Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

УИХ-ын дарга М.Энхболдод Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат өргөн мэдүүллээ.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот 377 жилийн түүхтэй бөгөөд Улсын Их Хурлаас анх 1994 оны долдугаар сарын 5-ны өдөр Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлан гаргасан. Өнөөгийн байдлаар нийслэл хот, түүний удирдлагад эрх, үүрэг болгон хэм хэмжээ тогтоосон 120 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагаас өдөр тутмын үйл ажиллагааг 20 гаруй хуулиар зохицуулж байна.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаас хойшхи 22 жилийн хугацаанд 9 дүүрэг, 152 хороотой нийслэл хотын үйл ажиллагаа жигдэрч, эдийн засаг, нийгмийн харилцааны хувьд тодорхой хэмжээнд өргөжин хөгжиж, оршин суугчдын тоо 1.3 саяд хүрээд байна. Тухайлбал, нийслэл хотын хөдөлмөрийн насны хүн амын тоо 981.456, жил тутам шилжиж ирэгсдийн тоо 30.297, төрөлт 42.790 бөгөөд нийслэлийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 14.881 тэрбум төгрөгт хүрсэн нь үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний 64.5 хувьтай тэнцэж байна. Нийслэл хотод нийт 43.490 аж ахуйн нэгж бүртгүүлсэн нь улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа 68.425 аж ахуйн нэгжийн 63 хувьтай тэнцэж байгаа юм. Орон нутгаас хот руу шилжих хөдөлгөөн 1990-ээд оноос хойш эхэлсэн ба тасралтгүй үргэлжилсээр өдгөө нийслэлд байнга болон түр оршин суугчдын тоо 1.372 саяд хүрсэн нь манай улсын нийт хүн амын 46.8 хувьтай тэнцэж байгаа аж.

Түүнчлэн Улаанбаатар хотын хүн амын өсөлт нь хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, гэмт хэрэг, зөрчил ихсэх, замын хөдөлгөөнд хэт түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээний салбар доголдох зэргээр эдийн засаг, нийгмийн бүх талын харилцаанд хүндрэл учруулж эхэлжээ.

Нөгөөтэйгүүр 1994 онд батлагдсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн зүйл, заалт сүүлд батлагдсан зарим хуулиудын зүйл, заалттай давхардах, зөрчилдөх, цаг хугацааны явцад зохицуулалтын чадвараа алдах зэрэг тохиолдол гарч байгаа бөгөөд хуулиар зайлшгүй зохицуулах шаардлагатай нийгмийн зарим харилцааг хуулиар зохицуулаагүй үлдээсэн нь эрх зүйн хийдлийг бий болгож байна хэмээн сайд Ж.Мөнхбат хэлэв.

Энэ хууль батлагдсанаар төрийн байгууллагын ачаалал нэмэгдэх боловч асуудал хариуцсан төрийн байгууллагын чиг үүргийг илүү тодорхой болгох, хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, гэмт хэрэг, зөрчил ихсэх, замын хөдөлгөөнд хэт түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээний салбар доголдох зэргээр эдийн засаг, нийгмийн бүх талын харилцаанд учирч байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх замаар хүний үндсэн эрх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангах ач холбогдолтой юм байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

С.Ганбаатар: Надад төлөвлөгөө бий

“Өдрийн сонин”-ы 2017.06.14-ний Лхагва гаригийн №133(5700) дугаараас авч нийтлэв.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатартай ярилцлаа. Түүнийг сонгуулийн сурталчилгаагаа эхлэхээс өмнө энэ ярилцлагыг авсан юм.


-УИХ-д суудалтай гурван намын нэг болох МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд та нэр дэвшээд байна. Таныг Баянхонгорын гаралтай гэдэг ч яг аль сумынх болох талаар мэдэх хүн ховор байсан шүү?

-Миний аав, ээж Баянхонгор аймгийн хүмүүс. Нэг буурал аав маань Баян-Овоо сумын, нөгөө буурал аав маань Архангайн гаралтай. Миний аав Б.Сайнхүү инженер хүн байлаа. Би долоон хүүхэдтэй айлын том нь. Баянхонгор аймагт төрж, Дарханд гурван настайдаа ирээд, долдугаар ангиасаа эргээд нутаг руугаа нүүсэн. Аав маань социалист нийгэмд ч дарга нарынхаа болохгүй бүтэхгүйг нь ил гаргаж, шүүмжилчихдэг нэгэн байсан. Ажилтнаа шударга бусаар халсан дарга нараа шүүмжилснээс нутаг буцахад хүрсэн. Би аавынхаа захиж хэлсэн зөв байх, шударга байх зарчмаар өдийг хүртэл явж ирлээ. Аав, ээж маань харьцангуй эрт хорвоогоос буцаж дээ. Ээжийнхээ захиснаар дүү нараа эрдэм номтой хүн болгоё гэж зорьж ирсэн.

-Аравдугаар ангиа төгсөөд ямар сургуульд орсон, яагаад сургуулиа төгсч чадаагүй юм бэ?

-Би Германы инженерийн бэлтгэл ангийн хуваарь авч байлаа. Бэлтгэлд явж ирээд үндсэн сургуульдаа сурах үедээ гадагшаа явж чадаагүй. Миний хуваарийг даргын хүүхдэд өгснөөр Политехникийн дээд сургуульд шилжин суралцсан. Амьдралынхаа анхны гараанаас эхлээд шударга бустай би нүүр тулж эхэлсэн нь энэ. Тэр цагаас л надад шударга бустай тэмцэх ёстой гэсэн үзэл санаа суусан юм болов уу даа. Оюутан цаг маань хүнд хэцүү өнгөрч, дүү нараа авч явах гэж зүтгээгүй бол, гүрийж хичээгээгүй бол өнөөдөр түмэн олны төлөө тэмцэж дуугарах хат суугаагүй ч байсан байж болох гэж би боддог. Ижийнхээ захиасыг биелүүлэхээр тэр үедээ өөрөө сурахаа орхиод ч болов дүү нараа боловролтой болгохоор зүтгэж чадсандаа би одоо ч баяртай явдаг.

-Та хэд хэдэн сургуульд ороод дуусгаж чадаагүй байдаг. Ядаж нэгийг нь төгсгөчихсөн байсан бол өнөөдрийн энэ хэл ам гарахгүй байсан даа?

-Тухайн үедээ сургуулиа дуусгаж чадахгүй, мөнгө санхүүгийн байдлаас болоод сургуулиа орхиж байгаа маань хэцүү санагддаг байсан. Би аяга угааж байсан ч давхар толгойгоо цэнэглэж байсан. Харин Оюутолгойн гэрээг хийсэн улстөрчид толгойгоо угаалгаж, түрийвчээ цэнэглэх арга ухаанд суралцаж байсан байх. Тэр үеийн хариуцлагыг ойлгож мэдрэх ухаан намайг уул уурхайн асуудал дээр Монголын баялгийг зүгээр тавиад туучихаж болохгүй гэдгийг ойлгуулсан. Монголын баялгийг ард түмэндээ ашигтайгаар үлдээж, ажлын байрыг бий болгохын төлөө мань мэт шиг хүмүүс зүтгэхгүй бол тэр чигт нь тавиад алдчих мэт санагддаг. Түүнээс тэрийг энийг төгссөн гэсэн цаас авчих байж дээ гэж харамсч байгаагүй, одоо ч харамсахгүй байна.

-Гэхдээ хөрөнгө оруулагчдаа хөөж туугаад байж болохгүй биз дээ?

