Categories
мэдээ спорт

Залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүн зарлагдлаа

Ирэх сарын 19-23-ны хооронд Тайландын нийслэл Бангког хотноо зохиогдох “Азийн 23 хүртэлх насны АШТ”-ний урьдчилсан шатны тоглолтуудад оролцох Монгол Улсын залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүн бүрэн тодорлоо.

Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайсс сүүлийн хоёр сарын турш шинжсэн хөлбөмбөгчдөөс шилдэг гэсэн 30 залууг өөрийн багт дуудсан. Дуудагдан тоглогчид багагүй хугацаанд бэлтгэл хийн, МҮОХ-ны байранд байрлан нэг баг болж, “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн “Эрчим”, “Сэлэнгэпресс”, “Эф Си Улаанбаатар” клубүүдтэй нөхөрсөг тоглолтууд хийсэн юм. Тэдгээр тоглолт, бэлтгэлүүд дээр өөрийгөө харуулж чадсан болон өөрийн арга багтаа нэгтгэхээр эртнээс төлөвлөсөн шилдэг 23 тоглогчийг шигшээ багт албан ёсоор багтаалаа.

Монголын 23 хүртэлх насны залуучуудын шигшээ багийг “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн “Атлетик 220”, “Хоромхон”, “Эрчим”, “Дэрэн”, “Сэлэнгэпресс”, “Хангарьд”, “Гоёо Эф Си”, “Унаганууд”, “Улаанбаатар сити” гэсэн клубүүдэд тоглодог хамгийн шилдэг тоглогчид бүрдүүлэх болсон. Герман дасгалжуулагч Майкл Вайсс ‘Би шигшээ багтаа сэтгэл хангалуун байна. Манай тоглогчдод авьяас бий. Бид богино хугацаанд чамлашгүй ахиц гаргасан. Урт хугацаанд тогтмол бэлтгэлтэй байвал цаашид амжилтанд хүрэх бүрэн боломж байна’ гэлээ. Манай шигшээ баг “Азийн 23 хүртэлх насны АШТ”-ий “H хэсэг”-т Тайланд, Индонези, Малайз улсуудтай өрсөлдөнө. Тэмцээнээс өмнө Солонгост нэгдсэн бэлтгэл хийхээр ирэх сарын таванд эх орноосоо өмнө мордох бөгөөд наана нь 06 сарын 27-нд Монгол дахь легионеруудтай нөхөрсөг тоглолт хийх хуваарьтай байна.

Шигшээ багаа дэмжиж тамирчдаа хамруулсан клубүүддээ баярлалаа.

Categories
мэдээ нийгэм

Р.Чойномын 13 ботийн нээлт маргааш болно

Монгол Улсын төрийн соёрхолт, яруу найрагч Р.Чойномын “Эрх чөлөө”, “Уур минь хүрч байна” хос цомог, “Р.Чойном” нэртэй түүний зохиол бүтээлийн 13 ботийн нээлт болон эрдэм шинжилгээний хурал маргааш Хүүхдийн төв номын санд болно.

Уг арга хэмжээг Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангаас зохион санаачлан зохион байгуулж байгаа юм байна. Эхний ботиудад түүний шүлэг, найраглал, шүлэглэсэн тууж, роман, орчуулгын бүтээлүүд байх бөгөөд сүүлийн ботиудад түүний тухай дурсамж, хууч, яриа, сурвалжлага, ярилцлага, шинжлэл, судалгаанууд багтжээ.

Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” санг 2003 онд байгуулсан бөгөөд түүний уран бүтээлийн өвийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан судлах, судалгаа шинжилгээний ажлыг дэмжих зорилготой аж.

