Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгийд цагийн зөрүүнээс болж 63 сурагч ЭЕШ-даа орж чадсангүй

Өчигдөр болсон Элсэлтийн ерөнхий шалгалтын монгол хэл, бичгийн шалгалтад Баян-Өлгий аймгийн 63 сурагч оролцож чадаагүй талаар аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас мэдээлж байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтад нийтдээ 1302 хүүхэд орохоор бүртгүүлсэн бөгөөд Улаанбаатар болон орон нутгийн цагийн зөрүүг үл ойлгосноос болж хүүхдүүд шалгалт эхлэх хугацаанаас хоцорч иржээ.

Дээрх 63 сурагч ЭЕШ-ын бусад хичээлийн төрлүүдээр шалгалт өгөх боломжтой ч Боловсролын тухай хуулиар монгол хэл, бичгийн шалгалтад заавал орох ёстой юм. Харин дахин шалгалт авах эсэхийг дээд байгууллага шийднэ гэж аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас тайлбарлаж байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Солонгосын эрдэмтэд цөлжилтийн асуудлаар чуулж байна

Тогтвортой хөгжлийн тулгуур болох газрын нөөцийг баталгаажуулахад шинжлэх ухааны хамтын ажиллагааг Монгол-Солонгосын эрдэмтэд эхлүүлж байна. Цөлжилттэй тэмцэх олон улсын өдөр жил бүрийн зургадугаар сарын 17-нд тохиодог. НҮБ-аас энэ жилийг “Бидний газар, бидний гэр, бидний ирээдүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргасан. Тэгвэл энэхүү өдрийг угтаад БОАЖЯ болон холбогдох байгууллага, БНСУ-ын Ойн хорооны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй Ногоон хэрэм төслийнхөн “Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэх нь” сэдэвт симпозиумыг өнөөдөр 10:00-17:00 цагийн хооронд Шангри-Ла Баллрүүмд зохион байгуулж байна.

Өнөөдөр болж байгаа хурлын гол зорилго нь өнгөрсөн хугацаанд Ногоон хэрэм төслөөс олж авсан мэдлэг, сургамжийг хэлэлцэж цаашид тогтвортой хөгжлийг хангахад газрын менежменттэй уялдсан асуудлыг хэрхэн шинжлэх ухаанчаар шийдвэрлэх тал дээр БНСУ-ын туршлага хуваалцахад оршино. Өнөөдрийн байдлаар Байгалийн аясаар сэргэн ургаж байгаа болон ойжуулсан талбай 230.5 мянган га байгаа гэж тооцогдож байгаа бөгөөд цаашид ойжуулсан талбайг нэмэгдүүлэх, ялангуяа хуурай гандуу бүс нутагт ойн тогтолцоог бий болгох замаар ган хуурайшил, газрын доройтлыг бууруулахад зөвхөн ой ургуулаад зогсохгүй тэрхүү ойн талбайгаас тогтвортой орлого бүрдүүлэхийг чухалчилж байгаа билээ. Иймд гандуу бүс нутагт ойжуулалтыг эдийн засгийн эргэлтэд оруулах, орон нутгийн ард иргэдэд орлогын эх үүсвэрээ тэлэхэд шинжлэх ухаан, технологийн ямар шийдлүүд байгааг таниулан ойлгуулах нь 2030 он гэхэд газрын доройтлыг тэглэх бодлогын чухал асуудал болж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 3 сарын 9-ны 44-р тогтоолоор Ногоон хэрэм үндэсний хөтөлбөрийг 2005-2035 онд хэрэгжүүлэхээр баталсан. Манай улсын энэхүү санаачилгыг БНСУ-ын Ойн хороо сайшаан хүлээн авч хоёр орны Засгийн газрын хэмжээний хамтын ажиллагааны гэрээний үндсэн хэсэг болсон байдаг. 2007 оноос энэхүү гэрээгээр хэрэгжүүлж буй Ногоон хэрэм төсөл нь өнгөрсөн хугацаанд гандуу бүс нутгийн нийт 3050 га-д ойжуулалт хийжээ.

Энэ хамтын ажиллагааны гол хэрэгсэл нь шинжлэх ухаан байсан бөгөөд төслийн амжилттай хэрэгжилтэд Монголын талаас ШУА-ийн Газарзүй-геоэкологийн хүрээлэн, МУИС-ийн Ойн тэнхимийн эрдэмтэн судлаачид, Солонгосын талаас Ой Судалгааны хүрээлэн, Донкукийн их сургууль зэрэг 5 их сургуулийн эрдэмтдийн оролцоо чухал нөлөө үзүүлж ирсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Галын улмаас хүн бэртэж, гэмтээгүй

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Говь” ХК-ийн объектод өчигдөр орой 20 цаг 45 минутад гал гарсан. Гал түймрийг унтраах ажилд Нийслэлийн онцгой байдлын газрын бүх анги байгууллага, Нийслэлийн цагдаагийн газар, Хан-Уул дүүрэг цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн алба хаагчид ажилласан байна.

Гал түймрийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй. Мөн байгууллагын эд материалыг алдагдахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн байгууллагаас хэв журмын хамгаалалтыг зохион байгуулан ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ спорт

Наадмын өмнөх сорилго барилдааныг цуцлав

Монголын үндэсний бөхийн холбооноос Монгол бөхийн өргөөнд энэ сарын 25-нд зохион байгуулахаар хуваарьт тусгасан байсан наадмын сорилго барилдааныг Ерөнхийлөгчийн сонгууль болж байгаатай холбогдуулан цуцалжээ. Монгол бөхийн өргөөнд энэ сарын 17-ны өдөр Бүх цэргийн наадмын барилдаантай. Баяр наадмын өмнө үүнээс өөр бөхийн барилдаан болохгүй юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Элчин сайд Зимдал Галт: Бид Америкийн хөрөнгө оруулагчдыг татах зорилт тавин ажиллаж байна

“Өдрийн сонин”ы 2017.06.08 Пүрэв гаригийн №129 (5696) дугаараас авч нийтлэв.

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Женифер Зимдал Галттай ярилцлаа.


-Та Монгол Улсад ирээд багагүй хугацаа өнгөрлөө. Хийхээр төлөвлөсөн ажлуудаасаа өнгөрсөн хугацаанд хийж амжив уу. Хийсэн ажлуудаасаа ямар ажлыг онцлох вэ?

-Монгол Улсад АНУ-ыг төлөөлөн суугаа элчин сайдын хувьд миний ажлын зорилго, хийсэн ажлуудаас онцлон асууж байгаад баярлалаа. Ирсэн цагаасаа хойш нэлээд хэдэн ажлыг зохион байгуулснаас гол зорилтуудыг маань тодотгох зарим нэгийг нь онцлоё. Юуны өмнө, 2016 онд Монголд Энхтайвны корпус үйл ажиллагаагаа явуулж эхэлсний 25 жилийн ой тохиосон билээ. Энэ үеэр Вашингтоноос тус байгууллагын тэргүүн Монгол дахь үйл ажиллагаагаа дэмжиж сурталчлахаар Монгол улсад айлчилсан. Энэ айлчлалын үр дүнд энэ оны тавдугаар сараас эхлэн Энхтайвны корпусаас нийгмийн эрүүл мэндийн томоохон хөтөлбөр эхлүүлээд явж байна. Хоёр дахь онцлох үйл явдал бол АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн Монгол Улсад өнгөрсөн жилийн зургадугаар сард хийсэн айлчлал байв. Энэхүү айлчлалын үеэрээ тэрээр миний санаачилсан Залуу манлайлагчдын LEAD хөтөлбөрийг нээсэн. Гуравдахь онцлох чухал үйл явдал бөгөөд энэ ярилцлагын маань гол сэдэв бол энэ онд тохиож буй манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой юм. Энэ үеэр өмнөх хамтын ажиллагаагаа эргэн харж дүгнэхээс гадна ирээдүйд хамтран ажиллаж болох шинэ боломжуудыг эрэлхийлэх ач холбогдолтой юм. Тиймээс үйл ажиллагааны нэлээдгүй зорилго маань үүнд чиглэгдэж байгааг хэлэх хэрэгтэй. Бид үйл ажиллагаандаа гурван гол зорилтыг тавьж ажиллаж байна. Үүнд Монголын эдийн засгийг сэргээж төрөлжүүлэх, ардчилал, ардчилсан институцийг бэхжүүлэх, мөн бүс нутгийн болоод олон улс дахь Монгол улсын оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллана.

-Энэ талаараа дэлгэрүүлэхгүй юу?

