Categories
мэдээ нийгэм

Мэдээллийн технологийн чиглэлээр үнэ төлбөргүй сургалтад суух иргэдийг бүртгэж эхэллээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна.

Өдөрлөгийн үеэр Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын Хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” (“MKIT”) сургалтын төвтэй хамтран мэдээллийн технологийн чиглэлээр залуусыг үнэ төлбөргүй сургалтад хамруулж, хөдөлмөр эрхлэх бололцоог нэмэгдүүлэхээр “Мэдээллийн технологийн сургалтын төв”-д үнэ төлбөргүй суралцах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна.

Тус төв нь нийслэлийн залуучуудыг богино хугацаанд мэдээллийн технологийн салбарт мэргэшүүлж, сурган, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх, Монголын мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийн хөгжлийг дэлхийн түвшинд хүргэх зорилгоор компьютерын өргөн хэрэглээний программын сургалтаас гадна “JAVA” хөгжүүлэгч, вэб хөгжүүлэгч, вэб дизайн, систем админстратор, өгөгдлийн сан зэрэг нарийн мэргэжлийн зургаан төрлийн сургалтыг үнэ төлбөргүй явуулах юм.

Мөн Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төвөөр дамжуулан залуучуудыг сайн дурын ажилд уриалж, тусч соёлыг дэлгэрүүлж, нийгмийн сайн сайхны төлөө залуучуудын бодит оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Нийслэлийн залуучуудын сайн дурын төв”-ийг нээн ажиллуулж байна. Манай төвд хандсанаар сайн дурын ажил хийсэн залуучуудыг мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, ажил хийсэн цагийг баталгаажуулан гэрчилгээ олгоно.

Залуучууд сайн дурын ажил хийснээр тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, гадаад дотоодын их дээд сургуульд суралцах, төрийн байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд ажилд ороход ажлын туршлага, давуу тал болох юм. Одоогийн байдлаар бид залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулах 50 гаруй төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа аж.

Сайн дурын үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд бидэнтэй холбогдон нийгмийн сайн сайхны төлөөх үйлст нэгдэхийг урьж байна.

Тус хөгжлийн төвд залуучуудын хобби клуб, бизнес инкубатор төв нээгдээд удаагүй байгаа тул дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар пэйж хуудаснаас авна уу. /https://www.facebook.com/Niisleliinzaluuchuud/?hc_ref=PAGES_TIMELINE&fref=nf /

Categories
мэдээ улс-төр

Ж.Эрдэнэбат: Эдийн засаг тогтворжиж, сэргэх хандлага ажиглагдаж эхэллээ

“Азийн бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоо” сэдэвт чуулга уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Монголын Бизнесийн зөвлөлийн гишүүд ээ,

Та бүхний энэ өглөөний амрыг эрэн мэндчилье!

Энэ чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн хөрөнгө оруулагч Та бүхэнд талархал илэрхийлж байна.

Монгол орон эрдэс түүхий эдийн арвин их нөөцтэй, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан улс. Манай улсын гадаад худалдааны эргэлт жилээс жилд өсөн нэмэгдэж 2016 оны байдлаар 8,3 тэрбум ам долларт хүрсэн бол энэ оны эхний таван сарын байдлаар 4,0 тэрбум ам доллартай тэнцлээ. Нийт экспортын 80 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эзэлж байна.

Цаашид эдийн засгаа төрөлжүүлж, олон тулгууртай болгох, хөдөө аж ахуйн түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулж, дэлхийн зах зээлд худалдах хэтийн зорилго тавин ажиллаж байгаа.

Далайд гарцгүй Төв Азийн олон улс орны нэгэн адил Монгол Улс ч гэсэн гадаад худалдааны дэд бүтцээ хөгжүүлэх, тээвэрлэлтийн хурдан шуурхай, хямд өртөгтэй шинэ суваг бий болгох, бүс нутгийн худалдааны сүлжээнд нэгдэн орох хүсэл эрмэлзэлтэй байна.

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо өнгөрсөн сард болсон “Нэг бүс, Нэг зам” сэдэвт уулзалтад миний бие улсаа төлөөлөн оролцож улс орнуудын хамтын хүчин чармайлтаар бүс нутагт худалдаа, тээвэрлэлтийн нэгдсэн сүлжээг хөгжүүлэх, түүнд Монгол Улсын оруулж болох хувь нэмрийн талаар байр сууриа илэрхийлсэн билээ.

Мөн энэ сарын эхээр ОХУ-д болсон “Санкт Петербургийн Эдийн засгийн форум”-ын хүрээнд ч бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга замын талаар олон улс орны бизнес эрхлэгчид болон холбогдох албаны хүмүүс хэлэлцсэн.

Монгол Улсын уламжлалт хөршийн хувьд ч, мөн гадаад худалдааны нийт эргэлтийн 70 гаруй хувь нь ногдож байгаагийн хувьд ч хоёр хөрштэй хийж байгаа гадаад худалдааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх нь манай ашиг сонирхолд нийцэх болно.

Монгол Улсаар дамжин өнгөрөх бүх төрлийн тээвэрлэлт, худалдааг цаашид улам нэмэгдүүлэх асар их боломж байгаа гэж бид үзэж байна. Энэ боломжийг бодит ажил хэрэг болгохын тулд Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд баруун бүсэд транзит тээвэрлэлтийг хийх боломжийг бүрдүүлсэн хатуу хучилттай авто замыг барьж дууссан. Мөн Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн төмөр замын тээх, нэвтрүүлэх чадварыг жил ирэх тутам өргөтгөн сайжруулж байна. Өнгөрсөн жилүүдэд тасалдаад байсан ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний төмөр замын тээвэрлэлт дахин сэргэж эхэллээ.

Цаашид дамжин өнгөрөх төмөр замын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах, хоолойн тээвэрлэлтийг хөгжүүлэх чиглэлээр ОХУ, БНХАУ болон бүс нутгийн бусад улс оронтой үр ашигтай санаачилга, төслүүдийг хэрэгжүүлэхэд Монгол Улс идэвхтэй хамтран ажиллах сонирхолтой байна.

Зам, тээвэр, эрчим хүч, харилцаа холбоо, уул уурхай, үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, гадаад орон, тэр дундаа хөрш орнуудтай дэд бүтцээр холбогдох, худалдааг хөнгөвчлөх, бараа бүтээгдэхүүний тээврийн зардлыг бууруулах зорилго бүхий “Хөгжлийн зам хөтөлбөр”-ийгсаяхан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Монголын “Хөгжлийн зам” хөтөлбөр, БНХАУ-ын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилга болон ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо” хамтын ажиллагааны механизмтай уялдуулан гурван улсыг хамарсан“Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Ингэхэд Монгол Улсын баримталж буй гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, засаглалын тогтвортой байдал, бодлогын залгамж чанарыг хадгалах нь туйлын чухал гэдгийг бид гүнээ ухамсарлаж бүс нутгийн чанартай дээрх төслүүдийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, эдийн засгийн тааламжтай орчин нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байна.

Улс орон хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд зөвхөн Засгийн газар хоорондын харилцаанаас гадна бизнес эрхлэгчдийн харилцан ашигтай, нягт хамтын ажиллагаа туйлын чухал гэж бид үзэж байна.

Монголын Бизнесийн зөвлөлөөс зохион байгуулж байгаа өнөөдрийн чуулга уулзалтад нэр хүнд бүхий “Токио Мицибуши”, “Софт” банк болон бусад томоохон хөрөнгө оруулагчийнн төлөөлөл оролцож байгаад бид ихээхэн талархаж байна.

УИХ-аас өнгөрсөн намар батлан гаргасан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” амжилттай хэрэгжиж байна. Монгол Улсын Засгийн газар, ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” батлагдан хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хөтөлбөрийг дэмжихээ илэрхийлж, хамтран ажиллаж байгаа Дэлхийн банк, Азийн Хөгжлийн банкны хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд бэлэн боллоо.

Монгол Улсын эдийн засаг тогтворжиж, сэргэх хандлага ажиглагдаж эхэллээ. Энэ онд болон дунд хугацаанд хэрэгжих уул уурхай, дэд бүтцийн хэд хэдэн томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэлээ хангаад байна.

Монгол Улсын зээлжих зэрэглэл буцаад тогтвортой гэсэн түвшиндээ хүрч, Монгол Улс хөрөнгө оруулагчдыг урин дуудаж байна.

Оюутолгойн ордын далд уурхайн бүтээн байгуулалт, Тавантолгой болон бусад ордын төсөл хэрэгжиж эхлэх нь эдгээр төслийг дагасан худалдаа, тээвэр, ложистик, ханган нийлүүлэлтийн олон тааламжтай боломжийг бий болгож байна.

Дунд хугацаанд манай улсын макро эдийн засгийн төлөв хандлага өөдрөг байхаар байгааг Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, бие даасан шинжээчдийн гаргаж буй тайлан, судалгаанаас харж болохоор байна.

Эрхэм бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид аа,

Монгол Улс хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг алдахгүй, хөрөнгө оруулалт, бизнесийн орчноо улам бүр сайжруулах болно. Та бүхнийг Монголын бизнес эрхлэгчидтэй бизнесийн гэрээ, хэлцлээ итгэлтэйгээр байгуулахыг уриалж байна.

Төр, засгийн зүгээс макро эдийн засгийн орчны тогтвортой байлгах, засаглалын эрсдэлийг бууруулах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахын төлөө бүхий л хүчин чармайлтаа тавьж ажиллах болно.

“Азийн бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоо” сэдвийн дор болж байгаа чуулга уулзалтад оролцогч Та бүхний бизнесийн үйл ажиллагаа цаашид улам бүр өргөжин тэлэхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсье гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 26-нд согтууруулах ундаагаар үйлчлэхгүй

Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 26-нд болно. Сонгуулийн өдөр хуулийн дагуу бүх нийтээр амарч, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглодог. Энэ сонгуультай холбоотойгоор элдэв будилаан, үймээн самуун, эсэргүүцлийн үйл ажиллагаа болохоос сэргийлэх зорилготой байдаг аж.

