Categories
мэдээ нийгэм

Хуулийн төсөлд нийслэлийн оршин суугчийн эрх үүргийг нэмэгдүүлж өгчээ

Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь байнга оршин сууж, үндэсний нийт бүтээгдэхүүний 64.5 хувийг үйлдвэрлэж, улсын хэмжээнд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 68 хувь нь төвлөрсөн нийслэл хотын хөгжлийн үзэл баримтлалыг шинээр тодорхойлох, түүнд нийцүүлэн, эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх хэрэгцээ, шаардлагыг харгалзан хотын дарга С.Батболд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан боловсруулсан билээ. Иргэдээр хэлэлцүүлэн саналыг авч тусгасан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас нарийвчлан боловсруулаад өчигдөр УИХ-д өргөн барьсан. Хуулийн төслийг өргөн барьсантай холбогдуулж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Хуралд НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, НЗДТГ-ын Хуулийн хэлтсийн дарга А.Даваажаргал нар байлцав.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-аар хэлэлцэгдэн батлагдсанаар Улаанбаатар хот өөрийн тогтвортой үзэл баримтлал бүхий эрүүл, аюулгүй орчинтой, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурласан, стандартын өндөр шаардлагатай, сайн засаглалтай, олон улсад өрсөлдөх чадвартай томоохон төв болох эрх зүйн орчин бүрдэх юм. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 14 бүлэг, 52 зүйлтэй бөгөөд зарчмын шинжтэй хэд хэдэн өөрчлөлтийг тусгасан.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр нийслэлийн удирдлагын нийслэлийн хөгжлийн талаар баримтлах бодлогыг тодорхой болгож тусгасан байгаа. Улаанбаатар хот удирдлагын хувьд ямар байх, дагуул хот ямар түвшинд хөгжсөн байх ёстой юм, нийслэл хот, дүүрэг, хороо ямар чиг үүрэгтэй байх ёстой гэдгийг нарийвчлан тусгаж өгсөн. Нийслэлийн удирдлагууд шийдвэр гаргахдаа иргэдийнхээ санал дээр тулгуурлаж гаргана гэсэн хуулийн гол зохицуулалтыг тусгаж өгсөн байгаа. Дүүргүүдийг гүйцэтгэж байгаа үүргийн хувьд аймагтай харьцуулах маягаар авч явах нь зүйтэй гэсэн тодорхойлолтыг хуулийн төсөлд тусгаж өгсөн. Тухайлбал, нийслэлийн дүүргүүд 150-330 мянга орчим хүн амтай байхад аймгууд дунджаар 70-80 мянган хүн амтай байдаг. Дүүргийн хүргэж байгаа төрийн болон бусад үйлчилгээ 4-5 аймгийнхтай дүйцэхүйц байгаа учраас дүүргийн аймагтай харьцуулах маягаар бусад бүх асуудал дээр авч явах нь зүйтэй гэж хуулийн төсөлд тусгасан.

Энэ хуулийн төсөлд тусгасан бас нэг гол зүйл бол нийслэлийн агаарын чанарыг сайжруулж, бохирдлыг бууруулах ажлын хүрээнд тодорхой эрх үүргийг нийслэлийн Засаг даргад өгсөн байгаа. Жишээлбэл, хязгаарлалтыг бүс тогтоох, тээврийн хэрэгслийн хязгаарлалтын бүсчлэлийг зарладаг байх юм. Хэрвээ агаарын бохирдлын хэмжээ аюултай түвшинд хүрвэл зарладаг, түүнтэй холбогдуулж иргэд аж ахуйн нэгжид тодорхой хязгаарлалт тогтоодог, түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах зэрэг эрхийг өгсөн. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэн нийслэлийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд тодорхой ахиц гарсан хуулийн төсөл батлагдана гэдэгт итгэж байна” гэлээ.

ХОТ ӨӨРӨӨ ҮНЭТ ЦААС ГАРГАХ ЭРХТЭЙ БОЛНО

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Улаанбаатар хотод байгаа төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын менежментийг сайжруулах, хот өөрөө орлогоо олдог байх, хот өөрөө үнэт цаас гаргадаг байх зохицуулалтыг энэхүү хуулийн төсөлд тусгаж өгчээ. Тухайлбал, шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээ нь 10 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгөөс доошгүй байх шаардлагыг хангасан төсөл хөтөлбөрт нийслэл өөрөө үнэт цаас гаргаж болно гэж заасан байна.

Хуулийн төсөлд нийслэлийн оршин суугчдын эрх, үүргийг нэмж өгчээ. Улаанбаатар хотод хэн дуртай нь ирж хашаа хатган буугаад ямар нэгэн үүрэг хүлээдэггүй тогтолцоо өнөөдөр бий болчихсон. Үүнийг зохицуулахын тулд Улаанбаатар хотын иргэн ямар эрхтэй байх ямар үүрэг хүлээхийг энэхүү хуулийн төсөлд тодорхой тусгаж өгсөн байна. Нийслэлийн оршин суугч нь амьдарч буй орчноо тохижуулсан, мод бут тарьсан, нийслэлийн тулгамдсан асуудыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулсныхаа төлөө зохих урамшуулал хүртэх зохицуулалтыг ч тусгаж өгчээ. Мөн иргэдийн суурьшил болон шилжилт хөдөлгөөнтэй холбоотой зохицуулалтыг ч хийж өгсөн байна.

