Categories
мэдээ нийгэм

Санал авах байрыг 2803 алба хаагч хамгаалж байна

Холбоотой ЗурагЦагдаагийн байгууллага, алба хаагчид Цагдаагийн албаны тухай хууль, Сонгуулийн тухай хуульд заасан үүргийнхээ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг хамгаалах, сонгуулийн санал авах байруудыг хамгаалалтад авах, сонгуулийн сурталчилгаатай холбоотой зөрчлүүдийн талаарх гомдол, мэдээллийг шалган ажиллаж байгаа аж. Тодруулбал, нийслэлд байрлах 403 сонгуулийн санал авах хэсгийн хороодын байрны аюулгүй байдал, хамгаалалтад 1002 алба хаагчаас хоногт 501 алба хаагч, орон нутагт байрлах 1580 санал авах байрны хамгаалалтад 1801 алба хаагч, нийт 1983 санал авах байрны хамгаалалтад 2803 алба хаагч тасралтгүй үүрэг гүйцэтгэн ажиллаж буй юм байна.

Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш 406 хэрэг, зөрчил, маргааныг шалгаж шийдвэрлэн ажиллажээ. Үүний 279 нь нийслэлд, 127 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Тэдгээрээс 64.5 хувь буюу 262-ийг нь шийдвэрлэсэн, 78-ыг шүүхэд шижлүүлж, үлдсэн 144 гомдлыг хуулийн хугацаанд шалган шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд 936 мянган сонгогч саналаа өгнө

Нийслэлийн сонгуулийн хорооноос өнөөдөр /2017.06.25/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нийслэлийн хэмжээнд 936 мянган иргэн санал өгөх юм байна.

Нийслэлийн есөн дүүрэгт 403 сонгуулийн хэсэг байгуулжээ. Сонгуулийн хэсгүүдийг төрийн өмчийн сургууль, цэцэрлэг хорооны байруудад байгуулсан аж.

Мөн хувийн өмчийн 28 байрыг түрээслэн 20 орчим сая төгрөг зарцуулжээ. Сонгууль зохион байгуулахад нийслэлийн хэмжээнд 4077 төрийн албан хаагч ажиллах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Зөөврийн хайрцгаар иргэдийн саналыг авч байна

Сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн хангагдсан тухай нийслэлийн Сонгуулийн хорооноос өнөөдөр /2017.06.25/ мэдээлэл хийлээ.


Улаанбаатарт нийт 941.536 сонгогч саналаа өгнө. Бүртгэгдсэн сонгогчдыг дүүргээр нь тодруулбал,

  • Сонгинохайрхан дүүрэгт-207.620
  • Баянзүрх дүүрэгт -225.206
  • Баянгол дүүрэгт -144.434
  • Сүхбаатар дүүрэгт-96.148
  • Хан-Уул дүүрэгт-110.883
  • Чингэлтэй дүүрэгт -110.643
  • Багануур дүүрэгт-19.593
  • Багахангай дүүрэгт-2799
  • Налайх дүүрэгт-24.241 сонгогч тус тус бүртгэгджээ.

Энэ тоонд түр оршин суугчид багтсан байна. Хуулийн дагуу шилжилт хөдөлгөөн зогсоохоос өмнө 977 иргэн хотоос шилжин явсан бол 733 иргэн шилжин иржээ.

Нийт сонгогчдоос 5349 иргэн зөөврийн хайрцгаар саналаа өгөх хүсэлт гаргажээ. Иймээс тэднээс өнөөдөр /2017.06.25/ 09.00-20.00 цаг хүртэл зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналыг нь авч эхэлсэн байна. Зөөврийн хайрцгаар санал өгөх сонгогчдын ирцийн мэдээллийг шаардлагатай бол нийслэлийн Сонгуулийн хорооноос тухай бүрт нь мэдээлнэ гэлээ.

Үүнээс гадна Сонгинохайрхан дүүрэг, сонгуулийн 1813 хэсгийн хорооны 13 өрхийн 30 сонгогч малын халдварт өвчин гарснаас шалтгаалж, хөл хорионд оржээ. Мал эмнэлгийн байгууллагуудтай нийслэлийн Сонгуулийн хорооноос ярилцаж байгаад тухайн иргэдээс зөөврийн саналын хайрцгаар саналыг нь авах ажиллагааг зохион байгуулна гэлээ.

