Categories
мэдээ нийгэм

Онцгой албанд 30 хоног цэнэгээ барьдаг гар утас бэлэглэлээ

Ой, хээрийн түймрийн голомтод олон хоногоор ажиллаж байгаа Онцгой байдлын албаны алба хаагчдад сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлэхийг хүссэн иргэд, аж ахуйн нэгж байгууллага олон байгаа нь сайшаалтай. Тухайлбал, Гамшгаас хамгаалах Хүнс, хөдөө аж ахуйн улсын албаны штабын 133 гишүүн сэтгэлийн хандив цуглуулж түймрийн голомтод үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдад зориулан гар утас бэлэглэлээ.

Энэхүү гар утас нь мобиком, юнителийн хос симтэй, сүлжээ сайн барьдаг аж. Ялангуяа ой, хээрийн түймрийн голомтод олон хоногоор үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдад зориулагдсан энэхүү гар утас нь радиогийн суваг барьдаг, чанга яригчтай, 30 хоног цэнэгээ барьдгаараа давуу талтай юм.

Мөн mp3 тоглуулагчтайгаас гадна цаг агаар, зурхай зэрэг өдөр тутмын хэрэглээний программуудыг багтаасан, гар чийдэн болгон ашиглах боломжтой. Нийслэлийн Онцгой байдлын газрын Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэст энэхүү зургаан ширхэг гар утсыг хүлээлгэн өгсөн.

Гэрэл, цахилгаангүй, хөдөө, хээрийн нөхцөлд ашиглахад тохиромжтой энэхүү гар утастай болсноор алба хаагчид ар гэрийнхэнтэйгээ холбогдохоос гадна түймрийн голомтоос мэдээлэл дамжуулах, албаны бэлэн байдлыг хангахад чухал дэмжлэг боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

П.Сэргэлэн: Хөрш хоёр орны махны үйлдвэрүүд манай компаниудтай хамтарч ажиллах санал тавьсан

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнтэй ярилцлаа.


-Малын удмын санг сайжруулах ажлын хүрээнд Францаас мах, ноолуурын чиглэлийн хонь авчирлаа. 600 гаруй хонь хэр үр дүнгээ өгөх бол?

-Засгийн газар “Эрүүл хүнс-эрүүл монгол хүн” гэж том зорилтын хүрээнд олон дэд хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Тэдний нэг нь малын удмын санг сайжруулахын зэрэгцээ малаас гаралтай бүтээгдэхүүний ашиг шимийг нэмэгдүүлэх хөтөлбөр. Үүний дагуу өнгөрсөн арваннэгдүгээр сард Францад ажлын айлчлал хийх үеэрээ тэндхийн Хөдөө, аж ахуйн яамны дэргэдэх хонины фермээр орж дөрвөн үүлдэртэй танилцсан юм. Тэр үеэс мах, ноосны чиглэлийн хонь Монголд оруулж ирэх зорилго тавин ажилласан. Манай яамны Мал аж ахуйн газрынхан францын талтай холбогдож мах, ноосны чиглэлийн хонь авчирлаа. Хүндийн жин нь 100-120 кг. Зөвхөн гурван сартай хурганы мах л гэхэд 40 кг татаж байдаг. Манай монгол хонийг 48 сар тэжэээхэд 22 кг жинтэй болдог. Гэтэл тусгай үүлдрийн хонийг 18 сар тэжээхэд 110-120 кг жинтэй болж байгаа. Эдийн засгийн утгаар нь аваад үзэхээр махны гарц гурваас дөрөв дахин нэмэгдэж байна. Тэгсэн мөртлөө тэжээх хугацаа маш богино. Зарим тохиолдолд хавар гарсан хургыг тэжээж байгаад намар маханд бэлтгэхэд бэлэн болчихно. Ноосны хувьд ч гэсэн манай монгол хониноос 50 хувь илүү ноосны гарцтай. Бид үржлийн аж ахуйн чиглэлээр тэжээнэ. Тусад нь ферм байгуулаад цэврээр нь өсгөж, үржүүлэх юм. Яваандаа монгол эм хоньтой хээлтүүлж сайжирсан мах, ноосны чиглэлийн хоньтой болохоор ажиллаж байна.

-Үржилд оруулах ажлыг хэзээнээс эхлүүлэх вэ. Малчид хонин сүрэгтээ ийм үүлдрийн хонь авч удмын санг сайжруулах боломж бий юү?