-Эдийн засгийн байдал амаргүй байгаа энэ үед бид Монгол Улсыг дэмжиж ажиллана гэж хэлсэн. Монгол Улс ОУВС-тай хамтран ажиллах болсныг бид сайшаан харж байгаа. Ингэснээр Монгол улс санхүүгийн сахилга батаа сайжруулж, эдийн засгийн тогтвортой өсөлтийн замаар орох юм. Мөн манай хоёр улсын байгуулсан Ил тод байдлын хэлэлцээр энэоны гуравдугаар сарын 20-ноос хэрэгжиж эхэллээ. АНУ-ын хөрөнгө оруулагчдад эерэг дохио өгсөн энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэхдээ бид баяртай байна. Бид Монгол дахь Америкийн худалдааны танхим, Монголын бизнесийн зөвлөлтэй хамтран АНУ-аас илүү их хөрөнгө оруулалтыг татах тал дээр дэмжин ажиллаж байна. Бид хөдөө аж ахуйн салбарыг сонгон авч хэдэн сарын өмнө “Мерси Кор” олон улсын байгууллагаар дамжуулан 10,5 сая ам.долларын төсөл хэрэгжүүлж эхэлсэн нь монгол үхрийн махыг экспортлох боломжийг бий болгох зорилготой. АНУ-ын хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллаж буй өөр нэг салбар нь сэргээгдэх эрчим хүчний салбар юм. Мөн Мянганы Сорилтын Корпораци хоёр дахь компакт гэрээг хийхээр Монголын Засгийн газартай хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах юм. Ардчилал, ардчилсан институцийг бэхжүүлэх тал дээр шүүхийн шинэчлэлийг дэмжих, авлигатай тэмцэх, ил тод байдлыг хангах зэрэг хэд хэдэн ажлыг хийж байна. Үүн дээр нэмээд иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх ажил орох нь зүй юм. Тухайлбал, Энхтайвны корпусын шинэ хөтөлбөр, Залуу манлайлагчдыг дэмжих LEAD хөтөлбөр, мөн энэ жил шинээр эхлүүлсэн ахлах сургуулийн сурагч солилцооны FLEX хөтөлбөр зэргийг дурдаж болно. Бид мөн Америкийн соёл, мэдээллийн төвүүдээ өргөжүүлэхээр ажиллаж байна. Улаанбаатар хотод Америкийн соёл, мэдээллийн төв ажиллаад удаж байгааг хүмүүс мэдэх байх. Саяхан гэхэд Ховд аймаг дахь Америкийн төвийн арван жилийн ойд оролцоод ирлээ. Мөн Улаангом хотод шинээр ийм төвийг байгуулсан бөгөөд цаашид ч соёл, мэдээллийн төвийнхөө тоог нэмэгдүүлэх байршил хайж ажиллана. Бид хот, хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулахдаа чухам хаана байх вэ гэдэг дээр нэлээд судалдаг. Түүнчлэн хүүхдийн цэцэрлэг шинээр барих ажлыг хийж байна. Энэ жил Улаанбаатар хот болон Замын-Үүдэд хүүхдийн цэцэрлэг барихаар шаваа тавиад барилгын ажлаа эхлүүлээд байна. Цаашид шинээр цэцэрлэг барих газрыг судалж байгаа. Миний дараагийн зорилго бол бидний амжилттай хамтран ажиллаж буй батлан хамгаалах салбарын түншлэлийг өргөжүүлэх явдал юм. Өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд бид энхийг сахиулах үйл ажиллагаан дахь Монгол улсын оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг бий болгох тал дээр дэмжлэг үзүүлж ирснээрээ бахархдаг. Одоо бид монголчуудын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа идэвх зүтгэлийг өндрөөр үнэлдэг. Монголын энхийг сахиулагчид маш нэр хүндтэй, мэргэжлийн өндөр ур чадвартай бөгөөд тэд Афганистан, Өмнөд Судан гээд дэлхийн хамгийн халуун цэгүүдэд очиж ажиллаж байна.

Олон улсын болон бүс нутгийн байгууллагуудын оролцооны хувьд, бид Монгол улстай Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгт (АОХН) бие биенээ дэмжиж оролцдог. Энэ жил АНУ тус байгууллагыг тэргүүлж байгаа бөгөөд ирэх есдүгээр сард Вашигтон хотод АОХН-ийн ээлжит хурлыг зохион байгуулах юм. Түүнчлэн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд Монгол улс гишүүнээр нэгдэн орох асуудлыг сүүлийн жил гаруйн хугацаанд дэмжиж ажиллалаа. Энэ зөвлөлд хүний эрхийг хангах тал дээр Монгол улстай бид маш ойр хамтран ажиллаж байна.

-Таны яриан дунд үхрийн мах гадагшаа гаргахад дэмжиж ажиллана, бас цэцэрлэгүүд барихаар ажлаа эхэлсэн талаар дурдлаа. Монголчууд бэлчээрийн амт шимттэй малынхаа махыг гаргах хүсэлтэй ч эрүүл ахуйн тал дээр алдаад байдаг. Бас цэцэрлэгийн хангамж ч манай халуун сэдэв л дээ…

-Казахстан саяхныг болтол гадагшаагаа мах гаргадаггүй байлаа. Харин USAID буюу АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (ОУХА) хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр тэд сайн чанарын үхрийн мах нийлүүлэгч дэлхийн томоохон орнуудын нэг болоод байна. Энэ загварыг Монголд ашиглахад бүрэн боломжтой гэж бид үзэж байгаа учраас бид АНУ-ын ОУХА-аар дамжуулан хамтран ажиллаж эхлээд байна. Энэ хөтөлбөрт багтах олон бүрдэл хэсгүүд бий. Юуны өмнө эрчимжсэн хөдөө аж ахуй, малын тэжээлийн салбарт АНУ-ын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг авч ирэхээр ажиллаж байна. АНУ-ын хувийн хэвшил, Хөдөө аж ахуйн яам зэрэг байгууллагууд нь Монголын Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын Ерөнхий газар гээд төрийн болон холбогдох байгууллагуудын чадавхийг сайжруулах, малын гаралтай өвчинтэй тэмцэх зэрэг олон асуудлаар сургалт явуулж байна. Жилийн өмнөөс эхэлсэн энэ ажлыг амжилттай хэрэгжүүлэхэд малчдыг сургах, амьдрах нөхцлийг сайжруулах, мал эмнэлгийн талаас дэмжлэг үзүүлэх гээд малын өвчинтэй тэмцэхэд урт хугацааны хамтын ажиллагаа хэрэгтэй. Өнгөрсөн жилийн өдийд АНУ-ын хөдөө аж ахуйн салбарын компаниудын худалдааны төлөөлөгчид ирж энэ салбарт хөрөнгө оруулах боломжийг судалж байгаад буцсан. Ирэх есдүгээр сард салбарын хоёр дахь худалдааны төлөөлөл ирэхээр төлөвлөж байна.

Манай талаас БСШУСЯ-тай цэцэрлэг байгуулах тал дээр тун нягт хамтран ажилладаг. Хамтын ажиллагааныхаа хүрээнд тус яамнаас сургууль, цэцэрлэгийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр гаргасан зорилт хөтөлбөрт нь хамтраад явж байна. Эхний шатанд нийслэлийн алслагдсан хэсэг болох Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд болон БСШУСЯ-наас хэрэгцээ өндөр байгаа гэж тодорхойлсон Замын-Үүд суманд цэцэрлэг барихаар ажилдаа орсон. Цаашид ч байршлыг тодорхойлохдоо БСШУСЯ-наас шаардлагатай гэж тогтоосон газруудыг түлхүү сонгох болно. Энэ цэцэрлэгүүдийг манай Аляскийн үндэсний гвардийн барилгын инженер, ажилчид барих гэж байгаад бахархалтай байна. Агаарын солилцоо, дулаан хангамж, газар хөдлөлтөд тэсвэртэй Альяскын стандартаар барьж байгаа. Манай талаас ирэх есдүгээр сараас өмнө цэцэрлэгийн барилгыг бүрэн барьж Монголын талд хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд цаашид Монголын тал бүх үйл ажиллагааг нь хариуцаад явах юм.

-Та урьд өмнө манайд ажиллаж байсан Элчин сайдуудаас тун нээлттэй байдаг нь анзаарагддаг. Твиттерт идэвхтэй жиргэж, хоёр хэлээр хөтөлж явуулдаг. Нэг талаас технологийн давуу тал, цаг үе нөлөөлж байгаа байх. Нөгөө талаас та бусадтай харилцах тал дээр нээлттэй байдаг таны зан чанар нөлөөлдөг байх?

-Би нийгмийн сүлжээнд маш идэвхтэй байдаг. Монголд ирэхээсээ өмнө ч тийм байлаа, энд ирээд ч олон нийтийн сүлжээнд тун идэвхтэй байна. Би үүнийг биеэр уулзаж чадахаасаа илүү олон хүмүүстэй харилцах боломж гэж хардаг. Өөрөөр хэлбэл, хоёр газар нэг зэрэг байх боломжийг олгодог гэж болно. Нийгэмд өрнөж буй үйл явдлуудтай цаг алдахгүй нүүр тулах боломж нь олон нийтийн сүлжээ гэж ч хэлж болно. Мэдээж идэвхтэй байдаг нь миний хувь чанартай холбоотой байж болно. Би аль болох бусадтай нээлттэй байхыг боддог. Мөн энэ нь харилцаа холбооны чухал хэрэгсэл юм гэдгийг ойлгодог ч гэж болно.

-Гэхдээ дипломат албаны хүнд хэт нээлттэй байдал нь алдаа дагуулдаг болов уу?

-Ил тод, нээлттэй байдал бол Америк, Монгол гэлтгүй, аливаа амьд ардчиллын үндэс суурь юм.

-Далай ламтай уулзуулж өгсөн Ерөнхийлөгчид баярлалаа гэсэн таны жиргээ анхаарал татсан. Тэр ямар учиртай жиргээ байсан бэ. Манай төр засгийн зүгээс Далай ламын айлчлалд ямар ч холбоогүй гээд мэдэгдсэн байсан, урд хөршийн зүгээс гомдолтой байсан тэр үе л дээ…

-Далай лам бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн оюун санааны болон соёлын лидер. Монголчуудтай олон зуун жилийн өмнөөс шашин, уламжлалын хувьд холбогдож ирсэн. Одоогийн Далай лам Монголд хэдэнтээ ирж байсан шашны зүтгэлтэн. Би хувь хүнийхээ хувьд түүнийг ихэд хүндэтгэдэг. Монголд ажиллаж байхдаа түүнтэй уулзах боломж тохиосонд тун баяртай байсан. Түүнийгээ жиргэсэн хэрэг. Би угаасаа нийгмийн сүлжээнд ч түүнийг дагадаг юм.

-Тэгэхээр таныг Монголын Ерөнхийлөгч уулзуулсан юм уу?

-Үгүй ээ. Би хувиараа түүнтэй уулзсан.

-Манай хоёр улс дипломат харилцаа тогтоох тэр үетэй харьцуулахад харилцаа хэрхэн өөрчлөгдсөн гэж та боддог вэ?

