Categories
мэдээ нийгэм

Япон улсад 22 залууг буцалтгүй тусламжаар суралцуулна

Япон улсын буцалтгүй тусламжаар Монгол улсад хэрэгжүүлэх “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Засгийн газар хоорондын солилцох ноот бичигт Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Масато Такаока нар гарын үсэг зуржээ

Уг хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын ирээдүй болсон төрийн албан хаагч, залуу боловсон хүчинг Япон улсын их, дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрт тэтгэлэгтэйгээр суралцуулах зардлыг олгодог байна. Өнөөдөр ноот бичигт гарын үсэг зурснаар энэ жил 22 залуу боловсон хүчин Япон улсад үнэ төлбөргүй суралцах эрх нээгдэв.

2001 оноос хэрэгжиж эхэлсэн уг хөтөлбөрт өнөөдрийг хүртэл 280 залуу боловсон хүчин суралцаж эх орондоо эргэн ирж ажиллаж байгаа аж. Эдгээр суралцагсад төрийн захиргааны байгууллагууд, Монгол банк зэрэг олон салбарт ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Шүүгчийн сонгон шалгаруулалтын босго өндөрслөө

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр (2017.06.29) боллоо. Хэвлэлийн бага хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 103 дугаар зарлигаар баталсан “Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-ын талаар Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны дарга Н.Мөнхзул танилцуулсан юм.

Шүүхийн ерөнхий зөвлөл өнгөрсөн гурван жилийн хугацаанд явагдсан шүүгчийн сонгон шалгаруулалтад дүн шинжилгээ хийж, сонгон шалгаруулах арга, ажиллагааг илүү боловсронгуй болгосон шинэ журмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 103 дугаар зарлигаар батлууллаа.

Уг журмаар шүүгч болох хүсэлтэй хуульчид суурь шалгалт өгдөг болсон. Суурь шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулна. Суурь шалгалт нь ерөнхий болон тусгай шалгалтаас бүрдэх бөгөөд ерөнхий шалгалтаар нэр дэвшигчийн мэдлэг, ур чадварыг нийт 60 онооны шалгалтаар шалгана. Энэ шалгалтын онооны 60 хувиас дээш оноо авсан нэр дэвшигч тусгай шалгалтад оролцох эрхтэй болно. Тусгай шалгалтаар нэр дэвшигчийн ёс зүй, зан төлвийг шалгана. Ерөнхий болон тусгай шалгалт нийт 100 оноотой. Үүний 70 хувиас дээш оноо авсан тохиолдолд суурь шалгалтад тэнцсэнд тооцно.

Суурь шалгалт нь жилд 2-оос доошгүй удаа зохион байгуулагдах тул шүүгчийн сул орон тоо зарлагдахаас өмнө суурь шалгалтыг зохион байгуулж, тэнцсэн нэр дэвшигчийг шүүгчийн сул орон тоонд өргөн мэдүүлэгдэх боломжтой болсон. Тиймээс нэр дэвшигч сул орон тоо зарласан тухай бүр нэрээ дэвшүүлнэ.

Суурь шалгалтад тэнцсэн нэр дэвшигч “шүүгчийн бэлтгэл сургалт”-д хамрагдана. 24 багц цагийн бэлтгэл сургалтад бүрэн хамрагдсан нэр дэвшигч Шүүхийн ерөнхий зөвлөлийн ганцаарчилсан ярилцлагад оролцох эрхтэй.

Эдгээр зохицуулалтын дагуу шүүгч болох босго шалгуур дахин өндөр болсон гэж хэлж болох хэдий ч нэр дэвшигчид илүү боломж, өргөн сонголт бий болж байгаа. Өмнө нь нэр дэвшигч шалгалтад тэнцээгүй тохиолдолд 2 жилийн хугацаанд дахин тухайн чиглэлээр шалгалтад оролцохыг хориглодог байсан. Харин шинэ журмаар хугацаа харгалзалгүй шалгалтад дахин оролцох, шалгалтад тэнцсэн тохиолдолд нэгэн зэрэг сонгон шалгаруулалт зарласан хэд хэдэн сул орон тоонд нэрээ дэвшүүлэх боломжтой болсон.

