Categories
мэдээ утга-зоxиол

Д.Батжаргал: Сүүлийн үед номонд өөрөө оролцдог хэлбэр гарч ирж байна

МУИСийн багш, хэлбичгийн ухааны доктор, хүүхдийн зохиолч Д.Батжаргалтай ярилцлаа. Тэрбээр МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, шилдэг бүтээлийн Алтан өд”ийн эзэн юм.


Та анх яагаад хүүхдийн зохиолч болъё гэж бодсон бэ, тэр түүхээсээ хуваалцаач?

-Анхны шүлэг маань 1981 оны дөрөвдүгээр сарын 9-нд Хөвсгөл аймгийн “Эрх чөлөө” сонинд гарсан юм. Тэр нь “Би-Алтрагийн хүү” нэртэй. Алтраг гэдэг нь Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд байдаг миний ундаалж, тоглож өссөн гол юм. Дараа нь сансарт хүн нисээд сансрын тухай шүлэг бичих гэж оролдсон. Тэгэхэд биоюутан байсан. “Намайг сансарт нисвэл” гэж шүлэг бичсэн чинь дугуйлангийн нөхөд хөөргөж, яруу найрагч Даваасүрэнгийн Чинзориг дуу алдан босч ирж, урам зориг өгч байлаа. Энэ үеэс л хүүхдийн зохиол бичих болсон.

Тавдугаар сургуульд дадлагын багш хийж байхдаа хичээл заахынхаа хажуугаар хүүхдүүдэд шүлэг уншиж өгдөг байжээ. Дадлага дуусаагүй байхад тэр шүлэг маань хэвлэгдээд “Пионерийн үнэн” сонин дээр гарч, олон хүний анхаарлыг татахаар нь урамшсан юм. Тэр үед хүмүүс “Чи хүүхдийн зохиол бичих юм байна, хүүхдийн сэтгэлгээг сайн гаргаж байна” гэж хэлэхээр нь эргэлт буцалтгүй шийдсэн дээ. Түүнээс хойш олон шүлэг бичсэн. Гэхдээ өгүүллэг, шүлгээ орхиогүй ээ. Харангын Чулуунбатын аяыг нь хийсэн “Анхны бороо” дууны шүлгийг бичсэн. Нэлээд хэдэн шүлгүүдээ нэгтгэж байгаад 2010 онд шүлгийн ном гаргасан даа. Мөн 2007 онд өгүүллэг, туужийн “Дархад бодол” ном гаргасан маань “Алтан өд” шагнал хүртсэн.

Та багадаа ямар үлгэр домог уншиж өссөн бэ?

-Манай ээжолон үлгэр домог мэддэг хүн байсан. Эрт босно. Тэгээд “Уруудах хүний унтах, мартах, идэх. Өөдлөх хүн санах, сэрэх, сэтгэх” гэж их ярина. Биднийг их эрт босгоно. Сүүлд харж байхад Говийн их ноён хутагт, соён гэгээрүүлэгч Данзанравжаагийн “Бадарч дээшлэхийн үндэс нь санаж, сэрэх, тэмүүлэх. Баларч доройтохын үндэс нь унтах, мартах, тэрслэх гурав” гэж байдаг. Тэр айлтгал, сургаалтай агаар нэг үг байсан юм билээ. Ард түмний язгуур ухааныг хайрлаж, бодож үзмээр юм шиг байгаа юм. Сүүлд багш болоод ээжийн хэлдэг үлгэр, үгийг судлаад шинжлээд үзэхэд ардын аман зохиол дотор тэр болгон байхгүй байна. Тэгэхээр их сэтгэгч Күнзийн хэлсэнчлэн хоёр хүний нэг нь ухаантай гэдэг шиг ард түмний өв соёл гэдэг бол дээдлэн авч үлдээхгүй бол тэр тээгчтэйгээ хамт алга болдог гэж боддог. Жишээлбэл, “Эцсэн улаан ухнатай Эзэр бэзэр өвгөн”, “Наалдан пад салан пад” гэхчлэн үлгэр ярьдаг байсан. “Наалдан пад” гэдэг нь одооны цавууны реклам биш шүү дээ. Харамч хүний гэрт жатгатай бадарчин ирээд сууж байгаа ширдэгтэйгээ наалдан пад гэхээр нөгөө хүн тэгээд суучихдаг, гар нь хавиргандаа наалдан пад, ам нь болж өгөхгүй болохоор амыг нь наалдан пад гэчихээд өөрөө хоол хийж идэж, унтаж амарчихаад гурван гүвээ даваад “Бүх зүйл нь салан пад” гэчихээд явж байсан гэх мэтчилэн их сонинүлгэр ярьдаг байсан. Бас содон сонин үг их хэлнэ. “Ааруулын ам тайлахад хүүхэд горьддог, арцны ам тайлахад гал горьддог” гэсэн үгийг энд тэндээс хайхад олдохгүй байгаа юм.

Ардын аман зохиолоос сэдэвлэн орчин үед таарсан зохиол бичиж болох уу?

-Болно шүү дээ. Тийм зохиолууд зөндөө байдаг. Жишээ нь манай Түмээ ахын “Нисдэг алим” гэж зохиол бий. Энэ бол шидэт хүүрийн үлгэрээс сэдэвлэсэн. Мөн Л.Бадарч гэж хүүхдийн алдартай зохиолчийн “Унага” гэж шүлэглэсэн үлгэр байна. “Уйлаад яах вэ улсын шившиг орилоод яах вэ олны шившиг” гэдэг ардын аман зохиолын хэсгийг “Уйлаад яах вэ, уулын шившиг, орилоод яах вэ, ойн шившиг” болгон бүтээлчээрэ хэрэглэсэн байдаг.

Орчин үед ардын аман зохиолоос санаа авсан зохиолууд яагаад байхгүй байна вэ?

-Байлгүй яахав. Харин хүүхдийн уран зохиолыг түгээх хэлбэр нь байхгүй болчихсон. Хэвлүүлсэн газрынхаа хэдэн хүүхдэд хүрээд дуусч байна. Сүүлийн үед комик зохиол их бичиж байна. Японд жил бүр комик номын уралдаан болдог. Түүнд Н.Эрдэнэбаярын “Бумбардай хүү” комик оролцож, гранпри шагналыг нь авсан. Хөдөөний хүүхдүүдэд зохиол, бүтээл хүрэхгүй байна.

Зохиолчдын номыг олон хувь хэвлээд хямдхан түгээгээд өгье гэсэн газрууд байдаг. Тэдгээр газруудтай хамтарч ажиллаж болдоггүй юм уу?

-Тийм газрууд зохиогчийн эрхийг нь авах гээд байдаг. Эхэн үедээ бид ч хамтарч ажилладаг байсан. Гэхдээ их алдаатай хэвлэдэг. “Гучин таван үсгийн гуншин” гэдэг номоо “Урлах эрдэм” хэвлэлийн газартай гэрээ байгуулаад өгсөн чинь хачин алдаатай гаргасан. Би дараа нь очоод “Энэ алдаатай номоо татаж аваач ээ, хэрвээ татаж авахгүй болтанай хэвлэлийн газрын үүдэнд аваачиж шатаана” гэж хүртэл хэлсэн. Хүүхдийн номыг алдаагүй гаргахгүй болном гэдэг үнэт чанараа алдана.

