг нь саадгүй босгох юм байна. Нэг бол банк эсвэл хөрөнгийн зах зээл рүү оч гэж. Тэгэхээр үүнийг ойлгоод авчихлаа. Одоо бодлого болгож хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

-Бодлого гаргаж, эрх зүйн орчинг боловсруулахдаа юуг анхаарч, чухалчлах ёстой вэ?

-Татварын ямар таатай орчин бүрдүүлэх юм. Хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг яаж хамгаалах вэ. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд бүтээгдэхүүн хэрэгтэй. Өмч хувьчлалыг хөрөнгийн зах зээлээр явуулдаг байна гэх мэтээр цогц бодлого гаргах хэрэгтэй. Гаргасан бодлогоо зөв хэрэгжүүлээд эхлэх юм бол зөвхөн хөрөнгийн зах зээл бус улс орны эдийн засагт асар том хувь нэмэр болно. Бодитой жишээн дээр ярих хэрэгтэй. Сая Засгийн газрын бонд ихээр арилжаалагдлаа. Олон нийт Засгийн газрын бондыг Хөрөнгийн биржээс худалдаж авах боломжийг нээлттэй болголоо. Нөгөө талаар банкин дахь хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авахаар болсон. Эндээс юу анзаарагдаж байна вэ гэвэл хадгаламжийн орлого дээр татвар тавьсан бол нөгөө талд Засгийн газрын бондын хүүгийн орлого нь татваргүй байгаа. Хөрөнгө оруулагч, иргэд хаана татварын таатай орчин бий болсон байна, хаана өндөр өгөөжтэй байна тийшээ л хөрөнгө оруулдаг. Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авч эхэлсэнээр хөрөнгийн зах зээлийн эргэлт ихэсч Засгийн газрын бондын арилжаа идэвхжиж байх жишээтэй. Он гарсаар 317 тэрбум төгрөгийн Засгийн газрын бондын арилжаа хийгдчихээд байна. Шууд хэлбэл ард иргэд ийм хэмжээгээр хадгаламжаас мөнгөө татаж эргэлтэд оруулсан байна гэсэн үг. Цогц бодлого гаргаад хэрэгжүүлэх юм бол энэ байтугай хөгжил ирнэ.

-Иргэд уламжлалт аргаар мөнгөө банкинд хадгалж байгаа гэлээ. Тэгвэл хөрөнгийн зах зээлд оруулсанаар юунд хүрэх юм?

-Ашиг олох зорилгыг хөрөнгө оруулалт гэж ойлгодог. Яах гэж хүн хөрөнгийн зах зээл рүү хөрөнгө оруулдгийг хувьцаан дээрх жишээгээр ярья. Хувьцаанаас хоёр төрлийн ашиг олно. Нэгдүгээрт ханшийн зөрүү. Өөрөөр хэлбэл өнөөдөр 100 төгрөгөөр үнэд хүрэхээр нь зардаг. Нөгөө хувилбар нь ногдол ашиг. Компани ашигтай ажилласан бол жилийн эцэст хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараадаг. Засгийн газрын, компаниудын бонд бас байна. Ийм бүтээгдэхүүнүүд байна. Хөрөнгө оруулалтын төрөл бүр өөрийн гэсэн эрсдэлтэй, өөрийн гэсэн өгөөжтэй. Эрсдэл өндөр байх тусмаа өгөөж нь өндөр байдаг. Ямарваа нэг зүйлд буюу банк, компани, хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийхдээ мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авч, эрсдлээ сайн тооцож байж орох ёстой. Өөрийнхөө эрсдэл даах чадварыг тооцуулж, зөвлөгөө авч байж хөрөнгө оруулалтынхаа зөв хувилбарыг сонгох хэрэгтэй.

-Анхлан орж байгаа хүн юуг анхаарах ёстой вэ. Мөнгөний хэмжээнээс эхлээд мэдэх зүйл их байх?