Түүнчлэн иргэн, хуулийн этгээдийн нийслэлийн нутаг дэвсгэрт явуулахыг хориглосон үйл ажиллагааг хуулийн төсөлд тодорхой тусгаж өгчээ. Тухайлбал, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй газар суурьших, суурьшлын бүс бий болгохыг хориглосон байна. Хууль ёсоор зөвшөөрөөгүй газарт байшин барилга барих, барилгын ажил эхлүүлэх, газар өмчлөгчийн эрхэнд хууль бусаар халдахыг хоригложээ. Мөн хотын ногоон байгууламж, байгалийн болон таримал мод, бут, сөөгийг хугалах, устгах сүйтгэх, гол горхи, булаг шандыг ахуйн болон үйлдвэрийн хог хаягдлаар бохирдуулахыг хориглосон байна. Түүнчлэн хорт утаа ихээр ялгаруулдаг зүйлсийг түлшинд хэрэглэх, суурьшлын зөвшөөрөгдөөгүй бүсэд мал аж ахуй хэрэглэхийг хориглохоор хуулийн төсөлд тусгажээ.

ГАЗРЫГ ЗӨВХӨН ГАЗРЫН БИРЖЭЭР ДАМЖУУЛАН АВЧ БОЛНО

Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон тухай жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд үнэ төлбөргүй, эсхүл давуу эрхээр, түүнчлэн төсөл шалгаруулах зарчмаар өмчлүүлж, эзэмшүүлж, ашиглуулахаар зааснаас бусад газрыг зөвхөн нийслэлийн газрын биржээр дамжуулан дуудлага худалдаагаар арилжаалах замаар өмчлүүлж, эзэмшүүлж, ашиглуулж болно гэж зааж өгсөн байна. Ингэснээр газрыг үнэтэй болгох, газрыг зохих эзэндээ тодорхой үнэтэйгээр очих боломжийг бүрдүүлж өгнө гэж хуулийн төсөл санаачлагчид үзэж байгаа юм.

Газартай холбоотой нэг чухал заалт бол нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ундны усны эх үүсвэрийг шийдвэрлэх зорилгоор тодорхой газар нутгийг нийслэлийн Засаг даргаас НИТХ-д өргөн мэдүүлснээр тусгай хамгаалалтад авах, хязгаарлалтын бүс тогтоох эрхийг нийслэлийн Засаг даргад өгсөн байгаа.

Хотын даргад олгож буй нэг эрх бол авто замын сүлжээ, авто тээврийн зохицуулалт юм. Нийтийн тээврийн терминал байгуулах, ачаа тээврийн ложистик төв байгуулах, Улаанбаатар хот доторх гудамжийг засварлах, хаах нээх, гудамжны хөдөлгөөний зохицуулах, гудамжны хөдөлгөөнд тээврийн хэрэгслийг зохион байгуулалттай оролцуулах зэрэг эрхийг хотын даргад олгохоор хуулийн төсөлд туссан.

Мөн нийслэлийн Засаг даргын зүгээс зарим нэг эрх үүргээ аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагад шилжүүлж болохоор хуулийн төсөлд тусгасан байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ нийгэм

Орон сууц бэлэн мөнгөөр яаралтай худалдаж авах заруудад болгоомжтой хандахыг сэрэмжлүүлэв

Монголын Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбооноос сэрэмжлүүлэг гаргажээ.

Уг мэдэгдэлд дурдахдаа “Сүүлийн үед ипотекийн зээл хязгаартай олгогдож, орон сууцны худалдааны эргэлт муудсан, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдан үл хөдлөх хөрөнгийн борлуулалт буурсантай холбоотойгоор янз бүрийн оноосон нэр бүхий Үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллага гэсэн хаягтай хувь хүн, оюутан, гадны иргэд олширч байна. Үүнтэй холбоотой орон байрны хулгай, болон эд хөрөнгө, нэр хүнд, мөнгө төгрөгөөрөө хохирох байдал нэмэгдэж болзошгүй тул нийт иргэд байгууллагууд хамтран ажиллаж байгаа компаниа сайтар судалж гэрээ хийхийг анхааруулж байна. Цаашилбал эдийн засагт эргэлдэж буй нийт мөнгөний багагүй хувийг үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийсэн байдаг бөгөөд эрх зүйн зохицуулалт муу байгааг далимдуулан гаднаас мөнгө угаалт хийгдэж болзошгүй юм.
Иймд нийт иргэд, байгууллага нь Монголын Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбооны албан ёсны QR код бүхий, ёс зүйн хариуцлага хүлээх чадвартай ҮХХөрөнгийн үндэсний компаниудын реалторуудаар үйлчлүүлж, учирч болзошгүй эрсдлээс өөрийн нэр хүнд, эд хөрөнгөө хамгаалахыг сануулж байна.
Түүнчлэн сошиал, интернэтээр бэлэн мөнгөөр яаралтай худалдаж авах, худалдах, түрээслэх, түрээслүүлэх зарууд нь ихэвчлэн хулгайн болон эд хөрөнгийн шунахайн сэдэлтэй байж болзошгүй байгаа тул мэргэжлийн байгууллагуудад хандан шалгуулж байх нь зүйтэй.