Categories
мэдээ нийгэм

Маргаашаас ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Энэ сарын 20-ноос 21-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орж, сэрүүхэн байна гэж УЦУОШГ-аас мэдээллээ.

2017 ОНЫ 06 ДУГААР САРЫН 20-НООС 06 ДУГААР САРЫН 24-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:

Зургадугаар сарын 20-ноос 21-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст, 23-нд зүүн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай, салхи борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Categories
энтертаймент-ертөнц

Ерөнхийлөгч Г.Ариунбаатарыг магтав

Г.Ариунбаатар BBC агентлагаас зохион байгуулдаг “Cardiff singer of the world” тэмцээнд оролцож буй Монгол Улсын гавьяат жүжигчин тус тэмцээний романсын төрөлд тэргүүлж, ари төрөлд шилдэг таван дуучны нэгээр шалгарсан билээ.

Тэрбээр тэмцээнийхээ талаар “Намайг үргэлж дэмждэг Монгол, Буриад ард түмэндээ, багш нартаа маш их баярлалаа. Бүр илүү их хичээх болно. Эх орондоо дөрвөн цомтой харих байсан ч нэгийг нь нутгийн бүсгүйд алдчихлаа” гэжээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнд баяр хүргэж, өөрийн фэйсбүүк хуудсандаа “Манай Ариунбаатар ч уйлуулж байна даа. Чингис хааны одонт маань Cardiff-ын тайзыг эзэгнэж явна. Дэлхийн ялагч Монголын хүүдээ баяр хүргэж, цааш цаашдынх нь ялалтын замд нь сүү өргөж, бахархаж сууя даа” хэмээн бичжээ.

Categories
мэдээ спорт

Зүүн Азийн Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн болж байна

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй Зүүн Азийн Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн арга хэмжээ өнөөдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд боллоо.

Тэмцээнийг Монголын шатрын холбоо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Гадаад харилцааны яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар нар хамтран энэ сарын 17-26-ны өдрүүдэд зохион байгуулж буй юм.

Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, МШХ-ны Ерөнхийлөгч Ц.Сайнбаяр болон Монгол, Өмнөд Солонгос, БНХАУ, Япон, Малайз, Индонез, Вьетнам, Сингапур, Тайвань, Хонгконг Улсын баг тамирчид, дасгалжуулагч, бусад албан төлөөлөгч нар байлаа.

Тэмцээний нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн үгийг бүрэн эхээр хүргэж байна.

Тэрээр,

“Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, шилдэг тамирчдаа,

Зүүн Азийн Өсвөрийн Шатарчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа баг тамирчид, зохион байгуулагч, сонирхогч, шатрын спортод хайртай та бүхэнд энэ өдрийн халуун мэндийг хүргэн мэндчилье.

Олон Улсад нэр хүндтэй энэ тэмцээнийг зохион байгуулах эрхийн төлөө Азийн шатрын холбооны гишүүн холбоонууд өрсөлдсөнөөс Монголын шатрын холбоо шалгарч, Зүүн Азийн Өсвөрийн шатарчдын тэмцээнийг эх орондоо анх удаагаа зохион байгуулж байгаад баяртай байна.

Өнөөдөр дэлхий нийтээрээ шатрын спортыг шинжлэх ухаан, урлаг, спортын аль аль шинжийг өөртөө агуулсан “Оюуны спортын хаан” гэдгийг хүлээн зөвшөөрч, энэ спортоор хичээллэгчдийн тоо өдрөөс өдөрт өргөжсөөр байна. Хүн төрөлхтний түүхэнд шатрыг сонирхон тоглож хүмүүжил төлөвшлийн сайхныг мэдэрсэн хүмүүсийн жишээ олон байдаг. Агуу тоглогч, жинхэнэ шатарчин хүний шинж төрх нь яруу тод авьяас, даруу зан төрх, хурц мэргэн авхаалж, уян зөөлөн ааш зэрэг төлөвшлийг агуулсан байдаг хэмээн эртний нэрт шатарчид үздэг. Ийм учраас хүүхдийг багаас нь шатарт сургах нь зөв зүйтэй бөгөөд оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхтай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурч ажиллах, амьдрах чадвартай иргэн болгон төлөвшүүлэхэд шатар тоглох нь онцгой ач холбогдолтой юм.

Энэхүү гайхалтай спорт манай улсад 1930-аад оноос дэлгэрч эхэлсэн бөгөөд 1935 онд Эрхүү хотод зохион байгуулагдсан бүх Сибирын шатарчдын тэмцээнд Монгол улсаас Л.Санжаажамц, Ч.Дашням нар оролцсон нь Монголын тамирчид Олон Улсын түвшинд өөрсдийн мэргэн оюуныг сорих анхны шанг татсан үйл явдал болсон. Үүнээс хойш 31 жилийн дараа буюу 1965 онд Монголын тамирчин Түдэвийн Үйтүмэн анх удаа Олон Улсын мастер болж, Монголын шатарчдыг дэлхийд данстай болгож байсан түүх бидэнд бий.

Манай улсын өсвөрийн шатарчин охид хөвгүүд, дэлхийн аваргын тавцанд Монгол гэсэн нэрээ гарган, төрийн далбаагаа олонтаа мандуулж байгаа нь 21-р зуунд Монголоос насанд хүрэгчдийн дэлхийн аваргатай болно гэдэгт миний бие итгэж байна.

Энэ удаагийн Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа Зүүн Азийн Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд 10 орны нийт 452 тамирчид мэргэн оюунаа сорин өрсөлдөж байна.

Манай сайхан эх оронд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт өсвөрийн шатарчид, оюуны олимпын аваргууд, та бүхэндээ Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа спортын өндөр амжилт хүсэж, эрүүл энх, сайн сайхныг ерөөе. Монгол оронд тавтай морилно уу” гэлээ.

Мөн энэ үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эхний нүүдлийг хийж тэмцээнийг эхлүүллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

А.Отгонбаатар: Монголчууд нэг хэсэг лам дагаж баларсан бол одоо нам даган баларч байна

Улсын Дээд шүүхээс “Үнэн ба Зөв” намыг Монгол Улсын 26 дахь улс төрийн намаар бүртгэн авсан билээ. Тус намын дарга А.Отгонбаатартай ярилцлаа.


-Улсын Дээд шүүхээс “Үнэн ба Зөв” намыг бүртгэж авлаа. Монгол Улс гурван сая хүн амтай 26 намтай боллоо. Танай намыг бүртгүүлэхээс өмнө 25 нам үйл ажиллагаа явуулж ирсэн. Олон нам байлаа гээд улсын хөгжилд хувь нэмрээ оруулж чадахгүй байхад нэг нам дахиад мэндэлчихлээ л дээ…

-Би гурван жилийн өмнө намд дургүй байсан. Монгол Улсыг хөгжүүлж чадахгүй байна гээд бараг л үзэн яддаг, аН, МаН-д орвол нүдний булай болно гэж боддог байлаа. Одоо ч гэсэн ийм бодолтой залуус байгаа л байх. Хүн мэдэхгүйн гайгаар ингэж боддог юм билээ л дээ. Миний хувьд Сталин, Ленин, Гитлер зэрэг хүмүүсийн амьдрал, улс төрийн онол, үзэл баримтлалын номуудыг уншсан. Нам гэдэг чинь гишүүд, дэмжигчдийнхээ итгэл, санаа бодлыг нэгтгэж төрийн бодлого боловсруулдаг, улс орноо засч залруулдаг. Энэ дэлхий дээр намгүйгээр улс төрийн ойлголт байдаггүй юм байна. Харин манайд байгаа намуудыг харахаар ялангуяа хоёр том нам гишүүд, дэмжигчдийнхээ итгэлийг хууран мэхлэх замаар авч цөөн хэдэн хүн дээр гарч өөрсдөдөө хэрэгтэй хууль, бизнесийг хийдэг. Үүнийг нь бид хараад балай, заваан юм гэдэг. Энэ чинь нам биш. Сталин, Ленин, Гитлер гээд дэлхийн улстөрчдийн онолоор бол мафи юм байна, мафийн бүлэг рүүгээ орчихсон байна. Гишүүд, дэмжигчид, ард түмнээсээ тасраад алга болчихож. Өнөөдөр манайд нам байхгүй, мафийн бүлэг л бий. Нам байхгүй болчихсон хэрнээ улс төр нь яваад байгаа юм. Ардын нам, Ардчилсан нам анх яах гэж байгуулагдсан юм, тэдний хэтийн зорилго юу байв. Тэд нам байгуулаад зорилгоо биелүүлсэн. Одоо ард түмэн тэр минь энэ минь гээд саналаа өгөөд байх юм бол таны дэмжлэгээр улс орныг чинь дээрдэмдэнэ шүү дээ.

-Та нарын сонгосон зам бол зөв гэх гээд байна уу?

-Бидний залуус үнэн, зөвөөр явахыг хичээж байгаа. Эх орноо гэсэн зөв сэтгэлтэй залуус бид буруу, муухай бүхний үүр уурхай болсон тэдэнд туслах албатай юм уу. Хөдөө орон нутгаар явж байхад Дархан-Уул аймгийн нэг иргэн “Новшнууд төрд гарчихлаа” гэж байна. “Яаав” гэтэл “Ялгаагүй дуракууд гарлаа” гэж байсан. Өөрөө нэг хүнийг дэмжиж сонгуульд нь ажиллаад гаргасан байгаа юм. Тэгэхээр нь би “Та зүтгээд тэр хүнээ гаргасан юм байна. Одоо надаар яах гээд байгаа юм бэ. Та нар сонгуулиар хэдэн төгрөгийн төлөө ажиллаж гаргачихаад дараа нь сонголтоо буруутгадаг байж болох юм уу” гэтэл “Нээрээ тийм байна” гэж байх жишээтэй. Монголын ард түмэн сонгууль өгдөг биш сонгуулийг нь өгүүлдэг юм байна. Сонгуулиар гэрээс нь машинтай очиж аваад хэнд саналаа өгөхийг нь хэлээд оруулдаг. Үнэндээ орон нутагт сонгууль өгнө гэдэг дарамт, хүндрэл болтол нь дээрмийн бүлэг улс орныг удирдаж ирсэн.