Монголын хүүхдийн уран зохиолын хөгжил ямар шатандаа явж байна вэ?

-Хүүхдийн уран зохиолд шинэ давалгаа, шинэ хөгжлийн хүлээлт нийгэмд байдаг.

Хүүхдийн уран зохиолд байдаг нэг нандин зүйл нь хөгжөөнт чанар юм. Хүүхдийн зохиолчид “Хөгжөөнт чанар нь алга байна, хөдөлгөөнт чанар нь алга байна” гэж ярилцдаг.

Өнөөдөр хүүхдийн зохиол бичдэг хүмүүс цөөнгүй. Бидний үеийнхэн, ахмад зохиолчид ч байна, залуу үеийнхэнч байна. “Алтан өд” шагнал авсанЛ.Мөнхбат, Э.Амарзаяа, Б.Ганчимэг гээд хэдэн залуу бий. Гэвч үндэсний хэмжээнд мэдэхгүй, зохиолуудыг нь тарааж чадахгүй байна. Хуучин хэдэн зохиолчдоо л мэдэж байна. Саяхан жил бүр болдог “Шидэт номын найзууд” өдөрлөг боллоо. СУИС-ийн оюутнуудаар шинэ шүлэг, өгүүллэгээ уншуулаад, миний нэг өгүүллэг түрүүлсэн. Д.Давааням гуайн өгүүллэг хоёрдугаар байрт орсон. Энэ хүн бол өндөр Гонгорын ач хүү, олон сайхан ном бүтээл гаргасан хүн байдгийг та нар мэднэ биз дээ. Шүлгийн төрөлд М.Амархүү мөн байр эзэлсэн. Номынхоо зургийг өөрөө зурдаг зураач, яруу найрагч хүн шүү дээ. Ер нь хүүхдийн зохиол сайн бичиж байгаа.

Нийгэм хүүхдийн зохиолд шүүмжлэлтэй хандаж байгаа нь зөв. Нийгэм чөлөөтэй болсон болохоор дурын хүн ном гаргаж байна. Зарим нь ардын аман зохиолоос сэдэвлэсэн маягтай, гадаадын зохиолын муухан хуулбар, өөрийн сэтгэлгээ, уран сайхны сайн дүр байхгүй зохиолууд гарч байна. Жишээ нь “Сагсгар сүүлтэй саарал хэрэм өдрөөс өндөрт үсрэн дүүлнэ” гэж бичээд гоё зураг тавиад гаргачихаж байна. Энэ бүхнийг нь шүүмжлэхээр зарим нь бүр ухаан алдаж, унах дөхөж, уурлаж уйлж, сүйд болж байна. Шүүмжлэл сонсохгүй зохиолч болно гэж юу байхав дээ. Иймэрхүү байдлаар дотроо хөдөлгөөн явагдаж байна. Хөдөлж байна гэдэг нь хөгжихийн эх сурвалж мөн биз дээ.

Чөлөөт нийгэмд шилжсэнээр янз бүрийн орчуулгын ном их гарсан. Тэдний хэл найруулга тааруу, зарим нь авах юм байхгүй. Орчуулгад ямар нандин хандаж байсан ганцхан жишээ бол “Алтан загасны үлгэр” байна. Эх зохиол дээр тийм гоё эхлэл байдаггүй. Зүгээр л загас, загасчин хоёр л гардаг.

Өнгөрсөн онд бидний хийсэн нэг том ажил бол “Хүүхдийн уран зохиолын тайлбар толь”-ийг анх удаа гаргасан. Монголын хүүхдийн зохиолын түүх, шүүмж, онолын 200 гаруй нэр томъёог тайлбарласан. Хүүхдийн зохиолчдын намтрыг үндэслэгчид, гол төлөөлөгчид, бүтээгчид гурван янзаар оруулсан. Хүүхдийн уран зохиолын гол төлөөлөгчид гэхэд Ч.Арьяасүрэн, Г.Ловор, Ж.Дашдондог, Д.Содномдорж гээд бүгд бий. Зөгнөлт зохиолч Ж.Галын “Чулуун сарлаг” гэдэг адал явдалт зохиол байна. Л.Түдэвийн “Зураг амилна”, Ж.Дашдондогийн “Чулуун доиог”, С.Надмидын “Сүүдэрхүү” гээд хүүхдийн зохиолын сан хөмрөг арвин баян. Зарим зохиолыг тайлбар тольдоо оруулсан байгаа. Булганы Ц.Чинбатын богино шүлгүүдэд болрын талст шиг сайхан дүрслэлүүд гялалзаж байдаг. Тэр талаар би “Богино шүлгийн дүрслэлт чанар” гэсэн өгүүлэл бичсэн.

Газрын тамган дор

Шүхэртэй хүүхдүүд жагсана

Гар гараасаа барилцан

Дугуйрч тэд зогсоно

Энэ нь борооны дараа хүрээнд ургасан мөөгнүүдийг хүүхэдтэй зүйрлэсэн, тэднийг шүхэртэй хүүхдүүд гэж хөөрхөн сэтгэж бичсэн байгаа юм.

Орчин үеийн хүүхдүүдийн сэтгэлгээ өөрчлөгдөж байна уу?