Тус холбоо нь ҮХХөрөнгө-ийн борлуулалт, хөрөнгө оруулалттай холбоотой санал гомдолыг нээлттэй авч байгаа тул энэ талаар асуудал гарсан иргэд байгууллага холбоо барина уу” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Оюунхорол сайд тушаал гарган туул голын бургасыг сүйтгэсэн компанийн лицензийг цуцаллаа

Богдхан уулын дархан цаазат газрын Ихтэнгэрийн амны хязгаарлалтын бүсэд туул голын бургасыг сүйтгэж, барилга барьж байгаа тухай мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд орсон. Тэгвэл үүнтэй холбогдуулан БОАЖЯ-наас хэвлэлийн бага хурал зарлаж, уг асуудлаар БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ч.Гал мэдээлэл хийлээ.

Түүний хэлснээр дээрх бүсэд газар ашиглагч “Зүүнбаян рефайнери” ХХК тухайн үеийн Байгаль орчны сайдын 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 283 тоот тушаалаар 4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар эрх авч, газар ашиглах гурвалсан гэрээг мөн оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан байна. Улмаар эрх авч, гэрээ байгуулсны дараа зөөврийн сууц байрлуулан, хамгаалалтын хашаа барьжээ.

Мөн тухайн үеийн ТХНУГ-ын /Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар/ дарга Т.Эрдэнэчимэг 2014 онд тус компанийн ашиглалтын талбайг голын хамгаалалтын бүсээс гаргах нэрээр талбайн солбицлын анхны байсан 7 цэгийг холбогдох тушаалгүйгээр 2014 оны 04 дүгээр сарын 23-нд 17 болгон өөрчилсөн байна. Өөрчлөгдсөн солбицол бүхий газар ашиглах гэрчилгээ, гурвалсан гэрээг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд ирүүлээгүйгээс мэдээллийн зөрүүтэй байдал бий болсоор иржээ.

Тэгвэл үүнтэй холбогдуулан хамгийн анх 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Хамгаалалтын захиргаанаас тухайн ашиглаж буй газарт хяналт шалгалт хийсэн байна. Гэтэл бургас мод сүйтгэсэн зөрчил илэрч 6.560.940 төгрөгийн торгууль, нөхөн төлбөрийг ногдуулж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 900013003 тоот дансанд төлүүлжээ.

Түүний дараа 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр мөн тухайн компанийн ашиглаж байгаа талбайд дахин хяналт шалгалт хийхэд бетон зуурмаг үйлдвэрлэх тоног төхөөрөмж байрлуулсан, бургас мод ихээр сүйтгэсэн зөрчлүүд дахин илэрсэн бөгөөд бетон зуурмагийн тоног төхөөрөмжийг нүүлгэх албан шаардлага хүргүүлсэн байдаг. Гэвч тус компанийн зүгээс улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлэх боломжгүй байна гэсэн утгатай хариуг тухайн үед өгчээ. Гэх мэт байгальд их хэмжээний хохирол учруулсныг удаа дараагийн шалгалтаар тогтоож, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн байгаль хамгаалах газартай хамтран огтлогдсон бургас, модны экологи-эдийн засгийн үнэлгээний дагуу “Зүүнбаян рефайнери” ХХК-д БОХУ-ын байцаагч Ойн тухай хуулийн дагуу дахин 12.363.420 төгрөгийн торгууль, нөхөн төлбөр ногдуулсан.

Гэвч “Зүүн баян Рефайнери” ХХК-ийн байгальд учруулж байгаа хохирол, тус компанийн зөрчил, дутагдал одоог хүртэл арилахгүй байсаар байна.

Иймд “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн талбайн хэмжээ хэтрүүлсэн, ДЦГ-ын нийтлэг горим зөрчсөн, байгаль орчныг сүйтгэж, унаган төрхийг алдагдуулж байгаа үйлдлийг таслан зогсоох, газар ашиглах эрхийг дуусгавар болгох шаардлагатай гэж үзэн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тушаал гарган тус компанийн лицензийг цуцаллаа.

