Categories
мэдээ цаг-үе

Сонгууль эхэллээ гэдгийг бид сонин ирэхээр л мэддэг ард түмэнтэй шүү дээ

Гурван сая хоёр зуун мянган хүнээс сонгуулийн насны 2.4 сая иргэнтэй, өргөн уудам нутагтай Монгол оронд өнөө маргаашгүй болох гэж байгаа Ерөнхийлөгчийн сонгуулийн анир алга. Өнөөдрөөс сонгуулийн сурталчилгааны албан ёсны, хуульд заасан хугацаа эхэлж байгаа болохоор эрхбиш нэг юм дуулдаж эхлэх байлгүй. Улс төржөөд сүйд байхад, яахаараа нам гүм байна гэдгийн гэж зарим хүн хэлэх байх л даа. Өнөөдөр Монголд сонгуульдаж, улстөржөөд байгаа талбар сошиал л байх шив дээ. Нийгмийн сүлжээнд сонгуулийн шуугиан тарьж, шуугиулж байгаа 20-иодхон л хүн байна. Тэр шуугиан таригч зорилтот хориодхон хүний үгээр сошиалд хаягтай, завтай голдуу нөхөд нь хоёр талцан дээр, дооргүй хэрэлдэж, МАН, АН гэлцээд сүйд майд болох юм. Тэрийг нь тухайн цаг агшинд таймлайнд таарч уншиж байгаа, ихээр бодоход хоёр зуун хүн л үзэж байна. Тэр мэдээлэл шуугиан тарьсан, худал үнэн эсэх нь эргэлзээтэй пост, жиргээг нь тухайн цагт үзэж байгаа хүн л харна уу гэхээс олон зуун мянган дагагч нь бүгд олоод харчихдаг юм биш. Хэрэв бүгд зэрэг олж хараад байдаг бол дагагч нарынхаа тоогоор хэдэн зуун мянга, хэдэн мянгаар нь ретвийт, лайк яагаад авдаггүй юм. Монголын хамгийн олон ретвийт авсан жиргээ гурван мянга гаруй ретвийт л авсан байдаг. Гэхдээ нэг өдрийн хугацаанд биш шүү. Хэдэн жил болж байж, ийм хэмжээний ретвийт авна. Түүнээс олон ретвийт авсан нь сонгуулийн үед бот буюу бодит хүн биш, программаар зориуд өсгөсөн хуурамч байдаг.

Үүнийг одоо нийтийн сүлжээ хэрэглэгчид андахаа байсан л даа. Тэгэхээр яг нэг цаг минутад сошиалд хаяг, бүртгэлтэй бүх хүн байдаг гэж андуурах хэрэггүй. Жишээ нь би өдрийн цагаар ажилтай тул орой гэртээ очиж хоол ундаа хийж дуусаад тавлах зуураа гүйлгэж сошиалыг нэг харна. Өглөө ажилдаа ирэх зуур нэг харна. Өдөр цай уух зуур зав гарвал нэг шагайна. Гэхдээ энэ нь байнга бас биш шүү дээ. Бусад үед нь ажил амьдралтай хүмүүс өдөржин сошиалд сонгууль, улс төр жиргэж, постлоод суух нь юу л бол. Мэдээж нэр дэвшигчдийн сошиалд ажиллах баг бол сонгуулийн хугацаанд тогтмол байж болох л юм.

Тэгэхээр өөрийгөө сошиалд гол нөлөөтэй гэж үзэж, байнга сонгууль, улс төр жиргэж, постлоод сууж буй хориод хүн “Тэрний эмээ хятад, тэрний эмээ монгол, төмөр зам тавьсан, тавиагүй, Ганбаа боссон, босоогүй гэхээр сайндаа хоёр зуун хүний хүрээнд л шуугина. Хальт харсан хүнд бол сонгууль ид өрнөөд хэдэн өрсөлдөгч нь бие биенээ хар, цагаан хар пиараар бөмбөгдөөд, иргэд нь нийтээрээ талцаж байгаа аятай харагдаад байгаа юм. Үнэн хэрэгтээ тал хээрийн Монгол нам гүм байна. Зуны дэлгэр цаг ирж, айраг цагаа, найр наадам ярьцгаахаас биш хотын сошиал хэрэглэж байгаа хэдэн хүнээс халиад сонгууль сонирхож байгаа хүн алга. Монголын амьдрал бусад өдрүүдийн л нэгэн адил үргэлжилсээр.

Нарлаж суугаа хэдэн өвөгцүүлийн яриаг чагнах нь ээ сошиалаар яваад байгаа мэдээллийг огтоос дуулаагүй шинжтэй. Даалуу, даам, шатрынхаа нүд нүүдлийг л ярьцгаах аж. Хөдөө нутгаадаа яваад ирсэн хүн “Манай тэнд сонгууль болж байгааг мэдэж байгаа, тоож байгаа ч хүн алга” гэнэ.

Телевизээр сүүлийн үед бие бие рүүгээ дайрсан захиалгат нэвтрүүлэг хэд хэд гарлаа. Өрсөлдөгчид өөр өөрсдийн хувийн телевизээр л голдуу нэгийгээ намнасан, өөрийгөө магтуулсан нэвтрүүлгүүд гаргаж байна. Хорхойсон улс төр сонирхдог хэсэг хүмүүс, улс төрд оролцон тоглогч хэдээс өөр тэрийг сонирхож байгаа хүн төдий л олон биш. Телевизээр бие биенийгээ сүйд хийчих гээд явуулаад байгаа нэвтрүүлгийг хоногийн хоолоо болгох гэж яваа гэр хорооллын хэдэд яаж ч хүрэх билээ. Аль нь үнэн яриад байгааг ялгахаа ч байж.

“Яг түүн шиг” шоуг сая хүн үзэж байхад төмөр зам барьсан бариагүй, хэн нэгний удам сударт нь хятад хүн байдаг эсэхийг яг сонирхож харагдаач. Бүр тэгээд телевизүүдийн эфирт гарах дарааллын 10-аас хойш гарч байгаа сувгуудыг үзэх зав цаг, боломж алга. Эхний хэдэн сувгаа оройдоо үзэж барвал их юм. Энэ их цаг наргүй амьдралын шуурганд оройхон хэрд үздэг ганц нэг нэвтрүүлэг, киногоо үзнэ. Монгол HD-гээр гарч байгаа “Цэнхэр тэнгисийн домог” Солонгосын олон ангит кино хүүхэд залуусын дуртай кино болж. Үдэш хоолоо идэж дуусаад цэнгээнт нэвтрүүлэг эсвэл кино үзэж байна. Боловсрол сувгаар “Яг түүн шиг” шоу, “Көсем”, “Сэжүн хаан” олон ангит кинонууд гарч байгаа. Киног гадныхан үнэхээр сайн ч хийх юм. Үзэгчид тэр мэтэд уяатайл дэлгэцний өмнө сууж байна. МҮОНРТ-ээр “Людмила Гурченко” Оросын олон ангит кино гарч байна. UBS-ээр “Эхнэрийн урхи” олон ангит кино үзэгчдийн тоогоороо мөн л шуугиулж байна. ТV5-аар “Ээж” Солонгосын олон ангит кино, ТV9 дээр “Эргээд ирээч хайр минь” “Дуулиан“ зэрэг уран сайхны кинонууд, ТМ дээр “Золиослогдсон хайр” гэж Мексикийн олон ангит кино, NTV-гээр “Хоосон харгуй” олон ангит уран сайхны кино гэх мэтээр солонгос, америк, япон, орос сериалууд гарч байна. Дэлхийд шуугиулсан интертайнмент шоунуудыг Монголын телевизүүд уралдан эрхийг нь авч ирж байна. Ийм нэвтрүүлэг, кинонууд үзэж суугаа хүмүүс төмөр зам барьсан бариагүй тухай дөчин хэддүгээр сувгаар нэвтрүүлэг үзээд суух уу. Элсэн дороос төмөр зам олсон олоогүй, эмээ нь хятад мөн биш гэсэн шуугиан, олон түмэнд хүргэх гэсэн пиар нэг иймэрхүү л сошиал, олон хүн үздэггүй телевизээр цомхон хүрээнд л өрнөж байна.

