Categories
мэдээ цаг-үе

СУУ АЛДАРТНУУДЫН ӨЛГИЙ: Домогт “Буур” Жамъян аваргын төрсөн нутаг Тэрхийн голын хөвөөгөөр (I)

Буур аваргын төрсөн бууцанд. Ц.Гэлэгжамц гуай, дүү Ц.Лхагваагийн хамт

Монгол төрийн наадамд хоёр түрүүлж, нэг үзүүрлэж, 13 удаа шөвгөрсөн домогт хүчтэн, олон түмнээ “Буур” хэмээн алдаршсан Нацагийн Жамъян аваргын өлгий нутаг Архангай аймгийн Цахир сумын Тэрхийн голын тэмдэглэлээ хүргэж байна.

Арын сайхан хангай бол монгол бөхийн өлгий нутаг юм. Бөхөө дээдэлдэг түмний дунд домог түүх мэт алдаршсан Лу гүний Вандан аваргаас улбаалан эдүгээ цагийн монгол төрийн наадмын зүүний магнай даяар дуурсагдах дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр гээд үе үеийн хүчтэнүүд төрж гарсан.

Ийм л авшиг ерөөлтэй, эрийн хийморь сэргээсэн ус нутгаар хаврын сүүлч сарыг өртөөлж, Тэрхийн цагаан нуур баринтгаа задлан, ангир шувууд ганганалдсан тэлэмгэр цаг дор Тариатын хүрээ, Цахирын уулсад хүрч очсон. Тэгэхдээ “Буур” аваргынхаа төрсөн бууц Тарантын өвөлжөөний салхи савирыг амсаж, хойд урд Тэрхийн голын хөвөөгөөр Өсөхөө аваргын аав Гэлэгжамц гуайтай аяны дөрөө харшуулсан шигээ хэдэн өдрийн туршид хууч дэлгэж яваад ирлээ. Миний бие хангайн сайхан нуруу Бөхөн шарын тэргүүн, Идэрийн голын хөвөөнөө эх хэлний чуулганд оролцчихоод Тосонцэнгэл, Их-Уулаар дайран Солонготын давааг давж Архангайн Цахир руу орж ирэхүйд Гэлэгжамц гуай хүүгийнхээ ганган хар жийптэй угтаж авав.

Аливаа зүйлийн учир ерөөл, бэлгэдлийг бодох дуртай надад нэг л сайхан бодол сэтгэлд бууж байлаа. Тавдугаар ангийн жаалхан сурагч ахуйдаа “Эрийн гурван наадам” хэмээх нимгэхээн номыг амтархан уншиж, тэрхүү номын эхний бүлэг “Буур” Жамъян аваргын ярилцлага надад онцгой сонин санагдаж байсан сан. Амбатны цагаан Жигмэд буюу Орхонсэлэнгэ гуайн Буур аваргатай хийсэн тэрхүү ярианд “Чиний бөхийн дэвжээ хол бий гэж жаахан Дамбий багш минь Солонготын даваан дээр хэлж билээ” гэж бий. Надад огтоос мартагддаггүй юм. Солонготын даваа хэмээн уншихуйд солонгорсон ер бусын уул нүднээ үзэгдэн, бараа дүрийг нь харахын хүслийг өдөөж, хөдөөх суурингийн балчир хүүгийн ухаанд тодоор хадгалагдсан байлгүй. Эл бүгдийг эргэцүүлэн бодсон шигээ Цахирын сууринд Гэлэгжамц гуайтай уулзан золголоо. Домогт аваргын ганц охиных нь хань, Өсөхөө аваргын аав эл эрхэм өдгөө 83 нас хүрч байгаа ч хөнгөн шингэн гэж жигтэйхэн. Өсөхөө аварга өөрийн жолооч Э.Болор-Эрдэнийг аавынхаа хамт өвөөгийнхөө нутаг руу явуулжээ. “Буур аваргын төрсөн нутгаар дүү хүү нь нэг яваад ирье. Манай сонин “Суу алдартнуудын өлгий” хэмээх цуврал нийтлэл явуулж байгаа юм” хэмээн аваргад дуулгахад таатайяа хүлээн авсан билээ.

“Хэдүүлээ эхлээд аавын хөшөөн дээр очъё” гэж Гэлэгжамц гуай хэлж байна. Ерэн есөн онд 100 жилийнх нь ойгоор Цахир сумын төвд энэхүүг хөшөөг босгожээ. Буур аваргын идэр залуугийнх нь дэвж буй хөрөгтэй боржин чулуун хөшөө байна. Хөшөөний өмнө хүчит аваргын морио аргамжиж байсан чулууг нь өвөлжөөнийх нь хормойноос олж авчирч хүндэтгэлтэйгээр байрлуулжээ. Аргамжааных нь чулууг барагцаалахад 60, 70 килограмм лав бий байх шүү. Хориод жилийн тэртээд хөшөөг босгоход бүслүүрдэж орхисон хадаг ч юм уу, ямартай ч олон жилийн нар салхинд сэмэрч гандсан хадгийг нь эвхэж авлаа. “Энэ ч дэмий болж дээ” гээд өвгөн авчихна лээ. Сэмэрч гандсан хадгийг нь эмхлээд авахад хөшөө бас ч гэж гэрэлтээд ирж байгаа юм. “Хөгшнийг мэдэх хүмүүс нутаг нугад нь одоо цөөрсөн дөө, аргагүй. Гэхдээ ганц хоёр хүнтэй уулзалгүй яахав” гээд эхнийхээ айлд давхиад буусан нь ар халхын алдарт “шахаа” Ганбаагийнх байж таарав. Түүхий эдийн ченж тэрээр хашааныхаа хаалганы дээд талд “Халхын алдарт шахаа Ганбаа” гэж самбар хадсан нь нүдэнд сүрхий тусна лээ.

Буур аварга, Их Монгол Шаравжамц аваргыг засч буй нь. 1946 он

“Гэлэгжамц гуай манайд шууд ирэх нь учиртай. Миний хань чинь Батцэнгэлийнх. Манай хадам аав Өсөхөө аваргын бага ангийн багш байсан. “Тунгалагтамир” хоршоололд энэ хүний удирдлагад алдарт Минжүүр баатар бид хоёр ажиллаж байлаа. Манай аавыг шатрын Пунцагаа гэдэг. Үнэндээ шатрын мастер байлаа. Архангайд манай аав, хар Дансран гуай, Гээвий гуай энэ хэд л гайхагдана. Буур аваргыг би мэднэ. Шатрын аймгийн идэрчүүдийн аваргад оролцохоор очиход спорт хорооны дарга Дамдинсүрэн гуайн өрөөнд аваргатай таардаг байсан.

1993 онд Тэрхийн голын хөвөөнд зусч байхад Өсөхөө аварга дөнгөж сумын заан болчихоод өндөр гозгор залуу манайд ирж байлаа. Сүүлд өвөөгийнхөө 100 жилийн ойгоор манайд ирсэн” гээд Пунцагийн Ганболд бараг л нэг амьсгаагаар өгүүлэх нь тэр. Нүд ам нь гялалзаж гялтганаад сүртэй ч хүн байна.

Тэднийд хоёр сайхан цөлх эр биднийг хүлээж суусан нь Тариатын сургуулийн сурагч байхдаа Буур аваргад модыг нь хөрөөдөж өгдөг байсан багачуудын төлөөлөл ажээ. Домогт аваргын модыг хөрөөдөөд гүйлдэж байсан тэд жар хол давсан хижээл насны эрчүүд болжээ. “Цахир сум тараад Тариаттай нийлчихсэн байх тэр үед буюу далаад оны эхээр би Тариатын сургуулийн зургаа, долдугаар ангийн сурагч байлаа. Тариат суманд хуучин “тавын гудам” гэж байсан. Тэнд гүйлдэж явтал нэг өдөр жигтэйхэн өндөр, урьд хожид үзэгдээгүй сонин хүн харагдсан нь алдарт Буур Жамъян аварга байсан. Том биетэй өндөр янхигар тэр хүн гудманд суучихаад гар хөрөө гэмээр, өөрт нь бол дэндүү богино харагдахаар тийм хөрөөгөөр модоо хөрөөдөж суудаг байв. Эхэн үедээ хүүхдүүд бид аваргыг тойрон бүчиж, сонжиж шавдаг байв. Аварга хүүхдэд жигтэйхэн сайн. Инээд алдаад биднийг хооронд нь барилдуулаад, модоо хөрөөдүүлээд л юм юм болно шүү дээ. Ингэж л Тариатын “тавын гудам”-д Монголын домогт хүчтэнтэй мод хөрөөдөж явсан азтай хүүхдүүдийн нэг яах аргагүй би мөн юм” гэж Цахир сумын хойд Тэрхийн голоор нутагтай Сэнгэравдангийн Дэлгэрцогт гуай хууч дэлгэлээ.

Тариатын худалдаа бэлтгэлийн ангид агент, дараа нь бригадын тоо бүртгэгч гээд хариуцлагатай албыг хашиж явсан тэрээр “Манай Цахираас нэртэй, төртэй олон хүн төрсөн. Раднаасүмбэрэлийн Гончигдорж, “Бридж” группийн Даваажавын Ганхуяг нарын төрийн түшээд байна. Мөн “Портуна” Батбаярын төрсөн ижий нь хойд Тэрхийн хүн юм. Мах комбинатаас төрсөн хөдөлмөрийн баатар Халтархүү, өнөө жил шинээр академич болсон физикийн шинжлэх ухааны Дэлэгийн Сангаа гээд олон хүнийг нэрлэх байна. Түүхийн хуудсанд арилшгүй мөрөө тод үлдээсэн агуу нь домогт аварга маань юм даа гэж тодотгосон.

Дэлгэрцогт гуайг ийн хууч дэлгэж суух зуур “Манай хөгшин Буур аварга хоёр шатар тавина аа. Хааяа яваад ороход хоёр хөгшин маргачихсан сууж байдаг сан” гэж мөн л энэ нутгийн унаган хүү Ванчигийн Ванчаарай ах пал палхийтэл инээд алдаад ярианд оров. Мань эр мөн л далаад оны эхээр Тариатын “тавын гудам”-д хүчит аваргад модыг нь хөрөөдөлцөж явсан хүүхдүүдийн нэг. “Аваргын хашаанд 27 настай гэх манхан хүрэн халзан морь байсан. Адуу тэгж өндөр насалдгийг би сайн мэдэхгүй л дээ. Өндөр янхигар хүрэн халзан морийг буур аварга тэжээнэ. Өөрөө ч тэрхүү морь шигээ өндөр янхигар том хүн. Тэр хавар халзан морь их дор орсон. За хүүхдүүдээ энэ амьтныг нэг өргөөд босгоодохооч. Өөрөө босох тэнхэлгүй болжээ гэж Буур аварга биднийг дуудна. Бид морины хоёр талд гараад л нэг, хоёрын гурваа гээд л өргөнө дөө. Заримдаа ч хөл дээр нь босгож чадалгүй унагаад л бөөн л инээдэм болдог сон. Тэрхүү дурсамж санаанд ойр байна” гэв. Ванчаарай аймгийн начин цолтой, Цахир, Тариатын наадамд найман удаа түрүүлж, наяад оны дундуур манаргаж явсан эр гэнэ.