-Би уул уурхайг зогсоож, баялгаа олборлохыг зогсооно гэдэггүй. Ганцхан Оюутолгойг яаж ашигтай ашиглах вэ, монголчуудад ашиг нь яаж ирэх вэ гэдгийг л асуудаг. Баялгийн эх оронч үзлийн тухай бид ярих ёстой. Хэдхэн хүн, хэдхэн гэр бүлд ашигтайгаар шийдэх биш нийт монголчууддаа ашигтайгаар шийдэх тийм эх оронч үзэлтэй байх ёстой. Оюутолгойн талаар анх ярьж, тэмцэж байхад яагаад гацаагаад байгаа юм бэ гэдэг байлаа. Харин одоо “Оюутолгойг бид нар тавиад туучихсан юм байна. 2038 он хүртэл ногдол ашиг авахгүй юм байна, 2039 онд нөөц нь дуусах юм байна. Одоо нэгэнт өнгөрчихөж, наадахаа хаяач” гэж хэлж байна. Асуугаад адлуулаад явахаас айж болохгүй ээ. Хэрэв тэгэх л юм бол бид алдана. Би бол айхгүй байна, эрдэм номыг нь ч сурсан, хэнтэй ч ярьж мэтгэлцэхээс эмээхгүй.

-Та сургуульд нь сурсан байж болох ч албан ёсны дипломоо аваагүй. Яагаад төгссөн гэсэн юм бэ?

-Би энэ сургуулийг төгссөн гэхээсээ, энэ сургуульд суралцаж байсан гэж анхнаасаа хэлж бичдэг байсан. Би сурч байсан гэж бичихээсээ хэзээ ч ичиж байгаагүй. Яагаад гэвэл тэнд миний хөдөлмөр шингэсэн амьдралын маань үнэ цэнэтэй он жилүүд учраас. Аяга угааж олсон мөнгөөрөө, ямар ч төр засаг, ямар ч аав ээж, ах дүүсийн дэмжлэггүй зүтгэж сурч байсан маань миний түүх. Улс төрд хүнийг харлуулахад их амархан. “Непко” хэвлэлийн газраас “Британика Монгол” хураангуй толийг хийхдээ намайг олон нийтийн хөдөлгөөний удирдагч, Монголын Үйлдвэрчний эвлэлийн түүхэнд ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны ерөнхийлөгч гэж оруулсан байдаг юм. Тэр үед намайг намтраа бичиж өг гэхэд би суралцаж байсан бүх сургуулиудаа жагсаагаад суралцаж байсан гэж бичээд өгч байсан. Магадгүй миний тэр бичиж өгсөн хадгалагдаж байдаг байх. Би чинь үнэндээ Хөдөлмөрийн дээд сургуульд магистрын зэргийг хамгаалсан хүн шүү дээ. Баклавргүй гээд магистрын ангид сурсныг үгүйсгэж байвал, хамаагүй ээ. Би арван жилийн боловсролтой гэдгээрээ үлдэе. Тэглээ гээд миний уншсан харсан, үзсэн дуулсан надаас явчихгүй. Хамгийн гол нь сэтгэл минь хаана байна гэдгийг ард түмэн мэднэ. Маргарет Тетчер “Намайг асуудал гаргаж тавихад тэр асуудлаа биш өөр зүйл рүү ороод байна. Уг нь асуудал тавихад асуудлаа л ярих ёстой” гэж хэлсэн байдаг. Түүн шиг намайг Оюутолгойн гэрээг засч сайжруулья гээд ярихаар 25 жилийн өмнө намайг хаана байсныг яриад байдаг нь нэг талаасаа би бусад улстөрчид шиг элдэв зүйлд хутгалдаагүй, хамгийн цэврээрээ байгаа улстөрч гэдгийн баталгаа юм даа.

-Та үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгчөөр дөрвөн жил ажиллаж, дараагийн сонгуулиар нь дахин сонгогдож бараг 2017 он хүртэл ажиллахаар болсон байсан. Ажлаа өгөхөд хүрсэн шалтгаан юу байсан бэ?

-Тийм ээ, би дөрвөн жил ажиллаад 100 хувийн саналаар улиран сонгогдож, хоёр жил шахам ажилласан. Би үйлдвэрчний эвлэлийн байгууллагын зарим өмч хөрөнгийг авахын тулд маш их тэмцэл хийсэн. Энэ нь намайг олон дайсантай болгосон. Тэр хүмүүс Цэцэд гомдол гаргасан. Гомдлыг шийдэх явц удаан үргэлжилдэг, тэр нь бидний ажлыг хойш татах учраас албан тушаалдаа хорогдож холбооныхоо ажлыг баллахыг хүсээгүй. Тэгээд өргөдлөө өгөөд гарч байлаа. Үйлдвэрчний байгууллага надад ихийг сургасан. Ажилласан зургаан жилдээ зургаан удаа цалин нэмүүлж, хоёр удаа тэтгэвэр нэмүүлсэндээ баяртай явдаг.

-Таныг тэр ч энэ ч намд элсэх нь гэдэг байсан. МАН-ын НАМЗХ-ны Алтан сарнайг хүртэж байсан, ИЗН-ын хуралд суугаад байна ч гэж бичигдэж байсан. Өнгөрсөн жил ХҮН намын дарга болж, өнөө жил МАХН-аас нэр дэвшиж байна…

-Ер нь надад МАН ч, АН-д ч элсэн орж, улс төрийн үйл ажиллагаа явуулах боломж эртнээс байсан. Гэхдээ надад энэ хоёр том намын явуулж байгаа бодлого нэг бууж өгдөггүй байсан. Тэдний явуулж байгаа бодлого нь ард түмний хүсэл зоригоос өөр байгаа нь мэдрэгддэг байсан. НАМЗХ 2012 оны Алтан сарнай шагналаа шилдэг нийгмийн зүтгэлтэн гэж гардуулахад талархалтай хандсан. Гэхдээ энэ нь МАН-д элссэн гэсэн үг биш шүү дээ. ИЗН-ын хувьд анхнаасаа хүндэтгэлтэй хандаж ирсэн. Дотно сайн нөхөд маань ИЗН-ынх. ХҮН намыг байгуулсаан. Залуучууддаа тусалж, нийгмээ эрүүлжүүлье гэж зорьсон. Гэвч хоёр том нам зорилготойгоор хяхаж хавчин, бодлогоор хүмүүсээ оруулж буталсан. Манай залуучуудад буруу байгаагүй ээ, бодлогоор хоёр том намын хийсэн ажил.

-МАХН-тай хэдийнээс холбогдчихов?

-МАНАН-ын эсрэг тэмцэх ёстой юм байна, үүний тулд бүгдээрээ нэгдэх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Тэр утгаараа Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр даргыг дэмжээд явж байтал тэр нэр дэвших боломжгүй болсон. Хэрэв сонгуульд Н.Энхбаяр дарга нэр дэвшсэн бол ялах байсан, үүнийг та бид мэдэж байгаа. Ингээд түүний ялалтыг баталгаажуулах үүднээс надад нэр дэвших боломж олдсон.

-Нам төлөөлж нэр дэвшихэд намын гишүүнчлэлтэй байх ёстой биз дээ. Та МАХН-д элссэн үү?

-Би саяхан МАХН-д элссэн.

-Хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдвол намын гишүүнээс түдгэлзэж таарна…

-Тийм ээ. Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн намын гишүүнчлэлээс татгалздаг. Ер нь Монгол Улсын Ерөнхийлөгч хүн ард түмнийхээ дундаас гарч ирсэн, тэднийхээ хүрээлэлд байдаг хүн байх ёстой гэдгийг намууд ойлгох ёстой. Түүнээс аль нэг намд хатуу гүйж байснаа, намынхаа халуун үнэмлэхийг өврөөсөө гаргаж тавьчихаад ард түмнийхээ талд байна, нам бус гэж хэлэх үнэмшилгүй санагддаг. МАХН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд намайг нэр дэвшүүлсэн нь өөрийн, намын эрх ашиг гэхээсээ нийт ард иргэдийн эрх ашгийг дээдэлж, ардчилалтай нам гэдгээ харууллаа гэж бодож байна.

