Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сонгууль гэж газар гишгэж, гал үлээхээс бусад нь худлаа байдаг үе дээ

“Өдрийн сонин”-ы 2017.06.19-ний Даваа гаригийн №136, 137 (5703, 5704) дугаараас авч нийтлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үйл явц оргилдоо хүрч байна. Сонгууль сонгуулийн энэ үеүдэд хийрхэл, худал гүтгэлэг, хэл ам, нэгийгээ хараар будах нь хамгийн өндөр цэгтээ хүрч, сонгогч олон нэр дэвшигчдийнхээ талаар мэдэх мэдэхгүй зүйлийг сонсоход хүрдэг үе л дээ. Ёстой л газар гишгэж байгаагаа, галаар үлээлгэж байгааг л үнэн гэж бусдыг эргэлзэхэд хүрдэг цаг. Сонгууль сонгуулиар л ийм зүйл болдог. Өмнө нь ч ийм байж ирсэн, одоо ч ийм. Ардчилсан сонгууль 1990 оноос эхлэн болж, шууд сонгууль 1992, 1996, 2000, 2004, 2008, 2016 онуудад, орон нутгийн сонгууль мөн адил хугацаанд, Ерөнхийлөгчийн сонгууль 1993 оноос гээд дөрвөн жил тутам гэвэл өнөө жил долоо дахь удаадаа, дунд нь найман удаагийн нөхөн сонгууль гээд үзвэл бид гуч шахам сонгуулийн нүүрийг үзэж байна. Энэ дунд ёстой юу эсийг үзлээ дээ. Сонгуулиас сонгуульд муудаа илүү төгсрөх маягтай. Сонгуулийн сурталчилгааны үеэр ил далд алалцаж байхдаа эргээд уулзахгүй нүүртэй мэт л авирладаг. Эргээд юу ч болоогүй юм шиг явах. Хөөрхий дунд нь хэд талцаад үзээд байсан ард түмэн яах учраа олохгүй үлдэнэ. Ийм байдал сонгуулиас сонгуульд л гарч байлаа. Одоо мөн адил. Сурталчилгааны сүүлийн өдрүүдэд чангардаг нэг нэг рүүгээ дайрдаг технологи сурталчилгаа нээгдсэн өдрөөс эхэлсэн одоо дуусахын алдад юунд хүрэх юм бүү мэд. Ёстой үзэхээс нүд өвдөж, харахаас сэтгэл халирах зүйлс гарч магадгүй. Сошиал орчинд бүр ч заваан юм болно.

Гэхдээ тэр бүгдийг мэдэх гэж, мэдсэнээрээ сонголтоо зөв хийнэ гэж итгэх хэрэггүй гэж зөвлөмөөр байна. Сонгуулийн сурталчилгааны хар технологид автаж савлавал хайран сайхан санал гэж харамсах хэрэг болно. Бас аль нэг талыг туйлын үнэн гэж дагаж амьдралаа алдах хүмүүс гарах вий гэж болгоомжлуулмаар санагдана.

