Categories
мэдээ улс-төр

ЕАБХАБ-ын сонгууль ажиглах багийн тэргүүнийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институц, хүний эрхийн алба (АИХЭА)-ны Сонгууль ажиглах багийн тэргүүн, элчин сайд Гээрт-Хинрич Арэнсийг хүлээн авч уулзан, энэ 6 дугаар сарын 26-ны өдөр болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн асуудлаар ярилцав.

Элчин сайд Гээрт-Хинрич Арэнс ЕАБХАБ-ын АИХЭА 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, 2016 онд Монгол Улсын Их Хурлын сонгуулийг тус тус ажиглаж байсныг тэмдэглэж, энэ удаад ЕАБХАБ-ын гишүүн 20 орны 30 ажиглагч урт хугацаанд буюу өнгөрсөн 5 дугаар сарын 22-ноос ирэх 7 дугаар сарын 5-ыг дуустал манай улсад ажиллахыг тэмдэглэж, тус багийн ажилд дэмжлэг үзүүлж байгаад Гадаад харилцааны сайдад талархал илэрхийлэв.

Сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улс ЕАБХАБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгааг тэмдэглэж, цаашид тус байгууллагын үйл ажиллагааны үндсэн гурван чиглэл болох цэрэг-улс төрийн, эдийн засаг, байгаль орчны болон хүний аюулгүй байдлын чиглэлээрх хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх, нэн ялангуяа, эдийн засаг, нийгэм, хүний аюулгүй байдлын чиглэлээр тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нь чухал болохыг тэмдэглэв.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Кубын талууд боловсролын баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрөх болов

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатар, Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Делгадо Консепсион нар 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “Дээд боловсролын сургалтын хөтөлбөр, диплом, эрдмийн зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Куба Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурав.

Хэлэлцээрийг байгуулснаар хоёр тал ерөнхий боловсролын болон тусгай мэргэжлийн дунд сургууль, сургалтын гэрчилгээ, дээд боловсролын байгууллагаас олгосон үнэмлэх, диплом, эрдмийн зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх бөгөөд тухайн гэрчилгээ, дипломыг эзэмшигч хоёр улсын иргэд үнэмлэх, гэрчилгээнд заасан мэргэжлийн дагуу мэргэжил дээшлүүлэх, үргэлжлүүлэн суралцах, эрдмийн зэрэг хамгаалах эрхтэй болж байгаа юм.

Боловсролын салбар манай хоёр орны хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг. Кубын Засгийн газар 1960-аад оноос эхлэн манай оюутнуудад тэтгэлэг олгож ирсэн бөгөөд 1994 оноос хойш манай 140 гаруй оюутан айлын талын тэтгэлгээр суралцсан байна. Кубад суралцдаг манай оюутнууд анагаах ухаанаас гадна аж үйлдвэр, биеийн тамир, нийгмийн ухааны чиглэлээр суралцдаг.

Манай улс 2017 oнд Кубын хоёр оюутныг Монголд тэтгэлгээр суралцуулахаар болсон бөгөөд МУИС, Гаванагийн Их сургуулийн хооронд хамтын ажиллагааны баримт бичиг байгуулан ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

12360 м.кв талбайн шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэв

Нийслэлийн нутаг дэвсгэрт ‘’Хог хаягдлын тухай’’ хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хөл газрын ургамал болон шарилж, зэрлэг ургамлыг устгах, тархалтыг хязгаарлах ажлыг өрнүүлж байгаа билээ. Уг ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 1,3,6,26 дугаар хорооны нийт 12360 м.кв талбайн шарилжийг түүж, цэвэрлээд байна.

Дүүргийн “Нийтлэг үйлчилгээний газар II”-ын ажилчид хөл газрын харшил үүсгэгч ургамлуудыг үндсээр нь зулгаах, гар хадуур болон зүлэг хяргагчаар газрын гадаргуутай тэгшлэн тайрч байгаа юм. Энэ сарын 17-ноос 9 дүгээр сарын 5-ныг хүртэл үргэлжлэх иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд болон СӨХ-ыг аянд идэвхтэй оролцохыг уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
xурдан-морь мэдээ нийтлэл

Шаргын тууль

Нэгэнт дэргэд айлссан наадмын нэг дутуу нь аугаа их хурдан шарга азарга байх мэдээ түгээгджээ. Энэ цагийн Монголын домогт ажнай өнөө жил уралдахгүйн учир буй аж. Гэвч шарга азарга монгол наадмын нэгэн хэсэг байж ард түмний зүрх сэтгэлд уярал хайр бэлэглэн, ер бусын төгөлдөр сайхан самсаан шархирааныг чимчигнүүлдэг нь түмэн үнэнтэй. Шаргагүй наадам бүтэнгүй санагдана. Бүтэн наадъя. Шаргыгаа уншигчдынхаа сэтгэлд уралдуулахуйн учгийг сүвлэж хоёр жилийн өмнө туурвилчийн бичсэнийг толилуулъя.

Талын цэлгэрхэн элгэнд тэр ханиа нутаглуулжээ. Наад­­­мын улирал айсуйн энэ цагт сэтгэлийн эмзэглэлт дурсамж өдөр өдрөөр то­досч бодол зүрхний ховдол хайр­лан өрөвдөх хийгээд хага­цахуйн гунигт хэмнэлээр зэрэгцэн лугших бөлгөө.