Түрүүн та “Үнэн ба Зөв” намаас өмнө 25 нам бүртгүүлсэн гэсэн. Үнэн. Тэдний үзэл баримтлалыг би буруутгахгүй. Хэн нэгэн улстөрч намаасаа гарахынхаа өмнө нам байгуулаад “Би намаасаа гарч нам байгуулна шүү” гэдэг шантаажны аргатай болчихсон. Ард түмний хүсэл мөрөөдлийг биелүүлэх нам алга. Монголчууд нэг хэсэг лам дагаж баларсан бол одоо нам даган баларч байна. Манай “Үнэн ба Зөв” нам 26 дахь улс төрийн намаар бүртгүүллээ.

-Яагаад заавал “Үнэн ба Зөв” гэж. Танай намаас бусад нь худлаа юм уу?

-Бид ард түмэнд хайртай, дуртай, новшнуудыг устгая гэсэн гоё нэрээр намаа нэрлэж болно. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 26 намыг дээрээс нь эхлээд уншаарай. Ардын намаар эхэлнэ. Тэнд ард байхгүй. Ардчилсан нам. Тэнд ардчилал байхгүй гэх мэтчлэнгээр үргэлжилнэ. Ингэж уншсаар 26 дахь нам дээр ирээд уншихаар аяндаа бүх утга илэрхийлэгдэнэ. Манай нам ард түмний, ардчилсан, ногоон хөгжлийг дэмжсэн, иргэний хөдөлгөөнийг нэгтгэсэн шударга нам гэдэг нь харагдана. Монголд 26 нам байгаа хэдий ч орон нутагт салбар зөвлөлтэй гээд явахаараа АН, МАН гэсэн хоёр л нам бий. Гурав дахь нам гэж ямар намыг хэлдэг юм бэ. Сум болгонд салбартай намыг гурав дахь нам гэдэг. Түүнээс биш намын тамгаа цүнхэнд хийгээд бариад явж байгааг нам гэдэггүй юм. Суманд байгаа хоёр нь нам юм уу гэхээр мафи болчихсон байхгүй юу. Юугаа дэмжиж байгаагаа ч мэддэггүй. Орон нутгаар явахдаа намын доод шатны албан тушаалтнуудтай бүгдтэй нь уулзсан. Бүгдээрээ намынхаа удирдлагуудад дургүй байдгаа хэлсэн. Энэ хоёр нам сонгуульд ороод ярьдаг зүйл нь юу гээч “Чи намынхаа төлөө ажиллахгүй бол нөгөө намын хүн гарах гээд байна” гэдэг. Улс төрийн бодлого юм ерөөсөө ярьдаггүй. Бодоод үзэхээр нөгөө намын хүн гарчихвал миний амьдрал дуусна гээд тулааны зүйл рүү ордог. Үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр юу ч байдаггүй. Харин “Үнэн ба Зөв” намынхан ард түмний хүсэл, мөрөөдлийг бодит ажил болгох төлөвлөгөөг оруулж ирж байна.

-Үйл ажиллагаагаа эхлүүлсэн үү. Хаана хаана салбартай болсон бэ?

-Манай намын үйл ажиллагаа албан ёсоор наймдугаар сарын 15-наас эрчимжинэ. Бид намаа Улаанбаатар хотын есөн дүүрэг, 18 аймагт салбартайгаар байгуулсан. Манай намыг дэмжиж 2100 хүн албан ёсоор бүртгүүлсэн. “Үнэн ба Зөв” нам маань үүсгэн байгуулагчдын хурлаа 2016 оны арваннэгдүгээр сарын 10-нд хийж байсан юм. Бид нам шиг нам болгохын тулд товчхондоо сум бүртэй тулж ажиллана. УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч гэж шунахгүй. Сумыг бид хоёр том намаас чөлөөлөх ёстой. Ингэж байж энэ улсыг бид төрөөс чөлөөлнө.

-Танай нам бусад намуудаас юугаараа ялгаатай юм. Сонгуулийн үеэр аль нэг намыг дэмжиж таван төгрөг салгадаг нь нууц биш шүү дээ?

-Тухайлбал, үнэхээр сум орон нутгаа хөгжүүлье гэж байгаа бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын залуус орон нутгийн сонгуульд орж өрсөлдөх ёстой. Мандал сумын ИТХ-д хэдэн хүн байна тэр хүнийх нь тоогоор “Үнэн ба Зөв” нам төлөөлөгчөө өрсөлдүүлэх хэрэгтэй. Сумаа хөгжүүлье гэсэн залуус сумандаа эрх мэдлээ олж авах шаардлагатай юм. Ингэж бид өөрчилнө. Ард түмэн С.Ганбаатар, Г.Уянга, С.Жавхлан, Ж.Батзанданг гишүүн болгочихвол бүх зүйл сайхан болох юм шиг яриад сууж байсан. Тэд бүгд гишүүн болсон ч улс орон яагаад сайхан болохгүй байна вэ. Хүн гаргаад сайхан болдоггүйн тод жишээ энэ. Төгс хүн гэж байдаггүй. Харин төгс бодлого гэж бий. Үүнийг улс төрийн нам хийдэг. Тиймээс бид суманд төлөөлөгчтэй болох ёстой. “Үнэн ба Зөв” нам 2020 оны сонгуулийг хараагүй. Манайд төрийн тогтолцоо огтхон ч болохгүй байгаа юм биш. Намын тогтолцоо бүгдийг үгүй хийдэг. Намын тогтолцоогоо шийдээгүй байж бид төр болохгүй байна гэдэг. Өөр гарц хэрэгтэй гэж байгаа бол бидний хэдэн залуу үүний чинь төлөө явж байна. Юмыг буруутгаад л суух юм. Үнэн, шударга зүйл байхгүй болчихсон болохоор иргэд бухимдаж байгаа шүү дээ. Бид улсаа өөрчилье гэвэл иргэнээ зөв болгох хэрэгтэй. Тиймээс манай намын мөрийн хөтөлбөрийн цөм нь иргэдийн боловсрол, зөв хүн юм.

-Манайхан нам байгуулагдангуут л арын эздийг нь хайдаг. Танай намын ард Ш.Сайхансамбууг байгаа гэлцэх юм?

-Энэ намын ард хэн байна вэ гэж нэр ус цохон дайрдаг дайралтыг хоёр том намын хөлсний бичээчид л хийдэг. Ард түмэн үүнийг асуудаггүй. “Үнэн ба Зөв” намын ард ямар хүмүүс байгааг мэдье гэвэл эхлээд өөрсдөө ороод ир л дээ. Тэгээд энэ намын ар нь та бол. Өнөөдөр “Үнэн ба Зөв” нам Монголын асуудал юм уу, энэ хоёр нам асуудал юм уу. Энэ хоёр нам л асуудал. Гэтэл бид энэ хоёр намын асуудлыг “Үнэн ба Зөв” намын асуудал юм шиг дайрдаг. Асуудлаа шийдэхийн тулд бид нэгдэх ёстой. АН, МАН-ын бузар булайтай эвлэрэхгүй гээд намаасаа гарсан, зөв зүйлийг тогтоохоор яваа тийм хүмүүс бий. Зөв бодолтой, үнэн яваа хүмүүс бидний ар тал ч байна, урд тал ч байна.

-Танай нам албан ёсоор бүртгүүлчихлээ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор дэмжиж байгаа нэр дэвшигч байна уу?

-Байхгүй. Бусад намын дарга нь өөрсдийгөө амьд байгааг нэг харуулчих гээд тэрийг дэмжиж байна гэж мэдэгдэл хийгээд цаагуураа хэдэн төгрөг авчихдаг. Үнэн шүү дээ. Бид алсыг харж үнэн зүйлийн төлөө явж байгаа учраас энэ удаагийн сонгуульд ямар нэгэн байр суурь баримтлахгүй.


Categories
мэдээ цаг-үе

Германы өрхийн эмч Катрин Зорртой өнгөрүүлсэн өдөр

Германы Баден-Вурттемберг мужийн Нойштат хэмээх хотод өрхийн эмчээр ажилладаг Катрин Зорртой нэг өдрийг цуг өнгөрүүлэх боломж тохиосон юм. Түүнтэй уулзахаас өмнө урьдчилан утсаар ярьж “Өдрийн сонин”-ны “Танайд өнжье” булангийн зочин болох хүсэлт тавихад зөвшөөрөв. “Ер нь бол маш их ажилтай байдгийг чи мэднэ шүү дээ. Тэр холоос бараг тив алгасаад ирж байхад үгүй гэж хэлж чадахгүй” гэв. Өрхийн эмч маань өнгөрсөн жил Монголын баруун нутаг Ховд аймаг, Алтай Таван Богд ууланд очиж амарсан.Монголчууд тэр дундаа малчид хэрхэн амьдардгийг өөрийн нүдээр үзсэн.

Германд өрхийн эмчээ үйлчлүүлэгч өөрөө сонгодог онцлогтой. Та Берлин хотноо амьдардаг гэж бодоход өрхийн эмч тань аль нэгэн өөр хотод байж болно. Сэтгэлд нийцсэн, сайн хэмээн үзэж буй эмчээ өөрөө сонгоно гэсэн үг. Катрин Зорр Нойштат хотод нэгэн байшингийн нэгдүгээр давхрыг түрээсэлдэг, нийтдээ дөрвөн ажилтантай. Түүний “эмнэлгийг” германаар праксис хэмээн нэрлэдэг бөгөөд бяцхан эмнэлэг гэхэд хилсдэхгүй болов уу. Өдөр бүр 8.00-19.00 цаг хүртэл ажиллана, дунд нь завсарлана. Өрхийн эмчийн үзлэгийн хуваарьтай, заавал урьдчилан цаг авч байж үзүүлнэ. Хүнд өвдсөн бол өөрөө үйлчлүүлэгчийнхээ гэрт нь очиж үздэг дүрэмтэй. Чухам ямар тохиолдолд гэрт нь очиж үзэх нь нэлээд нарийн журмаар зохицуулагддаг.

