Categories
мэдээ нийгэм

Ахмадуудад “насны хишиг” олгож эхэллээ

ЗурагАч санах тухай хуулийн дагуу 65 ба түүнээс дээш настай ахмадуудад өчигдөр буюу энэ сарын 21-нээс “Насны хишиг” олгож эхэллээ.

“Насны хишиг”-ийг жилд хоёр удаа буюу Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өмнө олгодог. Хуулийн дагуу 65-69 настай ахмад настанд 50 мянга, 70-79 настай ахмад настанд 80 мянга, 80-89 настай ахмад настанд 150 мянган төгрөг өгөх юм. Мөн 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг олгохоор тусгасан байна. Энэ оны хоёрдугаар сард буюу Цагаан сараар нийт 114 мянга 434 ахмад настанд 9,5 тэрбум төгрөг олгосон.

Улсын хэмжээнд 65-69 насны 44 мянга 696, 70-79 насны 52 мянга 413, 80-89 насны 17 мянга 559 ахмад байдаг. Харин 90-ээс дээш насны 2366 ахмад байгаа юм. Эдгээр ахмадын нэрсийн жагсаалтыг гэрээт банкуудад илгээж, 10.1 тэрбум төгрөгийн санхүүжилт шилжүүлжээ. Хуулийн дагуу “Насны хишиг”-ийн мөнгийн банкууд тэтгэврийн болон бусад өр зээлэнд суутгах хориотой юм.

Categories
мэдээ нийгэм

“Бизнес инкубатор төв”-өөс залуучуудад дэмжлэг үзүүлэхээр боллоо

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Бизнес инкубатор төв”-ийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлж, тус төвд бүртгүүлсэн 3 багт нэг жилийн хугацаанд нийт 15.840.000 төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо.

“Бизнес инкубатор төв”-д хамрагдсан аж ахуйн нэгж, баг тус бүрт сард 440 000 төгрөгийн тэтгэлэг олгох юм. Энэхүү төв нь мэдээллийн технологийн салбарын дэвшилтэт технологид суурилсан шинэлэг санааг бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хөгжүүлэх, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, гарааны бизнесээ эхэлж байгаа компаниудын үйл ажиллагааг тогтворжуулж, өсгөн бойжуулах зорилгоор байгуулагдсан юм.

Төвийн анхны элсэгчээр нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын Мэдээллийн технологийн сургалтын төв /МКIT/-ийн мэргэжлийн ангийг амжилттай төгссөн Д.Алтангэрэл, Т.Ариунсанаа нар сонгогдлоо. Мөн “Соёмбо тек” ХХК-ийн гарааны бизнесийг дэмжиж, үйл ажиллагааг нь тогтворжуулахаар болов. Эрхийн бичгийг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, MKIT Мэдээллийн технологийн сургалтын төвийн ерөнхий захирал Хван Ин Гюү нар гардууллаа.

Тус төвд хамрагдсанаар залуучууд оффис болон компьютер, тоног төхөөрөмж, интернэт сүлжээгээр үнэ төлбөргүй хангагдах юм. Мөн залуучуудыг мэдээллийн технологийн чиглэлээр олон улсын гэрчилгээтэй инженерийн шалгалтад оролцохыг дэмжих зорилгоор шалгалтын хураамжийг “Бизнес инкубатор төв”-өөс гаргаж дэмжлэг үзүүлнэ.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийг дэмжих төвийн харьяа “Бизнес инкубатор төв”-ийн хөтөлбөрт хамрагдахын тулд мэдээллийн технологийн чиглэлээр шинэлэг бизнес санаа болон төсөлтэй байх, 18-аас дээш насны, мэдээллийн технологийн чиглэлээр хөгжих, ажиллах сонирхолтой иргэн байх шаардлагатай.

Мөн нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын Мэдээллийн технологийн /МКIT/ сургалтын төвийн мэргэжлийн ангийг “A” үнэлгээтэй төгссөн залуучууд “Бизнес инкубатор төв”-д шууд элсэж тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой юм.

Дараагийн ээлжийн бүртгэлд хамрагдах хүсэлтэй 10 багийг 2017 оны долоодугаар сарын 10-ны өдрийн дотор сонгон шалгаруулах тул нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын пэйж хуудас / https://www.facebook.com/Niisleliinzaluuchuud / болон 7012-2999 дугаарт холбогдон дэлгэрэнгүй мэдээллийг авна уу гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

О.Баасанхүү: Надад мөнгө байсан бол санал тоолох хар машин худалдаж авах байсан юм

“Өдрийн сонин”-ы 2017.06.15-ны Пүрэв гаригийн №134 (5701) дугаараас авч нийтлэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Ерөнхийлөгчийн сонгууль болох гээд Төрийн ордонд бараг л таниас өөр хүн алга. Та сонгуулийн сурталчилгаанд оролцохгүй байгаа юм уу?

-Сонгуулийн тухай хуульд тухайн сонгуульд оролцож буй штабын ажилтан, шадар туслах, сонгуульд оролцох үнэмлэх авсан хүмүүс л сонгуульд оролцоно. Бусад хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд оролцохыг хориглоно гэсэн байдаг юм. УИХ-ын чуулган завсарлахгүй байгаа тул амралтын өдрүүдээр тойрогтоо ажиллаад бусад үед нь ажлаа хийгээд сууж байна.

-Гэхдээ таниас бусад нь явчихсан байна шүү дээ. Эсвэл намаасаа нэр дэвшиж байгаа хүнээ дэмжихгүй байгаа юм уу?

-Төрөөс цалин авч байгаа хүн төрийн ажлыг цалгардуулах чинь байж болох зүйл юм уу. Би Хойд Солонгос Монголын парламентын бүлгийн даргын хувьд Зүүн хойд Азийн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” уулзалтад оролцох, мөн Хойд Солонгосын жижиг дунд бизнес эрхлэгч 20 гаруй компанийн төлөөлөлтэй уулзахаас эхлээд ажил их байна. Намаасаа ганцаараа сонгогдсон болохоор содон харагддаг юм шиг байна лээ. Өнгөрөгч амралтын өдөр тойрогтоо очиж Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор өөрийн байр сууриа илэрхийлсэн. Иргэдийн зүгээс “Та хэнийг дэмжиж байгаа вэ” гэж асууж байсан. Манайхан хошин шогийн мэдрэмжтэй ард түмэн. Уяачдаас М.Энхболд, бөхөөс Х.Баттулга нэр дэвшсэн одоо сурынхнаас хүн хэрэгтэй байна гэж байгаа юм. Би Их хурлын гишүүн болсноор сурын төлөөллийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх боломжтой болгосон. Сонгуулийг бид наадам шиг харж байна. МАН бүх шатандаа ялалт байгуулсан болохоор М.Энхболд гэдэг хүн аварга гэсэн үг. Дуртай, дургүй ч Буянт Ухаа спорт ордныг дүүртэл хүн цуглуулж сонгуулийн сурталчилгаагаа хийсэн. Ардчилсан намаас Женко хочтой Х.Баттулга, манайхаас “Босоо” хочтой С.Ганбаатар нар аваргатай өрсөлдөж байна. Аваргыг давж аварга болдог юм чинь тэд сайн барилдаасай гэж тойргийнхондоо хэлтэл “Та Ганбаатарыг дэмжиж байгаа бол тэрийгээ хэлээч” гэж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч нь намаас татгалзсан, бүх намыг ижил хэмжээнд авч үздэг, эв нэгдлийн илэрхийлэгч хүн байх ёстой. Монголчууд намыг биш хувь хүнийг сонгож сонголтоо хийдэг байх хэрэгтэй. Тэр утгаараа би хувь хүнийг харж сонголтоо хийнэ гэдгээ хэлсэн. Р.Амаржаргал гуайг манай намаас нэр дэвшээч гэж гуйсан л даа. Даанч боломжгүй гэсэн юм. Энэ сонгуулиар бид өөрийгөө ярьдаг биш, улс орноо ярьдаг хүнийг сонгомоор байна. Тиймээс тэдний мэтгэлцээн, мөрийн хөтөлбөр, хар биш цагаан пи арыг нь хармаар байна л даа. Ард түмэн залхчихаад байна. “Хас”-ын Ч.Ганхуягийг Н.Энхбаяр дарга сайн таньдаг юм. Ямар хүн бэ, яаж мөнгөтэй болсон гэдгээс эхлээд мэддэг. Бид “Улаан тарианы хүүхдүүд” гэхээсээ өмнө “Улаан буудайны хүүхдүүд”-ийг эхэлж судлах ёстой байж. Оффшор дансанд байгаа мөнгийг М.Энхболд дарга бид хоёр сайн мэдэх ёстой.

