Categories
мэдээ нийгэм

Орон даяар шилжилт хөдөлгөөнийг хязгаарлалаа

Орон даяар шилжилт хөдөлгөөн зурган илэрцүүдМонгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж буйтай холбогдуулан сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд орон даяар зогсоолоо.

Нийт сонгогчийн шилжилтийг аймаг, нийслэл дотор хийж, бүртгэхийг өнөөдрөөс эхлэн зогсоож байна. Хэрэв энэ хугацаанд сонгогчийн шилжилтийг бүртгэсэн тохиолдолд сонгуулийн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, төрийн албан хаагчийг төрийн албанаас халах гэсэн хариуцлага хүлээх юм.
Шилжилт хөдөлгөөн сонгууль дууссаны дараа буюу энэ сарын 27-ноос эхлэн хэвийн үргэлжилнэ. Хэрэв сонгогч энэ өдрөөс өмнө шилжсэн бол шилжин очсон газрынхаа санал авах байранд санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө шилжих хуудсаа өгөх бөгөөд түүнийг санал авах байр улсын бүртгэлийн холбогдох байгууллагад хүргүүлнэ.

Categories
гадаад мэдээ

Катар ОХУ-ын тусламжаас татгалзлаа

Катар улсад одоохондоо ОХУ-ын туслалцаа хэрэггүй гэж тус услын Гадаад хэргийн сайд Мухаммед бен Абдель Рахман Аль Тани мэдэгдлээ. “ОХУ бидэнд зайлшгүй тохиололд туслалцаа үзүүлнэ гэдгээ амалж, санал тавьсан. Гэхдээ одоогоор тэр зайлшгүй тохиолдол нь болоогүй байна” гэж тэрээр хэлсэн байна. Тэрээр Арабын орнуудын тавьсан хориг одоогоор иргэдийнх нь амьдралд нөлөөлөөгүй байна гэжээ. “Бүгд яаж амьдарч байсан, тэрэн шигээ л амьдарч байна. Амьдрал үргэлжилж байна” гэж Аль Тани онцолсон байна.

Мухаммед бен Абдель Рахман Аль Тани энэ сарын 10-ны өдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровтой уулзалт, хэлэлцээр хийсэн. С.Лавров энэ үеэр хямралыг шийдэхэд бүх талын туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа түүнд илэрхийлсэн юм.

“Бүгд яаж амьдарч байсан, тэрэн шигээ л амьдарч байна. Амьдрал үргэлжилж байна” гэж Аль Тани онцолсон байна.

Катар улс хааны гэр бүлийн гишүүдээ суллуулахын тулд “Лалын улс” бүлэглэлд тэрбум ам.доллар төлсөн, мөн Иран улстай ойр харилцаатай гэдгээр шалтаглан Арабын хойгийн Саудын Араб, Египет, Бахрейн, Арабын нэгдсэн Эмират улсууд энэ сарын 5-ны өдрөөс эхлэн тус улсаас харилцаагаа таслах шийдвэр гаргасан бөгөөд энэ шийдвэрийг удалгүй Йемен, Ливи, Мальдив, Маврикий, Мавритани, Коморын арлууд аялдан дагалдсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 24-нийг хүртэл тээврийн хэрэгслийн татвараа торгуульгүй төлөөрэй

Нийслэлийн Татварын газар, Замын цагдаагийн албатай хамтран хуулийн хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг албан татвар төлбөрт хамруулахаар зургаадугаар сарын 13-24-ний өдрийг хүртэл хугацаанд хяналтын үзлэг, шалгалтыг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулан ажиллаж байна.

Иймд энэ сарын 24-ний өдрийг хүртэл сайн дураараа татвар хураах цэгүүдэд тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрөө төлж буй тээврийн хэрэгсэл эзэмшигчид торгуульгүй төлөх боломжтой. Харин албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байгаад хяналтын үзлэг, шалгалтанд ажиллаж байгаа замын цагдаагийн албан хаагч хяналт тавьж илрүүлсэн зөрчилтэй тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж, албан татвар төлбөрийг албадан төлүүлж торгууль ногдуулна.

Хураагдсан бичиг баримтыг нэг цэгийн үйлчилгээний дараах байршлуудад татаж төвлөрүүлнэ. Үүнд:

  • Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хураагдсан бол Дүнжингарав худалдааны төвд байрлах нэг цэгийн үйлчилгээ
  • Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хураагдсан бол Монгол Хьюндай Автомотив ХХК-ийн байранд байрлах нэг цэгийн үйлчилгээ

Тус нэг цэгийн үйлчилгээний цэгүүд ажлын өдөр 08:00-20:00 цаг, амралтын өдөр 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Иймд татвар төлөгч Та иргэнийхээ үүргийг биелүүлж, тогтоосон хугацаанд албан татвар, төлбөрөө төлнө үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1288, 7011-0705 дугаараас лавлана уу.

Categories
мэдээ нийгэм

Халдвартын эцсээс “Нарантуул” хүртэлх автозамыг хаана

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Баянзүрх дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт В хэсэгчилсэн талбайн автозамын ажлын хүрээнд цахилгааны шугам сүлжээг шилжүүлэх, газар шорооны ажил, хашлага суулгах, цемент бетон суурь болон өнгө асфальт бетон хучилтын ажлыг хийнэ. Тиймээс 2017 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн 00:00 цагаас 2017 оны зургаадугаар сарын 20-ны өдрийг дуустал, Халдвартын эцсээс “Нарантуул” хүртэлх 300м автозамын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Иргэд тухайн бүсэд зорчихдоо өөр зам сонгон зорчино уу гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Японоос ирсэн аварга робот “Скелетоникс”

Робот гэж юу байдгийг мэдэхгүй монгол хүн байхгүй байх. Хэдийгээр бидэнд танил хэдий ч өөрсдөө бүтээдэггүй болохоор дэргэдээс нь харсан хүн ховор. Харин өнгөрсөн хүүхдийн баяраар гурван метртэй робот үзүүлэн тоглолт хийж олны анхаарлыг татав. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гурван метр өндөр робот яг л хүн шиг янз бүрийн үйлдэл хийж байна гэдгийг дуулаад яваад очлоо. Хүүхдүүд төдийгүй томчууд тойрч зогсоод үйлдэл бүрийг нь гайхашран сонирхож байна. Роботон дотор хүн орчихсон ажиллуулах ажээ. Нэг ёсондоо робот хүн хоёр хоршчихож. Робот өөрөө дотроо ямар ч хүнийг багтаах хэмжээтэй болохоор хүссэн хүн бүр орж болно. Дотор нь байгаа хүн хөл, гарынхаа хөдөлгөөнийг роботтой холбочихдог болохоор хүссэн үйлдлээ хийх боломжтой ажээ.