Categories
гадаад мэдээ

Э.Макроны удирдсан “урагшаа” хөдөлгөөн парламентын сонгуульд ялжээ

ЗурагФранцын парламент болох Үндэсний хурлын сонгуулийн дүн гарахад, тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макроны удирдсан “Урагшаа” хөдөлгөөний нэр дэвшигчид парламентын доод танхимын 577 суудлаас 308-ыг нь авчээ. Харин тус хөдөлгөөний холбоотон болох “Ардчилсан хөдөлгөөн” нам 42 суудал авсан тухай тус улсын Дотоод хэргийн яамнаас гаргасан хамгийн сүүлийн үеийн мэдээнд дурдсан байна. Ингэснээр Э.Макроны удирдсан хөдөлгөөн Үндэсний хуралд үнэмлэхүй олонх болж байгаа юм.

Баруун төвийн үзэлт Бүгд Найрамдах нам 113 суудал, Социалист нам 29, баруун төвийн үзэлт “Ардчилсан үзэлтнүүд ба бие даагчдын холбоо” 18, Жан Люк Меланшоны удирдсан “Үл бууж өгөх Франц орон” нам 17, Францын Коммунист нам 10, Марин Ле Пений удирдсан “Үндэсний фронт” нам 8 суудал тус тус авчээ.

Categories
мэдээ нийгэм

Увс аймгийн Тариалан суманд мах бэлтгэх үйлдвэр барина

Засгийн газрын болон Увс аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр дэх “Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, махны нийлүүлэлтэд улирлын хамаарлыг багасгах, иргэдэд эрүүл, баталгаат хүнс хэрэглэх нөхцөл бүрдүүлэх” ажлын хүрээнд Увсын Тариалан суманд мах бэлтгэх үйлдвэр байгуулахаар болсон.

“Хүмэн нэгдэл” компанийн санаачилгаар Австрийн “Bertschlas­ka” компанийн тоног төхөөрөмж суурилуулан, евро стандартын дагуу мах, махан бүтээгдэхүүн боловсруулж, бэлтгэх эл үйлдвэр 1000 тоннын хүчин чадалтай байх гэнэ. Тодруулбал, эл үйлдвэрт нэг ээлжиндээ 40-50 бод, 120-150 бог нийлүүлж, жилдээ 1000 тонн мах бэлтгэж, хагас болон бүрэн боловсруулсан 600 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм байна. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ эхний ээлжинд дотоодын зах зээлд нийлүүлэх бол цаашид хүнсний аюулгүй байдлын НАССР, ISO тогтолцоог нэвтрүүлэн баталгаажуулж экспортлох гэнэ.

Үйлдвэрийг 11 сарын хугацаанд барьж, ашиглалтад оруулахаар зорьж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэт”-ийн ТУЗ-ийг 100 хувь төрд авах шийдвэрийг хүчингүй болгожээ

“Монголын зэс” ХХК-ийн нэхэмжлэлтэй гомдлын дагуу Захиргааны хэргийн шүүх зургадугаар сарын 8-ний өдөр хуралдаж, Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгожээ. Тодруулбал, “Монголын зэс” ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэх тухай” даалгаврыг илт хууль бус болгохыг тогтоолгох, Монгол Улсын Засгийн газраас өгсөн даалгаврын дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгуулах захиргааны хэргийг хянан хэлэлцэж, дээрх шийдвэрүүдийг хүчингүй болгосон байна.

Ингэснээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэх шийдвэр нь хууль бус, түүний хэрэгжилтийг хангаж байсан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын гаргасан бүх шийдвэрүүд хүчингүй болсон ажээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Сүхбаатарын талбайд иргэдийг хорин мянган нээлттэй ажлын байранд бүртгэнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй өдөрлөг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд болж буй. Тус яамны харьяа байгууллагууд өдөрлөгт оролцож, иргэдийг 20 мянган нээлттэй ажлын байранд бүртгэх юм байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан протез, ортопедын үйлчилгээ үзүүлж, тэргэнцэр шаардлагатай иргэдийн хүсэлтийг хүлээн авах, Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуульд бүртгэх, даралт үзэх, цусан дахь сахарын хэмжээ тодорхойлох зэрэг үйлчилгээ үзүүлэх юм байна.

Түүнчлэн элэгний В, С вирустэй холбоотой авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээ олон нийтэд танилцуулах аж.

Categories
мэдээ спорт

Манай жүдочид БНСУ болон Японд хамтарсан бэлтгэл хийв

Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид БНСУ болон Япон улсад олон улсын хамтарсан бэлтгэл хийсэн байна.

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Унгарын Будапешт хотноо наймдугаар сарын 28-нд эхэлнэ. Тус тэмцээний өмнөх олон улсын энэхүү хамтарсан бэлтгэлд дэлхийн шилдэг жүдочид хамрагдаж ДАШТ-ий өмнөх гол бэлтгэлээ базаажээ. Монголын жүдочид зургадугаар сарын 30-нд Хөх хотын Гран при тэмцээнд оролцоод ДАШТ-ий нэгдсэн бэлтгэлдээ орох юм.

Categories
мэдээ нийгэм

Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлэг хүртэлх замыг 21-нээс эхлэн хаана

“Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1км авто замыг шинэчлэх ажил эхэлсэн.

Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1км авто замын урд талын эгнээ буюу баруунаас зүүн тийш зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 21-ний 23.00 цагаас эхлэн 25-ны 23.00 цаг хүртэл түр хязгаарлаж, авто замын зорчих хэсгийн хучилтын ажлыг гүйцэтгэнэ. Энэ хугацаанд тээврийн хэрэгсэл авто замын хойд талын эгнээгээр сөрөг хөдөлгөөнтэй зорчих юм.

Замыг шинэчилснээр урсгал тус бүр нь 3 эгнээтэй нийт 18 метр өргөн болно.

Бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр “Наранбулаг Хан” ХХК 2017 оны зургаадугаар сарын 5-наас 2017 оны есдүгээр сарын 10-ны хооронд хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Наадмын худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийг ажлын хэсэг олгоно

Тулгар төр байгуулагдсаны 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд олгох зөвшөөрлийн материалыг дүүргийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс авч эхлээд байна. Зөвшөөрөл хүссэн материалыг зургадугаар сарын 27-ны өдрийг хүртэл авах юм.

Хүлээн авсан материалыг зургадугаар сарын 28-29-ний өдрүүдэд сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж, 30-ны өдөр олон нийтэд нээлттэй зарлана. Өөрөөр хэлбэл, зөвшөөрөл хүссэн материалыг дүүрэг хүлээн авч, зөвшөөрлийг дүүргийн Мэргэжлийн хяналтын газраас гарсан ажлын хэсэг сонгон шалгаруулж олгоно гэсэн үг юм.

Дашрамд мэдээлэхэд, үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын 400, худалдааны 100 зөвшөөрөл, Хүй долоо худагт хуушуурын 210, худалдааны 110 зөвшөөрөл олгохоор болжээ. Хоол үйлдвэрлэл явуулах зөвшөөрлийг зөвхөн аж ахуйн нэгжид олгох аж. Харин худалдааны цэгээр хүнсний бүтээгдэхүүн, ус, ундаа, айраг, зайрмаг, бэлэг дурсгалын зүйлсийн худалдаа, гэрэл зургийн үйлчилгээ үзүүлэх юм байна гэж Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Найман иргэн тус бүр дөрвөн сая төгрөг хожлоо

Өчигдөр буюу 2017 оны 6-р сарын 18-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны 2017 оны тав дахь тохирол явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2017 оны тавдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2017 оны 6 дугаар сарын 17-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 12,975,195 баримтаас:

4 сая төгрөгийн 8

500 мянган төгрөгийн 140

100 мянган төгрөгийн 1147

20 мянган төгрөгийн 11813 баримт тохиролд таарч, нийт 13108 иргэн азтан боллоо. Супер азтан тодорсонгүй.