Categories
мэдээ спорт

“Улаанбаатар цом” сонирхогчдын боксын олон улсын тэмцээн Хандгайтад болж байна

Зураг

“Улаанбаатар цом” сонирхогчдын боксын олон улсын 28 дахь удаагийн тэмцээн Хандгайт дахь “Их тамир” спорт цогцолборт өчигдөр нээлтээ хийв.

Тэмцээнийг Монголын боксын холбооны ерөнхийлөгч, “Ажнай” корпорацийн захирал Д.Бат-Эрдэнэ нээж, нийт баг, тамирчдад амжилт хүсээд, нарлаг Монголд ирсэн зочиддоо талархал илэрхийлсэн юм.

Нээлтийн ёслолд хийлч Ч. Дэлгэрцэцэг, “Хар сарнай” хамтлагийн С.Амармандах нар ая дуугаа өргөж үзэгчдийг баясгав.

Энэхүү тэмцээнд хүч, ур чадвараа сорих баг тамирчид, шүүгчдийг төлөөлж ОУХМ Б.Чинзориг, Сингапур улсын шүүгч эмэгтэй нар тангараг өргөсөн юм.

Улаанбаатар хотноо зургадугаар сарын 21-25-нд үргэлжлэх тус олон улсын тэмцээний нээлтийн ёслолд НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, БСШУСЯ-ны БТС-ын бодлогын гарын дарга С.Чинбат, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, Ардын багш Д.Баньди, гавьяат тамирчин Х.Алтанхуяг тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Улаанбаатар хотноо 48 жилийн өмнө анх удаа зохион байгуулж байсан “Улаанбаатар цом”-ын 28 дахь удаагийн тэмцээнд ОХУ, Бутан, БНХАУ, Энэтхэг, Сингапур, Тайвань, БНАСАУ, Монгол зэрэг 10 орны 121 тамирчин хүч, ур чадвараа сорихоор хүрэлцэн иржээ.

Энэ нь Олон улсын сонирхогчдын боксын холбоо /ОУСБХ/-той зөвшилцөж “Улаанбаатар цом”-ыг олон улсын А зэрэглэлийн тэмцээн болгохын төлөө ажиллаж байгаа Монголын боксын холбооны санаачилгаар хийж байгаа ажлын эхлэл юм.

“Их тамир” спорт цогцолборт тэмцээнд оролцож байгаа албаны хүмүүс, шүүгч, дасгалжуулагч, тамирчид бүгд нэг дор байрлаж байгаагаараа онцлогтой. Мөн тамирчид энд байрлах спорт танхимд бэлтгэлээ хийх бүрэн боломжтой. Энэ бүхнээс үзэхэд “Улаанбаатар цом” тэмцээний чансаа, нэр хүнд дээшлүүлэх талаар МБХ хичээн ажиллаж байгаа илтгэж байна. Мөн гадаадын тамирчдын хоол болон байрны зардлыг зохион байгуулагч тал бүрэн дааж байгаа юм.

“Улаанбаатар цом” олон улсын боксын тэмцээнийг олон улсын жишгийн дагуу нийслэл хотоос зайдуу Хандгайтын “Их тамир” спорт цогцолборт зохион байгуулж байна.

Уг тэмцээнд Засгийн газрын шийдвэрээр төсвөөс 80 сая төгрөг зарцуулжээ. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, МИАТ компани, Капитрон банк, “Ажнай” корпораци зэрэг олон байгууллагаас ивээн тэтгэсэн байна. МБХ-ноос “Улаанбаатар цом” ОУТ-ийг “Токио-2020” зуны олимпийн наадмын эрх авах сонгон шалгаруулах тэмцээн болгох зорилт дэвшүүлээд байгаа юм. Хэрвээ энэ зорилт биелэх аваас “Токио-2020” зуны олимпийн наадамд оролцох тамирчдын тоог нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх боломжтой.

“Улаанбаатар цом” тэмцээнд энэ удаа манайх зохион байгуулагч орны хувьд давуу эрх эдэлж жин тус бүрт дөрөв, нийт 40 тамирчин оролцуулж байгаа юм. Тэмцээн эрэгтэй долоо, эмэгтэй гурван жинд шилдгүүдээ тодруулах бөгөөд хагас болон шигшээ тэмцээн маргааш, нөгөөдөр болно.

