Categories
мэдээ нийгэм

Саналын хуудас хэвлэх ажил үргэлжилж байна

Саналын хуудас хэвлэх ажил үргэлжилж байна зурган илэрцүүд

Зургадугаар сарын 26-нд саналаа өгөх 2026154 сонгогчдын саналын хуудсыг хэвлэх ажил өнөөдөр эхэллээ. Саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, санал авах байранд хүргүүлэх хугацаа хуульд заасны дагуу 6 дугаар сарын 23-наар дуусгавар болно.

Сонгуулийн Ерөнхий Хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн саналын хуудсыг батлагдсан загварын дагуу, тоогоор хэвлүүлэхээр “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байна.

Саналын хуудасны загвар бэлтгэх, тоо гаргах, хэвлэх компанитай байгуулах гэрээг бэлэн болгох, саналын хуудсыг хэвлүүлэх, түүний явцад хяналт тавих, хүргүүлэх, хүлээлцэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх ажиллагааг хуулийн хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөгөө, хуваарь гарган ажиллаж байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

С.Зориг агсны амь насыг хохироосон хэргийн давж заалдах шатны шүүх хурал болно

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хохироосон хэргээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдох давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг дээд шүүх хэлэлцэх хурал зургадугаар сарын 16-ны өдөр буюу баасан гаригт 09.00 цагт болно. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын 14-ний өдөр Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын давж заалдах шатны шүүх хурал болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхээс гаргасан Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг 24-25 жилийн хорих ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргасан юм.

Сануулахад, С.Зориг агсны амь насыг хохироосон Т.Чимгээ, Б.Содномдаржаа болон Ц.Амгаланбаатар нарт 2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр шүүхээс 24-25 жилийн хорих ял оноосон юм.

Categories
мэдээ нийгэм

Чехийн Элчин сайдын яамны визний цаг авах системд өөрчлөлт оржээ

БНЧУ-ын Элчин сайдын яамнаас визний цаг авах системд өөрчлөлт орсон талаар мэдээлэл хийлээ.

Элчин сайд Ивана Гроллова ярихдаа “Консулын хэлтэс маань гурван хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. БНЧУ-ын ЭСЯ Чех улсаас гадна Словак, Швейцарь, Польш, Эстони, Литва улсыг төлөөлж богино хугацаатай Шенгений виз олгодог. Үүнээс гадна урт хугацааны виз олгодог.

Урт хугацаатай виз нь ажил эрхлэх, гэр бүл нэгдэх, суралцах гурван зорилготой. Виз хүссэн иргэд ЭСЯ-ны гадаа дугаарлаж, хоорондоо дугаар наймаалцах, хөдөө орон нутгийн иргэд виз мэдүүлэх боломжгүй байсан учир цахим системээр цаг авах үйлчилгээг бий болголоо. Виза пойнт хэмээх энэ системийн талаарх ташаа мэдээлэл гарсан учир энэ бүхнийг ойлгуулах зорилгоор хэвлэлд хандаж байна.

БНЧУ-ын Гадаад хэргийн дэд сайд Монголд айлчлахдаа зөвхөн Чех улсын богино хугацааны виз мэдүүлэх хүмүүстээ зориулж “Визний төв” байгуулах шийдвэр гаргасан. Энэ нь наймдугаар сард ажиллаж эхэлнэ. Хэрэв Шенгений бусад таван орон хүлээн зөвшөөрвөл энэ төвд бас тухайн орнуудын визний мэдүүлгийг хүлээн авч болно” гэв.

Тэрбээр урт хугацааны виз мэдүүлэх талаар ярихдаа “БНЧУ-ын Гадаад хэргийн яам, Дотоод хэргийн яамтайгаа хамтран туршилтын журмаар хөтөлбөр хэрэгжүүлсэн. Хүлээлгийн жагсаалтад иргэд хязгааргүй хугацаанд тухайн системд бүртгүүлэх боломж олгож байсан.

Системийг туршилтын хугацаанд хэрэгжүүлэхэд хэдхэн долоо хоногийн дотор 25 мянган иргэн бүртгүүлсэн. Бүртгүүлсэн иргэдийн жагсаалтыг харахад дийлэнх нь янз бүрийн улсаас, зуучлагч нараар дамжуулж бүртгүүлсэн байсан.