Өвгөн аваргын бөхийн түүхтэй холбогдуулж нэгэн дурдатгалыг өгүүлллээ. Жамъян аваргыг төрийн наадамд түрүүлэхэд Маршал Чойбалсан дуудаж баяр хүргээд “Танай хошуу нутгаас чамаас өөр барилддаг бөх бий юу” гэж асууж л дээ. Тэгэхэд нь Тариатын Төмөрбаатар арслан, одоогийн Завханы Тосонцэнгэлийн Дамбуу заан, Хөвсгөлийн Галтын “пүг” Жамъян заан нарыг нэрлэсэн байна. Дараа жилийн наадамд Далай чойнхор вангийн хошууны эдгээр бөхчүүдээ дагуулж ирэхийг Маршал аваргад захижээ. Ардын хувьсгалын таван жилийн ой буюу 1926 оны наадамд Буур аварга арав даван түрүүлж Монгол Улсын аварга цол, дагуулж очиж барилдсан Шагжийн Төмөрбаатар нь ес даван үзүүрлэж, улсын арслан цол хүртэж, Дамбуу нь долоо давж их шөвөгт шалгарч байсан түүхтэй. Хоёр жилийн дараа 1928 оны наадамд Буур аварга дахин түрүүлж, даян аварга цол хүртэн, Дамбуу заан долоогийн даваанд алдар “мээтэн” Аюур арсланд, “пүг” Жамъян мөн л долоогийн даваанд Архангайн “босоо” Банзар арсланд тахимаа өгч байсан гэдэг. Ингэж л Далай чонхор вангийн хошууны бөхчүүдийг Буур аварга төрийн наадамд Маршалын захиасаар дагуулж очин, бөхийн өндөр цолонд хүргэсэн юм билээ.

Хорин таван оны улсын наадамд зодоглохоор алдарт Лу гүний Вандан аварга тэргүүтэй бөхчүүд Тэрхийн цагаан нуур, Гурван тамирын хөндийгөөс нийслэл хүрээ, Хүй мандлын дэвжээ, Яармагийн дэнжийг зорьж иржээ. Тэдгээр хүчтэнүүдийн дунд аймгийнхаа наадамд хоёр жил дараалан түрүүлээд буй Нацагийн Жамъян хүү ирсэн байв. Төрийн наадамд анх зодоглох гээд хөөрч догдлон ус нутгийн Вандан аваргаа даган ирсэн нь тэр. Тухайн үед 1000 гаруй бөх зодоглон, наадам долоон өдөр болдог байсан. Түшээт ханы улаан Шарав заанаар хоёр давсан Жамъянг Төв аймгийн Дэлгэрхаан сумын олноо “молиго бүргэд” хэмээн алдаршсан Пэлжидийн Бат-Очир арслан амлан авчээ. Бат-Очир арслан тэгэхэд заан цолтой байж. Буур аварга хүчит арсланг хожим нь ийн дурссан байдаг юм. “Төрийн наадамд анх зодоглосныг ч хэлэх үү, алдар цолтой олон хүчтэнүүдийн сүр бараанд дарагдаад, үнэндээ зүрх шимширмээр байж билээ. Гурвын даваанд молиго бүргэд арслан амласан дуулдсан. Вандан аварга л чамайг тэр авчээ гэж хэлж байгаа. Барилдахын өмнө арсланг харлаа. Улаан хүрэн шуудагтай, гүн цэнхэр далбаатай, дөрвөлжин том цээжтэй, хүзүү нь сарлагийн бухных шиг лухайсан хүрэн бор эр хангарьд шиг л дэвж байна. Мөн ч сүрдмээр дээ” гэсэн нь бий.

Хүчит арсланг өвдөглүүлсний дараа тал талаас бөхчүүд ирж уулзан мэнд усаа мэдэлцэн нутаг усыг нь асууж сонирхож эхэлсэн нь мэдээж. Дараа нь алдарт “мээтэн” Аюур арслан амлаж авч л дээ. Жамъян хүү ганцтай хүчтэй суйлчихаад явчихсан юм биз. Ингэж л анх зодоглосон наадмынхаа их шөвөгт “Халхын гурван босоо” гэгдэж байсан Лу гүний Вандан аварга, Хан Хэнтийн Гаанжууржавын Самдан аварга, Завханы Сосорын Шагдар нартай үлдсэн түүхтэй.

Ганбаа ахынд домог бөхийн тухай ийм үнэн бодит яриа хөөрөө ундарч, Гэлэгжамц гуайг гэнэт хүрээд ирсэнд ажил алба, ахуй амьдрал ойр явсан хүмүүс хөхин баясч суулаа. Тэднийхээс гараад хэдхээн гудамны цаахна байх Чимээхүү гэж хөгшнийд очив. Өдгөө ная хүрч яваа энэ буурал Өсөхөө аваргын сумын заан цолных нь байны адууг хэдэн жил сүрэгтээ малласан нэгэн ажээ. Жаран зургаан онд тарсан сум ерэн хоёр онд буцаж байгуулагдах тогтоол гарч, ерэн гурван онд Цахирынхан сум дахин байгуулагдсаны баярыг өргөн дэлгэр тэмдэглэжээ. Сум анх байгуулагдсаны 70 жилийн ой ч давхар тохиосон байна. Энэхүү баярт газар газрын морьд ирж тоосоо өргөн, иртэй хүчтэй бөхчүүд ирж хүчийг сориход хорин нас шүргэж яваа Өсөхөбаяр хүү түрүүлж сумын заан цолыг хүртсэн байна.

Өсөхөө аварга бөхийн анхны цолоо өндөр өвөөгийнхөө нутгийн дэвжээн дээр, тэгэхдээ Цахир сум дахин сэргэн мандсаны их баяраар хүртсэн нь билгэшээлтэй санагдав. Хүн бүр Өсөхөө аваргыг өндөр гозгор хүү, улаан дээлтэй ирж байсныг ярьж байсан. “Тэр жил чинь аймгийн 70 жилийн ой бас тохиосон юм. Манай Өсөхөө чинь гутлын үйлдвэрийн бөх байлаа. Үйлдвэрийн дарга Чимидрэгзэн тэргүүтэй олон хүн манай хашаанд ирээд буучихсан. Өсөхөө хуучин савхин хилэн дээлтэйгээ цохиж ирлээ. Шинэ дээл хийж өгөх юм болоод ээж нь, Наранчимэг эгч нь дэлгүүр рүү гүйж улаан цэмбээр нэг шөнийн дотор дээл урласан” гэж аав нь яриа хөөрөөний завсарт хэлж байна. Ингээд маргааш өглөө нь бид домогт аваргын төрсөн бууцыг зорин хөдөлсөн юм.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Таван толгойн биш Тувагийн нүүрсэнд санаа тавьсан нь Ерөнхий сайдын гавьяа юу?

Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоод ирсэн Ерөнхий сайд маань тэнд бүтээж ирсэн ажлуудаа тайлагнаж сурталчлаад жигтэйхэн. Ж.Эрдэнэбат уг нь Монгол улсын Ерөнхий сайд. Тийм байтал Тувагаас Хятад руу тавих төмөр замын ажлыг эхлүүлэхээр боллоо гэж бахдалтайгаар мэдээлээд байгаа нь нэг л ойлгогдож өгдөггүй ээ. Харин Ерөнхий сайдын оронд В.Путин ингэж яривал гайхах юм алга. Зах зээлд хүрч мөнгө болж чаддаггүй алс хязгаар нутгийнхаа нүүрсийг яаж борлуулах вэ гэж толгойгоо гашилгаж яваа хүн нь Оросын төрийн тэргүүн болохоос манай сайд биш. Хятадтай төмөр замаар холбогдчихвол Тувагийн эрчим хүчний болон коксжих нүүрсний нөөц ихтэй ордууд амь орно. Дэлхийн нүүрсний бараг тал хувийг дангаараа хэрэглэдэг аварга зах зээлд хүрнэ гэдэг оросуудын хувьд их мөнгөний үзүүрээс атгаад авсантай ялгаагүй эд. Урд хөрштэй холбогдох хамгийн дөт, зардал багатай гарц нь манайхаар дайруулж төмөр зам тавих учраас тэд энэ асуудалд онцгойлон анхаардаг юм.

Путины хувьд гурван улсыг холбосон эдийн засгийн коридор гэсэн гоё тодотгол дор Тувагаас Хятад руу төмөр замаар холбогдох сонирхлоо эртнээс илэрхийлсээр ирсэн. Хятадын болон манай удирдлагуудтай уулзах бүрдээ сөхдөг сэдвийнх нь нэг. Хил дамнасан төмөр замын маршрутын тухайд хэд хэдэн хувилбар яригдаж байсан ч Курагино-Кызыл-Цагаантолгой-Арцсуурь-Овоот-Эрдэнэт гэсэн чиглэлийг эцэслээд шийдчихлээ.

Гурван улсыг холбосон эдийн засгийн коридор гэдэг сонсголонтой нэрэн дор өчнөөн сайхан үлгэр яригддаг ч манайд ашигтай гэж болох хувилбар бүрд Хятад, Орос хоёр толгой сэгсэрсээр ирсэн нь гашуун ч гэлээ үнэн. Сүүлд гэхэд хоёр улсыг холбосон хийн хоолой Монголоор дайрна гэсэн олон жилийн мөрөөдөл, хүлээлт маань талаар болсон. Ийм байтал гүйцэтгэх засаглалын тэргүүн яагаад тэдэнд л ашигтай энэ хувилбар дээр яаран толгой дохив? Санкт-Петербургийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр яригдсан шийдлүүдээс анзаарах нь ээ оросууд төмөр зам дээр “за” гэвэл Эг, Шүрэнгийн усан цахилгаан станцыг чинь бодолцож үзье гэж дуугарсан бололтой юм. Засгаас гаргасан албан мэдээнд “Монголын эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах, эдийн засгийн үр өгөөжтэй төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор /Эгийн голын УЦС, Шүрэнгийн УЦС/ хоёр талын хамтарсан ажлын хэсгийг ойрын хугацаанд байгуулахаар боллоо” гэсэн өгүүлбэр байна. Оросын тал ажлын хэсгийг ойрын хугацаанд байгуулъя, юу ч гэсэн судалъя гэсэн болохоос энэ төслүүдийг чинь хэрэгжүүлнэ гээгүй.

Эг, Шүрэнгийн хувьд аль эртнээс яригдсан ч өнөөг хүртэл ажил болоогүй төслүүдийн нэг. Гол тээг нь оросууд. Эрдэмтэд нь усан цахилгаан станц барьснаар Байгаль далайд харин ч эерэг нөлөөтэй гээд байхад тосгоны иргэд нь эсэргүүцсээр өнөөг хүрсэн. Яг үнэндээ хүсэл хийгээд сэтгэл байсан бол тосгоны өвөө, эмээ нар Путинд тийм ч том асуудал биш. Тэр байтугайг шийдээд явчихдаг удирдагчдын нэг. Эрдэмтдийнхээ яриад байгаа шинжлэх ухаанч нотолгоог төрийн тэргүүн нь мэдэхгүй суугаа гэсэн үлгэрт хэн ч итгэхгүй. Захын хүн л ухаад ойлгочих гаргалгаа. Манайх руу импортолдог цахилгаанаасаа олох ашгаа алдахгүйн тулд, аль нэг талаараа хараат байлгах гэсэндээ усан цахилгаан станцуудын төсөлд тээг тавьсаар ирсэн нь цорын ганц бодит үнэн. Газрын тос боловсруулах үйлдвэр ч ялгаагүй. Ямар ч сайн төсөл боловсруулаад баригддаггүйн учир цаанаа мөн л ийм шалтгаантай. Тэгэхээр Эг, Шүрэн дажгүй явчихна гэж найдаад Тувагаас наашлах төмөр замын ажлыг эхлүүлж байгаа бол хэтэрхий гэнэн хэрэг.

“Монгол, Орос улсын хөрөнгө оруулалттай махны үйлдвэр байгуулна”, “ОХУ, Серби хоёртой хамтран монгол махны экспортыг ОХУ, Европ тив рүү гаргахад онцгой анхаарал хандуулан ажиллахаар болов” гэж ирээд мэдээлж байгаа. Манайх шиг байсхийгээд шүлхий гэх мэт халдварт өвчин дэгддэг улсын хувьд стандарт өндөртэй Европт мах экспортлох тийм амар ажил биш. Малаа эрүүлжүүлнэ гэж том асуудал бий. Оросууд мал эрүүлжүүлэхэд хамтарна гэж дуугараад эхэлсэн нь сайн хэрэг. Саяын уулзалтаар дөрвөн сая тун вакцин нийлүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурсан нь онцлох мэдээний нэг мөн. Гэхдээ ойрын ирээдүйд махны экспортоосоо мөнгө олох боломж бидэнд байхгүй нь хатуу ч гэлээ үнэн. Тэгээд ч махны экспортоос нүүрс шиг их ашиг олох боломж хэтээсээ байхгүй. Оросоос нийлүүлэх дөрвөн сая тун вакцин Тувагийн төмөр замтай харьцуулшгүй жижигхээн гар сунгалт. Европ руу монгол мах гаргахад онцгойлон анхаарна гэдэг өгүүлбэр яг тэгнэ ингэнэ гэсэн эдийн засгийн харилцан ашигтай шийдвэр бас биш. Газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд жилийн хоёр хувийн хүүтэй 10 сая ам.долларын техникийн зээл олгоно гэсэн шийдвэрийн ач тусыг үгүйсгэхгүй. Бидэнд амин хэрэгцээтэй зээл мөн үү гэвэл мөн. Гэхдээ манай улсын нутаг дээгүүр нүүрсээ тээвэрлэж урд хөрштэй наймаа хийх гэж байгаа оросуудын олох ашигтай харьцуулвал инээд хүрэм дэмжлэг. Зааныг хулганатай харьцуулж байгаатай ялгаагүй эд. Бид Орос руу бараа бүтээгдэхүүнээ экспортлосныхоо төлөө 30 гаруй хувийн татвар төлдөг. Манай Засгийн газраас хойд хөрштэй эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулна гээд байдаг нь цаанаа ийм учиртай. Ийм хэлэлцээр байгуулчихвал татвар буурах учраас манай талаас идэвхийлэн хөөцөлддөг. Саяын уулзалтаар татвартай холбоотой ямар ч шийдвэр гарсангүй. Мэдээж манай зүгээс яриа хөөрөө өрнүүлсэн байж таарна. Нөгөө тал хөдлөөгүй учраас татвартай хамаатай чихэнд чимэгтэй мэдээ дуулдаагүй хэрэг. Санкт-Петербургийн уулзалтаар Оросын тал татвараа бууруулна гэж дуугарсан бол өөр хэрэг. Эдийн засагт ашгаа өгсөн том шийдвэр болох байлаа.

Товчхондоо Ерөнхий сайдын Орост бүтээгээд ирсэн ажлуудаас Туваг Хятадтай холбох төмөр замтай тэнцэхээр ашигтай шийдвэр нэг ч алга. Санктпетербургээс В.Путин олз ашиг дүүрэн Кремль рүү буцсан бол манай Ерөнхий сайд дөрвөн сая тун вакцин, хөнгөлөлттэй зээл, “онцгойлон анхаарна, ажлын хэсэг байгуулж нарийн судална” гэх мэт тунхагийн шинжтэй хэдэн өгүүлбэр л ганзагалаад ирж. Тува шиг коксжих нүүрсний нөөц ихтэй ордгүй байсан бол яахав гээд орхихсон. Транзит тээврээс олох ашиг энэ тэрхэнд нь ханаж цадаад аж төрж болж л байна. Гэтэл бид Таван толгой гэж том ордтой. Америкийн “Пийбоди”, Японы “Сүмитомо”, Хятадын “Шинхуа” гээд том улсын толгой компаниуд сонирхлоо илэрхийлдэг аварга орд. Ийм ордтой улсын Ерөнхий сайд нь хаа холын, бидэнд падлий ч үгүй Тувагийн нүүрсэнд санаа зовсон шигээ суух нь ухаалаг хэрэг мөн үү. Таван толгойн ордоосоо Хятадын хил хүртэлх 200 гаруйхан км төмөр замыг өнөөг хүртэл бариагүйгээс болж өдгөө тэнд нүүрс ачсан машины цуваа 90 км-ээр хэмжигдэж байна. Тоос шороо, осол аваар, байгальд орчинд үзүүлж буй нөлөө, хүн малын эрүүл мэндийн талаар ярих юм биш. Сая онцолсон асуудлууд тартагтаа тултлаа хурцадсан.

Төмөр зам тавиагүйгээс болж хэчнээн ам.доллар алдсан бэ гэсэн асуултад хариу хайж багахан тоо бодъё. Одоогоор Тавантолгойгоос Ганцмод руу нүүрс хүргэх экспортын тээвэрлэлт тонн тутамд ойролцоогоор 26 орчим ам.доллар байгаа. Машинаар нүүрсээ тээвэрлэх гэж нэг тонн тутамд 26 ам.доллар буюу жар орчим мянган төгрөг зарцуулдаг. Хэрвээ төмөр замаар тээвэрлэвэл зардал мөнгө нь 8-10 ам.доллар болж буурах боломжтой гэсэн эдийн засгийн тооцоо бий. Дэлхийн зах зээлд нүүрс ид гялалзаж байх үед хувийн хэвшлийнхэн мөнгөө босгоод Таван толгойгоос урд хөрш рүү төмөр зам барья гээд зүтгэсэн удаатай. 2012 онд ашиглалтад оруулна гэсэн яг таг төлөвлөгөө хүртэл гаргасан байсан. Хэрвээ тэдний төслийг улстөрчид гацаагаагүй бол, өмнийн говиос урд хөршийг чиглэсэн төмөр зам анх төлөвлөснөөрөө баригдсан бол бид хичнээн ам.доллар олох байсан бол.

2012 оноос хойшхи таван жилийн хугацаанд Тавантолгойгоос нийт 52 сая орчим тонн нүүрс экспортонд гаргасан статистик бий. Төмөр зам тавьсан бол хамаагүй их нүүрс зарах байсан л даа. Гэхдээ өнөөдрийг хүртэл гаргасан нүүрснийхээ хэмжээгээр тооцоод үзье. 52 сая тонн нүүрсээ төмөр замаар тээвэрлэсэн бол бид тонн тутмаас дор хаяж 15 ам.доллар хэмнэх байлаа. Төмөр замгүйгээс болж тонн тутмаас 15 ам.доллар буюу 35 орчим мянган төгрөг салхинд хийсгэсэн гэсэн үг. Хэмнэх боломжтой байсан 15 ам.долларыг 52 сая тонноор үржүүлбэл 780 сая ам.доллар болно. Төгрөгт шилжүүлбэл 1.7 их наяд гэсэн аварга тоо гарч байна. Хамгийн багаар бодоход л энэ шүү дээ.


Categories
мэдээ цаг-үе

“Зүүнбаян рэйфанери” компани Туул голын эргийн бургасыг хядаж, хууль зөрчин барилга барьж байна

Туул голын эрэг дагуух хэдэн мянган бургасыг нэлэнхүйд нь хяджээ. Нахиалаад удаагүй байгаа залуухан бургасыг үндэсээр нь хуу татаж газрын хөрсийг нь тэгшилжээ. Мөн Туул голын эрэгт яг тулгаад барилгын суурь цутгаад эхэлжээ. Хууль хяналтынханд дийлдэхээ байсан нэгэн компани Их тэнгэрийн ам, Багатэнгэрийн амны дундах Туул голын эрэг дагуу барилга бариад байна гэх мэдээллийн дагуу очиж сурвалжлага бэлтгэсэн юм. Эзэн нь тодорхойгүй гэгдэж байсан компани орон сууцны хороолол Туул голын эрэг дээр барих гэж байгаа бололтой. Энд тэндгүй л барилгын суурь цутгаад эхэлчихсэн байв. Бүр Бетон зуурмагийн том үйлдвэр хүртэл суурилуулчихжээ. Чөлөө завгүй бетон зуурмаг үйлдвэрлэж, барилгын ажилтнууд амрах чөлөөгүй ажиллах юм. Барилгын ажилтнуудаас ямар компани барилга барьж байгаа талаар асууж тодруулахад хариулт өгөхөөс бүгд татгалзаж байв. Мөн барилгын ажилтнууд “Цаанаасаа өгсөн зураг төслийн дагуу барилгын ажил хийгдэж байна. Зураг төслийн дагуу барилга барих ажил хийгдэхээр голын бургас таарсан. Бид гүйцэтгэгч компани болохоор захиалагч нарын хүсэлтээр бургасыг техникээр түрж газрын хөрсийг тэгшилсэн” гэх тайлбарыг өгч байв.


“УРД ОРОЙ НЬ ГОЛЫН МЭЛТЭЛЗСЭН УСАА ДАГААД ШУГУЙРЧ БАЙСАН БУРГАС МАРГААШ ӨГЛӨӨ НЬ ОР МӨРГҮЙ АЛГА БОЛЧИХДОГ БОЛСОН” ГЭВ

Харин албаны эх сурвалжаас авсан мэдээллээр “Зүүнбаян рэйфанери” гэх нэртэй компани барилга бариулж байгаа гэнэ. 2008 онд газар эзэмших зөвшөөрлийг Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас авч байсан гэнэ. Туул голын эрэг дагуу дөрвөн га газрыг эзэмших зөвшөөрөлтэй аж. “Зүүнбаян рэйфанери” компанийн хувьд Туул голын эрэг дагуух газрыг аваад зогсохгүй Бага тэнгэрийн аманд хүртэл дөрвөн га газар авч байсан аж. “Зүүнбаян рэйфанери” компани Туул голын эрэг дагуу барилга барьж байгаа талаар иргэн Б.Энхбат “2008 оноос хойш одоогийн барилга барьж байгаа компани дөрвөн га газрыг тэр чигт нь хашаалчихсан байсан юм. Маршалын гүүрний баруун талаас эхлэн Туул голыг тэр чигт нь хашаалчихсан. Хүн

Өнгөрсөн гуравдугаар сараас эхлээд хашаагаа янзалж өдөр бүр хүмүүс ирэх болсон. Сүүлийн сар гаруйн хугацаанд өдөр шөнөгүй ажиллаж байна. Шөнө голын бургасыг үндсээр нь булга татаж хиаруулж байна. Шөнөдөө унагасан бургасаа ачаад явчихдаг. Маргааш өглөө нь газрыг нь тэр чигт нь ухаад барилгын суурь цутгаж байна. Салхинд хөөгдөж байгаа юм шиг л яарч сандарч амралтгүй ажиллаж байна. Урд орой нь голын мэлтэлзсэн усаа дагаад шугуйрч байсан бургас маргааш өглөө нь ор мөргүй алга болчихсон, хар хөрсийг нь эргүүлчихсэн байгааг харахаар үнэхээр гол харлаж сэтгэл өвдөж байна” гэв.


БОГДХАН УУЛЫН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНЫ ШААРДЛАГА ТУС КОМПАНИЙХАНД ОГТ ХАМААГҮЙ ЮУ

“Зүүнбаян рэйфанери” компани Туул голын эргээс арав хүрэхгүй метр газар барилгын суурь ухаж байв. Туул голын сав газрын бүтцийг өөрчилж, хайргатай хэсгийг нь ухжээ. Энэ нь Усны тухай хуулийн гуравдугаар бүлгийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” хэмээн заасан байдаг. Мөн тус хуулийн 22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” гэж заасан байдгийг илтэд зөрчжээ.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас “Зүүнбаян рэйфанери”компанийн удирдлагуудад гурван ч удаа шаардлага хүргүүлсэн байна. Ингэхдээ “Танай компани бургас огтолж байгаа нь хууль зөрчиж байна. Дахиж голын бургас огтолж болохгүй шүү” гээд зургаан сая төгрөгийн торгууль тавьсан гэнэ. “Зүүнбаян рэйфанери”компани торгуулийн зургаан сая төгрөгийн актыг төлчихсөн аж. Ингээд дахиад бургас огтолж эхэлжээ. Ерөөсөө л хууль дүрэм бидэнд хамаагүй. Ямар ч аргаар барилгаа барина хэмээн дур зоргоороо аашилж га газрын хэдэн мянган бургас үндэс нь булга татсан байна. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа дахиад л 11 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Гэвч мөн л тоолгүй бургас хядаж барилгаа барьсаар байсан гэнэ. Иймд Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанаас Газрын төлбөр төлөөгүй, Дархан цаазат газрын дэглэм зөрчсөн, бургас сүйтгэсэн, газар ашиглах гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчил үүсгэсэн. Энэ нь газрын тухайн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 зүйл заалтыг ноцтой зөрчиж байна хэмээн үзэж Бага тэнгэрийн аманд буюу Туул голын эрэг дагуу газар ашиглах эрхийг нь дуусгавар болгох шийдвэр гаргажээ. БОАЖЯ саналыг нь хэлэлцэж, газар ашиглах эрхийг түдгэлзүүлэх асуудлыг нь шийдэх гэнэ.

ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ӨГЛӨӨ, ОРОЙ БҮР ЯВДАГ ЗАМ ДЭЭР ГОЛЫН ЭРГИЙГ УХАЖ, БУРГАС ХЭДЭН МЯНГААР НЬ ХЯДАЖ БАЙЖЭЭ

“Зүүнбаян рэйфанери” компанийн ард талд улс төрийн томоохон албан тушаалтан бүхий хоёр ч эрхэм байдаг. Тэдний хөрөнгө оруулалтаар барилга баригдаж байгаа гэх мэдээлэл байна. Мөн Зайсан толгойд эзэн суугаад байгаа нэр бүхий компани оролцоотой байж болзошгүй гэнэ. Тийм ч утгаараа төрийн гурван өндөрлөг өглөө бүр хажуугаар нь явдаг газарт олон хууль, дүрэм, журам зөрчиж барилга барьж байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар Туул голын бургасыг хайр найргүй хядаж байгааг машиныхаа цонхоор өглөө, орой болгон хараад өнгөрдөг байсан болж таарч байгаа юм.

Ингэж л Монголын хууль журмыг уландаа гишгэж, “Зүүнбаян рэйфанери” гэх нэртэй компани Туул голын эрэг дагуух газрыг эзэгнэж байна. Төрийн томчууд хийгээд холбогдох албан тушаалтан, яам, тамгын газрынхан мэдсэн ч мэдээгүй царайлсаар сууна. Үйл ажиллагааг нь зогсоохоос өмнө барилгынхаа суурийг бүрэн цутгаж, карказ, өрлөг хийхээр өдөр шөнөгүй ажиллаж байна.

Э.БААТАР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчууд нийтээрээ мутацид ороод хомо сапиэнс биш болжээ

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

ХЭҮК-оос “Хүүхдийн эрхийн хэрэгжилтэд ахиц дэвшил гаргах нь” сэдэвт зөвлөлдөх уулзалт зохиожээ. Тус байгууллагын комиссын гишүүн доктор профессор нэгний илтгэснээр монгол хүүхдүүдийн 82,8 хувь нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртсөн ба найман хүүхэд тутмын нэг нь бэлгийн дарамт хүчирхийлэлд өртсөн аж. Үүнийг зориуд судалсан аж. ХЭҮК гэдэг нь Хүний эрхийн үндэсний комисс гэсэн албан нэрийн товчлол юм байна. Энэ нь төрөөс санхүүждэг, олон улсын статустай лут байгууллага. Ингэхээр Монгол хүүхдүүд нийтээрээ хүчирхийлэлд автдаг, үй олноороо бэлгийн хүчирхийлэлд өртдөг нь албан баримт гэсэн үг. Айл болгон хүүхдээ зоддог гэсэн үг үү, эсвэл хүүхэд гадаа гараад л бусдад зодуулдаг юм болов уу. Аль нь ч байсан аймаар юм. Дэлхийд өөр ийм зэрлэг ард түмэн байдаг болов уу! Хаа нэгтэй ийм юм тохиолддог ч мэдээлэл хавтгай болсон өнөөгийн ертөнцөд энэ булай нь илэрч мэдээллийн хэрэгслэлээр таран хэл болгонд орчуулагдаж дэлхий даяараа жигшдэг. Гэтэл Монголд энэ ховор үзэгдэл бүх нийтийг хамарсан ажгуу. Монголын гурван сая иргэдийн тэн хагас нь хүүхэд гэсэн ангилалд багтана. Хүүхдээ зодож алчих гээд л, хүүхдээ хүчиндээд л. Ямар ч адгуус ингэхгүй дээ?

За энэ бол албан мэдээ. Албан бусыг нь үзье. Хүүхдийн эрхийг хамгаалж хэдэн хүүхэн талбайд нүцгэлжээ. Тэдний хэлж байгаагаар 4 мянга гаруй хүүхэд хүний наймааны золиос болоод тэр чигтээ сураг чимээгүй алга болсон гэнэ. Бодвол эд эрхтний наймаанд явсан бололтой. Хятад, Энэтхэгт ийм юм болсон нь баригдлаа гээд бөөн шуугиан болдог. Хүн амтай нь харьцуулахад үй олноороо гэж болохуйц Монголд ийм аймаар үзэгдлийг цагдаа нь мэддэггүй ч юм уу, мэдсэн ч тоодоггүй юм болов уу? Цагдаа бүртгэлээ хараад алга болоод сураг нь олдоогүй хүүхэд сүүлийн 10 жилээр тооцоход жилд 2-3 гэж байна. Осолдоод шарил нь олдоогүй байх гэж тайлбарласан. Худлаа л даа, хужаа нар сэм хулгайлж хил давуулаад хэрчээд хөрөөдөөд эрхтнийг нь нэг нэгээр нь зарчихсан байж таараа. Цъ цъ цъ…

Одоо монголчууд аймшигт хордлого, үхлийн эсрэг хэрхэн тэмцэн тэсвэрлэж байгааг сонирхоцгооё. Сая “Тод эйч” гэнэ үү, нэг эмнэлэг монголчуудын үснээс дээж авч хордолтыг нь шалгасан байна. Хүн хорт бодист аль зэрэг нэвчсэнийг үсээр нь шалган илрүүлж болно. Ингэсэн чинь монголчуудын 99,3 хувь нь хорт бодист идэгджээ. Хүний биед маш хортой, үхлийн дооз бүхий хүнцэл, тугалга, мөнгөн ус, хөнгөн цагаан зэрэг хүн алах металлаар хорджээ. Тэгсэн мөртөө хүний биед зайлшгүй хэрэгтэй эрдэсийн дутагдал яг 100 хувь хүрсэн байгаа юм! Яагаад үхчилгүй амьд салганаад явдаг юм бүү мэд! Үнэхээр түгшмээр. Бас нэг байгууллага хүүхдийн тугалганд хордсон байдлыг судлаад нийтэд мэдээлсэн. Тэдний хэлж байгаагаар Баянхошуу зэрэг хотын захаар амьдрах хүүхдүүд нийтээр тугалгын хордлого болсон, харин Зайсан зэрэг баян хороололд хүүхдүүд тугалганд хордсон нь гайгүй гэнэ. Тугалга маш хортой, хүнд үйлдвэр үгүй Улаанбаатарт голдуу машины утаанаас л гардаг, гэхдээ хүнд элемент учир 30 см-ээс дээш дэгддэггүй. Баянхошуунд Зайсанг бодвол машин цөөтэй, гэхдээ тэндэхийн хүүхдүүдэд машины утаа үнэртэн мансуурдаг дон дэлгэрсэн байж болох юм шүү.

Саяхан Харвардад доктор хамгаалсан нэг эрдэмтэн бүсгүй монгол хүний Д витамины судалгаа хийлээ. Байдаггүй ээ, бидний 90 хувь нь Д витамины гүн дутагдалтай юм байна. Витамин гэдэг бол хүний биед зайлшгүй шаардлагатай боловч бие өөрөө үйлдвэрлэж чаддаггүй учир гаднаас хоол тэжээл зэргээс олж авдаг бодис юм. Д витаминыг нарны туяанаас олж авдаг. Хэрэв энэ бодис дутагдвал яс хатуу чанараа алдан уян болно. Тулах эрхтэн яс уян болохоор майга хөлнөөс эхлээд суумгай нуруу хүртэл тахир татуу болдог аж. Бид ийм гүн дутагдалд орчихоод яаж шүү нэг юм хөл дээрээ тогтоод явмар аядаад байдаг юм бол? Англичуудын сүүлийн үеийн судалгаагаар Д витамины бэлдэц эм биед шингэхдээ муу учир төдийлөн тус болдоггүй гэсэн байна. Яана даа? Нараа нараа нааш ир, Cүүдэр сүүдэр цаашаа, Нартай гурвуулаа тоглоё! Цын цын…

Саяхан бас нэгэн судалгаа шуугиан тарьлаа. Юу гэвэл монголчуудын нас баралт үндсэндээ буруу хооллолт, хортой хүнсний бүтээгдэхүүнээс шалтгаалдаг юм байна. Зүгээр л зөнгөөрөө хөгшрөөд үхдэг хүн бараг байдаггүй бололтой. Зөв хооллоод байвал мөнх наслах ч юм шиг?

Үхүүлээд байгаа хүнсний нэгдүгээрт Монголын хүн амыг цөөрүүлэн устгаад газар нутгийг нь эзлэх зорилго бүхий Хятадын төрийн бодлого. Үгүйдээ л нийтийн сүлжээгээр явж буй мэдээллийг баримтлах юм бол. Сүлжээтэй сүлжээгүй ер нь дундач монгол хүн энэ үзэлд итгэдэг. Тэндээс дандаа хортой хүнс орж ирдэг. Энэ асуудлаар Монгол Улсын зүгээс Хятадын гаальд албан ёсоор тавьсан гомдол ч бий. Хоёр тал энэ асуудлаар шалгалт хийхээр болж, Хятадын хүнсний экспортоос тийм зүйл илэрвэл бүх хохирлыг төлөхөөр болжээ. Гэвч монголчууд өөрснөө нууцаар стандарт бус хүнс зөөгөөгүй л юм бол гаалийн шалгалтаар зөрчилтэй хүнс нэвтэрсэн ганц ч тохиолдол илэрсэнгүй. Гэхдээ ноотой л доо, өмхий хужаанууд шөнө дунд сэмхэн оруулж ирсэн байхыг үгүйсгэх аргагүй.

Үүний дараахь үхлийн шалтгаан архи. Ялангуяа хятад спитрээр найруулсан архи. Уг нь спиртийг хятад, бразил, папуа гэж ялгадаггүй, этилийн спиртийн хольцоор нь эрэмбэлдэг гэж химийн сурах бичигт тайлбарладаг юм билээ. Эрүүл мэндийн сайд С.Ламбааг хэсэг сэтгүүлчид 40 литрийн битон барьчихаад “Монголчууд архинд живж нэг хүн жилд 40 литр архи ууж байна” гэж зурагтаар баахан загнасан. Гэтэл ДЭМБ-ын албан судалгаагаар монгол хүн жилд 5,6 литр архи уудаг нь дэлхийн дундачаас бага, 17 литр уудаг оросуудтай харьцуулахад бараг л “цагаан хоолтон”. Шар арьстанд спирт задалдаг алкохолдихидрогинэза гэх фермэнт цаанаасаа бага учир агсам тавьдаг зантайг нь эс тооцвол архи шингээх чадвар байгалиасаа муу л даа. 40 литр гэдэгт айргийг нэмсэн байхаа?

Генийн өөрчлөлттэй хүнс монголчуудыг ёстой нэг сөнөөж байнаа. Энэ асуудал бүр хууль болон УИХ-д хэлэлцэгдсэн шүү дээ. Хүнсэн дотор аалзны ген хийчихдэг гэж хууль санаачлагч ярьсан. Аймаар байгаам шүү? Хооллох гэсэн биш бөөн аалз идээд л. ДЭМБ, болон Ватикан зэрэг шашин болгоны хүнсний асуудалд үг хэлэх эрхтэй байгууллагууд генийн өөрчлөлттэй хүнсийг хүн төрөлхтнийг хүнсээр хангахад асар их нэмэр боллоо хэмээн магтсан. Энэ бас л сэжигтэй шүү, биднийг аалз идүүлэх гэж зориуд худлаа нааж байгаа ч юм билүү? Цъ цъ цъ…!?

Эрүүл мэндийн сайд “транс тос” хэмээх нэгэн алуурчныг илрүүлсэн төдийгүй үүнийг хориглох заалтыг хуулинд тусгуулж монголчуудаа үхлээс булаан авсан тухайгаа ярилцлага өгчээ. “Давс ходоодны хорт хавдар, зүрх судасны өвчнийг нэмэгдүүлэхэд асар их нөлөөлж байна. Монгол Улс давсны хэрэглээг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжсэн. Мөн Засгийн газраас хоол тэжээлийн үндэсний хөтөлбөр баталлаа. Үүндээ транс тосны хэмжээг хязгаарлахаар оруулчихсан байгаа. Энэ бол шийдлийн Засгийн газар хүн ардынхаа эрүүл мэндтэй холбоотой хийсэн томоохон ажлуудын нэг”. “Бүх амьтан, түүний дотор хөхтөнд давс зайлшгүй хэрэгтэй. Хүн өдөрт 1-2 цайны халбага давс хэрэглэж байхыг байгалиас нь шаарддаг, Гэтэл давсны эсрэг хэт сурталчилгаанаас болоод хүмүүс давсны дутагдалд орох хандлага элбэг үзэгдэх боллоо” хэмээн Британий анагаах ухааны хороо мэдэгдсэн байх юм. Англичууд англи хүндээ, манай сайд монголчууддаа л хэлсэн байх л даа. Транс тос гээд байгаа нь хүн төрөлхтөн 140 жилийн турш хэрэглээд байгаа маргарин л даа. Одоо хуулиар хориглочихоор үхэл эрс багасна, санаа амар.

Америкийн империалистууд тахианы мах оруулж ирж алчих гээд байна, цаана чинь. Оюутолгойг л хусах гээд байгаа л даа. Монгол хүний тахианы махны хэрэглээ чааваас жилдээ ердөө 3 кг орчим юм билээ. Малын мах болохоор 130 кг. Гэхдээ л хор шүү дээ. Америкчууд Монгол руу явуулах тахиагаа нуль хороор тэжээдгийг харуулсан кино зурагтаар үзүүлсэн. Хятад, Америк, Европ дан тахианы мах иддэг, өөрснөө хоронд нь дасчихсан байхаа. Хятадууд жилд 4 тэрбум тахиа нядалдаг гэсэн.

Монгол хүнийг үхүүлдэг бас нэг гол үзүүлэлт бол осол. Бүгдээрээ л биенээ хутгалаад, буудаад, дүүжлээд… ерөнхийдөө дуусч байна даа. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс хэлэхдээ жилд 2500 орчим хүн осол гэмтэл, түүнээс шалтгаалсан өвчнөөр нас бардаг гэж байна. Үүний 60 хувь нь ахуйн болон төстэй осол, 20 хувь нь зам тээврийн осол, 13 хувь нь амиа хорлолт, 7 хувь нь бусдад хорлогдсон тохиолдол гэж байна. Энэ худлаа! 60 хувь нь бусдад хорлогдсон тохиолдол байх ёстой! Өдөр шөнөгүй л биенээ алаад байхад ийм гомдмоор голмоор цөөн байхдаа яадгийн? Гэхдээ тус төвийнхөн зориуд хуураагүй, бичээч нь будилаад санаандгүй сольж шивсэн байх.

За одоо цөмөөрөө биднийг үхүүлж хороогоод байгаа өвчин рүү орцгооё. Хорт хавдрын өвчлөл үхлээр дэлхийд тасархай нэг. Үүнийг хүн болгон мэдэж байнга үглэж байгаа. Гэтэл эрүүл мэндийн төвийнхний баталж буйгаар хорт хавдраар жилд 1600-1800 хүн чад хийдэг гэнэ. Нарийн учрыг нь хөөвөл ерөөсөө хорт хавдраар биш, элэгний хорт хавдраар гэнээ. Уламжлалт нарийнтах, бадгана зэрэг нь эрс багассан гэжийн. Тавь жараад оны үед тахал, арьс өнгөний өвчинтэй тэмцэж байна гээд шприцний шар буюу В вирусын асар том голомт хүн амын дотор буй болгосон гэх. Энэ вирус урагт халддаг тул удах тусам тархалт нь улам тэлдэг аж. Уушигны хавдар маш бага бүртгэгддэг нь утаатай тэмцэгчдийн сэтгэлийг гонсойлгомоор. Умай, өндгөвч, хөхний хорт хавдрын тархалт дэлхийн дундачтай харьцуулахад маш бага юм байна. ДЭМБ-аас гаргасан энэ тооцоо худлаа байх магадлалтай. Биднийг худлаагаасаа тайвшруулж байгаад бүгдийг нь хавдраар үхүүлэх далд муу санаа агуулж байж магадгүй. Сэрэмжтэй байна шүү!

Мөнөөхөн ВВС агентлаг бичихдээ “Анагаах ухааны талаарх худал мэдээлэл, ид шидэт эм, цоо шинэ эмчилгээний талаарх цуурхлыг ихэнхдээ эмч нар өөрснөө тараадаг. Үүндээ эргэлзээтэй статистик, нууцлаг чанар, шинэ нээлт зэрэг шинжлэх ухааны шинжтэй баримт ашигладаг. Зорилго нь ердийн ашиг хонжооноос эхлээд нэрд гарах гэсэн хүсэл хүртэл янз бүр” гэжээ. ВВС өөрөө цуурч байж болох. Эсвэл Европын эмч нар тийм өөдгүй байж таарна. Манайд бол үнэнийг, зөвхөн үнэнийг л хэлж байгаа.

Хүний аль ч популяцийн хоёр хувь нь сэтгэцийн доголдолтой бол тухайн нийгмийг эрүүл биш гэж үздэг. Наяад онд хийсэн судалгаагаар Монголын найман суманд энэ хязгаар давчихсныг илрүүлсэн. Улаанбаатарт 0,6 орчим байсан байх. Гэтэл сүүлийн үед манай эрдэмтэн судлаач, эмч сэтгэл судлаачид энэ тоог 50 хувь хүрч байна гэж зарлах боллоо. Нийгмээрээ галзуурчихав уу? Хортой хоолноос болов уу? Хятад Америкийн зориудын бодлого уу? Бодох л хэрэгтэй.

Магадгүй, монголчууд бүгд эрүүл саруул, харин ашигтай мутацид ороод хомо сапиэнсээ болиод өөр илүү ухаалаг шинэ зүйл болсон байх магадлалтай. Яагаад гэвэл манай зарим эрдэмтдийн тогтоосноор монгол хүний Ай Кю дэлхийн дундажаас хэд дахин илүү гэнэ. Монгол хүний ген дэлхийн бусад хомо сапиэнсээс шал өөр бүтэцтэй гэдгийн МУИС-ийн эрдэмтэн багш нар тогтоогоод ялгааг судлан илрүүлэхээр ажиллаж байна. Аугаа монгол үндэстэн дэлхийг удирдаж байсан урьдын түүхтэй ба одоо мутациар шинэчлэн өөрчлөгдсөн монголчуудын эрин дахин ирж байгаа гэх. Бид хорвоогийн эзэн болж байгаа талаар буурь суурьтай олон судалгаа бүтээл гарч, энэ тухай өдөр бүр олон эрдэмтэн мэргэд зурагтаар ярьж тайлбарлаж байгаа билээ. Энэ үнэн байх, яагаад гэвэл эволюцийн хуулиар амьд организм мутациар өөрчлөгдөн шинэ зүйл үүсгэдэг ба тэр нь цааш хөгжин дэвжиж амьдралын модыг тэтгэн торниулдаг билээ.

Бод л доо, дээрхээс харахуйд бид өвчин тахал, архи тамхи, хорт бодис, устган сөнөөх гадаад орны зориудын өмхий бодлого дунд амьдарч байгаа мөртөө нас баралтын үзүүлэлтээр дэлхийн хамгийн багын нэгд тооцогдож байна. Процент гэж зуун хүн тутмаас, промил гэж мянган хүн ам тутмаас авдаг хэмжигдэхүүн. Ардчиллаас өмнө манай нас баралт 9,7 промилл, нялхсын эндэгдэл 64 промил байсан бол одоо нас баралт 5,3 промил байна. Жилд 16 мянган хүн нас бардаг гэхээр ийм тоо гарч байгаа биз? Нялхсын эндэгдэл 16 промил. Наслалт сүүлийн 25 жилийн дүнгээр 7-8 жилээр уртасчээ. Ийм аймшигт нөхцөлд үхэл багасч, наслалт уртсаад байна гэдэг бол боломжгүй зүйл. Ингэхээр бид мутацид орж хүний дараагийн дэвшилтэт шинэ зүйл болон хувирсан байна. Өөр тайлбар алга. Эрдэмтэн мэргэд үүнийг мөнх тэнгэртэй холбон тайлбарлаж буй нь үгүй гэх газаргүй.

Нам засгаас ч энэ талаар онцгой анхаарч байгаа. Саяхан эхчүүд хүүхдээ зөвхөн хөхний сүүгээр хооллож байх хууль гарлаа. Дэлхийн бусад газар хөхөөр хооллохын уриалж байхад бид бүр хуультай. Сүү нь цатгадаггүй, эсвэл өөр бэрхшээлтэй бол зөвхөн гаалиар шалгагдсан тэжээлээр хооллож болно. Нарийн бодсон байгаа биз? Гэтэл хангалттай сүүтэй мөртөө фигуураа бодоод санаатайгаар хөхүүлдэггүй эхчүүдийг энэ хуулиар албадан хориглож буй нь мутациар шинээр буй болсон онцгой гентэй монголчуудын аугаа шинэ үүлдрийг хамгаалж байгаа ухаалаг бодлого юм. Харин нэгэнт төрийн хууль болохоор муусайн фигуурчингуудыг сайтар хянаж, чихдэж байгаад хүүхдийг нь хөхүүлэх байх. Малын шинэ үүлдрийн генефондыг хамгаалахын тулд бас ийм арга хэмжээ авдаг шүү дээ.

Манай эрдэмтэд өдөр болгон ямар нэг цоо шинэ нээлт хийсээр буйн дотор нэгэн суутан хорт хавдрыг эмчлэх арга нээснийг төр засгаас 100 сая төгрөгөөр хөхиүлэн мялаалаа. Одоо тэрээр энэ эмээ нууцлан, зөвхөн Монголдоо үйлдвэрлэхээр шийдсэн ба үүнд зарцуулах дориун их хөрөнгийг төрөөс гаргуулахаар хөөцөлдөж яваа. Залуу эрдэмтэд ч хувь нэмрээ оруулан, дэлхий даяар эдгээж чадахгүй байгаа чихрийн шижин өвчнийг нам дарах аргыг нэгэн оюутан бүсгүй нээн олсныг төрөөс өндрөөр үнэлэн 20 сая төгрөгөөр хөхиүлсэн билээ.

Хомо сапиэнс үүсээд гурван том дэвшил хийжээ. 70 мянган жилийн өмнө соёл буй болгосон, 6 мянган жилийн өмнө иргэншил буй болгосон. 500 жилийн өмнө шинжлэх ухаан буй болгосон. Дэлхий даяар шуугиан үүсгэсэн Харарригийн “Homo Deus” номонд “Хүн төрөлхтөн улам хөгжин эволюци мутациар дамжин илүү ухаалаг, дэвшилттэй, биологийн хувьд цоо шинэ зүйл болон хувирах цаг холгүй байна” гэжээ. Бид түрүүлчихсэн юм биш үү?

2017.6.1

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д Баабар “Шилмэл”ийн тухай өгүүлжээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа. “Өдрийн сонин”-ыг хамгийн найдвартай сониноор уншигчид нэрлэсэн тухай тэргүүн нүүрт мэдээлжээ. “Чөлөөт хараат бус хэвлэл мэдээллийн ардчилал дахь үнэ цэн” Ардчиллын гуравдугаар чуулганы үеэр “Сант марал” судалгааны төвийн захирал Л.Сумати “Монголчуудын хэвлэл мэдээлэлд хандах хандлага”-ын тухай судалгааны дүнг танилцуулжээ. Хамгийн найдвартай сониноор уншигчид “Өдрийн сонин”-г нэрлэсэн байна лээ.

“Цэл залуу бүсгүй амиа алдав уу эсвэл амиа хорлов уу” нийтлэлд Бүсгүйн үхэлд “Сохо мебель” компанийн захирал хамааралгүй гэж цагдаа нар үзэж байгаа тухай мэдээлжээ.

“Баримт, үзэл бодол” нүүрт Баабар “Шилмэл-ийн тухай өгүүлжээ.

Ард түмэн төр барина гэдэг Аристотелийн санаа үе үеийн сэтгэгчдийн санаагаар баяжсаар Америкийн болон Францын хувьсгалаар амьдралд нэвтэрлээ. Гэхдээ л боловсролгүй харанхуй мунхаг түмэн төр барина гэдэг нэг л үнэмшилтэй биш байсан юм. Нийгмийг авч явдаг шилмэл хэсэг хэрэгтэй. Шилмэлүүд Монголын төрийг бариагүй. Ийм бололцоо байхгүй. Харин бидний өөрсдөө шилсэн хүмүүс Төр барьж байгаа хэмээн Баабар өгүүлжээ.

“Дэлхийн мэдээ” В.Путинтэй шууд холбогдох шугам нэвтрүүлэг маргааш болох тухай онцолжээ.

“Нийгэм” нүүрт “Шөнийн гудамжийг буулгахгүй”, “Таван толгой тэргүүтэй төслүүд сонгуулийн дараа хөдөлж, эдийн засаг сэргэнэ” хэмээн мэдээлжээ.

ТҮК-ийн ажилтныг охинтойгоо нийлж зодсон эмэгтэйд эрүү үүсгэж, хэргийг шалгаж байгаа бөгөөд ТҮК-ийн ажилтан гэмтэл бэртэл авсан эсэхийг тогтоох шинжилгээний хариуг хүлээж байгаа аж. Гэхдээ ТҮК-ийн ажилтан гэмтэл аваагүй, харин зодсон гэх эмэгтэй нуруундаа гэмтэл авсан, хөхөрсөн гэх мэдээлэл байна. Тэр эмэгтэй “Бичлэг бүрэн хийгдсэн бол хүмүүс намайг харааж зүхэхгүй байсан” хэмээн ярьжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

60 тэрбум төгрөгийн асуудлаар бичлэг хийсэн гэх Г.Доржзодовыг айлган сүрдүүлж, дарамталсан уу

УИХ-ын сонгуулийн 2016 оны сурталчилгааны үеэр МАН-ын удирдлагууд төрийн албан тушаалыг үнэлэн, 60 тэрбум төгрөг хэрхэн босгох тухай ярилцаж байгаа бичлэг олон нийтэд цацагдаж шуугиан тарьсан. Дээрх бичлэгийг Г.Доржзодов гэх залуу хийсэн байдаг. Тэгвэл Г.Доржзодов гэж хэн бэ. Тэрбээр МАН-ын итгэл найдварыг хүлээж, удирдлагуудын нууц хуралд оролцож, бичлэг хийж чадах хэмжээний хүн байсан уу гэдгийг уншигч та бүхэнд дэлгэрэнгүй хүргэж байна. Г.Доржзодов эхнэр, хүүхдийн хамт амьдардаг юм байна. ОХУ-ын нэгэн их сургуульд Улс төр судлаачийн ангийг дүүргэсэн гэнэ. Сургуулиа төгсөж ирээд Стратегийн судалгааны хүрээлэнд мэргэжилтнээр ажиллаж байгаад нэгэн хувийн компанид нэлээдгүй хугацаанд ажиллажээ. Мөн өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр МАН-ын дэргэдэх Стратегийн судалгааны багт гэрээгээр ажиллаж байсан юм байна.

Тэрбээр 60 тэрбум төгрөг хэрхэн босгох талаар МАН-ын удирдлагуудын яриаг хаана бичсэн болоод хичнээн минутын уулзалт, яриаг хэдэн сарын хэдэнд хийсэн, бичлэгээ олон нийтийн сүлжээнд хэрхэн байршуулсан талаараа хууль хяналтынханд дэлгэрэнгүй тайлбар өгсөн байдаг аж. Г.Доржзодовын хууль хяналтын байгууллагад өгсөн тайлбараар 2014 оны долдугаар сард А.Ганбаатар түүнтэй уулзаж аман гэрээ хийсэн байдаг гэнэ. Ингээд Ц.Сандуйтай танилцуулсан байна. 2014 оны есдүгээр сарын 8-нд “Шинэ монгол хаад” групп компанийн дөрөвдүгээр давхарт М.Энхболд, А.Ганбаатар, Ц.Сандуй, Г.Доржзодов нар 90 гаруй минутын уулзалт болсон гэдэг. Ц.Сандуй, А.Ганбаатар, М.Өлзий нар уулзалтын дараа эд мөрийн баримтуудыг бүгдийг нь устгажээ. А.Ганбаатар Г.Доржзодовын боловсролын бүх бичиг баримтыг хураан авч, сейфэндээ цоожилсон гэнэ. Дээрх үйл явдал болж өнгөрснөөс хоёр жилийн дараа буюу 2016 оны зургадугаар сарын 17-нд Г.Доржзодов гэх залуу 90 минутын бичлэгээс гурван хэсгийг тасдан авч www.soundcloud.com гэсэн сайтад нээлттэй байршуулжээ. Ингээд бичлэг тавигдсанаас хоёр хоногийн дараа Ц.Сандуй, А.Ганбаатар нар түүнтэй мессэжээр холбогдож, дарамталж эхэлсэн гэнэ. Мөн МАХН-ын Э.Эрдэнэжамъян хэвлэлийн бага хурал хийж, олоннийтэд бичлэгийг дүрсжүүлэн тараажээ. Түүнчлэн Ц.Сандуй ч МАН-ын төв байрны үүдэнд яаравчлан мэдэгдэл хийжээ. Үүний дараа МАН-ын генсек Д.Амарбаясгалан хэвлэлийн бага хурал зарлаж, Ц.Сандуйн хийсэн мэдэгдлийг эрс үгүйсгэсэн байна. Ингээд АН хэвлэлийн бага хурал хийж УПЕГ, АТГ, ЦЕГ-т хандаж байгаагаа мэдэгдсэн. Эндээс эхлэн МАН-ын удирдлагууд 60 тэрбум төгрөг хэрхэн босгох гэж байсан талаарх асуудал ар араасаа хөвөрч, олонд хүрч эхэлсэн байдаг. Хууль хяналтын байгууллага ч дээрх асуудлыг шалгаж эхэлсэн билээ. Харин Г.Доржзодовыг тухайн үед “Ариг” банкаар үйлчлүүлж байхад нь А.Ганбаатарын гаргасан гомдлын дагуу ТЕГ-ын долоон ажилтан саатуулсан байдаг. Түүнийг хоёр дахь удаагаа баривчилж байгаа нь энэ аж. Улмаар энэ хэрэгтэй холбоотойгоор 204 тоот Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсныг 2016 оны долдугаар сарын 17-нд АТГ-аас эрүү үүсгэхээс татгалзах саналаа Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн аж. Улмаар тус оны наймдугаар сарын 2-нд Нийслэлийн прокурорын газар дээрх саналын дагуу эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай 208 тогтоол гаргасан байна.Тухайн үед А.Ганбаатар “Хэрэв дарга зөвшөөрөх юм бол чамайг устгачихад ядах юм байхгүй” хэмээн амь насанд заналхийлсэн тухай мэдээлэл ч гарч байсан билээ. Ингээд Г.Доржзодовыг саатуулснаас сар гаруйн дараа буюу есдүгээр сарын 28-нд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.

2017 оны дөрөвдүгээр сарын 14. 11:17 цаг. Тагнуулын ерөнхий газрын долоон ажилтан Г.Доржзодовыг баривчилж байгаа нь

Улмаар Г.Доржзодов Ц.Сандуй руу 2017 оны гуравдугаар сарын сарын 15-нд “Хэрэв надад болонминий гэр бүлд ямар нэгэн муу зүйл тохиолдвол бичлэг, ррт, эксель, зураг бүгдийг нь олон нийтэд дэлгэж нэр төрөө сэргээнэ” гэсэн мессэж илгээсэн байна. Ц.Сандуй дээрх мессэжинд ямар нэгэн хариу өгөөгүй гэнэ. Дээрх мессэжийг илгээгээд удаагүй байхад байрных нь оршин суугчдаас үл таних хүмүүс Доржзодовын зургийг үзүүлэн хаана байгааг асууж, сураглаж эхэлсэн гэх. Мөн өглөө бүр орцных нь үүдийг хэн нэгэн сахих болсон бөгөөд дуудлага өгөөгүй байхад сантехник шалгах нэрийдлээр гэрт нь сэжиг бүхий хүн оруулж, элдвийн зүйл шалгаасан хэмээн мэдүүлсэн байна. Ийн явсаар 2017 оны дөрөвдүгээр сарын 5-нд А.Ганбаатар Г.Доржзодовын зам дээрээс барьж аван “Чи бидний үгээр байхгүй бол чамайг С.Зоригийн хэрэг шиг болгочихож чадна шүү” гэх утга бүхий үгсээр айлган сүрдүүлж заналхийлж, “Маргааш ирж уулзаарай” гэж шаардсан тухай Г.Доржзодов хуулийнханд дуу бичлэг бүхий баримттайгаар мэдүүлсэн байдаг аж. Маргааш нь Г.Доржзодов А.Ганбаатарын өрөөнд очиход түүний халаасан дахь mp3-ыг булаан авсан гэнэ. Үүний дараа Г.Доржзодов эхнэр, хүүхдээ Улаанбаатар хотоос явуулж, Нийслэлийн прокурорын газарт орон байр, гэр бүлээ хамгаалалтад өгөөч гэж хүсчээ. Нийслэлийн прокурорын газраас “Энэ хүсэлтийг ТЕГ-т шилжүүл” гэсэн хариу өгсөн байна.

УИХ-ын сонгуулийн 2016 оны сурталчилгааны үеэр МАН-ын удирдлагууд төрийн албан тушаалыг үнэлэн, 60 тэрбум төгрөг хэрхэн босгох тухай ярилцаж байгаа бичлэгийн эргэн тойронд ийм л үйл явдал өрнөжээ. Г.Доржзодов нь ямар нэгэн намын гишүүн биш аж. Мөн түүнийг ТЕГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ.

Г.БАТЗОРИГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-г хамгийн найдвартай сониноор нэрлэжээ

“Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд “Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн ардчилал дахь үнэ цэнэ” сэдэвт Ардчиллын гурав дахь чуулган боллоо.

2015 оноос хойш жил бүр тогтмол зохион байгуулж буй уг чуулганы нээлтэд ХБНГУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Стефан Дүппэл, Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч доктор Даниел Шмюкинг, Удирдлагын академийн захирал, доктор, профессор С.Зүльфикар нар оролцсон юм. УИХ-ын гишүүн Л.Болд “Ардчилалд хэвлэл мэдээлэл дөрөв дэх засаглалын үүрэг гүйцэтгэх нь”, ХБНГУ-ын Христийн Ардчилсан Холбоо Намын Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, др. проф. Дагмар Шипански “Хэвлэл мэдээлэлд итгэх иргэдийн итгэл”, Сант Марал Сангийн захирал Л.Сумати “Монголчуудын хэвлэл мэдээлэлд хандах хандлага”, Хэвлэлийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах “Монголд хэвлэл мэдээллийг хэн эзэмшдэг вэ?” сэдвүүдээр илтгэл тавьж, “Үндэсний Олон нийтийн радио, телевизийн ардчилалд гүйцэтгэх үүрэг”, “Сэтгүүл зүйн цаашдын чиг хандлага: Сошиал Медиа/Эрэн сурвалжлах сэтгүүл зүй” сэдвээр хэлэлцүүлэг хийлээ.

“Монголчуудын хэвлэл мэдээлэлд хандах хандлага” судалгааны үр дүнг Сант марал сангийн захирал Л.Сумати танилцуулсан юм.

Энэхүү судалгаанд санамсаргүй түүврийн аргаар Улаанбаатар хотын дүүргүүд болон найман аймгийн 1200 хүн хамрагджээ.

Судалгаанд оролцсон иргэдийн дийлэнх нь буюу 67,4 хувь дотоодын мэдээллийг илүү үздэг гэж хариулжээ. Харин улстөрийн мэдээллийг 30, эдийн засгийн мэдээллийг 24 хувь нь үзэж, сонирхдог гэжээ.

Улстөрийг эрчүүдийн 37 хувь, эмэгтэйчүүдийн 24,7 хувь нь илүү сонирхдог байна. Эрүүл мэнд болон боловсролын контентыг эрчүүдийн 10,9 хувь, эмэгтэйчүүд 35,9 хувь нь сонирхдог байна. Хөгжөөнт үзвэрт эмэгтэйчүүдийн 19,3 хувь, эрчүүдийн 13,2 хувь нь илүүд үздэг.

Л.Сумати “Боловсролын контентыг эмэгтэйчүүд илүү сонирхдог нь нийгмийн байдлаас шалтгаалдаг болов уу. Социалист системийн соёл тэр чигтээ үргэлжилж байгаагийн нэг жишээ байх” гэлээ. Аль мэдээллийн хэрэгсэл хамгийн найдвартай вэ гэсэн асуултад судалгаанд оролцогчид ийнхүү хариулжээ.

Аль телевиз ХАМГИЙН НАЙДВАРТАЙ вэ?

Телевиз

Хувь

МҮОНТВ

73,9

ТВ9

26,8

Боловсрол

15,4

Монгол

14

Ийгл

9,5

25-р суваг

7,1

Малчин

3,5

Энэ үр дүнгийн талаар Л.Сумати:

-Манай хийсэн хэмжилтийн зөвхөн эхлэл. Цаашид нэлээд олон сувгаар үргэлжлүүлж чадна. Яагаад гэвэл энэ нээлттэй асуулт байсан. Цаашдаа нэг хувь болон түүнээс доошоо нэлээд байр эзэлсэн олон сувгийн нэр байгаа. Бид хамгийн сүүлд бизнесийн орчинд судалгаа хийсэн. Судалгааны дүнгээс харахад бизнесийн ертөнц байдал нэлээд муу байна. Улстөрчид бизнес их эрхэлдэг. Мөн өнөөдөр яригдаж байгаагаар улстөрчид хэвлэл мэдээллийн байгууллагыг олон тоогоор эзэмшдэг. Тэгвэл цаашдаа ашиг муутай мэдээллийн хэрэгслүүдээ тэд санхүүжүүлж чадахгүй болж байгаагийн дохио. Бага үзэгчтэй байгаа сувгууд цаашдаа ажиллах боломжгүй болно. Тун удахгүй мэдээллийн зах зээл нэлээд том хөдөлгөөнд орох магадлалтай гэж ярилаа.

Аль СОНИН ХАМГИЙН НАЙДВАРТАЙ вэ?

Та аль сонинг хамгийн найдвартай гэж үзэж байна вэ гэсэн асуултад дараах байдлаар хариулжээ.

Сонин

Хувь

Сонин уншдаггүй

53

Өдрийн сонин

14,3

Зууны мэдээ

8,5

Өнөөдөр

7,3

Монголын мэдээ

5,7

Ардын эрх

3,7

Энэ үр дүн нь сонины зарагдсан хувьтай шууд холбоотой гэдгийг илтгэгч тайлбарласан.

Аль РАДИО ХАМГИЙН НАЙДВАРТАЙ вэ?

Та аль радиог хамгийн найдвартай гэж үзэж байна вэ гэсэн асуултад МҮОНР, Монголын радио, Гэр бүлийн радио, Лавайн эгшиг радио тус тус оржээ. Радиогийн хувь заяа нэлээд хүнд тийшээ явж байна гэдгийг дурьдсан юм.

Аль ВЭБСАЙТ ХАМГИЙН НАЙДВАРТАЙ вэ?

Вэбсайт

Хувь

GoGo.mn

20.7

olloo.mn

13.1

news.mn

14.9

medee.mn

10.4

eagle.mn

8.5

shuud.mn

7.5

24tsag.mn

6

ikon.mn

6.2

Ихэнхдээ аль цахим мэдээллийн хэрэгсэл ашигладаг вэ?

Вэбсайт

Хувь

GoGo.mn

21.6

olloo.mn

14

medee.mn

13.3

news.mn

14.2

eagle.mn

8.9

shuud.mn

7.1

24tsag.mn

6.7

ikon.mn

7.1

Өнөөдрийн танилцуулсан илтгэл нь судалгааных нь ердөө 10 хувийг л эзлэх төдий мэдээлэл гэдгийг Л.Сумати хэлж байлаа. Сант марал сангаас сонгуулийн дараа энэхүү судалгаагаа бүрэн эхээр нь олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр нээлттэй мэдээлнэ гэдгээ илэрхийллээ.

Төгсгөлд нь, “Та Монгол Улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн ур чадварыг ерөнхийд нь үнэлнэ үү” гэсэн асуултад судалгаанд оролцогсдын 42,8 хувь нь сайн ч биш муу ч биш, 27 хувь нь сайн нь илүү, 19 хувь нь сайн гэж хариулсан юм.

Categories
мэдээ нийгэм

68 халаалтын зуухыг зогсоож, ТӨВЛӨРСӨН ДУЛААНД холбож эхэллээ

Эрчим хүчний яам, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн 2017 оны төлөвлөгөөний дагуу 68 халаалтын зуухыг зогсоож, төвлөрсөн дулаанд холбох ажил хийгдэж эхэллээ.

Энэ ажлын хүрээнд өнөөдөр Эрчим хүчний сайд П.Ганхүү, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Д.Бямба-Очир болон бусад албаны хүмүүс шугам сүлжээний төв цэг буюу Хан-Уул дүүргийн 4-р хороо, Яармагийн нэгдсэн эмнэлэг орчмыг төвлөрсөн дулаанд холбох ажлын явцтай танилцлаа.

Эхний ээлжинд Яармаг орчмын долоон зуухнаас хангагддаг Хан-Уул дүүргийн 80 ортой нэгдсэн эмнэлэг, 320 хүүхдийн 63 дугаар тусгай дунд сургууль, 620 хүүхдийн 34 дүгээр сургууль, 210 хүүхдийн 12 дугаар цэцэрлэг, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн Хан-Уул салбар, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны өрхийн эмнэлэг, Цагдаагийн барилга гэх мэт газрууд төвлөрсөн дулаанд холбогдсон байна.

1780 метр дулааны шугам, орчин үеийн иж бүрэн тоноглол бүхий хоёр дулаан дамжуулах төвийг суурилуулсан уг төсөлд нийт 820 гаруй сая төгрөг зарцуулсаны үр дүнд жилд түлдэг байсан 2470 тн түүхий нүүрсний хэрэглээ буурч, агаарт хаягдах хорт хаягдал 115,2 тн-оор багасах судалгаа гарсан аж.

Цаашид Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Их Засаг Их Сургууль орчимд байрлах 27 халаалтын зуухнаас хангагддаг 73 орон сууц, үйлчилгээний барилгыг төвлөрсөн дулаанд холбоно.

Баянзүрх дүүргийн 5, 22 дугаар хороо Цайз зах, Маахуур толгой орчмын 25 халаалтын зуухнаас хангагддаг 46 орон сууц, үйлдвэр үйлчилгээний барилгыг төвлөрсөн дулаанд холбоно.

Амгалан дулаан станцаас гарсан дулааны шугамыг өргөтгөн хотын зүүн хэсгийн дулаан хангамжийг сайжруулах, халаалтын зуухтай газруудыг төвлөрсөн дулаанд холбох ажлын зураг төсөл хийгдэж байна. Үүнд 22.9 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд Засгийн газраас хөрөнгийн эх үүсвэрийг шийвэрлээд байгаа юм.

Мөн Хууль Сахиулахын Их Сургууль орчмын 9 халаалтын зуухнаас хангагддаг 19 орон сууц, үйлчилгээний барилгыг төвлөрсөн дулаанд холбоно.

2017 онд 68 халаалтын зуухыг зогсоож, түүхий нүүрсний хэрэглээг жилд 11,181 тн–оор бууруулах юм. 2020 он гэхэд Улаанбаатар хотыг тойрсон нийтдээ 228 халаалтын зуухнаас хангагддаг 0,1-3 Гкал/ц-ийн дулааны хэрэглээтэй 500 орчим барилгыг төвлөрсөн дулаанаар хангаж, түүхий нүүрсний хэрэглээг жилд 121.573 тн-оор багасгаж, нүүрсний шаталтаас агаарт хаягдах хорт хаягдлын хэмжээг 5667,3 тн-оор бууруулах боломжтой болох юм.

Categories
мэдээ нийгэм

”Ц.Намсрайжав 90” хүндэтгэлийн тоглолт болно

Монгол Улсын Симфони найрал хөгжмийг үндэслэгч, ардын жүжигчин, төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжавын мэндэлсний 90 жилийн ой энэ онд тохиож байна. Ойд зориулсан “Ц.Намсрайжав 90” хүндэтгэлийн тоглолт энэ сарын 15-нд буюу түүний төрсөн өдрөөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болно. Тоглолтод Улсын Филармонийн Симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.

Ц.Намсрайжав Архангай аймгийн Тариат сумын нутаг Дархан-Уул гэдэг газар төрсөн. Арван настайдаа “Бөмбөгөр ногоон” театрт дагалдан хөгжимчнөөр орсон цагаас 50 гаруй жил их урлагийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулсан, нэрт удирдаач, гарамгай зохион байгуулагч, хөгжмийн зохиолч хүн юм.

Хуучир хөгжмөөр уран бүтээлийхээ замналаа эхлэн, улмаар валторн хөгжмийг эзэмшиж, монголдоо симфони найрал хөгжмийн анхны бүтээл болох “Хувьсгалт баатарлаг марш”-ийг туурвин бүтээж, 1951 онд гавъяат жүжигчин цол хүртсэн юм.

Мөн 1952 онд Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийн удирдаачийн ангийг төгсөн, эх орондоо Симфони найрал хөгжмийг үндэслэн байгуулсан анхны дээд боловсролтой удирдаач бөгөөд 30 гаруй жил байгууллагын дарга, уран сайхны удирдагч, ерөнхий удирдаачаар ажиллаж байсан түүхтэй.

Дашрамд дурдахад, энэ жил Симфони найрал хөгжмийн 60, Ц.Намсрайжавын мэндэлсний 90, Морин хуурын чуулгын 25 жилийн ой давхар тохиож байгаа бөгөөд ирэх есдүгээр сард Улсын Филармонийн 45 жилийн ой мөн болох юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголчуудын сарын дундаж цалин 960 мянган төгрөг болж өсчээ

Мөнгө зурган илэрцүүд

Үндэсний Статистикийн Хорооноос өнөөдөр 2017 оны тавдугаар сарын нэгдсэн статистик мэдээллийг танилцууллаа. Танилцуулгад Монголчуудын сарын дундаж цалингийн мэдээллийг гаргажээ.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар 959.1 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 87.7 (10.1%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 16.2 (1.7%) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
Харин Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2017 оны 1 дүгээр улирлын тайланд хамрагдсан 566,722 ажиллагчдын медиан цалин нь 684.8 мянган төгрөг байна.
Аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 628.6 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 755.8 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 866.3 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 984.6 мянган төгрөг, 200, түүнээс дээш ажиллагчтайнх 1 сая 391.2 мянган төгрөг байна.
Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2 сая 481.2 мянган төгрөг, харин урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 600.6 мянган төгрөг байна.