-Хүн бүрийн боломж өөр, өөр. Хүн тухай бүрт зохицсон боломж байдгаараа энэ салбар онцлогтой. Жишээ нь хөрөнгийн бирж дээр 235 компанийн хувьцаа арилжаалагдаж байна. Тэр бүхэн өөр өөр бүтээгдэхүүнтэй, хувьцааны үнийн сонголт ч олон хэлбэр. Сонголт их. Ямар компанийн хэдэн хувьцаа авах вэ гэдгийг мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авч эрсдэл, ирээдүйг тооцож байж авсан нь дээр байдаг. Анх орж байгаа хүн учир утгагүй их гүйлгээ хийгээд эхэлбэл эрсдэл нь дагаад өснө. Хамгийн гол нь арилжаанд ороод үзчих хэрэгтэй. Тэгэхээр компанийн хувьцаа авна гэдэг чинь ингэж дансаа нээдэг, захиалгаа өгдөг, эзэмшлийг ингэж бүртгэдэг юм байна гээд бүхнийг мэдэж авна. Хувьцаа эзэмшээд эхлэхээр хувьцаа эзэмшигчдийн хуралд суух, тайлан сонсох, Удирдах зөвлөлийг сонгоход нь саналаа өгөх гэх мэтээр суралцаад явна.

-Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн шинэ үе хямралын энэ мөчлөгөөс эхэлж байна гэсэн үг үү. Одоо эхэл эсвэл гэж хэлэх гээд байна уу?

-Одоо л эхэл. Одоо тоглож эхэлсэн хүн ирээдүйд хожно. Яагаад гэвэл бид эдийн засгийн хувьд хүнд байна. Хямрал өөрөө боломжийг бий болгодог. Бүх зүйл, бүх төрлийн хувьцаа хямдарчихсан байгаа. Ийм үед хөрөнгө оруулах хэрэгтэй байдаг. Эдийн засаг сайжирч эхлэхэд хувьцааны ханш өсч эхэлнэ. Ийм процесс өмнө явагдаж байсан. 2008 оны дэлхийн эдийн засгийн хямрал гэж болж байлаа. Дараа нь эдийн засаг сайжирахад Монголын бүх үзүүлэлт хоёр дахин өссөн. Дөрвөн мянган төгрөг байсан Багануурын хувьцаа 42 мянга, таван мянган төгрөгийн ханштай байсан Могойн голын хувьцаа 80 мянган төгрөг болтлоо өссөн гээд эргэлт ингэж л явагддаг.

-Хувьцааны ханш тэдэн хувиар буурсан гэдэг тоон үзүүлэлт байна уу?

-Буулгүй яахав. 2010 оны өмнө хувьцаа ямар байсан яг тэр цэг дээрээ хүрч буурсан. Эдийн засаг дандаа өсөлттэй байх юм шигээр бодож, сэтгэж бодлогогүй явсны гороор эргээд байсан байран дээрээ ирчихэж байгаа юм.

-Сайн хувьцаа, муу хувьцааг ямар томьёоллоор тооцож боддог юм. Хэр хугацааны өмнө үнийн савлагааг урьдчилж харж болох вэ?

-Байлгүй яах вэ. Тийм учраас ард иргэдэд хандаж “Мэргэжлийн байгууллагад ханд” гэж зөвлөдөг. Ялангуяа хөрөнгийн зах зээл рүү орж, хувьцаа авах гэж байгаа бол. Яаж санхүүгийн тайландаа анализ хийдэг юм. Ямар үзүүлэлтүүдийг нь харж, ямар томьёогоор үр ашгийн тооцоогоо гаргаж ирдэг юм гэх мэтээр бүхнийг мэргэжлийн байгууллагад хандаж, заалгаад авчих хэрэгтэй. Хувьцааны үнэ ханш гэдэг мэдээлэл, итгэлцэл гэсэн үг. Хүн хөрөнгө оруулалт хийгээд эхэлсэн л бол байнга мэдээллийн цэнэг авч байх ёстой. Хувьцаа гэдэг чинь мөнгө. Санхүүгийн тайлан баланс дээр ч гэлээ мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгөд хувьцаа ордог. Манайхан мэдэхгүйгээсээ болоод асуудалд хэнэггүй ханддаг. Банкинд мөнгөө хадгалуулчихаад мартдаггүй бол мэдэхгүйгээсээ болоод цэнхэр, ягаан хувьцаагаа мартсан байх жишээтэй. Бас хувь хүний хариуцлага өндөр байх шаардлагатай. Өмчөө захиран зарцуулахын тулд ханшийн мэдээллээс эхлээд бүхнийг авч байх ёстой. Хэрвээ өөрөө чадахгүй бол өмнөөс нь менежментийг нь хийж өгдөг систем хүртэл байна.