Тэгвэл сонгуульд саналаа өгөх бусад хүн нэр дэвшигчдийн мэдээллийг бодитойгоор хаанаас авах вэ. Нэгэнт хэвлэгдсэн бол өөрчилж болдоггүй сонин л үүнийг хүргэж байна. Энэ хүмүүс сонин ирэхийг л сонгуулийн сурталчилгаа эхэллээ гэж үздэг. Тааралдсан захын хүн хэлнэ дээ. “Сонгуулийн сонин энэ тэр нь ирээгүй л байна. Тэрийг харж байж хэнийг сонгохоо шийднэ” гэж. Зарим нь “Тэр сонгууль нь хаагуур болоод байгаа юм. Манайхаар лав нэр дэвшигчийн сурталчилгааны юм орж ирээгүй” гэнэ. Сурталчилгааны юм гэж нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр, ярилцлага, тэр хүнийг танилцуулсан мэдлээлэл бүхий сонин, мөн товч танилцуулгатай хэвлэмэл хуудас хоёр шүү дээ. Сонгуульд хамгийн идэвхтэй оролцдог эмээ, өвөө нар фэйсбүүк, твийтрийг мэдэх ч үгүй, мэдлээ гэсэн ч итгэх ч үгүй. Хэдэн хүүхдүүдийн тоглож наадаж зураг хөргөө сэлфидэж, танилцдаг газар гэлцэнэ. Технологийн хөгжил тэдэнд учир нь олдохгүй хов живийн ертөнц шиг санагдана. Орчин үед хэний ч дуу хоолойг үгийг нь өөрчлөөд монтажлаад, хаа байсан Холливудын ододтой хамт зургаа эвлүүлж, дүрс бичлэгээр ямар ч тохитой томоотой хүнийг дэггүйтүүлж болж байна. Хүнийг есөн шидээр нь өөрчилж Путин, Трамп хоёрыг ч хооронд нь зодолдуулж шоглож болдог болчихсон. Хэний ч мэдэхгүй танихгүй жаал нэг удаа live хийж, хүн ойлгохын эцэсгүй бураад амьтны элэг доог болж, тэнэгэрлийг нь хүн бүхэн шаагихаар өөрийгөө од болчихлоо гээд андуурна. Үнэн хэрэгтээ гадуур тэрнийг таних ч нэг ч хүн байхгүй. Ингэхээр ийм зүйлд яаж ч итгэх билээ дээ. Солгой хоолойтой хүн ч бичлэгт ороод хоолойгоо техникээр засуулаад мэргэжлийн дуучных шиг болгож нийтэд цацаж байна. Манай телевизүүд аналоги системээс дижитал систем рүү шилжиж, дуу, дүрсний өндөр чанартай нэвтрүүлэх болж, программ хангамж нь сайжирсан дэвшилтэт технологи нэвтрүүлсэн ч үүнийг дагаад үнэнийг худал болгож, сайхныг муухай болгож, муухайг сайхан болгох боломж нь илүү л нарийн болсон. Ингэхээр л итгэл үнэмшил улам буураад байна. Иймдээ ч хэдэн зууныг дамжин хэвлэгдэн гарч өнөөдрийг хүрсэн цаасан сонины үнэ цэн хэвээр байгаад байгаа юм.

Америк, Европт банкны мэдээлэл эхлээд цахимаар сүүлд нь цаасан хэлбэрээр дугтуйтай ирдэг. Шүүхийн бүх зарга цаасаар ирдэг. Үнэн гэдгийн баталгаа тэр. Ямар ч гэрээг цаасан дээр хийдэг. Өөрчилж болохгүй тул ингэдэг. Яг үүн шиг хэдэн зуун жил цагаан дээр хараар бичигдэж ирсэн сонин гэдэг юмыг л гартаа барьж, нүдээрээ харж байж итгэдэг. Нэгэнт хэвлэгдсэн бол өөрчлөх аргагүй. Нэг удаа урсаад өнгөрөхгүй учраас өнөөх сонингоо дахин нягталж үзэж болно. Баримт болгон хадгалж болдог.

Сонгуулийн сурталчилгаа эхлэхийг гэрт нь, гарт нь сонин ирэхлээр л мэддэг ард түмэнтэй улс шүү дээ, бид. Сурталчилгааны бодит материалыг сонин л гэж ойлгодог. Тиймдээ ч хэвлэмэл сонинг хүлээж суудаг. Нэр дэвшигч өрсөлдөгчийн тухай бодит үнэн мэдээлэл авахын тулд шүү дээ. Тэр тусмаа “Өдрийн сонин”-д юу хэлж вэ гэж чих тавьж байдаг. Мэргэжлийн өндөр түвшинд ямар мэдээ, мэдээлэл нийтэлж вэ гэж хүлээдэг. Хүн төрөлхтний том дэвшил бичиг үсэг үүссэний дараа мэдээлэл солилцох хэрэгцээ улам ихэсч, орн зай цаг хугацааны шалгуурыг туулах нөхцөл бүрдсэн гэдэг. Тэр цаг үеэс хэвлэмэл мэдээлэл ард түмнийг хэдий чинээ байлдан дагуулна төдий чинээ ихэс дээдсийн бухимдлыг төрүүлдэг байж. Эх сурвалжуудад анхны сонин хэзээ гарсныг янз бүрээр дурдсан байдаг бөгөөд хэвлэмэл анхны сонин бол “Библи” гэж үзэх нь бий. Нэг үгээр Библийг цаасан дээр хэвлэж тарааснаас үүдэлтэй ингэж үзэх талтай гэнэ. Мөн дэлхийн хамгийн анхны хэвлэмэл сонин VIII зуунд Хятадад “Нийслэлийн мэдээ” гэдэг нэртэй гарч байсан талаар зарим эх сурвалжид дурджээ. Ингэхээр хэвлэмэл сонины түүх хэдэн зуун жилээр тогтохгүй нь ойлгомжтой болж таарна.

Харин Монголд анхны сонин 104 жилийн өмнө буюу 1913 оны гуравдугаар сард “Шинэ толь бичиг” нэртэйгээр хэвлэгдэж байжээ. Гэхдээ түүнээс өмнө монгол хэлээр гарсан анхны сонин Хаант Оросоос монгол уншигчдад зориулан 1895-1897 оны хооронд “Дорнод хязгаарын амьдрал” нэртэй гарч байж. Оросын Чита хотод хэвлэгдэж байсан уг сонин нийт 450 дугаар гарсан байдаг. Тэр ч бүү хэл нийслэл хүрээ Ховд, Улиастай зэрэг газарт байнгын сурвалжлагчтай байсан юм билээ. Энэ бүхнээс харахад сонин гэдэг ямар урт удаан хугацаанд оршин тогтнож, мэдээлэл түгээж ирснийг илтгэнэ. Иргэд сониныг төдийгөөс өдий хүртэл уншиж, захиалж ирсэн нь технологийн хөгжлийн үед ч үнэ цэнээ алдалгүй, бодит мэдээллийг хүргэсээр, уншигчид цөөрөхгүй байгаагаас харж болно.

Сонгуулийн сурталчилгаа ч эхэллээ. Таны гарт сонин очихоор л цаад хэдэн нэр дэвшигчдийнхээ хэнийг нь хэн болохыг яг таг мэдэж авах нь дамжиггүй.

Categories
мэдээ нийгэм

Даатгуулагч бүр улиралд 165000 төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн үйлчилгээ авах эрхтэй

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт харшлын сорил тавьж байна. Ингэхдээ нийгмийн даатгал төлсөн хэн бүхэнд үнэ төлбөргүй сорил тавих бөгөөд 08.30-17.00 цагийн хооронд үйлчлүүлэх боломжтой аж. Мөн астматай хүмүүс даатгалаараа шинжилгээнд хамрагдах боломж бүрджээ.

Дашрамд дурдахад, даатгуулагч бүр улиралд 165000 төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн үйлчилгээ авах эрхтэй бөгөөд улиралдаа тэрхүү эрхээ эдэлсэн тохиолдолд хувиасаа мөнгө төлөхгүй юм байна.

Өөрөөр хэлбэл, та улиралдаа улсын эмнэлэгт хандаж даатгалаараа үйлчилгээ аваагүй бол үнэ төлбөргүй харшлын сорил тавиулах эрх үүсэх аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭСаваарай.

Categories
мэдээ цаг-үе

Д.Баттулга: Иргэдэд хүлээлт үүсгэсэн амин чухал олон ажил тодорхойгүй болчихлоо

“Өдрийн сонин”-ы 2017.06.06-ны Мягмар гаригийн №126(5693) дугаараас авч нийтлэв.

Нийслэлийн АН-ын дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулгатай ярилцлаа.


-Нийслэлийн АН-ын даргаар сонгогдсоноос хойш анхны ярилцлагыг авч байна. намын даргаар томилогдсоноос хойшхи хугацаанд ямар ажлыг хийв. Ерөнхийлөгчийн сонгуульд ямар бэлтгэлтэйгээр оролцох гэж байна вэ?

-Нийслэлийн намын даргын ажлыг аваад хоёр сарын хугацаа болж байна. Энэ хугацаанд дүүргийн намын удирдлагуудтайгаа энэ ондоо хийх ажлын төлөвлөгөөгөө гаргаж, 2020 он хүртэлх намын барих стратеги бодлогыг тодорхойлоод явж байна. Намын дэргэдэх ахмадын, эмэгтэйчүүдийн, залуучуудын гэх мэт байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэн цэгцэлсэн гэж хэлж болно. Яг энэ үед Ерөнхийлөгчийн сонгууль эхлэх гэж байна. Х.Баттулга маань намын нийт гишүүдийн олонхийн саналыг авч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болсон. Манай Ардчилсан нам үе үеийн сонгуульд оролцож, ялж ялагдаж ирсэн арвин туршлагатай. Ерөнхийлөгчийн сонгуульд сүүлийн найман жил ялалт байгуулсан туршлага бидэнд байна. Одоо Нийслэлийн АН сонгуульд оролцох бэлтгэлээ бүрэн хангаад явж байна.

-Ан дотоод сонгуулиараа бүтцийн нэлээн их өөрчлөлт хийсэн. Яг энэ үетэй давхцаад сонгууль болох гэж байгаа учраас дотоод зохион байгуулалтаа танай нам цэгцэлж амжсан уу?

-АН намынхаа сонгуульт албан тушаалтаныг сонгохдоо бүх гишүүдээсээ асуудаг болж байгаа нь эргээд дарга нарын хариуцлагыг нэмэгдүүлж байгаа юм. Дүүрэг, үүрийн дарга нарын хувьд шинэчлэгдсэн хүмүүс бий. Гэхдээ дандаа хуучин ажиллаж байсан, нам дотроо олон жил болсон, сонгуулийн туршлагатай хүмүүс. Тийм болохоор санаа зоволтгүй гэж хэлье.

-Ерөнхийлөгчийн сонгуульд та хотын намын даргын хувьд эргээд ямар нэгэн хариуцлага хүлээх үү?

