Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саналаа өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж морин цагт саналаа өглөө. Тэрбээр өөрийн оршин суугаа харьяаллын дагуу Орос III сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд очиж саналаа өгсөн юм. Тэрбээр нийт сонгогчдодоо хандан “Та бүхний энэ өдрийн амгалан айлтгая. Ард иргэд маань сонгуульдаа идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна. Сонгууль зохион байгуулж буй албан хаагчид сонгуулиа хуулийн дагуу иргэдийнхээ чөлөөтэй саналаа илэрхийлэх бололцоог хангаж сайн ажиллана гэдэгт итгэж байна. Сонгуулиа амжилттай хийгээд удахгүй улсын наадам болно. Бөхчүүд нь бяртай, морьд нь хурдтай, харваачид нь цэцтэй байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье. Сонгуулиа амжилттай хийгээд бүгдээрээ сайхан наадъя. Төр улсын ажил үйлс урагштай түмэн олны амьдрал амгалан, бүтээл нь улам их байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэв.

Categories
мэдээ нийгэм

18-25 насны залуусын идэвх сул байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхлээд гурван цаг өнгөрч байна. Энэ хугацаанд сонгогчдын ирц Сонгинохайрхан дүүргийн 1800 дугаар хэсгийн хороонд

284 сонгогч саналаа өгч, ирц 13.6 хувьтай байна. Үүнээс 18-25 насны сонгогчдын идэвх харьцангуй сул, 56-аас дээш насны сонгогчид хамгийн идэвхтэй байна.
Тус хэсгийн хороонд нийт 13 ажиглагч ажиллаж байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Элон Маскийн цахилгаан машинууд дэлхийн бизнесийг өөрчилж байна

Түрүү жилийн өдийд “Тесла моторс” компани автомашины салбарт хувьсал хийх цоо шинэ загварын машинаа танилцуулж байв. “Тесла моторс” компанийн гүйцэтгэх захирал Элон Маск дундаж орлоготнуудад зориулсан “MODEL-3” загварын цахилгаан машинаа танилцуулсан юм. “Тесла”-гийн цахилгаан машинууд хэрэглээнд ороод эхэлсэн тухай мэдээллүүд дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хөвөрч буй энэ үед Фэйсбүүкийн нэгэн постыг онцолъё.

Монголын геологи, уул уурхайн мэргэшсэн институцийн ерөнхийлөгч М.Дагва нүүр хуудсандаа “Гурав байна уу дөрвөн жилийн өмнө Бээжинд нэг хуралд оролцох үеэр “Тесла” компанийн захирлын илтгэлийг сонсож, үзэсгэлэнгийн танхимд тавьсан Тесла машинд сууж үзэн, энэ компанийг биширч байж билээ. Цахилгаан машины батарей солих хугацааг ердийн машины банк дүүргэх хугацаанаас богино байлгахын тулд 3D програм ашиглан дизайныг нь гаргасан тухай, Невадагийн цөлд байгуулсан нарны станцад түшиглэн хойд америкийг хэрсэн цэнэглэх станцууд байгуулж, цахилгаан машин авсан хүмүүс уг станцуудаас машинаа үнэгүй цэнэглэх боломж олгож байгаа тухай мэдээллүүд тухайн үед тархинд их л цочир сонин бууж байсан. Саяхан Шанхайд буусан буудлын гадна Теслагийн сүперчарж станцуудад машинууд залгаатай байгааг, Тесла аль хэдийн урд хөршид ороод ирсэн байгааг нүдээр харлаа.Ашлее Вэнс гэгч хүний бичсэн Элон Маскийн тухай бэстсэллэр номыг ойрд ажлын заваар барьж тавих байдлаар уншаад байгаа юм. Бизнес уруу орсоноос хойш асуудлыг бизнес модель талаас нь харахыг оролддог болж. 90-ээд оны дот.ком-ын халуурлын үеэр энэ чиглэлийн хоёр ч бизнесийг бий болгон амжилттай зарж хөрөнгөжсөн залуу SpaceX, Tesla, Solar City гэсэн төслүүд уруу өөрийн мөнгийг оруулж, тухайн салбар бүрт уламжлалт бизнесийн схем, тогтолцоог эвдэж. SpaceX-ийн хувьд Америкийн батлан хамгаалах – аж үйлдвэрийн мангасууд болох Локхийд Мартин, Бойнг зэрэг аваргуудтай тулахын зэрэгцээ Орос, Хятад улсуудын эрх ашигтай ч харгалдаж. Сансарын бизнес маш их улс төржсөн, зах зээлийн хамгаалалттай, капиталист нийгэмд ийм салбар байдаг гэдэгт итгэмгүй бизнес бөгөөд энэ тал дээр Элон Маскийн туулж буй сорилтын дэргэд iPod, iTunes-ээ зах зээлд гаргах үедээ дуу бичлэгийн салбартай Стийв Жобсын хийсэн тулаан бол хүүхдийн тоглоом гээд хэлчихэд буруудахгүй юм гэнэ. “Гэр бүлийнхэнд минь намайг оросуудад нухуулчих вий гэх айдас байдаг” гэж Маск өөрөө хэлж. Тесла Моторс компани бол бүр машин үйлдвэрлэх, зарах тогтолцоог тэр чигээр нь өөрчилсөн, машинаа “бензин колонк”-той нь хамтаар нь зарж байгаа бизнес модель юм байна. Машинаа вэб хуудсаараа дамжуулаад зарчих тул бүхэл бүтэн машины дилерүүдийн тогтолцоог үгүйсгэж байгаа, цахилгаан машинд тос солих шаардлага байхгүй тул сервис үйлчилгээ хийдэг бизнесийг ч мөн үгүй хийж байгаа юм байна” хэмээн онцолжээ.

