Categories
мэдээ улс-төр

Ч.Ганхуяг: Би ихэд эргэлзсэн учраас асуудал болгож тавьсан

МАН-ын бага хурлын гишүүн, эдийн засагч Ч.Ганхуяг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын оффшор компанийн талаар баримт дэлгэсэн. Түүний энэхүү баримт, мэдээллийг эдийн засагч Х.Батсуурь үгүйсгэсэн. Үүнтэй холбогдуулан МАН-ын бага хурлын гишүүн, эдийн засагч Ч.Ганхуяг, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр нар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнгөрсөн өдрүүдэд нэр дэвшигч Х.Баттулгын баялаг, Монголын уул уурхайн лицензийг оффшор компаниар дамжуулан худалдсан тухай мэдээллийг миний бие хийсэн. Үүнд үндэслэн эдийн засагч Х.Батсуурь мэдээлэл хийсэн байна. Түүний мэдээлэлд хариулт тайлбар хийхийг хүслээ. Эдийн засагч Х.Батсуурь 1.1 тэрбум доллар буюу 2.5 их наяд төгрөгийг Х.Баттулга хуримтлуулсан болохыг хүлээн зөвшөөрч байна. Хүн бүр бизнесийг шударгаар хийж, орлого олж өөрөө өөрийгөө бүтээж болно. Миний асуух зүйл бол энэ баялгийг хуримтлуулахдаа хичнээн хэмжээний татварыг улсдаа төлсөн бэ гэдэг. 2.5 их наяд төгрөг гэхээр үндсэндээ нэг их наяд төгрөгийн татварыг Х.Баттулга төлсөн байх учиртай. Үүнд би ихэд эргэлзсэн учраас асуудал болгож дэлгэн тавьсан” хэмээв.

Ч.Ганхуяг цааш нь хэлэхдээ “Камекс” компанийг 2006 оны наймдугаар сарын 17-нд байгуулсан тухайн хүний регистрийн дугаартай, хаягтай бүртгэл байна. Мөн 2007 оны гуравдугаар сарын 15-нд шилжүүлж авсан бүртгэл байна. Бүртгэсэн хүн нь Сүрэн гэж байна. Энэ компанийг 2016 онд Х.Баттулга гэдэг хүн үүсгэн байгуулсан гэдгийг энэхүү баримт нотлоод байгаа юм. Анх энэ компанийг байгуулаад ард хэмээх Батсүхээр дамжуулаад олон удаа шилжүүлсэн байгаа юм. Батсүх, Ядамсүрэн, Ядамсүрэн Батсүх гээд олон хүний нэр сольж, олныг төөрөгдүүлэх зорилгоор шилжүүлсэн байна. Сүүлд нь Баттулгын Намуун гэх өөрийн хүүхдээр дамжуулаад явсаар Сингапур улсын иргэд рүү шилжүүлсэн байна. Энэ нь баримттай. “Камекс” хэмээх компанийг Хонгконгийн усны барилга байгууламжийн “Ming Hing Waterworks Holdings” компани 2009 оны 12 дугаар сард гэрээ байгуулан 2010 оны дундуур 1.9 тэрбум хонгконг доллараар (тухайн үеийн ханшаар 255 сая ам.доллар) худалдаж авч, нэрээ “Mongolian Investment Group” (Mongolian INT) буюу “Монголын хөрөнгө оруулалтын групп” хэмээн өөрчилсөн байна” гэж ярив.

Харин Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “БНХАУ-ын талтай нууц гэрээ байгуулаад гэрээг байгуулсан хүний дүүгийнх нь Хонконгийн компаниас өөрийнх нь мэдлийн компаниуд руу 2 сая долларын гүйлгээ орж ирсэн. Үүнийг авч ашигласан асуудал ноцтой хардлага төрүүлж байгаа юм. “Камекс” гэж компанийг Х.Баттулга 2006 оноос 90 хувийг нь өмчилж байгаа юм. Энэ нь бүртгэлийн байгууллагын баримт бичгээр ил болсон. 2006-2007 онд Монгол Улсад бүртгэлтэй байж байгаад Хонконгийн бүртгэлд шилжсэн байдаг. Учир нь 2006 онд УИХ авилгын эсрэг хуулийг шинэчлэн батлаад ХОМ гаргадаг болсон. Энэ хууль 2007 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байдаг. Тиймээс энэ хууль хүчин төгөлдөр үйлчлэхээс 3 сарын өмнө Монгол улсад бүртгэлтэй “Камекс” компанийн хувь эзэмшилтэй холбоотой асуудлыг Хонконгд шилжүүлж, өөр улсын иргэн эзэмшигч болсон дүр зураг, 250 сая доллараар зарагдсан асуудал ингэж гарч ирсэн” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Цахилгааны төлбөрийн хөнгөлөлтөд нийслэлийн гэр хорооллын 110 мянга гаруй хэрэглэгч хамрагджээ

