Categories
мэдээ нийгэм

Нарангаас Орбитын тойрог хүртэлх 1.3 км авто замын ажил эхэлнэ

Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Нарангийн авто замаас Орбитын авто зам хүртэлх 1.3 км авто замын ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Тус ажлын гүйцэтгэгчээр “Трүй Рөүд” ХХК шалгарсан бөгөөд энэ сарын 27-ноос аравдугаар сарын 31-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэхээр болж, 1.4 тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ. Авто замын урт нь 1.3 км, зорчих хэсгийн өргөн нь 7м, хоёр талаараа 1.5м өргөн явган хүний замтай, иж бүрэн гэрэлтүүлэгтэй байх юм.

Өнөөдрийн байдлаар захиалагчийн зүгээс трассын дагууд газар дээр нь хэмжилт судалгааны ажлыг хийж, нийслэлийн Газрын албанд дэвсгэр зургийг хүргүүлээд байна гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Үүлэнд зориудаар нөлөөлж, Мөнгөнморьт суманд гарсан түймрийг бүрэн унтраалаа

2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв аймаг, Улаанбаатар хотод бороо орж байна.

Цаг уурын байгууллагаас Төв аймгийн Эрдэнэ сумын “Шороот” даваанаас үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулснаар Төв аймгийн Мөнгөнморьт суманд гарсан түймрийг бүрэн унтрааж, мөн аймгийн Эрдэнэ сум, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан түймрийг цурманд оруулаад байна.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр бороо өнөөдөр Сэлэнгэ, Төв, Хэнтий аймаг, Улаанбаатар хотод үргэлжлэн орно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75 болжээ

Монгол хүний эрүүл мэндийн үзүүлэлтийн мэдээллийг багтаасан “Эрүүл мэндийн үзүүлэлт” номын нээлт өнөөдөр Улаанбаатар зочид буудалд боллоо.

Эрүүл мэндийн үзүүлэлтүүдээс товч дурьдвал:

Монгол улсын хүн ам 2016 оны жилийн эцсийн байдлаар 3 сая 119.9 мянга болж, нийт хүн амын 68.9 хувь нь хот суурин газар, үлдсэн 31.1 хувь нь хөдөө амьдарч байна. Дундаж наслалт 2016 онд 69.57 болж, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.10, эрэгтэйчүүдийнх 65.58 байна.

2016 онд улсын хэмжээнд 77803 эх амаржсан нь 2015 онтой харьцуулахад төрөлт 2631 тохиолдлоор буюу 3.3 хувиар буурсан байна. Улсын хэмжээнд 78194 хүүхэд амьд төрсөн ба 1681 нь хоёр ихэр, 27 нь гурван ихэр хүүхэд байна.

Хүн амын нас баралтын ерөнхий коэффициент 1990 онд 7.9 байсан бол бол 2016 онд уг үзүүлэлт 5.2 болж 1990 онтой харьцуулахад 2.7-аар буурсан үзүүлэлттэй байна.

Монгол улсад эмнэлгийн нэг оронд ногдох хүний тоо 134, нэг их эмчид ногдох хүний тоо 309 байгаа ба 10000 хүн тутмын 2749 хүн давхардсан тоогоор хэвтүүлэн эмчлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг авч, жилд 1 иргэн 5.5 удаа амбулаторийн тусламж үйлчилгээ авсан байгаа нь жилээс жилд тусламж үйлчилгээний хүртээмж өсөж байгааг харуулж байна.

Эрүүл мэндийн үзүүлэлт” номыг Англи, Монгол хэл дээр хэвлүүлэн бүх түвшний мэдээлэл хэрэглэгчид, төрийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллагуудын 300 гаруй мэдээлэл хэрэглэгчдэд үнэ төлбөргүйгээр түгээдэг.

Уг эмхэтгэлийг мэдээлэл хэрэглэгчдэд танилцуулах, түгээх, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих зорилгоор танилцуулах уулзалтыг жил бүр зохион байгуулдаг байна.