Тесла компани шинэ загварын MODEL-3 цахилгаан машинаа танилцуулах үеэрээ мастер төлөвлөгөөнийхөө талаар сонирхуулж байсан юм. “Тесла”-гийн мастер төлөвлөгөө дөрвөн үе шатнаас бүрдэж буй. Эхний буюу хөгжүүлэлтийн үедээ маш өндөр үнэтэй цөөн тооны машин үйлдвэрлэх бол хоёр дахь үедээ MODEL S ба седан загварын өндөр үнэтэй машиныг дундаж хэмжээгээр үйлдвэрлэхээр төлөвлөж байжээ. Харин гурав дахь үедээ SUV төрлийн MODEL –X загварыг үйлдвэрлэх зураг гаргаад ажилласан байна. “Тесла”-гийн төлөвлөгөөний дөрөв дэх шат нь өнгөрсөн жил танилцуулсан MODEL-3 цахилгаан машин юм.

“Тесла” компани БНХАУ-д автомашины үйлдвэрлэлээ эхлүүлэхээр Шанхай хоттой хамтран ажиллаж байгаагаа баталгаажуулаад удаагүй байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Элон Маск энэ оны эцэс гэхэд үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө илүү тодорхой боловсруулна хэмээн онцолжээ. БНХАУ-д үйлдвэрлэлээ эхлүүлэх хэлэлцээрт хүрснээр “Тесла” орон нутгийн бусад автомашин үйлдвэрлэгчидтэй илүү хүчтэй өрсөлдөөн үзүүлэх аж. Энэ хамтын ажиллагаа эхэлбэл автомашины импортын тариф нь 25 хувиар буурч, “Model S” седан болон “Model X” спорт загварын автомашины үнэ АНУ-ынхаас хямд байж, илүү өндөр ашиг олох боломжтой юм байна. “Тесла ийнхүү бусад улсад үйлдвэрлэлээ эхлүүлэх нь дэлхийн хамгийн том цахилгаан автомашины зах зээлд байр сууриа нэмэгдүүлэхэд шаардлагатай алхам” гэж “Fiat Chrysler”-ийн БНХАУ дахь салбар нэгжийн захирал асан Билл Руссо мэдэгджээ.

Ц.СҮРЭН

Categories
гадаад мэдээ

ОХУ-ын тэргүүн хатагтай асны шинэ нөхөр хэн бэ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2013 онд эхнэр Л.Александровнагаас албан ёсоор салж байгаагаа мэдэгдсэн. Тухайн үедээ тэд цаашдаа харилцан бие биенээ хүндэтгэж явахаа мэдэгдэж байв. Олон нийт тэдний цаашдын амьдралын сонирхсон боловч хэн ч энэ талаар тайлбар хийгээгүй. Салалтаа зарлахаас өмнөхөн Ерөнхийлөгч В.Путин Уран гимнастикийн олоимпийн аварга Кабаеватай холбогдсон тухай мэдээлэл хүчтэй тархаж байсан юм. Хожим Кабаевагаас төрсөн хүүхэд Л.Путинтэй усны дусал мэт адилхан гэсэн мэдээ түгжээ. Харин Ерөнхийлөгчийн эхнэр асан Людмила ямар нөхөртөй болсон талаар өнөөг хүртэл нууцалсаар иржээ. Саяханас Оросын мэдээллийн хэрэгслүүдээр нэгэн сэтгүүлч хувийн мөрдлөгө явуулсаны үр дүнд багагүй зүйл тодорхой болсон тухай мэдээлж байна. Тэргүүн хадагтай асан 2014 оноос үл хөдлөх хөрөнгийн “Меридиан” компанийг эзэмших болсон. Компанийн жилийн орлого жилийн 180 сая рубль. Харин түүний шинэ нөхөр “Хувийн харилцааны хөгжлийн төв” нэртэй фондын захирал А.Очертный. Бизнес хөөгөөд сүйдтэй амжилт олоогүй тэрээр сүүлийн үед чамгүй хөрөнгөжиж, томохон үл хөдлөх хөрөнгөтэй болсон гэнэ. Людмила Францад багагүй хэмжээний үл хөдлөх хөрөнгөтэй бөгөөд хотын оршин суугчид түүнийг эндээ ирдэг гэдгийг баталжээ.

Х.БАТ

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийнхан өндөржүүлсэн байдалд ажиллаж байна

Цагдаагийн байгууллагаас зургаадугаар сарын 23-ны 09:00 цагаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн нийслэлд байрлах 403 сонгуулийн санал авах хэсгийн хороодын байрны аюулгүй байдал, хамгаалалтад 1,002 алба хаагчаас хоногт 501 алба хаагч, орон нутагт байрлах 1,580 санал авах байрны хамгаалалтад 1,801 алба хаагч, нийт 1,983 санал авах байрны хамгаалалтад 2,803 алба хаагч тасралтгүй үүрэг гүйцэтгэж байна.

Цагдаагийн алба хаагчид ард түмнийхээ амар тайван байдлыг хангах, аюулгүй байдлыг хамгаалах чиг үүргээ гүйцэтгэж байгаа юм

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчийн сонгуулийг 37 улсын 123 хүн ажиглаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцыг гадаад, дотоодын 18 мянга гаруй ажиглагч ажиглаж байна. Дэлхийн 37 улсаас 123 ажиглагч ирсэн гэх мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос өгөөд байгаа юм. Европын Парламент, Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллага тэргүүтэй олон улсын байгууллага, институцээс ажиглах тусгайлсан багууд энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцад ажиглалт хийж байна. Мөн Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны төлөөлөгчид болон Азийн сонгуулийн байгууллагуудын холбооны дарга ирж, сонгуулийн үйл явцад ажиглалт хийж байгаа гэсэн мэдээлэл байна. Монгол Улс сонгуулийн автоматжуулсан системийг ашиглаж буй нь олон улсад сайн туршлага гэж ажиглагчид олзуурхаж байгаа гэнэ. Ажиглагчдын хувьд санал хураалтын дүнг олон нийтэд мэдээлэх явц, бусад асуудлаар туршлага солилцох сонирхолтой байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе

Ё.Баатарбилэг: Асар олон хүний эрх ашиг байсан учраас приусын татварыг эргэж харсан

“Өдрийн сонин”-ы 2017.06.19-ний Даваа гаригийн №136, 137 (5703, 5704) дугаараас авч нийтлэв.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгтэй ярилцлаа.

