Categories
мэдээ нийгэм

​Хөвсгөлд Дарба бандида гэгээнтний хойд дүрийг арслант ширээнд залах ёслол болно

Хөвсгөл аймгаас тодорсон, Бурхан багшийн 16 шавийн нэг Дарба Бандида гэгээнтний хойд дүр Данзанчойжилодой хувилгааныг арслант ширээнд залах ёслол удахгүй болох аж. Энэ ёслолын талаар Дашчоймбол дацангийн Шунлайв гавж С.Гантөмөр нарын хүмүүс “Өдрийн сонин”-ы “Асуух эрхийн танхим”-д мэдээлэл хийлээ. Энэхүү ёслол нь энэ сарын 16-20-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод болох аж.

Монголд тодруулж буй долдугаар дүрийг анх хүний гавьяат эмч н.Тамир санаачлан далай ламд мэдүүлэн ёс жаягийн дагуу тодруулж өгөөч гэсэн хүсэлтийг тавьж байжээ. Энэ дагуу 108 хүүхдийн нэрс явуулснаас Дэмбэрэлсамбуугийн ганц хүү Шаравжамц мөн болох лүндэнг 2012 оны зургадугаар сарын 12-нд Далай лам хайрлажээ. Тэрээр одоо 16 настай бөгөөд тодруулсан цагаас хойш Энэтхэгт ном үзэж байгаа аж.
Энэ талаар гавж С.Гантөмөр: Монгол оронд Их хөлгөний шашин дэлгэрэлтэнд 16 архад маш их гол үүрэгтэй гэж үздэг. 16 архадын хөрөг дүр, домог түүх зөвхөн Монгол төдийгүй Их хөлгөний шашин дэлгэрсэн газруудад их түгээмэл байдаг. Энэ 16 архадын зарим нь Монголд заларч байсан. Бакула Ренбүчи бол Найдан Бакулагийн хойд дүр гэж явдаг. Тэгвэл өнөөдөр 16 архадын нэг Найдан Дарба бандида 7 дахь удаагаа Монголд хувилсан бэлгэ дэмбэрэлтэй үйл явдал болж байна.
Бурхан багшийн үед Найдан Дамсран гэж байгаад Энэтхэгт гурван удаа хувилсан. Төвдөд 7 хувилсан. Түүний сүүлийн хоёр нь Түвдийн Гэлэгва буюу Богд Зонховагийн шашинтай байсан. Гандан ширээт дээр сууж байсан гэсэн үг. Үүнийг шарын шашны тэргүүн байсан гэж үзэж болно. Дараа нь 1636 онд Монголд мэндэлсэн Хөвсгөл аймгийн Рашаант сумын Содовжамц юм. Гурван настайгаасаа маш олон бурхны номыг цээжээр айлдсан, эхээс мэндлэхэд нь солонго татаж байсан гэх мэтчилэн олон гайхамшгийг үзүүлж байсан. Далай лам, Ванчинбогдоос энэ хүүхдийн талаар асуухад Найдан Дарба бандидагийн хойд дүр байна гэж хэлсэн байдаг.

Дарба гэж яагаад нэрлэдэг бэ гэвэл дээр үед Дарба нутагт чөтгөр, шулам их догширч дарагдахаа больсон аж. Түүнтэй тэмцсэн хүн бүр учир битүүлгээр нас барж байж. Ингээд Далай лам Ванчинбогдоос “Дарба нутгийн Гандан хийдэд суучихаар гайгүй эрдэмтэй лам байна уу” гэхэд Содовжамц ламыг зааж өгчээ. Бурхны шашны очирт гадас буюу пүрвийг гартаа барьж чадсан хүн чөтгөр шулмыг дарж чадах байсан аж. Ингээд Содовжамц лам барьж чадсанаар тухайн нутгийг амирлуулсан түүхтэй учир Дарба бандида гэж алдаршсан байдаг.
Тэрээр Түвдэд 23 жил ном суралцаад нутагтаа ирж шашныг мандуулж явсан. Өндөр гэгээний шавь болж халх, ойрадын дайныг зогсоохын төлөө зүтгэж нэг удаа дунд нь лам хувцастайгаа зогсоход дайн болсон ч дээрээс нь бууж ирэх суман мөндөр түүний биеийг яагаа ч үгүй гэдэг. Гэхмэтчилэн төр, шашны их үйлийг бүтээж яваад 1702 онд таалал төгссөн байдаг гэв.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс өрсөлдөх чадвараараа 63 улсаас 62-т оржээ