-Хөрөнгийн биржид хувьцаагаа арилжиж байгаа 235 компани байгаа юм байна. Яг өнөөдөр үнэт цаасны компани хэд, тоглогч хэд байгаа вэ?

-Үнэт цаасны 60 орчим компани байдгаас идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь 40 гаруй. Оролцогчдын хувьд 700 орчим мянган хүн данс нээлгэсэн байдаг. Үүнээс дөрвөн мянга орчим хүн идэвхтэй оролцдог юм билээ.

-Одоо ямар компанийн хувьцаа авбал ашигтай вэ?

-Мэдээллийг өгөх нь бидний үүрэг. Боловсруулаад шийдвэрээ гаргах нь хөрөнгө оруулагчдын эрх. Одоо дэлхийн зах зээлд нүүрсний ханш өссөөр байгаа. Хөрөнгийн биржид бүртгэлтэй жижиг Таван толгой компанийн жишээг харахад хувьцааных нь үнэ 2000-2800 төгрөгөөр арилжиж байсан бол өнөөдөр таван мянган төгрөг давчихлаа. Ногдол ашиг хуваахад нэг хувьцаа нь 800 гаруй төгрөгийн үнэлгээтэй байх жишээтэй. Эрдэнэс Таван толгойн хувьцааг ч гэлээ арилжаанд оруулмаар л байна. Энэ алхмыг хийснээр компанийн засаглал сайжрахаас эхлээд давуу тал их.

-Уул уурхай ашигтай юу эсвэл бусад компанийн хувьцаа өгөөжтэй байдаг юм уу?

-Дан ганц салбар руу хэзээ ч хөрөнгө оруулалт хийж болохгүй. Багц бүрдүүлэх ёстой. Багц бүрдүүлнэ гэдэг нь өөрсдийнхөө эрсдлийг тархаан байршуулна гэсэн үг. Ингээд олон хувьцаа авчихаар нэгийнх нь ханш суларч байхад нөгөөгийнх нь чангарч алдагдлаа нөхдөг. Багцаа бүрдүүлэхдээ мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг авч, судалгаа хийснээр эрсдэл багасна гэсэн үг.

-Гадагшаа гарч тоглоно гэвэл?

-Болно. Ийм боломжийг үнэт цаасны компаниуд олгож байгаа. Одоогийн байдлаар дөрвөн компани гадаадын арилжаанд зуучлах тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа.

-Иргэд энэ төрлийн мэдээлэлтэй болохын тулд хэдэн төгрөг зарцуулах шаардлагатай вэ?

-Бид зах зээлээ хүн бүрт ойлгуулах шаардлагатай байгаа учраас ихэнх брокерийн компани үнэгүй зөвлөгөө өгч байгаа. Үнэгүй хичээлүүд явуулж байна. Иргэдэд хандаж хэлэхэд банкнаас гадна хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийгээд ажиллаад үзээч гэж хэлэх байна.

Categories
мэдээ цаг-үе

Ундарга устай 10Б ангийнхан

“Алдрайхан 18 насандаа төрөлх сумынхаа “Хайлааст-Үүдэн” гэх газарт төгсөлтийнхний нэрэмжит худаг гаргах гэж, усны ундарга харах гэж догдлон явдаг байсан цаг саяхан мэт. “Хүүе, найз нар аа, хараач. Ус оргиллоо, ус ундарлаа, худгаас ус гарлаа” гэсэн үг ам дамжин бүгд худаг руу өнгийх зуур хэн нэг маань ойччихож билээ. Ус ундраад л, бид инээлдэж хөөрөөд л, Рэгзээг би хөөж гүйгээд л, Батбаяр, Болдоо нарын ангийн хөвгүүд худгийн наана цаана гүйлдээд л. Одоо бодоход кино зураг шиг л бодол хөврөх юм” хэмээн ангийн охин Д.Оюунцэцэг бяцхан дурсамж ярина.

