Categories
мэдээ нийгэм

Э.Ганхүү: Наадмын тасалбар 16, 20, 24 мянган төгрөгийн үнэтэй байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, Наадам зохион байгуулах хорооны гишүүн Э.Ганхүүтэй наадмын төсөв болон бэлтгэл ажлын талаар ярилцлаа.


-Өнгөрсөн жил наадмын талбайн гадаа эрээний барааг ихээр худалдаж байсан. Нарантуул зах шиг гэх шүүмжлэлд өртсөн. Энэ тал дээр хяналт тавьж байгаа юу?

-Бидний зүгээс иргэдэд заавар зөвлөгөө худалдаа эрхлэх зөвшөөрөл, байршлыг өгдөг. Гэтэл хүмүүс албан ёсны зөвшөөрөл аваагүй хэрнээ бараа худалдаад эхэлнэ. Шаардлага тавихаар хүлээж авдаггүй тохиолдлууд гардаг юм. Ингээд аль аль талдаа бухимдаад хүндрэл үүсгэдэг ийм зүйл бий. Тиймээс Мэргэжлийн хяналтын газар худалдаа үйлчилгээний зөвшөөрлийг шаардлага хангасан бараа үйлчилгээ, стандартын хоол хүнс борлуулдаг байгууллагуудад нэгдсэн нэг төв дээрээс өгнө. Эргээд хариуцлага тооцоход эзэнтэй болгох гэсэн үүднээс нэг гарт төвлөрүүлж байгаа юм.

-Энэ жил хуушуур болон худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хэрхэн олгож байгаа вэ?

-Хуушуур худалдааны зөвшөөрлүүдийг 15 мянган төгрөгөөр олгож байгаа. Дүүрэг бүрийн үйлдвэр үйлчилгээний хэлтсүүд өгдөг байсан бол энэ жил Мэргэжлийн хяналтын газар албан ёсны стандартын дагуу ажиллаж борлуулагчдад зөвшөөрөл олгож байгаа. Цэнгэлдэх хүрээлэнгийн орчим хуушуурын 400, худалдааны 100, Хүй долоон худагт хуушуурын 210, худалдааны 110 зөвшөөрлийг зориулагдсан цэгт олгохоор болсон. Ингэхдээ хуушуур буюу хоол хүнсний үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг зөвхөн ААН-д олгоно. Үүнтэй холбоотойгоор хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний зөвшөөрөл хүссэн материалыг энэ сарын 16-27-ны хооронд дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс хүлээн авч шалгаруулалт 28-29-ний хооронд явагдаж, шалгарсан ААН, иргэдийг 30-нд олон нийтэд мэдээллэх юм.

-Энэ жил наадамд хэдэн төгрөгийг хэрхэн зарцуулж байна вэ?

– Монгол Улсын үндэсний их баяр наадмын төсвийг Засгийн газрын хуралдаанаар баталдаг. Өмнө нь наадмын төсөв жилээс жилд өссөн үзүүлэлттэй байсан. Энэ жил албан ёсны салбар, хороодод ирсэн саналыг харахад анх тав орчим тэрбум төгрөг зарцуулах шаардлагатай гэж байсан. Харин бид 2016 оны наадмын төсвөөс хэтрүүлэхгүй гэдэг зарчимтай байсан болохоор нэлээд танасан. Тэгэхдээ иргэдийг өмнөх жилийнхээс илүү ая тухтай баярлуулах зорилго тавьсан. Нийтдээ хоёр орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргана. Мөн 370 сая төгрөг нь наадам зохион байгуулж буй газруудад зарагдаж байгаа билетын орлого, автомашины тусгай зөвшөөрөл, үндэсний баяр наадамтай холбоотой жуулчдад олгодог эрхийн зардлуудаас орж ирнэ гэж тооцлоо. Харин Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 500 сая төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн байгаа. Ингээд нийтдээ 2.8 орчим тэрбум төгрөгийг үндэсний их баяр наадамд зарцуулахаар Засгийн газрын хуралдаанаар баталчихсан байна. Наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаанд хамгийн өндөр буюу 800 орчим сая төгрөгийг зарцуулдаг бол өмнөх оны жишгийг харгалзан үзэж энэ жил 600 сая төгрөгөөр тогтоолоо. Нээлт, хаалтын арга хэмжээ бол энгийн тоглолт байдаггүй, тусгайлан бэлдэж, сэдэвчилсэн томоохон хэмжээний үйл ажиллагааг бэлтгэдэг. Ингэхдээ нэг сарын өмнөөс тусгай бэлтгэлд гарч гимнастик болон батлан хамгаалахын албан хаагчдыг дайчлах гэх зэрэг олон хүнийг хамардаг. Тиймээс тоглолтонд оролцогчдын бэлтгэл хангах зүйлс, хоол, унаа, хувцасны болон байрлах газрын зардал гээд нэлээд хөрөнгө ордог боловч хаалтын зардалд түүнээс ч ихийг зарцуулж байгаа. Мөн үзүүр, түрүүний бөх болон хурдан морьдын бай шагнал зэрэгт Засгийн газраас тогтоосон шагналын сан гэж бий.