Оффшорт байгаа мөнгө чинь тодорхой юм шүү дээ. Түүнээс Ч.Ганхуяг, С.Ганбаатар ч мэдээд байдаг юм биш. Манай Н.Энхбаяр, Х.Баттулга, М.Энхболд дарга нар л мэдэж байж магадгүй. Тиймээс оффшорт байгаа мөнгийг авч ирж болно. Гэрээ хэлэлцээр хийсэн, мөнгө шилжүүлсэн хуулгуудыг нь авч ирээд “Наад мөнгө чинь Монголын төрд орох ёстой” гээд олон улсын шүүхэд хандаад авчих юм уг нь. Түүнээс биш хамар хашааны Дорж гуайд газар өгөөд, Дулмаа гуайн хүүхдийг ялаас чөлөөлж 10 сая төгрөг аваад оффшорт хийчихдэг юм биш. Оффшорын мөнгө уул уурхайн мөнгө байдаг. Энэ асуудал цэгцлэгдэх боломжтой гэж би хувьдаа үздэг. Ингэхийн тулд иргэний эр зориг гаргахаас гадна, бүхэл бүтэн систем шийдэх ёстой юм. Тиймээс гурван нэр дэвшигч аргачлалаа ярих ёстойгоос биш “Би оффшоргүй. Тэр оффшортой. МАНАН-гийнхан л оффшортой” гэж яриад нэмэргүй. Энэ чинь дэндүү тодорхой. Мөнгө ургадаггүй, тиймээс нэг төгрөг ч гэсэн үнэ цэнтэй байхгүй юу.

-Тэгээд яах ёстой юм бэ?

-Ард түмэн гурван нэр дэвшигчээсээ асуух ёстой. Харин намаар битгий талцаач гэж гуйгаад байгаа юм. АН, МАН, МАХН хүнээ гаргалаа гэхэд тэр хүнээ барьж, захирч чаддаггүй л байхгүй юу. Чаддаггүй болохоор үе үеийн Ерөнхийлөгч нар намтайгаа зодоон хийдэг. Ерөнхийлөгч ажлаа хийх гэхээр нам нь тээг болдог. Гэтэл нам нь хөдөлмөрлөсөн хөлснийхөө хувийг хүртмээр байдаг л даа. Ингээд бөөн зодоон болдог байхгүй юу. Тэгэхээр иргэний эр зориг гаргаад аль ч намынхан төрийг тэргүүлэх хувь хүмүүсийн цензур дээр суурилан сонголтоо хийгээсэй. Дээр үед Сталин Хрушевт ажлаа өгөхдөө хоёр ширхэг захиа үлдээжээ. Тэгэхдээ ажил чинь хүнд хэцүү санагдаад бүтэлгүйтвэл эхний захиаг задлаарай гэж. Бреженев Хрушевийг огцруулна гээд нөхцөл байдал хүнд болсон тул эхний захиаг онгойлготол “Бүх буруугаа над руу чих” гэсэн байж. Хрушев тэгэхээр нь “Сталин бол их хэлмэгдүүлэлтийг хийсэн. Түүний завхарлыг арилгая” гээд баахан юм ярьж байж галыг намжаажээ. Гэтэл дахиад огцруулах гээд нөхцөл байдал эвгүйтээд ирэхээр нь өвгөний захиаг унштал “Дараагийн хүндээ яг ийм хоёр захиа үлдээ” гэсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл эрх мэдэлтэй хүмүүсийн асуудлаас гардаг арга нь өмнөх үе рүүгээ буруугаа чихдэг. Ардын намынханы бусад руугаа буруугаа чихдэг хэлбэр, АН-ынхны ард түмэндээ хайртай байгаа хэлбэрээс ард түмэн залхчихаад байна. Ард түмэн нэгэнт залхсан тул зөв сонголт хийх хэрэгтэй. Тэр утгаараа С.Ганбаатарт “шаанс” байхыг үгүйсгэхгүй. Би хүнийхээ хувьд нэр дэвшигчийг биш намаа л дэмжинэ. МАХН байгаа болохоор би намдаа тууштай байгаа. Гэхдээ МАХН-ын зарим нөхдүүд намайг унагаах гэж үзэж байна л даа.

-Тэр нь юу гэсэн үг юм бэ. Таныг намаасаа хөөх гээд байгаа юм уу?

-Мэдэхгүй. 500 хүнээр гарын үсэг зуруулаад “Манай намын нэр дэвшигчийн эсрэг яваад үзээрэй, ална, хядна” шүү гэх нь холгүй өргөх бичиг надад ирсэн.

-Бүр тиймдээ тултал бичиг ирүүлээ юу?

-МАХН-аас Н.Энхбаярыг Улсын Дээд шүүх ялгүйд тооцсон шийдвэрийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх боломжоор хангаж ажиллана уу гээд Орхон аймгийн 500 хүний гарын үсэгтэй бичиг ирсэн. Сая Эрдэнэтэд очтол “Баасанхүү долоон тэрбумын байшинтай” гэсэн бор шувуу нисгэсэн байна лээ. Тэр нь байвал мөн гоёо. Ард түмэндээ өгчих юмсан. Эрдэнэтийн уулзалтын үеэр гишүүн намынхаа эсрэг яваад байх юм гээд бичлэг хийгээд л. Та хүртэл “Сонгуулийн сурталчилгаандаа явахгүй өрөөндөө суугаад байх юм” гээд хоржоонтой асууж байх жишээтэй. Асуудлын гол нь Монгол төрийн сонгууль байгаагаас биш АН, МАН, МАХН-ын сонгууль болоогүй юм шүү дээ. Мөрийн хөтөлбөрөө ярих ёстой. Сүүлийн жишээ гэхэд Катарыг хар. Ямар нөхцөл байдалтай болчихов. Тэнэг хүмүүсийн алдаа тэнэг байдалд л хүргэдэг гэдгийг мартаж болохгүй. Бид 22 тэрбум ам.долларын өрөнд орчихоод байхад 580 сая ам.доллараа өнөөдөр өг, хоёр тэрбум ам.доллараа энэ жилдээ өг гэдэг шахаанд орсон. Ард түмэн алтан бөгжөө өгөөд л, ард түмэндээ хайртай гишүүн нь 100 сая төгрөг хандивлаад л. Үнэндээ бид сандарсан нууцгүй үнэн. Хятадууд биднээс 4.5 тэрбум ам.долларыг маш бага хүүтэй аваа. Гэхдээ бид хоёр тэрбумаа суутгана гэсэн. Бид урд хөршдөө баярлах ёстой. Гэсэн ч бид тийм өндөр хүүтэй зээл авах нөхцөл байдалд ормооргүй байна. Япон, Солонгос, Дэлхийн банкныхан нэг хувийн хүүтэй ав гэхэд урд хөршийнхөн “Тэгвэл тэрийгээ аваа” л гэж байгаа юм. Бидэнд хоёр л сонголт байна. 4.5 тэрбум ам.доллар авч өрөнд орох уу, гурван тэрбум ам.долларын зээл авч хямралаа хязгаарлаад цааш явах уу. Бид мөнгө авч болно. Гэхдээ яах, юу гээд зорилготой байх ёстой. Хятадын нэг тэрбум ам.долларын хүрээнд Монгол Улсад 12 махны үйлдвэр барихыг би эсэргүүцсэн. Манайд хэдэн ч үйлдвэр барьж болох ч гадагшаа махаа экспортлож чадах уу. Чадахгүй гэвэл юун 12 махны үйлдвэр битгий хэл Эмээлт бидэнд хангалттай. Яах талаараа хэлэлцээр хийгээгүй мөртлөө махны үйлдвэр барина гэж болохгүй. Энэтхэгийн зээлээр нефть боловсруулах үйлдвэр барина гэж байгаа, болно. Эхлээд Петро Чайна Дачин Тамсагтай хийсэн гэрээгээ цэгцэлчихээд барь. Өмнөх парламентад Газрын тосны хуулийг Цэндийн Нямдорж гэдэг хүн ажлын хэсгийг нь ахлахдаа “Энэ хуулинд Петро Чайна Дачин Тамсаг хамаагүй” гээд оруулчихсан байхгүй юу. Ингээд бид түүхий нефтиэ авч чадах юм уу. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг дээ, нөгөө хүмүүстэйгээ ойлголцох хэрэгтэй шүү дээ. Ингээд байгаа болохоор би бухимдаад байгаа юм. Зөв зүйлийг нь би “аймар” дэмжинэ. ОУВС-д ороход нь “Үүнээс өөр сонголт байхгүй” гэж хэлээд Т.Аюурсайхан бид хоёр муудалцсан. Ц.Даваасүрэн ах бид хоёр нарийн ярьвал муудаад байхаар харилцаатай хүмүүс ч биш. Т.Аюурсайхан намайг олон нүүртэй энэ тэр гэхээс нь би ичээгүй. Би Их хурлын гишүүнээр таван жил ажиллаж байгаа хүний хувьд төрийн хүн л болохыг хичээж байна. Зарим хүмүүс 2020 оноо бодоод ард түмэнд таалагдах үг хэл л дээ гэдэг. Жишээлбэл, Эрдэнэтийн 49 хувийн УИХ-ын тогтоолыг 49 гишүүн дэмжиж, есөн хүн эсэргүүцсэн байдаг. Тогтоолын өгүүлбэрийг хар. Хөгжлийн банк, Монголбанкнаас авсан зээлэнд суутга гээд байгаа. Одоо хэлэлцээр хийхээр юу болох вэ. УИХ-ын тогтоол гаргахын би эсэргүүцээгүй. Хамгийн зөв шахаж бараг ганцаараа шийдвэр гаргуулсан гэж болно. Ц.Нямдорж шиг, Ж.Батзандан шиг туйлшраагүй. Сонголтоо зөв хийж сурмаар байна.