Бид нэгнийхээ амьдралд тохиолд­­сон ээдрээ зовлонг тэр бүр мэдэхгүй. Бас нэг нэгийнхээ хэзээ ч үл сонсч мэдэх гай­хамшигт амьдралаар амь­дарч буйг нь ч үл анзааран аж төрөх билээ. Үүнийг бичиг­чийн ишлэн хэлэхийг хүсдэг нэгэн ухаантны үгийг дахин хэлмээр санагдана. Энэ нь “Амьдрал бол өнгөрсөн өд­рүүд биш, ахин дурсагдах өдрүүд юм” гэсэн үг билээ. Үнэхээр л амьдрал ахин дур­саг­дах өдрүүдээр бүтэх агаад, тэрхүү ахин дурсаг­дахуйн замд аз жаргал, зов­лон гуниг, инээд хөөр, сайхан сэтгэл бүгд ээлжлэн оршино. Одоо би уншигч та бүхэндээ ийм л нэг ахин дурсагдахын замаар мөшгөн сурвал­жил­сан тууль мэт уярам үнэн түүхийг ярьж өгье.

Залуу эр Э.Эрдэнэчу­луун гэргий А.Агваанцэ­цэг­тэйгээ ханилан сууж, аавын гэрээс голомт таслан аз жаргалтай амьдралаа асаа­сан нь 1980-аад оны дунд үе. Удалгүй анхны охин нь төр­жээ. Энэ бол наян зургаан он юм. Анх­ны үрээ тэвэрч баяр­лалдсан залуу хосод ингэж баярлахтай зэрэгцэн нэгэн гайт өвчний халдвар эхнэ­рийг нь өвч­лүүл­жээ. Эмнэлгийн ажилт­нуу­дын ноолгор ун­хиагүйн харгайгаар тариурын шараар өвдсөн нь хожмын хагацлын үндсийг тавьсан байна. Ин­гээд залуу сайхан эхнэр нь элэгний өвчтэй болсон ч амьдралын ая дант хэмнэлд эхэндээ төдийлөн мэдэгдэх­гүй яваад байж. Эрдэнэбатын Эрдэнэчу­луу­ны уг гарвал сурвалж нь Өвөрхангай айм­гийн Хайр­хан­дулаан сумын хүн. Ээжийн талынхан нь Архан­гайн чигийн хүмүүс бөгөөд тэдний дунд зэгсэн сайн уяач явсан лам нар байжээ. Энэ удам угшил нь нөлөөлсөн үү, хэдий хотод төрж өссөн авто жо­лоочийн мэргэжилтэй Э.Эр­дэнэ­чу­луун нэг л мэдэ­хэд хурдан морь, адууны үнэнхүү хор­хой­тон болсон байжээ. Ин­гээд ерэн дөрвөн оны хавар Хэнтийн Галшар суманд хурд­ны удамтай адуу сонир­хож, үнэ таарч, сэтгэл шилбэл авах хүслээр тэр хавийн нутгийн айлуудаар өөрийн анд Зуз хэмээх Дор­жийн хамтаар бууж мордон хэд хоног явжээ.

Чингэж явахдаа ханийн­хаа элгэнд эмчилгээ болгож “Саамыг нь уул­гая” гэж сэт­гээд тэндхийн Будаа нэрт хүнээс нэгэн сайхан цагаан гүү худалдан авсан байна. Гэвч Будаа шууд л “Хөтлөөд яв” гээд өгчихсөнгүй. Бас жаахан үнэр­хэх янзтай бай­сан болол­той, ингэхэд нь нөхрийг хүн­дэт­гэсэн Зуз Дорж “Өөрийн адуунаас сайн угшилтай уна­гатай гүү өгье” хэмээсний хүчээр хоёр нө­хөр өнөө ца­гаан гүүг ногтолж чаджээ. Цагаан гүү хусран байсан бөгөөд нэгэн охин шарга даага дагуулан ирснийг Э.Эрдэнэчулуун “Морин той­руулга”-ын халтар азаргандаа хураалгаснаар Галшарын ганган цагаан гүү Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт идээ­шиж эхэлсэн түүхтэй байна.