-Наадмын зохион байгуулалтад хамгийн их анхаарах шаардлагатай, тулгамдаж буй ямар асуудал байна вэ?

– Манай улсын цаг агаарын байдал тогтворгүй. Гэтэл бидэнд наадмын битүү талбай байдаггүй, наадмын талбайн орчин тойрон, гадна талбайн нийтийн бие засах газар, жуулчдын аюулгүй байдлыг хангах гэх зэрэг асуудлууд тулгардаг. Манай наадмын талбай 12 мянган хүний суудалтай. Тиймээс суудал хүрэлцэхгүй байх асуудал гарна. Наадмын зардал өндөр гарч байна гэх шүүмжлэл байдаг ч маш олон салбарт зэрэг үйл ажиллагаа явуулдаг шүү дээ. Хүй долоон худагт хүртэл томоохон арга хэмжээнүүд болно. Ирээдүйд үндэсний их баяр наадмаа Хүй долоон худагт зохион байгуулахын тулд тэнд цогцолбор байгуулна гэсэн алсын бодол бий. Мөн наадмын үеэр иргэдийг Хүй долоон худаг руу автобусаар үнэгүй зөөдөг. Цагдаагийн бие бүрэлдэхүүн амралтгүй ажилладаг, эдгээр хүмүүсийн цалин хөлс гэх мэт зардлууд гарна. Хүмүүс баярлаж байхад тэнд ажлаа хийгээд явж байгаа хот тохижилтынхон бий. Иргэд эдгээр хүмүүсийн хөдөлмөрийг үнэлж цэвэр, цэгцтэй баярлах хэрэгтэй. Наадмын өдрүүдэд хэчнээн мянган хогны машин ажиллаж байгаа билээ. Ингээд бодохоор маш олон хүний хөдөлмөр зүтгэл бас байдаг шүү дээ.

-Жуулчдыг татахын тулд, мөн тэднээс наадмын төсөвт ахиухан мөнгө олохын тулд ямар зохицуулалт хийж байгаа вэ?

– Сая гаруй хүн Улаанбаатар хотод оршин суудаг. Гэтэл зун болохоор 3-5 мянган жуулчин манай улсад ирдэг. Үүнд мөн л наадмын талбай 12 мянган хүний суудалтай гэдэг нь асуудал болж байна. Тиймээс бид энэ удаа иргэд болон жуулчдын сайхан баярлах, ая тухтай наадах нөхцөлийг хангахын тулд стадионы гадна талбайд аюулгүй байдлыг хамгаалах бүс, алхах зугаалах орчин нөхцөлийг бүрдүүлж, сандал суудал хүртэл тавьж, нэлээд зохион байгуулалттай тохижилт хийнэ.

-Энэ зун нэлээд хуурайшилттай байж мэдэхээр байна. Наадмын талбайн зүлгийг усалж арчилж эхэлсэн үү?

-Усалгааны ажил тавдугаар сард эхэлсэн. Үргэлжлээд явж байгаа. Хоёр өдөр нэлээд бороо орлоо. Хуурайшилт гайгүй болж байгаа байх.

-Наадмын тасалбарыг хэзээнээс хэвлэх вэ. Ямар үнэ ханштай байх вэ?

-Албан ёсны тасалбарын загварыг баталдаг. Үүний дараагаар хэвлэлтэд өгөөд билет борлуулах газруудад тараадаг. Өдрөө товлоогүй нууцлалтай байлгаж байгаад наадмын өмнөх долоо хоногт борлуулалтын газруудад тараана. Энэ нь хуурамч тасалбар зарагдаж иргэдийг төөрөгдөлд оруулахаас сэргийлж байгаа юм. Наадмын тасалбар өмнөх жилүүдийнх шиг 16, 20, 24 мянган төгрөгийн үнэтэй байна. Үүнд бөхийн барилдаан, нээлт, хаалт гээд бүгд багтсан.

-Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг руу түгжрэл үүсгэхгүйн тулд ямар арга хэмжээ авч байна вэ?

