Categories
мэдээ утга-зоxиол яруу-найраг

Бэгзийн ЯВУУХУЛАН: Туулын урсгал шөнөдөө сайхан

Туулын урсгал зурган илэрцүүд

Туулын урсгал шөнөдөө сайхан сан

Торгон долгио хаялан мяралздагсан

Хоёр ангир дандаа л хөвдөг сөн

Холын анир авангаа л дуугардаг сан.

Урсгалд нь умбагч сарыг ажин

Усанд нь хөвөгч оддыг тоолон

Бүүр түүрхэн тохиолдлоо дурсан

Үүр цайлгах би дуртай сан.

Шившин шивнэх залуу навчис

Шөнийн дуу над аялдагсан

Сөөг моддын нь нэгийг түшин

Шөнөжин сууж би сонсдог сон.

1957 он.


Categories
мэдээ утга-зоxиол

Сэнгийн ЭРДЭНЭ: Хайрын нарсан төгөл

Солонго зурган илэрцүүд

Палам гол засмалаас модны үйлдвэрийн төв тийш эргэдэг замын бэлчирт машинаас буулаа. Хотоос суулгаж гарсан залуу жолооч, гурван зуугаад километр газар гуниг бодолд дарагдан таг чиг явсан хүнийг өрөвдсөн янзтай “Хаяанд ирсэн хойно гэрт чинь хүргээд өгье дөө” гэхэд Палам түрийвчээ гаргаж тавьтын дэвсгэрт авч өгөөд “Зүгээр ээ дүү минь энүүгээр тамхи авч татаарай. Би гэртээ алхаад хүрчихнэ. Чилээгээ гаргая” гэхэд жолооч мөнгийг түдгэлзэсхийн авч халаасандаа хийгээд “Баяртай ах аа” гэж эелдэгхэн өгүүлэв. Палам жижиг чемоданаа авч буугаад замын билчирт хэсэг зогслоо. Сарын өмнө яг энэ замын билчирт эхнэрийнхээ цонхийсэн зовуурьт царайг ажин “Бүтэн бүлээн л явах юмсан”гэж юунд ч юм дотроо сүслэн өгүүлж билээ. Хүн амьтанд ямар ч гай зовлон тохиолдож боломгүй гэмээр эрт сайхан хавар болсон цаг. Засмалын дагуу тарьсан бүйлс нялхран нахиалж, хормойд нь үйлдвэрийн төв харагдаж буй Баянхан уулын арын ой алаг цоог ногоорчээ. Паламын байшингийн яндангаас шингэн цэнхэр утаа бургилж харагдана. “Муу охин минь гэрээ дааж, дүү нараа хараад байж дээ хөөрхий. Өнчирнө гэж ухаан санаандаа оруулаагүй хөөрхсийг яаж харж, юу гэж хэлнэ дээ” гэхээс Паламын дотор багтран харанхуйлж, нүдийг нь нулимс бүрхэв. Бурмаагийнхаа нас барсан даруй нэг хэсэг элий балай болчихоод ухаан бодлоо тогтоон барьж чадсангүй. Харин хүүхдүүдээ авчирч эхийн нь шарилтай салах ёс гүйцэтгүүлэхээр хотоос энэ өглөө гараад Бурмаатайгаа хамт амьдарсан арван дөрвөн жилийн явдлыг эргэцүүлэн бодож, хайр дурлал, ханийн жаргалыг эдлүүлсэн тэр сайхан хүнийхээ дүр байдал, ааш зан, хаа нэгтээ хэлсэн ярьсныг нь дурсан санагалзаж гаслан гашуудан явлаа. Хэзээ ч гай гамшиг тохиолдохгүй, энэ хорвоод мөнх хамт явах юм шиг санаж явсан нь гэнэн явдал гэж үү?

Өнгөрсөн бүх амьдралаа бодоход ч тийнхүү хамт явах тавилантайдаа учирсан гэмээр. Анх суухдаа хүртэл санаандгүй гэмээр юм уу, гэнэн томоогүйгээр…арван дөрвөн жилийн өмнөх тэр нэгэн учрал гэнэтийн бөгөөд юунд ч сааташгүй гал халуун хайр сэтгэл Паламд хий үзэгдэл мэт санагдан, бие цогцост мэдрэгдээд салахгүй байв. Тэр намар их сургуулийн оюутнууд тариа хурааж байсан сан. Модны үйлдвэрийн суурин байгаа энэ Баянхан уулын өвөр, Ерөө голын хөндийд сангийн аж ахуйн бригадын төв байжээ. Палам эдийн засгийн ангийн гуравдугаар курсынх, Бурмаа нэг анги доогуур. Палам бусдаас нэг их ялгардаггүй, жирийн хичээнгүй томоотой оюутан. Харин Бурмаа авьяаслаг болоод царайлгаараа оюутнуудын анхаарал татдаг хүүхнүүдийн нэг байв. Тийм хүүхнүүд үерхэх хүнээ голцуухан өөрсдөө шилж авдаг учир ялангуяа Палам мэтийн дундчуул тийнхүү шилэгдэхийн тухай төдий л найдахгүй нь мэдээж билээ. Гэвч амьдрал гэдэг ямархан ид шид эс үзүүлдэг билээ дээ. Түүнээс гадна авьяаслаг болоод царайлаг гэгч маань өнгөн талын чанар ч байх нь бий. Хүний дотор орж үзэх биш дээ… Намрын шар наран тунамал өдөр. Хоёр “оргодол” Бөөрөлжийн нарсан төгөлд жимс түүхээр ирсэн сэн. Ерөө голын хавь газрын уулс шилмүүст ойгоор өвч бүрхэгдсэн бөгөөд харин мужаан дархны хорхой хүргэм гоолиг шулуун нарс мод хээр талд сүрэглэн ургасан нь энэ Бөөрөлжийн төгөл л билээ. “Чи намайг нээрээ харж явсан юм уу” гэж Палам итгэл муутайхан асуугаад намрын цэв цэнхэр тэнгэр өөд тэмүүлсэн гоолиг шар нарсны бадамласан ногоон үзүүрийг ширтэж, юунаас ч юм бяцхан айдас хүрэн зүрх түгшиж хэвтэв. Бурмаа чичирхийлэн буй гарыг нь татаж цээжиндээ наагаад “Чи өөрийгөө гэв гэнэт харагдсан гэж бод л доо. Бүр ид шидээр юм шиг гэв гэнэтхэн харагдаад, хараа салгаж болохгүй болсон гэж бод” гэв. “Хачин юм аа” гэж Палам хэлэхэд, Бурмаа “Юу хачин гэж” гэв. “Яах вэ дээ. Энэ Бөөрөлжийн төгөлд ийм сайхан нарснууд уулнаасаа тасраад ургачих гэж” Палам хэлэв. “Байгалийн аашийг мэдэж барах биш дээ” хэмээн Бурмаа хариултал, Палам “Хүний аашийг ч гэсэн…” гэв. “Палам аа чи надад итгэ. Хэлж ирдэггүй өвчин шиг гэнэтхэн ирдэг хайр юм. Би чамаас өөр хүнийг харах нүдгүй сохор болчихлоо. Хүний үрийн ямар тавилан гэгч вэ” гэж Бурмаа бахарданги хэлээд таг болов. Паламын сэтгэл ч гэнэт хайлан догдолж, Бурмааг нүүр нүдгүй үнсч таалахад түүний хацар дээгүүр урссан хайрын шорвог нулимс амтагдсан сан. Бөөрөлжийн төглийн гоолиг нарснууд намрын хонгор салхинд үл мэдэг найган, улаалзгана, долоолгоны бут бургас гал улаан, алтан шар өнгөөр алаглан, мөнх ногоон төглийг гэрэлтүүлэн байв. Энэ хорвоо дээр хүн хүнээ олж жаргасан тэрхэн гэрэлт мөч янаг хайрын үгүйршгүй мөнхийг бэлгэдэж байсан бус уу?

Палам нэг мэдэхнээ байшиндаа тулаад иржээ. Хүүхдүүд минь гараад ирэх вий гэж зүрх алдан зог туслаа. Ханиа алдаж гурван өнчин хүүхэдтэй хочрох ямар заяагүй амьтан бэ, би. Эдэндээ юу гэж хэлнээ? Палам хаалгаа аяархан татаж ороод бага хүү, том охин хоёроосоо нүд буруулан малгай пальтогоо өлгөж удаан зогсов. Дунд хүү нь сургуулиасаа ирээгүй бололтой. Арван гуравтай охин нь урд цонхон дээрээ чимээгүй очиж, зам руу ширтэн, гэзэгнийхээ үзүүрээр оролдон зогсохыг Палам хулгай нүдээр хараад сэжиг авсныг нь мэдлээ. Ээжийн эрх отгон хүү, юм ухаарах болоогүй балчир хүү аавдаа гүйн ирж

-Ааваа, та ээжийг орхиод ирсэн юм уу? Гээд асуучихав. Палам тэссэнгүй. Хүүгээ өргөж нүүрэндээ наагаад ингэнэтэл уйллаа. Охин нь соргог ухаанаараа бүхнийг ойлгож, даган уйлав. Бага хүү аав, эгч хоёрынхоо уйлан гаслахыг гайхан нэг хэсэг дуугүй бүлтгэнэн байснаа бас л эхэр татах нь тэр. Хүний амьдрал, жаргалыг гэнэт таслан зовлонгийн далайд живүүлж хаядаг өршөлгүй хорвоогийн ёсыг хүлцэн туулахаас өөр замгүй болсон нэгэн гэр бүлийнхэн ийнхүү уй гашуу болохоос биш яалтай вэ дээ. Палам ажилдаа орох өглөөгөө хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь явуулаад анир чимээгүй ханхайсан гэртээ нэг хэсэг бодол болон суулаа. Одоо чухам яах нь зүйтэйг шийдэхэд бэрх ажээ. Нэг бодлын ажилдаа бушуухан орох нь дээр юм шиг, нөгөө бодлын амралтаа аваад хүүхдүүдийнхээ л сэтгэлийг засан уй гашуудлыг нь мартагнуулах нь зөв юм шиг. Гэр доторх юмс нь Бурмаагийн нас барахын өмнөхөөс өөрчлөгдсөн юмгүй мөртөө нэг л зэвхий даагаад жигтэйхэн дунд хүүгийн орон дээр, аль арван дөрвөн жилийн өмнө мөнөөхөн Бөөрөлжийн төгөлд татуулсан зургаас эхлээд хүүхдүүдтэйгээ, танил нөхөдтэйгээ энд тэнд татуулсан гэрэл зургийн цомог дэлгээстэй хэвтэнэ. Өөрсдөө болоод гашуудлыг нь хуваалцахаар орж ирсэн хүмүүсийн үздэг гол юм л энэ болжээ. Танил зураачаар зуруулан оршуулгад авч явсан усан будгийн зураг нь хойд хананд хадаастай. Нэг хоёр жилийн өмнө татуулсан гэрэл зургаас нь үлгэр авч их л хичээнгүйлэн зурсан тэр зурагт хэдэн хүүхдийн эх болж овор суусан гэлээ ч үл мэдэг мишилзсэн давхраалаг хар нүдтэй, гонзгой нарийн царайд нь зохисон жижигхэн шулуун хамартай, хагас нээгдсэн жижигхэн жимбэгэр тод уруултай ухаалаг цэвэр бүсгүйн дүр тодорчээ. Үхсэнийхээ хойноос үхэлтэй биш, гэлээ ч яг жаргадаг насан дээрээ ертөнцөөс халин одсон хайрт гэргийнхээ янаг ялдам ааш, хүний нь сайхан чанарыг дурсан санахад даанч харуусалтай. Арван дөрөвхөн жил…Гэнэт ирээд явчихсан юм шиг…Тийм эрүүл саруул хүнийг аюулт өвчинд отогдож яваа гэж санах билээ…Надад үр хүүхэд, аз жаргал хайрлаад өөрөө зул шиг бөхөх гэж энэ хорвоод ирсэн юм шиг…Тэр намар…Арван дөрвөн жилийн өмнөх тэр л намар…Солонгын долоон өнгөнд умбасан Бөөрөлжийн төгөл, сэтгэлд уянгалах хайрын дууг түрэх нарсан ойн шивнээ, шувуудын жиргээтэйгээ, Бурмаагийн догдолсон сайан дүр байдал, хайрын нулимсны шорвог амт Паламын дртор цөмлөөд ирлээ. Унаа аваад тийшээ явъя. Үйлдвэрийн дарга Мангал Паламд тохиолдсон зовлонг хуваалцаж, болох бүтэх бүхнээр тусалжээ. Энэ нь ёс мэт хэрэг боловч ачий нь бодох ёстой юм шүү гэсэн санаа төрүүлж байв. Учир нь хоёр жил илүү хамт ажиллаж, тарыг нь таньсан ч гэлээ зовлонгийн цагт хүний сэтгэл зөөлөрч, гомдол гутралыг хүлцдэг жамаар цаашид үгээ ойлголцох болно гэсэн итгэл ч цухалзах шиг. үйлдвэрийн дарга, ерөнхий инженер хоёр олон юман дээр санал зөрнө гэдэг ер нь таатай хэрэг биш байлаа. Мангал “Тулалдаан” гэсэн үгийг урдаа барьсан хүн. Тэр үгийн гол утга нь эцсийн бүлэгт үйлдвэрийн төлөвлөгөөг биелүүлнэ гэсэн жирийн ойлголтын товч томъёолол юм. үйлдвэрийн даргаар томилогдож ирээд анхны цуглаан дээр “Байгалийн хишгийг булаан авахын тулд өргөн фронтоор давшин тулалдах” лоозон дэвшүүлсэн билээ. Байгальтай “тулалдах” үзэл л Паламын дургүйг хүргэсэн юм. Ойн баялгийг зохистой ашиглах, нөхөн үйлдвэрлэл явуулах арга зам гэсэн түүний саналыг дарга ердөө л мөрөөдөгчийн сайхан санал гэж үзээд хойшид ажлынхаа арга барилыг ойртуулан нягтрахыг шаардаж “төлөвлөгөө биелүүлэхгүй бол үйлдвэр байх хэрэггүй” гэсэн маргагшүй үнэнийг тулгасан сан. Мангал гаднаасаа ч тулалдагчийн дүртэй хүн. Газар дээр бат суурилсан лагс том биетэй, улаа бутарсан царайтай, өтгөн хар хөмсгөө зангидан, хөх хиаз суусан зууван шар нүдэндээ гал цахилуулаад ирэхээрээ юунаас ч ухрахгүй шинжтэй. Өргөн тэлмэгэр магнай нь эрдэмт хүний шинжийг илтгэх мэт боловч хараад байхад хад чулуу шиг нэг л хатуу янзтай. үг яриа огцом бардам, шог наргианч, гэтэл энэхүү баавгайн дүрийнхээ цаана муур шиг хумсаа нууж бас чадна. Паламын орж ирэхэд Мангал угтан босч ирээд сэтгэлийг нь засах гэсэндээ ч юмуу малилзтал инээмсэглэн, гарыг нь атгаад: -Палам минь ажилдаа санаа зовох хэрэггүй.

Төлөвлөгөөгөө давуулаад биелүүлчихсэн газар юундаа алзах вэ. Би чиний ээлжийн амралтыг олгох тухай тушаал гаргасан. Чи дуртай газраа явж амар гэлээ. Палам тасалгаа шинэчлэгдэн засагдсаныг эхлээд анзаарсангүй. Юу билээ энэ чинь гээд ажиглавал бичгийн лут том царсан ширээ хийлгэж тавьжээ. Тах хэлбэртэй, зөгийн үүр шиг олон шургуулгатай ер бусын ширээ байна. тасалгааныхаа баруун гар талын ханыг хүрэн модоор өвч бүрж, наад талд нь хурлын бас л их өргөн бөх ширээ тавьжээ. “Юм бүхнийгээ өөртөө тааруулах санаатай” гэж Палам дотроо дургүйцэн,

-Бодож байгаад болъё доо. Ажилдаа орсон минь ч дээр юм шиг байна. хүүхдүүдийнхээ сургууль тарсан хойно амралтаа авбал зүгээр юм уу? Гэхэд Мангал нэгэнт гаргасан шийдвэрээсээ няцдаггүй хүний зангаар гайхсан янзтай гар дэлгэн:

-Палам минь чи өөрөө л мэд. Би чамд чадал мэдлийнхээ хэрээр л тус болъё гэсэн юм гээд тасалгааныхаа шалыг нургитал алхлан, тах хэлбэрт том ширээнийхээ ард очив… Палам Баянханы өврөөр тойрох замд бодол болон дуугүй явав. “Хачин араншинтай хүн байх юм. инээд алдаад дотроо баярлаж ч яваа юм билүү? Маргах хүнгүй намайг нэг хоёр сар ч гэсэн хол байлгах гээ биз. Хачин хүмүүс байх юм. нийгмийн үл зохилдол, стресс энэ тэр гэж орчин цагийн онол гэсэн хэдэн юм хагас дутуу ухаараад бусдыг догматикууд, хуучныг баримтлагчид гэхээс ер сийхгүй, бусдын толгой дээр сууж, зоргоороо аашилж л байвал болох нь тэр…

-Бөөрөлжийн төгөл. Бөөрөлжийн төгөл хаана байнаа? гэж Палам дуу алдав. Жолооч түүний өөдөөс гайхан хараад

-Огтолчихсон шүү дээ инженер ээ, гэв

-Хэзээ, хэн?

-Сарын өмнө улирлын төлөвлөгөө тасрах болоод Мангал даргын шийдвэрээр…

-Зогсоодох, машинаа зогсоо, гэж Палам балмагдан хэлээд харайн бууж Бөөрөлжийн нарсан төгөл байсан газар тийш алхлав. Уулнаасаа тасарч хөндий талд зориудаар юм шиг сүрэглэн ургасан намжаа их нарсан төгөл хүний гараар оргүй хөнөөгджээ. Арван дөрвөн жилийн өмнөх тэр намар солонгорон байсан улаалзгана, долоогоны бут бургас баглайн харлаж, өнөөх гоолиг шар нарснуудаас үлдсэн олон зуун хожуул цайрч, үе удам залгах тэнхээ ороогүй зулзаган нарснууд энд тэнд эрвэн сэрвэн ёрдойлдох нь өр өвдмөөр.

-Хайран мод, хайран нарсан төгөл минь, гэж Палам дотроо орь дуу тавин, мөхсөн төглийн сүгт татагдсан юм шиг гүйж ирээд бие алдран, захын нэг хожуул дээр лагхийн суув. “Байгалийн дайсан, ямар ухаангүй явдал, хатуу сэтгэл гэгч вэ? миний ариун сайхан дуртгалыг зориуд үгүй хийх гэсэн шиг. Өөрийнхөө эх дархыг үзүүлж тоглоом тохуу хийх гэсэн шиг. Тэгээд бас хуурамч сайхан зан гаргаж, малилзаж сууна гээч. Би ийм хүнтэй хамт ажиллах гэж үү? Өөр газар надад ажил амьдрал олдохгүй юм гэж үү? Хэмээн гаславч, ийм хүнтэй би эвлэрч суух ёстой юу, үгүй юу? ”гэсэн асуулт зэрэгцэнэ. “Намайг яваад өгөхөөр тэр өөрийн гарын дор нэг хүнийг олоод л тавьчихна. Тэгээд хаяагаа хадрах байтугай дураараа аашилна. Хэдэн жилийн дараа нэг төгөл байтугай юм сүйтгэж хэдэн зуулд нөхөгдөшгүй гарз учруулна. Би тэр замыг нь засаад холдох ёстой болж байна уу? Ямар ч тэмцэлгүй зорьсондоо хүрэлгүй бууж өгөх хэрэг үү? Амралтыг чинь өгөх тушаал гаргалаа гэнэ шүү. Тэртэй тэргүй хуулиар олддог амралт өгч их тус хүргэсэн хүн дотроо хол байсан чинь дээр гээд малилзаж байгаа нь тэр. Ширээгээ том болголоо гээд суудал бөх болдог цаг өнгөрсөн” гэж бодолхийлэн, далийн ягааны хэдэн мөчир гэртээ ургуулахаар аваад машин руугаа шийдэмгий алхлав. “Хайрын нарсан төгөл минь” гэсэн үл тасалдах харууслын дуу сэтгэл зүрхэнд нь уянгалан байлаа.

Categories
мэдээ эдийн-засаг

​Хөрөнгийн бирж 17 компанийн 27 356 ширхэг хувьцаа арилжив

Холбоотой Зураг

Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар “I”, “II”, “III” ангилалд бүртгэлтэй 17 хувьцаат компанийн 27 356 ширхэг хувьцаа арилжсанаас 4 компанийн хувьцааны ханш өсчээ.

Ингэснээр 11 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

Үүнээс “Мандал говь импэкс” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.0 хувиар өссөн бол “Жуулчин говь” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.63 хувиар унасан байна.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10,018 ширхэг үнэт цаас 999,996,760 төгрөгөөр арилжаалсан байна.

Мөн өдөр “MSE ALL” индекс 832.9 нэгж болж 0.03%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,454,984,938,724 төгрөг боллоо.

Categories
мэдээ нийгэм

Өдөрт 3000 бог, 1000 бод мал боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийн нээлт боллоо

Өдөрт 3000 бог, 1000 бод мал боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийн нээлт боллоо

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ мах боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслолын арга хэмжээнд оролцлоо. Орон нутгийн өмчит “Өв мийт продактс” ХХК, БНХАУ-ын “Хайжөү” компани, АНУ-ын “Жарвис Монгол” компани хамтран эхлүүлж буй тус үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд болон бусад албаны төлөөлөл оролцсон юм.

Өвөрхангай аймаг нь малын тоо толгойгоор улсдаа тэргүүлдэг бөгөөд аймгийн эдийн засгийн 60 гаруй хувийг мал аж ахуйн салбар эзэлж байна. Энэ жил тус аймагт нийт 7.0 сая гаруй мал зусаж байгаа юм.

Иймд малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргах замаар ажлын байр нэмэгдүүлэх, малчдын бодит орлогыг өсгөх, орон нутгийн эдийн засгийг чадавхижуулах зорилтыг аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан байна.

Энэ хүрээнд өнгөрөгч тавдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-д айлчлал хийх үеэр Засгийн газар хоорондын 21 гэрээнд гарын үсэг зурсны нэг нь БНХАУ-ын Гүй жөү мужийн “Хай чуан” групп, АНУ-ын “Жарвис Монгол” компаниудтай хамтарч Өвөрхангай аймагт махны үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд нийлүүлэх тухай “Санамж бичиг”-т гарын үсэг зурсан ажил ийнхүү биелэлээ олж байгаа юм.

Хоногт 3000 бог мал, 1000 бод малыг боловсруулах хүчин чадалтай тус үйлдвэр ашиглалтад орсноор зөвхөн Өвөрхангай аймаг төдийгүй бүс нутгийн бэлчээрийн мал аж ахуй, экологийн цэвэр мах, махан бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гарах боломж бүрдэж байгаа юм. Мөн орон нутгийн иргэд тогтмол ажлын байраар хангагдан, аймаг орон нутаг, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Үйлдвэрийг энэ ондоо багтааж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Өдөрт 3000 бог, 1000 бод мал боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийн нээлт боллоо

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ /2017.06.21/ мах боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслолын арга хэмжээнд оролцлоо. Орон нутгийн өмчит “Өв мийт продактс” ХХК, БНХАУ-ын “Хайжөү” компани, АНУ-ын “Жарвис Монгол” компани хамтран эхлүүлж буй тус үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд болон бусад албаны төлөөлөл оролцсон юм.

Өвөрхангай аймаг нь малын тоо толгойгоор улсдаа тэргүүлдэг бөгөөд аймгийн эдийн засгийн 60 гаруй хувийг мал аж ахуйн салбар эзэлж байна. Энэ жил тус аймагт нийт 7.0 сая гаруй мал зусаж байгаа юм.

Иймд малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргах замаар ажлын байр нэмэгдүүлэх, малчдын бодит орлогыг өсгөх, орон нутгийн эдийн засгийг чадавхижуулах зорилтыг аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан байна.

Энэ хүрээнд өнгөрөгч тавдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-д айлчлал хийх үеэр Засгийн газар хоорондын 21 гэрээнд гарын үсэг зурсны нэг нь БНХАУ-ын Гүй жөү мужийн “Хай чуан” групп, АНУ-ын “Жарвис Монгол” компаниудтай хамтарч Өвөрхангай аймагт махны үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд нийлүүлэх тухай “Санамж бичиг”-т гарын үсэг зурсан ажил ийнхүү биелэлээ олж байгаа юм.

Хоногт 3000 бог мал, 1000 бод малыг боловсруулах хүчин чадалтай тус үйлдвэр ашиглалтад орсноор зөвхөн Өвөрхангай аймаг төдийгүй бүс нутгийн бэлчээрийн мал аж ахуй, экологийн цэвэр мах, махан бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гарах боломж бүрдэж байгаа юм. Мөн орон нутгийн иргэд тогтмол ажлын байраар хангагдан, аймаг орон нутаг, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Үйлдвэрийг энэ ондоо багтааж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Дэлхийн алдартнууд Монголд

Итали, Монгол улс хоорондын соёл урлаг, сонгодог хөгжим болон сонгодог урлагийг дэмжих, харилцаа холбоо тогтоон хөгжүүлэх зорилгоор Монгол улсын Филармони, Монгол улсын гадаад харилцааны яам, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл хамтран “Барокко: Итали болон Eврoп” (Grand Galá: Barocco, Italy & Europe”) гала тоглолт 2017 оны 6-р сарын 29 –ний өдөр 18:00 цагт Соёлын Төв Өргөөнд зохион байгуулах гэж байна.

Тоглолт Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн хөгжимчдийг Италидаа төдийгүй дэлxийд алдартай сонгодог xөгжмийн удирдаач Якобо Сипари Ди Пeскассэрoли-гийн xөгжмийн удирдлагын дор зохион байгуулна. Сонгодог урлаг сонирхогч та бүхэн дэлхийд алдартай Испани, Итали, Орос, Монгол 4 улсын шилдэг уран бүтээлчид болон алдарт удирдаачийн бүтээлүүдээс өөрийн орны тайзнаа үзэж сонордохыг хүсвэл энэхүү тоглолтонд хүрэлцэн ирээрэй.

Тоглолтын тасалбарыг Филармонийн касс, www.ticket.mn сайтаас болон 1900-1617 үнэгүй хүргэнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012, 70148012, 99196623

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Бээжингээс Улаанбаатар хүртэлх нислэгийн суудал наадам дуустал дүүрсэн байна

Холбоотой Зураг

Зуны урин дулааны улирал, аялал жуулчлалын ид үед онгоцны билет өндөр үнэтэй байдаг. Үүнээс гадна суудал олддоггүй. Саяхан Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газраас тийзний үнэ буурахаар боллоо гэсэн мэдээлэл хийсний улмаас онгоцны тийз хямдарна гэсэн хүлээлт хаа хаанаа үүсээд байгаа билээ. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар нислэгийн тийзний үнийг урьдчилсан байдлаар 20-40 хувиар бууруулах боломжтой гэж мэдэгдсэн.

Өнөөдрийн байдлаар тодруулахад, онгоцны тийз хямдраагүй, үнэтэй хэвээрээ байна. Үнэ буурах талаар ямар нэгэн мэдээлэл ирээгүй гэдгийг билет борлуулдаг газрууд хэлж байна. Түүнчлэн олон улсын нислэгийн суудал дүүрсэн, билетийн олдоц муу байгаа аж. Тухайлбал, Бээжингээс Улаанбаатар хүртэлх нислэгийн билет олдохгүй, пиг дүүрсэн байв. “Айр Маркет”-аас лавлахад “Бээжингээс Улаанбаатар суудал байхгүй байна. Яг хэзээ суудал гарахыг хэлж мэдэхгүй. Лав Үндэсний их баяр наадам хүртэл суудал байхгүй байна. Суудал нэгэнт тавигдаагүй учраас үнэ хараахан гараагүй байна” гэсэн тайлбарыг өгсөн юм. Сөүл-Улаанбаатар чиглэлд гэхэд энгийн суудал байхгүй, хүлээлгэнд үнэ арай өндөртэй суудлыг хэд хоногийн дараагаар захиалж болохоор байна гэж хэлж байв. Ийнхүү аялал жуулчлалын оргил үед гадагшаа нисэх болон Монгол руу ирэх хүмүүст билет олдоц муутай байдалтай байгаа юм.

Чингис хаан нисэх буудал зурган илэрцүүд

Нислэгийн үнэ хэдийнээс эхлэн буурах талаар албаны хүмүүсээс тодруулахад “Манай улс БНСУ-ын “Асиана Эйрлайнз” компанийн төлөөлөгчидтэй уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцож байна. Хоёр улсын агаарын харилцааны хэлэлцээрийг энэ зургадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо хийхээр төлөвлөсөн байгаа” гэж мэдэгдэв. Энэ нь ирэх долоо хоногт болох уулзалтын үр дүнгээс шалтгаалж, хэзээнээс эхлэн ямар үнээр буурах эсэх нь шийдэгдэнэ гэсэн үг. Гэхдээ энэ зундаа багтан онгоцны билетийн үнэ буурна гэсэн итгэл алга байна. Учир нь олон улсын чанартай нислэгүүдийн хувьд агаарын харилцааны хэлэлцээний хүрээнд ярилцаж шийдэгддэг учраас шууд тухайн цаг үед нийцсэн шийдвэр гарах бололцоогүй гэсэн үг юм. Дашрамд дурдахад, манай улсад олон улсын нислэгийг БНСУ-ын “Корейн эйр”, МИАТ гэсэн хоёр л компани нислэг үйлдэж байгаа билээ.

Б.ОДМАА

Categories
мэдээ нийгэм

Чингэлтэйн гэр хороололд шинэ зам тавина

Чингэлтэй дүүргийн 12, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт олны нэрлэж заншсанаар Гахайн байрнаас хойш гэр хороолол дунд баригдах 0.9 километр авто замын ажил эхэлж байна. Энэхүү авто замыг нийслэлийн хөрөнгө оруулалтаар нийт 950 сая төгрөгөөр барьж байгаа ажээ. Замын өргөн 7 метр бөгөөд хоёр талаараа 1.5 метр өргөн явган хүний зорчих хэсэгтэй байхаар зураг төслийг нь хийжээ. Гэр хорооллын дундах энэхүү хатуу хучилттай замыг ирэх наймдугаар сарын 30 гэхэд ашиглалтад оруулах юм байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээс энэ талаар тодруулахад “Нийслэлээс гэр хорооллын дундах хатуу хучилттай авто замуудыг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа. Тиймээс Чингэлтэй дүүргийн 12, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрийг дамнан тавигдах энэхүү замыг чухал ач холбогдолтой гэж үзэж хөрөнгө оруулалтыг нь төсөвт суулгаж, шийдвэрлэсэн. Бид хөдөлгөөний ачааллыг сааруулах, хотын дэд бүтцийг сайжруулах үүднээс гэр хороолол болон орон сууцны хорооллуудын дундах авто замуудын гарцыг нээж, чөлөөлөн зам тавих ажлыг хийж байгаа” хэмээн ярилаа.

Түүнчлэн III, IV дүгээр хороооллын эцсээс Сонгинохайрхан дүүргийн Толгойтын уулзвар, Авто сургууль хүртэлх гэр хорооллын дундах 2.7 км замын ажлыг удахгүй эхлүүлэх юм байна. Гэр хороолол, орон сууцны дундах гарцуудыг чөлөөлж авто зам тавихдаа инженерийн шугам сүлжээтэй, хатуу хучит тавьж болохгүй тохиолдолд чулуун хучилт тавих ажлыг хийж байгаа ажээ.

Дашрамд дурдахад энэ жил нийслэлийн хэмжээнд нийт 43 км авто зам шинээр тавих бөгөөд 3000 метр урт гүүр тавих юм байна.

Чингэлтэйн гэр хороололд шинэ зам тавина Хотын төвөөс алслагдсан энэхүү гэх хороололд удахгүй хатуу хучилттай зам тавигдана

Чингэлтэйн гэр хороололд шинэ зам тавина

Categories
мэдээ нийгэм

Одоогоор хотоос гарах хөдөлгөөний ачаалал хэвийн байна

Баянзүрх дүүргийн товчоо зурган илэрцүүд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ сарын 26-нд болно. Сонгуулийн санал хураах өдрөөр олон нийтээр амардаг журамтай билээ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар амралтын өдрүүдтэй нийлээд гурван хоног амрах юм. Иймээс иргэд өнөөдөр хотоос гарахаар замын хөдөлгөөн ихсэх хандлагатай байгаа аж. Баянзүрхийн товчооны дээр ажиллаж буй цагдаагийн алба хаагч мэдээлэхдээ “Одоохондоо замын хөдөлгөөний ачаалал хэвийн байна. Оройноос эхлээд бага багаар нэмэгдэнэ. Ер нь өмнөх долоо хоногийг бодвол ачаалал их болох байх гэж таамаглаж байна. Урин дулааны улиралд иргэд баасан гарагийн оройноос хотоос гарч аялал, зугаалгаар явдаг. Бүтэнсайны үдээс хойш хот руу орж ирэх хөдөлгөөн ихэсдэг шүү” гэв. Олон нийтийн амралт, баяр ёслолын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй. Энэ журмын дагуу энэ сарын 26-ны өдөр замын хөдөлгөөнд оролцож буй автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.

Б.Урнаа
Categories
мэдээ нийгэм

Борооны дараа их цэвэрлэгээ хийлээ

Нийслэлийн тээврийн газраас энэ сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод их хэмжээний бороо орсонтой холбоотой нийтийн тээврийн үйлчилгээнд шуурхай зохицуулалтын арга хэмжээ авч ажиллалаа. Тухайн өдөр их хэмжээний бороо орсны улмаас троллейбуснууд нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллахад аюултай нөхцөл байдал үүссэн тул Т:2, Т:4, Т:5 чиглэлд зохицуулалтаар их багтаамжийн автобуснуудыг ажиллуулсан.

Мөн их хэмжээний бороо орсонтой холбоотойгоор хотын захын алслагдсан зам талбай, буудлууд их хэмжээгээр бохирдсон тул нийтийн тээврийн газраас нийтийн тээврийн эцсийн 43 зогсоолуудын зам талбайн цэвэрлэгээний ажлыг санаачлан энэ сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Цэвэрлэгээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 22 аж ахуйн нэгж байгууллагын 587 ажилтан, 50519 м2талбайг цэвэрлэж, 233 шуудай хог, 2 тээврийн хэрэгсэл хогийг цэвэрлэсэн ба нийслэлийн тээврийн газрын 43 албан хаагч тухайн цэвэрлэгээний явцад хяналт тавин ажиллалаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цагдаагийн байгууллагаас С.Ганбаатарт холбогдох хэргийн бүрдүүлэлтийг хийж, дахин шүүхэд шилжүүлжээ

Image may contain: 2 peopleМАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар гадны орны иргэнээс 50 сая воны хандив авч буй бичлэг олон нийтэд ил болсон. Улмаар уг асуудлаар СЕХ-нд гомдол очиж, Цагдаагийн байгууллагад шилжүүлээд байсан юм. ЦЕГ-аас өчигдөр мэдээлэл хийж, С.Ганбаатарын дүрс бүхий видео бичлэгийг эвлүүлэг биш хэмээн үзэж, шүүхийн байгууллагад шилжүүлснээ мэдэгдсэн билээ.
Харин уг хэргийг өнөөдөр өглөө Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч н.Өсөхбаяр хэргийг “Дутуу шалгасан байна” гэх үндэслэлээр буцаасан байна. Шүүхээс С.Ганбаатар нь гадны иргэнээс мөнгө авсныг тогтоовол Сонгуулийн тухай хууль зөрчсөн үндэслэлээр нэр дэвших эрхийг нь түдгэлзүүлэх юм.

С.ГАНБААТАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ БУЦААЛАА –

Шүүхийн байгууллагаас гаргасан албан ёсны мэдээллийг нь нэмэлтээр хүргэе.Өнөөдөр 12:45 цагийн үед Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Ганбаатарт холбогдох Сонгуулийн тухай хууль зөрчсөн хэргийг цагдаагийн байгууллагад буцаалаа. Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.2, 52 дугаар зүйлийн 52.1.1, 52.1.4-т заасныг зөрчсөн тухай хүсэлт, гомдлыг шалгаж, хянан шийдвэрлүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд захиргааны зөрчлийн материал хүргүүлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.2, 52 дугаар зүйлийн 52.1.1, 52.1.4-т заасныг зөрчсөн тухай гомдлыг МАХН-ын Гишүүд дэмжигчдийн Холбоо, Хөдөлмөрийн Үндэсний Нам, Орон нутгийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, иргэн Б.Баасанжаргал нар Сонгуулийн ерөнхий хороонд гаргасан байна. Уг гомдлыг цагдаагийн байгууллага шалгаад шүүхэд шилжүүлсэн.
Сонгуулийн ерөнхий хороонд гаргасан хүсэлт, гомдлыг шалгаж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн захиргааны зөрчлийн материалыг хүлээн аваад Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 23-ны өдөр 18 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар С.Ганбаатарт холбогдох Сонгуулийн тухай хууль зөрчсөн зөрчлийн хэргийг дутуу шалгасан, Шүүгчийн захирамжид дурьдсан асуудлуудыг нэмж шалгуулахаар даалгавар өгч Цагдаагийн байгууллагад буцаан шийдвэрлэсэн байна.

С.ГАНБААТАРЫН ХЭРГИЙГ ДАХИН ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ –

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Ганбаатарт холбогдох Сонгуулийн тухай хууль зөрчсөн хэргийг цагдаагийн байгууллагад өнөөдөр буцаагаад байсан. Энэ талаархи албан мэдээлэлд, “С.Ганбаатарт холбогдох Сонгуулийн тухай хууль зөрчсөн зөрчлийн хэргийг дутуу шалгасан, Шүүгчийн захирамжид дурьдсан асуудлуудыг нэмж шалгуулахаар даалгавар өгч Цагдаагийн байгууллагад буцаав” хэмээн дурдаад байсан юм.
Улмаар Цагдаагийн байгууллаас холбогдох хэргийн бүрдүүлэлтийг дахин хийж, үдээс хойшдоо шүүхийн байгууллагад эргүүлэн шилжүүлжээ. Шүүхийн шийдвэрээр МАХН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар буруутай нь тогтоогдвол Сонгуулийн тухай хууль зөрчсөн үндэслэлээр нэр дэвших эрхийг нь түдгэлзүүлэх юм.