“Дэлхийн өрсөлдөх чадварын төв”-ийн дэргэдэх “Олон улсын удирдлагын хөгжлийн хүрээлэн”-ээс жил тутам эрхлэн гаргадаг “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан”-гийн 2017 оны судалгаанд Монгол Улс 63 улсаас 48.1 оноогоор 62-т эрэмбэлэгджээ.

Улс орнуудын өрсөлдөх чадварыг тодорхойлохдоо “Эдийн засгийн тамир тэнхээ”, “Засаглалын үр ашиг”, “Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа” болон “Дэд бүтэц” гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлийн 346 шалгуур үзүүлэлтийг ашигладаг байна. Монгол Улсын өрсөлдөх чадварын онооны хувьд мэдэгдэхүйц өөрчлөлт ажиглагдаагүй хэдий ч энэ жилийн тайланд Саудын Араб болон Кипр зэрэг өрсөлдөх чадвар сайтай улсууд нэмэгдсэн нь Монгол Улсыг өнгөрсөн жилээс 2 байраар хойшилсон мэт харагдуулжээ.

Энэ жилийн тайланд “Монгол Улсын хамт сүүлийн дөрөвт эрэмбэлэгдсэн Украин, Бразил, Венесуэл улс нь улс төрийн хувьд тогтворгүй, дотоод бослого үймээн ихээр гарах болсон мөн эдийн засгийн өсөлт нь саарсан улсууд байгаагаас харахад төрийн тогтвортой байдал нь улс орны өрсөлдөх чадварт чухал нөлөөтэй ажээ.

Categories
мэдээ нийгэм

29 удаа машин хулгайлсан Ц-ийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хан-Уул дүүргийн прокурорын газраас иргэн Ц-д холбогдох эрүүгийн 201626030835 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Яллагдагч Ц нь 2016 оны тавдугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд Нийслэлийн Хан-Уул, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэг, Говьсүмбэр аймгаас нийт 29 удаагийн давтан үйлдлээр автомашин хулгайлсан байна.
Тэрээр 56 сая 580 мянга 300 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулжээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Дэнзэн нарт оноосон ялыг хэвээр үлдээжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалт явуулсан “Монгол улсын Тэргүүн шадар сайдын зөвлөх Г.Дэнзэн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа хувьдаа болон бусдад давуу байдал тогтоон ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусадтай бүлэглэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан” гэх Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийг ялтан, тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын дагуу Давж заалдах шатны Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцлээ.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор дээрх хүмүүсийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийг ЭБШХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, уг зүйл хэсгээр оногдуулсан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял, хорих ялыг тус тус хүчингүй болгожээ.
Улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан тушаал эрхлэх эрхийг 1-3 жилийн хугацаагаар хасч, 1,6 жилээс 3,6 жилийн хугацаагаар хорих ялыг, “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Я.Батсуурьт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэн буюу 9.792.000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг хэвээр үлдээсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Румыний иргэн АТМ-аар луйвар хийж байгаад баригдлаа

Румын улсын иргэн эрэгтэй, 35 настай Л.А нь Монгол Улсад байх хугацаандаа гадаад улсын иргэдийн арилжааны банкны төлбөрийн картын мэдээллийг хууль бусаар олж авч төлбөрийн картуудад суулган луйврын гүйлгээ хийснийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн, шалгаж байна.