Түүнчлэн УИХ, Засгийн газар, ЭМЯ, ДЭМБ, ҮСХ, нийслэлийн эрүүл мэндийн газар, төв эмнэлэг тусгай мэргэжлийн төвүүдийн удирдах ажилтнууд, төрийн бус байгууллагын 50 гаруй мэдээлэл хэрэглэгчдийг хамруулдаг ажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Агуу их Түмэнжаргал Монголын тал нутгаа санаа юу даа

Английн “ВВС” телевизээс зохион байгуулдаг “Cardiff Singer of the World” олон улсын дуурийн дуулаачдын наадам Уэльсийн нийслэл Кардифф хотноо болж Монголын алдарт дуучин Ганбаатарын Ариунбаатар тэргүүллээ. Тэрээр дэлхийн сор болсон шилдэг дуучид авьяас билиг, хүч чадлаа сорьдог романсын төрөлд төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын аялгуу, Монголын дууны шүлгийн нэрт мастер, алдарт яруу найрагч, соёлын гавьяат зүтгэлтэн Загдын Түмэнжаргалын шүлэг “Монголын тал нутаг” дууг эгшиглүүлсэн юм.

Жинхэнэ мэргэжлийн дуулаачийн хоолойны чадал чансаа, хэр хэмжээг шалгадаг энэхүү сонгодог бүтээлийг Ариунбаатар хамгийн эгзэгтэй, шийдвэрлэх мөчид сонгосон нь зөв боллоо. Дэлхийн сонгодог урлагийн их тайзнаа ир бяр, авьяас билиг нь тэгширсэн шилдэг дуучны хоолойгоор Монголын тал нутаг ийнхүү цэлийн цэнхэрлэж дуниартлаа. Тус наадмын мэргэжлийн шүүгчид болоод үзэгчид мөн “ВВС” телевизийн сувгийг үзэж байгаа дэлхийн хүн төрөлхтөнд агуу их тайвшрал, баяр бахдал, ер бусын эрчимлиг хүчийг өгч чадлаа. “Монголын тал нутаг” бол хүмүүний сэтгэлийг долгилуулах хүч чадал оршсон гайхалтай бүтээл. Агуу их хүч чадал нь үгийнхээ шидэнд байгаа юм.

Дууны шүлгийн нэрт мастер, гайхамшигт найрагч Түмээ ах минь олон сонгодог бүтээл туурвиж, Монголын урлагийн алтан сан хөмрөгт дархалж үлдээсний нэг нь энэ бүтээл билээ. “Гадны орнуудаар явахад агаар нь таарахгүй халуунд бүгчимдэж, бачимдаад нутаг буцахын түүс болно. Буянт-Ухаад онгоц газардах даруйд агаар нь сэнхийгээд, цээж дэвтээд нэг л сайхан. Тийм их баяр бахдал, уужрал тайвшралыг Монголын цэлмэг хөх тэнгэр, тал нутгаас бие сэтгэлээрээ мэдрэхдээ ийм дуу хийе гэж бодсон” хэмээн дурсдаг сан. Японы Акияама Юми гэж “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаад дуулж байсан бүсгүй “Монголын тал нутаг яасан сайхан юм бэ” гэж уулга алдаад, энэ тухай дуу хийж өгөхийг Түмээ, Шарав гуай хоёроос хүссэн байдаг. Өмнө нь өөрөө сайхан дуу хийе гэж бодож байсан болохоор их амархан шүлгээ бичсэн гэдэг юм.

“Дүүжүү алсаас ирээд

Дүүрэн амьсгал авахад минь

Мөнхийн уснаас амсах шиг

Цээж цэлмэн уужраад… гэж “Монголын тал нутаг” дуу эхэлдэг. Дүүрэн гэж хайрт хүүгийнхээ нэрийг ах минь дуундаа мөнхөлсөн дөө. “Өдрийн сонин”-ыг төрийн төв хэвлэл “Ардын эрх” байхаас нь Түмээ ах ажиллаж, энэ л редакци, гал тогоонд олон сонгомол бүтээлүүдээ туурвиж, уран бүтээлчийн жаргалыг эдэлж явсаан. “Дууны хорвоо”, “Уяхан цэнхэр хавар” тэргүүт хит дуунуудыг нь өөрийнх нь амнаас сонсч байлаа. 2001 онд Монголын утга зохиолын оны шилдэг бүтээлд олгодог “Алтан-Өд”-ийн шагналыг Түмэнжаргал найрагч “Монголын тал нутаг” дуугаараа хүртэж байсан сан. Цом гардан аваад

“…Аяны шувуудын цуваа

Алжаан цуцаж гатлаад

Алаг нүдний үзүүрт

Хаяа хязгааргүй цэлийгээд

Яасан уудам юм бэ

Монголын тал нутаг

Яасан уужуу юм бэ

Монгол хүний сэтгэл” хэмээх алдарт мөрүүдээ үзэгчдийн халуун алга ташилт, хайр хүндэтгэл дор уншиж билээ.