Үзүүлбэрийг сонирхохоор ирсэн хүмүүстэй гар барьж мэндчилэхээс авахуулаад үзэгчдийн хөгжөөн даллах, цай хоол авч өгөх гээд янз бүрийн үйлдэл хийж байв. Энэхүү роботыг хүүхдийн баяр болон “КООСЭН-технологийн баяр”-т зориулж Японоос авчирчээ. Зохион бүтээгч Ака Томохиро өөрийн биеэр манайд хүрч ирж бүтээлээ сонирхуулж байгаа юм байна. Тэрээр роботынхоо талаар “Монгол хүүхдүүд инженерийн сэтгэлгээ сайтай гэж дуулсан. Тиймээс баярынх нь өдөр олон хүүхдэд роботоо танилцуулж зохион бүтээх их хүслийг нь өдөөх гэсэн юм. Миний бүтээсэн энэ робот хүний хөдөлгөөн мэдэрч, зааварчилгаагаар олон янзын даалгавар гүйцэтгэх чадвартай. Өөрөөр хэлбэл, дотор нь байгаа хүний гар хөлийн хөдөлгөөнийг мэдэрч ажилладаг учраас бусад хүн хэлбэртэй роботуудын хийж чадахгүй үйлдлийг хийдгээрээ онцлогтой болсон” гэлээ. Тэрээр Японы КООСЭН сургуулийг төгсчээ. Монголд анх удаа ирж байгаа бөгөөд хэдхэн хоногийн өмнө Монголд болсон “Робокон” тэмцээнд “Монгол КООСЭН” сургуулийн баг дөрөвдүгээр байр эзэлснийг дуулсан гэнэ. Тиймээс оюутан залууст өөрийн бүтээлээ сонирхуулахаар иржээ. Нэг сургуулийн төгсөгчид учраас тэдэнд над шиг хүссэн роботоо бүтээх боломж бий гэж байв.

Уг роботыг бүтээсэн Ака Томохиро өдгөө 28 настай гэнэ. 15 настай байхдаа Японы КООСЭН сургуульд элсэн орж 20 настай байхдаа төгсчээ. КООСЭН сургууль 15 настай хүүхдүүдэд таван жилийн турш инженерийн үндсэн боловсролыг эзэмшүүлдэг. Суралцах хугацаанд инженерийн онолыг дадлагатай хослуулдаг нь тус сургалтын давуу тал гэсэн. Тиймээс ч оюутан залуус 20 нас хүрэхээсээ өмнө цаашид мэргэших салбараа сонгож бүтээн байгуулах ажлаа эхлүүлдэг ажээ. Тэдний нэг нь Ака Томохиро. Тэрээр оюутан байхдаа анхныхаа роботын загварыг зохион бүтээсэн гэнэ. Сургуулийнхаа нэрэмжит “КООСЭН робокон” тэмцээнд оролцсон ч амжилт үзүүлж чадаагүй тул өөрийгөө улам дайчлан хичээсээр илүү хүчирхэг үзүүлэлттэй робот бүтээхээр шулуудсан байна. Улмаар робот зохион бүтээдэг “Скелетоникс” компаниа байгуулжээ. Компаниа хөгжүүлэхийн тулд хамгийн сайн робот хийх ёстой гэж хичээн зүтгэсээр байгаад хийсэн хоёр дахь робот нь дараа жилийнхээ робоконы тэмцээнээс тэргүүн байрын шагнал авчирсан гэнэ. Тэрхүү робот нь хоёр хөл дээрээ явдаг байж. Багш нар нь оюутан Акагийн бүтээсэн роботыг ирээдүйтэй хэмээн магтсан тул улам сайжруулах хэрэгтэй хэмээн бодсоор хүний хөдөлгөөнийг судалж холбоосын механизмыг томруулах технологиор их биетэй аварга робот бүтээх санаагаа олсон байна. Энэхүү аварга робот нь “Скелетоникс” роботын анхны загвар байжээ. Анхны загвараасаа хойш шинэчлэн сайжруулсаар одоогийн байдлаар тав дахь загвараа гаргаад байгаа юм байна. Удахгүй зургаа дахь загвараа гаргах талаар төлөвлөж байгаа хэмээн инженер залуу ярьж байна лээ.

Ака Томохирогоос яагаад робот хийх болсон тухай нь асуухад “Би ер нь юм хийх дуртай хүн. Зүгээр суулгүйгээр аливаа нэгэн зүйл оролдож л суувал аз жаргалтай болчихдог. Бүтээлч байхыг юу юунаас илүүтэй хүсдэг. Бага байхдаа би зураг зурах гэж, урлагийн бүтээл урлах гэж оролддог байсан. 15 настай байхдаа сургуульд орсноор инеженерийн сэтгэхүйтэй болсон гэж боддог юм. 16, 17 настайгаасаа робот зохион бүтээх ажилд шимтдэг болсон” гэв. Ирээдүйд тэрээр роботынхоо загварыг улам бүр сайжруулж бизнесийн чиглэлд түлхүү ашиглана гэж боддог ажээ. Японд байхдаа энд тэнд болж буй үзэсгэлэн худалдаа, олон нийтийн арга хэмжээнд гурван метрийн өндөртэй аварга том роботтойгоо очдог гэнэ. Тэрээр олон хүнийг гайхшруулж, яаж ингэж чаддаг байна гэж хэлэхийг нь сонсохын тулд улам бүр хичээн ажилладаг гэсэн. Нэг ёсондоо өөрийн хийсэн бүтээлээрээ хүмүүсийг гайхшруулах нь түүний мөрөөдөл болжээ. Тэрээр “Загвар сайжрахын хэрээр роботын зах зээл дээрх өрсөлдөөн улам нэмэгдэж байна. Японд робот бүтээдэг мундаг залуу бий. Тэрээр наймдугаар сард өөрийн роботоо Америкийн зохион бүтээгчийн бүтээсэн роботтой тулалдуулах гэж байгаа. Бооцоотой, халз тулаан болох сураг дуулдаж байна” гэж байлаа. Харин Монголд ирээд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүтээлээ танилцуулсан тухайд “Би Японы үндэсний технологийн хүрээлэнгийн урилгаар Монголд ирсэн. Тус хүрээлэнгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Байгалмаа доктор хүүхэд залууст инженерийн ухааныг сурталчлахыг хүссэн юм билээ. Тиймээс би Монголд ирлээ. Харин миний бүтээлийг ямар түвшинд сонирхох бол, залуусын анхаарлыг татаж чадах болов уу гэж бодож байсан. Гэтэл үзүүлбэрийг маш их сонирхсон. Зүгээр нэг сонирхоод өнгөрөх төдий биш хэрхэн яаж бүтээснийг олон хүүхэд асууж байна лээ. Бүр зарим нь технологийн шинэ санаа төрүүлэхүйц зүйл ч асууж байсан. Удахгүй өөрсдөө “Скелетоникс”-оос илүү загвар бүтээх байх” хэмээн ярьсан юм.