Суурь шалгалтыг шүүгчийн сул орон тоо гарахаас өмнө урьдчилан зохион байгуулснаар сул орон тоонд богино хугацаанд шүүгч томилогдох боломжтой болж байна. Өмнөх журмын дагуу шүүгчийн сул орон тоо гарсанаас хойш 3-4 сарын дараа шүүгч томилогддог байсан. Үүнээс шалтгаалж сонгон шалгаруулалт зарласан шүүхийн шүүгчийн ажлын ачаалал нэмэгдэх, шүүхийн үйлчилгээний хүртээмж удаашрах зэрэг үр дагавартай байсан юм.

Сайн хуульчийг шүүгчээр сонгохоос гадна шүүгчийн ажлын байранд шаардлагатай ур чадвар, дадал олж авсан хуульч шүүгчээр томилогдохоор зохицуулагдсан нь “шүүгчийн бэлтгэл сургалт”-ын хүрээнд хэрэгжинэ. Нэр дэвшигч шүүгчээр томилогдохоос өмнө бэлтгэл сургалтад хамрагддаг болно.

Шүүгчийг сонгон шалгаруулахад мэдлэг, ур чадвараас гадна ёс зүй чухал үзүүлэлт. Шүүхийн ерөнхий зөвлөл хуульд заасны дагуу нэр дэвшигчтэй ганцаарчилсан ярилцлагыг явуулдаг. Энэ нь тухайн нэр дэвшигчтэй биечлэн ярилцаж, зан төлөв, харилцаа, хандлага, төлөвшилийг тодорхойлох зорилготой. Тийм ч учраас бэлтгэл сургалтын явцад нэр дэвшигчийн талаар тодорхой дүгнэлт гаргаж ярилцлагад орохоос өмнө танилцуулагдаж байх зорилготой. Тиймээс ярилцлага явуулахаас өмнө сургалт зохион байгуулахаар зохицуулагдсан. Өмнө нэр дэвшигч нь нөөцөөс нэр дэвших үед Шүүхийн ерөнхий зөвлөлийн ярилцлагад ордоггүй байсан бол одоо нэрээ дэвшүүлэх бүрд оролцохоор журамласан зэрэг олон шинэлэг зохицуулалт орсон.

Анхлан шүүгч болох хуульчийн давах босго өндөр болсон төдийгүй шүүгч карьер ахих шалгалтуудын босго ч 60 оноогоор тэнцдэг байсан бол 70 оноо болсон юм.

Categories
мэдээ нийгэм

Наадмаар эрлийз морь уралдуулбал хуулийн байгууллагад хандана

Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр наадмын комиссын хуралдааны үеэр хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооныхонд Монгол, эрлийз морьдыг ялгаж уралдуулах асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллах үүрэг өгөв. Үндэсний их баяр наадмаар хурдан морины уралдааныг зохион байгуулахдаа монгол, эрлийз морьдыг ялгаж уралдуулах арга хэмжээ авдаг хэдий ч хяналт хангалттай бус байгааг уяачид шүүмжилдэг.

Хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооноос өгч буй мэдээллээр,манай улсад идэвхтэй байдлаар хурдан хүлгээ сойдог 120 мянга гаруй уяач байдаг аж. Үүнээс 100 мянга орчим нь хөдөө орон нутгийн харьяалалтай,малчин уяачид байна. Харин үлдсэн 20 мянга орчим нь улс, аймаг, бүсийн чанартай томоохон баяр наадмын түрүүг авах сонирхол бүхий дарга, бизнесмен, төрийн өндөр албан тушаалтнууд байдаг аж. Эдгээр уяачид ихэвчлэн эрлийз морьдыг сойдог гэх мэдээллийг холбогдох албаныхан өгч байна.

Тиймээс Үндэсний их баяр наадмаар эрлийз морьдыг монгол морьтой ижил төрх шинжээр нь андуурч, ялгалгүй уралдууллаа гэсэн шүүмжлэл үүсдэг билээ. Энэ байдлыг таслан зогсоох талаар шадар сайд У.Хүрэлсүх “Монгол наадамд зөвхөн Монгол морь л уралдах ёстой. Ямар нэг арга саам хэрэглэж, Монгол морьдын уралдаанд эрлийз болон холимог цусны морь “шургуулах”-ыг оролдвол шууд хуулийн байгууллагад тухайн хүнийг өг.

