Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Цагдаагийн газар гэмт хэргийн хяналтын нэгдсэн систем бүхий “УДИРДЛАГЫН ТӨВ”-тэй боллоо

Улаанбаатар хотод анх удаа Гэмт хэргийн хяналтын нэгдсэн систем бий болгох зорилгоор Нийслэлийн цагдаагийн газарт “Удирдлагын төв”- ийг байгууллаа. Өнөөдөр Нийслэлийн цагдаагийн газарт тус удирдлагын төвийн нээлтийг зохион байгуулж, нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын дарга Ө.Энхтөр, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд болон бусад албаны хүмүүс оролцов.

Улаанбаатар хотод төдийгүй Монгол Улсад анх удаа байгуулагдаж буй Гэмт хэргийн хяналтын нэгдсэн систем бүхий “Удирдлагын төв” нь гэмт хэргийн гаралтыг бууруулах, хянахад ашигладаг менежментийн хэлбэр бөгөөд тухайн хотын цагдаагийн аль ч түвшний нэгжид гарч байгаа асуудал бэрхшээлүүдийг хурдан тодорхойлж, зөв оновчтой шийдвэрлэх боломж олгодог давуу талтай аж.

“COMPSTAT” нь “Сomputer statistics” буюу харьцуулах статистик нь цагдаагийн байгууллагын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны цогц үйл ажиллагаа юм. 1994 онд Нью-Йорк хотын захирагч Руди Жулиани болон цагдаагийн газрын дарга Уйльям Браттон нар анх санаачлан хэрэгжүүлсэн түүхтэй. Энэхүү загварыг хэрэгжүүлснээр тус хотын гэмт хэргийн гаралтыг 60 хүртэл хувиар буурч, хүн амины хэрэг 1995 онд 1181 гарч байсан бол 2003 онд 596 болж 1964 оноос хойших хамгийн бага хэмжээнд очиж байжээ.

“Удирдлагын төв”-ийг санаачлан байгуулсан Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “CompStat нь цагдаагийн ажилтнуудын гэмт хэрэгтэй тэмцэх, үйл ажиллагаагаа бодит нөхцөл байдалд үндэслэн явуулах замын зураг, хөтөч болж өгдөг чухал ач холбогдолтой. Тухайн цагдаагийн нэгжийн удирдлагын хариуцсан нутаг дэвсгэртээ хүн болон хүчээ хэрхэн зөв, оновчтой хувиарлан ажиллуулах, ингэснээр гэмт хэргийн гаралтыг бууруулах, бодит эерэг үр дүн гарах боломжийг олгодог давуу талтай. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гарч байгаа гэмт хэргийг бууруулахад статистик чухал. Тухайн хот, нутаг дэвсгэрт гарч байгаа гэмт хэрэг, зөрчлийн мэдээг долоо хоног, сар, жилээр гаргаж өмнөх долоо хоног, сар, жилүүдтэй харьцуулалт хийдэг. Ингэснээр тухайн хот, нутаг дэвсгэрт ямар газар, ямар төрлийн гэмт хэргийн гаралт ихэсч, буурч байгааг богино хугацаанд бодитойгоор тодорхойлох боломжийг удирдлагад олгодог. Үүнийг тодорхойлж чадснаар шийдвэр гаргагчид ямар хүн хүчээр, ямар тактикаар гэмт хэрэгтэй тэмцэх оновчтой стратеги, бодлогыг төлөвлөж хэрэгжүүлснээр эерэг үр дүн гардаг. Энэ ажил энэхүү Удирдлагын нэгдсэн төвд хийгдэх боломжтой болж байгаагаараа онцлог юм” гэж онцлов.

“ComрStat”-ийн технологи нь тухайн хот, нутаг дэвсгэрт хаана, ямар гэмт хэрэг гарч байгааг болон гэмт хэргийн өсөлт, бууралт, хэргийн өнгө, гаралтын байршлыг тухай бүр тодорхойлох боломж олгодог. Ингэснээр хугацаа алдалгүй нөхцөл байдлыг удирдлагын түвшинд тодорхойлох, анхаарал татсан шаардлагатай асуудал бэрхшээлүүдийг шийдвэрлэх, хамгийн чухал нь удирдлагууд нь нөхцөл байдлаа байнга бодитойгоор харж үнэлэх боломж бий болгох юм.Удирдлагууд нөхцөл байдлаа бодитойгоор харж, үнэлсэнээр тухайн нэгжийн менежер нь бодит статистик, баримтанд тулгуурлан шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нөхцөл байдлыг цаг алдалгүй тодорхойлох боломж бий болно.

Ингэснээр шаардлагатай тохирсон арга хэмжээг зохиох, хүн, хүчийг оновчтой хуваарилах, нутаг дэвсгэрийнхээ гэмт хэргийн нөхцөл байдлыг хянах, урьдчилан сэргийлэх ажилд мэдэгдэхүйц ахиц гарах, нэгжийн удирдлагын ажлын үр дүнг бодитойгоор дүгнэж, үнэлэх, тухайн нэгжийн менежер нь бодит статистик, баримтад тулгуурлан шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нөхцөл байдлыг цаг алдалгүй тодорхойлох, шаардлагатай тохирсон арга хэмжээг зохиох, хүн, хүчийг оновчтой хуваарилах, нутаг дэвсгэрийнхээ гэмт хэргийн нөхцөл байдлыг хянах, урьдчилан сэргийлэх ажилд мэдэгдэхүйц ахиц гарах зэрэг давуу талтай.

Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Улаанбаатар хотын гэмт хэргийн хяналтын системийг сайжруулснаар нийслэлийн нутаг дэвсгэр дахь урьдчилан сэргийлэх ажилд ахиц гарна. Цагдаагийн нэгжүүдийн удирдлагын манлайллыг сайжруулж, ажлын үр дүнг бодитойгоор тооцож, цагдаагийн байгууллагын нэгжийн уялдаа холбоог сайжруулж, эргүүлийн чиглэл, маршрутыг нөхцөл байдалд тохируулан оновчтой зохион байгуулах боломжтой болж байгаа хэмээн ойлгожбайгаа. Нийслэлийн цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх болон нийтийн хэв журмын албаны чиглэлээр 14 хоног тутам нийт хэлтсүүдийн хэмжээнд радио холбоогоор нөхцөл байдлаа хэлэлцдэг болсон. Харин энэ төвийг байгуулснаар өнөөгийн Улаанбаатар хотын гэмт хэргийн нөхцөл байдалд тохирсон, гэмт хэрэгтэй тэмцэх, хянах цогц системтэй болж байгаа хэмээн ойлгож байна” хэмээсэн юм.

Дашрамд дурдахад, нээлтэд оролцсон албаны хүмүүс “CompStat” нь цагдаагийн байгууллагад гэмт хэргийн гаралтыг бууруулж, гэмт хэрэгтэй тэмцэх явдалд илүү үр дүнтэй бодлого, стратегийг хэрэгжүүлэх боломж олгоно” гэдэгт санал нэгдэж байгаагаа өгүүлж байлаа гэж Нийслэлийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Зарим замыг түр хугацаагаар хаалаа

Өчигдөрөөс эхлэн орсон борооны улмаас гудамж, зам, талбайд их хэмжээний ус тогтож, зургадугаар сарын 20-ны өдрийн 14:30 минутын байдлаар Баянзүрх дүүргийн нутаг “Емарт”худалдааны төвийн уулзвар, Сүхбаатар дүүргийн нутаг 100 айлаас хойш “Иргэний бүртгэлийн ерөнхий газар” хүртэл, мөн 100 айлаас зүүн тийш Сэлэнгэ”зочид буудал, X хорооллоос нэгдүгээр хороолол хүртэл, Саппоро”төвийн уулзвараас хорооллын эцэс, “Бөмбөгөр”худалдааны төв, Гэсэрсүмийн уулзварын авто замуудад их хэмжээний ус тогтсоны улмаас хөдөлгөөний эрчим удааширч, түгжрэл саатал бий болж байна.

Мөн Үндсэний соёл амралтын хүрээлэн”-гийнбаруун урд байрлах нүхэн гарцнаас Дунд голын салдаг уулзвар хүртэлх автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан болохыг мэдэгдье.

Иймд эрхэм жолооч та дээрх чиглэлээс бусад замыг сонгон, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, явган зорчигч иргэдийг хүндэлж зорчихыг зөвлөж байна хэмээн Замын цагдаагийн албанаас сэрэмжлүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Бөөр орлуулах эмчилгээнд 154 иргэн үнэ төлбөргүй хамрагджээ

Бөөр орлуулах эмчилгээний нэг төрөл болох гемодиализ эмчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яамнаас Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар гемодиализийн тусламж, үйлчилгээг гүйцэтгүүлэх сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан билээ. Гемодиализ эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх эрх бүхий долоон эрүүл мэндийн байгууллагааар “Люкс диализ клиник”, Эрин эмнэлэг, Интермед эмнэлэг, ICU эмнэлэг, Улаанбаатар мед эмнэлэг, Агапе хоспис, Кидней Кейр гемодиализийн эмнэлэг шалгарч, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар хооронд эмчилгээний чанар, үр дүнд хяналт тавьж, хамтран ажиллах зорилгоор “Эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан гемодиализ эмчилгээг санхүүжүүлэх гэрээ”-г байгуулсан юм.

Үүний үр дүнд 2017 оны 02 дугаар сарын 15-наас эхлэн хувийн хэвшлийн долоон эрүүл мэндийн байгууллагаар 154 иргэн үнэ төлбөргүй чанартай эмчилгээ, үйлчилгээнд хамрагдан нийслэлийн хэмжээнд хүлээгдэлгүй боллоо хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.

Орон нутагт 16 аймаг гемодиализ эмчилгээг хийх хүчин чадалтай болсноор иргэн удаан хугацааны эмчилгээ шаардагддаг гемодиализ эмчилгээг оршин суугаа нутаг дэвсгэртээ хамрагдах боломж бүрдэж байгаа гэнэ.

2016 оны есдүгээр сард улсын хэмжээнд 98 гемодиализын аппаратаар 498 хүнд гемодиализын тусламж, үйлчилгээг үзүүлж, 67 иргэн эмчилгээнд хамрагдаж чадахгүй хүлээгдэж байв. Харин 2017 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд 163 гемодиализын аппаратаар 575 иргэнд гемодиализ эмчилгээнд хамрагдаж, хүлээгдэлгүй болжээ.

Цаашид Хөвсгөл, Архангай, Төв аймаг, Халдварт өвчин судлалын үндэсний төвд нийт найман гемодиализийн аппарат суурилуулах бэлтгэл хангаж байна.

Мөн тус эмчилгээний чанар, хариуцлагыг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2017 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн А/119 дүгээр “Гемодиализ эмчилгээний журам, хуваарь батлах” тухай тушаалыг батлан, хэрэгжилтийг хангахад чиглэсэн сургалтуудыг зохион байгуулжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тэтгэврийн доод хэмжээг 40-50 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ

Засгийн газрын хуралдаан өнөөдөр өглөө (017.06.20) болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

  • ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭГ 40-50 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДҮҮЛНЭ

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын нэмэлт хэлэлцээрийн явцын талаар Засгийн газрын хуралдаанаар сонсч, ирэх 2018 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 161 тэрбум төгрөг зарцуулахаар Засгийн газрын тогтоол баталлаа.

Ирэх оны эхний өдрөөс эхлэн эхний ээлжинд бүрэн тэтгэврийн доод хэмжээг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 300 мянгад, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 40 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 250 мянгад хүргэх, мөн 161 тэрбум төгрөгтөө багтааж бүх тэтгэвэр авагчийн тэтгэврийг нэмэгдүүлэхээр 2018 оны улсын төсвийн төслийг боловсруулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

  • БАКАЛАВРЫН ОРОЙ, ЭЧНЭЭ, МАГИСТР, ДОКТОРТ СУРАЛЦАГЧИД “ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ”- Д ХАМРАГДАНА

Сургалтын төлбөрийн зээл олголтын өнөөгийн байдал, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг судалж, зээлд хамрагдах оюутны хамрах хүрээг өргөжүүлэх, зээлийн зарим нөхцөл, шаардлагыг хөнгөлөх, зээлийн үйлчилгээг шуурхай болгох зорилгоор Засгийн газар “Оюутны хөгжлийн зээлийн журам”-ыг шинэчлэн баталлаа.