-Малчдаасаа санал авна. Ирэх хавраас үржлийн ажил эхлүүлнэ гэж төлөвлөж байгаа. Хээлтүүлэгчээ ялгаж авч байгаад төлөвлөгөө гаргаж ажиллана. Ер нь бол мэдээж хэрэг малчдадаа хүргэх зорилготой. Үүнийхээ зэрэгцээ цэвэр үүлдрээр нь өсгөж, үржүүлэх ажил давхар хийгээд явах юм. Гаднаас ирсэн мэргэжилтнүүд хэрхэн маллах, үржүүлэх, арчлах сургалт хийгээд явж байна. Яамны зүгээс улсын төсөвт малын удмын санг сайжруулах хүрээнд тодорхой хэмжээний хөрөнгө суулгуулсан учраас аж ахуйн нэгжүүдээ дэмжээд явах боломжтой.

-Мал эрүүлжүүлэх хөтөлбөр юу болж байгаа вэ. Та тавдугаар сард ОХУ-д ажлын айлчлал хийхдээ энэ тал дээр түлхүү анхаарч хөнгөлөлттэй үнээр вакцин оруулж ирэхээр болсон юм уу?

-Ерөнхий сайд тавдугаар сард ОХУ-д айлчилсан. Энэ үеэр мал эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөрийг дэмжих талаар Оросын Хөдөө аж ахуйн сайд гарын үсэг зурсан. Гарын үсэг зурсны хүрээнд долоон сая тун вакциныг манай улсад буцалтгүй тусламж хэлбэрээр олгосон юм. Тэрний өмнө бидэнд нэн хөнгөлөлттэй үнээр вакцин нийлүүлье гээд дөрвөн тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан шүү дээ. Өнгөрсөн жилийн өдийд төвийн бүсээс бусад нутагт мялзан, шүлхий, цэцэг, боом гээд бүх төрлийн өвчин гарсан байсан. Одоо Дорнод, Сүхбаатар аймгийн нэг, нэг суманд дэглэм буурах хорио цээрийн хоног тоолох үйл ажиллагаа явагдаж байгаа.Харин одоо өвчний голомттой газраас шилжилт хөдөлгөөн хийж буй тохиолдол бүрийг анхааралдаа авч таслан зогсоож хариуцлага тооцож байна. Ер нь өвчин гарахгүй байна гэх баталгаа байхгүй. Учир юундаа байна вэ гэхээр Энэтхэгийн вакцин чанар муутай байна гэж малчид, малын эмч нар хэлээд байгаа. Энэтхэгийн вакцин хийсэн газраас өвчин дахиж сэдрэх асуудал гарч байгаа учраас уг асуудлыг яам анхааралдаа авч шалгана. Чанар муутай, хөлдүү вакцин хийсэн асуудал яригдаж байгаа. Хууль хяналтын байгууллагад асуудал тавиад явж байна.

-ОХУ-тай манай улс дөрвөн чиглэлээр хамтарч ажиллана гээд байгаа. Мах гаргах асуудал юу болж байна вэ?

-ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд наадмаар манай улсад айлчилна. Энэ үеэр махны экспортын асуудлыг нарийвчилж ярих юм. Ер нь бол ОХУ-ын тавьсан саналыг бид хүлээж авсан.

-Ямар санал вэ?

-Оросын махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудаа манай дотоодын үйлдвэрүүдтэй хамтарч ажиллуулах сонирхолтой байгаа. Нэг ёсондоо хөрөнгө оруулаад тэндээ үйлдвэрлэсэн махыг авъя гэж байгаа юм. Өнгөрсөн хавар хоёр хөршийн махны экспертүүд манай улсад ирж ажилласан. Тэр үеэрээ үйлдвэрүүдтэй танилцаад зөвлөмж өгөөд буцсан. Дээр нь бид олон улсын чанар, стандартын шаардлагыг хангасан сайн үйлдвэртэй болох хэрэгтэй байна. Мөн Хятадын Хөдөө аж ахуйн сайдтай уулзсан. Яг Оростой адил санал тавьсан. Бүтээгдэхүүн авах гэж байгаа улсын сонирхол гэж нэг юм байна шүү дээ. Хөрөнгө оруулалтаа хийгээд бүтээгдэхүүнээ буцаагаад авч гаръя гэж байгаа юм. Энэ зарчим бол нэгэнт олон улсад тогтсон байдаг. Засгийн газрын зүгээс үндэсний үйлдвэрүүдийнхээ зах зээлийг нээж өгөхийг бодлогоор дэмжиж байгаа. Борлуулалтыг дэмжихийн тулд гадаад харилцаа маш өндөр түвшинд хөгжүүлэх хэрэгтэй. Ялангуяа хөдөө аж ахуйн салбарт гадаад харилцаа сайн байж гэмээнэ бүтээгдэхүүнээ экспортод гаргаж чадна.