Роботын үзүүлбэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд баяраа тэмдэглэхээр ирсэн хүүхдүүдийн анхаарлыг гойд татаж байгаа нь илт. Хөдөлгөөн бүрийг нь анхааралтай ажиглаж баяр хүргэн алга ташиж байв. Тал бүрээс нь “Одоо баруун гараа өргө дөө, зүүн гараараа даллаарай” гэхчлэн орилж байв. Бүр зарим нэгэн нь дотор нь сууж өөрөө жолоодож үзэх санал ч гаргаж байв. Ер нь элдэв янзын марзан тоглоомнуудаас илүүтэй иймэрхүү бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зүйлс хүүхдүүд гэлтгүй томчуудын анхаарлыг татдаг болсон нь анзаарагдаж байв. Робот, тэр дундаа аварга том робот харсан хүүхдүүд “Яваандаа үг хэлж, ярьдаг болох боломж бий юү. “Чаппи” кинон дээрх робот шиг оюун ухаантай болох уу” гэдгийг тодруулахыг хүсч байсан. Харин аав ээжүүд нь иймэрхүү зохион бүтээх төрлийн сургалтууд нэмэгдээсэй, Монголд байдаг уу гэж зохион байгуулагч нараас асууж байв. Энэхүү өдөрлөгийг зохион байгуулж буй Японы үндэсний технологийн хүрээлэнгийн Монгол дахь салбарын тэргүүн Ц.Байгалмаа “Иймэрхүү төрлийн инженерийн сэтгэхүйг хөгжүүлэх үзүүлэн тоглолтууд манайд эрэлттэй байгааг анзаарч харж байна. Хүүхдүүд өөрийн нүдээр үзэж харсан зүйлээ дараа нь зохион бүтээхэд хялбар байх болно. Ер нь улс орны хөгжилд инженерийн зөв шийдэл хамгийн их хэрэгтэй” гэж байв. Харин зохион бүтээгч Ака Томохиро “Хүүхдүүд санаанд оромгүй олон зүйл асууж байна. Зарим асуулт миний дараагийн загваруудад биеллээ олохыг үгүйсгэхгүй. Харин Монголын хүүхэд, залууст хандаж хэлэхэд аливаа нэгэн зүйл зохион бүтээхийг үнэхээр их хүсч байвал маш том давуу талтай байна гэсэн үг. Хэдийгээр технологийг нь мэддэг, бүтээх боломж байсан ч гэлээ хүсэлгүй бол хэзээ ч амжилтад хүрэхгүй. Тиймээс аливаа зүйлд дурлаж, шимтэж байна гэдэг амжилт гаргахын эхлэл шүү” гэсэн юм.

Ака Томохиро цаашид одоогийнхоос илүү хурдан хөдөлгөөнтэй, цэнэгээ удаан хугацаанд барьдаг, илүү уян хөдөлгөөнтэй робот бүтээхийг төлөвлөж байгаа ажээ. Робот хийхдээ голдуу мөнгө олох аргыг бодож зохион бүтээдэг гэсэн. Ер нь Японд робот янз бүрийн төрлөөр хөгжиж байгаа. Гэрийн ажилд тусалдаг, тоос соруулдаг, аяга угаадаг, цонх угаадаг, хувцас эвхдэг роботууд төрөл бүрээрээ бий. Мөн томоохон албан байгууллагад ашигладаг үйлчилгээний роботууд ч байдаг. Харин Ака Томохирогийн хувьд энтертайнмэнт үзүүлбэрт чиглэсэн роботууд зохион бүтээж байгаа юм. Тэрээр “Монголд ирээд тав хоноод буцаж байгаа. Энэ үеэр гэрлэн дохионы системийг сайжруулбал замын хөдөлгөөний ачаалал багасах боломжтой юм байна гэдгийг анзаарсан. Өмнө хэлсэнчлэн монгол хүүхдүүд инженерийн сэтгэлгээ сайтай болохоор тэднийг дэмжээд өгвөл япончуудаас дутахгүй зүйл зохион бүтээж чадна” гэсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ, эмнэлгийн дарга нарыг гартаа атгасан “Сетунари”, “Бона вита” компани улсын төсвөөс хэдэн тэрбумаар нь мөнгө “идэж” байна

“Өдрийн сонин”ы 2017.06.05-ны Даваа гаригийн №124,125(5691,5692) дугаараас авч нийтлэв

ЭХ СУРВАЛЖИЙН МЭДЭЭЛЛИЙН МӨРӨӨР ҮНЭНИЙГ ХАЙСАН НЬ

“Сетунари” компанийн оношлогооны аппаратууд зарим аймагт огт ашиглагдахгүй байгаа байдал

Эрүүл мэндийн салбарыг мөнгө олох хэрэгсэл болгож, хэдэн тэрбум төгрөгийн ашиг олж байгаа “Сетунари”, “Бона вита” гэх хоёр компанийн талаарх ноцтой мэдээлэл бидэнд ирсэн юм. Эрүүл мэндийн яамны томоохон албан тушаалтнууд, Монголын гуравдугаар шатлалын улсын эмнэлгүүд, дүүрэг, аймгийн Эрүүл мэндийн нэгдсэн төвийн дарга нар хууль бусаар хэдэн зуун тэрбум төгрөгийн ашиг олж байгаа компанийг дэмжиж ажилладаг болоод олон жилийн нүүр үзэж байгаа гэнэ. Эмнэлгийн дарга нар эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж зөвхөн тэр компанийн нийлүүлж байгаа урвалжийг ашигла, тэр компанийн лабортори руу өвчтөн явуулж төлбөртэй шинжилгээ хийлгүүлж бай” гэсэн үүрэг даалгавар өгдөг байна. Энэ талаарх мэдээллийг уншигч та бүхэнд дэлгэрэнгүй хүргэе.

“СЕТУНАРИ” КОМПАНИ ОНОШЛОГООНЫ САЛБАРЫГ ГАРТАА АТГАЖ СОНГОЛТГҮЙ УРВАЛЖ НИЙЛҮҮЛЭХ БОЛСОН ТҮҮХ

Шинэчлэлийн Засгийн газрын үед буюу 2013-2014 онд Улсын клиникийн I, II, III, гурван том эмнэлгийн оношлогооны аппаратуудыг шинэчилсэн байна. Мөн 11 аймагт Оношлогооны төв байгуулсан аж. “Хөдөө орон нутгаас иргэд Улаанбаатар хотыг зорин ирж оношлогоо хийлгэж байна. Үүнээс болж иргэд цаг хугацаа, санхүүгээрээ хохирч байна. Тиймээс аймгуудад оношлогооны төв байгуулах нь зүйтэй” хэмээн 25 тэрбум төгрөг гаргаж, архангай, Баян- Өлгий, Баянхонгор, Дорноговь, Говь-алтай, Завхан, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс, Хэнтий, Хөвсгөл аймагт тус бүр Оношлогооны төв байгуулсан. Тухайн үед дэлхийд тэргүүлэгч фермийн 27 нэр төрлийн, 240 ширхэг багаж, тоног төхөөрөмжийг аймаг бүрт нийлүүлсэн байдаг. Үүнтэй зэрэгцэн Германы “Roshe” компанийн албан ёсны борлуулагч “Сетунари” компани хэдэн сая төгрөгийн үнэ бүхий оношлогооны тоног төхөөрөмж нийлүүлсэн байна. 2008 оноос хойш УКТЭ болон бусад гуравдугаар шатлалын эмнэлэгт улсын төсвийн хөрөнгөөр 200-300 сая төгрөгийн үнэ бүхий 2-5 төрлийн бүрэн автомат лабораторийн аппарат нийлүүлжээ. Энэ нь тухайн үедээ дэлхийд чанараараа гайхагддаг Германы “Roshe” компанийн тоног төхөөрөмж юм.

