Categories
мэдээ цаг-үе

Орчлон ертөнцийн үүсэл, олон хэмжээс, хар нүхний тухай

ОРЧЛОН ЕРТӨНЦ ОРГҮЙ ХООСНООС ҮҮССЭН

13.7 тэрбум жилийн өмнө хүчтэй тэсрэлт болж, асар богино хугацаанд хязгааргүй орон зай болон масс үүсгэн цаг хугацаа буй болжээ. Улмаар тэсрэлт үүссэнээс арвын хасах 43 секунтэд таталцлын хүч, цахилгаан соронзон хүч, цөмийн хүчтэй хүч, цөмийн сул хүч анх нэгдмэл байснаа салж эхэлсэн юм байна.

Энэ хугацаа бол нэг секундийг 43 тэгтэй тоонд хуваасан шиг өчүүхэн хугацаа. Үгээр илэрхийлэхийн аргагүй ийм хугацаанд тэсрэлт болсон бөгөөд дээрх хүчнүүд салахаас өмнө орон зай, цаг хугацааны тухай ойлголт байгаагүй гэсэн үг. Тэсрэлт болсны дараа секундийн хэдэн хувиас эхлэн олон сая жилийн хугацаанд ертөнц үүсэх процесс явагджээ. Тэсрэлт үүссэнээс хойш 300 мянган жилийн дараа ертөнцөд анхны тогтвортой бүтэц бий болж, хоёр тэрбум жилийн дараа галактик бүрэлдэх эрчимтэй үйл ажиллагаа явагдсан гэж үздэг. Орчлон оргүй хоосноос үүссэн гэдэг нь ерөнхийдөө тоосонцор, молекулууд л байсан гэсэн үг.

ЕРТӨНЦ ЗОГСОЛТГҮЙ ТЭЛДЭГ

Манай дэлхий 13.7 тэрбум гэрлийн жилийн радиустай харагдах ертөнцөд оршдог. Нэг гэрлийн жил нь 9.5 их наяд километртэй тэнцэнэ.

Физикч А.Салам тэсрэлт үүссэнээс хойш арвын хасах 43 секундийн агшин дахь цахилгаан соронзон хүч, цөмийн харилцан үйлчлэлийн хүчтэй болон сул хүч гурвын холбоосыг олсон байдаг.

Харин таталцлын хүчний энэ гурван хүчтэй холбоотойг хараахан тогтоогоогүй байгаа. Өдгөө хүчнүүдийн харилцан үйлчлэлийн хоёр том онол харьцангуйн ерөнхий онол, супер нэгдлийн онол-“стандарт модель” хоорондоо мөргөлдчихсөн байгаа юм.

Тэсрэлтийн дараа дулаан буурч, цацраг багассанаар сансар хийгээр дүүрч, хий нь аажмаар хуримтлан цугларч мананцар болон улмаар зүйл бүрийн од эрхсийн систем бүрдэж өнөөгийн одот орчлон ертөнц үүссэн байна.

Чөлөөт байдалд оршдог бодисын хамгийн жижиг бүрэлдэхүүн хэсэг бөөм бол электрон, протон. Сүүлийн үеийн судалгаагаар сансар түргэн хурдтай тэлж томрон хурд нь сансрын их тэсрэлтийн нөлөөлөлд тогтоосноос хавьгүй илүү хурдан. Сансрын их тэлэлтийн номлолоор хамгийн анхны биетүүд нэг хэт асар том атомын “Сансрын өндгөн” дотор хуран цуглаж, нэг удаагийн зүйрлэшгүй их тэсрэлтээр тоо тоймшгүй хэлтэрхий болж, хагарч хуваагдаад өнөөгийн сансрыг бүрдүүлсэн юм байна.

А.Эйнштений харьцангуйн онолоор сансрын орон зайн хэмжээ цаг хугацаа дагалдан тасралтгүй нэмэгддэг учир сансар үүсч бий болсноос хойш өнөөг хүртэл тэлэн өргөжсөөр байгаа юм. Сансар тасралтгүй тэлж өргөжих тул сансар хязгааргүй гэж ойлгох нь зүйтэй.

ЕРТӨНЦИЙН ХЭМЖЭЭСҮҮД

Анх манай ертөнц ганц л хэмжээстэй байжээ. Дараа нь хоёр, гурав дахь хэмжээс бий болсноор ертөнц өнөөгийн төрхөө олсон гэж үздэг. Эрдэмтэд олон жилийн судалгааны ажлын үр дүнд, туршилтаар манай ертөнц дөрвөн хэмжээст болох ёстой, болчихсон гэдгийг хэдэн жилийн өмнө мэдэгдсэн билээ.

NASA, Европын сансар судлалын товчоо өнгөрсөн онд LISA буюу Laser Inter­ferometer Space Antenna хэмээх тусгай лаборатори байгуулснаар газрын татах хүчний долгионыг илрүүлж чадна гэж найдаж байгаа аж.

Гэхдээ дөрөв дэх хэмжээс гэх хэллэг элбэг тохиолддог ч чухам юуг хэлээд буйг нь ойлгоход заримдаа бэрх л дээ. Ихэнхдээ нууцлаг, учир битүүлэг, гайхалтай, ер бусын, хүрч болшгүй, сэрэл мэдрэмжээс ангид, физикийн хуулиас гажууд гэсэн утгатайгаар хэрэглэгддэг.