Цагаан гүү Э.Эрдэнэчу­луу­ны сүрэгт нийлүүлэгдсэ­ний­хээ дараа жил нэгэн сай­хан гал шарга унага төрүүлэв гэнэ. Мөнхүү унага үзтэл хайр төрөм, эгэл биш амьтан бай­сан гэнэ. Тэр мөртөө хүнээс ер бишүүрхдэггүй, хүүхдээр бол хэнд ч болов очоод тэв­рүүлж байдаг хөөрхөн золиг байжээ. Шарга унаганы эх, цагаан гүүний саамыг эрт­нээс хүсэмжлэн тийнхүү явдал суудал болсон боло­хоор гэргийдээ өгчээ. Хүнд сэтгэл нийлж, элэг тат­сан ханиас илүү сайхан нь хаа билээ. Э.Эрдэнэчулуун ч хүний хайлан болсон залуу сайхан эхнэртээ үлэмжийн хайртай байв. Тийм ч учраас түүнийхээ амь амьдралын төлөө өөрөөсөө гарах хүч чадал, ухаан бодлоо дайчилс­ныг та одоохон унших болно. Түүний сайн, сайхан эхнэр мөнөөх энхрий уяхан сэтгэ­лийг аяндаа төрүүлэх шарга унаганы бүлээхэн уруулаа­раа шимэн хөхөх халуун саамаас хуваалцахыг хүсээ­гүй байна. Эх хүний заяамал уяхан сэтгэлээс гадна энх­рий яруухан тэрхүү шарга унага бүсгүйн сэтгэлийг ер бусаар хөндсөн бололтой. Ингээд “Энэ хөөрхөн амьтан саамаа бүтэн хөхөг дээ. Би үүний сүүнээс хороолцож яах вэ” хэмээж, өөр гүүний саам ууна гэж эрслэн зүтгэснээр, мөнхүү шарга унага бүтэн саамаа хөхөж, бүлээхэн зү­сээ тольдуулсан аюулын сай­хан амьтан болжээ. Ганайсан сайхан шарга даага 1997 оны улсын наадмаар данайтал давхиж ирээд айргийн тавд ордоггүй юу. Уншигч та санаж л байгаа байх. Уяач эзэн нь ч баярлаж байсан нь дамжиггүй. Яагаад гэвэл энэ чинь нөгөө саамыг нь эхнэртээ уулгах гэж авчирсан цагаан гүүний унага шүү дээ. Тэр шарга унага эздийнхээ сэтгэлийг, ялангуяа эхийн нь халуун сүүг хуваалцаагүй эзэгтэйдээ “сэт­гэлийн өр” төлөх мэт юм болжээ. Гэвч энэ үед шарга адуут айлын эхнэрийн бие улам бүр өвдсөөр байлаа. Эвлэж, тэтгэж амьдарсаар л байж. Дараа жилийн нь хавар шарга үрээ бас нэгэн шарга дүү дагуулж, мөнөөх цагаан гүү Э.Эрдэнэчулууныд ир­сээр хоёр дахь эр шарга унагаа төрүүлсэн байна. Энэ­хүү хоёр шарга адуу Эрдэнэ­батын Эрдэнэчулуун хэмээх нэрт уяачийг Монголын ард түмэнд тод томруунаар та­ниул­сныг бид нэгэнт мэдэх болжээ. Гэвч хамгийн гол нь Э.Эрдэнэчулуун уяач, энэ хоёр шарга хүлгийн тууль нь чухам юундаа гайхамшигтай болохыг одоо өгүүлье.

2000 оны Үндэсний их баяр наадмын соёолон мори­ны уралдааныг уншигч та эргэн нэг сана. Яагаав, цэ­гээн дэлтэй өндөр шарга үрээ түрүүлэн давхиж явснаа хол саахалтад хадуурч, наадамч олны зүрхийг эмзэглүүлэн бахдуулан байж, буцан урал­даа­ны замдаа орон өмнөх морьдоо яах ийхийн зуургүй суга орхин давхисаар хол саахалтын зайд түрүүлж ир­дэг­гүй юү. Шарга үрээгээ түрүүлүүлсэн Э.Эрдэнэ­чу­луун наадмын дараа Хэнтийн Галшарын томоохон наадамд очлоо. Тэнд хамт очсон эхнэ­рийн нь бие дордож, эмнэлэг домнолго болж аргагүйдэн явахдаа шарга үрээнийхээ уяаг алдагдуулснаа хожим мэджээ. Ингээд тэр наадмын тоосонд шарга үрээгээ алд­сан байна. Гайхам хурдан шарга үрээний нь дүү ганц шарга адуу үлджээ, одоо. Яагаад ч юм, тэр хөөрхий шарга үрээ, Э.Эрдэнэ­чулуу­ны эхнэр хоёрт ямар нэг амь сэжмийн холбоо байсан мэт санагдана. Тэр хоёрын аль нэгээс л орчлон уйдсан юм шиг. Эхлээд саамыг нь уухаа­саа татгалзаж шаргаа өсгө­сөн, дараа нь шарга нь тү­рүүлж тэднийгээ баярлуул­сан, тэгээд дараа нь эзэгтэйн бие өвдөхтэй зэрэгцэн шарга уяаны гам алдсанаас эндэж хорвоог орхисон. Ямар нэг нөхөлдөхүйн сэжим холбоо буй юм шиг л дүр зураг ажиг­лагдана.

Энэ явдлын дараа Э.Эр­дэнэ­чулууны эхнэрийн бие улам мууджээ. Баялаг болж байсан байр орон сууц, ер юм бүхнээ заржээ. Ингээд байд­гаа хамж шимж байж жар, далан мянган ам.долларын үнэтэй элэг солиулах хагал­гаанд Бээжин хотноо орсон байна. Амжилттай. Эв эрүүл, саруул сайхан эхнэрээ ха­раад Э.Эрдэнэчулуун элэг бүтэн аз жаргалын амтыг чухамхүү мэдэрсэн юм. Гэвч энэ сайхан цаг удаан үргэл­жил­сэнгүй. Жилийн дараа дахин өвдөж эхэлжээ. Энэ нь 2004 оны зургадугаар сарын үес юм. Дахин хагалгаанд орох шаардлагатай байлаа. Э.Эрдэнэчулуунд шарга азар­гатай цөөн адуунаас нь өөр зүйл байсангүй. Тэр бүх­нийг шаргадаа даатган найд­сан байна. Эхнэрээ дахин хагалгаанд оруулахын тулд дахиад л жар гаруй мянган ам.доллар хэрэгтэй.

