Categories
мэдээ цаг-үе

Д.Очирбат: Үндэсний оношлогооны төвтэй болсноор гадагшаа явах шаардлагагүй болно

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбаттай ярилцлаа.


-Удтал шийдэгдэхгүй байсан Түлэнхийн төв эмнэлгийг барих санхүүжилт шийдэгдсэн. Ямар эмнэлэг баригдахаар болж байгаа вэ?

-Түлэнхийн төв эмнэлэг нь орчин үеийн тоног төхөөрөмжтэй олон улсын жишигт хүрсэн эмнэлэг бий болно. Кувейт улсын хөрөнгө оруулалтаар баригдахаар төлөвлөгдсөн. Монгол Улсын Засгийн газар, Кувейтын Засгийн хооронд гэрээ хийгдэж байна. Кувейтууд Монголд биечлэн ирсэн. Урьд нь барилгын ажил гүйцэтгэж байсан “Нутгийн зам”, “Цаст констракшн” гэсэн хоёр компани барилгын ажлыг үргэлжлүүлэн хийж байна. Дараа жил гэхэд барилгын ажил дуусна. Үүн дээр 1.5 тэрбум ам.долларын өртөгтэй тоног төхөөрөмж суурилуулна. Ийм иж бүрэн эмнэлгийг хүлээлгэн өгнө гэсэн сайхан мэдээтэй байна.

-Манай улс үндэсний оношлогооны томоохон төвтэй болох гэж байгаа. Энэ талаарх мэдээллийг хүргээч?

-Нэг үеэ бодвол салбарын ажил харьцангуй урагштай яваа. Жишээ нь, II эмнэлгийн хашаан дотор дэлхийн жишигт нийцсэн “Үндэсний оношлогоо, эмчилгээний төв” байгуулах “мОН-8” төсөл хэрэгжиж эхлээд байна. “8” төслийн хүрээнд БНСУ-ын Засгийн газрын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны эрүүл мэндийн сангийн хөнгөлөлттэй зээлээр 49 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар үндэсний оношлогоо, эмчилгээний төвийг байгуулна. Энэ төсөл амжилттай хэрэгжиж, үндэсний оношлогооны төв ашиглалтад орсноор олон нийтэд эрүүл мэндийн чанартай үйлчилгээ, хүртээмжтэй хүрнэ. Ингэснээр гадаадад эмчлүүлэхээр явж буй өвчтөнүүдийн тоо болон эрүүл мэндийн гадагш урсдаг зардал буурна.

-Хэзээ ашиглалтад орох вэ?

-Сая хэд хоногийн өмнө барилгын ажлын явцтай нь танилцлаа. Барилгын суурийн ажил хийгдэж байна. Долоон давхар өндөртэй, гурван талаараа хүзүүвчээр холбогдсон эмнэлэг болно. Бүх тооног төхөөрөмж нь орчин үеийн шаардлага хангасан. Цөмийн хурдасгууртай үзлэг оношлогоог монголд анх удаагаа нэвтрүүлнэ. Энэ нь үйл ажиллагааны функцийг цар хүрээтэй нь оношилно гэсэн үг. Энэ төв байгуулагдсанаар эрүүл мэндийн салбарт эрс шинэчлэл бий болно гэж үзэж байна. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр дэлхийн жишигт нийцсэн циклотроны үйлдвэртэй болно. Мөн изотоп үйлдвэрлэх юм. Энэ төвийг 2018 оны арван хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Ингэснээр орон нутаг дахь бүсийн оношлогоо, эмчилгээний төвүүдэд явуулын автомашинаар үйлчлэхээс гадна интернэтээр холбогдож, хагалгаа, хурал зөвлөгөөнийг удирдах юм. Хагалгааг орон нутагт нь интернэтээр удирдаж хийнэ. Боловсон хүчнээ одооноос бэлдэж эхэллээ. Цацраг туяа, цөмийн мэргэжилтнээр ажиллах таван мэргэжилтэнг Солонгост сургаж байна. 20 гаруй мэс заслын эмч, мэргэжилтнүүдийг Японд сургах гэж байна.

-Сонгинохайрхан дүүрэгт жишиг эмнэлэг баригдаж байгаа. Ажлын явц ямар шатандаа явна?

-Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт дүүргийн жишиг эмнэлэг баригдаж байгаа. Нийслэлийн нэг дүүргийн хүн амыг эрүүлжүүлэх, хэрэгцээ шаардлагыг хангахуйц жишиг эмнэлэг баригдаж байгаа. 24.8 сая ам.долларын хөрөнгө оруулалттай. Зөвхөн эмнэлгийн газар нь гэхэд 2-3 га газрын хэмжээтэй. Хамгийн орчин үеийн багаж тоног төхөөрөмжөөр хангаж өгнө. Сая тендер зарлагдаж шалгарсан компани барилгын ажлаа эхлүүлсэн байна. Дүүргийн ийм загвар жишиг эмнэлгийг 2018 ондоо Хан-Уул, Чингэлтэйд барихаар төлөвлөсөн.

-Гэмтлийн эмнэлгийн үүдэнд онгоц шууд буудаг болж байгаа гэсэн үү?

-Тийм ээ. Цаашдаа эмнэлгүүдийн үүдэнд нисдэг тэрэг буудаг болгоно. Замын түгжрэлтэй үед ч тэр хөдөө орон нутгаас ч тэр эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай хүргэнэ. Цаашлаад I, II, III эмнэлгийн үүдэнд нисдэг тэрэг буух боломжтой талбайг судлан үзэж байна.

-Өрх, дүүргийн эмнэлгээр үйлчлүүлэх хүмүүсийн тоог нэмэгдүүлж, Эх нялхас, Гэмтэл, I II III эмнэлгийн ачааллыг бууруулах бодлого барин ажиллаж байгаа гэж сонслоо. Үүнд яамнаас ямар чиглэлтэй ажиллаж байгаа вэ?

-Би УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлалцаж байсан. Энэ хуулийн гол үзэл баримтлал нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг анхан шатнаас нь эхлэн анхаарч, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн мэдээлэлтэй байлгахад чиглэсэн хууль юм. Гэтэл амьдрал дээр өрхийн эмнэлгээ тэр болгон тоодоггүй. Заавал гурав дахь шатлалын эмнэлэгт танил талаараа яриулж ор хүлээж хэвтэх гэсэн байдал ажиглагддаг. Энэ нь эрүүл мэндийн урсгалыг харахад дээшээгээ данхайчихсан доошоогоо нарийсчихсан нь харагдана. Одоо хоёр дахь шатлалын гэж нэрлэгддэг аймаг, дүүргийн эмнэлгүүдэд нарийн мэргэжлийн үзлэг оношилгоог 9-11 төрөл болгон нэмэгдүүлж байна. Өрхийн эмнэлэг буюу эрүүл мэндийн салбарын анхан шатанд ажиллаж байгаа эмч, сувилагчдыг чадавхжуулж, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр үзлэг оношилгоо хийх, урьдчилан сэргийлэх сурталчилгаанд дадлагажуулах цөм сургалт, ойлголт, мэдлэг зайлшгүй хэрэгтэй байгаа. Эрүүл мэндийн яам энэ оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй уялдуулан өвчнөөс аль болох урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хүн эрүүл байх ёстой. Улмаар эрүүл байгаа иргэдийг төрөөс дэмжих учиртай. Эрүүл мэндийн даатгал төлдөг, гэр бүлийнхэн нь ч мөн эрүүл мэндийн даатгал төлдөг ч эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээ авдаггүй хувь хүн, иргэн олон бий. Иймээс тэдгээрийг дэмжиж эрүүл мэндийн даатгалаар нь агаар салхинд амрах, сувилалд явах, фитнес иогоор хичээллэх боломжуудыг нь нээж өгөх хэрэгтэй санагддаг.

-Та энэ салбарын мэргэжлийн хүн учраас салбарынхаа алдаа дутагдлыг гярхай сайн анзаарч харж байгаа байх. Та ажлын гараагаа хаанаас эхэлж байв?

-Би арван жилийн сургуулиа төгсөөд III эмнэлэгт нэг жил асрагчийн ажил хийж байлаа. Үүний дараагаар Анагаахын сургуульд суралцаж төгсөөд эрүүл мэндийн байгууллагад жил гаруй ажилласан. Тэгээд хувийн эмнэлэг, хувийн эмийн сан дөнгөж байгуулагдаж байх үетэй холбоотойгоор Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт эрүүл мэндийг хариуцсан зохион байгуулагчаар ажилд орсон доо. Тэгээд дүүргийн Засаг дарга, УИХ-ын гишүүнээр ажиллаж хууль тогтоолцож явсны хувьд салбарынхаа алдаа оноог илүү сайн мэдрэлгүй яахав. Юуны өмнө эрүүл мэндийн салбарын зохион байгуулалтын асуудалд түлхүү анхаарч ажиллаж байна. ТҮЦ, хүнсний дэлгүүр шиг эл дол болсон хувийн эмнэлгүүдийн стандарт шаардлагыг хангуулж ажиллуулахаар болж байна. Гурван сая хүн амтай мөртлөө 5000 гаруй хувийн эмнэлэгтэй байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай явуулахад яамнаас анхаарахгүй бол хэтэрхий дур зоргоороо задгай явж ирсэн нь харагдаж байна. Эмийн бодлого гэж байхгүй болсон. Хил гаалиар оруулж ирж буй хамгийн ашигтай бизнес эмийн бизнес болчихож. Энэ бүгдийг цэгцэлж байж иргэнд хүрэх тусламж үйлчилгээ сайжирна.