-Автобуснуудыг үнэгүй явуулна. “Мишээл”, “Дүнжингарав”-ын автомашины зогсоолуудыг чөлөөлүүлж байна. Энэ зогсоолуудыг чөлөөлүүлчихээр түгжрэл сийрэг болоход нэлээд тустай. Мөн рейлбусаар хамгийн хөнгөлөлттэй үнээр зорчуулна. Үнэгүй автобус явж байхад хүмүүс хувийн машинаараа явах гэдэг. Нийтийн тээврээс хийж буй хангалтуудыг бүгдийг хийж байна. Харин манай иргэд машинаараа явж түгжрэл үүсгэдэг ч бидэнд иргэдийн машиныг зогсоох эрх байхгүй шүү дээ.

Categories
гадаад мэдээ

​Дэлбэрэлтийн улмаас 10 хүн амь үрэгджээ

Сир дэлбэрэлт зурган илэрцүүдСирийн Аль-Дана хотын зах дээр тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас 10 хүн амь үрэгдэж, 60 хүн гэмтэж бэртсэн байна. Одоогийн байдлаар уг хэргийн хариуцлагыг ямар нэгэн бүлэглэл хүлээсэнгүй. Энэ хэргийн талаар одоогооо тодорхой мэдээлэл алга.

Categories
гадаад мэдээ

БНХАУ-ын дарга Хонконгт айлчилна

Холбоотой Зураг

Хонконгийг БНХАУ-д эргүүлэн өгсөний 20 жилийн ой хэдхэн хоногийн дараа тохиох юм. Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын дарга Си Жиньпин Хонконгт айлчлахаар болжээ. Энэ сарын 29-ны өдөр Си Жиньпин хүрэлцэн очих бөгөөд саяхан Хонконгийн захирагчаар сонгогдсон Кэрри Ламын тангараг өргөх ёслолд оролцох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд ”Говь”-ийн нээлтэд оролцоно

Хан-Уул дүүргийн нутагт байрлах “Говь” ХК-ийн үйлдвэрийн байранд энэ сарын 14-ний орой гал гарч, нийслэлийн Онцгой байдлын газрын бүх анги байгууллага, нийслэлийн Цагдаагийн газар, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн алба хаагчид болон тус компанийн ажилчид галыг унтраахаар ажилласан.

Тодруулбал, Гал унтраах, аврах 11 ангийн 158 алба хаагч, 31 машин, Ус сувгийн удирдах газар болон нийслэлийн Хот тохижилт, үйлчилгээний газар зэрэг байгууллагын 200 гаруй хүн галын голомтод ажиллаж19 цагийн дараа бүрэн унтраасан юм.

Галын улмаас тус үйлдвэрийн дээврийн мансардны хэсэг бүхэлдээ шатсан билээ. Харин тус үйлдвэр гал гарсан хэсгийг завсарлаж дуусчээ. Тиймээс өнөөдөр 12.00 цагт нээлтээ хийх юм байна. “Говь”-ийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцох юм.

Categories
мэдээ нийгэм

Маргааш автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Энэ сарын 26 буюу маргааш Ерөнхийлөгчийн сонгуулийн санал өгөх өдөр. Сонгуулийн санал хураалтын энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгодог. Тиймээс маргааш машины дугаарын хязгаарлалт үйлчлэх юм.

Харин сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг СЕХ-ноос уриалж байгаа.

Categories
мэдээ нийгэм

Гаалийн ерөнхий газар амралтын өдрүүдэд ажиллаж байна

Гаалийн ерөнхий газар, УБ хот дах Гаалийн газар, Замын-Үүдийн Гаалийн газар зургадугаар сарын 24-25-ны амралтын өдрүүдэд ажиллаж байна. Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг машины татварын буцаан олголтыг Сангийн яамны төрийн сангаас газраас олгож эхэлсэнтэй холбогдуулан гаалийн байгууллага ачаалал их байгаа учраас ийнхүү амралтын өдрүүдэд ажиллаж байгаа юм байна. Зарим татварын буцаан олголтын ажиллаж үргэлжилж байгаа бөгөөд гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийгдсэн тувдагаарс арын 1-ээс зургадугаар сарын 14-ны хооронд нийт 668 мэдүүлэгт нэг тэрбум 193.5 сая төгрөгийн татварыг буцаан олгохоор болжээ. Өнөөдрийн байдлаар нийт 301 албан хүсэлт ирүүлснээс Сангийн яаманд 190 автомашины өргөдлийг Гаалийн ерөнхий газраас шилжүүлээд байна.

Буцаан олголтод дараах шаардлагатай байх аж.