-Тэгэхээр хамтарсан үйлдвэрүүд хэзээ байгуулагдах вэ?

-Үйлдвэр байгуулах хүсэлтэй дотоодын аж ахуйн нэгжүүд олон бий. Хамтарсан үйлдвэр байгуулах нь хоёр орны хувийн компаниудын яриа, хэлэлцээрийн асуудал болчихоод байгаа юм. Засгийн газар, яамны зүгээс Монгол Улсаас бараа, бүтээгдэхүүн экспортолж чадаж байгаа байгууллагуудыг дэмжинэ. Мах экспортод гаргахад ямар хүндрэл бэрхшээл учирч байна, борлуулалт нэмэгдүүлэхийн тулд ямар гэрээ, хэлэлцээр хийхээр байна, хувийн компаниудаа хэрхэн хооронд нь уулзуулах ажлыг төр зохион байгуулах ёстой.

-Засгийн газраас мах, сүүний аян зарласан. Энэ аяны хүрээнд ямар ажлууд хийсэн бэ. Өнгөрсөн хавар махны үнэ харьцангуй хямд байсан гэсэн. Дээрх аянтай холбоотой юу?

-Мах, сүүний анхдугаар аяны хүрээнд төр мах худалдаж аваад иргэддээ хямд үнээр нийлүүлсэн. Энэ ажлыг бид энэ жил маш сайн хийсэн. Махны үйлдвэрүүд арилжааны банкуудаас хөнгөлөлттэй зээл авч махаа бэлтгэсэн болохоор өнгөрсөн хавар, энэ зун махны үнийг бид барьж чадаж байгаа. Цаашид намар, өвөл махаа бэлтгээд явна. Гэхдээ бас нөгөө талаас хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн жилүүдэд унасан байсан. Үүн дээр анхаарлаа хандуулан ажиллаж малчдын гарт мөнгө хүргэж байгаа. Үнэгүй байсан түүхий эдүүд хамгийн багадаа 2500 төгрөг хүрээд байна.

-Мал төллөлт энэ жил ямархуу байгаа вэ. Хэдэн толгойгоор нэмэгдэв?

-Мал төллөлт 98 хувьтай явж байна. Зарим аймагт бод малын төллөлт оройтсон тал бий. Төл бойжилт 98 хувьтай байна. Энэ жил бид улсын хэмжээнд 20 гаруй сая төл хүлээж авч байгаа.

-Хаврын тариалалт юу болж байна вэ. Энэ жил ихэнх нутгаар гандуу байгаа дуулдах юм. Тариалалтын гол бүс нутгуудаар зуншлага ямархуу байгаа вэ?

-Би хөдөө орон нутгаар нэлээн явж байна. Ихэнх нутгаар хуурайшилт ихтэй байгаа ч тариалалтын гол бүс нутаг харьцангуй гайгүй байгаа. Хаврын тариалалтын үеэр яамныхаа мэргэжилтнүүдийн хамт бүх аймгаар яваад ирсэн. Энэ жил улсын хэмжээнд 381.6 мянган га талбайд үр тариа тарьсан. 23.6 мянган га-д төмс, хүнсний ногоо, 23.2 мянган га-д тэжээлийн таримал, 28.6 мянган га-д тосны ургамал буюу нийт 458 мянган га-д тариалалт хийлээ. Хаврын тариалалт технологийн дагуу, хугацаандаа явж дуусаад байна. Тариалалт эхлүүлэхдээ Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас үрийн буудайг 40 хувь, шатахуун 50 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр зээлээр иргэдэд олгосон. 514 аж ахуйн нэгж 2.8 мянган тонн шатахуун, 192 аж ахуйн нэгж, иргэдэд 5.5 тонн улаанбуудайн үр өгсөн. Нийтдээ давхардсан тоогоор 1100 орчим аж ахуйн нэгж, иргэнд 14.8 тэрбум төгрөгийн үр, шатахуун, ургамал хамгаалах бодис, бордооны гэрээ хийж зээлээр олгосон. Ингэж байж тариаланчид маань хаврын тариалалтаа амжилттай хийгээд явж байна. Цаг агаарын тухайд энэ жил гол бүс нутгаар өвөл цас их орсон учраас харьцангуй чийгшилтэй байлаа. Одоогоор тариалалт хэвийн байгаа. Нийт нутгийн хэмжээгээр гандуу байх шиг байна. Засгийн газрын зүгээс хуурайшилт эхлэх үед үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулж байгаа.