Компанийн удирдлага болон Эрүүл мэндийн яамны холбогдох албан тушаалтнууд “Хамгийн багадаа арван жил ямар нэгэн эвдрэл гэмтэл гарахгүй ажиллах хүчин чадалтай” хэмээн онцлон ярьж байсан гэнэ. Тухайн үед эмнэлгийн ажилтнууд ч “Иргэд оношлогоо хийлгэх гэж хэд хоног хүлээдэг байдал ард хоцрох нь. Хүчин чадалтай шинэ аппаратын тусламжтайгаар нэр хүнд нь хэдэн арван жилийн турш навс унаад байгаа эрүүл мэндийн салбарын чанар, үйлчилгээ ч сайжрах юм байна” гээд л ам сайтай байсан гэнэ. Гэтэл удалгүй нөгөөх зах зээлийн үнээс хэт их үнэтэй тоног төхөөрөмжүүд нь тараа таниулаад эхэлжээ. Биохимийн оношлогооны аппарат, гематологийн оношлогооны аппарат, иммунологи, шээс, PCR оношлогооны аппарат нь маш олон төрлийн урвалж, оношлууруудыг ашиглах нь тодорхой болжээ. Гэхдээ өөр компаниудын үйлдвэрлэж байгаа урвалж тус аппарат, хэрэгсэлд огт таарахгүй.Таарсан ч аппарат нь амархан эвдэрдэг гэнэ. Тодруулбал, Зөвхөн Германы “Roshe” компанийн үйлдвэрлэж байгаа урвалж дээрх тоног төхөрөөмж, аппаратуудад таарах аж. Мэдээж Германы компанийн урвалж нь маш өндөр үнэтэй. Гэсэн ч худалдаж авахаас өөр аргагүй. Ингэж л Монголын эрүүл мэндийн салбарт өөрсдийн үйлдвэрлэсэн урвалжаа нийлүүлж жилд хэдэн тэрбум төгрөгийн ашиг олох боломжийг “Сетунари” компани олж авсан байна.

Үнэтэй аппарат эмнэлэгтээ суурилуулчихсан улсын эмнэлгүүд Германы “Roshe” компани үйлдвэрлэж, “Сетунари” компани албан ёсны гэрээт борлуулагчаар оруулж ирж байгаа урвалжийг ашиглахаас өөр сонголтгүй. Өөрөөр хэлбэл “Сетунари” компани “Энэ аппаратны урвалжийг тийм үнээр бид оруулж ирэх боломжтой. Үүнээс хямд үнээр оруулж ирж чадахгүй” гээд гүрийчихдэг. Улсын эмнэлгүүд тэдний хэлсэн үнээр урвалж худалдаж авахаас өөр сонголтгүй болдог байна. Урвалж үнэтэйгээс болоод “Сетунари” компанийн нийлүүлсэн 4-5 төрлийн аппаратыг эмнэлэгтээ тавьсан аймаг, дүүргийн эмнэлгийн зарим төрлийн үйлчилгээ зогсолтод оржээ. 2013-2014 онд суурилуулсан нийт аппаратын 80-90 хувийг өнөөг хүртэл огт ашиглаагүй. Эмнэлэгтээ гялгар уутнаас нь ч гаргаж тавилгүй хадгалж байгаа гэнэ. Хэрэв аймгуудын нэгдсэн эмнэлэгүүд Германы “Roshe” компани үйлдвэрлэж, “Сетунари” компанийн оруулж ирж байгаа урвалжийг худалдан авч, ашиглахаар жилийн төсөвтөө суулгачих юм бол бусад бүх төрлийн шаардлагатай эм тариа, урсгал засвар, тог цахилгаан, дулаан ашигласан зардал, ажилтнуудын цалингаас хасах болдог байна. Шинээр суурилуулсан оношлогооны аппаратаа ашиглахгүй байгаа өөр нэг шалтгаан нь дүүрэг, аймгийн нэгдсэн эмнэлэг оношлогоонд өмнөх жилүүдэд сард 200-300 хүнд оношлогоо хийлгэхэд төсөв нь хүрэлцдэг байж. Гэтэл нөгөөх “Сетунари” компанийн нийлүүлсэн 4-5 төрлийн аппаратын олон төрлийн урвалжаар 4-6 хүнд л оношлогоо хийлгэх болдог байна. Хэт их үнэтэй урвалж “иддэг” шинэ аппаратыг ашиглахгүй байгаа шалтгаан нь ийм учиртай аж.

“ЗӨВХӨН ГУРАВДУГААР ШАТЛАЛЫН ЭМНЭЛГҮҮДЭД ЖИЛДЭЭ 5-8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН УРВАЛЖ НИЙЛҮҮЛЖ БАЙНА” ГЭВ

Халдварт өвчин судлалын үндэсний төв, улсын клиникийн I, II, III эмнэлэг, ГССҮТ зэрэг эмнэлэг лабораторийн оношлогоондоо жил бүр 600 саяас 1.2 тэрбум хүртэл төгрөг төсөвлөдөг байна. Дээрх жилийн төсвийн 60-70 хувь нь “Сетунари” компанийн оруулж ирж байгаа урвалж худалдан авахад зарцуулагдаж байгаа гэнэ. Энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн улсын эмнэлгийн нэгэн лабораторийн эрхлэгчтэй уулзаж ярилцлаа.