Өрхийн эмч Катрин Зорр ажлын өдрийн дараа гэртээ тагтан дээрээ тухалж байгаа нь

Долоон хоногийн дийлэнх өдрүүдэд өвчтнүүд нь ирж үзүүлдэг. Харин лхагва гаригийн үдээс өмнө нь өвчтөнүүдээ хүлээж аваад, үдээс хойш нь гадуур үзлэг хийнэ. Германд өрхийн эмч хэрхэн ажилладаг талаар ойлголт авахын тулд бид энэ өдрийг сонгон уулзахаар тохиролцсон юм. Лхагва гаригийн өглөө 8.05 цагт Катрин Зоррын бяцхан эмнэлэг дээр очиход ажил нь аль хэдийнэ эхэлчихсэн цаг авсан өвчтөнүүд хүлээлгийн өрөөнд сууж харагдав. Үйлчлүүлэгчдийг хүлээн авч, утасны дуудлагад хариулж, цаг тараадаг ажилтан бүгдийг зохицуулж байлаа. Ирснийг маань эмчдээ дотуур утсаараа хэлсэн бололтой удалгүй Катрин Зорр өрөөнөөсөө гараад ирэв. Эмийн жор бичүүлж авахаар ирсэн үйлчлүүлэгчтэйгээ эхлээд уулзахаар болж “Түр хүлээгээрэй” гэсээр “Ярилцлагын өрөө” гэсэн хаягтай өрөө рүү орлоо.

Өвчтөний хувийн асуудал тул уулзах үеэр гаднын хүн байж болохгүй нь ойлгомжтой. Удалгүй жор бичүүлсэн үйлчлүүлэгчийнхээ хамт гарч ирээд эм авахдаа анхаарах зүйлийг дахин сануулаад эцэст нь өдрийг сайхан өнгөрүүлэхийг хүссээд гаргаж өгөв. Ийнхүү Катрин Зорр бид хоёрын яриа эхэлсэн юм.

Үйлчлүүлэгчдийн цагийг зохицуулагч ажилтан

Хамгийн түрүүн бяцхан эмнэлгээ танилцуулах ажилдаа орлоо. 2001 онд өрхийн эмчээр ажиллахаар болж энэ газрыг өөр нэгэн өрхийн эмчээс худалдан авчээ. Үйл ажиллагаагаа явуулахын тулд тэр жилдээ 200 000 еврогийн зээл авсанаа энэ жил хэдхэн сарын өмнө төлж дуусгасан гэв. Банкны өрөө барагдуулаад ёстой л нөгөө нуруун дээрээс нь том чулуу авч хаясан мэт болж тэмдэглэснээ ярив. Бяцхан эмнэлгийн үйлчлүүлэгчдэд зориулсан хүлээлгийн өрөө нь маш тухлаг. Эмчээ хүлээх зуураа сонин зэргийг унших боломжтой. Хүүхэд тоглох тоглоом гээд бүгд л хүний тав тухыг хангахаар тохижуулсан байв. “Ярилцлагын өрөө” нь нэг ёсондоо Катрин Зоррын ажлын өрөө гэнэ. Энд л үйлчлүүлэгчид нь өрхийн эмчтэйгээ нүүр тулан уулзаж өвчин зовиур зэргээ нэгд нэгэнгүй ярина. Харин цаад талынх нь дамжин ордог өрөөндөө үзлэгээ хийнэ. Түүнээс гадна цус авч, шинжилгээ хийдэг жижигхэн лаборатори, ариун цэврийн гээд нэлээд хэдэн өрөөтэй. Онц шаардлагатай үед бяцхан мэс засал хийдэг өрөө нь тусдаа. Тэр өрөөний өвчтөний суух сандал нь мэс засал хийхэд зориулагдсан аж. Катрин Зорр уг нь мэс заслын эмчээр мэргэшсэн хүн. Тиймээс энэ өрөөгөө “Миний хувьд хамгийн чухал” хэмээн дурьдав. Дээр дурдсанчлан тэрээр дөрвөн ажилтантай. Нэг эмчийн туслах, эмчийн туслах болохоор бэлтгэгдэж буй бас нэгэн ажилтан, үйлчлүүлэгчдийн цагийг зохицуулж санхүүгийн асуудал хариуцсан ажилтан, нэг цэвэрлэгчтэй. Эмчийн туслах гэдэг нь сувилагч уу хэмээн тодруулахад үгүй гэв. Сувилагчаас ялгаатай, сургалт нь ч өөр аж. Цус авах, даралт хэмжих зэрэг эмчийн өгсөн зааврын дагуу ажиллах үүрэгтэй. Катрин Зорр нь Эрфурт, Лайпциг хотуудад Анагаахын их сургуулийг мэс заслын эмч мэргэжлээр дүүргээд тэндхийнхээ нэгэн эмнэлэгт нэг хэсэг ажилласан байна. Хоёр Герман нэгдэх тэр түүхэн үед нөхөр нь Швейцарьт ажиллахаар болсон тул гэр бүлээрээ тус улсын Цуг кантонд нүүж очсон гэнэ. Ингээд охин нь нялх байсан тул эхний хэдэн сар гэртээ сууж хүүхдээ харсан байна. Зургаан сарын дараа Швейцарийн Цуг кантоны Аделхайд хэмээх эмнэлэгт ассистент эмчээр ажилд оржээ. Хуучнаар зүүн Германд мэс заслын эмч мэргэжил эзэмшсэн тэрээр энд эмчийн хувьд ёстой л нөгөө юм үзэж нүд тайлснаа ярив. Өндөр хөгжилтэй оронд хэрэглэдэг эм, багаж төхөөрөмж, ямар нөхцөл байдалд хэрхэн ажиллах, ажлын хуваарилалт гээд анагаах ухааны эрдэмд бараг эхнээс нь суралцсан аж. Ийнхүү түүний бяцхан эмнэлэгтэйгээ танилцуулахын сацуу хэрхэн эмч болсоноо ярьж байх хооронд ажилтан нь дараагийн өвчтөн ирснийг мэдэгдэв. Нэгэн туранхай, өндөр эмэгтэй нөхрийнхөө хамт ирсэн харагдав. Цаана нэлээд хэдэн хүн сууна. Түүнийг өвчтөнөө үзэж байх хооронд хүлээлгийн өрөөний утас зогсолтгүй дугарна. Үзлэгийн цаг зохицуулагч ажилтан өрхийн эмч нь хэзээ үзэх боломжтойг тайлбарлан өдөр цагийг товлоно. Ингэхдээ үйлчлүүлэгчтэйгээ тун чиг боловсон харьцана.

Лабораторийн туслах эмч

Нэг л мэдэхэд 12 цаг болчихсон хуваарийн дагуу гадуур үзлэг хийх цаг болчихсон байв. Эмч хүнд шаардлагатй хамгийн наад захын үзлэгийн төхөөрөмж, даралтны аппарат, тариур, нэг удаагийн үзлэгийн бээлий, өвчтөнөөс цус авсан нөхцөлд түүнийг авч явах зориулалтын сав зэргийг багтаасан том хар цүнхээ барьсаар “Subaru” машиндаа суув. Нойштат хот нь Шварцвальд хэмээх уулархаг газар оршино. Ингээд хамгийн түрүүн өндөр настны асрамжийн газар байдаг 92 настай өвчтөн дээрээ очих ёстой гэв. Сүүлийн үед хөл нь жаахан зовиуртай байгаа, хэдхэн хоногийн өмнө очиж үзээд эм бичиж өгсөн, өнөөдөр яаж байгааг нь үзэх ёстой гэв. Ингээд “Санкт Рафхаэл” хэмээх асрамжийн газрыг зорив. Эндэхийн хамгийн тохилог асрамжийн газрын нэг гэнэ.

Замдаа өрхийн эмчийн сарын орлого хэд байдаг талаар асуухад ер нь бол тийм ч их биш гэсэн тайлбар өгөв. Чухам хэд гэдгийг хэлэхийг хүссэнгүй. Ямар ч байсан бяцхан эмнэлгийн орлогын гуравны нэг нь эм, тариа, боолт, ариутгал энэ тэр гээд эмнэлгийн хэрэгцээнд зарцуулагддаг гэв. Түүнээс гадна дөрвөн ажилтны цалин, цахилгаан, усны төлбөр. Катрин Зорр ойролцоогоор 1000 арай хүрэхгүй үйлчлүүлэгчтэй. Олон үйлчлүүлэгчтэй байснаар орлого их байна гэсэн үг биш гэнэ. Ер нь Германд эрүүл мэндийн даатгал тав ангилагддаг, таны үйлчлүүлэгч ямар даатгалд хамрагдахаас л өрхийн эмчийн орлого шалтгаална. Эрүүл мэнийн даатгалын тогтолцоог нь тайлбарлахад нэлээд түвэгтэй, за тэгээд улсын бүртгэл, санхүүгийн хяналт зэрэг нь бүр ч нарийн аж.