-Атрын гуравдугаар аяныг энэ жил эрчимжүүлж байгаа. Өмнөх жилүүдэд манайх боломжийн сайн ургац хурааж авч байсан шүү дээ. Энэ жил эрчимжүүлсэн хөтөлбөрөөс ямар үр дүн хүлээж байгаа вэ?

-Атрын гуравдугаар аяны хүрээнд бид газар тариалан эрхлэгчдийнхээ техник хэрэгслийг иж бүрэн шинэчлэх зорилго тавьсан. ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайдад санал тавьсны хүрээнд арван сая ам.долларын трактор, комбайн, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг урт хугацаатай, бага хүүтэй зээлээр олгохоор болсон. Тариаланчдаасаа хэрэгцээт техник, хэрэгслийн захиалгыг нь авсан. Манай тариаланчид Оросын техникийг олон жил хэрэглэж сурсан, гарын ая даадаг, үнэ ч боломжийн гээд авах дуртай байгаа. Атрын гуравдугаар аяны бас нэг онцлог нь хүнсний ногоо, жимс, жимсгэний аж ахуй хэрэглэгчдийг улаан буудайн тариалалтад олгодогтой адил байдлаар дэмжинэ. Шатахуун, үр, хор, техник технологийн шинэчлэлд хөнгөлөлт үзүүлээд явж байгаа.

-Япон руу төмс экспортлох нь гэсэн яриа гарч байсан. Тэр юу болсон бэ?

-Энэ жил илүү гарсан төмсөө Япон улсад экспортлоно. Япончууд манай төмсийг шинжилж үзээд стандартын шаардлага хангаж байна, худалдаж авъя гэсэн санал тавьсан.

-Хөнгөн үйлдвэрийн чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа вэ. Үйлдвэржилт 21:100 хөтөлбөр юу болов. Мөн хуурай сүүний үйлдвэрүүд хэзээнээс ашиглалтад орох вэ?

-Судалгаа хийгдээд явж байна. Багануурт ноос, ноолуурын чиглэлийн гурван үйлдвэр, Увсад Европын технологийн махны үйлдвэр байгуулагдсан. Өвөрхангайд мөн махны үйлдвэр нээлтээ хийх гэж байна. Ер нь ажил төлөвлөгөөний дагуу гүйцэтгэл сайтай явагдаж байгаа. Хуурай сүүний үйлдвэрийн тухайд эхний ээлжийн 16 үйлдвэр ороод ирчихсэн, суурилуулж байна. Энэ зунаас малчдаас сүүгээ худалдаж аваад боловсруулаад эхэлнэ.


Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр Оксфордын их сургуульд зочин профессороор уригджээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх, хууль зүйн ухааны доктор Ч.Өнөрбаярт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, ажлын алба өнөөдөр хүндэтгэл үзүүллээ.

Ч.Өнөрбаяр зөвлөх Оксфордын их сургуулийн урилгаар зочин профессороор ажиллахтай нь холбогдуулан ийнхүү хүндэтгэл үзүүлж буй юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн төлөөх нөр их хөдөлмөрөө Ч.Өнөрбаяр зөвлөх түр завсарлуулж байна. Энэ хугацаандаа Их Британи улс дахь Оксфордын их сургуульд зочин профессороор ажиллахаар болсон нь сайхан мэдээ юм. Улс төрийн ажлаа завсарлаж, дэлхийн сод сургуульд зочин профессороор ажиллах хувь тохиол тэр бүр хүнд тохиохгүй.

