Categories
мэдээ нийгэм

Булган аймгийн гамшигт өртсөн өрхүүдэд гэр олгохоор болжээ

Энэ сарын 28-ны өдрийн орой Булган аймгийн Орхон сумын нутаг Залуугийн гол орчимд болсон хүчтэй салхины улмаас орон гэргүй болсон малчдад аймгийн Онцгой байдлын газрын шийдвэрээр гэр, гэрийн мод олгохоор болжээ. Гамшигт Булган аймгийн Орхон, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 20 орчим өрх өртөж, нийт 15 нь орон гэргүй болсон аж. Хүчтэй салхи, орсон борооны үер, мөндөрийн улмаас хорогдсон 1200 толгой малын сэг зэмийг онцгой байдлын албан хаагчид булж, ариутгал хийсэн байна. Тухайн аймгийн нутаг дэвсгэрээр орсон мөндөр өндөг шиг том байсан хэмээн нутгийн иргэд мэдээллэв. Түүнчлэн энэхүү гэнэтийн гамшгийн улмаас эрчим хүч дамжуулах шугамын арав гаруй тулгуур унаж цахилгааны хомсдолд ороод байгаа юм.


Categories
мэдээ цаг-үе

Монголын улстөрчид цементийн үнээр тоглож байна уу?

Барилга байшин, бүтээн байгуулалтын ажил ид өрнөж буй энэ үед барилгын гол түүхий эд болсон цемент зах худалдааны төвүүдээр хомсдож, энэ хэрээр цементийн үнэ огцом өсөх болжээ. Тухайлбал, өчигдөр “Зуун айл” барилгын материалын захын цемент зарж буй хэсгээр явж сурвалжлага бэлтгэхэд нэг шуудай цемент 12-15 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд нэг тонн нь 185-240 мянган төгрөгт хүрчихсэн байна. Өмнө нь дунджаар 150 мянган төгрөг байсан юм. Дөрөв хоногийн өмнө нэг шуудай нь 8-9 мянга гэж байсан цемент 15 мянган төгрөгт хүрчээ. Нэг шуудай нь гэхэд л даруй зургаан мянган төгрөгөөр нэмэгдчихсэн гэсэн үг. Мөн сүүлийн хоёр өдөрт хятад цемент бараг олдохгүй байгаа юм байна. Гэсэн ч бас үндэсний үйлдвэрлэлийн цемент зах зээлд төдийлөн элбэг биш бөгөөд нэлээд өндөр үнэтэй байдаг ажээ.

“Зуун айл” захын цемент борлуулагч Д.Баярбатаас зарим зүйлийг тодрууллаа.


-Цементийн үнэ хэзээнээс нэмэгдчихэв. Үнэ өсөх болсон гол шалтгаан нь юу юм бол?

-Энэ сарын 18-ны өдрөөс эхлээд л цементийн үнэ нэмэгдчихлээ. Аливаа бараа, бүтээгдэхүүн зах зээлд хомсдоод ирэхээр үнэ нэмэгддэг шүү дээ. Угаасаа хятад цементийг гааль дээр оруулахгүй байгаа юм байна. Монголын цементийн үйлдвэрүүд өөрсдийн зах зээлээ алдахгүйн тулд хятад цементийг шахаж байгаа гэж ченж нар буюу бид ойлгож байна.

-Иргэд ихэвчлэн хятад цемент авдаг нь ямар учиртай вэ?

-Монголын гурван ч том компани цемент үйлдвэрлэж байгаа. Ихэнх нь улстөрчдийнх. Гэтэл тэд хэт өндөр үнээр цементээ борлуулдаг. Үнэ ханшийг нь буулгахгүйн тулд зах зээлд цементээ хангалттай нийлүүлдэггүй. Жижиглэнгээр зардаггүй болохоор жижиг, дунд аж ахуй эрхлэгчид болон гэр бүлийнхээ барилга зэрэг хэрэгцээнд ашиглах иргэд цемент олж авахад хүндрэлтэй байдаг. Ер нь хятад цемент л худалдан авагчдын хэрэгцээг хангаж байна. Харин томоохон баян компаниудад бол Монголын том цементийн үйлдвэрүүд өөрсдөө цементээ аваачаад өгчихдөг юм шиг байна лээ. Энэ нь барилгын үнэ буурдаггүй бас нэг шалтгаан шүү дээ. Ер нь аливаа бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг өсгөх, эдийн засгийн хямрал үүсгэх зэрэг нөхцлийг улстөрчид өөрсдөө бий болгоод байдаг юм байна гэж ойлгож байгаа. Хятад цемент хэзээнээс зах зээлд элбэг, боломжийн үнэтэй байсаар ирсэн учраас иргэд худалдаж аваад заншчихсан шүү дээ гэлээ. Тэгэхээр Монголын улстөрчид цементийн үнээр тоглож байгаа юу гэх асуулт гарч байна.

Яагаад гэнэтхэн цементийн үнэ өсч, хомсдол үүсэх болов. Эх орны үйлдвэрийн цемент гаалийн татвар төлж орж ирдэг гадны цементээс яагаад илүү үнэтэй байдаг юм бэ гэх асуудал гарна. Тэгвэл саяхан нээлтээ хийсэн МАК-ын Хөх цавын Цемент-Шохойн үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Харин эднийхийг цементээ өндөр үнээр борлуулж байна, үүнээс болоод цементийн үнэ өсчихлөө гэх мэлээлэл цахим орчинд гарсан. Ямартай ч одоогийн байдлаар тус үйлдвэрээс задгайгаар нэг тонн цемент 134.500 төгрөгөөр гарч байгаа. Харин савласан нь болохоор нэг тонн нь 141.600 төгрөгийн ханштай юм байна. Энэ бол зөвхөн үйлдвэрийн үнэ. Хотод ирвэл тээврийн хөлс болон борлуулагчийн цалин, зарж борлуулах цэгийн түрээс гэх зэргээр дахин нэмэгдэх боловч эднийх Улаанбаатар хотод борлуулах үнээ тогтоогоогүй байгаа гэнэ. Одоогоор өөрсдийнхөө харилцдаг, дотоодынхоо хэдхэн үйлдвэрт нийлүүлж байгаа аж. МАК-ын Хөх цавын Цемент-Шохойн үйлдвэр долдугаар сарын эхний долоо хоногт цементээ худалдаанд гаргачихна гэж төлөвлөж байгаа юм байна. Одоогийн байдлаар дотоодын хэрэгцээгээ хангаад, өөрсдийн компаниуддаа нийлүүлж байгаа ажээ. Харин хотод борлуулахдаа Амгалан, Толгойт, Техник импорт зэрэг газруудад түгээчих юм байна. Эднийх цементээ Евро стандартын хамгийн сүүлийн үеийн технологи буюу РС 62.5, ОРС 52.5, ОРС 42.5 төрлийн цемент хэмээн өндөр үнээр борлуулахыг урьтал болгож байгаа гэнэ.

Харин “Монполимент”-ын цементийн борлуулалтын албатай холбогдоход “Нэг тонн цемент шуудайлсан хэлбэрээр 167 мянга. Задгайгаар 150 мянга гэж байгаа. Энэ бол зөвхөн үйлдвэрийн үнэ шүү. Их хэмжээгээр нь манайх руу захиалга өгөөд, манайх үйлдвэрээсээ вагонд ачуулж өгдөг гэсэн үг. Түүнээс биш жижиглэнгээр бол худалддаггүй юм” гэж байна.

Мөн “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр” нэг тонн цементийг үйлдвэрээсээ 157300 төгрөгөөр гаргадаг юм байна. “Хөтөл” цементээ мөн л бусдын жишгээр үйлдвэрээсээ бөөнд нь худалдаалдаг болохоос биш жижиглэнгээр гэж гаргадаггүй бөгөөд жижиглэнгээр хаана зардаг эсэхийг мэдэхгүй гэнэ.