Далд ертөнц судлаачид ч янз бүрийн утгаар энэ үгийг хэрэглэдэг бөгөөд энэ бүхэн дөрөв дэх хэмжээс юутай ч оршин буй нь зайлшгүй гэдгийг харуулдаг юм. Хэрвээ дөрөв дэх хэмжээс бодитой оршин буй гэж үзэх юм бол гурван хэмжээст бид бодитойгоор оршдоггүй, хэн нэгний төсөөллөөр л бий болсон бөгөөд бидний бүх л бодол санаа, сэтгэл хөдлөл ямар нэгэн дээд хүчний амьд биетийн оюун ухаанд л бий болдог байх нь.

Физикийн үүднээс дөрөв дэх хэмжээс гэж юу болохыг физик-математикийн ухааны доктор С.П.Денисов “Орчин цагийн физикт дөрөв дэх хэмжээс гэдэг бол цаг хугацаа юм. Эйнштейний физикт биетийн орон зайн хэмжээс болох “x, y, z”-ийг цаг хугацааны “t” хэмжээстэй хамтад нь авч үзэж цаг хугацаа-орон зайн нэгдмэл бий болгодог. Ер нь бичил ертөнц рүү гүн нэвтрэх тусам, макро ертөнцөөр алслан холдох тусам орон зайн илүү олон хэмжээстэй учирч мэднэ. Физикчид одоогоор үүнийг эрж байгаа ч хараахан олоогүй байна” гэжээ.

ХАР НҮХНҮҮД ХӨДӨЛГӨӨНТЭЙ БАЙДАГ

Хар нүх гэдэг нь гэрэл болон аливаа цахилгаан соронзон долгион нэвтрэн гарахааргүй маш хүчтэй таталцлын орон үүссэн огторгуйн орон зай. Үзэгдэх гэрлийг өөртөө татан шингээдэг учраас гадны ажиглагчийн хувьд хүрээлэн буй харанхуй огторгуйн дэвсгэрээс ялгаран харагдах боломжгүй юм. Тийм учраас хар нүх хэмээн нэрийджээ.

Хар нүх гэдэг томъёоллыг анх 1967 онд Жон Архибальд Веелер гаргасан бөгөөд нүдэнд гэрэл мэт харагдах электрон соронзон долгион үзэгдэх орчны хязгаараас гарч чадахгүй болон хүний нүдэнд хав хар үзэгдэх байдлыг сансрын хар нүх гэж ойлгож болох аж.

Хар нүх нь өөрийн асар өндөр таталцлын хүчний улмаас орон, цагийн геометрийн бүтцийг асар том хэмжээний өөрчлөлтөд оруулдаг байна. Тайван оршиж байгаа сансрын хар нүхний орчимд орон цаг онцгой ихээр нягтарч агшсан байдаг. Тайван оршиж байгаа сансрын хар нүхнүүд нь зөвхөн цэг төдий дүрсүүд харагддаг бол эргэлдэж байгаа хар нүх нь дугуй буюу цагираг хэлбэрийн дүрснүүд болж үзэгддэг гэнэ. Хар нүхний орчин ч бас адил эргэлдэж байх бөгөөд зууван дугуй хэлбэртэй харагдана. Энэ нүхний дотроос энергийн ямар ч хэлбэр гарч чадахгүйн нэгэн адил энерги ч орох боломжгүй. Хүмүүс хар нүхийг нэг газраа хөдөлгөөнгүй зүгээр л байж байдаг гэж боддог нь буруу гэнэ. Үнэндээ хар нүх ихээхэн идэвхтэй бөгөөд эргэлдэх хөдөлгөөнөөс гадна сансар огторгуйн хүрээнд аялж байдаг гэдгийг Бригэм Яанг их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаа нотолсон байна.


Categories
мэдээ цаг-үе

Б.Чулуунцэцэг: Ээжийгээ хайрлана гэдэг санааг нь чилээхгүй байхыг хэлнэ

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Чулуунцэцэгтэй уулзаж ярилцлаа.

-“Ээж” хэмээх сайхан нэртэй эсээ тэмдэглэлийн номын баяраа саяхан хийсэн байсан. Ямаршуухан болов?

-Эзэн хүний хувьд сайхан боллоо л гэж хэлнэ. Ирсэн гийчид л харин ямархуу болсныг хэлэх байх. Нээлтийн урьд өдөр ирэх хүний тоо 300 хүрч байсан. Тийм учраас хүнээ хоёр хуваасан. Тэр өдөр миний орчлонд ирсэн өдөр тохиосон тул хамгийн ойр дотны бөгөөд үе тэнгийн ёстой үхэр, хонь жилтнүүдтэйгээ орой нь цугтаа тэмдэглэж, номын нээлтээ мялаахыг хүсч “Аз хур” их дэлгүүрт уриагүй. Номын нээлтийн хамгийн хүндтэй, том зочин Дорноговь аймгийн Мандах сумын Шавартын зуслангаас өртөөлөн давхиж ирсэн ээж минь байлаа. Баярыг хамтдаа хуваалцахаар “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийнхэн бүрэн бүрэлдхүүнээрээ ирлээ. УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг эгч маань хүрэлцэн ирлээ. Язгуур урлагийн дэлхийн гурван удаагийн аварга “Домог” хамтлаг нээж, хуур татлаа. Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч А.Эрдэнэ-Очир тэргүүтэй үе, үеийн найрагчид байлаа. Монголын зохиолчдын эвлэл болон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдлага төлөөллүүд баяр хүргэж ирлээ. “ТВ-9” телевизэд нэгэн цагт хамт ажиллаж байсан хамт олон минь телевизийн нэвтрүүлэгчдийг урьж, номын хэсгүүдээс уншиж, ирсэн гийчдийн сонорыг мялаасан. “Монголын хутагт хувилгаад” баримтат кино төслийн багийнхан маань бүхий л цаг мөчид хамт байлаа. Дунд сургуулийн, их сургуулийн, төгсөлтийн, хамрагдаж ажиллаж амьдардаг клубын гээд олон нөхөд ирсэн дээ. Охин дүү минь ард талыг бүрэн хариуцаж, ирсэн гийчдэд сүү барьсан.