-Мэдээж орчин үеийн хүүхдүүдийн сэтгэлгээ өөрчлөгдөж байгаа. Гэхдээ хүүхдэд байдаг төрөлхийн нэг сэтгэлгээ бол байгаллаг сэтгэл юм. Өнөөгийн хүүхэд гэдгийг ганцхан орцны хүүхдүүдээр төлөөлүүлж бодож болохгүй. Монгол хүүхдийн онцлог бол суурин улсуудын хүүхдийн онцлогоос өөр шүү дээ. Байгаль дэлхийн нар ус, агаар, цэцэгтэй ойр өсдөг. Сүүлийн үед хүүхэд Монголоосоо холдож байна, ишиг хургаа ялгахгүй байна гэж эцэг эхчүүд их санаа зовдог болжээ. Бид цуглахаараа хүүхдэд хэрэггүй номыг яаж уншуулахгүй байх вэ гэж ярилцдаг. Хүний хэвлүүлж байгаа номыг бид хорьж чадахгүй, хийсэн бүтээлийг нь устгаж болохгүй шүү дээ. Тиймээс ядаж энэ нь чанартай юм гэж стандарт тогтоож өгье. Эсвэл хүүхдийн ном хэвлэлийн газар гэж редакц байх ёстой гэж үзэж байгаа. Тэднийхээр гарсан ном бол тусгай таних тэмдэгтэй, хүүхдийн уран зохиолыг хянах газраар хянагдсан ном байх ёстой юм. Энэхүүхдэд зориулсан номыг баталгаатай болгоно. Нөгөө талаар насны ангиллыг бичиж байх хэрэгтэй. Тухайлбал, дөрвөн настай, таван настай хоёр хүүхдийн сэтгэлгээогт өөр байдаг. Гэтэл 20, 30 настай хүний сэтгэлгээ өөр биш байж болдог. Ийм ийм сэтгэлгээний ялгаануудыг гаргаж өгсөн зохиол маш их хэрэгтэй байна. Хүүхдийг номноос булааж авч байгаа зүйл олон байна. Үүний нэг бол яах аргагүй компьютер байна. Нөгөө хоёр зүйл нь зурагт, ухаалаг утас. Зөвхөн Монголд ч биш энэ бол дэлхий дахины шүдний өвчин болж байна. Гар утас, компьютерийн тоглоомд хүүхдүүд их автаж байна. Хүүхдийн сэтгэлийг татахын тулд нэгдүгээрт гэрт номын сан байх ёстой. Тэгээдном уншуулж, яриулж дараа нь тоглоомыг ньтоглуулна гэж хэлэх хэрэгтэй. Нөгөө талаар өөрсдөө сонгож уншдаг хэлбэр рүү оруулах нь хамгийн чухал. Зурагт, гар утасны тоглоом бол хүүхдэд бэлэн юм өгдөг. Тоглоомондоо өөрсдөө оролцоод байгаа юм. Гэхдээ компьютерийн тоглоомбүтээлч сэтгэлгээ хөгжүүлдэггүй. Тоглоомын нэг үеийг даваад, даалгавар нь хүндэрсээр, сүүлд нь ялахад хүүхэд өөрөө ялсан мэт мэдрэмж төрүүлдэг. Гэтэл ном уншина гэдэг нь хүнд маш том эрх чөлөө олгодог. Нэг сайн номноос олончухал зүйлийг авдаг. Хэл яриа хурц болдог. Логик буюу зөв сэтгэлгээ бий болно. Хүүхдүүд сэтгэлгээний зөв дарааллыг сурах хэрэгтэй байна. Мөн өөрөө найруулах, бичих дадалд сургадаг. Сүүлийн үед номонд өөрөө оролцдог хэлбэр гарч ирж байна. Өөрөө бүтээлцдэг, ядаж санаагаа бичдэг. Хэрвээ чи байсан бол яаж өрнүүлэх бичих вэ, хоёр баатрыг яаж уулзуулах бэ ч гэдэг юм уу нөхөж бичих орхиц хаях. Тиймэрхүү хэлбэрээр хүүхдийг ахиулах хэрэгтэй. Урьд нь бид “Би би би” сонинд ажиллаж байхдаа энэтхэг, япон, америк зэрэг гадны үлгэрийн хэсгээс нийтэлчихээд цааш нь үргэлжлүүлж бичих уралдаан зарладаг байсан. Багагүй шагналтай. Хүүхдүүд сонирхон янз бүрийн хувилбар бичиж ирүүлдэг байсан. Хамгийн гол нь хүүхдийн оролцоо юм. Хүүхэд оролцож байгаа юмандаа их дуртай байдаг. Ийм байдлаар номонд дуртай болгох хэрэгтэй.

Зохиолчид хүүхдүүдтэйгээ ойлголцож чадаж байна уу, хүүхдийнхээ сэтгэлгээг гүйцэж байна уу?

-Энэ их чухал асуулт. Зохиолчид хүүхдүүдийг судалж, эрэлт хэрэгцээг нь мэдрэхчухал. Хүүхдийнхээ сэтгэлгээг зах зээлийн замбараагүй эрэлт хэрэгцээнээс хамгаалах хэрэгтэй. Нийгмийн сүлжээ, сонин хэвлэлүүдээр хүүхдэд зориулсан шар номуудыг шатаахад ч багадна гэх мэтчилэн нийтлэлүүд гарч байдаг. Компьютерт донтсон хүүхэд унтаж байхдаа гараа ханан дээр тогшоод дэмийрээд байна гэж зарим эмч нар ярьж байна. Хүний тархинд үүссэн зүйл нь хүүхдийн сэтгэхүйд хүчтэй илэрч буйн хэлбэр юм. Хүүхдийн нас, сэтгэхүйд нь тохирсон компьютер байвал болно. Гэтэл орчин үеийн компьютерүүд маш их хор ялгаруулж байгаа. Тэгэхээр технологийн ертөнц нь хүүхдийн бодит сэтгэхүйг давамгайлаад байна гэсэн үг юм. Гэхдээ хүн төрөлхтөн ухаалаг юм болохоор үүнийг шийдэх цаг ирнэ.

Тэгэхээр техник, технологийн хөгжил хүүхдийг ном уншуулахгүй байгаа гол дайсан гэж үзэж болох нь ээ?

-Тийм. Бас нэг талаар хүүхдийн үнэхээр сайн ном тэр бүрий гарахгүй байна. МУБИС-ийн Д.Хүү багш хүүхдийн уран зохиолын шүүмж судлалаар ихбичиж байна. Саявтархан “Утга зохиол урлаг” сонинд хүүхдийн зохиолын сүүлийн үеийн байдал шүүмж нь гарсан байна билээ. Шүүмжлэл өрнүүлэх хэрэгтэй нь зайлшгүй. Мөн хүүхдийн зохиолч Л.Самбуугийн хүүхдийн шүлэг дууны тухай шүүмж хэвлэлд олон гарсан. Тухайлбал тэр наадмын хүүхдийн дууны шүлэг нь их муу байна гэхчлэн шүүмжилсэн. Мөн сурах бичигт гарсан шүлгүүдийн талаар Манай МУИС-ийн өвөрмонгол магистрант дипломын ажил хийж саяхан хамгааллаа. Д.Хүү багшийн бичсэн шүүмжидзохиолчдыг нэртэй устай нь бичсэн байгаа. Уран зохиолын шүүмжийг хөгжүүлэх талаар “Жиком пресс” яруу найрагч О.Содномпил нар арав гаруй шүүмж, судлалын ном гаргасан. Одоо бид нийлж байгаад хүүхдийн зохиолын шүүмжийн ном гаргая гэж яриад байгаа.

Зохиол бичихэд сэдэвчухал боловч, хэл найруулга маш сайн байх хэрэгтэй. Хоёрдугаарт нь сонин дүр байх хэрэгтэй. Гуравдугаарт нь дүрслэх ур чадвар сайн байх ёстой. Дүрээ яаж гаргаж ирж байна, яаж үйл явдлаа өрнүүлж байна гэдэг их чухал. Хүүхдийн зохиолын хэл найруулгын талаар МУБИС-ийн багш Д.Отгонсүрэнгийн бичсэн шүүмж, номнууд байна. Зохиол боламьдралын бодит хуулбар биш. Ямар нэг байдлаар арай дээгүүр түвшинд бичигдэх ёстой. Гэхдээ амьдралын үнэн гээч юм ямар нэг хэмжээгээр байх учиртай. Уран зохиолын ер бусын шинж чанарыг илүү товойлгон гаргасныг болзолт дүр гэдэг. Болзолт дүрийн хувьд цаг хугацаа хамаагүй. Өнөөдөр байсан юм зуун жилийн дараа ч бий болж болно. Нөгөө талаар дүр нь яаж ч хувирч болдог. Уран зохиолыг нийгэмд зөвөөр ойлгуулах, хүн төрөлхтөнд зөв авч үлдэх асуудал чухал болж байна. Уран зохиолыг хэрэггүй ч гэж ярьдаг хүн байдаг юм билээ. Уран зохиол тийм их хэрэгтэй ч зүйл биш гэж ярьж яваа багштай хүртэл таарч нүд орой дээрээ гарч байлаа.