Хятадаас цемент оруулж ирэхэд гаалийн татварт 20 хувийг, НӨАТ-ын татварт таван хувийг тооцож авдаг юм байна. Өөрөөр хэлбэл, иргэн Бат 100 мянган төгрөгийн цемент оруулж ирлээ гэхэд 20 мянган төгрөгийг гаалийн татварт суутгуулж, татвартайгаа нийлээд 120 мянган төгрөгийн үнийн дүнгээсээ дахин НӨАТ-ын татварт таван хувийг төлдөг гэсэн үг юм байна. Тэгэхээр гаалийн татвар төлж орж ирдэг хятад цемент эх орондоо үйлдвэрлэж буй цементээс хямд хүртээмжтэй байдагт иргэд дуртай аж. Хаа, хаанаа үндэсний үйлдвэрээ дэмжихээр гааль дээр хүртэл хязгаарлалт хийж байгаа гэнэ. Гэхдээ хятад цементийг хомсдуулж байгаад дотоодынхоо цементийг өндөр үнээр шахдаг байдал угаас бий болчихоод байгаа хэмээн зарим худалдаачид учирлаж байна лээ. МАК-ын эзэн нь УИХ-ын гишүүн, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр. Цементийн үйлдвэрийг нь түүний төрсөн дүү Н.Цэлмүүн хариуцдаг. Харин “Монполимент” бол УИХ-ын гишүүн Ц.Гарамжавынх гэх мэт томоохон цементийн үйлдвэрийн эзэд бүгд улстөрчид бий. Тэгэхээр Хятадын цементийг зах зээлээс шахаж гаргах нь зөв байж болох ч цементийн үнийг өсгөж, хомсдол үүсгэн жирийн иргэдийг хохироож байгаа бол зүйд нийцэхгүй. Ер нь ченж нарын ярьж буйгаар дотоодын компанийн эзэд буюу улстөрчид цементийн үнийг үгсэн хуйвалдаж, өсгөж байгаа бололтой. Тэгээд ч Монголд Хятадын хоёр ч цементийн үйлдвэр баригдах гэж байгаа юм байна. Үгсэн хуйвалдаж үнэ нэмсэн тохиолдолд хэрэглэгчид сонголтгүй болдог тул бизнес эрхлэгчдэд маш хортой гэж үздэг. Манайд ийм тохиолдол нэлээд хэд хэдэн салбарт гардаг гэдгийг хуулийнхан хэлж байна. Тухайлбал, нефть импортлогч компаниуд нэг өдөр, нэг цаг, нэг минутад нэгэн зэрэг үнээ нэмсэн тохиолдол хэд хэдэн удаа бүртгэгджээ. Мөн аудитын үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын үгсэн хуйвалдсан хэргийг илрүүлж байсан түүх бий. Тэгэхээр үнэ нэмэгдсэн уг асуудлыг хэрэглэгчид Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хамгийн түрүүнд мэдэгдэх ёстой. Тухайн компаниуд үгсэн хуйвалдаж үнэ нэмсэн бол нэг жилийн орлогынх нь зургаан хувиар торгоно гэж хуульд заажээ.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

СУУ АЛДАРТНУУДЫН ӨЛГИЙ: Дэлхийн дуурийн ноён оргилуудын нэг, зууны манлай дуучин Х.Уртнасангийн унаган нутгаар (II)

Мандал овоон дээр. Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Монголын шинэ үеийн дууны урлагийн “загалмайлсан эцэг” хэмээгддэг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав гуай ЗХУ-д дөрвөн жил сурч байх үедээ нэгэн том мөрөөдөлтэй болсон байна. Ингээд сургуулиа төгсөөд эх орондоо ирэхдээ тэр мөрөөдлөө биелүүлэх их хүсэл тээж ирсэн гэдэг. Тэр нь түүний Монголдоо дуурийн дуулаачийн сургууль байгуулж, мэргэжлийн дуучин бэлтгэхээр сэтгэл шулуудаад байсан үе. Тухайн үеийн Соёлын сайдаар ажиллаж байсан Ч.Лодойдамба, н.Болд тэргүүтэй хүмүүст мэргэжлийн дуучны сургууль байгуулах талаараа хэлсэн гэнэ. Гэвч Г.Хайдав гуайн энэ хүслийг тэд үл тоосон шинжтэй “Чи сургууль байгуулна гээд хөөрцөглөөд байх юм. Сургууль нь хаана байна. Оюутан, багш нар нь хаана байна вэ” гэж амыг нь тагласан гэнэ. Гэсэн ч Г.Хайдав гуай зүгээр суусангүй. Мэргэжлийн дуучин болж чадах хүүхдүүдийг энд тэндээс цуглуулаад байсан аж. Мөн Ч.Лодойдамба гуайг хэдэн өдөр эргүүлдэж, шалж байгаад Ю.Цэдэнбалтай уулзуулсан байна. Ингээд Маршал Ю.Цэдэнбал Г.Хайдавын санааг дэмжсэн гэнэ. Ингэж л манай улс сонгодог дуурийн дуучдаа 1964 оноос эх орондоо бэлтгэсэн байдаг.

Батсүмбэр хайрхан

Г.Хайдав гуай энд тэндээс 13 хүн сонгон авсан нь Баадайжав гуай, жанжин Сүхбаатарт тоглодог Дашнамжил, Х.Уртнасан тэргүүтэй залуус байв.Тухайн үед Х.Уртнасан дуурийн дуучин болох гээд шалгалт өгч явсан байна. Харин Дуурийн театрт Г.Хайдав, А.Загдсүрэн, Пүрэвдорж, Дамиран гээд алтан үеийн архаг дуучид шалгуулагчдыг сорьж, шалгаад сууж байсан гэнэ. Өдөр, шөнөгүй “араажав” сонсч, явуулж байгаа дуу болгоныг нь цээжилсэн Х.Уртнасан А.Загдсүрэн гуайн “Москва орчмын үдэш” дууг дуулжээ. Тэнд байсан хүмүүс “Чи энэ дууг яаж сурсан юм бэ” гэж гайхан асуухад нь Х.Уртнасан “Араажаваас сурсан юм” гэж хариулсан гэдэг. Ингэж л Г.Хайдавын байгуулсан “Дуулаачийн студи” гэх нэртэй сургуульд Х.Уртнасан анх элсэн орж, дэлхийн дуурийн шилдэг дуучин болох замналаа эхлүүлсэн түүхтэй аж. Ингээд л Х.Уртнасан сургуулиа дөнгөж төгсөөд ирсэн, ёстой л будаг нь ханхалсан шинэхэн багш Г.Хайдавын гарын шавь болжээ. Багш нь шавьдаа өөрийнхөө мэдэж, сурсан бүх зүйлийг хэн хэнээс илүү заасан биз ээ. Х.Уртнасан хотод байхдаа гэрээ их санадаг байсан гэнэ. Амралтын өдрүүдэд хотоос сүүний машинд суугаад л гэртээ харьчихдаг байж. Аав, ээж, дүү нар дээрээ очиж, ээждээ үнээг нь сааж өгчихөөд сүүний машинд суугаад эргээд явдаг байсан гэдэг.18 настай оюутан болсон Х.Уртнасан ийм маягаар сурсаар дөрвөн жилийн дараа сургуулиа төгсөж, мэргэжлийн дуурийн дуучин болсон байдаг.

Г.ХАЙДАВ: БАГШ ХҮН ШАВЬТАЙГАА ТАЙЗАН ДЭЭР ХАМТДАА ГАРЧ, ГОЛ ДҮРД ТОГЛОНО ГЭДЭГ ҮНЭХЭЭР САЙХАН ЗҮЙЛ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав гуайтай уулзаж гарынх нь анхны шавь нарын нэг,дэлхийн дуурийн шилдэгдуучин Х.Уртнасангийн талаар ярилцлаа.


-Дэлхийн дуурийн шилдэг дуучин х.Уртнасан таны гарын шавь. анх тань дээр дуучин болохоор ирж байсан үеэс нь дурсахгүй юу?

-Х.Уртнасанд би анх сонгодог урлаг, дуурийн дууг яаж дуулах талаар А үсэг заасан багш нь. Анх над дээр ирэхдээ Х.Уртнасангийн хоолойн цар хүрээ тийм ч гоц сайн байгаагүй. Гэхдээ цаанаасаа, нүгэлтэй авьяастай хүүхэд байсан. Зөв чиглүүлээд явах юм бол маш чадалтай хоолойтой болохыг нь алхам тутамдаа мэдэрч байлаа. Их шартай. Шарыг нь гозойлгоод загнахаар илүү сайн дуулна. Бидний сургуулилт хийж байгаад муудалцаж байсан нэг явдал санаанаас ердөө гардаггүй юм. Нэг өдөр “Чи ингэж дуулаад байхдаа яадаг юм бэ” гээд л нөгөөхийгөө загналаа. Тэгсэн өөдөөс “Ингэж дуулахгүй тэгээд яаж дуулах юм” гэдэг юм байна. Би ч уур хүрээд тас хийтэл алгадаад авлаа. Х.Уртнасан хаалга саваад гараад гүйчихсэн. Хэд хоног хичээлдээ ирсэнгүй. Сонсоод байх нь өрөөнд орж ирж чадахгүй яваад байгаа дуулдав. Тэгэхээр нь ойр дотны найз Ерөөгөөр дуудууллаа. Тэгсэн удалгүй “Хөөш тэгээд сургуулилт энэ тэрээ хийх юм уу” гээд хаалганы тэндээс хашгирч байна. Би ч “Наашаа ороод ир” гэлээ. Тэгсэн орж ирэлгүй буцаад явчихдаг байгаа. Тэгээд л удалгүй багш шавь хоёр эвлэрч сургуулилтаа сайн хийсэн юм даа. Үүнээс хойш би шавьтайгаа муудалцаж байсангүй. Би ЗХУ-д очоод юу сурч мэдсэн түүнийгээ бүгдийг нь заахыг хичээсэн. Чадсан ч гэж бодож явдаг. Миний сонгосон 13 хүүхдээс заасан бүхнээс минь илүү ихийг өөртөө авч чадсан нь Х.Уртнасанг гэж боддог.

-Та өөрийнхөө бэлтгэсэн шавьтайгаа олон том жүжигт хамтран тоглосон. Дандаа л гол дүр бүтээсэн байдаг байх аа?

