Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр согтууруулах ундаагаар үйлчлэхгүй

Image result for Өнөөдөр согтууруулах ундаагаар үйлчлэхгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргасан.

Захирамжаар Монгол Улсын Ерөнхийлөгчийнсонгуулийн санал авах болон техникийн тооллого хийх өдөр буюу зургадугаар сарын 26-ны 00.00 цагаас зургадугаар сарын 28-ны 00.00 цаг хүртэл Д.Сүхбаатарын талбай дээр нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байх, соёл урлаг, спорт, үзвэр үйлчилгээ зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байх, нийслэлийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоохыг үүрэг болгожээ.

Б.УРАН

Categories
мэдээ улс-төр

С.Ганбаатарт холбогдох асуудлыг цагдаагийн байгууллага руу дахин буцаалаа

МАХН-наас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Ганбаатар тавдугаар сарын 23-ны өдөр гадаадын иргэнээс хандив аввсан талаар цагдаагийн байгууллага тогтоосон. Харин Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны зургадугаар сарын 27-ны өдрийн 19 дүгээр захирамжаар С.Ганбаатарт холбогдох Сонгуулийн тухай хууль зөрчсөн зөрчлийн хэргийг дутуу шалгасан гэж үзжээ. Улмаар шүүгчийн захирамжид дурьдсан асуудлуудыг нэмж шалгуулахаар даалгавар өгч Цагдаагийн байгууллагад дахин буцаан шийдвэрлэсэн байна. Дээрх шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй аж.

Categories
мэдээ нийгэм

“Насны хишиг”-ын материалыг 30-ныг хүртэл хүлээн авна

Засгийн газраас 65-аас дээш настай ахмадуудад жилд хоёр удаа “Насны хишиг” олгохоор тогтоосон.

Үүний дагуу цагаан сарын баярын өмнө дээрх иргэдэд “Насны хишиг” олгосон бөгөөд хоёр дахь олголтыг наадмын өмнө байхаар шийдвэрлэсэн. Энэ удаагийн “Насны хишиг”-ийг долдугаар сарын 11-ныг хүртэл олгох бөгөөд хамрагдахыг хүссэн иргэдийн материалыг зургаадугаар сарын 30-ны дотор хүлээн авахаар болжээ. Ингэхдээ өмнө нь бүртгүүлж мөнгө авч байсан иргэд ахин материал бүрдүүлж өгөх шаардлагагүй аж.

“Энэ удаагийн олголтод 2017 оны долдугаар сарын 11-ны өдрийн байдлаар 65 нас хүрсэн иргэд хамрагдана. Анх удаа хамрагдах иргэд заасан хугацаанд багтан материалаа бүрдүүлж өгөөгүй тохиолдолд нөхөж олгохгүй бөгөөд, дараа жилийн олголт хүртэл өнжих” тухай Нийслэлийн нийгмийн халамжийн газрын ахмад настны асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Оюунбилэг хэллээ.

“Насны хишиг”-т хамрагдахыг хүсэгчид олгох журмын хавсралтаар баталсан тусгай өргөдөлийн маягтыг харьяа дүүрэг, хорооныхоо нийгмийн, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээс авч бөглөнө. Ингэхдээ заавал иргэний үнэмлэхтэй очих юм байна.

Тогтоолын дагуу: 65-69 настай иргэд 50 мянга

70-79 настай иргэд 80 мянга

80-89 настай иргэд 150 мянга

90 ба түүнээс дээш настай иргэд 250 мянган төгрөгийн хишиг хүртэх юм.

Categories
мэдээ цаг-үе

Эрдэнэтийн асуудал сонгуулийн шоу болж, Шүүхийнхэн эрх баригчдын гар хөл болсныг харуулж байна

“Өдрийн сонин”-ы 2017.06.20-ны Мягмар гаригийн №138 (5705) дугаараас авч нийтлэв.

Эрдэнэтийн 49 хувийг төрд авах шийдвэрийг УИХ өнгөрсөн өвөл гаргасан. Бөөн сүр дуулиан боллоо. Ард түмнээс 49 хувийг хулгайлсан гэж тэднийг буруутгаад 65-уулаа хүний олноор кноп дарж батлаад төрд авснаа зарласан. Ингэж төрд авахын өмнө ч хойно ч зөндөө үйл явдал өрнөсөн л дөө. За тэгээд УИХ-ын энэ шийдвэрийн дараа “Монголын зэс” ХХК-ийнхан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн шүүх энэ сарын найманд Эрдэнэтийн 49 хувийн эзэмшигчдийн нэхэмжлэлтэй хэргийг авч хэлэлцлээ. Яг сонгуулийн сурталчилгаа эхлээд хоёрхон хонож байхад шүү. “Монголын зэс” ХХК-ийн нэхэмжлэлтэй гомдлын дагуу Захиргааны хэргийн шүүх шийдвэрээ гаргажээ. Энэхүү шийдвэр нь Эрдэнэтийн 49 хувийг улсын өмчлөлд авсан холбогдох шийдвэрүүдийг хүчингүй болгосон байх юм. Нэг ёсондоо 49 хувийг төрд авч, зуун хувь төрийн өмч болгосон нь буруу гэж шүүх үзсэн хэрэг л дээ. Сонгуулийн үеэр гэнэт ийм шийдвэр шүүх гаргасан нь Эрдэнэтийг улс төрийн тоглоом, сонгуулийн шоу болгож, Шүүх улс төрөөс хараат байгааг батлаад өгөх шиг харагдлаа. Хэрэв Шүүх яаран ийм шийдвэр гаргаагүй бол, цаг үе нь сонгуулийн дараа гарсан бол улс төрийн шоу гэж харахгүй байлаа. Одоо чухам яагаад улс төрийн шоу гэж үзэх болов гэдгээ тодруулъя. Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшээд байгаа Х.Баттулгын жолооч байсан гэж МАН-ынхны хэлээд байгаа Д.Эрдэнэбилэг Худалдаа хөгжлийн банкны эзэн. Тэгээд өнөөх 49 хувийг Х.Баттулга өөрийн жолооч байсан гэх одоо босс болсон Д.Эрдэнэбилэгтэйгээ хуйвалдаад авчихсан мэтээр ойлгуулаад эхэллээ. Эхэндээ “Ардчилсан намынхан хулгайгаар Эрдэнэтийн 49 хувийг авлаа. Бид ард түмэндээ авчирлаа” гэж эрх баригчид нийтэд ойлгуулсан. Гэтэл сонгуулийн үеэр 49 хувийг төрд авсан нь буруу гэсэн шийдвэр шүүхээр гаргуулчихлаа. Энэ юуг хэлж байна гэхээр Эрдэнэтийн 49 хувийг эрх баригчид төрд авахыг анхнаасаа хүсээгүй. Төрд авсан гэж шийдсэн нь ард түмэнд таалагдах гэсэн арга заль байсан бөгөөд одоо буцаагаад хүчингүй болгох нь ч бас л сонгуульд зориулж. АН-ынхан Эрдэнэтийн 49 хувийг луйвардаад авчихсан гэсэн ойлголт төрүүлээд л УИХ дээрээ баталсан нь эхний алхам. Дараагийн алхам нь Шүүхээр буцаагаад цуцлахаар төлөвлөсөн байж. Гэхдээ бидний та нарт авчирсан хувийг Шүүх л ингээд шийдлээ. АН луйвардсан 49 хувиа буцаагаад авчихлаа гэж нийтэд ойлгуулах нь чухал байж. Эцэст нь Нөгөө Х.Баттулга чинь Эрдэнэтийн 49 хувьтайгаа үлдэх нь байна шүү. Яагаад гэвэл Д.Эрдэнэбилэгтэй бизнес хамтрагч, дарга, жолооч хоёр явсан гэсэн ойлголт өгч байгаа биз дээ. Нэг үгээр хэлбэл МАН Эрдэнэтийн 49 хувийг сонгуулийн гол хөзрөө болгож, улс төрийн тоглоом тоглож, эцсийн том хожлыг өөрсдөдөө авчрахаар зорьж.

Ингэж л Шүүх 49 хувийн талд энэ удаа шийдвэр гаргаж байна. Энэ нь хоёр давхар хожоо харсан, сонгуульд зориулсан шийдвэр болж. Шүүхийн шийдвэрийг шүүхээс өөр хэн ч цуцлахгүй. Ингээд бандан тас. Одоо МАН-ынхан тэр дундаа Улс төр бизнесийн нөгөө том бүлэглэл гээч нь “Шүүх л ингээд шийдчихлээ. Шүүхийн шийдвэрийг бид яах ч билээ” гэж ард түмний гайхсан бүх асуултад мад тавина.

МАН-ын пиарчдын хэлж байгаагаар Эрдэнэтийн 49 хувь Х.Баттулгад хамаатай болоод явчихлаа. Угтаа бол Эрдэнэтийг төрд авах шийдвэр нь ч, 49 хувийг төрд авсныг хүчингүй болгож байгаа нь ч Х.Баттулгад биш МАН-д илүү хамаатай, илүү ашигтай.