Эрчим хүчний салбарын нээлттэй хаалганы өдөрлөгт /2017.06. 12, 13-ны өдрүүдэд/ 30 орчим үйлдвэр, компани оролцож байна. Өдөрлөгийн үеэр цахилгаан халаагуур тоног төхөөрөмж танилцуулж, эрчим хүчний үнэ тариф, эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын үйл ажиллагаа, цахилгаан, дулааны техникийн нөхцөл, эрчим хүчний барилга угсралтын тусгай зөвшөөрөл, эрчим хүчний салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх талаар мэдээлэл өгч, цогц үйлчилгээ үзүүлж байгаа аж.

Нээлттэй хаалганы өдөрлөгийг нээж, Эрчим хүчний сайд П.Ганхүү үг хэллээ. Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын 2016 – 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулаад “Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, импортын эрчим хүчний хэмжээг бууруулах зорилгоор одоо үйл ажиллагаа явуулж буй Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг 35 МВт-аар, Дарханы дулааны цахилгаан станцыг 35 МВт-аар, Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг 50 МВт-аар, Дулааны гуравдугаар цахилгаан станцыг 250 МВт-аар тус тус өргөтгөх шийдвэрийг гаргаад байна. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд Эрдэнэт, Дарханы дулааны цахилгаан станцын өргөтгөлийн ажлыг хийх гүйцэтгэгчийг шалгаруулан гэрээ байгууллаа.

Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зорилтын хүрээнд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт 10 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай нарны станцыг 2017 оны нэгдүгээр сард ашиглалтад орууллаа. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт 50 МВт-ын салхин станцын ажил өрнөж байгаа бөгөөд 2017 онд ашиглалтад оруулахаар зорьж байна. Одоогийн байдлаар угсралтын ажил 60 гаруй хувьтай үргэлжилж байна.

Монгол Улсын Засгийн газраас томоохон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудыг өргөтгөх, шинэчлэх, шинээр барих шийдвэр гаргасны дагуу Оюутолгой-Цагаансуваргын 220 кВ-ын 2 хэлхээт 159.5 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих ажил хийгдэж, барилга угсралтын ажил 90хувьтай байна. Мөн Багануур-Чойрын 220 кВ-ын 178 км ЦДАШ, Багануур дэд станцын өргөтгөл, Улаанбаатар-Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барих төслийн бэлтгэл ажил гээд их бүтээн байгуулалт өрнөсөөр байна.

Агаарын бохирдлыг бууруулж, ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлж, өрхийн зардлыг бууруулах бодлогын хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг 100 хувь хөнгөлөх шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргасан. Хөнгөлөлтөд нийслэлийн гэр хорооллын хоёр тарифт тоолууртай 110 мянга гаруй хэрэглэгч хамрагдсанаар нийт 3,363.7 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүллээ.

Гэрэл цахилгаангүй болон хүчдэлийн уналттай байсан нийслэлийн захын гэр хорооллын нийт 22 байршлын 1562 айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангалаа. Ард иргэдийн зүгээс олон жилийн турш хүсэлт болгон тавьсан энэ ажлыг үргэлжлүүлж, 2017 онд нэмж 6000 айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангахаар төлөвлөн нийтдээ 43 багц тендерийг зарлан ажиллаж байна.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын бүсэд одоо үйл ажиллагаа явуулж буй нийт 123 халаалтын зуухыг буулгаж, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбож эхэллээ. Эхний ээлжинд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй зарим халаалтын зуухыг татан буулгаж, тус уурын зуухнаас халаалтаа авч байсан сургууль, цэцэрлэг, эмнэлгийг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох ажлыг эхлүүлээд байна. Мөн Хөвсгөл нуурын жуулчны баазуудыг төвлөрсөн эрчим хүчээр хангах хүрээнд Хатгал тосгоноос Тойлогт нуур хүртэлх 40 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барих ажил өрнөж байна. Өнөөдрийн байдлаар тус шугамын барилга угсралтын ажил 90 гаруй хувьтай явж байгаа бөгөөд зургадугаар сарын дунд үеэр ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна” гэв.