-Сонгуульд нэр дэвшиж байгаа хүн өөрөө сонгуулийнхаа зардлыг гаргана гэж МАХН-ынхан зарласан. Тэр ч утгаараа зарим нэр дэвшигчид нэрээ татсан дуулдаж байсан. Та тэр их мөнгийг яаж хувиасаа гаргах юм бэ?

-Би Монголынхоо ард түмний итгэл найдвараар өдийг хүртэл тэмцэж ирлээ. Энэ их хэцүү, хатуу улс төрийн нөхцөл дунд өдийг хүртэл намайг хамгаалж, дэмжиж ирсэн ард түмэндээ би баярлаж явдаг. Би тэдний л бүтээл. Өнгөрсөн 27 жилийн монголчуудын туулж өнгөрүүлсэн зовлон жаргал, бэрхшээл ололтын бүтээл нь би юм. Нэг нийгмээс нөгөөд шилжиж, иргэд нь яахаа мэдэхгүй бор зүрхээрээ зүтгэж явсан гуч орчим жилийн Монголын түүх биднийг бүтээсэн. Би тэр ард түмний төлөөлөл. Надад аав, ээжээс өвлөгдөж ирсэн эд хөрөнгө, бизнес хийж эсвэл төрийн эрх мэдлээр олж хураасан юу ч байхгүй. Би ард түмнээсээ гуйж бас ард түмнийхээ төлөө ажиллана. Би оффшорчдын төлөө зүтгэхгүй, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж, бор зүрхээрээ бизнес хийх гэж яваа тэр хүмүүсийн төлөө, эгэл жирийн ард иргэдийнхээ төлөө зүтгэх болно.

-Та Н.Энхбаяр даргыг УИХ-ын даргаар ажиллаж байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан удаатай. Гэхдээ яагаад ч юм та гудамж руу жагсахаар гарч, та хоёрын харилцаа нэг хөндийрсөн санагддаг байсан. Тийм явдал байсан уу?

-Би УИХ-ын даргын Нийгэм эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан. Н.Энхбаяр дарга намайг зөвлөхөөрөө ажиллуулахаар болсон нь надад том боломжийг өгч байсныг мартах учиргүй. Тэгэхэд анх төр түмний төлөө ажиллахын эхлэлийг тавьж байлаа. Банкны салбарт удирдах ажил хийж, Удирдлагын академид цагаар багшилдаг байсан залуугийн хувьд шинэ орчин байсан. Айж эмээх зүйл ч байлаа. Улс төрийг дотроос нь харж уурлаж бухимдах цаг ч байсан. Тэгэхэд улс төр гэдэг ямар бохир болохыг анх мэдсэн. Улс төр яаж явдгийг ойлгосон. Засгийн газрын гишүүд, тойрон хүрээлэгчдийг хараад миний ой гутаж байсан. Тэр хүмүүс хорвоо дэлхийг эрүүл нүдээр харахаа больж, вакуумд орчихсон байдаг юм билээ. Тийм учраас өөрчлөх ёстой юм байна, засах ёстой юм байна гээд иргэний хөдөлгөөн байгуулж удирдаж эхэлсэн. Энэ байдлыг засах ганц арга бол тэднийг ухаарах гэгээрэхийг хүлээж суух биш тэднийг ойлголтол нь шахдаг ард түмний тэмцэл чухал гэдгийг би ойлгож байсан.

-Та УИХ-ын даргын зөвлөх, томоохон банкинд албан тушаалтан, багш хийж байхдаа ямар диплом үзүүлж ажилд ордог байсан юм бэ?

-Би их азтай хүн. ХААН банкинд ажилд орохдоо удирдлагуудад нь би үнэнээ хэлсэн. Ийм ийм бэрхшээл тулгараад сургуулиа төгсч чадаагүй ээ. Гэхдээ надад туршлага нь байна, мэдлэг нь байна гэхэд гадаад захирлууд нь ажилд авсан. Боловсрол өөрөө ашигллагддаг байх ёстой, хэрэглэгддэг байх ёстой. Түүнээс шошго шиг, хүмүүст харуулдаг цаас шиг байж болохгүй. Дараа нь Удирдлагын академи, Санхүүгийн дээдэд цагаар багшилж байхдаа ч би үнэнээ хэлээд орж байсан. УИХ-ын дарга зөвлөхөөрөө тавихдаа ч миний нөхцөл байдлыг мэдэж байсан, сүүлд ажлаа өгөхдөө ч сурах хэрэгцээ байна гэхэд ойлгож ажлаас чөлөөлж байсан.

-Та өнгөрсөн жилүүдэд Монголын хамгийн өндөр рейтингтэй улстөрч гэгдэж байлаа. Гэтэл жижиг тойрогт ялалт байгуулж чадаагүй. Тэр судалгаа худлаа байсан уу?

-Би тэр судалгааг худлаа байсан гэж боддоггүй ээ. Харин над шиг ийм хүмүүсийг парламентад дахин оруулж ирэхгүйн тулд эрх баригчдын хийсэн ажил. Тойргийг жижиглэж, сонгуулийн хуулийг өөрчилсөн. Тойрог жижиглэнэ гэдэг мөнгөгүй хүмүүст аюултай. Мөнгөний нөлөөлөл жижиг тойрогт их. Харин одоо гурван хүн Монгол даяараа нэг том тойрогт өрсөлдөж байна. Энэ тохиолдолд мөнгө биш үзэл санаа, чин сэтгэл, шударга байдлыг олон түмэн дүгнэнэ гэдэгт итгэж байна.

-Та “Надад төлөвлөгөө байна” гэсэн. Танд ямар төлөвлөгөө байгаа вэ?

-Монголын ард түмэнд миний санал болгох зүйл бол баялгийн эх оронч үзэл. Ийм үзлийг бий болгосноор гадаадын хөрөнгө оруулагчдад ч, Монголынхоо ард түмэнд ч харилцан ашигтай байлгаж болно. Уул уурхайн лиценз олголт, уул уурхайн салбар шударга болоод ирэхэд Засгийн газар шударга болно. Засгийн газар нь лицензийн наймаанд оролцдог болохоор бохирдоод байгаа юм. Засгийн газар нь шударга ажиллавал төр нь цэвэршиж, хариуцлагатай болж улмаар нийгэм нь цэвэршинэ. Бидэнд эв нэгдэл хэрэгтэй байна. Эв нэгдэл гэж муудалцаж байгаа нам, фракцууд эвлэлдэж нийлэх явдал биш харин нийгмээрээ нэг зүгт хөдлөхийг хэлж байгаа юм. Нийгмээрээ гэдэг нь нийгмийн оролцогч талууд болох үйлдвэрчний эвлэл буюу ажилчдын эрх ашгийн төлөөллийн байгууллага нь жирийн бизнес эрхлэгч, баялаг бүтээгчийн төлөөллийн байгууллагуудтайгаа, Засгийн газартайгаа нэгдэж ажиллахыг хэлж байгаа юм. Энэ жил улсдаа зэс хайлуулах үйлдвэр барина гэж, дараа нь хөдөө аж ахуйн салбараа өөд татна гэж том, том төслүүд дээрээ хамт байхыг хэлж байгаа юм. Үйлдвэрчин, эзэн, Засгийн газар гээд бүхий л төлөөлөл нэгдэж чадвал улс орон даяараа нэг зүгт хөдөлж чадна. Энэ талууд нэгдэж ойлголцож чадаагүйгээс хоёр том бүлэглэл, том оффшортнууд, олигархи бүлэглэлүүд зодолдож, улс орныг талцуулж байна шүү дээ. Бас миний хэлдэг үг бол гурван талт хэлэлцээр. Хоорондоо зөвшилцөж, хэлэлцэж ойлголцож байж урагшилна. Эрдэмтэн шинжээч нарын дүгнэлт дээр талуудын эрх ашгийг хангаж, харилцан ярьж байж сайн шийдэлд хүрнэ. Гэтэл өнөөдөр Монголын Засгийн газар, Монголын төр үндэстэн дамнасан корпорациудын гар хөл болсон олигархи, оффшортнуудын барьцаанд байна. Эндээс нийгэм даяараа зөвшилцөж байж гарах ёстой. Үүнийг хийх механизм нь Ерөнхийлөгч юм.