“Улаанбаатар цом” тэмцээнийг “Эх орон” ТВ шууд дамжуулан үзүүлэх юм. Тэмцээн болох өдрүүдэд 12,13,14 цагаас Спортын төв ордны өмнөх талбайгаас Хандгайт “Их Тамир” спорт цогцолбор хүртэл автобусаар үнэ төлбөргүй үйлчлэх ажээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Туурайн төвөргөөн 2017” хөгжмийн наадам “Үлэмжийн чанар” дуугаар эхлэв

ЗурагДэлхийн шилдэг 50 соёлын арга хэмжээгээр албан ёсоор шалгарсан “Туурайн төвөргөөн 2017″ шинэ хөгжим, ардын урлагийн олон улсын их наадам өнөөдөр Төр түмний их шүтээн Мигжид Жанрайсиг бурханы өмнөх талбайд нээлтээ хийлээ.

Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран энэ жил 17 дахь удаагаа зохион байгуулж буй тус наадамд оролцохоор ХБНГУ, АНУ, Франц, Швейцари зэрэг 20 гаруй орноос төлөөлөгч иржээ. Наадамд оролцогчид Улаанбаатар-Өвөрхангай Хархорин-Сайншанд Хамрын хийд зэрэг түүх дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газруудад цуврал концерт аялан тоглолт хийх юм.

Тус наадмын нээлт ноён Хутагт Данзанравжаагийн “Үлэмжийн чанар” дууг монгол эх орон даяар болон дэлхийд тархан сууж буй монголчууд, монгол туургатнууд нэг өдөр, нэг цагт буюу өнөөдөр 12.00 цагт хуучны ая дангаар нь дуулснаар эхлэв. Ийнхүү монголчууд даян дэлхийн энх тайван, хамаг амьтны сайн сайхны төлөө дуу хоолойгоо нэгтгэсэн юм.

1999 оноос хойш манай улсад жил бүр зохион байгуулж буй уг наадам эх орноо гадаадад сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах нэр хүнд бүхий наадам болж чадсаныг зохион байгуулагчид онцолж байна. Энэ хугацаанд дэлхийн 100 орны 1500 гаруй хөгжимчин, уран бүтээлчийг наадамдаа урьж оролцуулжээ.

Наадмыг зохион байгуулагч С.Бадамхорол хэлэхдээ, “Дэлхийн онцгой сонин, давтагдашгүй 50 аяллыг шалгаруулахад “Туурайн төвөргөөн” багтсан. Энэ жагсаалтад далайн гүнд буй “Титаник” хөлгийг үзэж, өрөө тасалгаанд нь тухлах, Лхаст очиж Далай ламтай өглөөний цай ууж, ярилцах, Английн хатан хаантай зэрэгцэн сууж морины уралдаан үзэх зэрэг өндөр үнэтэй, хүссэн бүхэн оролцох боломжгүй аяллуудыг нэрлэсэн юм билээ. Энэ наадмын оролцогчид Монголын үзэсгэлэнт байгалиар аялахын зэрэгцээ Монголын сор болсон уран бүтээлчид, дэлхийн орчин үеийн урлагийн төлөөлөгчдийн тоглолтыг үзэж, нүүдэлчдийн өвөрмөц соёл, зан үйлтэй танилцдаг тул дэлхийн шилдэг аяллаар шалгарсан. Байгалийн сонин содон тогтоцтой, үзэсгэлэнтэй газарт уран бүтээлчид тоглолтын танхимд тоглосноос илүү сэтгэл хөдлөлтэй, эрх чөлөөтэй болдог. Тиймээс гайхамшигтай энерги ялгардаг. Манайх шиг менежментээр арга хэмжээ зохион байгуулъя, “Туурайн төвөргөөн” наадмын нэрийг ашиглая гэх хүсэлт олон ирдэг. Бидний хийж байгаа ажил дэлхийн сонорт хүрч, эх орныхоо нэрийг дуудуулж байгаад бахархдаг” гэв.

Энэ үеэр Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, СГЗ, Гавж Д.Чойжамц айлдвар сургаалиа айлдсан бол лам хуврагууд Хүслийн 5 Тахил, уртын дуучид ая дуугаа өргөлөө.

Мөн “Шилмэл загвар” салоны хамт олон Бурхадын өмсгөл загваруудаа танилцуулж, профессор Бернхард Вульф төгөлдөр хуурын ая эгшгийг эгшиглүүлсэн юм.

Ирэх сарын 04-нийг хүртэл үргэлжлэх тус наадамд оролцогчид маргааш Хархорин хотыг зорих аж.