Нээлттэй хаалганы өдрийн хүрээнд цахилгаан дулаан, эрчим хүчний хангамжтай холбоотой санал, хүсэлтийг хүлээн авч, нэг цэгийн үйлчилгээ үзүүлж байна.Өдөрлөг хоёр өдөр үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно

бага зэргийн бороо орно зурган илэрцүүд

13-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд зүүн аймгуудын нутгаар, 16-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 13,16-нд зарим газраар, 14,15-нд говь тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. 13,16-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр бас маргааш УИХ юу хэлэлцэх вэ?

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

06 дугаар сарын 12-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

06 дугаар сарын 12-ны Даваа гарагт:

  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх ажлын талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, холбогдох албан тушаалтнууд, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцсон Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлэг 11.00 цагаас;
  • Туул голын сав газрын хамгаалалт, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах асуудлыг судалж, Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд.

06 дугаар сарын 13-ны Мягмар гарагт:

  • Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд болно.
Categories
мэдээ нийгэм

“Сохо мебель”-ийн захирал хил даван зугтжээ

Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хороолол хотхоны 22 давхрын салхивчаар 22 настай Ж нь унаж амиа алдсан хэрэг энэ сарын 5-ны орой гарсан билээ. Энэ хэргийн талаар “Өдрийн сонин”-д талийгаачийн эгчийнх нь ярилцлага гарсан.

Талийгаач Ж нь тавилгын их дэлгүүр болох “Сохо мебель” компанийн ерөнхий захирал Жадамба гэж хүний туслахаар ажиллаад удаагүй байжээ. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар “Амиа хорлосон” гэж үзэж байгаа бол ар гэрийнхэн нь “Амиа хорлоогүй, гадны нөлөөтөй амиа алдсан байж болзошгүй. Тиймээс цагдаагийн байгууллагаас үнэнийг зөвөөр олж тогтоож, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхийг хүсэж буйгаа” илэрхийлсэн юм.

Талийгаачийн ар гэрийнхний зүгээс тус компанийн захирал Жадамбыг охины үхэлд буруутгаж байгаа. Харин хэрэг мөрдөн байцаалтын явцад буюу өнгөрөгч амралтын өдөр “Сохо мебель”-ийн захирал Жадамбаа Монгол улсын хил давсан тухай эх сурвалж мэдээлж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

60 тэрбум төгрөгийн талаар бичлэг хийсэн Г.Доржзодов гэж хэн бэ

Өнгөрсөн 2016 оны зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр МаН-ын удирдлагууд төрийн албан тушаалыг үнэлэн 60 тэрбум төгрөг босгох тухай ярилцаж байгаа бичлэг цацагдсан билээ. Тухайн үед энэхүү бичлэгийн талаар Ц.Сандуй “Одоогоос хоёр жилийн өмнө намын стратеги ярих хуралдаан болсон. Тэр үеийн бичлэг алдагдсан байна” хэмээн хэвлэлүүдэд тайлбар өгч байв. Тэгвэл дээрх бичлэг хийсэн гэх залууг Г.Доржзодов гэдэг юм байна. Тэрбээр гэр бүлтэй гэнэ. Төрийн албанаас 60 тэрбум төгрөг босгох талаарх бичлэг хийсэн Г. Доржзодов өөрийн албан ёсны @drop­mires гэсэн цахим хаягаараа дамжуулан “Намайг МаН олон удаа гүтгэж гүжирдсэн, эрүү үүсгэсэн тул би өөрийнхөө яриаг бичив. Гэтэл өөрийгөө тагналаа гээд ТЕГ-аас бас эрүү үүсгэв” хэмээн бичсэн байв.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ нийгэм