Үнэн хэрэгтээ Д.Эрдэнэбилэг гэдэг нөхөр Баттулгын жолооч байсан удаагүй аж. 1990-ээд онд хамтарч наймаанд явсан нь үнэн юм билээ. Гэхдээ бас хамт бизнес хийсэн гэхэд бэрх. Анх Х.Баттулга Сингапур луу зургийн аппарат, камер авчирч наймаа хийдэг байсан талаар бид зөндөө сонсч байсан. Тэр үед Сингапур луу арав гаруй хүн баг болж наймаанд явахад сахал Д.Эрдэнэбилэг тэргүүтэн арваад хүн тэнд багтаж явдаг байсан аж. Энэ үеэс биесээ таньж мэддэг байж.Гэхдээ хамтрагчид байсангүй. Харин одоогийн МАН-ын удирдлага “Улаанбаатар” санг Улаанбаатар банк болгосныг бүгд мэдэж байгаа шүү дээ. Гэтэл тэр Улаанбаатар банкны 99 хувийг өнөөх Д.Эрдэнэбилэг эзэмшдэг. Худалдаа хөгжлийн банкинд ч МАН-ынхны оролцоо ямар байдгийг эрхбиш мэдэх хүмүүс нь мэднэ. Гол хувьцаа эзэмшигч нь Д.Эрдэнэбилэг. Тэгэхээр Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банк худалдаж авсан гэхээр хэнтэй илүү хамаатай болох вэ. Бүүр цаашилбал Эрдэнэт үйлдвэрийн захирлаар Т.Бадамжунай яригдаад бараг томилогдонгоо алдаад олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулсан шүү дээ. Одоо МАН-д юу болж байна гээч. Эрдэнэтийн 49 хувийг өдөр шөнөгүй эсэргүүцсэн Ц.Нямдоржийгоо УИХ-ын тогтоолоор молигодоод “Ингэж Эрдэнэтийн 49 хувийг төр авсан нь чиний оноо болно. Тэгээд чи дараа нь УИХ-ын даргыг Ерөнхийлөгч болохоор суудалд нь суугаарай” гэж хэлчихээд шүүхээр эсрэг шийдвэр гаргуулчихаад сууж байна. Үүнд нь Ц.Нямдорж ихэд уурласан гэсэн шүү.

2000 оноос хойш Д.Эрдэнэбилэг нь МАН-ын томчуудтай нийлж, бизнес нь томроод явчихсан. Сахал Д.Эрдэнэбилэг тэгэхээр Х.Баттулгатай хамт наймаанд явсан л болохоос хүргэн нь биш. Харин ч Д.Эрдэнэбилэг гэдэг хүн МАН-ын даргын баруун гар, намынхаа гол хүний нэг, хамаг сайн, муу ажлыг зохицуулдаг гэх Т.Бадамжунайн хамаатан тэр тусмаа хүргэн нь биз дээ. Тэгэхээр Шүүх шийдвэрээ зориуд хэрэгтэй үед нь аль нэг бүлэглэлийн сонирхолд нийцүүлээд гаргалаа гэж харж байна. Монголын шүүх хэн нэгэн эрх мэдэлтний дохиогоор яваад байна гэдэг эмгэнэлтэй.

Сүүлийн үед МАН-ын пиарчид 60 тэрбумын асуудлыг царцааж анхаарлыг өөр тийш тэр тусмаа Эрдэнэтийн 49 хувь руу хандуулахын тулд ажиллаад эхэллээ. МАН-ын дарга “Эрдэнэтийн 49 хувь төрийн өмч болох ёстой гэсэн УИХ-ын тогтоолыг гаргаж, би баруун гараараа алх цохиж төрийн өмчид авах шийдвэр гаргасан” гэж ирээд твиттер хуудастаа өчигдөрхөн жиргэжээ. Төлөвлөгөө ингээд хэрэгжиж эхэллээ. Гэтэл Захиргааны хэргийн шүүхийн дарга М.Батсуурь гэх шүүгч Худалдаа хөгжлийн банкинд ажиллаж байсан хүн байх жишээтэй. Тэгэхээр Худалдаа хөгжилтэй огт хамаагүй Х.Баттулгад 49 хувь яахаараа хамаатай болдог билээ.

Х.Баттулга Эрдэнэтийн сонгогчидтой уулзахдаа “49 хувиас энэ үйлдвэрийн 6000 ажилтан хувь хүртэх ёстой” гээд хэлчихнэ лээ. Яаж ч бодсон 49 хувьд энэ хүн хамаатай бол ингэж хэлээд суух уу. Гэтэл МАН-ын пиарчид .өрсөлдөгч тал нь Эрдэнэтийнхнийг Х.Баттулгын эсрэг турхираад сууж байх жишээтэй. Энэ бүхний эцэст УИХ-ын өвөл гаргасан шийдвэр, Шүүхийн сонгуулийн үеэр гаргаж байгаа шийдвэр хоёр яалт ч үгүй холбогдож байгаа юм. Хэн нэгэн эрх мэдэлтний, тэр тусмаа эрх баригчдын дохиогоор Шүүх засаглал шийдвэр гаргаад байвал хамгийн том эмгэнэл шүү.

Б.ДОНРОВ

Categories
мэдээ спорт

Уран сайхны гимнастикч С.Энхжин шигшээд шалгарлаа

Казакстаны Астана хотноо Ази тивийн аварга шалгаруулах уран сайхны гимнастикийн тэмцээний эхний өдөр манай тамирчин С.Энхжин шигшээ тэмцээнд шалгарлаа хэмээн өчигдөр Монголын гимнастикийн холбоо мэдээлэв.

Энэ удаагийн насанд хүрэгчдийн ес дэх, залуучуудын 15 дахь удаагийн тивийн АШТ-д БНХАУ, Япон, БНСУ, Казакстан, БНАСАУ, Узбекстан, Киргизстан, Сингапур, Малайз, Филиппин, Тайланд, Монгол зэрэг 14 орны 150 гаруй гимнастикчид ур чадвараа сорьж байна. Манай улсаас Х.Ундрам, С.Энхжин, Э.Энхдалай, Г.Энх-Үжин нарын дөрвөн тамирчин дасгалжуулагч Б.Болормаагийн удирдлага дор ур чадвараа сорин өрсөлдөж байна.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн иргэдийн бүлэг жишиг гудамж бий болгов

Баянзүрх дүүргийн иргэд өөрсдийн санаачлагаар дүүрэгтэйгээ хамтран амьдарч буй гудамж талбайгаа засч тохижуулах ажлыг эхлүүлсэн билээ. Мөн бусдынхаа ая тухтай орчинд амьдрах нөхцөл бололцоог хангаж амралтын болон хүүхдийн тоглоомын талбайнуудыг ч байгуулах ажил үргэлжилж байна.

Тус дүүргийн 22 дугаар хороо буюу Алтан-Өлгийд дахин нэг жишиг гудамж нэмэгдлээ. Хорооны иргэдийн санаачлагаар “Өгөөж” иргэдийн бүлэг байгуулагдан Дүүргийн хөгжлийн төвтэй хамтран энхэл доголтой замыг хусч тэгшлэн, явган хүний зам болон гэрэлтүүлэг бүхий жишиг гудамжтай болов.

Дашрамд мэдээлэхэд, 2013 оны долдугаар сард Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн санаачилгаар Дүүргийн хөгжлийн төв байгуулагдсанаар Баянзүрх дүүргийн хэмжээнд иргэдийн бүлэгтэй хамтарсан 80 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлээд байгаа юм байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Л.Гантөмөр: Би яаж ялагдсанаа мэдэж байгаа болохоор яаж ялахаа мэднэ

“Өдрийн сонин”-ы 2017.06.20-ны Мягмар гаригийн №138 (5705) дугаараас авч нийтлэв.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөртэй ярилцлаа.


-Та зургаан сарын өмнө намын даргын сунгаанд оролцож байсан. Сая Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшиж буй Х.Баттулгыг дэмжин ярилцлага өгч байгаа харагдсан. Ямар ажил төрөл амжуулж байна вэ. Өнгөрсөн дөрвөн жилд Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан болохоор амарч байгаа байх гэж бодлоо?

-Одоо үүрэг хүлээсэн ажилгүй байгаа тул амралт, ажлыг хослуулж байна. Хөдөө аж ахуйн чиглэлийн бизнес эрхлэхээр ажлаа эхлүүлсэн. Эмийн ургамлын тариалалтыг монголд бий болгох, түгээх, экспортонд гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр докторуудын хамт ажиллаж байгаа. Эхнээсээ үр дүн гарч эхэллээ. Бизнес тогтвортой хийх ажил учраас яарсан юм бол алга. Нөгөө талдаа улс төрийн ажлаа ч хийж байна. Ардчилсан намын бодлого зорилтыг төрийн бодлогод хадгалах, уламжлах тал дээр намын бүлгийн гишүүдтэйгээ уулзаж тодорхой хэмжээнд зөвлөгөө өгч байна. Улс төр, бизнесийн ажлыг хослуулж байна гэж ойлгож болно. мэдээж улс төрөөс холдохгүй.

миний хувьд ардчилсан намын даргын сонгууль дараагийн намын дарга болох бэлтгэл болсон гэж бодож байгаа. Намын даргад олон удаа өрсөлдөнө гэсэн итгэл байгаа шүү.

-Төрийн өндөр албанд олон жил ажилласан болохоор гэрт сууна гэдэг амаргүй байна уу. Зарим нь одоо болтол сонгуулийн шокноосоо гараагүй гэлцэх юм?

-Их хурлын гишүүнээр олон жил ажилласан болохоор иргэд, сонгогчдоороо маш их жолоодуулдаг болсон байна. Тухайн өдөр, сар, жилийн үйл хэргээ эргээд харахаар өөрийн санаачилгаар ажиллах чадвар үнэхээр тэг рүү дөхдөг юм байна. Сонгогчид “Ингэмээр байна. Тэгмээр байна” гэдэг. Түүнийг нь бүтээж өгөх гэж маш их явдаг байж. Дөрвөн жил сайд хийхдээ ч гэсэн багш нарын санал гомдол гээд л явж ирж. Эргээд харахад төрийн хар хүн гэдэг бол өөрийнхөө төлөө ажиллах чадвараа бүрэн гээсэн хүмүүсийг хэлдэг юм байна гэж ойлгож байгаа.