-Тийм ээ. Багш хүн шавьтайгаа тайзан дээр хамтдаа гарч, гол дүрд тоглоно гэдэг үнэхээр сайхан зүйл. Х.Уртнасан маш богино хугацаанд Монголын эмэгтэй дуурийн шилдэг дуучин болсон. Багштайгаа эн зэрэгцээд жүжигт тоглох болсон. Бүр дэлхийн гайхалтай дуучин болж чадсан шүү. Их театрт Х.Уртнасанг дуулсны дараа надтай хамт сурч байсан хүмүүсээс “Монголын Х.Уртнасан гэж хүн манай театрт ирж дууллаа. Үнэхээр гайхалтай авьяастай. Х.Уртнасан гэгч Хятадын монгол уу, Оросын монгол уу. Арга барил нь гадаад дуучинтай их төстэй байна” гэсэн утгатай захиа ирсэн. Тэгэхээр нь “Наад хүүхэд чинь миний гарын шавь байгаа юм. Би бэлтгэж ийм болгосон юм” гэж хариу захиа бичиж билээ. Надад шавь олон бий. Гэхдээ Х.Уртнасан шиг дэлхийн том театраас эхлээд олон орны тайзан дээр дуулж явсан нь ховор. Тиймээс шавиараа би үргэлж бахархаж явдаг гэв.

Х.Уртнасан, МУГЖ Ц.Ерөө нар багш Г.Хайдавтайгаа

ДЭЛХИЙД ГАЙХАГДСАН МОНГОЛ ДУУЧИН

Х.Уртнасан дуучин маань 1970-1972 онд Болгарын консерватори төгссөн билээ. Болгарын сургуульд сурч ирснээс хойших хугацаа бол түүний ёстой л иртэй үе нь. 1973 онд Берлин хотноо болсон ДЗО-ны X их наадмын тэргүүн байр эзэлсэн. Москва хотын Их Театр, Кремлийн их хурлын ордон, Кишинев, Ташкент, Душанбе, Алма-Ата хотын дуурийн театр, Болгарын Софи хотын “Ардын театр”, Пелевен, варна, Стара Загора хотын дуурь бүжгийн театруудад уригдан тоглож байв. Түүний энэ оргил цаг үеийг дэлхий дахин шагшин магтаж, түүний дуулахыг сонссон бүхэн уулга алддаг байсан тухай олон дурсамж яриа бий. Мөн “Монголын Х.Уртнасан” гэсэн нэр алдар дэлхийн дуурийн дуучдын дунд түгж, түүний хоолойн цар хүрээ, дээшээ, доошоо гарч байгаа өнгийг гадаадын бусад орны дуучид гайхан биширч, шүтдэг болсон байдаг.

ГАЛТ ТЭРЭГНИЙ ЦОНХООР ААВ, ЭЭЖ ДҮҮ НАРАА ДАЛЛАСААР ДЭЛХИЙН ТОМ ТЕАТРЫГ ЗОРЬСОН НЬ

Х.Уртнасанг дэлхийн том театрт дуулахаар явахад нь гэрийнхэн нь Батсүмбэр сумын төвөөсөө гаргаж өгсөн гэдэг. 1984 онд Монголын соёлын өдрүүд ОХУ-д болсон аж. 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй очиж тоглолт хийгээд иржээ. Энэ тоглолтын үеэр Х.Уртнасанг дуулахыг харж, сонссон Большой театрынхан түүнийг галт тэргэнд суух гэж байхад “Таныг Большой театрт “Чио Чио Сан”-д дуулж өгнө үү хэмээн урьж байна” гэсэн аж. Ингээд л тэрбээр Монголдоо ирж хэд хоночихоод дэлхийн их театрыг зорьжээ. Явахынхаа урд өдөр сумынхаа холбооны утсаар ээжтэйгээ хэдхэн минут ярьсан байна. Ингээд маргааш нь Батсүмбэр сумаар дайран өнгөрөх галт тэргэнд суугаад ЗХУ-ын их театрыг зорьж, аав, ээж нь охиноо замд нь гаргаж өгсөн байна. Аав Ц.Хорлоо, ээж А.Авирмэд дүү нар нь Мандал хайрханыхаа тэнд зогсчихоод л “Сайн яваад хурдан эргэж ирээрэй” гэж хашгирсаар үлдсэн гэдэг. Ер нь галт тэргээр явах болгонд түүний ар гэрийнхэн ийм байдалтайгаар үддэг байжээ. Өөрөөр хэлбэл, Х.Уртнасан гадаад явах бүртээ галт тэрэгний цонхоор ар гэрийнхнээ хараад л явдаг байсан гэнэ.

Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, профессор Цэвэгжавын Пүрэвдорж агсны амжилтыг буухиалсан хүн нь Зууны манлай дуурийн дуучин, ардын жүжигчин Хорлоогийн Уртнасан. Тэрбээр 1983-1984 онд Их театрын тайзнаа “Чио Чио сан”, “Тоска”, “Евгений Онегин” дуурийн гол дүрд дуулж байсан юм. Дэлхийн шилдэг таван театрын нэгд монгол хүн гоцолж, ОХУ-ын уран бүтээлч, хөгжимчин, дуучидтай хамтран ажилласан гэхээр бахархахгүй байхын аргагүй. Европын Чех ,Болгар, Унгар, Болгар, Румин, Герман Орос гээд л, Азийн Энэтхэг, Хятад, Тайланд, вьетнам, Латви,хойд Солонгос гээд 60 гаруй орны тайзан дээр дуулсан байдаг. Х.Уртнасанг дэлхийн том театрт дуулж, дуурийн дуучид түүний хоолойг гайхан биширч байхад ар гэрийнхэн нь юу ч мэдээгүй л, буйдхан алс хөдөөдөө ажин түжин сууж байсан гэдэг. “Би тэнд очоод дуулчихаад ирлээ” гэхээр аав ээж хоёр нь “Сайн яваад ирсэн л бол яамай. Сургуулийг нь төгссөн хүн дуулалгүй яах вэ. Сайн л дуулаад бай” гэж л хэлдэг байж.Түүнийг Большой театрт очиж дуулахад нь ар гэрийнхэн нь ер тоогоогүй гэнэ. Харин 1976 онд 30 насандаа Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртэхэд нь аав, ээж нь магнай хагартал баярлаж байсан гэдэг. Ээж А.Авирмэд нь 30 насандаа БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол хүртэж байсан бол охин нь тэр насан дээр нь Монгол Улсын гавьяат жүжигчин болчихлоо гээд л хөл нь газар хүрэхгүй баярлаж, хөөрч байсан талаар дүү Х.Төмөрбаатар нь ярьж байна лээ. Энэ тухай “Гавьяат цол авчихаад нутагтаа ирэхэд үнэхээр сайхан байсан. Хүн болгон “Сайн байна уу, гавьяатаа” гэж мэндэлж, хүндэтгэж, настайчууд нь үнсэж, нутаг орныхондоо аав, ээж хоёр нь охиноороо бахархан ярьж байгаа нь хамгийн сайхан нь байсан” тухай дэлхийн дуучин маань дурсаж байсан юм.

МОНГОЛ “ЧИО ЧИО САН” Х.УРТНАСАН БУЮУ ДУУРИЙН ХАТАН ХААН ДУУЧИН

Х.Уртнасан гуайн хамгийн хайртай дүр нь мэдээж дэлхийд түүнийг таниулсан “Чио Чио сан”. Тэрбээр “Би “Чио Чио сан”-д сэтгэл зүрхээ, өөрт байгаа бүхнээ шингээсэн” гэж ярьж байна лээ. Тэртээ 1967 онд манай тайзнаа “мэндэлж” байсан “Чио Чио Сан” Монголын үзэгчидтэй уулзаад хэдийнэ хагас зуун жилийг үдсэн. Гэвч эрвээхэй хатагтайн дүрд дуурийн театрын үе үеийн сопранууд дуулж ирсэн ч Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай дуурийн дуучин X. Уртнасанг гүйцэх нь үгүй хэмээн үзэгч олон одоог хүртэл ярьдаг. Тэрбээр дэлхийн алдарт Большой театрын тайзнаас эхлээд дэлхийн олон тайзан дээр “Чио Чио Сан ”-аа дуулсан. Түүнийг нэр алдарт хүргэж, дэлхийн дуурийн ноён оргилуудын нэг болох бүх боломжийг “Чио Чио Сан” жүжгийн эрвээхэй хатагтайн дүр нээж өгсөн байдаг. Мөн “Чио Чио Сан” жүжгийг тайзнаа амилуулснаараа Монголын дуурийн театр дэлхийн дуурийн театруудтай зэрэгцэж очсон гэдгийг урлаг судлаачид ярьдаг. Пуччини “Чио чио сан”-гаас гадна Б.Дамдинсүрэнгийн “Амарсанаа” жүжгийн Гэрэлгуа, А.Бородин “Игорь ван” жүжгийн Ярославна, “Учиртай гурван толгой” жүжгийн Нансалмаа, Дж.Верди “Травиата” Виолеттад, П.И.Чайковский “Евгений Онегин” жүжгийн Татьяна, Дж.Пуччини “Тоска” жүжгийн Тоска, А.Даргомыжский “Лусын дагина” жүжгийн Наташа, П.И.Чайковский “Иоланта” жүжгийн Иолантад, Верди “Отелло” жүжгийн Дездемона, Пуччини “Турандот” жүжгийн Турандот гээд олон гайхалтай дүрийг бүтээж сонгодог урлагийн Монголын хатан хаан болж байв. Х.Уртнасанг сонгодог урлагийн жүжигт тоглож дууссаны дараа уйлж ирээд баяр хүргэдэг үзэгчид олон байсан гэдэг. Төрийн шагналт, ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар, зууны манлай дуурийн дуучин Хорлоогийн Уртнасан гуайн санаанд н.Мядагбадам гэдэг хөгжимчин “Унд минь жүжиг ёстой сайхан боллоо, би нотоо ч харахгүй уйлаад суулаа” гэж ярьж байсан нь санаанаас гардаггүй гэнэ. МУГЖ, дуурийн шилдэг дуучдын нэг П.Цэвэлсүрэн Х.Уртнасанг “Оттело”- гийн Дездемонд дуулсны дараа хүрч ирээд ”Улс ийм сайхан дуучинтайгаа мэддэг болов уу” гэж хоолой зангируулан хэлж байсан гэдэг.