Энэхүү бүтээлийг дэлхийн урлагийн тайзнаас хүн төрөлхтөнд Өнжүүлийн цэнхэр билүүний хэлтэрхий Г.Ариунбаатар дуулахуйд алсын тэнгэрийн нутгаасаа Түмээ ах минь Монголын тал нутгаа санаа юу даа гэх бодол төрж байна. Хүмүүний оршихуйн бэлгэдэл, хөндлөн хөх салхитай Монголын тал нутагтайгаа хүйн холбоотойн учрал ерөөл энэ биз. Тиймдээ ч М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуулаачдын тэргүүн шагналт, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын гран при-гийн эзэн дэлхийн дуучин Г.Ариунбаатар “Монголын тал нутаг”-ийг эгшиглүүлсэн байлгүй. Алсын их тэнгэрийн нутгаасаа элгэн халуун ах минь Монголын тал нутгаа зүрх шимшрэн санаж дээ.

Categories
мэдээ улс-төр

Нэр дэвшигчид бямба гаригт мэтгэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид зургадугаар сарын 24-ний өдөр 21:00 цагаас МҮОНРТ-ээр шууд мэтгэлцэнэ.

Шууд мэтгэлцээний эхний хэсэгт гурван нэр дэвшигч зөвхөн мөрийн хөтөлбөртэй холбоотой асуултад хариулах бол хоёрдугаар хэсэгт тэдэнд олон нийтийн дунд төөрөгдөл үүсгэсэн, нэр дэвшигчтэй холбоотой олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж буй болон хувийн чанартай асуултад хариулах боломж олгох юм байна.

Сонгуулийн сурталчилгаа эхлэхтэй зэрэгцэн гурван нэр дэвшигчийг халз мэтгэлцүүлэх нь зөв гэсэн хандлага олон нийтийн дунд төдийгүй намуудад ч байсан. Гэвч хэзээ, аль хэвлэл мэдээллийн байгууллагаар мэтгэлцэх вэ гэдэг асуулт маргаан дагуулаад байсан юм.

Тухайлбал,

МАН-ын зүгээс МҮОНРТ-ээр эсвэл 15 телевизийг эгнээндээ нэгтгэсэн Телевизүүдийн холбооноос зохион байгуулах мэтгэлцээнд орох саналтай байсан.

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын хувьд аль ч хэвлэл мэдээллийн байгууллагаар мэтгэлцэж болно гэсэн байр суурьтай байв.

Харин АН-ын сонгуулийн штаб “Монгол HD” телевизээр мэтгэлцэх саналыг хоёр нэр дэвшигчдээ хүргүүлээд байсан юм.

Нэр дэвшигчид мэтгэлцэх асуудлаар гурван намаас төлөөлөл гарч, хэд хэдэн удаагийн уулзалт зохион байгуулсны дүнд анх яригдаж байсанчлан МҮОНРТ-ээр зургадугаар сарын 24-ний өдрийн 21:00 цагт мэтгэлцэхээр санал нэгджээ.

Categories
мэдээ спорт

Хүндийг өргөлтийн залуучуудын ДАШТ-д гурван тамирчин өрсөлдөв

Залуучуудын ДАШТ-д гурван тамирчин өрсөлдлөө

Японы Токио хотноо хүндийг өргөлтийн залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Зургадугаар сарын 16-нд эхэлсэн дэлхийн аваргад 31 орны тамирчид эрэгтэй, эмэгтэй тус бүр найман жинд өрсөлдөж байна. Монголын тамирчдын тэмцээн өчигдөр дуусгавар боллоо. Манай улсаас гурван эмэгтэй тамирчин дэлхийн аваргад өрсөлдөж, 53 кг-д Б.Золбоо 163 кг /74+89/ өргөж, 12-р байр, Ч.Нямзул 154 кг /68+86/ өргөж, 16-р байр эзлэв. Энэ жинд нийт 18 тамирчин өрсөлдсөн бөгөөд БНХАУ, Украин, Беларусын тамирчид эхний байрт оржээ. Мөн эмэгтэйчүүдийн 63 кг-д оролцсон ОУХМ Г.Анужин харамсалтай нь эхний захиалгадаа бүдэрлээ.