Нийслэлд нийт 403 хэсгийн санал авах байр ажиллана. Санал авах байруудын 127 нь төрийн өмчийн сургуульд, 101 хорооны байранд, 28 нь хувийн хэвшлийн барилгыг түрээсэлж, үлдсэн 33 нь төрийн өмчийн бусад байгууллагуудад байрлажээ.

Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдөр буюу маргааш бүх нийтээрээ амарна. Хэрэв энэ өдөр /2017.06.26/ ажиллаж буй хувийн байгууллага, аж ахуйн нэгж байвал ажилчдадаа чөлөө олгож саналаа өгөх үүрэгтэйг нийслэлийн Сонгуулийн хорооноос санууллаа. Мөн нийслэлийн Сонгуулийн хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд бэлтгэхдээ одоогоор нэг тэрбум 373.8 сая төгрөгийн зардал гаргаж, энэ тооны мөнгийг Сонгуулийн ерөнхий хорооноос авчээ.

Мөн маргааш /2017.06.26/ цахилгаан тасалдлаас болгоомжилж зарим гэр хорооллын 30 санал авах байранд цахилгаанаа нөөцлөх эх үүсвэрүүдийг байрлуулсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нийслэлийн Сонгуулийн хороо бэлэн гэдгээ мэдэгдлээ. Мөн иргэдийг маргааш /2017.06.26/ саналаа өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэхээ заавал авчирч, сонгуульдаа идэвхтэй оролцохыг нийслэлийн Сонгуулийн хорооноос уриаллаа.

Categories
гадаад мэдээ

Их Британийн парламентын компьютерийн сүлжээг хакердав

компьютерийн сүлжээг хакердав зурган илэрцүүдИх Британийн парламентын компьютерийн сүлжээг хакердсан тухай мэдээллээ. “The Telegraph” сонинд бичсэнээр парламентын гишүүд электрон шуудан руугаа нэвтэрч чадахгүй байгаа гэнэ. Өнгөрсөн шөнө буюу бямбаас ням гаригт шилжих шөнө Лордын танхмын гишүүд аюулгүй албанаас энэ талаар анхааруулсан захидал хүлээн авсан байна. Парламентын компьютерийн сүлжээг хакердсан нь үнэн болохыг гишүүн Кристофер Леннард баталжээ.

Одоогийн байдлаар Лордын танхмын захиргаа нь Кибер аюулгүйн асуудлыг хариуцсан үндэсний төвтэй хамтран ажиллаж уг хэргийг шалгаж байгаа гэнэ. Өнгөрсөн долоо хоногт Их Британийн Засгийн газрын хэд хэдэн гишүүний электрон шуудангийн нууц үгийг хулгайлсан талаар “The Telegraph” мэдээлсэн билээ.

Ю.ДЭЛГЭР

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз мэтгэлцээний тухай иргэд ийм бодолтой байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга, Ардын намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд, МАХН-аас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар нарын халз мэтгэлцээн өнөө орой буюу ердөө цагийн дараа МҮОНТВ-ээр 21.00 цагаас шууд явагдана. Ингээд иргэд сонгогчид мэтгэлцээний талаар ямар санаа бодолтой байгааг асууж сонирхсон юм.