Ингэснээр “Оюутны хөгжлийн зээл”-д бакалаврын орой, эчнээ, магистр, докторт суралцагчид хамрагдах боломж бүрдэж байна. Мөн хүү бууруулах болон богино хугацааны зээлийг дээрх бүх түвшний суралцагч авах эрхтэй бөгөөд урт хугацааны зээлийг зөвхөн бакалаврын түвшнийхэн авах юм. Оюутны хөнгөлөлтийн зээлийг 38115 оюутан, суралцагч шинээр авна гэсэн тооцоо гарсан байна. Түүнчлэн 18 нас хүрээгүй оюутны батлан даагч нь үндсэн зээлдэгч байж болох өөрчлөлт оруулснаар 6000 оюутан зээл авах эрхтэй боллоо.

Оршин суух харьяалал харгалзахгүйгээр зээл олгох болсноор орон нутгаас ирж суралцаж байгаа 87625 оюутан зээл авахын тулд заавал орон нутаг руугаа явах, эсвэл эцэг, эх, зээлийн баталгаа гаргасан хамтран зээлдэгч нь Улаанбаатар хотод ирэх шаардлагагүй болж байна. Зээлийн баталгааг малчин эцэг, эх гаргасан тохиолдолд зээлийг сар бүрээр хүү тооцож төлөх нөхцөлийг хөнгөрүүлж, малчны зээлийн эргэн төлөлтийн нөхцөлтэй ижил байх гэж нэмж тусгажээ.

Оюутан, суралцагч зээл авахын тулд долоон төрлийн бичиг, баримт бүрдүүлж, нотариатаар баталгаажуулж байсныг цуцаллаа. Энэ мэдээллийг цахим хэлбэрээр банк бүр шалгаж байх боломжийг бүрдүүлснээр зээл авагч 3-7 хоног хэмнэх юм. Цаашид оюутны хөгжлийн зээлийг барьцаа хөрөнгөгүйгээр олгоход үүсэх эргэн төлөлтийн эрсдэлийг шийдвэрлэх банк, санхүүгийн механизм бий болгох, эргэн төлөлт, хуримтлалын хөрөнгөөрөө төсөвт ачаалалгүй, бие даан хөгжих сангийн талаар судалж, ирэх 11 дүгээр сард танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгов. Засгийн газрын 2016 оны 111 дүгээр тогтоолоор журмыг нь баталж 12 дугаар сарын 25-ны өдрөөс сургалтын төлбөрийн зээл болох оюутны хөгжлийн зээл олгож эхэлсэн. Одоогийн байдлаар 1002 оюутан 1,6 тэрбум орчим төгрөгийн зээл аваад байна.

Журамд өөрчлөлт оруулснаар энэ оны төсвөөс нэмэлт хөрөнгө гарахгүй. Энэ жил 82,7 тэрбум төгрөгийг оюутны хөгжлийн зээлд зарцуулах бөгөөд 41 мянган оюутан төлбөрийн ямар нэг дарамтгүй суралцах боломжтой юм.

  • ХОЁР ТЭРБУМ ЮАНИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙГ ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨД ЗАРЦУУЛНА

Гэр хорооллын дахин төлөвлөлтөнд Бүгд найрамдах Хятад Ард улсын Засгийн газраас олгож буй хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийг зарцуулахаар Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэлээ. Хоёр тэрбум юаниар Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг 75 хувиар бууруулна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулж инженерийн шугам сүлжээний ажлын зураг боловсруулж төсөвт өртгийг тогтоосон боловч улсын төсөвт хөрөнгө нь суугдаагүйн улмаас зогсоод байсан бол өнөөдөр ийнхүү гацаанаас гарлаа. Ингэснээр барилгын ажил нь эрчимтэй явж байгаа ч дэд бүтцийн асуудал нь зогсоод байсан 15 байршил дахь 32,546 айлын орон сууцны хороолол, түүнийг дагасан сургууль цэцэрлэгүүд баригдаж ашиглалтад орохоор боллоо. Мөн орон сууцанд орох сонирхолгүй, өмчлөлийн газартаа дээрээ оршин суух хүсэлтэй 10,336 айл, өрх байгаад зориулж тус бүр нь 200-250 айл өрх харъялагдах “Бичил дэд төв”-үүдийг байгуулж тэднийг төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбох юм. Дэд бүтцийн эх үүсвэрийг эко байдлаар шийдэж сэргээгдэх эрчим хүч, био бичил цэвэрлэх байгууламж ашиглаж шийдвэрлэнэ. Мөн инженерийн хангамжийг төвлөрсөн,бие даасан болон холимог шийдлээр хангах юм. Үүнийг дагаж үйлчилгээний чиглэлээр тухайн “Бичил дэд төв” тус бүрийг дагаж 50-80 хүн ажилтай болж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх 100-150 ажлын байр мөн бий болно гэж тооцоолж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ус, дулаан, цахилгаан эрчим хүчний асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх юм.


  • АВТО ТЭЭВЭРЛЭЛТТЭЙ ХОЛБООТОЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ

Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Азийн автозамын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Хэлэлцээрийг соёрхон баталснаар

  • Манай улсын тээвэрчид гуравдагч улс орон руу тээвэрлэлт хийх, дэлхийн зах зээлд өрсөлдөх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн шинэ гарц нээгдэх эрх зүйн зохицуулалт бий болно
  • Монгол Улс болон гуравдагч орнуудын хооронд ачаа тээвэрлэх боломж бүрдэнэ
  • Манай улсын гадаад худалдаа өргөжиж, эдийн засагт эерэг нөлөөлнө
  • Ази-Европыг хамарсан худалдаа, тээвэр, гааль, татвар, даатгал хөнгөвчлөгдөнө
  • Азийн авто замын сүлжээний замуудад орчин үеийн дэвшилтэт тоноглол, төлбөр хураах систем нэвтэрч, жолооч, зорчигчдын ая тухтай амрах үйлчилгээний цогцолбор, тээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээний төв байгуулах боломж бүрдэх юм.