-УИХ-аас Онцгой албан татварын тухай хууль болон Онцгой албан татварын журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Ингэснээр приус машины татвар долдугаар сарын 1-н хүртэл хойшилж байна. Энэ хуулийн төслийг санаачлагчдийн нэг нь та. Зарим хүн Нэг, хоёр хүний эсэргүүцэлтэй тулгарангуутаа л шийдвэрээ өөрчиллөө гэж шүүмжилж байсан. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Нэг, хоёр хүн ч биш юм аа. Тоо, судалгааг нь намын бүлэг дээр нэлээд ярьсан. Татварын өөрчлөлт хэр өргөн хүрээг хамрах болон “приус” машины татвар хэрхэн нэмэгдэж байгаа юм, хуулиа гаргаад нэгэнт баталчихсан зүйлийг өөрчлөх шаардлага байгаа эсэхийг ярилцсан. Улсын хэмжээнд жилд импортлогдож байгаа машины тоо, ямар хүмүүс “приус” машиныг гол төлөв унаж байна гэдэг судалгааг ч үзсэн. Өнөөдөр манай улсад байгаа суудлын автомашины дийлэнхийг “приус” эзэлж байна шүү дээ. Ихэвчлэн залуус, бага, дунд орлоготой иргэд түлш шатахуунд хэмнэлттэй гээд энэ машиныг хэрэглэж байна. Тиймээс ч эрэлт нь өндөр хэвээрээ байгаа. Эрэлт, хэрэгцээгээ дагаад нийлүүлэлт нь ч маш их байдаг. “Приус” машинаас онцгой албан татвар авах хууль батлагдах үеэр наашаа ачигдсан, ачуулахаар гэрээ байгуулчихсан гээд маш их зүйл бий. Импортлогч нар ч хүсэлт гаргаад Ерөнхий сайдын төвшинд уулзалт хийсэн байна лээ. Түүнээс хэн нэгэн эсвэл хэсэг бүлэг хүн шахалт үзүүлэнгүүт хууль өөрчлөнө гэж байхгүй шүү дээ. Асар өргөн хүрээний эрх ашгийг хамарсан асуудал болохоор эргэж харсан гэж болно.

-Тэгэхээр хэрэгжиж эхлэх нь тулгуу байсан хуулийг хойшлуулж приус импортлогч нарт боломж олгож байна гэж ойлголоо. Гэтэл приус-ын үнэ хэдийн өсчихөөд байна шүү дээ?

-Ерөнхийдөө хуулийн үйлчлэх хүрээ нь асар олон хүний худалдан авах чадвартай холбоотой. Мөн олон хүний бизнес, аж ахуйтай холбоотой болохоор үүнийг зайлшгүй эргэж харах хэрэгтэй гэж үзсэн. Бизнест өөрийн гэсэн төлөвлөлт байгаа шүү дээ. Наадмын өмнө машинуудаа оруулж ирээд зарна гээд төлөвлөчихсөн явж байтал гэнэтхэн Монголын төр шийдвэр гаргаад тасхийлгээд хаячихаар тэр хүмүүс хүнд байдалд орно. Өөр нэг хэсэг нь наадам дөхүүлж байгаад унаа авна гээд хэдэн төгрөг хуримтлуулчихсан байж байтал татвар нь нэмэгдээд, үнэ нь өсчихсөн. Уг нь “приус”-ыг татвартай болгосноор үнэ нь ийм ихээр өсөх ёсгүй байсан. Үйлдвэрлэсэн жилээс нь хамаараад 300-500 мянган төгрөгийн л онцгой албан татвар нэмсэн. Тэгэхээр тэр хэмжээнд л үнийн өсөлт байвал зөв биз дээ. Гэтэл хос хөдөлгүүрт суудлын автомашины үнэ нэмэгдэнэ гээд дуулиан тариад хоёроос таван сая хүртэл төгрөгөөр нэмчихсэн байна гэж яригдаж байна лээ. Ямар ч байсан хоёр, гурван сая төгрөг нэмчихсэн байгаа юм. Ер нь ингэж аливаа дуулианаар үнэ нэмдэг байдал өмнө нь ч гарч л байсан. Нефтийн бүтээгдэхүүний үнэ гадна талд нэмэгдэхэд нефт импортлогчид өөрсдөө шууд үнээ нэмчихдэг. Уг нь нөөцөлсөн түлшээ борлуулаад хоёр, гурван сарын дараа нэмэгдсэн үнэ орж ирэх ёстой. Гэтэл өмнө нь хуучин үнээр авчихсан байсан бензинийхээ үнийг нэмчихдэг тохиолдол зөндөө байлаа. Приусын онцгой албан татварыг хойшлуулах асуудлыг УИХ шууд шийдээгүй шүү дээ. Засгийн газар ОУВС-тай “Хоёрхон сарын хугацаа өгчих. Энэ хооронд ийм арга хэмжээ авахгүй бол болохгүй байна” гэж байж нэлээд ярьж хөөрч байж зөвшөөрөл авсан юм билээ.

-Приусны татварыг хойшлууллаа гээд нэгэнт нэмэгдсэн үнэ буух болов уу. Энэ талаар судалгаа хийсэн юм байна уу?