-Монголд ЭСЯ байгуулагдахаас өмнө буюу Бээжингээс хэргийг хавсран гүйцэтгэж байх үед элчингүүд нь үе, үе тодорхой хугацаагаар ирж байрладаг байлаа. Албан ёсоор энэ яамныхаа байранд орж үйл ажиллагаа эхэлсэн гэвэл ирэх жил гучин жилийн ой нь болно. Анх дипломат харилцаа тогтоож байх үед бидний зүгээс ардчиллыг хөгжүүлж бэхжүүлэхэд тусалдаг байлаа. Харин одоо нэг нь тусалж, нөгөө нь туслуулна гэхээсээ хамтрагчид болсон. Энэ бол хамгийн том өөрчлөлт. Одоо хоёр улсын харилцаа маань худалдаа болон харилцан ашигтай хамтын ажиллагаанд тулгуурлаж байна. Тухайлбал энхийг сахиулах ажиллагааг дахин жишээлж дурдаж болно. Гучаад жилийн өмнө Монголын батлан хамгаалах салбар нэг тогтолцооноос нөгөөд шилжиж, дахин шинээр төлөвшиж байсан бол одоо дэлхий нийтэд танигдсан Монголын армитай бид энхийг сахиулах үйлст хамтран зүтгэж байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жэймс Бэйкер ЭСЯ-ыг нээх арга хэмжээнд оролцож байхдаа гуравдагч хөрш гэсэн хэллэгийг анх хэрэглэж байсан байдаг. Тэр цагаас хойш АНУ Монголын гуравдагч хөрш байж ирсэнд бахархалтай байдаг. Ингэж хоёр улсын харилцаа хамтрагчид болон өргөжиж, 30 жилийн өмнөхтэй харьцуулахад маш олон салбарт хамтран ажиллаж байна. Энэ бол өнгөрсөн хугацаанд гарсан хамгийн том өөрчлөлт гэж хэлж болно.

-Ардчилал эмзэг, бүрэн төлөвшөөгүй байх үед манай иргэд ямар нэгэн асуудал гарахад АНУ-ын элчин юу гэх бол гэж чиг харж хүлээдэг байсан тал бий. Долдугаар сарын 1-ний хэрэг явдлын дараа гэхэд хүмүүс танай зүгээс юу гэх бол гэж харж байсан нь нууц биш. Харин одоо хандлага өөр болсон. Энэ байдал танд мэдрэгдэж байна уу?

-Үүнийг би сайн тал руугаа өөрчлөгджээ гэж хэлнэ. Монголын ардчилал, засаглалын тогтолцоо эрийн цээнд хүрчээ. Бусад улс орнууд юу хэлэхийг харж хүлээх биш, өөрсдөө бие дааж байна гэдэг чухал ололт. Бүхий л талуудтай ижил тэгш харилцаж, хамтарч ажиллаж байна гэдэг сайн хэрэг гэдгийг хэлмээр байна. Монгол улс нь тусгаар тогтносон улс учир өөрийн дотоод болон гадаад бодлогоо тодорхойлж, тус бодлогоо сайжруулахад бусад хамтрагч орнуудтай хамтран ажиллаж байна. Энэ бол эерэг тал.

-Манайх ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдахаар боллоо. Хэдийгээр бид эдийн засгийн хувьд асуудалд орсон нь харамсалтай ч энэ удаад хөтөлбөрт хамрагдсан нь давуу талыг авчирна гэж найдаж байна. Яг ямар боломжийг бидэнд авчрах бол?

-Монгол Улсын хувьд ерээд оноос хойш ОУВС-гийн хөтөлбөрт зургаа дахь удаагаа хамрагдаж байна. Олон улсын санхүүгийн байгууллагуудын хөтөлбөрт хамрагдана, эдгээр байгууллагууд хөтөлбөрийг хэрэгжүүлэх сонирхолтой байна гэдэг Монголын эдийн засагт сайн үр дүнг авчирна. ОУВС энэ удаад Монголын Засгийн газрын хүсэлтийг хүлээн авч уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо. Өөрсдөө бид хэрэгжүүлнэ гэж санал гаргадаг биш Засгийн газрын хүсэлтийн дагуу хэрэгжүүлэхээр болж байгаа гэдгийг онцлох ёстой байх. Энэ хөтөлбөрийн хүрээнд манай улс дэлхийн бусад орнуудтай хамтран ОУВС-гаар дамжуулан Монгол Улсад дэмжлэг үзүүлэх гэж байгаадаа баяртай байна. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар хоёр гол сайн өөрчлөлтийг авчирна гэж харж байгаагийн нэг нь Монгол улсын төрийн санхүүгийн сахилга батыг сайжруулах явдал юм.Мөн энэ хөтөлбөрийн хүрээнд АНУ болон бусад улсын дэмжлэгээр Монгол Улс санхүүгийн бэрхшээлийг дампууралгүй давж, 2018 оноос эдийн засгийн өсөлттэй үр дүн гарна гэж харж байна.

-Дэлхийн томоохон санхүүгийн байгууллагуудын гол хөрөнгө оруулагчид болох АНУ, БНХАУ гэсэн хүчирхэг улсуудын бодлогыг дээрх байгууллагууд хэрэгжүүлдэг гэсэн хар сэр байдаг л даа. Та үүн дээр юу гэж хариулах вэ?

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах саналыг Монголын Засгийн газар гаргаж, тэдний хүсэлтээр энэ дэмжлэг хийгдэж байгаа гэдгийг дахин хэлэх хэрэгтэй байх. Мөн хөтөлбөрөө хоёр тал хамтдаа сууж боловсруулж гаргасан. Нэгэнт хоёр тал сууж байгаад шийдвэрээ гаргасан бол бидний зүгээс туслахад бэлэн.

-Монголд ажиллаж байсан Минтон, Слуц нарын зарим элчин сайд нар нутагтаа Монголыг зөвөөр таниулах тал дээр хамтран ажилладаг гэж дуулж байсан. Таны өмнөх элчин сайд Пайпер Монголд хөрөнгө оруулах хэрэггүй гэж хэлж байсан дуулддаг. Хөрөнгө оруулагчдын хувьд элчин сайдуудын үг чухал биз?

-Мэдээж чухал байлгүй яахав. Хөрөнгө оруулагчдад элчин сайдын үг тун чухал. Миний элчин сайдаар ажиллаж хоёр жилийн хугацаандаа гол зорьж байгаа асуудал бол аль болох олон америк хөрөнгө оруулагчдыг Монгол руу татах явдал юм. Үүний хүрээнд зайлшгүй хийх ажил нь Ил тод байдлын хэлэлцээр байсныг бид баталж чадсан. Бид хөрөнгө оруулагчдыг татахаар олон төрлийн арга хэмжээ авдаг. Утсаар хүртэл холбогдож, мэдээлэл өгдөг. Монголд хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах боломж байна, шинээр нисэх онгоцны буудал ашиглалтад орох гэж байгаа, дэд бүтцийн нөхцөл өөрчлөгдөж байна гээд мэдээллийг дор бүрт нь өгөх жишээтэй.

-АНУ руу зорчих виз хүсч хэдэн хүн хүсэлт гаргадгаас хэд нь авч байгаа вэ. Таныг ирснээр энэ тоо өссөн үү?

-АНУ руу зорчих монголчуудын тоо өссөөр байгаа. Би виз олголт хариуцсан консулаасаа албан ёсны мэдээллийг авчихаад сууж байна л даа. 2015 онд 9972, 2016 онд 10200 гаруй хүн АНУ руу зорчсон байна. Мөн 2016 онд 2400 хүн суралцахаар оюутны виз авсан байгаа юм. Би энэ тоо өсөх бүрийд баяртай байдаг. Гэхдээ визтэй холбоотой асуудал дээр зориуд хэлмээр асуудал бас бий. Монголчууд АНУ-д зорчих асуудал дээр хариуцлагатай хандаж байгаасай гэж хүсдэг. Хэрэв оюутны визээр явсан бол ажил хийж болохгүй, визний хугацаагаа хэтрүүлэлгүй буцаж ирэх хэрэгтэй. Энэ нь дараа дараагийнхаа хүмүүсийн визийн гаралтад нөлөөлдөг учраас эхний хүмүүс бусдадаа түвэг удахгүйн үүднээс хариуцлагатай байгаасай гэж хэлмээр байна. АНУ-ын шинэ засаг захиргаанаас хилийн болон визийн талаарх бодлогоо нэлээдгүй өөрчилж байгаа учраас анхааралтай хандах ёстой. Виз хүсч, АНУ руу зорчиж байгаа монголчууддаа зориулан танай сониноор дамжуулан онцлон хэлэхийг хүсч байна.

-Монголчуудын хувьд 160 ам.доллар шаггүй үнэтэйд тооцогддог. Дэлхийн улс орнуудад адил хураамжтай байдаг уу. Зарим улс орны ЭСЯ виз гараагүй тохиолдолд хураамжийг нь буцааж өгдөг. Танай яамны зүгээс ийм байж болохгүй юу?

-АНУ-ын визийн хураамжийн үнэ дэлхийн бүх оронд ижил байдаг. Энэ төлбөрөөр виз олгох, хүсэлтийг хянах, бичиг баримт, үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулдаг. Тийм учраас виз өгсөн, өгөөгүй адил зардал гардаг учраас буцааж өгөх боломжгүй байдаг юм. Энэ бол зөвхөн Монгол гэлтгүй дэлхийн бүх улс оронд баримталдаг зарчим юм шүү. Манай ЭСЯ-ны албан ёсны вэб хуудсан дээр бүх мэдээлэл хоёр хэлээр байгаа. Хүмүүсийг уншиж танилцаарай гэж зөвлөе.

-Та Засаг захиргаа өөрчлөгдсөн талаар дээр дурдлаа. Дональд Трамп Ерөнхийлөгч болсноор АНУ, Монголын харилцаанд өөрчлөлт гарах уу?

-АНУ-ын Монголд болон Азийн орнуудад баримталж ирсэн бодлого өөрчлөгдөхгүй. Ер нь АН, БНН гээд ямар ч намын нэр дэвшигч сонгуульд ялсан өөрчлөгдөлгүй хоёр орны харилцаа хөгжсөөр ирсэн. Цаашид ч урьдын адил байх болно.

-Ерөнхийлөгч Д.Трамп нэр дэвших үедээ Мексикийн хил дээр хэрэм барих талаар ярьж байхдаа Цагаан хэрэм болоод Монголын түүхийн талаар андуу мэдээлэлтэй явдаг нь харагдаж байсан. Та Монголд ажиллаж байгаа Элчин сайдын хувьд тэр ойлголтыг нь засахын тулд ажиллаж байгаа юу?