-Эмнэлгийн дарга нар “Сетунари” компанийн оруулж ирдэг урвалжийг их хэмжээгээр худалдаж авах төсөв хий” гэж та бүхнийг шахдаг гэсэн энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-Үнэтэй аппаратаар улсын эмнэлгүүд оношлогоо хийж байна. Тэр аппарат нь урвалжаар шинжилгээ хийдэг. Тухайн өвчтөн цусны шинжилгээ хийлгэхэд элэг нь вирустэй байна уу гэдгийг урвалж бодис хольж байж хариу нь гарч ирдэг. “Сетунари” компани 2013 онд манай эмнэлэгт Биохимийн оношлогооны аппарат, гематологийн оношлогооны аппарат, иммунологи, шээс, PCR оношлогооны аппарат нийлүүлсэн. Гэтэл уг оношлогооны аппаратыг ашиглахад маш их урвалж шаардагддаг. Өөр үйлдвэрийн урвалж таардаггүй болохоор оношлогооны аппарат үйлдвэрлэж нийлүүлсэн компаниас урвалж худалдан авах болдог. Жил бүр лабораторийн эрхлэгч жилийнхээ төсвийг гаргахдаа хэдэн төгрөгийн ямар урвалж шаардлагатай байгаа талаар тайлан, төлөвлөгөө гаргаж эмнэлгийн даргад өгдөг. Эмнэлгийн дарга, салбар зөвлөл хуралдаад улсын төсөвт суулгаж өгдөг юм. Сүүлийн жилүүдэд “Сетунари” компанийг илтэд дэмжээд байгаа нь ажиглагдах болсон. Тэгэхээр нь албаар “Сетунари” компаниас авах ёстой урвалжаа багасгаад бусад компаниас авдаг урвалжаа нэмээд өгсөн. Гэхдээ оношлогооны үйл ажиллагаанд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй байхаар тооцоо гаргасан юм. Тэгсэн эмнэлгийн дарга намайг дуудаж өрөөндөө оруулаад “Ажлаас хална. Яахаараа “Сетунари” компанийг дур мэдэн хасч байгаа юм” гээд дарамталж загнасан. Эмнэлгийн даргадаа “Сетунари” компанийн урвалж маш өндөр үнэтэй байна гэдгийг хэлэхээр “Үнэ төлбөр чамд хамаагүй. Зүгээр л ажлаа хий” гэж хэлсэн. Жил бүр эмнэлгийн дарга нар өөр урвалж нийлүүлж байгаа компанийн төсвийг хасдаг мөртлөө “Сетунари” компанийнхийг огт хасдаггүй. Ингэж л нэг компанийг илтэд дэмжиж байна. Надтай адилхан улсын эмнэлгийн лабораторийн эрхлэгч нар бүгд миний ярьсан зовлонг ярьж байна. Үнэтэй аппарат нийлүүлсэн. Тэрэнд нь зөвхөн тэр компанийн урвалж таардаг. Албан ёсны борлуулагч компани амандаа орсон үнээрээ улсын эмнэлгүүдэд урвалж шахаад байдаг хууль бус үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй байна.

-Шинэ оношлогооны аппарат амархан эвдэрдэг гэсэн үнэн үү?

-Шив шинэ аппарат гэж анх хэлж байсан. Гадна талаас нь хэн ч харсан шинэ аппарат мэт харагдана. Харин дотор талдаа хуучин тоног төхөөрөмжтэй юм шиг байгаа юм. Хэдхэн хүнээс шинжилгээ аваад л эвдэрчихнэ. Урсгал засварын мөнгө гээд л хэдэн сая төгрөг гардаг. Энэ талаар эмнэлгийн даргадаа хэлэхээр ямар нэгэн зүйл огт хэлэхгүй, чимээгүй суугаад байдаг. Тэгсэн мөртлөө засварын мөнгийг нь гаргаж өгөөд байдаг. Өөр компанийн аппарат эвдэрч ямар нэгэн асуудал гарахаар хэл ам хийж,“Энэ аппаратаа эргүүлээд ав” гээд бөөн сүр дуулиан болоод байдаг юм. Германы “Roshe” компанийн албан ёсны гэрээт борлуулагч “Сетунари” компанийн мууг үзэх гээд ингэж ярьж байгаа юм биш. Монголын эрүүл мэндийн салбарт нүүрлээд байгаа хууль бус үйлдлийг баримттайгаар олон нийтэд дэлгэж байгаа юм. Ашиглагдахгүй хэт өндөр үнэтэй урвалж хэрэглэдэг аппарат нийлүүлчихсэн. Гурав, дөрвөн жил аймгийн эмнэлэг огт ашиглахгүй хадгалж байгаа олон аппарат байна. Нэг компанид хэт их давуу эрх олгож байна шүү дээ. Үүний цаана мэдээж авлига хээл хахуулийн асуудал байгаа нь нууц биш. Зөвхөн гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн улсын төсвийн хөрөнгөөр 200-300 сая төгрөгийн үнэтэй 2-5 төрлийн бүрэн автомат лабораторийн аналазоиторуудыг нийлүүлэн найман жилийн турш жилдээ 5-8 тэрбум төгрөгийн урвалж, оношлууруудыг нийлүүлж байна шүү дээ гэв.

“Сетунари” компани эрүүл мэндийн салбараас шинэ оношлогооны аппарат, урвалж нийлүүлж мөнгө идэхээс гадна 2015 онд “Бона Вита” нэртэй оношлогооны төв байгуулж, бүх шатны эмнэлэгт сорьц, авах цэгүүдийг байгуулсан байна. Эмнэлгүүдэд урвалж нийлүүлдэг компани өөрсдөө оношлогооны төв байгуулаад өрсөлдөж эхэлсэн гэсэн үг. Ингээд зогсохгүй башир арга хэрэглэж Халдварт өвчин судлалын үндэсний төвд нийлүүлэх ёстой урвалжийг хоёр сараар тасалдуулж, өөрийнхөө оношлогооны төв дээр тэр шинжилгээг нь яг тэр урвалжийг ашиглан авч байсан гэнэ. Нэг эзэнтэй хоёр компани ингэж л Монголын эрүүл мэндийн салбараас хэдэн тэрбум төгрөг хууль бусаар халаасалж байна. Бид дараагийн дугаарт Эрүүл мэндийн яамны ямар эрх мэдэлтэн албан тушаалтан төдийгүй аль эмнэлгийн дарга нар “Сетунари”, “Бона Вита” гэх хоёр компанийн өмнө хэрхэн бөхөлздөг, ямар шалтгаанаар дэмждэг талаар хүргэх болно.

ЭРЭН СУРВАЛЖЛАХ, ТОЙМЧДЫН АЛБА

Categories
мэдээ цаг-үе

Э.Цолмонбаяр: “Яг түүн шиг” шоуг хөтлөхөө больдог ч юм уу гэж бодсон

“Өдрийн сонин”ы 2017.06.05-ны Даваа гаригийн №124,125(5691,5692) дугаараас авч нийтлэв

“TV Cocktail” хамтлагийн жүжигчин, “Яг түүн шиг” шоуны хөтлөгч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Э.Цолмонбаяртай ярилцлаа.


-Та “Яг түүн шиг” шоуны хөтлөгчийн үүрэг гүйцэтгэж байгаа шүү дээ. Ер нь анх хөтлөгч болох саналыг хэрхэн хүлээж авч байв?

-Хамгийн анх “Боловсрол” суваг телевизээс “Дэлхийн олон оронд амжилттай хийгдсэн нэгэн шоуг бид Монголдоо хийх гэж байгаа. Энэхүү шоуг чамаар хөтлүүлмээр байна” гэсэн санал тавьсан юм. Нэр хүндтэй том шоу учраас бас жаахан эргэлзэж “Би чадах юм болов уу даа” гэхэд “Чи л хөтөл. Чамаас өөр сонголт байхгүй” гэсэн л дээ. Ингээд би гадны хэд, хэдэн орнуудад хэрхэн явагдаж байсныг нь сонирхож бичлэгүүдийг нь үзсэн. Их гоё ч шоу байсан. Ямартай ч болмоор санагдаад, үзээд алдъя л гэж бодсон. Надад бол их л тохироод байгаа шиг санагддаг. Тийм бодолтой хүмүүс ч цөөнгүй байсан.