-Намын дүрмийн дагуу би Нийслэлийн 2020 оны сонгуулийн хариуцлагыг хүлээнэ. УИХ-ын 2020 оны сонгуулийн хариуцлагыг төв намын дарга хүлээнэ. Дүүргийн Иргэдийн хурлын сонгуулийг дүүргийн намын дарга нар хүлээнэ гэх мэтчилэнгээр тус тус тодорхой заасан байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулиар бүх шатны намын байгууллагууд хичээл зүтгэл гаргаж ажиллана. Сонгуулийн дараагаар Үндэсний бодлогын хорооны хурлаар сайн, муу ажилласан гэдэг үнэлгээг өгөх ёстой. Хариуцлага огт хүлээхгүй гэсэн үг биш юм.

-Та НИТХ-ын даргаар ажиллаж байсан. Одоо та НИТХ-ын төлөөлөгчдийн нэг. Хотын бодлого залгамж халаа, хэр уялдаа холбоотой үргэлжилж байна вэ?

-Хүмүүс хэдийнэ харьцуулаад эхэлчихсэн байна лээ. Өнгөрсөн 2012-2016 онд хийж байсан ажлуудыг одоогийн хотын удирдлагуудын хийж буй ажилтай харьцуулж байна. Нэгэнт жилийн хугацаа өнгөрсөн учраас ямар бүтээн байгуулалт хийгдэж байна, ямар зам засав, ногоон байгууламж тохижилтын ажил хэр хийгдэж байна вэ гэдгийг харж, хүлээж байна. Гэтэл одоо хотод яг ямар ажил хийгдэж байгаа нь тодорхойгүй байна. Төлөөлөгчийн хувьд би хуралд сууж байхад хот ийм чиглэл бодлого барьж ажиллана, өмнөх удирдлагуудын барьж байсан ажлынх нь үүнийг нь үргэлжлүүлнэ гэх зэрэг бодлогын уялдаа холбоо илт дутагдаж байгаа нь харагддаг. Ер нь хийх юмаа мэддэггүй хүнд хоёр зовлон байдаг. Нэг нь өмнөхөө их шүүмжилдэг. Байнга шүүмжлээд байхаар хүмүүс бас уйдчихна шүү дээ. Хоёрдугаарт баахан зовлон тоочоод эхэлдэг. Хотын өмнөх удирдлагуудыг шүүмжилсэн нь одоо болтол тасраагүй байх шиг байна. Одоо тэгсэн баахан зовлон тоочиж, ажил хийхгүй цаг хугацаа аваад л байна.

-Саяхан хот төсвийн тодотголоо баталсан. Тухайн үед өмнөх хотын удирдлагууд үр дүнгүй хөрөнгө мөнгө зарцуулж байсан тухай яригдсан?

-2017 оны хотын төсөв 2016 оны төсвөөс 88.5 тэрбум төгрөгөөр илүү байна. Хөрөнгө оруулалтын зардал нь урьд нь 116.3 тэрбум төгрөг байсан бол 162 тэрбум төгрөгөөр батлагдсан. Энэ нь 40 хувиар илүү гэсэн үг. Гэтэл өмнөх удирдлагууд маш их төсөвтэй байсан, бид нар төсөв мөнгөгүй хэцүү байгаа тухай зовлон тоочоод байгаа шүү дээ. Тэгэхээр юу дутаж байна вэ гэвэл сэтгэл дутаж байна. Бид 2015 онд гэхэд хотын төсвийн хажуугаар хувийн аж ахуйн нэгжүүдийг шахаж шаардсаар 45 тэрбум төгрөгийн тохижилтыг хийлгэж байлаа. Цэцэг тарилаа гээд биднийг шүүмжилж байсан, одоо цэцэг тарихаа больсон. Харин хотын тохижилт гээд уулнаас баахан мод буулгаж авчраад тарьчихаж байна. Хотын төсөвт аудитын шалгалт явуулахад 39 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн гэгдээд байгаа. Аудитын газрын дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн албан дүгнэлтээр хот зөрчилгүй гэдгийг гаргасан. Харин зарим дүүргүүд санхүүгийн бичилтээ буруу зөв биччихсэн гэх мэтээр албан бичиг хөтлөлтийн алдааг шамшигдуулсан юм шиг ойлголтоор яриад байж болохгүй л дээ. Үнэндээ байгаа онохгүй худлаа үнэн шүүмжлээд яахав дээ.

-Концессээр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдэд шүүмжлэлтэй хандаж байгаа?

-Концессыг цааш үргэлжүүлэх үү үгүй юу гэдэг дээр сая маргаж байсан. Хотод хувийн хэвшлийн түншлэл байх хэрэгтэй. Концессыг батлахдаа төсөвт дарамт учруулахгүйгээр хийж байсан. Хотын төсөв 400, 500 тэрбум төгрөг байхад 20-30 тэрбум төгрөгөөс хэтрэлгүйгээр концессыг хийж байсан. Бодлогын хэмжээнд концессыг явуулах нь зүйтэй. Аль ч улсад хийгддэг. Нийслэлээс хийгдэж байсан, иргэдэд хүлээлт үүсгэсэн амин чухал олон ажил тодорхойгүй болчихлоо л доо. Ахмадын орон сууцны хөтөлбөрийг үргэлжлүүлэх үү үгүй юу гэдэг тодорхойгүй болсон. Орлого багатай иргэдийн хэрэгцээнд нийцсэн түрээсийн орон сууцны асуудлыг ярьж байсан. Хүмүүсийн хүлээж байсан энэ зүйл бүдгэрчихлээ. Багш, эмч нарын үйл ажиллагааг нь индексээр үнэлж урамшууллын системийг бий болгосон. Багш, эмч нарт хүртээмжтэй энэ дэмжлэгийг таслан зогсоочихлоо. Нийслэлийн 72 байршилд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барина гээд 30 гаруй газрын асуудлыг шийдээд бэлэн болгосон байсан. Энэ ажил хаана явж байгаа нь мэдэгдэхгүй болчихлоо. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр нэлээн ажил хийгдсэн. Дахин төлөвлөлтийг гурван фронтоор явуулъя гэж төлөвлөж байсан. Айлуудын газрын орон сууцаар солих, дараагийнх нь айлууд газраараа нийлж тодорхой хөрөнгө босгон амьдрах орчноо сайжруулах. Есөн ч газар дээр айлууд нь нэгдчихсэн төсөл нь бэлэн болчихсон байсан. Гурав дахь нь сайн хашаа хөтөлбөр байсан. Дахин төлөвлөлтийг цааш үргэлжлүүлэн явуулах уу гэж асуухад зөв төлөвлөлттэй гэсэн нэршлээр явуулна гэсэн.

Ямар ч нэртэй байсан хамаа алга, ажил урагшаа явах ёстой. Гэтэл нэр солиод зовлон тоочоод суугаад байж болохгүй. Эцэст нь хэлэхэд Ерөнхийлөгчийн санаачлагаар хууль гаргаж баталсан шилэн дансыг байхгүй болгочихлоо.

-Шилэн дансыг байхгүй болгоогүй, хэвийн хөтлөөд явуулж байгаа гэдэг тайлбарыг өгч байгаа л даа?

-Хэн нэгэн дарга нь шилэн данс явж байгаа гэж хэлээд байгаа бол, намайг худлаа ярьсан эсэхийг хүмүүс хаягаар нь орж хараад шалгачих. Нэг дүүргийн Засаг даргын Иргэдийн хурлаас тодорхой хэмжээний зардал гаргалаа гэхэд үүнийгээ ил тайлагначихад сэтгүүлч та нараас эхлээд олон хүн шууд харчих боломжтой байсан. Энэ талаар шилэн Цогоо гээд байсан нөхөр өнөөдөр дуугарч байна уу.

-Хогны уутанд хэдэн тэрбумаар нь мөнгө зарцуулсан гэсэн шүүмжлэл байгаа. Энэ үнэхээр үр дүнтэй байсан гэж үү?

-2012 онд хотын гудамжаар хог хийсдэг байсан. Хог гэдэг цуглуулах, тээвэрлэх, булшлах гэсэн гурван үндсэн шатлалтай явагддаг.

Манайхан хогоо цуглуулж чаддаггүй, шууд асгадаг байсан. Нийслэлээ хоггүй байлгахын тулд айл өрх, аж ахуйн нэгжээс гарч буй хогийг уутанд хийж цуглуулдаг соёл хэвшилд сургаж чадсан. Бусад улс оронд ч ийм туршлага байдаг.

-Цахим газар өмчлөл одоо явагдаж байгаа юу?

-Цахим газар өмчлөлийг цааш үргэлжлүүлэх эсэхийг одоо яриад л байна. 2012 онд биднийг ажил хүлээж авахад газрын мафийг таслан зогсоогоорой гэдгийг иргэд захиж хэлж байсан. 2016 онд тэр яриа байхгүй болсон. Сургуулийн хүүхдийн талбай, орон сууцнуудын дундах ахмадуудын нарладаг хүүхдийн талбай гаргахын тулд зөрчилтэй 200 гаруй газрыг нийтийн талбай болгож байсан. Үнэндээ өмнө нь газар хувьчлал бараг явагдаагүй. Гэр хорооллын иргэд л газраа өмчилж авснаас өөр хийгдсэн ажил байгаагүй. Хотын газар бол хэмжээтэй. Өргөдлийн хэмжээгээр танил талаараа өгч байдгийг таслан зогсоохын тулд иргэддээ хүртээмжтэй болгохын тулд ил тод шударга явуулахын тулд газар өмчлөлийг цахимаар өгье гэж шийдвэрлэсэн. Улс орны шилдэг 10 арга хэмжээний нэгд Монголын цахим газар өмчлөл нэгдүгээрт явж байсан. Мөн газрын дуудлага худалдааг жинхэнэ ёсоор нь зохион байгуулсан. Засгийн газрын ордны хажуу талын алга дарам хэвлэх үйлдвэрийн газар гэхэд 24 тэрбум төгрөг хүрсэн. Тэгэхээр ордон тойроод хичнээн газар өгсөн байгаа билээ. Нэг нь ч дуудлага худалдаагаар аваагүй. Хэрэв дуудлага худалдаагаар зарсан бол ямар их хэмжээний мөнгө улсын төсөвт орох байсныг бод доо. Хотын даргын гарын үсэг зурдаг захирамж ямар үнэ өртөгтэй байсан нь үүнээс харагдаж байгаа биз.