Л.ДҮГЭРСҮРЭН: МЭТГЭЛЦЭЭНИЙГ ЗААВАЛ СОНГУУЛЬ БОЛОХ ХУГАЦААНД ТУЛГАЖ ХИЙХ ШААРДЛАГА БАЙСАН УУ

Баянгол дүүргийн 18-р хорооны иргэн Л.Дүгэрсүрэн “Монгол Улсын нийт иргэдийн өмнө төрийн тэргүүнээ сонгох чухал үүрэг ирээд байна. Тийм ч учраас мэтгэлцээн хийх нь зайлшгүй шаардлагатай. Харин энэ мэтгэлцээнийг заавал сонгууль болох хугацаанд тулгаж хийх шаардлага байсан уу гэж асуумаар байна. Бусад орны жишгээс харахад хоёроос гурван удаагийн мэтгэлцээн хийдэг. Гэтэл ганц удзаагийн мэтгэлцээнээр юу асууж, тодруулж мэтгэлцэх билээ. Өнөө орой болохоо больчих юм бол хугацаа нь тулчихсан энэ үед хэцүү шүү дээ. Энэ хариуцлагагүй бүх зүйлийн цаана Монгол улсын эрх ашиг явж байгааг ойлгох хэрэгтэй байна. Ямартай ч миний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс “27 жил хоёр нам ээлжилж төр барьсан хэрнээ эх орны баялгийг ард түмэнд эргүүлж өгнө гэж одоо яриад байх юм. Төр барьж байх үедээ яагаад хийгээгүй юм бэ” гэж асуумаар байна. Мөн өнөөдрийг хүртэл энэ их байгалийн баялагтай орон хэрнээ нефтийн үйлвэргүй байсаар байна вэ гэж асуухыг хүсч байна. Энэ мэтчилэн нэн хэрэгцээтэй асуудлыг шийдэж чадахаар, Монголоо гэсэн сэтгэлтэй хүн хэрэгтэй байна. Гэхдээ ийм хүн энэ нэр дэвшигчдэд алга. Үнэхээр сонголтгүй сонгууль болж байна.

Г.НАРАН: ХАЛЗ МЭТГЭЛЦЭЭНИЙГ ТЭСЭН ЯДАН ХҮЛЭЭЖ БАЙНА

Сүхбаатар дүүргийн VIII хорооны иргэн Г.Наран “Монгол Улсын иргэд эрхэм Ерөнхийлөгчөө сонгох цаг нь ирлээ. Монголчуудад өнөөдөр эв нэгдэл хэрэгтэй байна. Эв найрамдал, бие биенийхээ төлөө гэсэн чинь сэтгэл хэрэгтэй. Тэрнээс биш хүн бүхэн амиа бодох үзэл огт хэрэггүй. Өнөө орой болох мэтгэлцээнийг тэсэн ядан хүлээж байна. Гурван нэр дэвшигчийн юу ярьж, улсдаа юу хийж бүтээх вэ гэдгийг мэтгэлцээнээс харж, сонсож ард түмэн дүгнэнэ. Хамгийн гол нь гурван нэр дэвшигчийн үзэл бодлыг сонсох хэрэгтэй. Ард түмнийхээ төлөө яг үнэндээ юу хийх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Ерөнхийлөгч гэдэг бол улсын бэлэг тэмдэг. Тиймээс дэлхийн хэмжээнд Монгол Улсыг төлөөлж, зөв зам руу чиглүүлж, жолоодож чадах хүнийг өнөөдөр бид сонгохын тулд мэтгэлцээнээ үзэх хэрэгтэй. Өнөөдөр олон улсад, дэлхий нийтэд манай Ерөнхийлөгч очиход ямар нүүр царайтай, ямар байр суурьтай, ямар бодол ухаантай гэдгийг нь бодож, тулгатай, түшиг тулгуур болох хүнийг сонгоосой гэж хүсч байна. Манай улсад ядуурлыг шийдэх байдал эхлээд явж байна. Манай улсын цөөхөн хэсэгт ядуурал байна. Тэр ядуурал хаана байна вэ гэхээр тархинд нь байна. Ард түмний минь тархи нь ядуурсан юм. Гэхдээ Монгол ард түмэнд авах зан чанар их байдаг. Авах, гээхийн ухаанаар хандах хэрэгтэй. Сүүлийн үед сонгуулийн сурталчилгаа хийхдээ хар пиар их явуулдаг болжээ. Ийм байдлаас татгалзах хэрэгтэй шүү. Монголчуудыг сонгуульдаа идэвхитэй оролцож, муу ч сайн ч иргэнийхээ үүргийг биелүүлээрэй гэж хэлье. Хэрвээ сонгогчдын ирц бүрдэхгүй, хүрэхгүй бол дахин сонгууль явуулахад эдийн засгийн хохирол амсана шүү” гэлээ.