Сүүлийн хоёр жилд хийсэн тээврийн талаарх статистик мэдээнээс үзвэл зорчигчдын 98, ачааны 47 хувийг автотээврээр гүйцэтгэсэн байна. Энэ нь тээвэрлэлтийн хэрэгцээ, шаардлага өсөн нэмэгдэж, хөрш орнууд төдийгүй гуравдагч орнуудтай автотээврийн сүлжээгээ өргөжүүлэх шаардлагатай болсныг харуулж байгаа юм.


  • ТӨРИЙН ӨМЧИЙН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУД ТӨЛБӨРӨӨ НЭМЭХГҮЙ

Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын сургалтын төлбөрийг 2017-2018 оны хичээлийн жилд нэмэгдүүлэхгүй байх талаар зохион байгуулж буй арга хэмжээний үр дүнгийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцууллаа. Тус хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд Төрийн өмчийн их, дээд сургуулиуд 2017-2018 оны хичээлийн жилд бакалаврын сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүй байхаар шийдвэрлэлээ.

Энэ хичээлийн жилийн тайлангаас үзэхэд төрийн өмчийн их дээд сургууль коллежийн бакалаврын сургалтын төлбөрийн дундаж хэмжээ 1-2,9 сая төгрөг байна. Үүнийг нэмэгдүүлэхгүй байхаар Засгийн газраас шийдвэрлэлээ. Сургуулиудын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр тэвчиж болох зардлыг санхүүжүүлэхгүй байх, санхүүгийн хэмнэлттэй байх, улсын төсөв болон сургалтын төлбөрөөс бусад санхүүгийн нөөцийн эх үүсвэрийг бий болгох талаар эдийн засаг санхүүгийн тусгайлсан хөтөлбөр судалж нэвтрүүлнэ. Мөн оюутан сурагчдад сургалтын төлбөрөө төлөх уян хатан нөхцөлийг бүрдүүлж гэр бүл, иргэдэд санхүүгийн дарамт учруулахгүй байх, Оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээнд оюутан суралцагчийг хамруулах талаар Боловсролын зээлийн сан, арилжааны банкуудтай идэвхитэй, үр дүнтэй хамтын ажиллагааг зохион байгуулах зэрэг арга хэмжээнүүүдийг авч ажиллах юм байна.

-“Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын гүйцэтгэлд хөндлөнгийн хяналт тавьж, дүгнэлт гаргах хуулийн этгээдийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав. Үйлдвэрийг БНЭУ-аас авах нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд барихаар төлөвлөөд байгаа юм.


Товч мэдээ

  • Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх салбар, олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Пүрэвдоржийг эгүүлэн татлаа. Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Пүрэвсүрэнг түүний оронд томиллоо.
Categories
мэдээ нийгэм

“Насны хишиг”-ийг наадмын өмнө олгохоор болжээ

Ахмад настнуудад өгдөг “Насны хишиг”-ийг наадмын өмнө олгохоор болжээ. Учир нь хуульд зааснаар “Насны хишиг”-ийг Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өмнө хоёр удаа олгож байхаар болсон.

Тиймээс сар шинээр насны хязгаарт хараахан хамрагдаж чадаагүй ахмадууд одоо насны хишгээ авах нөхцөлүүдийг хангасан бол харьяа газрынхаа халамжийн мэргэжилтэнд хандах ёстой гэнэ. Харин долдугаар сарын 11-нээс хойш төрсөн ахмадууд энэ удаад “Насны хишиг” авах боломжгүй юм байна.

Насны хишиг олгохдоо:

  • 65-69 настай ахмадад 50 мянган төгрөг
  • 70-79 настай ахмадад 80 мянган төгрөг
  • 80-89 настай ахмадад 150 мянган төгрөг
  • 90 ба түүнээс дээш настай ахмадад 250 мянган төгрөг өгөхөөр хуульчилсан юм.
Categories
мэдээ нийгэм

Модон бөмбөгийн 2017 оны улсын аваргууд тодорлоо

Монгол улсын аварга шалгаруулах модон бөмбөгийн 2017 оны тэмцээн 06 сарын 16-17 нд Гачуурт дахь “Цэнхэр Мандал” амралтын модон бөмбөгийн талбайд амжилттай зохион байгуулагдаж аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд, Бага-нуур ХК, Мон-Алтиус-Мон Топ, Дархан-1, Дархан-2, ХААИС-1, ХААИС-2, ХААИС-3, Шивээ-Овоо, МУБИС, UB-1 зэрэг нийслэл, хөдөө орон нутгийн нийт 8 байгууллагын, тамирчид оролцон 2 өдрийн туршид өрсөлдөөнтэй болж өндөрлөлөө. Тэмцээнийг олон улсын дүрмийн дагуу Олон улсын болон ММБХолбооны шүүгчид удирдан явуулж, цохилтын эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан, баг, холимог хос, хос, талбайн цохилтын тэмцээн гэсэн 5-н төрлөөр явагдаж дүнгээ гаргасан юм.

Эрэгтэйчүүдийн цохилтын ганцаарчилсан төрөлд тэргүүн байранд 97 оноогоор Дархан-1 багийн тамирчин М.Түвшинжаргал, дэд байранд 104 оноогоор Дархан-1 багийн тамирчин спортын мастер Б.Билгүүндалай, гуравдугаар байранд ХААИС-2 багийн тамирчин, спортын мастер М.Хүрэлмөнх 105 оноогоор, эмэгтэйчүүдээс 109 оноогоор ХААИС-2 багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Г.Мягмарсүрэн, 109 оноогоор ХААИС-1 багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Оюунтуяа, 113 оноогоор ХААИС-1 багийн тамирчин, спортын мастер М.Сугарсүрэн нар эхний гурван байрт тус тус шалгарч медаль, өргөмжлөлөөр шагнууллаа.

