Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭЕШ-ын зөв хариулт

Элсэлтийн ерөнхий шалгалтын хариулт буюу түлхүүр үгийг Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр танилцууллаа. Шалгалтын зөв хариултыг “Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт нийтэлсэн байна.

ЭЕШ: ТҮГЭЭМЭЛ АСУУЛТЫН ХАРИУЛТ

1. Ур чадварын шалгалт хэзээ вэ?

Хариулт: Ур чадварын шалгалтын товыг их дээд сургуулиуд өөрсдөө тогтоодог тул та элсэн орохыг хүссэн их дээд сургуулиасаа тодруулна уу.

2. Дүн, оноо хэзээ гарах вэ?

Хариулт: Та дүн оноогоо 7-р сарын 01-ний 09:00 цагаас эхлэн www.eec.mn хаягаар орж хараарай.

3. Бүртгэлийн дугаар, нууц үгээ мартсан бол яах вэ?

Хариулт: Та бүртгэлийн дугаар, нууц үгээ мартсан бол Шалгуулагчийн булангийн Бүртгэлийн дугаар, нууц үгээ мартсан гэсэн хэсэгт дарж, бүртгэлийн дугаар, нууц үгээ сэргээж аваарай. Мөн та өөрийн бүртгүүлсэн гар утаснаас манай SMS үйлчилгээг ашиглах боломжтой. Уг үйлчилгээг дараах зааврын дагуу ашиглана уу. http://sms.eec.mn/home/zaavar

4. Батламж хуудсаа хэзээ, хаанаас авах вэ?

Хариулт: 2017 оны 07-р сарын 01-ээс эхлэн шалгуулагчдын батламж хуудсыг тараана. ЭЕШ өгсөн энэ оны төгсөгчид сургуулийнхаа захиргаанаас батламж хуудсаа авах бол нийслэлд ЭЕШ өгсөн өмнөх оны төгсөгчид Боловсролын үнэлгээний төвөөс батламж хуудсаа авна. Хөдөө орон нутагт ЭЕШ өгсөн өмнөх оны төгсөгчид тухайн аймгийнхаа Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан мэргэжилтнээс батламж хуудсаа авна. Уг батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.5 жилийн хугацаанд хүчинтэй байна.

5. Хуваариа хэзээ сонгох вэ?

Хариулт: Та их, дээд сургуулиудын бүртгэл, оюутан элсүүлэх журам, хуваарь сонголттой холбоотой мэдээллүүдийг Монголын их, дээд сургуулиудын консорциум / http://www.cmuc.edu.mn / -аас лавлаарай.

2017 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТҮЛХҮҮР

Categories
мэдээ улс-төр

Дараах татварууд нэмэгдэнэ

Image result for Татвар

Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах урьдач нөхцлийг хангахын тулд долоон төрлийн татвар нэмсэн билээ. Сангийн яамны зүгээс “ОУВС ингэж шаардсан” гэх тайлбар хийсээр долоон төрлийн татварыг нэмүүлсэн ч тус сангаас “Зардлаа тана” гэсэн ерөнхий шаардлага тавьсан байдаг.

Долоон төрлийн татвар өнгөрсөн 5 дугаар сарын 1, ирэх 7 дугаар сарын 1, 10 дугаар сарын 1 гэсэн гурван үечлэлээр нэмэгдэхээр 2017 оны төсвийн тухай хуулинд тусгагдаад буй. Энэ дагуу ирэх сарын 1 буюу нөгөөдрөөс гурван төрлийн татвар нэмэгдэнэ. Үүнд.

НЭГ: АВТОБЕНЗИН, ШАТАХУУНЫ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ НЭМЭГДҮҮЛНЭ

Дэлхийн томоохон нефть олборлогч орнууд олборлолтын хэмжээгээ бууруулах бодлого барьж буйн зэрэгцээ ам.долларын ханш 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш 400 орчим төгрөгөөр өссөнтэй холбогдуулан дотоодод шатахууны үнийг хэвийн хэмжээнд барих шаардлага үүссэн. Тиймээс Засгийн газрын зүгээс:

2016.10.05 – Засгийн газрын хуралдаанаас Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор оруулж ирэх автобензинд ногдуулах онцгой албан татварыг тонн тутамд 260 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 280 мянга, Эрээнцаваар оруулж ирэх шатахуунд 130 мянга, дизельд 150 мянган төгрөг байхаар тогтоосон.

2016.11.30-Засгийн газрын хуралдаанаас автобензин, дизелийн түлшинд ногдуулдаг онцгой албан татварын хэмжээг төрөл тус бүрт нь тонн тутамд 100 мянган төгрөгөөр бууруулах тогтоол батлав. Ингэснээр онцгой албан татварын хэмжээг автобензинд тонн тутамд 160 мянган төгрөг, дизелийн түлшинд 180 мянган төгрөг болгосон байна.

2017.01.15 –Засгийн газрын тогтоолоор автобензинд ногдуулах онцгой албан татварыг 50 мянган төгрөг болгож, /90-ээс дээш октантайг 30 мянган төгрөг/, дизелийн түлшинд ногдох татварыг 70 мянган төгрөг болгон бууруулаад байсан юм.

Эдгээр гурван удаагийн хөнгөлөлтийг хоёр үе шаттайгаар /2017.07.01, 2017.10.01/ хүчингүй болгохоор 2017 оны төсвийн тухай хуулиндаа тусгаж өгсөн юм. Тодруулж хэлбэл автобензин, дизелийн түлшний албан татварын хэмжээг бууруулснаар 210 гаруй тэрбум төгрөгөөр төсвийн орлого буурах байсныг болиулсан гэсэн үг.

Жижиглэнгийн зах зээлд шатахууны хэрэгцээ эрс ихэсдэг улсын баяр наадмын амралтын үетэй зэрэгцэн холбогдох татвар нэмэгдэж буй нь энгийн худалдан авагчдад хүндээр тусахаар байна.

ХОЁР: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ДЭХ ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН ТӨЛӨЛТИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг хувь хэмжээг 2017 онд тус бүр 7.0 хувь, 2018 онд тус бүр 8.0 хувь, 2019 онд тус бүр 8.5 хувь, 2020 онд тус бүр 9.5 хувьтай байна.

Уг өгсөх эрэмбээр ажил олгогч, ажилтны төлдөг нийт татварын хэмжээ 2017 онд 21 хувь /өөрчлөгдөхгүй/, 2018 онд 23 хувь, 2019 онд 24 хувь, 2020 онд 26 хувь болон нэмэгдэх юм. Өөрөөр хэлбэл ажилтан, ажил олгогч нарын төлдөг шимтгэлийн хэмжээ өнөөгийн түвшнээс 2020 он гэхэд 5 хувиар нэмэгдэж, тус бүр 2.5 хувийн татвар нэмж төлөхөөр байна.

Энэ зохицуулалтыг хийхдээ нийгмийн даатгалын шимтгэл дэх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримталсан. Тодруулбал иргэд ирээдүйд авах тэтгэврийн даатгалын сандаа илүү мөнгө төлж эхлэх зохицуулалтад орж байна. Одоогийн мөрдөгдөж буй хуулиар нийгмийн даатгалын шимтгэл дэх тэтгэврийн даатгалын шимтгэл 7 хувь байгаа билээ.

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийн хувь хэмжээ сайн дурын даатгуулагчдад мөн хамаарахаар холбогдох хуулинд өөрчлөлт оруулсан. Тиймээс сайн дурын даатгуулагчид ирэх сарын 1-нээс нэмэгдсэн хувь хэмжээгээр нийгмийн даатгалаа төлөхөөр байна. Одоогийн мөрдөгдөж буй хуулиар сайн дурын даатгуулагчид орлогын биет хэмжээнээсээ нийт 12 хувийн шимтгэл төлдөг бөгөөд үүний 8 хувь нь тэтгэврийн даатгалын шимтгэлд тооцогддог юм.

Нийгмийн даатгалын шимтгэл дэх энэ хувь хэмжээ /тэтгэврийн даатгалын шимтгэл/ ирэх сарын эхнээс 10 хувь болон өсөх юм. Улмаар тэтгэврийн даатгалын шимтгэл 2018 онд 11.0 хувиас, 2019 онд 11.5 хувиас, 2020 онд 12.5 хувиас багагүй байхаар хуульчилж өгөөд байна. Тэгэхээр сайн дурын нийгмийн даатгалын хэмжээ 2017 онд 14 хувь /2017.07.01-нээс/, 2018 онд 15 хувь, 2019 онд 15.5 хувь, 2020 онд 17 хувь болохоор байна.

ГУРАВ. “ПРИУС” МАШИНЫ ТАТВАР ТЭГЛЭЛТИЙН ХУГАЦАА ДУУСЧ, 50 ХУВИАР ТӨЛНӨ.

УИХ-ын Хаврын чуулган түр завсарлахаасаа өмнө цахилгаан хөдөлгүүрт, хос тэжээлт шингэрүүлсэн хийгээр автомашинуудын онцгой албан татварыг тэглэсэн билээ. Үүнээс өмнө ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах зорилгоор долоон төрлийн татварыг нэмэхдээ энэ төрлийн автомашинуудын татвар тэглэлтийг 50 хувь болгон нэмэгдүүлээд байсан юм.

Татварын нэмэгдэл өнгөрсөн сарын /2017.05.01/ эхнээс хэрэгжсэн. Үүнийг Засгийн газраас оруулсан саналын дагуу УИХ хоёр сарын хугацаанд сунгасан бөгөөд энэ хугацаа маргааш дуусгавар болж байна. Ингэснээр түр тэглэгдээд байсан гаалийн онцгой албан татвар 2012.07.01-ний өдрөөс хойш нэмэгдсэн шатлалаараа буюу 50 хувийн хөнгөлөлтөөр тооцогдох юм.

Сонгууль угтсан амлалтын хүрээнд 5 дугаар сарын 1-нээс хойш гаалийн онцгой албан татварт төлөгдөөд байсан 691 сая төгрөгийг энэ төрлийн автомашин импортлогчдод эргүүлэн төлсөн билээ. Харин улсын баярын өмнөхөн татварын тэглэлт нь хүчингүй болсноор машин импортлогчид “Наадмын шизо”-гоо амжилттай үүсгэж, тэр хэрээр энгийн худалдан авагчдад хүнд тусах нөхцөл байдал үүсэв.

Categories
мэдээ улс-төр

Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан АН бүлэг завсарлага авав

УИХ-ын
хаврын чуулгын хуралдаан энэ долоо
хоногийн пүрэв гарагаас эхлэн хуралдаж байна. Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Багшийн хөгжлийн тухай хуулийн
төслийг хэлэлцүүлэхээр оруулж ирсэн
юм. Тус хуулийн төсөл нь Даргын дэргэдэх
зөвлөлөөр хэлэлцэгдээгүй, хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй, УИХ-ын
гишүүдэд төсөл болон тараах матерал
ирүүлээгүй учраас УИХ дахь Ардчилсан
намын бүлэг завсарлага хүссэн юм. Учир нь учир нь Багшийн асуудлыг ул суурьтай нухацтай
авч үзэх,хуулийн төсөлтэй танилцаж
саналаа хэлэх, байр сууриа илэрхийлэх
зүйтэй гэж Ардчилсан намын бүлгийн гишүүд үзэж, цаашид гишүүддээ мэдээлэлтэй, даргын дэргэдэх
хурлаар хэлэлцэгдэж, хэлэлцэх асуудлын дараалалд орсон асуудлаа хэлэлцэж, дэгийн хуулиа сахиж байхыг УИХ-ын даргад
анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Зээр хамгаалах сан байгуулна

Дорнод нутаг энэ зун гандуу, хур бороо оролгүй удсан болохоор харангадаж үхэх тохиолдол их гарах болжээ.

Тиймээс хэсэг залуус санаачлан газрын тосны 19, 21-р талбайгаас тус тус 30-40 км зайд нийт дөрвөн усан сан байгуулсан байна. Эдгээр усан сан нь өргөөшөө 3-6 метр, уртаашаа 15-23 метр бөгөөд гүн нь 50 см орчим аж. Нүхийг нь экскэватороор ухаад, өрмийн зүмп доторлодог пленкоор доторложээ. Нэг усан санд дунджаар 30тн орчим ус орж байгаа гэнэ. Эдгээр усан сангаас гадна талд тогтсон нэгэн цөөрмийн усны түвшинг нэмэгдүүлэхээр мөн худгаас ус зөөвөрлөж хийж байгаа аж.

Өнгөрөгч өвөл Дорнод, Сүхбаатар аймагт гарсан малын цэцэг өвчин зээрийн сүрэгт мөн халдварлаж, тоо толгой нь нэлээд хорогдсон байна. Иймээс дээрх хоёр талбайд технологийн тээвэр хийж буй “Дорнын их гэгээ”, “Томо бьюлдинг” компанийн залуус нэгдэн, цагаан зээрийг хамгаалахаар усалгаанаас эхлүүлсэн үйл ажиллагаагаа өргөжүүлж, “Зээр хамгаалах сан” байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

ЭШЕ-ийн дүн мэдээ маргааш гарна

Элсэлтийн ерөнхий шалгалтын хариулт буюу түлхүүр үгийг Боловсролын үнэлгээний төвөөс танилцууллаа. ЭЕШ-ийн дүн оноо долдугаар сарын 01-ний 09:00 цагаас эхлэн www.eec.mn хаягаар орж харах боломжтой. Харин бүртгэлийн дугаар, нууц үгээ мартсан бол Шалгуулагчийн булангийн Бүртгэлийн дугаар, нууц үгээ мартсан гэсэн хэсэгт дарж, бүртгэлийн дугаар, нууц үгээ сэргээж авч болно. Мөн та өөрийн бүртгүүлсэн гар утаснаас манай SMS үйлчилгээг ашиглах боломжтой. Уг үйлчилгээг дараах зааврын дагуу ашиглана уу. http://sms.eec.mn/home/zaavar. Мөн маргаашнаас эхлэн батламж хуудсыг тараана. ЭЕШ өгсөн энэ оны төгсөгчид сургуулийнхаа захиргаанаас батламж хуудсаа авах бол нийслэлд ЭЕШ өгсөн өмнөх оны төгсөгчид Боловсролын үнэлгээний төвөөс батламж хуудсаа авна. Хөдөө орон нутагт ЭЕШ өгсөн өмнөх оны төгсөгчид тухайн аймгийнхаа Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан мэргэжилтнээс батламж хуудсаа авна. Уг батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.5 жилийн хугацаанд хүчинтэй байна.

Их дээд сургуулиудын бүртгэл, оюутан элсүүлэх журам, хуваарь сонголттой холбоотой мэдээллүүдийг Монголын их, дээд сургуулиудын консорциум / http://www.cmuc.edu.mn / -аас лавлах боломжтой.

Н.ГАНАА

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өрхийн эмнэлгүүдэд тоног төхөөрөмж гардуулжээ

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар сонгогдсон тойрогтоо олон арван ажил хийж байна. Саяхан тойргийнхоо нэн ядуу таван өрхөд гэр олгосон бол өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн алслагдсан хороод болох 8, 10, 12, 21, 28 дугаар хорооны өрхийн эмнэлэгүүдд нэн шаардлагатай тоног төхөөрөмж гардууллаа. Тодруулбал, сорьцын хөргөгч -4 , Центрифуг аппарат -4, гадаадад сурах сургалтын эрхийн бичиг-2 -ыг тус тус батламжилж гардуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Зорчигчийн амийг аварсан эмч нарыг ”МИАТ” эрхийн бичгээр шагнажээ

Энэ сарын 26-ны өдөр МИАТ компаний Бээжин – Улаанбаатар чиглэлийн ОМ 224 нисэх онгоцонд нэгэн зочигчийн бие гэнэт муудаж, зорчиж явсан эмч нар амийг нь аварсан талаар бид мэдээлсэн билээ.

Хэдийгээр нисэх онгоцны үйлчлэгч нар зорчигчид анхан шатны тусламж үзүүлсэн ч зорчигчид дунд эмч нар байж, мэргэжлийн тусламж үзүүлж, тухайн иргэний амь насыг аварсан.

Тэгвэл “МИАТ” компаний зүгээс тэдгээр эмч нар болох Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн мэс заслын эмч Б.Онон, Б.Ган-Эрдэнэ, Ч.Янзган-бүүвэй, АШУҮИС-ийн Дүрс оношилгооны тэнхимийн эрхлэгч Ц.Эрдэмбилэг нарт талархалаа илэрхийлж “МИАТ” компаний нислэг үйлдэж буй аялалуудаас хүссэн чиглэлдээ НЭГ УДАА ҮНЭГҮЙ ЗОРЧИХ эрхийн бичгээр шагнахаар шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Хууль зүйн байнгын хороо хуралдав

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2017.06.30) хуралдаан 09 цаг 50 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж,Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.

2016 оны гүйцэтгэлээр Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 5.8 их наяд төгрөгт хүрч 107.5 хувийн биелэлттэй, зарлага 9.95 их наяд төгрөгт хүрч 95.0 хувийн биелэлттэй гарсан байна. Нэгдсэн төсвийн тэнцэл 3 их наяд 660.3 тэрбум төгрөгийн алдагдалтай тайлагнагджээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус Байнгын хороонд харъяалагдах Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Улсын ерөнхий прокурор, Хүний эрхийн үндэсний комиссын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга, Авилгатай тэмцэх газрын дарга болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 307 төсвийн шууд захирагч, төрийн 100 хувийн өмчит аж ахуйн 10 нэгж, Засгийн газрын гадаад зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй 3 төслийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргажээ. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус Байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 484.1 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 12.4 тэрбум төгрөгөөр илүү, өмнөх оны гүйцэтгэлээс 22.2 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй гарсан байна. Урсгал зардалд 467.3 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 16.8 тэрбум төгрөгийг зарцуулсан аж. Нийт зарлага болон цэвэр зээлийн дүнгийн 83 хувь буюу 404.5 тэрбум төгрөгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, 9 хувь буюу 47.8 тэрбум төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, 3.6 хувь буюу 17.6 тэрбум төгрөгийг Улсын ерөнхий прокурор, 2.9 хувь буюу 14.1 тэрбум төгрөгийг бусад төсвийн ерөнхийлөн захирагчийн багцын зарлага эзэлж байгаа юм байна. Тайлант онд улсын төсвөөс 16.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг олгожээ. Тухайлбал, ХСИС-ийн 3000 оюутны хичээлийн байрны барилга угсралтын ажилд 4.9 тэрбум төгрөг, Архивын ерөнхий газрын барилга угсралтын ажилд 3.6 тэрбум төгрөг, Хилийн цэргийн 0168 дугаар ангийн нүүлгэлтийн зардалд 2.3 тэрбум төгрөг, орон нутгийн цагдаагийн 25 кобоны барилга угсралтын ажилд 1.6 тэрбум төгрөг тус тус зарцуулсан байна. Улсын төсвөөс 468.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бол төсөвт байгууллагын өөрийн орлогоор 14.3 тэрбум төгрөг, ЭМДС-ийн санхүүжилтээр 1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг бүрдүүлжээ.

Төслийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дээрх саналын томъёоллыг дэмжснээр Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

МАХН-ынхан цагаан сонгуульд уриалав

МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн С.Ганбаатар, тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян, Ц.Оюунбаатар, Б.Тулга нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд С.Ганбаатар “Монголын ард түмэн ирээдүйнхээ төлөө эр зоригтой сонголт хийсэн. Харамсалтай нь МАНАН нүдэн дээр луйвар хийсэн. Гэхдээ хар хулгай нь баригдсан. Хулгайн төлөө бид босч чадлаа. Сонгогч та бүхэндээ баярлалаа. Энэ бол Монголчуудын олон жил хүлээж байсан зүйл. Бид ялсан. МАНАН дахин дахин бидний сонголтыг хулгай хийсэн. Нэр дэвшигчид луйвар хийсэндээ ханаж чадахгүй дараагийн луйвартаа санаархаж байна. Шударга бусаар төрийн эрхийг авах гэсэн оролдлоготой эвлэрч болохгүй. Надад хандив өгсөн хүмүүсийн нүдийг харсан ч болоосой. Энэ итгэлийг луйварчдад алдаж болохгүй. Ерөнхийлөгчийн сонгуулиар эргэлзээ төрүүлсэн хэсэг дээр СЕХ дахин санал хураалт явуулах ёстой. Саналыг луйвардахад СЕХ, цагдаагийн удирдлагууд тусалсан. Энэ нүглийг хүлээн зөвшөөрч болохгүй. Тиймээс саналыг хуудсыг тэмдэглэхгүй, цагаан хэвээр нь үлдээхийг уриалж байна. Цагаан сонгууль өгөхийг уриалж байна. Гэхдээ бид энэ уриалгаар сонгууль битгий өг гэж байгаа юм биш. Хэнийг ч битгий дугуйлаарай гэсэн үүднээс хэлж байгаа юм” гэлээ.

Б.Тулга “Ард түмнийг санал өгөхөд буруу тийш нь хандлагыг уриалж байгаа юм биш. Энэ хоёр нэр дэвшигчийг сонгохгүй байх эрх нь хуулиар бий. Тиймээс хэнийг нь ч дэмжихгүй саналын хуудсаа цагаанаар уншуулахыг уриалж байна” гэсэн юм. Тэднийг мэдээллээ хийж дууссаны дараа сэтгүүлчид С.Ганбаатараас сонирхсон асуултдаа хариулт авлаа.

-Цагаан сонгууль хийхийг уриалж байгаа цаад шалтгаан нь Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх гэсэн санаархал биш үү. Хандлага тэгж ажиглагдаад байна л даа?

-МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ сонгуульд аль хэдийн ялсан. Үүнийг тэвчиж чадахгүй төрийн хулгайч нар ухаан алдаж айсандаа хассан. Дахин сонгууль болохоор бол МАХН нэр дэвшигчээ тодруулна.

-Маргаантай гэж үзэж байгаа хэдэн хэсэг байгаа вэ?

-Маргаантай 76 хэсэг дээр луйвар хийсэн нь баримттай тогтоогдсон. Биднийг 1000, 2000 саналаар луйвардсан юм шиг хүмүүс бодоод байна. Үгүй, биднийг 100 орчим мянган саналаар луйвардсан. Би нэгээр гарч ирсэн.

-МАН, МАХН эвсэнэ гэсэн яриа байна. Энэ үнэн үү?

-Тэд сэрүүн зүүдэлж байна. Тийм боломж байхгүй. Ард түмний итгэл найдвар бол бидний үнэт зүйл.

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

“Тамхи хулгайллаа” хэмээн бусдыг хөнөөсөн этгээдэд ял оноожээ

“Тамхи хулгайллаа” хэмээн бусдыг зодож, санаатайгаар амь насыг нь хөнөөсөн Г.Х-гийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцжээ. Шүүхээс Г.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 18 жил хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна. Г.Х нь 2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар долоон жил хорих ял, 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар гурван жил хорих ял шийтгүүлж байсан аж. Ингээд шүүхээс хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд дээрх гэмт хэргийг үйлджээ.