Бид Монгол адуугаараа бахархах ёстой. Монгол наадмаараа төрийн сүлдэндээ залсан Монгол адуугаа уралдуулж, монгол мориныхоо удмын санг үеийн үед хамгаалж авч явах ёстой. Үндэсний баяр наадмын Хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооныхонд дээрхи асуудлыг хатуу анхааруулж байна” гэв.

Эрлийз морьдын уралдаан уламжлал ёсоороо энэ жил тусдаа зохион байгуулагдах бөгөөд уяачид уг уралдаанд холимог цусны болон эрлийз төрлийн морьдоо сойх боломжтой гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Шилдэг залуу эмчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээлээ

Жил бүр шилдэг залуу эмч нарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээдэг уламжлалтай. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналын эзнээр Хавдар судлалын үндэсний төвийн Лабораторийн тасгийн эрхлэгч их эмч, анагаах ухааны доктор Б.Энхжаргал тодорлоо.

Шилдэг залуу эмчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээх тухай Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсад анх удаа өвчтөний хавдрын генийн илрэлд тохирсон эмчилгээ болон хорт хавдрын бай эмчилгээг нэвтрүүлж, молекул генетикийн чиглэлээр хийгдэх хавдрын судалгааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Хавдар судлалын үндэсний төвийн Лабораторийн тасгийн эрхлэгч их эмч, анагаах ухааны доктор Баярсайханы Энхжаргалд шилдэг залуу эмчид олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2017 оны шагналыг хүртээсүгэй” гэжээ.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан гардуулан өгсөн юм. Шагнал гардуулсны дараар тэрээр хэлсэн үгэндээ:

“Шилдэг залуу эмчид шагнал олгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ерөнхийлөгчийн нэрэмжит 2017 оны шагналыг залуу эмч Б.Энхжаргалын онцгой амжилтыг үнэлэн хүртээлээ.

Монгол Улсад анх удаа нэвтрүүлсэн хавдрын шинэ төрлийн эмчилгээ, судалгаагаараа анагаах ухааны салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан тул тэрээр энэ шагналыг хүртэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртсэн шилдэг залуу эмч нарын маань гаргасан амжилт, бүтээл Монгол Улсын анагаахын шинжлэх ухааны салбарт цаашдаа үнэтэй жишиг болж тогтдогоороо чухал ач холбогдолтой байдаг. Үүгээрээ түүхэн ач холбогдолтой юм.

Хүн ардынхаа эрүүл энхийн төлөө зүтгэж байгаа эмч нарын дундаас шинэ судалгаа, бүтээл гаргасан эмч нарыг шагнаж байгаа нь тэдний зүтгэл бүтээлийг үнэлж байгаа томоохон хэлбэр юм. Энэ жишиг рүү тэмүүлэх нь анагаахын шинжлэх ухааны салбарынхны нэг хүсэл тэмүүлэл болж үлдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг залуу эмчийн шагнал хүртсэн Б.Энхжаргалд амжилт хүсье. Анагаахын салбарынхан, эмч нартаа сайн сайхныг хүсэн ерөөе” гэв.

Categories
мэдээ нийгэм

Хүчтэй салхи, мөндрийн улмаас зургаан аймгийн 125 сум цахилгаангүй болж, онцгой байдал зарлан ажиллаж байна

Архангай, Булган аймгийн нутаг дэвсгэрт урьд шөнө хүчтэй салхи шуурч, мөндөр орсны улмаас Эрдэнэт – Булганы 110 КВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд осол гарчээ. Нийт 56.4 км-ийн урттай шугамд 14 төмөр бетон тулгуур хугарч унасан бөгөөд зургаан аймгийн 125 сум одоогийн байдлаар цахилгаангүй байна. “ЦДҮС” ТӨХК-ийн “Эрдэнэт” дэд станцад 2017.06.28-ны 21:57 цагт гарсан гэмтлийн улмаас Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан аймагт тог цахилгаан тасраад байгаа юм.