Нар баруун тийш хэвийж оройн сэрүүн унахтай зэрэгцэн дэлхийн алдарт дуучинтай хамт Батсүмбэр сумын чанх хойно байх Хангинахын хошуу орлоо. Тэднийх энд олон жил зуссан гэнэ. Хангинахын хошуу гэж сэргэлэн ногоон дэнж үнэхээр сайхан газар юм. Нарсан ойгоос хөхөө шувуу донгодож, шүд хага ташим хүйтэн булаг байгалийн хөгжим шиг л хоржигнон урсах аж. Хэнтийн нурууны салбар уулс ан амьтан, ховор ургамлаар баян тансаг газар ажээ. Жаргаж буй нарны туяанд юм бүхэн улбар болох нь сайхан үзэгдэл юм. Тэртээ зүүн урд талын хошууг ороон хонин сүрэг тархан бэлчээрлэнэ. Хангинахын хошууны чанх урдаас хэдэн үнээ дэлэн нь хагарах гэж байна уу гэлтэй дааж ядсаар бас чанга чанга мөөрсөөр айсуй. Б.Гантулга гэх залуу малчны гэрийн гадаах зэлэн дээр уяатай байгаа нялх тугал эхийнхээ дууг сонсоод тогтож ядан мөөрөх юм. Батсүмбэрийн энэ л шимт бор хөрснөөс мөн ч олон улсын аварга тариаланч, саальчин, хөдөлмөрийн баатар төрсөн. Ёстой л хөдөлмөр шүтсэн хүнд буян хишгээ харамгүй өгдөг сайхан нутаг билээ.

Хангинахын хошууны өвөр дээр Х.Уртнасан гуай том охин А.Дамаагаа төрүүлж байсан гэнэ. Нөхөр Сандуйдоржийн Адъяахүүтэйгээ гэр бүл болоод удаагүй байхдаа Х.Уртнасан гэртээ ирсэн байна. Тогоон чинээ гэдэстэй, хэзээ мөд төрөх дөхсөн байхдаа “Гэрээ санаад байна” гээд сүүний машинд суугаад хотоос хүрээд ирсэн аж. Гэтэл гэнэт өвдөж, сумаас эх барих эмч ирж амжаагүй байхад яах ийхийн зуургүй гэртээ амаржчихсан байна. Аав, ээж нь зээ охиноо эх барьж авсан аж. Том охин А.Дамаа нь хошууч генерал Л.Гарамжилын гэргий билээ.

Үргэлжлэл бий


Categories
мэдээ цаг-үе

Допингтой бөхчүүдийн нэгийнх нь цолыг хурааж, нөгөөг нь зүгээр үлдээдэг нь ямар учиртай юм бэ?

Жил бүрийн наадмын дараа допингийн асуудал дэгддэг. Улсын наадмаар тав давж шөвгийн 16-д шалгарсан бөхчүүдээс ихэнхээс нь допинг илэрчээ гэх баталгаа, нотолгоогүй мэдээллүүд нийгэмд шуугиан тарьдаг. “16 бөхийн арав орчмоос нь илэрсэн нь үнэн. Томчууд нь өөрийнхөө нэрийг сугалаад үлдчихдэг байхгүй юу. Бөхийн допинг улс төртэй хэдийнэ хутгалдчихсан шүү дээ” гэж бөхчүүд, бөхийн хүрээнийхний дундаас барин тавин хэлэх нэгэн бий. Бас л баримт нотолгоогүй учир үнэн эсэхийг бүү мэд. Харин баримт нотолгоотой ганц зүйл гэвэл улсын цол шинээр хүртсэн залуучууд допингийн “хэрэг”-ээр “ял” сонсдог болсон. Зарим нь цолоо хураалгаж, зарим нь барилдах эрхээ хасуулж, зарим нэг нь зүгээр үлдэж байгаа. Ийм нэг үзэгдэл сүүлийн хэдэн жил монгол бөхөд тогтчихлоо.

2011 оны Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор тав давж шөвгөрсөн бөхчүүдээс Ховдын хоёр залуу буюу шинээр харцага цолны болзол хангасан Г.Алтангэрэл, шинээр начин цолны болзол хангасан Ч.Цогбаяр нараас допинг илэрсэн. Баахан л маргаан дагуулсны эцэст хоёр жил барилдах эрхээ хасуулаад өнгөрч байв. Одоо Цогбаяр, Алтангэрэл нар ид барилдаад явж л байна. Дараа жил нь буюу 2012 оны төрийн наадамд шөвгөрсөн бөхчүүдээс Х.Мөнхбаатар болоод шинээр начин цолны болзол хангасан Өвөрхангайн Б.Сугаржаргал нараас допинг илэрсэн байдаг. Х.Мөнхбаатар арслан бөхийн холбооны Нямдоржтой үзээд бөөн л шуугиан болж байлаа. “Нямдорж тэргүүн надад хүүг минь заан болгооч гэж 70 сая төгрөг амласан. Гэвч хэлснээр нь болоогүй, түүнд өширхсөндөө намайг допингтой гэж зарлалаа” гэх утгатай үгийг хэвлэл мэдээллээр ярьж байв. Тэр жилийн допингийн маргааны эцэст Мөнхбаатар чимгээ хураалгаж, түүнд долоогийн даваанд тахимаа өгсөн Т.Санчир шууд заан цолны болзол хангасан. Харин Б.Сугаржаргалын хувьд барилдах эрхээ ердөө зургаахан сараар л хасуулсан байдаг.

Тэгвэл 2014 оны наадмаар тав давж шинээр улсын начин цол хүртсэн Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат Б.Суманчулуун, Архангай аймгийн Тариат сумын харьяат Н.Адъяабат нар допингийн төрлийн эм тариа хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдсон. Үүнийг залуу начингууд хүлээн зөвшөөрөөгүй. Үндсэндээ “А” сорьцын шинжилгээг зөвшөөрөөгүй учир Солонгосын шинжлэх ухаан техникийн институтын допингийн хяналтын лабораторид “Б” сорьцын шинжилгээгээ дахин явуулсан. Тэгээд ч тусыг эс олсон. Ингээд Үндэсний их баяр наадмын салбар хорооноос дээрх хоёр бөхийн цолыг хураах шийдвэр гаргасан. Мэдээж допинг хэрэглэсэн нь батлагдсан бол шийтгэлээ амсах нь хууль. Гэвч өмнөх допингтой нөхдүүдийн толгойг нь илээд цолыг нь хэвээр үлдээчихээд Суманчулуун, Адъяабат хоёрын цолыг шууд хураасан нь хачирхалтай.

“Хамгийн хэл амгүй, даруу төлөв, энэ хоёр залуугаар туг тахичихлаа” хэмээх яриа одоо хэр нь тасраагүй байна. Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээний дасгалжуулагч багш, улсын начин Д.Бадрах “Допингийн тухай ярих надад хэцүү байна. Суманчулууныгаа харахаар өмнөөс нь сэтгэл өвдөөд байна” гэж үнэнийг хэлж байсан. Суманчулууны хувьд ч, Адъяабатын хувьд ч улсын цол авахын төлөө бүхнийг умартан зүтгэсэн нь мэдээж. Мөн наадмын дараа цолныхоо цайллагыг ч итгэл төгс хийсэн дуулддаг. Гэвч амьдралын зорилгоо болгоод зүтгэсэн зүтгэл, нэр алдар, бөхийн зам мөр нь нэг л өдөр таслагдаж байгаа юм. Спортод, ялангуяа бөхөд амжилт үзүүлэх хугацаа богино гэдэг. Иртэй бяртай хэдхэн жилийн наадам л юунаас ч үнэтэй гэж бөхчүүд ярьдаг. Гэтэл тэр бүхэн нь таслагдахаар яах билээ.