Хууль бус энэ үйл ажиллагааг хязгаарлах үүднээс бид өөрчлөлт оруулж зөвхөн Монгол Улсаас бүртгүүлэх боломжийг олгосон. Өнөөдрийн байдлаар хоёр дахь удаагийн туршилтын хугацааг нээгээд үзэхэд хэдхэн долоо хоногийн дотор 10 мянга гаруй иргэн бүртгүүлжээ.

Бид бүртгүүлсэн иргэдээ ЭСЯ-нд ажиллаж байгаа хүмүүсийн тоонд хуваавал зургаан жил хөдөлмөрлөж байж мэдүүлгийг нь хүлээн авах боломжтой болж байна. Тийм учраас БНЧУ-ын холбогдох байгууллагуудаас шийдвэр гаргаж тухайн хүлээлгийн жагсаалтыг цуцалсан. Бид хэдхэн сарын дараа эдгээр хүмүүст зориулсан шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм.

БНЧУ-д хөдөлмөр эрхлэх зорилготой иргэд Монгол Улсын Хөдөлмөрийн яамтай холбогдоод энэ системд бүртгүүлэхгүйгээр виз мэдүүлэх боломжтой” гэв.

БНЧУ тухайн системийг төрөл бүрийн улсад хэрэгжүүлж байсан. Монгол Улсад энэ систем 2014 онд нээгдсэн байна.

-Хөдөлмөрийн яамтай хамтран ажиллах талаар дурдлаа. Тэгэхээр яамнаас БНЧУ руу ажилчин гаргахаар болсон гэсэн үг үү?

-Тухайн хөтөлбөр БНСУ-ынхтай төстэй байна гэж таамаглаж байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байгаа. БНЧУ-д ажил эрхлэх хүсэлтэй Монгол хүмүүс олон байгаа гэж бодож байна. Гэсэн хэдий ч БНЧУ бүх хүмүүсийг ажлын байртай болгох албагүй.

Зарим нэг Чехэд байгаа компаниудын үйл ажиллагаа нь сайн байгаа учраас Украйн, Беларус, Монгол Улсаас ажиллах хүч авах сонирхолтой байдаг. Тийм учраас БНЧУ-ын Засгийн газар энэ хөтөлбөрийг бий болгож, Монголоос ажиллах хүч авах сонирхолтой байгаа.

-Хүлээлгийн жагсаалтаас цагаа авчихсан байсан хүмүүс яах вэ?

-Цагаа авсан иргэд цагтаа ирээд визээ мэдүүлж болно. Харин долоодугаар сарын дундаас хойш хүлээлгийн жагсаалтыг хүчингүй болсныг мэдэгдэнэ. Жагсаалт хүчингүй болсон ч иргэд visapoint cистемдээ бүртгүүлж болно.

Найм, есдүгээр сард гэр бүл болох, суралцах зорилготой хүмүүс жагсаалтаас цуцлагдсан ч цагаа авчихсан бол ЭСЯ-тай холбогдоорой. Бид материалыг нь хүлээн авахын төлөө ажиллана.

Ажил хөдөлмөр эрхлэх гэж виз мэдүүлж байгаа хүмүүст зориулсан тусгай хөтөлбөрийг наймдугаар сар гэхэд эхлүүлнэ гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Гадаадад суугаа 4816 сонгогч саналаа өгчээ

Гадаадад байгаа монголчууд Сонгууль зурган илэрцүүд

Гадаад улс орнуудад суугаа сонгогчдын саналыг амжилттай зохион байгуулж дуусчээ. Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад хэргийн яамтай хамтран энэхүү үйл ажиллагааг явуулсан байна. Одоогоор санал хураалтын дүн гарах болоогүй. Энэ сарын 24-ний 22:00 цагаас 4816 хүний хэн нь хэнд санал өгсөн бэ гэдэг нь тодорхой болох аж. Хамгийн идэвхтэй оролцсон хот нь Сөүл хотын монгол иргэд байжээ. Нийтдээ 824 хүн саналаа өгчээ.