Г.Шийлэгдамбын шүүх хурал өнөөдөр болно

Г.Шийлэгдамба нарт холбогдох шүүх хуралдаан өнөөдөр 13:30 цагаас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогджээ. Тэрбээр ажлынхаа өрөөнд байхдаа 500 сая төгрөгийн хахуул авч байхдаа үйлдэл дээрээ АТГ-ын албан хаагчдад баривчлагдсан. Энэ талаараа Г.Шийлэгдамба хорихоос илгээсэн захидалдаа” өрөөндөө хадгалж байсан 50 мянган ам.долларыг намын дарга Н.Энхбаяртаа өгсөн. Хэрэв баривчлагдаагүй бол нэмж 120 мянган ам.долларыг өгөх гэж байсан” хэмээн дурьдсан байдаг.

Г.Шийлэгдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-р буруутгаж шүүнэ.

Г.Шийлэгдамба нь өнгөрсөн оны сүүлээр батлан даалтад гарсан бөгөөд гадуур шалгагдаж байгаа юм. Түүнийг буруутгаад буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-д “Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Categories
мэдээ нийгэм

Гадаад дахь сонгогчдын ирц 60 гаруй хувьтай байна

Гадаад улсад ажиллаж, сурч, амьдарч байгаа монголчууд зургадугаар сарын 10, 11-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцон саналаа өгсөн. Харин газар зүйн байршил, цагийн зөрүүгээс шалтгаалж АНУ-ын Сан-Франциско хотод амьдарч байгаа монголчуудын хувьд саналыг Улаанбаатар хотын цагаар өнөөдөр 13.00 цагт авч дуусна.

Энэ талаар маргааш ГХЯ-наас мэдээлэл хийх аж. Гадаад дахь монголчуудын сонгуульдаа оролцсон байдал урьдчилсан дүнгээр 60 гаруй хувийн ирцтэй байгаа гэнэ.

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулахаар Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг 33 улсад 45 салбар комисс ажилласан бөгөөд 7209 иргэн саналаа өгөхөөр бүртгэгдсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт гарсан галыг цурманд оруулжээ

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд хоёр түймэр асч байна. Харин Сэлэнгэ аймгийн Ерөө сум, нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт гарсан түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа бол Төв, Дорнод аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраан орон нутгийн захиргаанд хүлээлгэн өгсөн.

Тухайлбал, өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тавин багийн “Гэр чулуут” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 62 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагаар /2017.06.08/ аймгийн Онцгой байдлын газрын 22 албан хаагч, орон нутгийн 26 иргэн, нийт 48 хүн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн “Дааган дэл” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагаар /2017.06.11/ аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 23 иргэн, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын долоон ажилтан, нийт 42 хүн, таван техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг “Арцат” уулын орчим /Төв аймгийн Эрдэнэ сумаас хойд зүгт 200 км-т, Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас зүүн урд зүгт 120 км-т, Сэлэнгэ аймгийн Мандал сумаас зүүн зүгт 110 км-т/ ойн түймрийн голомтод /2017.05.17/ ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 12 албан хаагч, Мандал суман дахь Онцгой байдлын хэлтсийн 27 албан хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 21 албан хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын дөрвөн ажилтан, орон нутгийн гурван хүн, нийт 67 хүн, ажиллаж, 2017.06.07-ны өдөр цурманд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, “Бумбатын-Ам” гэдэг газар ойн түймэр гарч байна гэсэн дуудлагаар /2017.06.10/ дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 21 албан хаагч ажиллаж, цурманд оруулсан.

Мөн дүүргийн 25 дугаар хороо, “Хустайн-Ам”, “Төмөртийн цоорхой” гэдэг газар ойн түймэр гарч байна гэсэн дуудлагаар /2017.06.10/ дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 албан хаагч, дөрвөн автомашин, нэмэлтээр Аврах тусгай ангийн 24 албан хаагч, хоёр автомашин, орон нутгийн найман иргэн, нийт 58 хүн, зургаан техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2017.06.11-ний өдөр цурманд оруулсан.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын “Зайсангийн-Ам”-анд ойн түймэр гарсан тухай дуудлагаар / 2017.06.08/ дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 45 албан хаагч, зургаан техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2017. 06.08-ны өдөр цурманд оруулсан.