Эрчим хүчний сайдын тушаалаар“ЦДҮС” ТӨХК-ийн хэмжээнд онцгой нөхцөл байдлын үед ажиллах бэлэн байдлыг зарласан. Энэ хүрээнд шөнийн 02:00 цагт Хангайн бүсийн салбар, Хархориноос 10 хүний бүрэлдэхүүнтэй фургон, вышкатай бригад, 02:30 цагт Багануур ЗӨБ салбараас долоон хүний бүрэлдэхүүнтэй фургон машинтай бригад гэмтлийг арилгахаар гарсан байна. Улаанбаатар салбараас 13 хүний бүрэлдэхүүнтэй маяти кран, 1 25 тоннын Хово кран, 1 КАТ / газар ухагч машин / таван ширхэг төмөр бетонон тулгуур ачиж 05.34 цагт гарчээ.

Одоогийн байдлаар Тайширын УЦС, Богдын УЦС нь Завхан, Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийг усны эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна. Тайширын УЦС хоёр турбины горимоор 6 МВт, Богдын голын УЦС 1 МВт –ын ачаалалтай зэрэгцээ ажиллж байна.

Байгалийн аюулт үзэгдэл, онц аюулт үзэгдлийн улмаас үүссэн ослыг арилгах яаралтай арга хэмжээ авч, Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан ажлын баг газар дээр нь ажиллаж байна гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Эхнэрээ алгадсан, фэйсбүүк хаяг руу нь орсон, нууцаар бичлэг хийсэн шалтгаанаар баривчлах ялаар шийтгүүлж

Гэртээ согтуу ирээд эхнэрээ алгадсан эр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэ хуулиар шийтгүүлжээ. Түүнд шүүхээс Цагдан хорих төвд 25 хоног баривчлах ялаар шийтгэсэн байна. Мөн хүүхдээ гэрийн даалгавраа хийсэнгүй хэмээн зодсон эмэгтэй мөн л шийтгүүлсэн гэнэ. Энэ талаар сурвалжлахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Ганц худаг дахь 441 дүгээр ангид очлоо. 09:00 цагаас эхлэн уулзалтын байр дүүрэн хүнтэй байв. Биднийг очих үед Гэр бүлийн хүчирхийллийн хуулиар шийтгүүлсэн залуус ар гэрийнхэнтэйгээ уулзаж байлаа.

МУБИС-ийн багш баривчлагдаад иржээ. Тэрбээр ажлынхантайгаа уулзахдаа “Та хэдтэй ууж байгаад гэртээ харьсан юм. Тэгсэн эхнэр үглээд байхаар нь цохиж аваад баахан орилж хашгирсан байна лээ. Хажуу айл цагдаа дуудчихсан байсан. Эхнэр цохиулсан уурандаа цагдаад өргөдөл бичээд өгчихсөн. Тэгээд л 72 цагийн баривчилгаанд тэр шөнөдөө яваад тэндээсээ шууд шүүх хуралд орсон. Шүүгч надтай хамт гэр бүлдээ агсан тавьсан бүх хүнд 25 хоногийн ял өгсөн. Эхнэр цагдаад өгсөн өргөдлөө маргааш нь татаж авах гэж оролдоод чадаагүй гэсэн. Шинээр хэрэгжиж байгаа хуулиар өргөдөл өгсөн л бол эргүүлэн татаж авах ямар ч боломжгүй болчихсон юм байна. Ингээд баларч байна. Наадмаар энд л хоригдоод суух нь” хэмээн ярьж байлаа. Цагдан хорих төвийн ажилтнуудын хэлж байгаагаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотойгоор баривчлах ялаар шийтгүүлсэн олон залуу байгаа аж. Долоо хоногт 40 гаруй хүн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотойгоор ял аваад ирдэг байна. Бүр 30 хүн хорих ёстой камерт 98 хүн хоригджээ. Өчигдрийн байдлаар таван камерт тус бүртээ 50 гаруй хүн хоригдож байгаа аж. Алба хаагч нарын хэлж байгаагаар шинэ хууль ямар хатуу болчихсон гэдгийг залуус ерөөсөө мэдэхгүй байгаа гэнэ. Шинээр батлагдсан хуулийн талаар ойлголт мэдлэг тааруу байгаагаас болж баривчлах ялаар шийтгүүлж байна. Хуулийн талаар олон нийтэд маш тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй гэдгийг тэд онцолж байв.