Ийнхүү замдаа ярьж явтал нэг мэдэхэд асрамжийн газар ирэв. Асрамжийн газар гэхээр манайханд бол сайхан сэтгэгдэл төрөхгүй байх. Харин энд нас өндөр болсон хойно асрамжийн газар очих нь ердийн үзэгдэл. Зарим настангууд би тэр асрамжийн газар очно хэмээн аль эртнээс сонгочихсон байдаг. Бидний очсон газрын зарим хөгшчүүл нь өдрийнхөө хоолоо идэж, зарим нь гадаа цэцэрлэгт нарлаж, зарим кофе ууж суув. 92 настай үйлчлүүлэгчийн нэрийг Анна Туммелшайд гэдэг. Хэнтэй уулзах гэж байгаагаа хэлээд гурван давхарт гарав. Анна Туммелшайд ганцаараа нэг өрөөнд байдаг. Асрамжийн газрын ажилтнууд өндөр настан болгоныг анхаарч байх ёстой тул ихэд завгүй харагдана. Харин Анна Туммелшайд өрөөндөө байсангүй. Катрин Зорр түүнийг гадаа цэцэрлэгт нарлаж байгаа байх хэмээн гарсан боловч байсангүй. Өрхийн эмч маань дахин өрөөнд нь очтол настан түшлэгтэй сандал дээр тухлан сууж байв. Ариун цэврийн өрөөнд байсан тул эмчээ ирээд дуудахад сонсоогүй аж. Бие нь ямар байгааг асуунгаа Монголоос ирсэн сурвалжлагчтай хамт яваагаа хэлээд өрөөнд нь орж болох эсэхийг асуухад настан зөвшөөрөв. 92 настай гэхэд тун ч давгүй царай зүс нь сайхан харагдана. Таягийг нь эс тооцвол. Өрхийн эмч түүний хөлийг үзээд үрэвсэл нь илт гайгүй болсоныг хэлэв. Тиймээс асрамжийн газрын эмчийн хийсэн боолтыг авах хэрэггүй хэмээн зөвлөв. Ингээд ойр зуурын юм ярих зуураа даралтыг нь үзээд хөлөндөө түрхэх шинэ эм бичиж өгөв. Анна Туммелшайд нь нэг хүүтэй гэнэ. Тус асрамжийн газрын дээд давхарт нэг өрөөтэй байранд ганцаараа амьдарч байгаад хэдэн сарын өмнөөс ганц хүний өрөөнд шилжсэн байна. Түүнээс хойш бие нь хавигүй сайжирсан тухай Катрин Зорр ярив. Ганц хүний байранд амьдарч байхдаа заримдаа эмээ уухаа мартчихдаг байснаас даралт нь тогтворгүй болсон гэнэ. Хүү, бэр, ач хүү нар нь байнга эргэж ирдэг гэнэ. Шинэ ээмэг зүүснийг анзаарсан эмч ихэд зохиж байна хэмээн урмын үг хайрлав.. Ингээд бидний явах цаг болов. Өрхийн эмч маань гарахдаа асрамжийн газрын ээлжийн ахлагчтай уулзаж, хатагтай Анна Туммелшайдад үзлэг хийж шинэ эм бичиж өгсөнийг хэлэв. Ээлжийн ахлагч эмэгтэй бүгдийг нь нэгд нэгэнгүй бичиж авав. Ингээд бид хоёр дараагийн асрамжийн газар руу хөдлөв. Өрхийн эмч маань өдрийнхөө цайг ууж амжаагүй тул замдаа нэгэн цайны газраар орж кофе уулаа. Хэдэн минут кофе уух зуураа ажлынхаа талаар үргэлжлүүлэн ярив. Зун бол өдөр ч, шөнө ч дуудлагаар явахад асуудалгүй гэнэ. Харин өвөл өндөрлөг газар цас ихтэй тул амаргүй аж. Ялангуяа шөнө үүрээр, замын цас арилгаж амжаагүй бол өөрөө машинаа бариад явна гэдэг бас л яггүй. Харанхуйд, цас бороонд эмэгтэй хүн ганцаараа явна гэдэг амаргүй тухай ярив. Ойролцоо орших өрхийн эмч нартайгаа хамтран ажилладаг бөгөөд амралтаа авахдаа нэг нэгнийхээ өвчтөнийг хэсэг хугацаанд хариуцан авдаг гэв. Түүний ярьснаар өрхийн эмч гэдэг хамгийн их хариуцлагатай ажил. Тал талын мэдлэгтэй байх шаардлагатай. Мэс заслаар мэргэшээд дараа нь дотор, мэдрэл энэ тэр гээд бүх л чиглэлээр суралцсанаа ярив. Өрхийн эмч нь таван жил тутамд мэргэжлээ дээшлүүлэн курст хамрагдах ёстой.

Бидний очих дараагийн асрамжийн газар нь түрүүчийнхтэй харьцуулахад жижигхэн хэмээн тайлбарлав. Энд асруулдаг үйлчлүүлэгч нь шинээр эм хэрэглэх болсон гэнэ. Тиймээс асрамжийн газрын ажилтнуудтай энэ талаар уулзаж заавар өгөх ёстой аж. Биднийг ороход өндөр настангууд мөн л өдрийнхөө хоолоо идэж байлаа. Ажилтнууд нь тэдний дундуур явж сандлыг нь засч өгч, хоол нэмж, юу уухыг нь асууна. Заримынх нь амыг нь арчиж өгч байгаа харагдана. Бид хоёр ээлжийн ахлагчийг хүлээж нэг хэсэг зогсов. Ажилтнууд нь бүгд л завгүй харагдана. Цагаан халат өмссөн өндөр залууг ирэхэд яагаад ирсэн учраа тайлбарлаж, өвчтөнд нь эмийг нь яаж өгөх, юуг анхаарах зэргийг хэлэв. Тэд үйлчлүүлэгчийн талаар нэлээд удаан ярилцав. Хоолны танхимд суугаа хүмүүсийг хэсэг харж зогслоо. Зарим нь хоорондоо ихэд чухал яриа өрнүүлнэ. Чимээгүй ганцаараа суух хүн ч харагдана. Энэ хооронд асрамжийн газар эргэлтээр ирж буй хүмүүс орж харагдлаа.

Хоёр дахь асрамжийн газраас гарч ирэхэд Катрин Зорр өөрийнхөө хамгийн хайрлаж, хүндэтгэж явдаг үйлчлүүлэгчийнхээр ороод гаръя гэв. Ойрхон явж байгаа тул очно гэж амласан аж. “Чи энэ хүнтэй заавал танилцах ёстой. Их сонин эмэгтэй бий” гэв. Тав хүрэхгүй минут яваад л нэгэн жижигхэн байшингийн гадаа зогсоход биднийг харсан жижигхэн нохой зогсоо зайгүй хуцав. Энэ чимээнээр хажуу айлын нохой бас л хуцсаар гүйж ирэв. Нэг хэсэгтээ л бөөн шуугиан болж гэрийн эзэгтэй ч гараад ирэв. Дунд зэргийн нуруутай, өсгийтэй гутал өмссөн хачин дэгжин эмэгтэй “Өдрийн мэнд” гэсээр биднийг угтав. Өрхийн эмч, үйлчлүүлэгч хоёр ихэд дотно найзууд бололтой. Ойролцоогоор бол 70 орчим настай, ихэд ганган, алхах нь хүртэл донжтой. Эмээ гэдэг үг түүнд огтхон ч тохирохгүй, хатагтай гэвэл яг таарах шиг. Тэрээр биднийг зочныхоо өрөөнд орохыг урьж бид ч суув. Кофеныхоо машиныг асаах зураа ямар кофе уухыг асуув. Сүүлийн үед хоёр ч удаа нохойгоо хулгайд алдах шахлаа хэмээн гомдоллов. Энэ хатагтайн гэрээ тохижуулсан нь ихэд донжтой. Бүх юм хоорондоо зохицолдсон. Аргагүй л язгууртан гаралтай франц эмэгтэй гэдэг нь мэдрэгдэв. Залуудаа герман эмчтэй гэр бүл болж, хувийн эмнэлэгтэй байсан гэнэ. Түүнийгээ удирдан ажиллуулж байжээ. 1960-аад оны үед хэрхэн ажиллаж байсан, эмч нартаа хэрхэн хатуу шаардлага тавьдаг байснаа ярив. Ер нь ажил бол ажил гэдэг зарчмыг эрхэмлэж ирсэн, заримдаа ажилтнууддаа хатуу хандаж байснаа ярив. Саяхан төрсөн нутаг Францдаа очиж амраад ирсэн тухайгаа сонирхуулав. Хатагтайн нөхөр нь нэлээд хэдэн жилийн өмнө нас барсан аж. Түүнээс хойш ганцаараа амьдарч байгаа аж. Хоёр хүүтэй, нэг нь Канадад амьдардаг гэнэ. Удахгүй ач хүү нь амралтаа эмээтэйгээ өнгөрүүлэхээр Канадаас ирэх гэж байгаа аж. Нэг сарыг ач хүүтэйгээ хэрхэн өнгөрүүлэх төлөвлөгөөг нэгд нэгэнгүй гаргачихсан гэнэ. Бид хэдэн минут ярилцаад явахаар болов. Аль хэдийнэ 18.00 цаг болсон учир Катрин Зорр ч очиж ажлаа хүлээн авах зуур маргаашийн үзлэгийн цагтай танилцах ёстой гэв.

Өрхийн эмчийн бяцхан эмнэлэг

Өдөрт хичнээн өвчтөн хүлээн авдаг талаар Катрин Зорроос сонирхоход өчигдөр гэхэд 50-60 хүн үзсэн гэв. Өвөлдөө ханиад томуу ихтэй цагт бол нэг өдөрт 150 хүн үзэх тохиолдол ч бий. Ажил дээр нь ирэхэд ажилтан нь өдрийнхөө ажлыг хүлээлгэн өгөхөөр бүгдийг бэлдчихсэн байв. Тооцоо энэ тэр гээд нэлээд нарийн бололтой. Катрин эмнэлгийнхээ хаалгыг түгшиж гэр рүүгээ явахаар болов. Тэрээр ердөө таван минут алхаад хүрэх газар амьдардаг. Гэр хүртлээ явган явах нь түүний хувьд жаахан ч гэсэн амралт болдог гэнэ. Ойрхон тул би машиныг нь барьж яваад гэрийнх нь үүдэнд очоод хүлээж байхаар болов. Гэртээ ирсэн хойноо “Энэ алхах хугацаа чинь надад амралт болдог юм” гэв. Катрин Зорр гэртээ орж амжаагүй шахуу байхад утас нь дугарав. Охин нь утасдаж байв. Ирээдүйд маш сайн өмгөөлөгч болох найдлага төрүүлж буй охинтой. Охин нь докторынхоо ажлыг эмийн патентаар бичиж байгаа тул ээжээсээ асууж зөвлөлдөх зүйл нэлээд гардаг гэнэ. Ээжийгээ ажлаасаа дөнгөж тараад ирсэн гэдгийг мэдэж байсан тул охин нь удаан ярьж чилээсэнгүй. Катрин Зорр ч тагтан дээрээ гарч, хар муураа тэвэрсээр буйдан дээрээ тухлан суув.

