Categories
мэдээ спорт

П.Тэмүүжин ДАШТ-ий эхний ялалтаа авчээ

Таеквондогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа П.Тэмүүжин эхний тулаанаа Ирландын тамирчинтай хийн 23:13-аар илт давуу ялалт байгуулжээ.

БНСУ-ын Мужу хотноо зургадугаар сарын 24-30-нд зохион байгуулж буй эрэгтэйчүүдийн 23 дахь удаагийн, эмэгтэйчүүдийн 16 дахь удаагийн ДАШТ-д 183 орны 1700 гаруй тамирчин оролцож байна. Манай улсаас үндэсний шигшээ багийн таван тамирчин, дасгалжуулагч багш Н.Эрдэнэбаатар, Хур Инёон нарын удирдлага дор хүч, ур чадвараа сорьж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр 17 хос гал голомтоо бадраалаа

Холбоотой ЗурагӨнөөдөр билгийн тооллын гурван буюу Балжиннямтай өдөр 17 хос Гэрлэх ёслолын ордонд гэрлэлтээ баталгаажуулж, гал голомтоо бадраалаа.

Өглөөний 06.30 цагаас эхэлсэн хуримын ёслолд оролцогсдын дийлэнх нь 24-29 насны залуу хосууд байв.

Хуримын ордонд гэрлэх ёслол үйлдэх хосууд хоёр сарын өмнө захиалгаа өгдөг бөгөөд гэрлэлтийн гэрчилгээ шаардлагатай юм байна. Гэрлэх ёслолын ордонд нэг хос хуримлахад ажлын өдөр 759 мянга, амралтын өдөр 803 мянган төгрөгийн үнэтэй зохион байгуулдаг. Энэхүү зардалд үйлчилгээний хөлснөөс гадна бэлэг дурсгал, хуримын ёслолын зураг, бичлэг, ерөөлч, хуурчийн төлбөр, зочдод үйлчлэх сүү цагаан идээ, машины чимэглэл, гэр бүлийн язгуурын талаарх ном зэрэг зүйлс багтдаг аж.

Дашрамд дурдахад, тус ордноор үйлчлүүлэгчдийн тоо жилээс жилд өсч байгаа бөгөөд жилд 1000 орчим хос хуримладаг байна.

Categories
мэдээ нийгэм

Саналаа өгсөн сонгогчдын хуруунд бэхэн тэмдэглэгээ хийж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч буй нийслэлийн сонгогчдод саналаа өгснийг нь баталгаажуулах тусгай зориулалтын бэхэн тэмдэглэгээ хийж байна. Энэхүү тэмдэглэгээг хэрэглэснээр сонгогч дахин санал өгөх зэрэг асуудлаас сэргийлэх боломжтой гэж үздэг. Сонгуулийн ерөнхий хороо энэ асуудлыг судалж, тогтоол гарган, нийслэл дэх нийт 403 хэсгийн санал авах байранд саналаа өгсөн иргэдийн хуруунд бэхэн тэмдэглэгээ хийх шийдвэр гаргасан билээ.

2008 оны сонгуулиас хойш буюу Монгол Улс сонгуулийн автоматжуулсан систем хэрэглэж эхэлснээс хойш бэхэн тэмдэглэгээг сонгуульд ашиглахаа болиод байсан. Тэгвэл энэ удаагийн сонгуулиар сонгогчдын хуруунд тусгай тэмдэглэгээ хийж байгаагаараа онцлогтой юм.

Categories
мэдээ нийгэм

Завьт эргүүл гурван настай хүүхдийг голд урсаж байхад нь аварлаа

Нийслэлийн Онцгой байдлын газраас голын усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул гол дагуу завьт эргүүл ажиллуулж байна.

Нийслэлийн аврах анги 105-ийн завьт эргүүлийн бүрэлдэхүүн 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрхийн 20 дугаар хороонд Туул гол дагуу аялагчдад аюулгүй байдлаа хангах талаар сэрэмжлүүлж байхад 3 настай хүүхэд усанд хөл алдаж урсаж байсныг шуурхай ажиллаж уснаас аварч эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн байна.

Тухайн үед эцэг эх нь голын эрэг дээр байсан ч хүүхдээ хараа хяналтгүй орхисны улмаас ийнхүү голын усанд осолдох гэж байжээ.