2008 оны сонгуулиар Атрын аян-2 гэж баахан шуугиж байлаа. Нээрээ л жар, далаад оных шиг атрын их аян өрнөх юм шиг санаж, энд томоохон боломж байна гэж итгэх хүмүүс олон байлаа. Манай сонин гэхэд л сонгуулийн шоу шүү, дагаж амьдралаа үрэв дээ гэж зөндөө л анхааруулж байсан. Эргээд харахад эрх мэдлээ ашиглаж чадсан цөөхөн хэдэн хүн боломжоос нь хүртээд энгийн тариланчид хөлд нь үрэгдээд хоцорсон байх юм. Тариалан эрхлэх сан гэж шуугиад л байсан. Ургаагүй тариагаа хүртэл бичүүлж аваад дээлээ нөмөрсөн нь олон. Анхнаасаа эрэлт шаардлага, бодлого нь зөв гараагүй сонгуульд таалагдах гэж гаргасан бодлогууд заавал алдаа дагуулдаг. АН-ынхан гэхэд л өнгөрсөн сонгуулиар баахан тэнгэрийн санаанууд үйлдвэрлэж өгсөн. Үнэхээр тийм байсан юм бол засаглаж байх хугацаандаа түүнийгээ хэрэгжүүлж байхгүй. Сайн хөтөлбөрүүдэд нь итгэж, малчны зээл авч, оюутнаа сургана гэж хөөрч, дэд бүтцэд холбогдоно гэж итгээд ганц өрөө байр авахын оронд хашаа байшин авч өнгөрсөн өвөл гал алдсан улсууд ч байсан. Улс төрийн намууд хийрхэж байхдаа, сонгуулийн халуунд автаж байхдаа хөөрхий үүнд итгэх ард түмэн минь яана даа гэж хэзээ ч бодож байгаагүй. Бодох ч үгүй юм байна. Төрийн нэрийн өмнөөс алба хашиж байгаа улсууд итгэлтэй нь аргагүй мэдэгдэхэд түүнд итгэхгүй ард түмэн гэж ховор. Гэтэл худлааг нь мэдсээр байж сонгуульд зориулан хаа хаанаа худал хэлэх энэ улс төрийн намуудыг бид яах ёстой вэ. Бас нэг зүйл бий. Аль нэг улс төрийн хүчинг эрх мэдэлтэй байхад зөв зүйтэй асуудал байснаа дараагийн хүчин гараад ирэхээр гэмт хэрэгт тооцогдчихдог зүйл байдаг. Тухайн улс төрийн хүчин гэмт хэрэг мөн биш гэж харахаас шалтгаалж шагнал авах уу, шоронд орох уу гэдэг нь шийдэгддэг байх жишээтэй. Тухайн үедээ МАН-ынхан нэгэн зочид буудлыг дарга байсан хүндээ хувьчлах нь зүйтэй гэж үзээд нийслэлээс шийдвэр нь гараад өгчихсөн байсан нь АН-ын үед гэмт хэрэг болоод хотын экс дарга ял авч байлаа. Харин АН-ын үед төрийн мэдлийн орон сууц барьдаг улсын компани байх нь зүйтэй гэж үзээд нэгнээрээ удирдуулж, олон мянган байр барьж хүмүүс оруулчихсан атлаа одоо нөгөө дарга нь баригдаж шалгагдаж байх жишээтэй. Аль цагийн өнгөнд тааруулж явахаа мэдэхгүй ард олонд энэ бүхэн хамгийн хэцүү байдаг. Хувьсгал гарахад мал хөрөнгөтэй хүмүүс нь буруудаж, хөрөнгөө хураалгахаас гадна хар гэрт хоригдож хэдэн үеэрээ хэлмэгдэж хавчигдаж ирсэн. Сүүлийн үед энэ нь ажлаас халж, татвар, мэргэжлийн хяналтын шалгалт орох гэхчлэн хэлбэрээ өөрчилсөн ч хэвээр байна. А-г зөв гэж байснаа Б нь зөв болдог цагийн энэ араншинд тааруулах гэж хамелеон мэт амьдрах ард олонд хэцүү байна. Манайхан энэ муухай зангаа гээж үлдээх цаг болжээ. Улс төрийн хонзонгоо ингэж хавтгайруулж авдаг газар манайхаас өөр байдаг ч юм уу. Бараг үгүй байх. Сонгуульд тааруулж худлаа мэдээлэл тарааж, сонгуульд зориулж албан тушаалтнууд нүд ч цавчихгүй худлаа ярихаас татгалздаг байх хэрэгтэй. Статистикийн үндэсний газраас иргэдийн дундаж цалин өсөөд байна, амьдрал сайн байна гээд мэдээлэх болсон. Статистикийнхны гаргаж байгаа мэдээлэл үндэсний телевизийн мэдээгээр бол бид диваажинд амьдраад ч байгаа юм шиг. Гэтэл өөр хоорондоо тэгж дээшлээд байна уу гээд асуухаар мэдэж байгаа хүн байхгүй. Шатахууны үнэ өсч, приусээ ч авч дийлэхээ байж, доллар хэд ч болохыг мэдэхгүй явахад амьдрал сайхан болоод байна гэсэн албан мэдээлэлд итгэх нэг хэцүү, итгэхгүй байх бас хаашаа болох юм.