Эрэнэбатын Эрдэнэ­чу­лууны шарга азарга энэ зун­даа дөрвөн том наадамд түрүүллээ. Үндэсний их баяр наадам, Дорнодод болсон зүүн бүсийн наадам, Их хурд, Алтан-Овооны наадам зэрэг хамгийн том бай шагнал бү­хий дөрвөн уралдаанд урдаа улаан хөлтөн гаргасангүй. Эзнийхээ итгэл найдварыг алдсангүй. Үнэхээр өрөвдөн, уяран хайлмаар. Эзнийхээ эхнэрийн өвчин зовлонг ялуу­лахын төлөө “үр хүүхэд нь мэт” зүтгэсэн юм гэмээр. Үүнээс гайхамшигтай нь бий гэж үү. Хурдан шаргынхаа хондон хөлсөө цацлан олж ирсэн жип машин тэргүүтэн бай шагналын нь мөнгө эм­чил­гээний зардлыг бүрдүүл­жээ. Э.Эрдэнэчулуун ч Бээ­жинд эмчлүүлж явсан эхнэр­тээ баяр хөөртэй очиж, шар­гын­хаа ачаар ингэж чадлаа гэхэд нь хөөрхий тэр нь хөн­дүүр зүрхнийхээ гүнээс уяран хайлж, өрөвдөн энэрсэн юм гэдээг. Хамгийн харамсалтай нь хагалгаанд дахин орсон ч, залуу сайхан тэр эмэгтэй 21-хэн хоногийн дараа бурхан… Бурхан болжээ.

Хорвоо орвонгоороо эргэ­сэн он жил. Э.Эрдэнэчулууны хатуужих, уйтан давчуу хор­воотой эвлэрэн дасах он жилүүд эхэлсэн байна. Үхсэ­нээс үлдсэн шарга нь ч тийн­хүү хөлс хүчээрээ амины нь төлөө “зүтгэсэн” эзний нь эхнэр, ах шаргын нь сүүг авч уугаагүй нинжин сэтгэлт ач­тан бүсгүй хорвоод үлдэж чадаагүйд гашуудсан мэт 2005, 2006 онд ихэд өвдөн, турж эцээд, уяулан уралдах ч сөхөөгүй байсан нь үнэн ажээ. Харин улирагч зуны улсын наадамд зовлон гуни­гаа мартсан мэт дахин цой­лон түрүүлж эзнийхээ сэтгэ­лийг дахин цэлмээгээд байгаа юм.

Э.Эрдэнэчулуун, түүний их хорвоогоос буцсан эхнэр, эр хонгор шаргуудаас бүрд­сэн ийм нэгэн тууль бий ажээ.

Монгол Улсын тод манлай уяач Эрдэнэбатын Эр­дэнэ­­чулуун “Уяхан, өрөвчхөн сэтгэлтний дээд байсан даа, миний хань” хэмээн дурсах тэрхүү тэнгэрт одсон бүсгүй­тэйгээ Хонхор өртөөнд анх танилцан дотносож, хожмын Монгол Улсын Даян аварга Агваансамдангийн Сүхбат хүр дүүгээ хүүхэд ахуйдаа барил­даж явахад нь хоёул элбэн цай цуй барин гүйж байсан нь ойрхны дурсамж ажээ.

Э.Эрдэнэчулуун түүний хайрт хань, эр хоёр шаргын энэ гайхамшигт туулийг эх орныхоо хүмүүст мэдүүлэ­хийг сайхан сэтгэлт хүмүүс сэдээд, нэгэнт ажил хэрэг болгоод байгаа юм билээ. Уярам энэ түүхийг Монгол­банкны захирал асан Очир­батын Чулуунбат тод манлай уяачаас нулимс унаган сон­соод Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнд даруй хандан кино зохиол бичиж өгөхийг хүсч улмаар туурвин гүйцэт­гүүлээд, бүх зардлыг нь хариу­­цан бүтээлгэснийхээ нээлтийг ирэх сарын таванд хийх гэж байгаа гэнэ. Хүний хорвоогийн хамгийн сайхан нь хүн хүндээ сэтгэл тавьж, гэгээн сайхныг бусдад мэд­рүү­лэхээс өөр юусан билээ. Домог тууль тэртээ өмнийн, өнө холын байх албагүй ажээ.

Б.ЗОЛБАЯР

Categories
мэдээ утга-зоxиол яруу-найраг

Д.УРИАНХАЙ: Мөнхийн шалтгаан

Тэнгэрийн тунгалаг зэрэглээнд болжмор жиргэж л байвал би амьд явна!

Тэр шувуунд би хачин их хайртай!

