Categories
мэдээ нийгэм

Залуус сонгуульд оролцоогүйгээрээ өөрийн боломжийг алдаад зогсохгүй бусдын боломжийг хааж байгаа юм шүү дээ

Сонгууль зурган илэрцүүд

Сонгууль болоход дөрөв хоног үлдлээ. “Индүү залгахад…” гэдэг шиг агаар хүртэл улс төртэй. Гэхдээ энэ нь буруу биш. Ирэх дөрвөн жилд хэн бидний нүүр царайг гадаад дотоодод төлөөлөх тухай асуудал. Өрх гэрээр бол аавыгаа сонгох биш, алдааг нь хэлэх асуудал. Сүүлийн үед залуус “Хэн ч гарсан ялгаагүй” гэх үг их унагаж байна. Үнэндээ ялгаа нь залуусын гарт байгаа юм. Ялгахад маш хялбар боловч эцсийн үр дүн таны амьдрал. Амьдралаа эхэлж байгаа залуус орон байрнаас эхлээд, анхны үрийнхээ өлгийг авахад маш их анхаарал тавьдаг. Харин үр хүүхдээс эхлээд өвөг дээдэс чинь ямар байх нь сонгуулиас хамаардаг гэдгийг тэр бүр анзаардаггүй. Жаахан л анзаарчих юм бол залуус минь шийдвэр гаргахдаа ядах юмгүй. Аргагүй насныхаа хувиар айкүю нь алдаагүй сонголт хийнэ. Тиймээс залуус гагцхүү сонгуульд л оролцох нь чухал. Нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг та нар л сайн ялгаж чадна. Хараа хурц, сонор бүтэн, зүрхний цохилох хэмнэл зөв, тэмүүлэл дүүрэн залуус л алс холыг харж амжина. Сонгуулийн саналын хар хайрцаг руу сонгогчдын сор болсон залуусын эрүүл эрчимлэг санал элбэг орж гэмээ нь Элбэгдоржоос ээлж халаа авах Монгол Улсын Ерөнхийлөгчийг зөв хүнээрээ сонгох магадлал мөн ч өндөр байна даа.

Залуус сонгуульд оролцоогүйгээрээ өөрийн боломжийг алдаад зогсохгүй бусдын боломжийг хааж байгаа юм. Өнөөдөр саналаа өгөөгүй залуус маргаашийн амьдралаа төсөөлөх чадваргүй байдаг. “Ажилдаа хэр хандаж байгаагаар тухайн хүний амьдралыг харж болно. Ажилдаа хайнга хандаж байгаа хүн амьдарлдаа ч тийм хандлагатай байдаг” гэсэн үг байдаг. Яг үүнтэй адил залуус маань сонгуульд хайнга хандвал, ирээдүйн дөрвөн жилдээ хайнга хандаж байна хэмээн ойлгож болно. Гэтэл дөрвөн жилд хүмүүс, тэр тусмаа залуус юу амжуулж болох вэ гэдэг тооцоо байдаг юм байна. Эхний ээлжинд амьдралаа аваад явчих боловсролтой болж чадна. Үгүйдээ гэхэд лангуу түрээслээд дөрвөн жилд найман сая төгрөгийн хадгаламжтай болно. Энэ сонголт залууст байна. Гэхдээ хэн ч та бүхнийг зүгээр сууж байхад бялуу боорцгийг аманд чинь хийхгүй. Юуг амандаа хийхээ залуус өөрсдөө л шийднэ. Энэ нь сонгууль юм.
Өнөөдрийн “Өдрийн сонин”-д сэтгүүлч П.Хашчулуун коммунизмын үе аав нь нэгдлийн малын төлөө амиа тавьсан тухай бичсэн байна. Түүний аавд тухайн үед сонголт байсан бол өнөөдөр амьд байх байсан гэнэ. Тэрээр хүн малын төлөө амьдрах уу, мал хүний төлөө амьд байх уу гэдэг сонголт хийх боломжгүй үед амьдарсан. Гэтэл өнөөгийн залууст оюун ухаант хүн ямар нийгэмд амьдрахаа сонгох асар өргөн сонголт байна. Та мал шиг биш хүн шиг амьдах өргөн боломжоо сонгох эрх байна.