Categories
мэдээ нийгэм

Хачигт халдвараар өвчилсөн 946 тохиолдол бүртгэгджээ

Хачгаар дамжих халдварт өвчний хүний өвчлөл өсөх хандлагатай байна. Он гарсаар хачгаар дамжих халдварт өвчний 946 сэжигтэй тохиолдол бүтгэгдэж мөн хэд хэдэн нас барталт бүртгэгджээ.

Хачигт халдвар нь хүнд хачгаар дамжин халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчин. Хачгаар дамжих халдвар нь дамжуулагч хачгийн идэвхитэй үетэй давхцан 4-10 сарын турш бүртгэгддэг. Дамжуулагч хачгийн төрөл зүйлээс хамааран ой мод ихтэй бүс нутагт хачигт энцефалит, хачигт боррелиоз өвчнийг дамжуулагч хачиг, харин риккетсиоз өвчнийг дамжуулагч хачиг ихэнх нутгуудаар тархсан байдаг. Хачгийн эзэн амьтдад нохой, хулгана, зарим мэрэгчид, үхэр, хонь, ямаа, тэмээ, нохой зэрэг орно.

Хачгаар дамжин халдварладаг 30 гаруй халдвар байдгаас манай оронд хачигт энцефалит, хачигт боррелиоз, хачигт риккетсиоз өвчнүүдийг 2005 оноос албан ёсоор бүртгэж эхэлсэн. 2015 оны байдлаар хачгаар дамжих халдварын 74хувийг хачигт риккетсиоз, 18 хувийг хачигт энцефалит, 8 хувийг хачигт боррелиозын өвчлөл тус тус эзэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Гадаадад санал өгсөн иргэдийн саналыг энэ сарын 26-нд тоолно

Гадаадад санал өгсөн иргэдийн санал зурган илэрцүүд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлсэн 7209 иргэн энэ 6 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд өөрсдийн бүртгүүлсэн Дипломат төлөөлөгчийн газруудад тухайн орон нутгийн цагаар 07.00-22.00 цагийн хооронд саналаа өгч байна.

Улаанбаатарын цагаар 6 дугаар сарын 11-ний өдрийн 14 цагийн байдлаар Салбар комиссуудаас авсан мэдээллээр саналаа өгөхөөр бүртгүүлсэн 7209 сонгогчоос 3217 сонгогч буюу 44.6 хувь нь саналаа өгөөд байна. Санал хураах ажиллагаанд бүртгүүлсэн иргэд идэвхитэй оролцож буй бөгөөд хуулийн хугацаандаа амжиж саналаа өгөхийг уриалья.

Цагийн зөрүүний улмаас АНУ-ын Сан Франциско хот дахь Салбар комиссын санал авах ажиллагаа хамгийн сүүлд буюу 6 дугаар сарын 12-ны өдрийн 13 цагт дууссанаар энэ удаагийн хилийн чанад дахь санал авах ажиллагаа дуусах юм.

Facebook, twitter зэрэг мэдээллийн олон нийтийн сүлжээгээр тодорхой нэг нэр дэвшигчийг ийм, тийм улсад ялалт байгуулсан мэт олон нийтэд буруу ойлголт өгөх мэдээлэл гарч байна. Сонгуулийн тухай хуулийн 98 дугаар зүйлд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо гадаадад саналаа өгсөн иргэдийн саналыг тоолох ажиллагааг өөрийн байрандаа 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 22:00 цагт хийж эхлэх юм. Иймд энэхүү мэдээлэл нь хууль зүйн үндэслэлгүй, буруу мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Гадаад улсад суугаа Монгол Улсын иргэдээс сонгуулийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ШХАБ-ын уулзалтад оролцоод эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоод өчигдөр орой эх орондоо хүрэлцэн ирлээ.

Тэрээр уг хуралдаанд оролцон үг хэлэхдээ “ШХАБ үйл ажиллагааны хувьд ч өргөжиж, аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбар зэрэг олон талт хамтын ажиллагааг хамарсан байнгын ажиллагаатай олон улсын байгууллага болж өсч өндийж буйд баяртай байна.

Манай улс ШХАБ-тай терроризм, хар тамхины хууль бус наймаатай тэмцэх чиглэлд хамтран ажиллахыг мөн сонирхож байна. Мансууруулах бодистой тэмцэх ШХАБ-ын стратегийг энэхүү хуралдаанаар хэлэлцэн баталсныг бид сайшаан дэмжиж байна. ШХАБ-ын үйл ажиллагаанд оролцогч улс орнуудын хувьд үйл ажиллагаагаа бэхжүүлж, харилцан уялдаа холбоогоо сайжруулах нь Монгол Улсын хөгжил дэвшилд чухал ач холбогдолтой төдийгүй, дэлхий нийтийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэж онцолсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай хоёр талын уулзалт хийж, “Астана Экспо-2017” үзэсгэлэнгийн албан ёсны нээлтэд оролцлоо.

Энэ удаагийн ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанаар Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсыг ШХАБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсүүлсэн юм.

Өргөтгөсөн хуралдаанд ШХАБ-ын гишүүн ОХУ, БНХАУ, Казахстан, Киргизстан, Тажикстан, Узбекстаны Төрийн тэргүүн нар, шинээр тус байгууллагад элссэн Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди, Пакистаны Ерөнхий сайд М.Шариф нараас гадна ажиглагч орнуудыг төлөөлж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Афганистаны Ерөнхийлөгч М.Гани, Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко, Иран Улсын Гадаад хэргийн дэд сайд И.Рахимпур нар оролцлоо.

Мөн НҮБ, Азийн харилцаа, харилцан итгэлцлийн хэлэлцээ, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Зүүн-Өмнөд Азийн орнуудын улс орнуудын зөвлөл зэрэг олон улсын байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Categories
мэдээ нийгэм

“Цагаан суварга”-ыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авлаа

Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Мандах сумын нутагт байдаг Цагаан суварга уулыг байгалын нөөц газрын ангиллаар орон нутгийн тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргажээ.

Цагаан суваргын зэсийн орд газрыг эзэмшиж буй “МАК”ХХК-тай зөвшилцөж орон нутгийн байгууллагын шийдвэрийг үндэслэж нийт 11 орчим км газар нутгийг лицензээс гаргаж, тусгай хамгаалалтад авсан байна. Цагаан суварга уул нь зэс молибденийн арвин их нөөцтэй бөгөөд суварга шиг цагаан маш содон хайрхан юм.

Түүнчлэн байгалын нөөц газарт байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж болзошгүй барилга байгууламж барих, үйлдвэрлэлийн зориулалтаар газар ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх олборлох, ан амьтан агнах, барих, мод бэлтгэх зэргээр байгалын унаган төрхийг өөрчлөх, усыг бохирдуулах зэрэг үйл ажиллагааг эрхлэхийг хоригложээ.

Categories
энтертаймент-ертөнц

“Чингисийн хүүхдүүд” кино энэ сарын 30-нд нээлтээ хийнэ

Найруулагч Д.Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино нээлтээ хийхэд бэлэн болжээ.

“Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны Монгол дахь албан ёсны нээлт зургадугаар сарын 30-ны өдөр 1100 хүний суудалтай, Монголын хамгийн том 4k форматын ѳргѳн дэлгэцтэй кино театр “Corporate Cinema”-д болохыг уран бүтээлчид нь зарлалаа.

Кино урлагийн салбарт олон улсын хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх зорилготой бүтээсэн уг бүтээл нь морин уралдааны уламжлал, соёл, мөн эрэмгий хурдан морь унах туршлагыг бага наснаасаа хуримтлуулж ирсэн монгол хүүхдүүдийн ур чадварыг харуулсан бүрэн хэмжээний уран сайхны кино юм.

Киноны зураг авалт 2016 оны дөрөвдүгээр сард эхэлж байжээ. Нэг жил хоёр сарын хугацаанд зураг авалт үргэлжилсэн ба нийт 1 тэрбум 200 сая төгрөгийн төсвөөр бүтжээ.

Киноны зураг авалтын дараах үйлдвэрлэлийг /постпродакшн/ АНУ-д гүйцэтгэсэн. Дэлхийн өргөн дэлгэцийн том форматуудын нэг болох 4k форматын кино бөгөөд дуу, дүрсний нэгтгэлийг АНУ-ын EFIILM (efilm.com) компани дөрвөн сарын турш хийж, манай уран бүтээлчидтэй хамтран ажиллажээ.

Түүнчлэн 2017 оны гуравдугаар сарын 23-ны ѳдѳр АНУ-ын Кино ассоциациас АНУ-д гаргах лиценз болох General audeince “Бүх насныхан” ангиллыг албан ёсоор авсан Монголын анхны уран сайхны кино гэдгийг тодотгох нь зүйтэй.

Categories
мэдээ цаг-үе

Зөвхөн эрх барьж байгаа намын хүн сайд болно гэдэг үзэл дэлхийд хоцрогдоод байна

“Өдрийн сонин”ы 2017.06.05-ны Даваа гаригийн №124,125(5691,5692) дугаараас авч нийтлэв

Их хурлын чуулганы өнгөрөгч долоо хоногийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурийг ажлаас нь чөлөөлсөн. Боловсролын салбарт шинэчлэл хийсэнгүй гэх үндэслэл дээр нь 29 дүгээр сургуулийн багш сурагчдын тэмцэл, улсын шалгалтын тест задарсан дуулиан гээд олон л зүйл нэрмээс болох шиг боллоо. Ж.Батсуурийг ажлаас нь чөлөөлөх сургаар Боловсролын сайдын сэнтийд тэр, тэр залрах юм гэнэ хэмээх яриа хөөрөө сонсогдож эхэлсэн.

Эрх баригч Ардын нам эзэнгүй болсон сайдын суудалд намынхаа нөхдөөс тавих нь мэдээж. Ц.Цогзолмаа, Т.Ганди нарын нэр хүчтэй дуулдаж байна. Их хурлын гишүүн Ц.Цогзолмаагийн хувьд өмнө нь Сүхбаатар дүүргийн дарга, мөн намынхаа эмэгтэйчүүдийн байгууллагыг толгойлж байсан нэгэн. Харин Т.Ганди бол Монголын төрд олон жил зүтгэсэн, парламентад удаа дараа сонгогдон төрийн сайдын алба хүртэл хашиж байсан. Намтар түүхээс нь харахад хэн хэн нь сайдаар ажиллах чадвартай хүмүүс байлгүй гэж санагдана.

Т.Ганди нь ч байна уу, Ц.Цогзолмаа нь байна уу, ямар чиг л байсан эрх баригч Ардын намын нөхдөөс сайд болно. Ер нь тэгээд хэн сайд болох нь Монголд үнэндээ сонин биш болсон. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж гарч ирсэн нам мэргэжлийн бус хүмүүсийг сайдын албанд тохоон томилсон. Энэ бол одоогийн эрх баригч Ардын намд байгаа юм биш. Ерөөс Монголын улс төрд сүүлийн 30 шахам жил хууль цааз мэт оршсон буруу бодлого. Энэхүү бичигдээгүй хуулийн дагуу эрх баригч нам Боловсролын сайдын суудалд боловсрол мэдлэг дутуу дулимаг, зөвхөн намынхаа аппаратыг мөнгөөр угжсан “гудамжны” нөхрийг тавьчихад гайхах хэрэггүй. Уул нь төрийн сайдыг томилох, төр барих гэдэг дан ганцхан намын асуудал биш. Энэ бол туурга тусгаар Монгол Улсын асуудал юм.

Улс орныхоо ирээдүй, хөгжлийн суурь бодлогын үүднээс зөвхөн намын асуудал гэж өнгөц харалгүйгээр тухайн салбарын мэргэшсэн, туршлагатай боловсон хүчинг эрх баригч нам өөр дотроосоо хайх биш.

Харин ч бусад улс төрийн хүчнээс хайж, улс орны эрх ашгийн үүднээс шинэ сайдыг томилно гэвэл манай эрхтэн дархтнуудын санаа оноонд даанч багтахгүй л дээ. Ялсан нам л сайдаа томилно, хэнийг сайдаар тавихаа гагцүү намын аппарат мэднэ гэж даналзах нь дамжиггүй. Эрх барьж байгаа намыхан болон бусад намын нөхөд намайг ийм ч гэнэн юм бичих гэж, улс төрийн наад захын мэдлэг байхгүй хүн юм гэж бодох биз ээ. Гэхдээ Монгол төр зөвхөн ялсан намын аппаратад байдаг хэдхэн нөхдийн мэдлийн зүйл мөн үү.

Ардын засаг ялчихсан хориод оны эхээр Богд хаант улсын феодалууд дарга даамал хийдэг л байсан юм билээ. Гучаад оны эхэн үеэс 70, 80 жил Монгол Улс нэг намын дэглэмд байсан. Энхрий хайрт нам, Ленин багшаа магтан дуулаагүй гэдэг ч юм уу, улс төрийн өөр санаа бодол агуулсан нөхдийг буудаж хороосон түүх бол бидний эмгэнэл. Ганц нам ингэж дангаараа ноёлж байсан учир төрийн алба хаших, удирдан зохион байгуулах, мэргэшсэн боловсон хүчний асуудал улс орны хэмжээнд яригддаг байсан. Үндсэндээ өөр нам эвсэл гэж байхгүй болохоор аливаа шинэ боловсон хүчинг улс орон даяар хайж олдог байв. Монгол Улс ерээд оны эхэн хүртэл яаж хөгжиж цэцэглэсэн билээ. Төмөр зам, аж үйлдвэр, газар тариалан гээд Монгол орны бүхий л салбарт мэргэжлийн хүмүүс нь ажиллаж, салбар салбараа удирдаж бүтээн байгуулалтыг цогцлоосон байдаг.

Тухайн үеийн улс төрийн товчооны хэдхэн хүн Монголыг хөгжүүлчихээгүй. Тэд зөвхөн бодлого барьж, монгол төрийн салбар бүрийн мэргэшсэн боловсон хүчнүүдийг гадаадад сургаж, зохих ажилд нь сайдаар томилж, эх орны даалгавар өгч байсан. Монгол орны бүх зүйл төрийн нэгдсэн бодлогод зангилагддаг байсан.