-Мексикийн хилийн дагуух хэрмийн талаарх мэдээллийг Цагаан ордны вэб хуудсаас аваарай. Би Мексикийн хилийн хэрэм Цагаан хэрэмтэй ямар холбоотойг мэдэхгүй байна.

-Монголд ирээд хамгийн гайхашруулсан бас сэтгэл хөдөлгөсөн зүйл юу вэ?

-Гурван зүйл байгаа. Монголчууд маш элэгсэг, зочломтгой ард түмэн юм. Энэ нь миний сэтгэлийг их хөдөлгөсөн. Дараагийн нэг зүйл нь гайхалтай уудам хөх тэнгэр. Миний төрсөн нутаг Колорадог санагдуулам хөх тэнгэр байсан. Гурав дахь нь гэвэл алс хол, хэл яриа, зүс царай өөр ч Азийн энэ оронд миний орных шиг ардчилал эрх чөлөөт улс үндэстэн байгаа нь надад сайхан санагдсан.

-Таны нэр Галт гээд монгол хэлээр галиглаад буухаар монгол нэртэй адил харагддаг. Та энэ талаар хэзээ мэдсэн бэ. Таны Галт гэдэг нь ямар утгатай үг вэ?

-Миний нэрний дуудлага монгол нэртэй адил гэдгийг сонсоод сайхан санагдаж байсан. Галт бол миний нөхрийн овог л доо. Шотланд нэр байгаа юм. Монголоор галт гэсэн үгийн утгыг сонсоод их таалагдсан. Маш их эрч хүч өгөх утга бүхий нэр байсан.

-Таны гэр бүлийн хүн ямар мэргэжлийн хүн бэ. Тантай хамт Монголд байгаа юу?

-Тийм ээ. Гэр бүлийн хүн маань хамт ирсэн. Эхний жил хүү маань хамт ирээд энд ахлах сургуулиа төгсөөд явсан. Одоо хоёр хүүхэд маань АНУ-д их сургуульд суралцаж байгаа. Гэр бүлийн хүн маань зохиолч хүн. Чикагогийн хэвлэлийн компанид ажилладаг байсан. Хүүхдүүдээ бага байхад ажлаасаа гарч тэдэндээ илүүтэй анхаарч байсан бол одоо хүүхдүүд томорч тэрээр уран бүтээлдээ шамдаж ороод байгаа.

-Зохиолч хүний хувьд Монголын талаар уран бүтээлдээ тусгана гэж найдаж байна. Танд цаг гарган ярилцлага өгсөнд баярлалаа.

-Баярлалаа. Би нөхөртөө заавал дамжуулна аа. Та бүхэнд баярлалаа.


Categories
мэдээ цаг-үе

СУУ АЛДАРТНУУДЫН ӨЛГИЙ: Домогт “Буур” Жамъян аваргын төрсөн нутаг Тэрхийн голын хөвөөгөөр (II)

“Өдрийн сонин”ы 2017.06.08 Пүрэв гаригийн №129 (5696) дугаараас авч нийтлэв.

Түрүүч нь №127, 128 (5694, 5695) дугаарт

Монголын хүчит их аваргууд

Солонготын давааны чанх урдхан Тарантын амны доод өвөлжөөнд дуу шуутайхан давхиад буучихлаа. Цахирын төвөөс ердөө арван хэдхэн километрийн зайтай лүглэгэр уул хангайн өвөр бэл, үдийн наран асгарч байх энгэр ээвэр газар ажээ. Эгц өндөр биш хэрнээ нэлээдгүй зүтгүүлж байж өвөлжөөний өтөг бууцны баруун дээд шанаан дээр хүрч очив. Уулын энгэр судгаар яргуй цэнхэрлиж, өвөлжөөний тийм нэг элгэмсэг дотно үнэр өмнөөс ханх тавих нь тэр. Халуу дүүгсэн хүрэн улаан өтөгтэй, урд хойноо зэрэгцээ хашаа саравчтай хөх бууц бол Монголын домогт бөх “Буур” аваргыг өлгийдөж авсан ариун дагшин газар шороо юм.

“Ерэн есөн онд 100 жилийнх нь ойгоор хөгшнийхөө бууцанд гэр бүлээрээ ирж байлаа. Тэгэхдээ энүүхэнд чулуугаар овоо босгож тэмдэг тавьсан юм” гээд Гэлэгжамц гуай машинаас буунгуут л хойш урагш хөнгөн хөнгөн алхалж, тоглоомоо хайж буй хүүхэд адил нүд нь гэрэлтчихсэн харагдана. Арга ч үгүй биз дээ. Ханийнхаа ачит эцэг, үр ач нарынхаа өндөр өвөг, энэхэн насны шүтээн хүчит их аваргын төрсөн бууцанд нь ирэхээр тэгэхээс яах билээ. Хөндлөнгийн мань мэтийн сэтгэл хөдөлж байхуйд домогт их аваргатай эцэг хүүгийн барилдлагатай явах алтанхан заяаны эзэн Гэлэгжамц гуайн зүрх догдлохоос яахав.

Өвөлжөө бууцны баруун талыг нөмөрлөсөн хадат уулын орой дээр гарч арц хүжсээ уугиулан, зөөлөн сэвэлзүүр салхинд алгадуулан Буур аваргаа дурсаж хэсэг суулаа. Дэргэд цэлийх уужимхан уртхан хөндийгөөр Тарантын гол газрын хөх судас адил мушгиран урсч Хойд Тэрхийн голд цутгаж байна. ХойдТэрхийн гол Богд Очирваань Отгонтэнгэр хайрхантай залгаа, наахна талд нь орших Цахирынхны шүтээн Очир хайрхан, Бумбатын даваанаас эх аван урсаж, замаасаа Солонгот, Тарант, урд Тэрх, Ужигийн голын усыг цуглуулсаар хэдэн салаа урсаж мэлмэрсээр Тэрхийн цагаан нуурт цутгадаг юм. Тарантын голын ай саваар сарлагийн сүрэг налайлдана. Өвөлжөөний зүүн сугаар мөн л хүлхгэр цүлхгэр хөндий харагдана. Хаашаа л харна нүдний хараа уужирч, сэтгэл тайвширмаар цэлгэр сайхан хөндий, ам бүрээс нь ус гол асгарсан тэгш дүүрэн нутаг үзэгднэм. Ай мөн чиг, халхын хүчит аварга төрдөг уул хангай өөр юм байна гэж эрхгүй дуу алдмаар. Аваргын өвөлжөөнд Чимээхүү гэж бидний урьд шөнө нь хоноглосон хөгшний хүүхдүүд өвөлждөг ажээ. Хуучин захиргаадалтын үед өндөр Гүрсэд гэж нэгдэл нийгмийн олон малтай айл, мөн Чимэдгочоо, Чимиддамба гэж ах дүү малчид өвөлжиж байсан гэдэг.

Буур аварга, Бал даргын 1970-аад оны эхэн үе

“Манай хөгшин чинь 1899 оны өвлийн эхэн сард энэ өвөлжөөнд эхээс мэндэлжээ. Бие нь жаахан ядруу байхад миний бие хөгшнөөс өөрөөс нь төрсөн газрыг нь асуусан юм л даа. Тарантын доод өвөлжөө гэж маш ойлгомжтойгоор надад хэлж өгсөн. Аавыг сэрүүн тунгалагт нь төрсөн бууцан дээр нь хамт ирж чадаагүй юм. Тийм учраа ч мэдэхгүй явж дээ. Хожим эргээд бодоход хүн чинь олон зүйлд харамсдаг юм байна. Харин бие нь жаахан чилээрхүү байхад би аймгийн төвөөс наашаа гарч давхиад төрсөн бууцнаас нь хэдэн чулуу, шороо аваачиж өгч байлаа. Төрсөн бууцны чулуу гэж аав билгэшээж байсан” хэмээн хүргэн хүү нь өгүүлж сууна. Тэр зуурт “Танай хөгшин хаана төрсөн бэ” гэж Гэлэгжамц гуайгаас асуулаа. Үндсэндээ Буур аваргын охин, Өсөхөө аваргын ээжийг сонирхож байгаа хэрэг. “Солонготын аман дахь голын зүүхэн талд Айдар толгой гэж газар 1940 онд төрсөн юм билээ. Бид хэд тэр жил ирэхдээ голын эрэг дээр хэдэн чулуу давхарлаж орхиод, хөгшнөө нэг хөрвөөлгөж аваад буцсан юм” гэв.

Санжаахүү хэмээх ном эрдмийн хүн өөрийн бүтээл туурвилдаа Насантогтох гуайн тухай тодорхой оруулсан. “Буур аваргын манайхан айл аймаг хүмүүс байлаа. Айдар толгойн оролцоо нутаглаж байсан тэр жил, намар оройхон Жамъян гуай манайхнаар буугаад “Одоо эхнэр амаржих болчихлоо” гэж ярьж байсан. Тэр төрсөн хүүхэд бол Өсөхбаяр аваргын ээж мөн” гэж дурдатгалдаа оруулжээ. Буур аваргын хань Гарамдагий Архангай аймгийн Хангай сумын хүн. Тиймийн учир охин нь Хангай сумынхаа бага сургуульд анх орсон түүхтэй. “Ижий минь монгол гутлыг угалзтай, угалзгүйгээр нь янзын сайхан хийнэ. Аавын монгол гутлыг ижий л урладаг байлаа. Мөн зодог шуудаг оёдог, Өсөхөөг таван настай байхад нь зодог шуудаг оёж өгсөн. Одоо бага хүү нь өмсөж байгаа” гэж Насантогтох гуай ижийнхээ тухай дурссан нь бий.

