Categories
мэдээ нийгэм

Явган хүний зам тавьж, орц гарцуудыг нээхээр боллоо

Явган хүний зам тавьж, орц гарцуудыг нээхээр боллооНийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан “Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй хаасан автозам, явган хүний замыг чөлөөлөх, орц гарцыг нээх” ажил эрчимтэй явагдаж байна. Энэ ажлын хүрээнд өчигдөр буюу зургаадугаар сарын 14-ний өдөр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Газрын албаны орлогч дарга Б.Загдсамбар, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра, Баянзүрх дүүргийн Газрын албаны дарга Д.Бат-Ундрах, Газар зохион байгуулагч Д.Отгонбаяр, Ц.Отгонбямба, Газар чөлөөлөх хэлтсийн мэргэжилтэн Ш.Цогт нар Баянзүрх дүүргийн 6, 18, 25, 26 дугаар хорооны зам чөлөөлөх байршлуудтай газар дээр нь очиж танилцлаа.

Ажлын хэсэг Зам чөлөөлөх байршлуудтай газар дээр нь очиж танилцсанаар дараах зам, газрыг чөлөөлөхөөр боллоо. Үүнд: Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн зүүн талд байрлах орон сууцны хашааг буулгаж, нэг машин өнгөрөх зайтай байсныг 2 машин чөлөөтэй зөрөх боломжтой болгох юм.

Мөн тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “Алтан өргөө” хотхоны зүүн талд байрлах “Андууд-Интернэшнл” ХХК-ийн хашааг буулгаж замыг засч тохижуулах, 18 дугаар хорооны 84-р сургуулийн урд уулзварт байрлах “Юнайтед констракшн” ХХК барилгын хашааг татуулж явган хүн зорчих боломжтой болгох, 18-р хорооны 37 дугаар байрны хойд талд байрлах иргэн Ж.Нямдаваагийн хашааг татуулж явган хүний зам гарган тохижуулах, 6-р хорооны 21 дүгээр сургуулийн зүүн талд, Сэлбийн гүүр орчмыг тохижуулах, 25 дугаар хорооны 90 дүгээр байр буюу Эко марттай байрны авто зам дагуу явган хүний замыг хааж барьсан хашааг буулгах, тус хорооны 67 дугаар байрны хашааг буулгаж 2 эгнээ зам гарган хойшоо 13 дугаар хорооллын дунд зам руу нийлдэг болгох, Натур худалдааны төвөөс Замын цагдаа руу явдаг зам буюу Хомланд хотхоны баруун талд байрлах иргэн Э.Болдбаатарын хашааг татаж явган хүний зам гаргах, 26 дугаар хорооны Баянмонгол хорооллын зүүн талд байрлах “Ажиганахунчир” ХХК-ийн хашааг татаж явган хүний зам гаргахаар боллоо.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн иргэд Зам чөлөөлөх ажил дээр санал хүсэлтээ илэрхийлж, нийслэлээс зохион байгуулж буй энэхүү ажлыг дэмжин ажиллана гэдгээ илэрхийлсэн бөгөөд нийслэлд зам чөлөөлж буй байршил, ажлын явц болон бусад холбогдох мэдээллийг тухай бүрт нь Ажлын хэсэгт мэдээлж байхаа хэлэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

П.Батбаатар: Г.Доржзодовт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа

Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр ярихдаа:-

-Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болж байгаатай холбогдуулаад сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийе гэж та нөхдийг энд урьсан юм. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор хууль тогтоомж зөрчсөн, ялангуяа Эрүүгийн хууль зөрчиж, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх, ард түмнийг хагалан бутаргах гэсэн, сонгуулийг будлиантуулж, сонгуулийн үйл ажиллагаанд саад болох гэсэн үйлдэл, эс үйлдлүүд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим ертөнцөөр явж байгаатай холбогдуулаад Цагдаагийн байгууллага сүүлийн үед ямар арга хэмжээ авч байгаа талаар ард иргэдэд мэдээлэх нь зүйтэй байх.

