Categories
гадаад мэдээ

Роналдугийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэжээ

Холбоотой ЗурагИспанийн Прокурорын газраас португаль хөлбөмбөгчин Криштиану Роналдугийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тус орны Татварын алба түүнийг 2011-2014 онуудад 14,7 сая еврогийн татвар төлөөгүйг тогтоосон байна.

Тавдугаар сард хэвлэлүүд мэдээлэхдээ португалийн 32 настай иргэн найман сая евроны торгууль төлж дээр нь 12 жилийн хорих ял авч магадгүй байгааг мэдээлсэн билээ. Өнгөрсөн тоглолтын улиралд тэрбээр Испанийн аварга, багийнхаа хамт Аваргуудын лигийн цомын эзэн болсон билээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хүн амын усны хангамжийн талаар хэлэлцлээ

Нийслэлийн хүн амын ус хангамж ариутгах татуургын системийг боловсронгуй болгох цаашид тогтвортой хөгжүүлэх чиглэлээр салбар дундын хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. НИТХ-ын төлөөлөгчдийн хурлаас батлан гаргасан Улаанбаатар хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг цаашид тогтвортой хөгжүүлэх, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах ажиллагаанд тулгамдаж буй бэрхшээл, түүнийг даван туулах арга замыг тодорхойлоход энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй яам, тусгай газар, агентлагууд, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагуудын анхаарлыг хандуулж хамтран ажиллахад хэлэлцүүлгийн зорилго оршиж байгаа юм. Уг хэлэлцүүлгийг ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Ус сувгийн удирдах газар санаачлан зохион байгуулж ЭМЯ, БХБЯ, БОАЖЯ, ДЭМБ хамтран оролцов.

Хүн амыг аюулгүй, чанартай усаар хангах нь бидний ажлын зорилго бөгөөд 2012 оноос ДЭМБ-ын идэвхитэй дэмжлэгтэйгээр “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө” (УАБТ) төслийг хэрэгжүүлж эхэлсэн нь усны чанар, аюулгүй байдалд нөлөөлж болох эрсдэлийг тогтоож, түүнийг арилгах, бууруулах арга хэмжээг тодорхой болгох чухал ач холбогдолтой ажил болсон юм.

УАБТ-г боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахын тулд ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу олон талт ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Цаашид бохир усыг татан зайлуулах, ариутгах татуургын аюулгүй байдлыг хангах чиглэлээр эрсдэлийн үнэлгээ явуулж, үе шаттайгаар авах арга хэмжээг төлөвлөх нь хэлэлцүүлгийн гол зорилго байх юм. Тэрчлэн Улаанбаатар хотынхны 60 орчим хувь нь амьдардаг гэр хорооллын хөрсний бохирдол их байгаа нь ундны усны бохирдолд нөлөөлж болох хүчин зүйл болох нь хэлэлцүүлгийн үеэр тавигдсан илтгэлүүдээс тодорхой харагдаж байлаа. Цаашид нийслэлийн хүн амын ундны усны чанар, аюулгүй байдалд нөлөөлж буй хүчин зүйлийг арилгах, бууруулах, бохир усыг татан зайлуулах, ариутгах татуургын системийн аюулгүй ажиллагааг хангах, гэр хорооллын айлуудын хөрсний бохирдлыг багасгах, ариун цэврийн байгууламжийг боловсронгуй болгох асуудлыг шийдвэрлэхэд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг яам, тусгай газрууд, нийслэлийн төр, захиргааны байгууллага болон холбогдох агентлагууд, олон улсын болон төрийн бус байгууллагуудад хандан идэвх санаачлага гарган хамтран ажиллахыг уриалсан уриалга гарган ажиллана гэж Ус сувгийн удирдах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх авто замын хойд эгнээг хаана

Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1км авто замын шинэчлэлт” -ийн ажлыг “Наранбулаг Хан ХХК 2017 оны зургаадугаар сарын 5-наас 2017 оны есдүгээр сарын 10-ны хооронд хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байна. Төлөвлөгөөт ажлын хуваариар тус автозамын хойд талын эгнээ буюу зүүнээс баруун тийш зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2017 оны зургаадугаар сарын 16-ны 23.00 цагаас эхлэн 2017 оны зургаадугаар сарын 21-ний өглөөний 07.00 цаг хүртэл түр хязгаарлаж, авто замын зорчих хэсгийн хучилтын ажлыг гүйцэтгэнэ. Энэ хугацаанд тээврийн хэрэгсэл автозамын урд талын эгнээгээр сөрөг хөдөлгөөнтэй зорчих юм гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭЕШ-ын эхний өдөр бүртгэлийн хуудсаа баталгаажуулаагүй зэрэг зөрчлүүд гарав

Өнөөдөр орон даяар ЭЕШ эхэлж байна. Шалгуулагч бүрийн өгөх ёстой монгол хэлбичгийн шалгалтыг 12:00 цагаас орон нутагт байрлах 22, нийслэлд байрлах шалгалтын 27 байранд авлаа. Нэг ангид 21 хүүхэд хуваарилсан байжээ.

Даалгаврын хувьд дөрвөн хэсгээс бүрдэж байсан бөгөөд нэгдүгээр хэсгийн тест нь 10 даалгавар нь тус бүртээ хоёр оноотой байжээ. Харин хоёрдугаар хэсэг нь нийтдээ 30 оноотой даалгавар байж. Мөн тус бүрдээ таван онооны хоёр ажил ирсэн бөгөөд нэг нь монгол бичгээс кирил рүү 30-40 үг хөрвүүлэх , нөгөөх нь алдаатай таван өгүүлбэрийг олох даалгавар байсан байна. Мөн 200-250 үгтэй өөрийгөө хөгжүүлээрэй гэсэн эх бичих даалгавар иржээ. Бид нийслэлийн хоёрдугаар сургуульд болсон ЭЕШ-ыг сурвалжилсан юм. Хүүхдүүдийн хувьд даалгавар ерөнхийдөө гайгүй байна гэсээр сэтгэл дүүрэн гарч ирж байв.

Шалгалт өгөгчид бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх, иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг авч ирнэ. Бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ биш суурь боловсролын гэрчилгээгээ авчирсан, мөн бүртгэлийн хуудсаа баталгаажуулаагүй зөрчлүүд ч гарч байв.

Ингээд гадна нь хүүхдүүдээ хүлээж байгаа ар гэрийнхнээс нь болон шалгалтаа өгөөд гарч ирж байгаа хүүхдүүдээс сэтгэгдлийг нь сонслоо.

Э.Энхмаа: Би дүүгээ хүлээгээд зогсож байна. Манай дүү энэ жил 12-р ангиа төгсөж байна. Ер нь сурлага сайтай, улсын олимпиадад байр эзэлж байсан хүүхэд байгаа. Дүү минь анагаахын чиглэлээр цаашдаа мэргэжил эзэмших сонирхолтой, тархины мэс засалч болдог юм билүү гэж бодоод байгаа. Өнгөрсөн жилээс эхлээд дүү минь шалгалтдаа бэлдэж эхэлсэн. Ерөнхийдөө гайгүй бэлдсэн гэж бодож байгаа. Химийн шалгалтаа “Кондор” сургалтын төвд бэлдсэн. Биологийн шалгалтаа манай хамаатны хүн дээр бэлдсэн.


Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн сурагч Д.Ганболд: ЭЕШ-аа өнгөрсөн жилээс бэлдэж эхэлсэн. Бэлдэж байсны дагуу даалгаврууд ирлээ. Сургалтын төвүүдээр шалгалтандаа бэлдсэн. ШУТИС-д орохоор төлөвлөж байна. Урд хойно нь нэг нэг багш суучихаад ямар ч хуулах боломж байхгүй их хатуу авч байна.


Ертөнц сургуулийн 12б ангийн сурагч Н.Ичинхорол: Шалгалт ерөнхийдөө гайгүй. Бэлдчихсэн байгаа хүүхэд бол хийгээд гараад ирэхээр байна. Жишиг даалгаврууд өмнө нь зөндөө хийсэн. Ерөнхийдөө адилхан байсан. Хяналт шалгалтын хувьд хоёр багш хянаж байсан. Гар утас, бүх төхөөрөмжийг ороход хурааж авсан учир хуулах боломж байгаагүй. Элсэлтийн шалгалтаа ерөнхийдөө сургууль дээрээ бэлдсэн. Мөн нэмэлт давтлага, сургалт авсан. Миний орох гэж байгаа сургууль МIU хэлний сургууль байгаа. Дотроо гадаад оюутнууд ихтэй учир их таалагдаж байгаа. Би өөрөө хятад хэлтэй. MIU бүх хичээлээ англи хэл дээр ордог. Цаашдаа хэлний чиглэлээр явах учир англи хэлийг түлхүү суръя гэж бодож сонгосон гэв.