С.ОЧИР: МЭТГЭЛЦЭЭНИЙ АСУУЛТ СУЛ САНАГДААД БАЙНА

Хан-Уул дүүргийн иргэн С.Очир ярихдаа “Шударга бус мөнгөний сонгууль болох шинжтэй. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй гурван хүний халз мэтгэлцээн жаахан сул асуулттай юм болов уу гэж санагдсан. Мэтгэлцээнээс ард түмэн тухайн хүний байр суурь, нөхцөл байдлыг олж харна. Мэтгэлцээнээ үзэж байж, сонголтоо хийнэ” гэсэн юм.

Т.ЭНХТАЙВАН: ТЭР НАМ, ЭНЭ НАМ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ БИДНИЙГ УДИРДАЖ ЧАДАХ МЭДЛЭГ БОЛОВСРОЛТОЙ ХҮН ХАМГИЙН ЧУХАЛ

Чингэлтэй дүүргийн 18-р хорооны иргэн Т.Энхтайван “Мэтгээлцээнийг их нухацтай үзнэ. Тэр нам, энэ нам гэхээсээ илүү биднийг удирдаж чадах мэдлэг боловсролтой хүн хамгийн чухал. Тиймээс мэтгэлцээнээс үүнийг харж, сонжино гэсэн бодолтой байгаа. Одоогоор М.Энхболдыг улс, орноо цааш нь аваад явчих болов уу гэсэн найдвар байна. Үүнээс гадна сонгуулийг хүн бүр өгөх ёстой. Өнөө үед залуусын сонгуульд хандах хандлага их өөр болжээ.Сонгуульд идэвхтэй оролцохоо байсан байна. Бидний үед бүгд маш идэвхтэй өгдөг байсан. Тэр ч бүү хэл хөдөө орон нутгийн иргэд хамгийн гоё хувцасаа өмсөөд сонгуулиа өгдөг шүү дээ” гэсэн юм.

Д.ХАСБААТАР: ЖИНХЭНЭ АРД ТҮМНЭЭ БОДДОГ ХҮН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛООСОЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА

Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны өндөр настан Д.Хасбаатар: Нэр дэвшигчид тоо баримттай зүйл ярихгүй байна. Энэ ингэж, би тэгсэн гэх мэт баримтгүй, ойлгомжгүй, худал үнэн нь мэдэгдэхгүй зүйл их ярьж байна. Аливаа зүйл бодитой, тоо баримттай байвал Ерөнхийлөгч болоод амлалтынхаа хэдэн хувийг биелүүлж байгааг харахад билэнл амар шүү дээ. Сурталчилгаа маш буруу явсан маш их хар пиартай байна. Ерөнхийлөгч болох хүн тооны ухаан сайтай байх ёстой. Ер нь ард түмэндээ баримтаар дүгнэх боломж олго. Тэтгэвэрийг яг хэдэн хувиар яг яаж өсгөх юм. Яг хаанаас, ямар хөрөнгө оруулалт татаад, ямар салбарт хэдэн төгрөгийн хөрөнгө оруулах гэж байна гэх мэтээр ярих ёстой. Би хэнд санал өгөхөө бол хэлэхгүй. Жинхэнэ ард түмнээ боддог хүн Ерөнхийлөгч болоосой гэж бодож байна. Би аль нэг нам дагаж туйлширдаггүй цэргийн хүн. Ард түмнээ бодно гэдэг чинь эх оронч үзэл. Эх оронч үзэлтэй хүн юунд ч бууж өгөхгүй, шийдвэр гаргаж чаддаг хүн байх хэрэгтэй. Ямартай ч мэтгэлцээн үзэх гээд 21.00 цагийг хүлээгээд л байна гэлээ.