Дашрамд сонирхуулахад, хүн төрөлхтний урлагийн хамгийн алдартай 50 урлагийн тур тоглолтын нэг болсон уг наадмаас санаа авч Киргизстан, Тайланд, Камбожи зэрэг оронд ижил төстэй наадам зохион байгуулдаг байна.

Categories
мэдээ улс-төр

“Ногоон нуур” хорооллыг богино хугацаанд ашиглалтад оруулахад Засгийн газар анхаарна

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын Засгийн газар хүн амын орон сууцны хэрэгцээг хангах зорилгоор нэгдсэн бодлого боловсруулж, “Хямд өртөгтэй орон сууц” үндэсний хөтөлбөр баталсан юм. Энэ хөтөлбөрийн нэгээхэн хэсэг болох 1008 айлын орон сууцны цогцолбор хорооллын шавыг өнөөдөр тавьж байна.

Эхний ээлжинд чөлөөлөгдсөн 3,8 га талбайд ерөнхий төлөвлөгөөний дагуу 21 давхар найман орон сууц, 960 хүүхдийн багтаамжтай дунд сургууль барих ажил энэ мөчөөс эхэлж байна.

Цаашид 1,57 га газрыг чөлөөлж 240 хүүхдийн цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төв, авто зогсоол барих юм. Гүйцэтгэгч компаниудын хэлж байгаагаар “Ногоон нуур” хороолол ирэх жилийн өдийд ашиглалтад орох учиртай гэдгийг хэллээ.

Энэ төслийг хэрэгжүүлснээр гэр хорооллыг дахин төлөвлөж хөгжүүлэх төслүүдийн хэрэгжилт эрчимжиж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулах юм.

Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахын тулд цахилгаан халаагуур, утаагүй түлшний үйлдвэрлэл болон хэрэглээг дэмжиж төрөл бүрийн хөнгөлөлт үзүүлэх, гэр хорооллын өрхийн цахилгааны төлбөрийг өвлийн улиралд шөнийн цагаар 100 хувь чөлөөлөх, нийслэлд оруулах түүхий нүүрсний хэмжээг үе шаттай бууруулах зэргээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Гэвч энэ бүхэн бол эцсийн төгс шийдэл хараахан биш юм. Гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцжуулж байж агаарын бохирдол буурна. 1008 айлын цогцолбор хороолол энэ бодлогын эхлэл юм. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д айлчлах үеэр манай улсад олгохоор болсон хоёр тэрбум юань буюу 330 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор болсон. Энэ хөрөнгийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн.

Мөн агаарын бохирдол хамгийн өндөртэй бүсийн айл өрхүүд ипотекийн зээлд хамрагдахдаа хашааны газраа үнэлж барьцаалаад урьдчилгаа төлбөргүйгээр одоо бэлэн ашиглалтад орсон байруудад орж болох боломжийг бүрдүүлсэн гэдгийг Ерөнхий сайд тодотголоо.

“Ногоон нуур” хорооллын барилгын бүтээн байгуулалтад ямар нэгэн хүндрэл бэрхшээл гаргахгүй байж, богино хугацаанд ашиглалтад оруулахад Монгол Улсын Засгийн газар анхаарч ажиллана гээд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 1008 айлын байрны түлхүүр гардуулах ёслол дээр уулзахын ерөөл тавилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

B, C вирус тоолох шинжилгээг 22 лабораторид хийнэ

40-65 насны даатгуулагчийг хепатитын В, С вирусын илрүүлэг шинжилгээнд хамруулах ажил орон даяар үргэлжилж байна.

“Элэгний вирусын идэвхжил” тодорхойлох лабораториудын сонгон шалгаруулалт явагдан 31 лаборатораториос 22 лаборатори тэнцэж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулаад байна. Вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээг гэрээ байгуулсан 22 лабораториор дамжуулан тусламж үйлчилгээний зардлыг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцан санхүүжүүлнэ.