Одоо зургадугаар сарын 15-нд Монгол Улсын түүх, хими, англи хэлний шалгалттай. Харин зургадугаар сарын 17-нд математик, газар зүй, биологи, монгол хэлний шалгалтыг авах бол зургадугаар сарын 18-нд нийгмийн тухай мэдлэг, физик, орос хэлний шалгалтыг тус тус авна.

Гэрэл зургийг С.ГЭРЭЛТ-ОД

Categories
мэдээ улс-төр

ХҮН-ын дотоод зөрчил дууссан гэв

Өнөөдөр Хөдөлмөрийн Үндэсний намаас мэдээлэл хийлээ. Өнгөрсөн долоо хоногт Улсын дээд шүүх тус намын даргаар Б.Найдалааг бүртгэсэн билээ. Хөдөлмөрийн Үндэсний нам анх байгуулагдсан даруйдаа намын даргаараа УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг сонгож байв. Гэвч нам доторхи үйл ойлголцлоос болж Хөдөлмөрийн Үндэсний намын нэр хүнд унасан юм. Улмаар үйл ажиллагаа нь ч зогсоод байв. ХҮН-ын гишүүд намыг бусниулсан С.Ганбаатар МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа учраас намын дотоод зөрчил дуусгавар болсон гэлээ. Тиймээс ХҮН анх байгуулагдсан итгэл үнэмшил, зорилгын дор дахин нэгдэж байгаагаа мэдэгдэв.

Categories
гадаад мэдээ

Лондонд 27 давхар байшин шатав

Лондон хотын баруун хэсгийн Хойд Кенсингтон дүүрэгт 27 давхар орон сууц шатаж байна. Байшин бүхэлдээ шатаж байгаа бөгөөд дээд давхрын хүмүүс гарч чадахгүй түгжигджээ.

Grenfell Tower нэртэй уг байшингийн галыг унтраахаар гал сөнөөгч 40 машин, 200 гал сөнөөгч ид ажиллаж байгаа ч гал хэтэрхий их талбайг хамарсан учраас унтрааж хүчрэхгүй байна хэмээн хэвлэлүүд мэдээлж байна. Байшингийн эргэн тойрны гудамж их нарийхан учраас галын машин ойртож очиход төвөгтэй байгаа ажээ.

Зарим хэвлэл орон сууцны дээд давхрын оршин суугчид аврахыг гуйн орилж байна хэмээн мэдээлж байна. Байшингийн эргэн тойрны 100 метр газар үнсэнд дарагдаад байгаа ажээ.

Гал чухам яаж гарсан талаар тодорхой мэдээлэл байхгүй ч нэгэн гэрч ВВС агентлагт ярихдаа байшингийн дотроо гал авалцсан гэжээ. “Би ийм зүйл өмнө харж байгаагүй. Гал үнэхээр аймаар байна” хэмээн тэр гэрч ярьжээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Германы гадаад харилцааны яамд хоорондын уулзалт болов

Монгол Улсын Гадаад харилцааны яам, ХБНГУ-ын Гадаад хэргийн яамд хоорондын улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалт 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдав. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, германы талаас Холбооны Гадаад хэргийн яамны Азийн газрын захирал Норберт Рийдэль нар тэргүүлэн оролцов.

Хоёр орны Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх механизм болох энэ уулзалтын үеэр талууд Монгол, Германы улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ болон бүс нутаг, олон талт харилцааны асуудлуудаар санал солилцов. Тухайлбал, Берлин хотноо 2016 онд хуралдсан Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ болон “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах Ажлын хэсгийн 5 дугаар уулзалтын үеэр хоёр талаас тавьсан саналууд, германы талын санхүүжилтээр хэрэгжих төслүүдийг бодит ажил болгохын төлөө хүчин чармайлт гаргаж ажиллахаа илэрхийлэв.