Би МАНАН-г арилгаж, наран мандаахын төлөө зүтгэж байна. Би төлөвлөгөөтэй хүн. Надад төлөвлөгөө байна, бидэнд төлөвлөгөө байна. Монгол орноо хэрхэн яаж хөгжүүлж, мандуулахын төлөө төлөвлөж бас зүтгэнэ. Хор найруулаад хурдан яваад байгаа улстөрчид байна. Хор найруулж албан тушаалд хүрчихээд ард түмний төлөө зүтгэнэ гэж байдаггүй юм. Илүү хордож, илүү өндөр албанд хүрэхийг хүсдэг. Би хэвтэрт байгаа Монгол орноо аварна, сайхан улс болгож хөгжүүлнэ гэсэн чин сэтгэлээр урагшлуулж чадна. Улс төр бол эр зоригийн ухаан гэсэн үг бий. Гэхдээ цавчихын төлөө эр зориг байдаг юм биш хайрлахын төлөө эр зориг байдаг. Үүнийг туулж ойлгосон хүний хувьд би зүтгэж чадна.


Categories
мэдээ цаг-үе

Таван толгой тэргүүтэй төслүүд сонгуулийн дараа хөдөлж, эдийн засаг сэргэнэ

“Өдрийн сонин”-ы 2017.06.14-ний Лхагва гаригийн №133(5700) дугаараас авч нийтлэв.

Сонгуулийн сурталчилгаа ид өрнөж буй энэ өдрүүдэд эдийн засагт гэгээтэй мэдээ дуулдахгүй байна. Шинэ Ерөнхийлөгч ямар нам хүчнээс гарах вэ гэдэг асуулт хөрөнгө оруулагчдад хүлээлт үүсгэсэн учраас арга ч үгүй. Сонгууль өнгөртөл тэр энэ гэж онцлохоор том шийдвэрүүд хэтээсээ гарахгүй. Харин сонгуулийн дараа томоохон төслүүд хөдөлж, эдийн засагт гэгээтэй мэдээ дуулдаж эхэлнэ гэдэг нь эргэлзээгүй. Засгийн эрхийг барьж буй нам үнэмлэхүй олонхи учраас хэн төрийн тэргүүн болохоос үл хамаараад төслүүд хөдөлж эхлэх нь тов тодорхой зүйл.

Тэр дундаа уул уурхайн салбарт ашиг өгөөжтэй төслүүд олноороо хэрэгжиж эхэлнэ гэсэн хүлээлт байна. Шинэ засаг бүрдсний дараахнаас хэлэлцээгээ үргэлжлүүлсэн төсөл бол Таван толгой. Хятадын “Шинхуа” коксжих нүүрсний их нөөцтэй энэ аварга орд дээр хамтрах сонирхлоо аль эртнээс илэрхийлсэн компани. Монголын Засгийн газар “Шинхуа”-д хоёр дахь удаагаа хамтрах санал тавихад мөн л толгой дохисон. Дотоодоос Ухаа худагт олборлолт явуулж буй “Энержи ресурс” хэлэлцээрт оролцогчдын нэг байсаар ирсэн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас тэдэнд урилга хүргүүлснээс харахад энэ удаагийн хэлэлцээрт ч голлох үүрэгтэй оролцох нь тодорхой байна. Төмөр зам гэсэн том мөнгө шаардсан төсөл учраас “Шинхуа”-н мөнгө хэрэгтэй. Нүүрсээ угааж баяжуулж, үнэ хүргэж зарах ёстой болохоор өөрийн гэсэн үйлдвэртэй, урд хөршийн нүүрсний зах зээлд тоглоод сурчихсан “Энержи ресурс”-ийн оролцоо чухал. Ц.Дашдорж сайд тэднийг ийм шалтгаанаар хэлэлцээрт урьж, Таван толгойн төслийг цаг алдалгүй хэрэгжүүлж эхэлнэ гэж мэдэгдэж байсан юм. Гэвч Таван толгойн хэлэлцээр тойрсон мэдээлэл сонгуулийн өмнөхнөөс нам жим болсон. Сонгуулийн дараа гэсэн том шалтгаан энэ төслийн тээг болсон гэсэн үг. Тэгэхээр төрийн тэргүүний нэр тодрохтой зэрэгцэн хэлэлцээр нь эрчимжиж, хэзээ мөдгүй хэрэгжих төсөл бол Тавантолгой.

Бүтээн байгуулалт нь хэзээний эхэлсэн МАК-ийн “Цагаан суварга” төслийн хэрэгжилт эрчимжих болов уу. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдчихсан болохоор дэлхийгээс мөнгө босгож, Цагаан суварга гэх мэт төслүүдээ урагшлуулах өндөр боломж бий. Эрдэнэт, Оюу толгойн зэрэгцээ Цагаан суварга ажиллаад эхэлбэл манай улс зэсийн баяжмалын экспортоосоо дажгүй мөнгө олоод эхэлнэ.

“Алт-2” хөтөлбөрт засаг онцгой анхаарч байгаа. Сонгуулийн дараахнаас Засгийн газар энэ хөтөлбөр рүү хараагаа хандуулж таарна. Эхлээд хийх том ажил Гацуурт байх болов уу. Парламент дамжин гацаж буй энэ төсөл “Алт-2”-ын хүрээнд гацаанаас гарчих байх. Алтны компаниудад засгаас санхүүжилтээр дэм болвол нөөцөө ахиулах, олборлолтоо нэмэх асуудал биш Алт үйлдвэрлэгчдийн холбооныхон онцолдог. Тэгэхээр хөрөнгө санхүүгийн багахан дэмжлэг байхад Төв банкинд тушаах алтны хэмжээ огцом нэмэгдээд ирнэ. Тэр хэрээр валютын нөөц зузаарна гэсэн үг.

Хайгуулын салбарт “Эрдэнэ ресурс”, “Занаду майнс” гэх мэт олон улсын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компаниудын хэрэгжүүлж буй томоохон төслүүд хэрэгжиж байгаа. Хайгуулын лиценз дээр либериал бодлого хэрэгжиж эхэлсэн болохоор төрийн тэргүүний сонгуулийн дараа хайгуулын салбарын хөрөнгө оруулалт мэдрэгдэхүйц нэмэгдэнэ гэсэн хүлээлт бий.

Эгийн голын усан цахилгаан станцын төсөл сонгуулийн дараахнаас эрчимжих болов уу гэсэн таамаг шинжээчдэд байна. Ерөнхий сайдын Санкт-Петербургээс ирэхдээ бүтээсэн том гэж хэлж болохоор цөөхөн ажлын нэг нь Эгийн голын усан цахилгаан станцын төсөл. Гүйцэтгэх засаглалын тэргүүн Тувагийн нүүрсийг зөөх төмөр зам дээр толгой дохисныхоо шанд Эгийг хөдөлгөх тохироо хийсэн болов уу гэсэн таамаг бий. Энэ таамгийг үнэн болохыг баталсан нэгэн шийдвэр Санкт-Петербургийн эдийн засгийн чуулганы үеэр гарсан юм. Хоёр тал ажлын хэсэг гаргаж, эрдэмтдээрээ судлуулъя энээ тэрээ болсон. Судлуулах юу байхав, хойд хөршийн эрдэмтэд Эгийн станц Байгаль нуурт эерэг нөлөөтэй гэдгийг тоо баримттай нь тогтоочихсон болохоор өнгөн хэсэгтээ л өрнөж буй жүжиг. Тэгэхээр эрчим хүчний системд тохируулгын үүрэг гүйцэтгэх Эгийн голын усан цахилгаан станцын төсөл амжилттай хэрэгжих нь бараг л тодорхой болсон. Эгийн голын усан цахилгаан станц ажиллаад эхэлвэл хойд хөршөөс цахилгаан худалдаж авдаг 28 -30 сая ам.доллар дотоодын зах зээлд эргэлдэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Цэл залуу бүсгүй амиа алдав уу эсвэл амиа хорлов уу

“Өдрийн сонин”-ы 2017.06.14-ний Лхагва гаригийн №133(5700) дугаараас авч нийтлэв.