Энэ байдал өнгөрөгч жилийн наадмын дараа бас л давтагдлаа. Увсын Б.Ганзориг, Баян-Өлгийн Б.Баатарцол гэх шинээр начин болсон хоёр залуугаас допинг илэрсэн. Ганзоригийнх нь цолыг хураагаад, Баатарцолыг нь зүгээр үлдээж байна. Баяр наадмын комиссын шийдвэрийг Б.Ганзориг мэдээж эсэргүүцсэн. Энэ оны хоёрдугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Түүний нэхэмжлэлийг саяхан хянан хэлэлцээд “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтыг баримтлан Б.Ганзоригийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо” гэж шийдвэрлэсэн. Бодит байдал ийм байна. Нэг жилийн наадмаар ижил допингтой хоёр бөхийн нэгнийх нь цолыг шууд хураагаад, нөгөөг нь зүгээр үлдээж байна. “Баатарцолын ард төрийн түшээ, аварга цолтой бөх бий. Тиймээс сугалаад үлдчихлээ. Ганзориг томхон ар талгүй учир ганцаараа хохирлоо” гээд хэвлэл мэдээлэл, сошиалаар дүүрэн шуугиж байна. Үлдээнэ гэвэл юуг ч хаацайлж болно. Баатарцолоос илэрсэн допингийн эмийн тун нь бага, Ганзоригийнх өндөр байсан гэж тайлбарлаад л болоо.

Өсөхөө аваргаар тав давж начин болсон ч цолоо хураалгасан Архангайнхан Н.Адъяабат сүүлийн хоёр жил сураг тасарсан. Зодоглох нь бүү хэл, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа. Түүний хувьд бүх юм дууссан гэж ойлгогдохоор, маш хэцүү байдал үүсчээ. Харин төрийн наадамд олон жил сайн барилдаж улсын цолыг гуйж биш гуядаж авсан бөхчүүдийн нэг Говь-Алтайн Суманчулууны хувьд асар их нерв, сэтгэл зүйн дарамттай байгаа хэдий ч аймгийн арслан гэж дуудуулаад барилдаж байгаа. Өнгөрөгч жилийн наадмаар дөрөв давж тавын даваанд Ц.Содномдоржид унасан. Санжаадамбыг ид байх үед нь хоёрын даваанд өвдөглүүлж байсан Суманчулуунаас допинг илэрсэнд бөхчүүд нь хүртэл гайхаж, алмайрсан дуулддаг. Допингийн энэ бүх маргааныг эцэслэж шийдвэрлэх хэрэгтэй байна. Допинг хэрэглэсэн бөхчүүдийн цолыг нь хураах юм бол бүгдийг нь хураах хэрэгтэй. Ховдын Г.Алтангэрэл харцага, Ч.Цогбаяр начин, Б.Сугаржаргал начин, Б.Баатарцол начин нарын цолыг бусдынх нь ижил хураах хэрэгтэй болно. Одоогийн улсын гарьд Д.Рагчаа 2006 онд долоо давж заан болсныхоо дараа допинг хэрэглэсэн нь шинжилгээгээр батлагдсан. Түүний асуудлыг арван жилийн дараа буюу өнгөрсөн жилийн наадмын өмнө хэлэлцээд Рагчаад долоогийн даваанд тахим өгсөн Сүхбаатарын Ц.Магалжав улсын заан, Завханы Ш.Уламбаяр улсын харцага цол нэхэн авсан байдаг. Хууль бол хууль. Хэрэг хуучирдаггүй гэдэг энэ. Тэгэхээр дээрх бөхчүүдийн цолыг нь хураахгүй юм бол цолоо хураалгаж хохирсон бөхчүүдийг цолыг нь нэхэн олговол яасан юм бэ. Хэнд нь төрийн хууль үйлчлээд хэнд ч үйлчилдэггүй юм бэ. Ингэж бичсэнээрээ допингийг өмөөрч өөгшүүлж байгаа юм биш ээ. Допингийн загалмайлсан эцэг нь А.Сүхбат аваргыг гэж хэн хүнгүй хэлдэг. “Эхнээсээ буруу эхэлсэн юм цаашдаа ч буруудаад байдаг гэмтэй. Хамгийн анх допинг илэрсэн бөхөд дүрмийн дагуу (тэр үед хууль гараагүй байсан) арга хэмжээ авах гээд тэргүүлэгчдийн хурлаараа хэлэлцэж байтал нөгөө бөх Дүүргийн шүүхээр “Энэ хурлынхаа ажиллагааг түдгэлзүүл” гэсэн захирамж гаргуулж аваад өөрөө бариад гүйгээд ирсэн. Бид шүүхийн захирамжийг биелүүлэхээс өөр аргагүй шүү дээ. Байгууллага дүрмэндээ заасан асуудлаар бөхөд арга хэмжээ авах гэж байхад тэр хүн өөрөө очоод шүүхээс захирамж гаргуулаад аваад ирж байгааг юу ч гэлтэй юм бэ дээ. 2003 онд Үндэсний их баяр наадмын тухай хууль гарсан. Хууль гарснаар Ерөнхийлөгчийн мэдэлд очсон. Бид өмнө нь арга хэмжээ авч чадаагүй тэр цоорхойгоор гоожсоор байгаад олон ч бөхөд арга хэмжээ авч чадаагүй нь үнэн. Ер нь ч нэгэнд нь арга хэмжээ авч чадаагүй байж, нөгөөд нь авах нь шударга бус. Үүнийг баяр наадмыг зохион байгуулах хороо шийддэг. Харамсалтай улс төрчдийн оролцооноос болоод адил биш шийтгэл ногдуулсан. Допинг гэх зүйлийг санаатайгаар хэрэглэхгүй байх, түүнд санамсаргүй өртөхгүй байхыг л бөхчүүд маань анхаарах хэрэгтэй” гэж МҮБХ-ны удирдлагууд хэлдэг. Төрийн хууль бөхчүүдэд тэгш бус үйлчилж, ар талтай нь зүгээр үлдээд, эгэл даруу нь хохироод үлдэж буйг тэд хүлээн зөвшөөрч байна. Тиймийн учир энэ бусармаг, шударга бус зүйлтэй санал нийлэхгүй байгаа юм.

Б.БАТБОЛД

Categories
мэдээ нийгэм

Сонгуулийг үл тоодог, их зант гэгээнтнүүд муу улстөрчдийг төрүүлдэг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ сарын 26-нд болно. Маргааш оройны 22.00 цагт бүх пиар, сурталчилгаа хаагдана. Сонгогчдын нэрсийн жагсаалтыг баталгаажуулж дуусч байх шиг байна. Гадаадын 33 улсад байгаа иргэд маань энэ сарын 10, 11-ний өдрүүдэд санал өгөх иргэний үүргээ биелүүлсэн. Гадны улс орнуудад санал өгөх эрхтэй 130 мянган монгол хүн байгаагаас ердөө тавхан хувь нь сонгуульд оролцох урьдчилсан дүн гарсан нь тэд ямар эх оронч бус сэтгэлтэйг манай сонин сая бичсэн юм.

Гадаадад байгаа монголчууд ийм. Харин эх орондоо байгаа иргэд маань үүргээ өндрөөр ухамсарлах цаг ирлээ. Сонгуульд саналаа өгөх нь эрүүл саруул иргэн бүрийн үүрэг. Эх орныхоо өмнө хүлээсэн хариуцлага мөн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өмнөх хоёр сонгуулийн ирцийн дүнг харъя. 2009 оны сонгуулийн ирц 73.59 хувьтай байсан бол 2013 оных чүүтэй чайтай 50.23 хувьтай байсан. Дахин сонгууль явагдах бараг шахсан гэсэн үг. Одоо энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль ямар байх нь монголчууд та биднээс шалтгаална. Олон улсад бол ирц өндөр байгаа. Иргэд амьдралаа улам сайжруулах гэж саналаа идэвхтэй өгдөгтэй холбоотой гэж шинжээчид дүгнэсэн. Сая болсон Францын Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуулийн нийт ирц 74.62 хувьтай байжээ. Энэ бол олон улсад өндөр хувь. Үүгээрээ дэлхийн улс орнуудад саналын ирц өсөлттэй байгааг илтгэнэ. Ийм байдлаар дэлхийн хандлагыг харж болно.