-Нэг нэмэгдсэн бол буухгүй шүү дээ. Би үүнийг УИХ-ын чуулган дээр ч хэлсэн. Зарим гишүүд “Ингээд хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулахаар үнэ нь хэзээнээс буух юм. Яаж буулгах юм” гээд асууж байсан. Зах зээлийнхээ жамаар үнэ нь дээшилж, доошилж явдаг юмыг төрөөс зохицуулалт хийнэ гэж байхгүй. “Приус” зарж байгаа хүмүүст “Алив үнийн зөрүүг нь өгье та нар тэдээр зарчихаач” гэж төрөөс дотаци өгдөггүй юм бол тийм зүйл байхгүй. Зах зээлийнхээ жамаар л явна. Одоо нэгэнт татварыг нь буцаагаад онцгой албан татваргүй болчихож байгаа юм чинь бизнес эрхлэгчид маань өөрсдөө бодит үнэ рүүгээ оруулах байх. Хурдан борлуулаад эргэлтээ бодох өөрсдөд нь хэрэгтэй байлгүй дээ. Зах зээл чинь өрсөлдөөн шүү дээ. Долдугаар сарын 1-ний наана хүлээгдчихсэн, хил дээр байгаа, ачигдах гээд гэрээ хийгдчихсэн гээд маш олон машин орж ирэх гэж байгааг гаалийнхан мэдээлж байсан. Одоо байгаа хэдийгээ өндөр үнээр худалдаж чадахгүй байж олон машин ороод ирэхээр өсгөсөн үнээрээ худалдана гэдэг бүр лөөлөө шүү дээ. Тэгэхээр үнэ нь буурч л таарах байлгүй дээ.

-ОУВС-гийн хөтөлбөрт орохын тулд долоон татварт өөрчлөлт оруулсан. Нэгийнх нь үйлчлэх хугацааг хойшлууллаа. Тэгвэл бусад татваруудыг эргэж харах боломж бий юу?

-Бусад өөрчлөлт орсон татварууд дунд хүмүүсийн халаас руу яг шууд орох татвар ховор шүү дээ. Хадгаламжийн татварыг аваад үзье. Монгол Улсад байгаа нийт хадгаламжийн 95 хувийг хүн амын гурван хувь нь эзэлж байна. Үлдэж байгаа нийт хадгаламжийн тав орчим хувь нь хүн амын 97 хувьд хамаарна. Тэгвэл энэ хадгаламжийн хүүг татвартай болгосноор хадгаламжийн 90 гаруй хувийг эзэмшиж байгаа тэр гурван хувьд л ачаалал өгч байгаа юм. Нийт хадгаламжийн 90 гаруй хувиас авах татвараас асар их мөнгө орж ирнэ. Буцаад нөгөө хадгаламж багатай буюу 90 гаруй хувь руугаа татвар чинь бусад нийгмийн үйлчилгээ тэтгэвэр, тэтгэмж болоод л очно шүү дээ.

-Монголбанкинд хийсэн шалгалтыг үндэслэж УИХ-аас тогтоол гаргасан. Тогтоолыг ялын дүгнэлт шиг боллоо гэж сөрөг хүчин шүүмжилж байсан.

-Тийм юм байхгүй ээ.

-Чуулганаар УИХ-ын тогтоол орохын өмнө Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд АН, МАН ялгаагүй Нээрээ ялын дүгнэлт шиг зүйл заалт дурдсан тогтоол болох нь гээд байсан шүү дээ?

-Би харин гайхаад байгаа юм. Байнгын хороон дээр тийм зүйл ярьсан гэж сонссон. Би тэр байнгын хорооных биш болохоор гишүүд юу ярьсныг мэдэхгүй. Ер нь анх Монголбанкны дүгнэлт чуулган дээр орж ирэхэд АН-ын бүлэг завсарлага авч байлаа. Дараа нь дахиад чуулган дээр орж ирэхээр нь батлуулахгүйн тулд улайран эсэргүүцэж дайрлаа. Би чуулганы хуралдааны үеэр маш тодорхой хэлсэн. Тэр улайран дайраад байгаа нөхдүүд ноднин намар өөрсдөө “Та энэ хүмүүсээ шалгаад гаргаад ирээч ээ. Хөгжлийн банк, Монголбанк, Чингис, Самурай бонд гээд та нар сонгуулиар бидний талаар өчнөөн ярьсан. Одоо тэгээд шалгуулаад гаргаад ирээч. Хаана байгаа юм тэр чинь. Эрхээ авчихсан юм бол та нар шалгаад гаргаад ирээч” гээд хашгираад байсныг санаж байна уу. Тэр үед чинь дөнгөж л ажлаа авцгаагаад бичиг цаастайгаа танилцаж байсан үе шүү дээ. Түүнээс хойш процесс нь явсаар шалгалтын дүнгүүд түрүүчээсээ гарч ирж байна. Ийм зүйлд хөнгөн хуумгай хандаж болохгүй шүү дээ. Цаана нь хүмүүсийн хувь заяа, ахуй амьдралтай холбоотой асуудал байна. Монголбанк төрийн мөнгөний бодлого барьдаг, олон улсын банк санхүүгийн зах зээл дээр Монгол Улсын нэрээр банк санхүүгийн тогтвортой байдал болж байгаа байгууллага шүү дээ.

-Гэхдээ тогтоол гаргахдаа хүний нэр заагаад, ажил үүрэгтээ хайнга хандсан, албан тушаалаа урвуулан ашигласан гээд тодорхойлчихсон юм биш үү?

-Байж болзошгүйг хууль хяналтын байгууллагаар шалгуулах л гэсэн байсан. Яг өөрийн чинь асууж байгаа шигээр орж ирээгүй. Байнгын хорооноосоо засагдаад орж ирсэн. Түүнд шилэн дансыг нь мөрдүүл, Монголбанкны үйл ажиллагаанд хууль дүрэм зөрчсөн зүйл байвал зогсоо, үнэ тогтворжуулах хөтөлбөр гэх мэт Монголбанкнаас хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд авсан зээлээ буруу зарцуулсан аж ахуйн нэгж байвал эргэж төлүүл гэсэн зүйлс байгаа. Монголбанк гурван их наяд төгрөгийн алдагдалд орчихоод байна шүү дээ.