-Эмнэлгүүдэд тоног төхөөрөмж нийлүүлдэг “Сетунари” ХХК-ийн охин компани болох “Вона Бета” улсын эмнэлгүүдэд урвалж нийлүүлдэг. Мөн улсын эмнэлэг дотор хувийнхаа оношлогооны төвийг нээсэн гэх мэт зөрчил гарсан. Үүнд ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Төрийн эмнэлгийн лаборатори нь өөрийн үйл ажиллагаагаа явуулахгүйгээр хувийн хэвшилдээ өгдөг. Тэгээд бүр улсын эмнэлэг дотор хувийн оношлогооны төв байрладаг. Ийм хэл ам маш их гардаг. Хувь хувьсгал нь ч ялгаагүй оношлогоо эмчилгээг хамгийн сайн түвшинд хийх ёстой. Бид үүнийг анхаарна. Улсын ажлын өмнүүр орж хувийн хэвшил мөнгө олохын төлөө ажиллаж буйтай арга хэмжээ авч хариуцлага тооцно.

-Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын баримт бичиг энэ оны эхэнд батлагдсан. Эрүүл мэндийн салбарын ойрын 10 жилийн төлөвлөгөө цаасан дээр буусан байна гэж ойлгож болох уу?

-Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 болон Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Монгол Улсын Хүн амын хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2016- 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг баримт бичигт тулгуурлан боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлж батлуулсан. Ингэснээр эрүүл мэндийн салбарын ирэх 10 жилийн хөгжлийн ерөнхий зураглал тодорхой боллоо. Ингэснээр хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурлан аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэх, үйлчлүүлэгчийг дагасан зохистой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх замаар тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулснаар дундаж наслалтыг уртасгах зорилтын эхлэл тавигдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бид том бодлогынхоо хэмжээгээр ажлаа төлөвлөж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, тоног төхөөрөмж, санхүүжилт зэрэг олон асуудлыг шийдэхийн тулд урдаа барих бодлогын бичиг баримттай боллоо гэж үзэж болно.

-“Нярай хүүхдийн хоол тэжээлийн тухай” хууль шинээр батлагдсан. Салбар хариуцсан сайд нь олон нийтэд хандан ташаа мэдээлэл хийсэн гэх асуудал гарч байсан?

-Манай сайд буруу өнцгөөс нь ойлголт муутайгаар ярилцлага өгчихсөн хэрэг гарсан л даа. Эхийн сүүг дэмжих тухай хууль батлагдсан. Үнэндээ эхийн сүү орлуулагчийг хязгаарлах нь зүйтэй. Түүнээс хуулиар шууд хүчээр хаагаад хориглочихож байгаа зүйл байхгүй юм шүү.

-“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр улс орон даяар хэрэгжиж эхэлсэн. Энэ талаар мэдээллийг хүргэхгүй юу?

-“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн нээлттэй өдөрлөг өнгөрсөн тавдугаар сарын 5-ны өдөр улс орон даяар нээлтээ хийсэн. Энэ хөтөлбөрийг бүх хөдөө орон нутгаар танилцуулж байгаа. Би Баянхонгор, Төв аймагт очиж ажиллаад ирлээ. Баянхонгор аймагт гэхэд 1800 гаруй хүнд эрүүл мэндийн анхан шатны үзлэг хийж, элэгний В, С вирусыг илрүүлэх үзлэг оношлогоо дөрвөн экогоор үзсэн байна. Эрүүл мэндийн даатгалтай 40-65 насны хүмүүс эрүүл мэндийн даатгалаараа элэгний В, С вирусыг илрүүлэх үзлэг оношлогоог үнэ төлбөргүй хийж байгаа. 65-аас дээш насны болон 18-39 насны хүмүүс ирэх 2018 онд эрүүл мэндийн даатгалаараа үнэ төлбөргүй энэхүү үзлэгт орно. В, С вирусыг илрүүлдэг оношилгооны аппарат техник тоног төхөөрөмжийг хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад хүргэж байгаа. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр бол зөвхөн элэг гэдэг эрхтэнийг хамгаалж эмчлэх ойлголт биш. Монголчууд элэг бүтэн өвчин зовлонгүй амьдарч олуулаа хамтдаа байна гэсэн утгаар ойлгох хэрэгтэй.

Хөдөө орон нутагт бүх сумдынхаа эмч нар, эрүүл мэндийн ажилтнуудад эрүүл мэндийн сургалт зохион байгуулж байна. Эрүүл мэндийн яамнаас энэ 2017 онд хөрөнгө оруулалтаар шийдэгдсэн туулах чадвар сайтай автомашин, тоног төхөөрөмжийг аймаг болгонд хүлээлгэн өгч байна. Эрүүл мэндийн яамны удирдлагууд орон нутагт ажиллахдаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэр хүрч байгааг газар дээр нь очиж харж, эмнэлгийн байгууллагын ажилтнуудад сургалт зөвлөгөө өгч нэгдсэн бодлоготойгоор ажиллах болж байгаа байгаа нь маш давуу тал юм.


Categories
мэдээ цаг-үе

СУУ АЛДАРТНУУДЫН ӨЛГИЙ: Домогт “Буур” Жамъян аваргын төрсөн нутаг Тэрхийн голын хөвөөгөөр (III)

Түрүүч нь №127,128(5694,5695), 129(5696) дугаарт


Дархан аварга Б.Түвдэндорж, даян аварга Н.Жамъян нар. 1971 он

Буур аварга мал маллах эрдэм ухаанд гаргууд, улсын сайн малчин байжээ. Сайн малчны сайшаалын үнэмлэх гэж дэвтрийн цаасан дээр будгийн харандаагаар бичсэн алгын чинээхэн хуудас байдаг юм гэсэн. Морь хар уядаг байсан эсэхийг нь сонирхоход тийм зүйл дурдагдсангүй. Ер нь Тэрхийн цагаан нуур, Тариат тийшээгээ морь уяад, гүү бариад айргаа исгэж уугаад наадаж цэнгээд байх нь ховор хэмээн ахмадууд хэллээ. Хуучин нийгмийн үед Тариатын наадам өдрийн хугас болоод л дуусна. Зургаан насны морьдоо хамт уралдуулчихна. Үндсэндээ азарга, их морь, даага шүдлэн нь хамт уралдчихна гэсэн үг. Нэг наснаас ердөө дөрөв тавхан морь л уралддаг байсан юм уу даа.

Хорго тийшээгээ хүйтэн сэрүүн учир наадам өнгөрч, наймдугаар сарын эх хүртэл хүмүүс хөвөнтэй дээлнээс бараг салахгүй. Малчид нь зундаа гүүгээ унах нь бий. Унаж яваа гүүнийх нь даага сарваа араас нь дагалдана. Ямар сайндаа “Тариатынхан вогоонтойгоо явж байна” гэж зэргэлдээ сумынхан нь цаашлуулж байхав. Одоо бодит байдал их өөр болсон гэнэ. Их аваргын нутаглаж байсан сумынхантай уулзахад ийм яриа хөөрөө үүсч, инээд наргиан болоодохлоо.

“Манай хөгшин чинь дуу хуурт маруухан, нэлээн халмаглачихсан, сайхан зээрд болчихсон үедээ “ганаарай төмөөрэй гайгүйдээ” гээд дуу аялж байдаг сан. Харин хулганаас жигтэйхэн айна. Үе үе бид нүүдэл хийнэ л дээ. Хавар сумын төвөөс урагшаа Гичгэнийн голын хөвөө рүү гарч зусна. Гэрийн шал ачих болохоор л өвгөний бие зарайгаад явчихаж байгаа юм. Хулгана гүйлдэнэ гэж айгаад тэр. Би бас зүгээр байхгүй аавыг дамшиглана аа. Өөрөөр нь гэрийн шал өргүүлэх гэж үзнэ. Аав та тэр талынх нь булангаас өргөөдөх гэхэд хоёр нүдийг тас аньчихсан, сууж байгаад гараа сэмээрхэн доош нь шалны булан руу явуулж байгаа харагддаг сан. Мэхээрийн бор тос гэж байлаа шүү дээ. Түүнийг хийж байх үед л хулганаас үнхэлцгээ хагартал айсан хүн юм билээ. Гичгэнийн голд мэхээр нээж яваад хулганы ордтой газрын хажууд унтаад өгч. Нэг сэртэл эргэн тойрон хулгана дээлнийх нь ханцуй сугаар, өвөр дотор нь хүртэл гүйлдсэн шиг байгаа. Тэгээд манай хөгшин ухаан алдаад уначихсан гэдэг” хэмээн Гэлгээ гуай Цахираас Тариат сум руу явах замд буюу Тэрхийн цагаан нуурын урдхан тушаад ярьж бидний инээдийг хүргэв. Халхын хүчит их аваргыг бор хулгана л ухаан алдуулж унагаж байжээ гэх бодол эрхгүй ороод ирж байна.