Тэр худгаас хичнээн хүн мал ундаалж, хэр олон ээж сүү цайныхаа дээжийг өргөсөн бол. Эгэл жирийнээр тус тусынхаа амьдралыг бүтээж яваа, ундрага устай төгсөгчдийг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын нэгдүгээр арван жилийн дунд сургуулийн 31 дэх төгсөлтийн 10Б ангийнхныг энэ удаа онцолж байна. Онцлох болсон минь ч учиртай. Юу гэвэл, тэдний нэг нэгнээ гэсэн халуун сэтгэл арав, хорь, гучин жилийн дараа ч тэр л хэвээрээ байсанд юм. Ёстой л он цагийг хамт туулсан ангийн андууд, орон зайг хамт элээсэн ангийн хөвгүүд гэдэг шиг. Хамгийн сүүлд гэхэд 10Б ангийн яруу найрагч, цагдаагийн ахмад ажилтан Д.Бат-Очирын гэрт санамсаргүй гал гарч, хэцүүхэн байдалд оржээ. Амин нэгнээ дурсан санагалзаж явдаг ангийн анд Д.Энхбаатар нь энэ тухай сонсоод өргөө цагаан гэр бэлэглэсэн гэдэг. Нар угтаж гүйсэн үе тэнгийн найзууд насны намартаа золгосон ч нэгнээ гэсээр энэ амьдралыг сөрж явах нь үнэхээр бахтай.

10Б ангийн дарга Д.Энхбаатар “Би 1991 оноос хувийн секторт ажиллахдаа ангийн анд М.Энх-Амартай ганзагын наймаа хийж, адал явдлаар дүүрэн, олз омог ихтэй явлаа. Дараа нь ангийн анд Л.Энхболдтойгоо эмийн наймаа ч эрхэлж байсан. Ингэж явсаар Монголын анхны химийн үйлдвэрийг байгуулж, “Зотол” группын ерөнхий захирал болсон минь нөхөрлөлийн үнэ цэнээр бүтсэн амжилт бүтээл” гэж бэлгэшээн ярьсан юм.

Монгол хэл, уран зохиолын Н.Оюун багштай 10Б ангийнхан сургуулиас зохиосон олон нийтийн ажилд манлайлан оролцдог нийгмийн идэвхтэй хамт олон байжээ. Энэ талаар “Жи-Эн-Жи” сервис ХХК-ийн захирал Ц.Гантөмөр, “Манай ангийнхан хөвгүүд олонтой болоод ч тэр үү хавар, намрын ажил субботникт идэвхтэй оролцдог багшийнхаа эзгүйд ч бэлтгэл сургуулилтаа хийчихдэг их л бие даасан анги байсан даа. Тэр үед цэрэг-спортын “Дөл” тоглолт гэж болдог байлаа. Түүнд бэлтгэх гэж бид өглөө 06:00-08:00 цагийн хооронд бие даан жагсаалын сургууль хийнэ. “Ардын арми”, “Ворошилов” дуунуудыг дуулаад л Д.Энхбаатар маань командлаад бэлтгэж гардаг сан” хэмээн дурслаа.

Тэртээ 1979 онд 9Б ангийг дааж авсан Н.Оюун багш дэггүй хөөрхөн шавь нараа дийлэхгүй ширээ тойруулан хөөж явжээ. Шавь нар нь багшийнхаа алба амины ажлын ихийг ойлгож, туслах гэж хичээцгээнэ. Нэг удаа 10Б ангийн охид багшийгаа гэртээ ирэхэд нь хүүхдүүдийнх нь бүх хувцсыг угаагаад хэцэн дээр нь өлгөчихсөн байсан гэнэ. Бас нэг удаа сургуулийн хаалгаар ортол үүдний самбар дахь ханын сониныг багш сурагчгүй тойрон үзэж байв. Очоод үзтэл 10Б ангийн ханын сонин. Хожим цэргийн гавьяаны болон алтан гадас одон хүртсэн сурагч М.Энх-Амар багшийнхаа зургийг их гоёор зурчихсан байна. Тэгээд бүгд нэр усаа тавиад, багшдаа зориулсан чин сэтгэлийн үгсээ бичсэн байжээ. Тэд “Би багш шигээ сайн багш болно, миний багш үргэлж инээмсэглэж явдаг, миний ээж шиг санагддаг, бидний дотнын хүн” гэх зэрэг үгс нь Н.Оюун багшид маш том шагнал болсон гэдэг.

1983 онд ЗХУ-ын Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт сайд Сергей Павлов тус сургуульд зочлон ирэхэд 9Б-ийн До.Энхбаатар оросоор рапорт өгч хүндэтгэн хүлээн авсан нь энэ ангийн бас нэг бахархал юм. Мөн 1984 онд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн 18 дугаар их хуралд Я.Цэрэндулам, 19 дүгээр их хуралд До.Энхбаатар, 20 дугаар хуралд Ч.Батбаяр нар төлөөлөгчөөр сонгогдож, нэг ангийн гурав, гурван их хуралд дараалан оролцож байсныг бахархахгүй байхын аргагүй.