Уг этгээд нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Арилжааны банкны автомат мөнгөний машин /АТМ/-аас тавдугаар сарын 29-ний өдрөөс зургаадугаар сарын 8-ны өдрийн хооронд удаа дараагийн үйлдлээр онц их хэмжээний луйврын гүйлгээг хийсэн байна. Монгол Улсын иргэдийг хуурч мэхлэн, бичиг баримтыг нь ашиглаж банкны гадаад гуйвуулгаар шилжүүлснийг шуурхай эрэн сурвалжилж саатуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Румын улсын иргэн Л.А нь Монгол Улсад тавдугаар сарын 28-ны өдөр иржээ.
Гадаадын иргэдийн хүсэлтээр Монгол Улсын иргэд гадаад руу гуйвуулга хийхдээ анхааралтай хандах мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж, сэжигтэй мэдээллийг Цагдаагийн байгууллагад мэдэгдэж хамтран ажиллахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар аймаг шүлхий өвчинтэй тэмцэхэд 176 сая төгрөг зарцуулжээ

Улсын онцгой комиссын ажлын хэсэг Сүхбаатар аймгийн Мөнххаан, Баруун-Урт, Асгат, Дарьганга, Эрдэнэцагаан сум, Бичигт олон улсын худалдааны боомтонд ажиллаж, аймгийн Онцгой комиссыг хуралдуулсан байна.

Тус аймагт мал, амьтны гоц халдварт өвчин энэ оны 01 дүгээр сарын 24-нд гарч, улмаар 04 дүгээр сард хорио цээрийн дэглэмийг цуцалсан. Гэвч Дарьганга, Түвшинширээ суманд вакцин тарьсан малаас дахиж өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн. Түвшинширээ суманд хорио цээрийн дэглэм үргэлжиж байна. Уг өвчнөөр нийт 9 сумын 28 голомтод 2932 мал өвчний ил шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс 2800 малыг зориудаар устгасан байна.

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэдээлж байгаагаар нийт 2,7 сая малыг вакцинжуулсан нь 96,7 хувьтай байна. Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс шүлхий өвчинтэй тэмцэхэд 176 сая төгрөг зарцуулжээ.

Сүхбаатар аймагт Засгийн газрын 2016 оны 163, 2017 оны 08, 55, 56 дугаар тогтоолоор хуваарилсан нийт 238,6 сая төгрөгийн өвс, тэжээл, 4 автомашин, малын эм биобэлдмэл, мөнгөн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж, хяналт тавьж ажилласан аж.

Мөн хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд төрийн байгууллагууд, хуулийн этгээдийн бэлэн байдлыг хангуулж, Засаг даргын нэрэмжит үзлэг, шалгалтыг явуулж, сургалт зохион байгуулав. Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн 70 ширхэг үлээгч аппарат, Шилийн гол аймгийн Ойн шугуйн албанаас өгсөн 20 ширхэг аппаратыг нөөцөд нийлүүлсэн. Масс мессежээр 3700 хүнд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж, нүүрсний болон ашигт малтмалын уурхайнуудад түймрээс хамгаалах шороон даланг босгуулах ажлыг хийлгүүлж, хяналт тавин ажиллаж байна. Аймгийн хэмжээнд нийт 16 бүлэг, 150 албан хаагч, 13 автомашиныг томилгоожуулжээ.

Тус аймагт 1,3 сая хээлтэгч мал байдгаас одоогийн байдлаар 82,3 хувь буюу 1,1 сая хээлтэгч төллөж 1,1 сая төл бойжиж байна. Нийт нутгаар зуншлага хэвийн байна.

Улсын онцгой комиссын Ажлын хэсэг иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу 6 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байрлах Бичигт авто замын шалган нэвтрүүлэх боомтод очиж, хилээр өвс экспортолж буй үйл ажиллагаатай танилцав.