-З.Нарантуяа, Д.Эрдэнэбат нарын гишүүд мөнгөний бодлогын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний зардлыг алдагдал гэж тооцсон тухай хэлж байлаа. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Мөнгөний бодлогын хүрээнд биш л дээ. Монголбанк хэзээ ч мөнгөний бодлого бариагүй байхгүй юу. Төрөөс баримтлах мөнгөний бодлого гээд УИХ-аас баталдаг. Харин Монголбанк төрөөс баримтлах мөнгөний бодлогыг баримтлаагүй. Хэрвээ ийм дампуу мөнгөний бодлого баталсан бол өмнөх УИХ хариуцлагагүй байна гэсэн үг. Монголбанкны нөхдүүд мөнгөний бодлогыг авч хэрэгжүүлээгүй юм. Ажлын хэсгийнхэн намын бүлэг дээр бидэнд нууц гэсэн тамгатай маш нарийн мэдээллүүд үзүүлчихээд буцаагаад авсан. Хууль зөрчсөн юмнууд маш их гаргасан юм билээ. Тэр Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нөхөр хамтын удирдлагын зарчим гэж байхгүй ганцаараа л бүгдийг шийддэг байж. АН-ынханы адилхан дэд ерөнхийлөгч нь МАХН, МАН-аас ч байсан гэж яриад байгаа шиг биш. Тэр хоёр нь хариуцдаг ажил нь өөр байсан юм билээ. Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан тэр хүний бүх хууль зөрчсөн зүйлсийг ил ярьж болохгүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулаад нууцын зэрэглэлд авчихсан байдаг юм билээ.

-Монголбанкны ерөнхийлөгч өөрөө эрх мэдлийнхээ хүрээнд дангаараа шийдвэр гаргах хуулиар заагдсан эрхтэй байдаг. Тиймээс хуульд нь өөрчлөлт хийх ёстой юм биш үү?

-Дангаараа шийдвэр гаргах эрх нь байж болно. Гэхдээ шийдвэр гаргахдаа дур мэдээд өөр бусад хуулиудыг зөрччихсөн байвал яах вэ. Шийдвэр гаргаж болно шүү дээ. Тэр гаргасан асар олон шийдвэр нь бодлого, хууль зөрччихсөн нь буруу гэдгийг л яриад байгаа юм. Монголбанкинд хийсэн шалгалттай холбоотойгоор УИХ-аас баталсан тогтоолоор бол хууль зөрчсөн гэж яллаагүй шүү дээ. Хууль зөрчсөн эсэхийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна л гэж байгаа. Гэтэл тэр хүн нь өөрөө алга болчихсон байна лээ шүү дээ. Алга болох ч юу байхав, хаана ч гэлээ гадаадад гарчихсан орж ирэхгүй байгаа юм гэнэ лээ. Монголын төр юм бол тэр хүнээ олж ир гэдэг шаардлагыг бид тавьж байгаа. Олж ирээд учир начрыг нь олог л дээ. АН өөрсдийнхөө намын хүнийг бодлогоор тавьсан шүү дээ. Тиймээс ганцхан тэр хүнтэй биш тэр албан албан тушаалд тавьсан хүмүүстэй ч хариуцлага ярих ёстой. Тавьсан улс төрийн хүчин нь хүнээ өмөөрөөд ганцхан хүн рүү дайрлаа гээд байгаа. Тэгээд нам руу дайрах юм уу. Ажил хариуцаж байгаа хүнтэй л ярина биз дээ. Тэртэй тэргүй нам нь буруу юм хийсэн гээд хариуцлага хүлээгээд сөрөг хүчин болчихсон байна.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар ард нийтийн хэлэлцүүлэг энэ зуны гурван сард явагдахаар болсон. Хуульд өөрчлөлт оруулах саналууд дунд аймгийн Засаг дарга сумын Засаг дарга нараа томилдог байя гэж байгаа харагдсан. Та аймаг удирдаж явсан хүний хувьд тэр саналыг хэрхэн харж байна вэ?

-Тэр ажлын хэсгийнхний л санал юм билээ. Хүмүүс янз бүрээр л харж байгаа. Жишээ нь, Засаг даргаа сумын иргэд өөрсдөө сонгодог байя л гэсэн хүмүүс ч байна. Иргэдээсээ сумын даргаа сонгодог байж болно шүү дээ. Сумын даргаа өөрсдөө сонгодог, хэрвээ хууль зөрчвөл аймгийн Засаг дарга шууд огцруулдаг байг л дээ. Хамгийн гол нь түүнийгээ Үндсэн хуульд концепцоор нь оруулж өгөх хэрэгтэй. Миний бодлоор суманд хэрэггүй юм бол сумын ИТХ. Сумын ИТХ-д ямар ч үүрэг байдаггүй. ИТХ-д орох гэж гол усаараа, төрөл саднаараа дайн дажин болж сонгуульдаж, талцаж, хэрэлдэж, улстөрждөг. Нэг баг дээр нэг намаас таван хүн, нөгөө намаас таван хүн өрсөлдөнө. Түүнээс болоод төрөл садангууд улстөржиж нэг нэгнээ үзэхээ больдог юм. Гэтэл сумын ИТХ төсөв л баталдаг. Тэртэй тэргүй аймгаас цалин чинь тэд, урсгал зардал чинь тэд гээд тодорхой хэдэн тоо очно. Угаасаа төсөвлөгдөөд оччихсон юмыг л “Батлах уу, батлая” гээд болоо шүү дээ. Суманд өөр юу ч хэлэлцдэггүй. Сүүлд Сум хөгжүүлэх сан гээд нэг юм гараад ирсэн. Түүнийгээ бол иргэний танхимаараа иргэдээсээ асуугаад хийж болно. Эсвэл сумын Засаг дарга шууд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх юмандаа зарцуулаад явна биз. Түүн дээр тэртэй, тэргүй хөндлөнгийн хяналт зөндөө бий шүү дээ. Аймгийн Засаг даргыг бол ИТХ-аас нь сонгоод явдаг одооны тогтолцоо нь байж болно. Бас Ерөнхий сайд аймгийн ИТХ-тай нь зөвшилцөх маягаар томилж болох юм гэж яваад байгаа. Гэхдээ одоогийн хэлэлцүүлгийн үр дүнд л гарч ирэх байх.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Сонгуулийн суртчилгаатай холбоотой 400 гаруй хэрэг, зөрчлийг шалгаж шийдвэрлэжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг хамгаалах, сонгуулийн санал авах байруудыг хамгаалалтад авах, сонгуулийн сурталчилгаатай холбоотой зөрчлүүдийн талаарх гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Тодруулбал Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш 406 хэрэг, зөрчил, маргааныг шалгаж шийдвэрлэн ажиллажээ. Үүний 279 нь нийслэлд, 127 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Тэдгээрээс 64.5 хувь буюу 262-ийг нь шийдвэрлэсэн, 78-ыг шүүхэд шижлүүлж, үлдсэн 144 гомдлыг хуулийн хугацаанд шалган шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж.