Тухайлбал, өөрөө нэг ажил хөөцөлдье гээд босоход өөр хэн нэгэн “Ингэмээр байна, Гантөмөр өө” гэхэд л хүний санаачилсан ажил руу орчихдог. Их хуралд олон жил суучихаар хувь хүн алга болдог юм байна гэдгийг өнгөрсөн хугацаанд хамгийн сайн ойлголоо. Хувь хүнээ олж авахын төлөө хичээж байна. Их хурлын гишүүн болохоор ар гэрийн ажил маш их хойшоо тавигддаг. Хуулийн төсөл боловсруулахаас эхлээд өөрт оногдсон ажлын араас явдаг. Тэр утгаараа өөрөө юм хийх чадамжаа алдсан байна гэдгийг гэрт сууж байхдаа мэдэрлээ. Нэг үгээр хэлбэл аминдаа арчаагүй болж, амьдрах чадвар сулардаг юм байна. Гэртээ ч зүгээр суухгүй сонин хэвлэл эргүүлж улс төр юу болж байна гэх мэтээр төрийн төлөө огтоно боож үхнэ гэгчээр өөрийн эрхгүй сонирхож байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээс холдож чадахгүй болчихож. Уг нь өөрийнхөө төлөө явах байтал улс төрд юу болж байгааг харж тэр бүхэнд санаа зовж сууна. Одоо гэхэд л Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгын сайн талыг яаж хүмүүст хүргэх вэ гээд бодож байх жишээтэй. Мэдээж энэ гурван нэр дэвшигчээс хэн нэгэн нь Ерөнхийлөгч болж таарна. Төрийн тэргүүнээр сонгогдсон тэр хүн ард түмний хүндлэлийг хүлээж байж Монголын төр зөв энергитэй болно. Гэтэл сонгуулийн сурталчилгаа нэгнийгээ харлуулах хэрэгсэл болчихлоо. Тиймээс төрийн дархлаа их алдагдах юм байна даа гээд эмзэглэх юм. Одоо бол ялсан нэг хүн нь Монголын ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдөх маш том ажилтай болох нь. Ард түмэн хүлээн зөвшөөрч байж манлайлал бий болно. Манлайлал бий болж байж өөрийнх нь үйл хэрэг ажил хэрэг болох учиртай. Гэх мэтчилэн нам, улс төрийн ажилд санаа зовсон л хүн байх юм байна шүү дээ. Улс төрөөс ангид байж чадахгүй юм билээ.

-Эдгээр гурван нэр дэвшигчийн сайн сайхныг яагаад ярьж болохгүй байгаа юм бол. Бүх зүйлээ харлуулаад гурван хар хэрээний нэг нь сонгогдоод цагаан тагтаа болчих ч юм шиг зүйлс яваад байна л даа. Эсвэл нэр дэвшигчдээ сонгосон намуудад алдаа байна уу?

-Хоёр зүйл бий. Нэгдүгээрт, хэвлэл мэдээллийн гол төвлөрөл сонгуулийн бус цагаар ч гэсэн улс төр байна. Манайх шиг парламентын хуралдааныг шууд дамжуулдаг улс байдаггүй. Гэтэл манайхан өдөр шөнөгүй улстөрчдөө гаргадаг, харуулдаг. Харуулах процесс дотор нь магтаад харуулчихаад тал зассан, худалдагдсан юм шиг болчихдог. Харин эсрэгээрээ шүүмжлээд явахаар хүмүүсийн сонирхол татдаг л даа. Тиймээс муу тал бүх хүн дээр маш хүчтэй явсан. Үүний л үр дүн. Ний нуугүй хэлэхэд гурван нэр дэвшигчээс сайн сайхан зүйл харъя гэвэл харна. Тиймээс хэн ч нэр дэвшсэн муу талыг нь дөвийлгөөд явна л даа. Улстөрчид өөрийн хүсдэг зүйлээ хийж чадахгүй болтлоо бүгдээрээ сошиалд өөрсдийгөө булаалгаж байгаа юм. Тэр утгаараа энэ гурван хүний муу тал тод томруун харагдаж байгаа нь цаг үеийн онцлог.

Хоёрдугаарт, улс төрийн намууд өөрийн улс төрийн үзэл баримтлал, итгэл үнэмшил, алсын хараагаа ард түмэнтэй ярилцаж чадахгүй байна. Прагматикаар сонгуулийн санал авдаг байдал руу шилжсэн. Ард түмэн “Аль ч нам нь ялгаа алга” гэж байгаа биз дээ. Уг нь айхтар ялгаатай суурь үзэлтэй байхгүй юу. Үүнийгээ ярьж мэддэггүй, ойлголцож чаддаггүй, судалдаггүй. Үүнийгээ монголчуудад яаж ойлгуулах вэ гэдэг дээр хэн ч хичээл зүтгэл гаргадаггүй. Зүгээр л өөр өөрийнхөө унаган гарал үүслээр “зодолддог”. Нэг хэсэг нь “Би Сүхбаатарын үргэлжлэл” гэж байгаа бол нөгөөх нь “Би ардчиллын эхлэлийг тавьсан хүмүүс” гэдэг. Бид ийм үнэт зүйл тээж яваа юм гэдэг мэтгэлцээн явахгүй байгаа учраас сонгуулийн мөрийн хөтөлбөрүүд нь амь ордоггүй. Мөрийн хөтөлбөр нь амьгүй учраас хөтөлбөр ярихаас илүү хүн ярьдаг юм байна. Монголд ч биш дэлхийн улс төр мэдээлэлжсэн ийм байдал руу ороод ирэхээр үзэл баримтлал ярихаас илүү сэдэв барьж авдаг. Жишээлбэл, Оюу толгой, Таван толгой, Монголбанк ч гэдэг юм уу. Сэдэв ярихдаа ч гэсэн үзэл баримтлалаа огт ярьдаггүй. Уг нь үзэл баримтлал нь сэдэвтээ шингэчихвэл ард түмэн ялгаж харна. Тиймээс сонгууль ингэж хар болоод байгаа юм. Улс төрийн намууд үндсэн философи руугаа орох чадвараа алдаад байна.

-Улс төрийн намууд үүнийгээ засч чадах уу. Ардчилсан нам жилийн хугацаанд шинэчлэлийн процессийг эхлүүлсэн гээд байгаа. Үнэндээ шинэчлэгдэж чадаж байгаа юм уу. Дотроо бие биенээ хэмлээд байх юм?

-Шинэчлэгдэхэд цаг хугацаа хэрэгтэй. Шинэчлэл гэж муу зүйлийг алга болгохыг хэлж байгаа юм. Үүнийгээ бид арилгахын төлөө явж байгаа. Ямар ч байсан бид гишүүдийн нам болж чадсан. Одоо ард түмний нам болох хэрэгтэй. Нөгөө талдаа АН-ын ч юм уу, аль нэг улс төрийн намыг өөрчлөх боломж нь сэтгүүлчдэд гарч ирлээ дээ гэж харж байгаа. Сэтгүүлчдийн хараат бусаар сэтгэх чадвар олон зүйлийг өөрчилнө. Нөгөөх нь иргэний нийгмийн байгууллага хүчтэй болж байж цаашаа явна гэж харж байгаа. Гуравдугаарт, улс төрийн намууд санаачилга гаргаж улстөрчид өөрсдийгөө ялж, өөрчилж болно. Ингэхийн тулд Улс төрийн намуудын тухай хуулиа өөрчилж, төрийнхөө хяналтад байх ёстой.

-Төрийн хяналт гэдэг нь…

-Төр гэж шүүх, Сонгуулийн ерөнхий хороо, Үндсэн хуулийн цэцийг хэлж байгаа юм.

-Гэхдээ энэ шинэчлэлийг хүсдэггүй хүсэгчид байдаг юм биш үү. Толгой сээрээрээ холбогдоод явах нь тэдэнд ашигтай гэх мэт…

-Өөрсдөө дулаан хөнжилд байх хүсэл удирдах түвшинд байгаа хүмүүст бий. Гэхдээ өнөөдрийн тэр хүнд таатай байгаа байдлыг дараагийн ялагч улам өөртөө таатай болгоно гэдгийг өнөөдөр нам удирдаж байгаа хүмүүс ойлгох хэрэгтэй. Цаг цагаараа байдаггүй, солигдоно. Сольсон үед унасан хүндээ л хатуу тусдаг. Өөрсдөө нам удирдаад төрийн толгойд байгаа хүмүүс өөрсдөө зөөлөн буухын тулд өөрсдийн улс төрийн орчноо сайжруулах л хэрэгтэй. Өрсөлдөх боломжийг бий болгох шаардлагатай. Бодлого өрсөлдүүлдэг болох учиртай. Үүнийгээ өөрийнхөө төлөө хийж байна гэж ойлгох нь чухал. Монголд бүх насаараа эрх мэдэлтэй байна гэж байхгүй, чадах ч үгүй. Ямар ч аавын хүү чадахгүй. Энэ баталгаатай үнэн. Урт удаан хугацаанд намын даргыг хадгална гэдэг бүтэхгүй. Социализмын үед Оросуудын нөлөөгөөр л хийж байсан. Өөр цаг үед хэзээ ч чадахгүй. Солигдохдоо хуучин дүрмээрээ солигдоно гэвэл айхтар хүчтэй унана гэдгээ ойлгох хэрэгтэй. Өөрийнхөө намыг эрүүл болгож, зөв гэсэн орчноо бүрдүүлж судлаачдаар хэлэлцүүлэх замаар байнга өөрөө өөрийгөө сайжруулах хэрэгтэй юм. Зөв орчинд гарч ирсэн дараагийн дарга зөв л байдаг байхгүй юу. Дараагийн дарга буруу хүн болбол хийж байгаа ажил нь ч буруу болно. Энэ буруу үйлдлийнх нь үзүүрт дараагийн дарга л өртдөг байхгүй юу. Үүнийг л ойлгох хэрэгтэй. Дараагийн дарга буруу хүн гарч ирнэ. Тэр дарга надаар туг тахина гэдгийг бүгд боддог байх ёстой юм. Тиймээс өнөөдрийн дулаан хөнжил яахав ээ.

