Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Сонгууль гэж газар гишгэж, гал үлээхээс бусад нь худлаа байдаг үе дээ” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн шинэ дугаар хэвлэгдэн, уншигч захиалагчдадаа хүрлээ. Өнөөдрийн дугаарын сонирхолтой материалуудаас тоймлон хүргэе.
Бид уламжлалт “Танайд өнжье” булангаа үндэсний их баяр наадамд зориуллаа. Наадмын сонин сайхан
яриа хөөрөө өрнөсөн энэ өдрүүдэд Дархан мэргэн
Цэвээний Хүдэрчулууныд
очиж өнжсөн юм. Наадмын бэлтгэл
ид дундаа байгаа учраас манай сурвалжлах хэсэг үдэш оройхон цаг тохирч очжээ. Хүдэрчулуун мэргэн
урландаа зав чөлөөгөөрөө нум
сум урладаг аж. Багийнхаа
гишүүдийн нум сумыг засч
сэлбэхээс эхлээд багагүй
ажилтай суудаг гэнэ. Хусны
үйс, янгирын эвэр, мод гээд
нум сум урлахад хэрэгтэй
бүх л зүйл урланд нь байдаг аж. Гэрийн
эзэн урландаа байх хуучны
модон харуулыг “Миний
өвөөгөөс үлдсэн үнэ цэнэтэй
эд дээ” гэж сонирхуулжээ. Нэг, 13 нүүрээс Дархан мэргэнийд өнжсөн сонирхолтой тэмдэглэлийг уншаарай.

“Улаанбаатар төмөр
зам” хувь нийлүүлсэн
нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаагийн ярилцлагыг даваа гаригийн шинэ дугаараас маань уншаарай.

Тэрбээр “Эдийн засагт эерэг үр дүн гарч
буйн илрэл нь төмөр замын тээврийн хэмжээ эрс өсч
байгаа явдал” хэмээн ярилцлагадаа онцолсон байна. Нэг, тавдугаар нүүрийг сөхөөрэй

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн ярилцлага өнөөдрийн дугаарт гарлаа. “Асар
олон хүний эрх
ашиг байсан учраас
приусын татварыг
эргэж харсан” хэмээх түүний ярилцлагыг нэг, хоёрдугаар нүүрээс уншина уу. Одоогоор УИХ-ын хаврын чуулган түр завсарлаад байгаа билээ.

“Сонгууль гэж газар гишгэж, гал үлээхээс
бусад нь худлаа байдаг үе дээ” хэмээх нийтлэл “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаарын гуравдугаар нүүрт гарч байна. Өдрийн сонины гуравдугаар нүүрт гарсан нийтлэлүүд нийгэмд дуулиан шуугиан үүсгэж чаддагийг уншигч хэдийнэ мэдэх билээ.

Мөн Баримт, үйл явдлын долдугаар нүүрт “Төрийн цагдаа хууль зөрчиж бусдын
гар утсыг тагнаж, чагнан, мессэжүүдийг нь
уншиж, мэйл хаягийг шалгадгийг хурандаа
П.Батбаатар илчлэв” хэмээх нийтлэл гарлаа.

Эдгээрээс гадна цаг үеийн бусад үйл явдал, Дэлхийн мэдээ, Спорт, Энэ өдөр зэрэг хуваарьт булангуудыг өнөөдрийн дугаараас унших боломжтой

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ


Categories
мэдээ нийгэм

Сэтгэл зүйчдэд зориулсан сургалт болно

Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар Дэлхийн зөн-Монгол олон улсын байгууллага болон Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран нийслэлийн хэмжээнд хүүхэд, гэр бүлийн хүрээнд үйлчилгээ үзүүлдэг сэтгэлзүйчдэд зориулсан сургалтыг энэ сарын 19, 20-нд зохион байгуулна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2016 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр шинэчлэн батлагдаж, 2017 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Энэхүү хуулийн 38 дугаар зүйлд хохирогчид сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх талаар тусгагдсаны дагуу Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2017 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн А/74 тоот тушаалаар “Сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх журам” батлагдан гарсан.