Харин Буур аварга өмнө нь гэр бүлтэй байсан тухай яриа хөвөрлөө. Одоогийн Булган аймгийн Гурванбулаг сумын бүсгүйтэй залуу идэр насандаа хайр сэтгэлийн холбоотой болж л дээ. Хань нь дөнгөж амаржаад эмнэлгийн тусламж авч чадалгүй өнгөрчихсөн байна. Үндсэндээ хүндрэлтэй төрснөөс болоод эндчихэж. Харин хүү нь эсэн мэнд үлджээ. Тэр тухай Гэлэгжамц гуай дуулгасан юм. Хүү нь Булганы Баяннуур суманд энх тунх сайхан амьдарч байсныг хэлэв. “Би наашаа цаашаа явахдаа уулзаж л байсан” гэж өвгөн хэлж байна. Мөн буур аваргатай буюу аавтайгаа ирж уулзаж байсан тухай ч хуучиллаа. Тэр хүүгийнх нь үр удам одоо Дашинчилэн, Баяннуур суманд байгаа дуулддаг ажээ.

“Вандан аварга бид Дайчин вангийн бөхчүүдтэй нийлж Авзага уулын хошуу, Хар бухын голын хөвөө, Цогтын балгасны тэнд дэнж дэвсэг газар цуглаад наадмын их сорилго хийдэг байлаа” гэж Жамъян аваргын ярианд гардаг. Авзага хайрхан уул, Хар бухын гол Булганы Гурванбулаг, Дашинчилэн сумдын нутаг яах аргагүй мөн. Төрийн наадмыг зорьж явах бөхийн замд л учирч дээ, хөөрхий. Аваргын хүүг сайн мэддэг хүний нэг нь нэрт бөх судлаач Бат-очир гуай байсан гэдэг.

Буур аварга дээрээ Чоглий, Шагдар гэж хоёр ахтай айлын бага хүү байжээ. Аав нь нутаг хошуундаа “Нацаг заан” гэж нэршсэн бөх хүн. Ээжийнх нь талд хэдэн үе дамжсан бөхчүүд ч байсан гэдэг. Тэгэхээр Жамъян аварга манайхны хэлдгээр таримал бөх болж таарна. Арваад насандаа Далай Чойнхор вангийн хошууны шашин мөргөлийн гол төв болох Тариатын хүрээнд шавилан суусан ч шашны эрдэмд дур сонирхол муутай. Харин бөхийн сургууль зүрх сэтгэлийг нь соронз адил татах болсноор даншгийн их аварга жаахан Дамбий багштайгаа бөхийн барилдлага тогтоох хувь тавилангийн үзүүр гогцоо тэгж гардаг юм. Түмэн олондоо алдаршсан “Буур” хэмхээх алдрыг хэрхэн хүртсэнийг хүмүүс бараг л мэднэ дээ.

Гэхдээ товчхон өгүүлбэл зүйд нийцнэ болов уу. Хорь орчим насандаа нутгийнхаа ах нартай Альшаа, Хөх хот руу жин тээж явах замд энэхүү алдрыг хүртсэн түүхтэй. Тэмээн жингийн цуваа нэгэн модон гүүрээр гарч явбал хамгийн сүүлийн тэмээ ачаатайгаа доош цөмрөн унасан байна. Жинчид ачааг нь буулгая гэхэд, Жамъян би өргөх гээд үзээд алдах уу гэжээ. Тэгээд л өнөө ачаатай тэмээг дэнхийтэл өргөн гүүрэн дээр гаргаад ирсэн байна. Тэгж аян жинд олсон “Буур” хэмээх нэр нь түүхийн буурал улбаанд үл арилах, он жил алсрах тусам тодоос тод гялалзах агуу нэршил болсон нь гайхмаар. Хүний амьдрал тийм сонин содон өгүүлэмжтэй байдаг.

Эдүгээгээс 120-иод жилийн тэртээд дуугаа хадааж мэндэлсэн төрийн наадмын манлай хүчит аваргын төрсөн бууцанд урин хаврын шувууд дуулан жиргэнэ. Хүмүүний амьдралд аугаа их тайвшралыг олох газар ус гэж байдаг бол Тэрхийн энэ хөвөө юм даа гэж эрхгүй бодогдохоор. Тийм л уужимхан амьсгаа аваад ертөнцийг эгээрмээр нутаг юмсанж. “Урьдны хүмүүсийн дэг жаяг, жудаг ёс гэдэг айхавтар зүйл байж дээ” гээд Гэлэгжамц гуай өвгөн аваргынхаа төрсөн бууцны салхийг амсч, Тарантын голынх нь тийш хараа бэлчээж сууна. Мань хүн Жамъян аваргыг бие чилээрхүү байх үед ахтай нь уулзуулъя гээд Хангай сумын нутаг Нарийн гичгэнэ гэдэг газар давхиж очсон байдаг. Би ер нь ахтайгаа нэг уулзая гэж Буур аварга хүргэндээ хэлсэн байх л даа.

Тэгтэл Чоглий ах нь учир байдлыг ойлгоод явахгүй ээ, би очиж чадахгүй гэж хэлсэн байна. Гэлэгжамц гуай арга цөхрөхдөө төрсөн бууцаар нь дайрч чулуу аваад явсан нь тэр. Очоод буур аваргад “Чоглий ах ирэх жилийн ногооноор ирье гэнээ. Энэ удаа ирж амжсангүй” гэж хэлжээ. Тэгтэл удаа ч үгүй Чоглий ах нь бурхан болсон дуулдаж. Тэрхүү гунигт мэдээг Жамъян аваргад хэлэлгүй нуучихсан гэдэг. Дүүгээ өнгөрөх нь, дор орчихжээ гэдгийг зөнгөөрөө мэдсэн ах нь “би түрүүлж явах ёстой” гээд холын аянд мордчихсон нь тэр. Ингэж л урьдны хүмүүс үхлээ хүртэл зохицуулж чаддаг байсан байна. Дүүгийнхээ ард хоцроод яахав гэх монгол хүний агуу их жудаг эндээс мэдрэгддэг юм гэж Гэлгээ гуай өгүүлсэн юм.

Буур аваргын охин Насантогтох

Бүтэн үдийн хагаст бид аваргынхаа бууцанд хуучилж, дэлгэр цагийн сайхныг мэдэрч, уул усанд нь сүслэн залбирч, идээ будааны дээжээ өргөлөө. Халхын хүчит аваргын охин, Монголын хүчит аваргыг төрүүлсэн ижийд зориулж миний бие “Ижий минь” шүлгээ буур аваргынхаа төрсөн бууцан дээр уншиж, сэтгэлийн мялаалга өргөлөө. Өвөлжөөг нь нар зөв тойроод өргөн жалга судгийг нь даган уруудлаа. Тарантын голд ангир ганганалдаад, сарлагийн тугал эхийгээ тойрч давхилдаад, хаврын сүүл сарын нам гүм сайхан өдөр.

Гэлэгжамц гуайтай төрсөн ах дүүсийн хүүхдүүд болох Хайдавын Лхагваа ах “Монголын домогт их аваргын төрсөн бууцан дээр ахтайгаа хамт ирлээ. Миний Гэлгээ ах бол уул мэт түшигтэй, буянтай сайхан хүн. Ахаар минь овоглосон Өсөхөө дүү минь төрийн наадамд дөрвөн удаа түрүүлж, дархан аварга хэмээх бөхийн дээд цолонд хүрч түмэн олноо баярлуулж явна. Тэр бүрийд л өвөөгийнх нь сүнс баярлаж байгаа байх гэх бодол санаа сэтгэлд ургаж, нүдний аяганд нулимс дүүрээд ирдэг юм” хэмээн догдлонгуй өгүүлж байна. Тэрээр Архангай аймгийн Үйлдвэрлэл, эдийн засгийн хэлтсийн дарга, статистикийн дарга гээд дандаа хариуцлагатай алба хашиж явсан нэгэн. Бөхөд мөн чиг хорхойтой. Нэг хэсэг аймгийн бөхийн холбооны дарга ч байсан гэдэг. Эл эрхэм Гэлэгжамц гуай, Насантогтох гуай хоёрын тэртээд жараад онд нийлж байх үеийн нандин дурсамжийг сөхлөө.

“Гэлгээ ахын гэргий Насаа эгчийг бид “Гоёо ажээ” гэж нэрлэнэ. Гоё эгч гэсэн үг л дээ. Жаран нэгэн онд юм уу, ах гоёо ажааг дагуулаад төрсөн нутагтаа очсон юм. Том охин Нарантуяа төрөөд байсан үе. Гэлгээ ахыг алдарт Буур Жамъян аваргын охинтой гэр бүл болж байгаа юм гэнэ хэмээх яриа манайхны чихэнд хүрээд байсан. Тэгтэл нэг өдөр өндөр сайхан гэргий дагуулаад очсон юм. Манай ах чинь залуудаа яг л Өсөхбаяр, Батбаяр нарын хөвгүүд шигээ сайхан эр байлаа шүү дээ. Ахыг гэр бүлтэйгээ очлоо гээд манайхан Эрдэнэмандал сумынхаа зүүн Цүүрийн голд найр наадам бололгүй яахав. Гэлгээ ах арилжаа хар морь унаад охиноо өвөртөө хийгээд бүсээрээ баадагнаад бүсэлчихсэн, Гоёо ажаа мөн л жороо хар морь уначихсан хос хоёр морьтой голыг өгсөөд сульдаа ганхам жороолуулж явсныг хүүхэд байхдаа харж, бахдан бахархаж байлаа. Хэрвээ би шүлэг зохиол бичдэгсэн бол өөрийн эрхгүй шад мөр тэрлэхээр тийм л дүр зураг миний санаанд ургаастай явдаг юм” гэж уярангуй хэлсэн юм.