Буур аваргын төрсөн бууц

Их аваргын хүч тэнхээг үе тэнгийнх нь залуучууд үзэх гэж хаврын шар өтгөн дээр ээлжилж барилдаад мэдээж дийлээгүй байна. Тэгэхээр нь дөрвөн лагс том залуу өтгөн дээр хэвтээд Жамъян аваргын хоолойд нь суран бугуйл углаж “Чи тийм л хүчтэй юм бол биднийг чирээдэх” гэж л дээ. Аварга хаврын шар өтгөн дундуур өнөө дөрвийг чинь хүржигнэтэл чирсэн гэдэг. Энэ тухай сүүлд аварга “Залуу насны ааг омог аюултай шүү. Яаж хоолойныхоо цагаан мөгөөрсийг тас татчихаагүй юм” гэж халаглажээ. Бага залуугаасаа ингэж хүч бяр, бие хаа нь тэгширсэн энгүй идгүй бөх байсан нь хэн бүхний яриагаар нотлогдоод ирдэг. Бөх хүн л болсон хойно их аварга сэжиг сүжгийн юм бас байсан нь мэдээж. Хоргын тогооны тийшээ нутаглаж байхад үе тэнгийнх нь өвгөд голын урдтайх уул руу улаан сонгинод хамт явъя гэж санал болгожээ. Аварга ч уулын зэрлэг сонгинод явах нь яадаг бол гэж бодоод хэвтэж байж. Яг явах болтол нэг хүн “Аварга та явах хэрэг байна уу. Тийшээ чинь дошгин шүү дээ” гэчихэж. Тэрхүү үгийг эмзэг хүлээж аваад, дотроо жаахан сүжиг муутай гарсан шиг байна. Очсон даруйд сонгиноо цохиж авах гэж байгаа нь тэр гээд хоёр талдаа үзүүртэй зэтүүгээ хүчтэй нь аргагүй далайгаад нэг талынх нь үзүүрээр нь тархиа яз цохичихжээ.Тэгээд л буцаад ирсэн гэдэг. Дахиж уул хаданд явах сүжиг нь буурсан байна.

Домогт их аваргын гол хобби ерөөсөө л шатар тоглох. Тариат, Цахир, Их тамир, Батцэнгэл, Булган уулын өвөр аймгийн төвд аваргынхыг ээлжлэн нутаглаж байхад хамтдаа шатар нүүгээгүй өвгөд хөгшид үнэндээ ховор юм билээ. Гэлэгжамц гуайтай аян замд явахад уулзаж учирсан бүхэн “Буур аваргыг харсан. Бусад хүмүүс шиг хүзүүгээрээ эргэж харж чаддаггүй, агуу том цээжээрээ эргэж хардаг хүн байсан. Манай аавтай, өвөөтэй минь ирж шатар нүүдэг байлаа” гээд л яриагаа эхлэх нь хууль. Гэлэгжамц гуай ч анх аваргынд шатар тоглох гэж очоод өндөр охиных нь барааг харсан гэдэг. Энэ тухай сүүлд тодорхой өгүүлнэ. Шатартай холбож мань хүн “Би чинь аваргатай ана мана тоглодог байлаа. Харин хүргэн болсноос нь хойш нэг их тоглоогүй юм. Өвгөнийг дандаа хожоод байлтай нь биш, бас зүгээр хожигдоод суултай нь биш. Хоёулаа нэг нүүнэ байгаа гэхээр нь ажилтай байна энээ тэрээ гээд бултчихдаг байсан” тухайгаа сонин болгох үүднээс хэллээ. “Тавин есөн оноос хөгшнийг өнгөрөх хүртэл буюу далан есөн оны хооронд бүтэн хорин жил хамт явсан. Хорин жил гэдэг хүний амьдралд урт юм шиг, маш богино ч юм шиг, тийм л ахар хугацаа” гэж тэрээр яриан завсраа хэлж байв.

Ц.Гэлэгжамц гуай гэргий, хүүхдүүдийн хамт

Буур аварга хүргэндээ их хайртай, хүндэтгэлтэй ханддаг байж. Ерөөс хүнийг муугаар хэлж байгаагүй, давсан бөхчүүдээ бус, унасан бөхчүүдээ ярих дуртай, тэр чигээрээ бөхийн жудаг, монгол эр хүний цөлх ухаан, ноён нуруу байсныг өмнөх тэмдэглэлдээ өгүүлсэн. Тариат сум, Мөрөн сумтай нийлснийг мэдэх хүмүүс нь мэднэ. Аваргын өргөө гэр утаагаа савсуулж байсан “тавын гудам” гэдэг нь сумын төвөөсөө дээш таван гудам л байж. Тариатынх сумын төвийнхөө дээхнүүр, Мөрөнгийнх нь доохнуураа нутагладаг юм гэсэн. Тэрхүү тавын гудамд суучихаад аварга мод хөрөөдөж харагдана. Гэлэгжамц гуайг ажлаасаа тараад ирж явтал мод хөрөөдөж суусан хөгшин нь гэнэт алга болчихно. Яваад очихоороо хөрөөгөө нуучихаад гаргаж ирэхгүй. Сүүлд буур аваргын хөгшин нь Гэлэгжамц гуайд үнэнийг хэлжээ. “Өдөржин ажилласан хүүхдийг орой ирэхэд нь мод хөрөөдүүлээд яахав” гээд хөрөөгөө нуучихдаг байж. Харин хүү нь өвгөн аваргыгаа мод түлээ уулнаас татахад ойртуулж байгаагүйг хэлнэ лээ.

Буур аваргыг Тариат суманд нутаглаж байхад буюу жараад оны сүүл үеэс далаад оны эхэн үе хүртэлх дөрөв, таван жилд Тариатын арван жилийн сургуульд бөхийн дугуйлан хичээллэсэн түүхтэй. Аварга бөх болох сонирхолтой зургаа, долоогоос дээших ангийн хүүхдүүдэд монгол бөхийн эрдэм, дэвээ шаваа, мэхийг зааж байсан. Тэртээ хориод оны эхээр Тариатын хүрээнд шавилан сууж жаахан Дамбий багшаараа бөхийн эрдэм заалгасныхаа хариу болгож Тариатын сургуульд бөхийн дугуйлан хичээллүүлсэн байна. Их аваргын дугуйланд ямар ямар хүүхдүүд явж, бөхийн эрдмээс нь суралцаж байсан нь анхаарал татдаг. Их хурлын дарга асан, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан, Монгол төрийн нэртэй зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн ерөнхийлөгчөөр хоёр дахиа сонгогдон ажиллаж байсан, нэрт академич Батболдын Энхтүвшин нарын олон улс төр, шинжлэх ухааны нэртэй эрдэмтэд буур аваргын дугуйлангийн сурагчид байв. Ирээдүйн академийн ерөнхийлөгч Энхтүвшинд буур аварга мэх заагаад зогсож буй зураг хөрөг ч байдаг л юм.

Их аваргынхаа нутгаар дөрөө харшуулан яваа Гэлэгжамц гуай бид Тариат сумын төвд нэгэн айлыг зорьж ирсэн нь Монгол Улсын хүчит начин Сундуйн Дамдинбазарын хүү, Тариатын сургуульд 40 жил багшилж буй Нарангэрэлийнх байсан. Аймгийн заан цолтой тэвхгэр хав дөрвөлжин энэ эр буур аваргын бөхийн дугуйлангийн сурагчдын нэг билээ. “Миний бие 1968-1970 оны хооронд Тариатын арван жилийн сургуульд суралцаж төгссөн. Тэр үед бөхийн секц дугуйлан гэдгийг мэддэггүй байлаа. Бөхийн багш дасгалжуулагч гэх мэргэжлийн хүн байхгүй байсан цаг. Буур аварга манай сургуульд 20 гаруй хүүхдүүдийг бөөгнүүлж үндэсний бөхийн гараа дэвээ заасан. Жижиг дугуй хэлбэртэй бор эсгийг бөхийн дэвжээ гэж дэлгээд дугуйлан маань эхэлж байсныг санах юм.

Аварга хүүхдүүдийг тойруулж суулгаад хуруу гарыг нь нэг бүрчлэн барьж үзнэ. Бас өргөж үзнэ. Чи бөх болохгүй юм байна гэж хэн нэгэнд тусгайлан хэлж урмыг нь хугалж байсангүй. Миний хүүхдүүд бүгдээрээ бөх болно оо гэдэг байсан. Тэр хүүхдүүд дундаас маш олон эрдэмтэн, төр нийгмийн зүтгэлтэн, гавьяат цолтнууд төрж гарсан. Харин би гэдэг хүн л бөхийн зам мөрөөр замналаа. Биеийн тамирын сургууль төгсч ирээд Тариатын сургуульд багшилж, аварга багшийнхаа бөхийн эрдмийг үе үеийн сурагчиддаа зааж байна. Наран багшийн шавь гэдгийг манай аймгийнхан дэвээ шаваагаар нь мэднэ. Энэ бол өчүүхэн надад өвлүүлж үлдээсэн эрдэм юм” гэж бахархан хэлэв. Түүний шавь нараас М.Цанлиг, Б.Амарзаяа, Н.Адъяабат нар улсын начин цол хүртэж, төрийн наадмын дэвжээнд багшийнхаа алдрыг дархалжээ.

“Буур аварга жаалхан сурагч бидэнд босч байгаад өөрийн биеэр дэвээ шаваагаа үзүүлнэ. Аргагүй л буур нэрэндээ таарсан, сүрдмээр одоогийн хэллэгээр динозавр шиг тийм аварга биетэй, яс томтой бөх байлаа. Дэвж байгааг нь дээшээ өлийцгөөн хараад сууж байгаа бидэнд дээрээс нөмрөөд буучих гэж байгаа юм шиг, гарынх нь хаялга намилга нэг л өөр. Нэг их олон мэх заагаагүй. Хамгийн түрүүнд суйлах мэхийг зааж байсан. Өрсөлдөгч бөхийнхөө сэнжигнээс атгаж аваад мөрийг нь хүчтэй цааш түлхэхэд өөрийн эрхгүй хөл нь гозойгоод гарт ороод ирнэ.