Categories
мэдээ нийгэм

Туул голын сав газрыг иргэдийн оролцоотой хамгаална

“Туулын хар шугуй” ТББ-ын гишүүдийн мэдээлж буйгаар нэр бүхий компаниуд энэ сарын 5-наас эхлэн Туул голын хамгаалалтын бүс буюу Сонсголонгийн гүүрний орчимд их хэмжээний барилгын хог асгах болжээ. Ингэхдээ шөнө, дөлөөр хүний нүднээс далдуур үйл ажиллагаа явуулж буйтай тус байгууллагынхан тэмцэж эхэлсэн. Улмаар байгаль орчин бохирдуулагчдын үйл ажиллагааг гэрэл зургаар баримтжуулж холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгсөн байна. Тэднийг БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал, Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар болон Туул голын сав газрын захиргааны дарга Я.Болдбаатар нар хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал “Байгаль орчны хамгийн том хяналт бол тухайн газрын иргэд өөрсдөө байдаг. Тиймээс Та бүхний баримтжуулсан мэдээ мэдээллийн дагуу хүрээлэн буй орчноо хамгаалах асуудлаар хамтран ажиллахад таатай байх болно” хэмээн тус байгууллагын гишүүдэд иргэдэд байгаль орчны улсын байцаагчийн үнэмлэх гардуулсан юм. Ингэснээр 50 гаруй гишүүнтэй “Туулын хар шугуй” ТББ-ынхан байгаль хамгаалах үйл ажиллагаанд гар бие оролцох боломжтой болж байгаа бөгөөд БОАЖЯ-наас Туул голын орчимд эргүүл хийх унаа, тэмдэглэгээ бүхий хувцас хэрэглэлээр хангана гэдгийг дуулгалаа.

Үүнтэй холбогдуулан Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар Сонсголонгийн гүүрний орчмын газар дээр нь ажилласан талаар танилцуулж, Туул голын сав газрын захиргааны дарга Я.Болдбаатар “Туулын хар шугуй” ТББ-ынханд хариуцан хамгаалах газар гаргаж өгнө гэдгээ хэлсэн. Тухайлбал, 18 мэргэжилтэнтэй ч нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Туул голын сав газрын захиргаа Улаанбаатар хотын орчмыг дангаараа хянахад хүч дутагддаг болохыг учирласан. Харин тус байгууллагын гишүүн З.Доржпалам “Туул гол орчимд үйл ажиллагаа хайрга, дайрга олборлож байсан компаниудын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж Сонсголонгийн гүүрний орчмын голын сав газар үлэмж хэмжээгээр сүйдсэн. Гэвч сүйдэлсэн газар дээр нь нэмж хог хаях үзэгдэл ойрын өдрүүдэд улам л эрчимжээд байгаа. Иргэдийн зүгээс БОАЖЯ иргэдийнхээ гомдол, саналыг хүлээн авч байгаад талархаж байна” гэлээ. Дашрамд дурдахад, уг асуудалтай холбогдуулан БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын тушаалаар Ажлын хэсэг байгуулахаар болсон. Ажлын хэсгийн зүгээс Туул голын орчмыг бохирдуулсан дээрх үйл ажиллагааг таслан зогсоож, нөхөн сэргээлгэх арга хэмжээ авч ажиллах юм.

Categories
мэдээ нийгэм

Буцалтгүй тусламжийн мөнгийг гэр хорооллыг орон сууцжуулахад зарцуулна

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр тус улсаас манай улсад хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон. Засгийн газраас энэхүү тусламжийн хөрөнгийг иргэдээ орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор бүхэлд нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулахаар шийдвэрлэсэн юм.

Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар өнөөдөр нийслэлийн дахин төлөвлөлтийн хүрээнд гэр хорооллыг орон сууцжуулахаар гэрээ хийн хамтран ажиллаж байгаа компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр дээрх хөрөнгө оруулалтын талаар мэдээллийг өгсөн юм. Мөн хэрхэн зөв зохистой зарцуулах, цаашид дахин төлөвлөлтийн ажлыг илүү хурдацтайгаар өрнүүлэх арга замын талаар санал солилцлоо.

Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр “Засгийн газрын зүгээс Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлын эсрэг бүхий л боломж бололцоог ашиглана. Эхний ээлжийн шийдвэрүүд гараад байна. Монгол Улсын Засгийн газарт БНХАУ-аас хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийг үзүүлэхээр болсон. Энэ мөнгийг бүхэлд нь дахин төлөвлөлт, шугам сүлжээнд зарцуулах шийдвэрийг гаргаад байгаа юм. Энэ бол та бүхний хувьд маш чухал шийдвэр болж байна. Цаашдаа ч бид аливаа хөрөнгө оруулалтыг дэд бүтэц рүү хийнэ.

Өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулалт, дэд бүтэц байхгүй учраас дахин төлөвлөлтийн бүх ажил зогссон байна. Мөн зарим компани өөрийн хүчин чадлаасаа илүү ажил авч гэрээ хийсэн нь энэ ажлыг удаашруулж, зогсооход хүрч байна. Гуравдугаарт, иргэдийн хүлээлт маш их байна. Бид гурван чиглэлээр ажиллахаар болсон. Нэгдүгээрт, та бүхэнд дутагдаж буй хөрөнгө оруулалт дээр дэмжлэг үзүүлнэ. Ингэхдээ ажлын үр дүнг түргэн шуурхай байлгах үүднээс талбайн хэмжээ дээр ярилцах хэрэгтэй байгаа. Хүчин чадал багатай компани том талбай авч байгаа нь ажлыг удаашруулж байна. Үүнийг бид хувааж олон компани нэгэн зэрэг оруулна. Дараагийн асуудал шугам сүлжээ хүрч чадахгүй байгаа алслагдсан газруудад түлхүү хөрөнгө зарцуулахаар төлөвлөөд байна” хэмээлээ.