“Аавын минь эдэлж хэрэглэж байсан зүйлээс хэт хутга тэргүүтэй хэдэн зүйл бий. Бөхийн өмсгөл дээл хувцсыг нь Архангайн музейд өгсөн” хэмээн Насантогтох гуай нэгэнтээ өгүүлээд “Би чинь хүний ганц охин шүү дээ. Тийм болоод ч тэр үү, эрх танхил гэж жигтэйхэн. Аавыг хаашаа л явна дагана. Ямар сайндаа ноос тушаах гэж морин тэргэнд аччихсан байхад нь тэргэн дээр гарч морийг нь үргээгээд сүйд болохоо алдсан. Тэрэгтэй морь хонины хашаа зад дайрч өнгөрөөд хүмүүс шуугилдаад би ч орилоод явчихсан нь мэдээж. Аав миний охин сайн зуурч бай гэж хэлээд тосон угтаж тэрэгний аралд хүрэх шиг л болтол морь зогсчихсон. Дараа нь бодоход их бяр тэнхээ гаргасан байгаа юм. Нэг өвөл тэргэнд сургаж байсан хайнаг гунаа хөллөөд Хойд Тэрхийн голоос мөс ачихаар явж би дагадгаараа дагалаа. Мөсөө ачаад эргэтэл гуна явдаггүй. Гэтэл аав гунаа тэрэгнээс буулгаж хойноос нь чөрхлөөд намайг сайн туугаарай гэж хэлээд өөрөө тэргэндээ ороод зүтгэчихсэн” хэмээн ярьсан нь Тэрхийн голыг гаталж явахад санаанд бууж байлаа.

Буур аварга 1928 оны наадамд долоо даваад Хангай хайрханы Гарамбазар гэж лут заанд унасан байдаг. Дэмидийн Гарамбазар заан улсын наадамд ердөө ганцхан ирж барилдсан нь тэр жил юм билээ. Хорин найман оноос гучин дөрвөн он хүртэлх таван жилийн хугацаанд Буур аварга төрийн наадамд зодоглоогүй. Ир бяр жагсаж жинхэнэ торгон ирэн дээрээ байсан он жилүүдэд юуны учир зодоглолгүй өнжсөн нь хэд хэдэн зүйлээс шалтгаалжээ. Анхных нь хань зуурдаар өнгөрч, мөн Тариатын хүрээний бослого гээч ид мандаж юм юм л болсон байна. Харин гучин дөрвөн оноос дөчөөд оны эхэн хүртэл зодоглохдоо найман удаа шөвгөрч, халхын хүчит их аварга гэдгээ харуулсан байдаг. Ихэвчлэн долоо давсан байдаг шүү. Тэрээр хоёр жил дараалан Дорнодын “гулзгай” Дамчаа арсланд унасан байдаг. Энэ тухайгаа эхний удаад “Эхний удаад бие хаа ойролцоо, барилдахад түшигтэй юм гээд амласан. Тэгтэл уначихлаа. Харин хоёр дахь удаад нь даагаа нэхье гэж амлаад бас унасан даа. Дамчааг өөрөөсөө арай л дутуу гэж бодсон минь алдаа байсан” гэж хэлсэн нь бий. Аваргын энэ ярианаас монгол бөхийн жудаг ёс нэвт ханхалдаг юм. Ер нь алдарт аварга унагасан бөхчүүдээ ярьдаггүй, харин унасан бөхчүүдээ дурсдаг, хэн нэгнийг огт муугаар хэлж байгаагүй гэдэг. Гулзгай Дамчаа нь жудагтай сайхан бөх байсныг олны мэдэх нэгэн жишээ тодотгоод өгдөг. Дөчин хоёр оны наадам гэдэг санагдана. Түрүү үзүүрт Ховдын Шаравын Ванчинхүү арслан, Дорнодын гулзгай Дамчаа нар үлдээд барилдааны явцад хэн хэн нь ойрхон газардаж л дээ. Тэгтэл босч ирээд Ванчинхүү гуай “За Дамчаа минь, чи давсан. Чи дэв” гэжээ. Хариуд нь Дамчаа арслан “Үгүй ээ, Ванчинхүү гуай, би түрүүлээд уначихсан. Түүнийгээ мэдэж байна. Тийм болохоор та давсан. Энэ жилийн төрийн наадамд та түрүүллээ” гэж хэлсэн байдаг. Ингээд тэр жилийн наадамд түрүүлж үзүүрлэсэн хоёр бөхөд хоёуланд нь Монгол Улсын арслан цол хүртээсэн удаатай.

Монгол бөхийн жудаг ийм л байж дээ.

Жамъян аварга өөрт тааламжгүй санагдсан нэгнээ “амтгүй хүн” гэдэг байсныг хүргэн нь ном бүтээлдээ ч оруулсан байдаг. Далан нэгэн онд Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор Жамъян аварга Тэрхийн голоосоо Улаанбаатар хотноо уригджээ. Энэ үеэр өвгөн аваргад Үндэсний спортын гавьяат мастер цол хүртээсэн юм. Уг цолны анхныхыг Бадаморгийн Түвдэндорж аварга хүртсэн. Одоогийн гавьяат тамирчин цол. Цол тэмдгийг нь гардуулах үеэр Цэдэнбал дарга “Буур чи амьд байсан юм уу” гэж хэлжээ. Үүнд аварга гомдсон байна. “Үгүй ээ, энэ Цэдэнбал чинь надаас хамаагүй дүү баймаар юм. Тэгэхэд та ч гэхгүй, за тэгж хүндлэх нь дүүрч гэхэд, чи амьд байсан юм уу гэж амьд хүнээс асууж байгаа нь эвгүй сонсогдсон. Тун амтгүй хүн байна лээ” гэж нутагтаа ирээд ярьж байсан гэдэг.

Аварга өөрийнх нь тухай ном бүтээлийг уншаад хэтрүүлэгтэй, бодит үнэнээс зөрсөн бол урам нь хугарч, “ийм ч юм гэж юу байхав дээ” гээд чимээгүй болчихдог байсан аж. Далай Чойнхор вангийнхны тухай нэгэн ном гарчээ. Тэрхүү номын хавтсанд хүзүүн дээрээ тэмээг хурга шиг тавиад хойд, урд хоёр хөлийг нь бариад зогсож байгаа хүний дүртэй зураг байсан аж. Үндсэндээ Буур аваргын тухай өгүүлсэн ном гэнэ. Түүнийг харчихаад “Хүн гэдэг чинь тэмээг ингэж өргөнө гэж юу байхав. Энэ амтгүй ном байна” гээд уншаагүй тухай хүргэн нь хэлсэн. Олон таван үггүй, худлаа хэлж, аливааг дэвэргээд байдаггүй, үнэн юм үнэнээрээ байхыг үлгэрлэдэг гүдэсхэн монгол хүний чанар энүүхнээс нэвт мэдрэгдэнэ. Ер нь өөрийнх нь тухай олны яриа хөөрөө цаашид бодит байдлаас өөр болох вий гэдэгт аварга их боддог байсан нь мэдрэгддэг юм. Домогт аваргуудыг төрийн наадамд хүндэтгэн урьж байсан жишиг Монголд бий. Дөчин зургаан онд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор Өвөрхангайн Бүрд сумын Харлин, Шарлингаар нутаглаж буй Их Монгол Хасын Шаравжамц аваргыг Маршал Чойбалсан өөрийн тэргээ давхиулж далан хэдэн насанд нь авчруулсан байдаг. Тэр жил Их Монгол аваргын цолыг Буур аварга дуудсан түүхтэй. Энгүй хүчит хоёр аваргын зураг хөрөг өмнөх тэмдэглэлд орсон билээ. Буур аварга Их Монгол аваргынхаа цолыг монгол төрийн наадамд ингэж дуудсанаар Лу гүний Вандан аваргынхаа ачийг хариулсан гэж бөх судлаачид үздэг. Улсын баяр наадамд Жамън аварга анх ирж барилдах жил Вандан аварга Хан Хэнтийн босоо Самданд тахимаа өгчихөөд Жамъянгаа түрүү булаалдахаар гарахад нь өөрөө засч цолыг нь дуудаж байсан юм билээ.

…Манай хөгшний 100 насны ой их сайхан болсон. Бат-Эрдэнэ аварга тэргүүтэй бөхчүүд бүгд ирсэн. Баянхонгорт болсон Ламын гэгээний ойгоос буцаж яваа МөнхЭрдэнэ, том Сүхбат тэргүүтэй бөхчүүд Буур аваргынхаа наадамд зодоглолгүй яахав гээд ирж байлаа. Үзүүр түрүүнд Бат-Эрдэнэ, Өсөхөө хоёр үлдэж, хүү маань түрүүлсэн юм. Өвөөгийнх нь өндөр ойг бодож аварга тахимаа өгсөн байх л даа. Наадмын маргааш өглөө нэвсийтэл цас дарсан байж билээ. Манай Тэрхийн голын хөвөөнд наймдугаар сарын эхээр тэгж айхтар цас орж байгаагүй санагдана. Их хүний ой өндөр гэдэг… Гэлэгжамц гуайн энгүүн сайхан хууч үргэлжилсээр.

Categories
мэдээ цаг-үе

Б.Нарангэрэл: Дүү маань нэг өдөр ажлаасаа ирэхэд нүд нь хөхөрчихсөн байсан. Юу болсныг асуухад захирал зодсон гэж хэлсэн

“Өдрийн сонин”ы 2017.06.08 Пүрэв гаригийн №129 (5696) дугаараас авч нийтлэв.

Талийгаач зодуулсан талаараа ингэж бичжээ.

Энэ сарын 5-ны өдөр 22 настай бүсгүй Ж 22 давхраас унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Талийгаачийг амиа хорлосон уу, гадны нөлөөтэй байсан эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Талийгаач бүсгүйн нагац эгч Б.Нарангэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.


-Талийгаач амиа алдсан өдрөө тантай холбогдсон уу. Тухайн өдөр чухам юу болсон юм бол?

-Болсон явдалд үнэхээр харамсч байна. Энэ сарын 5-нд талийгаач маань төрсөн ахтайгаа болон хүүхдүүдтэй нь хамт “Хүннү молл”-д кино үзээд явж байна гээд надруу утсаар ярьсан. Ярианых нь өнгө их л баяр хөөртэй, сэтгэл санаа нь өөдрөг байх шиг байсан. Ахтайгаа кино үзчихээд 16.30 минут орчимд салаад такси барьж “Нарны хороолол”-д очсон юм билээ. 16 давхар хүртэл лифтээр яваад 22 давхарт гарахын тулд зургаан давхар алхсан байх. Тэнд хүрээд ир гэж хүн дуудсан юм шиг байна лээ. Хэн дуудсан нь мэдэгдэхгүй байна. Уг байрны камерт цүнхээ үүрчихсэн, гар утсаа гартаа барьчихсан яарсан байдалтай явж байгаа нь бичигдсэн байсан. Утсыг нь тэр явдлаас хойш эвдэрсэн гээд битүүмжилчихсэн байна лээ. Тэгээд 17:27 цагт хүн өндрөөс унаж амиа алдсан гэсэн дуудлага ирсэн байсан.