Төв комиссын дарга Д.Даваасүрэн: Гадаад иргэдээс санал аван Сонгуулийн төв комиссоос мэдээлэл хийлээ. Сонгуулийн гадаад дахь иргэдээс санал авах төв комисс байгуулагдаад ажилласан. Үүний дагуу 10, 11-ний өдрүүдэд 33 улсын 43 газар бид нар санал хураалтыг явуулсан байгаа. Өглөө 7:00 цагаас үдшийн 22:00 цаг хүртэл санал хураалтыг авсан байгаа. Өнөөдөр хамгийн сүүлд Сан-Франциско хотод 13:00 цагийн байдлаар дуусаад та бүхэнд мэдээлэл өгч байна. Нийтдээ 4816 сонгогч саналаа өгсөн байна.

Сэтгүүлчийн сонирхсон асуултад хариуллаа

-7000 гаруй хүн санал өгнө гээд илүү саналын хуудас хэвлэсэн байгаа. Эдгээр илүү хуудсуудыг яах вэ?

-Сонгогч дугтуй, саналын хуудас аваад тэрийгээ бөглөөд наагаад саналын хайрцагт хийчихэж байгаа. Үлдсэн саналын хуудасны балансыг СЕХ тооцоод явах боломжтой. Бүх саналын хуудас эргэж ирнэ гэж ойлгож болно.

Categories
гадаад мэдээ

Пуэрто-Рико улс АНУ-ын 51 дэх муж болох хүсэлт тавина

Пуэрто-Рико улсад өнгөрсөн амралтын өдөр “АНУ-ын 51 дэх муж болохыг зөвшөөрч байна уу?” гэх бүх нийтийн санал асуулга зохион байгуулжээ. Гэтэл санал асуулгад нийт иргэдийн 23 хувь нь саналаа өгсөн ч 97 хувь нь зөвшөөрчээ.

Ирэх долоо хоногт тус улсын эрх баригчид албан ёсоор Пуэрто-Рико АНУ-ын 51 дэх муж болох асуудлаар Конгресст хүсэлтээ гаргах гэнэ.

Пуэрто-Рико нь 9104 хавтгай дөрвөлжин км газар нутагтай 4,1 орчим сая хүнтэй бөгөөд Вашингтоны хяналтад байдаг ч газар нутаг нь АНУ-д хамаардаггүй юм. Тус улс бие даасан улс бөгөөд өөрсдийн гэсэн үндсэн хуультай. Пуэрто-Рико улсын иргэдийн 50 дээш хувь нь АНУ-ын давхар иргэншилтэй байдаг. Хэдий тэд давхар иргэншилтэй боловч Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх эрхгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Шаардлага хангасан хүүхдийн 20 зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэхээр болжээ

Хүүхдийн зуслан зурган илэрцүүдХүүхдийн зуслангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдан, хүүхдийн зуслангийн ерөнхий шаардлага, стандартын хэрэгжилтийг хянажээ. 2017 оны 06-р сарын 05-ны өдрөөс 06-р сарын 08-ны өдрийг хүртэл нийт 24 хүүхдийн зусланд хяналт шалгалт хийсэн байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар зэрэг мэргэжлийн зургаан байгууллага нийслэлийн ногоон бүсийн гурван чиглэлд ажиллав.

Нийслэлийн ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр даргаар удирдуулсан ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, хүүхдийн зусланд хийгдсэн хяналт шалгалтыг дүгнэн хэлэлцэж, 20 зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэх боллоо.

Ажлын хэсэг нийт зуслангуудад зөвлөмж, шаардлагатай зуслангуудад хугацаатай албан шаардлага хүргүүлж гүйцэтгэлийн шалгалтыг 2017 оны 07-р сарын эхээр хийхээр боллоо гэж Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Марш тактикийн тэмцээнд 500 гаруй алба хаагчид амжилттай оролцлоо