Тэгэнгүүт хөлийг нь аваад түлхчихдэг юм гэж хэлж, зааж байсан. Суйлах мэхийг гайгүй сайн сурсны дараа бидэнд нэг онцгой сонин мэх зааж өгсөн нь гар дээгүүрээ хөвүүлж татах юм. Би энэ мэхийг голлож хийдэг байлаа гэж аварга хэлнэ. Хөвүүлж татах мэхийг аварга бүр намайг босгож ирээд зааж байсан. Миний баруун мөрнөөс зүүн гараараа бариад, баруун гараа урдуур тэс хөндлөн тавиад гар дээгүүрээ хөвүүлээд татчихаж билээ. “Жижгэвтэр бие хаатай, жаахан бяд муутай хүнийг ингээд хөвүүлээд татчих амар байдаг юм” гээд инээвхийлж байсан. Аргагүй л бяртай хүний гардаж хийдэг, буур аваргын маань унаган мэх нь байж шүү. Би тэр мэхээрээ Гончигдорж, Жамбалдорж энэ хэдийг чинь хөвүүлж татах гэж амьхандаа ноцолдож л байлаа”. Нарангэрэл зааны амттай, үнэн бодит яриа ийн үргэлжилсээр.

Зураг дээр зүүн гараас “хужаа” Ө.Чүлтэмсүрэн арслан, Дорнодын “гулзгай” У.Дамчаа арслан, Их Монгол Шаравжамц аварга, Маршал Чойбалсан, Буур Жамъян аварга, даншгийн Буянтоо аварга. 1940-өөд он.

“Манай Наран ч энэ хавийнхаа том, бага ойн наадмыг толгой дараалан тогшсон хүн дээ” гэж Гэлгээ ах цаашлуулж байна. Үнэхээр ч тийм ажээ. Багшийн дээд сургуулийн биеийн тамирын ангийн оюутан ахуйдаа Баянаа аварга, Зэвэгийн Ойдов, Данзандаржаагийн Сэрээтэр нараар хичээл заалгаж явсан тэрээр Дамдин, Цэрэн, Бээжин аваргууд, Дагвасүрэн, Мөнгөн нарын хүчит арслангуудын тоосонд орж “Хөдөлмөр”, “Хоршоолол” нийгэмлэгийн зааланд цолтнуудын аманд гарч явсан удаатай. Тариатын “Ялалт” нэгдлийн 50 жилийн ойд түрүүлэн алтан Москвад 14 хоног амрах эрхийн бичгээр шагнуулж, далан зургаан онд Долгорсүрэн заан, Булганы Лхагвасүрэн начин нарын бөхчүүд Архангайд ирэхэд бүгдийг нь хаяж түрүүлэн гайхуулж байсан удаа бий гэнэ.

“Эрээн хавиргат” Төрбат арслан, Жаргалантын Арцын Гончиг начин, “даранцагаан” Ванчинсүрэн, Чулуутын “жонго” Даваасүрэн заан, Дүвчинжамц заан, “папаан” Жамъяншарав гээд тухайн цагийнхаа олон хүчит бөхчүүдтэй нөхөрлөж явсан Дамдинбазар начин буур аваргаа элгэн халуунаар дурсдаг байсныг хүү нь хэлж байна. “Би чинь аваргын нөмөр нөөлөгөнд олон чиг жил төрийн наадамд очиж барилдсан азтай хүн дээ” гэж наяад оны дунд үе хүртэл Тэрхийн голоороо нутаглаж байсан начин үнэн сэтгэлээсээ хэлнэ. Дамдинбазар гуай 1944 онд Баянаа аваргыг төрж байх жил улсын цол хүртсэн байдаг. Тэрээр сав л хийвэл буур аваргаа, мөнхүү төрийн наадамд морин өртөөгөөр очиж байснаа дурсдаг байжээ.

“Манай буур аваргыг чинь Маршал ихэд хүндэтгэнэ. Маршалын бөх ч гэдэг байсан.

Наадам тарсны орой Чойбалсан буур аваргыг машинаараа ирж авна. Түүнийг нь аварга ч мэддэг байсан. Нутаг хошууныхаа бөхчүүдээс “За хүүхээд, аваргадаа юу захих билээ” гэж асууна. Тэр үед ховор байсан гоё үнэртэй хятад ногоон тамхи, нар хамба, нанжин чавга, хромон гутал гээд багагүй зүйл хэлнэ дээ.

Ингээд шөнө дөл болсон хойно аварга хүндэтгэлийн цайллаганаас Маршалын унаагаар хүргүүлж майхандаа ирнэ. Нэлээн сайхан халанги, аавын хэлснээр бол сайхан улаан зээрд болчихсон ирдэг байж. Тэгээд л дээлийнхээ уужимхан өврөөс бөхчүүдийнхээ захиасыг гарган, хүн хүнд нь нэрлэж өгөөд, өөрөө Маршалын маань бэлэг юм гээд торго дурдан баадагнаад бүсэлчихсэн ирдэг сэн.

Ингэж л өвгөн буурал аваргынхаа хишиг буяныг олон жил хүртсэн” гэж Дамдинбазар начин үр хүүхдүүддээ магнай тэнэгэр хэлж байжээ. Буур аварга Дамдин начин нараас гадна Цахираас монхор Санжаа гэж заан цолтой, бас л өндөр том биетэй хүн байсан гэдэг.Дамдинбазар начны зураг гэж жигтэйхэн хөнхгөр том духтай, өргөн магнайтай, дэлдгэр чихтэй нэг их өндөргүй болов уу гэмээр хуучны зураг хүүгийнх нь хоймрын хананд өлгөөтэй харагдана лээ.

Шуудангийн 51 машины дугуй хагараад, жолооч нь данхраад энээ тэрээгүй явсан юм байлгүй. Буур аваргаар өргүүлсэн гэдэг. Аварга сууж байгаад өргөсөн юм гэнэ лээ.Нас нэлээд өндөр болсон үедээ тийнхүү шуудангийн “тавин нэг”-ийн данхраад болсон удаатай. АИХ-ын депутат болоод шинэ Үндсэн хуулийг батлалцаж явсан Тогтохын Ядамсүрэн гэж хүний дурдатгалд тэр тухай бий. “Манай хөгшин хөл гүйцэхгүй гэж боддог байсан, болж өгвөл сууж байгаад л өргөдөг байлаа. Гэхдээ хөл өвдлөө гэж нэг ч удаа таяг тулаагүй хүн шүү дээ” гэж Гэлгээ гуай хэлсэн. Энэ ярианаас үүдээд Ядамсүрэнгийн дурдатгал хөндөгдсөн хэрэг.

“Банзар гуай(босоо Банзар гэж алдарт арсланг хэлж байна), Ванчинсүрэн гуай, Дамдинбазар гуай энэ хэд уулзахаараа бөхийн тухай сайхан хуучилна. Манай өвгөн барагтай л бол дуугарахгүй. Нөгөө хэд нь урсгаж өгнө. Та нар их цээж сайтай юм аа гэж суудаг сан.“Даранцагаан” Ванчинсүрэн гэж идэр залуудаа гайхагдаж явсан заан Чулуутаас байсгээд л хүрч ирж өвгөнтэй хуучилна. Банзар арслан мөн зориод ирнэ. Тэр жил төрийн наадмын их шөвөгт манай хөгшин алдарт “мээтэн Аюур”, босоо Банзар, цэргийн Шагж гэсэн гурван хүчит арслантай үлдсэн байдаг. Буур аварга ирж ам аваарай хэмээн гарын даа нар хүнээр хэлүүлж байна гэнэ. Төрийн наадамд дараалаад гурвуулаа түрүүлчихсэн хүчит арслангуудыг чухам хэнийг нь амлах вэ гэдэг аваргад хэцүү байж л дээ. “За яахав, нэгийг нь тавьчих даа” гээд гарын даа нарын явуулсан хүнийг буцаачихаж. Хоёр, гурван удаа ч янз бүрийн зүйл хэлээд буцаачихсан юм уу даа. Тэгтэл “аварга өөрөө ирж ам бөхөө амла” хэмээн шаарджээ. “За яадаг билээ, хэнийг нь авдаг билээ” гээд гайхаад алхаж явтал өнөө гурван арслан чинь майхны тэнд тойрч суугаад ярилцаж байх юм гэнэ. Бүр ч хэцүү санагдаж. Энэ үед Банзар гуай, аварга та хэн нэгийг маань амлаж авах учиртай хө. Юу гэж таны саналаар зүгээр нэгийг нь тавих юм” гэжээ. Тэгтэл, хөөе хөөе түрүүлж дуугарснаар нь чамайг авий гэсэн байдаг. Ингээд алдарт босоо Банзар гуайг аварга цолны төлөө зүтгэж байхад нь амлаад хаячихаж. Сүүлд буур аварга Банзар гуайгаас “Чи тэгэхэд юм бодоогүй биз дээ” гэж асууж байсан гэдэг.

