Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган хуралдаж байна

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар нийт зургаан асуудал хэлэлцэхээр тогтсон байна.

Ингээд хэлэлцэх асуудлаа баталсны дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхлэв.

Өнөө, маргаашдаа УИХ дараахь асуудлыг хэлэлцэхээр товложээ.

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/;
  • Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр нар 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүн 2017.02.10-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/;
  • Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Улсын Их Хурлын гишүүний асуулгын хариуг сонсох.
Categories
мэдээ нийгэм

Утааг устгах шийдлийг хайж байна

Утааны эсрэг арга хэмжээ авах инновацийн уралдаан зарлагдлаа. Өнөөдөр Байгаль орчин аялал жуулчлалын яаманд “Утааг хамтдаа устгая” уриан дор , “Ариг банк”, БОАЖ яам “Дэлхийн ногоон хөгжлийн байгууллага” хамтран уралдааныг зарлав.

Энэхүү уралдааныг “Ариг банк”-наас санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд утааг хэрхэн устгах тухай иргэд, залуучуудтай хамтран шийдэл олох зорилготой юм байна. Уралдаан нийтдээ гурван үе шаттайгаар явагдана. Эхний үе шат энэ оны 4 сарын 1-нээс мөн энэ оны 9 сарын 15-ныг хүртэл шийдлийг шалгаруулах гэж явагдана, хоёр дахь шат 2017 оны 9 сарын 15-наас 2018 оны 6 сарын 1-ныг хүртэл явагдах юм. Эцсийн шат 2018 оны 6 сарын 1-нээс тус оны 9 сарын 15-ныг дуустал болно. Зохион байгуулагчдын зүгээс Улаанбаатар хот болон Монгол улсын бусад суурин газруудад тулгамдаж байгаа утааны асуудлаас богино хугацаанд, сайн үр дүнтэйгээр гарах арга замыг эрэлхийлжээ. Ингэхдээ технологийн шийдлийг голчлон үзэж байгаа бөгөөд уралдаанаас шалгарсан төгс шийдлийг 100 сая төгрөгөөр шагнахаар тогтжээ.

Уралдааныг санаачлан зохион байгуулагч “Ариг банк”-ны захирал Д.Төмөрбаатар: “Бидний зохион байгуулж байгаа төсөл нь зөвхөн нэг яам, албан газар асуудлыг шийдэх бус нийт иргэдтэй хамтарч ажиллахыг зорьсон томоохон хэмжээний хүрээг хамарч байгаа том төсөл болж байна. Бидэнтэй хамтран, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, БОАЖ яам, Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам, Эрчим хүчний зохицуулах хороо болон Нийслэлийн засаг даргын тамгын газар гэсэн бүрэлдэхүүнтэй байгаа боловч үйл ажиллагааны явцад хамтран ажиллагч байгууллагуудын тоо нэмэгдэх төлөвтэй байгаа юм. Утааны эсрэг уралдаан нь ерөнхийдөө 4 жилийн хугацаанд явагдана. Эхний хоёр жилийн хугацаанд шалгаруулалтын үе шатууд явагдаж шийдлийг шалгаруулна. Дараагийн хоёр жилийн хугацаанд туршилт хэрэгжүүлэлтийн үе шатыг явуулахаар тооцоолсон. Санхүүжилтийн хувьд “Ариг банк”-ны зүгээс олон улсын түвшинд бид тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд мөн “Ариг банк”-ны тогтвортой хөгжлийн хүрээнд олон улсын хурал зөвлөгөөнд нилээдгүй явж мэдээлэл солилцож байхад “Парисын хэлэлцээр” батлагдсанаас хойш ногоон хөгжлийн чиглэлийн төслийн санхүүжилт ОУ-ын хэмжээнд хангалттай байна. Бид шийдлээ олоод тууштай ажиллахад санхүүжилт олох боломжтой. Энэ яригдаж байгаа санхүүжилтийг аль түвшинд нь авч ашиглах гэж төлөвлөж байгаа вэ гэхээр төслийн туршилтын үе амжиллтай явагдаад батлагдсаны дараагаар өргөн хүрээнд хэрэгжүүлэлт явагдахад зарцуулах юм. Одоо Банкны холбооны дэргэдэх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд “ногоон зээлийн сан байгуулах” ажил явагдаж байгаа. Энэ сан дараагийн үе шатыг дамжуулан авч явах боломжтой. Эхний туршилтийн үеийн болон уралдааны урамшууллын санхүүжилтыг “Ариг банк” өөрийн санхүүжилтээр явуулна.” гэв.

Б.ОДГЭРЭЛ

Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхдүүд могойд хатгуулах нь ихэсчээ

Image result for могойд хатгуулах нь ихэсчээ

Бага насны хүүхдүүд, тэр дундаа 0-10 хүртэлх насныхан могойд хатгуулах тохиолдол ихэсчээ.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээгээр 2016 оны нэгдүгээр сарын 01-нээс зургадугаар сарын 21-ний байдлаар могойд хатгуулсан таван тохиолдол бүртгэгдсэн бол 2017 оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин илүү могойд хатгуулсан байна гэж Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.

Могойд хатгуулсан тохиолдлын 80 хувь нь 0-15 насны хүүхэд байгаа аж.

Mанай оронд дөрвөн овог, долоон төрөлд хамаарах есөн төрлийн могой байдаг бөгөөд дөрвөн зүйл нь хортой, таван төрөл нь хоргүй. Амьсгал боогдуулж мэдрэл гэмтээдэг хортой могой байхад цусны улаан бөөмийг задалж үхэлд хүргэх хортой нь ч бий. Могойн хорны найрлага янз бүр учир амьд биетэд үзүүлэх нөлөө үр дагавар нь харилцан адилгүй. Хоргүй могойд хазуулсан ч ноцтой байж болох бөгөөд энэ нь харшлын урвал буюу халдвар үүсгэдэг байна.

Могойд хатгуулсны дараа анхны тусламж үзүүлэхдээ түргэн тусламж дуудаж, яаралтай эмчилгээг цаг алдалгүй хүргэх, тайван байлгаж, хөдөлгөөнийг хязгаарлах, идэх, уух зүйлсийг хориглох хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөлөө. Мөн амралт зугаалгаар явах үедээ хүүхдийг ой мод, хад асга руу ганцааранг нь явуулахгүй байхыг эцэг эхчүүдэд сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Саналын хуудасны хавтасыг дахин ашиглана

Ирэх сарын 7-нд болох Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны санал хураалтад саналын хуудасны хавтасыг дахин ашиглана.

Энэ сарын 26-нд болсон Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалтад тус хавтасыг ашигласан. Санал хураалтын үеэр зарим иргэд саналын хуудсаа хавтастай нь хамт хар машинд уншуулах гэснээс болж, санал тоолох төхөөрөмж цацсан тохиолдол гарч байв.

СЕХ-ны Нарийн бичгийн дарга Б.Болдбаатар энэ тухайд, “Сонгогч саналаа тэмдэглэж байгааг нууцлах ёстой гэсэн хуулийн заалт бий. Иймд СЕХ-ны 2017 оны 3 дугаар сарын 16-ны тогтоолоор саналын хуудас нь хавтастай байна хэмээн баталсан.

АН-аас өнгөрсөн тавдугаар сард Сонгуулийн Ерөнхий хороо сонгуульд ашиглах хавтасыг хийхгүй байна хэмээн шүүхдсэн. Гэтэл СЕХ уг хавтасыг хийх шийдвэрээ гаргасан байсан тул шүүхээс хавтасыг хэвлэхээр нэг хувийг хүргүүлэхийг даалгасан. Бид хүргүүлснээр асуудал үүгээр шийдэгдсэн юм.

Тус хавтас нь саналын хуудаснаасаа богино. Тиймээс доод хэсгээсээ нь барьж машинд уншуулахад хавтас сонгогчдын гарт үлдээхээр байгаа. Уг нь сайн харвал тайлбарыг хавтас дээр бичсэн байдаг. Иймд хоёр дахь шатны санал хураалтад дээрх зөрчилд анхаарч ажиллах болно” гэв.

Categories
мэдээ нийгэм

Ирэх 7-нд буюу хоёр дахь шатны санал хураалтын өдөр нийтээр амарна

Ирэх 7-нд буюу хоёр дахь шатны санал хураалтын өдөр бүх нийтээр амарна.

Дахин санал хураалтад олонхийн саналыг авсан МАН-ын нэр дэвшигч М.Энхболд, АН-ын нэр дэвшигч Х.Баттулга нар өрсөлдөх юм. Санал хураалтын дүнд сонгогчийн ирц, нэр дэвшигчид өгсөн саналын босго аль аль нь 50 хувиас дээш хувьтай байх учиртай. Хэрэв нийт сонгогчдын 50 буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь бүрдээгүй хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулах ажээ.

Нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрт санал авах байр, өдөр, цагийг заах ба амралтын өдөр зохион байгуулах ёстой. Нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй сонгогчид оролцож, саналаа өгнө. Ингэснээр нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн хэсэг дэх санал хураалтын дүнг гаргахаар хуульчилжээ.

Иймд нэгэнт бүх нийтээр амрааж санал хураалтыг зохион байгуулж байгаатай холбогдуулж СЕХ-ноос иргэдээ дахин санал хураалтад идэвхтэй оролцохыг уриаллаа.

Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва БНХАУ-ын Элчин сайд Шин Хайминтай уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминтай Төрийн ордонд уулзлаа.

Уулзалтаар талууд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн талаар санал солилцов.

Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва уулзалтын эхэнд “2014 онд БНХАУ-ын дарга Ши ЖиньпинийМонгол Улсад хийсэн түүхэн айлчлалаар хоёр тал иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа байгуулсан төдийгүй Монгол, Хятад улсын эдийн засаг, улстөрийн харилцааны асуудлаар өндөр түвшний харилцан айлчлалууд хийж байна” хэмээн онцлон тэмдэглэв. Харилцан айлчлалуудын хүрээнд хоёр улсын эдийн засгийн хөгжлийн чухал төслүүдийг амжилттай эхлүүлснийг тэмдэглэлээ. Тухайлбал, “Нэг бүс, нэг зам” стратегийн төслийг бодит ажил болгоход Монгол Улс, БНХАУ, ОХУ идэвхтэй хамтран ажиллах талаар Эдийн засгийн байнгын хорооны даргын хувиар тодорхой, тууштай ажиллаж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хоорондын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг олгох хугацааг ойртуулж, дэмжиж ажиллахыг ноён Элчин сайдаас хүслээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин “Хоёр улсын хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдийн үр дүнгээс Монгол Улсад илүү бодит ашгийг хүртээхийг эрмэлзэж ажилладаг. Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны түвшинд хэрэгжиж буй төслүүдийг шуурхай явуулах талаар Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва таньтай санал нэг байна” хэмээн тэмдэглэсэн юм.

Энэхүү уулзалтаар цаашид эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр хоёр улс хэрхэн ажиллах талаараа талууд санал солилцлоо.

ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Д.ТЭРБИШДАГВА ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ УУЛЗАЛТУУДАД ОРОЛЦОВ

Энэ өдөр мөн Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва манай улсад айлчилж буй БНСУ-ын парламентын гишүүдтэй уулзлаа. БНСУ-ын парламентын гишүүн, Сөүл хотын Минжү намын дарга Ким Ён Жү тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзахдаа хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцсан.

Дараа нь ХБНГУ-ын Элчин сайдын яаманд болсон хоёр улсын бизнесийн төлөөллүүдийн уулзалт, арга хэмжээнд оролцож, эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр үг хэлэв.

Энэ өдөр Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагвын оролцсон эдийн засгийн хамтын ажиллагааны уулзалтууд үр дүнтэй боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

“Big Bang” хамтлагийн T.O.P-д хоёр жилийн тэнсэн харгалзах ял төлөвлөжээ

Өмнөд Солонгос улсын алдарт “Big Bang” хамтлагийн гишүүн Чой Сын Хюн буюу T.O.P нь хар тамхины хэрэгт нэр холбогдоод байгаа билээ. Дуучин T.O.P дөрвөн удаа марихуан хэрэглэсэн үүний хоёрт марихуан татсан, хоёрт нь шингэн хэлбэрээр хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм.Түүний энэ үйлдэлд хоёр жилийн тэнсэн харгалзах ял төлөвлөөд байгаа аж.

Энэ хоёр жилийн хугацаанд хууль зөрчсөн үйлдэл гаргавал арван сар хорих ял оноохоор болсон гэж Өмнөд Солонгосын Прокурорын газраас үйлдсэн яллах дүгнэлтдээ дурджээ. Хэргийг эцэслэх шүүх хурал долдугаар сарын 20-нд товлогдсон байна.Түүнтэй хамт мансууруулах бодис хэрэглэсэн гэх Хан Сё Хид мөн ижил ял төлөвлөсөн гэнэ.

Ц.АНАР

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатарын талбайн өмнөх 200 автомашины зогсоол нээгдлээ

Улаанбаатар хотод тулгамдсан олон асуудлын нэг нь замын түгжрэл. Нийслэлд авто зогсоолын хүрэлцээ муу байдаг нь замын түгжрэлийг 25 хувиар нэмэгдүүлдэг гэсэн тооцоо гарсан байна. Тиймээс түгжрэлийг бууруулах хамгийн зөв гарц нь зогсоолын тоог нэмэгдүүлэх гэж хотын удирдлагууд үзэж байгаа юм. Энэ хүрээнд Сүхбаатарын талбайн өмнө стандартын шаардлага хангасан, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг, сандал, явган замтай иж бүрэн 200 автомашины зогсоол байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ. Нийслэлийн иргэдийнхээ ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх, хотын төвийн хэсгийн замын түгжрэлийг бууруулах, өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү зогсоолыг байгуулсаныг Улаанбатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэллээ.

Зам талбайн ажлын хүрээнд 6650 м2 газрын хөрс хуулалт, асфальт бетоны хучилтын ажлууд хийгдсэн бөгөөд уг ажлыг 2017 оны 6 дугаар сарын 05-наас 6 дугаар сарын 23-ны өдрийн хугацаанд хийж гүйцэтгэжээ. Автобусны зогсоол 6, хөгжлийн бэрхшээлтэй иргэний автомашины зогсоол 3, ердийн автомашины зогсоол 193, нийт 200 автомашины зогсоолыг ийнхүү хүлээлгэн өгч байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “Манай мэргэжлийн байгууллагууд судалгаа хийгээд Улаанбаатар хотод авто зогсоолын зориулалтаар ашиглах боломжтой 70 орчим байршил байгааг тогтоосон. Эдгээр байршилд ил болон далд зогсоол барьж байгуулснаар нийслэлийн түгжрэлийг 25 хувиар бууруулах боломжтой гэж үзсэн юм. Сүхбаатарын талбайн өмнөх энэ хэсгийг ямар хэлбэрээр ашиглах вэ гэдэг асуудал олон жил маргаантай явж ирсэн. Үүнийг хотын удирдлагууд хэлэлцээд ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу дахин тохижуулж, авто зогсоолын хэлбэрээр ашиглах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн. Энэ зогсоолын ажлыг маш богино хугацаанд гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн “ЭСТО” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Нийслэл шинэ хуультай болно

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

УИХ-аас анх 1994 онд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлан гаргасан. Өнөөгийн байдлаар нийслэл хот, түүний удирдлагад эрх, үүрэг болгон хэм хэмжээ тогтоосон 120 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагаас өдөр тутмын үйл ажиллагааг 20 гаруй хуулиар зохицуулдаг байна.