Сонгуулийн сурталчилгаа эхэлсэнээс хойш нам, холбоо, нэр дэвшигчдээс янз бүрийн хууль зөрчсөн үйлдэл гарч байгааг цагдаа нар шалгаж байна. Жишээлбэл сонгуулийн санал тоолдог төхөөрөмж, манай ард иргэдийн ярьж заншсанаар хар машиныг худалдаж авч, сонгуулийн үйл ажиллагааг будилаантуулах гэж байна гэсэн мэдээлэл цахим ертөнцөөр явсан. Цагдаагийн байгууллага Эрүүгийн хуулийн тусгай ангийн 130 дугаар зүйл буюу Сонгуулийн үйл ажиллагаанд саад учруулах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа. Цахим ертөнцөөр нэгэнт ил болоод явж байгаа ийм мэдээлэл байна. “Шинэ яармаг” хорооллын захирал Ууганбаяр гэж этгээд ийм утгатай мессежийг тухайн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг Канад улсын компани руу бичсэн байгаа юм. Энэ мессеждээ “Санал тоолох төхөөрөмжийг худалдаж авъя. Ямар үнэтэй вэ, түрээслэх боломжтой юу” гэж нэлээд тодорхой бичигдсэн мессежүүд байгаа. Үүн дээр нь үндэслээд энэ үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгээд цагдаагийн байгууллага шалгаж байна.

Мөн ард иргэдийг айдаст автуулж, заналхийлж, олон нийтэд онц аюултай аргаар олны анхаарлыг татах гэсэн үйлдлүүд гарч байна. Сүхбаатарын талбай дээр приус машин шатаасан үйлдэлд бас цагдаагийн байгууллага заналхийлэх гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна. Энэ нь олон нийтийг айдаст автуулах, төрийн байгууллагыг ямар нэгэн шийдвэр гаргуулахаар шахаж, олон нийтэд аюултай аргаар (машин шатаана гэдэг дэлбэрч, орчиндоо аюул учруулж болно) сонгуулийн сурталчилгаанд зориулж, олон нийтийн анхаарлыг өөртөө татах гэсэн. Ялангуяа татвар нэмсэн нэмээгүй гэдэг асуудалд төрөөс гаргах шийдвэрт хүчээр нөлөөлөх гэсэн зорилго сэдэлтэй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байна.

Телевизүүдээр цацагдсан “Улаан тарианы хүүхдүүд” гэж нэвтрүүлэгт 200 хүний толгойг авч, тойрон бүжиглэнэ гэсэн ард иргэдийг аллага хядлагад уриалан дуудсан, цусаар цэвэрлэгээ хийнэ гэх мэтээр заналхийлсэн өнгө аястай мэдээлэл бэлтгэж гаргасан “Херо энтертайнмент” студийн захирал Б.Баатар болон энэ нэвтрүүлгийг бэлтгэсэн бусад хүмүүст бас эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа. Энэ хэрэгтэй холбогдуулаад сонгуульд нэр дэвшигчдийг гарал үүсэл, үндэс угсаагаар нь гүтгэн доромжилсон. Жишээлбэл МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг хятад гаралтай гэж нэвтрүүлэг хийгээд, үүнийгээ олон нийтэд цацсан. Үүнийгээ Түвдэнбалжир гэж хүнээр яриулсан. Үүнийг Баянгол зочид буудалд “Херо энтертайментынхан” зохион байгуулж хийлгэсэн гэдгийг Түвдэнбалжир гэж хүн хүлээгээд, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр уучлалт гуйсан байгаа. Бусдыг гүтгэж доромжилсон гэсэн зүйл ангиар “Херо энтертайнментынхан” болон Түвдэнбалжирт эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа. Энэ хэргийн нотлох баримтууд бүрдсэн. Үүнийг зохион байгуулсан гэх УИХ-ын гишүүн байсан Г.Уянгын Түвдэнбалжир гэх этгээд рүү бичсэн мессежүүд бүгд байж байгаа. Одоо нөгөө газраа хүрээд ир, нөгөө юмаа ярина гэх мэтээр Түвдэнбалжирт үүрэг даалгавар зааварчилгаа өгч энэ нэвтрүүлгийг зохион байгуулалттайгаар гүтгэлгийн шинжтэйгээр хийсэн гэдэг нь шалгалтын явцад тогтоогдож байгаа.