-Чуулганы хуралдаанаар зээлийн хэлэлцээрүүд орж байсан. Ямар утга учиртай хэлэлцээрүүд байсан бэ?

-Маш аймшигтай. Зээлээс бүү ай. Зээл төлөгдөх үү гэдгээс л ай. Нэг хувийн хүүтэй зээл нь 10 хувийн ашигтай бизнес болж чадна гэвэл зээл өгөх хэрэгтэй. Бид өртэй байсаар байвал Парисын клуб дээр бидний бүх өрийг аваачин “Худалдаж авах орон байна уу” гэж асууна. Нэг улс авч таарнаа даа. Тэр манай орны бүх өрийг худалдаад авчихбал Монголын газрыг битүүмжилнэ. Газар нутгийг чинь авна гэсэн үг. Тиймээс өртэй болох нь жижиг орнуудын хувьд аймшиг байдаг. Монгол Улс хоёр том гүрний дунд байгаа тул хоёр хөрш шигээ эрх ашигтай, бодлоготой, эв нэгдэлтэй, зарчимтай байх ёстой. Үүн дээр л санаа зовж байна. 2000 онд 72 суудал авсан нэг нам, тэр намаас Ерөнхийлөгч сонгогдсон байх үед аймшигтай дарангуйлал, хэлмэгдүүлэлт үргэлжилсээр 2007 онд туйлдаа хүрч 2008 оны үймээн гарсан. Өнөөдөр МАН 65 суудал авсан байгаа энэ үед бид ухаалаг сонголт хийх ёстой. С.Эрдэнэ даргатай АН олигархижсан нам болсон. Ардын намаас дутахаа больсон. Манай намын дарга ч гэсэн барьцаалагдсан л хүн. Чангахан дуугарахад Г.Шийлэгдамбын шүүх хурал эхэлж байгаа биз дээ. Би олон удаа хэлсэн. Ноён бэрсээ хамгаалж нүүдэг юм. Хүү зөвхөн бэрс гардаг болохоос бод болдоггүй юм. Бод хэзээ ч бэрс болдоггүй. Үүгээрээ би цэвэрхэн хүмүүсээр багаа бүрдүүлээчээ л гэж байгаа хэрэг. Удирдагч цэвэр байж нам цэвэршинэ. Түүнээс цүнх баригч долдой нар биш. Сүүлд санал тоолох хар машин худалдаж авах гэлээ гэсэн юм гарсан даа.

-Тэгсэн…

-Надад мөнгө байсан бол санал тоолох хар машин худалдаж авах байсан юм гэж бодоод байгаа. Техникийг чинь өөрөө туршаад үнэн эсэхийг мэднэ. Ядаж л задалж угсрах ёстой биз дээ. Тэр юу нь аймшигтай байгаа юм бэ. 21 аймгаар дүүрэн хар машин хийнэ гэж байхгүй. Ямар эд ангиудаас бүтсэн байна вэ, ямар горимоор ажиллаж байгааг туршаад үзэг л дээ яадаг юм. Манайхан бүх зүйлийг зандалчилж, төрийн эсрэг гэмт хэрэг болгох нь зөв хүмүүсийн зүрхийг мохоогоод байгаа юм биш биз гээд санаа зовж байна. Монголд ямар ч террорист хүн байхгүй. Эх орондоо хайргүй хүн байхгүй. Харин хэдэн хулгайч бол бий. Хуулийн байгууллага ажилласан шиг ажилла. Дараа нь шившгээ дэлгэж болохгүй. Эрх баригчдад 65 гишүүн байхгүй. 55 л байгаа. Сонгууль дууссан гээд маргаантай 10 хүний асуудлыг орхих юм уу. 2020 онд дахиад сонгууль болно. Мөнгө тараадаг, хүн зөөдөг нь үнэн. Үүнд чинь ард түмэн бухимдаад байна. Түүнээс айдастай нийгэм монголд бий болчихоогүй юм. Харин долдой, бялдууч, урвагч, хулгайч нар аймар байна.


Categories
мэдээ цаг-үе

Б.Бат-Энэрэл хүүгээр С.Батсүх гавьяат, ар гэрийнхэн нь бизнес хийж байгаа юу

“Өдрийн сонин”-ы 2017.06.15-ны Пүрэв гаригийн №134 (5701) дугаараас авч нийтлэв.

-ХҮҮГ БЭЭЖИНГИЙН ЭМЧ НАР ХАРАА ОРОХ БОЛОМЖТОЙ ГЭЖЭЭ-

Б.Бат-Энэрэл гэх бяцхан хүү өхөөрдөм хөөрхөн дуулж монголчуудад танигдсан билээ. Төрөлхийн харааны бэрхшээлтэй энэ хүү насандаа баймгүй хүчтэй хоолой, баргийн хүнд заяагаад байхгүй дуулах ур чадвартай. Мөн том хүн шиг хэрсүү яриа, цовоо зан нь олон хүний хайрыг татаад байгаа. Б.Бат-Энэрэл зургаан нас хүрч байгаа ч бие нь хоёр настай хүүхдийнх шиг. Хоёр настайдаа өмсч байсан хувцас, гутлаа одоо ч өмсч байгаа гэхээр өсөлт нь зогссон гэсэн үг. Ар гэрийнхэн нь, ээж нь хүүгээ харааны бэрхшээлтэй гэдгийг мэдсэнээсээ хойш эмчлүүлж, эрүүл болгох гэж Монголын сайн гэсэн бүх л эмнэлэг, эмч нар дээр очиж үзүүлж, оношлуулж сүүлдээ аргаа бараад лам, бөөгөөр хүртэл явсан тухай Б.Бат-Энэрэлийн нагац эгч Г.Барамсаймаа нь телевизийн нэвтрүүлгээр орох үедээ ярьсан. Б.Бат-Энэрэлийн ээж нь БНСУ-д гурван сарын гэрээтэйгээр ажил хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд хүү энд төрсөн эгчийнхээ хамт нагац эгчийнхээ халамжинд байдаг аж. Хүү хоёр наснаасаа эхэлж дуулж эхэлсэн бөгөөд Завханы хэмээн алдаршсан, Монгол Улсын гавьяат жүжиг-чин С.Батсүхийн “Орчлонг хайрлаарай” дууг дуулсан бичлэг нь цахим ертөнцөд түгснээр олонд танигдсан гэж болно. Хүү С.Батсүх гавьяатын дууг багаасаа шимтэн сонсч дагаж дуулсаар иржээ. Хүүгийн энэ авьяасыг ар гэрийнхэн нь анзаарч, нутгийн гавьяатдаа аваачиж шавиар оруулж. Ийм авьяаслаг мундаг хүүг монголчууд дэмжиж, хараа ороход нь туслахын тулд хандивын аяныг орон даяар эхлүүлээд байгаа. Уг аяныг Өмнөд Монголчууд ч дэмжиж нийт 49550 юань буюу монгол төгрөгөөр 18 сая орчим төгрөгийн хандив өргөөд буй. Б.Бат-Энэрэлд зориулсан “Бат-Энэрэлтэй орчлон” хандивын тоглолт өнгөрсөн сарын 20-нд амжилттай болж хүү Бээжин рүү оношилгоо хийлгэхээр явсан юм.