Ерэн хоёр оноос улс орны нэгдсэн бодлого барих байгууллага байхгүй болж төрийн дархлаа нь суларч эхэлсэн. Улс орны нэгдсэн бодлогыг ялсан нам барих онол номтой боловч ингэж чадаж байна уу. Улс орныг авч явах бодлого боловсруулж түүнийгээ хэрэгжүүлээд явсан хэмээн өнөөдрийн өндөрлөгөөс харахад даанч чамлалттай байна.

Ерэн хоёр онд тухайн үеийн Ху намын нөхдөөс ихэнх нь бүрдсэн Д.Бямбасүрэнгийн Засгийн газарт одоогийн Ардчилсан намаас Тэргүүн Шадар сайдаар Да.Ганболд, Шадар сайдаар Д.Дорлигжав нар ажиллаж байсан түүхтэй. Түүнээс хойш Монголын улс төрийн гол хоёр хүчин болох Ардчилсан нам, Ардын нам улс орныг ээлжлэн удирдаж эхэлсэн. Аль нэг нам эвсэл нь ялалт байгуулж засгийн эрхийг барихад уг хоёр намын толгойд, өнгөнд нь явсан цөөн хэдхэн хүн л эрх мэдэл, албан тушаалд хүрч Монгол Улсыг удирдаж байв. Хамгийн эмгэнэлтэй нь энэ хоёр нам засгийн эрхийг авахдаа монголчуудыг намаар нь, улаан цэнхрээр нь хувааж, хооронд нь хагаруулж, талцуулж, алалцуулсан хамгийн том алдаа гаргасан. Өөрийнх нь намын гишүүн биш л бол аливаа яам, тамгын газар, төрийн өмчит үйлдвэрийн ажилчдыг цэвэрлэгчээс даргыг нь хүртэл хуйгаар нь халж, батлан хамгаалах, хууль эрх зүй зүй, эрүүл мэнд, боловсрол гээд улс орны амин чухал салбаруудыг нам дагаж давхисан “алиа салбадай”-нуудаар удирдуулж самарсан.

Өнөөдөр хар л даа. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын гол тулгуур багана болох Батлан хамгаалах яамыг зүгээр нэг бөх удирдаад явж байна шүү дээ. Ардчиллын үеийн засагт ямар хүмүүс сайд байсан гэж санана. Гудманд шүгэл үлээж явсан нөхөд л төрийн сайд хийгээд тоглож байлаа. Тухайн үед манай сонин “Ухаантнууд нь улс төрд орохгүйгээс тэнэгүүдээр удирдуулж шийтгэлээ амсдаг” гэж бичиж л байлаа. Хоёр намын ээлж солиогүй хэдхэн нөхөд сайд, дэд сайдаас аваад төрийн бүхий л албан тушаалын бохир мөнгөний наймаа болгон Монгол жинхэнэ утгаараа олигархижсан улс болж дампуурлаа зарлахдаа тулсан гунигт түүхтэй.

Дэлхийн бүх орнууд манайх шиг юм уу гэж орчин үеийн улс төрийг анзаарахад бас үгүй юм аа. Саяхан Франц улсын Ерөнхийлөгчөөр Эммануэль Макрон хэмээх 39 настай залуу сонгогдсон. Баруун, зүүний чиглэлийг баримталдаг Францын хоёр гол намыг ялж төвийн голч үзэл баримтлалтай залуу төрийн эрхэнд гарсан нь Засгийн газраа хэрхэн байгуулах бол гэх хүлээлт дэлхий нийтийнхний анхаарлын төвд байлаа.

Гэтэл Макрон өөртэй нь Ерөнхийлөгчийн сонгуульд халз өрсөлдсөн хэт барууны үзэлтэй Марин Ле Пений чиглэлийн хүн болох, үндсэндээ барууны үзэл баримтлалыг дэмждэг Эдуард Филиппийг Ерөнхий сайдаараа томилсон нь олны анхаарлыг зүй ёсоор татсан юм. Ингээд зогсохгүй баруун болон зүүн мөн төвийг баримтлагч намуудаас голлох салбарын сайд нараа томилсон байдаг.

Тухайлбал, өмнөх Ерөнхийлөгч Франсуа Олландын үед Батлан хамгаалахын сайд байсан Жан Ив Ле Дрианыг Гадаад хэргийн сайдаар, төвийг баримтлагч Франсуа Байруг Хууль зүйн сайдаар, Сильви Гулардыг Батлан хамгаалахын сайдаар, Брюно Ле Мерийг Сангийн сайдаар, Жерар Колоныг Дотоод хэргийн сайдаар томилсон байна. Байгаль орчны асуудлын хүрээнд телевизийн нийтлэл нэвтрүүлэг бэлтгэдэг, тэр талын мэргэшсэн туршлагатай сэтгүүлч Николас Юлог Байгаль орчны сайдаар томилжээ. Мөн туялзуур жадны олимпийн аварга Лаура Флессельд өөрийн салбарыг сайн мэднэ гэж үзээд Спортын сайдыг албыг хаших үүргийг өгсөн байна. “Шинэ Ерөнхийлөгч засгийн газрын гишүүдээ бүрдүүлэхдээ улс төрийн аль нэг хүчнийг онцлолгүй, баруун, зүүн, төвийн үзэлтэй улстөрчдийг тэнцвэртэй оруулж ирснээрээ Францын улс төрд шинэ уур амьсгал авчирлаа” гэж олон улсын ажиглагч, улс төр судлаачид үзэж байна.

Сүүлийн үед өрнөж буйгаар нь Францын жишээг татахад ийм байна. Дэлхийн томоохон гүрнүүд өөрийн улсаа хөгжүүлэхийн төлөө нам гэж явцууралгүй тухайн салбартаа нэр хүндтэй, туршлагатай, шилдэг боловсон хүчинг олж томилж байна. Мөн сайд нь намын харьяаны хүн байлаа гэхэд тухайн яамны төрийн нарийн бичгийн дарга болон газрын дарга нь жинхэнэ мэргэшсэн төрийн албан хаагч, туршлагатай, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх ёстой гэдгийг хатуу баримталдаг. Францын шинэ Ерөнхийлөгчийн энэхүү томилгоо монголчуудын санаа оноонд буухгүй. Бид энэ бүгдийг “хүүхдийн үлгэр” гэж хүлээж авах хэмжээний тийм л зэрлэг бүдүүлэг, ёс жудаггүй болжээ. Чингис хаан, хөх толботой монгол гэж цээж дэлдэн шүлсээ үсчүүлэхээс өөр гавьяа зүтгэлгүй ард түмэн болж дээ, монголчууд.

Хэзээнээсээ ч жудаггүй, албан тушаал эрх мэдлийн төлөө өширхөн дайтаж, хэмхэлдэн тэмцэж ирсэн улс юм. Ийм өширхөл, хорслыг нь улс төрийн намуудын хагаралдаан улам дэвэргэж, зэрлэг бүдүүлэг, харанхуй болгох нь аймшигтай. Монголчууд цөөхүүлээ. Тийм болохоор боловсон хүчин бүр цөөн. Тэр цөөхөн боловсон хүчнийг нам гээд хоёр юм уу, гурав хуваачихаар юу болох билээ. Улс орон огтоос хөгжихгүй дороо цовхчихоод байгаагийн гол шалтгаан ердөө энэ.