Өөлдийн гурван арслангийн нэг Архангайн Өлзийтийн босоо Банзар гуайтай Гэлэгжамц гуай мэндтэй устай, ойр дотно явжээ. Гэр орноор нь ч орж гарч явсан гэдэг. Далан найман онд аймгийн төвөөс албан ажлаар Өлзийт орохдоо гэрт нь очиж хуучилсан байна. “Банзар гуай гарт багтахааргүй сайхан чүнчигноров хөөрөгтэй. Тэр жил манайхыг хөгшнийхтэй айл аймаг Батцэнгэл суманд байхад Банзар гуай үе үе ирнэ. Нэг удаа Шивэртийн амралтад амрах гэж явахдаа аавынхаар дайрсан юм. Дараа нь амралтад нь яваад очлоо. Хүмүүсийг тойруулаад суулгачихсан, өнөө чүнчигноров хөөргөө бариад л хүнгэнэсэн сайхан хоолойгоороо ярина шүү дээ. Яндан цохиж байгаа юм шиг хоолой нь хүнгэнээд л явчихдаг сан. Арслангаас хүмүүс ихэвчлэн бөх л асууна. Урьдны хүмүүс мэдэхээ л ярихаас мэдэхгүйгээ худлаа хэлнэ гэж байхгүй. Их ядарсан үед, огтоос тааварлаагүй байхад мэх ороод ирдэг юм гэж Банзар гуай хэлж билээ. Тэгээд Их тамирын “нохой” Гомбо заантай барилдсанаа ярьж байсан. Нохой Гомбо заанд хоёр ч удаа унаад байж. Тэгэхдээ хоёр хөлдөө барьцгүй гүйлгэж унасан юм билээ. Ингээд гурав дахиа барилдаж байхдаа “энэ золиг гүйнэ дээ” гэж бодож л дээ. Өнөөх нь засуулынхаа ардуур орчихоод хоёр талаар нь бултганаад байх юм гэнэ. Нэг гарч ирээд дайрах шиг болтол нохой Гомбо толгой дээр нь байж байх юм гэнэ. Их сандарсан, ядарсан үед мэх ороод ирдэгт гэдэг нь тэр. Нохой Гомбоос түлхүүлээд Банзар өөрөө гүйчихсэн байгаа юм. Тэгж л хуучилж байлаа. Сүүлд гэрт нь очиход өнөө чүнчигноров хөөргөө Булганы Сайханы тийшээ хүмүүст арилжчихсан гээд сууж байсан сан. Гэлэгжамц гуай бид хоёр Арын сайхан хангайд хаврын сүүлч сарын тэлэмгэр цагаар домогт бөхчүүдийн тухай ийн хуучилж явна.

Сайхан бөхчүүдийн хууч яриа, Буур аваргынхаа тухай дурсахад зам хэрхэн шуударч байхыг ч анзаарах сөхөөгүй л яваа юм. “Би чинь Өөлдийн гурван арслантай гурвуулантай нь уулзсан хүн юмаа” гэж хэлсэн. Банзар гуайн тухай бид хоёр дахиа л хуучилна. Харин Өлзийтөөр тэр жил бууж мордож явахдаа Орхон голын хөвөөнд нутаглаж буй алдарт “улаан хүзүү” Дэлэг арслангийнд очсон байна.

1934 оны улсын баяр наадамд зодоглосон 1024 бөхөөс Төв аймгийн “Мөнгөнморьт”-ын Чимид арслангаар арав даван түрүүлж байсан Хүрэлийн Дэлэг арсланг “Гооргор хүзүүтэй жижгэвтэр хөх өвгөн байсан” гэж байна.

Төрийн наадамд хоёр удаа үзүүрлэж, олон удаа шөвгөрсөн хүчит арслан Өлзийтийн Жалбуугийн Чойжилсүрэнтэй бид нэг оны юм, тавин найман онд үзүүрлэхэд нь би наадам үзэж л байсан гэв. Чойжоо арслантай бүр чиг ойр явжээ. Аавтай нь онжав, дээрээс нь дотны нөхөр, нэг нутаг усны хувьд Чойжилсүрэн арслан ерэн таван онд жаран насандаа улсын наадамд зодоглохдоо гурвын даваанд Гэлэгжамцынхаа хүү Өсөхбаярыг амлаж тахимаа өгсөн түүх бий. Алдарт арслангаар гурав давсан Өсөхбаяр Гочоосүрэн заанаар дөрөв, Жигжидийн Мөнхбат аваргаар тав, Долгорсүрэнгийн Сумъяабазараар зургаа, Баянмөнхийн Гантогтохоор долоо давж шууд заан цолонд хүрсэн байдаг.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

С.Нямаа: 86 настайдаа Монгол эх орноо үзнэ гэж санаж явсангүй ээ, эмээ нь

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Монголд ирсэн Нямаа гуай өдгөө 86 нас сүүдэр зооглож байна. Тэрээр Халимагийн нэрт эрдэмтэн, монгол судлаач Очирын Номтын удмын хүн юм. Очирын Номтын нэрэмжит Халимаг улсын буяны хандивын “Өв” сангийн тэргүүн Уланова Нина Санджариковна буюу Улана Санжийн Нямаатай ярилцлаа.


-Монгол газарт хөл тавьсанд тань баяр хүргэе. Монголд ирээд төрсөн сэтгэгдлээ хуваалцаач?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар ирсэндээ сэтгэл хангалуун байна. 86 настайдаа Монгол эх орноо үзнэ гэж санаж явсангүй ээ, эмээ нь. Санаа хурдан салхин хурдан гэсэн хуучны үг бий. Сэтгэл зүрхэндээ хэзээ нэгэн цагт очно гэж бодож явснаас биш мөрөөдөл биелнэ гэж бодож явсангүй. Монгол газрыг ийм сайхан өргөн уудам нутагтай гэж төсөөлж байгаагүй. Ямар сайхан юм. Өндөр өндөр уулс, өргөн уудам нутаг… Үгээр хэлэмгүй сайхан мэдрэмж төрж байна. Улаанбаатар балгасан хот газар нь том том байшинтай юм аа. Чадалтай, баялаг сайхан улс юм. Үзээгүй учраас төсөөлж бараагүй байж. Соёл түүхээ хүндэлдэг нь эмээд нь их таалагдлаа. Эзэн хааныхаа хөшөөг бүтээчихэж. Буддын шашнаа дээдэлжээ, монгол газрынхан минь. Өргөн олон түмэн нь шашин номоо хүндлээд яасан сайхан юм. Эмээ нь хамба ламын газар очлоо (Гандантэгчинлэн хийдэд очсоноо хэлэв бололтой). Халимаг богд (Зонхов гэгээн)-ынхоо дүрийг харсандаа сэтгэл дүүрэн сууна. Налайх гэдэг газрын Сайн Номун ханы хийдэд очоод ирлээ. Монголчууд шашин соёлоо гайхалтай дээдэлдэг улс юм байна аа. Халимагуудын хувьд Оросын газар очиж, шашинд нь ороод зарим маань хэл, соёлоо мартсан тал бий. Гэхдээ буцаад өөрийн гэсэн бүхнээ сэргээх гэж яваа ийм цагт Монгол газартаа ирсэндээ олзуурхаж сууна, эмээ нь.

-Таныг Халимагийн нэртэй эрдэмтэн Номт Очирын зээ гэж сонссон. Номт гэж ямар хүн байсан юм бол гэсэн асуултаар ярилцлагаа үргэлжлүүлье?

-Эмээ нь өвөг дээдсийнхээ түүхийг сэргээж босгохын тулд сүүлийн 25 жил зүтгэж явна. Ээжийн минь ах Очирын Номт гэж Халимаг, Орост нэрд гарсан эрдэмтэн хүн байсан юм. Хуулийн чиглэлийн мэдлэгтэй, дээд боловсролтой, Халимагийн ноёд, Оросын эрдэмтдэд хүндлэгдсэн хүн байсан даа. Залуу насандаа Санкт-Петербург, Москвад боловсрол эзэмшиж, дээд ноёдод тоогдож явсан нэгэн. “Жангар” туульсыг бүхэл бүтэн арван бүлгээр нь авч үлдсэн хүн. Би багадаа ээжээсээ “Ийм сайн юм бүтээсэн, боловсролтой хүн яагаад тэгж их хэлмэгдсэн юм бол” гэж их олон удаа асуусан ч “Хамаагүй юм ярьж болохгүй” гэсэн хариу л сонсдог байлаа. 1989 онд өөрчлөн байгуулалт шинэчлэлт болдог юм. 1992 онд нь би нагац ахынхаа нэрэмжит “Өв” сангаа байгуулсан.

-Нагац ах нь яагаад хэлмэгдсэн юм бэ?

-Цагаан хааны төрд зүтгэж явсан хүмүүс Октябрийн хувьсгалын дараа буруудаж, зарим нь буудуулж, нэг хэсэг нь орон шоронд орсон юм. Соёл, үндэсний түүх, ардын аман зохиолыг дээдэлдэг хүмүүсийг хавчин гадуурхсан цаг л даа. Энэ бүх хүмүүсийн нэр төр, дээдэлж явсан бүхнийг нь сэргээхийн төлөө сүүлийн 25 жил зүтгэж явна аа, эмээ нь. Нагац ахыгаа цагаатгуулж чадсандаа баяртай явдаг. Нагац ах маань 1926-1956 он хүртэл шоронд байсан юм. Үүнээс гадна Халимагийнхаа дээдэс ноёдын түүхийг сэргээхээр ажиллаж байна. Хувьсгалын эсэргүү, феодал нударган гээд буудуулсан цагаан ястай ноёдын удмын нэр төрийг сэргээх нь манай сангийн эрхэм ажил. Монголын боловсролтой сэхээтэн улс халимагуудыг ямар зовлон жаргал эдэлж явсныг ойлгож мэдээсэй гэж эмээ нь хүсдэг. Бидэн тэнд очоод эзэлсэн суусан газартаа муу яваагүй ээ. Оросын ёс, хамжлагад ороод өөрийн гэсэн зовлон жаргалаа эдэлсээр энэ цагийг хүрсэн улс байгаа юм. Бидэн Чингис хааны үеэс алга махны тасархай, алтан ясны хэлтэрхий. Нэг уг удам угсаатай улс. Тийм учраас түүхээ мэдэлцэж, өв уламжлал хэл соёлоосоо суралцаж явах хэрэгтэй. Энэ удаад эмээ нь Монгол газартаа ирнэ гэж бодоогүй. Монгол газартаа ирээд ямар их баярласнаа л дахин дахин хэлмээр байна даа. Миний өвөг дээдэс Оросын хаант засгийн үед өөрийн гэсэн нэр мөртэй явсан улс. Энэ хүмүүсийн нэрийг түүхэнд бичиж үлдээх үүрэг нь биднийх юм аа. Халимагийнхаа хүүхэд багачууд, монголчууддаа энэ бүхнээ хуваалцаж ярихыг хүсч байна.