Сонгуулиар ч нээрээ юм, юмыг үзэх бололтой юм. Сүүлийн үед явж байгаа мэдээллээр бол энэ хорвоогийн хамгийн муу муухай гурван хүнийг авчраад нэр дэвшүүлчихсэн болтой юм аа. Монголыг сүйрүүлчих хэмжээний гурван муухай нөхрийг бид харж байна. Үнэндээ тэднийг улс төрийн намууд нь шилдгээ гэж үзээд, сонгоод гаргаад ирчихсэн улсууд. Хүссэн ч хүсээгүй тэдний нэг нь монгол төрийн тэргүүн болно. Шаварт хутгаж, хутгаж гишгэлсэн тэднээсээ нэгийг нь гаргаж ирээд тэргүүндээ залцгаана. Бас ч гэж хийсэн бүтээсэнтэй, хавь ойрынхондоо итгэл төрүүлж, хүндэтгэл хүлээсэн улсууд шүү дээ.Ингэж өрсөлдөж, ингэж ялах хэрэг баймааргүй шиг. Сонгуулийн кампанит ажлыг удирдаж байгаа улсууд ч бодмоор. Сонгуулийн үеэр л гэнэт нээлт хийгээд, гэнэт хүмүүст таалагдах цуврал мэдэгдлүүд гаргаад л. Өөрсдөө ч худлаа, үзэж байгаачууд нь ч худлаа гэж мэдээд байхад ингэж жүжиглэмээргүй санагдаад байх юм. 60 тэрбумын хэрэг гэж баахан шуугиж байна. Сүүлийн 20 гаруй жилийн төр засгийн явж ирсэн царайнаас л тэр бичлэг худлаа биш гэдгийг бид гадарлаж л байгаа. Аль ч улс төрийн намууд ингэж ярьж, схемээ зурдаг гэдгийг ярьсаар л ирсэн шүү дээ. Хэвлэлээр шүүмжилсээр ирснийг анзаарах нь цөөн. Бүр Н.Энхбаярын үед л дэд сайдын албан тушаал 500 сая төгрөг гэсэн яриа байдгийг бид сонсч л байсан. АН-ынхан ч “пүү паа муухай” гээд байлтгүй өнгөрсөн дөрвөн жил төрийн албыг төрлийн алба болгохыг төгөлдөржүүлж өгсөн. Төрийн албанд ороход бүр энгийн мэргэжилтнээр ороход мөнгө нэхдэг болсон цагт бид амьдарч байна. Энэ бүхэн нь бичлэгт үлдсэндээ, хамгийн гол нь сонгууль болж байгаа учраас л анхаарал татаад байгаа юм. Үнэхээр л хаана хаанаа эмзэглэж байсан бол бичлэг задраад жил болж байхад яагаад бүгд мартчихсан байсан юм бэ. Сонгууль дөхөхөөр энэ тухай шуугиж байгаа нь ямар учиртай юм бэ. Ерөөсөө сонгуулийн жүжигтээ намууд ч, сонгогчид бид ч дасчихжээ. Одоо бичлэг эвлүүлэг байсан гээд, бичлэгийн эзнийг хамгаалж байна гээд хүмүүсийн тархийг угаах ээлжит жүжгүүдээ бүх намууд чөлөө завгүй үйлдвэрлэж байна. Энэ ч иймдээ, тэр ч тиймдээ гэж мэдэж байгаа хэрнээ сонгогч олон дагаж шуугисаар, савлан савласаар.

Хятад хүн муухай, Хятад орон муухай гэж бид савлаж байна. Нүүгээд явж чадах биш сонгууль дуусахад нөгөө Хятадтайгаа хил залгаад л үлдэнэ. Америк нөхөртэй айлд байж байна, Америкийн бодлогоор ийм зүйл хийж байна гээд адлаад л байна. Ардчилсан орнуудын түшиг тулгуур гэсээр энхийг сахиулах үйл ажиллагаандаа хамтарсаар л хоцрох гүрэн. Дотоодын алалцаан сонгуулийн маргааш мартагдана. Дотооддоо тоодоггүй юм гэхэд гадаад ертөнцдөө эргээд уулзах нүүртэйгээ үлдэх нь чухал юмсан. Энэ хэдэн нэр дэвшигчид нь ч гэсэн, багт нь ажиллаж байгаа хүмүүс нь ч гэсэн, гэр бүлдээ хэд талцаад байгаа ах дүүс ч гэсэн сонгуулиар хүнээ байж, сонгуулиар муухайгаа дуудалцчихаад юу ч болоогүй мэт таарахад улаан нүүр халуу шатам санагдах юм. Ийм сонгуулийн пиар хийхийг зөвшөөрч байгаа хүмүүс төрийн тэргүүний албанд яаж ажиллах бол гээд дараагийн эмзэглэл хүртэл төрөх юм байна шүү дээ.

Сонгуулийн халуурал чинээндээ хүрлээ. Дахиад ч галзуурлын долоо хоног байна. Аль аль талдаа намжуухан байж, ард олон ч дагаж хямарч, савлаж сүйд бололгүй Монгол төрийн тэргүүнээ сонгох нь зүй. Өчнөөн сонгуулийн ард хамтдаа гарцгаалаа шүү дээ, Монголын ард түмэн. Яаж явагддагийг нь харсаар л ирсэн. Цаг цагаар өөрчлөгдөх үнэн худал мэдэгдэхгүй мэдээлэлд бус өөрийнхөө итгэл үнэмшилд итгэж саналаа өгөөрэй.

Categories
мэдээ нийгэм

​Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өглөө 7 цагт орон даяар эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацаа өчигдөр нэр дэвшигчдийн халз мэлтгэлцээнээр дуусгавар болсон билээ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас Халтмаагийн Баттулга, Монгол Ардын намаас Миеэгомбын Энхболд, Монгол Ардын Хувьсгалт намаас Сайнхүүгийн Ганбаатар нар өрсөлдөж байна.