“Монгол Улсын Засгийн газраас гэр хорооллыг орон сууцжуулахад томоохон дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэж үзээд өчигдөр санхүүгийн эх үүсвэрийг шийдсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил урагшлахгүй, гацаад байгааг бид бүх талаас нь судалж үзсэн. Нийслэл болон төрийн дээд байгууллагууд анх судалгаа муутай, туршлагагүй эхлүүлсэн. Мөн компаниудын санхүүгийн чадавхигүй байдал, зохион байгуулалтын буруу төлөвлөгөө зэрэг олон асуудал гарч байна. Судалгаагаар одоо төлөвлөсөн байгаа талбаруудад зайлшгүй шаардлагатай дэд бүтцийг гүйцээж барихад 70 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй болж байгаа. Үүний санхүүжилтыг ирэх жилүүдэд шийдвэрлээд явах бололцоо бий. Хотын зүгээс дэд бүтцээ шийдвэрлэсний дараа тэр талбайг барилгажуулах ажил үлдэж байна. Бид нэг компаниар гүйцэтгүүлээд олон жил хүлээгээд суух биш олон компанийг нэгэн зэрэг ажиллуулж түргэн шуурхай, богино хугацаанд хямд өртөгтэй барилга барих нь чухал уу гэдгийг өнөөдөр ярилцах хэрэгтэй байна” хэмээн нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлсэн юм.

Мөн тэрбээр “Хот болон холбогдох яамны зүгээс дэд бүтцийг шийдвэрлэсний дараа барилгын компанийн хүчийн чадалд тохирсон газрыг олгож ажлыг эхлүүлэх болно. Мөн дахин төлөвлөгдөх орон сууцнууд өртөг хямд, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байх ёстой” гэдгийг онцолж байв.

Барилгын компаниудын зүгээс дэд бүтэц болон баригдсан барилгын борлуулалтын асуудал дээр бодлогоор дэмжиж ажиллахыг салбарын сайд болон нийслэлийн Засаг даргаас хүсч байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Дарханы дөрвөн эгнээ замын өргөтгөл шинэчлэлийн ажил өнөөдөр эхэллээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км замын өргөтгөл шинэчлэлийн ажил өнөөдөр эхэлж байна. Тус замыг 1-р зэрэглэлийн, 4 эгнээтэй, цементбетон хучилтаар олон улсын стандартад нийцсэн чанартай болгон шинэчилж ирэх 2018 онд хүлээлгэн өгнө.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Э.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Дархан-Уул аймгийн удирдлагууд, хамтран хэрэгжүүлэгч БНХАУ-ын талын төлөөллүүд тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцлоо.

Монгол Улсын Засгийн газар авто замын томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж буй. Тус яамнаас 21 аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбох ажлыг эхлүүлээд байна. Монгол Улсын эдийн засгийн чухал ач холбогдол бүхий Азийн авто замын сүлжээнд холбогдсон Замын-Үүд Алтанбулаг чиглэлийн замын нэг хэсэг болсон Улаанбаатар- Дархан чиглэлийн 204,6 км замыг цементбетон хатуу хучилттай 1-р зэрэглэлийнх болгох бас нэгэн түүхэн үйл явдлын гэрч болж байна хэмээн Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат онцлон хэлээд их ажлын анхны шороог хөндсөн юм.

Улаанбаатар-Дархан чиглэлийн зам нь 1970-1980 онд баригдсан бөгөөд 1997-2000 онд хийсэн ээлжит засвараас өөр их засвар, шинэчлэл хийгдээгүй учир замын суурь, хучилт их хэмжээгээр эвдрээд олон жил болж байна. Энэ чиглэлийн зам нь Монгол Улсын аж үйлдвэрийн томоохон төв, газар тариалан, мал аж ахуй, эдийн засгийн гол бүс нутаг, аялал жуулчлалын бааз, амралт, сувиллын газруудыг дайран өнгөрдөг. Тус замаар хоногт 3800 автомашин зорчдог байна. Стандартаар бол 600 орчим автомашин зорчих ёстой аж.

Энэ удаагийн шинэчлэлтээр хоёр эгнээ бүхий дөрөвдүгээр зэрэглэлийн замыг нэгдүгээр зэрэглэлийн дөрвөн эгнээтэй болгон шинэчилж, 12 төмөр бетон гүүр, 2 туннел, түр зогсоолын талбай, гадаргуугын ус зайлуулах, урсгал залах байгууламжтай болгох гэнэ. Мөн хар цэг буюу аваар осол их гардаг Баруун түрүүний даваа, 52-н даваа, 60-н даваа, Cэтэрхий хөтөл, Тахилтын даваа зэрэг 10 байрлалд хэвтээ болон босоо элементийг сайжруулан, дагуу налууг багасгах, тохижилт хийх, мал амьтан гарах гарцтай байхаар төлөвлөжээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Өнөөдөр үдээс өмнө Мандал сумын иргэдтэй уулзалт хийсэн Ерөнхий сайд дараа нь Баянгол сумын иргэдтэй уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар танилцуулж, тэдний асуултад хариуллаа.

Манай Засгийн газар ажил аваад 10 сар орчим болохдоо макро эдийн засгийг тогтворжуулж, эдийн засагт эерэг үр дүн авчирлаа. Эдийн засагт нэгэнт ногоон гэрэл аслаа. Иймд ирэх оноос цалин, тэтгэвэр нэмэх шийдвэр гаргасан гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Тэтгэврийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс, цалинг 2019 оноос нэмэхээр шийдвэрлэлээ. Зөвхөн тэтгэврийн нэмэгдэлд гэхэд 150 тэрбум төгрөг зарцуулахаар ирэх оны төсөвт тусгана.

“Манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан нь зөв, Оюутолгой, Тавантолгой зэрэг ордоо хөдөлгөж, иргэддээ үр дүнг нь хүртээх цаг болсон” гэдгийг орон нутгийн иргэд Ерөнхий сайдад хэлж Ноён уулаа хөндөхгүй байхыг захиж байлаа.

Уул уурхайн ордоо ашиглахын зэрэгцээ хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэх ёстой. Бид хийж чаддаг бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангая, цаашид гадаадад экспортолъё. Манай Сэлэнгэ нутгийн түмэн олон жинхэнэ эко үр тариа, төмс, хүнсний ногоо тариалдаг гэдгийг Ерөнхий сайд хэлээд, Засгийн газар тариаланч, ногоочиддоо “Итгэлийн зээл” олгож, ногооны зоорьтой болоход нь дэмжлэг үзүүлнэ гэлээ.

Мөн уул уурхайн салбарт нөхөн сэргээлт чухал. Нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалж, түүхэн дурсгалт орд, газраа авч үлдэх шийдвэр гаргасан. Энд Ноён уулын асуудал ч багтаж байгаа гэдгийг Ерөнхий сайд онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Г.Ариунбаатар маргааш эх орондоо ирнэ

"BBC Cardiff Singer of the World”-д тэргүүн байр зурган илэрцүүдИх британи, Умард ирландын нэгдсэн вант улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо зохион байгуулагдсан “BBC Cardiff Singer of the World”-д тэргүүн байр эзэлж, дэлхийн шилдэг таван дуучны нэгээр тодорсон Чингис хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар маргааш буюу 6 сарын 22-нд эх орондоо ирнэ. Маргааш 06:30 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд угтаж авах үйл ажиллагаа болох гэнэ.

– 08:00 цагт Цагдаагийн “Сүлд” чуулгаас хүндэтгэл үзүүлэх ажээ.

– 09:30 цагт Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа Сүхбаатарын талбайд болно.

Угтаж авч, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг “Төв аймгийн нутгийн залуучуудын холбоо”-оос зохион байгуулж байгаа гэнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмгөөлөгч Г.Баасан: Хүн байвал хэрэг олддог гэсэн коммунист зарчмаар Г.Доржзодовт хэрэг үүсгээд явж байна


60 тэрбумын асуудлыг дэлгэсэн Г.Доржзодовын өмгөөлөгч Г.Баасан хэвлэлийн хурал зарласан юм. Тэрбээр ярихдаа:

-2017 оны зургаадугаар сарын 2-ны өдрөөс эхлээд би Г.Доржзодовыг өмгөөлөхөөр гэрээ хийсэн.

Гэрээ хийснийхээ дараа үйлчлүүлэгчтэйгээ би ТЕГ-т очсон юм. Энэ хүнээс хурааж авсан материалуудаа ТЕГ-аас тэр өдөр хүлээлгэж өгсөн байгаа. Тэгэхдээ ганц зүйл өгөөгүй, тэр нь энэ MP3. Энэ бол айлын хоёр, гуравдугаар ангийн хүүхдийн халаасанд ч байдаг зүйл гэдгийг манай сэтгүүлчид мэдэж байгаа. Үүнийг тагнуулын тусгай хэрэгсэл гэж үзсэн. Асуудал юу болсон бэ гэдгийг судалж үзсэн. 2014 оны есдүгээр сарын 8-ны өдөр одоогийн УИХ-ын дарга, НИТХ-ын дарга, “Шинэ Монгол Хаад” группийн захирлын хоорондоо ярьсан яриа байдаг. Энгийн яриа биш.

Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулинд заасан Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдах гэсэн хориглосон зүйл заалтыг зөрчсөн яриа байсан. Давхар олон зүйл анги бий. Хээл хахууль авахаар завдсан, төрийн албыг арилжаалсан, хар машинд нөлөөлж сонгогчдын саналыг луйвардсан байх магадлалтай олон асуудлыг ярьсан. Энэ бол Монголын бүх ард түмнийг хохироосон гэмт хэрэг юм. Энэ яриа дэлгэгдсэнээс хойш нэг жил өнгөрч байхад хууль хяналтын байгууллага М.Энхболдыг шалгаагүй, дуудаж асуугаагүй. М.Энхболд өөрөө ч “Намайг ийм гэмт хэрэгт холбогдуулаад яриад байна, би шалгуулая” гэж хууль хяналтын байгууллагад хандаагүй. Тийм учраас энэ хэргийн толгойлогч байх магадлал өндөртэй. Өөрийнх нь дуу хоолой бичигдсэн. Энэ бол хангалттай нотлох баримт. Үүнийг үнэн эсэхийг тогтоогоогүй учраас өнөөдрийг хүртэл гэмт хэрэг байх магадлал өндөртэй гэж би хардаж байна. Энэ асуудлаар бас нэг ноцтой юм бий.