Нойштат хот

Categories
мэдээ цаг-үе

Далайн сүүлчийн мөсний хэлтэрхий дээр сууж яваа моргейжийн зээл зогсвол бүрэн живнэ

Таны хүсэл юу вэ гэж асуувал хүн бүр өөр өөрийнхөөрөө хариулж таараа. Гэхдээ толгой хорогдох газаргүй нэгэн нь орон гэртэй болох, гэр хороололд амьдардаг нь орон сууцанд орох, байртай нь хаус авахыг мөрөөдөж байгаа гээд хэлчихэд нэг их дэгсдүүлсэн болохгүй. Өөрт байхгүйгээ л байлгах гэж хүсдэг нь хүний араншин юм. Ийм л тэмүүлэл нь хүний тархийг хөгжүүлж, хөдөлмөрлүүлэх гол түлхүүр нь болдог биз ээ. Саяхны нэг тоон статистик үүний нотлох нэг жишээ. Учир нь ипотекийн зээлийн эргэн төлөлт 97 хувьтай байхад Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн төлөлт ердөө долоон хувьтай гарчээ. Энэ юуг илэрхийлээд байна гэхээр хүнд орон байр маш чухал хэрэгцээтэй, өөрийгөө үл хөдлөх хөрөнгөтэй гэж бодон маадгар алхах нь сэтгэл ханамжийнх нь нэг хэмжүүр, бас гэр бүлийнхээ өмнө хүлээж байгаа том хариуцлага. Тиймээс л хүмүүс орон сууцныхаа 8 хувийн зээлээ хамгийн түрүүнд, хугацаа хэтрүүлэхгүй, төлж байгаа юм. Унадаг машин, хийдэг бизнес, оруулсан хөрөнгө оруулалтаасаа илүү анхаарч байна гэсэн үг. Тийм ч учраас өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд олгосон моргейжийн зээл хамгийн төлөлт сайтай, эрсдэл багатай байна.

Ипотекийн зээл үнэндээ иргэдийнхээ байртай болох хүслийг нь дэмжсэн хамгийн оновчтой бодлого аж. Ганцхан тоо дурдахад л 2013 оны эхнээс өмнө 20 жилийн хугацаанд байрны зээлэнд 940 тэрбум төгрөг олгожээ. Харин төр засгаас дундаж орлоготой иргэдээ орон сууцжуулах бодлого барьж “Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоо бий болгох” хөтөлбөр хэрэгжүүлж, ипотекийн 8 хувийн хүүтэй зээлийг олгож эхэлсэн нь тэсрэлт болсон. Нөгөө ипотекийн зээлийн олголт 2013 оны эцэс гэхэд буюу хэдхэн сарын хугацаанд хоёр их наяд төгрөгт хүрч, 2015 оны сүүлээр 3.4 их наяд төгрөг болж өсч байв. Гэвч 2016 оны сонгуулийн дараачаас эрчимтэй өсөлттэй явсан ипотекийн зээл олголт саарсаар одоо бүүр зогсонги байдалд орлоо. Арилжааны хэд хэдэн банкнаас орон сууцны 8 хувийн зээлийн хүсэлт авах эсэхийг лавлахад “Одоогоор нэмж авах бололцоогүй. Хүсэлтээ ирүүлсэн иргэдэд зээл олгох эсэхээ судалж байна” гэсэн хариулт өгч байна. Банкууд манайхаас зээл авч барилга барьсан компаниас байр авбал 8 хувийн зээлд хамруулах боломжтой хэмээн болзол тулгаж эхэлсэн байна. Их хэмжээний зээл авсан барилгын компаниудын орон сууц борлогдохгүй болохоор санхүүжилтийн хугацаа хэтэрч нь өр болж хувирч байгаа хэрэг. Энэ хэрээр арилжааны банкуудад эрсдэл үүсч байгаа учир ийнхүү боловсон тулгалт хийж эхэлжээ.Сар бүр арилжааны банкуудад олгогдож буй мөнгөн дүн нь өмнөх жилүүдэд олгож байгаагаас 3-4 дахин бага учраас зээлийн хүсэлт гаргасан болгонд өгөх бололцоогүй болчихсон хэрэг. Тиймээс л цензурдаж, банкууд өөрт ашигтай байдлаар шийдэж байна.

Яагаад ийм байдалд хүрэв, ипотекийн зээл юунаас болж хумигдав гэхээр хэд хэдэн шалтгаантай. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар ипотекийн зээлийг үргэлжлүүлэхдээ мөнгө хэвлэх замаар санхүүждэг өмнөх жишгийг халах шийдэлд хүрсэн юм. Хэрвээ ийм байдлаар цааш явбал Төв банкны алдагдлыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны бие даасан хараат бус байдлыг алдагдуулах, төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилгоо биелүүлж чадахгүйд хүргэх эрсдэлтэй гэж үзжээ. Тиймээс Монголбанкны ерөнхийлөгч 2016 оны аравдугаар сарын 25-ны өдөр тушаал гаргаж “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг шинэчлэн баталсан юм. Ингэснээр Монголбанк урьдчилж ямар нэгэн байдлаар санхүүжилт хийхгүй. Арилжааны банкууд эхлээд өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсний дараа Монголбанкнаас нөхөн олгоно. Тодруулж хэлбэл, иргэн Дорж аль нэг арилжааны банкнаас орон сууцны найман хувийн зээл авлаа гэж бодъё. Зээлээ графикийн дагуу сар бүр төлөөд байвал дараагийн хүнд зээл олгох боломж үүснэ. Эхний үйлчлүүлэгчийн эргэн төлөлтөөр дараагийн хүнд зээл олгодог гэсэн үг.

Өнөөдрийн байдлаар зээлийн эргэн төлөлтөөс сард 25-35 орчим тэрбум төгрөг төвлөрч буй аж. Энэ эх үүсвэрээр Монголбанк сар бүр орон сууцны ипотекийн санхүүжилтийг олгож байна.Энэ нь аманд ч үгүй, хамарт ч үгүй гэгчээр эрэлт, хэрэгцээг хангаж чадахгүй байна. Урьдчилсан тооцоогоор сард 60 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож байж ипотекийн зээл олголт хэвийн явагдах боломжтой аж. Тэгэхээр хэвийн хэмжээнд 8 хувийн орон сууцны зээл олгохын тулд эх үүсвэр олох шаардлага тулгарч байна. Энэ жилийн хувьд улсын төсвөөс санхүүжилт олгохоор болж төсвийн тодотголд 111 тэрбум төгрөг суулгасан юм. Цаашид хаанаас санхүүжилт олох вэ гэдэг л асуудалтай тулгарчээ. Үүнийг арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээр олгоё гэхээр хадгаламжийн хүү 14-15 хувь байхад, найман хувийн хувийн зээл олговол зургаан хувийн алдагдлыг хэн нөхөх вэ гэдэг асуудал гарч ирээд байгаа юм.

Ийм байдлаар гэлдэрвэл үнэндээ барилгын салбар царцанги байдлаасаа гарч ч чадахгүй, иргэдийн байртай болох хүсэл ч тэр хэрээр алсарсаар л байна. Гэхдээ үүнийг шийдэх боломжтой гэдгийг судлаачид, мэргэжилтнүүд онцолж байна.

МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, доктор Б.Бат “Ипотекийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэхийн тулд санхүүжилтийн хямд эх үүсвэр олох хэрэгтэй. Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр хуримтлал үүсгэж, эргэн санхүүжүүлж болно. Мөн Нийгмийн даатгалын сангийн зарим эх үүсвэрийг эргэлтэд оруулах ч боломж бий. Түүнчлэн ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас буюу Монголын ипотекийн корпорацад хуримтлагдсан багцыг хоёрдогч зах зээлд арилжин, эх үүсвэр бүрдүүлэх боломж бий” гэв.

Санхүү эдийн засгийн их сургуулийн ахлах багш Д.ГАНСҮЛД “Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх хэрэгтэй. Учир нь барилгын салбарт албан бус эх сурвалжийн мэдээгээр зургаа орчим их наяд төгрөг түгжигдсэн байна. 2015 оны дүнгээр манай нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн 23.1 их наяд төгрөгт хүрсэн. Тус салбар хямарвал манай эдийн засагт том сөрөг шок бий болохоор байгаа юм. Тиймээс орон сууцны эрэлт талаас нь энэ салбарыг дэмжих хэрэгтэй. Мөн барилгын салбарын уналтаас шалтгаалан чанаргүй зээлийн хэмжээ хурдацтай өсөж, орон сууцны үнэ тасралтгүй буурсаар байгаа нь банкуудад эрсдэлтэй. Цаашид МИК-ын үнэт цаасыг нээлттэй худалдах хэрэгтэй гэж бодож байна” гэж дүгнэв.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн судлаач Э.ТУНГАЛАГ “Ипотекийн зээлийн хөтөлбөрийг зогсоох нь зээлийн эргэн төлөлтийг бууруулах, барилгын салбарыг гацаах нөлөө үүсгэж болзошгүй. Түүнчлэн ипотекийн зээлийн хамрагдалт анх хэрэгжиж эхэлсэн жилтэй харьцуулахад харьцангуй буурч буйгаас харахад 30 хувийн урьдчилгаа төлөх чадвартай иргэдийн эрэлт ханаж байх магадлалтай. Цаашид зээлийн нөхцөл, шалгуурыг сайжруулж, зөвхөн зорилтот бүлгийнхэнд олгох чиглэлээр сайтар хяналттай ажиллах шаардлагатай болж ирж байна. Санхүүжилтийн хувьд төсөв, сангийн бодлогод аль болох хүндрэл учруулалгүй шинээр багцлаад бонд гаргах, хөрөнгө оруулагч олох зэргээр эргэн төлөлтийг эргэлтэд оруулан ашиглах хувилбар байж болох юм” гэсэн юм.