Нийт эцэг эхчүүдэд бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хараа хяналттай байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Зөөврийн санал хураалтын ирц 94 хувьтай байна

Сонгуулийн санал авах байран дээр очиж саналаа өгөх боломжгүй өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, хүнд өвчтэй иргэдээс зөөврийн хайрцгаар байгаа газарт нь очиж саналыг нь авдаг. Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлж байгаагаар “Өчигдөр 09.00-20.00 цагийн хооронд зөөврийн хайрцгаар санал авсан. Урьдчилсан байдлаар зөөврийн санал хураалтын дүн 94 хувьтай байна” гэлээ. Өмнөх 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар зөөврийн санал хураалтад 24 мянган хүн бүртгэгджээ. Үүнээс 22 мянган хүн санал хураалтад оролцсон байна. Энэ удаагийн сонгуулиар зөөврийн санал хураалт ахицтай байгааг СЕХ-ноос онцолж байлаа.


Categories
мэдээ нийгэм

Хар тамхи хэрэглэхийн эсрэг өдөр тохиож байна

Өнөөдөр хар тамхи хэрэглэх, худалдаалахыг хориглосон өдөр тохиож байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд “Мансуурах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодсыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх борлуулах гэсэн зүйл заалтын дагуу энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд 15 жил хүртэл хорих ялаар шийтгэнэ” гэж заажээ. Урд хөршид энэ төрлийн гэмт хэрэгт ногдуулах шийтгэл хариуцлага онцгой чанга байдаг. 50 граммаас дээш хэмжээгээр хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг тус улсын хилээр ашиг олох зорилгоор нэвтрүүлсэн бол цаазаар авах хүртэл ял ногдуулдаг.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат саналаа өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж морин цагт Орос гуравдугаар сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд очиж саналаа өгсөн. Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 13.00 цагт ‘Шинэ Монгол’ дунд сургуулийн урд Номноо хотхонд байрлах сонгуулийн хэсгийн хороонд саналаа өглөө.

Тэрээр саналаа өгснийхөө дараа “Монголд орныхоо өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа элэг нэгт монгол түмэндээ энэ өдрийн амгаланг айлтгая. Өнөөдөр Монгол улсад маань Ерөнхийлөгчийн долоо дахь сонгуульж болж, бид тав дахь Ерөнхийлөгчөө сонгоно.

Тусгаар тогтносон бүрэн эрхт улсын иргэн гэдгээрээ бид бахархаж, төрийн тэргүүнээ сонгох өдөр. Тусгаар улсын иргэн гэдгээрээ бахархах өдөр учраас Монголын ард түмэн маань бүгд саналаа өгч, төрийн тэргүүнээ сонгох эрхээ эдлээсэй. Төр минь түвшин, түмэн олон минь амгалан байх болтугай” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хууль зөрчсөн сонгогчид ямар хариуцлага хүлээлгэх вэ?

Шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуульд орсон онцлог зохицуулалтуудын нэг нь сонгогчид хариуцлага хүлээлгэх үндэслэлийг тодорхойлсон явдал юм. Хуулиар дор дурьдсан үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.

Үүнд:

  • Тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх,
  • Өөр хүний бичиг баримт, эсхүл хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох;
  • Тухайн санал авах байрнаас олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах,
  • Санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарах;
  • Саналын хуудаст тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг үйлдэл хийх;
  • Саналын хуудаст хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах;
  • Аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах.

Дээр дурьдсаныг зөрчсөн иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 14 хоногийн хугацаагаар баривчлах захиргааны шийтгэл ногдуулахаар хуульчилжээ.