-Харин таныг хөтөлж чадахгүй байна гэх сэтгэгдлүүд цахим ертөнцөд багагүй байсан. Энэ тухайд?

-Яахав цахим ертөнцөөр шүүмжилсэн сэтгэгдлүүд байсан л даа. Аливааг шүүмжлэх дуртай нэг хэсэг хүмүүс байгаад л байх шиг санагддаг юм. Миний хувьд бүр үнэхээр болохгүй гээд байгаа бол больдог ч юм уу гэж бодоод телевизийнхэнд энэ тухай саналаа хэлсэн л дээ. Гэтэл “Хэдхэн сэтгэгдлээс болж болино гэж юу байхав. Болохгүй байгаа бол бид хэлчихнэ шүү дээ” гэсэн хариу өгсөн. Нэгэнт телевизийнхэн ингэж дүгнэж байгаа хойно үргэлжлүүлэхэд болохгүй зүйл байхгүй л гэж бодсон.

Би аль болох тухайн үеийн мэдрэмжээрээ хөтлөхийг хүсдэг. Тэр нь ч надад амар байдаг юм. Харин шоу нэвтрүүлгийн онцлог нь гэнэтийн зүйлс их тохиолддог. Тэрэнд л бэлэн байх ёстой. Жишээ нь оролцогчтойгоо яриа өрнүүлэх гэтэл өөдөөс уйлчихвал би дагаад уйлж болохгүй, өөдөөс нь маазраад байж бүр ч болохгүй, эсвэл дуу явж байх үед хөгжим зогсох юм бол тухайн үеийг ямар нэгэн аргаар л аргалах шаардлага гарна. Гэх мэтчилэн гэнэтийн зүйлст бэлэн байх л хэрэгтэй байдаг даа. Ер нь бол хөтлөгч хүн хэрэгтэй зүйлээ л ярих хэрэгтэй. Хэрэггүй олон юм нуршаад байх шаардлагагүй гэж боддог.

-“Яг түүн шиг” шоуны оролцогчдын тухайд та ямар бодолтой байгаа вэ?

-Хүн, хүний онцлогууд их харагдаж байна. Манай А.Хишигдалай сайн дуучин хэрнээ, хувирч чаддаггүй ч гэх юм уу. Т.Бархүү, С.Гантогоо, Г.Мэнд-Амар гэх зэрэг залуучууд бүр тасарчихаад байгаа. Тиймээс бусад оролцогчид сул байгаа мэт харагдаад байж магадгүй л дээ. Үнэндээ бүгд мундаг байна л гэж би бодож байна. Ер нь бол өмнөх жилийн оролцогчид маань анхдагчид байсан. Үзэгчид бүх зүйлийг нь цоо шинээр хүлээн авч байсан шүү дээ. Харин энэ жилийн оролцогчид өмнөх жилийнхтэй харьцуулахад тун их үүрэг хариуцлага хүлээж байгаа юм. Ямартай ч үзэгчдийн хандалт маш их байгааг харахад шоу маань маш амжилттай үргэлжилж байна гэж ойлгож байгаа.

Ер нь энэхүү шоу нь Монголд маш сайн хийгдэж байгаа. Өмнө нь Азийн хэд, хэдэн орнуудад хийгдсэн боловч хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй юм билээ. Тиймдээ тухайн компани монголчуудад эрхийг нь олгохдоо багахан айдастай байж л дээ. Гэтэл төсөөлж байснаас нь ч илүү мундаг байж, сайн үнэлгээ авсан. Миний хувьд энэхүү шоуг хөтөлж байгаадаа баяртай байгаа. Миний болоод оролцогчдын амьдралд хамгийн сайхан дурсамж, дурдатгал болж үлдэнэ гэдэгт хэн ч маргахгүй байх.

-“ТV Cocktail” хамтлаг хамгийн сүүлд “Гэрлэн дохио” олон ангит уран сайхны кино хийсэн. Одоогоор шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа юу?

-Бид “Гэрлэн дохио” гэх дөчин ангит урт бүтээлийнхээ ард гарсан. Энэхүү олон ангит кино сериалуудтай адил үйл явдал нь үргэлжлээд явах биш дараагийн ангид дүрүүд нь шинэ үйл явдалтайгаар л өгүүлэгдэж байдгаараа онцлог. “Шоудалт”, “Шарталт”, “Болзоо” гэх мэт тухайн анги бүртээ өөр адал явдал болж байдаг гэсэн үг л дээ. Харин энэхүү киноны утга санаа нь амьдралыг гэрлэн дохиогоор зүйрлэсэн гэж болно. Ганц бие биш хэдий ч яг ч гэр бүл зохиочихоогүй, ер нь яг яах нь шийдэгдээгүй байгаа хэн нэгний амьдралыг шар гэрлээр, харин хэнд ч дурлаж, болзож болох эрх чөлөөтэй амьдралыг ногоон өнгөөр илэрхийлсэн бол элдэв хөдөлгөөн хийлгүйгээр зөвхөн үр хүүхэд, хань ижлийнхээ төлөө л хичээх ёстой амьдралыг улаан гэрлээр төлөөлүүлсэн юм. Нэгэнт л улаан гэрэл ассан бол таны амьдралд шар, ногоон гэрэл байх ёсгүй гэдгийг л хэлэх гэсэн санаа л даа. Энэ ч утгаараа хүмүүст их таалагдсан. Сайн бүтээл болсон гэж бодож байгаа. Харин одоогоор бид нэгэн шинэ уран бүтээлийнхээ зохиол дээр ажиллаж байна. Ирэх намраас үзэгчдэдээ хүргэнэ гэсэн бодолтой байгаа.

-Ингэхэд “TV Cocktail” хамтлаг хэрхэн байгуулагдаж байсан юм бэ?

– Бид нэг ангийн оюутнууд л даа. Манай хамтлагийнхан “Шинэ үе” продакшнд байсан юм. Тухайн үед А.Өнөржаргал, Н.Цэнд-Аюуш хоёртойгоо хамт телевизийн нэвтрүүлэг хийдэг байлаа. Харин удалгүй Д.Энхбаяртайгаа нийлээд дөрвүүлээ “TV Cocktail” хамтлагаа байгуулсан.

Э.Цолмонбаяр зурган илэрцүүдБид эхлээд дээр үеийнх шиг үзээд, уйдамгүй байнга зурагтаар гардаг кино хийе гэж зориод л “Guys”, “A Capella” хамтлагийнхантайгаа нийлээд “Сайн уу амьдрал минь” киног хийсэн. Хонхны баяр дөхөхөөр л “Сайн уу амьдрал минь” кино маань гарч л байдаг. Мөн дараа нь яг хамтлагаараа сайхан инээдмийн кино хийцгээе гээд л мөрөөдсөн, зүтгэсэн. “Намрын синдром” уран сайхны кино маань намар болохоор л гарч байна. Үүнээс харахад хүн өөрийгөө гололгүй зорилгоо хол тавих юм бол түүндээ хүрэхгүй ч тун дөхүүлсэн байдаг гэдгийн үлгэрээр багагүй амжилт дагуулдаг шиг санагддаг. Эдгээр киноныхоо араас бид “Мөнгөний гахай, “Омарын эрэлд”, “Босуул” гэх мэт уран бүтээлүүдийг хийлээ. Харин бидний цаашдын том зорилго, мөрөөдөл гэвэл монгол киногоо гадагшаа гаргачих юмсан л гэсэн хүсэл байдаг юм. Зөвхөн бид ч гэлтгүй кино урлагт зүтгэж байгаа хүн бүхний л мөрөөдөл байх л даа.