Гадны орнууд зөвхөн Францаар жишээлэхэд ийм л ухаалаг, төрийн эрхэнд очсон хүн нь зөвхөн өөрийгөө биш, намаа биш, улс орныхоо хувь заяаг боддог байна. Монголчууд бидэнд үүнд дутаад байх юм алга. Ухаан зарж, жудаг ёс зааж улс орноо удирдах цаг иржээ. Монголын төрд шинэ хүн гарч ирэлгүй 30 жил боллоо. Огт хэрэггүй гээд сольсон нөхөд дөрвөн жилийн дараахь сонгуулиар нам нь ялаад буцаад дарга сайдаар томилогдож ард түмнээ доромжлон, бах таваа хангана.

Тэд төрд гараад юу ч хийхгүй, хүний урамд ганц ч шинэ сэргэг ажил санаачлахгүй. Зөвхөн идэж уух, ах дүү амраг садан, найз хүүхнүүдээ дэмжихээ л мэднэ.

Монголын төрд өнөөдөр шинэ боловсон хүчин, цус сэлбэлт, шинэ сэтгэлгээ, орчин дутаад байна. Боловсрол мэдлэгтэй , улс төрийн тулхтай, нуруутай хүмүүсийг шилж сонгож, салбар бүрийн яамдыг бодлогоор удирдуулмаар байна. Тийм эрх зүйн орчныг даруйхан бүрдүүлэх хэрэгтэй. Улс төр, нийгэмд улиг болсон хэллэг л дээ. Гэхдээ алийн болгон цүнх баригч нөхдийг төрийн сайдаар өргөмжилж, улс орныхоо хувь заяаг гутаан доромжлох вэ. Юманд хэмжээ гэж бий. Одоо болсон нөхөд минь. Ерэн хоёр оноос хойш төр барьж хоёр намын толгойд байсан нөхдийг бид нэгд нэгэнгүй мэднэ. Толгой дараалан нэрлэж чадна. Ардчилсан нам гарахад тэр нь Ерөнхий сайд, тэр нь Их хурлын дарга, тэр нь Шадар сайд, тэгээд тэр тэр нөхөд Засгийн газрын гишүүдээр сонгогдоно гэдгийг захын хүн хэлнэ. Ардын намыг ч ялгаагүй бүгд нэрлэнэ. Ингэж Монголын төр салхи оролгүй идээ бээрэндээ нэвт идэгдэн ялзарч, өмхөрч гүйцжээ. Улс орны хувь заяа, хөгжил дэвшил, ард түмний сайн сайхан амьдралыг бид эдгээр нэр бүхий нөхдөөс нэхэх үүрэгтэй.

Цөөн хэдхэн хүн төрд гаргаж дураараа дургисны төлөөсийг Монгол Улс үнэндээ дийлэхээ больсон байна. Эрх баригч намын гишүүн бус хүн эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө дарга сайд хийх боломжгүй “хууль цааз”-ын өмнө Ардчилсан нам, Ардын нам хоёр хоёулаа буруутай. Гэвч энэ хоёр намаас өөр улс төрийн хүчин Монголд байх хэрэггүй гэдгийг бид ойлгосон. Гуравдагч хүчин нь эх орон ард түмэн гэх нэртэй популистууд бий болдгийг ойрын бодит жишээ харуулсан.

Тэгэхээр улс орныг удирдаж байгаа хоёр нам улам ухаалаг болж, дэлхий нийтийн жишгийг харж, монгол төрийн толгой дээр намын аппарат нь сандайлаад суучихсан энэ байдлыг таслан зогсоох учиртай. Тэгж байж Монгол Улс хөгжил дэвшлийнхээ шинэ замд гарна.

Categories
мэдээ спорт

Чингэлтэй хайрханы хишиг барилдаанд Ч.Цогбаяр начин түрүүлэв

Чингэлтэй хайрханы хишиг барилдаан бямба гарагт бөхийн өргөөнд болж Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын начин Ч.Цогбаяр түрүүллээ.

Энэ барилдаанд улс, аймгийн алдар цолтой 104 бөх хүчээ сорьсон бөгөөд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэв. Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, аймгийн арслан Э.Тулга, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, аймгийн арслан Б.Даваа-Очир нар шалгарлаа.

Categories
мэдээ нийгэм

Монгол инженерүүд анх удаа ачааны вагон угсарч, тээвэрлэлтэд шилжүүллээ

Зам тээврийн хөгжлийн яам, “Монголын төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, хувийн хэвшил хамтран Монголдоо анх удаа ачааны вагон угсрах ажлыг амжилттай хэрэгжүүлж, Зүүн хараа дахь вагон засварын депод угсарсан таван вагоныг энэ сарын 9-ны өдөр тээвэрлэлтэд шилжүүллээ.

Монгол инженерүүдийн угсарсан ачааны вагон нь урьдчилсан тооцоогоор 72 тонн даацтай, тэвшний эзлэхүүн 88 шоо метр, цагт 120 км хурд авах хүчин чадалтай юм байна. Манайд импортоор орж ирдэг ОХУ, БНХАУ-ын ачааны вагоны насжилт 20-25 жил байдаг бол манайд угсарсан вагон 30-32 жил ашиглана гэдгээрээ чанарын хувьд ялгарч байгаа талаар инженер техникийн ажилчид онцолж байв. Эдийн засгийн хувьд ОХУ болон хамтын нөхөрлөлийн орнуудаас орж ирэх ачааны вагоны үнэ 80-100 мянган ам.доллар, БНХАУ-д үйлдвэрлэсэн ачааны вагон ойролцоогоор 79,5 мянган ам.долларын үнэтэй байдаг байна. Тэгвэл манайд угсарч буй тус вагон нь 120 орчим сая төгрөгөөр босчээ.

Хоёр дахь шатанд вагоны эд ангийг дотооддоо үйлдвэрлэх боломжийг судлах, зарим түхий эдийг хувийн хэвшлийн компаниудаас авах болон Монголдоо зөвхөн угсрах бус үйлдвэрлэх зорилтыг тавин ажиллана хэмээн Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нээлтийн үйл ажиллагааны үеэр хэлж байв. Тэрбээр “Өнөөгийн байдлаар Эрдэнэт үйлдвэрт зарим нэг эд ангийг үйлдвэрлэх, улмаар Улаанбаатар төмөр замд нийлүүлэх бүрэн боломж бий. Мөн манай хувийн хэвшлийнхэн резинэн эдлэлийг дотооддоо үйлдвэрлэж байна. Иймээс ОХУ-аас оруулж ирэх резинэн эдлэлийн импортыг бүрэн зогсоох үүрэг даалгаврыг өглөө. Бид дотооддоо ажлын байрыг бий болгох, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих тал дээр төр бодлогоор дэмжиж ажиллана. Зам тээврийн хөгжлийн яамны хувьд цаашид зөвхөн тээврийн салбарт гэлтгүй импортыг орлох, монгол хүний амьдралд үр өгөөжөө өгөх дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж ажиллана” гэлээ.