Өөрөөсөө илүү түшмэдээр өөрийгөө хүрээлүүл гэдэг үг зүгээр ч нэг хэлээгүй юм. Өөрөөсөө муу хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлбэл өөрөөс чинь хүчтэй хүмүүс нийлж байгаад өөрийг чинь байхгүй болгоно гэдгийг л хэлээд байгаа юм.

-Та намын даргад дахиад нэр дэвшинэ гэдгээ хэллээ шүү дээ. Таны туйлын зорилго АН-ын дарга болох юм уу?

-Дэвшинэ. Миний туйлын зорилго Монголын хөгжил. Монгол Улсыг шинжлэх ухааны орон болгоно гэдгээ маш тодорхой хэлье. Үүний төлөө “байлдаад” дуусна. Өөр яах юм. Зүгээр хараад суугаад байж болохгүй биз дээ. Хэзээ тэр сонгууль нь болно тэр үед нэр дэвшинэ. Тэр болтол өөрийгөө бэлдэнэ. Яаж ялагдсан тэр аргаараа ялна. Би яаж ялагдсанаа мэдэж байна. Тэгэхээр яаж ялахаа мэднэ гэсэн үг.

-Яаж ялах гээд байгаа юм…

-Хэлээд өгчихвөл бусад өрсөлдөгчид ашиглачихна шүү дээ.

-Өнөөдөр “Мэргэжлийн” Засгийн газар ажиллаж байна. Засгийн газар хамгийн түрүүнд БСШУС-ын сайдаа огцрууллаа. Оронд нь шинэ хүн сайд болсон. Өмнө нь энэ салбарыг удирдаж байсан хүний хувьд эмзэглэх зүйл байх юм уу?

-Энэ Засгийн газарт манлайлал харагдаагүй. Монголын мянга мянган багш нар цалин багатай, хойд хормойгоороо урд хормойгоо нөхдөг хүмүүс. Тиймээс багш нарт итгэл өгч явахгүй бол болдоггүй. Эцэг эхчүүд ч мөн адил. Сурагчдын 70-80 хувь нь хүнд нөхцөлд амьдардаг гэсэн судалгаа бий. Тэр утгаараа хүүхдүүдэд сурахаас илүү том асуудлууд байгаа. Монголын онцлог гэвэл салбар хариуцсан яам нь өөрөө манлайлах, итгэл өгөх, уриалах хэрэгтэй. Сэтгэл хөдлөлийг дээд түвшинд нь хүртэл Боловсролын яам ажиллах ёстой. Харамсалтай нь тийм зүйл нь байхгүй.

-Яаж бий болгоно гэж. Та өөрөө бий болгосон юм уу?

-Бий болголгүй яадаг юм. Өнгөрсөн дөрвөн жилд багш нар, хүүхдүүд өдөр шөнөгүй зүтгэлээ шүү дээ. Би “Хүүхэд, багш хоёрт би чадна гэдэг итгэл өг” гэж байнга захидаг байсан. 21 аймгийн багш нартай уулзаж, 200 гаруй сургуулиар орж ажилласан.

Бидний хийсэн боловсролын хөтөлбөр дэлхийд өрсөлдөнө, үүнийг уншаагүй, олж хараагүй, итгээгүй хүмүүс л муулдаг байхгүй юу. Унш, харьцуулаад судал. Миний хийсэн боловсролын хөтөлбөрт эргэлзэж байгаа бол “боловсролын хөтөлбөр” гэж юу байдгийг эхлээд ойлго. Дараа нь дэлхийн хөтөлбөрүүдийг судла. Эцэст нь монгол эрдэмтдийн хийсэн боловсролын хөтөлбөрийг унш. Газар дээр нь очоод хар, алдаа байвал газар дээр нь зас. Боловсрол өөрөө шинжлэх ухаан учраас байнга шинэчлэгдэж байдаг. Энэ салбарт шинэчлэх зүйлс маш их бий.

Сая жаахан манлайлал дутсан. Түүнээс сайд нь сайн, муу хүн гэж ярьмааргүй байна. Их ажиллах хэрэгтэй. Тэртээ тэргүй Гантөмөрийг мянга мууллаа гээд нэмэргүй. Монголын багш нар миний юу хийснийг мэдэж байгаа. Тиймээс өмнөх сайд ингэсэн тэгсэн гэлгүйгээр явж байсан ажлыг үргэлжлүүлж өөрөө шинэ зүйл нэм. Түүнээс биш Монголын боловсролыг доромжлох эрх хэнд ч байхгүй. Боловсролын салбар унасан гэж худлаа ярьдгаа боль. Тэгж ярих юм бол боловсролын салбар хэзээ сайн байснаа хэл л дээ. Сайн боловсролтой гэж байгаа нь гараад ир. Мэдлэг, боловсрол гэдэг чинь ил байдаг зүйл. 40 настнууд боловсролтой гэж байгаа бол ямар амьдарч байгаагаа хар. 50 настнууд өндөр боловсролтой гэж байгаа бол юу хийснээ хэл л дээ. Бидний олсон боловсролын илэрхийлэл өнөөдрийн нийгэм. Гэтэл манай хүүхдүүд биднээс хамаагүй илүү байхгүй юу. Үүнийгээ л олоод харчих. Дэлхийн шилдэг 100 сургуульд 400-500 хүүхэд сурч байна. Хэзээ байхдаа монголчууд ийм мундаг боловсролын орчинтой байсан юм. Намайг сайд болоход 2-3 хүүхэд л гадаадын шилдэг 100 сургуульд явдаг байсан. Ажлаа өгөхөд 200, 300-гаараа явдаг болсон. Үүнийг үзүүлэлт биш гээд байгаа юм уу. Үүнийг улам дэвэргэх ёстой. Их хурал дээр шинэ сайдыг томилж байхад гишүүдийн хэлсэн үгийг сонссон. Бүр доошоо орчихсон байх юм. Үг хэлсэн бүх хүний хүүхэд өөрөөс нь илүү сургуульд сурч байгаа.

-Одоо бол мөнгө байхгүй л гэдэг шүү дээ. Танай засгийн үед мөнгөөр туйлсныг нь л гайхсан хүмүүс байх юм…

-Намайг сайд байхад ямар мөнгө өгсөн юм. Огт өгөөгүй шүү дээ. Чингис бондоос манай салбарт нэг ч төгрөг өгөөгүй. Бид концепц, манлайлал, хандлагаараа ажил хийсэн. Засгийн газарт мөнгө байна уу, үгүй юу гэдгийг ганц л зүйлээр хэмждэг. Тэр нь төсвийн орлого. Орлого хэд байна түүндээ тааруулж амьдардаг. Нэг үгээр хэлбэл татварын орлого нэмэгдэж байна уу, хасагдаж байна уу гэдгийг л хар. Байнга нэмэгдэж байгаа. Макро эдийн засгийн түвшний зохицуулалтаа яаж хийх нь өөрсдийнх нь асуудал. Бонд босгож болно. Огт зээлгүйгээр явж болно. Үйлдвэрлэл эрхэлж буй компани, экспортод бүтээгдэхүүний гаргаж буй аж ахуйн нэгжийг аль ч Засгийн газар хориглож байгаагүй. Эд нар худлаа яриад байгаа байхгүй юу.

Энэ Их хурлын гишүүдийнхээ хөрөнгө орлогын мэдүүлгийг хараарай. Хэнийх нь орлого муудчихаад эдийн засаг муудсан гэж яриад байгааг асуумаар байна. Хэрэв Монголын эдийн засаг муудсан бол Их хурлын гишүүдийн хөрөнгө багасах ёстой. Таниас нэг зүйлийг хүсье. Хамгийн их хөрөнгөтэй 10 хүнийх нь хөрөнгө орлогыг 10 жилээр нь гаргаж ирээд харчих. Муудаагүй л байхгүй юу. Харин уул уурхайн бүүм болж байх үед бэлнээр тараадаг байсан мөнгө алга болсон нь үнэн. Монголын эдийн засгийн үндсэн чадавхиас хамаардаг. Экспортод бүтээгдэхүүн гаргаж чаддаггүй улсын байгаа царай нь тэр байхгүй юу. Гадуур “АН ялахаар уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурдаг. МАН ялахаар ган болдог” гээд яриа гарсан байна. Ард түмэн мэдээд байна. Зэс, нүүрсний үнэ буурсан нь үнэн. Үүнийг аль нэг Монголын нам, улстөрч хийх үү. Хийх ямар ч боломж байхгүй. Дэлхийн худалдан авагчид тогтоодог юм. Бид зөвхөн зарж байгаа субьект.

-Дөрвөн жил сайдаар ажилласан хүний хувьд тухайн үеийн Засгийн газрыг энэ Засгийн газартай харьцуулах боломж байна уу?

-Н.Алтанхуяг Ерөнхий сайдын Засгийн газар маш ажилсаг Засгийн газар байсан. Манлайллыг бий болгосон. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга нь дэмждэг, өдөөдөг тийм Засгийн газар байлаа шүү дээ. Нөгөө талдаа жижиг сажиг асуудлуудад их оролцсон. Уг нь салбар салбарынхаа ерөнхий менежер нь байхгүй юу. Гэтэл эрэг шураг болгоноо өөрсдөө засах гэж оролдсон алдаа бий. Өнөөдөр бид засагт байсан бол улам сайжруулаад явах байсан. Ямар ч асуудал байхгүй. Одоо ажиллаж буй Засгийн газрыг унхиагүй, арчаагүй гэж хэлмээргүй байна. Харин манлайлал нь харагдахгүй байна шүү дээ. Яг яах гээд байгаагаа хэлэхгүй юм. Эдийн засаг унасан байсныг зогсоосон гэдэг үг зорилго нь болчих гээд. Ингэж өөрсдийгөө хуурч яахнав дээ. Ардчилсан нам эдийн засгийг унагасан гэдэг дайралтууд нь хугацаатай гэдгийг эрх баригчид ойлгох хэрэгтэй.