Холбоотой Зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш тактик, тусгай бэлтгэл”-ийн аварга салаа, тасаг шалгаруулах тэмцээнд ШШГБ-ын алба хаагчид амжилттай оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачлагаар Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулдаг “Марш тактик, тусгай бэлтгэлийн аварга” салаа, тасаг шалгаруулах тэмцээн энэ сарын 9-10-ны өдрүүдэд 6 дахь удаагаа амжилттай явагдаж өндөрлөв. Тэмцээнд ЗХЖШ, ЦЕГ, ШШГЕГ, ХХЕГ, ТЕГ, АЦ, ХЗЦ, ОБЕГ, ХСИС зэрэг нийт 9 байгууллагын 19 багийн 500 гаруй алба хаагчид оролцож, цэргийн бэлтгэл, сургуулилт, албаны бэлэн байдал, бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр тэвчээр, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Тус тэмцээнд ШШГБ-ын эрэгтэй салаа, эмэгтэй тасгийн нийт 42 алба хаагч амжилттай оролцлоо. Тэмцээнийн хаалтын ажиллагааны үеэр ШШГБ-ыг төлөөлөн тэмцээнд амжилттай оролцсон алба хаагчидтай ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр, дэд дарга, хурандаа Г.Туулхүү, хурандаа Ж.Батсайхан нар уулзаж баяр хүргэлээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын нэрэмжит “Марш тактик, тусгай бэлтгэл”-ийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон алба хаагчид энэ тэмцээнд оролцож ийнхүү амжилт үзүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Малчдад гамшгаас хамгаалах мэдлэг олголоо

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын “Бор-Өндөр-1” ОНХХ-тэй хамтран малчдад “Бэлчээр өтгөрүүлэх болон өрхийн бэлэн байдлыг сайжруулах, мэдлэг олгох” сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад Хэнтий аймгийн Дархан сум, Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Шивээговь, Баянтал сумдын малчид хамрагдаж, “Бэлчээрийн менежментийн тухай ерөнхий ойлголт, говь, тал, хээрийн бүсэд нутагшсан, ганд тэсвэртэй ургамал тариалах, царгас тариалах технологи, түүний ач холбогдол, арчилгаа” болон “Өрхийн бэлэн байдал”-ыг хэрхэн хангахад суралцав.

Тус сургалт нь Дэлхийн зөн” олон улсын байгууллагын “Бор-Өндөр-1” ОНХХ-ийн “Малчин гэр бүлийн амьдралыг сайжруулах нь” төсөлд хамрагдаж байгаа малчдыг хамруулснаараа онцлог юм.

Малчдын гамшигтай тэмцэх чадвар, эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх зорилготой уг төсөлд Хэнтий аймгийн Дархан сумын 2,3 дугаар багийн 20, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 багийн 20 малчин өрхийг хамруулж, малжуулах, эдийн засгийн болон бэлчээрийн менежментийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, гамшгийн бэлэн байдлыг хангуулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм гэж Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Шийлэгдамбыг шүүх хурал хойшиллоо

Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбыг шүүх хурал 14.00 цагт Баянзүрх дүүргийн шүүхэд эхэлсэн ч хойшиллоо. Түүнийг авлигын хэрэгт буруутган, хэрэг үүсгэсэн юм. Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Ганчимэг нарт холбогдох эрүүгийн 201501000161 тоот хэргүүдэд 2016 оны нэгдүгээр сард мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусгасан.

Тус газраас Г.Шийлэгдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 заасан гэмт хэрэгт ялагдагчаар татаж, хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268.2 Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол, ОХУ-ын Ерөнхийлөгч нар хоёр талын уулзалт хийжээ

Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотод болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар хоёр талын уулзалт хийжээ. Уулзалтын үеэр Монгол Улс, ОХУ-ын хоёр талын харилцааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцон ярилцсан байна. Мөн ОХУ-аас Монголд оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь хоёр талын харилцааг өргөжүүлэхэд чухал гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэмдэглэжээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “ОХУ-тай тогтоосон харилцаа бүр сайн харилцаа байдаг. ОХУ-аас оруулсан хөрөнгө оруулалт бүр сайн хөрөнгө оруулалт байдаг. ОХУ-тай бид ямагт сайн харилцаатай явж ирсэн, ямар нэг асуудал энэ харилцаанд үүсэх ёсгүй” хэмээсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны үеэр ийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцсандаа баяртай байгаагаа хэлжээ.