-БҮСГҮЙН ҮХЭЛД “СОХО МЕБЕЛЬ” КОМПАНИЙН ЗАХИРАЛ Б.ЖАДАМБАА ОГТ ХАМААРАЛГҮЙ ГЭЖ ЦАГДАА НАР ҮЗЭЖ БАЙГАА ГЭНЭ-

“Сохо мебель” компанийн ерөнхий захирал Б.Жадамбаагийн туслахаар ажиллаж байсан 22 настай С.Жавхаа гэх эмэгтэй амь насаа алдсан хэрэг энэ сарын 5-нд гарсан билээ. Талийгаач С.Жавхаа Баянгол дүүргийн III хорооны нутаг дэвсгэр “Нарны хороолол” хотхоны 22 дугаар давхрын салхивчаар унаж амиа алдсан байдаг. Талийгаач эмэгтэйн үхэлд “Соха мебель” компанийн ерөнхий захирал Б. Жадамбаа буруутай хэмээн ар гэрийнхэн нь үзэж байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газар, Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хамтран шалгаж байна. Одоогоор хэрэг мөрдөн байцаалтын шатандаа байгаа. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр талийгаач С.Жавхаагийн ар гэрийнхний цагдаад өгсөн мэдүүлгээр “Талийгаач 2017 оны тавдугаар сарын 30-нд гэртээ оройтож ирсэн. Захирал ажил дээр хүмүүстэй архи уусан. Тэгээд оройтчихлоо гэж хэлсэн. Маргааш нь өглөө ажилдаа явсан. Удалгүй захирал намайг зодчихлоо. Дэд захирал н.Сэлэнгээтэй цагдаа руу явж байна. Цагдаа нар захирлыг ирээд аваад явсан гэж хэлсэн. Тавдугаар сарын 31-ний 10.00 цагийн үед ажил дээрээ очиход захирал гэртээ харьж хоноогүй бололтой согтуу байсан. Цээж нүцгэн өрөөндөө сууж байсан. Наад ширээгээ цэвэрлэ. Чи намайг өчигдөр орой орхиод явдаг хэн бэ” гээд уурласан гэсэн. Нимгэн хар даашинзтай очсон байсан бөгөөд хормойг нь сөхөөд байсан.

Үүнийхээ дараа намайг зодсон гэж ярьсан” хэмээн мэдүүлэг өгсөн байна. Талийгаач эмэгтэй эгчдээ захиралдаа зодуулсан талаар хэлж, нүүр нь хавдсан зургаа явуулсан байдаг. иймд хэргийг шалгаж байгаа цагдаа нар “сохо мебель” компанийн ерөнхий захирал Б.Жадамбаад бусдыг зодож танхайрсан, амь насыг нь онц хэрцгийгээр хөнөөсөн байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тухайн үед ямар асуудал болж өнгөрсөн, талийгаач эмэгтэйг захирал нь зодож, бэлгийн дарамт үзүүлсэн үү. Янаг амрагийн холбоо байсан эсэх, хэрэг гарах үед юу болсон. Талийгаач гадны нөлөөтэй амь насаа алдсан уу гэдгийг шалгаж тогтоох ажиллагаа хийгдэж байна.

ТУСЛАХ ЭМЭГТЭЙН АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН ГЭГДЭЭД БАЙГАА Б.ЖАДАМБАА ГЭЖ ХЭН БЭ?

“Сохо мебель” компанийн ерөнхий захирал Б.Жадамбаа гэж хэн бэ. “Эх монгол” группийн эзэн бөгөөд тус группийн салбар дэлгүүр болох “Сохо мебель” тавилгын дэлгүүрээрээ олон нийтэд танил болсон нэгэн. 1979 онд төрсөн, загвар өмсөгч Монголмаа эхнэр нь бөгөөд тэд дөрвөн хүүхэдтэй гэх мэдээлэл байна. Түүний найз нөхдийн хэлж байгаагаар ямар нэгэн зүйл зарж худалдаалахдаа их сэргэлэн. Ямар ч хүний арга эвийг олоод ажлаа бүтээж чаддаг. Мөн найзуудтайгаа нийлж архи, дарс уудаг. Агсан тавьж, зодоон цохион хийж байсан тохиолдол ч байдаг гэнэ. Б.Жадамбаагийн туслахаар ажиллаж байсан эмэгтэйчүүд хэдэн сар болоод л ажлаасаа гарцгаадаг гэх мэдээлэл байна. Ер нь туслах нарийн бичгийн ажилд эмэгтэйчүүд удаан ажиллаж байгаагүй гэх. Цалинг нь тогтмол өгдөг ч бүсгүйчүүд ямар нэгэн тодорхой шалтгаан хэлээд л ажлаасаа гарах өргөдлөө өгдөг аж. Эх сурвалжаас авсан мэдээллээр туслахуудаа загнаж хэл амаар доромжилдог гэнэ. Ер нь нэлээд ширүүн ааш араншинтай нэгэн гэдгийг түүний ойр байдаг хүмүүс онцолж байсан юм. Мөн охид, бүсгүйчүүдтэй танилцаад мөнгө төгрөгөөр ивээн тэтгэнэ хэмээн утсаар ярьдаг, мессэж бичдэг нь олон нийтэд ил болоод байгаа.

ТАЛИЙГААЧ С.ЖАВХАА ГЭЖ ХЭН БЭ

Баянгол дүүргийн III хорооны нутаг дэвсгэр “Нарны хороолол” хотхоны 22 дугаар давхрын салхивчаар унаж амиа алдсан эмэгтэйг Санжсүрэн овогтой Жавхаа гэдэг юм байна. 1995 онд төрсөн бөгөөд дээрээ ганц ахтай гэнэ. Түүнийг есөн настай байхад нь аав нь амиа алдсан бол 11 настай байхад нь мөн л ээж нь бурхан болсон байна. 11 настайгаасаа эхлэн нагац эгч Б.нарангэрэлийнд амьдрах болжээ. 2011 онд ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд 2015 онд ХААис-ийн Газар тариалан үйлдвэрлэлийн менежментийн ангийг дүүргэсэн байна. Талийгаач эмэгтэйн талаар найзуудтай нь холбогдож ямар ааш араншинтай хүн байсан гэдгийг асууж тодруулахад “ Их сэргэлэн. Ямар ч хүнтэй арга эвээ олоод найзалж чаддаг. Бусдын зовлонг сайн ойлгож чаддаг. найзуудад нь ямар нэгэн асуудал гарахаар байнга тусалж дэмждэг байсан. Бага байхаасаа хичээлдээ сайн сурдаг. Бүр бие дааж англи хэл сурч байсан. Хүмүүс үл тоож муухай харилцаа үүсгэхийг үзэж чаддаггүй. Ямар ч хүнд өөрийнхөө үзэл бодлыг шууд илэрхийлчихдэг зантай. Амархан уурладаг байсан. Бусад хүүхэд шиг сэтгэл санаагаар унах, дорой байдал огт гаргадаггүй. Цоглог, инээж явдаг хүүхэд, их олон найз нөхөдтэй байсан” хэмээн ярьж байв.

“ТАЛИЙГААЧ СЭТГЭЛ САНААНЫ ДАРАМТТАЙ БАЙГААГАА ФЭЙСБҮҮК ХАЯГААРАА БИЧИХ БОЛСОН” ГЭВ

Талийгаач С.Жавхаагийн их сургуулийн ангийн найз, нэрээ нууцлахыг хүссэн эмэгтэйгээс цөөн асуултад хариулт авсан юм.