С.МӨНХЗОРИГ: ЭХНЭРЭЭНЭГ УДАА АЛГАДААД Л 25 ХОНОГИЙН БАРИВЧИЛГААНД ЯВЧИХЛАА

Эхнэртээ агсан тавиад 25 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн С.Мөнхзоригтой уулзаж ярилцлаа.


-Яагаад баривчлах ялаар шийтгүүлчихсэн юм бэ. гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэ хууль батлагдсан гэдгийг мэдэж байсан уу?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсан гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсныг санаж байна. Гэр бүлийн хүчирхийлэл гэхээр ойр дотны хүмүүстээ байнга агсан согтуу тавьдаг, сэтгэл зүйгээр нь дарамталж, зодож нүдээд биед нь хүнд бэртэл гэмтэл учруулдаг хүмүүс гэсэн ойлголттой байсан. Шинээр батлагдсан хуулийг ч гэсэн эдгээр хүнд зориулсан гэсэн ойлголттой байлаа. Тэгсэн тийм биш юм байна. Яагаад баривчлах ялаар шийтгүүлсэн юм бэ гэхээр манай ажлын ажилтны хүүхдийн даахь үргээх ёслол болсон юм. Үсний найранд ажлынхантайгаа ороод архиар шахуулаад согтсон. Гэхдээ өөрийгөө удирдах чадвартай байсан. Тэгээд найрнаасаа гараад шууд гэртээ харьсан юм. Гэрийнхээ хаалгыг тогштол онгойлгож өгөхгүй нэлээд удсан. Орцонд зөндөө удаан зогсоод бухимдаад эхнэртэйгээ муудалцсан. Гэртээ хашгирч байгаад эхнэрээ алгадчихсан. Удалгүй бид хоёр эвлэрээд унтаад өгсөн. Маргааш нь ажил дээрээ очоод байж байтал цагдаа нар хүрч ирээд шууд 72 цагийн баривчилгаанд явууллаа. Тэгсэн эхнэр өөрийнхөө ээжид намайг согтуу ирээд “Агсан тавьсан, алгадсан” гээд хэлчихсэн юм байна. Хадам ээж цагдаад өргөдөл өгчихсөн байна лээ. Намайг хашраах гэж л өгсөн гэж яриад байгаа. 72 цаг хоригдож байтал шууд шүүх хурал болчихсон. Өмгөөлөгчгүйгээр шүүх хуралд орлоо. Эхнэрээ алгадаж авсан уу гэж асуухаар нь “Тийм ээ” гээд үнэнээ хэлчихсэн юм. Тэгсэн шууд 25 хоног баривчлах ялаар шийтгэсэн. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь баталчихсан. Ингээд л баларч байна.

-Танай гэр бүлийн хүн ирж уулзсан уу?