-Одоогийн хотын удирдлагууд ажлаа аваад жилийн хугацаа болж байгаа. Тэгэхээр үнэлэлт дүгнэлт өгөх хугацаа арай болоогүй гэж харах нь бий?

-Хотын даргын ажлыг аваад Э.Бат-Үүл “Өмнөх удирдлагууд хотод хоноцын сэтгэлээр хандаж байсан юм байна” гэдэг ганц үгийг хэлж байсан. Тэр хүн одооных шиг учир зүггүй шүүмжлэх гэж хэлээгүй. Арга ядаад л хэлсэн. Бид шууд ажилдаа орсон. Долдугаар сард ажил хүлээн авчихаад нийтийн тээврийн талаарх авах зарим арга хэмжээ гэсэн тогтоолыг наймдугаар сард гаргаж байсан. Ингээд нэгдүгээр эгнээгээр явах, дугаарын хязгаарлалтыг явуулах арга хэмжээг сарын дотор л хийсэн. Есдүгээр сард зөрчилтэй 160 гаруй барилгын үйл ажиллагааг таслан зогсоож байсан. Газрын шударга биш олголтыг зогсоох ажлыг эхлүүлсэн. Цаг хугацаатай өрсөлдөж томоохон шийдвэрүүдийг Засаг даргыг 100 хоногт хийж байсан. Гэтэл одоогийн Засаг даргын 100 хоногт “Та юу хийв” гэж асуухад Асемыг зохион байгууллаа гэж хариулж байна лээ. Асемын зохион байгуулалтыг хоёр жилийн өмнөөс хийж ирсэн шүү дээ.

-Өнгөрсөн УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө орон нутгийн сонгуулийг удирдаж байсан хүмүүс 60 тэрбум төгрөгийн хандивыг албан тушаал наймаалцаж босгосон талаарх бичлэг олон нийтэд цацагдсан. Та бүхэн сонгуулийн зардлаа хэрхэн босгож байсан юм бэ?

-Бичлэгийг нь сонсоход ахлах мэргэжилтэнгүүдээс эхлээд албан тушаалыг зарчихсан байсан биз дээ. Чухам тэр нь юу болсон талаархыг хуулийн байгууллагаас шалгах ёстой байх. Нийслэлийн сонгуульд АН хуулийн дагуу сонгуулийн зардлыг босгож оролцсон. Төсвөөс юм уу төрийн үйл ажиллагаанаас зарцуулсан зүйл огт байхгүй.

-Сонгуулийн өмнө “хөгжмөө” захиалсан хүмүүс одоо албан тушаалд очиж байгаа байдал ажиглагдаж байна уу, үгүй юу?

-Би нэг зүйлд харамсч байна. Бид тухайн үед хэлтэс, газрын дарга нарын хувьд тодорхой хэмжээгээр сольж тавьж байсан ч бүгдийг нь солиогүй. Гэтэл одоо АН-тай хамт ажиллаж л байсан бол мэргэжилтэнгүүдийг хүртэл халж байна. Энэ нь буруу жишиг юм. Төрийн ой санамж алдагдана. Тухайн хүнийг халж хохирол учруулж байгаагийн ард төрийн ой санамжийг арчиж буй нь эмгэнэл. Магадгүй оронд нь ажилд хүн авахдаа нөгөө 60 тэрбум төгрөгийн хүмүүсээсээ авч ч байгаа юм бил үү. Үүнийг шалгах ёстой.

-Долоон төрлийн татвар нэмэгдэж байгаа. Иргэдэд хэрхэн тусах вэ?

-Манай улсын эдийн засаг бүр хасах руугаа орчихоогүй, өсөлт нь удааширчихсан яваа. Эдийн засгийн хүндрэлийг татвар нэмж давдаггүй юм. Татвараа нэмнэ гэдэг нь татварынхаа баазыг устгаж байгаа хэрэг. Орж ирэх татвараа алсдаа багасгана. Төр нь зардлаа хэмнэж байж эдийн засгийн хүндрэлийг давдаг. Гэтэл төр нь зардлаа нэмчихлээ. Төр өөрөө данхайж, иргэдээсээ авах татвараа нэмчихээр эдийн засгийн хүндрэлийг улам гүнзгийрүүлнэ.


Categories
мэдээ цаг-үе

Тува руу яаран сандран төмөр замаар холбогдохын цаад учир юу байна аа?

“Өдрийн сонин”-ы 2017.06.06-ны Мягмар гаригийн №126(5693) дугаараас авч нийтлэв.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй албаныхан ОХУ-ын Санктпетербург хотноо болсон олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоод ирлээ. Эдийн засгийн хувьд ашигтай шийдвэрүүд олноороо гарлаа гэсэн мэдээллүүд хөвөрч байна. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс бэлтгэсэн мэдээнд уулзалтын үеэр гаргасан шийдвэрүүдийг нэг бүрчлэн жагсаасан харагдсан. Малын вакцин нийлүүлэх, Улаанбаатар төмөр замын ачаа эргэлтийг нэмэгдүүлэх, Энэтхэгийн хөнгөлөлттэй зээлийн зарцуулалтыг нь өөрчилж боловсруулах үйлдвэрт зарцуулах гэх мэт ашигтай шийдвэрүүд цөөнгүй харагдсаныг үгүйсгэхгүй. Махны экспортоос давсан, эдийн засагт жин дарах нөлөө үзүүлэхээр том шийдэл юу билээ гээд анзаарахаар харин эргэлзээ төрүүлсэн шийдвэр лав л нэг байна.

Курагино-Кызыл-Цагаантолгой-Арцсуурь-Овоот-Эрдэнэт чиглэлийн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр болж. Тува руу яаран төмөр замаар холбогдохын цаад учир юунд байгаа юм бол гэсэн асуултад хариу хайя. Уг нь эдийн засгийн харилцаа их энгийн. Харилцан ашигтай байхыг л эдийн засгийн хамтын ажиллагаа гэх мэт албаны чухал үгээр тодотгодог. Тэгэхээр Тувагаас Хятад хүрэх төмөр зам бидэнд хэр ашигтай юм бэ гэдэг зүй ёсны л асуулт. Харилцан ашигтай байх зарчмын дагуу бидэнд ингэж асуух эрх бий.

Манай улстай 1300 гаруй км газраар хиллэдэг Тува коксжих нүүрсний нөөцөөр арвин олон ордтой. ОХУ-ын гол зах зээлээс алслагдсан, дэд бүтэцгүй гэсэн зовлон бий. Ийм шалтгаанаар эрчим хүчний болон коксжих нүүрсээ үнэд хүргэж зарж чаддаггүй. Оросын төв хэсэг буюу үйлдвэржсэн бүсэд нүүрсээ хүргэж, Хятад болон Азийн зах зээл рүү дажгүй үнээр зарахын хүслэн болсон газар. Товчхондоо тэдний цорын ганц толгойны өвчин нь төмөр зам. Төмөр зам барьчихвал нүүрсний том ордуудаасаа овоохон мөнгө олох шиг амар зүйл хаана байхав. Сүүлийн хоёр, гурван жил хойд хөршийн эдийн засаг тартагтаа тултлаа уруудсан болохоор их хөрөнгө зарах төслүүд нь урагш ахиагүй. Алс хязгаарын Тувагийн төмөр замын төслүүд ч ялгаагүй, унтаа хэвээр өнөөг хүрсэн.

Тувагийн Кызил хотын хавь ойр дахь нүүрсний олон ордоос заримыг нь онцолъё. 400 сая тонн коксжих нүүрсний нөөцтэй, нүүрсний нийт нөөц нь бараг тэрбум тонноор хэмжигддэг Элегестийн орд гэж бий. Элегестийн ордын нүүрсийг Хятад, Өмнөд Солонгос, Япон, Энэтхэгт нийлүүлэх алсын төлөвлөгөө хойд хөршид бий. Кызыл орчмын дараагийн онцлох орд бол Межегей. 765 сая тонн нүүрсний нөөцтэй. Улуг хэмийн ордын тухайд коксжих нүүрсний 630 сая тоннын нөөцтэй гэгддэг.

Оросын төв зах зээл рүү төмөр замаар холбогдож энэ ордуудын нүүрсийг үнэд хүргэх талаар идэвхийлэн ярьдаг ч нэлээд төвөгтэй, их хөрөнгө зарах төсөл учраас дээр дооргүй мөд ажил болохгүй гэцгээдэг. Үүнээс гадна манайхаар дамжуулж урд хөрш рүү нүүрс экспортлох гарц хэд хэдэн хувилбараар яригдсаар ирсэн.