-Талийгаач С.Жавхаа-гийн талаар мэдээлэл авах гэсэн юм?

-Миний найз өөрийнхөө амийг хөнөөх хүн биш. Хэн нэгэн амийг нь хөнөөсөн гэж бодож байна. Маш их сэтгэл санааны дарамт шахалт байсан байх гэж дүгнэж байгаа. Олон нийтийн ажил зохион байгуулах чадвар маш сайтай хүүхэд байсан. Хүнийг баян хоосон гэж ялгаварлаж харьцахгүй. Их өрөвч зөөлөн зантай хүүхэд. Өмнө нь “Оргил” худалдааны төвд ажиллаж байсан. Ажлынхан нь ажлаа сайн хийдэг гээд байнга магтдаг байсан. Бүр менежер болтлоо дэвшиж ажиллаж чадсан. Менежерийн ажлаасаа гарсан шалтгаан нь дээшээ дэвшиж ажиллах сонирхолтой байсан байх. Түүнээс өөр ямар нэгэн шалтгаан байхгүй.

-Амиа алдахаасаа өмнө сэтгэл санааны хувьд ямар байдалтай байсан бэ?

-“Сохо мебель” ком-панийн ерөнхий захирал Б.Жадамбаагийн туслахаар ажиллаж байгаа гэж надад өнгөрсөн хоёрдугаар сард хэлсэн. Тухайн үед “Цэвэрхэн газар ажиллах гоё юм байна. Хүмүүсийн харилцаа нь давгүй, цалин боломжийн ажил хийж байгаа. Хэлнийхээ мэдлэгийг ч дээшлүүлэх боломжтой” гэж ярьж байсан. Харин дөрөвдүгээр сараас эхлээд өөрийнхөө фэйсбүүк хаягаар “Хэцүү байна. загнууллаа” гээд л бичээд эхэлсэн. Ер нь байнга л бусдад загнуулж байгаагаа бичих болсон. Энэ үеэс эхлээд захирал нь дарамталж эхэлсэн байхыг үгүйсгэхгүй. Цагдаа нар найзын маань амьтай холбоотой хэргийг үнэн зөв шалгаж гэм буруутай этгээдүүдэд зохих ял шийтгэлийг нь өгөөсэй” гэв.

Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр хэргийг шалгаж байгаа цагдаа нар “сохо мебель” компанийн ерөнхий захирал Б.Жадамбааг талийгаач охины амь насаа алдсан хэрэгт холбоогүй хэмээн үзэж байгаа гэх мэдээлэл ирэв. Мөн прокурорт холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгох саналыг удахгүй хүргүүлэх гэж байгаа гэнэ. Талийгаач эмэгтэй захирлаа дарамталж мөнгө авах гэж хэд хэдэн удаа оролдсон. Хан-Уул дүүргийн цагдаад өргөдөл гомдол гаргасан шалтгаан нь үүнтэй холбоотой. Мөн ар гэрийнхэндээ худлаа ярьж байсан гэх яриа цагдаа нарын дунд гарчээ. Цэл залуухан бүсгүй бусдын гарт амиа алдав уу, эсвэл амиа хорлосон уу гэдэг удахгүй үнэн зөвөөрөө тодрох биз ээ.

Э.БААТАР

Categories
мэдээ нийгэм

Хан-Уулын усанд автсан айлуудад шуурхай тусаллаа

Их хэмжээний үргэлжилсэн усархаг бороо орсны улмаас Хан-Уул дүүргийн 7, 8 дугаар хороонд байрлах зарим айл усанд автжээ. Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албаны хүмүүс үүссэн нөхцөл байдалд нийцүүлэн, шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Нөхцөл байдлыг хүндрэхээс өмнө урьдчилан арга хэмжээ авснаар олон айлыг үерт автах хүнд байдлаар авран, сэргийлж чадлаа.

Одоогоор замын ус зайлуулах суваг шуудуу гаргах, хуримтлагдсан усыг гадагшуулах ажлыг үргэлжүүлж байна. Тамгын газрын зүгээс үер усанд өртөхөөс хамгаалахад шаардагдах зардлыг шуурхай шийдвэрлэн, зохицуулав гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шилмэл

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

Эртний Герегийн иргэншил гэж бий. Гэхдээ тэр үед улс гэдэг нь хэрэмээр хүрээлэгдсэн хот байдаг байлаа. Хэрэм дотроо өөрийн хаантай, хуультай, шоронтой, цэрэгтэй. Хотыг полис гэнэ. Иймээс хотын бодлого гэсэн утгатай политик гэсэн үг өдгөө улс төр, бодлого гэсэн санааг агуулах болжээ. Герегт биенээсээ үл хамаарсан, бие даасан бодлоготой олон хотууд байлаа. Тус болгондоо улс. Хэл ёс заншил соёл нь харин нэг. Хамгийн хүчирхэг хот нь Спарта. Кинонд гардаг Трой ч тусдаа хот. Харин ухаантнууд голдуу Афинд байх. Сократ, Аристотель, Платон гээд л. Улс гүрний бодлогын талаар тэд цэцэн мэргэнээ үздэг байж.

Герегийн гүн ухааны сор болсон Платон, Аристотель хоёр багш шавь байлаа. Улс төрийн үзлийн хувьд харин тэс өөр бодолтой байсан юм. Аристотель ард түмний төр буюу демократ гэдэг санааг гаргаж төр барих хамгийн идеаль гарц гэнэ. Даанч үүнийгээ үл бүтэх үзэл гэж боддог байлаа. Харин Афины язгууртан гаралт Платон олигархийн төлөөлөгч тул улс гүрнийг шилмэл хэсгийнхэн толгойлох ёстой онол дэвшүүлжээ. Шилмэл хэсэг гэдэг нь өөр шиг нь гүн ухаантнууд аж. Платон яруу найргийг үздэггүй тул түүнийхээр шүлэгчдийг юун түрүүн улс орноос хөөж гаргах ёстой аж. Тэрээр хатуу чанга дарангуйлалтай Спарта хотын төрийн зохион байгуулалтыг загвар болгон шүтдэг байлаа. Гэхдээ хэрэв тэрээр харьцангуй чөлөөт Афинд биш бол ингэтлээ ил задгай маргаан өрнүүлж чадах эсэхээ тунгааж байсан болов уу?

Ромчууд рэс публика буюу бүгд найрамдах засаглал байгуулсан нь яах аргагүй Аристотелийн нөлөө. Парламентын анхны хэлбэр болох өөрийн сенаттай, чөлөөт иргэд санал өгдөг байжээ. Улсыг диктатор толгойлно. Диктатор гэдэг нь дарангуйлагч биш цол юм. Харин Бүгд найрамдах засгийг Юлий Цезарь будаа болгосон доо. Дараа нь Нэрон, Калигулла гээд аймаар махчингууд гарч ирсэн. IV зуун гэхэд Ромын эзэнт гүрэн сөнөснөөр Европ тэр чигээрээ харанхуй засаглалд умбалаа. Аристотель ч, Платон ч мартагдав. Европ мянган жил мухар сүсэгт баригдсан гүн балайралд нойрссон юм. Түүхэн энэ цагийг Харанхуй үе гэж нэрлэдэг. Хэн засаглах вэ, засаглагчид ямар моралийн эрх бий вэ, төгс засаглал гэж юув гээд ядахнаа маргаан ч үүсч байсангүй. Угаасаа л язгууртнууд төр барих ёстой, сүм хийд голлох үүрэгтэй гэсэн мухар догма үйлчлэнэ, үүнд яагаад гэж хэн ч асуулт үл тавина.

Энэхүү харанхуй үеийн төгсгөлөөр хоёр том үйл явдал эргэлзээ буй болгосон юм. ХIII зууны эхээр Английн язгууртнууд хаан ганцаараа бүхнийг эрхшээж болохгүй, язгууртнууд төр барихад оролцох ёстой гэж үзэн шахалт үзүүлснээс түүхэнд Магна Картын гэрээ гэгч баримт хуульчлагджээ. Нөгөө нь Флоренцийн ванд Макавилли хэрхэн засаглах тухай зөвөлгөө өгсөн явдал юм. Хүний оюун ухаан, хорон санааны хольц байлаа.