Ямартай ч зорилгынхоо төлөө найзуудтайгаа хамт яваадаа үргэлж баяртай байдаг. Өдөр ирэх тусам туршлагажиж, зогсолтгүй л хөдөлмөрлөсөөр байна даа. Төдийгөөс өдий хүртэл тарж, бутраагүй зорилгынхоо төлөө үнэнч яваа найзуудаараа үргэлж бахархаж явдаг юм.

-Таныг хүүхэд байхдаа кинонд тоглож байсан гэж сонссон. Кинонд тоглох болсон тухайгаа сонирхуулаач?

-Яахав хүний амьдрал гэдэг их сонин л доо. Би гуравдугаар ангид орох жилээ “Би эндээс явахгүй” гэх киноны гол дүрд нь тоглосон юм. Тоглох болсон тухайд гэвэл МҮОНТВ-д ажилладаг манай ээжийн нэг найз ирээд кинонд тоглох хүүхэд хайж байна гээд л намайг аваад явсан. Очиход маш олон хүүхэд байсан хэдий ч тэнцсэн л дээ. Харин тэнцсэн шалтгаан нь их сонин. Кино пробонд орж байгаа хүүхдүүдийг нэг, нэгээр нь бөөн гэрэл болсон өрөөнд оруулсан юм. Харин тэр гэрэл дунд нэг их харсан хүн сууж байдаг юм байна. Юу билээ гэж бодож зогстол өнөөх хүн чинь их л танил хоолойгоор “Миний хүү аавдаа ир” гэх нь дуулдав. Би аавгүй өссөн л дөө. Тийм болоод ч тэрүү “Аав аа” гээд л уйлаад л гүйгээд очсон. Харин миний ааваа гэж андуурч очсон хүн Ш.Гүрбазар гуай байж билээ. Телевизээр харсаар байгаад л тийм танил болчихсон хэрэг. Ингэж л кинонд тоглох болсон юм даа. Энэ киноны дуу болох “Сэтгэлийн үг” дууг У.Далантай, С.Эрдэнэцэцэг хоёр дуулж хүмүүст ч маш их хүрсэн юмдаг.

Би арван жилээ 35 дугаар сургуулийг төгссөн л дөө. Намайг кино зураг авалтад явахад сургуулийнхан “Манай Э.Цолмонбаяр киноны гол дүрд тоглохоор явж байна” гээд л сүр дуулиантай гаргаж өглөө. Хөөрхий ээж минь бөөн хөөр болоод шинэ хувцас авч өгөөд л явуулж билээ. Гэтэл мань хүн кино зураг авалтдаа очоод уйлах хэсэгт нь яаж ч хичээсэн уйлж чаддаггүй дээ. Харин Ганбаатар найруулагч тэргүүтэй хүмүүс хоорондоо ярьж байна. “Одоо энэ хүүхдийг буцаая, тоглож чадахгүй юм байна. Ээж нь Улсын их дэлгүүрийн хажуу талд үсчин хийдэг юм. Замын унаанд суулгаад ээж рүү нь явуул. Бас сургуулийнхан нь мэдээд шоолно биз” гэдэг юм байна. Мэдээж тэр мундаг хүмүүс намайг уйлуулах гэж л тийм арга зохиосон байгаа юм. Би ч одоо яана даа “Ээжийгээ гомдоох нь дээ. Сургуулийнхан намайг шоолох байх даа” гэж бодоод л сууж байлаа. Гэтэл найруулагч “За нааш ир. Одоо нэг үзье. Хэрэв чадахгүй бол буцаана шүү” л гэж байна. Би ч давж чадахгүй байсан даваагаа давлаа. Уйлсан ч гэж жигтэйхэн. Бүр зураг авалт дууссан хойно ч зогсч чадахгүй уйлж билээ.

-Чөлөөт бөхөөр бас хичээллэдэг байсан гэж сонссон юм байна?

-Би тавдугаар ангиасаа эхлээд чөлөөт бөхийн секцэнд явж эхэлсэн юм. Учир нь ээжийн минь дүү самбо, жүдо бөхөөр барилддаг Ганболд гэж сайн тамирчин байлаа. Харин миний хувьд ахынхаа хүрээгүй амжилтыг гаргах гэсэн том мөрөөдөлтэй. Гэтэл хичээллээд байгаа хэрнээ нэг ч медаль авдаггүй дээ. Ингэж явсаар есдүгээр ангид ч орлоо. Тэр жил улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлнэ гээд л бэлтгэлээ маш сайн хийгээд л байсан. Харин ээж минь урлагийн хүн болгох сонирхолтой болохоор бөхийн спортоо орхи гэж их зөвлөнө. Ингээд ээжтэйгээ тохиролцсон л доо. Яаж вэ гэхээр хэрэв би тэрхүү улсын аваргын тэмцээнээс медальтай ирвэл бөхөө сонгоно, чадахгүй бол урлагийн хүн болохоор шийдэх нь тэр. Харин тэмцээндээ оролцоод муу барилдсандаа ч биш азгүй тохиолдлоор тэмцээнээ орхих болсон юм. Ээж минь медальгүй ирсэн хүүгээ хараад жигтэйхэн их баярлаж билээ. Ингээд л СУИС-д орж, урлагийн хүн болсон доо. Гэхдээ ээжийн минь зөн, совин буруу байгаагүй. Ээжийнхээ үгнээс зөрөөгүй дээ маш их баярлаж явдаг. Басхүү ээжийнхээ мөрөөдлийг нь урлагийнхаа буянаар бурхан болохоос нь өмнө багахан ч гэсэн биелүүлсэн болов уу гэж бодож, найдаж явдаг юм.

-Та аль нутгийнх вэ?

-Уг гарал минь Архангай нутаг л даа. Гэхдээ миний бага нас долоон буудалд эмээ, өвөө, ээж, хоёр охин дүүгийнхээ хамт өнгөрсөн юм. Дүү нар минь одоо том болцгоосон. Сайхан хань ижлүүдтэй учирч гэргий гэх мэргэжлийг эзэмшсэн. Олон сайхан үр хүүхэдтэй болцгоож энэ салбартаа тун чиг амжилттай яваа шүү.(инээв)

-Та гэр бүлээ танилцуулаач?