Импортоор оруулж ирсэн автомашинаа худалдан борлуулаагүй, эсхүл тухайн машины өмчлөхэрхийг бусдад шилжүүлээгүй бол МЭДҮҮЛЭГЧИД,-Импортоор оруулж ирсэн автомашиныг худалдаж авсан, эсхүл тухайн автомашиныг өмчлөх эрхтухайн иргэн, хуулийн этгээдэд бүрэн шилжсэн болох нь холбогдох баримт, Авто тээврийн үндэснийтөвөөс ирүүлсэн мэдээллээр нотлогдсон тохиолдолд АВТОМАШИН ӨМЧЛӨГЧИД-Мэдүүлэгч импортоор оруулж ирсэн автомашинаа худалдан борлуулахдаа онцгой албан татварындүнг нэмж тооцоогүй нь худалдан авсан этгээдийн гаргасан өргөдлөөр нотлогдсон бол МЭДҮҮЛЭГЧИД олгохоор журамласан юм.

Харин Үлдсэн өргөдлүүдийг хянах ажил үргэлжилж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

​Сонгуулийн ерөнхий хорооноос уриалга гаргалаа

Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр уриалга гаргалаа. Энэхүү уриалгад,

Үндсэн хууль, сонгуулийн тухай хууль тогтоомжийн дагуу Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэлийг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо бүрэн хангаж, 2017 оны зургадугаар сарын 26-ны өдөр санал авах ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болоод байна. Сонгогч Таныг хөндлөнгийн нөлөөнд авталгүйгээр саналаа нууцаар гаргах боломжоор хангах ажлыг бүх шатны сонгуулийн байгууллагууд зохион байгуулж байна. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, Улсын Их Хурлын 2017 оны 14 дүгээр тогтоолын дагуу сонгогчдын бүртгэл, санал авах, тоолох ажиллагаанд автоматжуулсан техник хэрэгсэл ашиглах бөгөөд санал хураалтын дүн мэдээг орон даяар шууд дамжуулж үзүүлнэ.

Санал хураалт дууссаны дараа хэвлэл мэдээллийн байгууллага, сонгогчид, ажиглагчдын төлөөллийг байлцуулан сум, дүүргийн сонгуулийн хорооноос сонгуулийн нийт хэсгийн тавин хувийг хуульд заасны дагуу санамсаргүй сонголтын аргаар сонгож саналын хуудсыг гараар тоолж шалгана. Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн дүнг албан ёсоор нийтэд мэдээлэх эрх зөвхөн Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд байдаг.

Иймд Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо хууль ёсны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож, сонгуулийн дүн мэдээг хууль зөрчиж зарлах, иргэдийг жагсаал, цуглаан, үймээн самуунд уриалахгүй байхыг аливаа байгууллага, албан тушаалтан, иргэдэд анхааруулж байна. Эрхэм хүндэт сонгогчид Та бүхнийг Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлж, 2017 оны зургадугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Төрийн тэргүүнээ сонгох сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн сурталчилгаа 00:00 цагаар дуусгавар болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа 00.00 цагаар дуусгавар болж байна. Сонгуулийн тухай хуулинд, “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 20 хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана” хэмээн заасан. Энэ дагуу сонгуулийн сурталчилгаа энэ сарын 6-нд эхэлж, нийт 18 хоног үргэлжиллээ. Энэ хугацаанд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нар нийслэл Улаанбаатар болон 21 аймгийг тойрч сонгогчидтой уулзалт хийн, мөрийн хөтөлбөрөө таниулцуулав. Нэр дэвшигчид өнөөдөр сонгуулийн сурталчилгааны хаалтаа гишүүд дэмжигчид, иргэд сонгогчдынхоо хамт хийсэн бол орой 21-23 цагийн хооронд болсон халз мэтгэлцээнд оролцлоо. Үүгээр сонгуулийн сурталчилгаа албан ёсоор өндөрлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Маргааш тав дахь ерөнхийлөгчийг сонгох өдөр

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох түүхэн цаг үе ойртсоор байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, Ардчилсан намаас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАХН-аас УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нар өрсөлдөж байна.

Сонгуулийн сурталчилгаа 18 хоногоор хязгаарлагдсан ч нэр дэвшигчийг гутаан доромжилсон хар PR нь үерлэсэн сонгууль байлаа. Бодлого ярих болов уу гэж хүлээж байсан мэтгэлцээн ч хариулт өгч чадсангүй. Гэхдээ сонгогчид хэдийнэ Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч хэн байх вэ гэдэг сонголтыг хийсэн болов уу. Сонголтдоо итгэл үнэмшил дүүрэн байж, хэний ч нөлөөгүйгээр сонголтоо хийхийг хүсье.