Талбайн цохилтын тэмцээний хувьд баг тамирчдын хамгийн их оролцох сонирхолтой, өрсөлдөөнтэй болдог төрөл бөгөөд эрэгтэйчүүдийн төрөлд 32 тамирчин өрсөлдсөнөөс ХААИС-1 багийн тамирчин СДМ Х.Пүрэвжаргал, ХААИС-2 багийн тамирчин СДМ Э.Энх-Алдар, ХААИС-1 багийн тамирчин ОУХМ Б.Баянбулаг, эмэгтэйчүүдийн төрөлд Дархан-1 багийн тамирчин Ц.Мөнхзул, ХААИС-1 багийн тамирчин, ОУХМ Б.Оюунтуяа, Дархан-1 багийн тамирчин СДМ Э.Цэнгүүл нар шалгарч медалийн эзэд болжээ.

Харин холимог хосын төрөлд ХААИС-1 багийн тамирчид Б.Баянбулаг, Б.Оюунтуяа /47 оноо/ алтан медаль, ХААИС-2 багийн О.Мижиддорж, Ж.Загас /54 оноо/ мөнгөн медаль, Дархан-2 багийн Б.Энх-Амгалан, Ц.Баярцэцэг /54 оноо/ хүрэл медаль тус тус хүртсэн юм.

Эрэгтэй хосын төрөлд 1-р байранд 56 оноогоор ХААИС-1 багийн тамирчин Ц.Баасанжаргал, Х.Пүрэвжаргал, 2-р байрыг Дархан-1 багийн тамирчид Б.Билгүүндалай, М.Баасандорж нар 59 оноогоор, 3-р байранд ХААИС-2 багийн тамирчин М.Хзрэлмөнх, Г.Санзайдорж нар эзэлсэн юм.

Эмэгтэйчүүдийн хосын төрлийн тэргүүн байранд 63 оноотой Дархан-1 багийн Ц.Мөнхзул, Э.Цэнгүүл, дэд байранд 64 оноогоор ХААИС-1 багийн Б.Цэрэндулам Д.Лхам, 3-р байранд Дархан-2 багийн Э.Энхтүвшин, Г.Энэрэл нар аваргууд боллоо.

Багийн төрөлд эрэгтэйчүүдээс 418 оноогоор спортын мастер Г.Болдбаатар дасгалжуулагчтай Дархан-1 баг /Б.Доржцэрэн, М.Баасандорж, Н.Түвшинжаргал, Б.Билгүүндалай/, 429 оноогоор спортын мастер Ж.Загас дасгалжуулагчтай ХААИС-2 баг /Г.Санзайдорж, М.Хүрэлмөнх, О.Мижиддорж, Э.Энх-Алдар/, 436 оноогоор ХААИС-1 баг /Б.Баянбулаг, Ц.Баасанжаргал, Н.Дорлигжав, Х.Пүрэвжаргал/, эмэгтэйчүүдээс 474 оноогоор спортын мастер Ж.Загас дасгалжуулагчтай ХААИС-1 баг /Б.Оюунтуяа, М.Сугарсүрэн, Б.Цэрэндулам, Б.Хишигжаргал/, 476 оноогоор Г.Болдбаатар дасгалжуулагчтай Дархан-2 баг /Б.Хишигжаргал, Э.Энхтүвшин, Г.Энэрэл, Ц.Баярцэцэг/, 501 оноогоор спортын мастер Ж.Загас дасгалжуулагчтай ХААИС-2 баг /Ж.Загас, Г.Мягмарсүрэн, Б.Бадгирмаа, Б.Оюумаа/ нэг, хоёр, гуравдугаар байрын эздээр тодорлоо.

Байгууллагын нэгдсэн дүнгээр:

  1. Спортын мастер Ж.Загас дасгалжуулагчтай ХААИС-1 баг /82 оноо/
  2. Спортын мастер Ж.Загас дасгалжуулагчтай ХААИС-2 баг /85 оноо/
  3. Г.Болдбаатар дасгалжуулагчтай Дархан-1 баг /98 оноо/ цом, медаль, хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Тэмцээний нээлт, хаалтын ажиллагаанд Монголын Модон бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, дэд ерөнхийлөгч Ж.Буяндалай ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Эрдэнэтуяа болон Удирдах зөвлөлийн гишүүд оролцож баг тамирчидад амжилт хүсч тэмцээний шагналыг гардуулан өгсөн. УАШТ-ээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй шилдэг 12 тамирчин 11 сард БНХАУ-ын Хэюуан хотод болох Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээн, Хятадын нээлттэй тэмцээнд оролцох эрхтэй боллоо.

Categories
мэдээ нийгэм

Сонгуультай холбоотой 220 гаруй гомдол цагдаад иржээ

Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой зарим асуудлыг хэлэлцэв.

Уг хурлаар сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, явцыг ажиглах төрийн байгууллагыг бүртгэж, зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцлээ. Сонгуулийн ерөнхий хороо “Сонгогчдын төв зөвлөл” төрийн бус байгууллагаас ирүүлсэн баримт бичиг, төлөвлөгөөг хянаж үзээд зарим асуудлыг тодорхой болгосны дараа зөвшөөрөл олгох асуудлыг дахин авч хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.

Мөн хуралдаанаар сонгогчийн шилжилттэй холбоотой асуудлаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү мэдээлэл хийж, сонгогчийн нэрийн жагсаалтад орсон өөрчлөлтийн талаар танилцууллаа.

Хуралдаанаар Цагдаагийн байгууллагад иргэд сонгогчдоос ирүүлсэн өргөдөл гомдлын талаар ЦЕГ-ын дарга Ө.Энхтөр мэдээлэл хийж, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш сонгуультай холбоотой 220 гаруй гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авсан тухай тэрээр танилцуулаад тэдгээрийн ихэнх нь бусдын нэр төрд халдаж гүтгэсэн, сурталчилгааны самбар, зурагт хуудсыг гэмтээсэн, хууль бус сурталчилгаа явуулсан, ухуулга сурталчилгаа явуулахад саад учруулсан зэрэгтэй холбоотой байна гэлээ.