Хепатитын вирус эерэг гарсан сорьцыг уг лабораториудад хүлээлгэн өгч вирусын идэвхжлийг тодорхойлуулан улмаар вирусын эсрэг эмчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах юм.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас зарласан сонгон шалгаруулалтанд оролцож ЭМД-ын сангаас санхүүжих лабораториуд:

1. Улсын нэгдүгээр төв эмнэлэг
2. Улсын хоёрдугаар төв эмнэлэг
3. Халдварт өвчин судлалын үндэсний төв
4. Хавдар судлалын үндэсний төв
5. Багануур эрүүл мэндийн төв
6. Интермед эмнэлэг
7. УБ Сонгдо эмнэлэг
8. Грандмед эмнэлэг
9. Аллергимед эмнэлэг
10. Монгол Хьюндай эмнэлэг
11. Итгэл эмнэлэг
12. Онкоген лаборатори
13. “Гялс” Анагаах ухааны төв
14. Мобио лаборатори
15. Оношмед лаборатори
16. “Бона Вита” лаборатори
17. “Протолаб” лаборатори
18. Элэгний төв лаборатори
19. “Гэгээн Ар Үр” лаборатори
20. Медипас эмнэлэг /Эрдэнэт хот/
21. “Евростандарт лаборатори
22. Хаппи веритас

Categories
мэдээ улс-төр

ОХУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын хорооны орлогч дарга М.И.Дидигов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Төлөөлөгчид УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны урилгаар манай оронд айлчилж байгаа юм.

УИХ-ын дарга М.Энхболд хоёр орны хууль тогтоох байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өргөжин хөгжиж байгааг онцлон тэмдэглэв. Түүнчлэн “Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг цаашид улам гүнзгийрүүлэх нь чухал гэж үзэж байна. 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр шинэ парламент, Засгийн газар эмхлэн байгуулагдсанаас хойш харилцаа эрчимжиж байна. Салбарын яам хооронд харилцан айлчлал, гэрээ хэлэлцээр цөөнгүй хийгдлээ. Манайхаас гэхэд 5-6 сайд ОХУ-д айлчилсан. Засгийн газар хоорондын комиссын хуралдаан амжилттай боллоо. Энэ бүхэн нь манай хоёр орны Стратегийн түншлэлийн харилцаанд нэгэн шинэ үе нээгдэж буйг илтгэн харуулж байна” гэлээ.

Ноён М.И.Дидигов хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд, айлчлалын хугацаанд УИХ-ын Байнгын хороодын дарга, гишүүд, ҮАБЗ-ийн удирдлагууд, Хууль зүйн яамны төлөөлөлтэй уулзаж, хамтын ажиллагааны өргөн цар хүрээтэй асуудлаар санал солилцлоо. Парламент хоорондын хамтын ажиллагаа хурдацтай хөгжиж буйд баяртай байна. Бүс нутаг, хил орчмын аймаг, хот, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагаа, худалдаа, бизнесийн түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүйн таатай орчин бүрдүүлэх нь хууль тогтоох байгууллагуудын нэн чухал зорилт юм гэж онцоллоо.

Уулзалтын үеэр ноён М.И.Дидигов ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга, хатагтай Валентина Ивановна Матвиенкогийн илгээлтийг УИХ-ын дарга М.Энхболдод гардууллаа.

Илгээлтэд 2016 оны 12-р сарын 15-нд УИХ-ын дарга М.Энхболдын ОХУ-д хийсэн айлчлалын үеэр хөндсөн Орос, Монголын харилцааны өнөөгийн байдал, хэтийн төлөвийн асуудал, парламент хоорондын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх хүсэл сонирхол, олон улсын парламентын байгууллагууд хоорондын олон талт хамтын ажиллагаанд оролцох боломж зэрэг асуудлыг хөнджээ.

Хатагтай В.И.Матвиенко М.Энхболдод хандан удахгүй болох гэж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцохыг хүсэн ерөөсөн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Сэлэнгэ аймагт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017.06.21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум болон аймгийн төвд ажиллаж иргэдтэй уулзлаа. Тэрээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гарч байгаа үр дүн зэргийн талаар танилцуулж иргэдийн асуултад хариулав.

Ерөнхий сайдын ажлыг авснаас хойшхи 10 гаруй сарын хугацаанд төсвийн алдагдал буурч, орлого ч нэмэгдсэн. Гадаад худалдааны эргэлт нэмэгдэж, экспорт сүүлийн саруудад тогтмол 40 гаруй хувийн өсөлттэй гарч байгааг тэрээр тэмдэглэлээ.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тасралтгүй уруудаж хасах хувьтай гарч байсан эдийн засаг энэ оны эхний улирлын байдлаар 4.2 хувьд хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ажилгүй иргэдийн тоо 5000 хүнээр буураад байгааг хэллээ. Эдийн засаг, санхүүгийн байдал сайжирч, тогтворжиж эхэлсэн гэж олон улсын шинжээчид дүгнэж байгааг ч Ерөнхий сайд онцоллоо. Мөн эдийн засагт ногоон гэрэл ассан учир ирэх оноос тэтгэвэр нэмж, 2019 оноос цалин нэмэх шийдвэр гаргасан. Зөвхөн тэтгэврийн нэмэлтэд гэхэд л 150 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байгааг дуулгалаа.