Тэртээ уулын хормойд ой шуугиж л байвал би амьд явна!

Тэр эгшгэнд би хачин их хайртай,

Хайраар би амьдардаг аа!


Хээр талаар морьтой хүн таваргаж л явбал би амьд явна!

Тэр бараанд би хачин их хайртай!

Хэдэн унага голын зүлгэнд тоглож л байвал би амьд явна!

Тэр амьтдад би хачин их хайртай,

Хайраар би амьдардаг аа!


Өвөлжөөнөөс намрын хиаг ханхалж л байвал би амьд явна!

Тэр үнэрт би хачин их хайртай!

Өвлийн шуурганд уруудсан мал бүрэн хонож л байвал би амьд явна!

Тэр баярт би хачин их хайртай,

Хайраар би амьдардаг аа!


Хаврын үдэш гадаа бороо шивэрч л байвал би амьд явна!

Тэр шивнээнд би хачин их хайртай!

Харц хөлчингө амраг цээж налаад сууж л байвал би амьд явна!

Тэр амьсгалд би хачин их хайртай,

Хайраар би амьдардаг аа!


Тооно эртний бор гэрт гал шаргалтаж л байвал би амьд явна!

Тэр амгаланд би хачин их хайртай!

Толгодын намжаа оройгоор зам зурайж л байвал би амьд явна!

Тэр аниргүйд би хачин их хайртай,

Хайраар би амьдардаг аа!


Аялгуу содон Монгол үгээр хүмүүс ярьж л байвал би амьд явна!

Тэр хэлэнд би хачин их хайртай!

Ариун нь мөнх Монголоор дэлхий дутаж л байвал би амьд явна!

Тэр оронд би хачин их хайртай,

Хайраар би амьдардаг аа!


Бие цуг орчлонд мөнх амьдрах шалтгаантайдаа

Би яагаад ч үхэхгүй ээ!..

Categories
мэдээ утга-зоxиол

Ч.ЛОДОЙДАМБА: Шаргачин

Шаргачин зурган илэрцүүд

Хаврын хурц нар нэлээд дээр мандаад ойр орчмыг хөхөмдөг манан бүрхэж өргөн талд байгаа юмс цөм зэрэглэн жирвэлзэж байлаа. Цайдам хөндийн зүүн зах нь болсон хэсэг дэрс рүү эхээс гараад хэдхэн хоносон цайвар цагаан янзага дагуулсан шаргачин орж ирлээ. Янзага нь тонгочин тоглож орчин тойронд өөрөөс нь өөр юмгүй мэт бүхнийг матран явахад нь эх нь тал бүр сэрвэлзэн өчүүхэн чимээг ч сэрэмжлэн чагнаж нүдэнд нь торсон бүхнийг «Юу вэ. Яах гэж байна» гэсэн бололтой нарийвчлан ажиглаж явлаа. Уураг нь дуусаагүй өег сүүндээ гэдэс нь цадсанаас ч юм уу нялх бие нь тоглоомдоо ядарснаас ч юм уу? Аль зуу зуун жилээр үргэлжилсэн хатуу амьдралын сургаал ч юм уу? Бүү мэд. Юу ч гэсэн дэрсэнд орсны дараа удалгүй янзага нь нуугдан унтав.

Ер нь шаргачин өдрийн цагт нялх янзагаа бут буюу дэрсэнд хяруулж нуугаад өөрөө шинэхэн ургасан ногоо чимхлэн иддэг. Энэ үед ямар нэгэн аюул ирвэл хурдан хөлийн хүчээр дагуулан зугтаж төөрүүлээд эргэж ирхэд, унтаж хоцорсон үрдээ аюулыг зайлуулсан баярт уулзалтаар цэцэглэсэн амьдралаар амтлагдсан сүүгээ өгдөг. Янзагаа нуусны дараа шаргачин зүг бүр гоо чихээ соотгонуулан дээр дээр үсрэн тоглодог. Энэ үед нь түүнийг бүжигчин хүн харвал уран хөдөлгөөний хуримтлал болсон гоёмсог хөдлөлийг тусган авах нь дамжиггүй билээ. Нөгөө шаргачин цовхрон харайлан дэгдэж хэсэг тоглоод хурц үнэр нь хамар руу цоргисон соёолж байгаа нялх тааныг амтархан идэв. Гэтэл шаргачны хажуугаар гарсан замаар жолоочоос гадна гурван зугаалагч суусан машин тоос манаруулан давхиж ирлээ. Хурдлан яваа машин дотор архины эхүүн үнэр, тамхины гашуун утаатай холилдон ханхалж, жолоочийн ар талд суусан хүнээс бусад нь нэлээд согтсон тул нүд нь чиглэсэн юмгүй гөлөлзөн эргэлзэж толгой нь моторын жигд ажиллагаатай цохилт нийлүүлэх гэсэн юм шиг хаялан ганхаж явлаа. Хэрэв жолоочийн хажууд суугч тамхиа ноцоох хэрэг гараагүй бол шаргачин эх үр хоёр гашуун зовлонд учралгүй өнгөрч болох байсан билээ. Гэтэл тамхиа ноцоолгох гэж жолооч руу эгцлэн харсан нүдний нь үзүүрт талд идэж байгаа ганц шаргачин харагдав.