Эдгээр гурван нэр дэвшигчийн хэн нь Монгол Улсын Ерөнхийлөгч болох нь маргааш оройн 22 цагт шийдэгдэх болно. Маргааш өглөө 7 цагт нийслэлийн есөн дүүрэг, Монголын хорин нэгэн аймаг, 366 сумдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт албан ёсоор нэгэн зэрэг эхэлнэ.

Иргэн та сонгуульд санал өгөхөөр очихдоо өөрийн иргэний үнэмлэхээ мартуузай. Мөн урт дараалалд зогсож, үнэт цагаа алдахгүйн тулд хэдэн цагт очихоо төлөвлөөрэй. Санал өгөхдөө өөрийн харьяалагдах хэсгийн хороо дээрээ очоод саналын хуудсыг авч, бүхээгт орж нууцаар саналаа өгнө. Санал өгөх зааврын дагуу саналаа битүүлж будаарай.

Андуурч будсан, алдаа гаргасан тохиолдолд санал тоолох хар машинд саналын хуудсаа хийхээс өмнө мэдэгдэж, алдаатай хуудсыг шалгуулан хураалгаж, дахиан саналын хуудас авч саналаа өгөөрэй. Мөн саналын хуудасны заавар нь ойлгомжтой бус байвал хэсгийн хорооны ажилтангаас тодруулж асуугаарай.

Монгол Улсын иргэн та өөрийн эрх ашгийн төлөө, улс орныхоо ирээдүйн хөгжлийн төлөө, өөрийн үзэл бодлыг төлөөлж чадна гэсэн хүндээ иргэнийхээ үүргийг биелүүлж, сонгуульд идэвхтэй оролцож, саналаа өгөөрэй.

Э.МӨНХ

Categories
мэдээ нийгэм

Хотын зүүн болон баруун товчоогоор гарах хөдөлгөөний ачаалал нэмэгджээ

Маргааш Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль орон даяар явагдана. Энэ үеэр хотын хөл хөдөлгөөн ямар байгааг тодрууллаа. Өнөөдөр амралтын өдөр учир Улаанбаатар хот доторх хөдөлгөөн ачаалал багатай байна. Харин нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт орших 61-ийн гарам, хуучнаар 22-ын товчоон дээр хөдөлгөөн нэлээд байгаа тухай өмнө нь бид мэдээлсэн билээ. Яг одоогийн байдлаар хотын зүүн зах буюу Баянзүрхийн товчоо, баруун зах болох 22-ын товчоогоор хотоос гарч буй хөдөлгөөний ачаалал эрс ихэсчээ. Учир нь ойрын өдрүүдэд нийслэлд нэмэх 30 гаруй хэм дулаан байгаа тул оршин суугчид цэвэр агаарт гарч амрахаар явцгааж байгаа аж. Харин маргааш сонгуулийн өдөр учир хотоос гарсан иргэд буцан ирэхтэй зэрэгцэн нэвтрэх точоодын хөдөлгөөн нэмэгдэхийг сануулж байна.

Categories
гадаад мэдээ

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдэл хийлээ

Image result for А.ГуттеришБНХАУ-ын Сычуань мужийн Синмо тосгонд хөрсний нуралтын улмаас 140-өөд хүн нурангид дарагдсан тухай бид мэдээлсэн билээ. Үүнийтэй холбогдуулан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга А.Гуттериш өнөөдөр мэдэгдэл хийлээ. Тэрээр БНХАУ-ын эрх баригчдад эмгэнэл илэрхийлээд шаардлагатай бол Хятадын талд тусламж үзүүлэхэд бэлэн байгаагааг илэрхийлэв.

Хятадын Сычуань байгалийн гамшигт нэрвэгдсэнтэй холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин эмгэнэл илэрхийлсэн юм.

Ю.ДЭЛГЭРМАА

Categories
мэдээ спорт

“Улаанбаатар цом” олон улсын боксын тэмцээнд Г.Баярхүү жиндээ аваргаллаа

“Улаанбаатар цом” олон улсын боксын тэмцээн “Буянт-Ухаа”-гийн спорт цогцолборт өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт эхэлсэн билээ. Энэхүү тэмцээнд манай улсын 40, олон улсын 81 боксчин өрсөлдөж байна. Өдгөөгөөс 48 жилийн тэртээ анх зохион байгуулагдаж байсан “Улаанбаатар цом” XXVIII удаагийн тэмцээнд Орос, Бутан, Хятад, Энэтхэг, Сингапур, Тайван, хойд Солонгос, Монгол зэрэг Азийн олон орны шилдэг тулаанчид иржээ.