2017 оны залуучуудын ДАШТ-д Олон улсын шүүгч Л.Одгэрэл шүүгчээр ажиллаж байгаа. Тэмцээн зургадугаар сарын 23-ны өдөр өндөрлөнө.

ОУХМ Б.Золбоо

ОУХМ Б.Золбоо

ОУХМ Ч.Нямзул

ОУХМ Г.АНУЖИН

Categories
мэдээ нийгэм

Төмөр замчдын жагсаал цуцлагджээ

“Улаанбаатар төмөр зам”-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр 10.00-12.00 цагийн хооронд жагсаал зохион байгуулахаар төлөвлөөд байсан ч цуцалжээ. Жагсаалыг “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн байрны гадаа зохион байгуулахаар төлөвлөөд байсан юм.

“Улаанбаатар төмөр зам”-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос жагсаалыг ямар шалтгаанаар цуцалсан талаар мэдээлэхдээ: “Улаанбаатар төмөр зам”-ыг мэргэжлийн боловсон хүчнээр хангаж ажиллахад Үйлдвэрчний эвлэлийн холбоотойгоо хамтраад ажиллая. Ажлын хэсэг мөн байгуулъя гэж хоёр талдаа ойлголцолд хүрсэн. Энэ асуудлаар Зам тээврийн хөгжлийн дэд сайдтай зөвшилцсөн. Улаанбаатар төмөр замын мэргэжлийн ажилтныг хувийн болон улс төрийн шалтгаанаар халах ажлыг Шинэчлэлийн болон Шийдлийн Засгийн газрын үед эрчимтэй хийсэн. Энэ алдааг залруулах шаардлагыг бид шинээр байгуулагдсан Зам тээврийн хөгжлийн яам болон холбогдох албан тушаалтнуудад хүргүүлсэн байсан. Шаардлагыг нэлээн эрт хүргүүлсэн байсан, гэвч хариу өгөлгүй нэлээд удсан. Харин өчигдөр шаардлагыг хүлээн авч хамтарч ажиллах шийдвэрт хүрсэн учраас жагсаал цуцлагдсан” гэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын албаны өдөр тохиож байна

Одоогоос 13 жилийн өмнө буюу 2003 оны 06 дугаар сарын 20-ны энэ өдөр Монгол Улсын Их хурлаас Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлан гаргаснаар орчин цагийн Онцгой байдлын алба байгуулагдах үндэс суурь тавигдаж Гамшгаас хамгаалах ерөнхий газрыг байгуулахаар заасан байдаг.

2004 оны Засгийн газрын хуралдааны нэгдүгээр тогтоолоор тус газрыг байгуулж, 2005 онд Гамшгаас хамгаалах тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орсноор Онцгой байдлын ерөнхий газар болж өөрчлөн зохион байгуулагдсан юм.

Монгол Улсад өнгөрсөн 10 жилийн хугацаанд 38 мянга орчим байгалийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 2203 хүний амь нас эрсдэж улсын хэмжээнд 1 их наяд 70 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан байна.

Онцгой байдлын албаны алба хаагчид маань 2007-2016 он буюу сүүлийн 10 жилд 10174 иргэний амь нас, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 195.8 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулан улс, эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулсаар байна.

Аврагчдын маань мэргэжлийн ур чадвар, үүрэг гүйцэтгэх боломж, чадавхи жилээс жилд өсөн нэмэгдэж, гадаад харилцааг өргөжүүлэн олон улс, хүмүүнлэгийн болон хамтрагч байгууллагуудын хандив, зээл тусламж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар албаны техник, тоног төхөөрөмжөө үе шаттай шинэчлэн сайжруулж гамшигтай тэмцэх техникийн чадавхиа 56 орчим хувьд хүргээд байгаа юм.

Төрийн батлан хамгаалах бодлогын бичиг баримт батлагдсантай холбогдуулан Онцгой байдлын алба нь төрийн цэргийн байгууллын бүрэлдэхүүнд орсноор албан хаагчдын цол хэргэм, цалин тэтгэмж, хангамж, нийгмийн баталгааг хангах эрх зүйн бүрэн үндэс тавигдсан.