Үүнээс харахад төр засгийн зүгээс оночтой шийдэл, зөв зохицуулалт хийж чадвал шийдэж болохооргүй, дааж давшгүй зүйл биш аж. Засгийн газарт санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэх боломж бий. Ипотекийн зээлийн тогтолцоог бэхжүүлж, хөрөнгийн захаас урт хугацаатай эх үүсвэр босгох, нийгмийн даатгалын санд төвлөрөх хөрөнгийг урт хугацааны эргэлтэнд оруулах, уул уурхайн салбараас олох орлогын тодорхой хувийг санхүүжилтэнд зарцуулах, гадаадаас авч байгаа зээл тусламжийн нэгээхэн хэсгийг чиглүүлэх гээд гарц байсаар байна. Гагцхүү өнөөг хүртэл намагт шигдсэн барилгын салбараа татаж гаргах, царцанги байдлыг “хайлуулах”, орон сууцтай болох иргэдийнхээ хүслийг дэмжихдээ төр засаг тун хойрго төдийгүй хэрэгжүүлж байгаа бодлого нь бодит хөрсөн дээрээ буухгүй байна.

Уг нь барилгын салбараа дэмжиж, ипотекийн зээлээ өргөжүүлж, залуу болон дундаас доогуур орлоготой иргэдээ орон сууцжуулах алсын хараатай бодлого хэрэгжүүлбэл утаанаас ч салж, орчны бохирдол ч бага атугай багасч, иргэдийн амьжиргааны түвшин ч нэг шатаар ахих бололцоотой. Байрны зээл авсан хүн ажил хийхгүй, орлого олохгүй, алхайгаад хэвтээд байхгүй. Борви бохис хийхгүй л зүтгэнэ. Тэр хэрээр нөгөө л толгойны өвчин болоод байгаа ажилгүйдэл, ядуурал нь буурч, улсын хөгжлийг түргэтгэх юм шүү дээ.

Нэг тоо баримт дурдахад, өнөөдөр нийслэлд 352.812 өрх байгаагийн 148. 600 нь орон сууцанд, үлдсэн 204. 000 айл гэр хороололд амьдарч байна. Гэр хороололд амьдарч буй иргэдийн 189.240 нь орон сууцанд амьдрах хүсэлтээ холбогдох газруудаас явуулсан судалгаанд илэрхийлсэн байна. Монголбанкны Судалгаа, статистикийн газраас ипотекийн зээлд хамрагдах боломжтой иргэдийг судалжээ. Хүн амын орлогын бүтцийг харгалзан авч үзвэл моргейжийн зээлд хамрагдах иргэдийн эрэлт, хэрэгцээ байсаар байгаа. Одоогоор 14 арилжааны банкинд 3000 мянга гаруй өрхийн хүсэлт хуримтлагдчихсан, шийдэгдэж дуусаагүй байгаа аж.

Ийм их эрэлттэй байгаа атлаа орон сууц борлогдохгүй байгаагийн учир нь иргэдийн худалдан авах чадвар тааруу, мөнгөгүйнх. Урьдчилгаа мөнгөө арайхийж олоод байнгын ажилтай боллоо гэхэд зээл нь олдохгүй болохоор яаж ч иргэд байр худалдаж авах билээ дээ. Өнөөдрийн байдлаар л гэхэд зөвхөн нийслэлд нүүгээд ороход бэлэн болсон, 20 гаруй мянган орон сууц эзнээ хүлээн хоосон байна.

Тэнхлэг зууч гүйцэтгэх захирал Д.Должинсүрэн “Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод 83.6 мянган шинэ орон сууцны 371 төсөл хэрэгжиж байна. Үүнээс одоо захиалга аваад, хэрэгжиж байгаа төсөл нь 250 орчим байна. Бусад нь нөхцөл байдлыг ажиглаж, зогсолтын байдалтай байгаа. Орон сууцны борлуулалт дөрөвдүгээр сард бага зэрэг өсөлттэй гарлаа. Гэхдээ нийлүүлэлтийн илүүдэл их байсаар байна. Ашиглалтанд орсон ч борлуулагдаагүй 6700 орчим байр байна. Ашиглалтанд удахгүй орох16 000 мянган байр байна. Цаана нь захиалга аваагүй байр байгааг үгүйсгэхгүй. Нийлүүлэлт хэт ихэдсэн хэвээр байгаа учраас ойрын хугацаанд тэнцвэрээ хадгалах боломж харагдахгүй байна. Тэгэхээр царцанги байдал арилна гэж хэлэх боломжгүй”гэлээ.

Ипотекийн зээлийг иргэдийн худалдан авах чадвар, амьжиргааны түвшинтэй хэрхэн уялдуулах талаар өнөөг хүртэл ямар ч судалгаа хийгээгүй аж.Цаашид энэ хөтөлбөрийг тогтвортой үргэлжлүүлэхийн тулд иргэдийн амьжиргааны түвшин, орлогын хэмжээг нарийн судлах шаардлагатай болж байна.Манайд иргэдийг санхүүгийн хэрэглэгч гэдэг талаас худалдан авах чадварыг дэмжих, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль, эрх зүйн орчин бүрдээгүй. Бусад орнуудад иргэдийн орон сууц худалдан авах боломжийн индекс гэж гаргадаг. Орон сууц худалдан авахад өрхийн орлого хүрч байна уу, орлогын хэдэн хувийг зарцуулж байна гээд л. Ийм л судалгааны дүнг үндэслэн цаашид энэ хөтөлбөрийн юуг шинэчилж өөрчлөх шаардлагатайгаа шинжих учиртай. Монголд үнэндээ орон сууцны урьдчилгаа болох 30 хувиа төлөх боломжтой хүмүүсийн дийлэнх нь зээл авч, банкны шалгуурын босго даваагүй иргэд зээлийн гадна үлдчихээд байгаа.

Ипотекийн зээлийн хөтөлбөрийг урт хугацаанд үргэлжлүүлэхийн тулд зөвхөн хэдэн орон сууц барьснаар шийдэгдэхгүй. Тэгэхээр моргейжийн хөтөлбөрийг залуус, орлого багатай иргэдэд чиглүүлж хөнгөлөлттэй нөхцөл бий болгож, ипотекийн санхүүжилтийн гацааг арилгавал борлуулалт эрс нэмэгдэж, барилгын компаниуд нь ч сэргэж, банкууд эрсдэлээс гарч, эдийн засаг шокоос аврагдана. Тиймээс л олон талыг харсан оночтой бодлогыг Засгийн газар, Сангийн яам, Монголбанк, Барилга хот байгуулалтын яам хамтран тодорхойлж, орон сууцны урт хугацааны хөтөлбөрийг шинэчлэх цаг нь иржээ. Бас макро эдийн засгийн үзүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх санхүүжилтийн схемийг боловсруулах зайлшгүй хэрэгтэй байна. Хэрвээ үүнийг шийдэж чадахгүй нам, гарцыг олохгүй бодлого тодорхойлогчид цаашид иргэдийн дэмжлэгийг хүлээх байтугай бухимдал, дургүйцлийг гааруулахаар байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид ч гэсэн олон асуудал руу хошуурч, хадуурч байхаар ипотекийн зээлийн асуудлыг шийдэх шийдлийг санал болговол олонхийн дэмжлэгийг авахаар байна. Иргэдийн орон сууцтай болох туйлын хүсэл сонголт хийх торгон агшинд нэгийг санагдуулж л таараа.

Х.ДЭЛГЭР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчуудын эх оронч гэдэг нь худлаа хийрхэл юм биш үү

Нийтлэлийг маань Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчидтэй холбочих бий дээ. Огт хамаагүй юм шүү. Тэгэхээр бидний монголчууд өөрсдийгөө дэлхийд байхгүй мундаг эх орончид гэдэг. Түүхээ харвал жинхэнэ эх орончид олон бий. Манжийн 200 жилийн дарлалыг төгсгөл болгосон Сайн ноён хан Намнансүрэн, Да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж, Хайсан гүн, харчин гүн Бавуужав, Манлай ван Дамдинсүрэн… гээд олон хүмүүсийг хойч үеийнхэн эх орончид гэж хүлээн зөвшөөрдөг. 1921 оны хувьсгалын удирдагчид Данзан, Бодоо, Чагдаржав… тэдний туслахууд болох түүхэнд нэр нь үлдсэн Сүхбаатар, Догсом, Лосол эд нар ч бас эх орончид. Монгол Улсыг ЗХУд дагаар орохыг хүссэн албан бичигт гарын үсгээ огт зураагүй Чойбалсан, Бумцэнд хоёрыг ч жинхэнэ эх орончид гэж хойч үеийнхэн бахархах болсон. Ийм үе үеийн халуун эх орончид монголын төрт ёсны 2000 жилийн түүхэнд олноор төрж байсныг бид мэднэ. Ийм эх орончдын үр сад гэдгээрээ ч бид онгирох эрхтэй хүмүүс.