10Б ангийн сурагч Д.Мяасүрэн хөвгүүдээсээ хурдан гүйх бөгөөд аймаг, сургуулийн намрын спартакиадад амжилттай оролцоно. Гимнастикаар М.Энх-Амар, урлагаар О.Цээсүрэн, сагс, волейболоор Б.Ууганбор, Л.Баасанжав, Л.Энхболд, Ш.Эрдэнэбат нар ангийнхнаа манлайлдаг байжээ.

10Б ангийн тухай бас нэг сонирхолтой зүйл бол таван Энхцэцэгтэй юм. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Д.Энхцэцэг худалдааны тэргүүний ажилтан, Наран сумын Л.Энхцэцэг Дорнод аймгийн Дамжлага баазын гуравдугаар цэцэрлэгт хориод жил, У.Энхцэцэг нь худалдааны байгууллагад арав гаруй жил ажиллажээ. Харин Ч.Энхцэцэг нь өдгөө “Энхжин” ресторанд ахлах тогоочоор ажиллаж байгаа бол Т.Энхцэцэг нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг байна.

Сүхбаатар аймгийн Холбооны газрын дарга Я.Цэрэндулам “ангийн охид хөвгүүдээ салбар салбартаа амжилттай ажиллаж байгаад бид бахархдаг. Тухайлбал, Санхүү татварын тэргүүний ажилтан, Алтан гадас одонт, татварын улсын зөвлөх байцаагч Л.Амарбаатар, Алтан гадас одонт Н.Болд, Боловсролын хяналтын улсын ахлах байцаагч Батбаяр, гаалийн улсын байцаагч Л.Энхболд, улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар, Замын-Үүдийн НИК-ийн дарга Н.Болд, Ц.Рэгзэдмаа багш, мэргэшсэн нягтлан бодогч Туяа, Халзан сумын төрийн сангийн төлөөлөгч Оюунцэцэг, татварын байцаагч Д.Оюунгэрэл, нягтлан бодогч Ж.Ургамал, хувийн бизнестээ амжилт гаргаж яваа Ц.Чимэгмаа, Т.Энхцэцэг нар маань улс, аймгийнхаа хөгжил цэцэглэлтэд өөр өөрсдийн хувь нэмрийг оруулж явна” гэсэн юм.

Далайн давалгааны хүч цөхөршгүйдээ л байдаг. Энэ бол 10Б ангийнхны ололт амжилтын гол түлхүүр гэлтэй. Тэд ч үүнийг дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг.


Categories
мэдээ цаг-үе

Их талын хадагт хонгор

Сүхбаатар аймгийн уугуул, “Дүүрэн трейд” компанийн захирал Дугаржавын Ренчинхандын “Их талын хадагт хонгор” туужийн “Би сэрлээ” хэмээх хоёрдугаар бүлгийг уншигч танаа толилуулж байна.

Би сэрлээ, хөвөн зөөлөн дулаахан жижигхэн дэлхийд амарч байх юм. Сэнгэнэсэн гоё үнэрт сонин мэдрэмж төрж, цэвэр тунгалаг ус, уул, ухаа олон толгод, цэлийсэн тал, хурц наран, өвс ургамал, хад чулуу… Адууны янцгаалт нарыг татаад ирэх шиг, талыг улам тэлэх шиг, тэнгэрийг цэлийлгэх шиг, алслуулах шиг цуурайтлаа. Шаргалтан байх хээр тал тэнүүн, цаанаа л тайван ихэмсэг хүчирхэг агуу ажээ. Энэ бүхнийг унага харан гайхаж байлаа. Ээжийн зөөлөн зөөлөн алхалт унагыг бүүвэйлэн бүүвэйлэн унтууллаа… Би ээжийнхээ хэвлийд дахин сэрлээ. Би өндийх гэв, хөлөө татаж түлхэж үзлээ. Ээж намайг босгосонгүй.

-Унага минь бүү яар, гадаа хүйтэн салхитай, шуургатай, тэнгэр тогтох болоогүй, өвс ногоо цухуйгаагүй, хаврын хөх чийг арилаагүй байна унтаж бай, үр минь гэж ээж хэллээ. Ийн хэлсэн ч би босмоор, гармаар санагдаад байлаа, хөдлөх гэсэн ээж хөдөлгөсөнгүй.