Хуралдааны үеэр Сонгуулийн ерөнхий хорооны зарим гишүүд саналаа илэрхийлэхдээ, сонгуулийн хууль тогтоомжид зааснаар захиргааны зөрчлийг цагдаагийн байгууллага шалгаж, шууд ирүүлсэн гомдол мэдээллийг шүүгч шийдвэрлэх зэргээр зөрчил шалгах, хянан шийдвэрлэх ажиллагааг сонгуулийн сурталчилгааны богино хугацаанд тогтоож шийдвэрлэхэд хүндрэлтэй байгаад шүүмжлэлтэй хандлаа. Тиймээс сонгуулийн хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулахад анхаарах асуудлууд байгааг тэмдэглээд, сонгуулийн байгууллагын эрх үүргийг нэмэгдүүлэх, хариуцлага тооцох эрх зүйн харилцааг нарийн зохицуулж хуульчлах шаардлага байгаа талаар онцлон ярив.

Categories
мэдээ нийгэм

Г.Доржзодов 60 тэрбумтай холбоотой мэдээллүүдийг гадаад хэл дээр түгээж эхэлжээ

dorjzodovМАН-ын удирдлагууд төрийн албан тушаалыг үнэлэн 60 тэрбум төгрөг босгох тухай хэрхэн ярилцаж байгаа нууц бичлэгийг Г.Доржзодов гэх залуу 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр олон нийтэд цацаж шуугиан тарьсан. Бичлэг цацагдсанаас хойш МАН-ын гишүүд түүнийг хэрхэн дарамтлах болсон, мөн их хэмжээний мөнгө амлаж, хаана дуудаж хэрхэн уулзсан талаар ч баримттай мэдээллийг тэрбээр олон нийтэд хүргээд байгаа юм.

Харин тэрээр өчигдрөөс өөрийн цахим хуудсуудаар дамжуулан 60 тэрбумтай холбоотой асуудлуудыг англи хэл дээр нийтлэн тарааж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Бичил уурхайчдад таатай орчин бүрдлээ

Швейцарийн Хөгжлийн Агентлагийн Тогтвортой бичил уурхайн төслийн Үндэсний зохицуулагч Б.Алтанбаганатай ярилцлаа.


-“Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг шинэчлэн баталжээ. Уг журамд ямар өөрчлөлт орсон юм бол. Бичил уурхайчдад үүгээр ямар боломж бий болж байгаа юм?

-Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг баталж зургаан жил гаруй хугацаанд хэрэгжүүлээд энэ оны тавдугаар сарын 24-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор энэхүү журмыг шинэчлэн баталлаа. Энэ тогтоолоор мөн “Бичил уурхайн аюулгүй байдлын дүрэм”-ийг хамтран боловсруулж, батлан мөрдүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нарт, Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалыг хамтран баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нарт даалгасан.

Журамд зарчмын хэд хэдэн чухал өөрчлөлт орсон.

-Тэдгээр өөрчлөлтүүдийг нь дурдвал?

-Төрийн төв болон орон нутгийн байгууллагуудын үүрэг, оролцооны талаар геологи уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, аймаг нийслэлийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн хурлын бичил уурхайн талаарх эрх, үүргийг нэмж тусгаж өгснөөр бичил уурхайн холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг бодлогын нэгдсэн удирдлагаар хангах, зохион байгуулах талаар хэн, юу хийх вэ гэдэг нь тодорхой болсон. Түүнчлэн бичил уурхайтай холбоотой төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, зохицуулах чиг үүрэг бүхий салбар дундын зөвлөл байгуулж ажиллуулах тухай заалт нэмж орсон. Учир нь бичил уурхайн асуудал бол зөвхөн уул уурхайн салбарын асуудал биш юм. Бичил уурхайн эргэн тойронд хүний эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчин, хүний эрх гэх мэт маш олон асуудал байдаг. Холбогдох салбарын яам, агентлагууд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд бичил уурхайчдад чиглэсэн үйл ажиллагаануудыг тодорхой хэмжээнд авч хэрэгжүүлдэг. Гэтэл эдгээр байгууллагуудын үйл ажиллагааг хооронд нь уялдуулах, зохицуулах, мэдээлэл солилцох механизм өмнө нь байгаагүй юм.

-Бичил уурхай эрхлэх иргэдэд чухам ямар шаардлага тавьж байгаа вэ?

-2014 оны долдугаар сарын 01-ний өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар бичил уурхай эрхлэх иргэд бүртгэгдээгүй нөхөрлөлөөс гадна хуулийн этгээдийн хэлбэрээр хоршоо, нөхөрлөлийн зохион байгуулалтад орж үйл ажиллагаа явуулахаар хуульчилсан. Энэхүү хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу журамд бичил уурхай эрхлэх иргэд дээрх гурван хэлбэрийн аль нэг хэлбэрээр зохион байгуулагдсан байх шаардлага тавигдаж байгаа.

Тухайн аймаг, нийслэлд оршин суугчаар бүртгүүлсэн байх шаардлага тавигддаг болсон. Ингэснээр аймгийн төвийн сумдын бичил уурхай эрхлэх хүсэлтэй, ажилгүй иргэдийг аль суманд ажиллуулах талаар аймгийн Засаг дарга сумдтай зөвшилцөж шийдвэр гаргах боломж бүрдэнэ гэж ойлгож байгаа. Өмнөх журамд “тухайн орон нутагт бүртгэлтэй иргэн байх” шаардлага тавигддаг байсан учраас хэрэгжилтийн явцад орон нутаг гэдэгт нь аймгийг ойлгох уу, сумыг ойлгох уу гэх мэт тодорхойгүй асуудлууд үүсдэг байсныг шийдвэрлэсэн.