Categories
мэдээ улс-төр

2018 оны эхнээс тэтгэвэр нэмэх асуудлыг судалж байна гэв

Холбоотой Зураг

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өнөөдөр сэтгүүлчдэд ахмад настны тэтгэврийн нэмэгдлийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тэрээр “Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын хуралдааны өмнө мэдээлэл хийж байна. Шинэ Засгийн газрыг ажлаа хүлээн авсныг бодоход эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байна. Энэ хэрээр цалин, тэтгэврийн нэмэгдлийн асуудал яригддаг. Тиймээс 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврийн доод түвшинг нэмэх асуудлаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Цалин нэмэх асуудлыг ч цаашид анхаарахаар ажиллаж байгаа юм. Ямар ч байсан эхний ээлжинд 150 тэрбум төгрөг төсөвт нэмж суулгах замаар нэмэхээр төлөвлөсөн байгаа. Цалин нэмэхээс өмнө төрийн албан хаагчдын тоог хэдэд барих асуудлыг эхлээд судлах шаардлагатай байгаа юм. Улсын төсвийн дөрөвний нэг хувийг цалингийн зардал эзэлж байгаа. Тиймээс төрийн зарим чиг үүргийг ТББ-уудаар гүйцэтгүүлэх, тэдгээрийн хариуцлагын тогтолцоог сайн болгох зэрэг шаардлага үүсч байгаа. Ингэж байж, төрийн байгууллагын бүтцийг оновчтой, цогц болгоно” гэж онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Цусны донорын дэлхийн өдөр тохиож байна

Цусны Донорын Дэлхийн өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, МУЗН хамтран “Өнөөдрөөс эхлэн тогтмол хугацаанд цусаа бэлэглэцгээе” өдөрлөгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж байна. Өдөрлөгийн арга хэмжээ “Донор танд баярлалаа” явган алхалтаар эхэллээ.

Нээлтийн арга хэмжээнд ЦССҮТ-ийн дарга Г.Эрдэнэбаяр, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нарын зочид оролцон үг хэллээ.

Өдөрлөгийн үеэр иргэдийн цусны бүлэг, резусыг тодорхойлох, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ иргэд цусаа өгөх боломжийг бүрдүүлж, явуулын бүлэг ажиллуулж байна.

“Цусны донорын дэлхийн өдөр”- ийг энэ жил “Бусдын төлөө та юу хийж чадах вэ?”, “Өнөөдрөөс эхлэн тогтмол хугацаанд цусаа бэлэглэцгээе” уриан дор тэмдэглэж байна.

Дэлхий нийтэд сүүлийн 10 жилийн хугацаанд гамшгийн улмаас жил бүр сая гаруй хүн амь насаа алдаж, 250 сая гаруй хүн санамсаргүй тохиолдлоор эрүүл мэндээрээ хохирч байгаа судалгаа байдаг. Газар хөдлөлт, үер, хүчтэй салхи шуурга зэрэг байгалийн гамшгийн үед хүн ам нэг дор олноор амь эрсдэх тохиолдол ч тулгардаг.

Манай орны хувьд ч байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, осол болон хувь хүний буруутай үйл ажиллагаа, санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан олон зуун өвчтөнд цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх шаардлага цаг тутамд гарч байна.

Цусны донорын дэлхийн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч тус бүр 400 гр буюу 10 гаруй литр цусаа хандивласан.

350 мл цусны цаана гурван хүнд амьдрал бэлэглэх сайн үйлсийн аяныг цаашид ч алба хаагчдын дунд өрнүүлэн ажиллах юм.

Өдөрлөгийн үеэр “Хүндэт донор” цол тэмдэг гардуулах “200+ өгөлттэй ТОП донор”-ыг алдаршуулах ёслол болох юм байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ҮХЦ-ийн даргаар Д.Одбаяр сонгогдлоо

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд өнөөдөр хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн даргын сонгууль явуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгох хүний нэрийг дэвшүүлэн хэлэлцэж, олонхийн саналаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар Доржийн Одбаяр сонгогдлоо гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.