Ард түмэн төр барина гэсэн Аристотелийн санаа үе үеийн сэтгэгчдийн санаагаар баяжсаар Америкийн болон Францын хувьсгалаар амьдралд нэвтэрлээ. Гэхдээ л боловсролгүй харанхуй мунхаг түмэн төр барина гэдэг нэг л үнэмшигдэж өгөхгүй байсан юм. Хэдийгээр Линкольны “Ард түмний төр ард түмнээс урган гарч ард түмний төлөө” гэсэн үг гадна өнгөнөөсөө сайхан, шударга сонстож байсан ч ялангуяа нийгмийн боловсролтой хэсэг санааныхаа мухарт үүнийг үнэн санаанаасаа хүлээж авч чадахгүй аж. Мэдээж язгууртнуудын үе өнгөрсөн. Зөвхөн гарал үүслээсээ болоод л бүхий л ард түмнийг захирах эрхтэй болно гэдэг наад зах нь л шударга бус гэдгийг ойлгож байлаа. Гэхдээ л нийгмээ аваад явдаг шилмэл хэсэг хэрэгтэй. Шилмэлийн эрэлд их багагүй мордов. Шилмэлийн тухай Ницшэ өөрийн хувилбарыг гаргалаа. Ажилчин анги шилмэл нь болохыг Маркс томъёолов. Олон түмэн гэж нэрлэгдсэн харанхуй масс засаглах ямар ч бололцоогүй гэж Гарсиа ятгаж гарав.

Нэгэнт онол нь гарсан болохоор амьдрал дээр туршигч хэрэгтэй. Үндэстнүүдэд зэрэглэл тогтоож шилмэл үндэстэнд дэлхийг удирдах үүргийг Гитлер бодож оллоо. Шилмэл хүнийг хүртэл антропологийн шинжээр нь тогтоож өгөв. Үр дүнд нь дэлхийг хамарсан дайн дэгдэж 60 сая хүн амиа өргөжээ. Ажилчин ангийн онолыг Ленин амьдралд нэвтрүүлэв. “Гал тогооны авгай ч төр барьж болно” гэж тэр хэллээ. Гэвч боловсролгүй ажилчид төр барихад хэн толгойд нь байх вэ? Аягачин шивэгчин өөрөө намын дарга болох гэж үү? Лениний шийдэл их оригналь. Ажилчин ангид ухамсар аваачиж өгдөг шилмэл хэсэг байдаг гэнэ. Түүнийг мэргэжлийн хувьсгалч гэж нэрлэнэ. Коммунизм дарангуйлсан 70 гаруй жилд мэргэжлийн хувьсгалчдын гарт 100 гаруй сая хүн амь насаа алдсан байх юм.

Явж явж Аристотелийн зөв. Ямар ч нийгэм өөртөө таарсан удирдлагаа сонгох ёстой аж. Удирдлагыг төгс төгөлдөр байхыг хүмүүс шаарддаг. Гэтэл нэг талаас төгөлдөр юм гэж хорвоо дээр үгүй. Нөгөө талаас олон хүний дундаас гарсан шийдэл хамгийн их бодож л дундаж зэрэглэлтэй байдаг. Гуравдугаарт нээлттэй ардчилсан нийгэмд удирдлагад гарч ирэх хүн юун түрүүн өөрөө хүсэх төдийгүй үүнийхээ төлөө багагүй чармайлт гаргах шаардлагатай, өөрөөр хэлбэл олон нийттэй тохирч ажилладаг хүн байдаг. Иймээс алив ард түмэн сонголтондоо үргэлж сэтгэл дундуур байна. Бүгдийн сэтгэлд магадгүй Бурхны шилэлт л таалагдаж болох, гэтэл Бурханд огт итгэдэггүй хүн олон бий. Ингэхээр ардчилсан нийгмийн удирдлагад гарч ирж буй төлөөлөгчид нь шилмэл гэхээсээ нийтийн зөвшлийн үр дүн юм.

Монголчууд өөрснөө төрөө барилгүй 300 жил болжээ. Хэрэв 1911-1915 оны хооронд дахь богино хугацааг эс тооцвол. II Богдыг босогчдыг дэмжсэн хэргээр хордуулж алсан байдаг. Үүнээс хойш Түвдээс хүн тодруулан Монголын шашны удирдлагад тавьдаг болжээ. Монголд үйлчилж буй бүх хуулийг Манжийн эзэд Бээжинд үйлдэн тулгадаг байв. Монголчууд 220 жил манж нарын вассал байсан юм. Оросууд Монголын төрд 1911 оноос нөлөөлөх болж, улмаар 1921 онд өөрийн нутаг дээр Түр Засгийн газар гэгчийг хүртэл байгуулж өгсөн. Хэлсэн зааснаас нь гажих бүрд цусан терророор эргүүлж янзалж байлаа. 1924, 1928 онуудад төрийн эргэлт зохион байгуулж байв. Чимэг болсон маршал Чойбалсан цаазаар авахуулах ял авсан залууг өрөвдөөд сургагчдаа арай л буудуулангаа алдаж байсан. Цэдэнбалд Москвагийн зөвшөөрөлгүйгээр гаргасан шийдвэр ээдээ мөн ховор доо. Перестройкын үеийн Батмөнх хүртэл Кремлийн ам л харна. Монголын төрийн бараг бүх байгууллагад байнга суух зөвлөлт сургагч эцсийн шийдвэр гаргадаг байсан үе дөнгөж өчигдрийн явдал.

Сүүлийн 18 жил монголчууд өөрснөө өөрийн үзэмжээр төрөө барьж байна. Алдсан ч оносон ч өөрийнх. Дэлхийн аль ч газар, аль ч үед байсны нэгэн адил нийгмийн сэтгэлгээний төвшиндөө таарсан Төрийг бид өөрсдийн үзэмжээр буй болгож байгаа. Муу муухай ч миний Төр, манай Төр, Монголын Төр! Шилмэлүүд Монголын төрийг бариагүй. Ийм бололцоо байхгүй. Харин бидний өөрсдийн шилсэн хүмүүс Төр барьж байгаа. Тэд бол манай нийгмийн толины тусгал. Ямар л ард түмэн байна, тийм л Төр байна. Ухаантай нь биш хүлээн зөвшөөрөгдсөн нь шийдвэр гаргадаг. Ер нь тэгээд ухаантай гэх нь ч харьцангуй ойлголт, тэр ухаан гэгч нь бүхнээр хүлээн зөвшөөрөгдөх бололцоогүй. Эднийг бид хүлээн зөвшөөрсөн. Манай үеийнхний сонголт. Дараа үеийнхэн илүү сайныг сонгох биз, учир нь дараа үеийн ард түмэн илүү гэгээлэг, илүү ухамсартай, сэтгэлгээ нь илүү өндөр байх буйзаа. Ингэхээр “76 үхэр, ухны” тухай ард иргэдийн өдөр бүрийн хайлж буй туульс бол үнэндээ өөрийгөө шоолж буй зүхэл юм. Тэд ухна мөн юм бол бид сүрэг нь! Ер нь ч угаасаа шилмэл гэж байхгүй. Шилсэн маань л энэ байна. Хошногоо өмхий гээд тайрдаггүй.

2007 оны 12 дугаар сарын 3

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Түүхийн гашуун үнэн”-ий тухай Баабар “Өдрийн сонин”-д өгүүллээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа.

“Өдрийн сурвалжлага” буланд “Ганц өдрийн зөөлөн бороонд Улаанбаатар усанд автсан” тухай онцолжээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн ”Хөрш орны махны үйлдвэрүүд манай компаниудтай хамтарч ажиллах санал тавьсан” хэмээн ярилаа.