Мөн нийслэлийн хэмжээнд хүүхэд, гэр бүлтэй ажилладаг сэтгэл зүйчдийн “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, “Сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх журам” болон холбогдох бусад журмыг баримтлан хохирогч, гэр бүлийн гишүүд, хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх, хуулиар үүрэг хүлээсэн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах мэдлэг нэмэгдүүлэх, ур чадварыг сайжруулах сургалт зохион байгуулах шаардлагатай тул энэ удаагийн сургалтыг зохион байгуулж байгаа болно. Уг сургалтад 9 дүүргийн Гэр бүл , хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 32 халамжийн төвийн болон хүүхдийн тусламжийн 108 утасны сэтгэлзүйчид хамрагдах юм.

Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн сэтгэл зүйчдийн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, журмыг баримтлан хохирогчдод хүний эрхэд суурилсан, ёс зүйтэй сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлэх чадавхийг бэхжүүлэх зорилгоор уг сургалтыг зохион байгуулж байна.

Categories
мэдээ спорт

Б.Хишигбаатар Цэргийн хурц арслан боллоо

Цэргийн цол чимэг олгодог “Бүх цэргийн наадам-2017” өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх зодоглож, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хантайшир” дэвжээ, “Электриком” ХХК-ийн бөх, аймгийн арслан Б.Хишигбаатар найм даван түрүүлж, цэргийн хурц арслан цолыг хүртлээ. Харин Завхан аймгийн Идэр сумын харьяат, “Завхан” дэвжээ, “Хүч” спорт хорооны бөх аймгийн нэмэх начин О.Батжаргал үзүүрлэн цэргийн заан цол хүртэв.

Их шөвөгт Увс аймгийн Малчин сумын харьяат, аймгийн хурц арслан О.Гантулга, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн харцага Ө.Батзул нар шалгарснаас О.Гантулга хичээнгүй чимэг, Ө.Батзул цолоо баталж, цогт чимэг нэмэв. Хэнтийн сумын заан Бадрах тав давж шөвгөрөн, цэргийн начин цол хүртлээ. Мөн тав даван шөвгөрсөн а.а М.Бадарчид нэмэх, О.Хангай, Б.Даваа-Очир нарт өсөх чимэг олгов. Түрүүлэх бөхийн тааварт хамгийн их яригдаж байсан О.Хангай арслан зургаагийн даваанд түрүү бөх Б.Хишигбаатарын даацтай мэхэнд өвдөг шороодсон юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Бөх нэртэй гэрийн үйлчлэгчид

Үндэсний бөхөөр барилдаж байгаа шинэ залуу бөхчүүдийн олонх нь өөртөө итгэлгүй, аймаг, улсын баяр наадамд амжилт гаргаж чадахааргүй сэтгэл зүйтэй сул дорой байх юм. Тэд бэлтгэл сургуулилтаа сайн хийх талаар биш наадмаас өмнө нутгийн зөвлөл, томоохон компаниудын захирал ах нартайгаа ойр дотно байж байгаад мөнгө олох, дэвжээнийхээ улсын цолтой нөлөө бүхий бөхчүүдийн өмнө хойгуур гүйж байгаад наадмын үндэсний бөхийн найраанд орж улсын цол хүртэх талаар л ярьж суух юм. Наадмын найраанд орохын тулд байшинг нь барьж өгсөн, хүүхдийг нь хичээл сургуулиас нь хэдэн сараар зөөх, гэрийг нь цэвэрлэж, шалыг нь зүлгэж, хувцсыг нь хүртэл угааж өгдөг гэнэ. Томчууд нь зугаалж, цэнгэж байвал хаа байгаа газраас нь очиж аваад гэрт хүргэж өгч, охид хүүхний зугаа цэнгэлд нь хүртэл өөрөөсөө мөнгө гаргаж зуучилдаг гээд л хүний санаанд багтамгүй зүйлсийг ярьцгаах юм. Тэднээс “Өөрсдийнхөө хүчээр улсын цолонд хүрч болдоггүй юм уу. Улсын цолтой бөхчүүдээс юунаас нь айж эмээгээд байдаг юм бэ” гээд асуухаар доошоо тонгойн уруу царайлж “Тэгж цол авдаг бөх Монголд байхгүй. Дэвжээнийхээ бөхчүүдийн эсрэг ажиллах юм бол шахагдаж хавчигдаад хэцүүднэ” хэмээнэ. Дэвжээний бөхчүүдийн үгэнд оролгүй аймгийн баяр наадмын бөхийн найрааг эвдэх юм бол шахагдаж хавчигдаад хэн ч биш болдог талаар ам уралдан ярина.