Б.БУЯНБАДРАХ: СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНААС МАШ ИХ ЗАЛХАЖ БАЙНА

Мөн тус хорооны иргэн Б.Буянбадрах: Сонгуулийн сурталчилгаанаас маш их залхаж байна. Ямар их талцаж, хэрэлдэж, бие биенийгээ муу хэлдэг юм бэ. Би С.Ганбаатарт саналаа өгнө нөгөө хоёроосоо арай дээр байх гээд бодчихсон байгаа. Мэтгэлцээн өнөө орой болохыг мартчихсан явна. Амжвал үзэж, өөрийн үнэлэлт дүгнэлтээ өгнө. Иргэд ч гэсэн нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг үзэх хэрэгтэй байх гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Чингэлтэй дүүрэг жишиг өрхийн эмнэлэгтэй болжээ

Чингэлтэй дүүрэг орчин үеийн дэвшилтэт эмчилгээний тоног төхөөрөмж бүхий жишиг өрхийн эмнэлэгтэй боллоо. Дүүргийн 12 дугаар хороонд орон нутгийн хөгжлийн сангийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар жишиг өрхийн эмнэлгийг барьсан байна. Уг өрхийн эмнэлгийг барихаар дүүргийн хөрөнгө оруулалтаар зураг төсвийг тусгайлан боловсруулж, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны хувьд жишиг эмнэлэг болгохоор зорилт тавьжээ. Эмнэлгийн тоног төхөөрөмж, материаллаг баазыг бэхжүүлэхэд дүүргийн зүгээс анхаарал хандуулж 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн орчин үеийн аппаратаар тоноглосон аж. Тухайлбал, хамгийн сүүлийн үеийн Япон улсад үйлдвэрлэгдсэн дижитал рентген аппарат, шүдний иж бүрэн тоног төхөөрөмж, лабораторийн иж бүрэн тоног төхөөрөмжийг суурилуулан иргэдэд үйлчилгээ үзүүлж эхлэжээ. Жишиг өрхийн эмнэлэг 1050 метр квадрат ашигтай талбайтай, стандартад нийцсэн 32 өрөө, шүд, эхо, рентген, сэргээн засах бие даасан танхимтай юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Эрдэнэ: Цагдаагийн байгууллага ажилчдын цалинг хураан авч, худал мэдээлэл өгч, хуулийг ноцтой зөрчиж байна

Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгын “Мил хаус” компанийн эзэмшлийн улсын дугаартай хар өнгийн жийп машин их хэмжээний мөнгө ачиж явсныг Говь-Алтай аймагт саатуулан шалгаж байна гэх мэдээлэл гарсан.

Тэгвэл Ардчилсан намын сонгуулийн штабаас дөнгөж сая мэдээлэл хийлээ. Намын удирдлагууд нь сонгуулийн хаалтын үйл ажиллагаандаа оролцчихоод дээрх асуудалтай холбогдуулан мэдээлэл өгсөн юм. Уг хуралд АН-аас намын дарга С.Эрдэнэ болон Нийсэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл тэргүүтэй хүмүүс оролцлоо.

Энэ үеэр С.Эрдэнэ ярихдаа “Дөнгөж сая манай Ардчилсан нам сонгуулийн хаалтын үйл ажилагаагаа хийлээ. Яг энэ үеэр бидэнд нэгэн ноцтой мэдээлэл ирлээ. Монгол Улсын хэмжээнд намуудын зарцуулж болох санхүүгийн нийт зардлыг тогтоож өгсөн. Ардчилсан нам хуульд заасан хэмжээнд санхүүжилт олгоод сурталчилгаагаа хийж, хүмүүсийг ажиллуулж байгаа. Өнөөдөр хагас сайн өдөр маргааш бүтэн сайн. Энэ үед банкууд амардаг. Тиймээс бид сонгуулийн сурталчилгаанд ажилласан ажилчдын мөнгийг гаргаад баруун аймгууд руу өгч явуулсан. Гэтэл эдгээр хүмүүсийг маань саатуулж, намын өмч хөрөнгийг хураасан байна. Тэнд казак хэл дээр гаргасан сурталчилгааны материал, CD, ажилчдын цалин зэргийг авч явсан юм. Говь-Алтай аймгийн цагдаагийн газраас уг асуудлыг лавлахад “шалгаад явуулна” гэдэг хариу өгч байсан бол өнөөдөр ийн улстөржүүлж, ноцтой алдаа мэтээр нийгмийн шуугиан болгож байгаад бид цочирдож байна. Ардчилсан намаас санал худалдан авах зардлыг авч явсан байна хэмээн зарлаж байгаа нь Монгол улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйл явдал болж байна. Аливаа асуудлыг шалгаж байхад буруутай нь шүүхээр л тогтоогдоогүй бол олон нийтэд зарлах эрх хэнд ч байхгүй. Цагдаагийнхан нийгмийн амгалан тайван байдлыг хангах хэв журмыг сахиулах үүрэгтэй. Гэтэл машинд нь дур мэдэн үзлэг хийгээд, зардал мөнгийг хураагаад, олон нийтэд худал мэдээлэл түгээж байгаа нь хэт улстөржсөн цагдаагийн байгууллагатай улс болжээ гэж харагдаж байна. Тиймээс үүнд бид эрс хатуу няцаалт өгч байна.