Түүнчлэн нийслэлд байрлах 403 сонгуулийн санал авах хэсгийн хороодын байрны аюулгүй байдал, хамгаалалтад 1002 алба хаагчаас хоногт 501 алба хаагч, орон нутагт байрлах 1580 санал авах байрны хамгаалалтад 1801 алба хаагч, нийт 1983 санал авах байрны хамгаалалтад 2803 алба хаагч тасралтгүй үүрэг гүйцэтгэн ажиллаж буй юм байна.

Categories
мэдээ нийгэм

Томоохон худалдааны төв, захууд амарч байна

Томоохон худалдааны төв, захууд амарч байна зурган илэрцүүд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль өнөөдөр болж байна. Энэ өдөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй.

Тодруулбал, иргэдийг сонгуульд оролцон саналаа өгөх боломжоор хангах зорилгоор зургаадугаар сарын 26-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульчилсан байдаг. Энэ өдөр онцгой шаардлагаар ажиллах байгууллагууд ажилтнуудаа санал өгөх боломжоор хангах үүрэгтэй. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд, томоохон худалдааны төвүүд ажиллахгүй юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Дархан мэргэний хүү Дархан мэргэн ХҮДЭРЧУЛУУНЫХ

Наадмын сонин сайхан яриа хөөрөө өрнөсөн энэ өдрүүдэд дархан мэргэн Цэвээний Хүдэрчулууныд өнжлөө. Дархан мэргэнийх арвангуравдугаар хороололд хоёр өрөө сууцанд амьдардаг юм байна. Наадмын бэлтгэл ид дундаа байгаа учраас үдэш оройхон цаг тохирч очсон юм. Биднийг очиход гэрийн эзэн доод давхартаа байрлах урландаа ажиллаж байв. Подвольд байрлах урлан руугаа гэрээсээ шууд орох шат хийжээ. Хүдэрчулуун мэргэн энд зав чөлөөгөөрөө нум сум урладаг аж. Багийнхаа гишүүдийн нум сумыг засч сэлбэхээс эхлээд багагүй ажилтай суудаг нь илт. Хусны үйс, янгирын эвэр, мод гээд нум сум урлахад хэрэгтэй бүх л зүйл энд байна. Гэрийн эзэн урландаа байх хуучны модон харуулыг “Миний өвөөгөөс үлдсэн үнэ цэнэтэй эд дээ” гэж сонирхуулав. “Ах нь дорнодын Баян-Уулын хүн. Аюушийн Цэвээн гэж хүний дунд хүү нь байгаа юм. Миний өвөө гарын уртай, жирийн л нэг малчин хүн байсан. Бид чинь хамниган буриадууд” гээд өвөөгийнхөө харуулыг цааш тавив.

Ааваас нь өвлөж ирсэн нум сум хийдэг багажнууд ч бий гэнэ. Хүдэрчулуун мэргэний аав дархан мэргэн а.Цэвээн гуайг монголчууд андахгүй. Ерэн насандаа харваачдаас анхлан хөдөлмөрийн баатар цол хүртэж байсан буурал юм. “аав минь хөдөлмөрийн баатар цол хүртсэн жилээ бурхандаа явсан даа. Миний аав 1924 онд төрсөн хүн. 1944 онд цэрэгт татагдсан гэдэг. Тамсагийн зургадугаар морьт дивизийн холбоо суманд холбоочноор ажиллаж байсан юм билээ.

1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин. Дайны агаарын цөөхөн мэдээчний нэг нь миний аав байгаа юм аа. Тамсагийн дивизийн хоёр холбоочны нэг байсан” хэмээн хуучлав. Цэвээн мэргэн цэргээс халагдсаныхаа дараа Баян-Уул сумандаа Эрээний тэрэгний үйлдвэрт ажиллаж эхэлжээ. 1955 онд эгчийгээ эмчлүүлэх гэж нийслэлд ирээд хотод суурьшсан юм байна. Нутагтаа буриад харваанд дажгүй байж. Автобусны жолооч байх үедээ найзынхаа урилгаар сурын талбайд анх очиж харважээ. Гэрийн эзэн “Аав 1972 оны таван сарын 1-нд харваж эхэлсэн. Их суранд хүчтэй орж ирж байсан гэж тэр үеийн харваач, зураач Нацагдорж гуай хачин тод дурсдаг юм. Аав эхний дөрвөн сумаа харвахдаа гурвыг нь оносон юм билээ. 48 насандаа суранд орж, 49-тэйдөө улсын наадамд түрүүлсэн хүн дээ. 53 настайдаа хоёр дахь, 60 настайдаа гурав дахь, 64 насандаа дөрөв дэх удаагаа түрүүлсэн амжилттай” гэж аавынхаа тухай яриагаа үргэлжлүүлэв. Улсын наадамд дөрөв түрүүлсэн таван харваачийн хоёр нь аав, хүү хоёр юм байна. Эднийхэн удмаараа харвадаг аж. Улсын наадмын 22 түрүүг зөвхөн эдний удмынхан авчээ. Удмаас нь гурван жил дарааллаад наадмын түрүү авсан тохиолдол ч бий гэнэ. Авга ах Рэнцэндорж нь 1986 онд улсын наадамд түрүүлжээ. Дараа жил нь Хүдэрчулуун мэргэн түрүү авсан бол 1988 онд Цэвээн мэргэн түрүүлсэн аж.