Манай улсад хандлага хаашаа байна. 2012 оны УИХ-ын сонгуулийн ирц 65.2 хувь байсан нь Монгол Улс ардчилалд шилжсэн 22 жилийн хугацаан дахь хамгийн бага үзүүлэлт байв. Уналт мэдрэгдэж эхэлсэн. Ер нь бүх л шатны сонгууль бүрийн өмнө “Өдрийн сонин”-ы зүгээс сонгуульдаа өргөнөөр оролцохыг уриалдаг. Иргэн нэг бүрийн эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлага шүү гэдгийг онцгойлон анхааруулдаг. Энэ удаа ч мөн адил монголчуудаа сонгуульд өргөнөөр оролцохыг уриалж байна. Ингэх олон шалтгаан байгааг хүмүүс мэдэж байгаа. “Ухаантнууд нь улс төрд орохгүй бол тэнэгүүд нь гарч ирж удирдддаг” гэсэн манай сонины нийтлэл шуугиан тарьсныг уншигчид маань санаж байгаа байх. Ер нь тэгээд муу улс төрчдийг хэн гаргаж ирдэг вэ гэдэг талаар ярьцгаая. Сүүлийн үед аль ч нэр дэвшигч нь санаанд хүрэхгүй байна, би лав саналаа өгөхгүй, улс төрд оролцохгүй гэх хүмүүс цөөнгүй байх болжээ. Ийм хүмүүс бодвол бүх зүйлд гэгээрсэн, их мэддэг, өөрсдийгөө сүрхий боловсролтой гэж боддог биз. Усан нүдтэй, цусан зүрхтэй мань мэтийн хүмүүс бол аль нэгийг нь сонгох зайлшгүй шаардлагатай байдаг. Яг амьдрал үзсэн, нийгмээ мэдэрдэг хүмүүс бол огт өөр зүрх сэтгэлтэй байдаг. Өвөрхангай аймгийн нэгэн малчин эрийн ярихыг саяхан сонссон юм байна. “Би 35 км газар мотоциклоор давхиж очиж саналаа өгнө. Социалист нийгмийн үед нэгдлийн малын төлөө өдөр шөнөгүй зүтгэсээр 50-хан насандаа нас барсан аавынхаа тухай би боддог. Хэрэв зээ өнөөдрийн нийгэм байсан бол миний аав амьд байх байлаа. Төр засгаа, Ерөнхийлөгчөө би өөрөө сонгож, гар бие оролцох ёстой гэдгийг туулсан амьдралаараа ингэж харж ойлгодог, би өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө саналаа өгч байгаа юм. Хөгшнөө хойноо сундалж аваад багийнхаа төв рүү жирийлгэнэ дээ” гэж. Энэ малчин эрийн иргэний ухамсар, эх оронч сэтгэлийг би ямарч өндөр боловсролтой, “гэгээрсэн” хүмүүсийнхээс дээгүүр тавьж хүндэлнэ.

Их зант гэгээнтнүүд голоод саналаа өгөхгүй бол таны голсон улс төрч ялах саналаа нэгээр нэмлээ гэсэн үг. Ялахад нэг алхам урагшиллаа гэсэн үг. Нэгээс мянга, мянгаас сая эхэлдэг. Үндсэндээ аль ч улс оронд төрд нь муу улс төрч гарах нь их мэддэг, “гэгээрсэн” хүмүүсээс нь болдог. Тэд саналаа очиж өгөхгүй байгаагаараа тэдэнд тус болдог. Ингэж маяглаж байхаар та бүхэн очиж саналаа өг. Аль дээр гэсэн улс төрчөө сонго. Тэгвэл буян заяа чинь түших болно. Учир нь улс эх орныхоо төр засагт муу улс төрчдийг орохоос сэргийлсэн таны ажил энэ болно. Эх орондоо хүргэж буй ач тус чинь энэ болог. Монгол хүн болсны чинь гол утга учир бол Та Монгол төрийг байгуулалцах, Монгол Улсыг тусгаар байлгахын төлөөх сонголт чинь юм шүү.

Үүн дээр нэмж хийх ажил бол иргэн бүрийг санал өгүүлэх эх оронч санаачилгыг нийгмийн аль ч хэсгээс гаргаж болмоор байгаа юм. Олон улсын жишиг ч байна. Тухайлбал манай томоохон үйлчилгээний төвүүд санал өгсөн хуудсаа авчирсан, тэмдэглэгээгээ баталгаажуулсан иргэнд хөнгөлөлттэй үйлчилж яагаад болохгүй гэж. Наад зах нь Оргил, Номин, Миний дэлгүүр, АПУ… бүгдээрээ тодорхой бараанууддаа 30 хувийн хямдрал зарлаж болно шүү дээ. Томоохон брэндүүд 50 хувь хямдарч болно. Үүн дээр олон нийтийн хяналтыг сайжруулах ёстой. Төрийн бус байгууллагууд сайн ажиллах ёстой. Иргэний нийгмийн байгууллагуудын иргэд рүү хандсан ажил үр дүнтэй байх ёстой, иргэдийг идэвхжүүлэхэд тэд онцгой үүрэг рольтой оролцож, төрийн ажлаас үүрэлцэх ёстой юм.

Тийм болохоор хаа хаанаа бүгдээрээ сонгуульдаа сэтгэл зүтгэлээрээ оролцож, элдэв муу самуунгүй, үймээн бужигнаангүй, ялсан хүнээ хүлээн зөвшөөрч сонгуульдаа оролцохыг “Өдрийн сонин”-ы зүгээс уриалж байна. Бид сонгуулийн сурталчилгааны хугацаанд, бүх нэр дэвшигчдэд адил тэнцүү үйлчилж, хууль дүрмийг яс тас баримталж, нэр дэвшигч нэг бүрийн нэр төр, алдар хүндийг ихэд эрхэмлэн ажиллалаа. Монголын хамгийн олон уншигчидтай, хамгийн нэр нөлөө бүхий сонины хувьд нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй, нүүр бардам биелүүлсэн учир санал хураалт явагдах гэж буй энэхүү хариуцлагатай цаг мөчид монголчуудаа ийнхүү уриалан дуудах, төр бариад явчих хүнийг нь сонгоорой гэж хэлэх эрхтэй гэж бодож байна. Та саналаа өгөхгүй бол таны голсон хүн ялах алхамаа нэгээр урагшлууллаа гэдгийг л тогтож сайн бодоорой. Бүгдээрээ сонгуулиа тогтуун сайхан өгөөд маргаашаас нь наадмаа ярьж жаргацгаая аа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Сүүлийн 27 жилийн төр засаг, улстөрчид, улс төрийн намуудын бодлого үйл ажиллагаа буруу байна гэдгийг харуулсан сонгууль болж өнгөрлөө” хэмээн “Өдрийн сонин”-д өгүүлжээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа. Тэргүүн нүүрт УИХ-ы н гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнийн ярилцлага нийтлэгдлээ. С.Эрдэнэ “Монголын ард түмэн сонголтоо баталгаажуулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьжээ.

Долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчмын гол өөрчлөлтийн талаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатартай ярилцжээ. “Одоо мөрдөж байгаа хуулиар шууд эрүүгийн хэрэг үүсгээд, сэжигтнээр татдаг. Харин шинэ хуулиар энэ зохицуулалтыг халсан. Өөрөөр хэлбэл, нотлох баримт бүрдсэний дараа тухайн хүнд эрүүгийн хэрэг үүсгэнэ гэсэн үг” хэмээн тэрбээр тайлбарлажээ.

“Нэг ангийнхан” буланд “Таанат нутгийн андууд” уригджээ. Тэд бол Дундговь аймгийн төвийн арван жилийн сургуулийн 10 А ангийг Л.Цэвээнравдан багштай төгссөн 1977 оны төгсөгчид юм.

“Баримт, үзэл бодол” нүүрт “Сүүлийн 27 жилийн төр засаг, улс төрчид, улс төрийн намуудын бодлого үйл ажиллагаа буруу байна гэдгийг харуулсан сонгууль болж өнгөрлөө” хэмээн дүгнэжээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Ард түмнийг бослого тэмцэлд уриалаад, турхираад байж хэрхэвч болохгүй” хэмээн “Улс төр” нүүрт өгүүлжээ.

Д.Доржпалам 1985 онд 15 жил хорих ялаар шийтгүүлжээ. Улмаар 1992 онд эрүүл мэндийн шалтгаанаар суллагдсан байна. Гэтэл прокурорын шийдвэрээр 23 жилийн дараа түүнийг гэнэт цагдан хорьжээ. Жил шахам хоригдоод шүүхийн шийдвэрээр суллагдсан Д.Доржпаламын дүү Д.Оюун-Эрдэнэтэй “Баримт, үйл явдал” нүүрт болсон явдлын талаар ярилцжээ.

“Шөнийн сурвалжлага” булан “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цуглагсдыг бүжигчин залуус баясгаж байна” хэмээн өгүүлжээ.

Мьянмарын их бандида Гандамала Ланкара хувраг энэ өдрүүдэд Монголын сүсэгтэн олонд сургаал айлдаж буй. Тэрбээр “Хэн нэгэн таны өмнөөс бясалгал хийж, тарни уншаад та сайн сайхан амьдарна гэж байхгүй” хэмээн айлджээ.

“Уран бүтээлч” нүүрт зохиолч, сэтгүүлч Ш.Гүрбазар”Морины тайлбарыг төгс болгоё гэвэл М.Оюунбаатар тайлбарлаад, би бас давхар тайлбарлах хэрэгтэй байгаа юм” гэжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Монголын яаралтай тусламжийн мэргэжилтний чуулган зохион байгуулж байна

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Монголын яаралтай тусламжийн хөгжлийн нийгэмлэг хамтран “Монголын яаралтай тусламжийн мэргэжилтний чуулган”-ыг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн чуулган “Яаралтай тусламжийн хариу үзүүүлэх тогтолцоо-2017” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа ажээ. Энэхүү чуулган нь хоёр өдрийн турш үргэлжлэх юм байна.