Н.ГАНЧИМЭГ

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулж хэн юу гэж жиргэв

twitter зурган илэрцүүдМонгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ сарын 26-нд болно. Иймээс УИХ-ын зарим гишүүд, нийгмийн зүтгэлтнүүд өөрийн твиттер хуудаснаа юу гэж жиргэснийг сонирхуулъя.

Ардчилсан намын гишүүн О.Магнай

“Ардчилсан Намын санаачилгаар 6-р сарын 24-ний өдөр МҮОНТ ээр 21:00 цагаас мэтгэлцээн явагдана” гэсэн бол Их аварга Асашёорү Д.Дагвадорж

“Өнөө өглөө Х.Баттулгын ээжийн амьдарч байгаа хашаа руу гүтгэлгийн сонин материал шидсэн байна” хэмээсэн байв. Харин УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл

“Яг түүн шиг” гала сонгуулийн ирцэнд нөлөөлж болзошгүй гэдэг шалтгаанаар СЕХ-ны шийдвэрээр хойшлогдсон сурагтай” хэмээн талархсан өнгө аястайгаар жиргэсэн байна. Харин Ардчилсан намын дарга асан З.Энхболд

“МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг дэмжээрэй гээд 10,000-20,000 төгрөг тарааж байгаад баригджээ” гэсэн байлаа.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Ардчилсан нам энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялах нь зөвхөн манай намын бус Монголчуудын ялалт байх болно” гэв.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Монголын маань түүх нь эвтэй үедээ мандсан бахархал, эвгүй үедээ доройтсон ухаарал байдаг” гэсэн бол УИХ-ын гишүүн

Д.Лүндээжанцан: “Монголчууд хэзээ ч занг нь мэдэхгүй догшин тэмээнд гэрийнхээ тооныг ачдаггүй” хэмээсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: “Төрийг самардаг хүн гарч ирээд дуусгачих вий гэж би их болгоомжилж байна” гэжээ.

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян “Цагдаа шүүхээр хүчиндэх гэж байгаа бол эвгүй монгол болох байх даа” хэмээн жиргэжээ.

Б.УРНАА

Categories
мэдээ улс-төр

АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн сурталчилгааны хаалт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын сонгуулийн сурталчилгааны хаалт 15:20 цагт Сүхбаатарын талбайд эхэллээ. “Монгол ялна” гэсэн уриа бүхий футболк, малгайтай нас насны хүмүүс цугласан байлаа. +35 хэмийн халууныг үл ажран зогсох АН-ын гишүүд дэмжигчид, түүнд саналаа өгөхөөр шулуудсан хүмүүс жанжны талбайг бүхэлд нь дүүргэжээ. Сонгуулийн сурталчилгааны хаалтыг нээж Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Баттулга бидний адил жирийн нэг хүн. Эгэл бор амьдрал дундаас боссон бидний төлөөлөл. Тэр төрөөс төрсөн тэрбумтан биш” хэмээхэд талбайд цугласан хүмүүс “Уухай” түрэн дэмжиж буйгаа илэрхийллээ. Тэрбээр үргэлжлүүлэн “Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд монгол ялах ёстой. Ардчилал ялах ёстой. Баттулга ялах ёстой. Монгол Улсын тусгаар тогтнол өнө мөнх оршиг. Сонголт мэргэн байх болтугай” хэмээсэн юм. Үүний дараа Ардчилсан намын анхдагчдын нэг Нийслэлийн Засаг дарга асан Эрдэнийн Бат-Үүл үг хэлсэн юм. Тэрбээр “Хоёр хоногийн дараа монголчууд сонголтоо хийж Төрийн тэргүүнээ сонгох гэж байна. Монгол Улсад УИХ-ын найман сонгууль болж, 1993 оноос хойш долоо Ерөнхийлөгчийн долоо дахь сонгууль явагдах гэж байна. Орон нутгийн маш олон сонгууль явсан. Гэхдээ энэ сонгууль бүрт нэр дэвшигчийн гэр бүл, үр хүүхэд рүү нь дайрч байсангүй. Баттулгын хүү улстөрч биш. Харин Баттулга улстөрч. Хүүгээр нь барьцаалдаг улс төр өмнө нь хэзээ ч болж байгаагүй. Энхболдтонгуудын улс төр хэрээс хэтэрлээ. Өмнө нь нэр дэвшигчдийн гэр бүл, үр хүүхдийнх нь нэр төрийг хайрладаг байсан. Одоо тийм биш болоод байна. Баттулга гэлтгүй АН-ынхны үр хүүхэд, ардчиллыг дэмждэг хүмүүсийн үр хүүхдүүдийг барьцаалж байна. Би энэ үгээ хэлэх гэж наашаа зорьж ирсэн. Ирэхдээ би энэ энгэр дээрх тэмдэгээ зориуд зүүж ирсэн. Энэ тэмдэг 1190 онд ардчиллыг ялуулсан та нарыг тэмдэг. Ардчиллын баатруудын тэмдэг. Сүүлийн үед олигархиуд айлгах гэж үздэг болсон. Амиа бодсон улстөрчдөөс айхгүй ээ” гэв. Мөн тэрбээр “Шударга сонгууль болбол Энхболд хоёроор ч гарч чадахгүй. Энхболд газрын наймаагаар баян, ядуугийн туйлыг бий болгосон. Тиймээс нийслэлийнхэн, гэр хорооллынхон маань түүнтэй тооцоотой. Өмнө нь өөр газар нэр дэвшээд олдоггүй байсан юм. Одоо харин боломж гарч ирлээ. Энхболд ялахгүйгээ мэдээд аль хэдийнэ саналын хуудсыг тоолчихсон байгаа. Шударга сонгууль болбол монгол ялна. Шударга бус сонгууль болж Энхболд ялбал бид Үндсэн хуулиа хамгаалж тэмцэх болно. Үндсэн хуулинд төрийн эрхийг хууль бусаар авч болохгүй гээд заачихсан байгаа. Ийм байдлыг зөвшөөрөхгүй. Ард түмний эрхийг шударга бусаар авч болохгүй. Монгол ялна” гэхэд намынх нь гишүүд дэмжигчид түүнийг уухайлан дэмжив.

Харин Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд асан Норовын Алтанхуягийг үг хэлэхээр индэрт гарч ирэхэд цугласан олон түүнийг хүндэтгэн угтлаа. Н.Алтанхуяг “МАН 65 суудал аваад юу хийв” гэхэд иргэд “Юу ч хийгээгүй” гэсэн бол Н.Алтанхуяг “Татвар нэмсэн, хүүхдийн мөнгийг танасан. Арын саарал байшинд мөнгө иддэг хүмүүс цугласан. Гэхдээ тэд санамсаргүй байдлаар цугласан” гэхэд иргэд “Энэ муусайнуудыг зайлуулъя” хэмээн орилолдоход тэрбээр “Одоо бид энэ бүхэнд цэг тавих болсон. Өөрчилье. Өөрчлөхдөө бид нөгөөдөр өөрчилье. Монгол ялж өөрчилье. Тэд мөнгөөр юуг ч худалдан авч болдог гэж боддог. Одоо бүр Монголын төрийн худалдан авдаг айхтар юм бий болох нь. Тулгын тухай ганц юм хэлье. Оффшорт мөнгөтэй хүн хэзээ ч Чингисийн тэр том хөшөөг барьдаггүй юм. Тэгж их бүтээн байгуулалт хийдэггүй юм. Тэгэж мачийтлаа хөдөлмөрлөдөггүй юм” гээд гурвантаа “Монгол ялна” хэмээн уухайлав.

Тэгвэл Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч С.Одонтуяа Монголын бүх ээжүүдийг төлөөлөн индэрт гарч ирсэн хэмээв. Тэрбээр “Хоёр хоногийн дараа монголчууд сонголтоо хийнэ. Ээжүүд ямагт ирээдүй хойчийнхоо төлөө санаа зовдог. Тиймээс хойч үеийнхээ төлөө сонголтоо хийх гэж байна. Эрх баригчид гарч ирээд хүүхдийн мөнгө өгөхөө больсон. Хүүхдүүдээс харамласан мөнгөөрөө сонгуулийн саналыг худалдан авч байна. Албан тасалгаанд сууж байгаад албан тушаал зардаг болсон. Энэ хүмүүс маргааш тусгаар тогтнолоо ч зарж мэднэ” гэсэн юм.

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ж.Батзандан “Би монголоо ялуулахын төлөө та бүхэнтэй хамт байна. Эрх баригчид ахмадууд, хүүхдүүдийг жилийн өмнө хуурсан. Одоо хариуцлага тооцох ёстой” гэдгийг сануулж байсан юм.

Төгсгөлд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга үг хэлсэн юм. Нэр дэвшигч Х.Баттулга “Нэр дэвшигчийн хувиар 21 аймгийг 12 хоногт бүтэн тойрлоо. Уулзалтад ирсэн иргэдийн зүгээс олон зүйлийг захисан. Хэрэв би Ерөнхийлөгчөөр сонгогдвол 2016 оны УИХ, орон нутгийн сонгуулиар 60 тэрбумаар албан тушаал зарсан, зохион байгуулсан хүмүүстэй хариуцлага тооц гэсэн. Хариуцлага тооцно. Монголын баялгаас бий болсон оффшор данстангуудыг шахах болно.

Ард түмэндээ амласан тангарагаасаа няцвал албан тушаалаасаа өөрөө огцорно. Газрын доорх баялгаас ард түмэнд хувь хүртээнэ. Монгол ялахын тулд хүн бүрийн зүтгэл хэрэгтэй. Монголчууд нэгдсэн, нягтарсан үедээ ялж давж болдгийг харуулж ирсэн. Монгол ялна” хэмээн үгээ өндөрлөсөн юм. Үүний дараа АН-ын нарийн бичгийн дарга С.Эрдэнэболд нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг танилцууллаа.


Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Монголын хилээр их хэмжээний сум оруулахыг завдсан этгээдэд ял оноолоо

их хэмжээний сум оруулахыг завдсан зурган илэрцүүдМонголын хилээр их хэмжээний бууны сум нэвтрүүлэхийг завдсан хоёр иргэнд ял оноох шүүх хурал Тувагийн БНУ-д өчигдөр буюу Баасан гарагт болж өнгөрсөн байна. Тодруулбал, энэ оны гуравдугаар сард Эрзинский дүүргийн шүүх хууль бусаар галт зэвсэг хадгалсан хэргээр 38 настай Бады Минчээд энгийн дэглэмтэй шоронд гурван жил хорих, 32 настай Аян-оол Дондогт хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноож байсныг өчигдөр давж заалдах шатны шүүх хурлаас хэвээр үлдээжээ. 2015 оны долдугаар сард 53,950 ширхэг 5.6 мм-ийн калибрийн сум Монголын хилээр давуулах гэж яваад баригдаж байжээ. Новосибирскээс ангийн зориулалттай 54,000 бууны сумыг найзаараа дамжуулж авсан иргэд үүнийгээ моринд тээвэрлэн хилээр нууцаар гаргах гэж яваад баригджээ. Оросын хилийн цэргүүд тэднийг 2015 оны долдугаар сарын 29-нд саатуулсан байдаг юм.

Н.ГАНАА