Ер нь Дорнодын Баян-Уул харваач олонтой сум юм байна. Харвааны төрлөөр хоёр хөдөлмөрийн баатартай гэнэ. Нэг нь гэрийн эзний аав. Нөгөө нь параолимпийн аварга Баатаржав. Дорнодын Баян-Уулаас 17 улсын мэргэн төрсөн гэсэн сонирхолтой мэдээг эднийд ирээд дуулав. “Даваажаргал, аав бид гурвын түрүү гэхэд л 13 шүү дээ” гэж Хүдэрчулуун мэргэн сонирхуулав. Оросын буриад харваачид мундаг гэж гэрийн эзэн ярилаа. Хойд хөршийн шигшээ багийн гурван хүний хоёр нь Агийн буриад гэнэ. “Ойн иргэдийн удам угсаа болоод тэр байх цэц сайтай шүү. Хөвчийн харваачид талын харваачдаас илүү ур чадвар, цэцтэй байж ан амьтан агнадаг байсан. Энэ мэт нарийн шалтгаанууд байх шиг байгаа юм” гэж хуучлав.

Нум хийхэд хамгийн их хугацаа ордог зүйл нь шөрмөс хатаах гэж гэрийн эзэн ярив. Зургаан сараас жилийн дотор бүрэн хатдаг аж. Хүдэрчулуун мэргэн урлангаасаа гарах зуураа “Монгол нум бусад улс орнуудын эвэр нумнаас янгирын эвэр, үхрийн шөрмөс ордгоороо ялгардаг” хэмээн ярилаа.

Ээжийнхээ авдарыг хоймортоо хүндэтгэн байрлуулжээ. Гэрийн эзэн “Аавын минь урласан авдар. Ах дүү нар булаацалдахгүй л байна. Булаацалдвал өгчихнө дөө” гэж хэлээд хөгжилтэй инээлээ. Цэвээн мэргэн нум сумнаас гадна тооно хийдэг байж. Тооныг төмөрлөж хийдэг байсан учраас аль тавиад онд хийсэн тооно нь айлуудад байдаг гэнэ.

Идээ будаа зассан ширээний ард бидний яриа үргэлжлэв. Цэвээн мэргэн хар багадаа ээжийнхээ эгчид үрчлэгджээ. Аав, ээж нь хэлмэгдлийн он жилүүдэд нутгаасаа дүрвэж гарахдаа хамгийн бага хүүхдээ Монголдоо үлдээгээд явсан аж. Ингээд Цэвээн хүү Ононы урд эрэгт, аав, ээж нь Онон голын хойд эрэгт амьдрах болж. Цэвээн мэргэний төрсөн аав нь бурханч лам байжээ. Хойшоо дүрвэж гарсан даруйдаа цөллөгт явж юм юм л үзэж. Гэрийн эзэн “Аав минь ээжтэйгээ ганцхан удаа уулзсан юм билээ. Тооно хийж олсон мөнгөөрөө гурван дугуйт худалдаж аваад 1956 онд нутагтаа очиж л дээ. Ээжийгээ сураглая гээд Ононы эрэгт очтол ходоог тэрэгтэй хоёр хөгшин явж байж. Дуудтал сонсоогүй өнгөрөөд явж. Гэтэл цагаан морьтой орос өнөө хоёр хөгшнийг дуудаж өгч тусалсан гэдэг юм. Хоёр хөгшний нэг нь голын цаанаас “Чи хэний хэн бэ” гэж чангаар асуухад аав овог нэрээ хэлж. Гэтэл голын цаана байсан хоёр хүний нэг нь аавын минь төрсөн ээж байж таарсан. Их сонин хувь ерөөл шүү. Ингэж нэг ээжтэйгээ уулзсан юм билээ. Хожим уулзах гээд очиход ээж нь өөд болсон байсан” хэмээлээ.

Эднийх дөрвөн хүүтэй юм байна. Том хүү Хүрэлчулуун нь ХААН банкинд IT инженерээр ажилладаг бол хоёр дахь хүү Эрдэнэчулуун нь ШУТИС-д сурдаг юм байна. Гурав дахь хүү Хүчитчулуун нь байт сураар хичээллэдэг аж. Харваач хүү “Байт харваа үндэсний харваанаас техник ихтэй. Би долоо хоногийн таван өдөр бэлтгэл хийж байгаа. Өдөрт дор хаяж гурван цаг бэлтгэл хийдэг. Монголынхоо нэрийг дэлхийд гаргана гэж боддог” гэлээ. Гэрийн эзэн “Миний хүү үндэсний сураар харвах дуртай. Олон улсад амжилт гаргавал зүгээр гэж бодоод байтаар хичээллүүлж байна. Бага маань гурван настай. Бас л харвах дуртай. Бид хоёр чинь гэртээ харваж өгнө шүү дээ. Ээжтэйгээ өнөөдөр амралтанд явчихлаа” гэж хэлээд инээмсэглэв. Гэрийн эзэгтэй Г.Нармандах Сүхбаатар аймгийн хүн юм байна.

Хүдэрчулуун мэргэн “Сурын спортоор хичээллэсэн хүүхэд маш сайхан төлөвшдөг. Дэгдэгнэсэн хүүхдүүд дороо аятайхан болоод ирдэг. Уламжлалаараа байгаа спорт учраас төлөвшихөөс аргагүй л дээ. Наад зах нь ахмадынхаа урдуур гүйхгүй гэх мэт дэг жаяг ихтэй. Сурын спортоор хичээллэсэн хүүхэд тамхи, архинаас хол хүмүүждэг сайн талтай. Нэг удаа архи уувал сарын дараа л харвах хэмжээний болох учраас архийг цээрлэдэг” хэмээн сонирхуулав.

Гэрийн эзэн хамниган буриадуудтай холбоотой сонин сайхан хууч их дэлгэх юм. Хүүгийнхээ бэлдэж өгсөн цайг оочлонгоо “Манай хамниган буриадууд чинь буриадууд шиг ярихгүй, эртний хэллэгээр ярьдаг. Монголын нууц товчоон дээр байгаа хэллэгүүдийг хамниган буриадуудаас сонсох боломжтой. Нууц товчоог бичилцэхэд хамниган буриад хүн оролцсон байж магадгүй гэж ярьдаг. Өүлэн эх өвсөн өмбүүлд амьдраад, Онон мөрнийг өгсч уруудаад олирс мойлыг түүж…. гэж Нууц товчоонд гардаг шүү дээ. Буриад, халхын аль нь ч олирс гэж ярьдаггүй. Олирс гэдэг бол аньс. Хамниган хэллэг нь юм л даа. Ээж маань ч бас хамниган буриад. Хамниган буриадууд эртнээсээ Онон мөрний дагуу амьдарч ирсэн улс” гэж хуучлав.

Том өрөөнийхөө хананд Цэвээн мэргэний харваж байгаа зургийг жаазлан өлгөжээ. Гэрийн эзний Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос гавьяат цол авч байгаа зураг ч зочны өрөөнийх нь хананд харагдана. Хүдэрчулуун мэргэн “Гавьяат авахаа дуулаад эхэндээ итгээгүй шүү. Зээ дүүгээ ярихад нь үнэмшээгүй. Тийм амархан юм гэж хаана байсан юм гээд утсаа тавьчихлаа. Дараа нь Сурын холбооны нарийн бичиг ярилаа. Бас л итгэж өгсөнгүй. Жар гараад л гавьяат авч магадгүй гэсэн бодолтой явсан хүн чинь юу гэж тийм амар итгэхэв. Гэтэл Ерөнхийлөгчийн тамгын газраас ярьдаг байгаа. Бэлгэшээлтэй нэг зүйл нь Ерөнхийлөгчийн гарын үсэг зурсан өдөр нь миний төрсөн өдөр болж таарсан. Аав 2003 онд гавьяат болсон юм. Түүнээс хойш сураас гавьяат төрөөгүй явж байгаад би гавьяат болсон. Аавынхаа дараа авах хувьтай байж дээ гэж бэлгэшээдэг” хэмээн ярилаа.

Гэрийн эзэн Өмнөд Монголд 400 метр харваж шагнуулсан өргөмжлөлөө бидэнд сонирхуулсан юм. “Монголын харваачдаас 400 метр харвасан хүн ойрд гараагүй. Одоогоос арван жилийн өмнө Өмнөд Монголд сур бараг хөгжөөгүй байсан. Өнөөдөр бол мундаг хөгжсөн. Хятадын нутагт болж байгаа тэмцээнүүдэд дан өвөр монголчууд түрүүлж байна. Цусанд нь байгаа чанар учраас аргагүй л дээ. Намайг очихоор та сайн харвах учраас тэмцээнд оролцох боломжгүй гэдэг байсан улс чинь одоо болохоор ирж наадаарай гэдэг болсон” гээд хөгжилтэй инээснээ “Өмнөд Монголд очихоор хуучин цагийн хөдөөний айлуудад очсон юм шиг сайхан мэдрэмж төрдөг юм. Ах дүүсээ ирж байгаа юм шиг цайлж дайлна. Гэтэл манайхан тэднийг ирэхэд хужаа гэж хэлээд их гомдоодог. Өмнөд монголчууд ихээхэн халсан үедээ яагаад биднийг хужаа гэдэг юм бэ ахаа гээд уйлдаг. Яг тэр үед нь хэлэх үг олддоггүй. Түүхийн явцад л салсан улс шүү дээ бид чинь. Яах аргагүй тасарсан мах, үсэрсэн цус” гэж хэлээд санаа алдав. Энэ жилийн сур харваанд хэн тэргүүлэх бол гэж сонирхоход гэрийн эзэн “Маш өрсөлдөөнтэй болох учраас тэр энэ гэж хэлэх аргагүй. 500 харваачаас шигшинэ. Хэн нь ч гараад ирж магадгүй. Өвөл хаваргүй бэлтгэлээ хийсэн болохоор бэлтгэл жигд байгаа. Мастерын болзол хангаагүй залуу харваачдаас ч гарч ирэхийг байг гэх газаргүй” гэв. Хүдэрчулуун мэргэнээс эмзэглэж явдаг зүйл байдаг уу гэж асуухад “Зарим сум эрийн гурван наадам хийхээ больж. Морь уралдуулж бөх барилдуулаад наадчихдаг болж. УИХ-ын зарим гишүүний яриаг сонсох нь ээ бөх, моринд дуртай гэж ярих юм. Эвгүй л сонсогдох юм. Соёмбонд гэхэд л хоёр зэв нь байдаг, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг шүү дээ нум сум чинь. Гэхдээ сурыг дэмждэг сайхан улс олон бий. Сурынхан хөдөлмөрийн баатартай болсон. Дархан мэргэн, даяар дуурсагдах мэргэнтэй болгосон. Ерөнхийлөгчийн зарлигаар өгдөг боллоо. Баасанхүү гишүүн сурын зэрэг цол дээр их зүйл хийсэн” гэсэн хариу өглөө.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН