Categories
мэдээ нийгэм

Ачаа тээшний шинэ үйлчилгээг нэвтрүүллээ

АЧАА ТЭЭШНИЙ ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭЗам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төвөөс дотоодын ачаа тээврийг нэгдсэн зохицуулалтад оруулан тээш хадгалах, хүлээн авах, гардуулах шинэ үйлчилгээг өнөөдөр албан ёсоор нэвтрүүллээ.

Өмнө нь иргэдийн ачаа тээшийг хувиараа тээвэр эрхлэгчид “дайвар” маягаар зөөвөрлөдөг байсан бол тус үйлчилгээг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, даатгалтай, баталгаатай тээвэрлэлт хийгдэж байгаагаараа энэхүү шинэ үйлчилгээ онцлогтой юм байна. Автотээврийн үндэсний төв болон Монгол шуудан компани “Гараас гарт-хаалганаас хаалганд” гэсэн уриатайгаар энэхүү үйлчилгээг хэрэгжүүлж эхэллээ.

Автотээврийн үндэсний төвөөс 2017 оныг “Автотээврийн менежментийг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан иргэд, тээвэрчдэд чиглэсэн, улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжсэн бодит ажлуудыг амжилттай зохион байгуулан, үйлчилгээг үзүүлж байгаа билээ. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Зам, тээврийн салбарын зорилтыг “Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, ая тухтай үйлчилгээ үзүүлэх зам, тээвэр, логистикийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх” гэж тодорхойлсон байдаг. Энэхүү зорилтын хүрээнд дотоодын ачаа тээврийг нэгдсэн зохицуулалтад оруулан тээш хадгалах, хүлээн авах, гардуулах ажлыг зохион байгуулж эхэллээ. Өмнө нь иргэдийн ачаа тээшийг дайвар нэрээр орон нутгийн болон, Улаанбаатар хотын зорчигч тээврийн төвүүдийн гаднаас, түүнчлэн худалдааны төв, зах зэрэг газруудаас хувиараа тээвэр эрхлэгчид хүлээн авч тээвэрлэдэг байсан бол тус үйлчилгээг нэгдсэн зохион байгуулалтад оруулж иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангасан даатгалтай, баталгаатай тээвэрлэлтийн үйлчилгээг үзүүлэхийн тулд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Монгол шуудан” “ГАРААС ГАРТ – ХААЛГАНААС ХААЛГАНД” гэсэн уриатайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-тай хамтран ажилладаг гэрээт аж ахуйн нэгж, байгууллагууд нь аймаг, орон нутаг, сум, суурин газруудад түргэн шуурхай, найдвартай, тогтсон цаг, маршрутын дагуу тээвэрлэлтийг гүйцэтгэдэг. “Монгол шуудан” ХХК нийслэлд 23, орон нутагт 365 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.. Иймд иргэн та ачаа тээшээ өөрт ойр байрлах шуудангийн салбар, авто буудлын илгээмжийн ачааны хэсэгт эсхүл цаг хугацааг хэмнэн 1800-1636 утсаар дуудлага өгч тээш хариуцсан ажилтанд хүлээлгэн өгөх бүрэн боломжтой бөгөөд бид эх орны өнцөг булан бүрт таны ачаа тээшийг баталгаатай хүргэн өгнө. Мөн зорчигчийн тээш хадгалах үйлчилгээг бид бүхэн автотээврийн салбарт нэвтрүүлээд байна. Зорчигч нь тасалбараараа 15 кг-аас илүүгүй жинтэй гар тээш, 20 кг-аас хэтрэхгүй тээшийг автобусаар үнэ төлбөргүй авч явдаг. Бид зорчигчийн ая тухтай зорчих, үйлчлүүлэх орчинг бий болгосноос гадна ачаа тээшийг бүртгэлжүүлэх илгээмжийн ачааны энэ үйлчилгээг Сонгинохайрхан автобуудал /Драгон төв/ болон баруун аймгийн автотээврийн төвүүдээс эхлүүлээд байна.

Categories
мэдээ нийгэм

Загас агнуурын хорио тавигджээ

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл загас агнахыг хориглосон байдаг. Учир нь дээрх хугацаанд загас түрсээ шахдаг аж. Хэрэв энэ үеэр загас агнасан тохиолдолд нөхөн төлбөр торгууль ногдуулах юм байна.

Хориотой хугацаанд загасчилсан этгээдэд 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль төлөх эсвэл барьсан загасны төрлөөс хамаараад өөр хэмжээний мөнгөн торгууль ногдуулдаг аж

Categories
мэдээ нийгэм

Орон даяар ЭЕШ эхэллээ

Холбоотой Зураг

Өнөөдөр 12-р анги төгсөж байгаа хүүхдүүд Элсэлтийн ерөнхий шалгалтаа монгол хэл бичгийн шалгалтаа өгч байна. ЭЕШ-ыг их дээд сургуулиуд дээр биш дунд сургуулид дээр авч байна. Тухайлбал, Д.Сүхбаатарын нэрэмжит 2-р сургууль дээр 12:00 цагт очиход хүүхдүүд аль хэдийн орчихсон гадна нь эцэг эхчүүд нь хүлээн сууж байв. Шалгалтын тест аль хэдийн задарч, тараагдсан учир дотогш сэтгүүлчдийг нэвтрүүлэхгүй гэж байв.

Энэ жил 40388 элсэгч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд нийслэлд 22889 элсэгч бүртгүүлжээ.

Нийслэл дэх ЭЕШ авах байрууд болон шалгалтын хуваарьтай танилцана уу

Categories
мэдээ нийгэм

Сөүл хотын Орон сууцны корпорацийн судлаачид Монголд ажиллалаа

Сөүл хотын Орон сууцны корпорацийн судалгааны ажил өндөрлөлөөБНСУ-ын Сөүл хотын Орон сууцны корпораци нийслэлийн Орон сууцны корпораци ОНӨААТҮГ хамтын ажиллагааны хүрээнд Сөүл хотын SH корпорациас таван хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг өнгөрсөн долоо хоногт манай улсад ажилласан юм. Энэ хугацаанд Нийслэлийн Орон сууцны корпораци ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаа болоод хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, шинэ суурьшлын бүсүүд, гэр хорооллын дахин төлөвлөлтийн нэгж талбарууд болон төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгж байгууллагууд, зарим иргэдийн төлөөлөлтэй уулзсан байна. Тэдний сэтгэгдлийг хүргэж байна..

ЧОЙ ЧИЛ МҮН: ДОЛОО, НАЙМДУГААР САРД СУДАЛГААНЫ АЖЛЫН ДҮГНЭЛТ ГАРНА

/SH корпорацийн Газар дахин төлөвлөлтийн хэлтсийн дарга Чой Чил Мүн/

-Энэ удаагийн бидний ирсэн гол зорилго нь бол цаашдаа Сөүлийн орон сууцны корпораци болон НОСК хамтарч хийж буй төсөл ямар хэмжээнд хэрэгжих талаар судалгааны ажлыг хийх зорилготой ирсэн. Ерөнхийдөө нөхцөл байдлын судалгаагаа төслийн зорилтот бүлэг нь ямар хүмүүс байх энэ төслийн үр дүн болоод ашиг тусыг ямар хүмүүс хүртэх вэ гэдэг талаас нь түлхүү хийлээ. Энэ удаа бид хотоос шинэ суурьшлын бүс гэж төлөвлөөд хэрэгжүүлж байгаа бүсүүдэд очиж үзлээ. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжиж байгаа бүсүүдтэй танилцсан. АХБ-наас санхүүжүүлж буй буй Баян-хошуу, Сэлбэ дэд төвүүдийн ажлын явцыг очиж үзлээ. Түүнээс гадна нийслэлийн харьяа байгууллагуудтай танилцлаа. Мөн энэ бүс нутагт амьдарч байгаа иргэдтэй уулзаж ярилцсан. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгжийн төлөөлөлтэй уулзлаа. Холбогдох материалуудыг Нийслэлийн орон сууцны корпорациас авсан. Цаашид ч шаардлагатай баримт материалуудыг солилцохоор тохиролцлоо. Энэ бүх судалгааны материал дээрээ суурилан ирэх долоо, наймдугаар сард судалгааны ажлын дүгнэлт гарах болно.

-Манай улсын хувь гэр хорооллын дахин төлөвлөлтийг зайлшгүй хийх шаардлага тулгарч байгаа. Та бүгдийн хувьд гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлуудтай танилцсан, энэ талаар юу хэлмээр байна?

Дахин төлөвлөлтийн бүсэд амьдарч байгаа иргэдийн хувьд дахин төлөвлөлтөд хурдан ороосой, хурдан барилга бариасай гэсэн хүлээлт маш их байна. Ерөнхийдөө тэдгээр бүсүүд нь дэд бүтцэд хамрагдаагүй байсан. Иргэдийн хувьд газрынхаа оронд нөхөн олговор болгон байр авах эсвэл бэлэн мөнгө авах зэрэг өөр өөр сонирхолтой байсан. Мөн төсөл хэрэгжүүлэх нэгж талбар маань маш том хэмжээтэй байсан учраас төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд санхүүжилтээ бий болгож чадаагүйн улмаас энэхүү төсөл зогсох удаашрах зэрэг шинжүүд ажиглагдаж байсан. Мөн бидний мэдэж авсан зүйлсийн нэг нь энэ төсөл хэрэгжүүлэх нэгж талбараа бүхэлд нь биш хэсэгчилсэн төсөл хэрэгжүүлэх боломжтой юм байна. Энэхүү бодит шалтгаануудыг загвар төсөл боловсруулахдаа ашиглавал ач холбогдолтой.

БАНГ СОНГ ХҮҮН: БИДНИЙ ХУВЬД АТААРХАЛ ТӨРӨХӨӨР ЗҮЙЛ БАЙНА

/SH корпорацийн Олон нийтийн бизнес хөгжлийн агентлагын мэргэжилтэн Банг Сонг Хүүн /

– Сөүл хотын орон сууцны корпораци нь 28 жилийн түүхтэй маш өргөн туршлагатай байгууллага. Өөрийн орны туршлагаасаа хуваалцаач? Тухайлбал загвар төсөл боловсруулах суурь судалгааны ажлыг хэрхэн явуулдаг вэ?

Солонгос, Монгол хоёр улсын хувьд соёлын болон хөгжлийн маш олон ялгаа байгаа учраас Монголын хууль эрхзүйн орчноос эхлэн, соёл, эдийн засаг, аж ахуй, ахуйн амьдрал гээд бүхий л суурь мэдээллүүдийг макро болон микро түвшинд нь судалж байж төсөл хэрэгжүүлэх юм бол их амжилттай болно. Гэвч Монгол Улсад удахгүй сонгууль болох гэж байгаа тул бидэнд тав хоногийн хугацаанд л ажиллах боломжтой байлаа.

– НОСК-ийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн нэг болох шинэ суурьшлын дөрвөн байршилтай очиж танилцсан. Эдгээр байршлуудын талаар та ярихгүй юу. Ер нь шинэ суурьшлын бүсийг бий болгох нь ямар ач холбогдолтой вэ?

Энэ удаа бид гэр хорооллын дахин төлөвлөлт болон, шинэ суурьшлын бүсүүдийн бүхий л байршлуудтай очиж танилцахыг хичээсэн. Мөн холбогдох байгууллагууд болон АХБ, төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгжийнхэнтэй уулзсан. Хотын шинэ суурьшлын бүсийн хөтөлбөрт орсон Яармаг, Морин-гийн даваа, Био-сонгино, Авто худалдааны төв гэсэн дөрвөн байршилд очиж үзсэн юм. Шинэ суурьшлын бүсийг ингэж олон байршилд бий болгохоор төлөвлөсөн байна гэдэг бол бидний хувьд атаархмаар зүйл байна. Гэсэн ч энэ маш том газар учраас энэ газар дээр иргэдийн хэрэгцээ болон нийлүүлэлтийн нарийвчилсан судалгаануудыг хийхгүйгээр төлөвлөлт хийвэл буруу болно. Дэлхий даяар өсөлт их буурсан байна. Мөн эдийн засаг болон нийгмийн ул суурьтай, үндэслэлтэй судалгааг хийж, макро эдийн засгийн зөв үзүүлэлтүүдийг нь авч судалгаандаа тусгаж байж тэр бүс нутагт төлөвлөлт хийх нь зөв юм.

-Тэгэлгүй яахав! Тэгэхээр эдгээр шинэ суурьшлын бүсүүдээс хөгжүүлэлт хийхэд хамгийн боломжтой нь аль байршил гэж та үзэж байна вэ?

Энэ дөрвөн байршлаас арай илүү бололцоотой гэж үзсэн нь Яармаг орчим гэж үзсэн. Учир нь ойрхон спорт цогцолбор, орон сууцны хорооллууд баригдсан байна. Тиймээс бид төсөл хэрэгжүүлэхээр болбол энэ бүсэд дахин дэлгэрэнгүй судалгаа хийх сонирхол байна.

Хэдий богино хугацаа байсан ч гэсэн бид аль болох бүхий л байршлуудтай танилцахыг хичээсэн. Энэ дундаас Сүхбаатар дүүргийн 7-р хорооллын бүс нутгийг онцолмоор байна. Энэ бүсийн хувьд бол хотын төвөөс маш ойрхон байршилтай байна. Гэвч нөгөө талаас блок блокоороо хэсэгчлээд хэд хэдэн төсөл хэрэгжүүлэгчид ороод барилгын ажил явагдаж байгаа нь ч байна. Бүр зогсчихсон хэсэг ч байна. Яг нөхцөл байдал дээр харвал иргэд нь газар чөлөөлөхгүй байгаа тохиолдлууд ч байна. Тэгэхээр энэ хэсэг төлөвлөлт нь хэтэрхий замбараагүй байдалтай болохоор харагдаж байна. Гэхдээ Сүхбаатар дүүргийн 7-р хороолол бол хот доторх гэр хороолол гэдэг утгаараа хотын зүгээс дахин төлөвлөлтөд зайлшгүй орох шаардлагатай нэгж талбар гэж үзэж байгаа учир бид холбогдох дэлгэрэнгүй материалуудыг авч дахин нягталж судалж үзье.

– Гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулахад иргэд эсрэг байр суурьтай байна гэж үзэж байна гэсэн үг үү?

Яг тийм гэж хэлэхэд хэтэрхий өрөөсгөл ойлголт юм. Учир нь зарим нэгж талбар дээр иргэд нь өөрсдөө нэгдээд хоршоо байгуулчихсан тохиолдол хүртэл байгаа юм. Тухайлбал Цайз орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд. Энэ бүсийн хувьд бол 2000 оны үед байгуулагдсан. Сүүлд байгуулагдсан гэдэг утгаараа арай илүү зохион байгуулалттай гэр хороолол гэж санагдсан. Давуу тал нь гэвэл иргэд нь нэгдээд хоршоо байгуулчихсан байна. Ингэснээр цаашдаа төсөл хэрэгжүүлэхэд иргэдтэй тохиролцоход давуу тал болох учир дахин төлөвлөлт хийгдэхэд илүү боломжтой гэж үзэж байна. Иргэд нь ч мөн тухайн нэгж талбартаа нэг дор бүх төлөвлөлт хийгдэн, барилгажилт хийгдэх боломжгүй шат дараалалтайгаар явагдана гэдэг дээр маш сайн ойлголттой байгаа учраас барилга угсралтын төсөл хэрэгжүүлэхэд их таатай орчин гэж үзэж байна гэж нийслэлийн Орон сууцны корпорациас мэдээллээ.


Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганыг түр завсарлуулах захирамж гарлаа

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.13 дахь хэсэг, Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн саналыг харгалзан хаврын ээлжит чуулганыг түр завсарлуулах захирамжид Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд гарын үсэг зуржээ.

Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулган зургаадугаар сарын 14-нөөс 28-ны өдрийг дуустал хугацаанд завсарлах ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Тийзний үнэ 20-40 хувь хямдрах боломжтой гэв

Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ ТӨХК, Хүннү Эйр компани болон Эйр Монголия компанийн удирдлагууд нислэгийн тийзний үнийг хэрхэн хямдруулж, хөнгөлөлт үзүүлэх боломжтой талаар мэдээлэл хийлээ. Дээрх компаниуд нислэгийн тийзний үнийг урьдчилсан байдлаар 20-40 хувиар бууруулах боломжтой гэв.

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл “Бид олон улсын агаарын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах замаар тодорхой үе шаттайгаар тийзний үнийг бууруулах боломжийг эрэлхийлж байна. Эхний ээлжинд БНСУ-тай байгуулах агаарын харилцааны хэлэлцээрт өөрчлөлт оруулснаар иргэд, олон нийт хөнгөлөлттэй, хямд үнээр зорчих бас нэгэн боломж нээгдэнэ” хэмээн хэллээ.

Мөн дотоодын тээвэрлэгч компаниуд нислэгийн тийзэндээ ямар хөнгөлөлт үзүүлэх боломжтой талаараа мэдэгдлээ. Хүннү эйр компани Улаан-Үдийн чиглэлд шинэ нислэг, МИАТ Бусаны чиглэлд шинэ нислэгийг хөнгөлөлттэй үнээр нээж байгаа талаар ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн хэлж байв. Мөн Бусан болон Сөүлийг холбосон нислэгээс гадна Тайланд, Бангкок чиглэлд шинэ нислэг нээхээр төлөвлөжээ.