-Зээр гэж хашгирахад яг хойно нь суугч ухасхийн

-Хаана? гэж хариу хашгираад нойрмог нүдээр тал бүхэн рүүгээ харлаа.

-Янзагатай шаргачин бололтой. Тэгээд өдийд цаазалсан шүү дээ гэж жолоочийн ард суугч хэлэв.

-Зугаалж яваа бидэнд ямар хамаатай юм бэ. Буудаж л байвал барав. За бэлтгээрэй гэж жолооч нь хэлээд машинаа эргүүлж чимээнээс цочин сэрэмжилсэн шаргачны зүг хурдлан давхилаа.

-Хууль биелүүлэхийн тулд гарсан хуулийг харин биелүүлэхгүй бол хариуцлага байдаг шүү дээ гэж жолоочийн ард суугч хэлсэнд

-За энэ чинь хууль хамгаалагч гарав бололтой гэж жолоочийн хажууд суугч хэлээд их хөгжилтэй инээснээ.

-За хөөгөөд гэж хэлэв. Уул талд нь янзага нь унтаж байгаа тул ирж байгаа аюулыг холдуулан зайлуулах гэж шаргачин өргөн цагаан тал руу дэгдэн үсэрч гоо чихээ босгон солбиж цойлон давхив.

Цонхоор нь буунууд шоролзон гарсан машин, зээрийн хойноос байдаг хурдаар довтлон ирлээ. Хурдан хөлдөө гүн итгэсэн шаргачин дүүлж дөрвөн хөл нь газар хүрч байгаа эсэх нь үл мэдэгдэн хурдлав. Гэвч энэ удаа түүний хойноос эцэстээ эцдэг булчин шөрмөстэй амьтан хөөж байгаа биш эцэх цуцахыг үл мэдэх хурдан хөлөг унаж будаан сумаар зэвсэглээд гүйцэгдэхгүй зовоон зугтаж байгаа зээрийг юу болсон ч алах ангийн шунал оргилсон дайсан мөрдөж яваа тул хэдий хүч тавин хурдлавч холдож хоцрохгүй харин улам ойртов.

Буу зогсолтгүй шахам нижигнэж машины дохио чимээ үргэлжлэн дуугарч шаргачны үсрэн цойлох нь ховордон цэлмэг нүд нь бүлтэгнэн манантаж босоо чих нь алгуураар хойшоо бууж байлаа. Машин дотроос «хар барам чинь оногдохгүй нь. ёо ёо ямар их донсолдог юм бэ. Толгой хагалчих нь, аль вэ сум аваад аль. Өмнө нь барьж байгаад мулталж орхи. Аа мондиос болж гараа шалбалж орхилоо. Чамайг уу даа» гэх зэрэг дуу сонсогдож байлаа.

Гагцхүү жолоочийн ард хөдлөлгүй суугаад хөмхийгөө зуун салхинд бага зэрэг гандсан нүүрээ барайлган, барьж ядсан заналхийлэл нүдэнд нь туяарсан нэг хүн дуугаралгүй «Толгойгоо цохих гараа шалбалах чинь юу ч биш. Харин гэмгүй амьтны амьдралаар хууль зөрчиж тоглон эрхлэх чинь л дэндэж байна» гэж сэтгэлдээ дахин дахин шивэгнэн явжээ. Yнэндээ хөөгчдөд энэ явдал богино хугацааны хөгжилтэй тохиол байсан бол шаргачинд хоёр амийн төлөө хийж байгаа ширүүн тэмцэл байжээ. Шаргачин уулруу зугтсан бол өдийд мөрдөгчөөсөө салж, хөшсөн булчингаа амруулаад хярсан үр рүүгээ гэлдрэн явж болохсон билээ. Гэтэл шаргачин хөөх тусам зах хязгаар нь үл мэдэгдэх өргөн талын гүн рүү тэмүүлж байв. Хичнээн километр хөөснийг хэн ч хэмжсэнгүй. Хэд дахин буудсаныг хэн ч тоолсонгүй. Эцэстээ шаргачин хоёр чихээ шилэндээ нааж амаа ангайн богинохон сүүлээ хавчин давлан урсах жигд хөдөлгөөнөө алдаж, өндөгнөн цогих буюу заримдаа бүр шогшдог болов. Будаан сум цайран эхэлж байгаа бөгсийг нь сийчин оноод ухаа ягаан цус хонгыг нь дагаж урсан эхлэв. Гэвч шаргачин сүүлчийнхээ хүчийг дайчлан харайсаар байв. Амьдралдаа хэд хэдэн янзагыг бойжуулан торниулж түмэн бэрхшээл мянган саадыг давж гарсан энэ шаргачин хөөсөн дайсныг хурдан хөлийнхөө хүчээр зайлуулаад унтсан үрдээ эргэн очиж байсан удаа олонтоо нь эргэлзээгүй. Учир нь зээр ямар ч амьтанд өчүүхэн ч хор хүргэдэггүй боловч, түүний дайсан мундах биш даа.