– Ээж ээ. Би эргэн тойрноо харж байна, ямар сонин гоё юм бэ гэж хэллээ.

-Үр минь чи энэ сайхан нутгийн эзэн нь болно шүү дээ. Энэ нутаг агуу сайхан нутаг даа.

-Тал, уул хоёрын аль нь том вэ?

-Тал ихээ их, маш их, агуу их. Тэнгэр, тал хоёр бол төгс төгөлдөр зүйлс.

-Тэнгэр, тал хоёрын ялгаа юу вэ?

-Тэнгэр бол биднийг тэтгэгч их эрчим минь, тал бол эх үндэс, тулах гэр минь.

-Энэ хоёр салшгүй юм уу?

-Тийм ээ. Арга билэгт орчлон ертөнц минь гэв.

-Би ойлгосонгүй ээ гэхэд.

-Чамд ойлгох цаг ирнэ гэв.

-Тэнгэр, уул хоёр чинь ямар өнгөөр ялгагдаж байна вэ?

-Тэнгэр цэнхэр ээ, гэхдээ өнгөгүй ч байж мэднэ, өнгө нь их хувираад байдаг юм. Уул холдохоороо тэнгэртэй нийлэн, хөх цэнхэр, ойртохоороо талтай нийлчихнэ, дэргэд нь очихоор чулууныхаа болон ургамлынхаа өнгөөр харагдана даа. Унага минь чи чинь өнгө ялгаад байгаа хэрэг үү?

-Тийм ээ, би тэнгэрийн цэнхэр өнгө, цухуйж байгаа ургамлын ногоон өнгийг, чулууны хүрэн саарал өнгийг таньдаг боллоо.

-Тэнгэрээр, хээр талаар нар, сар, агаар, салхи, бороо, шороо тоос дураараа хийснэ, шувууд дураараа шумбан дүүлж, халин нисэлдэнэ. Бүгд л тэнгэр, тал хоёрт эрхлээд байх шиг санагддаг юм даа. Унага минь, чи энэ орчлонд гарч ирээд өөр олон сайхныг, сонин хачныг үзэх, мэдрэх болно.

-Тиймээ би тэнгэрийн томыг, талын агууг харан гайхах юм. Хийн орчлон, цэнгэг агаар, хүчит салхи, хязгааргүйн гүн огторгуй, орчилт орон зай гэж юутай сонин юм бэ гэхэд, ээж бодол болсноо “Тийм ээ, тэд бол гайхамшиг, бидэнтэй хамт байх төгс төгөлдөр шим ертөнц”


Борог өвсний шаргал туяа нарны цацрагт улам өнгөлөгдөн салхинд тонголзох бөгөөд өвлийн өнгийг өөртөө барьсан Шүүт хөөврийн дэрс, намхан толгод бүхий энгүй их тал нүдний өмнө өнгө нэмэн цэлийнэ. Тэнгэрт буй мэт Талын таван уул нэг томрон, нэг босч, нааш ир, нааш ир гэх шиг тэртээгээс суудал засан дүнхийх нь сонихон.

Ээж хэд гурав алхсанаа амсхийнэ, гэдэс нь зөв тал руугаа өнцөг гаран төмбийх. Гүүд унагалаад адуу тогтуухан, гүүнүүдийн алхалтаар яарамгүй урагшилна.

-Ээж ээ адуун сүрэг хаашаа явна вэ?

-Бүх адуу урд зүгийг чиглэн алгуурхан урагшилж байна. Цэлийсэн их тал мэлтийгээд тэнгэр газар нийлэлдэх заагт Талын таван уул хөвнө, хөдөлнө, бууна, сууна. Биднийг хөх ногооны үнэр татан дуудаж байна. Тэнд ногоо цухуйж идээшлэх хэмжээнд хүрсэн бололтой. Ээж ярьсаар, би чагнасаар… Ээжийн тургилтаар би сэрлээ. Ээж булгаас тонгойн байж хорин долоо залгилав, тавин дөрөв дэхээ залиглав, бас зуун найм дахиа залгилав. Ээжийн ууснаас би уулаа, энэ миний уусан анхны ус Их булаг байлаа.

-Ээж ээ, энэ чинь юу гээч нь вэ?

-Энэ бол ус. Ус амьтайг ч, амьгүйг ч тэтгэгч ид шид, хүч өгөгч, тэжээгч төгс төгөлдрийн нэг гэлээ.