-Таны байгуулсан “Өв” сан өнгөрсөн 25 жилийн хугацаанд ихийг амжуулжээ. Нагац ахынхаа, Халимагийн ноёдын нэрийг сэргээсэн гэж та ярилаа. Оросын төр засгаас албан ёсоор цагаатгасан гэсэн үг үү?

-Миний нагацыг албан ёсоор цагаатгасан. ОХУ-ын Дээд зөвлөлийн төвшинд цагаатгасан юм. Уран бүтээлийн хувьд их хэцүү. Орон шоронд байсан учраас тухайн үедээ үнэлэгдээгүй. Зарим бүтээлийг нь өөр хүмүүс нэрээрээ гаргаж байсан юм билээ. Эмээ нь одоо энэ талаар юу хэлэх вэ дээ. Гэхдээ нагац ахын минь нэрэмжит сургууль ажиллаж байна. Нэрэмжит гудамж бий. Ийм нэг хүн байжээ гэдгийг хойч үе нь мэддэг болсонд баярлаж сууна даа. Нагац ахаасаа гадна аавын минь зүтгэж явсан, Халимагийн сүүлчийн ноён Данзангийн нэр төрийг сэргээлээ. Энэ хүмүүс Оросын засагт үнэнчээр зүтгэж, хөдөлмөрлөж, татвараа төлж, иргэний үүргээ гүйцэтгэж байсныг Оросын төр засгаас хүлээн зөвшөөрсөн.

-Таны аав Халимагийн сүүлчийн ноёны баруун гар байсан гэв үү?

-Тийм ээ. Ноёны өв хөрөнгөөс үлдсэн тугийн зэв бумбыг эмээ нь Монгол газартаа ирэхдээ авчирсан нь ийм учиртай юм аа.

-Таны авчирсан тугийн зэв ямар түүхтэй эд вэ?

-Би өвөг дээдсийнхээ шүтээн болох тугийн бумба /тугийн зэв/-ийг авчирч Монгол газартаа цэнгүүлж байгаа юм. Тундутов гэж Цагаан хаанд зүтгэж явсан хүн. Мянгаад хүн буудахад нь буудчихсан юм билээ. Өмнө нь суварга босгож байсан ч ЗХУ-ын үед нурааж хаясан. Мөнгө төгрөг босгож байгаад суврагыг шинэчилж босгосон юм. Тундутовын эзэмшиж явсан газар өдгөө Волгоград мужид байдаг. Мужийн захиргаанд нь хандаж байгаад 400 га газар авсан. Зураг гаргаад хойчийн буяныг нь бодоод хурал номын газар байгуулахаар шулуудсан. Энэ дэлхийн тэн хагасыг эзэлж явсан нэг удам угсаатай монголчууд цэнхэр гариг даяар цацсан шагай шиг болсон. Оросын газарт сууж байгаа бид шашин соёлоо гээд явж байна. Хятадын газарт сууж байгаа монголчууд гэж бий. Угтаа бид нэг шашин, нэг хаант улс, нэг бурхантай улс. Ноёдын хуучин газарт оросууд юм бариагүй. Цэцэрлэгт хүрээлэн маягийн газар л байсан. Дэлхийд Монголыг мэдрүүлж байсан үр хойчис ямар соёлтой, түүхийн үнэт зүйлсийг бүтээсэн ард түмэн бэ гэдгийг харуулахсан гэж бодож явдаг. Тундутов бол Орос, Францын дайны баатар хүн. Орос, Францын дайнд оросууд ялахад Халимагийн гурван морьт хороо асар их үүрэг гүйцэтгэсэн. Торгууд, хошууд, дөрвөдийн морьт хороод. Үүнээс гадна эд Парисийг эзлэхэд их үүрэг гүйцэтгэсэн. Нэгдүгээр Петр хааны үеэс Францын, Европын соёл их нэвтэрсэн. Тэдний соёлоор дайтаж байсан учир оросууд Москваг их амархан алдах шахсан. Энэ үед халимагуудын тусыг авсан нь ялалтад маш өндөр үүрэг гүйцэтгэсэн. Наполеон Бонафартаас бичсэн захиа бий гэж хүртэл ярьдаг. Хүний махан хүнстэнгүүд явуулчихав уу, дайны ёс зүйгээр бол ийм юм байхгүй гэсэн утгатай захиа ирсэн гэж ярьдаг. Түүхэн эх сурвалжаар батлагдаагүй ч ам дамжсан энэ мэт яриа, домог байдаг. Тундутовын өргөж явсан тугийн зэвийг би Монгол газартаа авчраад байна. Европ, Америк руу гээд хол газар явсан нь энэ тугийн зэвийг авч яваагүй. Үлдээгээд явсан л даа. Энэ бол дайнд авч явдаг дайны туг.

-Дэлхийн монголчууд таныг зорьж ирдэг гэсэн. Тэд ямар зорилгоор руу ирдэг вэ?

-Дэлхийгээр тархан суурьшсан монголчууд намайг зориод ирдэг. Гэхдээ жуулчин маягаар ирдэггүй. Өвөг дээдсийнхээ түүхийг сэргээж, ойлгож мэдэж авах гэж ирдэг. Ерөнхийлөгчийн урилгаар ирээд олон хүнтэй уулзлаа. Тусалж дэмжье гэж байгаад үнэхээр их баярлаж байна.

-Та Монголд ирээд Ерөнхийлөгчийн тамгын газрын даргатай уулзсан. Уулзалтаас сэтгэлд үлдсэн агшин гэвэл та юуг онцлох вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан ирсэн учрыг маань сонсч их сайхан угтаж авсан. Чингис хааныхаа гэгээн дүрд мөргөсөн минь хэзээ ч марташгүй агшин байлаа. Их хаандаа уйлж байгаад мөргөж сүслэлээ. Өвгөөс үлдсэн тугийн зэвийг цагаан хадаг дээр барьж хааныхаа хөргөөс адис авлаа. “Тантайгаа уулзахаар ирлээ. Халимагууд энгийн сайхан аж төрж буй мэдээг тандаа дуулгаж байна. Таныхаа өршөөл авралд талархъя” гэж хэллээ. Ц.Баярсайхан дарга, Болд зөвлөх хоёр ажил үйлийг минь дэмжинэ гэсэн үнэнхүү сэтгэлээс талархаж сууна. Ирсэн өдөр маань Монгол Халимагийн парламентын бүлгийнхэн хүлээж авсан. Тэгээд Ерөнхийлөгчийн тамгын газраас хүлээж авлаа. Сэтгэл дүүрэн сайхан байна. Чингис хааны маань орыг залгасан хүн намайг Монгол газарт минь урьсанд талархаж явна аа, эмээ нь. Халимагийн олон түмэн Монгол газартаа очно оо гээд дээл хувцсаа бэлдээд суудаг. Тэр олныг төлөөлж ирсэн нь миний хувьд нэр төрийн хэрэг. Монгол газартаа ирнэ гэж дээлээ бэлдэж хүлээсэн түмний минь зарим нь бурхны оронд заларсан. Нэг хэсэг нь ирэх боломжгүй, хүүхэд залуус маань мэдэхгүй байна. Тэр бүх хүний сэтгэлийг төлөөлж Монгол газартаа ирлээ. Зөвхөн Халимаг ч биш дэлхийгээр тархан суурьшсан монголчуудаа төлөөлж ирлээ. Биднийг тусгаар оршсон Монгол маань хүлээн зөвшөөрч, хүндэтгэдэг гэдгийг энэ удаагийн явдал харууллаа гэж эмээ нь бодож сууна даа.

На.Сүхбаатар: НомтОчирОв Өв сОёлОО хайрладаг учраас аМьДралыНХаа 30 жилийг шОрОНД ӨНгӨрӨӨсӨН

Халимагийн “Өв” сангийн тэргүүн Нямаа гуайтай ярилцсаны дараа түүхч На.Сүхбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Нямаа гуайн олон улсын хэмжээний буддын соёлын төв байгуулахаар ажиллаж байгаа нь сэтгэгдэл төрүүллээ. Энэ хүний удмын талаар тайлбар өгөөч?