-Ээж гэдэг энгүй ачлалт хүний тухай сайхан яриа өрнүүлээч?

-Миний ээжийг Д.Баяртогоо гэдэг. Эгэл жирийн малчин монгол эмэгтэй. Ээж маань намайг тээж төрүүлэн, тэтгэж өсгөн өдий зэрэгтэй хүн болголоо. Энэ орчлонд ээж минь намайг ухаан саруул, итгэл дүүрэн, авьяас билэг харамгүй, царай зүс тэгш, бие хаа бүрэн бүтэн төрүүлсэн нь л хангалттай. Тэвэрч бүүвэйлэн уянгатай болгож, ангир уургаа шимүүлж уяхан зөөлхөн хүн болгож хүмүүжүүлсэн нь бүүр ч хангалттай. Би дутуу зүйлгүй, хайр дүүрэн өссөн. Болно оо, болно. Үүнээс илүүг ээжээсээ хүсч яах юм бэ. Тийм байхад би болж бүтэхгүйгээ хэлж, сэтгэлийг нь урж, нойрыг нь барж яах билээ. Ээжийгээ хайрлана гэдэг ээждээ багахан төвөг удахыг хэлнэ. Түүнээс алт мөнгөөр чимэх, хоргой дурдангаар бүрэх, амтат чихрээр дайлах биш юм. Санааг нь л амар амгалан байлга. Өөр их зүйл хэрэггүй дээ гэж боддог. Энэ тухай “Ээж” номонд минь бий.

-Номонд тань мэдээж ээжийн тухай бичсэн нь лавтай. Ээж чинь өөрийн чинь хувьд хэн бэ?

-Ээж бол миний хүн болох сурах бичиг байлаа. Харин одоо бол ээжийгээ багахан зовоосой, урт наслаасай гэж боддог болсон. Ээж ээ гэдэг маани тарни шиг үгийг олон жил хэлж байх юм шүү гэж боддог доо.

-Ээжээсээ төсөөлөн бодох чадварыг өвлөн авсан гэсэн. Онцгой дөрвөн үсгийг хүртэл ээжийнхээ адилтган ярьдагтай адил нүдэлж байсан гэл үү?

-Би түрүүн хэлсэн шүү дээ. Ээж бол миний хүн болох сурах бичиг байлаа гэж. Жаахан байхад надад ээжээс өөр сайхан зүйл байдаггүй байлаа. Ээж, аав хоёр хамгийн мундаг нь байв шүү дээ. Манай эцэг, эх хоёр хоёулаа их шооч, ёжтой улс л даа. Эцэг, эхийн тэр чанар надад нэлээн дөнгүүр байсан юм шиг байгаа юм. Үсгийг яалт ч үгүй л төсөөлөн цээжилдэг байв. Яахаараа ч сум нэгдлийн тракторын жолооч Буянхишиг гэдэг улаан хүнийг Щ, сумын төвийн өвсний фондын урт саарал агуулахыг Ф төсөөлдөг байсан юм, мэдэхгүй. Одоо эргээд бодохоор энэ чанар яалт ч үгүй ээжтэй л холбоотой. Ээж малд яваад ирэхдээ баахан өнгийн чулуу өвөртөлж ирнэ. Тэгээд тэднийгээ бидэнд тайлбарлана. Сайн хар, энэ тэрэнтэй адилхан байгаа биз гээд л. Ингэх бүрт миний сонирхол улам асдаг байж билээ. Тэгээд л ээжээсээ түрүүлж элдвийг олоод харчих санаатай, олоод хэлчих бодолтой болсон доо. Ингэж л төсөөлөн бодох ур сууж эхэлсэн юм уу даа.

-Хөдөө говийн охин ээжийнхээ ачийг хариулж чадаж байна уу?

-Ёстой үгүй. Ээжийн ачийг хариулна гэдэг дааж давшгүй мэт санагддаг. Харин ээжийнхээ санаа сэтгэлийн багахан шиг чилээхийг л ээжийгээ хүндэтгэн хайрлаж байгаагийн дээд гэж ойлгодог. Би ээжийгээ бас ч гэж баярлуулаад байдаг юм. Тэр болгонд сэтгэлийнх нь зовиур нимгэрдэг болов уу гэж бодож байна. Гэхдээ ээж маань дөрвөн хүүхдийнхээ араас “хүүе хайя” гэж чимээ тавин байдаг нь магад ч үгүй өөрт нь байдаг хамгийн том аз жаргал ч байж мэдэх юм. Би ирэх нэгэн цагт ээж болно. Тэр л үед өөрийн үр хүүхдүүдийг зөв зүйтэй хүмүүс болгон өсгөж чадваас ээжийн минь намайг төрүүлж өсгөсний хэрэг бүтэх биз ээ.

-Сая номын чинь баяраар ээж чинь хаа байсан хөдөөнөөс зорин ирлээ гэв үү?