Шүүхийн шинэтгэлийн том хөдөлгөөнийг бид маш хүнд цаг үед хийсэн. Энэ хүнд цаг үеийг хамтдаа туулж, том өмөг түшиг болон шүүхийн шинэтгэлийг 10 үр дүнд хүргэхэд Ч.Өнөрбаяр зөвлөхийн оруулсан хувь нэмэр их. Ч.Өнөрбаяр маань Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэлийг олж ажиллалаа. Хүний итгэлийг олох ухаан, хүн чанарын асуудал байдаг” гэж онцлов.

Цаашид шүүхийн шинэтгэлийн төлөө ажиллахыг билэгдэж тэрбээр “Шүүхийн шинэтгэл цаашид ч үргэлжилнэ. Шавь нар минь, энд байгаа хүмүүс шүүхийн шинэтгэлийн талаар асар их туршлага хуримтлуулсан. Ийм залуу үетэй Та бүхэн олон жил хамтран ажиллаж, шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлнэ гэж найдаж байгаа. Цаашдаа олон он жилүүдэд хамтран ажиллахыг ерөөе. Эрдэм номын их үйлс, урт холын замд нь амжилт хүсье” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх, доктор Ч.Өнөрбаяр талархаж буйгаа илэрхийлээд “Шүүхийн шинэтгэлийн үзэл санааны тулгын чулууг тавьсан хүн бол профессор Н.Лүндэндорж багш. Тэр үзэл санааг биежүүлж, ажил болгох нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, санаачилга байсан. Шинэтгэлийг амьдралд хэрэгжүүлэхэд Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөн, шүүхийн хамт олон бүгд хүчин зүтгэсэн гэдгийг онцолъё.

“Шүүхийн шинэтгэлийн төлөө хамтдаа” гэсэн уриа, үнэт зүйл, зарчимд нэгдсэн бүх хүн шинэтгэлийг хийсэн. Энэ бол эхлэл. Цаашид эхлүүлсэн ажлаа илүү чамбайруулах ёстой. Би залуу хүн. Монголын төрд хүчин зүтгэнэ. Хийж бүтээхээр бодож, санасан зүйл ч их бий” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Архангай аймгийн таван суманд галзуу өвчин гарчээ

ontsgoi

Архангай аймагт он гарснаас хойш малын галзуу өвчин Хашаат, Жаргалант, Цэцэрлэг, Өндөр-Улаан, Хотонт гэсэн таван суманд нийт 11 удаагийн малын галзуу өвчний тохиолдол бүртгэгджээ. Тус аймгийн Хотонт суманд хамгийн сүүлийн тохиолдол нь тавдугаар сарын 31-нд гарчээ. Энэхүү тохиолдлыг улсын мал эмнэлгийн лабораторийн шинжилгээгээр малын галзуу өвчин мөн болохыг тогтоосон байна. Ийнхүү галзуу өвчин гарсантай холбогдуулан өчигдөр аймгийн Онцгой комиссын хурлын шийдвэрээр галзуу өвчин гарсан сум, багуудад мэргэжлийн багийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг ажиллуулах шийдвэр гарсан байна.

Өнөөдрийн байдлаар өвчин гарснаас хойш Жаргалант сумын Хоолт, Зуслан баг, Хотонт сумын Өндөрсант, Хашаат сумын Номгон багуудад мал амьтны халдварт галзуу өвчинтэй тэмцэж, нийт 103 мал, амьтан устган, малчдад мэдээлэл сурталчилгаа түгээх ажлуудыг хийсэн байна.

Галзуу өвчин гарах болсон шалтгаан нь ихэнх нь үнэг, чоно мэтийн зэрлэг амьтан мал руу ноцож хазсантай холбоотойгоор гарсан байна. Хазуулж халдвар авсан таван үхэр, таван хонь, хоёр ямаа, нэг ишиг, нэг адуу, нэг согоо, нэг үнэг, нэг нохойг өвчин гарсан тухай бүр нь даруй устгаж байжээ. Цаашид ч нэмэгдэж гарч болзошгүйг Зоонозын төвөөс хэлж байгаа аж. Галзуу өвчний вакциныг захиалсан байгаа ч одоог хүртэл ирээгүй байгааг ХХААГ-аас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Forum.parliament.mn цахим хэлэлцүүлэгт оролцож, хуулийн төсөлд саналаа өгөх боломжтой

Улсын Их Хурлын Тамгын газар, “Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн” төрийн бус байгууллагаас хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад зориулан “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нөлөөллийг нэмэгдүүлэх нь” сэдэвт мэдээлэл өгөх уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулав.

“Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн” төрийн бус байгууллага нь НҮБ-ын Ардчилал сангийн дэмжлэгтэйгээр УИХ-ын Тамгын газартай хамтран “Цахим засаглалаар дамжуулан хууль боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бөгөөд энэхүү төслийн хүрээнд энэхүү уулзалтыг зохион байгуулсан юм.

Уулзалтаар хууль санаачлагчдын боловсруулсан хуулийн төслүүдэд иргэд, иргэний нийгмийн байгууллагууд болон бусад сонирхлын бүлгүүдийн саналыг авах, нэгтгэх, тусгах, тухайн талуудад санал нь төсөлд хэрхэн туссан талаар эргэн тайлагнаж, харилцан мэдээлэл солилцоход зориулагдсан http://forum.parliament.mn цахим системийг танилцуулж, системийг хэрхэн ашиглах талаар мэдээлэл өгөв.

http://forum.parliament.mn цахим хэлэлцүүлгийн систем нь УИХ-ын http://parliament.mn/цахим хуудасны дэд хуудас бөгөөд нэг талаас хууль тогтоох байгууллагад зориулсан хууль тогтоомжийн төсөлд олон нийтийн саналыг авах, нөгөө талаас хуулийн төсөлд иргэд, олон нийт саналаа өгөх боломжийг хангасан, хууль санаачлагч ба олон нийтийг орон зай, цаг хугацаа, мөнгө санхүүгийн бэрхшээлгүйгээр холбосон талбар болохын хувьд хууль санаачлагч нь өөрийн санаачилсан хуулийн төслийг системд байршуулж, олон нийтийн хэлэлцүүлэг явуулахыг УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, технологийн хэлтсийн ахлах референт Ч.Тунгалаг хэлсэн.

Одоогоор уг системд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжийг үндэслэн боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг байршуулсан байгаа бөгөөд байршуулснаас хойших долоо хоногийн хугацаанд 1000 гаруй хүн үзэж, танилцжээ.

Хэлэлцүүлгийн системийг ашиглаж эхэлснээсээ хойш 20 орчим хуулийн төслийг байршуулж, иргэд, олон нийтээс санал авсан бөгөөд Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 30 гаруй мянган хүн үзэж, 1000 орчим хүн саналаа өгсөн хэмээн “Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Ш.Оюунтуяа хэллээ.

http://forum.parliament.mn цахим хэлэлцүүлгийн системээр иргэд хуулийн төсөлд саналаа өгөхөөс гадна хоорондоо харилцах, мэдээлэл солилцох, зөвшилцөж асуудлыг шийдвэрлэх, хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбыг шүүх хурал хойшиллоо

Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбыг шүүх хурал дахин хойшиллоо. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Г.Ганчимэгийг мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1, С.Насанбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт буруутгаж буй юм.

Гэвч Г.Шийлэгдамбын өмгөөлөгч Б.Энхзаяа, шүүгдэгч О.Даваасүрэнгийн өмгөөлөгч Дэлгэрням нар нь эрүүл мэндийн шатгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар шүүхэд бичгээр мэдэгдэж энэ талаарх баримтаа хүсэлтийн хамт ирүүлсэн. Иймд шүүгдэгч нарыг өмгөөлүүлэх эрхээр хангах үүднээс шүүх хуралдааныг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 09-00 цаг хүртэл хугацаагаар хойшлууллаа.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 21 сая төл хүлээн аваад байна

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 21 сая төл хүлээн аваад байна. Мал төллөлт одоогийн байдлаар оны эхний нийт 26.1 сая хээлтэгчийн 81.8 хувь буюу 21.4 сая хээлтэгч төллөж 21.0 сая төл буюу гарсан төлийн 98.1 хувь нь бойжиж байгаа аж. Үүнээс 56.6 мянган ботго, 620.0 мянган унага, 998.6 мянган тугал, 10.6 сая хурга, 8.8 сая ишиг бойжиж байна.