Энэхүү тэмцээн өнөөдөр албан ёсоор өндөрлөж, эрэгтэй долоо, эмэгтэй гурван жинд шилдгүүдээ тодруулна. Одоогийн байдлаар манай тамирчид алт, мөнгө, хүрэл медалийн төлөөх тулаанаа өрнүүлж буй юм. Мөн уг тэмцээнд сонирхогчдын боксын олимпийн хүрэл медальт, дэлхийн таван удаагийн аварга Энэтхэгийн алдарт боксчин Мэри Ком хүрэлцэн ирж, тулалдаж байгаагаарай онцлогтой юм. Түүний хувьд бүтэн жил их спортоос завсарлаад “Чингис хаан- Улаанбаатар цом” олон улсын тэмцээнээр рингэндээ эргэн ирж байгаа ажээ. “Улаанбаатар цом” олон улсын боксын тэмцээний эмэгтэйчүүдийн 75кг-д Э.Эрдэнэтуяа мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 48кг-д О.Жаргалан мөн адил мөнгөн медаль хүртжээ.

Image result for “Улаанбаатар цом” 2017

Энэхүү жинд хүрэл медалийг Монголын боксчин Л.Алтанцэцэг, Хятадын тамирчин И Най Ян нар хүртсэн байна. Харин эрэгтэйчүүдийн 64кг-д Г.Баярхүү алтан медаль хүртэж, цомын эзэн боллоо. Мөн эрэгтэйчүүдийн 56кг-д аваргын төлөө Монголын боксчин Б.Төмөрхуяг хойд Солонгосын шилдэг тулаанч Жо Хю Намтай тулалдлаа. Гурван үе эн тэнцүүхэн өрсөлдөж БНАСАУ-ын боксчин шүүгчдийн санал нэгтэйгээр “Улаанбаатар цом”-д түрүүлэв. Б.Төмөрхуягийн хувьд өнөө жил 20 настай, Барселона клубт бэлтгэл сургуулилтаа хийдэг аж. Өнөө жилийн насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол энэхүү олон улсын тэмцээнээр өсөх ирээдүйтэй боксчин гэдгээ батлан харуулсан юм.

Э.МӨНХ

Categories
мэдээ улс-төр

Зургадугаар сарын 29-нөөс гишүүд ажилдаа орно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж байгаатай холбогдуулан УИХ-ын хаврын чуулганыг зургадугаар сарын 14-28-ны өдрийг дуустал хугацаанд түр завсарлуулсан. Түр завсарлагын хугацаа ирэх долоо хоногт дууссанаар пүрэв гариг буюу зургадугаар сарын 29-өөс гишүүд ажилдаа орох юм.

УИХ-ын сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль бүрт хаврын чуулганыг түр хугацаагаар завсарлуулдаг дэгтэй билээ.

Categories
гадаад мэдээ

140 хүн нурангид дарагджээ

Сычуаний Синмо зурган илэрцүүдБНХАУ-ын Сычуаний Синмо тосгонд өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 6.00 цагт хөрсний нуралтын улмаас 146 хүн нурангид дарагджээ. “Синьхуа” агентлагийн мэдээлсэнээр эдгээр хүмүүсийн дунд гадаадын иргэд байж магадгүй тухай орон нутгийн хэвлэл мэдээллээ. Хөрсний нуралт болсон газар өчигдөр гадаадын 100 жуулчин очсон байжээ. Байгалийн гамшиг нүүрлэсэн газар аврах багийн 500 хүн ажиллаж байгаа гэнэ. Гэвч бороо үргэлжлэх орсоор байгаа нь аврах ажиллагааг хүндрүүлж байгаа тухай мэдээллээ.

Categories
мэдээ утга-зоxиол

Ц.Буянзаяа: Жаргаж буй нарны туурь

Чинсанааг түлээ хагалж буй ахуйд өвлийн туниа муутай нар баруун уулын хэц дээр өехийдөх зуураа хавь орчныг хамаг хүчээрээ ивээх аядна. Нарны гялангар туяа хөдөөх суурингийн хоорондоо дэндүү адилхан байшингуудын төмөр дээвэр дээр, арав гаруй хоногийн өмнө ороод одоо нэгэнт дагтаршин хөлдсөн хуучин цасны сэрэмгэр тасархайнууд дээр, Чинсанаагийн барьж буй нэг их том модон иштэй сүхний онгин дээр хугаран, хугачин гэрэлтэх аж. Мандаж буй нарны бардам түрэмгий цацрагаас, жаргаж буй нарны үйрч бутарсан сүүлчийн туяа илүү их гоо сайхантай байдаг гэсэн сэтгэгдэл Чинсанаад үргэлж төрдөг юм. Тиймээс Чинсанаа орой бүхэн шахуу л жаргаж буй нарыг үдэж өгдөг зуршилтай болчихсон билээ. Өнөөдөр ч гэсэн Чинсанаа эхнэртээ түлээ хагалж өгч байгаа нэрийдлээр тав тухтайхан шиг тухалж аваад оройн нарнаас таашаал хүртэн суугаа нь энэ юм. Чинсанаа энэхүү хувь ганц таашаалаа бусадтай хуваалцах гэж лав хорь гаруй жил оролдоод бүтэлгүйтжээ. Анх тэрээр хамгийн дотно найздаа жаргаж буй нар харах сайхан байдаг юм, хоёулаа оройн нарнаар хамтдаа жаахан сууя гэж гуйж байжээ. Гэтэл мөнөөх найз нь Чинсанаад,

“-Жаргаж буй нарыг харах юу нь сайхан байна аа. Мандаж байгаа нар л сайхан байдаг юм даа” хэмээж. Найзынхаа хэлсэн энэ л үгтэй адилхан үгийг Чинсанаа ээжээсээ, ааваасаа, эхнэрээсээ, тэр байтугай хүүгээсээ ч хүртэл сонсчээ. Бүхэл бүтэн хорин хэдэн жилийн туршид Чинсанаатай адилхан жаргаж буй нарыг сайхан хэмээн үнэн санаанаасаа итгэдэг хүн лав л түүний эргэн тойронд байсангүй. Ингээд л Чинсанаа оройн нарны тухай сэтгэгдлээ зөвхөн өөртэйгөө хуваалцдаг хүн болоод олон оныг үджээ.

Өвлийн нар жаргахдаа хурдан учир төд удалгүй мөнөөх уран гоё, алтлаг гэрлүүдээ Чинсанаагаас харамлах мэтээр хурааж эхэллээ. Нар жаргахтай өрсөн Чинсанаа түлээ хагалах хурдаа нэмэгдүүлэв.Тэрээр амандаа:

-Нэг Дамдин, хоёр Дамдин, гурван Дамдин, дөрвөн Дамдин… хэмээн дуулдахтай үгүйтэй тоолон сажилж хураасан түлээгээ захаас нь аваад хагалж гарав. Дамдин бол Чинсанаагийн хамгийн дургүй хүн. Гэхдээ Дамдин гэж ямар хүн байдгийг тэр мэдэхгүй. Хүүхэд байхдаа л тэр Дамдин гэдэг муу хүний тухай сониноос анх уншсан юм. Тэр сонин бол Чинсанаагийн хамгийн анх уншсан сонин байсан юм. Дамдингийн тухай мэдээлэл Чинсанаагийн хувьд хүмүүсийн тухай өөрөө анх олж авсан мэдээлэл байсан юм. Тэгээд л Чинсанаа Дамдин гэдэг муу хүнтэй дотор сэтгэлдээ тэмцдэг болсон аж. Дамдинтай тэмцээд Чинсанаа гуч гаруй жил болжээ. Сүүлдээ бүр Дамдиндаа муудахын дээдээр муудаад аль болохгүй бүтэхгүй бүхнийг:

“-Өө, муу Дамдин” хэмээн хэлдэг ч болсон билээ. Чинсанаа яаруу сандруу үедээ түлээ хагалахдаа байнга л нөгөө Дамдингаа дуудна. Тэр үед нь түүнийг харах юм бол нэг их сүрхий нөхөр цавчихыг нь цавчаад л, цохихыг нь цохиод л давшиж яваа юм шиг дүр төрхтэй болчихдог юм. Чинсанаа:

“-Тавин хоёр Дамдин, тавин гурван Дамдин, тавин дөрвөн Дамдин” хэмээн өгүүлээд түлээгээ хагалж дууслаа. Одоо Дамдингуудыг хагачих шаардлага түүнд байхгүй болжээ. Талаар нэг тарж орхисон Дамдингуудаа Чинсанаа хөлөөрөө овоолох янзтай болгочихоод гэртээ орлоо. Эхнэр нь хонины хөлдүү мах хөшиглөх санаатай заазуураа хальтичуулан байх нь түүнд нэг л эв дүйгүй харагдав. Чинсанаа хүйтэн усаар гараа хэдэнтээ үрчиж угааснаа эхнэрээсээ өнөөх махыг нь булаах нь холгүй авч хүч заан зорж эхлэв. Түүнд мах хөшиглөх, түлээ хагалахаас шал дор, дэмий зүйл мэт санагдаж байлаа. Чинсанаа тийнхүү мах хөшиглөж эхлэхтэй зэргэцэн эхнэр нь түмпэн саваа тачигнуулан гурил зуурахаар эргэнэг шүүгээгээ онгичиж гарав. Чинсанаа мах хөшиглөх зуураа:

“-Хүн гээч амьтан мах идэхгүй бол жигтэйхэн сайхан эрүүл саруул болно гэдэг ер нь худлаа байх шүү. Мах иддэг амьтад өвчин зовлонгийн үүр болдог юм бол энэ чоно нохойнууд ингэж өсч үржээд, араа шүдээ арзайлгаад давхиж явахгүй байлгүй дээ” хэмээн шал дэмий зүйл бодож байлаа. Чинсанааг тийнхүү дэмий зүйлд сатаарах ахуйд эхнэр нь бодлыг нь тасалж:

“-Зуданд үхсэн малын мах хотод зарж байгаа гэнэ ээ. Хотынхон мэдэхгүй болохоороо аваад байгаа юм байх аа. Сая чамайг гадаа байх зуурт тийм мэдээ телевизээр гарлаа” хэмээн өгүүлэв. Чинсанаа:

“-Өө муусайн Дамдингууд” хэмээн өөрийн эрхгүй дуу алдлаа. Тэгснээ юу болов гэмээр хөлдүү мах руу заазуураа улам гүнзгий зоож:

“-Нэг Дамдин, хоёр Дамдин, гурван Дамдин…” хэмээн амандаа тоолон нэг л их хурдтайгаар зорж гарав. Эхнэр нь Чинсанаа руу сүрхий гээч нь хараад:

“-Утга учиргүй Дамдин, Дамдин гэж балайрч байгаад гар хуруугаа тастчихав” хэмээн санаа тавин өгүүллээ. Чинсанаа:

“-Гучин нэгэн Дамдин, гучин хоёр Дамдин…” хэмээн өгүүлснээ хоолны хөшиглүүр мах нь аль хэдийн гүйцсэнийг анзаараад мах хөшиглөх ажлаа зогсоов. Тэгснээ заазуурынхаа ирийг арчих төдий болсноо махны модон дээр буцааж тавьчихаад буйдан луугаа зүглэв. Телевизийн удирдлагаа ийш тийш хэдэнтээ харж байснаа залхуу нь хүрэн босч очоод хуруугаараа товчлуурыг нь даран сэтгэл сэргээчих сонирхолтой нэвтрүүлэг хайж хэсэгтээн л өөртөө ажил удав. Харамсалтай нь түүнд үзчих нэвтрүүлэг нэг ч олдсонгүй. Дургүй нь хүрч зурагтаа унтраачихаад гэрээсээ гарлаа. Хавь орчныг харанхуй аль хэдийнээ нөмөрчээ. Гийх саран, гэрэлтэх одод нэгээхэн ч алга. Түнэр харанхуй л бүхнийг хулдах аж. Харин суурингийн айлуудын ноход дуу дуугаа аван хуцалдах асанж. Чинсанаа:

“-Шөнийн харанхуйд ноход хуцахгүй бол манай энэ суурин аймшгийн хотхон шиг л болох байх даа. Нохой гэдэг амьтан хүнд ханьтай амьтан шүү” хэмээн түрхэн зуурт бодлоо. Тэгснээ юу ч болоогүй байхад нэг л их гүнзгий санаа алдсанаа гэртээ буцаж оров. Эхнэр нь тогоондоо хоолоо үйж зогсоно. Чинсанаа дахин телевизээ асаан сонирхолтой нэвтрүүлэг хайн баахан сувгаа солилоо. Бас л сэтгэлд нь нийцсэн нэвтрүүлэг олдсонгүй.

“-Энэ олон телевизүүд байж үзчих юм бараг л гарахгүй шүү” гэж дотроо дэмий бухимдав. Бухимдлаа гээд яахав дээ. Байдгаа барж авсан телевизээ хага цохилтой биш. Тийнхүү бухимдангуй байх зууртаа Чинсанаа хачин их ганцаардаж байгаагаа гэнэт ойлгов. Халуун дулаан гэр орондоон, халамжтай эхнэрийнхээ дэргэд хүн ганцаардана гэж байдаг юм байхдаа гэж тэр өөрийгөө гайхлаа. Тэгээд бүр телевизээр сонирхолтой нэвтрүүлэг гараагүйн төлөө шүү” хэмээн бодонгуутаа Чинсанаа өөрийн мэдэлгүй:

“-Ээ муу Дамдин” гэж дуу алдаж орхив. Энэ удаа тэрбээр өөрөө өөрийгөө Дамдин болгочихов. Бүх насаараа муу муухайгийн бай болгож байсан Дамдингийнхаа дүрд тэр өөрийгөө ингээд л аваачаад хаячихлаа. Чинсанаагийнх уул нь тэрсхэн хоёр хүүхэдтэй айл юм. Тэд нар нь том болоод сургууль соёлын мөр хөөгөөд хот хүрээ рүү явчихсан билээ. Хүүхдүүд нь гэртээн бужигнаж байхад Чинсанаад ганцаардах сэтгэл төрнө гэж лав байхгүй. Нэг нь телевизийн суваг булаалцалдан уцаарыг нь хүргэж, нөгөөх нь аахар шаахар зүйлээс болон ээждээ үглүүлж буй ахуйд түүнд юуных нь гиюүрэх, гансрах сэтгэл төрөх билээ дээ. Чинсанаа:

“-Айл амьтныг хүүхэд л аз жаргалтай болгодог юм байна” гэж сүүлийн үед боддог болсон, тэгж бодох болгондоо өөрийгөө адгийн муу Дамдингаасаа ч дорд үздэг юм. Учир нь тэрээр дөрвөн жилийн өмнө эхнэрийгээ бие давхар болоход нь:

“Хөгширсөн хойноо хүүхэд төрүүлж яах гэсэн юм, хүн амьтны доог тохуу болохын нэмэр” хэмээн ятгаж байгаад хүүхдээ төрүүлэхээр шийдчихээд байсан эхнэрээ болиулчихсан билээ. Тэр явдлын тухай бодох болгондоо л Чинсанаа өөртэй хандан юм л болбол:

“-Дамдин” хэмээн хэлчихээд байдаг болчихсон юм.

Чинсанааг гэр дотроо хийх байхаа олж ядан холхиж байх зуурт эхнэр нь хоолоо хийж дуусаад түүнд аягалж өглөө. Эхнэрийнхээ гарын хоолыг цадтал идэж аваад тэрээр унтахын өмнө ахин нэг азаа туршихаар дахиад л телевизийнхээ сувгуудыг өөд уруугүй сольж гарав. Энэ удаа ч гэсэн олигтой нэвтрүүлэг таарсангүйд түүний дургүй нь хүрэхийн дээдээр хүрлээ. Чинсанаа телевизээ бушуухан унтрааж орхиод унтахаар шийдэн орондоо аль хэдийнээ орсон эхнэрийнхээ хажуугаар орж хэвтлээ. Эхнэрээс нь нэг л анхилуун, ялдамхан, дотнохон үнэр үнэртэнэ. Энэ сайхан үнэрт мансууран хэвтэх нь түүнд телевиз үзэхээс мэдээж хавьгүй дээр байв. Чинсанаа өдрийнхөө явдалд ядарснаас болоод ч тэр үү төд удалгүй дуг нойрондоо гүн гүнзгийгээр дарагдлаа. Харин тэрээр нойрон дундаа жаргаж буй нарны тухай нэг л сайхан нэвтрүүлэг найзуудтайгаа хамт үзэж байна хэмээн аз жаргалтайгаар зүүдэлж байлаа.

Categories
мэдээ утга-зоxиол яруу-найраг

Ц.Бавуудорж: Сэтгэлийн аяз

Холбоотой Зураг

Хөх өвсний налах чимээ сонсогдоно
Хөндүүр зүрхэнд сарны гэгээ шагалзана
Хөлийн чинь гишгэх хэмээр хорвоо ойртоно
Хөмсгөн доор зөөлөн сэтгэлийн цалгиа анирлана
Айсуй яваа баярын зөн совин татна
Алганд тунасан борооны дусал мэлтэлзэнэ
Харьж яваа орчлонгийн хором намайг урсгана
Харц оносон нялх цэцгийн дэлбээ задарна
Нарны хүрэлцэх орон зайд оршигч бүхэн
Надаас илч гэрэл нэхнэ
Сарны хөлд шаргал өвсний шүүдэр сүүдэхүй
Салхины торгон мэдрэмж алганы хээнд сарнина
Ирэх өдрүүдийн намираа бороон дунд
Эрэвгэрхэн сормуусаа чийглэж санагалз даа
Мөнгөн сортой санчигны чинь гэрэлд
Мөнхийн эрхэмсэг дүрээ тодруулан нэг үзмээр байна
Хэн ч бүтээхгүй ариун гунигаа орчлонд бэлэглэчихээд
Хээнцэр гоо араншингаа чинийхээ л төлөө үлдээнээ БИ

Categories
мэдээ нийгэм

10 дугаар хорооллын туслах замыг шинэчлэн засварлана

Баянгол дүүргийн зургаадугаар хороо буюу аравдугаар хорооллын “МТ” шатахуун түгээх станцаас хойш 300 метр туслах замыг шинэчлэн засварлахаар болжээ. Уг ажлыг эхлүүлэх нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон тус хорооны иргэд, оршин суугчид оролцжээ.

Уг ажил хийх хэсэгт зун борооны ус тогтдог, өвөл нь хальтиргаа гулгаа ихээр үүсч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигддөг байна. Авто замын хөгжлийн газрын захиалгаар Улаанбаатар зам засвар, арчлалтын газар уг ажлыг хийж гүйцэтгэн ирэх сарын 23-нд замыг ашиглалтад хүлээлгэн өгөхөөр болжээ.

Шинээр барих авто зам нь 7 метрийн өргөнтэй, хоёр урсгалтай хоёр талаараа 1.5 метр өргөн явган хүний замтай, ус зайлуулах хоолойтой байх аж.