-Тэгсээн. Давхиад ирсэн. Өөрийн 85 настай ижийгээ айлын хүнд гуйж даатгаад, охиноо зориод л ирлээ. Ээж бид хоёр тэр өдөр номоо нээснээс гадна би хүн болсныхоо баярыг, ээж маань ээж болсныхоо баярыг хамтдаа тэмдэглэсэн юм. Ээж бид хоёр эх үр болж, нэгэн жаргалтай гэр бүлийг бүтээснийхээ баярыг анх удаа хамтдаа тэмдэглэж үзлээ. Би багадаа төрсөн өдрөө тэмдэглэж үзээгүй. Оюутан болсноосоо хойш л нарт хорвоод ирсэн өдрөөрөө найз нөхдийн хамт хөгжилдөн баясдаг болсон. Харин нөгөөдрийнх нь ургах нарнаар ээжийгээ хүргэж өгөхөөр би нутгаа зорин давхисан даа. Ээжийгээ хүргэж өгчихөөд, төрөлх нутаг Мандах сумынхаа тайзан дээр нэг цаг гучин минут шүлэг уншчихаад ирлээ. Би шинэ ном гаргах бүртээ нутагтаа очиж шүлэг уншдаг юм. Тэгээд л ёсоо гүйцээчихээд ирлээ.

-Ээжийн охин тэгээд одоо хэдэн ном хэвлүүлчихэв?

-“Ээж” миний дөрөв дэх ном. Анх 2004 онд “Нэрийн хуудас”, 2007 онд “Chuka”, 2010 онд “Амраг нандин” хайрын шүлгийн түүвэр хэвлүүлж байлаа. Мөн 2011 онд “Тунгалаг дарсны эгшиг” яруу найргийн цомог хийсэн юм байна.

-Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнуулахад ээж нь баяр хүргэв үү?

-Ээж надаас илүү баярласан байх. “Ээж ээ, би өнөөдөр “Алтан гадас” одонгоор шагнуулж байгаа гэнэ. Одоо Төрийн ордон руу орж байна” гэтэл ээж нэг их сонин дуугараад л дуугүй болчихсон. “Яав аа, ээж” гэтэл “Миний охин залуухан байна даа” гэсэн. “Та дургүй байна уу. Тэгвэл би очиж авахаа больчих уу” гэж асуутал “Юу ярьж байгаа юм бэ. Төрийн хишгийг тэгж болохгүй. Ээж нь баярлаад, тулгамдаад юм хэлж чадахгүй нь ээ” л гэсэн. Ээж маань уран гоё үг хэлье гэвэл хэлэх л эмэгтэй. Гэхдээ ээж намайг хэзээ ч магтаж үзээгүй юм шүү. Охиноороо гайхуулж, онгирч, даналзаж мэдэхгүй. Дотроо л хурайлж охиндоо ирэх сайн, муу бүгдээс хаацайлж хамгаалан байдаг эгэл монгол ээж.. Ээжид надаас том шагнал, надаас том аз жаргал, баяр баясгалан гэж байхгүй биз ээ.

-Эх үрсийн баяр болж өнгөрлөө. Хүүхэд ахуй насандаа энэ баярыг хэрхэн тэмдэглэж байв?

-Би тэмээчний охин. Сургууль тарангуут маргааш хүүхдийн баяр болох байсан ч хамаагүй гэр өөдөө зүтгэдэг хүүхэд байлаа. Энэхүү эрхэм нандин баярыг наймдугаар анги төгсдөг жилээ сумын цэцэрлэгийн хүүхдийн концерт үзэн тэмдэглэж байлаа. Тэгэхээр 15 настайдаа л анх хүүхдийн баяр тэмдэглэж байж дээ. Дараа нь оюутан болсон хойноо найз П.Энхмэндтэйгээ цуг хүүхдийн паркаар зугаалж баярлав. Хоёулаа “хөдөөний хөөсөн мантуу”. Хүүхдийн парк гэж мэдэхгүй. Хүний ярианаас л сонсч байсан өнөөх хорхой асам гоё газар руу хоёул жигтэйхэн гоёж аваад л явлаа. Зах замбараагүй тоос шороо, үүргийн худалдаа, дүүрэн хүн, хуушуур, пирожки юу юу ч байгаа юм бэ дээ, мэдэхгүй. Уг нь алсыг харагч дээр суучих санаатай. Даанч оочир дугаар нь тоо томшгүй. Сүүлдээ ч хоёулаа залхлаа. Модны сүүдэр дор гутлаа тайлчихаад л баахан суулаа. Тэгээд явах гэтэл манай найзын гутал алга болчихсон байв. Хоёулаа баахан эрэвч олсонгүй. Аль хэдийнэ “эзэн” нь ирээд аваад явчихгүй юу. Эрүү ам нь мултарчих шахам энд тэндхийн сонин сайханд нүд унагаж суусан хөдөөний хоёр охины анхаарлыг сатааруулах амар байсан биз. Ядаж тэрхүү ганган лакан ботинкийг урд өдөр нь “Нарантуул” захаас шилж сонгож байж авсныг хэлэх үү. Парк руу орохдоо тун чиг ад үзэж байсан өнөөх үүргийн худалдаанаас эрэгтэй хүний углааш авч өмсөн байрандаа ирж байлаа. Хүүхдийн баяр гэхээр ийм л зүйл санаанд бууж байна даа. (инээв).


Categories
мэдээ нийгэм

Замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэн сайжруулж байна

Аялал жуулчлалын улирал эхэлж, Олон улсын болон улсын чанартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгаатай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн яамнаас авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэн сайжруулах сарын аяныг энэ сарын 15-наас эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулахаар болжээ.