-Ирж уулзаагүй байна. Манай гэрийнхэн ирсэн. Хадам ээж өргөдлөө буцааж авах гэсэн боловч чадаагүй гэсэн. Шинэ хуулиар өргөдөл өгсөн л бол гомдлоо буцаан авах боломжгүйгээр шийдчихсэн байна лээ. Цагдаа нарын хэлж байгаагаар өмнө нь нөхөр нь согтуу ирээд эхнэр, хүүхдээ зодоод байдаг байсан. Нүдийг нь булуу болтол цохичихсон. Хамаг бие нь хөх няц болчихсон байдаг. Цагдаа нарт өргөдөл гаргаад өгдөг. Хуулийнхан саатуулсны дараа гэрийнхэн нь өргөдлөө буцаая гээд татчихаар нөгөө нөхөр батлан даалтад гараад эхнэрээ дахин зодоод байдаг байсан гэсэн. Үүнийг таслан зогсоохын тулд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, өргөдөл гомдол цагдаад гаргасан л бол шууд баривчлах ялаар шийтгүүлж байна. Өргөдлөө эргүүлэн татаж аваад гомдолгүй гэсэн гарын үсэг зураад баривчилгаанаас чөлөөлөх ямар ч боломжгүй болчихжээ. Хуулиараа баривчлах ялаар нэг удаа шийтгэнэ. Дахиж гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зөрчил гаргавал шууд Эрүүгийн хэрэг үүсгээд 2-5 жилийн хорих ялаар шийтгүүлэх юм байна. Надтай хамт 90 гаруй хүн хоригдож байна. Хуулийн заалтыг амьдралд нийцэхгүй, хэт нэг талыг барьсан байна гэж хоригдож байгаа залуус хэлж байна. Мөн гэр бүл салалт үүнээс болж үүсч байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сараас эхэлсэн хуулиар их олон хүн шийтгүүлсэн байна лээ. Алба хаагч нарын хэлж байгаагаар энэ хуулиас болж олон гэр бүл салж, хүүхдүүд өнчирч байна гэж ярьж байна лээ” гэв.

ХҮҮХДИЙНХЭЭ ГЭРИЙН ДААЛГАВРЫГ НЬ ХИЙЛГЭХДЭЭ ЦОХИСОН ЭЭЖИД 14 ХОНОГИЙН ХОРИХ ЯЛ ӨГЧЭЭ

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэ хуулиар хэрхэн шийтгүүлж байгаа талаар асууж тодрууллаа. Сонгинохайрхан дүүргээс 40 гаруй настай нэгэн эмэгтэй 14 хоногийн баривчлах ялаар шийтгүүлээд иржээ. Тэр эмэгтэйн хүүхэд гэрийнхээ даалгаврыг хийхгүй гадуур тэнээд байсан гэнэ. Багш нь ээжид нь сурлагадаа муудаад байгаа гэдгийг хэлсэн байна. Ингээд гэрийн даалгаврыг нь хийлгэж байсан ээж уурандаа хүүхдээ цохиод авсан аж. Гэтэл хүүхэд нь цагдаа дуудаад өгчихсөн аж. Ингээд л гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн үзэж хорих ялаар шийтгэжээ. Мөн 17 настай хүүхэд хоригдож байгаа гэнэ. Сургуулийнх нь хонхны баяр болох гэж байгаатай холбоотойгоор ангийн хүүхдүүд нь 30 мянган төгрөг хураажээ. Тэгээд аав, ээжээсээ 30 мянган төгрөг нэхсэн байна. Үүнээс болж аавтайгаа муудалцаж аавыгаа цохиод авчээ. Ингээд цагдаа дуудаж, 14 хоног сатуулах ялаар шийтгүүлсэн аж.

ГАДААДАД БАЙГАА ЭХНЭР НЬ НӨХРӨӨ БАРИВЧЛУУЛЖЭЭ

Шведэд амьдарч байгаа Батсүрэн гэх эмэгтэй Нийслэлийн шуурхай удирдлагын төвд гомдол гаргасан байна. “Манай нөхөр гэртээ агсан согтуу тавиад байна. Над руу утасдаж, ална гээд дарамтлаад байна. Манайд очоод юу болж байгааг мэдээд өгөөч” гэсэн хүсэлт гаргажээ. Цагдаа нар гэрт нь очиж шалгаад эхнэрээ айлган сүрдүүлж дарамталсан гэх үндэслэлээр шүүх рүү хэргийг нь шилжүүлсэн байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс нөхөрт нь 25 хоногийн баривчлах ял оноожээ.