Шилийн гол аймагт ажиллах үеэр Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Т.Энхбаатар нар Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн барилга байгууламжийг барих санхүүгийн асуудлыг шийдвэрлүүлэх асуудлаар Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны орлогч дарга н.Алтансүх, Ойн шугуйн албаны дарга н.Баатар нартай уулзав.

БНХАУ-ын зүгээс, Гал түймэр унтраах, аврах ангийн барилгыг барих, бараа, материал, техник, тоног төхөөрөмжийн тусламж үзүүлэх боломжтойгоо илэрхийлсэн байна.

Аймгийн Онцгой комиссоос мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх зардалд шаардагдах нийт 2,0 тэрбум гаруй төгрөг, Дарьганга сумын Засаг даргын тамгын газарт 1 автомашин, Эрдэнэцагаан суманд тохиолдсон хүчтэй шуурганы улмаас орон гэргүй болсон 5 өрхөд улсын нөөцөөс 5 гэр олгох, Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газрын автомашины гүйлтийн норм дууссан тул гамшгийн үед дайчлагдан ажиллуулах, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор 1 фургон автомашин олгох, Хилийн цэргийн 0146 дугаар ангиас шүлхийн үеэр постод хэрэглэхээр аваад дахин ашиглах боломжгүй болсон 14х6 хэмжээтэй майхны зардлын асуудлыг шийдвэрлэх хүсэлтийг Улсын онцгой комисст тавьсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хятад-Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баг цахар нутгаар …

ЗурагБНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан тус орны “Талын дуу хоолой” радион захирал Баясгалангийн санаачилгаар зохион байгуулж буй “Хөгжилд хөтөлсөн 70 жил” Хятад-Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баг зургадугаар сарын 11-ний өдөр Эрээн хот дахь сурвалжлагаа өндөрлүүлж, тус хотоос зүүн урд зүгт 200 гаруй км зайтай орших Улаанцав аймгийн зүүн хойд нутагт орших Цахар баруун гарын хойд хошууг зорилоо. Хамтарсан сурвалжлагын багт Өвөр Монголын талаас “Монгол Одон” телевиз, “Талын дуу хоолой” радио “Солонго” сэтгүүл болон Хятадын олон улсын радио зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын 10 сэтгүүлч хамрагдаж байгаа бол Монголын талаас үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, МҮОНРТ, Өнөөдөр сонин, Barilga.mn, Fact.mn, UBS телевиз, Өдрийн сонин, TV5 телевиз болон ФМ 107.5 радиогийн 12 сэтгүүлч хамрагдаж байгаа юм.

Зургадугаар сарын 11-ний өдөр хоёр орны сэтгүүлчид Цахар баруун гарын дээд хошуунд хүрэлцэн ирснийхээ дараа ордны хөгжим болох “Асар” аялгууг сонсож, Цахар соёлын музей болон Цахар баруун гарын дээд хошууны төмсний аж ахуйтай танилцлаа.

“Асар” аялгууг Юань гүрний үед зөвхөн хааны ордонд л тоглодог байжээ. Өөрөөр хэлбэл, энэ нь Монгол төрийн хүндэтгэл магтаалын дуу хөгжим байв. Тулгар төр задарснаар “Асар” аялгуу энэ хэлбэрээ алдаж, Монгол орны газар бүр харилцан адилгүй хэлбэрээр уламжлагдан үлджээ. Цахарчууд “Асар” аялгууны нэгэн төрөл болох “Адуучин асар”-ыг үе дамжуулан өвлөж, “найрын дууны тэргүүн аялгуу” хэмээн хүндэтгэн дээдэлсээр ирсэн байна. “Асар” аялгууг монголчуудын уламжлалт утсан хөгжим, ардын үлээвэр хөгжим, цохилуур хөгжим зэрэг хөгжмийн зэмсгүүдээр хавсран хөгжимддөг аж.