Мөн ашигт малтмалын борлуулалтын тал дээр бичил уурхайн нөхөрлөл, хоршоо, бүртгэгдээгүй нөхөрлөл нь сум, дүүргийн Засаг дарга, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй зөвшилцөж гурвалсан гэрээ байгуулсны үндсэн дээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн талбай дээр ашигт малтмал олборлож болохоор журамд тусгасан байгаа. Ийнхүү байгуулсан гэрээний үндсэн дээр ашигт малтмал олборлосон тохиолдолд бичил уурхай эрхлэгчид олборлосон ашигт малтмалыг борлуулахдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр дээр бүртгүүлнэ гэсэн заалт нэмж орсон байгаа.

-Гэрээний хугацааны талаар өөрчлөлт орсон гэсэн?

-Тийм ээ. Сумын Засаг дарга бичил уурхай эрхлэгч этгээдтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг тухайн талбайн ашигт малтмалыг ашиглаж дуусах хүртэлх хугацаагаар байгуулахаар журамд заасан. Хуучин журамд гэрээг нэг жилийн хугацаагаар байгуулж, нэг нэг жилээр сунгаж болно гэж заасан байсан. Энэ заалт нь нэг талаас бичил уурхайчид тухайн талбайд тогтвор суурьшилтай ажиллах, үйл ажиллагаандаа хөрөнгө оруулалт хийх боломжийг хязгаарлаж, нөгөө талаас гэрээ сунгах тухай зохицуулалт нь хоёрдмол утгатай тодорхойгүй байсан. Гэрээний хугацааг нэг жилээр байгуулахад ялангуяа үндсэн ордоос олборлолт явуулж байгаа бичил уурхайчдын хувьд судалдаа хүрэхийн тулд 2-3 жил зарцуулдаг тул гэрээ сунгахгүй байх тохиолдолд маш их хохирол амсах эрсдэлтэй байдаг. Түүнчлэн бичил уурхай эрхлэх талбайн асуудлаар, бичил уурхай эрхлэх боломжтой газрын судалгааг АМГТГ-аас урьдчилж гаргаж өгдөг болсон. Бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын асуудлыг шийдвэрлэхэд бичил уурхайчдын бүртгэгдээгүй нөхөрлөл нь сум, дүүргийн Засаг даргад өргөдлөө гаргаад, сум, дүүргийн Засаг дарга нь ИТХ-даа тухайн асуудлыг оруулж хэлэлцүүлээд, гарсан шийдвэрийг үндэслэн Засаг дарга нь шууд АМГТГ-т хүсэлт явуулж талбайн дүгнэлт гаргуулдаг байсан. Одоогийн шинэчилсэн журмаар бичил уурхайчдын нөхөрлөл, хоршоо, бүртгэгдээгүй нөхөрлөл нь сум, дүүргийн Засаг даргад өргөдлөө гаргаад, сум дүүргийн Засаг дарга нь аймаг, нийслэлийн Засаг даргад саналаа явуулна. Аймаг нийслэлийн Засаг дарга нь бичил уурхайн зориулалтаар аймгийн тусгай хэрэгцээнд авах газрын талаар дүгнэлт гаргуулах хүсэлтийг АМГТГ-т явуулна. АМГТГ-аас “боломжтой” гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд аймаг, нийслэлийн ИТХ нь тухайн газрыг бичил уурхайн зориулалтаар аймгийн тусгай хэрэгцээнд авах тухай шийдвэр гаргасны дараа сум, дүүргийн Засаг дарга бичил уурхайчидтай гэрээ байгуулж талбай олгоно. Аймаг, нийслэл бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талбайн асуудлыг шийдвэрлэхэд оролцдог болсноор тухайн аймаг бичил уурхайн газрын асуудлыг аймгийн хөгжлийн хэтийн зорилттой уялдуулж зохицуулах боломжтой болгосон.

-Шинэ журмаар бичил уурхайчид маань илүү хүч чадалтай тоног төхөөрөмж ашиглах боломж бүрдсэн гэж сонслоо?

-Тийм ээ, нөхөрлөл, хоршооны зохион байгуулалтад орсон бичил уурхай эрхлэгч хуулийн этгээд нь ашигт малтмал олборлохдоо 3500 см3 хүртэлх багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр бүхий хоёроос илүүгүй механизмыг ашиглах боломжтой болсон. Хуучин журмаар бичил уурхайн үйл ажиллагаанд 500 см3-ээс дээш багтаамжтай хөдөлгүүр бүхий тоног төхөөрөмж ашиглахыг хориглодог байсан. Ийнхүү ашигт малтмал олборлоход ашиглах машин, механизмын хүчин чадлыг нэмэгдүүлснээр бичил уурхайчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, тогтвортой ажлын байртай болох, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх улмаар орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа. Энэ зохицуулалт нь нэг талаас бичил уурхайг хариуцлагажуулах, зохион байгуулалтын дараагийн түвшинд гаргах, нөгөө талаас бичил уурхайг мэргэжлийн түвшинд нөхөрлөл, хоршооны хэлбэрээр зохион байгуулалтад орж явуулж байгаа хэсэгт давуу эрх, боломж олгож байгаа юм.

-Өнөөдрийн байдлаар хичнээн иргэн хувиараа ашигт малтмал олборлож байгаа вэ. Тэдний хэдэн хувь нь “бичил уурхайчин” гэх албан ёсны тодотголтой явна вэ?

-Монгол Улсад хэдэн хүн хувиараа ашигт малтмал олборлож байгаа талаар албан ёсны статистик мэдээлэл, тоо баримт байхгүй. Албан бус мэдээгээр 60-70 мянга гаруй иргэн энэ үйл ажиллагааг эрхэлж байна гэдэг. Энэ тоо оргил үедээ 100 мянга хүрдэг гэсэн судалгаа байдаг. Эдгээрийн 10 гаруй хувь нь албан ёсны зохион байгуулалтад орж бичил уурхай эрхэлж байна.

-“Нинжа” буюу хувиараа ашигт малтмал олборлогчдын хариуцлагагүй үйл ажиллагаа байгаль орчныг доройтуулах нэг шалтгаан гэдгийг албаныхан хэлдэг. Харин бичил уурхайчид нөхөн сэргээлт хийдэг болсон гэсэн. Энэ талаар ямар тоо баримт дурдах вэ?