Зургадугаар сарын 15-ны өглөө үйлчлүүлэгч маань “Миний байгаа газрыг цагдаа бүсэлсэн байна” гэж утасдсан. Цагдаа, тагнуулынхан бүсэлсэн байсан. Би очоод “Бичиг баримтаа үзүүл” гэсэн. Ямар ч бичиг баримт зөвшөөрөл байгаагүй. Надтай амаар ажил ярихыг хүссэн. Тэгэхэд хуулийн улсууд манай үйлчлүүлэгчийг гүжирдсэн. “Та нар яах гэж байгаа юм бэ” гэсэн чинь “Хамгаалалтад авах гэж байгаа юм” гэсэн. Хэн хүсэлт гаргасан юм бэ гэсэн чинь “Аав чинь гаргасан” гэсэн. Үйлчлүүлэгч маань тэр дороо аав руугаа яриад “Манай аав хүсэлт гаргаагүй байна” гэхэд “Фэйсбүүкээр гаргасан” гэж бас дахиад гүжирдсэн. Гэтэл энэ хүний аав дал гарчихсан, цахим ертөнцөд ордоггүй хүн байсан.

Ингээд ямар ч зөвшөөрөлгүйгээр тэр хүнийг баривчлахаар очсон манай ЦЕГ өөрсдөө гэмт хэрэг хийсэн. Түүнийгээ “Хамгаалах гэж очсон” гэж ард түмэнд худлаа ярьж байгаа.

Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой. Гэтэл энэ үгүй болсон байна.

Д.Амарбаясгалан гэдэг хүн мэдэгдэл хийсэн байгаа. Хэрэв Г.Доржзодовыг ЦЕГ хамгаалах байсан бол зургаадугаар сарын 14-нд мэдэгдэх ёстой. Гэтэл мэдэгдээгүй. 15-ны үүрээр эрх чөлөөнд нь халдаж, баривчлах гэж оччихоод үдээс хойш нь цагдаагаас надад бичиг өгсөн. Хууль бус ажиллагаа хийчихээд араас нь бичиг өгч байгаа юм. Д.Амарбаясгалан Г.Доржзодовт өгсөн 20 сая төгрөгийн талаар бас гүжирдсэн. Нийслэлийн прокуроос 2016 оны 10 сарын 13-ны өдөр тогтоол гаргасан. Г.Доржзодовт А.Ганбаатар 20 сая төгрөг өгөх ёстой байсныг хүлээн зөвшөөрч байна гээд прокурорын тогтоолоор энэ 20 сая төгрөгийг өгсөн шүү. Гэтэл энэ Г.Доржзодов өөрөө өөртөө мөнгө шилжүүлж, ард иргэдийг хуурч байгаа мэтээр Д.Амарбаясгалан гэж хариуцлагатай намын ерөнхий нарийн бичгийн дарга худлаа ярьсан.

ЦЕГ-ын дэд дарга П.Батбаатар бас мэдэгдэл хийсэн. Намайг мөрдөж мөшгөснөө энд дурдсан. Г.Доржзодов манайд хоносныг мөрдөж мөшгөсөн. Одоо хүртэл Ц.Оюунгэрэлийнд очсоныг яаж мөрдөж мөшгөснөө хуулийнхан надад хэлээгүй байгаа. Мөрдөх шаардлагатай гэсэн шийдвэр гарч байж мөрддөг. А.Ганбаатар “Дарга зөвшөөрвөл чамайг устгана” гэж удаа дараа хэлж байсан. Гэтэл зөвхөн Г.Доржзодовын хийж байгаа хэрэг мэтээр нийгэмд ойлгуулж байна.

Тэр байтугай ЦЕГ-ийн дэд дарга П.Батбаатар Г.Доржзодовт Эрүүгийн хуулийн 137-р зүйл ангиар хэрэг үүсгэсэн гэж худлаа ярьсан. 133-аар шалгагдаж байгаа. 137 нь иргэний орон байрны халдашгүй байдалд халдсан хэрэг.

Г.Доржзодов өөрийгөө хамгаалах гэж MP3-аар бичлэг хийсэн. Төрийн эргэлт хийх гэж бичлэг хийгээгүй. Г.Доржзодовт Эрүүгийн хуулийн 133-аар эрүү үүсгэх үндэслэл байхгүй.

Хүн байвал хэрэг олддог гэдэг коммунист зарчмаар энэ хүүхдэд хэрэг үүсгээд явж байна. Коммунист зарчим гэдэг төр, эрх мэдэлтнүүд юу хүснэ түүнийгээ хийдэг нийгмийг хэлдэг. Бид Ардчилсан нийгэмд амьдраагүй, эргээд коммунист нийгэм рүүгээ явж байна” гэв.