Манай улс Тува шиг коксжих нүүрсний арвин нөөцтэй. Тэдэн шиг нүүрсээ Хятад гэдэг аварга зах зээл рүү үнэ хүргэж зарах чин хүсэлтэй. Нэгэн үе хойд хөршид улсаа төлөөлж Элчин сайд сууж байсан Л.Хангай хоёр жилийн өмнө “Тувагийн нүүрс манайтай өрсөлдөх үү” гэсэн гарчигтай нийтлэл бичиж байсан юм. Нийтлэлийн тухайд Тува бидний өрсөлдөгч биш, транзит тээвэр гэх мэтээс ашиг олох боломж бидэнд бий гэсэн санаагаар бичигдсэн байсан л даа. Тувагийн нүүрс шууд утгаараа манай нүүрсний зах зээлийн өрсөлдөгч биш гэдгийг үгүйсгэхгүй. Тэдний хэдэн зуун км газар тээвэрлэж хүргэсэн нүүрс өндөр өртөгтэй байх учраас бидний зарах нүүрсний үнийг унагах тоглолт хийхгүй гэх мэт бодитой тайлбарууд бий.

Гэхдээ тэд нүүрсээ урд хөрш рүү зарах зорилгоор төмөр зам тавих гэж байгаа нь үнэн. Энэ худалдаанаасаа асар их мөнгө олох нь бас үнэн. Харин бид Тувагаас Хятад хүрэх төмөр замаас оросуудын олох хэмжээний ашгийг хүртэж чадах уу гэдэг эргэлзээтэй. Бид Тува руу юу тээвэрлэж зарж мөнгө олох вэ? Хэзээ нэгэн цагт мал маань эрүүлжвэл багахан мах экспортлож магадгүй ч нүүрсний бизнестэй харьцуулшгүй хариугүй жижигхэн наймаа. Ардчилал эхэлсэн үеэс өнөөг хүртэл манайхаас орох бараанд өндөр татвар тавьж, гадаад худалдааны хувьд хүйтэн хөндий харьцсаар ирсэн улс гэнэтхэн найр тавьж мөнгө болох бүхнээ экспортол гэхгүй нь тодорхой. Ингээд бодохоор нүүрс зардаг шиг том худалдаа Тува манай хоёрын хооронд өрнөхгүй гэсэн үг. Тэгэхээр бидний хувьд транзит тээврээс л мөнгө олох боломж бий. Мэдээж нүүрс зарж олж байгаатай харьцуулах аргагүй бага мөнгө эдийн засагт орж ирнэ.

Тувагаас манай руу хил дамнасан төмөр замын чиглэлийн тухайд Кызыл-Улаангом-Ховд-Булган-Үрүмч, Кызыл-Мөрөн-Эрдэнэт-Үрүмч гэх мэт хувилбарууд яригдсаар ирж. Ерөнхий сайд тэргүүтэй албаныхны за зүй болоод ирсэн одоогийн маршрут нь Курагино-Кызыл-Цагаантолгой-Арцсуурь-Овоот-Эрдэнэт. Л.Хангайн нийтлэлд “Монголын тал улсын хил хүртлээ төмөр зам тавина гэвэл нүүрсний ордын хөрөнгө оруулагчид сонирхох нь дамжиггүй гэж Тувагийн Засгийн газрын тэргүүн Ш.В.Кара-Оол ярьж байна лээ. Манай Засгийн газар Эрдэнэтээс Овоот (өөрөөр хэлбэл Могойн голын нүүрсний орд) хүртэл 545 км төмөр замыг концессын нөхцөлөөр барих эрхийг өнгөрсөн жил нэгэн компанид олгох шийдвэр гаргаад байгаа. Цаашаагаа Арцсуурь буюу улсын хил хүртэл 225 км юм билээ. Хэрэв энэхүү 200 гаруй км зам барих хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх боломж байх юм бол Кызыл-Мөрөн-Эрдэнэт гэсэн төмөр зам баригдах магадлал өндөр” гэсэн хэсэг бий. Эрдэнэт-Овоотын төмөр зам дээр засаг толгой дохичихсон. Тэгэхээр Арц суурь боомт руу төмөр зам тавьчихвал оросууд 2.5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэгддэг Улуг-Хэмийн сав газраасаа нүүрс тээвэрлэж Хятад руу дөт замаар экспортлох суваг нээгдэнэ гэсэн үг. Монголын нутгаар дамжуулан хязгаар нутгийнхаа нүүрсийг Хятадад зарах нь В.Путины хэзээний сонирхол. Энэ сонирхлоо Хятад, манай хоёрт илэрхийлсээр өнөөг хүрсэн. Тувагаас Хятад руу чиглэсэн төмөр зам гурван улсын “Эдийн засгийн коридор хөтөлбөр”-т тусгагдчихсан учраас саадгүй хэрэгжээд явахад эргэлзээд байх зүйлгүй. Товчхондоо Путины сонирхол саяын Санктпетербургийн уулзалтаар ажил боллоо.

Орос манайхаар дамжуулан нүүрсээ тээвэрлэж урд хөршид дажгүй үнээр зарах нь бидэнд ашиггүй гэвэл хэтэрхий гэнэн дүгнэлт болно. Өмнө хэлсэнчлэн транзит тээврийн хөлс энэ тэр гээд чамлахааргүй мөнгийг эдийн засагт үлдээх нь үнэн. Дахин хэлэхэд тэднийг шууд өрсөлдөгчөө гэж харахад ч бас өрөөсгөл. Тува манай хоёр Хятад гэдэг аварга зах зээлийн өөр өөр хэсэгт нүүрсээ зарна, бид хэчнээн их нүүрс нийлүүлээд ч тэр том зах зээлийг хангаж барахгүй.

Гэхдээ тэднээс өмнө нүүрснээсээ их ашиг олох боломж байсаар атал бусдыг мөнгөжүүлэх төслийг яаран эхлүүлмээргүй байна. Таван толгойгоос Гашуунсухайт хүрэх төмөр замаа бариагүй, барих яриа хөөрөөгөө эхлүүлээ ч үгүй байж Тувагаас Хятад хүрэх төмөр замын ажлыг яаран сандран эхлүүлэхээр болсны цаад учир юунд байна аа? Хэний ямар эрх ашиг, сонирхол энэ бүгдийн цаана байгаа юм бол? Ингэж хардаж, эргэлзэх бүрэн үндэс бий. Уг нь эдийн засгийн том ашгаа бодвол эхлээд барих төмөр зам маань Гашуунсухайт руу чиглэмээр байгаа юм. Өнөөдөр Таван толгойн ордоос нүүрс ачсан машинууд хил гарах гэж 90 км-ын уртаас урт цуваа үүсгэж байна. Төмөр зам барьчихсан байсан бол өдийд бид нүүрсээ бага багаар нь гаргах гэж ингэж үйлээ эдлэхгүй. Үнэ нь дажгүй байгаа ийм үед их хэмжээгээр худалдаад эдийн засгаа босгоод ирэх байсан. Одоо бидэнд нүүрсээ үнэд хүргэх нэг л гарц бий. Хятадын хил рүү нарийн царигийн төмөр зам татчихвал танктай цэрэг орж ирнэ гэсэн үлгэр зохиож өөр зуураа маргахаа болиод Таван толгойнхоо коксжих нүүрсийг тээвэрлэх төмөр замаа барья. Тувагаас Хятад хүрэх төмөр замын ажил эхлэхээс өмнө баримаар байна.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ, эмнэлгийн дарга нарыг гартаа атгасан “Сетунари”, “Бона Вита” компани улсын төсвөөс хэдэн тэрбумаар нь мөнгө “идэж” байна (II)

“Өдрийн сонин”-ы 2017.06.06-ны Мягмар гаригийн №126(5693) дугаараас авч нийтлэв.


Түрүүч нь №124,125(5691,5692) дугаарт

ЭХ СУРВАЛЖИЙН МЭДЭЭЛЛИЙН МӨРӨӨР ҮНЭНИЙГ ХАЙСАН НЬ

“Сетунари” компани улсын эмнэлгүүдэд зах зээлийн үнээс хэд дахин өндөр үнэтэй оношлогооны аппарат,урвалж нийлүүлж хэдэн тэрбум төгрөгийн ашиг олоод зогссонгүй. Бүр лаборатори, оношлогооны салбарын зах зээлийг гартаа оруулж их хэмжээний ашиг олох төлөвлөгөө хэрэгжүүлж эхэлжээ. “Сетунари” компаниас салбарлан гарсан компани нь “Бона Вита” гэх нэртэй лаборатори, оношлогооны компани юм байна. 2015 онд Эрүүл мэндийн яамнаас “Бона Вита” компани эмнэлзүйн нэгдсэн лабораторын үйл ажиллагаа эрхлэхээр тусгай зөвшөөрөл авсан байдаг аж. “Сетунари”, “Бона Вита” хоёр компанийн цаад эзэн герман нөхөртэй н.Энхтуяа гэх эмэгтэй байдаг гэнэ. Харин “Бона Вита” компани Д.Сэрж гэх эмэгтэйн нэр дээр байдаг юм байна. Гэхдээ н.Энхтуяа гэх эмэгтэйн ээж нь Д.Сэрж гэдгийг эх сурвалж онцолж байв.