-Засгийн газар 5.5 тэрбум ам.долларыг ОУВС-гийн хөтөлбөрөөс авахаар боллоо. Өмнө Чингис, Самурай бондыг авахад нэлээд эсэргүүцэж байсан хүмүүс. Таны байр суурь ямар байгаа вэ?

-ОУВС-тай хэлэлцээр хийгээд “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэх нь энэ Засгийн газрын сонголт. Өөр сонголт ч байгаа. Гэхдээ Засгийн газар үүнийг сонгосон. Хамгийн гол нь үр дүн юу байх вэ. Өөрийгөө боомилсон зүйл л битгий хийгээсэй. Эдийн засаг гэдэг чинь ард түмний, баялаг бүтээгдчийн чадамж гэдгийг бүгдээрээ ойлгочихвол зээлтэй байгаа нь 1000 дахь асуудал. Зээлгүйгээ ч гайхуулаад байх юм байхгүй. Ирээдүйгээ л Засгийн газар харах ёстой. Түр зуурын гал намдаах зүйл хийчихээд үүнийгээ мөнхийн зүйл гэх юм бол худлаа. Мөн түр зуурын эдийн засгийн өсөлт гаргангуут өнө мөнхийн эдийн засгийн өсөлт гаргачихлаа гэвэл худлаа. Илүү прагматик хар. Гурван сая хүний зах зээл хэтэрхий жижиг. Тиймээс гадагшаа зах зээл нээж чадах уу гэдгээ хар. Ухаалгаар харж чадвал 65 гишүүнтэй нам асуудлаа шийдчих байхгүй юу. Үүнийгээ шийдэж чадахгүй бол хэцүү л дээ.

-Тэгэхээр яах ёстой юм?

-Уламжлалт төр барих философи нь хадгалагддаг юм байна л даа. Хуучин боловсролын системийн гол доголдол. Манай дээд үеийнхний гол зовлон. Юм ойлгохгүй байна. Ирээдүйд Монголыг хөгжүүлье гэж байгаа бол хүн бүрээс гарах хүчин чармайлтыг дээд зэргээр үнэлэх хэрэгтэй. Тэд чадна гэдэгт итгэх хэрэгтэй. 20 настай залуус дэлхийн хэмжээний компани байгуулаад ажиллаж чадна гэдгийг мэдэр. Боломж олго. Тэгэхгүйгээр бид хуучин зарчмаараа яваад байвал 5.5 тэрбум ам.доллар чинь аймар өр болно шүү. Ирээдүй чинь дийлэхгүй. Дахиад нэг Оюу толгой орж ирээд аварна гэвэл бүтэхгүй. Манайхан эдийн засгийн коридор яриад байх юм. Хэн судалгаа хийж байгаа юм. Урд хөршид ямар судалгааны байгууллага ажиллаж байгаа юм. Хойд хөршид хэн хийгээд байгаа юм. Үүнийг яамдууд хийж чадахгүй. Зүгээр л худлаа яриад байна.

-Та японд инженер бэлдэнэ гэж байсан юу болсон бэ?

-Явж байгаа. 1000 инженер бэлдэнэ, одоо 200 нь явчихсан. Хэдэн мянгыг бэлдэх хэрэгтэй. Явж явж хүн л юмыг өөрчилнө. Аль ч Засгийн газрын тэргүүлэх бодлого нь дэлхийд өрсөлдөж чадах хүмүүсийг дэлхийд өрсөлдөөд буй салбарт хамтад нь бэлдэх учиртай.

-Ингэхээр боловсролын салбарын асуудал сөхөгдөнө. Манайх өөрсдөө энэ хүмүүсээ бэлдэх боломжгүй юу. Боловсролын салбар хангалтгүй байгаа юм биш үү?

-Бид хоцрогдсон орон гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Монголын эдийн засгийн хэмжээ японы нэг сумын эдийн засагтай тэнцүү гэдгийг ойлго. Ялгаа бий. Энэ ялгааг яаж бий болгов гэхээр асар өндөр технологийг эзэмшсэн байна. Үүнийг гүйцэхийн тулд хамт байх ёстой. Эндээ юмаа хийгээд байвал бид цаг алдана. Цаг алдаад байвал байгаль биднийг сөхрүүлчих юм биш үү гээд санаа зовоод байгаа юм. Байгаль цаашид боломжгүй байгаа юм биш үү.

-Ямар утгаараа сөхрүүлнэ гэж?

-Наад гол усаа хар. Та аль нутгийнх билээ.

-Сэлэнгийн Мандалынх…

-Нутагтаа очоод Хараа голоо харсан биз дээ. Тасарчихсан байгаа биз. Энэ чинь үндэслэл биш юм уу. Хот тойроод ойрд бороо орсонгүй. Мал харангадан үхэж байна. Зуны дэлгэр цагт мал үхэж байхыг мэдэх үү. Хүнд шүү. Хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Байгалийн доройтолтой зэрэгцүүлэн өндөр технологи нэвтрүүлж байж дэлхийтэй өрсөлдөнө гэдгээ анхаарах ёстой. Манай ах нар дэлхийтэй өрсөлдөнө гэхээр худлаа гэж боддог. Өрсөлдөнө. Саяхан Тайвань, Сингапур, Солонгосчууд ямар хүмүүс байлаа. Бусад хүнд боломж байгаа бол бидэнд ч байгаа. Г.Ариунбаатарыг хар л даа. Дэлхийг яаж дийлж байна. Энгийн зүйлээ л хар. Бодлого нь зөв байвал гараад ирнэ.

-Ах нарын үеийг бүхэлд нь арчиж байж та нарын 50 настнууд гарч ирэхгүй бол дүү чигээрээ явсаар байгаад хамтдаа хөгширч байгаа юм биш үү?

-Залуу үе тэдний гараар орохгүй бай л даа.

-Тэгэхгүй бол дээшээ гарахгүй л дээ?

-Үгүй ээ, дээшээ гарч л таараа. Цаг хугацаа гэдэг чинь болдог байхгүй юу. Зургаан жилийн дараа манай ах нар надтай өрсөлдөнө гэж бодоод байгаа юм уу. Чадахгүй. Боломжгүй. Тэвчээртэй өөрийнхөөрөө л бай. Заавал гүйж очиж “долоогоод” явж яах гэсэн юм. Ах нарыг муу гэж бодохгүй байна. Өөрийнхөөрөө бай. Муу зүйлээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Мань мэт нь ах нарт сүртэй ойлгуулж дийлэхгүй байх л даа. Гэхдээ бидэнд шийдвэр гаргах боломж ирнэ гэдэгт итгэж байгаа. Цаг хугацааны хувьд л хэзээ юм гэхээс. Цаг нь болоогүй байхад сэлдэгнээд байх хэрэггүй л дээ.

Тодорхой хугацааны дараа намын даргын сонгууль болно. Тэр сонгуульд орно. Ялж л таарна. Би бүтээлчээр цагийг өнгөрүүлнэ. Хүүхэд бүр дэлхийд өрсөлдөж чадах боловсролтой болно гэдгийг нотолно. Хоёрдугаарт, энэ улс шинжлэх ухаанаар явна гэдэг миний үндсэн жанжин шугам. Үүнийг нотолно. Маш өндөр бүтээмжтэй үйлдвэрлэл явуулж болдгийг харуулна. Төр засаг хамаагүй, найзуудтайгаа хийнэ. Нэг га газарт тарьсан ургамал өндөр үнэлэгдэнэ. Үүнийг өөрийн ажлаараа үлгэрлэнэ. Энэ бүгдийг ойлготол нь зүтгэнэ.

Categories
мэдээ цаг-үе

СУУ АЛДАРТНУУДЫН ӨЛГИЙ: Дэлхийн дуурийн ноён оргилуудын нэг, зууны манлай дуучин Х.Уртнасангийн унаган нутгаар…

“Нутаг руугаа явна гэсэн нойр хүрсэнгүй. Сэрвэлзээд аав, ээжийнхээ тухай бодсоор үүр цайлгачихлаа. Намайг найман настай байхад манайх Улаанбаатар хотоос Батсүмбэр рүү нүүж ирж билээ. Балчир насны, нялх оюун ухааны гэгээн дурсамжинд Батсүмбэрт ирэхэд үлгэрийн юм шиг л сайхан газар угтаж билээ. голын эргээ дагаад өнгө өнгийн цэцэгс битүү алагласан. Цэцэгт нуга дундуур хөл нүцгэн гүйгээд, голын усанд өдөржин сэлдэг байсан даа” хэмээн Зууны манлай дуурийн эмэгтэй дуучин, ардын жүжигчин, Төрийн шагналт Х.Уртнасан гуай ярив. Нутаг руугаа явах гэж байгаа түүнд юм бүхэн нутгийнх нь дурсамжийг шингээсэн мэт харагдана уу гэмээр уяруу байгаа нь илт. “ай манай нутаг руу цаг хүрэхгүй давхиад л орчихно шүү дээ. Шинэ засмал тавьснаас хойш ингэж явдаг болсон байна лээ” гэв. Ийн ярих түүнээс “Та ядахдаа ганц цаг ч унтаж чадаагүй юм уу. Нутаг руугаа явж байж нойрмоглож, үүрэглээд балрах юм биш биз дээ, Ундаа минь” гээд асуучихлаа. Тэгсэн өөдөөс нээх том харснаа “Чамайг бодвол урлагийн бригадаар монгол орноо хэдэн удаа тойрчихсон хүн шүү. ганц хоногийн нойр ч яамай байна” гээд л даналзаж байна шүү.Улаанбаатар хотоос Төв аймгийн Батсүмбэр сумыг өглөө эртлэн зорихоос өмнөхөн дэлхийн дуурийн алдарт дуучинтай мэнд мэдэлцээд хөөрөлдөж байгаа минь энэ.