Б.Бат-Энэрэлийг төрөлхийн харааны асуудалтай учир Бээжингийн тал эмчлэх боломжгүй гэсэн хариу өгсөөр байтал хүүгийн нагац эгч Г.Барамсаймаа, гавьяат жүжигчин С.Батсүх нар хандивын тоглолт дахин зохион байгуулсаар явна уу даа. Энэ хүмүүс хүүхдээр бизнес хийж байгаа бололтой. Эх нь хол байгаа хүүхдийг албан ёсны асран халамжлагчийнх нь зөвшөөрөлгүйгээр хандив гуйлгаж, өдөр болгон тоглолт хийлгэж дуулуулж байна гэж дуулдах юм. Харааны бэрхшээлтэй, өсөлтийн асуудалтай, бие сул хүүхдийг ингэж гүрээнийх нь судсыг нь тасрахын наагуур орилуулж, тайзан дээр гаргаж байгаа нь хүүхдийн эрхийг зөрчсөн ноцтой асуудал гэж хуулийнхан үзэж зарим үндэслэлүүдийг хэлж байна. Тиймээс үүнд цагдаа, хяналтын байгууллага, хүүхдийн эрхийг хамгаалдаг байгууллагууд анхаарал хандуулах ёстой гэсэн байр суурийг олон нийтийн зүгээс гаргаад байгаа юм. Дуучин Э.Төрмандах нэгэн ярилцлагадаа “Би “Булдруу” буюу А.Өсөх-Ирээдүй хүүтэй дахиж хамтран дуулахгүй. Нялх хүүхдийн хоолой эвдэрчихэж мэднэ” гэж ярьсныг үзэгчид ихэд анхаарч “Э.Төрмандах ингэж ярьж байхад С.Батсүх гавьяат яагаад үүнийг анзаарсангүй вэ” гэж шүүмжилж байна.

Монголын хүүхдийн урдаа барьдаг эмч нар, нүдний гэх тодотголтой чадвартай эмч нараас Б.Бат-Энэрэл хүүгийн талаар тодруулахад “Хүүхдийн бие организм бүрэн өсч торниогүй үедээ буюу 2-5 насандаа эмзэг байдаг. Дуулахад хүнээс маш их энерги гардаг. Төвөнх, хоолой, уушиг орчимд ачаалал ирдэг. Б.Бат-Энэрэл их чанга дуулдаг учир дуулахдаа хүч их зарцуулдаг гэсэн үг. Ингэж энерги их гаргах нь бэрхшээлтэй байгаа хараанд нь улам муугаар нөлөөлөх магадлалтай” гэсэн нийтлэг хариулт өгсөн юм. С.Батсүх гавьяат ч хүүгийн эрүүл мэндэд санаа тавьж манай мундаг гэх эмч нарт ханджээ. Манай эмч нар хүүг төрөлхийн харааны гажигтай учир хараа орох боломжгүй гэсэн хариултыг өгсөн юм байна. “Б.Бат-Энэрэлийн хувьд төрөлхийн харааны асуудалтай учир эргээд сайжирна гэсэн магадлал бараг байхгүй. Эмчилгээгүй гэсэн ийм оношийг дотоодын эмч нар тавьсаар байхад ар гэрийнхэн нь, мөн гавьяат жүжигчин С.Батсүх нар яагаад хүлээн зөвшөөрөхгүй элдэв хандив, тоглолт зохион байгуулаад гадаад дотоодоор яваад байгааг ойлгохгүй байна. Гайхаад л сууж байна” гэцгээсэн юм. Хэрвээ тухайн өвчтөний өвчин нь эдгэх боломжгүй, найдваргүй гэвэл Эрүүл мэндийн яамны Салбар зөвлөлөөр энэ асуудлыг хэлэл-цэж баталдаг юм байна. Гэтэл Монголын эмч нар, эмнэлгүүд хүүгийн нүд бүрэн эдгэж, хараатай болох боломж бараг үгүй гэсээр байхад уг Салбар зөвлөлд хандахаас татгалзаж хандив зохион байгуулж яваа нь цаанаа ямар зорилготойг мэдэхгүй байна гэж эмч нар ярьсан юм. Энэ талаар хуульчаас тодруулахад “Энэ асуудлыг маш сайн нягталж үзэх хэрэгтэй. Өнгөц харвал хүүхдийн эрхийг зөрчсөн үйлдлүүд байх шиг байна. Гэхдээ үндэслэлүүдийг нь сайн гаргаж ирэх хэрэгтэй. Хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж байгаа гэж ч харах өнцөг гарч ирж болно” гэлээ.

Зарим хүмүүс “Энэтхэгт эцэг, эхчүүд, асран хамгаалагчид нь хүүхдээр мөнгө олдог муу аргатай. Эрүүл саруул хүүхдээ хүмүүсээр өрөвдүүлж мөнгө олохын тулд зэрэмдэглэдэг гэсэн. Б.Бат-Энэрэл гэх энэ хүүхдийг зурагт телевизээр нүдийг нь эргэлдүүлээд л дуулуулаад орилуулаад байх юм. Энд ч тэнд ч тоглолт, тийм төгрөгийн хандив өгчээ гэх юм. Гэтэл эмчлэгдэхгүй гэсээр байхад яагаад энэ хүүхдийн үйлийг үзээд байдаг юм” гэж хатуухан шүүмжилж ч байна.

Харин энэ бүх асуултуудад Б.Бат-Энэрэлийн нагац эгч дараахь хариултыг өглөө.Тэрээр хандивын аян эхэлж, хүү телевизүүдийн ярилцлагад орох үеэс л иймэрхүү хэл аманд өртөж элдэв шүүмжлэл сонсохдоо ихэд шаналж, эмзэглэж “Ийм аян хэрэггүй эхлүүлэв үү, мөрөөрөө л байж байдаг байж” гэж бүр шантарсан гэнэ. Гэтэл хүмүүс түүнд “Нэгэнт эхлүүлсэн ажлынхаа ард гарах хэрэгтэй, битгий шантар” гэж урам хайрлажээ. Өнгөрсөн сарын 25-нд Бээжингээс сайхан мэдээтэй ирцгээжээ. Хятадын эмч нар Б.Бат-Энэрэлийг эдгэнэ, хараа орох боломжтой гэсэн нааштай хариу хэлж Энэтхэгт хагалгаанд орох хэрэгтэй гэж зөвлөжээ. Харин хүүгийн өсөлт нь зогсчихоод байгаа. Үүнийг дааврын эмчилгээ хийлгэхэд үр дүн гарна. Тайваны эмнэлэгт очиж эмчлүүлээрэй гэж зөвлөсөн байна. Нүдний хялрыг нь Монголд эмчлэх боломжтой ч гадаадад эмчлүүлбэл илүү үр дүнтэй гэж үзэж байгаа аж. Ийм нааштай сайхан хариу сонссон тэд Монголд ирээд энэ сарын 10-нд үзэгчдийн хүсэлтээр хандивын тоглолтоо “UB palace”-т амжилттай зохион байгуулаад үргэлжлүүлээд Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ, Зүүн хараад тоглолтоор явж байгаа юм байна. Өнөөдөр Улаанбаатар хотод ирэх бөгөөд нөгөөдрөөс хэвлэлийн хурал зарлаж хандивын аянаар цугласан хандивын хэмжээг танилцуулж санхүүгийн тайлангаа нийтэд дэлгэх гэнэ. Мөн гадуур гараад байгаа янз бүрийн ярианд тайлбар, няцаалт өгөхөөр төлөвлөжээ. Хүүгийн ээж өнөөдөр Солонгосоос ирж байгаа юм байна. Г.Барамсаймаа “С.Батсүх гавьяат энэ хандивын аян эхлэхээс өмнө “Намайг мөнгө төгрөгтэйгээ битгий хутгаарай. Би тэр бүхнээс чинь хол байя. Хүмүүсийн хэл ам хэцүү. Би өөр бусдаар тусалдгаар тусална” гэж хэлсэн. Аяны хугацаанд янз бүрийн хардлага, сэрдлэг гарч байгаад харамсч байна. Гэхдээ хэвлэлийн хурлын үеэр бүх баримт бичиг, тооцоогоо ил гаргаж тавих болно” гэсэн юм. Энэ бүхнээс харахаар Монголын эмч нар ур чадваргүй болохоор худал онош тавиад байна уу эсвэл хараа орох боломжгүй байсаар байтал өвчнийг нь далимдуулаад Б.Бат-Энэрэлийн ар гэрийнхэн нь хандивын аян, тоглолтоор бизнес хийгээд байна уу гэсэн эргэлзээ, хардлага төрж байна.