Мөн дүүргийн 11 дүгээр хороо “Түргэний-Амны дээд эх Баруун ширээт” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагаар /2017.06.10/ Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 12 албан хаагч ажиллаж, 2017.06.10-ны өдөр цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Харин Төв аймгийн Баянцогт сумын Гуна багийн “Баруун салааны-Эх” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 27 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагаар /2017.06.09/ аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 60 хүн, нийт 72 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2017.06.11-ний өдөр бүрэн унтрааж, орон нутгийн захиргаанд хүлээлгэн өгсөн.

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Чандмань-Овоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн урагш 250 кмт/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар /2017.06.11/ Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Хилийн 0146 дугаар ангийн 21 албан хаагч, орон нутгийн 17 иргэн, нийт 50 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2017.06.12-ны өдөр бүрэн унтрааж, орон нутгийн захиргаанд хүлээлгэн өгсөн.

Ихэнх нутгаар хур бороо багатай, хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг бүрдүүлж тул иргэд та бүхэн амралт, аялал зугаалгаар явахдаа, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн алба хаагч хар тамхины хэрэгт холбогджээ

хар тамхины хэрэгт холбогджээ зурган илэрцүүд

Өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд талуудын оролцоо” сэдэвт үндэсний чуулган болсон. Энэ чуулганы үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат цагдаагийн алба хаагчид өөрсдөө хар тамхи хэрэглэж байгаа тухай дурдсан юм.

Тэрбээр “Монгол Улсад мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, холбогдогчдын тоо жилээс жилд нэмэгдэх боллоо. Гэтэл хар тамхины хэрэглэгч, худалдаачид нь өөрсдөө цагдаагийн байгууллагад шургалан орж, төрийн албан хаагчийн хувцасаар өөрсдийгөө хамгаалж, хууль бус үйлдэл хийж байсан хэрэг саяхан гарлаа” хэмээн ярьсан юм.

Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 01:00 цагийн орчимд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид, нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр хуучнаар “Бриллиант” шөнийн клубын орчмоос “41..” улсын дугаартай цагаан өнгийн автомашинаас хар тамхи хэрэглэсэн нэгэн этгээдийг баривчилсан байна. Хэргийн газрын үзлэгээр, сэжигтнээс 0,5 грамм айс буюу метафетамин илэрч, унаж явсан автомашин дотроос нь цагдаагийн албаны жагсаал хувцас гарч иржээ.

Сэжигтнийг шалгахад, Хан-Уул дүүргийн замын цагдаагийн тасгийн алба хаагч Б гэгч байжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, алба хаагч Б гэгч нь хар тамхины хэрэглэгч төдийгүй хар тамхи, мансууруулах бодис худалдан борлуулдаг диллер байжээ. Улмаар тэрээр хар тамхины хэрэглэгчдийг өөрийгөө цагдаа хэмээн сүрдүүлж зарим тохиолдолд хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг нь үнэгүй авч байсныг хэлж байв.

Сэжигтэн Б-г баривчлагдах үедээ хар тамхи хэрэглэсэн байсан нь шинжилгээгээр тогтоогджээ. Тэрээр цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ “Хар тамхины хэрэглэгч төдийгүй зарим талаараа энэ бодист хамааралтай болсон байсан тул өөрийгөө татаж авахаар цагдаагийн албанд орсон. Цагдаа болчихвол өөрийгөө хар тамхинаас татан гаргаж чадна гэж бодсон” хэмээсэн байна.

Цагдаагийн алба хаагч хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн, худалдан борлуулсан хэрэг гарсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын даалгавраар энэхүү хэргийн тухай ямар нэгэн мэдээлэл гадагш задруулахгүй байх үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн гэх мэдээлэл байна. Энэхүү хэргийг Улсын мөрдөн байцаах газарт үргэлжлүүлэн шалгаж буй бөгөөд хар тамхины хэрэгт холбогдсон этгээдийг цагдаагийн албаны үүрэгт ажлаас нь түр чөлөөлжээ.