Өвөр Монголд өнгөрсөн зууны 60-аад оны тэртээгээс радио нэвтүүлгээр “Асар” аялгууг явуулж эхэлсэн ч өнөөдөр эл аялгууны талаар ойлголттой хүн тун цөөн байна. Тиймээс Өвөр Монголын Улаанцав хотын Цахар баруун гарын дээд хошууны захиргаа болон холбогдох албаны хүмүүс “Асар” аялгууг сэргээн хөгжүүлэх олон арга хэмжээ авч байгаа аж. Тухайлбал, “Асар” аялгууны түүхэн хөгжил бөгөөд одоогийн хөгжлийг харьцуулсан ном бүтээл хэвлүүлж, “Асар” урлагийн бүлгэм байгуулж, энэ соёлын өвийг олонд сурталчлан таниулахын тулд урлаг соёлын янз бүрийн арга хэмжээний үеэр аялгууг тоглож байна.

Өвөр Монголын ӨЗО-ны Соёлын танхим ба Түүхийн дурсгалт зүйлсийн товчооны санаачилгаар үндэсний соёлын өвөө сэргээж, хадгалан хамгаалах хүчин чармайлтын хүрээнд Цахар соёлын музейг мөн байгуулжээ. Тус музейг Өвөр Монголын ӨЗО болон Улаанцав аймгийн шат шатны удирдлагуудын бүрэн дэмжлэгтэйгээр байгуулсан гэж музейн ажилтан ярилаа.


Цахар баруун гарын хойд хошуу нь Даланхар уулын хойд хормой, Улаанцав хотын зүүн хойд хэсэгт оршдог. Энэ бүс нутагт өдөртөө их халж, шөнө нь сэрүүхэн хонодог учир төмс тариалахад тун тохиромжтой аж. Тус хошуу нь 220 мянган хүн амтай бөгөөд нийт хүн амын 70 хувь нь газар тариалангийн аж ахуй эрхэлж байна.

Тус хошуу нь Өвөр Монголын төмс үйлдвэрлэлийн гол хошуу юм. Хошууны төмсний тариалангийн талбайн хэмжээ 23 мянга гаруй га-д хүрчээ.

“Цахар” улаан төмс нь энэ нутгийн нэрийн бүтээгдэхүүн аж. Энэ төмс нь цардуул ихтэй, болц хурдан гэдгээрээ онцлогтой. Улаан төмсөөр гурил, пүнтүүз зэргийг хийж байна. Улаан төмс 1 кг нь монгол мөнгөөр 1000 орчим төгрөгийн үнэтэй бол үрийн төмс нь 3000 орчим төгрөг аж. Сүүлийн жилүүдэд Монгол, Орос, Өмнөд Солонгос, Япон, Малайз зэрэг улс руу улаан төмс экспортолдог болжээ.

Categories
мэдээ нийгэм

Элэгний вирусийн үнэгүй шинжилгээг пүрэв гаригаас авна

Элэгний вирусийн шинжилгээ зурган илэрцүүд

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын 40-65 насны иргэдээс элэгний В, С вирусийн шинжилгээ, оношилогоог үнэгүй авахаар болсон.

Нийслэлийн хүрээн дэх шинжилгээ оношилгооны ажил энэ сарын 15 буюу ирэх пүрэв гаригаас есдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл явагдах бөгөөд дээрх насны 330 мянга гаруй иргэн хамрагдах урьдчилсан тооцоо байгаа аж.