Categories
мэдээ цаг-үе

Монгол Сноуден Г.Доржзодов

“Өдрийн сонин”-ы 2017.06.15-ны Пүрэв гаригийн №134 (5701) дугаараас авч нийтлэв.

Г.Доржзодов зурган илэрцүүдГ.Доржзодов гэх залуу МАН-ын дарга М.Энхболд, А.Ганбаатар, Ц.Сандуй нарын төрийн албыг мөнгөөр зарж, 60 тэрбум төгрөг хэрхэн босгох талаар хоорондоо ярьж байгаа бичлэгийг 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө олон нийтэд дэлгэн тавьсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Мөн уг бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсанаас хойш Монголын нэр нөлөө бүхий хүмүүс Г.Доржзодовыг хэрхэн дарамталж байсан, амь нас, гэр бүлд нь ямар дарамт шахалт бий болоод байгаа, хууль хяналтын байгууллага хэрхэн шалгаж байгаа талаар ч өмнөх дугаартаа хүргэсэн. Тэгвэл энэ удаад сүүлийн үеийн шинэ баримтуудыг дэлгэж байна.

ЭДВАРД СНОУДЕН АНУ-ЫН ТУСГАЙ АЛБАНЫ НУУЦ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ИЛ БОЛГОСОН НЬ

Г.Доржзодовыг бичлэг тараасных нь төлөө төрийн томоохон албан тушаалтан, хууль хяналтынхан шахан хавчиж, айлган сүрдүүлж, хэн ч биш болгох гэж оролдож байгаа байдал, өөрийнх нь бичлэгээ үнэн гэдгийг нотлохын тулд тэмцэж байгаа тэмцэл, хийж байгаа үйлдэл зэргээс харахад АНУ-ын тусгай ажиллагаа, тагнуулын газрын маш нууц мэдээллийг олон нийтэд дэлгэж, дэлхий даяар дуулиан шуугиан тариад байгаа Эдвард Сноудентэй адилтгаж болохоор байгаа юм. Эдвард Сноуден Пентагоны харьяa тагнуулын компанийн экс ажилтан юм. АНУ-ын тусгай алба иргэдийн утасны яриа, и-мэйл, нийгмийн сүлжээний сайтуудыг тагнах ажиллагаа явуулдаг тухай нууц мэдээллийг 2007 оноос хойш дэлгэж, дэлхий даяар шуугиан тарьсан билээ. Мөн АНУ-ын аюулгүй байдлын нууц агентлаг NSA Вашингтон болон Нью-Йоркод байрлах Европын холбооны төлөөлөгчийн газруудыг танддаг тухай мэдээллийг ч задруулж байсан. Сүүлийн үед Эдвард Сноудены шифрлэсэн файлын кодыг Орос болон Хятад улс тайлсан тухай олон улсын мэдээллийн сайтуудаар мэдээлэх болсон. Их Британийн Дэвид Камероны албаны хүмүүс маш нууц зэрэглэлийн материалууд Москва, Бээжингийн тагнуулуудын гарт орсон хэмээн батлаад байгаа. Үүний дараа АНУ-ын тагнуулын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, MI6 байгууллагаас “дайсагнах улс”-уудаас тагнуулчдаа татах болсон тухай мэдээлэл гараад байгаа. Түүнийг Хавайд байхад нь АНУ-аас яллаж, гэмт хэрэгтнийг шилжүүлэн өгөх хүсэлт тавьсан байдаг Дээрх шийдвэртэй холбоотойгоор ОХУ-ын Москва руу явсан. ОХУ-д түр орогнож буй Эдвард Сноуден дэлхийн 99 оронд нэгэн зэрэг довтолсон хакерын довтолгоонд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албыг буруутгасан. Тэрээр Твиттер хуудсандаа энэ талаар “Үндэсний аюулгүй байдлын алба өөрсдийнхөө үйл ажиллагаанд ашиглахаар зохион бүтээсэн зүйл нь хүн төрөлхтөнд гай болж байна. Түүнээс болж олон өвчтөн эмнэлгийн тусламж авч чадахгүйд хүрлээ. Тэд энэ зүйлийг хийсэн. Одоо юу болж байгааг бүгд харж байна” хэмээн бичсэн байна. АНУ-аас Эдвард Сноуденыг үндэсний батлан хамгаалах хэрэгт холбогдох мэдээллийг санаатайгаар, харилцаа холбооны мэдээллийг зөвшөөрөлгүй тараасан, төрийн өмчийн эд хөрөнгийг хулгайлсан гэх хэргүүдэд буруутгаад байгаа.

Г.Доржзодов Голомт банкны дансаар А.Ганбаатараас 20 сая төгрөг авсан баримт

60 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТАЛААРХ БИЧЛЭГИЙН ТАЛААР SIXTYBLN.MO­ZELLO.COM САЙТ ДЭЭР НОЦТОЙ МЭДЭЭЛЭЛ ГАРГАЖ ЭХЛЭВ