Ээж минь алс тэртээх тэнгэрийн хаяаг ширтэх нь намайг тэр зүгт хар гэх шиг.

-Ээж ээ, өвс маш сайн ургасан газрыг олж өгвөл намайг даган явцгаах уу гэлээ.

-Одоо л ногоо гараад идэх хорхой хүргээд л байна удахгүй идэх байх аа гэж хэлснээ ээж санаа алдав.

-Ээж ээ энэ ямар дуу сонсогдож байна вэ?

-Чи чинь бас дуу сонсож байна гэж үү. Ямар сонирхолтой юм бэ. Юун ч хөөрхөн юм. Хайрт унага минь чи миний хайрыг ямар их татаж байна вэ. Чамайгаа харахыг ямар их хүсч байна гээч.

-Ээж ээ, энэ уянгалаг цуурай юу вэ?

-Бидний эзэн дуу дуулсаар ирж явна.

-Бидний эзэн гэж юу билээ?

-Бидний эзэн бол ухаант хүн юм.

-Ээж ээ, миний хөлөөс дуу уянгалан цуурайтаж намайг сэрээлээ.

-Чиний хөлөөс дуу сонсогдлоо гэж үү?

-Тийм ээ.

-Яаж сонсогдов?

-Эзний дуулах уянгалаг дуу намайг сэрээлээ. Өвдөгний үенд нэгэн нүх байна.

-Чи хөлдөө чихтэй юм байна, сайн хэрэг. Аав чинь хөлөө чагнадаг, тэр бас хөлдөө чихтэй, элдэв юмсыг сонсдог юм.

-Ээж ээ, би тэгвэл аавтай адилхан юм байна.

-Тийм байна. Чи олон сонин дуунуудыг сонсох болноо.

-Ээж ээ. Тэртээд хөх ногооны униар дунд урсаад байгаа усны дууг би сонслоо.

-Тэр чинь зэрэглээ шүү дээ. Тэнд зэрэглээний дуу, хөх униар байгаа бол ногоо ургачихсан байгаа гэсэн үг. Чи бидэнд ногоотой газрыг олж өгч чадлаа. Талынхаа Таван ууландаа очъё доо. Зэрэглээний дуугаа дахин сайн сонс, өөр олон сонин дуунуудаас ялгаж сураарай.

Ээж минь хэсэг чимээгүй явснаа

-Чиний гэдсэнд бүрэлдэх зүйлс бүгд бүрджээ. Одоо хэвлийгээсээ гарч хээр талдаа эзэн нь болох боллоо. Төрснийхөө дараа нь нарны дууг, солонгын дууг таних ёстой шүү. Ийн хэлэх ээжийн үг намайг баярлуулав. Талын таван уулын хүрмэн бор хад асганд нэгэн хонгор унага хөл дээрээ буухуйд, хөгшин хайлаасны хөх үүрнээ шонхрын өндөг ангаахай болон хагарлаа. Хадагтын уянгалаг нарийн урт хүчтэй цангинасан янцгаалт талаар, тэнгэрээр нэг цуурайтлаа. Энэ дууны хариуд шийр шийр, хааг хааг, зийр зийр, хээг хааг гэсэн дуугаар Зүрх цагаан хэмээх хүчит шонхорын зулзага хариу барилаа.

Categories
мэдээ нийгэм

Гадаадад байгаа иргэд амралтын өдрүүдэд саналаа өгч дуусна

Гадаад улсад байгаа иргэд салбар комиссын тогтоосон санал авах байранд энэ амралтын өдрүүдэд очиж тухайн улсын орон нутгийн цагаар 07.00 цагаас 22.00 цаг хүртэл хугацаанд саналаа өгч байна.

Гадаад улсад байгаа иргэдээс санал авах хуудас хуульд заасан хугацаанд бүрэн хүргэгдсэн, санал авах байр бэлтгэгдсэн, сонгуулийн бэлтгэл хангагдсан тухай Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс, салбар комиссынхон мэдэгдсэн билээ.

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулахаар Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг 33 улсад 45 салбар комисс ажиллаж байгаа бөгөөд 7209 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Бэлтгэл офицер М.Энхболд зэвсэгт хүчний дугаар ангийнхантай уулзлаа

Хошууч генерал Д.Даваагийн нэрэмжит, холбооны тэргүүний ууган анги хэмээн алдаршсан зэвсэгт хүчний 013 дугаар ангийн жагсаалын төв талбайд Сонсголон, Сонгино, Толгойт цэргийн хотхоны зэвсэгт хүчний зургаан ангийн офицер, ахлагч, ажилтан цэргүүдтэй Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд ээлжит уулзалтаа хийлээ.