Элэгний В,С вирусийн шинжилгээ, оношилгоонд хамрагдах хүсэлтэй иргэд 2017 оны тавдугаар сарын 15-аас өмнө эрүүл мэндийн даатгалын 2016, 2017 оны шимтгэлийг бүрэн төлсөн байх шаардлагатай.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд 72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдана

Нийслэлийн нийгмийн хөгжил хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн ахалсан шуурхай ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Шуурхай хуралд Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨҮГ-ын орлогч дарга А.Хаянхярваа, Нийслэлийн Газрын албаны орлогч Д.Нямдаваа болон Нийслэлийн Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын Хот төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн Д.Хан-Уул болон гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор Улсын төсвийн концессоор нийслэл хотод 72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барихаар шийдвэрлэсэн байдаг. Энэхүү бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих төслийг хэрэгжүүлэгчээр “Рич голден буллс эдукэшн” ХХК шалгаран ажиллаж байгаа юм. Тус компани өнөөг хүртэл 15 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга угсралтын ажлыг 5-70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжлүүлж байна. Дээрх үргэлжлэн баригдаж байгаа 15 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгыг ирэх аравдугаар сарын 1-нд ашиглалтад оруулах бөгөөд нэмж 15 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажлыг энэ онд эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа шинээр баригдах 15 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын байршлыг судалж, яаралтай дүгнэлт гаргахыг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт, газрын байршилтай холбоотой асуудлыг шийдвэрлэн Нийслэлийн Засаг даргын захирамж гаргуулан шийдвэрлэхийг Нийслэлийн Газрын албанд, байршлын судалгаа болон бусад байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Боловсролын газарт, газар чөлөөлөлт болон бусад тусгагдаагүй зардлын асуудлыг төлөвлөгөөндөө тусган ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт үүрэг болголоо. Мөн эхний ээлжинд баригдаж буй 15 барилгын ажлыг хугацаандаа багтаан хүлээлгэн өгөх, шинээр баригдах 15 барилгын ажлын зураг төсөвт нөхцөл байдалтай уялдуулан өөрчлөлт хийхийг “Рич голден буллс эдукэшн” ХХК-д даалгасан юм.

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтыг 70 байсныг 85 хувьд хүргэх, гурван ээлжээр хичээллэж буй 33 ерөнхий боловсролын сургуулийг хоёр ээлжид шилжүүлэхээр тусгасан. Энэ онд дээрх 30 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих төсөл хэрэгжсэнээр ерөнхий боловсролын сургуулийн суудлын тоо 4800, цэцэрлэгийн хүүхдийн суудлын тоо 3600-аар тус тус нэмэгдэх юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш эхэлнэ

Элсэлтийн ерөнхий шалгалт зурган илэрцүүд

Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш 12:00 цагаас монгол хэл, бичгийн шалгалтаар орон даяар эхэлнэ.

Энэ жил ЭЕШ өгөхөөр 40388 шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд шалгалтыг нийслэлийн 27, хөдөө орон нутгийн 22 байранд авах юм.

Бүртгүүлсэн шалгуулагчид www.eec.mnвебсайтаар орж, бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч суудлын хуваариа хэвлэж авахыг Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулж байна. Хэвлэхдээ эхлээд шалгуулагчийн булангаар нэвтэрч ороод хувийн мэдээлэл гэсэн хэсэгт дарна. Дараа нь зүүн дээд буланд байрлах хэвлэх гэсэн хэсэгт дарж хэвлэх ёстой аж. Шалгуулагчид Монгол хэлбичгийн шалгалт болон Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр ирэхдээ дараах бичиг баримтуудыг бүрдүүлнэ.

Шалгалтад орохдоо шалгуулагчид дараахь материалыг бүрдүүлнэ:

– Бүртгэлийн хуудас,

– Суудлын хуваарь,

– Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг,

– Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг,

ЭЕШ-ын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш долоо хоногийн дараа www.eec.mn вэб сайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтэлнэ. Шалгалтын дүн, оноо, жагсаалтыг энэ оны долдугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn вэб сайтад байршуулан нийтэд зарлана. Тухайн шалгуулагчийн Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог батламжилсан батламж хуудсыг тусад нь шалгуулагч бүрд өгнө. Энэ батламж хуудас нь 2,5 жилийн хугацаанд хүчинтэй байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь