Categories
гадаад мэдээ

Пак Гын Хе-гийн найзад гурван жилийн хорих ял оноолоо

Холбоотой ЗурагӨнөөдөр Сөүлийн Төв дүүргийн шүүхэд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн дотны найз Чой Сун Шил нарт холбогдох хэргийн шүүх хурал болжээ. Шүүх бүрэлдэхүүн Чой Сун Шилд гурван жилийн хорих ял оноосон талаар “Yonhap” агентлаг мэдээллээ.

Түүнийг өөрийн төрсөн охин 21 настай Чун Ю Ра-гаа Ива эмэгтэйчүүдийн их сургуульд оруулахын тулд нэр нөлөөгөө урвуулан ашигласан хэрэгт буруутган шалгаж, Сөүлийн Төв дүүргийн шүүхээс ерөнхийлөгч асан Пак Гын Хе-тэй ойр дотно харилцаа холбоотойгоо ашиглан элсүүлснийг нь тогтоосон байна.

Чой Сун Шилийн хүсэлтийг хүлээж авсан тус их сургуулийн ерөнхийлөгч асан Чо Кюн Хэ болон Нам Кун Гон нарт 2 жил болон 2 жил 11 сарын хорих ял тус тус оноожээ. Мөн түүнийг олон зүйл ангиар яллаж байгаа аж. Тухайлбал, прокурорууд түүнийг “Samsung” группээс дор хаяж 7.8 тэрбум воны хахууль авсан гэж үзжээ.

Categories
мэдээ улс-төр

Оффшорт данстай хүнийг сонгож болохгүй гэв

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан оффшор дансны талаар мэдээлэл хийлээ. Тэрээр УИХ дахь Оффшор дансны эсрэг бүлгэмд багтдаг. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Нэр дэвшигч Х.Баттулга болон түүний охин Б.Намуун болон хамаарал бүхий хүмүүст оффшор бүсэд бүртгэлтэй компани байна. Оффшор дансны тухай хуульд зааснаар тодорхой албан тушаалтнууд өөрийн болон өөрт хамааралтай хүмүүс оффшор бүсэд үйл ажиллагаа явуулдаг бол мэдэгдэх ёстой хэмээн заасан байдаг. Хэрвээ оффшор бүсэд өөрийн нэр дээр болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр данс нээлгэсэн бол холбогдох байгууллагад мэдүүлэх үүрэгтэй. Хуулийн байгууллагаас уг бүртгэлийг шалгадаг. Өнөөдрийн хэвлэлийн хуралд Х.Баттулгыг урьж, оффшор дансгүй гэдгээ няцаахыг хүссэн. Гэвч оффшорт дансгүй гэдгээ ирж няцаасангүй. Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч. Гэтэл оффшорт данстай хүн Ерөнхийлөгчөөр сонгогдож болохгүй гэдгийг УИХ дахь оффшорын эсрэг бүлгээс хандаж хэлж байна” хэмээлээ.


Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн оны арьс ширний урамшууллыг олгож эхэллээ

Холбоотой Зураг

Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30 өдрийн 394 дүгээр тогтоолын хоёр дугаар хавсралтаар батлагдсан “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам”-тай билээ. Энэ журмын дагуу өнөөдрөөс эхлэн арьс ширний урамшууллыг олгож эхэллээ. Энэхүү урамшууллыг 64,255 малчин авах бөгөөд арьс, ширний урамшууллыг Монгол банк дахь Малчин дансаар дамжуулан олгож байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээн МАРГААШ 21:00 цагт эхэлнэ

Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээн маргааш буюу зургаадугаар сарын 24-ний Бямба гарагийн 21:00 цагт эхэлнэ. Өмнө нь хоёр ч удаа болох тухай яригдаж байсан сонгуулийн мэтгэлцээн маргааш албан ёсоор болохоор болжээ. Тодруулбал, Ерөнхий нарийн бичгийн дарга нар нэр дэвшигчдийн мэтгэлцээнд оролцохыг зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.Мэтгэлцээн 21:00-23:00 цагийн хооронд хоёр цагийн турш үргэлжлэх аж. Энэ жилийн сонгуулийн мэтгэлцээнийг МҮОНРТ дангаараа зохион байгуулах юм.


Categories
мэдээ нийгэм

Говьсүмбэр, Дорноговь аймгийн ХХААГ, сумдын мал эмнэлэг үржлийн тасагт фургон, мотоцикл өглөө

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Мөнхбаясгалан Говьсүмбэр аймгийн Чойр, Дорноговь аймгийн Сайншанд хотноо 2017 оны 06-р сарын 21,22-ны өдөр ажиллаа.
Энэ удаа аймгуудын Хүнс хөдөө аж ахуй газар, сумын мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүдтэй уулзалт хийж Монгол Улсын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ.
Тодруулбал, Төрөөс Хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” зорилтын хүрээнд “Мах сүүний анхдугаар аян”, “Атрын 3-р аян”-ыг эрчимжүүлэн үргэлжлүүлэх, “Үйлдвэржилт 21:100”, ”Ноолуур”, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн талаар мэдээлэл хийж, орон нутагт хэрэгжүүлж байгаа бодлогын талаар чиглэл, зөвлөмж өгч ажилласан юм.
Хүнс хөдөө аж ахуйн салбарын ажил, үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор Дорноговь, Говьсүмбэр аймгийн Хөдөө аж ахуйн газарт фургон, сумын мал эмнэлэг үржлийн тасагт мотоцикл, гардуулж өгсөн юм.
Аймгуудын Хүнс хөдөө аж ахуйн газар сүүлийн жилүүдэд унаа тэрэгний шинэчлэл хийгдээгүй, хүрэлцээгүй байсныг ийнхүү шийдвэрлэжээ.
Categories
мэдээ нийгэм

Ойн хөнөөлт шавжтай тэмцэж байгаа технологийг үнэллээ

Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зорилготой UN-REDD+ үндэсний хөтөлбөрийн шугамаар АНУ-ын Ойн албаны ой хамгааллын хяналт, мониторинг хариуцсан мэргэжилтэн, шавж судлаач Карен Ридлей Монгол орны ойн хөнөөлт шавжийн бодлого, зохицуулалт, хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай танилцаж, зөвлөмж өгөхөөр 15 хоногийн хугацаатай ажиллаа.

Энэ хугацаанд тэрбээр ойн хөнөөлт шавжийн судалгаа, тэмцлийн ажлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллага, ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд хэрэглэх бэлдмэл бодис үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, байгууллагууд болон шавж судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, эрдэмтэн, судлаачидтай уулзаж, туршлага солилцсон юм.

Мөн Архангай, Булган, Сэлэнгэ, Нийслэлийн ногоон бүс, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын ойн санд ойн хөнөөлт шавжтай тэмцэл хийсэн газрууд, тэмцлийн ажил гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, арга технологитой газар дээр нь танилцлаа.

Ийн ажилласны үр дүнд АНУ-ын Ойн албаны мэргэжилтэн, шавж судлаач Карен Риплей Монгол орны ойн хөнөөлт шавжтай тэмцэж байгаа арга технологи дэлхий жишигт нийцэж байна гэж дүгнэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

“Шүүхийн үйлчилгээний төв” нээгдлээ

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд “Шүүхийн үйлчилгээний төв” тохижуулж, өнөөдөр нээлтээ хийлээ. Шүүхийн үйлчилгээний шинэ стандартыг хэвшүүлсэн тус төвийг шүүх ба олон нийтийн харилцааг бэхжүүлэх, ил тод, нээлттэй байдлыг хангах, иргэдийн санаа бодлыг судлах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлж, шүүхэд мэдүүлэх эрхийг хангах зорилготойгоор тохижуулсан аж. Тохь тухтай орчинд шүүхээс шуурхай үйлчилгээ авах, иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангах, шүүхийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг тогтоох, хэрэг маргааны талаарх мэдээллийг хүртээмжтэй хэлбэрээр авах орчинг хангаснаараа тус төв ач холбогдолтой болсон гэнэ.

“Шүүхийн үйлчилгээний төв”-ийн нээлтийн үйл ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг, Тамгын газрын дарга Н.Чулуунжав, Тамгын газрын мэргэжилтнүүд, шүүхийн захиргааны ажилтнууд, иргэд оролцов.

Categories
мэдээ нийгэм

Алба хаагчид биеийн тамир, сургалтын төвтэй боллоо

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг Булган аймагт ажиллалаа.

Булган аймгийн Онцгой байдлын газрын хамт олон өөрсдийн хүч, нөөц бололцоо, орон нутгийн төсөв, тусламж, дэмжлэгээр 26:15 метр талбай бүхий спорт заалны суурийг өнгөрсөн жил тавьж байсан. Тэгвэл алба хаагчдын бие бялдар, үүрэг гүйцэтгэх чадавхийг дээшлүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, албаны бэлэн байдлыг хангуулах, бэлтгэл сургуулилт хийх таатай нөхцөлийг бүрдүүлэх “Онцгой” биеийн тамир, сургалтын төвийг нэг жилийн дотор барьж ашиглалтад оруулаад байна.

Бригадын генерал Т.Бадрал Булган аймагт ажиллах үеэр уг төвийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов.

ОБЕГ-ын дарга хэлсэн үгэндээ “Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид маань өөрсдийн ажиллах нөхцөлөө сайжруулж материаллаг баазаа бэхжүүлэх чиглэлээр санал санаачилга гаргадгаараа албандаа анхдагч төдийгүй зургаан удаа “Тэргүүний хамт олноор” шалгарч байсан манай шилдэг, үлгэр жишээч хамт олон гэдгийг онцоллоо.

Мөн Онцгой байдлын албыг бүх талаар дэмжин хамтран ажилладаг орон нутгийн удирдлагуудад ОБЕГ-ын даргын зөвлөлийн гишүүдийн өмнөөс болон хувиасаа, албаны нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс талархаж байгаагаа энэ үеэр илэрхийлсэн юм гэж Булган аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сонгуулиар хурууны бэхэн тэмдэглэгээг хийхээр болсон бололтой

Сонгууль зурган илэрцүүдАН-аас Сонгуулийн ерөнхий хороонд хандан хэд хэдэн шаардлага тавиад байгаа билээ. Үүний нэг нь саналаа өгсөн сонгогчийн хуруунд бэхээр тэмдэглэгээ хийж нэг иргэн хэд хэдэн удаа санал өгөхөөс сэргийлэх ёстой гэж үзэж байгаа аж.

Эх сурвалжийн мэдээллээр сонгогчдын саналаа өгснийг илэрхийлэх бэхэн тэмдэглэгээг хийх шийдвэрийг гаргахаар болж байгаа гэсэн мэдээлэл байна. Өнөөдрийг хүртэл албан ёсоор шийдвэрлээгүй байгаа ч сонгууль болохоос өмнө уг шийдвэр гарна гэсэн хүлээлт байна. СЕХ-ноос бэхэн тэмдэглэгээ хийхэд бэрхшээл байхгүй гэдэг шалтгааныг урьд нь хэлж байсан. Сонгуулийн хуульд бэхэн тэмдэглэгээ хийх шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт суулгаж авах эрхийг нь хуульчилсан бөгөөд Сонгуулийн ерөнхий хороонд эрхийг нь олгосон. Гэвч шаардлагыг биелүүлэхгүй байна гэсэн бичгийг АН-аас удаа дараа өгөөд байгаа билээ.

Б.ОДМАА


Categories
мэдээ спорт

Жүдочид хөх хотод өрсөлдөнө

Жүдочид зурган илэрцүүд

Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 2-ны өдрүүдэд БНХАУ-ын Хөх хотод IJF-ийн календарчлагдсан төлөвлөгөөний дагуу Grand Prix тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байна.

Тус тэмцээнд манай улсаас 27 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Хөх хотод нийт 26 улсын эрэгтэй 122, эмэгтэй 107, нийт 229 тамирчин оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгөөд байна. Манай улсын хувьд хамгийн олон оролцогчтойгоор /27/ тус тэмцээнд оролцож байгаа бол эзэн орон 26, ОХУ 24 тамирчнаа манай урд хөршид илгээхээр болсон. Харин жүдо бөхийн эх орон япончууд дэлхийн аварга, олимпийн медальт Рюүносүке Хага /-100/, бүх японы аварга Такеши Ожитани /+100/ нарыг оролцуулахаар мэдүүлээд байна.
МОНГОЛЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ТАНИЛЦУУЛЪЯ
Эрэгтэй
60 кг:
Дашдаваагийн Амартүвшин
Ганбатын Болдбаатар
66кг: Довдонгийн Алтансүх
Ёндонпэрэнлэйгийн Басхүү
73кг:
Санжмятавын Баяртүвшин
Цэнд-Очирын Цогтбаатар
81кг:
Нямсүрэнгийн Дагвасүрэн
Баянмөнхийн Гаажадамба
90кг:
Гантулгын Алтанбагана
Эрдэнэхүүгийн Мөнхжаргал
-100кг:
Бунддоржийн Жанчивдорж
Лхагвасүрэнгийн Отгонбаатар
+100кг:
Өлзийбаярын Дүүрэнбаяр
Баттулгын Тэмүүлэн
Эмэгтэй
48кг:
Баттамирын Хорлоо
Эрдэнэцогтын Гэрэлмаа
52кг:
Чинтогтохын Аззаяа
Адъяасамбуугийн Цолмон
57кг:
Доржсүрэнгийн Сумъяа
Лхагватогоогийн Энхрийлэн
63кг:
Цэнд-Аюушийн Цэрэннадмид
Болдын Ганхайч
70кг:
Батбаатарын Хулан
Мөнхбатын Даваасүрэн
-78кг:
Одхүүгийн Жавзмаа
+78кг:
Баттулгын Мөнхтуяа
Эрдэнэбилэгийн Гандиймаа