Г.Доржзодов 90 минутын бичлэгийн эвлүүлэг хийх ямар ч боломжгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Мөн тухайн үед уулзаж байсан зураг байгаа гэдгээ олон нийтэд мэдэгдсэн билээ. МАН-ын дарга М.Энхболд, А.Ганбаатар, Ц.Сандуй нарын төрийн албыг мөнгөөр зарж, 60 тэрбум төгрөг хэрхэн босгох талаар хоорондоо ярьж байгаа бичлэгийг олон нийтэд тарааснаас хойш нам жим нууцлагдмал байдалтай байсан Г.Доржзодов сүүлийн үед цахим хаягаараа мэдэгдэл хийх болсон. Өөрийн албан ёсны @dropmires гэсэн цахим хаягаараа дамжуулан хэд хэдэн удаа 60 тэрбум төгрөгтэй холбоотой мэдээлэл оруулж олон нийтэд шуугиан тариад байна. Хамгийн сүүлд гэхэд Г.Доржзодовыг дээрх бичлэгийг олон нийтэд тараахгүй байхыг хүсч, Ц.Сандуйн туслах А.Ганбаатар 20 сая төгрөг шилжүүлсэн баримт өчигдөр олон нийтэд ил болсон юм. Банкны хуулга, мөнгө хэрхэн шилжүүлэх талаар бичиж байсан мессэжийг дэлгээд байгаа. Мөн Sixtybln.mo­zello.com гэсэн мэдээллийн сайт нээсэн байна. Сайт дээрээ төрийн албыг зарж 60 тэрбум төгрөг босгох талаарх бичлэгийг олон нийтэд ил болгосноос хойш болж өнгөрсөн үйл явдлыг тоймлон он, сар, өдөртэй нь нийтэлжээ. Г.Доржзодовын Sixtybln.mo­zello.com сайт дээр тавьсан мэдээлэлд гэмт хэргийн шинж агуулсан ноцтой зүйл олон байгаа юм. Тухайлбал, 2017 оны гуравдугаар сарын 15-нд Г.Доржзодов “..Хэрэв надад болон миний гэр бүлд ямар нэг зүйл тохиолдвол 90 минут бичлэг, 160 слайд бүхий ррт, эксель, зураг бүгдийг олон нийтэд дэлгэж нэр төрөө сэргээнэ..” гэсэн мессэж Ц.Сандуйгийн утас руу болон вайбр луу илгээв. 2014 оны есдүгээр сарын 8-ны өдрийн 90 минутын уулзалтын үеийн фото зураг болон холбогдох файлуудын дүрсийг Ц.Сандуйд илгээсэн байна. Ц.Сандуй дээрх үйлдэлд огт хариу өгөөгүй аж. А.Ганбаатар Г.Доржзодовын гэрийн гадаа отолт хийж саатуулаад эхнэр, хүүхэд, аав ээжүүдийн дүр зураг, тэдний гэрийн хаяг, өдөр бүр хаана хэнтэй уулздаг болон Дарханд очиж аав ээжийнх нь гадаа отолт хийсэн гэдгээ А.Ганбаатар бардамнан ярьсан гэнэ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-нд А.Ганбаатар өөрийн ажлынхаа өрөөнд Г.Доржзодовтой уулзаж байхдаа хүч хэрэглэн хамгаалалтын ажилтнуудын тусламжтайгаар бүлэглэн SanDisk фирмийн Sansa Clip Plus mp3 тоглуулагчийг нь дээрэмдэн авсан байна. Өнгөрсөн тавдугаар сарын 7-нд Фэйсбүүкийн Элдэв шуум пейжид “Аймшигт 350 саяын авлигын хэрэг илэрлээ” шторк байршуулж, Г.Доржзодовыг эвлүүлэгч мэтээр олон нийтэд нэр хүндийг нь унагах зорилгоор цацсан гэнэ. Мөн түүнийг ТЕГ-аас СЭМYТ-д сэтгэцийн хувьд эрүүл эсэх, хэрэг хүлээх чадвартай эсэх талаар шинжилгээнд оруулсан байна. Тус эмнэлгийн эмч Ганхүү нь ТЕГ байцаагчтай тусгайлан арван минут уулзсаны дараа ярилцлагаа эхэлсэн. Ярилцлагын явцад эмч “нууц бичлэг” гэж түрүүлж үг алдсан. Ярилцлага байцаалт шиг болсон. Дараа нь таван хүнээс бүрдсэн комиссоор оруулсан. Ярилцлагын дүнг өнөөг хүртэл танилцуулаагүй зэргийг ч тэрбээр олонд дэлгэжээ. Энэ сарын 1-ний 20:56-22:46 цагийн хооронд Г.Доржзодовтой таван жилийн өмнө цуг ажиллаж байсан хүнээр нь дамжуулан дуудуулж “Русская гимназия” сургуулийн хойно байрлах “Намуун” нэртэй зочид буудлын 507 тоотод нэгэн хүн уулзсан гэнэ. Хэн хаанаас явуулсан, ямар зүйлс (улсаа сонго, сургуулиа сонго, хоёр өрөө байр дээр нь нэмж өгье) санал болгосныг нь ч дамжуулсан. Энэ бүхний дараа ч Г.Доржзодовыг энэ асуудлаа зүгээр л орхиод дөрвөн жил таг чимээгүй алга болчих гэж хүссэн гэнэ. Маргааш нь ТЕГ-аас түүн рүү залгаж 13:00 цагт ирэхийг дуулгажээ. Гэвч товлосон цагаа 15:00, 17:00 болтол хоёр удаа хойшлуулсан байна. Мөрдөн байцаагч 17:15 минутад уулзаж дөрөвдүгээр сарын 14-нд саатуулахдаа үзлэг хийж хурааж авсан зөөврийн компьютер, айпад, айфон, нокиа утаснууд, банкны бүх карт, машины болон гэрийн түлхүүр, бугуйн цаг, автобусны карт, флаш зэрэг зүйлсийг нь хурааж авснаасаа 40 гаруй хоногийн дараа буцаан өгсөн гэнэ. Уулзалтын явцад байцаагч өмгөөлөгчөөс нь тусгаарлан салгаж уулзах гэж хоёр ч удаа оролдсон гэнэ. Түүнчлэн энэ сарын 3-4-нд “Намуун” зочид буудалд уулзсан хүн утсаар орос хэл дээр мессэж бичиж, яаралтай уулзахыг хүссэн байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Ж.МӨНХБАТ Г.ДОРЖЗОДОВТОЙ УУЛЗАЖ ЮУ ЯРЬСАН БЭ

Энэ сарын 6-ны 22:00 цагийн орчимд МАН-аас яаралтай уулзахыг хүсч байгаагаа нэг жилийн өмнө хамт ажиллаж байсан хүнээр нь дамжуулан хэлүүлжээ. Мөн өдөр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нар сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал зарлаж, “60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудал хууль хяналтаар шалгуулаад эвлүүлэг, гүтгэлэг болох нь тогтоогдсон. Бид цаашид ч шалгуулах болно” гэсэн мэдэгдэл хийсэн байна. Зургадугаар сарын 9-ний12:00 цагийн орчимд гэрээсээ гарч явахад нь түүний араас 18-02УБМ Хьюндай “СантаФей” маркийн машинаар Зуун айлын УБЕГ хүртэл дагасан гэнэ. Харин тухайн өдрийн орой буюу 20:15-22:23 цагийн хооронд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат тусгайлан бэлдсэн “Энканто” хотхоны Спорт центрийн VIP саунд Г.Доржзодовыг бизнесийн томоохон нэр хүнд бүхий хүнээр дамжуулан дуудуулан уулзжээ. Энэ уулзалт болохын өмнөхөн буюу 18:15 минутад А.Ганбаатар нь Г.Доржзодовыг гүтгэсэн дүрсгүй бичлэгийг олон нийтэд цацсан гэнэ.

МАН-аас 90 минутын бичлэгийг эвлүүлсэн хэмээн мэдэгдээд байгаа. Харин салбарын хүмүүс МАН-ын дарга М.Энхболд, А.Ганбаатар, Ц.Сандуй нарын ярьсан зүйлийг 90 минут эвлүүлэх ямар ч боломж байхгүй. Эвлүүлэг хийлээ гэхэд 2-3 минутын бичлэгийг эвлүүлэх боломжтой. Тиймээс Г.Доржзодовын олон нийтэд дэлгээд байгаа бичлэг ямар нэгэн эвлүүлэг огт байхгүй гэдгийг батлан ярьж байна лээ. Мөн бичлэг цацагдсан даруйд Ц.Сандуй “Одоогоос хоёр жилийн өмнө намын стратеги ярих хуралдаан болсон. Тэр үеийн бичлэг алдагдсан байна” хэмээн хэвлэлүүдэд тайлбар өгч байв. Хэрэв хуурамч бичлэг юм бол МАН-ынхан Г.Доржзодовтой удаа дараалан уулзаж, дарамталж, мөнгө өгч, гадаадад амьдрах санал тавихгүй байсан болов уу.

Г.БАТЗОРИГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол харагдах…

Хүн төрөлхтний аж төрөл, амжиргаа улам бүр ижилсэж байна. Жинсэн дээр подвоолк өмсөөд “ай пад” барьчихсан алхаж яваа шар арьстай залууг монгол, хятад, япон, чукча ямар ястан болохыг холоос байтугаа дэргэдээс нь ажаад ялгахад бэрх. Учир нь тэр англиар чөлөөтэй ярьчих тул хажуугийн бааранд ороод хууч хөөрөхөд хялбар танигдахгүй.

За тэгээд улс үндэстний хувьд бүр таашгүй. Паспортыг нь үзэхгүй л бол Америк, Япон, Хятад аль улсын иргэн болох нь мэдэгдэхгүй. Түүнчлэн арьсны өнгөөр нь жаахан ялгаж болох ч нарийвчилж чадахгүй. Чингэсийн алтан ургийн цус судсаар нь гүйсэн хар, шар, цагаан ямар ч арьстан таарч мэднэ, үгүйсгэхгүй юм байгаа биз дээ. Өдгөө хар, шар, цагаан аль ч арьстай, Будда, Загалмай, Лал ямар ч шүтлэгтэй хүн анкетийнхаа “үндэстэн” гэсэн хэсэгт “Монгол” эсвэл “америк” хэмээн омог төгөлдөр бичдэг болж байна.

Өрнөдийн соёлын хүчирхэг империйн нөлөөгөөр хүн төрөлхтөн албан ёсны он тооллоо Есүс Христийн мэндэлснээр тоолж байна. Чингэс хааныхаа төрсөн өдрийг саяхнаас товлосон боловч гэгээн Валентины өдрийг алдаагүй тэмдэглээд удаж байгаа. Муухай гээгүй шүү. Соёл гэдэг ийм хүчирхэг байлдан дагуулагч байдаг юм, юун цэрэг арми…зүйрлэх юм биш гэдгийг л хэлж байна. Цэргийн импер үзэн ядалт дагуулдаг бол соёлын имперт сайн дураараа, баяр хөөртэй автдаг ажгуу.