ХУВИЙН КОМПАНИ Ц.ОЮУНБААТАРТ АЛБАН БИЧИГ ӨГЧ, С.ЛАМБАА ЭМНЭЛГИЙН ДАРГА НАРТ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГСӨН НЬ

Хэн дуртай нь оношлогооны төв байгуулж, иргэдийг маш богино хугацаанд өөртөө татна гэдэг эрүүл мэндийн салбарт хэцүү зүйл гэдгийг хүн бүр мэднэ. Тэгвэл “Бона Вита” эмнэлзүйн нэгдсэн төв лабораторийн гүйцэтгэх захирал Б.Бүрэнжаргал Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатарт хандан хамтран ажиллах санал бүхий бичгийг 2016 оны хоёрдугаар сарын 15-нд өгсөн байдаг аж. Тэрбээр “Эрхэм хүндэт Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө Монгол Улсын эрүүл мэндийн лабораторийн тусламж үйлчилгээ, түүний чанар, цар хүрээг шинэ шатанд гаргаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сүүлийн үеийн шинжилгээ, оношлогооны дэвшилтэт арга технологийг Монголдоо нэвтрүүлэх бидний санал, санаачлагыг нааштайгаар хүлээн авч, төр хувийн хэвшлийн түншлэл хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг дэмжиж байгаад гүн талархал илэрхийлье” гэх нялуун үгтэй албан бичиг өгсөн байдаг. Хамтран ажиллах санал бүхий албан бичигт “Бона Вита” компани эмнэл зүйн тусламж, үйлчилгээнд бүх нийтийг хамруулан төвлөрөлийг сааруулах, шаардлагатай тусламжийг газар дээр нь цаг алдалгүй үзүүлэх, оношийн баталгаажилтыг өндөр нарийвчлалтай шинжлэн, эмчилгээг үр дүнтэй болгох, үйлчлүүлэгчдийг эрүүл мэндээс шалтгаалсан санхүүгийн эрсдэлээс хамгаалах, төлбөртэй тусламж, үйлчилгээний хувь хүнд үзүүлэх дарамтыг тодорхой хувиар бууруулах, эмнэлгийн оношлогооны өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлэх, оношлогоо, шинжилгээний тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зарцуулах төсвийн хөрөнгийг хэмнэх зэрэг ач холбогдолтой байна.

Иймд “Бона Вита” эмнэл зүйн нэгдсэн лабораторийн шинжилгээний жагсаалт, холбогдох үзүүлэлттэй танилцан судалж, тусламж, үйлчилгээний зохиомол хэрэгцээ үүсэх эрсдлийг тооцон хамтран ажиллана уу?”” гэсэн утга агуулгатай албан тоот бичгийг хүргүүлсэн байдаг аж. “Бона Вита” компани Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатарт хандаж хамтран ажиллах санал бүхий албан бичгийн хариуг Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.Ламбаа өгсөн байдаг. Ингэхдээ 21 аймаг, Нийслэлийн эрүүл мэндийн газар, улсын төв эмнэлгүүд, тусгай мэргэжлийн төвийн дарга, захирал нарт хамтын ажиллагааны тухай 2016 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн 810 тоот албан бичиг хүргүүлсэн байдаг. Ингэхдээ “Бона Вита” компани оношлогооны ач холбогдолтой лабораторийн шинжилгээг цаг алдалгүй үзүүлэх, шинжилгээний тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зарцуулах төсвийн хөрөнгийг хэмнэх ач холбогдолтой байна. Иймд “Бона Вита” эмнэл зүйн нэгдсэн лабораторийн шинжилгээний жагсаалт, холбогдох үзүүлэлттэй танилцан судал, тусламж, үйлчилгээний зохимол хэрэгцээ үүсгэх эрдслийг тооцон хамтран ажиллана уу” гэх утгатай бичиг хүргүүлсэн байдаг гэнэ.

“БОНА ВИТА” КОМПАНИЙН ДАРАМТАНД ОРСОН ЭМНЭЛГИЙН ДАРГА НАР БУЮУ УЛСЫН ЭМНЭЛГҮҮД, АРАВ ГАРУЙ АЙМАГТ СОРЬЦАВАХЦЭГ БАЙГУУЛАГДАВ

“Бона Вита” компани Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатарт хамтран ажиллах санал хүргүүлсэн. Үүний хариуд Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.Ламбаа улсын эмнэлгүүдэд “Судалж үзээд хамтран ажилла” гэсэн утга бүхий хариу өгч, аймаг, дүүрэг, улсын эмнэлгүүдэд албан бичиг хүргүүлсэн. Дээрх хоёр албан бичигт улсын эмнэлгүүдэд тусгайлан өрөө гаргуулж сорьц авах талаар утга санаатай нэг ч өгүүлбэр байхгүй. Гэтэл Нийслэлийн бүх дүүрэг, улсын гуравдугаар шатлалын бүх эмнэлэг, арав гаруй аймагт гэнэтхэн шинжилгээ, оношлогооны сорьц авах цэг байгуулаад эхэлжээ. Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.Ламбаагийн албан бичгийг үзүүлээд л улсын эмнэлгүүдэд өрөө гаргуулж, цус, шээсний шинжилгээ аваад эхэлжээ. Энэ талаар эх сурвалжаас авсан мэдээллээр эмнэлгийн дарга нар руу ЭМЯын томоохон албан тушаалтнууд утас цохиж “Бона Вита” компанийн шинжилгээ авах тусгайлсан өрөө гаргаж өг. Наад компаниа дэмжиж ажиллахгүй юм бол ажлаа өг” хэмээн дарамталж эхэлжээ. Ингээд эмнэлгийн дарга нар “Бона Вита” компанид лабораторийн шинжилгээний тасгийнхаа хажууд өрөө гаргаж өгсөн байна. Ингэж л хувийн компани улсын эмнэлгийн байрны нэгэн өрөөнд эзэн сууж шээс, цус, бусад төрлийн шинжилгээ авч эхэлжээ.

“БОНА ВИТА” КОМПАНИЙН ХЭРЭГЛЭГЧ ТАТАХАРГА НЬ ЭМЧ НАРЫГ АЙЛГАН СҮРДҮҮЛЭХ

“Бона Вита” компани нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа улсын эмнэлгүүд, арав гаруй аймагт сорьц авах цэг байгуулж чадав. Мэдээж эмнэлгүүдэд өрөө гаргуулчихсан газар үйлчлүүлэгч хэзээ ирэх вэ гээд гараа хумхиад суугаад байхгүй нь тодорхой. Тэд үйлчлүүлэгч олж шинжилгээ авч эхлэхийн тулд эмнэлгийн дарга нараар дэмжүүлэх ёстой. Ингээд ямар нэгэн байдлаар улсын эмнэлгийн дарга нартай хэд хэдэн удаагийн уулзалт хийсэн байна. Үүний үр дүн маш амархан гарах болжээ. Улсын эмнэлгүүд үйлчлүүлэгчдээс шинжилгээ авахын тулд хэдэн хоног, сараар дугаар гаргадаг. Цусны шинжилгээ өгсөн бол дараагийн шинжилгээг 2030 хоногийн дараа өгөх тохиолдол ч элбэг. Үүний цаад учир нь лабораторийн тасаг аппаратанд ашиглагдах урвалж хүрэлцэхгүй байгаатай холбоотой. Эмнэлэгийн дарга нар “Сетунари” компанийн нийлүүлж байгаа урвалжийг бусад урвалжаас илүү ихээр авдаг ч гэсэн эмнэлэгт шинжилгээ өгч байгаа хүмүүсийн 4050 хувьд нь хүрдэг байна. Хэрэв урвалжаа нэмчих юм бол улсын эмнэлгүүдэд мэргэшсэн эмч, мэргэжилтнүүд байгаа. Тиймээс ямар нэгэн дугаар, дараалал үүсгэхгүйгээр маш хурдан шинжилгээ хийлгээд байх боломжтой аж. Гэтэл эмнэлгийн дарга нар жилд тэдэн хүнд л шинжилгээ хий гэсэн төсөв батлуулчихдаг байна. Төсөвтөө захирагдсан лаборатори яст мэлхий шиг удаан аргаар үйлчлүүлэгчдээ залхаан цээрлүүлж шинжилгээ хийдэг байна. Эрүүл мэндийн салбарын үнэн нүүр царай энэ аж. Эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн цөөхөн хувьд нь шинжилгээ хийхээр иргэд хувийн лаборатори руу хүссэн хүсээгүй явах болдог.

Энэ талаар нэгэн улсын эмнэлгийн эмчтэй уулзаж ярилцлаа.


-Та бүхнийг “Бона Вита” компанийн сорьц авдаг цэг рүү хүмүүс явуул гэж эмнэлгийн дарга нар чинь байнга дарамтлах болсон гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Үнэхээр ажил хийхэд маш хүндрэлтэй болоод байна. Эмнэлгийн тоног төхөөрмж, урвалж нийлүүлдэг компани эргээд улсын эмнэлгийнхээ лабораториудтай өрсөлдөж эхэллээ. Хувийн компани ингэж эрх дархаа эдэлж байгааг гайхаад олохгүй юм. Эрүүл мэндийн салбарт 20 гаруй жил ажиллахдаа оношлогооны урвалж нийлүүлдэг компани улсын оношлогооны лабораториудтай өрсөлдөж байсан тохиолдол байхгүй. Бүр улсын эмнэлгүүдэд сорьцын цэг байгуулж байхыг үзэж харж байсангүй. Үнэхээр эрх мэдэлтнүүд, эрхтэн дархтнууд дур зоргоороо авирлаж, эрүүл мэндийн салбарыг мөнгө олох хэрэгслээ болгож байна шүү дээ. Манай эмнэлгийн дарга гэхэд эмч нарыг “Яамны оношлогооны цэг рүү хүн явуул. Яагаад хүн явуулахгүй байгаа юм бэ. Эмнэлэг өөрөө бүх хүнээс шинжилгээ авч чадахгүй байгаа юм чинь “Бона Вита” руу хүн явуул. “Бона Вита” компанид өгсөн шинжилгээ манай эмнэлэгт хүчинтэй гэж хэл” гээд л загнадаг болсон. “Бона Вита” руу хүн явуулаагүй тохиолдолд ажлаас хална гэж дарамталдаг болоод байна. Улсын эмнэлгийн бүх эмч “Бона Вита” эмнэл зүйн нэгдсэн лабораторын мөнгө олох хэрэгсэл, гүүр нь болчихоод байна. “Бона Вита” компанийг салбар хариуцаж байгаа яам, эмнэлгийн дарга нар нь бодлогоор дэмжээд байна. “Бона Вита”д үйлчлүүлэгч өгч, шинжилгээ өгүүлэхээс өөр ямар ч аргагүй болтол тал талаас нь дэмжиж байна.