Улаанбаатар хот 9 дүүрэг, 152 хороотой. Нийслэл хотын хөдөлмөрийн насны хүн амын тоо 981.456, жил тутам шилжиж ирэгсдийн тоо 30.297, төрөлт 42.790 бөгөөд нийслэлийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 14.881 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний 64.5 хувьтай тэнцэж байгаа юм. Нийслэл хотод нийт 43.490 аж ахуйн нэгж бүртгүүлсэн нь улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа 68.425 аж ахуйн нэгжийн 63 хувьтай тэнцжээ. Хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөн 1990-ээд оноос хойш тасралгүй үргэлжилсээр өдгөө нийслэлд байнга болон түр оршин суугчдын тоо 1.372 сая болжээ. Нийт хүн амын 46.8 хувь нь Алтан тэвшийн хөндийд аж төрж байна гэсэн үг.

Улаанбаатар хот дээр дурдсан статистик тоон үзүүлэлтээс үзэхэд 1.5 сая орчим хүн амтай дэлхийн 400 гаруй хотын нэг болсон. Тэгэхээр цаашид хотын хөгжлийн үзэл баримтлалыг шинээр тодорхойлж, эрүүл, аюулгүй, амьдралын таатай орчин бүрдүүлсэн, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, олон улсад өрсөлдөх чадвартай, иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурласан, сайн засаглал бүхий аялал жуулчлалын томоохон төв болгон хөгжүүлэх шаардлагад нийцүүлэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь зүйтэй гэж үзсэн байна.

Мөн 1994 онд батлагдсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн зүйл, заалт сүүлд батлагдсан зарим хуулийн зүйл, заалттай давхардах, зөрчилдөх, цаг хугацааны явцад зохицуулалтын чадвараа алдах зэрэг тохиолдол гарч байгаа бөгөөд хуулиар зайлшгүй зохицуулах шаардлагатай нийгмийн зарим харилцааг хуулиар зохицуулаагүй үлдээсэн нь эрх зүйн хийдлийг бий болгожээ. Иймд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсныг хууль санаачлагч танилцуулав. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 14 бүлэг, 52 зүйлтэй аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ: Өргөн барьсан хуульд нийслэлийн дүүргүүдийг дагуул хот болгох асуудал тусгагдсан. Хууль батлагдсаны дараа дагуул хоттой байх, дүүргүүд дагуул хот болгох талаар шийдвэрлэнэ. 300 мянган хүн амтай газарт төрийн үйлчилгээг яаж хүргэх талаар бид ярьж байгаа. Өнөөдрийн нөхцөлд дүүргүүдийн ачааллыг бууруулахын тулд хороод хөгжүүлэх ажил явж байгаа. Төвлөрлийг сааруулахын тулд төрийн захиргааны байгууллагуудын чиг үүргүүдэд зохицуулалт хийхээр тусгасан. Энэ хууль тодорхой хугацааны дараа нийслэлийн дүүргүүд болон нийслэлээс үйлдвэрийн бүс руу аж ахуй нэгжүүдийг шилжүүлсэн тохиолдолд тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэхээр тусгасан байгаа гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

“Тамирчдын өдөр” долдугаар сарын 1-нд болно

“Тамирчдын өдөр”-ийг долдугаар сарын 1-нд тэмдэглэхээр болсон байна. Энэхүү өдөр нь эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгаж, ард түмнийхээ итгэлийг тээж, чимэг нь болдог биеийн тамир болон спортын салбарынхны баярын өдөр юм.

Энэ өдөр тамирчид Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэх аж. Мөн тамирчдын дунд нийтийн бүжиг, дартс, олс таталт зэрэг төрлөөр тэмцээн зохион байгуулна гэнэ. Сүхбаатарын талбайд болох өдөрлөгт ахмад болон залуу Гавьяат тамирчид, фитнесс клуб, дүүргийн спорт хороо, тамирчин, дасгалжуулагчид оролцох юм байна.

Ц.АНАР