Улаанбаатарт хуушуурын гуанз олон уу, солонгос гуанз олон уу, сайн мэдэхгүй байна. Бид хорхог их идэж байна уу, гуляш илүүтэй зооглож байна уу, бүү мэд. Муухай явдал боллоо, монгол хоол шатлаа гэх гээгүй юм шүү.

Алив улс үндэстэн нэг талаасаа гайхамшигтай суралцагч байдаг. Үргэлж л шинэ технологи, арга эрэлхийлж, бусдаас хуулж, шинээр зохиосноо нөгөөдөө зааж иржээ. Бид цаасыг эрдэм номын хэрэглэгдэхүүн хэмээн дээдэлдгээс бус хятадууд анх хийсэн учир тусгүй эд хэмээн жигшдэггүй шиг. Өрнөдийнхөн өмдийг нүүдэлчид, нарийн яривал монголчууд сэтгэсэн заваан угшилтэй зүйл хэмээн сэжиглээд доогуураа нүцгэн явдаггүй шиг.

Бид хүн төрөлхтнөөс зөвхөн сурсан юм биш. Биднээс ч бусад нь сурсан юм бишгүй. Нүүдлийн соёл, амьтны стильтэй урлахуй гээд. Зураач нар чинь зотон дээр зурахаасаа өмнө хадан дээр зурж эхэлсэн юм байгаа биз дээ. Хөдөө хээр талаар хадан зургийн үзэсгэлэн дүүрэн л байгаа шүү дээ. Лувраас ялгаатай нь зураачийн нэр, огноо байхгүй л болохоос. Дөрөөг анх морьтон ардууд бодож олсон. Морьтой болгоноос гадна мотоциклтэй болгон дөрөө хэрэглэж л байна. Бид бусдын соёлд ууссанаас гадна бидний соёлд хүн төрөлхтөн ч бас л ууссан. Бусадтайгаа ижилсэх суралцах нь хүний үндсэн шинж бөгөөд дэлхий “хавтгай” болох процесс хүнтэй л цуг эхэлсэн байх нь.

Ингэтлээ ижилсэн нэг сүрэг болж буй хүн төрөлхтнийг үндэс гарвалаар нь жаахан ч болов ялгаж байгаа зүйл бол ёс заншил, бэлгэдлийн сэтгэлгээ нь гэдэг. Хүний амьдралын гурван чухал мөчлөг болох төрөх, гэрлэх, нутаглуулах ёсон дээр үндэсний онцлог их харагддаг юм гэнэ лээ. Өрнийн соёлын түрлэгээр бидний энэхүү гурван их ёс машид европчлогдсон.

Харин хүн төрөлхтөн бие биеийнхээ соёлын имперт автагдахын хэрээр өөрийн гэсэн онцлог, үндэстнийхээ өвөрмөц шинж чанарыг хар зөнгөөрөө эрэлхийлж байдаг. Арай ондоо соёл ёс заншлын үерт живэн буйгаа хараад тэндээс татаад гарчих үндэс мөчир тэмтэрч байгаа гэсэн үг.

Манайхны нэг их бөө болоод, эсвэл гандангаар засал ном гээд яваа нь нэг талаар сүсэг бишрэлийн хэрэгцээ энэ тэр мөн. Бас нөгөө нь өөрийг нь өөр үндэстэн гэж харуулах юмыг зөнгөөрөө хайгаад хэрэг шүү дээ.

Сайхан юм их байна аа. Монгол хүн уул нь булаг шанд бохирдуулдаггүй, гол руу хог хаядаггүй. Нүүхдээ бууриа цэмбийтэл цэвэрлээд орхино, одоо бол машинаасаа бууж үдлээд явахдаа хоол ундныхаа хогийг үртэс ч үгүй түүгээд одно гэсэн үг. Байгальд хайртай, ногоон чиг баримжаатай, озоны давхрага нимгэрч мэднэ гээд тэгж байгаа юм гэвэл хөндий хүйтэн тайлбар болно. Харин “Чи монгол хүн учраас л тэгж байгаа юм” гэвэл бахдал төрөөд явчихна. Зөв зүйтэй учраас гэхээсээ илүү “чи монгол учраас”, “чи бусдаас ондоо учраас” гэвэл нийтийн ижилсэлд далд ухамсартаа бухимдаж буй залууст урам бахдал нэмж өгнө.

Монгол хүн гэрийнхээ үүдийг ямагт урагш харуулж барьдаг. Хотод бол амаргүй байх л даа. Харин хээр гадаа майхнаа хатгахдаа үүдийг нь ямагт урагш харуулж байвал гарцаагүй л монгол хүн мөн. Та нар дуулсан байх, Сүбээдэй жанжны цэргээс үлдсэн бүлэг иргэдийн тосгон одоо болтол польшид байдаг гэж. Хэл улс байтугаа царай зүсээрээ цагаан арьстан болж гүйцсэн тэр тосгоныхон уулан дээрээ овоотой бас бүх байшингийн үүд нь урагшаа харсан байдаг гэсэн. Бүр, тэдний төлөөлөгч нь ах дүүсээ мэдэлцэх гэж Улаанбаатарт ирсэн гэдэг байх аа. Харин манайхан яасан ч гэлээ, сонин юм дуулдаад өнгөрсөн.

Аяны хүн ирэн иртлээ эмээлийнхээ урд бүүргийг нутгийн зүг харуулж тавьдаг. Энэ бол энх амар яваад гэртээ харихын бэлгэдэл. Тэгвэл бид алс явахдаа машиныхаа нүүрийг болж өгвөл монгол нутаг руугаа харуулан тавьж яагаад болохгүй гэж. Эх орон төрсөн нутагтаа энх мэнд харихын бэлгэдэл болгож. Бас хаа ч явсан малгай, бүсээ газар тавихгүй байх нь хаана ч биднийг л монгол гэдгийг сануулна.

Монгол хүн төрийнхээ бэлгэдлийг тэнгэрчлэн дээдэлдэг. Өвөг дээдэс Төрийн сүлд, Бурхан багш энэ зэрэгцүүлэн шүтэж иржээ. Иймээс “Бурханы аврал”, “төрийн сүлд өршөө” гэхчлэнгийн залбирал монгол хүний зүрхэнд эрх тэгш байдаг. Ийм болохоор бурхан залсан хийд, төрийн сүлд байрлуулж, далбаа намирсан газар оронд төлөв төвшин, ёс төгөлдөр байдлаар биеэ авч явах нь “Би монгол хүн” гэсэн утга бүхий “биеийн хэл” (body language) мөнөөсөө мөн.

Иймэрхүү аар саархан мэт зүйлс л биднийг монгол гэдгийг мэдрүүлж, үр ачид маань монгол хүн гэдгийг ойлгуулж явна.

Бас “Монгол хүн тэгдэггүй юм” гэсэн цээрүүд бий. Энэ бүгдийн цаана муу муухайгаас зайлж явах хүсэл буй. Муу муухайгаас цаг үргэлж цээрлэн бясалгагч ард түмэн яагаад муу муухайг дайрах учиртай гэж…

Ёс заншил үргэлж сайн сайхныг бэлгэддэг. Сайхныг бэлгэдэж байга хүн сайхныг бодож таарна. Сайхныг бодно гэдэг нь сайхныг бясалгана гэсэн үг. Сайхныг бясалгах нь аз жаргалын дуудлага гэж гэгээнтнүүд сургасаар иржээ.

Саяхнаас монгол ёсолгоо хэмээх сайхан бэлгэдлийг санаачлаад манай үндэстний нэрийн хуудас болсон сэхээтэн, авъяастнууд дэмжээд байх боллоо. Сэтгэлд нийцэж байна аа. Нэг л их уужим тавиу мэдрэмж, дүүрэн бүтэн гэсэн бахдал эндээс гэрэлтэж байх юм. Та нар хээр гадаа явахдаа уул толгодын орой дээр гараад салхи сөрөөд ингэж ёслон зогсоод үзээрэй. Ертөнц тэр аяараа тэвэрт багтаад ирэх мэт, энэ насандаа элээж дуусамгүй баяр жаргал өвөр дүүрээд буух мэт ээ…

Олимпийн ёслол энээ тэрээ дээр мутраа дэлгэн тэнгэрийг тэврэх мэт уужим ёслон байгаа хүмүүсийг хараад “За монголын тамирчид гараад ирлээ. Тэд Чингэс хааныхаа үеэс улбаатай тэнгэрээс заяатайн бэлгэдэл ёсолгоогоо хийж байна” хэмээн тайлбарладаг болно.