-Миний ханийг Т.Өлзийсайхан гэдэг. Надад өлзий, дэмбэрэлтэй амьдрал бэлэглэхээр ирсэн сайхан бүсгүй бий. Ханьтайгаа оюутан ахуй цагтаа анх танилцаж, бие биеээ мэддэг болсон. Харин танилцсныхаа дараахан манай хүн гадаадад суралцахаар явсан учир холбоо тасарсан л даа. Хачирхалтай нь олон жилийн дараа таарсан ч бид хоёр ганц, ганцаараа л явж байсан шүү. Учрах хүмүүсийн зам, ямар нэгэн байдлаар л нийлдэг байх гэж боддог юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Монголчуудын эх оронч гэдэг нь худлаа хийрхэл юм биш үү”хэмээн “Өдрийн сонин”-д өгүүлжээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа.

Уламжлалт “Танайд өнжье” буланд Германы өрхийн эмч Катрин Зорртой өнгөрүүлсэн өдрийн тухай тэмдэглэл нийтлэгджээ. Бүсгүй Германы Баден-Вурттемберг мужийн Нойштат хэмээх хотод өрхийн эмчээр ажилладаг. Германд өрхийн эмчээ үйлчлүүлэгч өөрөө сонгодог онцлогтой. Та Берлин хотод амьдардаг байсан ч өрхийн эмч тань өөр хотод байж болох гэнэ. Өрхийн эмч үзлэгийн хуваарьтай. Заавал урьдчилж цаг авч үзүүлдэг юм байна. Хүнд өвчтөнийг бол өрхийн эмч өөрөө очиж үздэг гэнэ шүү. Германы өрхийн эмнэлэгийн сонин хачинг та “Өдрийн сонин”-оос олж уншаарай.

Улсын Дээд шүүх саяхан “Үнэн ба зөв” намыг бүртгэсэн. Тус намын дарга А.Отгонбаатар “Монголчууд нэг хэсэг лам дагаж баларсан бол одоо нам дагаж баларч байна” хэмээн ярьжээ.

60 тэрбум төгрөгийн албан тушаалын авилгын талаар ярилцаж байгаа бичлэгийг хийсэн Г.Доржзодов гэж хэн болох тухай тэргүүн нүүрт нийтэлжээ.

“Ягаан гудамжиндаа яасан ч их анхаарах юм бэ дээ” нийтлэлийг II нүүрээс уншаарай. Дэлхийн томоохон хотууд шөнийн буюу Ягааны гудамжтай байдаг.

Шөнийн гудамжны тухай мэдээлэл бэлтгэсэн хэвлэлийн ажилтан хэл халтираад “анхны шөнийн гудамж” нэртэй болчихсон энэ гудамжны талаар “Шөнийн гудамжны ямар ч үйлчилгээг олон нийтэд сурталчлах шаардлагагүй” хэмээн энд бичжээ.

“Монголчуудын эх оронч гэдэг нь худлаа хийрхэл юм биш үү” хэмээн “Баримт, үзэл бодол” нүүрт өгүүлжээ.

Захиралдаа зодуулаад амиа егүүтгэсэн гэгдэх 22 настай бүсгүйн тухай “Баримт, үйл явдал” нүүрээс уншаарай.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэгдэх этгээдүүдийн гомдлыг Дээд шүүх хэлэлцэхээр болсон тухай энэ нүүрт мэдээлжээ.

“Дэлхийн мэдээ” нүүрт Катарыг тойрсон хямралын тухай онцолжээ.

“Уран бүтээлч” нүүрт “Салхи Дамбий”, “Ноён Солиот” зэрэг тайз дэлгэцийн дүрээрээ үзэгч түмэндээ танигдсан жүжигчин Д.Бямбацогттой хийсэн ярилцлагыг хүлээн авна уу. Тэрбээр “Зүрхэнд шивнэсэн үг” киноны мухар Базарын дүрдээ хайртай ч мөн чанарт нь дургүй хэмээн ярьжээ.

“Спорт” нүүрт Хойд Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн лигийн улирал дуусах гэж байгаатай холбогдуулан Леброн Жэймстэй хийсэн ярилцлагыг нийтэлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ соёл-урлаг

Ж.Наранцацралт агсны мэндэлсэн өдөр “Мял богдын намтар” Дундговийн үзэгчдэд хүрлээ

“Мял Богдын намтар” жүжгийг Дундговь аймгийн Мандалговь хотынхон аймгийн театрынхаа тайзнаас шимтэн үзэв.

Мял Богдын намтрыг сонсоход нэг насны нүгэл ариусдаг гэдэг. Энэ намтрын эзэн Богд Миларайв 1052- 1135 онд амьдарч асан бодит хүн бөгөөд Түвдэд аж төрж байсан бясалгагч, гоц чадвартан, хүн төрөлхтний оюуны гэгээрлийн үлгэр болсон билэг төгөлдөр егүзэр хэмээн түүхэнд үлдсэн байдаг.

“Мял Богдын намтар” зохиолыг МУСГЗ Ц. Хулан цомнол болгон бичиж, Монгол Улсын Хүүхэлдэйн театрын найруулагч СТА М. Ариунтуяа найруулан, хөгжмийг , Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд туурвиж, бүжгийг СТА Д. Энхгэрэл дэглэн, Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид тайзнаа амилуулснаар “Мял Богдын намтар” жүжиг үзэгчдийн хүртээл болсон билээ. Уг жүжиг “Гэгээн муза” наадмын удаа дараагийн шагналыг хүртэж байсан юм.

Энэ жүжгийг “Наранцацралт” сангийн тэргүүн Н.Соёмбын урилгаар Монгол Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид Дундговь аймгийн театрын тайзнаас ийнхүү үзэгчдэд хүргэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж. Наранцацралт агсны 60 насны ой тохиож буй ажээ. Жил бүрийн зургадугаар сарын 10-ны өдрийг түүний гэр бүл нутгийн зон олны хамтаар хүндэтгэн өнгөрүүлдэг бөгөөд ингэхдээ төрөлх нутгийн нь ирээдүй хойч болсон хүүхэд залууст оюуны өглөг түгээж буян үйлддэг. Энэ удаад “Мял Богдын намтар” жүжгийг аймгийн театрт урьж тоглуулсан нь энэ юм.

Categories
мэдээ нийгэм

Сонгогчийн шилжилт хөдөлгөөн маргааш зогсно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын 26-нд болно. Сонгууль болох өдрөөс 14 хоногийн өмнө сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох хуулийн заалттай. Энэ дагуу сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг маргааш /2017.06.12/-наас эхлэн түр зогсоож байна. Гэхдээ зургадугаар сарын 12-ноос өмнө оршин суудаг харьяаллаас өөр хэсэгт санал өгөх хүсэлтээ гаргасан бол шилжүүлэх боломжтой юм.

Өнгөрсөн жил болсон УИХ-ын сонгуулиар “царцааны нүүдэл” буюу сонгогчийн шилжилт хөдөлгөөн их байсан.

Сонгогчийн шилжилт хөдөлгөөн, засаг захиргааны шилжилт хөдөлгөөн хоёр тусдаа ойлголт юм. Сонгогчийн шилжилт хөдөлгөөн нь өөр хэсэгт очиж санал өгөхийг хэлдэг бол засаг захиргааны шилжилт хөдөлгөөн нь оршин суух хаягаа шилжүүлэх тухай юм.