Төв аймгийн Батсүмбэр сум Мандал хайрхан

Хоёрхон цаг давхиад л Батсүмбэр суманд очлоо. Бүүдгэр байсан тэнгэр юу болов гэмээр цэлмэчихжээ.Сумын төвөөр хөндлөн гулд туулж хуучин модон гүүрэн дээгүүр гарч, Мандал хайрханыг чиглэн давхилаа. Огцом өөдөө газар руу өгсөж байснаа гэнэтхэн цэлийсэн хавтгай талбай дээр гараад ирэх юм. Мандал хайрхан гэх нэртэй энэ тахилгат овоо хэзээнээс алдартай газар гэнэ. Долоон хошуу даншиг наадам болдог байсан Хүй мандалын дэвжээний баруухан талд орших бөгөөд Баатарвангийн хошуу, Илдэн гүний хошууныхан хоёр талаасаа Мандал хайрхан дээр цугларч нааддаг байсан түүхтэй гэдэг. Хайрханы орой дээр гараад ирэхээр ёстой л наадам хийж баймаар тэв тэгшхэн газартай юм. “Даншиг наадмаар бөх барилдуулж, сур харвадаг байсан юм гэнэлээ” гэж Батсүмбэр сумын настай хүмүүс ярих аж. Хэдхэн хоногийн өмнө Батсүмбэр сумынхан Мандал хайрханы тахилга наадам хийжээ. Морь уралдуулж, бөх барилдуулсан байна. Мандал хайрханы тахилга наадам болохоор хэдэн өдөртөө бороо намирч ороод ногоо суга суга ургаж, цэцэг навч алаглан ургасан тэнүүн сайхан зун болдог гэнэ.Батсүмбэр сумынхан Мандал хайрханыхаа ойр орчмын газрын хог шороог цэмцийтэл цэвэрлэжээ. Овоон дээр нэг ширхэг ч архины шил, тамхины иш алга. Овоон дээрх хадаг яндарыг хэц шиг урт болгоод татчихжээ. Хайрханы орой дээрээс хаашаа л харна бүх зүйлс алган дээр тавьчихсан юм шиг ил. Зүүн урагшаа харахаар дуунд мөнхөрсөн алдарт Сөгнөгөрийн гол мөнгөн утас шиг л гялтганан урсах аж. Голоо дагасан зүлэг нов ногоон, залуухан цагаан хус үе үехэн сэрчигнэх салхинд найган ганхана. Батсүмбэр сумын чанх урдаас Үдлэг бригадын дээд эхнээс Баянгол тунаран урссаар Сөгнөгөрийн голд нийлэн цааш урсах юм. Сөгнөгөр, Баянголын бэлчир дээрх зүлгэн дээр айлууд ярайтал буучихсан байгаа харагдлаа. Х.Уртнасан гуай “Сөгнөгөрийн амралтын тэндээс дунд сургуульд сурдаг байхдаа морины хурдаар давхидаг байж билээ. Бүр мотоцикльтой хүнтэй уралдаад түрүүлчихдэг байв. Амралтын газраас гарч давхиад Баянголын эх орохдоо унаж яваа мориныхоо жолоог татна гэж байхгүй. Улаан тоос татуулан давхисаар хүрдэг байлаа” хэмээн морь унаж хөндлөн гулд давхидаг байсан газраадаа гараараа занган алсыг ширтэн хэсэг зогслоо. Зууны манлай дуурийн эмэгтэй дуучин, Ардын жүжигчин, Төрийн шагналт Х.Уртнасан гуайд өнгөрсөн жилийн намар оройхон хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилсан үеэр “Тантай хамт өссөн нутгаар тань явж сурвалжлага бэлтгэх гэсэн юм” гэх санал тавьсан юм. Тэгсэн телевизийн хүмүүс хөдөөгүүр явж зураг авалт хийдэг юм. Харин сонины сэтгүүлчид нутгаар чинь явж сурвалжлага бэлтгэнэ гэхээр гайхаад байх юм. Ямар учиртай сурвалжлага болж таараад байна вэ. Унд нь ерөөсөө ойлгохгүй байна шүү” гээд л гайхан асууж байв. Тэр асуултаа дуучин маань дахиад л тавьж байна шүү. Тэгэхээр нь “Манай сонин “Суу алдартнуудын өлгий” гэсэн олон цуврал сурвалжлага гаргаж байгаа юм. Монголын алдар цуутай хүмүүсийг энэ буландаа оруулж байгаа юм. Та надад аав, ээжийнхээ талаар хүүхэд насныхаа дурсамж гээд л бүх зүйлийг ярьж өгнө шүү” гэлээ. Тэгсэн “Миний өссөн энэ нутаг ч яалт ч үгүй суу алдартнуудыг төрүүлсэн, бойжуулсан, ундаалсан өлгий дөө” гэснээр ярих эрхээ авав бололтой. Ингээд бид түүний аав, ээжийн талаар хөөрөлдлөө.

Х.Уртнасан ээж А.Авирмэдийн хамт

АЛДАРТ ДУУРИЙН ДУУЧНЫ ААВ ЦЭНДИЙН ХОРЛОО БУЮУ ЛАМААС ЦЭРГИЙН ДАРГАБОЛСОН ТҮҮХ

Х.Уртнасан гуайн аавыг Цэндийн Хорлоо гэдэг. Булган аймгийн Бугат сум хуучин засаг захиргааны нэршлээр Цонхлон сумын гарвалтай,1914 онд төрсөн хүн юм байна. Ах лам нь нутгийнхаа томоохон хийдийн гавж хүн байсан гэнэ. Ц.Хорлоо хүү ах ламаа дагаж хийдэд шавилан суух болсон аж. Ээж Цэнд нь нутаг хошуундаа алдартай ажилч хичээнгүйгээрээ нэртэй, хүндтэй нэгэн байсан тухай олон түмэн ярьдаг байсныг Х.Уртнасан гуай ярив. 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр Х.Уртнасан гуайн аавын ах ламыг баривчилсан гэнэ. Энэ үеэр Х.Хорлоо эх нутгаасаа дүрвэн гарч, нийслэл хүрээ буюу Улаанбаатар хотод ирсэн түүхтэй юм байна. Улаанбаатарт ирээд удалгүй цэрэгт явжээ. Цэргийн гурван жилийг нэр төртэй хааж, бусад цэргээс цэргийн мэдлэг сургуулилалт илүү байсан байсан учир Цэргийн ерөнхий сургуульд элсэж чадсан байна. Цэргийн сургуулиа төгсөөд Цэргийн холбоо хороонд ажиллах болжээ. Удалгүй цэргийн дарга болсон Ц.Хорлоо морин жолоочтой болж, Улаанхуаран орчимд ажиллах болсон гэнэ. Ийн аавынхаа ажил хөдөлмөрийн талаар ярьж суусан Х.Уртнасан дуучин маань гэнэт “Би дөрөв, таван настай байсан болов уу. Аав, ээжтэйгээ улсын наадам үзэж байсан үе санаанаас ердөө гардаггүй юм. Ардын хувьсгалын 30 жилийн баяр наадмаар ээж намайг морин дээр дүүрээд явж байгаа дүрс бичлэг үлдсэн байдаг юм. Яармагийн дэнжид наадам болно. Цэргийн дарга нар Туул голын урд хөвөөнд майхан бариад буучихна. Манайх ч гэсэн тэнд майхантай гарчихсан байсан юм. Наадмын хуушуур хийж байгаа хүмүүс газар ухаад зуухаа хийчихсэн. Тэндээ хуушуур хийнэ. Аав, ээж хоёр надад хуушуур авч өгч байлаа. Түүнээс хойш наадмын хуушуур өчнөөн л идсэн дээ. Гэсэн ч тэр наадмыг, тэр хуушуурын амтыг аль нь ч гүйцэхгүй л байгаа юм даа” хэмээн хүүхэд насны, сэтгэлд нь үлдсэн сайхан дурсамжаас дэлгэв. Түүнчлэн “Аав маань их ажилсаг хүн байсан. Өглөө эрт босоод л гэрээсээ гараад явдаг. Ямар ч ажлаас няцдаггүй хөдөлмөр шүтсэн хүн байлаа. Мөн дуу цөөтэй, хэн нэгэнд үг хэлэхээрээ хүний толгой руу орсон жинтэй хэдэн үг хэлчихээд л өөр илүү дутуу юм ярьдаггүй байсан нь түүнийг олон хүн хүндэлж, үгийг нь дуулах, өнөөдөр ч сэтгэлдээ дурсан хайрлахын үндэс мөн гэж ярив.