-Аппаратад ашиглагдах урвалжаа цаг хугацаанд нь эмнэлгүүдэд өгөхгүй уддаг. улмаар өөрсдийнхөө лабораторид иргэдийг шинжилгээ өгөхөөс аргагүй болгодог гэсэн үү?

-Тийм ээ. “Сетунари” компани улсын эмнэлгүүдэд урвалжаа нийлүүлэхгүй уддаг. Бүр хоёр сараар тасалдуулсан тохиолдол байдаг. Ямар нэгэн шалтаг шалтгаан хэлээд л удаагаад байдаг. Өвчтнүүд ар араасаа цувраад ирдэг. Гэтэл урвалж тасарснаас болоод оношлогоо хийх ямар ч боломжгүй болчихдог. Ингээд аргаа бараад яаралтай шинжилгээ хийлгэх хүмүүсээ “Бона Вита” руу явуулж байна. Өөр ямар ч сонголт байхгүй шүү дээ. “Сетунари” компани улсын эмнэлэгт нийлүүлэх урвалж байхгүй, тасарчихсан гэж хэлэх мөртлөө өөрсдийн байгуулсан “Бона Вита” оношлогооны төвд нь урвалж нь байгаад байдаг. Энэ юуг харуулж байгаа нь маш тодорхой байгаа биз дээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн урвалж авах жилийн төсөв нь 1.2 тэрбум гаруй төгрөг байдаг. Гэтэл хүмүүсийн хамгийн ихээр шинжилгээ өгдөг урвалжийг “Сетунари” компани хоёр сараар тасалчихсан. Тэгсэн “Бона Вита”д нь нөгөө урвалж нь тасрахгүй байгаад байдаг. Ингэж хоёр сар хууль бусаар иргэдээс мөнгө “идсэн”. Уг нь иргэд улсын эмнэлэгт шинжилгээ өгөхөөр даатгалын мөнгөөр үзүүлж, халааснаасаа арай бага хэмжээний мөнгө гаргадаг шүү дээ. Улсын эмнэлгүүдэд ашиглагдаж байгаа бүх аппарат, тоног төхөөрөмж “Бона Вита” оношлогооны төвд байгаа.

-Аймгийн эмнэлгүүд “бона вита” компанийн цэгт шинжилгээний сорьц өгдөг гэсэн. энэ талаар танд сонссон зүйл байна уу?

-Саяхан аймагт ажилладаг найз эмч маань хотод ирээд надтай уулзсан. Аймгийн нэгдсэн эмнэлэгт “Сетунари” компанийн үнэтэй оношлогооны аппарат бий. Тэр нь маш өндөр үнэтэй урвалж хэрэглэж байгаагаас болоод огт ашиглахгүй байгаа. Ингээд аймгийн эмнэлэгт байрлаад байгаа “Бона Вита” компанийн сорьц авах хувийн цэгт иргэд мөнгөөрөө шинжилгээ өгдөг талаар ярьж байна лээ.

-Анх танай эмнэлэгт сорьц авах цэг байгуулахдаа улсын эмнэлгүүдийн хийж чадахгүй байгаа шинжилгээг хийнэ гэсэн юм биш үү?

-Аль ч лабораторид хийгддэг цус, шээс, бүлэгнэлт, иммунологи, бактериологийн шинжилгээг төлбөртэй хийж байна. Манай улсад хийгддэггүй шинжилгээг маш өндөр үнэтэй хийдэг. Энэ нь улсын эмнэлгийн лабораториудын хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна гэв.

“Сетунари”, “Бона Вита” хоёр компанитай холбоотой хэргийг АТГаас шалгаж эхэлжээ. Эрүүл мэндийн яам, эмнэлгийн дарга нар, компанийн удирдлага гэх томоохон сүлжээ бүхий бүлэглэлийг шалгаж байгаа аж. Энэ талаар үргэлжлүүлэн хүргэх болно.

ЭРЭН СУРВАЛЖЛАХ, ТОЙМЧДЫН АЛБА

Үргэлжлэл бий

Categories
мэдээ нийгэм

“МАН давуулж, МАХН дутуудуулж, АН-ын сурталчилгаа байгаа онож байна” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Улс төрийн 2-р нүүрт Д.Очирбат “Үндэсний оношлогооны төвтэй болсноор гадагшаа явах шаардлагагүй болно” ярилцлага нийтлэгдлээ.

Өнөөдрийн өдрийн сурвалжлагаар Улаанбаатар-Хөшигийн хөндийн нисэх буудал чиглэлийн хурдны авто замын ажлын талаар сурвалжилжээ. Энэхүү замын бүтээн байгуулалт одоогоор 25 хувьтай яваа аж.

Домогт “Буур” Жамъян аваргын төрсөн нутаг Тэрхийн голын хөвөөгөөр” дурсамж нийтлэлийн үргэлжлэлийг 12, 13-р нүүрнээс уншаарай.

Баримт, үйл явдлын 7-р нүүрт “Монголын цагдаа нар хар тамхичдын халхавч болсоор ирсэн үү” нийтлэл хэвлэгдлээ.

Эрчим хүчний салбарынхан нээлттэй өдөрлөгөө Сүхбаатарын талбайд хийж байна. Тус өдөрлөгөөс хийсэн сурвалжлагыг өнөөдрийн дугаарын 18-р нүүрнээс хүлээн авч унших боломжтой юм. Тухайлбал, тус өдөрлөгийн үеэр тэд өөрсдийн хийж, хэрэгжүүлж байгаа том том төслүүдээ танилцуулж байгаа аж.

Санхүү эдийн засгийн их сургуулийн багш Ж.Дэлгэрсайхан: Тэтгэврийн даатгалыг хувийн хэвшил хийснээр илүү найдвартай баталгаатай болно ярилцлага нийтлэгдлээ.

Дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг цахимаар уншихыг хүсвэл дараах линкэд бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Энэ сарын 14-нөөс УИХ-ын чуулган түр завсарлана

УИХ-ын хаврын чуулганыг энэ сарын 14-нөөс эхлэн хоёр долоон хоногийн хугацаатай түр завсарлуулах болжээ. Ингэснэээр долдугаар сарын 1-нээс чуулган хуваарийн дагуу орж, хуулийн хугацаандаа хаалтаа хийх аж. Энэ удаагийн хаврын чуулганаар Эрүү, зөрчлийн хуулиас гадна төсвийн тодотголоо хэлэлцэн баталсан юм.

Categories
мэдээ нийгэм

“Алтай” нисэх буудлын шинэ зурвас ашиглалтанд орлоо

Говь-Алтай аймаг дахь Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа “Алтай” нисэх буудлын шинэ зурвасыг нээх үйл ажиллагаа өнөөдөр “Алтай” нисэх буудлын аэродромд боллоо.

Нээлтэнд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн, Аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, Засаг дарга С.Гансэлэм, “Алтай” нисэх буудлын дарга Д.Батбаяр, “Хүннү-Эйр” ХХК-ийн дэд захирал П.Мөнхжаргал, уг шинэ зурвасын ажлыг гүйцэтгэсэн “Заабар” ХХК-ийн дэд захирал Т.Батсайхан нар болон албаны бусад хүмүүс, ард иргэдийн төлөөлөл оролцлоо.

Нисэх буудлын хөөрч буух хайрган болон хатуу хучилттай зурвас, үерийн далан барих гэрээт ажлын гүйцэтгэгчээр ажилласан “Заабар” ХХК 2008 онд барилга угсралтын ажлаа эхэлж, 2009 онд 2.3 км урт хөөрч буух шороон зурвасыг хүлээлгэн өгсөн байна. Мөн 2013 онд 3620 м үерийн далан барьж, 2016 оны эцэст 2.9 км урт хөөрч буух хатуу хучилттай зурвас, 275 м урт, 15 м өргөнтэй явгалах зам, 120 м урт, 85 м өргөнтэй агаарын хөлгийн зогсоолыг улсын комисст хүлээлгэн өгснөөр өнөөдөр албан ёсоор нээж байгаа ажээ.

Цаашид “Хүннү-Эйр” авиа компани Улаанбаатар-Алтай-Улаанбаатар чиглэлд тогтмол нислэг үйлдэхээр боллоо.

“Алтай” нисэх буудал нь 2012 оны 10 сард цагт 100 зорчигч хүлээн авах, үдэн гаргах хүчин чадал бүхий шинэ аэровокзалыг ашиглалтанд оруулснаар өдгөө 30-аад ажилтан, албан хаагчтай үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Номтойбаяр: Ажилгүйдэл их байгаа нь хөдөлмөрийн хөлсийг зөв үнэлээгүйгээс болдог

УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор өнөөдөр Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг дэмжих бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийн асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт тус байнгын хорооны гишүүд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр болон Монголын үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцож хөдөлмөр эрхлэлтийн бодлогын талаар санал солилцов.