Чуулганд Тайвань болон Япон улсаас урилгаар ирсэн хүмүүс оролцож илтгэл тавин Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцооны хөгжил дэвшил, хөгжингүй орнуудын туршлагын талаар сургалт зохион байгуулж байгаа юм.

Мөн П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл, согог судлалын үндэсний төв, “Интермэд” эмнэлгүүдэд сургалт үйл ажиллагааг чуулганы хоёр дахь өдөр зохион байгуулахаар болжээ.

Сургалтын зорилго нь Монгол Улсад эмнэлгийн яаралтай тусламжийн талаар хэрэгжүүлж буй арга хэмжээ, зорилт, үйл ажиллагаа, ирээдүйн чиг хандлага, эмч мэргэжилтнүүдийн амь тэнссэн үеийн тусламжийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж ашиглан эмчилгээний чанар хүртээмж, соёлтой үйлчилгээг цаг алдалгүй зөв үзүүлэх талаар мэдлэг олгох юм.

Энэхүү чуулганд Онцгой байдлын ерөнхий газар, эмнэлгийн байгууллагууд болон Тайванийн их сургуулиуд хамтран ажиллаж байна.

Ц.АНАР

Categories
мэдээ улс-төр

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо гурван асуудлыг хэлэлцлээ

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2017.06.29/ хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцууллаа.

Тэрбээр, Нийгмийн даатгалын тухай хуулийг 1994 онд баталж, 1995 оноос хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 23 жилийн хугацаанд 10 гаруй удаа нэмэлт, өөрчлөлт орж, нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, нийгмийн даатгалын удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох зэрэг тэтгэвэр авагч, даатгуулагчийн эрх ашигт нийцсэн олон арга хэмжээг хуульчлан хэрэгжүүлсэн.

Нийгмийн даатгалын сангийн тогтвортой байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн даатгалын шимтгэл төлөх харилцааг бусад хуулиудаар зохицуулж байгааг нэг мөр болгох, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлгүй, үр өгөөжтэй, ил тод удирдах зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг санаачлан боловсрууллаа хэмээсэн.

Нийгмийн даатгалын байгууллага нь шимтгэлийн орлого төвлөрүүлэхээс гадна шимтгэл төлөгч ажил олгогч, даатгуулагчид чиглэсэн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, шуурхай хүнд сурталгүй байх, шаардлагагүй цаасан баримт бичгийн тоог цөөрүүлэх, иргэд даатгуулагч, ажил олгогч цахим байдлаар мэдээлэл авах, даатгалын үйлчилгээнд нь хяналт тавих асуудлуудыг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлд шинээр тусгасан байна.

Түүнчлэн нийгмийн даатгалын байгууллагын засаглал ба институцийн шинэчлэлтэй холбоотой асуудал, нийгмийн даатгалын тогтолцоонд итгэх олон нийтийн итгэл үнэмшлийг дээшлүүлэх, нийгмийн даатгалын байгууллага, даатгалын ажилтнуудын үйл ажиллагаа нь ил тод, тунгалаг байх зарчмыг хуулийн төсөлд тусгасан ажээ.

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлтэй уялдуулан 10 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм байна. Тухайлбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд даатгуулагчийн тэтгэврийн насыг уян хатан тогтоохоор өөрчлөлт оруулахаар тусгажээ.

Эмэгтэй даатгуулагч 30 жил, эрэгтэй даатгуулагч 35 жил ажилласан тохиолдолд өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй байхаар, харин даатгуулагч хүсвэл 60-65 нас хүртлээ ажиллаж болохоор зохицуулах юм байна.

Үүнтэй уялдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3-т зааснаар ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалдаг одоогийн хуулийн заалтыг ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хүчингүй болгож, ажилтан өөрөө хүссэний дараа хөдөлмөрийн гэрээг цуцалж байхаар Хөдөлмөрийн тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар боловсруулжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар тэтгэврийн нэг давхаргат тогтолцооноос олон давхаргат тогтолцоонд шилжих суурь эрх зүйн үндэс бүрдэхээс гадна тэтгэврийн насны өөрчлөлтийг даатгуулагчид эрсдэл бага учруулахуйц байдлаар хэрэгжүүлж, зохион байгуулах нөхцөл бий болно гэж сайд Ж. Мөнхбат хэллээ.

Түүнчлэн нийгмийн даатгалын хамрах хүрээ, ялангуяа албан журмын даатгалын хамрах хүрээ өргөжиж, сангийн чөлөөт үлдэгдэл хөрөнгийг санхүүгийн хэрэгсэлд оруулах боломж бүрдэн, ахмад настны орлого нэмэгдэж, амьдралын баталгаа сайжирна хэмээн Засгийн газар үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, С.Чинзориг, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл нар асуулт асууж хариулт авсан. Гишүүд хуулийн төсөл, тэр дундаа тэтгэврийн настай холбоотой асуудал ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой тохирсон зарчимтай уялдаж байгаа эсэх, төсөвт дарамт учрах үгүйг тодруулж байлаа.

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын хариулснаар, эмэгтэй даатгуулагч 30 жил, эрэгтэй даатгуулагч 35 жил ажиллаад өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгох бөгөөд хүсвэл 60-65 нас хүртлээ ажиллаж болохоор зохицуулж буй нь нийгмийн хүсэлт хэрэгцээ шаардлагаас үүдэлтэй аж. ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хэлэлцэж буй үед эдийн засгийн өсөлт хасах руу орсон байсан хэмээн тэрбээр тодотгосон бөгөөд одоо эдийн засгийн өсөлт 4-4.5 хувь болж нэмэгдсэн болохоор дээрх зохицуулалтыг хийх бололцоотой болоод буй аж. Мөн хуулийг батлан хэрэгжүүлснээр төсөвт дарамт учруулахгүй хэмээн сайд нэмж тодруулсан.

Ингээд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжлээ.

УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛЭГ БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ АСУУДЛААР ЗАВСАРЛАГА АВЛАА

Дараа нь Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхлэв.

Төслийн үзэл баримтлалыг хуулийн төсөл санаачлагчийн нэг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулсан.

Багшийн хамгийн эрхэм үүрэг болох хүүхэд нэг бүрийн авьяас, сонирхлыг дэмжин хөгжүүлэх ажиллагаа зохих ёсоор үнэлэгдэхгүй, багшийн нэр хүнд, мэргэжил, ур чадварын үнэлэмж доошилсон, боловсролын чанарыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллагчдын идэвх, оролцоо хангалттай бус байгаа нь боловсролын чанарт сөргөөр нөлөөлж байгааг УИХ-ын гишүүн Н.Учрал онцлоод хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, тэдний онцлог, бусдаас ялгаатай байдлыг нээн илрүүлж, хөгжлийг нь дэмжиж буй багшийн тэргүүн туршлагыг олон нийтийн хүртээл болгох нь багшийн нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэхэд түлхэц болох учиртай гэлээ. Нөгөө талаар бүх шатны боловсролын байгууллагын мэргэжил дээшлүүлэх хэрэгцээний үндэсний цогц судалгаа өнөөг хүртэл хийгдээгүй байгаа нь багш хөгжих эрэлт хэрэгцээ, хөгжлийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээ нь үндэслэл муутай байсаар байна гэв.

Тэрбээр, Багш нарын цалин хөлс хангамж нь мужаан, жолооч, үйлчлэгч нарын цалингийн сүлжээтэй дүйцэхүйц хэмжээнд байгаа нь багш нарын хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Мөн багшийн мэргэжил сонгон суралцах сурагчдын ерөнхий эрдмийн шалгалтын оноо сайнгүй байгаа нь Монгол Улс боловсролын салбарын хөгжилд анхаарахгүй байгаагийн илрэл юм.

Хууль зүйн болон хөгжих баталгаагаар бүрэн хангагдаж чадаагүй байгаагаас үүдэн багшийн ёс зүйн стандартыг сайжруулах, хатуу чанд шаардлага тавьж чадахгүй хэмжээнд хүрч байгаа нь боловсролын чанарт сөргөөр нөлөөлж байна гэж хэллээ.

Тиймээс багш ажлын байран дээрээ хөгжих боломжийг бүрдүүлэх, багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтын чанарыг сайжруулах, ажлын ажлын гүйцэтгэлд суурилсан цалингийн урамшуултай болгох, таван жил ажиллаж байж мэргэжлийн зэрэг ахиж буй системийг илүү уян хатан болгож ажлын ажлын гүйцэтгэлээс хамааруулах, бага ангид туслах багштай болж ачааллыг бууруулах зэрэг асуудлыг хуулийн төсөлд тусгажээ. Түүнчлэн багшийн нэр хүндийг хуулиар хамгаалах, багшийн эрүүл мэндэд анхаарал хандуулах талаар ч тусгасан байна.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Ө.Энхтүвшин, М.Оюунчимэг, Ё.Баатарбилэг, А.Ундраа, Б.Саранчимэг нар энэхүү хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Гишүүд хуулийн төслийг цаг алдалгүй баталж, багш нарын хөгжих боломжийг нээн, сургалтын чанарыг сайжруулахад анхаарах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж дээрх хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч буйг мэдэгдсэн. Тэрбээр, АН-ын бүлэг хуулийн төслийн үзэл баримтлалыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, багш нарын нийгмийн асуудлыг шийдэх, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хуульд тусгах саналуудаа боловсруулах шаардлагатай байгаа учир завсарлага авч байна гэсэн тайлбарыг хийсэн учир хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх асуудлыг хойшлуулсан юм.

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙВ

Мөн хуралдаанаар Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Ажлын хэсгийн танилцуулгыг тус Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хийлээ.

Байнгын хорооны 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 16 тоот тогтоолоор тус хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэгээр ахлуулан байгуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, О.Баасанхүү, Н.Учрал, С.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй ажиллажээ.

Ажлын хэсгийн ахлагч Б.Саранчимэг, Хуулийн төсөлд тусгагдсан нэр, томьёог НҮБ, Юнеско, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан баримт бичгүүдэд заасан нэр томьёоны тодорхойлолтод нийцүүлэн томьёоллыг сайжруулж, спортыг хөгжүүлэхэд төрийн зарим чиг үүргийг спортын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж, тэдний бие даасан байдлыг дэмжих талаар ажлын хэсгээс санал гаргасан хэмээн танилцуулсан Түүнчлэн ажлын хэсэг орон нутгийн 336 суманд иргэдийг идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх, иргэдийн биеийн тамир, спортын үйл ажиллагааг хариуцах, нийтийг хамарсан спортын тэмцээн зохион байгуулах чиг үүрэг бүхий орон тооны арга зүйч шинээр ажиллуулах, Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, наадамд Монгол Улсыг сурталчилан таниулах спортын төрлүүдэд төрөөс холбогдох санхүүгийн дэмжлэг үзүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага спортын заал, талбай, түүний дэд бүтцийг барих, спортын хэрэглэл, тоног төхөөрөмжийг улсын хилээр нэвтрүүлэхэд гаалийн болон албан татварын хөнгөлөлт үзүүлэх саналыг ч гаргажээ.

Мөн магадлан итгэмжлэгдсэн спортын клубт эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн жилд санхүүжилт аваагүй даатгуулагчид идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэхэд төлбөрийн дэмжлэг үзүүлэх, биеийн тамир, спортын мэдээллийн цахим санг үүсгэн, биеийн тамир, спортын салбартай холбоотой бүхий л мэдээллийг багтаах, спорт дахь допингийн эсрэг хяналтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн дотоодын хяналтын тогтолцоог бий болгох талаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжжээ.

Байнгын хорооны хуралдаанаар Ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх: Намын даргад хариуцлага тооцох тухай ярих цаг болоогүй байна

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх нар хамтдаа зогсч байгаад сэтгүүлчдэд “байцаагдав”. Тэд сэтгүүлчдийн өмнө хамтдаа зогсоод эвтэй байгаагаа харуулахыг хичээж байв. МАН-ын бүлэг, Удирдах зөвлөл хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд гуравт давхиж, баян ходоод болох шахсан МАН-ын дарга, нэр дэвшигч М.Энхболдод хариуцлага тооцох тухай яригдсан. Нэр дэвшигчийн эсрэг ажилласан гэгдэх У.Хүрэлсүхийг М.Энхболд ялагдалдаа буруутгасан. Ерөнхий сайд, Ж.Эрдэнэбат нэр дэвшигчээ өмөөрч, У.Хүрэлсүхтэй барилцаж авах шахсан тухай мэдээлэл сошиалаар тэнэж яваа.

Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сэтгүүлчдийн өмнө зогсоод ийнхүү тайлбарлав.

-Мэдээж улс төрийн хүчин юм чинь сонгуулийн үр дүнгийн талаар хуралддаг ш дээ. Ганхан Удирдах зөвлөл биш МАН-ын бүлэгтэй хамтарсан хурал болсон. Өөрсдийнхөө намыг хагалж болно л доо. Хүний намыг битгий хагал гэж хэлмээр байна. Сошиалаар зохион байгуулалттай юм явж байгаа нь үнэхээр харамсалтай” гэв.

Шадар сайд У.Хүрэлсүх ярихдаа:

-Монгол Улсын Ерөнхий сайдын дор ажиллаж байгаа хүн шүү дээ, би. Засгийн газар кабинетийн зарчмаар ажилладаг. Сонгууль болж байна. Ажиглаад байхад сонгууль маань хар болоод байна. Зохиол бичдэг, санаанаасаа зохиодог. Намын удирдах зөвлөл, бүлгийн хамтарсан хурал болсон. Сонгуулийн үеэр яаж ажиллах вэ, юун дээр алдаж онож байна гээд ажил төрлөө дүгнэдэг биз дээ. Тийм л хурал болсон. Түүнээс биш Ерөнхий сайд бид хоёр муудалцаад, хатуу хөтүү үг шидэлцсэн юм байхгүй. Тийм учраас амгалан тайван байцгаа гэж хэлмээр байна.

-Намын даргадаа хариуцлага тооцох тухай ярьсан юм уу?

У.Хүрэлсүх: -Тийм асуудал яригдаагүй дээ. Тийм асуудал яригдах цаг хугацаа нь болоогүй байна. Сонгууль дуусаагүй байна. Сонгуулийн үр дүн гараагүй байна. Сонгууль дөнгөж хоёр дахь шатандаа ороод явж байна шүү дээ.

-Ийм үр дүн гарахыг мэдээгүй биз дээ?

У.Хүрсэлсүх: Ямар үр дүн гарахыг аль ч нам мэдэхгүй шүү дээ. Ард түмний л сонголт. Би Онцгой байдлын сайдын хувьд нэг үг хэлдэг юм. Гал, ус, сонгууль гурвыг битгий ингэж янз янзаар ярьж бай гэж.

Ерөнхий сайд төгсгөлд нь Монголын Засгийн газрын хувьцааны үнэд сонгуулийн дараа өөрчлөлт орж байна гэж хэллээ. “Зөвхөн Засгийн газрын хувьцаа төдийгүй аж ахуйн нэгжийн хувьцааны үнэ ханш ч тодорхой хэмжээгээр буурч байна” гэлээ.

Намын даргаа “муу давхисан” гэж буруутгаж мэдэх этгээдүүдийн нэгд тооцогдож байгаа УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж мөн сэтгүүлчдийн өмнө зогсоод “Сонгуулийн эцсийн дүн гараагүй байхад хариуцлагын асуудал ярина гэж юу байдаг юм. Харин Удирдах зөвлөл юунаас болж ийм үр дүн гарав гэж хуралдаж, ганц нэг хүн үг хэлсэн байх талтай. Би байгаагүй” гэж ярьсан юм.“Ардын нам хариуцлагын асуудлыг энэ сонгуулийн эцсийн дүн гарсны дараа ярьж л таарна шүү дээ. Ялсан ч ярина, ялагдсан ч ярина. Байдаг л үзэгдэл. Одоо яагаад ийм юм хийгээд байна вэ гэвэл хагаралтай байна гэсэн хар мэдээг олон нийтэд өгч, хагаралтай намд санал өгч яах юм гэж бодтол хар нэвтрүүлэг хийж л байгаа байхгүй юу” гэж тэр тайлбарласан.

Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн гаднах талбайг иж бүрэн тохижууллаа

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2017 оны тохижилтын хүрээнд эмнэлгүүдийн гаднах талбайн тохижилт, автозамыг өргөтгөх ажлыг шат дараатайгаар хийж байна. Энэхүү тохижилтын ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн гаднах тохижилтын ажил өнөөдөр дуусч, нээлтийг хийлээ. Тус эмнэлгийн гаднах тохижилтын ажлыг өнгөрсөн сарын дундуур эхлүүлсэн бөгөөд 376 м2 асьфалтан хучилт, 962 м2 эко хавтан хучилт, 640 м2 чулуун зам хийж, авто замыг өргөтгөн тусгай зориулалтын 6, энгийн 60 автомашины зогсоол бий болгожээ. Мөн 2030 м2 газарт ногоон байгууламж, 181 м талбайд хайлаас, 780 м2 газарт явган зам тавьж, 32 цэгт гэрэлтүүлэг, амрах талбай бүхий тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн гаднах иж бүрэн тохижилтын ажлын нээлтийн үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Засгийн газрын болон нийслэлийн Засаг даргын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн гаднах талбайд ногоон байгууламж бүхий иж бүрэн тохижилт хийхээр төлөвлөн ажиллаж байна. Өнөөдрийн эмнэлэг бол бидний энэ жилийн 4 дэх ажил. Тун удахгүй ГССҮТ-ийн гаднах талбайн тохижилтын ажил дуусч, нээлтийг хийх болно. Ирэх намар бид Хавдар судлалын үндэсний төвийн гаднах талбайг иж бүрэн тохижуулж дуусна. Ерөнхийдөө 2017 онд томоохон 6 эмнэлгийн гаднах тохижилтыг иж бүрнээр хийж байгаа юм. Ийнхүү эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэдэд таатай орчинг бүрдүүлж, уур бухимдалгүйгээр эрүүл мэндийн тусламж авах боломж бүрдүүлж байна” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.