ЭХНЭРИЙНХЭЭ ӨӨР ХҮНТЭЙ УУЛЗАЖ БАЙГААГ ГАР УТСАН ДЭЭРЭЭ БИЧЭЭД ХОРИХ ЯЛААР ШИЙТГҮҮЛСЭН БАЙНА

Цагдан хорих төвийн ажилтнуудын хэлж байгаагаар сонин тохиолдлоор баригдсан хэд хэдэн хүн байгаа гэнэ. Эхнэр нь ажлынхантайгаа гадуур гарч байгааг мэдэхээр фэйсбүүк хаяг руу нь Батсугар гэх залуу орсон байна. Ажлынхантайгаа хоорондоо бичилцсэн мессэжийг уншиж байгаад наргиж байгаа газар нь яваад очсон юм байх. Тэгээд эхнэрийнхээ ажлынхантай муудалцаж байгаад эргүүлийн цагдаад баригдаж эрүүлжүүлэгджээ. Маргааш нь хорооны цагдаа байцаалт авч, эхнэрийнхээ байгаа газрыг яаж олж очсон талаар асуусан гэнэ. Мань эр ч фэйсбүүк хаягаар нь орж мэдсэн гэдгээ мэдүүлжээ. Тэгэхэд эхнэрээ хууль бусаар тагнасан гэх үндэслэлээр 30 хоногийн баривчлах ял оноочихсон байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүний нууцад халдаж, тагнах нь хууль зөрчсөн ноцтой асуудал болж байгаа гэнэ. Мөн эхнэрийгээ өөр хүнтэй уулзаж, нялуурч байгаа бичлэгийг хийсэн залуу мөн л 25 хоног саатуулагджээ. Удахгүй цагдан хорих төвөөс суллагдах гэж байгаа гэсэн. Түүнчлэн Нийслэлийн шуурхай удирдлагын төвд “Манай нөхөр уурлаж, зодоод байна” гэсэн дуудлага иржээ. Цагдаа нар дуудлагын дагуу шалгалт хийж, Жаргалсайхан гэх залууг саатуулсан байна. Хэргийг шалгаж байгаа цагдаад “Манай эхнэр өөр хүнтэй явалдаад байсан юм. Худлаа гэвэл бичлэг нь энэ байна” гээд гар утсан дээрх бичлэгээ үзүүлсэн гэнэ. Гэтэл хууль бусаар бусдыг тагнаж чагнан гүйцэтгэх ажиллагаа хийсэн байна гэх үндэслэлээр буруутгаж шийтгүүлсэн аж.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэ хуулиар эрчүүд ингэж л баларч байна. Шинэ хуульд ямар зүйл заалт байгаа, ямар үйлдэл гаргавал хорих ялаар шийтгүүлэх вэ гэдгийг залуус мэдэхгүй байгаагаас үүдэн баривчлагдаж байна. Мөн ихэнх нь ажлаасаа халагдаж, гэр бүлээсээ салж байна. Ямар ч хууль сайн муу талтай байдаг. Хэдийгээр гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоож, хаалганы цаана хүүхдээ, эхнэрээ зодож, дарамталж, амь насыг нь хөнөөх онц ноцтой гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадаж байгаа ч олон гэр бүл үл ойлголцох байдалд хүрч, зарим талаар гэр бүлийн ариун нандин харилцаанд сэв суулгаж байгааг хэлэх хүн олон байна. Хамгийн харамсалтай нь гэр бүл салалтын золиос нь хүүхэд болж байна.


Categories
мэдээ нийгэм

Наршсан үед бие сулрах, толгой эргэх, өвдөх шинж илэрдэг

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар +30 градусыг давж халах тул хуурайшилт болон наршилтаас сэрэмжтэй байхыг Эрүүл мэндийн яамнаас сэрэмжлүүлж байна.

Эдгээр өдрүүдэд ихэнх нутгаар 3-5 хоног үргэлжлэн 30 градусыг давж халж, хурц нартай байх тул бага насны хүүхэд болон хууч өвчтэй, жирэмсэн, ахмад настан, зүрх судасны өвчтэй хүмүүс наршилтаас хамгаалах урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эрүүл мэнддээ анхаархыг нийт ард иргэдэд зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Зорчигчийн бие гэнэт муудаж, онгоцонд явсан эмч нар амийг нь аварчээ

МИАТ компанийн Бээжин-Улаанбаатар чиглэлийн “ОМ-224” нисэх онгоцонд энэ сарын 25-нд зорчиж явсан нэгэн иргэний бие гэнэт мууджээ. Азаар тус онгоцонд зорчиж явсан эмч нар өвчтөнд цаг алдалгүй яаралтай тусламж үзүүлж амийг нь аварсан байна. Тухайн иргэнд нисэх онгоцны үйлчлэгч нар анхан шатны тусламж үзүүлсэн ч биеийн байдал нь сайжрахгүй байжээ.