Сарын өмнөх байдлаар нийт хээлтэгчийн 74.5 хувь буюу 19.5 сая хээлтэгч төллөөд байсан. Тодруулбал, 19.2 сая төл төллөж, гарсан төлийн 98.0 хувь нь бойжиж байна. Үүнээс 50.8 мянган ботго, 394.2 мянган унага, 742.0 мянган тугал, 10.0 сая хурга, 8.3 сая ишиг бойжиж байв. Мал төллөлт өмнөх долоо хоногоос 900.0 мянгаар нэмэгджээ.

Categories
мэдээ спорт

“Эрчим” хүчтэй өрсөлдөгчөө буулган авлаа

MONGOLIAN FOOTBALL FEDERATION-н зураг.Монголын Хөлбөмбөгийн холбооны “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн зургаа дугаар тойргийн нөхөн тоглолт өчигдөр боллоо. “Хүрхрээ” үндэсний дээд лигийн тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж буй “Эрчим”, “Атлетик 220” клубүүдийн сонирхолтой тоглолтод “Эрчим” 3:2-оор хожсон юм. Үндэсний лигийн арван удаагийн аварга Эрчим одоо 19 оноотой болж, ардаа яваа багаас дөрвөн онооны илүүтэй хүснэгтийг тэргүүлж байна.

“Хүрхрээ үндэсний дээд лиг”-т дараалан түрүүлээд байгаа “Эрчим” талбайдаа “Атлетик 220”-ыг хүлээн авсан нь тэргүүлэгчдийн өнгийг тодорхойлох чухал ач холбогдолтой байсан. Гэтэл талбайн эзэд 17, 20, 23 дахь минутад дараалан гоол оруулж, нүд ирмэхийн зуурт 3:0-ээр илүүрхээд эхэлсэн. Тэрхүү давамгайлыг франц довтлогч Николас Ванделли, өнгөрсөн жилийн лигийн шилдэг хагас хамгаалагч М.Төгөлдөр, лигийн мэргэн буучдын төлөө хүчтэй өрсөлдөөн үзүүлдэг япон легионер Шута Ишино нар зургаахан минутад багтаан олгосон юм.

MONGOLIAN FOOTBALL FEDERATION-н зураг.Нэгдүгээр үед “Атлетик 220” клубийн япон хагас хамгаалагч Чикара Таширо өөрт олдсон боломжийг алдсанаар эхний хагас 3:0-ээр өндөрлөсөн. Уг үр дүнгээр тоглолт өндөрлөх дөхөөд байх үед Шута Ишино 11 метрийн торгуулийн цохилт гүйцэтгэн алдав. Түүний ашиглаж чадаагүй боломжийн хариуг Ч.Бат-Эрдэнэ 87, Н.Наранболд 90 дэх минутад шийтгэж, тооны харьцааг 3:2 болгон ойртуулсан. Гэсэн ч дахин нэг гоол оруулан, оноо авахад хангалттай хугацаа байсангүй. Талбайн эзэд 3:2-оор хожиж, ардаа яваа багаас дөрвөн онооны илүүтэй хүснэгтийг тэргүүлээд эхэллээ.

MONGOLIAN FOOTBALL FEDERATION-н зураг.MONGOLIAN FOOTBALL FEDERATION-н зураг.MONGOLIAN FOOTBALL FEDERATION-н зураг.MONGOLIAN FOOTBALL FEDERATION-н зураг.MONGOLIAN FOOTBALL FEDERATION-н зураг.MONGOLIAN FOOTBALL FEDERATION-н зураг.

Categories
мэдээ нийгэм

Хоёр иргэнд орон сууц эзэмших эрхийг олгов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр Ус сувгийн удирдах газарт 40 гаруй жил үр бүтээлтэй ажилласан н.Сүхбат агсны гэр бүл болон УСУГ-т ажил үүргээ гүйцэтгэж байхдаа нурангид даруулж хөдөлмөрийн чадвараа алдсан н.Төрмөнх нарын гэр бүлийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж, орон сууц эзэмших эрхийг гэрчилгээг олголоо.

Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийслэлийн өмчит 700 орчим төр захиргаа, боловсрол, эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай нийслэлийн Өмчийн харилцааны газар “Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээ” байгуулан, гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж, нийслэлийн удирдлагуудад танилцуулан цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа тодорхойлж, тэргүүний сайн ажиллаж байгаа байгууллагыг шагнаж урамшуулах, хангалтгүй ажиллаж байгаа байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцох ажил уламжлал болоод байна.