Аяны хүрээнд Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжуудын тэмдэг, тэмдэглэгээнд үзлэг шалгалт хийж, тавигдсан тэмдэгүүд стандартад нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, ослоос урьдчилан сэргийлэх үүргээ гүйцэтгэж чадаж байгаа эсэхэд үзлэг, үнэлгээ хийх юм. Мөн засаж сайжруулах, стандартын шаардлага хангуулахаас гадна замаас шалтгаалсан ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор шаардлагатай газруудад нэмэлт тэмдэг тэмдэглэгээ, тоноглолыг суурилуулах юм байна.

Эдгээр ажлуудыг орон нутгийн зам хариуцагч компани, Замын цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагуудтай хамтран гүйцэтгэх аж. Тус ажил хэрэгжсэнээр “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийн хэрэгжилтийг хангуулж, хөдөлгөөний аюулгүй байдал сайжирч, осол аваар буурах ач холбогдолтой. Зам, тээврийн хөгжлийн яам, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, зам хариуцагч байгууллагууд, орон нутгийн Замын цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг батлагдсан удирдамжийн дагуу газар дээр нь ажиллаж, тэмдэгт тавигдах стандарт, тэмдэгийг байршуулахад анхаарах зүйлс, одоогийн байгаа тэмдэгүүд стандартад нийцэж байгаа эсэхэд хэмжилт хийж, тэмдэгний хэмжээс, өнгө будагны стандарт, гэрэл ойлгогч туузны стандарт, тэмдэгийн үйлчлэх хүрээ, хэд хэдэн тэмдэг тавьсан тохиолдолд хэрхэн зөв байрлуулах зэрэг заавар зөвлөмжийг өгч ажиллах юм.

Зам хариуцагч байгууллагууд засвар арчлалтын ажлаас гадна тэмдэг, тэмдэглэгээний ажилд онцгой анхаарч, шаардлагатай газруудад анхааруулах, мэдээлэх тэмдэг тавьж, дохионы төмөр бетон шонг суурилуулах, засварлах, будах, гэрэл ойлгогч наалтыг шинэчлэх, замын хэвтээ тэмдэглэгээ хийх, стандартын бус хурд сааруулагчыг зайлуулах, шаардлагатай газруудад шинээр тавих, ган туузан хашлага байрлуулах, гэрэл ойлгогч наах, гүүрүүдийн босоо тэмдэглэгээг сайжруулах, хашлага хайсыг засварлах зэрэг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн ажлуудыг “Замын тэмдэг” MNS4597:201, “Авто замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслийг хэрэглэх дүрэм” MNS4596:2014 дүрэм стандартын дагуу хийж гүйцэтгэх аж.

Categories
мэдээ нийгэм

Монголын олле явган аяллын замын нээлт болно

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, БНСУ-ын Жежу хотын Аялал жуулчлалын газар, “Жежу олле” нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хот орчимд олле стандартын дагуу явган аяллын чиглэл тогтоон, тэмдэгжүүлэх ажлыг өнгөрсөн жилийн зургадугаар сараас эхлэн хэрэгжүүлж байна. Олле гэдэг нь Жежүгийн эртний аялгаар “гудамж талбайгаас гэрийн хашаа хүртэлх нарийхан зам” гэсэн утгатай үг бөгөөд БНСУ-д 2006 оноос хойш Чежу арлыг тойрсон 26 курс, 425 км явган аяллын чиглэлийг тэмдэгжүүлсэн байдаг аж. Олле явган аяллын чиглэл нь Солонгос улсад хурдан хугацаанд хөгжиж, олон хүний алхах дуртай зам болсон бөгөөд зам дагуух тэмдэг, тэмдэглэгээ нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй материалуудаар хийгддэг. Олле стандартын дагуу тэмдэглэгээ хийхдээ зам дагуу шар, цэнхэр өнгийн тууз бүхий нарийхан шон хатгаж, тэмдэглэгээ тавих бөгөөд зөвхөн эхлэл, төгсгөл цэг дээр мэдээллийн самбарууд байрлана. Үүнээс гадна Оллегийн үндсэн бэлгэ тэмдэг болох морь хэлбэртэй кансейг чиглэл заасан тэмдэг болгон ашигладаг. Олле явган аяллын замд байгалийн өнгө үзэмжийг өөрчлөх сандал, амрах цэгүүд зэрэг тохижилт хийдэггүй бөгөөд энэ нь хүмүүс алхахдаа байгальд ямар нэгэн ул мөр үлдээх ёсгүй гэдгийг илтгэх аж.

Явган аяллын замаар алхаж байгаа хүн орон нутгийн иргэдийн аж амьдралтай танилцаж, иргэдийн аж амьдралд бодит хувь нэмэр оруулах шаардлагатай гэж үздэг нь Олле стандартын гол онцлог. Жишээлбэл. Богд ууланд алхах хүмүүс аялалд гарахаас өмнө Хонхорт байрлах дэлгүүрүүдээс тодорхой хэмжээний худалдан авалт хийж, орон нутагт орлого оруулдаг.
Өмнө Япон улсад нээгдсэн. Монгол улс олле явган аяллын стандартын замтай гурав дахь орон болж байгаа ба Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Богд уулын дархан цаазат газарт тус бүр нэг нэг чиглэлийг тогтоож, тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах ажлыг эхлүүлсэн байна. Зургадугаар сарын 18, 19-нд Монгол олле явган аяллын чиглэл нь нээгдэж, хүмүүс алхах ба зөвхөн нээлтийн арга хэмжээнд зориулж Солонгос улсаас 300 гаруй хүн ирж байна. Цаашид зөвхөн энэ замаар алхахаар Солонгос улсаас олон тооны жуулчид ирэх бөгөөд монголчуудын хувьд мөн адил алхах дуртай газруудын нэг болно гэдэгт итгэлтэй байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Хатан ятгын эгшиглэн тасаршгүй” хандивын тоглолт болно

Нэрт ятгачин Ч.Мөнх-Эрдэнийн гэр бүл, найз нөхөд нь “Хатан ятгын эгшиглэн тасаршгүй” сайн үйлсийн аяныг орон даяар эхлүүллээ.