Categories
мэдээ спорт

Парисын ДАШТ-д хүч үзэх бөхчүүд тодорлоо

ЗурагИрэх наймдугаар сарын 21-26-нд Парис хотноо болох чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн 2017 оны аварга шалгаруулах тэмцээнд улс орноо төлөөлөн оролцох эрхийн төлөөх барилдаан болов.

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 11-нд “Аса” циркийн гадна зассан талбайд Парис зорих эрх авах халз барилдаан болж манай улсын эрэгтэй, эмэгтэй жин тус бүрийн шилдэг хоёр бөх хүчээ сорьсон юм. Энэхүү сонгон шалгаруулах сорил тэмцээн тухайн жиндээ хэн түрүүлж хоёр ялсан нь ДАШТ-д оролцох эрхтэй болох байв.

Энэ өдрийн үзэгчдийн хүсэн хүлээсэн барилдааны нэг нь дэлхийн хошой аварга С.Батцэцэг, ОУХМ П.Орхон нарын халз барилдаан байв. П.Орхон 2017 оны УАШТ, Mongolian open тэмцээнд дэлхийн шилдэг бөх С.Батцэцэгийг ялсан ялалтаа бататган эхний сорилд цэвэр /10:0/ ялсан. Тэрбээр хоёр дахь халз барилдаанд өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялж Парис хотыг зорих эрхийг авлаа.

Мөн эмэгтэйчүүдийн 53 кг-д дэлхийн хошой медальт Д.Отгонцэцэг, Г.Отгонжаргал нарын халз барилдаан 1:1-ээр тэнцэж гурав дахь барилдаан боллоо. Эхний сорил барилдаанд Д.Отгонцэцэг гавьяат 5:0 ялж хоёр дахь барилдаанд Г.Отгонжаргал өрсөлдөгчөө цэвэр ялж тэнцсэн юм. Гурав дахь барилдаанд Д.Отгонцэцэг гавьяат 6:2 ялж эрхээ авлаа.

Харин 69 кг-д Ш.Түмэнцэцэг-О.Насанбурмаа нарын барилдаан үзэгчдийн анхаарлыг татаж байсан юм. Гавьяат О.Насанбурмаа эхний сорилд 6:3, шийдвэрлэх барилдаанд 4:2 оноогоор хоёр дараалан ялж ес дэх удаагаа ДАШТ-д хүч үзэхээр болов.

Эмэгтэй бөхчүүдийн барилдааны дүнг сонийрхуулахад, Нэгдүгээр тойргийн барилдааны 75 кг-д: Г.Уртнасан (Хилчин) –П.Номин-Эрдэнэ (Алдар) 1:0, 69 кг-д: Ш.Түмэнцэцэг (Хилчин) – О.Насанбурмаа (Хангарьд) 0:1, 63 кг-д: П.Орхон (Алдар) – С.Батцэцэг (Хилчин) 1:0, 60 кг-д: Б.Шоовдор (Хилчин)–З, Болортунгалаг (Хилчин) 1:0, 58 кг-д: Э.Гантуяа (Хилчин) – А.Батцэцэг (Хасу-Мегастарс) 0:1, 55 кг-д: Э.Даваачимэг (Хилчин)-Б.Болортуяа (Женко) 1:0, 53 кг-д: Д.Отгонцэцэг (Хасу-Мегастарс)- Г.Отгонжаргал (Алдар) 1:0, 48 кг-д: Э.Нарангэрэл (Хангарьд) – С.Энхтунгалаг (Арслан) 1:0-ээр тус тус ялав.
Хоёрдугаар тойргийн халз барилдааны 75 кг-д: Г.Уртнасан-П.Номин-Эрдэнэ 2:0, 69 кг-д: О.Насанбурмаа-Ш.Түмэнцэцэг, 63 кг-д: П.Орхон – С.Батцэцэг, 60 кг-д: Б.Шоовдор –З. Болортунгалаг 2:0, 58 кг-д: Э.Гантуяа -А.Батцэцэг 0:2, 55 кг-д: Э.Даваачимэг- Б.Болортуяа, 53 кг-д: Отгонцэцэг- Г.Отгонжаргал 1:1, 48 кг-д: Э.Нарангэрэл–С.Энхтунгалаг 2:0-ээр тус тус ялжээ.

АНУ-ын Нью-Йорк хотын “Таймс Скуэр” талбайд чөлөөт бөхийн халз барилдаан зохион байгуулагддаг уламжлалтай энэ жишгийг МЧБХ эх орондоо анх удаа “Аса” циркийн гадна талбайд туршиж, үзэгчдээс өндөр үнэлгээ авлаа.

Эрэгтэй бөхчүүдийн халз барилдааны нэгдүгээр тойргийн барилдаанд гавьяат Г.Мандахнаран г Аваргууд академийн Г.Идэрхүү ялж үзэгч олны талархалыг хүлээв. Харин хариу барилдаанд Г.Мандахнаран 6:0 өрсөлдөгчөө ялж 1:1 болгож, шийдвэрлэх барилдаанд Г.Мандахнаран гавьяат 4:0 ялж ДАШТ-ий шинэ жинд барилдах эрхээ авлаа.

Ингээд эрчүүдийн нэгдүгээр тойргийн халз барилдааны 120 кг-д: Н.Золбоо (Хүч) – Д.Хүдэрбулга (Сүлд) 1:0, 97 кг-д: Ө.Батзул (Хүч) – Л.Төртогтох (Сүлд) 1:0, 86 кг-д: Пүрэвжавын Өнөрбат (Хасу-Мегастарс) – Оргодолын Үйтүмэн (Алдар) 0:1, 74 кг-д: Д.Гомбодорж (Сүлд) – Б.Бямбадорж (Алдар) 1:0, 70 кг-д: Г.Мандахнаран (Алдар) – Г. Идэрүү (Аваргууд академи) 0:1, 65 кг-д: Н.Лхамгармаа (Алдар) – Б.Батмагнай (Алдар) 1:0, 61 кг-д: Т,Түвшинтулга (Аваргууд академи) – Б.Хаш-Эрдэнэ (Алдар) 1:0, 57 кг-д З.Занабазар (Арслан) –Э.Бэхбаяр (Хангарьд) 1:0-ээр тус тус хожив.

Хоёрдугаар тойргийн барилдааны 120 кг-д: Н.Золбоо – Д.Хүдэрбулга шууд ялалт авч 2:0, 97 кг-д: Ө.Батзул – Л.Төртогтох 2:0, 86 кг-д: О.Үйтүмэн- П.Өнөрбат 2:0, 74 кг-д: Д.Гомбодорж-Б.Бямбадорж 2:0, 70 кг-д: Г.Мандахнаран – Г.Идэрүү 1:1, 65 кг-д: Н.Лхамгармаа – Б.Батмагнай 2:0, 61 кг-д: Т.Түвшинтулга – Б.Хаш-Эрдэнэ 2:0, 57 кг-д: Э.Бэхбаяр-З.Занабазар 2:0 тус тус ялсан байна.