Х.Уртнасангийн аав Ц.Хорлоо ээж А.Авирмэдийн хамт

ВАНГИЙН УЛААН ОЛГОЙ АГВААНДОРЖИЙН ОХИН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР А.АВИРМЭД

Х.Уртнасан дуучны ээж Төв аймгийн Бүрэн сумынх. БНМАУ-ын анхны Хөдөлмөрийн баатруудын нэг А.Авирмэдийг Х.Уртнасан гуайн ээж гэдгийг Монголд мэдэхгүй хүн ховор биз ээ. Х.Уртнасангийн өвөө буюу ээжийнх нь аавыг Агваандорж гэдэг хүн байсан гэнэ. Бүрэн сумынхан Вангийн улаан олгой Агваандорж хэмээн хочилж дууддаг байсан аж. Их том биетэй, халзан толгойтой хүн байсан гэнэ. Эхээс олуулаа, тарвага агнадаг анчин байжээ. Х.Уртнасан “Манай өвөө Вангийн улаан олгой Агваандорж мөрийтэй тоглоом нүгэлтэй их тоглодог хүн байсан гэдэг. Мөрийтэй тоглоомноос болж амьдралаа үрж баларч явсан түүх ч байдаг. Мөрийтэй тоглоод хожлоо гээд айлын мал хотоор нь туугаад ирдэг. Эсвэл мөрийнд алдчихлаа гээд л гэрийнхээ ихэнх малыг туугаад явчихдаг байсан гэдэг. Миний мэдэхийн л мөрийтэй тоглоод явдаг хүн байсан даа. Бас бариач, нутгийнхаа хүмүүст бариа хийж, эдгээдэг хүн байлаа шүү дээ” гэв.

Харин түүний ээж А.Авирмэд анхны эмэгтэй хөдөлмөрийн баатар. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1959 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн зарлигаар социализм байгуулах үйлсэд гарамгай амжилт гаргасан хүмүүст “БНМАУ-ын хөдөлмөрийн баатар” цол олгосон байдаг. Уг зарлигт Хөдөлмөрийн баатар цол шагнагчдад Сүхбаатарын одон, “Алтан соёмбо” медаль олгож байхаар заасан байдаг. Анхны “БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар” цолыг 1957 онд Налайхын уурхайн бэхлэгч малтагч Д.Даваажав хүртэж байсан бол 1959 онд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын хоньчин З.Очир, Жаргалантын Сангийн аж ахуйн комбайнч Ц.Цэрэн-Очир, Аж үйлдвэрийн комбинатын ажилчин Д.Шарав нартай хамт 30 настай А.Авирмэд Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм хүндэт цолыг хүртэж байсан түүхтэй. Төв аймгийн Батсүмбэрийн сангийн аж ахуйд олон жил саальчнаар ажиллахдаа “Алатау” үүлдрийн үнээг нутагшуулж, нутгийн үүлдрийн үнээ бүрээс жилд 2007 литр сүү сааж, “Мянгат саальчин” өргөмжлөлийг хүртэж байсан гэдэг. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын XIV, XV, XVI их хуралд төлөөлөгчөөр оролцож Намын Төв Хорооны гишүүнээр сонгогдож байсан юм. Мөн Сүхбаатарын одонгоор хоёр удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одонгоор хоёр удаа, “Алдарт эх” II зэргийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн медалиудаар шагнагдаж байсан юм билээ.

Мандал овоо

ШОРОНГИЙН МАНААЧИЙН ШОВГОРТ ТӨРСӨН ДЭЛХИЙН АЛДАРТ ДУУЧИН

Зууны манлай дуурийн эмэгтэй дуучин, Ардын жүжигчин, Төрийн шагналт Х.Уртнасангийн аав Ц.Хорлоо, ээж А.Авирмэд нар Улаанбаатар хотод анх танилцаж байсан гэнэ. А.Авирмэд өргөмөл ахыгаа дагаж анх Улаанбаатар хотод ирсэн байна. Ингээд нөхөр Ц.Хорлоотойгоо танилцжээ. Дэлхийн дуурийн шилдэг дуучин ээжийнхээ 18 настайд нь төрсөн байна. А.Авирмэд тулгар биетэй байх үед нь өвөө Вангийн улаан олгой Агваандорж мөрийтэй тоглоомын хэргээр шоронд орсон гэнэ. Шоронд хоригдож байхад нь А.Авирмэд гэнэт өвдөж эхэлсэн байна. Хэдэн өдөр өвдөж, эмч, бариач нар хоёр яс салгаж чадаагүй байна. Тиймээс нутаг орондоо гайхагдсан бариач аавдаа очиж бариулахаар танил талаараа яриулж байгаад шоронд очсон байна. Ингээд манаачийн шовгорт Агваандорж охиныхоо хэвлийг илж, барьж эхэлсэн гэнэ. Төд удалгүй А.Авирмэд төрж, охин хүүхэд мэндэлсэн нь одоогийн дэлхийн алдарт дуурийн дуучин Х.Уртнасан юм байна. Одоогийн сайд нарын II эмнэлгийн баруун талын бактерлогийн төвийн орчимд байсан шоронгийн манаачийн шовгорт өвөө нь эх барьж авсан түүх ийм. Ингээд түүний хүмүүн заяаг олж мэндэлсэн газар нь Улаанбаатар хот боловч өссөн нутаг нь Төв аймгийн Батсүмбэр сум.

Ц.Хорлоо цэргээс чөлөөндөө гарахаас өмнөхөн Төв аймгийн Батмсүмбэр суманд томилогдож очсон байна. Тухайн үед Батсүмбэрийн Сангийн аж ахуйг Цэргийн аж ахуй гэж нэрлэдэг байсан гэнэ. Ийнхүү Х.Уртнасан хотод нэгдүгээр ангиа төгссөн зунаа Батсүмбэр суманд гэрийнхэнтэйгээ нүүн очжээ. Байгалийн тансагхан Сөгнөгөрийн гол, Мандал хайрхан, дүнхийсэн хөх Батсүмбэр уулын хормойд Ц.Хорлоогийнх шинэ нутагт нүүн ирж, эхнэр А.Авирмэд нь БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, охин Х.Уртнасан нь дэлхийн агуу цуут дуурийн дуучин болох гараагаа эхлүүлж байсан гэгээн түүх ийн оршин байдаг газар ажгуу.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

“Бүх цэргийн наадам”-ыг ирэх жилээс хориглоё

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр Монгол бөхийн өргөөнд цэргийн цол, чимэг олгодог “Бүх цэргийн наадам” боллоо. Энэхүү наадам нь залуу бөхчүүдийн өнгийг тодорхойлдог учир тун сонирхолтой уран хурц барилдаанаар дүүрэн болдог гэдэг. Монголын үндэсний бөхийн холбооноос энэхүү наадмыг найраатай болдог гэдгийг сайн мэддэг. Тийм ч болохоор найрааны эсрэг тодорхой бодлого боловсруулж дорвитой ажиллахаар шийджээ. Улсын баяр наадмаас сар орчмын өмнө болдог Бүх цэргийн наадмыг шударга явуулахын тулд бөхийн зүтгэлтэн, бөхчүүдээс бүрдсэн Зөвлөлийг зохион байгуулан ажиллуулж байна. Өнөө жилийн энэхүү цэргийн наадмын Зөвлөлийн ахлагчаар бригадын генерал Сосорбарам ажиллаж, гишүүдээр нь улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын гарьд Б.Рагчаа тэргүүтэй улсын алдар цолтой аварга арслангууд ажиллажээ. Энэ жилийн цэргийн наадмыг шударга явуулах зорилго бүхий тус Зөвлөлийн гол үүрэг нь найрааг таслан зогсоох, бөхчүүдийг шударга барилдахыг шаардах, найраанд хяналт тавьж, ажиллах гэнэ. Гэвч саяын бүх цэргийн наадмаар энэхүү Зөвлөлийг цол горьдсон залуу бөхчүүд болоод зарим том цолтонгууд үл тоон, нутаг, ус, жалга довоороо нийлэн цэргийн цолны төлөө найраа хийж, улайран дайрах шиг боллоо. Түмэн олныхоо нүдэн дээр найраа гэх зүйлийг ичих нүүргүй, улаан цагаан хийлээ. Наадам найраатай болдгийг ард түмэн мэднэ. Найрааг яаж хийдгийг ч мэддэг болсон. Гэхдээ ингэж улаан цагаандаа гарсан найраа үзээгүй юм байна гэж бүх цэргийн наадмыг шимтэн үзэх гэсэн үзэгчдийн ихэнх нь бухимдуухан сэтгэгдэлтэй харьж байв.