Тийзний үнийн талаар МИАТ компанийнхан “Нийт 26 төрлийн тарифыг цаг хугацаа болон ангиллаас хамааруулж тогтоосон. Тийзээ эрт захиалж авсан тохиолдолд хамгийн бага үнээр тийз худалдан авах боломжтой бөгөөд 60-70 хувийг хямд тийз эзэлж байна. Тухайлбал хоёр талын тийз 970 мянган төгрөгөөс эхэлдэг” хэмээн энэ үеэр мэдээллээ.

Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл БНСУ-ын “Асиана Эйрлайнз” компанийн төлөөлөгчидтэй уулзаж, хамтын ажиллагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцсон байна. Тус компанийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Жон Илнам Инчон–Улаанбаатар–Инчон чиглэлд тогтмол нислэг үйлдэх хүсэлтийг тавьсан байна. Хоёр улсын агаарын харилцааны хэлэлцээрийг энэ сарын 28-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо хийхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд хийгдэж буй Авто замын урсгал засварын ажлын явц 90 хувьтай байна

Нийслэлийн Авто замын сангийн хөрөнгө оруулалтаар 2017 онд нийслэлийн гол болон туслах 25 гудамжны 200 000 урт метр замд хучилтын хөндлөн болон дагуу хагаралын засварын ажил хийхээр төлөвлөж, 6 дугаар сарын 2-ны өдөр гэхэд бүрэн дуусгасан байна.

Мөн гол болон туслах 84 гудамж, замд 25 000 ам метр нүхэн эвдрэлийн урсгал засварын ажил хийхээс 22 750 ам метр засварын ажлыг гүйцэтгэж, ажлын явц 90 хувьтай байна. Өнөөдрийн байдлаар Их сургуулийн гудамж, Үндсэн хуулийн гудамжны засварын ажил хийгдэж байна. Иргэдийн зорчих ая тухыг хангах, хөдөлгөөнд саад болохгүйн үүднээс засварын ажлыг шөнийн цагаар 22-06 цагийн хооронд хийж гүйцэтгэж байгаа юм. Энэ жилийн хувьд Энхтайваны өргөн чөлөөнд дугуйн мөрний ховилын засварын ажлыг хийсэн. Авто замын нэгдүгээр эгнээгээр байнга хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчсоны улмаас дугуйн мөрний ховил үүссэн бөгөөд 4 метр өргөнтэй, 4-5 см суулттай ховилыг тэгшлэн засах ажлыг УБЗЗАГ ОНӨААТҮГ гүйцэтгэж, замын ховилыг зорж, асфальт хучилт хийсэн байна.

Урсгал засвар нь дууссан Энхтайваны өргөн чөлөө болон Чингисийн өргөн чөлөөнд Замын тэмдэглэгээний ажил хийж байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээ маргааш эхэлнэ

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр батлагдсан. Тус хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хамтарсан тушаал гарч даатгуулагчийг хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамруулах, даатгалын сангаас зардлын төлбөрийг санхүүжүүлэх журам батлагдан гарсан. Энэхүү шийдвэрийг үндэслэн нийслэлийн Эрүүл мэндийн газраас Улаанбаатар хотод илрүүлэг шинжилгээг хийх эмч, мэргэжилтнийг бэлтгэж сургах, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, шинжилгээний материалын бэлэн байдлыг хангах, өрхийн эрүүл мэндийн төв дээр хороо, хэсгээр нь эмх, замбараатай, хүлээгдэл чирэгдэлгүй шинжилгээнд хамруулах хуваарийг боловсруулах зэрэг олон төрлийн бэлтгэл ажлыг зохион байгууллаа.

Нийслэлд оршин сууж байгаа 40-65 насны иргэдийг хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамруулах ажил энэ сарын 15-ны өдөр буюу маргааш нийслэлийн 9 дүүрэгт нэгэн зэрэг эхэлж 2017 оны есдүгээр сарын 25-ны өдөр хүртэл явагдана. Иймд хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамрагдах хүсэлтэй 40-65 насны иргэн та эрүүл мэндийн даатгалын 2016, 2017 оны шимтгэлийг бүрэн төлсөн байх шаардлагатайг анхаарна уу гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