Энэ оны хувьд нийт 650 орчим байгууллагын гэрээг дүгнэснээс 78.1% бүрэн хангалттай, 17.7% хангалттай, 3.7% ажил сайжруулах үнэлгээ авсан байна.

Бүрэн хангалттай дүгнэгдсэн байгууллагуудаас гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэн, нийслэлийн өмчийг нэмэгдүүлэх талаар санал санаачлагатай, бусдыгаа манлайлан ажиллаж байгаа Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, СХД-ийн 65 дугаар сургууль, ЧД-ийн “Эрүүл мэндийн төв”, БЗД-ийн 147 дугаар цэцэрлэг, СХД-ийн 163 дугаар цэцэрлэгүүдийг “НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙГ ЭЗЭМШИГЧ ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГА”-аар шалгаруулж өргөмжлөл гардуулав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн дуучин Г.Ариунбаатар эх орондоо ирлээ

Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс Уэлсийн нийслэл Кардифф хотноо болсон ‘BBC Cardiff Singer of the World” тэмцээнд тэргүүн байр эзэлж, дэлхийн шилдэг таван дуучны нэгээр шалгарсан МУГЖ Г.Ариунбаатар өнөөдөр эх орондоо ирлээ.

Тэрбээр “BBC” агентлагаас жил жил бүр зохион байгуулдаг “Cardiff singer of the world” буюу “Дэлхийн дуучин” уралдаанд оролцож, тус тэмцээний романс болон ари төрөлд өрсөлдсөн билээ. Г.Ариунбаатар “Романс” төрөлд тэргүүн байр эзэлж, ари төрөлд шилдэг таван дуучны нэгээр шалгаран, шилдэг баритон хоолойтой дуучны шагналыг хүртсэн юм.

Дэлхийн тайзнаа монгол сонгодог урлагийг дахин эгшиглүүлсэн түүнийг ар гэрийнхэн болон “Сүлд” чуулгын хамт олон онгоцны буудалд угтан авлаа.

Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар эх орондоо хөл тавиад баярын сэтгэгдлээ хуваалцсан юм. “Нар хур тэгширсэн, сайхан өдөр эх орондоо ирж байна, сайхан байна. “Cardiff singer of the world” тэмцээнд хоёр төрлөөр оролцож, хоёуланд нь финалд үлдэж, нэг төрөлд нь тэргүүн байр эзэлж, Монголынхоо амжилтыг шинэчилсэндээ маш их баяртай байна. Сэтгэл дүүрэн байна сайхан байна” гэлээ. “Миний хувьд дэлхийн тайзан дээр Монголынхоо агуу хөгжмийн зохиолчдын бүтээлийг эгшиглүүлэх юмсан гэсэн мөрөөдөл байсан. Миний мөрөөдөл биеллээ. Олон хүнд их таалагдсан нь мэдэгдэж байлаа. Гадаадад байгаа монголчууд төдийгүй маш олон хүн надад урмын үг хайрлаж, дэмжиж байлаа. Сүүлийн хэдэн өдөр аз жаргалаар бялхсан сайхан өдрүүд байна. Монгол Улс сонгодог урлагтай, бид бас юм бүтээдэг хүмүүс шүү дээ гэдгийг харуулахыг хичээж, тэмцээндээ оролцлоо. Үзэгчид ч маш сайхан хүлээж авсан” гэж тэр ярьсан юм.

Мөн “Төрүүлж өсгөсөн ээж, аавдаа баярлалаа. Намайг өдий зэрэгтэй авч яваа СУИС, миний багш нар, Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулга, Соёлын төв өргөөний хамт олон, Улсын филармони гээд миний ажиллаж, амьдарч байсан байгууллага хамт олон бүхий л хүмүүстээ талархаж байна. Дээрээс нь миний хажууд дэм болсон Буриад зон олон, Буриадын дуурь бүжгийн театрын хамт олон гээд энэ сайхан хүмүүсийн халуун цус, халуун дулаан уур амьсгал, намайг дэмждэг сэтгэл дээр миний амжилт тогтдог юм болов уу гэж боддог. Эх орноо, эх нутгаа байнга бодож, бахархаж, баярлаж явдаг” гэлээ.

Дуучин Г.Ариунбаатар Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа хотын удирдлагууд, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар хүлээн авч авч, баяр хүргэлээ.