-Сум байна уу? Гэж хашгирах дуу машин дотроос хэд дахин сонсогдсоноо хэсэг чимээгүй болоод цонхоор арзайн гарсан буунуудаа татаж аваад хөл рүүгээ хаялцгаав.

-За одоо яадаг билээ гэж нөгөө жолоочийн дэргэд суугч хоосон буугаа хажуу тийшээ хаях зуур хэлэв.

-Муу золигийг дайруулж орхиё гэж жолооч хэлээд хурдаа нэмлээ.

Амьд гарч янзагатаа эргэн очоод язарч чинэрсэн дэлэнгээ хөхүүлж учралаар гэрэлтсэн хайраар янзагынхаа годгонон тоглож байгаа жижигхэн сүүлийг үнэрлэх хүсэл их боловч хөшиж зангирсан хөл нь урагшаа хөдлөхгүй болоод бүх бие нь салганан амьсгал нь цээжиндээ багтахгүй оволзон саяхан үзэсгэлэн болон сэрвэлзэж байсан хоёр чих нь дараа болон дэлдэгнээд эцсийн эцэст өөрийн эрхгүй сөгдөн шургачиж хэвтлээ. Машин зогсож хэдхэн цаг зугтаж зовоосон зөрүүд муу шаргачин амьдаараа гарч орох болсонд баярласан хоёр инээлдэн гарч ирлээ. Хэрэв сувай шаргачин буюу ооно байсан бол хөшиж нугараад мод болсон хөлөө хүчлэн тэнийлгэж босоод зугтаж чадахгүй байсан бизээ. Гэвч энэ шаргачин тийм биш болохоор ухасхийн босоод манаран хөхөрч байгаа нүдээ бүлтэгнүүлэн шогшив. Тэд явгалан хөөсөн боловч барьж чадсангүй. Гүйцэгдэхгүй байгаад нь уурлан бухимдаж том том чулуугаар шидсэн боловч оносонгүй. Тэгээд тэд хараал тавин буцаж машиндаа суугаад дахин хөөв. Шаргачин дахин шурган сөгдөн хэвтэв. Машин түүний дээгүүр өнгөрөхдөө өрөөсөн дугуйгаараа дайрлаа. Машин эргэж зогсоход түүнээс анчид гүйцэгддэггүй шаргачинг босох чадалгүй болгосондоо баярлан инээлдэж хөгжил болон гарч ирлээ. Тэрийн хэвтсэн бөгөөд бүх бие нь үхлийн өмнөх чичрэлтээр татагнаж байгаа шаргачин эцсийн хүчээ дайчлан янзагаа нуусан зүг рүү амьдралын оч орхин хаяж байгаа нүдээр харлаа.

-Гүйцэгдэхгүй оногдохгүй байх чинь яав? Гэж нэг нь хэлээд нөгөө нэг нь шаргачны дэргэд ташаагаа тулж ханхалзан зогсоход шаргачин дахин өндийж янзага нь амгалан сайхан унтаж байгаа зүг рүү дахин харах гэтэл хүнд төмөр манивил толгой руу нь тас хийтэл бууж, эцсийн амьсгал нь тасрав. Жолооч нүд рүү нь манивилын үзүүрээр хатгаж үзсэнээ,

– Талийгаач болжээ гээд өврөөсөө хиам гаргаж зулгаан идлээ.

Шаргачны чинэрсэн дэлэнгийн хоёр хөх нь зугтахын өмнө сэрвэлзэн соотгонож байсан хоёр чих шиг нь босож сэрийгээд түүнээс шахагдан гарч байгаа цагаан шаргал сүү нь элсэрхэг хөрсөнд шингэн орж борлуулан байлаа. Жолоочийн дэргэд суугч хөдлөлгүй хэвтэж байгаа шаргачинг өшиглөн хөрвүүлснээ,

-За явъя. Туранхай хөхүүл шаргачнаар юу хийх юм. Тарган сан бол оноо засаг нь чанаж, өөх үмхэх юмсан. Чамд юм үлдсэн үү гэхэд нь нөгөө нь

-Хагас шил юм үлдсэн гээд ягаан цус шүүрч байгаа шаргачин рүү ажиглан харснаа мөн догь буудаж шүү гээд бардам гэгч нь инээмсэглэв.

Тэгээд тэд машиндаа сууж явахдаа жолоочийн хажууд суугч

– Ярих сонинтой боллоо гэж хэлэхэд,

Хууль зөрчсөн та нартай ярих юм над бүр ч их бий гэж жолоочийн ар талд суугч боджээ.

Машин тоос татуулан хурдалж далд орлоо. Дээр мандсан нарны гэрэл шаргачны дээрээс жигнэн ямар ч анир чимээгүй өргөн тал мэлтийн тэнгэрийн хаяанаас том гэгчийн хар тас алгуур дэвсээр улам тодрон гарч ирлээ.

Categories
мэдээ спорт

“Олимпийн алдар” медалиар шагнав

SPORT

Монголын Үндэсний олимпийн хорооноос пауэрлифтингийн холбооны гурван тамирчинд шагнал гардлаа. Саяхан болсон пауэрлифтингийн дэлхийн аварга Д.Алтанхуяг, ДАШТ-ий мөнгөн медальт П.Болдбаатар, тивийн аварга Ш.Чанарав нарыг МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Ардын багш, гавьяат тамирчин Ц.Дамдин байгууллагынхаа тэргүүн дээд “Олимпийн алдар” одонгоор шагнав.