ЭЕШ өгөхөөр аймгийн төв рүү явж байсан гурван сурагч амиа алджээ

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар 12:00 цагт эхэлнэ. Тэгвэл өчигдөр буюу зургаадугаар сарын 13-ны өдрийн 22:40 цагийн үед ЭЕШ өгөхөөр Замын-Үүдээс Сайншанд руу явж байсан гурван сурагч зам тээврийн ослоор амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Энэ талаар Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн н.Гэрэлмаагаас тодруулахад “Өчигдөр шөнө Дорноговь аймгийн нутагт зам тээврийн ослоор дөрвөн иргэн алдсан хэрэг бүртгэгдсэн байна. Осол Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт гарсан бөгөөд“North benz” маркийн автомашин “Sonata6” маркийн машинтай мөргөлдөж, дөрвөн хүн нас барж, хоёр хүн гэмтсэн. 49 настай нэг эрэгтэй, 18 настай гурван эрэгтэй амиа алдсан байна. Ослоор амиа алдсан гурван иргэн ЭЕШ өгөхөөр аймгийн төв рүүгээ явж байсан гэх мэдээлэл бий” гэв.

Одоогоор тус хэргийг Дорноговь аймаг дахь Замын цагдаагийн газарт шалгаж байна.Иймд, Замын цагдаагийн албанаас жолооч нарыг орон нутгийн замд анхаарал болгоомжтой явж, хамгаалах бүсээ зүүж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотод 1000 айлын орон сууц барина

Ерөнхий сайд Эрдэнэбат өнгөрөгч тавдугаар сард БНХАУ-д айлчлах үеэрээ тус улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай хэлэлцээр хийж, Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод 1000 айлын орон сууц барихаар болсон. Энэ хүрээнд Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн ахалсан төслийг хэрэгжүүлэх ажлын хэсэг хэдхэн хоногийн өмнө Өвөр Монголын өөртөө засах орны Бугат хотод ажиллаад ирсэн байна. Дэд сайдын ахалсан бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Барилга, хөгжлийн төвийн дарга Ц.Амарсанаа, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар, Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар болон Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох албаны төлөөлөл багтсан аж.

Улаанбаатар хотод баригдах 1000 айлын орон сууцны төслийг ӨМОЗО-ны Бугат хотын захиргаа хариуцаж байгаа юм. Тиймээс хоёр талын ажлын хэсэг Бугат хотноо хуралдаж Ерөнхий сайд нарын хэлэлцээрээс хойш өнгөрсөн нэг сарын хугацаанд хийсэн ажлуудаа танилцуулж, төслийнхөө талаар хэлэлцсэн байна. Ажлын хэсгийнхний уулзалтын үеэр БНХАУ-ын Бугат хотын дэд дарга Зан Жианьзүн “Манай улсын Худалдааны яамнаас томилогдсон инженер техникийн багийнхан Улаанбаатарт очиж ажиллласан.

Тэд яг одоо ажлын төлөвлөгөөгөө хийж байна. Урьдчилсан байдлаар төслийн нийт хөрөнгө оруулалт, цаг хугацааны төлөвлөгөө гарсан. Бугат хотын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлсэн шилдэг инженерүүдээ бид Улаанбаатар луу илгээнэ” хэмээсэн бол Барилга хот байгуулалтын сайд Ш.Лхамсүрэн “Ерөнхий сайд Эрдэнэбат энэхүү төслийг энэ жилдээ багтаан эхүүлэх үүрэг өгсөн. Тиймээс өнгөрсөн 1 сарын хугацаанд манай талаас зураг төсөл, холбогдох зөвшөөрөл зэрэг бичиг баримттай холбоотой асуудлуудаа нэг мөр цэгцэлсэн” гэлээ.

Мөн энэ үеэр төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэнд Бугат хотынхон өөрсдийн хийж буй дахин төлөвлөлтийн ажлаа танилцуулжээ. 2013 оноос Бугат хот дахин төлөвлөлтийн ажлаа эхлүүлж, 2019 онд иргэдээ бүрэн орон сууцжуулж дуусгахаар ажиллаж байгаа юм байна. Бугат хот 2.8 сая хүн амтай. Манайхаар бол гэр хороолол гэж хэлж болох хятад хэв маяг бүхий шавар байшингуудтай хоёр том дүүрэгтэй байжээ. Гэр хорооллын айлуудын газрыг нь чөлөөлж, дахин төлөвлөх ажил 4 жилийн өмнөөс л эхэлсэн байна. Ингэхдээ чөлөөлсөн газартаа хамгийн түрүүнд зам, дэд бүтцээ тавьдаг байна. Нарийн төлөвлөлт хийж байж сүүлд нь орон сууцаа барьдаг аж хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.