Цаашид гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг эргэн олж авч хамтран ажиллах ёстой. УИХ, Засгийн газар нэг бодлогоор, нэг зүгт харж ажиллаж байгаа нь хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж байна гэв. Сэлэнгэ аймаг газар тариалангийн бүс нутаг. Тариалан эрхлэгчид, ногоочид хамтарч зоорь барих хэрэгтэй, бүтээгч, үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгжээ Засгийн газар бодлогоор дэмжинэ гэлээ. Мөн Ерөнхий сайдын хувьд алт, мод хоёроор оролдохгүй. Тухайлбал Ноён уулыг хөндөхгүй гэж хэлснийг иргэд талархан хүлээж авлаа.

Газар тариалан эрхлэгчдэд Итгэлийн зээл олгон, мах, сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуйг дэмжих, тэжээлийн тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор “Мах, сүүний анхдугаар аян” өрнүүлж аймгуудад сүүний үйлдвэр байгуулж эхэлсэн. Энэ аяны үр дүнд манай улс хуурай сүүний импортыг бүрэн халж, улмаар гадаад зах зээлд экспортлох боломж бүрдэнэ гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Мөн “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”, “Цалинтай ээж” хөтөлбөр, төрүүлсэн хүүхдийн тоогоор ажилласан жилийг 1.5 жилээр нэмж тооцох, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр, Тавантолгой зэрэг уул уурхайн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, нийгмийн даатгал, Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, “Насны хишиг” зэргийн талаар иргэдэд танилцууллаа.

Мөн өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат аймгийн төвийн “Сэлэнгэ” олон улсын худалдааны төвөөр орж лангуу эрхлэгчидтэй уулзсаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын сонгуулийн сурталчилгааны хаалтын арга хэмжээнд оролцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Ариунбаатарт цагдаагийн хошууч цол олголоо

“Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин, цагдаагийн ахмад Г.Ариунбаатарт Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн хошууч цол олголоо. Монгол Улсынхаа, монгол цагдаагийн нэрийг өндөрт өргөн, дэлхийд таниулж яваа хэмээн Цагдаагийн ерөнхий газрын дарга болон даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзан, баяр хүргэж амжилт хүсэв.

Тэрээр “BBC Cardiff Singer of the World 2017” буюу “Дэлхийн дуучин-2017” уралдааны дэлхийн шилдэг 20-т шалгаран, хоёр төрлөөр өрсөлдөж, романсын төрөлд тэргүүн байр эзэлж, ари төрөлд дэлхийн шилдэг таван дуучны нэгээр шалгарсан юм. Г.Ариунбаатар энэхүү уралдаанд төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Монголын тал нутаг” дууг дуулсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Шенгений орны визийг Монголд олгож эхэлжээ

Энэ сарын 19-нөөс эхлэн Итали болон Шенгений орны визийг Улаанбаатар дахь Италийн Элчин сайдын яаманд хандаж авдаг болж байгаа юм байна. Энэ тухай Бүгд Найрамдах Итали улсаас Монгол Улсад Элчин сайд Андре Дэ Фэлип мэдэгдэв. Тодруулбал, өнгөрсөн даваа гаригаас эхлэн монголчууд Итали улс руу зорчихдоо заавал Бээжин явахгүйгээр Монгол дахь ЭСЯ-нд хандаж виз авах боломжтой болжээ.

Визний төрлийн хувьд аялал жуулчлал, эмчилгээ, бизнес, сургууль, хувийн хэргээр зорчих гээд бүгд хамаарах юм байна. Харин ямар виз авахаас хамаараад визний хугацаа, хураамж өөр өөр байх аж. Виз мэдүүлснээс хойш ажлын гурав хоногийн дараа виз гарах зохицуулалт хийжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар дахь Италийн Элчин сайдын яаманд онлайнаар хандах, эсвэл утсаар ярьж цаг авч авах боломжтой юм байна.