Нээрээ тэгдэг болно гээч. Шинэ Зеландчууд хэдэн жилийн өмнө уугуул үндэстэн Маори нарынхаа бүжгээс хэсэглэн аваад хаа явсан газраа каратэ хийх мэт ёсолдог болжээ. Одоо дэлхийн хаа ч гэсэн арьс марьсан дээрээ огтхон ч шивээсгүй хэсэг цагаан арьстан гарч ирээд мөнөөх хөдөлгөөнийг давтаад ирвэл “Аа шинэ Зеландчууд байх нь” гэж таньдаг болчихоод байна шүү дээ.

За яахав дээ, өөр санаатай зарим нь чихээ бөглөж байна, салаавч үзүүлж байна гэхчлэн. Юм нь ямар байна. ёс нь тийм гэдэг. Тиим ч биз.

2012 оны 6 сарын 6

Categories
мэдээ нийгэм

Архангай аймагт хүчтэй шуурганы улмаас таван айлын гэр нуржээ

Архангай аймгийн Хашаат, Батцэнгэл, Өлзийт гурван суманд энэ сарын 19-нд хүчтэй шуурга үүссэний улмаас таван айлын гэр нуржээ.

Борооны өмнө үүссэн шуурганы улмаас зусландаа гараад байсан дөрвөн малчин айлын илүү жижиг гэр, нэг айлын том гэр нурсан байна. Шуурганы улмаас хүн бэртэж гэмтээгүй ч нэг айлын амьдардаг гэр салхинд нурсан учраас гэр доторх эд хөрөнгө нэлээд эвдэрч сүйдсэн мэдээллийг Архангай аймгийн Онцгой байдлыг газраас хэлтсээс өгч байна.

Энэ талаар Архангай аймгийн Онцгой байдлын газрын дарга Д.Эрдэнэбаатараас тодрууллаа.


-Хоёр гуравхан хоногийн өмнө танай аймагт нэлээд хүчтэй салхи дэгдсэн байсан. Салхины улмаас учирсан хор хөнөөл бий юу?

-Манай аймгийн Хашаат, Батцэнгэл, Өлзийт гурван сумыг дамнасан хүчтэй салхи дэгдсэн. Энэ салхины улмаас зусландаа гараад байсан дөрвөн малчин айлын илүү жижиг гэр нурсан. Мөн нэг айлын том гэр нурсан байгаа. Нэг айлын амьдардаг гэр салхинд нурсан учраас гэр доторх эд хөрөнгө нэлээд эвдэрч сүйдсэн гэж хэлж болно.

-Хүн бэртэж гэмтсэн үү?

-Хүн гэмтээгүй. Зөвхөн дээрх таван айлын гэр л нурсан байгаа. Хохирлын хэмжээ харьцангуй бага.

-Хүмүүс уг салхийг “Угалз” гээд байгаа?

-”Угалз” бол биш л дээ. Борооны өмнө боссон л салхи. Үдээс хойш салхи дэгдэж эхэлсэн бөгөөд гурван сумын нутаг дайраад намжсан. Ер нь Хашаат суманд иймэрхүү салхи үе үе гарах тохиолдол бий. Газар зүйн хувьд тал нутаг учраас салхи их үүсдэг. Өмнө нь үүнээс ч хүчтэй салхи дэгдэж байсан удаатай. Энэ удаагийн салхи ердийн гарч байдаг салхи. Гэхдээ манай Онцгой байдлын газраас болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх үүднээс малчдад цаг агаарын мэдээг зарлан мэдээлж байдаг.

-Архангай аймгаар зуншлага хэр байна?

-Бороо ороогүй удаж байна. Саяхан зүүн сумдаар жаахан бороо орсон. Аймгийн төв болоод баруун сумдаар хуурайшилттай байгаа учраас шороон шуурга их болох төлөвтэй байна.

Д.Сүрэн

Categories
мэдээ нийгэм

2008 оны сонгуулиас хойш хуруунд бэхэн тэмдэглэгээ хийхээ больсон гэв

Сонгууль зурган илэрцүүд

Сонгуулийн Ерөнхий хороонд өнөөдөр Ардчилсан намаас санал өгсөн хүний хуруун дээр бэхээр тэмдэглэгээ хийхийг шаардсан шаардлагыг хүргүүлсэн.

Энэхүү шаардлагатай холбогдуулж СЕХ-ноос хариу тайлбар хийв. Тодруулбал, 2008 оны сонгуулиас хойш буюу Монгол Улс сонгуулийн автоматжуулсан системийг хэрэглэж эхэлснээс хойш бэхэн тэмдэглэгээг сонгуульд ашиглахаа больсон.

Энэхүү тайлбараа Ардчилсан намд албан ёсоор хүргүүлнэ хэмээн СЕХ-ноос мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хандив өгсөн гэгдэх БНСУ-ын иргэн Сонгуулийн ерөнхий хороонд ханджээ

ЗурагМонгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой зарим асуудлаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ.

Сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд өнөөдөр санал авах бүх байруудад Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, журамд заасны дагуу туршилтын ажлыг зохион байгуулжээ. Туршилтаар санал тоолох төхөөрөмж санал авах байрандаа нэгбүрчлэн хүргэгдсэн эсэх, тээвэрлэлтийн явцад эвдрэл гэмтэл гарсан эсэх, саналын хуудсаа зөв уншиж, бодож байгаа эсэх, мөн үр дүнг дамжуулах зэргээр тэдгээрийн хэвийн ажиллагааг шалгаж бэлэн байдлыг тогтоосон байна.

СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа “Улсын хэмжээнд 1983 хэсэг, санал авах байр байгуулагдаж, сонгуулийн бэлтгэл ажлаа хангаад сонгогчийн санал авахад бэлэн боллоо. Дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн тоогоор 2.2 сая сонгогч бүртгүүлжээ. Үүнээс хойш сонгогчийн шилжилт хөдөлгөөн зогссон. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах сонгогчийн хүсэлт хүлээж авах хугацаа өчигдөр дуусгавар болсон. Сонгуулийн саналын хуудас бүрэн хэвлэгдэж, хөдөө орон нутагт хүргэгдсэн. Сонгуулийн сурталчилгаа энэ сарын 24-ний өдрөөр дуусгавар болно” гэв.

Мөн СЕХ-ны Хууль эрхзүйн хэлтсийн ахлах референт Д.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатартай холбоотой асуудлаар мэдээлэл хийв. Тэрбээр “СЕХ-нд “Орон нутгийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэг” ТББ, “МАХН-ын гишүүд дэмжигчдийн холбоо”-ноос нэр дэвшигч С.Ганбаатар гадаадын иргэнээс хандив авсан эсэх мэдээллийг шалгуулахаар хүсэлт ирүүлсэн. Үүнээс гадна БНСУ-ын иргэн Ю Ван Сүгээс СЕХ-нд хандан “Би МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт хандив болгож 50 сая вон өгснөө хүлээн зөвшөөрч, уучлал хүсч байна. Энэ асуудлыг шалгаж өгөхийг хүсч байна” гэсэн өргөдөл ирүүлсэн. СЕХ-нд аливаа гомдол, өргөдлийг шалгаж тогтоох эрх мэдэл байхгүй учир эдгээр гомдол, өргөдлийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Найман компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлжээ

Санхүүгийн зохицуулах хорооноос найман үнэт цаасны компанийн үнэт цаасны зах зээлд зохицуулалттай зарим үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэхээр болов.

Тус хорооноос эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.3, ҮЦЗЗТХ-ийн 29.1.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрийн тухай хуулийн 10.1.4, СЗХ-ны “Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай зарим үйл ажиллагаа эрхлэн тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгох, бүртгэх журам”-ын 8.1.5 дахь заалтыг үндэслэн дээрх шийдвэрийг гаргажээ.

Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн “Бага хээр ҮЦК”, “Догсон ҮЦК”, “Превалент ҮЦК”, “Финанс линк групп ҮЦК”, “Говийн ноён нуруу ҮЦК”, “Би Би Эс ЭС ҮЦК”,”Зюс капитал ҮЦК”, “Эм Даблью Ти Эс ҮЦК” зэрэг үнэт цаасны компаниудыг гурван сарын хугацаанд гаргасан зөрчлөө арилгаж, энэ талаар СЗХ-нд мэдэгдээгүй тохиолдолд тусгай зөвшөөрийг хүчингүй болгох арга хэмжээ авахыг анхааруулжээ.