-Нэг үеэ бодвол албан ёсоор бичил уурхай эрхэлж байгаа иргэд байгаль орчны хариуцлагатай үйл ажиллагаа явуулдаг болсон. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох боломжтой дүгнэлт гарсан талбайд журмын дагуу сумын Засаг даргатай гэрээ байгуулан нөхөн сэргээлтийн дундын сан байршуулдаг, олборлолтын үйл ажиллагаа дууссаны дараа тухайн талбайд нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэн орон нутагт хүлээлгэн өгдөг. Ингэснээр дараа жил дахин гэрээ байгуулах уу, үгүй юу гэдэг нэг шалгуур тул бичил уурхайчид нөхөн сэргээлт хийж хэвшиж байна. Зохион байгуулалтад орсон бичил уурхайчид байгаль орчны нөхөн сэргээлт гэдэг асуудлыг орхигдуулдаггүй болсон.

ШХА-ийн дэмжлэгтэйгээр Азийн сангийн “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь II” төслийн хүрээнд боловсруулсан Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалыг үндэсний болон орон нутгийн түнш байгууллагуудын хамтын ажиллагаа болон бодитоор хэрэгжүүлсэн. Бичил уурхайчид өөрсдийн талбайгаас гадна эвдрэлд орон орхигдсон 17 сумын 317 га талбайд энэ аргачлалын дагуу техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Энэ ажил цаашид үргэлжлэн манай төсөл, орон нутаг, бичил уурхайн байгууллага гээд хамтрагч талуудын оролцоотой хэрэгжүүлж байна.

-Энэ дашрамд та Тогтвортой бичил уурхай төслийн талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл нь 2005 оноос хойш Монгол Улсад бичил уурхайг зохион байгуулах, албажуулах, байгаль орчинд хал багатай бичил уурхайн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, оролцогч талуудын хариуцлагатай бичил уурхайн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж ажиллаж байна. Тогтвортой бичил уурхай төслийн дөрөв дэх үе шат нь эдийн засгийн хувьд тогтвортой, байгаль орчны хариуцлагатай, хүний эрхэд суурилсан Монгол Улсын бичил уурхайн салбар нь бичил уурхайн талаарх олон улсын сайн туршлагаас суралцах, үр шимийг хүртэх, хувь нэмэр оруулах зорилготой юм.

-Бичил уурхайчид улс орны эдийн засагт тодорхой хэмжээний хувь нэмэр оруулдаг, мөн тухайн орон нутагтаа ч шинээр ажлын байр гаргаж байгаа гээд сайн жишээ олон бий байх?

-Бичил уурхайчид бичил уурхай эрхлэн орлого олохоос гадна хоёрдогч орлогын эх үүсвэртэй байх талаар нилээд анхаарч байгаа энэ нь ирээдүйгээ харсан төлөвлөлт юм болов уу, үүний хүрээнд бичил уурхайчдад мэргэжлийн боловсрол олгох, өөр мэргэжил эзэмшүүлэх сургалтуудыг аймгийн МСҮТөвүүдтэй хамтран зохион байгуулж байна. Бид мөн амьжиргааг сайжруулах, чадавхжуулах чиглэлээр бизнесийн сургалт, жижиг бизнес эрхлэх төслийг дэмжиж эхлээд байгаа. 2016 онд 122 бичил уурхайчинд 79,500,000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.

-Танай төсөл анх хэрэгжиж эхлэхэд Монголд “нинжа” гэх нэр жинхэнэ утгаараа газар авч, төр засгийн шүдний өвчин болж байсан байх. Харин өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдөж, Засгийн газар, харьяа яамд нь анхаарал хандуулдаг болсон?

-Бичил уурхай бол ядуурлаас үүдэлтэй бөгөөд орон нутгийн иргэд амьжиргаагаа залгуулахын тулд алт, нүүрс, хайлуур жонш ба бусад ашигт малтмал олборлодог. Бичил уурхайн салбарт тэгш бус байдал, нийгмийн тусгаарлалт, хүний эрхийн зөрчил гэх мэт олон бэрхшээлүүд тулгардаг.

Төсөл эхэлж байх үетэй харьцуулахад төрөөс бичил уурхайн салбарын эдгээр асуудлыг анхаарч шийдэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийдэг болсон бөгөөд үүний нэг жишээ нь энэхүү журмыг шинэчлэн баталсан явдал юм. Тиймээс Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн зүгээс шинэчилсэн “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” нь Монгол Улсад ядуурлыг бууруулахад дорвитой хувь нэмэр оруулна хэмээн найдаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Д.САРНАЙ

Categories
мэдээ улс-төр

Зөөврийн хайрцгаар санал өгөх иргэд өнөөдрийн дотор хүсэлтээ илгээнэ

Зөөврийн хайрцгаар санал өгөх иргэд зурган илэрцүүдСонгуулийн тухай хуулийн 90 дүгээр зүйлд заасны дагуу санал авах өдрийн өмнөх өдөр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаа болдог уламжлалтай. Зөөврийн хайрцгаар санал өгөх иргэд нь:

•Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй

•Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамран ажиллаж байгаа

•Захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан

•Байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон

•Санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал нар байдаг.

Мөн хуульд заасны дагуу зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх иргэдийн хүсэлтийг зургадугаар сарын 21-нөөс өмнө хүлээн авна. Ингэхдээ өөрийн харьяа хэсгийн хороо буюу санал авах байранд бичгээр хүргүүлнэ. Сонгогч хүсэлтдээ эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын тодорхой хаяг, утасны дугаар, гарын үсэг эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр, утасны дугаар гарын үсэг, санал авах байранд хүрэлцэн ирж чадахгүй шалтгаан, биеийн эрүүл мэндийн байдлын тухай тодорхой бичиж эмч, эмнэлгийн байгууллагын магадлагааг хавсаргасан байх шаардлагатай юм.