Одоогоос 10 жилийн өмнө Монгол Улсын Их Хурлаас Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлан гаргасан бөгөөд Онцгой байдлын алба байгуулагдсаны 13 дах жилийн босгон дээр энэхүү хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчлэгдэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ.

Гамшгаас хамгаалах тухай хууль шинэчлэн батлагдсанаар Онцгой байдлын байгууллагын хүрээнд хууль, эрх зүйн олон шинэчлэлүүд хийгдэж, албан хаагчдын нийгмийн баталгаатай холбоотой олон асуудлууд шийдвэрлэгдсэн.

Гамшгаас хамгаалах тухай хууль шинэчлэн батлагдаж, стратеги, зохион байгуулалтын шинэчилсэн бүтцээр ажиллаж байгаатай холбогдуулан энэ онд албаны хэмжээнд 20 гаруй дүрэм, журам, төлөвлөгөө, удирдамжийг шинээр болон шинэчлэн боловсруулан ажиллаж байна.

Ирэх 2018 онд Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын алба Азийн сайд нарын 2 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах нэр хүндтэй хариуцлагатай үүргийг хүлээсэн. Бүс нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаан дах Монгол Улсын манлайллыг харуулах, Онцгой байдлын албаны нэр хүндийг олон улсын түвшинд өргөх түүхэн үйл явдал болох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Харшил сэдрээдэг зэрлэг ургамлыг устгаж эхэлжээ

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, нийслэлийн хүн амын эрүүл мэндэд үзүүлэх хортой нөлөөллийг арилгах, лууль шарилж бусад хөл газрын ургамал /зэрлэг/-ыг устгах, тархалтын хүрээг хязгаарлах, цаашид ургах нөхцөлийг арилгах зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга удирдамж гаргалаа.

Удирдамжийн хүрээнд дүүргүүдийн ЗДТГ, НМХГ, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл, дүүргүүдийн тохижилт үйлчилгээний байгууллагууд хамтран Улаанбаатар хотын есөн дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн бүх гудамж, талбай болон аж ахуйн нэгж, байгууллагуудын эзэмшил газар, орон сууц, гэр хорооллын доторх талбайд лууль, шарилж бусад хөл, газрын ургамлыг устгах ажил хийгдэж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хөшигийн хөндийн шинэ нисэх буудалд шалгалтын нислэг хийж эхэллээ

ХӨШИГИЙН ХӨНДИЙН ШИНЭ НИСЭХ БУУДАЛД ШАЛГАЛТЫН НИСЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭАгаарын хөлөг суултанд орох үед газрын навигацийн дэмжлэг үзүүлдэг төхөөрөмжүүдийг хүлээн авах шалгалтын нислэгийг амжилттай хийжээ. Хөшигийн хөндийд шинээр баригдсан Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудалд суурилуулагдсан VRB-53D загварын “Бүх чиглэлтэй хэт өндөр давтамжийн радио дохиологч”, LDB-103 загварын “Зай хэмжигч төхөөрөмж” станцуудын тоног төхөөрөмжийг ийнхүү хүлээн авч буй юм. Энэхүү шалгалтын нислэгийг Иргэний Нисэхийн ерөнхий газрын Нислэгийн журам боловсруулалтын албаны шалгалтын нислэгийн баг “Геосан” ХХК-ны Cessna Caravan 208B агаарын хөлгөөр Олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандарт шаардлагуудад бүрэн нийцүүлэн 13 цаг 59 минутын нислэгийн блок цагт багтаан шалгасан байна.

Агаарын хөлөг суултанд орох үед газрын навигацийн дэмжлэг үзүүлдэг энэхүү төхөөрөмжүүдийг хүлээн авснаар тус нисэх буудалд агаарын хөлөг хүлээн авах боломжтой болох юм. DVOR, DME станцуудын хүлээн авах шалгалтын нислэгийн дараагаар Normarc 7000B загварын “Хэрэглэлээр буулт үйлдэх” /ILS/ системийн хүлээн авах шалгалтын нислэгийг хийж гүйцэтгэх бөгөөд ILS нь агаарын хөлөг суултанд орох үед дэмжлэг үзүүлдэг хамгийн чухал систем юм. Тус нисэх буудлын газрын навигацийн тоног төхөөрөмжүүдийг ашиглалтанд хүлээн авах шалгалтын нислэгүүдийг энэ сардаа багтаан хийж дуусгахаар ажиллаж байна.