-Энэ хүний нагац ах Халимагийн нэрт эрдэмтэн Очирын Номт гэж хүн Эйлэн Овлаа гэдэг хүний амнаас алдарт Жангарыг бичиж авсан юм. Ээлан Овлаа 1920-иод онд Халимагт болсон өлсгөлөнгөөр нас барсан юм. Улаантнууд байдгийг нь хамж авсны хойно цагаантнууд ирээд хуугүй аваад явсан түүх бий. Малгүй хүмүүс өлсч үхэхээс аргагүй. Энэ хүнд хоёр, гурван том өв байгаагийн нэг нь сая хэлсэн Очирын Номт гэж хүний зээ юм аа. Очирын Номт бол Халимагийн нэртэй эрдэмтэн хүн. Санктпетербургийн их сургуульд ХХ зууны эхээр суралцсан. Монгол судлаач, нэрт эрдэмтэн В.Л.Котвичийн шавь.Оюутны амралтаар нь “Танай нутагт Жангар байна уу. Халимагт бараг устсан даа” гэж хэлээд явуулсан юм билээ. Номт Очиров Халимагийн Бага дөрвөд аймгийн Бухас гэдэг газар очоод Ээлэйн Овлаатай зунжин уулзаад арван бүлэг Жангар бичиж авсан. Номт Очирын бичиж авсан арван бүлэг Жангар дэлхийн Жангар судлалын маш том өв. Котвичэд авчраад өгтөл итгээгүй. Котвич 1911 онд нь Халимагт очоод Эйлэн Овлаатай уулзахад нэг жилийн дараа дөрвөн бүлэг Жангараа дахиад хайлж өгсөн. Онцын өөрчлөлт байгаагүй. Тэр үед Номт Очиров Очирын Нохой гэдэг нэртэй хүн байж л дээ. Котвич ийм эрдэмтэй хүний нэр өөр байх учиртай гээд Номт гэж нэрлэсэн юм билээ. Халимагууд 1917 оныхоо хүн амын тоонд хүрч чаддаггүй. ХХ зуун тэр утгаараа эдний хувьд их гашуун он жилүүд байсан даа. Үүнийг Номт Очировын амьдралаас харж болно. Тэр хүн таван удаа шоронд орж, амьдралынхаа 30 жилийг шоронд өнгөрөөсөн. Хуучны өв соёлоо хайрладаг учраас тэр.

-Нямаа гуай өвөг дээдсийнхээ нэр төрийг сэргээж, Халимагийн өв соёлыг авч үлдэхийн төлөө өнгөрсөн жилүүдэд их зүйл бүтээжээ…?

-Энэ хүн Нямаа ээж гэдгээрээ Халимагийн ард түмний дунд алдартай. Оросоор Нина гэдэг юм. Ижил төстэй нэрээр нэрлэсэн хэрэг. Энэ хүний аав Халимагийн сүүлчийн ноёны хажууд байсан учраас их олон өв соёлыг хадгалж үлдсэн. Тэр их өвөөс ганцхан тугийн зэв л үлдсэн. 1943 онд халимагуудыг Сибирьт туугдахад бүх өв нь алга болсон юм. Тэр үед нэг хүний гурван кг-ын ачаатай явахыг зөвшөөрсөн юм билээ. Харуулууд нь өнөөхийг нь хурааж авч, алт байж магадгүй гэж хөрөөдөж элдэв юм болсон байдаг. Энэ зэвийг сайн ажиглавал хөрөөдсөн ул мөр бий. Арга эвийг нь олж байж авч үлдсэн зэв. Энэ зэв бол 1812 оны дайнд оролцсон дөрвөдийн ноёны тугийн зэв юм. Тэр дайнд халимагууд их баатарлагаар оролцсон. Тухайн үеийн Оросын эзэн хаан өндрөөр үнэлж бүгдийг шагнасан байдаг. Тэр бүү хэл Халимагийн хошууд аймгийн ноёдод баярласан сэтгэлээ илэрхийлж сүм хийд барьж өгсөн түүхтэй. Оросоос Франц руу гэзэг даран хөөсөн торгуулийн суман л даа. Тийм л хүмүүсийн хувь заяа. Нямаа гуай Монголдоо ирэх гэж 70 жил мөрөөдсөн хүн байгаа юм. “Тод номын гэрэл” төвийн тэргүүн Б.Бат-Амгалан гэж хүн Нямаа гуайн зардал мөнгийг нь дааж Монголд ирэхэд тус болсныг бас энэ дашрамд дурдмаар байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эрдэнэтийн асуудал сонгуулийн шоу болж, шүүхийнхэн эрх баригчдын гар хөл болсныг харуулж байна” хэмээн “Өдрийн сонин”-д өгүүлжээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа.

Л.Гантөмөр “Би яаж ялагдсанаа мэдэж байгаа болохоор яаж ялахаа мэднэ” хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ. Тэрбээр АН-ын даргад өрсөлдөх бодлоо орхиогүй гэнэ. “Хэзээ сонгууль нь болно тэр үед нэр дэвшинэ. Тэр болтол өөрийгөө бэлдэнэ. Яаж ялагдсан тэр аргаараа ялна. Би яаж ялагдсанаа мэдэж байна. Тэгэхээр яаж ялахаа мэднэ гэсэн үг” хэмээн Л.Гантөмөр ярьсан байна.

“Суу алдартнуудын өлгий” булангийн энэ удаагийн зочноор Зууны манлай дуучин Х.Уртнасан уригджээ. Тэрбээр “Нутаг руугаа явна гэсэн нойр хүрсэнгүй. Сэрвэлзээд аав, ээжийнхээ тухай бодсоор үүр цайлгачихлаа. Намайг найман настай байхад манайх Улаанбаатар хотоос Батсүмбэр рүү нүүж ирж билээ” хэмээн яриагаа эхэлжээ.

“Агуу их Түмэнжаргал Монголын тал нутгаа санаа юу даа” хэмээн “Улс төр” нүүрт өгүүлжээ. Английн “ВВС” телевизээс зохион байгуулдаг “Cardiff Singer of the World” олон улсын дуурийн дуулаачдын наадамд дуучин Г.Ариунбаатар тэргүүлсэн. Тэрээр романсын төрөлд Б.Шаравын аялгуу, Монголын дууны шүлгийн нэрт мастер, алдарт яруу найрагч, соёлын гавьяат зүтгэлтэн Загдын Түмэнжаргалын шүлэг “Монголын тал нутаг” дууг эгшиглүүлсэн билээ.

“Эрдэнэтийн асуудал сонгуулийн шоу болж, шүүхийнхэн эрх баригчдын гар хөл болсныг харуулж байна” хэмээн “Баримт, үзэл бодол” нүүрт өгүүлжээ.

“Эрдэнэтийн 49 хувийг эрх баригчид төрд авахыг анхнаасаа хүсээгүй. Төрд авсан гэж шийдсэн нь ард түмэнд таалагдах гэсэн арга заль байсан бөгөөд одоо буцаагаад хүчингүй болгох нь ч бас л сонгуульд зориулж” хэмээн уг нийтлэлд дурдсан байна лээ.

“Бүх цэргийн наадам”-ыг ирэх жилээс хориглоё хэмээн “Цаг үе үйл явдал” нүүрт өгүүлжээ. “Найрааг яаж хийдгийг ч мэддэг болсон. Гэхдээ ингэж улаан цагаандаа гарсан найраа үзээгүй юм байна гэж бүх цэргийн наадмыг шимтэн үзэх гэсэн үзэгчдийн и х э н х н ь б у х и м д у у х а н сэтгэгдэлтэй харьж байв” хэмээн уг нийтлэлд бичжээ.

“Дэлхийн мэдээ” Лондонд дахин халдлага гарсаныг онцолсон байна.

“Эмч” нүүрт их эмч О.Бямбасүрэн “Хачигт хазуулсан тохиолдолд хошууг нь сугалан авч спирт, иодоор арчих хэрэгтэй” хэмээн зөвлөжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Азийн бүс нутгийн боломжийг монгол компаниуд хэрхэн ашиглах талаар хэлэлцлээ

Азийн бүс нутагт ямар боломжууд байгаа, түүнийг нь монгол компаниуд хэрхэн ашиглах талаар Их тэнгэрт хэлэлцүүлэг өрнөлөө. Монголын бизнесийн зөвлөл хоёрдугаар чуулга уулзалтаа “Азийн бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоо” сэдвийн дор зохион байгуулсан юм.

Азийн бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоог хэрхэн сайжруулах, ирээдүйд ямар боломжууд бий болгох талаар мэдээлэл солилцохоор гадна, дотны 250-аад төлөөлөгч хүрэлцэн ирсэн байв.

Чуулганыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нээж хэлэхдээ, “Монгол орон эрдэс түүхий эдийн арвин их нөөцтэй, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан улс. Манай улсын гадаад худалдааны эргэлт жилээс жилд өсөн нэмэгдэж 2016 оны байдлаар 8,3 тэрбум ам долларт хүрсэн бол энэ оны эхний таван сарын байдлаар 4,0 тэрбум ам доллартай тэнцлээ. Нийт экспортын 80 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эзэлж байна. Цаашид эдийн засгаа төрөлжүүлж, олон тулгууртай болгох, хөдөө аж ахуйн түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулж, дэлхийн зах зээлд худалдах хэтийн зорилго тавин ажиллаж байгаа.

Далайд гарцгүй Төв Азийн олон улс орны нэгэн адил Монгол Улс ч гэсэн гадаад худалдааны дэд бүтцээ хөгжүүлэх, тээвэрлэлтийн хурдан шуурхай, хямд өртөгтэй шинэ суваг бий болгох, бүс нутгийн худалдааны сүлжээнд нэгдэн орох хүсэл эрмэлзэлтэй байна. БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо өнгөрсөн сард болсон “Нэг бүс, Нэг зам” сэдэвт уулзалтад миний бие улсаа төлөөлөн оролцож улс орнуудын хамтын хүчин чармайлтаар бүс нутагт худалдаа, тээвэрлэлтийн нэгдсэн сүлжээг хөгжүүлэх, түүнд Монгол Улсын оруулж болох хувь нэмрийн талаар байр сууриа илэрхийлсэн билээ.