Сонгуулийн тухай хуульд зааснаар маргааш улс орон даяар 07.00 цагаас сонгогчдын саналыг авч эхлэх бол санал авах ажиллагаа 22.00 цагт өндөрлөнө.

Энэ удаагийн сонгуульд нийт 2.1 сая сонгогч саналаа өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн бол сонгуулийг зохион байгуулахад 21 мянга гаруй төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид ажиллана.

Саналын хуудсыг тоолоход автоматжуулсан машин ашиглана. 2012 оны УИХ-ын сонгуулиас эхлэн санал тооллогод автоматжуулсан систем ашиглах болсон. Нууцлалыг бүрэн хангасан автоматжуулсан системийн үр дүнд санал хураалт дууссанаас 2 цагийн дараагаас эхлэн сонгогчдын хэдэн хувь нь хэнд саналаа өгсөн бэ гэдэг шууд тоологдон, дэлгэцээр харуулах болсон. Гэхдээ сонгогчдын эргэлзээг тайлах, саналын хуудсыг үнэн бодитой гэдгийг баталгаажуулах зорилгоор 2016 оны УИХ-ын сонгуулиас эхлэн автоматжуулсан системээр уншигдсан саналын хуудсыг дахин гараар тоолж, нягтлах болсон юм. Сонгуулийн тухай хуульд зааснаар саналын хуудасны 50 хувьд гар тооллого хийнэ.

Мөн энэ удаагийн сонгуулиар саналаа өгсөн сонгогчийн хуруунд бэхээр тэмдэглэгээ хийх боллоо. Автоматжуулсан систем ашиглах болсон үеэс буюу 2012 оны УИХ-ын сонгуулиас эхлэн хуруунд бэхээр тэмдэглэгээ хийхийг зогсоосон байсан ч Ардчилсан намаас тавьсан шаардлагын дагуу нийслэлийн сонгогчдын хуруунд бэхээр тэмдэглэгээ хийх боллоо. Энэ нь нэг сонгогч саналаа хэд дахин өгөхөөс сэргийлсэн арга хэмжээ гэж Ардчилсан намын гишүүд тайлбарлаж буй.

Сонгогчиддоо хандахад сонгуульдаа идэвхитэй оролцож, саналаа өгөхийг хүсье. Саналаа өгсөн сонгогчдын ирц 50 хувийн босго давах ёстой. Ирц өндөр байвал хоёр шаттай сонгууль болохоос сэргийлж чадна. Харин ирц энэ босгыг давж чадахгүйд хүрвэл сонгуулийг дахин зохион байгуулахаас аргагүйд хүрнэ. Энэ тохиолдолд дахин зардал гарна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад төсвөөс 14 гаруй тэрбум төгрөг зарцуулж байна. Үндэсний аудитын газраас баталсан журмаар намуудын сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ 6.8 тэрбум, нэг нэр дэвшигчийн зарцуулах зардлын дээд хэмжээ 3.9 тэрбум төгрөг байгаа. Энэ бол зөвхөн нэг намын нэр дэвшигчийн зарцуулах зардлын дээд хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, гурван намын нэр дэвшигчийн зардлын нийт дүн 32.1 тэрбум төгрөг, үүн дээр төсвөөс гаргасан 14 тэрбумыг нэмэхэд 50 тэрбум руу дөхөж очсон их хөрөнгийг зарцуулсан сонгууль болж буйг сануулах ёстой болов уу.

Сонгуульдаа идэвхитэй оролцож, саналаа өгөөрэй.

Categories
мэдээ нийгэм

Булган, Сэлэнгэ түймэртэй байна

Онцгой байдлын ерөнхий газрын мэдээгээр Булган аймгийн Тэшиг сум, Эг-Тарвагатайн бэлчир гэдэг газар энэ сарын 12-нд түймэр гарчээ. Түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 63 алба хаагч, орон нутгийн 29 иргэн, нийт 142 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Хайлааст нуга гэдэг газар зургадугаар сарын 21-нд ойн түймэр гарсан аж.

Түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 23 иргэн, нийт 47 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум Арцат уулын орчим энэ сарын 17-нд ойн түймэр гарсан ч одоог болтол бүрэн унтрааж чадаагүй байгаа юм.

Ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн 11 алба хаагч, Мандал суман дахь Онцгой байдлын хэлтсийн 31 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын 6 ажилтан, орон нутгийн 17 хүн, нийт 110 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Галыг цурманд оруулсан ч бүрэн унтрааж хараахан чадаагүй юм.