“Өнөөдөр Г.Доржзодов гэж хүнийг ард түмний хамгаалалтад авах ёстой. Г.Доржзодовын гэр орныг нэгжээд, машин, гэрийн түлхүүрийг нь бүгдийг нь хурааж авсан. Энэ хүүхдэд өмгөөлөгч олдоогүй. Арван өмгөөлөгчид хандсан, зөвшөөрөөгүй. “Улс төрийн том хэрэгт холбогдсон хүнийг өмгөөлмөөргүй байна” гэсэн юм билээ. Харин би айгаагүй гэж Г.Баасан тайлбарласан юм.

Categories
мэдээ нийгэм

Ази, Европыг холбосон эдийн засгийн коридорын үндэс тавигдлаа

Эрдэнэт-Овоотын чиглэлийн 547 км төмөр зам нээлтээ хийлээ

Орхон аймгийн Эрдэнэт хотоос Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дахь Овоотын уурхай хүртэлх 547 км төмөр замын шавь тавих ёслол өчигдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, УИХ-ын гишүүн О.Содбилэг , Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, ОХУ-ын Хуралдааны Төлөөлөгчийн газрын тэргүүн М.Л.Васильев тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцсон юм.Хөгжлийн зам хөтөлбөрт тусгагдсан Зам, тээврийн салбар дахь томоохон бүтээн байгуулалт Эрдэнэт-Овоот чиглэлийн 542 км төмөр зам баригдах суурь ийнхүү тавигдлаа. Энэхүү төмөр зам Ази, Европыг холбосон эдийн засгийн коридорын үндэс болох бөгөөд жилд 30 сая хүртэлх тонн ачаа тээвэрлэж, эдийн засгийг сэргээх гол хөшүүрэг болох ач холбогдолтой.

М.Л.Васильев: “Орос, Монгол, Хятад гурван улсын эдийн засгийн коридор байгуулах гэрээ хэлцэл ийнхүү биелэлээ олж байна. Манай гурван улсын ардын нэгэн ижил утгатай зүйр үг байдаг. Хамгийн урт зам алд алхмаас эхэлдэг гэж. Энэхүү зам нь манай гурван улсын эдийн засаг, улс төрийн өндөр ач холбогдолтойгоор зогсохгүй Олон улсын чанартай асуудлуудыг шийдсэн их ажлын эхлэл болж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат: Хөгжлийн зам хөтөлбөрт тусгагдсан Зам, тээврийн салбар дахь томоохон бүтээн байгуулалт Эрдэнэт-Овоот чиглэлийн 542 км төмөр зам баригдах суурь тавигдлаа. Энэхүү төмөр зам Ази, Европыг холбосон эдийн засгийн коридор ын үндэс болох бөгөөд жилд 30 сая хүртэлх тонн ачаа тээвэрлэж, эдийн засгийг сэргээх гол хөшүүрэг болох ач холбогдолтой. Энэхүү их бүтээн байгуулалтын ажилд дотоод гадаадын хамтарсан компаниудын мянга гаруй байнгын болон түр ажлын байрыг бий болж байгааг энд онцлохыг хүсч байна. Зам тээврийн салбарын 2017 оны бүтээн байгуулалтын их ажлын түүчээ болж буй шинэ төмөр замын гүйцэтгэгчид, нийт ажилчиддаа талархсанаа илэрхийлээд, ажлын амжилт хүсье.

Эрдэнэт-Овоотын төмөр зам ашиглалтад орсноор Хөвсгөл, Булган, Орхон аймгийн ашигт малтмалын орд газруудын бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулах, үр өгөөжийг нь дээшлүүлэх, аялал жуулчлал нэмэгдэх зэрэг давуу тал бий болно. Түүнчлэн ОХУ-БНХАУ-ыг холбосон төмөр замын шинэ чиглэл нэмэгдсэнээр ачаа эргэлтийн хэмжээ үлэмж өсч, дамжин өнгөрөх болон далайн чинадад бүтээгдэхүүн хүргэх тээвэр нэмэгдэнэ гэж тооцоолж байна. “Эрдэнэт-Овоот” чиглэлийн төмөр зам 542 км урттай, үндсэн хоёр өртөө, найман зөрлөгтэй байх юм. Тээх чадвар нь 22.2 сая.тн/жилд, тээх ачааны хэмжээ 20 сая.тн/жилд, нэвтрүүлэх чадвар хоногт 16 хос галт тэрэг байх юм. Төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах урьдчилсан төсөвт өртөг нь 1.3 тэрбум ам.доллар бөгөөд гүйцэтгэгцээр Нортерн Рэйлвэйс ХХК ажиллаж байна. Овоотын нүүрсний орд газраас жилд 10 сая тонн бүтээгдэхүүн гаргаж тээвэрлэхээр тооцоолж байгаа бөгөөд цаашид Овоот-Арцсуурь чиглэлийн төмөр замыг гүйцээн барьж Тува Улсын Кызыль хоттой холбоно.