Хэлэлцүүлгийг нээж Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл үг хэлсэн бөгөөд тус байнгын хорооноос өмнө нь хоёр удаа хэлэлцүүлэг хийж, 10-аад зөвлөмж гаргаснаас таван асуудал УИХ-аар баталсан “Эдийн засгийг сэргээх” төлөвлөгөөнд тусгагдсан байгааг тодотгов. Тухайлбал, ажлын байрыг тогтвортой хадгалж байгаа аж ахуйн нэгжийг төрийн бодлогоор дэмжих, иргэдийг гадаад улсад тодорхой хугацаагаар ажиллуулах чиглэлээр төрөөс тодорхой арга хэмжээ авах, төрөөс бизнес эрхлэгчдэд олгож байгаа тусгай зөвшөөрлийн тоо, мэргэжлийн хяналт болон татвар, даатгалын байгууллагын давхардсан хяналт шалгалтыг цөөрүүлэх, хүнд суртлыг арилгах, ажилгүй иргэдийг цагийн ажилд зуучлах, цалин хөлсийг тухай бүрт олгох орчныг бүрдүүлэх зэрэг асуудал тусгагдан хэрэгжиж эхэлсэн байна.

Мөн энэ асуудлаар УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр “Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг дэмжих бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт” сэдвээр мэдээлэл хийв. Тэрбээр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хүрээнд цалингийн шинэчлэл хийх, хөдөлмөрийн харилцааг эрх зүйн орчинд маш тодорхой зохицуулах гэсэн хоёр асуудлыг уялдаа холбоотойгоор шийдэхээр ажиллаж байна. Ажилгүйдэл их байгаа нь хөдөлмөрийн хөлсийг зөв үнэлээгүйгээс болдог. Тиймээс энэ хоёр асуудлыг онцлон анхаарч байна” хэмээн онцлов.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих, Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих, Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа гэдгийг сайд мэдээлэлдээ дурдсан.

Мэдээллийн дараа хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, саналаа хэлэв. УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн “2017 онд хэчнээн хүн ажлын байраар хангасан талаар тодруулахад Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа “2017 он гарснаас хойш өнөөдрийн байдлаар 16400 хүнийг түр болон байнгын ажлын байраар хангасан. Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд иргэнд 10 сая, аж ахуйн нэгжид 20 сая төгрөгийн зээл олгох ажил эхэлж байна” хэмээн хариулав. Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл мөн он дуустал 20 мянган ажлын байр шинээр бий болгох зорилгоо хэрэгжүүлэх боломжтой гэдгийг тодотгож байлаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Дэлхийн банкнаас авах 25 сая ам.долларын зээлээр ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байртай болгоход зарцуулахаар болсон тухай хэлэв.

Түүнчлэн хэлэлцүүлэгт оролцогчдын гаргасан саналыг тусган зөвлөмж гаргаж, зөвлөмжийг Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хүргүүлэх боллоо.

Categories
мэдээ нийгэм

“АСПАК-2017” чуулга уулзалтаар Монголын эдийн засаг, байгаль орчныг чухалчлав

Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хот хөл хөдөлгөөн ихтэй байлаа. “АСПАК-2017” чуулга уулзалтын хүрээнд дэлхийн 51 орноос 3500 гаруй зочид, төлөөлөгчид ирсэн юм. Олон улсын JCI байгууллагын Ази Номхон далайн бүсийн энэхүү чуулга уулзалт зохион байгуулалт сайтайгаар “Шангри Ла”, “Туушин”, “Улаанбаатар”, “Блю Скай”, “Корпорайт” зэрэг зочид буудалд нэгэн зэрэг болж өчигдөр өндөрлөлөө. Эдгээр өдрүүдэд нийтдээ 80 гаруй арга хэмжээ өрнөв. Тус байгууллагын гишүүддээ зориулсан сургалт, үзэсгэлэн худалдаа, гала тоглолт, үндэстэн болгоны онцлогийг харуулсан сонирхолтой үдэшлэг дөрвөн орой дараалан болсон юм. “АСПАК” чуулганы гол арга хэмжээ Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газартай хамтарсан “Ногоон хөгжлийн форум”-аар амжилттай үргэлжилсэн. Форумд хүндэт зочдоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Улаанбаатар хотын Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, JCI байгууллагын олон улсын төлөөлөл, JCI Монгол байгууллагын 2017 оны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч М.Батбаяр нарын зочид төлөөлөгчид оролцов. Энэ үеэр Монгол Улсыг зорин ирсэн 50 гаруй орны 3000 гаруй бизнес эрхлэгч, манлайлагч залуусын эх орондоо хэрэгжүүлсэн, тэр дундаа байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээр амжилттай хэрэгжүүлсэн сайн туршлагаасаа хуваалцлаа. Тухайлбал, хүн амын нягтаршил ихтэй, Азийн хөгжингүй орнуудын нэг болох Тайвань улс хогны асуудалд ихээхэн анхаардаг гэнэ. Хотуудынх нь олон нийтийн газар, гудамж талбайд хогийн савны хэрэгцээг хязгаарлажээ. Ийм үед иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хог ихээр ялгаруулах, боловсруулах явдал ч багассан байна. Ингэснээр хогоо дахин ангилж, бүтээгдэхүүн болгох явц ч үр дүнтэй байдаг гэж JCI байгууллагын 2016 оны Ерөнхийлөгч, JCI Тайвань байгууллагын төлөөлөгч Австри улсын Вена хотыг форумын үеэр онцолж байлаа. Ард түмэн нь тав тухтай, амьдралын чадавхийг бий болгосноос гадна эрчим хүчний хэмнэлт, хамгийн гол нь инновацийг бий болгосноороо дэлхийн олон хотоос 2013 оноос хойш жил дараалан ухаалаг хотоор шалгарчээ. Ийнхүү дэлхийн улс орнуудын ногоон хөгжлийн талаар JCI байгууллагын төлөөлөгчдөөс шилдэг, сайн туршлага, мэдээллийг солилцлоо.

Дэлхийн эерэг өөрчлөлтийн төлөөх залуусыг эгнээндээ нэгтгэсэн JCI байгууллага идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 200 мянган гишүүнтэй ажээ. Энэ удаагийн Ази Номхон далайн бүсийн чуулга уулзалт нь дэлхийн шилдэг бизнес эрхлэгч лидер залуусын туршлагаас хуваалцах том боломж байлаа. JCI байгууллагын гишүүдийн олонх нь хөгжингүй улс орны бизнесийн салбарт амжилттай ажиллаж буй залуус юм байна. Форумын үеэр Монгол Улсын хувьд бизнес эдийн засгийн орчин харьцангуй сайн нөхцөлтэй болохыг судалгааны байгууллагаас тэмдэглэж байлаа. Гол нь хөрөнгө оруулагчдад таатай хууль, эрх зүйн орчныг сайжруулах асуудалдаа анхаарах шаардлагатайг онцолж байв. Монгол Улсад хөрөнгө оруулах, бизнес эрхлэх боломжтой салбаруудыг жагсаавал уул уурхайн, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбаруудыг дурдана лээ. Ялангуяа сэргээгдэх эрчим хүчний салбарт гадны туршлага, дэмжлэг хэрэгтэй байгааг форумаар хэлэлцэж байлаа. Манай улс 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилго тавьсан ч энэ салбарын хувьд манай улс туршлага хуримтлуулаагүйг мэргэжилтнүүд онцолдог. Тиймээс JCI байгууллагын олон улсын төлөөлөгч, бизнесменүүд энэ чиглэлд анхаарлаа хандуулах бүрэн боломжтой гэж байлаа.

“АСПАК-2017” чуулга уулзалтын үеэр болсон бас нэг онцлох үйл явдал нь Үндсэний цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан “JCI Garden” төслийн нээлт байв. 2013 оноос JCI -ийн Үндэсний байгууллагууд, эгч дүүсийн харилцааатай салбар байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаагаар энэхүү амралт зугаалгын таатай орчинг байгуулжээ. Төслийн хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гол хэсэгт байрлах 0.5 га газрыг хамарсан Ази, Европ, Африк, Америк гэсэн дөрвөн бүсийг төлөөлж, тэдгээрийн онцлогийг тусгасан 12 жил бүхий хүслийн хайрцаг, хайрын сандал, саравч, урлагийн тоглолт хийх боломжтой тайз, JCI цаг, хүндэтгэлийн самбар гэсэн хэсгүүдээс бүрдсэн ногоон байгууламжийг бүрэн шийдсэн байна. Энэ үеэр Японы JCI байгууллагын ерөнхийлөгч тус цэцэрлэгт хүрээлэнд 63 сая төгрөг хандивласан юм.

Мөн өчигдөр “АСПАК-2017” чуулганы шагнал гардуулах ёслолын ажиллагаа болсон юм. Нийтдээ 17 номинациас Монголын хоёр төсөл шилдгээр шалгарсан. Нийгмийн үүрэг хариуцлагатай шилдэг төслөөр “JCI Улаанбаатар” салбарын “Хотын шийдэл” төсөл, Шилдэг шинэ салбараар “JCI Impact” салбар тодорсон байна. Энэ удаагийн “АСПАК-2017” чуулганы шилдэг номинацийн ихэнхийг нь Хонгконг авав. Мөн Малайз, Филлипин, Япон, Камбож улсууд ч шагнал авч байлаа. Мөн залуу манлайлагчдын дунд зохион байгуулсан илтгэх урлагийн тэмцээний шилдэг гуравт “JCI Impact” салбар байгууллагын гишүүн Б.Ачбаяр шалгарсан юм.

М.МӨНХ