-Талийгаач амиа алдахаасаа өмнө цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн гэсэн. Энэ тухай та мэдэж байсан уу?

-Өнгөрсөн сарын 31-нд Хан-Уулын цагдаагийн хэлтэст өргөдөл өгсөн юм билээ. Эхний өргөдлийг алга болсон байхгүй гэхээр нь энэ сарын 2-нд ахиж өргөдөл бичиж өгсөн гэсэн. Өргөдлийг нь цагдаагаас шалгаж байх хооронд ийм хэрэг болчихлоо.

-Нагац дүү тань хаана, ямар ажил эрхлэдэг юм бэ. Ажиллаж байсан компанийнхаа захиралд зодуулсан, үүнээс болж амиа алдсан байж магадгүй гэх мэдээлэл байна?

-Жавхаа маань 2015 онд ХААИС-ийн Үйлдвэрлэлийн менежмэнтийн ангийг төгссөн. Сургуулиа төгсөөд “Sky media”-д дөрвөн сар оператор, “Оргил” худалдааны төвийн ресепшин, менежерээр ажиллаж байсан. Ингээд хоёрдугаар сарын 20-ноос эхлэн “Сохо мебель” тавилгын дэлгүүрийн “Эх Монгол” гэх компанид даргын туслах, нарийн бичгээр ажилласан. Анх ажилд ороод удаагүй байхдаа манай захирал олон талын мэдлэгтэй, чадварлаг хүн байна лээ гээд ажилдаа их дуртай байсан. Харин өнгөрсөн тавдугаар сарын 22-нд төрсөн өдөр нь болсон. Тэр өдрөөс хойш ажилдаа дургүй болсон нь ажиглагдсан. Байсхийгээд л би өөр ажил хиймээр байна гэдэг болсон.

-Төрсөн өдрөөр нь юу тохиолдсон талаараа хэлээгүй юу?

-Тэглээ ингэлээ надад юм яриагүй. Гэхдээ найзуудтайгаа утсаар ярихдаа “Уулзаж байгаад нэг юм ярьмаар байна”, “Ярих юм байна” гэж их санаа зовнингуй ярьж байхыг сонссон. Тэгэхээр ямар ч байсан би ажлынх нь захирал дүүгийн маань амиа алдах гол шалтгааныг мэдэж, байгаа гол буруутан нь гэж би бодож байна. Намайг талийгаач дүүгийнхээ бичиг баримтыг авахаар компани дээр нь очиход сэжигтэй санагдсан.

-Юу болсон юм бэ?

-Би энэ сарын 6-нд “Эх монгол” компани дээр очиж, талийгаачийнхаа нийгмийн даатгал бусад материалыг нь авсан. Тэгсэн Сэлэнгэ гэж хүн байсан. Тэр надад дөнгөж оронгуут надаас юу ч асуугаагүй хэрнээ тавдугаар сарын 30-ны орой дүү чинь хоёр залууд зодуулсан гэж ярьж байсан гээд хэлсэн. Энэ бол худлаа.

-Та худлаа гэдгийг нь яаж мэдэж байгаа юм бэ?

-Тавдугаар сарын 30-ны орой би дүүтэйгээ утсаар ярихад ажил дээрээ байна гэсэн юм. Тэгэхээр нь би “Оройтчихлоо ир” гэж дуудсан. Удаа ч үгүй ирсэн. Гэртээ хоносон байхгүй юу. Юуны чинь хоёр хүнд зодуулах. Ингээд маргааш нь буюу тавдугаар сарын 31-нд эрүүл саруул хүн гэрээсээ гарсан хэрнээ үдээс хойш гэртээ ирэхдээ нүд нь хөхөрчихсөн байсан. Тухайн үед хэн зодсон, яасан юу болсон гэхэд “Манай захирал зодсон” гээд зодуулахад нь ажлынх нь залуу салгасан гэж байсан. Бодвол дүүг маань захирал нь оролдож хүчиндэхийг завдахад нь эсэргүүцэл үзүүлсэн болохоор л зодсон байх гэж би таамаглаж байгаа. Нэг бус удаа дарамтандаа оруулж байсан байх. Тэгээд цагдаад очиж өргөдөл гаргасан байхгүй юу. Анхны өргөдөл нь алга болсон гээд дахиад өргөдөл өгсөн. Тухайн үед цагдаагийн байгууллага тэр захирлаас нь мэдүүлэг авахад “Урд орой нь шоудаад хоёр залууд зодуулсан гээд хар нүдний шил зүүчихсэн орж ирсэн. Би ямар ч хамаагүй” гэсэн утгатай юм ярьсан байсан. Тэр захирал гэх нөхөр 38 настай, эхнэр, дөрвөн хүүхэдтэй гэж сонссон. Тийм байж хүний амьдралыг бусниулж явдаг. Үнэхээр сэжигтэй биш гэж үү. Юу тохиолдож, ямар зүйл болсныг нь би хамт явдаггүй байсан болохоор мэдэхгүй шүү дээ. Хэрэг болсон хойно нь мэдэрч, зарим зүйлийг таамаглаж эхэлж байна шүү дээ. Зарим зүйлээ надад яриагүй байж болно. Хамаатан садан, ах дүү нар, таньдаг мэддэг хүмүүс, найзууд нь ийм явдал болсонд их гайхаж байна. Учир нь яав ч, хэзээ ч амиа хорлохоор тийм сэтгэлийн тэнхээгүй нэгэн биш. Харин ч сэргэлэн цовоо, амьдралын төлөө тэмцдэг, дайчин, хэр барагийн юманд санаа сэтгэлээр унаад байхаар охин биш. Харин ч хүний алдаа дутагдлыг засъя, тэмцэх хэрэгтэй гэдэг өнгө аясаар л яваад эцэстээ ийм байдалд хүрчих шиг боллоо. Энэ нь цагдаад хоёр ч удаа өргөдөл өгснөөс нь харагдаж байна. Өөрөө үсрээд үхэх байсан бол яах гэж цагдаад өргөдөл, гомдол гаргах юм бэ. Тэгээд ч 22 давхар байрны дээвэр дээр яг үсэрсэн гээд байгаа газрынх нь тэнд унахдаа юмнаас зуурсан бололтой хумсны ором, хөлөө тээглүүлсэн гутлын мөр зэрэг тод үлдсэн байсан. Тэгэхээр хүн түлхсэн, зууралдсан болоод л унахгүйг хичээж амь тэмцэхдээ юмнаас зуурч хөлөө хүртэл тээглүүлсэн байж таараа. Би зохион байгуулалттай гэмт хэрэг гэж бодож байна. Цагдаагийн байгууллага үнэн учрыг олж өгөөсэй гэж хүсч байна.

-Ер нь талийгаач дүү тань ямаршуухан ааш зантай хүн байсан бэ. Эцэг, эх нь өөд болсон гэж сонссон?

-Талийгаачийн маань аав 2004, ээж нь 2008 онд өөд болсон. Жавхаагийн ээж миний төрсөн эгч. Жавхаагийн дээр нэг ах бий. Талийгаач маань сурагч байхаасаа сурлагандаа сайн хүүхэд байсан. Багш нь “Сурах идэвх оролдлого сайтай, бие даан ажиллах чадвар сайн. Олон нийтийн ажилд их идэвхтэй оролцдог. Хамт олондоо их тусч гэж бичсэн байдаг. Хэл ярианы хөгжил их сайн, хариуцлагатай, нямбай” гэж тодорхойлсон байдаг. Хэл ярианы хөгжил үнэхээр сайтай, хүний асуусан асуултад хариулахгүй байна гэж огтхон ч үгүй. Бага зэрэг хятад, англи хэлтэй. Их авьяастай байсан. Басхүү нийтэч. Анх ажилд орохдоо, хүмүүст нагац эгчтэйгээ амьдардаг гэж ярьсан байж таараа. Би ярина гэдгийг нь сайн мэдэж байна. Манай Нараа эгч тэгдэг, ингэдэг гээд л. Танихгүй хүмүүс манайд заримдаа ирэхдээ “Нараа эгч үү” гээд л ороод ирнэ. Хорвоод охиноо гээд гүйх эцэг, эхгүй өнчин өрөөсөн гээд амьдралд дөнгөж хөл тавьж яваа охиныг дээрэлхэж болохгүй шүү дээ. Би захирлыг нь хүн ёсны хувьд нэг эмгэнэл илэрхийлээд, уучлаарай ийм юм болсон юм уу гээд ярьж, орж ирж байх гэж бодож байгаа. Хүний сайхан сэтгэл, хүн чанар байдаг бол шүү дээ. Найзууд нь, найзуудынх нь аав, ээж нь хүртэл сэтгэлээрээ ороод ирж байна ш дээ. Тэгэхэд хамт ажиллаж байсан гэх хүмүүс, захирал нь огтхон ч утсаар яриагүй.

Б.УрАНчимЭг

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн толь

-ФЕЛЬЕТОН-I-

Манайхан гадаад хэлийг амжилттай сурч байгаа нь сайшаалтай боловч төрийнхөө хэлийг сурах, ойлгох тал дээр тун маруухан байна. Үүнээс үүдэн төрд итгэх, төрийн зүтгэлтэнд найдах гэхчлэнгийн болчимгүй явдлууд гарч байгаа нь тоогүй яа. Ингээд эх орныхоо найдаач, сонгооч иргэдэд зориулан төрийн ба хүний хэлний хадмал толь бичгээс толилуулж байна.