Арга ч үгүй биз. Бөхийн барилдааны гурвын даваанаас л эхэлж, найраа явагдсан. Сүүлдээ шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдийн дунд найраа хавтгайрч, Зөвлөлийг сандаргав. Энэхүү барилдаанд од нь гийж, үзүүрлэсэн Завханы О.Батжаргал үнэн хүчит, улсын цолонд ойр яваа аймгийн хурц арслан Д.Цэвэлсодном, Ш.Мөнгөнбаатар, Ө.Сүхбат, М.Бадарч, О.Гантулга нарын хүчтэнгүүдийг цувуулан өвдөг шороодуулсан юм. Хурц арслангууд О.Батжаргалын өөдөөс ямар ч барилдаан гаргалгүй хэвтсэн. Завханы залуугийн тэр өдрийн “од” нь үнэхээр гийсэн үү, “олдсон хэд”-ээрээ учраа бөхөө онхолдуулав уу гэдэг нь эргэлзээтэй. Улсын баяр наадам, томоохон заал танхимуудын барилдаанд шинэ залуу бөхчүүдийн од нь гийж, дээшээ гарч ирдэг тохиолдол цөөнгүй. Харин энэхүү наадмын долоогийн даваанд Оюуны Гантулга зүүнийг магнайлж, хамгийн түрүүнд ам авах болсон. Тэрээр аймгийн арслан Б.Хишигбаатар, аймгийн харцага Ө.Батзул, аймгийн начин О.Батжаргал нараас ам авах байлаа. Яг энэ үеэр улсын том цолтой зарим бөхчүүд ам авах гэж байсан О.Гантулгатай уулзав. Үүнийг анзаарсан бригадын генерал Сосорбарам тэдгээр хүмүүсийн яриаг зогсоож, хурц арсланг дэвжээ рүү түргэн гарахыг шаардав. Өөрөөр хэлбэл генерал найрааг зогсоох гэж оролдсон аж. Энэ үеэр зарим үзэгчид “Завханыхан болио…, яасан ичдэггүй юм бэ…,” хэмээн орилж дургүйцэн суусан. Учир нь долоогийн даваанд найраа хийж байсан улсын цолтой бөхчүүдийн зарим нь Завханых байсан аж. Ингээд О.Гантулга арслан дэвжээ рүү гарсан ч ам бөхөө авахаар гарын даа нарын зүг бус өөрийн суудал руугаа очиж, хэн нэгэнтэй утсаар ярьж суув. Энэ яг юу болж байна вэ. Өнөө цагт бөхчүүд ам бөхөө авахын тулд хэн нэгэн рүү утсаар холбогдож асуудаг болчихсон юм уу. Нөгөө монгол бөхийн ёс жаяг, жудаг, дүрэм журам хаана байна. Ямартай ч долоогийн даваа эхэлж, О.Гантулга арслан Завханы О.Батжаргалыг амлан авч барилдлаа. О.Батжаргал начин хаях нь тодорхой гэсэн шиг хүчтэй арслантай задгай барилдаж байв. Хашир, туршлагатай, олон жил барилдчихсан арслан харин үүнийг анзаарсангүй юу эсвэл толгойд нь арай өөр бодол байв уу. Юутай ч өмнөөс нь мэх хийлгүй өвдөг шороодлоо. Өнгөрсөн жил бүх цэргийн наадмаар үнэн шударга барилдаж үзэгч түмнийг талархлыг хүлээгээд байсан М.Бадарч арслан хүртэл найраанд орж, хэвтээд өгөв. Аймгийн арслангаас дээш цолтой бөхчүүд бөхийн өргөөний дотор талын суудалд суусан ч Завханы бөхчүүд олон янзын аргаар найраагаа хийж байлаа. Тэд утсаар ярих, эсвэл барилдахаар гарахын өмнө чихэнд хоёр гурван үг “дайж” найраагаа хийж байжээ. Үүнийг гадарласан бригадын генерал Сосорбарам үүдэнд зогсож байсан улсын цолтой бөхчүүдийг тараах гэж оролдсон ч тэд тоосонгүй. Бүр Монгол Улсын аварга, хүчит гарьд нарын үгийг ч сонссонгүй. Залуу бөхчүүд эрэмбэ гэдэг зүйлийг, том цолтой бөхчүүдээ хүндлэх ёсоо умартсан бололтой. Цэргийн баярт түрүүлсэн аймгийн арслан Б.Хишигбаатар тавын даваанд аймгийн арслан Б.Серикийг, зургаад өнгөрсөн хавар төдийлөн өвдөг шороодоогүй байсан аймгийн арслан О.Хангайг даацтай хутгаж, үзэгчдийг шуугиулсан. Долоогийн даваанд аймгийн харцага Ө.Батзулыг гар таллаж, ард нь гараад мэхээ гүйцээсэн юм. Харин үзүүр, түрүүнд олон хурц арсланг “хэвтүүлсэн” аймгийн нэмэх начин О.Батжаргалыг төвөггүйхэн хаяж, бөх сонирхогчдоо баярлуулав. Энэ үеэр үзэгчид “Өчнөөн давааг нутгийн ах нараараа аргалуулсан ч түрүү бөхийг найрч дийлсэнгүй бололтой” хэмээн үзүүрлэсэн бөхийг ярьж, хоорондоо хөхрөлдөн сууж байлаа. О.Батжаргал ийн долоо давж, цэргийн заан болсон бол Хэнтийн сумын заан Г.Бадрах тавын даваанд аймгийн хурц арслан Ц.Бямба-Очирыг орхисноор цэргийн начин цол шинээр хүртэв. Г.Бадрахыг тав давтал нь нутгийн бөх улсын арслан Э.Оюунболд мөн адил бөхчүүдтэй уулзаж, ярилцаж, хяналтын зөвлөлөөс шаардлага сонсч байв. Энэ тухай бүх цэргийн наадмыг шударга, найраагүй явуулах Зөвлөлийн ахлагч бригадын генерал Сосорбарам “Цэргийн наадам үзүүштэй боллоо. Гэхдээ үнэн хүчийг гаргасан, 100 хувь шударга барилдаан болсон гэж хэлэхгүй. Би арав гаруй жил бөхийн барилдаан зохион байгуулж, аль болох шударга, сайхан явуулахыг хичээдэг. Бөхийн найраа гэдэг зүйл хаана ч байдаг. Гэхдээ энэ бүхний эсрэг зогсож, найрааг алга болгоно гэдэг их хэцүү юм. Хэн нь хэнтэйгээ найраа хийж, хэнийг авч, хаяж, унаж байна гэдгийг шууд хэлэх хэцүү л дээ. Тавын даваанд ах нь дүүгээ, нутгийнхан том цолтой бөх нь залуу бөхөө амлан авч, шинэ цолонд хүргэж байна. Үүнийг найраа гээд болиулчих дүрэм журам байхгүй. Бас амалчихлаа, унаад өгчихлөө, энэ чинь найраа шүү дээ гэж хэлэхэд ч хэцүү. Өөрөөр хэлбэл найраа хийж байгаа бөхийг шууд ил болгох хөдлөшгүй баримт олно гэдэг ярвигтай л даа. Сая болсон бүх цэргийн наадам бага сага асуудалтай боллоо. Долоогийн даваанд Завханы бөхчүүд болоод бусад улсын том цолтой бөхчүүд өөрийн нутгийн бөхчүүдийг дээш нь явуулахын төлөө бөхчүүдтэй их л ярьсан. Тэр нь бүр ил. Үүнийг нь мэдээд тэдгээр бөхчүүдийг болиулах гэж оролдсон боловч бидний үгэнд орсонгүй. Биднийг үнэхээр хүндэлсэнгүй. Тавын даваанд Г.Эрхэмбаяр аварга бөхчүүдийг хянасан, зургаагийн даваанд Б.Рагчаа гарьд, харин долоогийн даваанд би өөрөө хяналаа. Бид нар амьхандаа тэрхүү барилдааныг шударга сайхан болоосой гэж бодсондоо л ингэж, даваа бүрт бөхчүүдийг хянасан” хэмээн цөхөрсөн аятай ярьсан юм. Жил жилийн наадмын бөхчүүдийн найраа бүх цэргийн наадмаас эхэлдэг болжээ. Цаашлаад улсын баяр наадам, орон нутгийн наадмуудад бүгд л найрааны асуудал яригдаж, хийгдэх биз. Үүнийг яаж болиулах вэ. Хэзээ ард түмэн үнэн шударга, будилаангүй, найраагүй наадам үзэх бол. Энэхүү сайхан наадмаа бөхчүүд өөрсдөө шавартай нь хутгасаар байх уу. Бүх цэргийн наадмаас хүртсэн цол аймгийн түвшинд бичигддэг. Өөрөөр хэлбэл цэргийн арслан, аймгийн арслан хэмээх цолны эрэмбэ тэнцүү. Нэгэнт л аймгийн наадмуудад тэрхүү цолыг нь олгож байгаа юм чинь бүх цэргийн наадам гэх найраа нь улаан цагаандаа гарчихсан барилдааныг жил бүр зохион байгуулах хэрэг байхгүй. Ирэх жилээс бүх цэргийн баяр наадмыг нэг мөсөн хориглох цаг болжээ.

Э.ТҮВШИН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Сонгуулийн сурталчилгааг сониноор явуулахыг хуульчилж өгөх хэрэгтэй” гэж “Өдрийн сонин”-д өгүүлжээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрээс “Урьдчилсан байдлаар АН-аас нэр дэвшигч Х.Баттулга ялсан ч хоёр дахь шатны санал хураалт явагдахаар боллоо” сурвалжлагыг хүлээн авна уу.

“Наадам айсуй” буланд “Сүүж уулын бэлд гарсан “Хүч”-ийн галаас улсын заан Б.Пүрэвсайхан, аймгийн арслан О.Хангай нар өнгөтэй байна” хэмээн өгүүлжээ.

“Суу алдартнуудын өлгий” буланд Дэлхийн дуурийн ноён оргилуудын нэг зууны манлай дуучин, Х.Уртнасангийн унаган нутгаар хийсэн тэмдэглэл цувралаар хүрч буй.

“Баримт, үзэл бодол” нүүрээс “Сонгуулийн сурталчилгааг сониноор явуулахыг хуульчилж өгөх хэрэгтэй” нийтлэлийг уншаарай.

“Улс төр” нүүрт хуульч, өмгөөлөгч Р.Очирбал “Улс төрийн нам, бүлэглэлийн хэт туйлшралаас Үндсэн хуулийг хамгаалах шаардлагатай байна” хэмээн ярьжээ.

“Баримт, үйл явдал” нүүрт “Уитни Хьюстон, Эми Уайнхаус нар хар тамхи хэрэглэдэггүй байсан бол…” хэмээн онцолжээ.

Долоон настай хүүг захиалгаар хөнөөсөн этгээдүүдэд 15-22 жилийн ял оноосон тухай энэ нүүрээс уншаарай.

“Дэлхийн мэдээ” Д.Трамп, В.Путин нарын уулзалт хоёр талын харилцааг хурцатгах уу? хэмээх асуултанд хариулжээ.

“Эмч” нүүрт арьсны их эмч Б.Нарантуяа нарны харшлын талаар зөвлөсөн байна.

“Танин мэдэхүй” нүүрээс “Тагт цонхон дээрээ хэрхэн жимс, хүнсний ногоо тариалах” талаар уншаарай.

“Аяны дөрөө мултлахуй” нүүрээс “Өв түүх нэг Өмнөд Монгол минь” аян замын тэмдэглэл хүлээн авна уу.

“Эдийн засаг” нүүрт “Бодлогын хүү буурлаа, зээлийн хүү буурах уу” хэмээн өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