“Улс төр” нүүрт мөн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Эдийн засаг өсөхийн хэрээр томоохон төслүүд урагшлах боломжтой болно” гэв.

“Сонгуулийн хар пи ар гэгчийг эрхлэн явуулагчдын анхааралд” хэмээн нийтлэлч М.Мөнхцэцэг өгүүлжээ. “Сонгуулиар сайн хүний дүрд тоглож, өрсөлдөгчдөө адгийн шаар нэгнээр харагдуулахын төлөө юу ч хийгээд нэмэргүй болсон” хэмээн тэр бичжээ.

Тэтгэвэрийн доод хэмжээг 40-50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх тухай Засгийн газрын шийдвэрийг мөн энэ нүүрээс уншаарай. Гэхдээ тэр нь ирэх оны эхний өдрөөс хэрэгжих юм байна лээ.

“Түүхийн гашуун үнэн” хэмээн Баабар юуг онцолсныг “Баримт, үзэл бодол” нүүрээс хүлээн авна уу.

“Баримт, үйл явдал” нүүрээс Монголын хар тамхины сүлжээ цагдаагийн хамгаалалтад орсон эсэх талаар уншина уу. “Хар тамхины хэрэгт цагдаагийн хурандаа, ахмад цолтой хоёр хүнийг шалгаж эхэлсэн” гэнэ шүү.

Архангайд дэгдсэн салхины улмаас таван айлын гэр нуржээ.

“Дэлхийн мэдээ” Умард Солонгост хоригдож байсан америк залуу эх нутагтаа таалал төгссөн тухай онцолжээ.

“Өөрөөс нь…” нүүрээс ахмад дипломатч Чоёгийн Даваадаштай хийсэн ярилцлагыг уншаарай. Тэрбээр “Монголын нийгэм эрээвэр хураавар эрлийз маягийн гажиг, хүнээр бол даунтай хүүхэд шиг болчихоод байна” хэмээн дүгнэжээ.

“Наадам айсуй” нүүрт “Өнөө жил Ч.Санжаадамба аваргын гарыг нугалах аавын хүү гарах уу” хэмээн өгүүлжээ.

“Элэг нэгтэн” нүүрээс алдарт морин хуурч Чибулагтай хийсэн ярилцлагыг хүлээн авна уу. Тэрбээр “Хүний нас гэдэг зуны нэг ялаа, тиймээс үндэстнийхээ өмнө хүлээх хариуцлага их” хэмээн ярьжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмлээ

Нийслэлийн тээврийн газраас Баянзүрх дүүргийн 19, 20 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн Ч:64 “Цагаан даваа-Офицеруудын ордон-Монгол кино үйлдвэр” гэсэн чиглэлийг шинээр нээлээ. Тус чиглэлд “Эрдэм транс” ХХК ажлын өдөр 3, амралтын өдөр 2 гаралтаар 15-17 минутын зайтай үйлчилнэ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 31, 22 дугаар хорооны иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан ХО:10 “/Эмээлт хурган/-Хархорин-10 хороолол” чиглэлийн замналыг Эмээлтээс цааш 1.7 км, Ч:47 “Орбит-Ард кино театр” чиглэлийн замналыг 1.2 км тус тус сунгаж, дээрх чиглэлийн үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслийн цагийн хуваарийг 2017 оны зургаадугаар сарын 21-ний өдрөөс мөрдөн үйлчилнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ФОТО: Улаанбаатар усанд “хөвөв”

Улаанбаатар хот бороотой өнжлөө. Нийслэлийн гудамж, зам, талбайд борооны улмаас их хэмжээний ус тогтож замын хөдөлгөөн удааширч, түгжрэл саатал бий болов. Улмаар зарим замын хөдөлгөөнийг хаасан юм.

Замын цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр “И-Март” худалдааны төвийн уулзвар, 100 айлаас хойш Иргэний бүртгэлийн ерөнхий газар хүртэлх зам, 100 айлаас зүүн тийш Сэлэнгэ зочид буудал, 10 дугаар хорооллоос нэгдүгээр хороолол хүртэл, Саппоро төвийн уулзвараас хорооллын эцэс, Бөмбөгөр худалдааны төв, Гэсэр сүмийн уулзварын авто замуудад их хэмжээний ус тогтсоны улмаас авто замын хөдөлгөөн саатсан юм.

Жил бүрийн усан борооноор нийслэл хотын зам, талбайн ус зайлуулагчийн асуудал хөндөгддөг. Өнөөдрийн бороонд замын хөдөлгөөн ямаршуу байсныг гэрэл зургийн сурвалжлагаар хүргэж байна.

Гэрэл зургийг С.ГЭРЭЛТ-ОД

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэт- Овоот”-ын чиглэлийн 542 км төмөр замын шав тавилаа

  “Эрдэнэт- Овоот”-ын чиглэлийн 542 км төмөр замын шавийг тавилаа Орхон аймагт “Баруун Эрдэнэт ялгах өртөө”-ний шав тавих ёслол боллоо. Уг ёслолд Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, УИХ-ын гишүүн О.Содбилэг, Д.Дамба-Очир, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг тэргүүтэй байгууллагуудын төлөөлөгчид болон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.

“Эрдэнэт-Овоот”-ын чиглэлийн 542 км төмөр замын бүтээн байгуулалтад 1.3 тэрбум орчим америк доллар зарцуулна. Уг төслийг барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгээр концессыг Австрали Улсын “Aspiremining”компани эзэмшиж, гүйцэтгэгчээр тус компанийн охин компани болох “Northern railway” компани ажиллана. Тодруулбал, уг төмөр замыг хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр барьж, 30 жил ашиглаад төрийн мэдэлд хүлээлгэж өгнө. Гүйцэтгэгч уг бүтээн байгуулалтыг гурван жилийн хугацаанд дуусгаж, “Эрдэнэт-Арц суурь” чиглэлийн боомтыг үргэлжлүүлэн барихаар төлөвлөсөн байна. Мөн ОХУ “Курагино-Кызыл”, “Кызылээс-Арц суурь” хүртэл төмөр зам барьснаар эдийн засгийн хойд коридор бий болох гэнэ. Ингэснээр Европоос хойд хөршөөр дамжиж, манай улсаар дайрч урд хөршийг чиглэх транзит тээвэр хийгдэх нөхцөл бүрдэнэ. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ярихдаа “Одоогоор манай улс ОХУ-тай Эрээнцав, Сүхбаатар боомтоор төмөр замаар холбогдоод байгаа. “Эрдэнэт-Овоот”-ын чиглэлийн 542 км төмөр замыг барьснаар төмөр замаар тус улстай холбогдсон гурав дахь гарц нээгдэнэ. Ингэснээр Кызылийн коксжих нүүрсний бүлэг ордын экспортын тээвэрлэлт Улаанбаатар төмөр замын гол замаар явна гэсэн үг. Ачаа эргэлт нэмэгдсэнээр Улаанбаатар төмөр замын эдийн засагт үзүүлэх нөлөө улам өснө” гэсэн юм. Овоотын нүүрсний уурхайгаас УБТЗ жилд 10 сая тонн ачаа тээвэрлэхээр тооцжээ. Цаашид “Арцсуурь” боомтоор ОХУ-тай холбогдвол тус улсаас мөн хугацаанд 20 сая тонн транзит ачаа тээвэрлэх боломжтой. УБТЗ өнгөрсөн онд нийтдээ 19 сая тонн ачаа тээвэрлэсэн юм.

Түүнчлэн энэхүү төмөр зам ашиглалтад орсноор Эрдэнэт, Булган, Хөвсгөл аймгийн иргэд зорчих, дотоодын уул уурхайн компаниуд тээвэрлэлт хийнэ гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Мөн уг бүтээн байгуулалт хийгдсэнээр 1000 гаруй ажлын байр шинээр бий болох бөгөөд үүний дийлэнх нь Эрдэнэт хотын иргэд байх гэнэ.