Үүнийг дурсах болсон шалтгаан бол өнөөдөр бидний монголчууд эх оронч сэтгэлтэй байгаа юм уу. Өнөөдөр эх орныхоо үнэ цэнийг хамгийн их мэдэрдэг хүмүүс бол гадаадад байгаа монголчууд гэдэг. Эх орондоо байгаанууд нь бол төдийлөн анзаардаггүй ч гэдэг. Энэ бол тогтсон ойлголт. Тогтсон ойлголт учраас гадаадад ажиллаж амьдарч, сурч боловсорч байгаа монгол хүмүүсээр эх оронч сэтгэлийг төсөөлөх болсон юм. Тэд эх оронч биш бол монголчууд бүгдээрээ эх оронч биш гэсэн ойлголт ч гэж болно. Тэгвэл амралтын өдрүүдээр гадаадад байгаа монголчууд саналаа өглөө. Монгол Улсынхаа Ерөнхийлөгчийг тэд сонголоо. Санал өгсөн хүмүүсийн тоо харамсмаар цөөн. Албан мэдээг нь хүргэе л дээ. “Гадаад улсад байгаа иргэд салбар комиссын тогтоосон санал авах байранд энэ сарын 10,11-ний өдөр очиж тухайн улсын орон нутгийн цагаар өглөөний 07.00 цагаас 22.00 цаг хүртэл хугацаанд саналаа өглөө. Гадаад улсад байгаа иргэдээс санал авах хуудас хуульд заасан хугацаанд бүрэн хүргэгдсэн, санал авах байр бэлтгэгдсэн, саналаа өгөхөөр ирсэн монголын иргэнийг тухайн улсын зүгээс ямар нэг байдлаар хянах, баривчлах, оршин суух эрхэнд нь халдахгүй байх бүх боломжийг бүрдүүлжээ. Ингээд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг 33 улсад 45 салбар комисс ажиллаж 7209 иргэн саналаа өглөө” гэж. Ямар урам хугармаар цөөхөн, ямар эх оронч бус, ямар эх орныхоо төлөө санаа тавьдаггүй хүмүүс вэ гэж тэднийг бодлоо. Албан ёсоор санал өгөх эрхтэй 140 000 монголчуудаас ердөө 7000 хүн санал өгчээ. Ердөө 5 хувь нь. Үүнийг сонсоод л бид эх оронч сэтгэлтэй хүмүүс мөн үү гэж эргэлзэхэд хүрсэн юм. Тэд очиж саналаа өгөхөд ердөө автобусанд, за үсрээд таксины тав арван төгрөг л гарна. Эх орных нь эрх ашигтай зүйрлэхэд энэ юу юм бэ. Бид үнэхээр эх орноо гэсэн сэтгэлтэй байсан бол 140 мянгуулаа саналаа өгнө. Тэгэхээр тэдний сэтгэлд эх орноо, монгол үндэстнээ гэх санаа зовнил өчүүхэн ч байдаггүй юм байна. Эх орноо гэдэг нь худлаа юм байна.

Гадаадад байгаа монголчуудын зүгээс дуулддаг мэдээллийн дийлэнх нь тэнд дэлгүүрээс хулгай хийж гэнэ, энд ингэж архидаж гэнэ, хар тамхитай холбогджээ, хамт ажиллаж байсан хүнээ хутгалжээ гэсэн бараан мэдээ дуулддаг. Энд байгаа монголчууд нь аль болох өнгөтэй өөдтэй яваа монголчуудаа эх оронд нь сайнаар сурталчлахын төлөө чармайдаг. Нэг жижигхэн шоунд орсон ч, нэг киноны орлон тоглогчоор ажилласан ч, ач холбогдол багатай жижиг программ зохиосон ч, коллеж дээрээ жижиг илтгэл тавьсан ч бүгдийг нь монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шүүрч аван баруунд од болсон мэт, дэлхийн шинжлэх ухаанд нээлт хийсэн мэт тэнгэрт тултал магтаж, монгол даяараа шуугиан болгодог. Гэтэл тэдний эх орондоо хандаж буй хандлага ийм өчүүхэн. Эх оронд нь юу ч болж байсан тэдэнд ямарч падлийгүй байгаад нь харамсаж байна.

Та бүхэн хэдүй гадаадад ажиллаж, амьдарч байгаа ч эх орныхоо өмнө үүрэг хүлээсэн иргэд шүү. Яагаад гэвэл танд Монгол Улсын иргэн гэсэн албан ёсны үнэмлэх байгаа. Та эх оронгүй цагаач, дэлхийд ад үзэгдсэн сири хүн биш шүү. Ядарлаа гэхэд буцаж ирээд хаана нь ч хамаагүй хэвтээд өгөх эх оронтой, газар нутагтай, санаа тавих үндэстэн нэгтэй хүмүүс. Ийм нандин эх орныхоо төлөө гадаадад байгаа монголчууд нийтээрээ хариуцлага хүлээх чадвар муутай байна. Ийм байж болохгүй нь гэж бодох цаг та бүхэнд иржээ. Та бүхэн дэлхийн бусад улс орны иргэд эх орноосоо гадна ямар байдгийг хар. Монголчууд бидэн шиг байна уу. Бүгдээрээ улс үндэстнээ хайрладаг, эх орныхоо ирээдүйн төлөө санаа тавьдаг юм байна. Үүний хамгийн ойрын жишээ бол Турк улс, туркчууд байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Туркийн Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах бүх нийтийн санал асуулга явагдсан. Нийт турк үндэстнүүд гадаад, дотоод гэлтгүй идэвхтэй оролцсон. Эх орондоо болон, гадаадад амьдран суугаа нийт 55 сая турк иргэн санал өгөх эрхтэйгээс 86 хувийн ирцтэй байсан нь туркчууд гайхамшигтай эх оронч хүмүүс болохыг баталж байгаа юм. Тэд эх орныхоо хувь заяаны төлөө ингэж санаа тавьдаг юм байна. Тэдний 51 орчим хувь нь Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг дэмжсэн юм билээ. АНУ, ОХУ, Их Британийн туркчууд санал асуулгыг дэмжжээ. Эдгээр орнуудад нэг сая орчим турк хүмүүс ерөнхийдөө тайван амгаланаар ирж саналаа өгсөн байна. Гэхдээ л эдгээр орны гудамжинд нэг сая орчим турк иргэн гарч ирээд эх орондоо болж буй санал асуулгад оролцоно хэмээн хөдөлж эхлэхэд нь тухайн улс орнууд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байгаа юм. Эх орныхоо Үндсэн хуулийн өөрчлөлтөд санал өгөх гэж сая саяараа Элчин сайдынхаа яам руу алхацгаасан нь амьдарч буй орныхоо нийгмийг хөдөлгөөнд оруулах хэмжээнд хүрчээ. Улмаар Төв Европын орнуудад ажиллаж амьдарч байгаа туркийн олон зуун мянган иргэн санал асуулгыг дэмжихгүй хэмээн гудманд гарч ирсэн нь төв Европыг сандаргасан үйл явдал болов. Тэнд байгаа туркчууд санал асуулгын эсрэг жагсаал цуглаан хийх зөвшөөрөл хүсч, тухайн улс нь сурталчилгаа хийлгэнэ, хийлгэхгүйдээ хүрсэн нь Европт сонгууль болж буй аятай юм болж, бас айлгаж. Дэлхийн улс орны иргэд эх орныхоо төлөө ингэтлээ санаа тавьдаг юм байна. Эх орондоо ийм их хайртай байдаг юм байна.

Ер нь энэ байдлаараа бол Монгол эх орноосоо гадагш гарсан хүмүүс ирээдүйд эх орондоо ямарч хамаагүй хүмүүс болох юм байна гэсэн харуусал төрлөө. Олон шалтгаантай байх. Манайх шиг байгаль цаг уурын хувьд хатуу ширүүн улс орон дэлхийд хуруу дарам цөөн юм шиг байна.Монголоос бусад нь бараг сайхан цаг агаартай юм даа. Дээр нь монголын нийгмийн байгаа царай, улс орон, ард түмнээ удирдан залж байгаа улс төрчдийн байгаа байдал, ард түмэн рүүгээ чиглүүлэн хэрэгжүүлж буй төр засгийн бодлого шийдвэр… үнэндээ монголчуудыг монголоосоо зугтаахад хүргэж байна. Цаашлаад монголчуудыг монголдоо хайргүй болгож байна. Монгол үндэстнээ боддоггүй, төр засгаа үзэн яддаг болгочихлоо. Үзэн ядахаас ч өөр аргагүй юм. Сүүлийн 20 гаруй жил хэдхэн хүнийг хязгааргүй их баяжиж, хөрөнгөжүүлэхэд төр засгийн бодлого чиглэж, бодитой хэрэгжиж ирлээ.

Ийм эмгэнэлтэй байхад эргэж ирэх монгол хүн байхгүй ээ. Эх орноо гэсэн сэтгэлгүй иргэнтэй эх орон гэж байдаг юм уу, байсан юм уу, түүхэнд. Хот руу орж ирсэн хөдөөний хүн буцдаггүйтэй адил юм болж байна. Тэд “Хөдөө ч мөн сайхан байгаа даа, хөх ногооны униар суунаглаад л…” гэж ярьсан хэрнээ үнэндээ хөдөө рүү явдаггүй шиг гадаадад байгаа монголчууд “Монгол эх орон минь мөн ч сайхан даа, наадмаар хуушуур идээд л…” гэж яриад л эх орондоо ирэхгүй байна.

Монголчууд минь ээ! Бид эх орон, монгол үндэстнийхээ талаар оюун санааны эргэлт хийх цаг нэгэнт болжээ. Монгол эх орныг, монголчуудыг монгол хүмүүс бид л хайрлана. Биднээс өөр хэн ч хайрлахгүй. Бид бүх зүйлд хариуцлагатай хандаж сурмаар байна. Энэ бүхэн монгол хүн нэг бүрийн хариуцлагын асуудал. Эх орныхоо өмнө, бие биенийхээ өмнө хариуцлага хүлээх ёстой шүү гэдгээ бүгдээрээ ухамсарлая. Гадаадад байгаа 140 мянган монгол хүнээс ердөө 7000хан нь санал өгнө гэдэг бол монгол хүн Монгол Улсынхаа төлөө санаа зовохгүй байна гэсэн үг шүү дээ. Метроны мөнгө төлж очоод саналаа өгч чадахгүй горойж байна гэдэг эмгэнэл юм. Та эх оронгүй хүн болжээ гэсэн үг юм. Эх оронгүй хүнд ямар юмных нь эх оронч сэтгэл байхав дээ. Амьдарч буй улс орныхоо нийгмийн илүүдэл болсон гэдгээ та Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхгүй байгаагаараа баталлаа гэсэн үг. Нийгмийн илүүдэл байх, үхсэн хүн хоёр ялгаагүй гэж нэг суут хүн хэлсэн байдаг юм шүү.