Ч.Мөнх-Эрдэнэ Монголын үндэсний ятга хөгжмийн тоглоочийн ур чадварт бодитой шинэчлэл хийж, ноотлох тэмдэг тэмдэглэгээг зохиож, эртний нүүдэлчдийн Алтай ятга, Аху их ятгыг сэргээн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, монгол хөгжмийн гайхамшиг, уран бүтээлчийн чансааг дэлхийд гайхуулж яваа ховорхон уран бүтээлч юм.

Тэрээр ходоодны хорт хавдар туссан бөгөөд БНСУ-д маш богино хугацаанд яаралтай мэс засал хийлгэх эмчилгээний зардалд 240 сая төгрөг шаардлагатай байгаа аж. Энэхүү аяны хүрээнд рок попын уран бүтээлчид энэ сарын 30-нд “UB palace”-д нэгдсэн тоглолт хийхээр болжээ.

Мөн мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчдийн “Бид Монголчууд” нэгдсэн тоглолт Монгол бөхийн өргөөнд ирэх сарын 1-нд болох юм. Хандивын тоглолтод УДЭТ, Үндэсний урлагийн их театр /ҮУИТ/, УДБЭТ, Улсын филармони, ЦДБЭЧ, Улаанбаатар чуулга зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчид, язгуур урлагийн “Хөсөгтөн”, “Бөртэ”, “Алтай”, СУИС, ХБК, Ардын жүжигчин Д.Самбуу, А.Долгор, МУГЖ Г.Ариунбаатар, Г.Эрдэнэбат, У.Далантай, Д.Дашдондог, Б.Чинбат, “Эмошн”, “Никитон”, “Хурд”, “Ньюанс”, “Увертюра”, “Дэлхий”, “Жаз трейн” хамтлаг, дуучин Б.Наран, Т.Дэлгэрмөрөн, хийлч Ч.Дэлгэрцэцэг, ҮУИТ-ын Үндэсний хөгжмийн их найрал хөгжим, Ерөнхий удирдаач УГЗ Н.Буянбаатар, найруулагчаар УГЖ Ё.Цэрэндолгор зэрэг урлаг соёлын, рок попын уран бүтээлчид сэтгэл зүрхээрээ нэгдэн оролцох юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“The Song Prize” төрөлд дуучин Г.Ариунбаатар түрүүлжээ

ИБНВУ-ын Уэльсийн нийслэл Кардифф хотноо хоёр жил тутамд дуурийн дуучдын дунд зохион байгуулдаг BBC Cardiff Singer of the World тэмцээний “The Song Prize” төрөлд Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар тэргүүлжээ.

Тэрээр, энэ тэмцээнд Шуберт, Чайковский, Форе болон хөгжмийн зохиолч Б.Шаравын уран бүтээлүүдийн дээжээс хүргэсэн байна. Манай дуучин “The Song Prize” төрөлд Америкийн Жон Чест, Шотландын Катриона Морисон, Украины Юрий Самойлов, Английн Луис Алдер нартай өрсөлджээ.

Г.Ариунбаатар ням гаригт болох тэмцээний финалын шатанд түрүүлж, тус тэмцээний гол хоёр шагналыг нэг дор хүртсэн Жейми Бартон, Мариус Бренсиу нарын эгнээнд элсэх боломжтой. Мөн үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртвэл тус тэмцээний түүхэнд бүх шагналыг нь хүртсэн анхны дуучин болох юм.

Categories
мэдээ нийгэм

Д.Оюунхорол: Богд ууланд аялж явсан гурван залуугийн хаясан шүдэнзнээс түймэр дэгдсэн байгаа юм

Улсын хэмжээнд сүүлийн саруудад ой, хээрийн гал түймэр их гарч байна. Гэхдээ БОАЖЯ, ОБЕГ, Цаг уур, орчны шинжилгээний газар гээд холбогдох бүхий л газрууд гал түймэр гарсан нутаг дэвсгэрт шуурхай ажилласаар байгаа юм. БОАЖ-ын сайд Д.Оюунхоролтой энэ тухай дараахь тодруулгыг өгөв.

-Ой, хээрийн гал түймрийн их байна. Улсын хэмжээнд нөхцөл байдал ямар байгааг та тодруулаач?
-Өнгөрсөн өвөл цас бага унаж, хавар эрт дулаарсан учраас хуурайшилт ихтэй байгаа. Ногоон бүсэд хуурайшилтын зэрэг өндөр, халалттай байна. Хэд хэдэн удаа үүлэнд нөлөөлж бороо оруулах оролдлого хийсэн ч хур тунадасны агууламжтай үүл орж ирээгүй учраас амжилтгүй болсон. Засгийн газраас 1000 ширхэг борооны пуужингийн хөрөнгийг шийдсэн. Энэ пуужин нь долдугаар сард орж ирнэ. Одоогоор үүлэнд нөлөөлөх пуужингийн нөөц хангалттай байгаа. Ой, хээрийн гал түймрийн хувьд өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хоёр түймэр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт, Булган аймгийн Тэшиг суманд тус бүр нэг түймэр, нийслэл Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт нэг, Хан-Уул дүүрэгт хоёр гээд улсын хэмжээнд нийт 9 түймэр байна. Эдгээр түймрээс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нэг, Улаанбаатар хотод гарсан гурван түймрийг цурманд оруулаад байгаа. Үлдсэн түймэр дээр холбогдох баг, бүрэлдэхүүн шуурхай ажиллаж байна.
-Уур амьсгалын өөрчлөлт, улирлын чанартай хуурайшилтаас гадна аялж, амарч байгаа иргэдийн анхаарал, болгоомжгүй байдлаас шалтгаалсан гал түймэр их гарч байгааг мэргэжлийн байгууллагууд онцолж байна?
-Тийм. Хуурайшилт их байгаа энэ үед аялж, зугаалж байгаа иргэд анхаарал, болгоомжтой баймаар байна. Дутуу унтраасан түүдэг, тамхи, шүдэнзний цогноос үүдсэн гал түймэр их гарч байгаа. Жишээлбэл, хамгийн сүүлд л Богдхан ууланд аялж явсан гурван залуу мөн л тамхиа асаагаад шүдэнзээ дутуу унтрааснаас болж түймэр гарсан байгаа юм. Бид хаа хаанаа хариуцлагатай байх ёстойг энэ мэт жишээнээс харж болно. Түүнээс гадна сүүлийн үед гарсан түймрийн эзэн нь олдохгүй байгаа. Уг нь түймэр алдсан бол сэтгэл гаргаад, түүнийгээ мэдэгдээд бидэнтэй хамтарч ажиллаад түймрээ унтраах ёстой юм шүү дээ. Илүү их талбайг хамраагүй байгаа дээр нь холбогдох газруудад нь яаралтай мэдэгдвэл тэр хэрээрээ хохирол багатай үлдэнэ.
-Хуурайшилт их, гал түймэр гарах эрсдэл өндөр энэ үед аялал, зугаалгаар явахыг тодорхой хугацаагаар хориглодог. Таны хувьд тушаал гарган, Богдхан ууланд аялахыг түр хориглосон. Тэгвэл улсын хэмжээнд хуурайшилтын улиралд аялахыг түр хугацаанд хязгаарлах уу?
-Түр хугацаанд хязгаарлахаас өөр арга байхгүй. Монгол Улсын Шадар сайд,Улсын Онцгой комиссын даргын “Ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 2017 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 01 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангуулан, Ойн тухай хууль, холбогдох хууль тогтоомжийн дагуу хуурайшилтын улиралд ойн сангаас мод бэлтгэх, ойн дагалт баялгийг ашиглах, аялал зугаалгаар явах үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлаж, хэрэгжилтэд тавих хяналт, шалгалтыг сайжруулахыг үүрэг болгосон. Үүний дагуу бид шуурхай ажиллана. Харин Богдхан уулын хувьд хуурайшилт эхэлснээс хойш буюу дөрөвдүгээр сараас хойш нийт 10 удаагийн түймэр гарсан. Одоогийн байдлаар Богдхан уулын Зайсангийн ам, Залаатын ам, Түргэний эх зэрэг газарт гал түймрийн зургаан цурам байна. Зургаадугаар сарын 6-наас хойш л гэхэд яг явган аяллын маршрутын дагуу ойрхон таван түймэр гарсан. Энэ таван түймрийг цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч унтраасан. Одоо цурмын байдалтай байна. Гэх мэт олон удаагийн гал түймэр гарч байгаа учраас, Богдхан ууланд аялахыг түр хугацаанд хязгаарласан. Хуурайшилтын улирал дуусахаар иргэд чөлөөтэй аялж, зугаалж болно.
-Гал түймэр гарахаас урьдчилан сэргийлэх өөр ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
-Ойн тухай хуулийн хүрээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ. Яам, салбарын байгууллагууд түймрийн жижүүр ажиллуулж, холбогдох бүхийл байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Жишээлбэл, Цаг уур, орчны шинжилгээний газар цаг агаарын мэдээлэл, сансрын хиймэл дагуулын мэдээгээр авсан ой, хээрийн гал түймрийн голомт, тархалтын зураг, хуурайшилтын мэдээллийг шуурхай боловсруулан дор бүр нь ОБЕГ, аймаг, орон нутгийн удирдлагад хүргэх, үүлэнд зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг боломжтой нөхцөлд явуулж байна.Хамгийн гол нь иргэд маань хариуцлагатай байх хэрэгтэй байна.
-Гал түймрийн голомт дээр ажиллаж байгаа баг бүрэлдэхүүнд энгийн иргэд, сайн дурын байгууллагууд хоол хүнс, ус зэргээр туслалцаа үзүүлж байгаа. Харин төрөөс ямар ч туслалцаа үзүүлэхгүй байна гэсэн шүүмжлэл байна. Төр, засгаас ямар дэмжлэг үзүүлсэн бэ?
-Сайн дурын байгууллагууд болон иргэд гал түймэр дээр ажиллаж байгаа баг бүрэлдэхүүнд сэтгэл санааны болоод, хоол хүнс, материалын туслалцаа үзүүлж байгаа нь маш сайн хэрэг.Тэдгээр хүмүүст талархаж байна. Манай яамны зүгээс тодорхой хэмжээний туслалцаа дэмжлэг үзүүлж байгаа. Жишээлбэл, Ханхэнтий болон Богдхан ууланд гарсан түймэр дээр ажиллаж байгаа хоёр баг бүрэлдэхүүнд БОАЖЯ-наас тус бүр 10 сая төгрөгийн дэмжлэг, туслалцаа үзүүлэхээр болсон. Энэ мөнгө хоол хүнс, машин унааны шатахуунд зориулагдсан.
-Аялал, зугаалгын улирал эхэлсэн. Гэхдээ аялж, амарч байгаа хүмүүс гал түймэр алдахгүй байх тал дээр тэгвэл хэрхэн анхаарах, сэрэмжлэх ёстой вэ. Салбарын сайдын хувьд аялж, амарч байгаа, аяллаар гарах гэж байгаахүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?
-Монголчууд эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах бүрэн эрхтэй. Гэхдээ эрхээ эдлэхийн хажуугаар үүргээ биелүүлэх ёстой. Хариуцлагагүй, анхааралгүй байдлаасаа болж уулаа шатаагаад байж болохгүй шүү дээ. Уг нь дотоод, гадаадын аялагчдын ая тухтай аялах нөхцлийг бүрдүүлэх гэж БОАЖЯ-ны зүгээс тусгайлсан бодлого барьж, явган аяллын замыг тохижуулах, авто зогсоол, эко ариун цэврийн байгууламж байгуулах зэрэг олон ажлуудыг хийж байна. Ингэж ажиллах явцад түймэр тавиад байж болохгүй. Нөгөө талдаа ганцхан хүний болгоомжгүй байдлаас бий болсон түймрийг унтраахад маш их зардал гардаг. Гэхдээ үүний гадна бидний хамгийн их хайрлаж, хамгаалах ёстой байгаль дэлхийд маш их хэмжээний хохирол учирч байна. Нэг хэсэг нь гал түймэр гаргахгүй гэж тэмцэж байхад нөгөө хэсэг нь өөрсдийн анхаарал болгоомжгүйгээс болж гал гарах нөхцлийг бүрдүүлдэг. Тэгэхээр бүх хүн сэтгэл гаргах хэрэгтэй байна. Бүгдээрээ нийлж байгаль дэлхийгээ хамгаалцгаая. Хариуцлагатай, анхаарал болгоомжтой байцгаая гэж уриалъя.

Categories
мэдээ соёл-урлаг

“Токио комаки” балет Улаанбаатарт тоглож байна

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын урилгаар Азийн анхны балетын компани болох “Токио Комаки” Монгол Улсад айлчлан тоглолт хийж байна.

МУГЖ, Соёлын элч Д.Алтанхуягтай хамтран Игорь Стравинскийгийн “Галт шувуу” болон Фредерик Шопены “Шопениана” балетыг Монголд анх удаа УДБЭТ-ын тайзнаа толилуулж байгаа юм. “Токио Комаки” балетын энэхүү айлчлан тоглолт нь хоёр орны соёлын харилцаа ялангуяа сонгодог урлагийн харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдолтой бөгөөд дипломат харилцааны ойн хүрээнд 2017 онд соёл, урлаг, спортын олон арга хэмжээг хоёр талдаа зохион байгуулах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Бусаны чиглэлд шууд нислэг хийнэ

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани энэ сарын 22-ноос Улаанбаатар-Бусаны чиглэлд шууд нислэг үйлдэнэ. Долоо хоног бүрийн пүрэв, ням гаригт тогтмол нислэг үйлдэх юм байна. Өмнө нь Монгол Улсаас зөвхөн Сөүл хот руу нислэг үйлддэг байсан бол ийнхүү БНСУ-тай холбогдох хоёр дахь шинэ урсгал нээгдэх нь.

Одоогоор “МИАТ” компани Боинг гурван ширхэг 737-800, хоёр Боинг 767-300 агаарын хөлгөөр Улаанбаатараас Бээжин, Хонконг, Сөүл, Токио, Москва, Берлин, Франкфурт хотуудад тогтмол нислэг үйлдэж байгаа аж. Мөн Хайнань, Чэжү арал, Японы Нагоя, Фүкүока, Бали арал руу захиалгат нислэг хийж байгаа юм байна.

Categories
мэдээ улс-төр

“Улаанбаатарын яриа хэлцээ” уулзалт болов

“Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ” олон улсын 4 дүгээр бага хурал энэ сарын 15-16-нд ГХЯ-нд болов.

“Зүүн хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ” санаачилгын хүрээнд зохион байгуулдаг тус Бага хуралд БНАСАУ, БНСУ, БНХАУ, Монгол, ОХУ, Япон гэсэн Зүүн хойд Азийн зургаан улсаас гадна АНУ, ХБНГУ, Канад, Франц Улс, НҮБ, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Европын холбоо, Олон улсын эрчим хүчний агентлаг зэрэг олон улсын зарим байгууллагын төлөөллийг оролцуулсан дотоод, гадаадын нийт 170 гаруй төлөөлөгч, эрдэмтэн, судлаачид оролцов.


Бага хурлын хүрээнд “Зүүн хойд Ази дахь аюулгүй байдлын орчны үндсэн өөрчлөлт”, “Хэтийн замнал: Зүүн хойд Ази дахь аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулах нь”, “Зүүн хойд Ази дахь эрчим хүчний хэлхээ холбооны үр нөлөө”, “Зүүн хойд Ази дахь байгаль орчны аюулгүй байдлын хамтын ажиллагааны үр нөлөө” гэсэн дөрвөн салбар хуралдаан болов.

Мөн бүс нутаг дахь сорилтуудыг хэлэлцэж, эрчим хүчний хэлхээ холбоог хөгжүүлэх, хүрээлэгч орчны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцов. Энэ удаагийн бага хурал 1,5 сувгийн түвшинд буюу албаны болон эрдэмтэн судлаачдын хосолсон түвшинд болсноороо онцлог байв.