Онгоц Улаанбаатарт газардахад өвчтөнийг эмнэлэгт хүргэсэн гэнэ. Бээжин- Улаанбаатар чиглэлд бие нь өвдсөн өвчтөнд мэргэжлийн туслалцаа үзүүлж, амийг нь аварсан эмч нар АШУИС-ийн Дүрс оношлогооны тэнхмийн эрхлэгч Эрдэнэбилэг, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн мэс заслын эмч Б.Онон, Б.Ган-Эрдэнэ нар ажээ.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг төрийн албан хаагчийн хуулийг хэлэлцэж байна

Сонгуультай холбоотойгоор түр завсарлаад байсан УИХ-ын чуулган өнөөдрөөс хуралдана. Намын бүлэг, байнгын хороодын хуралдааны тов зарлагдсан.

УИХ дахь АН-ын бүлэг “Их эзэн Чингис хаан” танхимд хуралдаанаа эхлүүлсэн. МАН-ын бүлэг харин хуралдахгүй гэж шийджээ. АН-ын бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлуудаар байр сууриа нэгтгэж байгаа юм байна. Тус бүлгийнхэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.

Бүлгийн хуралдааны дараа Төрийн байгуулалтын байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдахаар товлосон юм.

Categories
энтертаймент-ертөнц

Уламжлалт анагаах ухааны ангийн анхны төгсөгчид уулзлаа

Манай улс уламжлалын чиглэлээр хүний их эмч бэлдээд 26 жил болсон. Анагаах ухааны их сургуулийн Уламжлалт анагаах ухааны ангийг анх 1993 онд төгсөгчид өнөөдөр уулзлаа. Төгссөн цагаасаа уламжлалт анагаах ухааны чиглэлээр эрүүл мэндийн салбарт тууштай ажиллаж байгаа олон арван төгсөгчид энэ ангийнх ажээ. Тухайлбал Монголын анагаах ухааны академийн гишүүн, академич, Анагаах ухааны шинжлэх ухааны доктор, дэд профессор Ш.Болд, Д.Цэрэндагва, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нарыг дурдаж болно. Тухайн үед АШУИС-ийн анги бүрээс онц сурлагтангуудыг цуглуулан Уламжлалт ангаах ухааны ангийг бүрдүүлж байсан, бүгд түвд хэлтэй мундаг оюутнууд байсан талаар Эмийн ургамлын багш Б.Хүдэрчулуун дурсан ярьж байсан юм.

Монголын Уламжлалт Анагаах Ухаан нь олон мянган жилийн түүхтэй, нотолгоонд суурилсан биеэ даасан анагаахын шинжлэх ухааны нэгэн томоохон салбар юм. Эрүүл мэндийн салбарт УАУ-ы хэрэгцээ, шаардлага сүүлийн жилүүдэд Азидаа төдийгүй дэлхий даяар асар хурдтайгаар өсөн нэмэгдэж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад ч УАУ-ы тусламж үйлчилгээний хэрэглээ, төсөв санхүүжилт жил тутам нэмэгдсээр байгаа нь УАУ-ы оношилгоо, эмчилгээний үр дүн өндөр, өртөг бага, хувь хүн тус бүрийн онцлогт тохирсон эмчилгээг хийдэг, байгалийн гаралтай, аюулгүй, хүртээмж, чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэгтэй холбоотой юм. Тухайлбал, Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуульд “Хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны дэвшилтэт аргад тулгуурлан үзүүлэх” гэж заасан байдаг. УАУ-ыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогийн хүрээнд УАУ-ы эмнэлгийн тусламж үйлчилгээ, сургалт, эрдэм шинжилгээ, эм үйлдвэрлэлтэй холбоотой хууль эрхзүйн олон баримт бичгүүдийг батлан хэрэгжүүлж байна.