Categories
мэдээ улс-төр

С.Эрдэнэ: Эрх баригчид цагдаагийн байгууллагаар дээрэм хийлгэж байна

700049ffa3ef28d5fffc8bed9253cbb6.jpeg

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналаа нийслэлийн Баянгол дүүргийн 1595 дугаар хэсгийн хороонд очиж өгөв. Энэ үеэр тэрбээр сонгуультай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнөөдөр Монгол түмэн Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Миний саналаа өгсөн 1595 дугаар хэсгийн хороонд одоогийн байдлаар 30 орчим хувийн ирцтэй байна. Энэ нь сонгуулийн ирц нэлээн сайн байна гэж хэлж болохоор байгаа юм. Ер нь сонгуультай холбоотойгоор маш олон будлиан, маргаан гарч байна. Ардчилсан намын хувьд сонгуулийн сурталчилгааны бэлтгэл хангах хүрээнд ухуулагчид болоод бусад ажилтнуудын хоол унааны зардалд олгох мөнгийг цагдаагийн байгууллага замд нь саатуулсанбайгаа. Улмаар цагдаагийн байгууллагаас хууль бусаар мэдэгдэл хийж, улстөржсөн увайгүй үйлдэл гаргалаа. Энэ бол монголын улстөрийн түүхэнд байхгүй сонин үйл явдал боллоо. Өөрөөр хэлбэл, Нэг нам нь нөгөө намынхаа санхүүжилтийг эрх барьж буйгаа ашиглаж, цагдаагийн байгууллагаар шууд дээрэм хийлгэж байна. Цагдаагийн байгууллага эрх, үүргээ мэдэхгүй байна. Эсвэл өнөөгийн цагдаагийн байгууллага ингэтэлээ улс төржчиж байна.

Эрх баригчид энэ удаагийн Ерөхийлөгчийн сонгуульд төрийн байгууллагуудыг эрээ цээргүй ашиглаж байгаа та бүхэн харж байгаа байх. Тухайлбал, Дөнгөж сая цахим орчинд фэйсбүүк, твиттерт дээр цэргийн ангийн удирдлагууд нь санал өгч байгаа байлдагчидад тушаал өгч, шууд санал өгөх хүний нэрийг нь хуруугаараа заагаад, санал өгүүлж байгаа баримт дэлгэгдлээ. Мөн зарим санал авах хэсгийн хороод дээр илт олохи гэдгээрээ түрүү барьж, Ардчилсан намын ажиглагчдыг хөөх, үг хэлээр доромжох, сонгогчдод санал өгөхөд нь нөлөөлөх буюу хөндлөнгөөс оролцох гэх мэтээр маш олон хууль бус үйлдэл гаргаж байна. Бид аль болох хүлээцтэй байж, асуудлыг эв зүйгээр шийдэх зэргээр сонгуулийн үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж байгаа.

Ер нь энэ удаагийн сонгуульд улс төрийн гурван нам оролцож байгаа. Гэхдээ сонгуульд хамгийн их мөнгө зарцуулж байгаа нам бол өнөөгийн эрх баригчид. Манай намын хураагдаад байгаа мөнгө бол баруун таван аймагт ажиллаж байгаа нийт хүмүүст хуваагаад үзэхээр нэг хүнд 70-100 мянган төгрөг ногдож байгаа.Үүнээс үзэхэд Ардчилсан нам сонгуульд хэдэн төгрөг зарцуулж байгааг харж болох биз. Гэтэл Ардчилсан намын сонгуулийн зардлын мөнгөөр эь ч гэсэн ийнхүү улстөржиж, шоудаж байгаад бид харамсаж байна. Бүр манай намын ухуулах, сурталчилгааны байранд цагдаагийн алба хаагчид дайран орж, нэгжлэг хийх, сүрдүүлэх, дарамтлах гээд олон увайгүй үйлдэл гаргаж байгаа. Яахав бид энэ бүгдэд нь тэвчээртэй хандаж байгаа. Учир нь ямар нэгэн үймээн самуун гарахаас сэргийлээд тэвчээртэй байгаа юм. Ямар ч байсан сонгуулийнхаа үйл ажилагааг тайван тогтвортой байдлаар явуулаад дуусгах л эрмэлзэлтэй ажиллаж байна” гэлээ. Дашрамд дуулгахад, Ардчилсан намын зүгээс өнөөдөр үдээс хойш сонгуулийн үеэр гарч байгаа зөрчлийн талаар тодорхой баримт дэлгэх хэвлэлийн бага хурал хийх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хан-Уул дүүргийн дөрвөн хэсэг газарт тог тасарсан гомдол иржээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт ид явагдаж байна. Орон даяар санал хураалтын ирцийн мэдээлэл 21 хувьтай байгааг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэв. Энэ өдөр СЕХ-д автоматжуулсан системийн тухай, тог тасарсан гомдол их иржээ. Хан-Уул дүүргийн дөрвөн хэсэг газарт шугам тасарч, цахилгааны доголдол гарсан байна. Холбогдох газраас яаралтай арга хэмжээ авч, нэмэлтэх үүсвэргийг хангажээ.