Үүний тод жишээ нь Төв, Ховд аймгийн аймгийн хоёр арслан байдаг гэнэ. Улсын цолтой бөхчүүд л өөрсдийн хойч ирээдүй болсон залуусаа хэн ч биш болгож, сэтгэл зүйгээр нь байнгын дарамтад оруулан өөрийнхөө гарын аясаар хөдөлгөх аргыг хэрэглэдэг аж. Энэ мэтээс болж үндэсний бөхөөр барилдаж байгаа залуус найраанд орж цол авах л сэтгэхүйтэй болчихжээ. Түүнээс өөрийнхөө хүч чадлаар одтой сайхан барилдаж, улсын цолонд хүрнэ гэсэн бодол огт алга байна. Бусдад дарамтлуулж байсан бөх дараагийнхаа үеийг бүр их дарамталж, хойч үеэ амьгүй албатаа болгох нь тодорхой юм. Монгол үндэсний бөх санаанд багтамгүй ёс бус зүйлд нэрвэгдсэний хамгийн наад захын жишээ энэ байх. Үндэсний бөхөөр хичээллэж байгаа залуу бөхчүүдэд хандаж хэлэхэд 19, 20 насандаа төрийн наадамд өөрийн хүч чадлаар түрүүлсэн олон бөх байдаг юм шүү. Сумынхаа наадамд түрүүлж ирээд 19 насандаа шууд заан цол хүртэж байсан дархан аварга ч байдаг билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Энэ Засгийн газар Монгол төрийн алтан аргамжийг эвхчихлээ

Төрийн нүд, чих, хэл болон гадна этгээдэд буй түшээдээ монголчууд төрийн алтан аргамж хэмээн хүндэтгэн, чухалчилсаар ирсэн. Элч, элчин төлөөлөгчид бол Монгол төрийн алтан аргамжийн эд эс нь. Монголын хаад алтан аргамжаа бэхэтгэж, эв эеийг сахихын тулд гүнж, охидоо хүртэл харийн улсын ханхүүд эхнэр болгон өгдөг байв. Монгол хаадын агь, хөвгүүд ч заналт дайсныхаа гүнжтэй сүй тавьснаар хоёр улсын хооронд бат найрамдалт харилцаа үүссэн гэгдэх баримт, домгууд бий. Монголчууд ядарсан ч, задарсан ч төрийн алтан аргамжаа эвхэж, гадаад харилцаагаа хөсөр гээж явсангүй. Манжийн дарлалаас ангижирч Богд хаант Монгол Улсыг байгуулахад төрийн алтан аргамжийн бодлогоор гадаад орнуудад элч төлөөлөгч залсны хүчинд хамгийн анх Түвд орон хүлээн зөвшөөрч байсан гэдэг. Ер нь өөр улсаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх, найрсаг хамтын ажиллагаатай болох ямар хэцүү байдгийг монголчууд одоо ч мартдаггүй. Бүтэн зуун дамнан, ямх, чимхээр бэдэчсээр 2016 онд дэлхийн 230 орны 186-тай нь дипломат харилцаа тогтоосон байдаг.

Гэтэл МАН-ын тэргүүлсэн төрийн алтан аргамжийг барьж суугаа Ц.Мөнх-Оргил сайд 2017 оны босгон дээр Бразиль, Индонезид суугаа Элчин сайдын яам, зарим хотод суух Ерөнхий консулын газрыг татан буулгав. Дэлхийн улс төр, нийгэм, эдийн засаг, харилцаа холбоо гээд хаана ч байгаагүй бүдүүлэг авирласан явдал болсныг судлаач эрдэмтэд өнөөдөр ч өгүүлсээр байна. Нөгөө талаар Бразиль, Индонезийг Монгол Улс хэтэрхий дорд үзэж байгаа мэт бодогдохуйц дипломат бодлого болон хэрэгжсэн нь ойлгомжтой. Монголын төрийн гадаад харилцаанд ч томоохон ухралт болсон.
Улайх нүүр олдохгүй, улаан мөнгө олддог гэсэн хуучны хэлц үг бий. Яагаад үүнийг онцгойлон хэлж байна вэ гэвэл элчин, төлөөлөгч зарим оронд ажиллуулах мөнгө хүрэлцээгүй гэдэг шалтгаанаар Бразиль, Индонезиос төлөөлөгчийн газраа татсан. Яг үнэндээ мөнгө гэдэг өнөө, маргаашийн л асуудал болохоос гарах гарцгүй, даван туулах боломжгүй хүндрэл, бэрхшээл биш. Орон тоо цомхотгох, хэрэглээ танах гэх мэтээр ямар нэгэн аргаар шийдэж, асуудлын ард гарч болох л байсан байх. Харин улайх нүүр олддоггүйг Монгол түмний туулж өнгөрүүлсэн бүхэн хэлээд өгдөг. Ямар сайндаа л Монголын хаад гүнжээ харийн орон руу богтлон аваачиж байх билээ. Ингэснээрээ ч алтан ургийн, их, бага хаадын үед төрийн алтан аргамж алдуурч байсангүй. Ямар ч цөвүүн цагт Ерөнхийлөгч, гадаад харилцааны сайдууд, хуучнаар МАХН-ын үе үеийн ерөнхий нарийн бичгийн дарга нар Монгол төрийн алтан аргамжийг эвхэлгүй, хөгжүүлсээр ирсэн байдаг.
Харин одоогийн Гадаад харилцааны сайд хэтээ хараагүй, болчимгүй алхам хийчихлээ. Ингэж төрийнхөө алтан аргамжийг энэ цагт эвхэж байгаа нь гунигтай. Балтаар балбавч арилахгүй гэх яриа бий. Энэ үйл явдал Монголын гадаад харилцааны түүх шашдирт хар толбо болон тэмдэглэгдэн үлдэж Ц.Мөнх-Оргил сайдын нэр үүнийг гардан хийсэн хүнээр үеийн үед бичигдсээр байх болно.
Л.МӨНХӨӨ

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр НӨАТ-ын сугалааны азтанууд тодорно

НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өнөөдөр 19.30 цагт болно. Сугалааг “Боловсрол суваг” телевизээр орон даяар шууд дамжуулан үзүүлэх юм. Энэ удаагийн тохиролд тавдугаар сарын 01-31-ний хооронд хугацаанд худалдан авалт хийж, бүртгүүлсэн баримтууд хамрагдана. Сугалааны Супер сугалааны шагналын сан 300 сая төгрөг байна. Иргэд өнгөрсөн сард худалдан авалт хийсэн баримтаа энэ сарын 17-ны 23.59 цагаас өмнө www.ebarimt.mn цахим хуудсанд бүртгүүлснээр сугалаанд хамрагдах боломжтой аж.

Categories
мэдээ улс-төр

С.Ганбаатар ард түмэнтэйгээ гэрээ байгуулна

Өнөөдөр буюу 2017 оны зургадугаар сарын 18-ны өдөр 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар ард түмэнтэйгээ гэрээ байгуулах арга хэмжээг зохион байгуулж байна. Гэрээ байгуулах арга хэмжээ Чин ван Ханддоржийн өргөөнд (Оросын элчин сайдын яамны урд талын гэрт) болох гэж байгаа тул иргэд сонгогчид та бүхэн өргөнөөр ирж оролцоно уу.

Эх сурвалж: МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын сонгуулийн Төв штаб

Categories
мэдээ нийгэм

Практик буудлагын ДАШТ-ээс цагдаагийн алба хаагчид хүрэл медаль хүртэв

ОХУ-ын нийслэл Москва хотод Карабины /урт бууны/ дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 1-11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Монгол Улсаас нийт дөрвөн баг оролцсоноос гар ажиллагаатай галт зэвсгийн төрөлд эрэгтэй хоёр, эмэгтэй хоёр баг хүрэл медаль хүртсэн юм.

Цагдаагийн байгууллагаас гар ажиллагаатай нээлттэй ангилалд:

  • Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал,
  • Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын штабын ерөнхий зохицуулагч, цагдаагийн хошууч Ц.Дашдэмбэрэл
Гар ажиллагаатай стандарт ангилалд:
  • Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын ажилтан, цагдаагийн ахмад Д.Сэргэлэн нар оролцож тус тус хүрэл медаль хүртжээ.
Тэмцээнд оролцогч алба хаагчид 2017 онд үйлдвэрлэгдсэн шинэ загварын галт зэвсгээр дэлхийн 45 орны 850 гаруй тамирчидтай өрсөлдсөн байна.
Categories
мэдээ спорт

Н.Насанбуян, Б.Цэцэгбаяр нар Ази тивийн залуучуудын аварга болов

Чөлөөт бөхийн 2017 оны залуучуудын Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайванийн Тайжун хотноо болж байгаа билээ. Азийн шилдэг бөхчүүд өрсөлдөж буй тивийн аваргад манай улсаас “Женко” клубийн дасгалжуулагч Т.Сүхбаатар, “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч Ё.Батдархан нарын удирдлагад эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож байна.

Тэмцээний эхний өдрүүдэд манай баг тамирчдаас эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Н.Насанбуян, эмэгтэйчүүдийн 72 кг-д Б.Цэцэгбаяр нар аваргын алтан медаль хүртэж, тивийн аварга боллоо. Мөн эрэгтэйчүүдийн 120 кг-ын жинд М.Лхагвагэрэл мөнгө, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Чимгээ хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Казахстаны бөх М.Закшевскаяг ялж медалийн тавцанд зогслоо. Монголын баг тэмцээний эхний өдөр хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар тэмцээнээ үргэлжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ өнөөдөр дуусч байна

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр нийгмийн тухай мэдлэг, физик, орос хэлний хичээлийн шалгалтаар өндөрлөж байна. Энэ жилийн ЭЕШ-д нийт 40388 шалгуулагч бүртгүүлжээ. Үүний 87 хувь нь 2017 онд Ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа шалгуулагчид, үлдсэн 13 хувь нь өмнөх оны шалгуулагчид байгаа аж.

ЭЕШ-ыг нийслэлийн 27, хөдөө орон нутгийн 22 шалгалтын байранд зохион байгуулж байгаа. Шалгалтыг шударга, нээлттэй, ил тод зохион байгуулах үүднээс дээрх шалгалтын анги танхимуудад хяналтын камер, сүлжээ сарниулагч, гар утас болон металл илрүүлэгч, сонсгох төхөөрөмж зэргийг суурилуулжээ.

Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноог 2017 оны долдугаар сарын 1-ний 9:00 цагаас эхлэн www.eec.mn веб сайтаас үзэх боломжтой ажээ.