Вэб сайт: http://www.ambulaanbaatar.esteri.it/ambasciata_ulaanbaatar/en/

Categories
мэдээ утга-зоxиол

“Бага хангайн цом” яруу найргийн наадамтай

“Бага хангайн цом” яруу найргийн наадам энэ сарын 29-нд болох юм байна. “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Номоо солилцъё” өдөрлөгийн үеэр энэхүү яруу найргийн наадмыг зохион байгуулж байгаа ажээ. Багахангай дүүргийн хүүхэд багачууд, иргэдэд яруу найргийн үгийн увидас, тансаг хэллэг, туурвилыг хүргэх нь наадмыг зорилго гэнэ.

Наадамд оролцох найрагчид чөлөөт сэдэвтэй хоёр шүлгээр эхний даваанд өрсөлдөнө. Үүнээс шалгарсан 25 найрагчийг хоёрын даваанд оролцуулах аж. Эхний дөрвөн байрыг шалгаруулж, цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулахаар болжээ. Бүтээлийг МЗЭ-ийн байранд хүлээн авч байгаа юм байна.

Categories
мэдээ улс-төр

С.Эрдэнэ: АН-ыг гүтгэх замаар хариуцлагаас зугтах гэсэн явуургүй оролдлогоо болих хэрэгтэй

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нар мэдээлэл хийлээ. Тус намын нэр дэвшигч богино хугацаанд Монгол орноо тойрч ирснийг мэдээллийн эхэнд онцлов.

Намын дарга С.Эрдэнэ мэдээллийн үеэр хэлэхдээ “Эрх баригчдын зүгээс АН-ын сурталчилгааг бүхий л талаар хааж, боогдуулах ажиллагааг явуулж байгаа, мөн АН-ын сурталчилгааг нийтэлсэн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг дарамтлах, торгох, сүрдүүлэх үйлдэл хэрээс хэтэрч байна” гэв.

Ардчилсан намын сурталчилгааг цацсан гэх үндэслэлээр 30 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслийг цагдаад дуудаж, байцаалт авах зэрэг дарамтыг янз бүрийн хэлбэрээр үзүүлж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн луйврыг илчилсэн иргэнийг цагдаагийн хамгаалалт нэрээр бүсэлж, сэтгэлзүйн дарамт үзүүлж, үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэх зэрэг бүхий л талын дарамтыг үзүүлж байна. Цагдаа, хүчний байгууллагууд Ардчилсан намын сонгуулийн штаб, хороо дүүргийн ухуулах байраар явж сурталчилгааны хэвлэл материалыг хураах, ажиглах зэргээр дарамт учруулж байна. Цагдаа, хууль хүчний байгууллага эрх баригчдын гар хөл болсныг харуулж байна. Ийм хүнд нөхцөлд ажиллаж байгаа АН-ын нэр дэвшигч маш олон судалгааг тэргүүлсээр байна” гэлээ.

АН-ынхан дээрх үйдлүүдийг зохих хуулийн байгууллагад хандсан ч хариу өгөхгүй байгаа аж. Нэр дэвшигч Х.Баттулга 60 тэрбумын бичлэгийг шалгаж өгөхийг хүсэж хуулийн байгууллагад хандсан ч шалгаж байна гэсэн мэдээлэл өгөөгүй байна.

“МАН-ынхан 2014 онд төлөвлөөд 2016 оны сонгуулиар ашигласан бохир технологио энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар дахин ашиглахыг зорьж байна. Мөн сонгуулийн дараа СЕХ-ны удирдлагуудыг хүлээн авч, баяраа тэмдэглэж байгаа видео бичлэг цацагдлаа. Эвлүүлэг гэж мэлзэхгүй байлгүй. Дүрстэйгээ, дуутайгаа, оролцогчидтойгоо ил тод бичлэгийг олон түмэн үзлээ. Ийм цагаандаа гарсан үйлдлийг хууль хяналтын байгууллагынхан анхааралдаа авах ёстой. Энэ уулзалтын бичлэг дээр МАН-ын дарга М.Энхболд СЕХ-ны нарийн бичгийн дарга Болдсайхан нарын сонгуулийг луйвардсан байж болзошгүй яриа өрнөж байгаа. Энэ бүх үйлдэлдээ МАН-ын зүгээс тайлбар хийхийг шаардаж байна. Албан шаардлагаа бичгээр хүргүүлнэ. АН-ыг гүтгэх замаар хариуцлагаас зугтах гэсэн явуургүй оролдлогоо болих хэрэгтэй” гэж мэдээллийн үеэр хэллээ.