Categories
мэдээ эдийн-засаг

18 компанийн 161,643 хувьцаа арилжжээ

2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “I”, “II’, “III’ ангилалд бүртгэлтэй 18 хувьцаат компанийн 161,643 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Хөх ган’ компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 11.0%-иар өссөн бол ‘Монгол савхи” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.94% хувиар унасан байна.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 20,306 ширхэг үнэт цаас 1,931,457,770 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 831.89 нэгж болж 0.21%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,456,156,641,881 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Categories
мэдээ нийгэм

Бөхийн холбооны Цэцдийн зөвлөл хуралдаж, “Их эе”-ээ товлолоо

МҮБХ-ны Цэцдийн зөвлөл хуралдаж, “Их Эе”-ийн хугацааг товлолооМонголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн хурал өнөөдөр Бөхийн өргөөнд болжээ.

Хурлаар Цэцдийн зөвлөлийн нөхөн сонгууль, ээлжит VIII “Их Эе”-ийн товыг зарлан тогтоох, “Их Эе”-ийн төлөөлөгч сонгох журам батлах, тэргүүлэгчдийг баталгаажуулах, чөлөөлөх болон тогтоолууд батлах зэрэг асуудлыг нийт гишүүдийн 80 хувийн ирцтэйгээр хэлэлцэн баталжээ. Ингээд МҮБХ-ны эрх барих дээд байгууллага болох “Их Эе”-ийн ээлжит хурлыг 2018 оны гуравдугаар сарын 24, 25-нд зохион байгуулахаар товлолоо.

Түүнчлэн МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн гишүүдээс нас барсан болон гарсан 13 гишүүний оронд тус холбооны дүрмийн 7.12-т заасны дагуу дархан аварга Г.Өсөхбаяр, улсын арслан Д.Ганхуяг, улсын арслан Д.Азжаргал, улсын гарьд И.Доржсамбуу, улсын заан Д.Мягмар, улсын заан Ч.Гочоосүрэн, улсын харцага Г.Элбэг, улсын начин Х.Амараа, аймгийн арслан Н.Дашжамц, Б.Мэндсайхан, засуул Д.Цогзол, бөх тайлбарлагч Б.Цогтбаатар, бөхийн зүтгэлтэн Б.Түмэнбаяр нарыг Цэцдийн зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар Цэцдийн зөвлөлийн гишүүнээр шинээр сонгов.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ахмадын анхны төрөлжсөн эмнэлэг ашиглалтад орлоо

Нийслэлийн Баянгол дүүрэг өдөрт 100-150 гаруй ахмад настанд үйлчлэх боломжтой төрөлжсөн эмнэлэгтэй боллоо.

Тус эмнэлэг өнөөдөр үүдээ нээж, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргал болон Нийслэлийн эрүүл мэндийн газар, Баянгол дүүргийн ИТХ-ийн төлөөлөгчид оролцлоо.

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн VI төвийн суурин дээр боссон энэхүү эмнэлэг нь нийт 4,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж, 80 гаруй хувийг Баянгол дүүрэг өөрийн нөөцөөс гаргажээ. Тус эмнэлэг нь мэргэшсэн долоон их эмч, 12 сувилагч, долоон туслах ажилтантай, хоногт 100-150 гаруй ахмадад үйлчлэх хүчин чадалтай бөгөөд хэвтэн эмчлүүлэх 60-80 ортой юм байна.

Тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргал “Бидний хийсэн судалгаанаас үзэхэд дүүргийн нэгдсэн эмнэлгийн хэвтэн эмчлүүлэгсдийн 51 орчим хувь нь ахмад настнууд байдаг. Мөн дээрээс нь ахмадын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг судлаад үзэхэд сэргээн засах, уламжлалт, сэтгэц заслын үйлчилгээг түлхүү авдаг. Энэ бүх боломж, тусламж, үйлчилгээг бид бүрдүүлснээрээ онцлог давуу талтай” гэж ярилаа.

Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа “Манай дүүрэг ахмадын цогц эмнэлэгтэй болж байгаа нь чухал үйл явдал болж байна. Бид энэхүү эмнэлэгтээ ахмадуудаа хүлээн авч, нөхөн сэргээх үйлчилгээг олон улсын стандартын дагуу хийж үйлчилнэ. “Эрүүл дүүрэг болно” гэсэн хөтөлбөрийнхөө хүрээнд хүүхдийн нэгдүгээр эмнэлэг мөн эрүүл мэндийн шинэ долдугаар төв ашиглалтанд орлоо. Баянгол дүүрэгт өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд том, жижиг 13 эмнэлэг баригдсан. Мөн есдүгээр сард 60 ортой хүүхдийн хоёрдугаар эмнэлэг ашиглалтад орно. Ингэснээр хүн амын тоог эмнэлгийн орны тоотой харьцуулбал олон улсын стандартыг хангасан Монгол Улсын анхны жишиг дүүрэг болно ” гэлээ.