Монгол Улсын ард түмний амар тайван байдал, эх орныхоо тусгаар тогтолын төлөө хүчин зүтгэх их үүрэг хүлээсэн Батлан хамгаалах яамыг энэ удаагийн УИХ, Засгийн газар үндсэн чиг үүргийн яам болгож, багц хуулийг хэлэлцэн баталж, салбарынхны олон жилийн мөрөөдлийг биелүүлсэн гэдгийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Б.Бат-Эрдэнэ дуулгасан. Улс орныхоо амин чухал салбарт нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын хийж хэрэгжүүлсэн ажил нэлээдгүй бий.

Тэртээ 1990 оноос хойш парк шинэчлэлт хийгдээгүй, бараг хаягдаад байсан энэхүү салбарт Миеэгомбын Энхболд 19.5 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгуулж орчин үеийн хоёр нисдэг тэрэг авч өгсөн байдаг. Мөн олон улсын “Хааны эрэлд” сургалтыг зохион байгуулах суурийг тавьсан зэргийг дурдаж болно. Түүнчлэн салбарын сайд Б.Бат-Эрдэнэ “Миеэгомбын Энхболд дарга бол төрөлхийн ноён нуруутай хүн. Аливаа шийдвэрийг нухацтай бодож байж гаргадаг зантай” хэмээн хэлсэн үгэндээ онцолсон.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд ахлагч цолоор шагнуулж, бэлтгэл офицер болсон талаараа хуучилсан. Мөн уулзалтын төгсгөлд монгол цэргийн сүр хүч мөнхөд мандан бадарч байхын өлзийт ерөөлийг цэрэг, дайчдад дэвшүүлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт зургаан газар түймэртэй байна

Өнөөдрийн байдлаар нийслэлд зургаан газар түймэртэй байна.Тухайлбал, яг одоо Улаанбаатарт Богд уулын Жаргалантын амны ойролцоо, Баянхошууны Баруун салаа, Зүүн салаад хэд хэдэн түймэр гарчээ.

Түймрийг унтраахаар Онцгой байдлын 120 гаруй алба хаагч ажиллаж байна. Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их байгаа учраас иргэдийг ногоон бүсэд шаардлагагүй бол зорчихгүй байх, галын аюулгүй байдлаа хангаж, ил задгай гал гаргахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Бээжин хот дахь салбар комиссийн байранд сонгуулийн ирц 50 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн БНХАУ-ын Бээжин хот дахь салбар комиссын сонгогчдын санал хураалт энэ сарын 10-11-ний өдрүүдэд 07-22.00 цагийн хооронд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны байранд явагдаж байна.

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.10 дахь хэсгийн дагуу Бээжин хот дахь салбар комиссын байранд санал өгөхөөр 179 иргэн бүртгүүлснээс эхний өдрийн байдлаар ирц 50 хувьтай байна хэмээн Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас мэдээллээ.

Иргэд иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорттай ирж саналаа өгөх бөгөөд сонгуульдаа идэвхтэй оролцохыг ЭСЯ-наас уриалав.

Categories
мэдээ нийгэм

Хачигт хазуулахаас сэргийлээрэй

Ойн хачгийн идэвхжил ихсэж байгаа тул ой модонд ажил эрхлэх, зугаалах, жимс, эмийн ургамал түүх, ууланд алхах үед ард иргэд ялангуяа эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдээ хачигт хазуулахаас урьдчилан сэргийлээрэй.

Хачиг ихэвчлэн хүний нимгэн арьстай, чийглэг газар болох суга, цавь, хөхний дор, чихний ард, үсэн дотор байрлаж хаздаг. Хачгийн шүлсэнд байдаг мэдээ алдуулагч бодисын нөлөөгөөр хүн хазуулж байгаагаа төдийлөн мэдэрдэггүй. Иймээс ой мод, өвс ихтэй бүс нутгаар ажиллаж, аялж байгаа тохиолдолд 3-4 цаг тутам өөрийн болон хүүхдийнхээ биед хачиг байгаа эсэхийг шалгах хэрэгтэй ажээ.