Монгол Улсаар дамжин өнгөрөх бүх төрлийн тээвэрлэлт, худалдааг цаашид улам нэмэгдүүлэх асар их боломж байгаа гэж бид үзэж байна. Энэ боломжийг бодит ажил хэрэг болгохын тулд Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд баруун бүсэд транзит тээвэрлэлтийг хийх боломжийг бүрдүүлсэн хатуу хучилттай авто замыг барьж дууссан. Мөн Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн төмөр замын тээх, нэвтрүүлэх чадварыг жил ирэх тутам өргөтгөн сайжруулж байна. Өнгөрсөн жилүүдэд тасалдаад байсан ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний төмөр замын тээвэрлэлт дахин сэргэж эхэллээ.

Цаашид дамжин өнгөрөх төмөр замын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах, хоолойн тээвэрлэлтийг хөгжүүлэх чиглэлээр ОХУ, БНХАУ болон бүс нутгийн бусад улс оронтой үр ашигтай санаачилга, төслүүдийг хэрэгжүүлэхэд Монгол Улс идэвхтэй хамтран ажиллах сонирхолтой байна” хэмээн онцлов.

Чуулганаар бүс нутгийн бизнесийн хөгжлийн харилцан үр ашигтай түншлэлтэй холбоотой дэд бүтэц, эрчим хүч, уул уурхайн төслүүдийг хэлэлцэхээс гадна бүс нутгийн уялдаа холбоог сайжруулснаар бий болох эдийн засгийн хөгжлийн боломжуудын талаар санал солилцож буй юм. Тодруулбал хоёрдугаар чуулга уулзалтаар “Бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоо: Эдийн засгийн шаардлагаас улс төрийн бодлого руу”, “Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ”, “Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх нь”, “Байгаль орчин дахь бүс нутгийн бизнесийн чиг хандлага” гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Монголын Бизнесийн Зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б. Бямбасайхан ярихдаа “100 гаруй улс “Нэг бүс, нэг зам” санаачилгыг дэмжихээ илэрхийлснээс 40 гаруй орон хамтын ажиллагааны гэрээг үзэглэж, хамтрахаа мэдэгдсэн. Энэхүү санаачилгыг монголчууд хэрхэн бизнестэйгээ холбож, бодит ажил өрнүүлэх вэ гэдэгт гаргалгаа хийхээр чуулж байна. Манай бизнесийнхэн Азийн бүс нутагт уялдаа холбоогоо сайжруулна гэдэг ирээдүйд гадны улс орнуудтай өрсөлдөх чадвараа нэмэгдүүлнэ” хэмээн онцолсон юм.

Categories
мэдээ улс-төр

Элчин Сайд М.Энхсайхан Бүгд Найрамдах Эстони Улсын Ерөнхийлөгчид ИЖБ-ээ барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Эстони Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Энхсайхан 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Эстони Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Керсти Калүляйдад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан Ерөнхийлөгч К.Калүляйд Элчин сайд М.Энхсайханыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд М.Энхсайхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж, Монгол Улс Бүгд Найрамдах Эстони Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлэв. Цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч зэрэгт салбарт хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох өргөн боломж буйг Ерөнхийлөгч К.Калүляйд онцлон тэмдэглэв.

Түүнчлэн ИЖБ-ээ барьж буй Элчин сайд М.Энхсайханыг Эстонийн ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ноён Р.Сакс хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Мөн Эстони дахь Монгол Улсын Өргөмжит консул Л.Каринди Элчин сайдыг хүндэтгэн Өргөмжит Консулын Газарт хүлээн авалт зохион байгуулав. Хүлээн авалтад Эстоний Парламент, ГХЯ, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцов.

Categories
мэдээ нийгэм

1, 2 дугаар бүсийнхэн ипотекийн зээлд урьдчилгаа төлбөргүйгээр хамрагдах боломжтой

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлд урьдчилгаа төлбөргүйгээр хамрагдах боломж бүрдсэнийг хотын удирдлагууд өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Тодруулбал, Улаанбаатар хотод 216.000 өрх орон сууцаар хангагдаагүй, эрүүл ахуйн эрсдэлтэй орчинд амьдарч, хөдөлмөрлөж байна. Эдгээр өрх нийслэлийн агаарын бохирдлын 70 хувийг бий болгохын зэрэгцээ, зуны цагт хөрсний бохирдол, өвөл агаарын бохирдлын голомт болдогийг бид сайн мэднэ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, нийслэлийн Засаг дарга нарын хамтарсан “Агаарын чанарыг сайжруулах бүс шинэчлэн тогтоох захирамж”-ийн дагуу Улаанбаатар хотын газар нутгийг агаарын бохирдлын түвшингээр нь 4 бүсэд хувааж, бүс нутаг бүрийн онцлогт тохирсон бодлого боловсруулан ажил хэрэг болгож эхлээд байгаа билээ. Тэгвэл Улаанбаатар хотын хамгийн өндөр агаарын бохирдолтой хэсэг буюу 1, 2 дугаар бүсийн нутаг дэвсгэрт байрлах 182.616 өрх ипотекийн зээлд хамрагдахдаа урьдчилгаа төлбөрөө нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах “Орон сууцны сан”-гийн дэмжлэгээр бүрэн төлүүлэх боломж бүрдээд байгааг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд зарласан билээ.

Ингэснээр яндангийн тоо бодитойгоор буурч, санхүүгийн хүндрэлд орж буй барилгын салбарыг дэмжихэд бодит хөрөнгө оруулалт болохоос гадна гэр хороололд газар чөлөөлөлт бий болж, газрын сан нэмэгдэх юм гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

“Орон сууцны сан”-д хамрагдах, агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсэд:

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын албан ёсны хөтөч ном хэвлэгдэнэ

Олон орны жуулчид Улаанбаатар хотод оршин суугчдын нэгэн адил түвэггүй зорчиж чадахаар боллоо. Нийслэлийн Аялал, жуулчлалын газраас “Нийслэл Масс Медиа” ХХК-тай хамтран ирэх сараас эхлэн Улаанбаатар хотын албан ёсны хөтөч номыг англи хэл дээр гаргахаар болоод байна. Дэлхийн томоохон хотуудын гарын авлагын жишгээр мэргэжлийн түвшинд гаргах “Улаанбаатар хөтөч” ном гадаадад ЭСЯ болон олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгүүдээр үнэгүй тараагдах юм. Өнгө төрх, мэдээ мэдээллээрээ Монголыг зорих, орчин үеийн Улаанбаатартай танилцах сэдлийг жуулчдад төрүүлнэ.

НАЖГ нь нийслэлд аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого зохицуулалтыг хэрэгжүүлэх, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг мэргэжлийн удирдлага, дэмжлэгээр хангах, нийслэлээ гадаад дотоодод сурталчлах чиг үүрэг бүхий нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг юм.

“Нийслэл Масс Медиа” ХХК нь Улаанбаатар хотын анхны үнэгүй тараагддаг “Нийслэл guide” хөтөч сэтгүүлийг эрхлэн гаргадаг. “Нийслэл guide” сэтгүүл сар бүр 10 мянган хувь хэвлэгдэж, хот даяар 120 гаруй түгээлтийн цэгт хүрдэг цор ганц сэтгүүл гэдгийг уншигчид андахгүй болсон. Тус сэтгүүлд нийслэлд болж буй шинэлэг үйл явдал, соёлын хөтөлбөр, онцлох үйлчилгээний газруудын танилцуулга, хотын түүхэн үгүүлэл зэрэг сонирхолтой контент багтдаг. Зургаан жилийн турш тасралтгүй хэвлэгдсэн “Нийслэл guide” сэтгүүлийн архивт тулгуурлан Улаанбаатар хотын албан ёсны хөтөч ном шинэлэг шийдлээр жуулчдад хүрэх боломж бүрджээ гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Тоглоомын талбай дээр олгосон хорооны барилгын зөвшөөрлийг хүчингүй болгожээ

Сүхбаатар дүүргийн II дугаар хороо, орон сууцны 24 дүгээр байрны баруун урд талд байрлах хүүхдийн тоглоомын талбайн газар дээр тус дүүргийн II хорооны цогцолбор барилга барихаар 2014 онд газар олгож, сарын өмнөөс барилгын ажлыг эхлүүлээд байсан. Тэгвэл уг газрын зөвшөөрлийг нийслэлийн Засаг даргын 2017 оны зургадугаар сарын 16 өдрийн А/448 захирамжаар хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас тус газрыг нөхөн сэргээх ажлыг хийж байна гэж Нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Саналын хуудсыг хүлээлгэн өгөв

Саналын хуудсыг хүлээлгэн өгөв зурган илэрцүүд

Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажил энэ сарын 10,11-ний өдөр болсон билээ.Гадаад улсад байгаа иргэдээс сонгуульд оролцож саналаа өгөхөөр 7209 иргэн бүртгүүлж тэдгээрээс 4816 иргэн буюу 66.8 хувь нь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг 33 улс дахь 45 салбар комиссын тогтоосон санал авах байранд очиж саналаа өгсөн байна.

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс гадаад улсад саналаа өгсөн сонгогчдын битүүмжилсэн дугтуйнд хийсэн саналын хуудсыг Сонгуулийн Ерөнхий Хороонд өнөөдөр хүлээлгэн өгөв.

Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Сонгуулийн Ерөнхий Хороо гадаад улсад саналаа өгсөн

сонгогчдын санал тоолох ажиллагааг өөрийн байранд санал авах өдрийн 22.00 цагт эхлүүлж, ажиглагч, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан битүүмжилсэн дугтуйнуудыг нээж, саналыг хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж саналыг тоолж дүнг гаргана.