Хэрэглэх арга: Аниргүй нам гүм орчинд суугаад, нүдээ анин, анхаарлаа төвлөрүүлээд төрийн байгууллагын иргэдийг хүлээн авах байр юм уу, нэр дэвшигчид хийгээд нэгэнт сонгогдоод алдарсан гишүүдийн уулзалт дээр тэдэнтэй ярьж байна гэж бодно. Мөн улс төр хийж байгаа бүх хүнд хамааруулан ойлгож ч бас болно.

Жич: Энэ толь иргэнд төдийгүй төрийн албан хаагчдад ч зориулагдсан болно. төрийн албан хаагчийн хамгийн гол шалгуур бол шударга, хулгайд дургүй байдал юм болов уу гэж олонхи хүн эндүүрдэг. Үнэн хэрэгтээ хэний ч хэргийг бүтээхгүй бас гомдоохгүйгээр гаргаж чаддаг хүнийг л төрийн мэргэшсэн албан хаагч гэдэг. Хүн таны өрөөнөөс гомдолтой гарч байвал танд төрийн албаны туршлага алга байна гэсэн үг. Харин таны өрөөнөөс иргэн хүн хэргээ бүтээгээд гарвалт а төрийн нэрийг иргэний өмнө шороотой хутгасан хэрэг бөгөөд таныг тоож хүндэтгэх татвар төлөгч олдохгүй, цаашдаа ажилдаа тэнцэхгүй гэсэн үг.

Ингээд толь бичгээ сонирхцгооё:

Сайн байна уу- За бас ямар хэл ам татлах гэж ирээв

Таныг би таньж байна-Үзээгүй гар байх чинь

Таны саналыг судалж үзье-Битгий горьд

Танд ямар санал байна-Бүлтрээд бай

Танд баярлалаа-Бушуухан зайл даа

Хариуг нь жич өгье- Горьдох хэрэггүй

Асуудлыг зохих журмын дагуу шийдэх- лөөлөө болгох

Тантай тэгж байгаад нэг холбоо баримз- наад асуудлаа март.

Сонгогчид шаардаж байна-Авгай загнаа даа

Таныг хохироогчидтой тэмцэнэ-Таныг ашиглаад юм унагаж болох юм биш үү?

Та зохих хариуг хүлээ- Бүтнэ гэж найдах хэрэггүй

Дараа тухтай жич ярья-Гар хүндрүүлбэл тусалж болно

Надад баярлаад яахнэв дээ-Би өөртөө ашиггүй юм хийлээ дээ яая гэхэв

Таны асуудлыг хөөцөлдөж байгаа- та чинь юу хүслээ дээ. Таг мартчихаж

Улс орны эрх ашигт харшилж байна- надад ямар ч ашиг унахгүй байна

Тэмцэлд уриалж байна- Надад ногдох хувийг мартсан байна

Шударга бус байдалтай эвлэрч чадахгүй- Надад албан тушаал (мөнгө) өгөөгүйтэй эвлэрэхгүй

Тэмцлийн илүү хурц хэлбэрт шилжинэ-Мөнгөө нэмэхийг шаардана

Ард түмний өмч байх ёстой- Миний хувьцаа орох ёстой

Монгол охидыг харийнхан эзэгнэж байна- намайг болохоор халгаахгүй байна

Танайд бага сага дутагдал байна- намайг олигтой хүндлэхгүй байна

Таны ажилд ноцтой дутагдал байна- Намайг огт тоохгүй байна

Асуудлыг шийдэхэд бэлэн байна- Намайг гуйгаад өгөөч ээ

Төрийн сүлдээ дээдэлье- Намайг хүндлэхийг шаардаж байна

Танд би муу санахгүй- Чамайг даа

Би шударга тэмцлээсээ ухардаггүй хүн-Би юм авч байж л салдаг

Шударга зангаасаа болж хохирч байна, би-Идэж байгаа юмнаасаа надтай хуваахгүй байна

Шударга бус юмыг би тэвчээгүй- Мөнгөө харамлахыг нь тэвчээгүй

Түр хүлээж бай даа- Чи надад яг юу өгөх юм бэ

Маргааш ир-Хэзээ ч бүү ир

Дарга хуралтай байгаа- Дарга тантай уулзахгүй гэнэ

Дарга уулзалттай байгаа-Дарга хүүхэн эргүүлж байгаа

Дарга гадаадын зочидтой яваа-Дарга хэд хоног хавтгай архидаж яваа

Гадуур ажилтай- хувийн бизнесээ хөөцөлдөж яваа

2009 он

Categories
мэдээ нийгэм

Г.Доржзодовын байгаа байрыг цагдаа нар бүсэлжээ

Г.Доржзодов гэх залуу МАН-ын дарга М.Энхболд, А.Ганбаатар, Ц.Сандуй нарын төрийн албыг мөнгөөр зарж, 60 тэрбум төгрөг хэрхэн босгох талаар хоорондоо ярьж байгаа бичлэгийг 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө олон нийтэд дэлгэн тавьсан. Уг бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсанаас хойш Монголын нэр нөлөө бүхий хүмүүс Г.Доржзодовыг хэрхэн дарамталж байсан, амь нас, гэр бүлд нь ямар дарамт шахалт бий болоод байгаа, хууль хяналтын байгууллага хэрхэн шалгаж байгаа талаар манай сонин өмнөх дугаартаа хүргэсэн.

Харин яг одоо түүнийг баривчлахаар Оргил хотхон дахь гэрийнх нь гадаа цагдаагийн албан хаагчид очсон байна. Г.Доржзодовын байрны гадуур цагдаа нар бүсэлсэн байдалтай байгаа аж. Тэрээр тус байранд нуугдаж байсан гэх мэдээлэл байгаа юм. Г.Доржзодовын өмгөөлөгч тус байрны гадаа ирсэн ч “Баривчлах ажиллагаа яваагүй тул оруулах шаардлагагүй” гэсэн тайлбар тавин, оруулахаас татгалзсан байна.

Цагдаа нар түүнийг баривчлах гээгүй, хамгаалалтад авч байна гэж тайлбарлаж байгаа боловч Г.Доржзодов өөрийн цахим хаягаар дамжуулан би ямар ч хамгаалалт хүсээгүй, баривчлахыг завдаж байна гэх зүйлийг бичжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Монгол харагдах…” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа. Өнөөдрийн дугаарын онцлох нийтлэл, ярилцлага, сурвалжлагаас тоймлон хүргэе.
Өчигдөр Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар нэгэн зэрэг Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлсэн билээ. Нийслэлийн сургуулиудын шалгалтыг тодорхой заасан, тохижуулсан анги танхимуудад авсан юм. Тухайлбал, Нийслэлийн дүүрэг бүрт, Баянзүрх дүүрэгт гэхэд л 33 дугаар сургууль, Сүхбаатар дүүрэгт хоёр, гурав, 16 зэрэг сургуулиудад төвлөрүүлэн авсан. ЭЕШ-ын эхний өдрөөс хийсэн сурвалжлагыг нэг, 11 дүгээр нүүрээс уншаарай.
“Дуган хад”-ны өвөрт зусч буй Ж.Нямдорж манлайн уяанаас сурвалжиллаа. Ж.Нямдорж манлай уг гарлаа хөөвөл Завхан аймгийн Алдархаан сумын хүн гэнэ. Харин түүнийг хэдхэн сартай байхад Жигжид гуайнх одоогийн Төв аймгийн Борнуур суманд нүүчихсэн юм билээ. Лхүндэвийн алдарт “Чонон” хонгор морийг нэг жилд найман удаа түрүүлгэж байсан манлай уяач өдгөө “Дуган хад”-ны өвөрт уул, ус, ой мод хосолсон үзэсгэлэнт газар хонин сүрэг, саалийн хэдэн үхэр, хурдан хүлгүүдийн хамт хэдхэн хоногийн өмнө нүүн иржээ. Наадмыг угтсан энэхүү сурвалжлагыг нэг, 13 дугаар нүүрээс уншина уу.
УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн ярилцлага өнөөдрийн дугаарын нэг, тавдугаар нүүрт гарлаа. Тэрбээр “Надад мөнгө байсан бол санал тоолох хар машин худалдаж авах байсан юм” хэмээн ярилцлагадаа онцолжээ. Мөн түүнчлэн улс төрийн мэдээллийн нүүрээс “Женкогийн тэрбум гээд дэрхийх хооронд Хятадаас тэрбум ам.доллар суйлчихлаа” хэмээх гарчигтай нийтлэл гарсан байгаа. Үүнэс гадна Х.Баттулга, М.Энхболд, С.Ганбаатар нарын хөрөнгөтэй танилцах боломжтой. Хоёрдугаар нүүрийг дэлгээрэй.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн үзэл санааны хамгийн талбар болж байдаг алдарт гуравдугаар нүүрт Төрийн шагналт зохиолч, манай сонины Орлогч эрхлэгч, нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Монгол харагдах…” хэмээх нийтлэл гарлаа. Харин Баримт, үйл явдлын долдугаар нүүрт “Монгол Сноуден Г.Доржзодов” хэмээх материал гарлаа. Г.Доржзодов гэх залуу МАН-ын дарга М.Энхболд, А.Ганбаатар, Ц.Сандуй нарын төрийн албыг мөнгөөр зарж, 60 тэрбум төгрөг хэрхэн босгох талаар хоорондоо ярьж байгаа бичлэгийг 2016 оны УИХ- ын сонгуулийн өмнө олон нийтэд дэлгэн тавьсан. Уг бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсанаас хойш Монголын нэр нөлөө бүхий хүмүүс Г.Доржзодовыг хэрхэн дарамталж байсан, амь нас, гэр бүлд нь ямар дарамт шахалт бий болоод байгаа, хууль хяналтын байгууллага хэрхэн шалгаж байгаа талаар манай сонин өмнөх дугаартаа хүргэсэн. Тэгвэл энэ удаад сүүлийн үеийн шинэ баримтуудыг дэлгэж байна. Долдугаар нүүрийг сөхөөрэй.
Эдгээрээс гадна “Багш” “Дэлхийн мэдээ” “Дэлхийн улстөрч”, “Энэ өдөр” зэрэг булангууд хуваарийн дагуу гарлаа.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