Магадгүй хэн нэг нь “Сонгуульд оролцохгүй байхыг” уриалж болно. Мөн нэр дэвшигчид таалагдахгүй байж болно. Ямар ч тохиолдолд таны өгсөн санал Монгол орноо төртэй болгох алхам. Төр гэдэг нь таны амгалан тайван байдал, үр төлийн чинь аюулгүй байдал, өвчилбөл ирдэг эмч, шатвал хамгаалдаг онцгойнхон юм шүү дээ. Тэд хэн байхыг шийддэг юмыг л сонгууль гээд байгаа юм шүү дээ.

Х.Бат


Categories
мэдээ спорт

“Улаанбаатар цом” тэмцээнээс гурван тамирчин хүрэл медалийн болзол хангалаа

“Улаанбаатар цом” боксын олон улсын тэмцээн Хандгайт дахь “Их тамир” спортын ордонд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тус тэмцээнд манай тамирчдаас 64 кг жинд Б.Чинзориг хүрэл медалийн болзол хангасан бол энэ жинд Г.Баярхүү, О.Норобал нар өнөөдөр медалийн төлөөх тулалдана. Мөн 49 кг жинд Г.Ган-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангасан бөгөөд дараагийн шатанд Индонезийн боксчинтой хүч үзэхээр болжээ. Түүнчлэн 56 кг жинд Х.Энх-Амар хүрэл медалийг гартаа оруулсан бөгөөд маргааш БНАСАУ-ын тамирчинтай мөнгөн медалийн төлөө тулалдахаар боллоо.

Энэ удаагийн тэмцээнд Рио 2016 олимпийн наадмын хүрэл медальт тамирчин Д.Отгондалай, Б.Түвшинбат, Э.Цэндбаатар нар өнжиж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Ц.Нямдорж: Арга хэмжээнүүдийг авч ажилласнаар улсын эдийн засаг сайжирч байна

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин нар дөнгөж сая мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа дуусах шатандаа орж байна. Бид, тав дахь Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Энэ удаагийн сонгуулийг өмнөх сонгуулиудтай харьцуулахад хар бараан мэдээллээр дүүрэн, олон нийтийг төөрөгдүүлсэн сонгууль болж байгааг онцлон хэлмээр байна. М.Энхболд даргын хөдөө явах ажил дууссан. Бидний зүгээс М.Энхболд даргыг сонгогдоосой, сонгуулийн дүн нааштай гараасай гэдэг хүсэлтийг сонгогчдодоо тавьж байна. Монголын төрийг бүтэн болгоод өгөөч, ноён нуруутай болгоод өгөөч гэж та бүхэнд хэлж байна” гэв. Мөн УИХ-ын сонгуулийн дараа МАН-ын Засгийн газар улсын төсвийг хүлээж авахад эдийн засгийн байдал хүнд байсан. Нэг л эвгүй хөдөлвөл ангал руу нисэх эдийн засгийн хүнд нөхцөл байдал үүссэн байсан юм. Хүнд хэцүү олон нийтэд таалагдахааргүй арга хэмжээнүүдийг авч ажилласнаар улсын эдийн засаг сайжирч байна гэлээ.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Би Х.Баттулгын хувьд ингэж хэлэх гээд байгаа юм. Юун ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших, Ерөнхийлөгч болох вэ. Тэр төмөр зам хаана байна. Хэдэн жил ярьсан бэ. Байхгүй л гэж хэлье. Хамгийн гол нь оффшорт 1.1 тэрбум ам.долларын хөрөнгийг нуусан байгаа нь нотлогдчихлоо. Энэ бол Монгол төгрөгөөр бодохоор хоёр их наяд гаруй төгрөг. Хэрвээ Х.Баттулга Төрийн тэргүүн болвол энэ мөнгөө яаж нуух вэ, яаж арвижуулах вэ л гэж бодоход анхаарна. Монгол Улсын төрийн тэргүүн ядахдаа офшорт мөнгө байхгүй, ард түмэнд өөрийнхөө хөрөнгийг ил тод хэлчихдэг, хүн чанартай хүн байх ёстой. Тийм учраас М.Энхболдыг МАН нэр дэвшүүлсэн юм ” гэв.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Иргэд энэ удаагийн сонгуульд ихээхэн санаа зовниж байна. Төрийн тэргүүний албан тушаал бол ганц. Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч юм. Иймээс тохьтой нуруутай хүн гараад, Монголын төр тогтвортой цаашаа яваад, ард түмэн тайван амгалан амьдрах хэрэгтэй байна. Төр тогтвортой байгаад, тайван амгалан амьдрах юм сан. Нэгэн зүгт хараад эдийн засгийн хямралыг давмаар байна. Энэ янзаараа яваад байвал 2018 оны өдийд эргээд хуучин байрандаа очих төлөв харагдаад байна. Үүний тулд нэгэн чигт хараад, сонголтоо хиймээр байна” гэсэн юм.

Ийнхүү МАН-ын тулхтай нөлөө бүхий гишүүд мэдээлэл хийж МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг сонгох шалтгааныг хэллээ.

Б.ОДМАА

Categories
мэдээ нийгэм

Нас барсан иргэний нэрэн дээр сонгогчийн урилга очно гэдэг боломжгүй зүйл гэв

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас сонгогчдын нэрсийн жагсаалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдыг бүртгэх, давхардлыг шалгах зэрэг ажлыг эрхлэн үйлддэг. Сонгогчийн нэрийн жагсаалтыг хуульд заасан үндэслэлээр үйлдэж, санал авахаас 25-аас доошгүй хоногийн дотор санал авах байруудад хүргүүлдэг. Зургаадугаар сарын 1-ний байдлаар 2 сая гаруй, гадаадад сонгууль өгөх долоон мянга гаруй сонгогчдын тоог гаргасан. Шилжин явсны бүртгэлд орсон 2,774, шилжин явсан 1,927 гэсэн өөрчлөлт орсон байгаа. 21 аймгийн 1,580 санал авах байранд хүргэгдсэн, нийслэлийн 405 санал авах байранд хүргэгдэж эхлээд байна.

“Түр хасав” тэмдэглэгээг сэргээсэн 109 сонгогч байна. Улсын хэмжээнд 1,983 хэсэг дээр 44,833 хүн түр хасах тэмдэглэгээтэй байсан бол 109 хүн энэ тэмдэглэгээгээ сэргээж 44,724 болсон байна. Сонгуулийн үйл ажиллагаа дуусмагц 2,554 итгэмжлэгдсэн ажилтнаас хэчнээн сонгогч оролцсон, нас хүйсээр нь ангилан мэдээлэл гаргана. 15:00 цагт бүртгэл дуусангуут цахим бүртгэл хаагдана. Энэ удаагийн сонгуульд 2,230,018 сонгогч санал өгөхөөр бүртгүүлснээс үндсэн сонгогчоор 1,978,294 сонгогч бүртгэгдээд байна. Нас барсан иргэний нэрэн дээр урилга очно гэсэн зүйл боломжгүй” гэв.

Түүнчлэн Иргэний улсын бүртгэлийн сан маш нууцын зэрэглэлтэй байдаг. Сонгогчийн нэрийн жагсаалтыг гуравдугаар сарын 1-ний өдрөөс РД-аар нэвтрэн орж мэдээллээ харах бололцоог хангаж өгдөг. Үүнээс гадна бусад ямар нэг байдлаар сонгогчийн мэдээллийг тараах боломжгүй гэдгийг онцолсон юм.

Зургаадугаар сарын 18-наас хойш иргэд нас барах тохиолдол гарвал хуулийн хугацаа өнгөрсөн байхад үүнийг сонгогчийн нэрийн жагсаалтаас хасах боломжгүй байдаг байна. Мөн иргэн хүн нэг хаягаас нөгөөд шилжихдээ тухайн хороондоо очиж шилжилтээ хийлгэх ёстой аж. Ингэснээр тухайн иргэн хаяггүй болдог аж. Харин шилжин очсон хороондоо бүртгэл хийлгэснээр мэдээллийн баазад орж ирдэг юм байна.

Сонгуулийн хэсэг тус бүрээр жагсаалтыг үйлдсэний дагуу Тагнуулын байгууллагаас найман үзүүлэлтээр шалгалт хийдэг.

  • Иргэний бүртгэлд бүртгүүлсэн эсэх
  • РД-ын давхардал байгаа эсэх
  • Сонгогчийн нэр хэсэг тус бүрт давхардсан эсэх
  • Сонгуулийн насанд хүрээгүй сонгогч байгаа эсэх
  • Сонгогч нас барсан эсэх
  • Гадаадын иргэн байгаа эсэх зэргийг үндэслэн шалгаж, гадны өөрчлөлт орохыг зогсоодог.

Нөгөө талаас мэдээлэл технологийн мэргэшсэн хүмүүс шалгалт хийдэг. Цахим хэлбэрт дээрх үндэслэлээр шалгаж, гэрчилгээ олгодог байгаа. Баталгаажсан тоног төхөөрөмжийг 1,983 хэсэгт, 2,554 компьютерийг ашиглахаар бид ажиллаж байна. Манайх мэдээллийн сан маш нууцийн зэрэглэлтэй байдаг учраас Тагнуулын Ерөнхий Газрын хамгаалалтад байдаг. Сонгуулийн байрыг 24 цагийн турш төрийн тусгай хамгаалалтад авдаг. Мэдээллийн сан бүхий комьпютер ямар нэг сүлжээгүй байдаг учраас халдлага хийх ямар ч боломж байхгүй. Сонгуулийн дараа тухайн компьютерийг унтрааж, лацдаж хамгаалалтад авдаг” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайд Г.Баттунгалаг Словени улсын ерөнхийлөгчид ИЖБ өргөн барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Словени Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Баттунгалаг 6 дугаар сарын 19-ний өдөр Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Борут Пахорт Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Ерөнхийлөгч Борут Пахор Элчин сайдыг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа.

Уулзалтын үеэр Элчин сайд Г.Баттунгалаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжилж, хоёр улс хоорондын харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг эдийн засаг, боловсрол, аялал жуулчлал, мэдээллийн технологи зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Хоёр талын харилцаа төдийгүй НҮБ болон олон талт яриа хэлэлцээний механизмын хүрээнд хоёр улс хамтран ажиллах, харилцан дэмжлэг үзүүлж, туршлагаа хуваалцаж ажиллахыг чухалчилж буйгаа уулзалтын үеэр мөн илэрхийлэв.

Элчин сайд Г.Баттунгалаг Любляна хотноо ажиллах үеэрээ Словени Улсын Боловсролын сайд, Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Аялал жуулчлалын үндэсний зөвлөлийн удирдлага зэрэг албаны хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар ярилцлаа.
Categories
мэдээ улс-төр

В.Матвиенко М.Энхболдод амжилт хүссэн захидал ирүүлжээ

Эрхэм хүндэт дарга аа!

Таны ОХУ-д хийсэн айлчлалын үеэр 2016 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр Холбооны Зөвлөлд Тантай хийсэн найрсаг, харилцан ойлголцсон уур амьсгалтай уулзалтыг халуун дотноор дурсан санаж байна.

Тус гүн агуулгатай хэлэлцээр нь Орос-Монголын харилцааны тухай санал солилцох, түүний цаашдын хөгжлийн хэтийн төлвийг тодотгох боломж олгосон юм.

Орос, Монголын ард түмэн түүхэн уламжлалт харилцаатай билээ. Холбооны Зөвлөл нь Орос Монголын парламент хоородын харилцааг манай хоёр орны найрсаг харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болгон цаашид гүнзгийрүүлэхийн тулд боломжтой бүхнийг хийх болно.

Ази-Номхон далайн парламентын форум ба Парламент хоорондын холбоо зэрэг нэн тэргүүний олон талт парламент хоорондын байгууллагуудад бидний үр өгөөжтэй хамтын ажиллагаа туйлын чухал гэж үзэж байна. Удахгүй Санкт-Петербург хотноо 2017 оны аравдугаар сарын 14-18-ны өдрүүдэд зохиогдох 137 дугаар Парламент Хоорондын Ассамблейд Монголын парламентчид идэвхтэй оролцоно гэж найдаж байна.

Монгол Улсад удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгууль нь Таны улс төрийн намтарт нэгэн шинэ хуудсыг нээнэ гэдэгт итгэлтэй байна. Танд чин сэтгэлээсээ амжилт хүсье. Таныг манай улсад ямар ч хэлбэрээр ирэхэд угтан уулзахдаа үргэлж баяртай байх болно. Аравдугаар сард Санкт-Петербург хотноо Та төлөөлөгчдөө тэргүүлэн ирж яриа хэлэлцээгээ үргэлжүүлнэ гэж найдаж найдаж.

Эрхэм хүндэт дарга аа, гүн хүндэтгэлээ илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.

В.МАТВИЕНКО

Эх сурвалж: МАН-ын сонгуулийн төв штаб

Categories
мэдээ нийгэм

Замын байгууламжийн засварын ажил эхэлжээ

Замын байгууламжийн засварын ажил эхэлжээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны захиалгаар хот нийтийн аж ахуй тохижилт үйлчилгээний ажлын хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор замын байгууламжийн засвар, арчлалтын ажил хийж эхэлсэн байна. Тодруулбал, Нарны зам, Их тойруу, Чингэлтэй гудамжны авто замын ажлыг Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ гүйцэтгэж байгаа аж.

Үүнээс гадна авто замын хальтиргаа гулгаанаас хамгаалсан хальтиргааны эсрэг хучилтын өнгөт тэмдэглэгээг Энхтайваны өргөн чөлөөний зургаан уулзвар, Энхтайваны гүүрний зорчих хэсэгт тус тус тэмдэглэж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хэрлэн голд 52 настай иргэн живж амиа алджээ

Урин дулаан цаг ирж амралт, аялал зугаалга ихсэх хандлагатай байгаа аж. Иймээс иргэдийг ой, хээрийн түймэр, гол усны осол, үерийн аюул, болзошгүй осол, эрсдлээс болж амиа алдах тохиолдол ихэссэн талаар албаныхан сануулсан юм. Тухайлбал, энэ сарын 22-нд Дорнод аймгийн Хэрлэн сум VI баг, Хэрлэн голд тус сумын харъят Л /эр.52н/ нь живж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Он гарсаар улсын хэмжээнд 28 хүн усанд живж, амь насаа алдсан байна. Тэдний зургаа нь хүүхэд байсан бол 22 нь насанд хүрсэн иргэд живж нас барсан тохиолдол бүртгэгдсэн гэв.

Б.УРНАА

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр олон улсын олимпийн өдөр

Өнөөдөр Олон улсын олимпийн өдөр. Олон улсын олимпийн хорооны гишүүн 206 оронд энэхүү баярыг тэмдэглэж байна. Францын соён гэгээрүүлэгч, их бичгийн хүн Пьер Кубертэн Парис хотын Сорбоны их сургууль дээр хэсэг нөхдийн хамт Олон улсын олимпийн хороо (IOC)-г үүсгэн байгуулж, орчин цагийн олимпийн наадмыг сэргээх түүхэн шийдвэр гаргасан энэ дурсгалт өдрийг хүн төрөлхтөн Олон улсын олимпийн өдөр хэмээн мөнхөлсөн юм. 1948 оны Лондоны олимпийн жилээс эхлэн Олон улсын олимпийн өдрийг тэмдэглэжээ. Монгол Улс 1964 оноос олимпийн наадамд оролцож эхэлсэн ба 1968 онд олимпийн наадмаас монгол хүн анх удаа медаль хүртсэн юм. Монголын үндэсний олимпийн хороо нь 1956 онд байгуулагдаж, 1962 онд Олон улсын олимпийн хорооны гишүүн болжээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа маргааш дуусна

Монгол орон даяар ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа энэ сарын 6-ны өдрөөс эхлэн явагдсан. Сонгуулийн тухай хуулийн дагуу маргааш 00:00 цагаас ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа дуусах юм. Сонгуулийн тухай хуулийн 28.2-т “Сонгуулийн сурталчилгааг санал хураах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал хураах өдрийн өмнөх өдрийн 00 цагаас өмнө зогсооно. Энэ үеэс эхлэн сонгууль явагдаж дуустал ямар нэг хэлбэрээр ухуулга, сурталчилгаа хийх, санал хураах өдөр хүртэл 7 хоногийн хугацаанд олон нийтийн санал асуулга явуулах, санал асуулгын дүн мэдээг нийтлэхийг хориглоно” гэж заасан байдаг билээ.

Б.УРАН