60 тэрбумын асуудал сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татаж байгаа. 60 тэрбумын асуудлыг шалгуулахаар АН-ын зүгээс хуулийн байгууллагад хандсан. Прокурорын байгууллагын тогтоолоор хамтарсан ажлын хэсэг гараад шалгаж байна. 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр бас үүнийг хуулийн байгууллагууд шалгаад, эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй юм байна гэж хаасан. Одоо прокурорын шийдвэр нь хүчин төгөлдөр байгаа. Монгол Улсад мөрдөгдаж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар нэгэнт хүчин төгөлдөр байгаа шийдвэр дээр ахиж Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж болдоггүй. Гэхдээ энэ дээр прокурорын байгууллага шалгах нь зүйтэй гэж үзээд АТГ, Цагдаагийн хамтарсан ажлын хэсэг гаргаад шалгаж байна. Шалгалтын явцад 2016 оны УИХ-ын сонгуулиар эмхлэгдэн байгуулагдсан Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэнээс хойш нийтдээ төрийн өндөр албанд 3000 хүн томилогдсон байдаг. Энэ хүмүүсийг нэг бүрчлэн шалгаж байгаа. Авилгал, мөнгө, хандив өгсөн юм уу ямар аргаар энэ албанд томилогдсон юм. Сонгон шалгаруулалт, төрийн албаны шалгалт гэх мэт хууль зүйн үндэслэлүүд нь байна уу гэдгийг шалгаад явж байгаа.

Энэ мэт сонгуультай холбоотой маргаан, хэргүүдийг шалгахын зэрэгцээгээр сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбогдуулаад сонгуулийн самбар урлаа, алга боллоо, хууль бус сурталчилгаа явууллаа, наах ёсгүй газар сурталчилгаа хийлээ, оройн үдшийн цагаар чанга яригчаар яриад амраахгүй байна гэх мэт 100 гаруй гомдол ирсэнийг цагдаагийн байгууллага нэгдсэн ажлын хэсэг гаргаад шалгаж байгаа.

Г.ДОРЖЗОДОВЫГ БАРИВЧЛААД БАЙГАА ЮМ УУ, ХАМГААЛААД БАЙГАА ЮМ УУ?

П.Батбаатар: -60 тэрбумын асуудалтай холбоотой мэдээ мэдээллийг цахим ертөнцөөр олны анхаарлыг татах гэж зориудаар түгээгээд гаргаад байгаа Г.Доржзодов гэж этгээд байгаа. Энэ хүнд Цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа. Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж тагнуулын байгууллага дээр шалгаж байна. Шалгалтын явцад Г.Доржзодов шалгалтанд саад болох, бичлэг хийсэн үйлдлээ сошиал ашиглаад зөвтгөх, янз бүрийн арга хэрэглээд ард иргэдийг төөрөгдүүлэх, худал үнэн мэдээлэл цацах үйл ажиллагаа явуулаад байна. Эрүүгийн хэрэг үүсгэж шалгаснаас хойш зургаа хоногийн хугацаанд энэ хүн хоёр хоног нь иргэний хөдөлгөөний Г.Баасан гэдэг хүний гэрт орогнож, тэндээсээ сошиалд янз бүрийн байдлаар мэдээ мэдээлэл цацаж, ард иргэдийг төөрөгдүүлээд сүүлийн дөрөв хоног нь УИХ-ын гишүүн байсан Ц.Оюунгэрэлийн гэрт байж, худал мэдээ мэдээллээ цацаж, зохион байгуулалттайгаар түгээж байгаа нь тогтоогдоод байгаа юм. Энэ хүнийг ийм үйл ажиллагаа зохион байгуулж байгаа хүмүүсийн зүгээс эсвэл нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх гээд уриалаад байгааг нь эсэргүүцэж байгаа хүмүүсийн зүгээс амь бие эрүүл мэндэд нь заналхийлж магадгүй гэж үзсэн учраас цагдаагийн байгууллага хамгаалалтад авах нь зүйтэй гэж үзсэн. Хуулиараа Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдыг цагдаа хамгаалалтад авах үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу хамгаалалтад авахаар өөрт нь санал тавьж, хамгаалалтад авах үйл ажиллагаа болж байгаа. Түүнээс биш энэ хүнийг баривчлах гээгүй.

ОРОГНОЖ БАЙГАА БАЙРЫГ НЬ ЦАГДАА НАР ХҮРЭЭЛЭЭД БАЙЖ БАЙХ ЮМ УУ, ГАНЦ ХҮН ХАМГААЛЖ БОЛОХГҮЙ ЮМ УУ?

-Хуулиараа хамгаалалтад авах олон хувилбар байдаг. Үүний нэгийг сонгож авах ёстой. Өнөө өглөө үнэндээ цагдаагийн байгууллагатай холбоогүйгээр олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглаад, сэтгүүлчид, ялангуяа намын харьяалалтай хүмүүс жагсаал цуглаан, хууль бус үйлдэлд олон нийтийг уриалаад, заримдаа бүр галдан шатаая, алъя хядъя гээд тэр орчинд амьдарч байгаа иргэдийн амар тайван байдлыг хамгаалах үүднээс гадуур хамгаалалт гарсан байгаа. Гадуур хамгаалалт бол тухайн орчинд амьдарч байгаа хүмүүст халдах вий гэдэг байдлаар орчны хамгаалалт авсанаас биш яг тэр Г.Доржзодов гэдэг хүнд зориулсан юм биш. Өнөө өглөө Л.Мөнхбаясгалан гэж сэтгүүлч хууль бус зүйлд уриалаад, нэг удаа болоод өнгөрөх сонгуулийн төлөө хүмүүсийг хагаралдуулж, нийлж байгаад тэмцье, дайрья гэх мэтээр буруу зүйлд уриалаад байсан учраас бид түүнээс урьдчилан сэргийлж гадуур хамгаалалт авсан байгаа. Түүнээс биш Г.Доржзодовын хамгаалалт тусдаа явагдаж байгаа гэв.

Б.ЭГШИГЛЭН

Categories
мэдээ нийгэм

Г.Доржзодов: 90 минутын бичлэг эвлүүлэг байсан гэж хэлээд хүссэн мөнгөө аваад гадаад руу яв гэсэн

МАН-ын 60 тэрбумын бичлэгийг ил болгосон иргэн Г.Доржзодовын байрлаж буй байрыг өнөөдөр өглөө цагдаагийнхан бүсэлсэн юм. Г.Доржзодов УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрт түр байрлаж буй бөгөөд Ц.Оюунгэрэлийн нөхөр АНУ-ын иргэн тул цагдаагийнхан дотогш нэвтрээгүй буцсан. Энэ үеэр иргэн Г.Доржзодов хэвлэлийнхэнд байрлаж буй байрныхаа цонхоор гарч мэдээлэл өгсөн юм. Түүний мэдээллээс дор товчлон хүргэе.

-Цагдаагийн ажилтнууд ямар хэргээр ирсэн, яагаад хамгаалалт гаргахаар болов?

-Өнгөрсөн шөнө 01.00 цагийн үед цагдаагийн ажилтнууд ирж, хамгаалалт гаргасан. Тэгэхдээ ямар нэгэн зөвшөөрөл, шийдвэр үзүүлээгүй. Уг нь хамгаалалтад авч байгаа бол бичиг, шийдвэрээ танилцуулах ёстой байсан. Гэвч надад ямар нэг бичиг баримт үзүүлээгүй, шууд л хамгаалалт гарсан. Би хувьдаа гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчиж, ажиллагаа явуулж, отолт хийж байна гэж ойлгож байна. Цагдаа нар ирээд аавынх нь хүсэлтээр хамгаалалтад авч байгаа гэж тайлбарласан. Тэгж тайлбарласных нь дараа би аав, ээж рүүгээ залгаж асуухад ямар нэг хамгаалалтад авах хүсэлт гаргаагүй гэсэн. Тэгэхээр цагдаагийн байгууллагынхан худлаа ярьсан. Сая явахдаа гурван хүнийг хамгаалалтаар үлдээлээ гэж хэлээд явлаа.

-Өөрийг тань дарамталж байгаа гэсэн мэдээллүүд яваад байгаа. Энэ хэр бодитой юм бэ?

-Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн миний амь насанд занал хийлэх, дарамтлах асуудал үргэлжилж байгаа. Хамгийн сүүлд өнгөрсөн дөрөвдүгээр сард гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчсөн, MP-3 тоглуулагч ашигласан гэж Эрүүгийн хуулийн 133.1 дэх заалтад үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэсэн. 2014 оны есдүгээр сарын 8-нд Гандангийн орчим байрлах Шинэ Монгол хаад группийн зургаан давхар барилгын дөрөвдүгээр давхарт МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн А.Ганбаатар, миний бие Г.Доржзодов нарын уулзалт болсон. Энэ уулзалтын 90 минутын бичлэг, дагалдах файл, нотлох баримтуудыг бүгдийг нь тавдугаар сарын 6-нд би ил болгосон. Түүнээс гадна сая зургадугаар сарын 1-ний өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр надтай хамт ажиллаж байсан хүнээр дамжуулан “Намайг хүссэн улс руу хүссэн сургуульдаа явах, дээрээс нь хоёр өрөө байр өгнө” энэ хэргийг орхиод яв, бүх бичиг баримт, визийг чинь зохицуулж өгнө гэж хэлүүлсэн байсан. Хэн ингэж байгаа юм бэ гэхэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн гэж хэлсэн. Зургадугаар сарын 9-нд мөн хамт ажиллаж байсан хүнээр дамжуулж, М.Энхболд саунд ганцаарчилж уулзах хүсэлт явуулсан. Гэтэл тэр уулзалтад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат байсан бөгөөд “90 минутын дүрс бичлэг эвлүүлэг байсан гэсэн бичлэг бидэнд хийж өг, хүссэн мөнгөө аваад гадаад руу явж болно. Гэр бүлээр чинь визийг чинь зохицуулж өгнө” гэсэн.

-Хэдэн төгрөг санал болгосон юм бэ. Яагаад тэр мөнгөнөөс татгалзсан юм бэ?

-Тэр хүний надад санал тавьсан мөнгө нь нэг сая ам.доллар байсан шүү. Хэрэв би 90 минутын бичлэгийг эвлүүлэг, хуурамч байсан гэж бичлэг үлдээх л юм бол хуурамч бичлэг эвлүүлсэн гэмт хэрэгтэн болно. Ийм тохиолдолд би хаашаа ч явж чадахгүй, шууд гэмт хэрэгтэн болох учраас зайлсхийсэн.

-Таныг 90 минутын бичлэгээр дамжуулан МАН-аас 20 сая төгрөг авсан гэсэн баримтууд олон нийтийн сүлжээгээр явж байсан шүү дээ?

-2014 оны наймдугаар сараас 9 сар хүртэл намайг ажиллуулсан. Тэгэхдээ тэр ажлыг хийж өгвөл өөрийнхөө компанид Стратеги, бодлого хариуцсан захирлаар ажилд авна гэсэн шийдвэр гарсан байсан. Гэтэл миний бичиг баримтыг авчаад өгөхгүй, сэтгэлзүйн дарамт үзүүлсэн. Тэгээд тэр чигээрээ чимээгүй алга болсон, надаар ажил хийлгэчхээд. Тэгээд өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулийн үйл явц ажиглаж байхад олон нийтэд тухайн бичлэгийн хэсгийг үзүүлэх нь зүйтэй юм байна гэж бодоод ил болгосон. Тухайн үед маш их хүн үзсэн. Тэгээд Ц.Сандуй, А.Ганбаатар, н.Өлзий нар надтай холбоо барьж эхэлсэн. Тэгээд намайг дарамталсан маш их мессеж илгээсэн. Тэгээд тэр олон нийтэд ил болгосон бичлэгийг устгуулахаар намайг дарамталж байгаад сүүлдээ “найрч” эхэлсэн. Тэгээд 2014 онд өгөөгүй ажлын чинь хөлсийг өгнө гэж хүртэл амласан. Бичлэг нэгэнт олон нийтэд тарсан байсан учраас утгаа алдсан учраас өөрсдөд нь тэр бичлэгийг нь өгсөн. Харин миний данс руу хийсэн 20 сая төгрөгийн баримт нь хуурамч баримт. Та бүхэн 90 минутын бичлэг, бусад материалыг нь өнгөрсөн сонгуулийн үйл явдлуудтай харьцуулаад үз. Ядаж тэр материал дунд байсан хээ, угалз Нийслэлийн МАН-ын тараасан мэндчилгээний зураг хоёрыг л харьцуулаад харахад бүх зүйл тодорхой болно. Би энэ бичлэгүүдийг өнөөдөр бичээгүй, өнгөрсөн 2016 оны сонгуулийн өмнөөс л хэсэгчлэн тарааж эхэлсэн.

-Цаашид таны болон ар гэрийнхний аюулгүй байдлыг хамгаалах, амь насанд аюул учрахгүй байх баталгаа байна уу?

-Аюулгүй байдлын баталгаа бол одоогийн энэ байгаа орон байр, халдашгүй байдал. Би одоо олон улсын байгууллагад тавдугаар сарын эхээр хандсан байгаа. Түүний хариу ирэхгүй байна. А.Ганбаатар манай гэрийн хаяг, аав ээжийн хаяг, гэр бүлийн байдлын талаар мэдэж байгаа гэдгээ надад хэлсэн. Өдөр болгон намайг хэнтэй уулзаж байна гэдгийг мэдэж байна гэдэг нь тагнах, мөрдөх ажлыг хийх бололцоотой гэж харж байна. Манай гэр бүлд ямар нэг зүйл тохиолдвол энэ хүмүүсээс ямар нэг байдлаар дарамт үүсгэж байна гэж ойлгож байна, энэ үйлдлүүдийг нь. Тиймээс би өнөөдрөөс ар гэр, гэр бүлийнхний хамгаалах ажлыг эхлүүлнэ. Би өөрөө бол гэрээсээ гарч чадахгүй, агаар ч олигтой амьсгалж чадахгүй л байна. Энэ бол маш том сэтгэлзүйн дарамт гэж бодож байна.

Categories
мэдээ нийгэм

“Говь” үйлдвэрийн тоног төхөөрөмжийг галаас хамгаалж чаджээ

“Говь” компанийн үйлдвэрт өчигдөр гарсан гал түймрийн тархалтыг өнөөдөр өглөө цурманд оруулсан талаар НОБГ-аас мэдээлсэн. Одоо гарч байгаа хар утаа бол шилэн хөвөнтэй холбоотой аж.

Тус газраас өгсөн мэдээллээр галд үйлдвэрийн барилгын дээвэр хэсэг өртсөн байна. Гал дотогш нэвтрээгүй. Тодруулбал, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг галын аюулаас хамгаалж чаджээ. Одоогийн байдлаар үйлдвэрийн тоног төхөөрөмжийг барилгаас гаргаагүй байгаа. Гэхдээ уснаас хамгаалж, гялгар цаасаар бүгдийг нь боож, бүтээсэн. Галын унтраахын тулд дээврийн хар цаасыг нэг бүрчлэн хуулж байгаа.

“Говь” компанид гарсан түймрийг унтраахад онцгойгийн 250 ажилтан дайчлагджээ. Орон нутагт түймэр унтраахаар ажиллаж байсан ажилчдаа Улаанбаатар руу татаж, түймрийн тархалтыг зогсоох арга хэмжээ авсан байна. Хохирлын хэмжээ болон галын шалтгаан хараахан тодорхой болоогүй байна.

Categories
мэдээ нийгэм

Усанд осолдсон гэх дуудлага ихэсчээ

Иргэд усанд осолдож амиа алдах тохиодол нэмэгдсээр байгаа аж. Зургадугаар сарын 5-ны өдрийн байдлаар, есөн аймгийн 15 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 17 удаагийн усанд осолдох тохиолдол гарч, 20 хүн амь насаа алдсан байна.

Нэг өдрийн дотор дөрвөн хүн усанд живж амиа алдсан харамсалтай тохиолдол гарчээ. Тодруулбал, энэ сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн цаана байх Хилэм нуурын усанд 10, 15 настай хоёр хүүхэд осолдож, амиа алдсан хэрэг гарсан байна. Мөн энэ өдөр Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр Туул голд 25 настай иргэн усанд живж нас баржээ.

Иргэд хэт халуунд халууцаж архи уусан үедээ голын усанд орвол сэрүүцэж, архи гарч толгой сэргэдэг гэсэн ташаа ойлголттой байдгаас үүдэн гол руу орж живдэг байна. Усанд живж, амиа алдсан иргэдийн ихэнх буюу 90 хувь нь архидан согтуурсан үедээ осолддог хэмээн албаныхан онцолж буй юм.

Categories
мэдээ улс-төр

Энэ сарын 21-нээс хойш бороо орж, ган тайлагдана гэв

Одоо асч байгаа түймрийг унтаарахаар үүлэнд зориудаар нөлөөлнө

Өнөөдөр 11:00 цагаас Төрийн ордонд Шадар сайд У.Хүрэлсүх цаг үеийн асуудлаар шуурхай хэвлэлийн бага хурал хийлээ. Шадар сайд “Говь ХК-ийн зөвхөн дээврийн хөндийн хэсэг шатсан. Түүнээс үйлдвэрийн дотоод техник төхөөрөмж рүү гал огт ороогүй” гэж мэдээллээ.Дээвэрт гарсан галын 80 хувийг унтраагаад байгаа аж. Галыг бүрэн гүйцэд унтраахад дахин 4-5 цаг шаардлагатай байгаа гэнэ.

Шадар сайд мэдээллийнхээ үеэр сүүлийн үед гарч байгаа түймэр болон цаг агаарын төлөв байдлын талаар холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл авсан юм. Онцгой байдлын хурандаа С.Залуухүү хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 53 суманд 95 удаагийн ой хээрийн түймэр гарсан. Түймрийг унтраахаар 4,000 гаруй хүн 583 техник хэрэгсэл ажиллаж байна. Одоо асаж байгаа таван том түймэр байна. Хэнтий, Төв аймгийн таван газар гарсан түймэр талбайн хувьд нэлээд өргөссөн, тиймээс хүн хүч, техник хэрэгслүүд хүрэлцэхгүй байгаа. Нөгөөтэйгүүр очиход их хэцүү, хүндрэлтэй замаар явж очдог газруудад түймэр асч байна. 10-15 км-ийн наана техник хэрэгслээ аваачиж, цааш явганаар явдаг ийм газрууд байна. Энэ таван газрын түймрүүдэд 411 алба хаагч ажиллаж байна. Улаанбаатар хотын дөрвөн дүүрэгт 16 удаагийн ойн түймэр гарсан. Зуслангийн айлууд шар өвсөө шатааж байгаад гал алдсан тохиолдлууд их гарсан. Хуурайшилт ихэссэн, бороо хур багатай байдлаас үүдэн үүлэнд зориудаар нөлөөлөх хэд хэдэн удаагийн оролдлого хийж буудсан. Хур тунадасны агууламжтай үүл орж ирж таарахгүй байгаа. Манай хойд хөрш ялангуяа түймэр ихтэй байгаа.

Түймрийн зургийг сансрын мэдээллээр авч онцгой байдлын газруудад хүргүүлэх шаардлагатай байна. Мэдээллээ хүргэхдээ хугацаа алдахаар түймрийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байдаг. Түймрүүд ихэвчлэн хувь хүний буруутай үйл ажиллагаанаас болж гарч байгаа гэв.

Харин ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин: Зургадугаар сард бороо хур орохгүй ихэнх нутгаар хуурайшилттай байна. Энэ сарын 9-11-нд Завхан, Хөвсгөл, Архангайд бороо орсон. Төв аймаг, Сэлэнгэ орчмоор бага зэргийн бороо орж, бусад хэсгээр ороогүй. Зуншлага нутгийн 30 хувьд сайн, 50 хувьд дунд, 10 гаруй хувьд муу байна.

Энэ сарын 18-нд зүүн аймгуудын нутгаар бороо орно. 19-ний 20:00 цагийн орчимд зүүн аймгуудаар үүлшиж бороо орно. 20-нд Төвийн аймгуудаар бороо орно. 21-нээс хойш бороо орж ургамлын нөхцөл байдал сайжирч ган тайлагдана. 22,23-нд говийн зарим нутгаар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна.

Энэ жил 1,000 пуужин авах хөрөнгө Засгийн газар шийдэж өгсөн.

Долдугаар сард шинэ пуужингууд ирнэ. Харин одоо асч байгаа түймрийг унтраахаар Онцгой байдлын газартай хамтран үүлэнд зориудаар нөлөөлнө” гэв.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны үнэ буурсан үзүүлэлттэй гарав

Холбоотой Зураг

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компанийн хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн тодорхойлох судалгааны энэ оны тавдугаар сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.

Тус судалгаагаар өнгөрсөн тавдугаар сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 0,99 болж суурь үе буюу 2013 оны 1-р сараас 1,44%-иар буурсан гэж гарчээ. Энэ нь өмнөх сараас 2,65 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2016 оны 5-р сарын үр дүнтэй харьцуулахад 4,72 хувиар буурсан байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

Шинэ орон сууцны үнийн индекс 1,14 гарсан. Энэ нь өмнөх сараас 0,49 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2,09 хувиар буурсан хэвээр байна.

Хуучин орон сууцны үнийн индекс 0,92. Суурь үеэс 7,73%-ийн бууралттай гарлаа. Харин өмнөх сараас 0,55 хувиар өсч, өнгөрсөн оны мөн үеэс 2,61 хувиар буурсан үзүүлэлт юм.

Үзүүлэлт

Ерөнхий

Шинэ о/с

Хуучин о/с

Индекс

0,99

1,14

0,92

Индексийн өөрчлөлт /суурь үе-2013.01/

-1,44%

14,04%

-7,73%

Өмнөх сартай харьцуулахад

-2,65%

-0,49%

0,55%

Оны эхэнтэй харьцуулахад

-2,35%

-1,27%

0,01%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-4,72%

-2,09%

-2,61%

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4928 орон сууцны мэдээллийг хамруулжээ.

Categories
мэдээ нийгэм

“Говь” үйлдвэрт гарсан галыг цурманд оруулаад байна

Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Говь” ХХК-ийн үйлдвэрт гарсан галыг цурманд оруулаад байна. Галын тухай дуудлага өчигдөр оройн 20:46 цагт ирсэн бөгөөд Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 ангийн 150 гаруй албан хаагч, гал унтраах шуурхай албаны 31 автомашин ажиллаж галын галын тархалтыг зогсоож, цурманд оруулжээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Доржзодов Ц.Оюунгэрэлийн гэрт хоргодож, түүний нөхөр нь АНУ-ын иргэн тул гэртээ цагдаа нэвтрүүлээгүй байна

Хан-Уул дүүргийн Оргил хотхонд байрлах, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрийн гадаа цагдаа нар урд шөнө хамгаалалтад гарчээ. Учир нь Г.Доржзодов түүний гэрт байжээ. Г.Доржзодов УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө МАН-ын дарга М.Энхболд, намын гишүүд болох Ц.Сандуй, А.Ганбаатар нарын хооронд өрнөсөн 60 тэрбум төгрөг босгох ярианы бичлэгийг олон нийтэд дэлгэсэн юм. Д.Доржзодов учирч болзошгүй эрсдэлээс сэрэмжилж, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрт түр нуугдаад байсан аж. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл сонгуулийн ажлаар орон нутагт явж байгаа юм. Тиймээс өнөөдөр өглөө цагдаагийн албан хаагчид УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрт Д.Доржзодовыг саатуулахаар очиход түүний нөхөр Жефф “Би бол АНУ-ын иргэн. Тиймээс АНУ-ын Элчин сайдын яаманд л зөвхөн тайлбар өгнө” хэмээн хаалгаа нээж өгөхөөс татгалзсан байна. Ингэснээр цагдаагийн албан хаагчид УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрт нэвтрэх боломжгүй болжээ. Ц.Оюунгэрэлийн нөхөр Жефф нь хүний эрхийн хуульч агаад дэлхийн олон оронд хүний эрхийн чиглэлээр ажиллаж явсан хүн юм.

Харин “Цагдаагийн байгууллага иргэн Г.Доржзодовын аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор хамгаалалтад авсан, ямар нэг баривчлах үйл ажиллагаа хийгдээгүй” гэж Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр мэдэгдээд байна.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан “Өнөө өглөө цагдаа нар ирэхэд Ц.Оюунгэрэлийн нөхөр үүдээ нээгээд, би АНУ-ын ЭСЯ-ны ажилтныг л гэртээ нэвтрүүлнэ гэжээ. Иймд цагдаа нар дотогш нэвтэрч чадаагүй. Гадаадын иргэний үл хөдлөх хөрөнгө рүү цагдаа нар шууд нэвтрэх эрхгүй байдаг” гэв.

АН-ын гишүүд дэмжигчид, хэвлэлийнхэн Ц.Оюунгэрэлийн гадаа цугласан юм.

Categories
мэдээ улс-төр

Япон улсаас энэ онд 283 сая ам.долларын зээл авна

Өчигдөр Засгийн газрын хуралдаан болж, Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх “Төсөв, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн хүрээнд авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний төсөлтэй танилцлаа.

Зээлийн хэлэлцээг үргэлжлүүлэхийг сайд Б.Чойжилсүрэнд, бодлогын арга хэмжээний биелэлтийг хангахад анхаарч ажиллахыг холбогдох сайд нарт даалгажээ. Хөгжлийн бодлогын зээл нь “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, төсвийн тогтвортой байдлыг сайжруулж, сахилга батыг бэхжүүлэх, төсвийн алдагдлыг бууруулж, нэгдмэл байдал бий болгох, нийгмийн халамж, банкны салбарын засаглалыг сайжруулах, эдийн засгийг төрөлжүүлэхэд дэмжлэг болох юм байна.

Энэ зээл Монгол Улсын Засгийн газар, ОУВС-тай тохирсон “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтийн хүрээнд Япон Улсын Засгийн газраас олгох 850 сая ам.долларын эхний шатных юм. Японы тал хөнгөлөлттэй зээлээ гурван жилийн хугацаанд тэнцүү хэмжээтэй санхүүжүүлэх бөгөөд энэ онд 283 сая орчим ам.доллар байна.

Зээлийн нөхцөлүүд

  • 20 жилийн хугацаатай,
  • Эхний зургаан жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө,
  • Жилийн 0.8 хувийн хүүтэй,
  • Урьдчилгаа шимтгэл зээлийн санхүүжилтийн дүнгийн 0.1 хувь.